Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ – баялгийн сан…

Баялгийн сан дэлхийн дахинаа үүсч хөгжөөд 70 орчим жилийг ардаа орхилоо. Энэ сангийн хөгжил газрын тосны баялаг ихтэй булангийн орнуудаас эхлэлтэй гэж үздэг. Тэд газрын тосны орлогоо ирээдүйдээ зориулан хуримтлуулж, үүгээрээ хөрөнгө оруулалт хийж өсгөж арвижуулж иржээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн орлогоос хуримтлал үүсгэж, хойч үедээ өвлүүлэхэд баялгийн сангийн онцлог оршдог юм. 2013 оны байдлаар дэлхий дээр 50 гаруй улсын 75 орчим баялгийн сан 6,7 их наяд ам.долларын хөрөнгө удирдан ажилласан гэх судалгаа гарч байлаа. Тэгвэл өнөөдөр дэлхийн 120 гаруй улс өөрийн онцлогт нийцсэн баялгийн санг ажиллуулж байна. Тэд 2019 оны байдлаар баялгийн сангийн активын төрлөөс үл хамааран нийт 120 сангийн удирдлагад 11 их наяд ам.долларыг нэгтгэсэн байна. Улс орон бүр энэ сангаа өөр өөрийнхөөр нэрлэдэг. Тухайлбал, баялгийн сангийн чиглэлээр 1953 онд Кувейтийн хөрөнгө оруулалтын зөвлөл, 1976 онд Абу-Дабигийн хөрөнгө оруулалтын газар, 1990 онд Норвегийн Засгийн газрын сан Глобал, 2006 Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтын корпораци, 2007 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалтын корпораци байгуулагдаж байсан зэргээс харж болно. Тэгвэл манай улс баялгийн сангаа БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ хэмээн нэрийдэх бололтой. Учир нь өчигдөр БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохиогдсон юм. Уг уулзалтад УИХ-ын нэр бүхий гишүүд, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий сайдын 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн, эдийн засагчид, судлаачид оролцлоо. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм-эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэгтэйг уулзалтад оролцогсод онцолжээ.

Монголд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадвар сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулахаар төлөвлөж буй юм. Энэхүү Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангуудтай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох, цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилго тавьж буй аж. Үүнээс гадна Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжих бодлогын арга хэмжээ авахаар ажиллаж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байгаа юм. Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд ургашлуулах нь Засгийн газрын туйлын зорилго гэдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байгаа юм. Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл, баялгийн нөөц, хөгжлийн түүхтэй төстэй улс орнууд, бусад улсад амжилттай хэрэгжиж, туршигдсан туршлагуудыг ч мөн анхааралтай судалж ажиллах ёстой байгааг тэрбээр чухалчилж байгаа юм. Иргэд нь ажилтай, орлоготой, орлого нь амьдралд нь хүртээмжтэй, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэхэд эдгээр санг хэрхэн бүрдүүлж, хуримтлалыг юунд, яаж зарцуулахаас шууд хамаарна. Үүнийг л хууль эрх зүйн болон зохион байгуулалтын талаас нь зөв зохицуулах шаардлага тулгарч байгаа юм. Уудам газар нутаг, уул уурхайн баялагтай, цөөн хүн амтай Монгол орны хувьд энэ боломжтой зүйл гэж үзэж хуулийн төслийг боловсруулж нэгтгэх ажил хийгдэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.