Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Монголын хөрөнгийн бирж хэрхэн байгуулагдсан бэ…

-Санхүүгийн зах зээл-

Санхүүгийн зах зээлийг дотор нь гурван секторт хуваадаг. Банкны, хөрөнгийн, даатгалын зах зээл гэсэн гурван секторт хуваадаг юм. Санхүүгийн гурван сектор гурвуулаа зэрэг хөгжсөн орны хөгжил бусад орнуудынхаас илүүтэй байдаг нь дэлхийн туршлагаас харагддаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нь жижиг дунд бизнесийн зээл олгож. Компаниуд нь улс орны хөгжил дэвшилд ахиц авч ирэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх мөнгөө хөрөнгийн зах зээлээс босгож. Харин даатгалын компаниуд нь хадгаламж болон үнэт цаасыг даатгаж байж аливаа улсын эдийн засаг доголдох юмгүй нэгэн зэрэг урагшилдаг гэсэн үг. Гэтэл манай улсад санхүүгийн дээрх гурван сектор нэгэн зэрэг хөгжсөн үү гэвэл үгүй. Арилжааны банк боломжийн хэмжээнд хөгжсөн гэдэгтэй бүхий л эдийн засагчид санал нэгддэг. Харин даатгалын болон хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө шинэ шатанд яваа юм. Санхүүжилт шаардлагатай нэгнийг мөнгөө өсгөх нэгэнтэй холбож өгдөг гүүр бол мөнгөний болон хөрөнгийн зах зээл юм. Компаниуд арилжааны банкуудаас зээл авахаас гадна, хөрөнгийн захад үнэт цаас гаргах замаар санхүүжилт босгодог учраас тэр юм. Хувьцаа авсан хөрөнгө оруулагч үнэт цаасныхаа ногдол ашгаас орлогоо олж, банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүс хүүгээсээ ашгаа авч ирсэн. Тэгвэл хадгаламж эзэмшигч, зээлдэгч хоёрыг зуучилсан арилжааны банк үйлчилгээний төлбөрөөс орлогоо олно. Хувьцаат компани болон хувьцаа эзэмшигч хоёрыг зуучилсан андеррайтер болон брокерийн компаниуд мөн л үйлчилгээний төлбөрөөсөө орлогоо олоод явдаг. Ийм энгийн томьёоллоор эдийн засагт мөнгө эргэлдэж, улс орнууд хөгжиж ирсэн билээ. 1990 онд манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хөгжлийн энэ замыг эргэлт буцалтгүй сонгож, мөнгөний болон хөрөнгийн зах зээлд хөл тавьсан юм. Манай улсад банкны салбар үүсч хөгжөөд 100 орчим жилийн нүүрийг үзэж байна. Нэг ёсондоо, манай улсад банкны салбар бусад санхүүгийн секторуудаа бодвол хамгийн ууган нь юм. Гэхдээ арилжааны банкуудын үүсэл хөгжил, хөрөнгийн болон даатгалын зах зээлтэй нас чацуу гэж ойлгож болох талтай. Тухайлбал, 1990 оноос хувийн арилжааны банк байгуулагдаж, тэднийг төвбанк хянадаг тогтолцоо руу шилжсэн билээ. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн зах зээлд нийт 30 гаруй арилжааны банк мэндэлсэн ч, 18 орчим нь бусад банктай нэгдэх, татан буугдсан гэх мэдээлэл байдаг. Харин тэднээс тунаж үлдсэн 14 арилжааны банк санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Банк, санхүүгийн хөгжлийг түүхэн замналаас нь авахуулаад орчин цаг хүртэл өгүүлсэн учраас дахин нурших нь илүүц. Харин энэ удаад хөрөнгийн зах зээлийн хөгжлийг онцлох гэж байна.

-Монголын хөрөнгийн бирж байгуулагдав-

Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед төрийн өмчийг иргэддээ хувьчлах түүхэн шийдвэр гаргаж байлаа. Тодруулбал, 1991.05.22-ны өдөр Улсын бага хурлаас Өмч хувьчлах тухай хуулийг гаргасан юм. Хувьчлал явуулахын тулд тухайн үед улсын үйлдвэрийн газруудаа хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, үнэт цаасыг нь биржээр арилжаалах шаардлага тулгарсан байна. Тиймээс Засгийн газар 1991.01.18-ны өдөр 22 дугаар тогтоол гаргаж Монголын хөрөнгийн биржийг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан даруйдаа хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэж, өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарыг баталгаажуулж, төвлөрсөн хадгаламжид байршуулах ажлын зохион байгуулсан байна. Тухайлбал, анх 269 хүнийг сургаж хөрөнгийн зах зээлд ажиллах эрх олгосон бол, үүний дараа 29 брокер дилерийн компани байгуулагджээ. Эдгээрээр дамжуулан иргэн бүрт олгосон цэнхэр, ягаан тасалбарыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулсан байна. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны эхээр улсын үйлдвэрийн газруудыг иргэддээ ижил тэнцүү хувьчлах зорилгоор хүн бүрт хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараасан байдаг. Ингэхдээ долоон мянган төгрөгийн үнэтэй цэнхэр тасалбар, гурван мянган төгрөгийн үнэтэй ягаан тасалбарыг монгол улсын иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон юм. Үүнийг төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулах ажил эхлээд хийгджээ. Энэ тасалбараар иргэд өөрийн сонгосон компанийн хувьцааг худалдан авах ёстой байлаа. Үүнийг ажил хэрэг болгохын тулд улсын үйлдвэрийн газруудыг хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, хувьцааг нь биржээр арилжаалах ёстой байв. Улсын үйлдвэрийн 344 газрыг хувьчлахаар анх төлөвлөж байсан ч, 1991-1996 онд нийтдээ 916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа, ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж, 475 хувьцаат компани, 369 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн байгуулагдаж, 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болжээ. Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 212 сая ширхэг хувьцаатай 22 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаат компаниуд байгуулсан гэх нь бий. Үүний тодорхой хувийг иргэдэд цэнхэр тасалбараар эзэмшүүлсэн байгаа юм. Тодруулбал, 1992-1995 оны хооронд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, тэдний 8,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96 сая ширхэг хувьцааг иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг болох цэнхэр тасалбараар эзэмшүүлсэн байна. Иргэдийн хувьд долоон мянган төгрөгтэй тэнцэх цэнхэр тасалбараараа улсын үйлдвэрийн газрын хувьцаа авч байсан энэ үеийг их хувьчлал хэмээн нэрийддэг. Харин гурван мянган төгрөгтэй тэнцэх ягаан тасалбараар улсын бусад өмчийг авч байсан үеийг бага хувьчлал хэмээн нэрийддэг байна. Бага хувьчлалын хүрээнд 1593 дэлгүүр, хоолны газар, ахуйн үйлчилгээний цэг, салбарыг хувьчлахаар төлөвлөж, 2451 жижиг аж ахуйн нэгжийг хамруулж, үүний үр дүнд 3176 аж ахуйн нэгж шинээр үүсэн байгуулагджээ. Эдгээрийн дотроос 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 3046 аж ахуйн нэгж, 385 сая шахам төгрөгийн эд хөрөнгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбараар хувьд шилжүүлсэн байна. Монголын хөрөнгийн биржийн тухайд 1992.02.07-ны өдөр анхны арилжаагаа эхлүүлж, 475 улсын үйлдвэрийн 96 сая ширхэг хувьцааг 800 мянган иргэнд эзэмшүүлсэн түүхээс дурдвал энэ. Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд ингэж хөл тавьсан бол, хоёрдогч зах зээлд 1995.08.28-ны өдөр шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэд үнэгүй авсан улсын үйлдвэрийн газруудын хувьцааг брокер, дилерийн компаниудаар дамжуулан бэлэн мөнгөөр худалдах боломж энэ өдөр нээгдсэн юм. Хоёрдогч зах зээлийн анхны арилжаагаар 16 хувьцаат компанийн 12.3 сая ширхэг хувьцааг 2.3 сая төгрөгөөр арилжаалсан түүхээс дурдвал энэ.

-Монголын хөрөнгийн биржийн удирдлагын багийг сонгон шалгаруулах тендер зарлав-

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн жишигт хүргэх зорилгоор хувьчлахаар төлөвлөв. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийг хувьчлахын өмнө үйл ажиллагааг нь сайжруулж, нэр хүндийг өсгөж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх гадаадын менежментийн баг оруулах хэрэгтэй гэж хамтарсан засгийн газар үзсэн юм. Энэ дагуу Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулах удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг Төрийн өмчийн хороо 2010.05.21-нд зарлаж байлаа. Олон улсын тендерт тухайн үед гадаад, дотоодын хамтарсан 10 гаруй баг саналаа ирүүлсэн юм. Тухайлбал, Солонгосын хөрөнгийн бирж, Хонконгийн Дэ интл секурайтес консуланс компани, Канадын Компак лимитед компани, Английн Девелопмент партнершийп лимитед компани, Монгол Шведийн хамтарсан Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум, Японы Фронтиер Интертрейд консерциум, Монголын Тавантолгой транс болон Нортенсекийн хамтарсан консерциум, Английн Лондон сток эксченж, Словени, Герман, Австралийн Экстра маркет девелопмент болон Детче борс группийн хамтарсан консерциум, Энэтхэгийн Финансиал технологи зэрэг арван баг саналаа ирүүлсэн юм. Урьдчилсан шалгаруулалтад Солонгосын хөрөнгийн бирж, Монгол – Шведийн хамтарсан Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум, Английн Лондон сток эксченж, Словени, Герман, Австралийн Экстра маркет девелопмент болон Детче борс группийн хамтарсан консерциум тунаж үлдсэн гэдэг. Тэдний дунд дахин шалгаруулалт явуулахад Солонгосын хөрөнгийн бирж, Монгол – Шведийн хамтарсан Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум тунаж үлдсэн гэх мэдээлэл байдаг. Энэ хоёр хөрөнгийн биржийн дунд дахин шалгаруулалт явуулж, монголын хөрөнгийн биржийн удирлагын багийг томилох байжээ. Тухайлбал, Солонгосын хөрөнгийн биржийн арилжаа сүүлийн жилүүдэд сайжирч байсан учраас Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг хэрэгжүүлж чадна гэсэн байгууллагууд сонгон шалгаруулалтад тунасан болохыг Төрийн өмчийн хорооныхон тухайн үед хэлж байсан юм. Солонгосын хөрөнгийн бирж 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Сөүл, Пусан хотуудад салбартай. Тус биржэд 1700 гаруй компани үнэт цаасаа арилжаалж байснаас дийлэнх нь солонгосын компаниуд гэж хүмүүс ярьдаг ч, миний мэдэхээр тус биржийн үйл ажиллагаа үүнээс эрт. Балбарийн Аюуш аав маань Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдохоос өмнө, Говь-Алтай аймгийн орлогч дарга байхдаа 1991 онд БНСУ-д удирдах ажилтны сургалтад суугаад ирсэн билээ. Манай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон тэр үе хавьцаа юм уу даа. Аав маань томилолтоос ирэхдээ хэд хэдэн болор сувениртэй ирсэн нь надад одоо ч хадгалаатай байдаг. Сая уг бэлэг дурсгалыг сөхөж хартал нэг нь welcome to inchon, нөгөө нь samsung electronics co, удаах нь visit commemoration korea stock exchange гэсэн бичигтэй дурсгалууд байх аж. Эндээс Солонгосын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа миний мэдэхийн 1991 оноос өмнө гэдэг нь батлагдаж байгаа юм. Тэгвэл тус бирж Монголын хөрөнгийн биржийн удирдлагын багийн тендерт тунаж, тус биржэд олон улсын аутид оруулахаар болсон тухай 2010.09.08-нд яригдаж байснаас харахад аавын минь үйл хэрэг үргэлжилж, 20 гаруй жилийн дараа гэрээ хэлэлцээр хийгдэж байсан байна шүү дээ гэж бодохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм.

-Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллахаар болов-

Гэх жишээтэй Солонгосын хөрөнгийн бирж болон Монгол – Шведийн хамтарсан Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум Монголын хөрөнгийн биржийн удирдлагын багийг сонгон шалгаруулах тендерт тунаж үлдсэн ч, тэд эцсийн дүнд шалгаруулалтаас хасагдсан юм. Хэдийгээр тэд бусдаасаа өндөр оноо авсан ч, Солонгосын хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсны дараа хувьчлалд шууд оролцоно гэдгээ илэрхийлсэн тул энэ баг тендерээс хасагдав. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: Монгол – Шведийн Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум Монголын хөрөнгийн бирж дээр өөрсдийн биеэр ирж ажиллахгүй, зайнаас удирдаж, зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь сайжруулна гэсэн хүсэлт ирүүлсэн учраас тендерээс хасагдсан болохыг хэлж байсан юм. Ийнхүү Монголын талаас тавьсан шаардлагыг хангах баг харамсалтай нь олдсонгүй. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг 2010 оны 09 сард албан ёсоор хаасан байна. Энэ даруй Төрийн өмчийн хорооны үнэлгээний баг дүгнэлтээ гарган Засгийн газарт хүргүүлжээ. Гэхдээ хожим Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах шийдвэр гаргасан байгаа юм. Тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү: Манай улс стратегийн 15 ордод үйл ажиллагаа явуулдаг компаниудынхаа хувьцааг биржээр арилжаалж, хөрөнгө босгохоор төлөвлөж байсан учраас тус биржийг сонгосон. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулаад зогсохгүй, монголчуудын оролцоо байх болно гэдгийг хэлж байсан юм. Лондонгийн хөрөнгийн биржэд дэлхийн нэр хүндтэй уул уурхайн компаниуд хувьцаа гаргаж, хөрөнгө босгодог учир энэ биржтэй хамтарч ажиллахаар болсон нь энэ аж.

-Лондонгийн хөрөнгийн бирж хэрхэн үүссэн бэ-

Лондонгийн хөрөнгийн бирж /LSE/ 1801 онд албан ёсоор байгуулагдсан. Хааны санхүүгийн зөвлөх Томас Грешем 1571 онд хувийнхаа мөнгөөр Эзэн хааны бирж байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн гэх нь бий. Лондонгийн хөрөнгийн биржийн хөгжил кофены дэлгүүрээс эхлэлтэй гэж ярих нь ч бий. Английн иргэн Жонатан 1698 онд кофены дэлгүүр анх нээжээ. Дэлгүүртээ кофе зарахаас гадна, бусад хүмүүсийн барааг зарж өгдөг байжээ. Хамгийн сонирхолтой нь зарж буй барааныхаа үнийг дэлгүүрийнхээ гадна самбарт бичиж үнэ хаялцуулдаг байсан явдал. Бараа нийлүүлж байгаа тал, худалдан авагч хоёр үнэ тохиролцвол тухайн бүтээгдэхүүнийг худалддаг байжээ. Ийнхүү Жонатан кофены дэлгүүрээрээ дамжуулан худалдан авагч, үйлдвэрлэгч хоёрыг холбож дундаас нь ашиг олдог байсан аж. Энэ нь түүнд ашиг орлогын үүдийг нээж өгсөн тул үйл ажиллагаагаа өргөжүүлж кофены дэлгүүрийнхээ тоог өсгөжээ. Хожим кофены дэлгүүрээ нэгтгэж Лондон сток эксченж гэж нэрлэсэн байна. Ингэж л Лондонгийн хөрөнгийн бирж үүссэн түүхтэй аж. Лондонгийн хөрөнгийн бирж урьдын кофены дэлгүүртэй адилхан үйл ажиллагаагаа өнөөдөр явуулдаг. Гагцхүү электрон хэлбэрт шилжсэн нь өмнөхөөсөө ялгарах онцлог нь гэж судлаачид үздэг. Өмнө нь кофены дэлгүүрийн гадна самбарт үнэ хаялцуулдаг байсан бол, одоо дэлхийн өнцөг буланд хүрч, худалдан авагч үйлдвэрлэгч хоёрыг холбож өөрийн биржэд цахимаар үнэ хаялцуулж байгаа нь өмнөхөөсөө ялгарах онцлог гэж судлаачид ярьдаг юм. Лондонгийн хөрөнгийн биржэд 70 орчим орны 2600 гаруй компани хувьцаагаа арилжаалдаг. Лондон хотноо төвтэй тус бирж хэдэн жилийн өмнө манай хөрөнгийн зах зээлд хөл тавьж, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах удирдлагын багаар ажилласан юм. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсан Лондонгийн хөрөнгийн бирж өнөөдөр хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагааг явуулдаг. Хэдэн жилийн өмнө гол хөрөнгө оруулагчид нь Саудын арабт суудаг гэх мэдээлэл гарч байлаа. Ер нь арабчууд Лондонгийн хөрөнгийн биржийн 35 хүртэлх хувийг эзэмшдэг гэх мэдээлэл бий.

-Треси Перс: Лондонгийн хөрөнгийн бирж дэлхийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход тусална-

Лондонгийн хөрөнгийн биржээс хэдэн жилийн өмнө зохиосон Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурлын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн хувьцааны хэлтсийн дарга Треси Перс: Дэлхийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход монголын аж ахуйн нэгжүүдэд туслахаас гадна, Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ирсэн гэдгээ мэдэгдэж байлаа. Тэр үед Лондонгийн хөрөнгийн биржийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Антон: Ирээдүйд ази тивд эдийн засгийн үсрэнгүй өсөлт гарах тул Монголын хөрөнгийн биржийг сонгож, хамтарч ажиллах болсон тухайгаа мөн мэдэгдэж байсан юм. Ингээд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн жишигт хүрэх зорилгоор Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг 2010.12.24-ны өдөр байгуулсан юм. Энэ хүрээнд хийгдэх ажлыг нарийвчлан тусгасан эцсийн шатны мастер сервис агриймент буюу хамтын ажиллагааны гэрээг 2011.01.20-ны дотор Лондонгийн хөрөнгийн биржийнхэн монголд ирж байгуулахаар төлөвлөсөн ч, 2011.02.15-ны өдөр болж хойшлогдсон тал бий. Тэр үеийн Төрийн өмчийн хороон дахь Монголын хөрөнгийн биржийн бүрэн эрхт төлөөлөгч Ч.Чинзориг: Хугацаа ингэж хойшлогдож явсаар эцсийн шатны мастер сервисийн гэрээг Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй 2011.04.07-ны өдөр үзэглэж, гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсныг хэлж байлаа. Эдгээр гэрээ хийгдсэнээр Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн албан ёсны түншлэгч болж, тэд эргэлт буцалтгүй гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон юм. Энэ хугацаанд туршлагатай удирдах боловсон хүчнээр хангах, Монголын хөрөнгийн биржийн бүтэц, зохион байгуулалт, засаглал, менежментийг сайжруулж, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль дүрэм журмыг шинэчлэн найруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, техник технологи, арилжааны платформыг шинэчилж, өөрсдийнхөө өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог стандартуудыг нэвтрүүлж дэлхийн түвшинд хүргэх үүрэг хүлээсэн байдаг. Тухайлбал, дэлхийн стандартад нийцүүлж 2-3 жилийн дотор азидаа томоохонд тооцогдох хөрөнгийн бирж болгох ёстой болов. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж, техник технологийг нь хөгжүүлснээр азийн болон дэлхийн тавцанд гаргаж, хөрөнгө оруулагчдыг татах замаар гадаад, дотоодын компаниудын хувьцааг арилжаалж өгөх ёстой болсон юм. Энэ хүрээнд Лондонгийн металлын бирж, Америкийн хөрөнгийн бирж, Энэтхэгийн түүхий эдийн бирж төдийгүй дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болон өөрсдийнхөө хэрэглэгддэг миллениум айти арилжааны платформыг нэвтрүүлсэн юм. Тэр үеийн Төрийн өмчийн хороон дахь Монголын хөрөнгийн биржийн бүрэн эрхт төлөөлөгч Ч.Чинзориг: Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, менежмент, тоног төхөөрөмжийг 14,2 сая ам.доллараар сайжруулахаар болсон талаар хэлж байлаа. Ингэснээр дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн компаниудын хувьцаа арилжаалдаг хөрөнгийн биржтэй болох үүд хаалга нээгдсэн билээ. Дэлхийн хөрөнгө оруулагчид монголоос ирж уул уурхайн компаниудын хувьцааг худалдан авах бололцоо энэ үед тавигдсан гэж ойлгож болох юм.

Лондонгийн хөрөнгийн биржийн
Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Антон:

-Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролетийн илгээлт-

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ойгоор Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролет илгээлт ирүүлсэн байдаг. Энэ нь арав гаруй жилийн өмнөх үйл явдал ч, илгээлтэд дурдсан тоо баримт сонирхол татам. Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролет: Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан та бүхэнд Лондонгийн хөрөнгийн биржийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, халуун мэндчилгээ дэвшүүлье. Орчин үеийн хөрөнгийн зах зээлийг бий болгосноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт урт удаан хугацаанд үргэлжилж, өргөн хүрээг хамрах болно гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн тогтвортой байдлын тулгын чулуу нь хөрөнгийн зах зээл болохыг олж мэдсэнээр 1990-ээд оны эхэн үед хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараах хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дэлхийн аль ч орноос илүүтэйгээр бүх иргэдээ хувьцаа эзэмшигч болгосон Монгол улсын хөрөнгийн зах зээлийн 20 жилийн түүхээс дэлхийн бусад улс орнууд суралцаж болох юм. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хөгжлийнхөө дараагийн үе шатанд орохоор төлөвлөж байгаа билээ. Ойрын жилүүдэд Монголын эдийн засаг өсч, дэлхийд тэргүүлэх өсөлттэй орнуудын тоонд багтах огцом өөрчлөлтийн үетэй энэхүү тэмдэглэлт ой давхцаж байна. Амжилтад хүрэх урт замыг туулахад Лондон өөрийн хувь нэмрээ оруулах боломж гарч байгаад баяртай байна. Бид эдийн засгийн өсөлт, шинэчлэлийг авч ирж чадах дэлхийн хэмжээний хөрөнгийн зах зээлийг бүтээн байгуулахад нь Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон бусад холбогдох байгууллагуудын итгэлт түнш байх болно. Лондонгийн хөрөнгийн бирж олон жил дэлхийн хэмжээнд, түүний дотор азид үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ирээдүйд ихийг бүтээх хүсэл тэмүүлэл бүхий санхүүгийн төвүүдэд өөрийн давуу тал, өргөн боломжуудыг санал болгодог. Өнөөдөр манай биржид дэлхийн 70 шахам орны 2600 гаруй компани, үүний тодор Монголын Petro matad компани бүртгэгдсэн байна. Petro matad компани нь гадаад, дотоодын хөрөнгийн захаас эх үүсвэр татах боломж бүхий давхар бүртгэлтэй Монголын олон арван компаниудын анхных болсон гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн хөрөнгийн зах болох Лондон нь өрнө, дорнын хоорондох өөрийн байр сууриа ашиглан гадаадын компаниудын ашиг сонирхлыг олон улсын хөрөнгө санхүүгийн өргөн боломжтой уялдуулж чадах онцлог чадвартай юм. Бидэнд бүх салбарын хөрөнгө оруулалтын боломж, ялангуяа Монголын эдийн засгийн өсөлтийг хангах уул уурхай, түүхий эдийн секторт хуримтлуулсан арвин баялаг туршлага бий. Энэхүү нэгдмэл хамтын системийн гол цөмд Лондонгийн хөрөнгийн бирж өөрөө оршиж байгаа юм. Бид энэхүү тэргүүлэгч байр сууриа нөр их хүчин чармайлтаар олж авсан билээ. Үүний нэг тод илрэл нь дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлоход улам ихээр оролцож буй азийн бүс нутагт бий болох ашиг өгөөжийг хүлээн зөвшөөрч, Millennium IT-г худалдаж авсан явдал юм. Millennium IT-г эзэмшсэнээр манай бирж дэлхийн хамгийн хурдтай арилжааны платформтой болсон бөгөөд энэ нь түргэн шуурхай, үр ашигтай, өртөг багатай, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ явуулахад тус дөхөм болж чадна. Үйл ажиллагаа нь бүрэн тогтворжсон Millennium IT манай группт нэгдсэн бөгөөд дэлхийн олон улс орны, тухайлбал Лондонгийн металлын бирж, ICAP, Энэтхэгийн түүхий эдийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж группын Turquoisse / Лондонгийн хөрөнгийн биржийн Пан – Европын хувьцааны арилжааны платформ/, Египтийн хөрөнгийн бирж болон санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашигладаг юм. Лондонгийн хөрөнгийн бирж ч мөн Millennium IT-ын арилжааны платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Итали дахь бизнесийн үйл ажиллагааныхаа явцад бий болгосон клиринг, төлбөр тооцооны чиглэлийн туршлага нь манай бас нэгэн бахархал билээ. Бидний Монгол Улстай хамтран ажиллах түншлэл нь хөрөнгийн зах зээл, түүний дэд бүтцийн хөгжлийг дэмжих өргөн цар хүрээний цогц шийдлийг агуулж байгаа болно. Бид хувьцаа болон бондын арилжаа, тэдгээрийн төлбөр тооцоо, хяналтын системийг нийлүүлж, өөрсдийн практик туршлагаа нэвтрүүлэх болно. Мөн хөрөнгийн зах зээлийн бусад бүтээгдэхүүнд, тухайлбал үүсмэл үнэт цаас, ETF, түүхий эдийн арилжааг бий болгоход туслах болно. Бидний эцсийн зорилго бол Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн биржийн зүгээс хэрэгжүүлж буй хөрөнгийн зах зээлийн иж бүрэн шинэчлэлийн үйл ажиллагаанд менежментийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Монголын хөгжлийн шинэ үе эхэлж буй энэ цаг үед манай байгууллага та бүхний хамтрагч түншээр сонгогдсондоо баяртай байна. Лондонгийн хөрөнгийн биржийн нэрийн өмнөөс Монголын хөрөнгийн биржийн 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, орчин үеийн хүчирхэг хөрөнгийн зах зээлийг бий болгосноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт урт удаан хугацаанд үргэлжилж, өргөн цар хүрээг хамрах болно гэдэгт итгэж буйгаа уламжилъя хэмээн илгээлтдээ дурдсаныг эргэн сануулахад эрх биш нэгийг бодогдуулах биз ээ. 

-FTSE групптэй хамтран ажиллахаар болов-

Гадаадын хөрөнгийн биржүүд гол төлөв 500, 225, 200 гаруй томоохон компаниудаа индекстээ багтаадаг. Энэ компаниудын хувьцааны ханш өсч, буурахаас хамаарч тухайн хөрөнгийн захын өөрчлөлт тодорхойлогдож байдаг. Манай улсын тухайд хөрөнгийн биржэд бүртгэлтэй 75 хувьцаат компанийг индекстээ багтааж, ТОП-75 индексээр хөрөнгийн захын өөрчлөлтийг өмнө нь харуулдаг байсан. Тэгвэл, 2000 оноос индекст багтдаг компаниудын тоог цөөлж, зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхиэр тэргүүлсэн 20 компанийг индекст багтаадаг болсон юм. Ингэхдээ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээг харгалзаж индекст оруулдаг болсон. Зах зээлийн үнэлгээ гаргахдаа тухайн компанийн хувьцааны хаалтын ханшийг нийт хувьцаагаар үржүүлдэг. Харин арилжааны өдрийн дундаж гүйлгээг гаргахдаа тухайн үнэт цаасны сүүлийн хагас жилийн арилжааны дүнг арилжаа явагдсан өдөрт хуваадаг юм. Ийм шалгуураар хувьцаат компаниудыг ТОП-20 индекст багтааж, үнэт цаасны зах зээлийн хөдөлгөөнийг харуулж ирсэн билээ. Тэгвэл 2015.02.09-ны өдрөөс эхлэн MSE ALL нэгдсэн индексийг давхар тооцож гаргадаг болсон юм. Хувьцааны ханшийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор олон нийтэд нээлттэй арилжигдаж байгаа 221 хувьцаат компанийг хамруулсан MSE ALL хувьцааны нэгдсэн индексийг тооцож гаргадаг болсон гэсэн үг юм. Үүнээс гадна Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролет: FTSE Mongolia индексийг гаргахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон тухай өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Их Британийн FTSE групп хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо судалгааны чиглэлээр тэргүүлэгч байгууллага. Тус групп олон орны бирж дээрх хувьцааны индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж, зах зээлд мэдээлдэдэг. Энэ групптэй хамтран ажиллах гэрээг манай улс 2013.10.18-ны өдөр байгуулжээ. Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан ажлын мастер гэрээний дагуу уг индексийг оруулж ирэхээр талууд тохиролцсон учраас, FTSE-г оруулж ирэхээр ийнхүү гэрээ байгуулсан байна. FTSE Mongolia индексийг оруулж ирснээр монголын зах зээл дэлхий дахинд нээлттэй харагдах боломжтой. Тодруулбал, FTSE индекс европчуудад илүү танигдсан. Энэ индексийг дэлхий дээр 3.5 их наяд долларын санхүүгийн хөрөнгө оруулалт дагадаг гэх судалгаа бий. Энэ индексийг оруулж ирснээр европ руу хөрөнгө оруулалт хийдэг сангууд манай улс руу анхаарлаа хандуулж, дээрх хөрөнгийн тодорхой хувь буюу 1-1,5 тэрбум ам.доллар орж ирэх бололцоотой гэж мэргэжилтнүүд тооцоолсон юм. Нөгөө талаас энэ индексийг дагаж хөрөнгө оруулалт хийдэг компаниуд тухайн биржийн хувьцааг авах ёстой болдог байна. Энэ хэрээр дотоодын компаниуд бирж дээр хувьцаагаа гаргаж, хямд эх үүсвэртэй санхүүжилт босгох хандлага нэмэгдэнэ. Энэ нь арилжааны идэвх сэргэж, үнэт цаасны хөрвөх чадвар нэмэгдэхэд нөлөөлнө гэж судлаачид үзсэн юм.

-Миллениум айти арилжааны систем нэвтрүүлэв-

Манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх зорилгоор 2010.12.24-нд Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Харин энэ хүрээнд хийгдэх зүйлүүдийг нарийвчлан тусгасан ажлын мастер гэрээг Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж 2011.04.07-ны өдөр үзэглэсэн тухай өгүүлсэн билээ. Энэ хүрээнд хоёр тал биржийн засаглал, биржийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль дүрэм журмыг шинэчлэн найруулах, техник технологийг шинэчлэн дэлхийн жишигт хүргэх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн юм. Энэ дагуу Монголын хөрөнгийн биржийн хуучин системийг халж, оронд нь Лондонгийн хөрөнгийн биржэд ашиглагддаг миллениум айти системийг 2013.07.02-ны өдөр суурилуулсан. Үүнтэй холбогдуулан Монголын хөрөнгийн бирж Т+3 гэсэн төлбөрийн шинэ хэрэгслийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Мөн хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хууль эрхзүйн таатай орчинтой болсон юм. Тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн арилжааны судалгааны албаны мэргэжилтэн Мөнхзориг: Орчин үеийн арилжааны миллениум айти программыг дэлхийн хөрөнгийн биржүүдэд өргөнөөр хэрэглэдэг болохыг хэлдэг. Үүнээс өмнө харилцагчид хувьцаа худалдан авах мөнгөө дансандаа урьдчилан байршуулдаг байлаа. Ингэхдээ дурын арилжааны банкаар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвийн данс руу мөнгөө гуйвуулдаг байсан юм. Энэ дансаар дамжиж харилцагчдын гуйвуулсан мөнгө хувьцааны дансанд нь байршдаг байлаа. Үүний дараа харилцагчид брокерийн компанидаа хувьцаа авах захиалга өгнө. Үүний үндсэн дээр брокерийн компаниуд хөрөнгийн биржийн арилжаанд оролцож харилцагчдынхаа захиалгыг биелүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоог нэг хоногийн дотор гүйцэтгэх буюу Т+1 тогтолцоо манай улсад мөрдөгдөж байсныг болиулж, оронд нь миллениум айти систем ашиглалтад орж Т+3 төлбөрийн хэрэгсэл зах зээлд нэвтэрсэн юм. Тэр үеийн Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бүрэнжаргал: Ингэснээр хувьцааны данс, мөнгөө байршуулах данс гэсэн хоёр тусдаа данстай болсон болохыг хэлдэг. Т+3 төлбөрийн хэрэгслийн гол онцлог нь харилцагч 1000 төгрөгөөр хувьцаа авлаа гэхэд, гурван хоногийн дотор хувьцааных нь ханш 500 төгрөг болох магадлалтай. Энэ нь хөрөнгө оруулагчид ашиггүй учраас хувьцааны төлбөрөө гурван хоногийн дотор клиринг банкин дахь дансандаа байршуулахгүй байх эрсдэлтэй байжээ. Харин энэ бүх эрсдэлийг брокерийн компаниуд үүрч ирсэн байна. Өөрөөр хэлбэл, брокерийн компаниудын барьцаа болон баталгаанд байршуулсан мөнгийг харилцагчийн төлөөгүй хувьцааны төлбөрт авах зохицуулалттай байжээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг брокерийн компаниуд арилжааны үнийн дүнгээс 1,5-3 хувийн шимтгэл авч ирсэн. Үүний 0,8 хувийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо авдаг байсан юм. Үлдсэнээр нь брокерийн компаниуд ажилчдаа цалинжуулж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ашиг гэхээр зүйлгүй атлаа брокерийн компаниуд харилцагчийн өмнөөс бүх эрсдэлийг үүрэх боломжгүй учраас Т+3 тогтолцоог халах санал байнга гаргаж ирсэн. Тэр үеийн Санхүүгийн зохицуулах хорооны Мэргэжлийн оролцогчдын хэлтсийн дарга Аюур: Тиймээс төлбөрийн энэ тогтолцоог 2015.02.16-ны өдөр халж, хуучин тогтолцоо руугаа эргэн орсон талаар хэлж байсан юм. Т+3 төлбөрийн тогтолцоог нэвтрүүлээд хоёр жил бололгүй, Т+1 тогтолцоо руу эргэн шилжсэн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоог гурван хоногийн дотор гүйцэтгэдэг байсныг болиулж, эргэн нэг хоногт гүйцэтгэхээр болсон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид авсан хувьцаагаа маргааш нь худалдах эрхзүйн орчин эргэн бүрдсэн. Мөн хувьцаа худалдсан төлбөрөө маргааш нь авах боломжтой болсон юм. Хэдийгээр ийм өөрчлөлт орсон ч, хувьцаа болон мөнгөө байршуулдаг хоёр данс тусдаа үлдсэн. Тодруулбал, хувьцаа худалдаж авах төлбөрөө Худалдаа хөгжил, Хаан, Хас, Голомт зэрэг клиринг банкуудад нээлгэсэн дансандаа байршуулах нь хэвээр үлджээ. Харин дансандаа байршсан энэ мөнгөөр хувьцаа худалдаж авлаа гэхэд энэ нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд нээлгэсэн дансанд хэвээр байршихаар болжээ. Гагцхүү төлбөр тооцоог гурван хоногт гүйцэтгэдэг байсныг болиулж, нэг хоног болгон өөрчилсөн түүхтэй. Тэгвэл хожим үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоог Т+2 зарчмаар явуулж байгаа юм.

-Д.Энхзул: 14,2 сая ам.долларын гэрээ байгуулсан-

Монголын хөрөнгийн бирж 2011.04.07-ны өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй мастер сервисийн гэрээ байгуулж, гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд хоёр тал биржийн засаглал, биржийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль дүрэм журмыг шинэчлэн найруулах, техник технологийг шинэчлэн дэлхийн жишигт хүргэх, боловсон хүчний чадвахижуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд, Монголын хөрөнгийн биржэд арилжааны миллениум айти систем суурилуулж, Т+3 төлбөрийн шинэ хэрэгслийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Ийнхүү Монголын хөрөнгийн захын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор мастер сервисийн гэрээ байгуулж, Лондонгийн хөрөнгийн биржээс үйлчилгээ авсан ч, төлбөрөө төлөхгүй удсан тал бий. Энэ асуудлаар Хөрөнгийн биржийн Санхүү, захиргаа хариуцсан дэд захирал Д.Энхзултай 2010.10.15-ны өдөр ярилцаж байснаа эргэн сануулж байна.

– Лондонгийн хөрөнгийн биржээс авах үйлчилгээний төлбөрт 14 сая ам.доллар төлнө гэж яригдаж байсан. Үүнийг хаанаас яаж төлөхөөр гэрээнд тусгасан бэ?

– Анх гэрээний нийт зардлыг 14,2 сая доллар болно гэж Засгийн газрын 2011 оны 16 дугаар тэмдэглэлээр тогтоосон. Үүнийг төсөвт суулгаж, Лондонгийн хөрөнгийн биржээс авсан ажил үйлчилгээний зардлыг төлөхөөр хоёр тал тохиролцож гэрээ байгуулсан юм. Энэ дагуу 5,2 сая ам.доллар буюу 7,4 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгаж, Лондонгийн хөрөнгийн биржэд эхний жилийн төлбөрөө төлж барагдуулсан. Монголын хөрөнгийн биржийн зүгээс гэрээний төслийн үлдсэн санхүүжилтийг төсөвт суулгахаар асуудлыг холбогдох байгууллагуудад тавьсаар ирсэн боловч шийдэгдэлгүй өдийг хүрсэн тул Лондонгийн хөрөнгийн биржид 2012 оны сүүлийн хагас жилээс хойших төлбөрийг төлж чадаагүй байна.

– Зарим төлбөрийг арилжааны банкуудаас зээлж төлсөн гэх яриа бий. Үүнийг оролцуулаад одоогийн байдлаар хэдийг нь төлөв?

– Улсын төсвийн санхүүжилтээр 2011 оны төлбөрийг барагдуулсан. Үүнээс хойш санхүүжилт шийдэгдээгүй учраас арилжааны банкуудтай хамтын санхүүжилтийн гэрээ байгуулж 1,6 сая ам.долларын зээл авч, Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх 2012 оны эхний хагас жилийн төлбөрийг барагдуулсан байгаа.

– Өнгөрсөн жилийн эхний хагасаас хойш Лондонгийн хөрөнгийн биржэд төлбөрөө төлөөгүй гэхээр, Монголын хөрөнгийн бирж чамгүй өрд орж ээ?

– Өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн төлбөр 1,5 сая ам.доллар, энэ оны төлбөр мөн 1,5 сая орчим ам.доллар байгаа. Нийт 3 сая ам.долларыг Лондонгийн хөрөнгийн биржэд даруй төлөх ёстой. Мөн 2012 оны эхний хагас жилд арилжааны банкуудаас авсан зээлээ Монголын хөрөнгийн бирж буцааж төлөх ёстой. Үүнээс гадна гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварт 1,4 сая ам.долларыг төлөх ёстой юм. Эдгээрийг тооцвол, Монголын хөрөнгийн бирж 6 сая ам.долларын өртэй болчихоод байна. Энэ санхүүжилтийг шийдвэрлэж байж хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хууль дүрмийг өөрчлөх гээд шинэчлэлийн ажил амжилттай хэрэгжинэ.

– Арилжааны банкуудаас зээл авч зарим төлбөрөө барагдуулсан гэлээ. Хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугацаатай зээл юм бол?

– Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн биржийн зүгээс хамтын санхүүжилтийн гэрээний шугамаар арилжааны зургаан банктай гэрээ байгуулсан. Голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжил, Улаанбаатар, Төрийн банкнаас 1,6 сая ам.долларыг жилийн 6,5 хувийн хүүтэй авсан. Санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор энэ зээлийг авсан болохоор хөнгөлөлттэйгөөр таван жилийн дотор төлж барагдуулах нөхцөлтэй авсан.

 Зээл гэхээр хүүгийн дарамтад давхар орж байгаа байх. Одоогоор зээлийн хүү хэд болоод байна?

– Банкуудаас авсан зээлийн үндсэн хэмжээ 1,68 сая ам.доллар. Үүнээс одоогийн байдлаар хүүгийн хэмжээ 250 мянган ам.доллар орчим болж байна. Тэгэхээр ойролцоогоор 1.9 сая ам.долларыг банкуудад эргэн төлөх шаардлагатай байгаа гэсэн үг.

 Өдрөөс өдөрт хүү бодогдож байгаа болохоор төлөхөөр яаравчилж байгаа хэрэг үү?

– Банкуудаас авсан зээлээ төлөхгүй удах тусам хүү нэмэгдээд байгаа. Энэ хэрээр төслийн үндсэн зардлыг нэмэгдүүлж байгаа гэж ойлгож болно. Тэгээд ч зээлийг төсвөөс барагдуулж болох ч, хүүгийн төлбөрийг төсвөөс барагдуулна гэдэг хүндрэлтэй. Тийм болохоор хөнгөлөлттэй зээл ч гэсэн, хүүгийн дарамтад орохгүйн тулд банкуудаас авсан зээлийг яаравчлан төлөх шаардлагатай байгаа. Харамсалтай нь банкуудаас авсан зээл, Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх төлбөр, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх санхүүжилтийг төсөвт тусгуулж чадалгүй өдийг хүрсэн. Ирэх оны төсвийн төсөлд ч энэ санхүүжилтийг суулгуулж чадаагүй байна. Тэгэхээр өр төлбөрийн санхүүжилт 2015 онтой залгаж магадгүй.

 Анх гэрээний нийт өртөг 14,2 сая ам.доллар байхаар тусгагдсан гэлээ. Төлөөгүй үлдсэн нь 7,4 сая доллар төлөх юм шиг ойлгогдож байна. Гэтэл та үүнээс бага тоо яриад байх юм?

– 14,2 сая ам.долларыг гэрээний санхүүжилтийн хязгаар гэж ойлгож болно. Яг одоогийн байдлаар бид нийт хийгдсэн ажлуудыг төсөвлөөд үзвэл 6,9 сая доллар байгаа. Цаашид хийх ажлуудаа тооцоод үзэхээр 3 орчим сая ам.доллар болох юм. Үүн дээр арилжааны банкуудад төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдсэн өртгийн албан татвар бас нэмэгдэнэ. Цаана нь үлдэж байгаа мөнгө бол хэмнэлт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид 14 гаруй сая ам.доллараар хэрэгжих төслийг арай бага зардлаар хэрэгжүүлж, хэмнэлт гаргах боломжтой гэсэн үг.  

– Лондонгийн хөрөнгийн биржэд өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас хойш төлбөр төлсөнгүй. Үүнд хамтрагч байгууллага алданги тооцож байгаа юу?

– Лондонгийн хөрөнгийн биржийнхэн 2012 оны сүүлийн хагас жилийн төлбөр болох 1,5 сая долларын өрөө түргэн төлөхийг шаардаж байгаа. Төлөх хугацаа нь бүтэн жилээр хойшлоод байгаа энэ үед төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй тул хүү алданги тооцох эрхзүйн үндэс бий, гэрээндээ ч тэгэж заасан. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн биржийнхэн манайд уян хатан хандаж байгаа. Ер нь бол урт хугацааны стратеги хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх үүднээс хүү алданги тооцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мэдээж цаашид төлбөрөө хийх, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тал дээр зайлшгүй шийдвэртэй алхам манай талаас хийх шаардлагатай байна.

– Одоогоор Лондонгийн хөрөнгийн биржийнхэн хамтын ажиллагаагаа бодоод уян хатан хандаж байгаа ч, төлбөрийг нь 2015 оны төсөвт суулгах хүртэл хүлээх болов уу?

– Мэдээж боломжгүй. Лондонгийн хөрөнгийн бирж өөрөө хувьцаат компани учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө ил тод ажлаа тайлагнах ёстой. Лондонгийн хөрөнгийн биржийн манайтай хамтарч ажиллаж байгаа талууд уян хатан хандахыг хүссэн ч хувьцаа эзэмшигчид, аудитын хороо нь зөвшөөрөхгүй. Тийм болохоор ойрын хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх төлбөрийг төсөвт суулгаж өгөхгүй бол арилжааны банкуудаас дахиж зээл авахаас өөр аргагүйд хүрнэ.  

– Зээл авах талаар арилжааны банкуудтай ярилцаж үзсэн үү. Арилжааны банкуудын зүгээс ямар хариу өгч байна?

– Ярилцаж үзсэн. Арилжааны банкууд төсөвт суусан баталгаа шаардсан. 2015 он хүртэл төсөвт суух магадлал бараг байхгүй учраас зээл авахад хүндрэл үүсээд байна. Ер нь бол энэ асуудлыг тусгайлан хэлэлцэж гарц хайх цаг нь болсон. Томоохон гэрээнүүдтэй харьцуулахад 1,5 сая долларыг эхний ээлжинд төлнө гэдэг тийм ч өндөр тоо биш. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эдийн засгийн сонирхолтой ийм цаг үед олон улсын түвшинд Монгол улс 1,5 сая доллар төлж чадахгүй байна гэх яриа үүсвэл манай улсын нэр хүнд, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх талтай.

-Сангийн яамны мэдэлд Монголын хөрөнгийн бирж очив-

Манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх зорилгоор 2010.12.24-ны өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ хүрээнд хийгдэх зүйлүүдийг нарийвчлан тусгасан ажлын мастер гэрээг Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж 2011.04.07-ны өдөр үзэглэв. Уг гэрээнд хөрөнгийн зах зээлийг зохицуулсан хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгохоос гадна, энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадавхжуулахаар тусгасан байдаг. Мөн хөрөнгийн биржийн арилжааны системийг дэлхийн жишигт хүргэх заалт ч багтсан байлаа. Энэ дагуу Лондонгийн хөрөнгийн биржийнхэн өөрсдийн ашигладаг миллениум айти системийг Монголын хөрөнгийн биржэд суурилуулж өгсөн. Лондонгийн хөрөнгийн биржээс авсан эдгээр үйлчилгээний төлбөрт манай улс 14,2 сая ам.долларыг гэрээний дагуу төлөх ёстой байжээ. Эхний жилийн 5,2 сая ам.долларын төлбөрийг 2011 оны төсөвт тусгах замаар шийдвэрлэсэн бол, 2012 оны эхний хагас жилийн 1,6 сая ам.долларын төлбөрийг арилжааны банкуудаас зээлж барагдуулсан байна. Ийнхүү өнгөрсөн хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржэд 6,8 сая ам.доллар төлсөн ч, үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт суулгалгүй явж иржээ. Тиймээс үлдэгдэл 8,7 сая ам.долларын өрийн эх үүсвэрийг 2015 оны төсөвт тусгах замаар шийдвэрлэхээр Засгийн газрын 2014.05.10-ны өдрийн 152-р тогтоолд тусгасан байдаг юм. Мөн Лондонгийн хөрөнгийн биржэд нэн даруй төлөх 1,5 сая ам.долларыг төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх тухай тусгасан байдаг. Засгийн газраас 2014.05.10-ны өдөр гаргасан Монголын хөрөнгийн биржийн талаар авах зарим арга хэмжээний тухай 152-р тогтоолд чухал заалт тусгагдсан нь Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн явдал. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн бирж Төрийн өмчийн хорооны мэдлээс гарч Сангийн яамны мэдэлд очсон юм. Нэгэнтээ хувьцаа эзэмшигч нь болсон учраас Монголын хөрөнгийн биржийн Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх өрийг Сангийн яам үүрч, үүнийг төсөвт суулгах замаар шийдвэрлэхээр болсон байна. Монголын хөрөнгийн биржээс гадна, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам мөн болжээ. Тодруулбал, Засгийн газар 2014.09.18-ны өдөр Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай 292 тоот тогтоол гаргасан байна. Сангийн яам тухайн үед Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс Хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг тусгаарлан, түүнийг шинээр үүсгэн байгуулагдах төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлнэ гэж байлаа. Үлдсэн хэсгийг нь 292-р тогтоолын дагуу Үнэт цаасны арилжаа, тооцоо, төлбөрийн компани болгон өөрчилж, хувьцааг нь Монголын хөрөнгийн биржэд 100 хувь эзэмшүүлэхээр болсон юм. Өөрөөр хэлбэл, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг хоёр хувааж нэгийг нь Монголын хөрөнгийн биржэд эзэмшүүлсэн бол, нөгөөг нь Сангийн яамны дэргэд байгуулах шийдвэр гарсан юм. Монголын хөрөнгийн бирж 1996-1999 оны хооронд хувьцаа эзэмшигчдийн хувьцаа болон ногдол ашгийн 1 тэрбум гаруй төгрөгийг эрсдэлд оруулж, үйл ажиллагааны доголдолд орсон гэх дүгнэлт гарч байсан удаатай. Энэ дүгнэлтэд үндэслэж хууль тогтоогчид Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг бие даалгахаар болж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байсныг учир мэдэх хүмүүс санаж буй нь лавтай. Тэр дагуу Засгийн газар 2003 онд 72 дугаар тогтоол гаргаж Монголын хөрөнгийн биржийн бүтцээс Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн үйл ажиллагааг салгасан байдаг. Энэ даруй Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг байгуулах шийдвэр гаргасан байгаа юм. Хэдхэн жилийн өмнө салгасан хоёр байгууллага хувьцаа эзэмшигчээрээ дамжин үйл ажиллагаа нь холилдох вий гэсэн болгоомжлол хөрөнгийн захад тухайн үед тулгарч байсан нь нууц биш. Монголын хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам болж, хөрөнгийн захад хөндлөнгөөс оролцох болсон учраас тэр юм.

-Монголын хөрөнгийн бирж 30 нас хүрэв-

Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжүүлэх зорилгоор 1991.01.18-ны өдөр Монголын хөрөнгийн бирж байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж байлаа. Тэр цагаас хойш даруй 30 жил өнгөрчээ. Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд хөл тавьж байхад тус биржийн зах зээлийн үнэлгээ 12 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан юм. Тэгвэл 2011.01.18-ны өдөр буюу 20 жилийн ойн өдөр тус биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 373 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байлаа. Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны ханш өссөн нь зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлсөн болохыг холбогдох албаныхан хэлдэг. Тэгвэл 2021.01.18-ны өдөр Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр тохиов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын хөрөнгийн биржийн ажилтан албан хаагч, хөрөнгийн зах зээлд оролцогч, нийт арилжаа эрхлэгч, хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, ёслолын арга хэмжээг нээж цан цохив. Хөрөнгийн зах зээл дэлхий дахинаа үүсч хөгжөөд 500 гаруй жил болж байхад санхүүгийн энэ сектор манай улсад үүсч хөгжөөд ердөө 30 жил болж байгаа нь энэ юм. Эндээс манай улсын хөрөнгийн зах зээл дэлхийн улс орнуудын хөрөнгийн зах зээлийг бодвол дэндүү залуу, дөнгөж эрийн цээнд хүрч яваа нь ажиглагдана. Залуу хүнд сурч мэдэх, алдаж онох зүйл цөөнгүй байдгийн нэгэн адил манай хөрөнгийн зах зээлд ч гэсэн сурч мэдэх зүйл их, дутуу дулимаг зүйл байсныг өнгөрсөн хугацаа харуулсан. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад манай улсын хөрөнгийн захын хөгжил харьцангуй сайн, дэлхийн хөгжил рүү дөхөж явааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 30 жилийн туршид хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл тасралтгүй хөгжин дэвшиж, олон шинэ бүтээгдэхүүнтэй, тогтмол үйл ажиллагаатай, идэвхтэй арилжаатай, хууль эрх зүйн орчны хувьд боловсронгуй болсны зэрэгцээ хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, дэд бүтэц, технологийн хувьд олон улсын жишигт хүрч чадсан байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл улам идэвхжиж, хөрөнгө оруулагчид арилжаанд цахимаар оролцох боломж бүрдсэнээс гадна, гадаадын хөрөнгийн биржэд бүртгэлтэй үнэт цаасыг Монголдоо давхар арилжих, компаниуд үнэт цаас гаргах буухиа үргэлжилсээр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал бөгөөд гарцаагүй болж байна. Тухайлбал Эрдэнэс таван толгой ХХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай тулгарч байна. Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд та бүхнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээлийн тулгуур, эдийн засгийн хөдөлгөгч хүч болгоход төрийн зүгээс бодлогын болон бусад дэмжлэгийг цаашид ч тасралтгүй үзүүлсээр байх болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнес эрхлэгчид хямд бөгөөд урт хугацааны хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дотоодоос татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой юм гэдгийг онцлон хэлсэн юм. Үнэт цаасны зах зээл хурдацтай хөгжиж, эрхзүйн орчин нь боловсронгуй болж, үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулалт татагсад нэмэгдэхийн хэрээр эдийн засаг дахь үүрэг оролцоо нь улам сайжирч байгаа. Тиймээс цаашид технологийн ололт амжилтыг эрчимтэй нэвтрүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжлийг түргэсгэх шаардлагатай байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтайгаа хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлд олон ажил хийж гүйцэтгэсээр ирсэн. Тухайлбал, үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд нэвтрүүлсэн явдал. Үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчныг бий болгосноор давхар бүртгэлтэй хувьцаат компанийн хувьцаа хил дамнан амжилттай хөрвүүлэгдсэн. Мөн олон жил яригдсан ч хэрэгжиж чадаагүй биржийн бус зах зээлийн суурь эрх зүйн орчныг бүрдүүлж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийн хэмжээг бууруулсан байгаа юм. Хэдийгээр хууль эрх зүйн орчин нь бүрдсэн ч өнөөдрийг хүртэл зах зээлд гараагүй байсан хамтын хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг олон шинэ бүтээгдэхүүн гарсан гэдэг. Монгол Улсын цаашдын хөгжилд хөрөнгийн зах зээл чухал үүрэгтэй. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн хөгжилд төрийн бодлого дэмжлэг шаардлагатай байгаа юм.

-Монголын хөрөнгийн бирж хувьчлагдах нь зөв үү-

Монголын хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг компаниуд улирал тутам санхүүгийн тайлан балансаа олон нийтэд зарладаггүй. Хувьцаат компаниудын санхүүгийн тайлан баланс нуугдмал учир тэд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаа бодитоор өгдөг эсэх нь эргэлзээтэй. Бүр зарим компаниуд ногдол ашиг олгодоггүй байсан ч тохиолдол цөөнгүй гарсан. Энэ бол манай хөрөнгийн зах зээлийн бодит өнгө төрх байлаа. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд эхлээд биржээ хөгжүүлэх ёстой. Дагаад хөрөнгийн зах зээлд оролцогч бусад субъектүүд хөгжинө гэж энэ салбарын мэргэжилтнүүд үздэг. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн техник, технологи, менежментийг сайжруулж, нэр хүндийг нь өсгөж, зах зээлийн үнэлгээ нь нэмэгдсэний дараа хувьчилна гэж өмнө нь яригдаж байсан билээ. УИХ-аас 2010-2012 онд хувьчлах төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн жагсаалтыг 2008 онд баталсан байдаг. Хувьчлагдах төрийн өмчит аж ахуйн нэгжийн жагсаалтад Монголын хөрөнгийн бирж тухайн үед багтсан байлаа. Эндээс Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсныхаа дараа өөрсдөө хувьчилж авах уу гэсэн таамаг гарч байсан нь нууц биш. Тэр үеийн Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг: Хувьчлалд хэн оролцохыг одоогоор хэлэхэд эрт байна. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн биржийнхэн оролцохыг үгүйсгэхгүй хэмээн хэлж байсан удаатай. Ийнхүү Монголын хөрөнгийн биржийг хувьчлах нь тодорхой байсан ч, хэнд хувьчлах нь тодорхойгүй байсаар ирсэн. Ер нь, гадаадын туршлагатай шинжээчид хөрөнгийн биржээ 100 хувь хувьчилж болохгүй. Хувьчилбал биржийнхээ 51 хувийг төр өөрийн мэдэлд авч үлдэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Харин тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: Манайхан хөрөнгийн биржийнхээ 30 хувийг төрийн мэдэлд үлдээж, үлдэх 70 хувийг гадаад, дотоодын компаниудад хувьчлах чиглэлтэй байгаа тухай хуучилж байсан удаатай. Хөрөнгийн бирж гэдэг үнэт цаас худалдан авагч, худалдан борлуулагч, брокер дилерийн компаниудыг дунд холбож өгдөг хөрөнгийн зах зээлийн дэлгүүр юм. Манай улс хөрөнгийн зах зээлийн дэлгүүрийнхээ багахан хувийг төрийн мэдэлд авч үлдэхээр ийнхүү төлөвлөж байсан нь саяхан. Үүнд Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү: Монголын хөрөнгийн биржийг хувьчлахдаа тодорхой хувийг нь төрд, тодорхой хувийг нь брокер дилерийн компаниудад, үлдэх хувийг нь гаднынханд эзэмшүүлж болох юм гэж үзэж байгаагаа тухайн үед илэрхийлж байв. Гэхдээ эхний ээлжинд Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулахад анхаарлаа хандуулна. Хувьчлалын асуудлыг цаг нь болохоор ярина гэж хэдэн жилийн өмнө хуучилж байсан юм. Хөрөнгийн биржийг ганднынханд хувьчилж, энэ салбарыг хөгжүүлнэ гэж нэг хэсэг яригдаж байсан ч, энэ нь зарим талаараа тийм оновчтой алхам биш гэж үзэх хүмүүс бий. Хувьчлахдаа гол нь биш, хууль эрхзүйн орчноо сайжруулах хэрэгтэйг зарим эдийн засагчид хэлдэг. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийг хувьчлах шаардлага бий юу гэсэн асуултад тэр үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл: Америкчууд Лондонгийн хөрөнгийн биржийг хувьчилж авах гэж нэг хэсэг нэлээд оролдсон ч эцэстээ чадаагүй гэдэг. Биржээ хувьчлах нь англичуудад ашиггүй байсан учраас тэр. Ер нь хөрөнгийн биржээ хувьчлаад хөгжсөн улс гэж дэлхий дээр ганц ч байхгүй. Тиймээс цаашид хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсны дараа өөрсдөө удирдах нь дээр гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Монголын хөрөнгийн биржийг хувьчилж үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн хүлээх нэгэн байв ч, хөрөнгийн биржээ хувьчлаад хожсон орон байдаггүй болохыг зарим нь хэлж байсан нь энэ юм. Үүний нэг тод жишээ бол хойд хөрш юм. ОХУ 1990 оны эхээр хөрөнгийн биржээ хувьчилсан нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан гэх нь бий. Тиймээс асар өндөр үнээр эргүүлэн худалдаж авахад хүрчээ. Тиймээс УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл Хөрөнгийн биржээ хувьчлах шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн нь ийм учиртай аж. Хөрөнгийн биржээ хувьчиллаа гэхэд энэ нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд ихээхэн шалтгаалахаас гадна, хувьчлал буруу явагдвал монгол улсын эдийн засаг хөгжих үү, эсвэл ухрах уу дээрээ тулах юм. Тиймээс ч, хожим хэзээ нэг өдөр яригдаж мэдэх хөрөнгийн биржийн хувьчлалын асуудлыг онцлон бичсэн нь энэ билээ.

-Хувьчлахаар төлөвлөсөн компаниудын жагсаалтад Монголын хөрөнгийн бирж багтав-

2009.05.06. Хуучин нийгмийн үед хувьдаа өмчтэй хүн гэж байсангүй. Харин 1990 оноос хувь хүн өмчтэй болох боломж нээгдсэн байдаг. Иргэдэд цэнхэр, ягаан тасалбар өгөх замаар улсын мэдлийн үйлдвэр, худалдааны байгууллагуудыг эхэлж хувьчилсан байдаг. Тухайн үед хувьчлалын шуурганд өртөөгүй төрийн өмч гэж бараг байсангүй. Цөөхөн хэдэн үйлдвэр, төрийн өмчит аж, ахуйн нэгж үлдсэн ч, Төрийн өмчийн хороо заримыг нь хувьчлахаар 2009 оны тавдугаар сарын 6-ны хавьцаа төлөвлөж байсан юм. Үүний тоонд Монголын хөрөнгийн бирж багтаж байсан юм.  

Хувьчлах болон өөрчлөн байгуулахаар төлөвлөж байсан компаниудын жагсаалт:

  • МИАТ компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагчдад ногдох байдлаар олон улсын нээлттэй тендерээр хувьчлах, 
  • Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааг Солонгосын Корей телеком компанид гэрээний дагуу эхэлж санал болгох, татгалзсан тохиолдолд олон улсын нээлттэй тендерээр хувьчлах, 
  • Монгол шуудан компанид шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор, нэмэлт хувьцаа гарган олон нийтэд худалдахаар
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийг Төмөртолгойн ордтой нийлүүлж, шинээр үнэлэн хувьчлах,
  • Хөтөлийн цемент шохой хувьцаат компанийн нийт хувьцааны 5 хүртэлх хувийг ажиллагсдад нь эзэмшүүлж, үлдсэнийг нь хувьчлах
  • Эрдэнэ зам хувьцаат компанийг Японы талаас зөвшөөрөл авч хувьчлах, 
  • Гадаадад ажиллах хүч илгээх төв хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 51 хувийг хууль тогтоомжийн дагуу хувьчлах, 
  • Асгат хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 51 хувийг Монголын хөрөнгийн биржийн дуудлага худалдаагаар хувьчлахаар төлөвлөж байсан юм.
  • Монголын хөрөнгийн биржийн нийт хувьцааны 66 хүртэл хувийг нийтэд ажрилжаалах замаар нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх,
  • Багануур хувьцаат компанид төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан нэмэлт хөрөнгө оруулалт оруулж, санхүүг нь сайжруулах зорилгоор томоохон хөрөнгийн зах зээлд нийт хувьцааны 35 хувьтай тэнцэхүйц хэмжээний үнэт цаас гарган арилжаалах, ажилчдад 5 хүртэлх хувийн хувьцааэ зэмшүүлэх,
  • Шивээ-Овоо хувьцаат компанийн төрийн оролцоог багасгаж, гадаадын хөрөнгө оруулагчид оруулах,
  • Эрдэнэт үйлдвэрийн нийт хувьцааны 10-20 хувьтай тэнцэх хэмжээний үнэт цаасыг шинээр гаргаж, дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалах. Тухайн үед, Эрдэнэт үйлдвэр Орос-Монголын хамтарсан үйлдвэр байсан. Тиймээс энэ асуудлыг оросын талаас зөвшөөрөл авч байж шийдвэрлэхээр яригдаж байсан юм. Энэ цагаас хойш уг асуудал сураггүй явсаар хожим Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын төрийн мэдэлд ирсэн билээ.

Төрийн өмчийн хороо гэх мэтчилэн дээрх төрийн мэдлийн өмчийг хувьчлах, өөрчлөх ажил хийхээр хэдэн жилийн өмнө төлөвлөж байсан билээ. Эдгээр компаниудын тоонд тухайн үед Монголын хөрөнгийн бирж багтаж байсныг тодотгор нь зүйтэй болов уу. Гэхдээ Засгийн газрын хурал болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байж хэрхэх нь эцэслэгдэн шийдэгдэх байсан юм. 

-Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллав-

2010.06.23.Манай улс зах зээлд хөл тавьсан цагаас хойш төрийн мэдлийн дийлэнх үйлдвэр аж, ахуйн нэгжүүдээ хувьчилсан болохыг дээр дурдсан. Ингэснээр 2010 оны зургаадугаар сарын 23-ны байдлаар төрийн мэдэлд ердөө 87 аж, ахуйн нэгж үлдсэн юм. Харамсалтай тэдний дийлэнх нь 2009 онд алдагдалтай ажилласан байгаа юм. Энэ шалтгааныг тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар: Алдагдалтай ажилласан компаниудын 17 нь эрчим хүчний компаниуд. Эрчим хүчний үнийг чөлөөлөөгүйгээс болоод энэ салбарынхан алдагдалтай ажилласан. Ер нь эрчим хүчний салбар, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит жижиг компаниуд, Улаанаабаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс бусад төрийн өмчит компаниуд харьцангуй сайн байгаа гэсэн тайлбар өгч байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ төрийн өмчийн дийлэнх компаниуд алдагдалтай ажиллаж байсан Үндэсний аудитийн газраас гаргасан тайлангаас харагддаг. Үндэсний аудитийн газраас гаргасан 2009 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаас харахад алдагдалтай ажиллсан шалтгаанаар Монголросцветмет компани 1,2 тэрбум, МИАТ компани 1,4 тэрбум, Монголын цахилгаан холбоо 1,8 тэрбум төгрөгийн аж, ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2009 онд төлөөгүй байгаа юм. Үүнээс гадна, алдагдалтай ажилласан учраас Дарханы төмөрлөгийн үйлдвэр 554 сая төгрөг, Монгол шуудан 125 сая төгрөгийн ногдол ашиг улсын төсөвт оруулаагүй гэх тоо баримт бий. Ийнхүү манай улсын урдаа барьдаг төрийн өмчит компаниудын ашиг орлого буурч, төсөвт төлдөг мөнгө нь багасчээ. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгааг албаныхан аргагүй мэтээр тайлбарлаж байсан ч, эдийн засагчид ондоогоор тайлбрлаж байгаа юм. Төрийн өмчит компаниуд дээр шахааны бизнес буюу эдийн засгийн хэллэгээр шүүлтүүр байж болзошгүй. Үүнээсээ болоод алдагдалтай ажиллаж байж болзошгүй гэж үзэж байлаа. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниудын төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлууд байгууллагадаа бараа, бүтээгдэхүүн өндөр үнээр шахаж, дундаас нь ашиг, орлого олдог байж болзошгүй. Энэ нь төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллахад хүргэсэн байх талтай хэмээн таамаглаж суулаа. Дэлхийн жишгээс харахад, алдагдалтай ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн ямар ч компанид шахааны бизнес хөгжвөл алдагдалтай ажилладаг байна. Тиймээс зарим эдийн засагчид дээрх таамгийг дэвшүүлсэн биз ээ. Эндээс төрийн өмчит компаниуд юунаас болж алдагдалтай ажилласан. Төрийн өмчийн компаниудад шахааны бизнес бий юу гэсэн асуулт урган гардаг юм. Энэ асуултад тэр үеийн Үндэсний аудитийн газрын дарга Раднаа: Төрийн өмчит компаниуд дээр шахааны бизнес үүрлэсэн гэж хэлэхгүй. Гэхдээ төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл дур мэдэж тушаал шийдвэр гаргадаг. Үүнээс болоод мэр сэр газар алдагдалтай ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй хэмээн хэдэн жилийн өмнө ярьж байсан юм. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, менежментийн хэлтсийн дарга Володя: Төрийн өмчийн хорооныхон үүнтэй санал нэг байгаа тухай дурдаж байсан удаатай. Ер нь дэлхийн жишигт төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн компаниас томилогдсон хүн байх ёстой байдаг байна. Гэтэл манай улсад яамны газрын дарга төлөөлөн удирдах зөвлөлд гол төлөв багтаж иржээ. Монголбанкны Ерөнхийлөгч асан Үнэнбат: Тиймээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулахын тулд юуны түрүүнд төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчлөх шаардлагатай байдаг тухай ярьж байсныг энд дурдахад илүүдэхгүй биз ээ. Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж ирсэн учраас үйл ажиллагааг сайжруулах, дараа нь хувьчлах тухай асуудал яригдаж ирсэн нь ийм учиртай юм. 

-1991-2014 он хүртэл хувьчлалаас 180 тэрбум төгрөгийн орлого олжээ-

2014.06.18. Их, бага хувьчлалын дараагаар манай улс төрийн бусад өмчөө ч үргэлжлүүлэн хувьчилсаар иржээ. Тухайлбал, 1996- 2012 он хүртэл нийт 1088 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийг хувьчилжээ. Үүнийг оролцуулаад 1991 оноос хойш манай улс хувьчлалаас 180 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Төрийн өмчийн хорооныхон хэлдэг. Цаашид төрийн өмчийн хувьчлалаас олох орлого нэмэгдэж магадгүй гэж тухайн үед яригдаж байлаа. Ингэж хэлж байгаа нь хувьчлалаас нэг хэсэгтээ хөндийрсөн төр дахин энэ ажилдаа ханцуй шамлан орох гэж байв. УИХ-аас 2014 оны тавдугаар сарын 8-нд баталсан Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд зарим төрийн өмчийг хувьчлах зүйл заалт тусгаж өгсөн байлаа. Төрийн өмчийн хороо энэ дагуу өөрийн мэдэлд үлдсэн 88 аж ахуйн нэгжийг хувьчлахгүй, хувьчилж болох, хувьчлах гэж гурав ангилжээ. Хувьчлахгүй жагсаалтад нийгмийн хариуцлага бүхий эрчим хүч, уул уурхайн 18 компанийг оруулсан бол, хувьчилж болох жагсаалтад 48 компанийг оруулсан байлаа. Харин үлдэх 22 компанийг хувьчлахаар төлөвлөж, Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг 2014 оны зургаадугаар сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьсан юм. Уг тогтоолын төсөлд хувьчлалыг Төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах, Төрийн эзэмшлийн хувийг бууруулах гэсэн хоёр чиглэлээр явуулахаар төлөвлөсөн байлаа. Ингэхдээ 22 компаниас 13-ыг нь бүрэн хувьчлахаар төлөвлөсөн бол, 9-ийнх нь төрийн оролцоог бууруулахаар төлөвлөж байсан юм. Эдгээр нь нийт 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан учраас тэр. Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг Засгийн газар 2014 оны зургаадугаар сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьжээ. Гэвч үүнийг хууль тогтоогчид тухайн үед хэлэлцэж амжаагүй. УИХ-ын хаврын чуулган хуулиараа маргааш нь завсарлах ёстой байснаас гадна, УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх 22 компанийн асуудал багтаагүй байсан юм. Тэр ч утгаараа, 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах компаниудын нэрс 2014 оны намраас нааш эцсийн байдлаар тодорхой болохгүй нь гэдэг тодорхой болсон юм. Гэхдээ тэр хүртэл Төрийн өмчийн хороо бэлтгэл ажлаа хангана гэж мэдэгдэж байсан билээ. Тиймээс Арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан нь тод санагдаж байна. Бүрэн хувьчлах болон өөрчлөн байгуулах компаниудаас 9 нь биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалж, зарим нь нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байсан болохыг дээр дурдсан. Эдгээрийн хувьцааг хөрөнгийн биржэд гаргахад мэргэжлийн байгууллагын зөвлөгөө хамгаас чухал. Тиймээс Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо хувьчлалын үнэ цэнэд сөргөөр нөлөөлж болохуйц асуудлыг хамтран шийдвэрлэх. Хувьчлагдах компаниудын жагсаалтад орсон компаниудын үнэ цэнийг өсгөх боломжуудыг бодитоор гаргах. Хөрөнгө нэмж босгох оновчтой хувилбаруудыг тодорхойлох. Хувьчлалын дараах компанийн тогтвортой үйл ажиллагаа, ирээдүйн өсөлтийг тооцоолсон хувьчлалыг зохион байгуулах. Компанийн засаглалын нээлттэй, ил тод байдлыг бий болгох зэрэгт Төрийн өмчийн хороонд мэргэжлийн зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэхээр болсон юм. 

-2014-2016 онд төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдэд Монголын хөрөнгийн бирж багтав-

Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг 2014 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байсан билээ. Уг тогтоолын төслийг тэр үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдодоо өргөн барьж байсныг энд сануулах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэд төрийн өмчийг хувьчлахаар зүтгүүлж байсан юм. Энэ тогтоолын төсөлд хувьчлалыг хоёр хэлбэрээр явуулахаар тусгасан байлаа. Тухайлбал, Төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах, Төрийн эзэмшлийн хувийг бууруулах чиглэлээр хувьчлал явуулахаар төлөвлөж байсан юм. Тухайлбал, 

Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд:  

  1. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ болон Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;
  2. Цагаан шонхор төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;  
  3. Оргил рашаан сувилал төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;  
  4. Кино урлагийн дээд сургууль хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;  
  5. Авто импекс хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих 
  6. Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;  
  7. Монсам төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;  
  8. Авто замын тоног төхөөрөмжийн түрээс төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;  
  9. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци, Эрчим корпораци, Армоно корпораци болон Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;  

Төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдүүд: 

  1. Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих; 
  2. Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;  
  3. Хөдөө аж ахуйн бирж хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар хувьчлах;  
  4. Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;
  5. МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах;  
  6. Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;  
  7. Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;  
  8. Шивээ-Овоо хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;  
  9. Багануур хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжихаар тогтоолын төсөлд тусгаад байсан юм.

Уг асуудлыг 2014 оны намрын чуулганаар хэлэлцэх байх гэсэн хүлээлт байсан ч, талаар болсон. Ингэж явсаар Засгийн газар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг шинэчилж, 2015 оны хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын өргөн мэдүүлсэн юм. УИХ уг тогтоолын төслийг 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэж баталсан юм. Ингэснээр 2015-2016 онд нийт 17 төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчилж, өөрчлөн байгуулах эрхзүйн үндсэн бүрдсэн байдаг. Өмнө нь 22 компани хувьчлахаар төлөвлөж байсан бол, УИХ-аас хувьчлагдах, өөрчлөн байгуулах компанийн тоог ийнхүү цөөлж баталсан нь энэ юм. Тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Ангар: Эдгээр шинээр батлагдсан хувьчлагдах, өөрчлөн байгуулагдах компаниудаас 12 нь Монголын хөрөнгийн биржээр дамжин хувьчлагдах компаниуд. Өмч хувьчлал эхэлбэл хөрөнгийн зах зээлд сэргэлт гарна гэж үзэж байсан юм.

-2015-2016 онд 17 компани хувьчилж, өөрчлөн байгуулахаар төлөвлөж, Монголын хөрөнгийн бирж хувьчлагдах компаниудын жагсаалтаас хасагдав-

  • Дулааны цахилгаан станц-4 төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • Дулааны цахилгаан станц-3 төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • Дулааны цахилгаан станц-2 төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • Дарханы дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • Шивээ-Овоо хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.
  • Багануур хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 51 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.
  • Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангах.
  • Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах.
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах.
  • Диспетчерийн үндэсний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгыг үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулах
  • Оргил рашаан сувилал төрийн өмчит хувьцаат компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагаа нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаанаар худалдах
  • Кино урлагийн дээд сургууль хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаанд шалгаруулалтын аргаар хувьчлах
  • Хөдөө аж ахуйн бирж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд, түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэн хувьчлах
  • Авто импекс хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах
  • Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын Корей Телеком компанид худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдах
  • Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлахаар төлөвлөсөн юм.

УИХ-аас 2010-2012 онд хувьчлах төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн жагсаалтыг 2008 онд баталсан байдаг. Хувьчлагдах төрийн өмчит аж ахуйн нэгжийн жагсаалтад Монголын хөрөнгийн бирж тухайн үед багтсан байлаа. Мөн төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих тухай тусгасан байсан юм. Харин 2015-2016 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах компаниудын жагсаалтыг шинэчлэхэд тус бирж багтаагүй байсныг эндээс харж болох юм. 

-Өмч, хувьчлалаас нэгдсэн төсөвт төвлөрүүлэх орлого тасалдав-

2015.07.21.УИХ 2015 оны нэгдсэн төсвийн орлого 7,1 их наяд төгрөг, зарлага 7,5 их наяд төгрөг байхаар баталж байсан юм. Гэвч 2015 онд экспорт болон импорт төсөөлснөөс буурч, дотоодын эдийн засгийн хүндрэл орлогын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон учраас 2015 оны эхээр төсөвт тодотгол хийсэн юм. Ингэхдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,6 их наяд, зарлага 7,8 их наяд төгрөг байхаар тодотгосон юм. 2015 оны эхний хагас жилийн тухайд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,1 их наяд төгрөг, зарлага 4,3 их наяд төгрөг байх ёстой байлаа. Гэвч тайлант хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 84 хувь, зарлага 72 хувийн гүйцэтгэлтэй гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, орлогын төлөвлөгөө 16 хувиар, зарлага 28 хувиар тасалдсан үзүүлэлттэй гарсан юм. Энэ шалтгааныг тэр үеийн Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Батбаяр: 2015 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,6 их наяд төгрөг байхаар тодотгож, үүний 3,1 их наяд төгрөгийг мөн оны эхний хагас жилд төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Гэвч орлогын төлөвлөгөө 16 хувиар буюу 500 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Үүний дийлэнх нь буюу 132 тэрбум төгрөг нь өмч хувьчлалын орлогын тасалдал байсан гэж тайлбарлаж байсан юм. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2015 оны эхний хагас жилд 500 тэрбум төгрөгөөр тасалдсаны 188 тэрбум төгрөг нь татварын орлого байсан бол, үлдсэн нь татварын бус орлого байжээ. Татварын орлогын тухайд: НӨАТ 83 тэрбум төгрөгөөр, орлогын албан татвар 37 тэрбум төгрөгөөр, онцгой албан татвар 34 тэрбум төгрөгөөр, гадаад үйл ажиллагааны орлого 32 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлт гарсан юм. Татварын бус орлогын тухайд: Өмч хувьчлалын орлого 132 тэрбум төгрөгөөр, газрын тосны орлого 71 тэрбум төгрөгөөр, хүүгийн орлого 56 тэрбум төгрөгөөр, хувьцааны ногдол ашиг 23 тэрбум төгрөгөөр, гадаадын хандив тусламжийн орлого 23 тэрбум төгрөгөөр, торгуулийн орлого 3 тэрбум төгрөгөөр, түрээсийн орлого 500 сая төгрөгөөр тасалдсан үзүүлэлт гарч байлаа. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 2015 оны эхний хагас жилд 500 тэрбум төгрөгөөр тасалдаад байсны 132 тэрбум төгрөг буюу дийлэнхийг нь өмч хувьчлалын орлогын тасалдал эзэлж байсан юм. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын албан тушаалтан Эрэвгийлхам: Өмч хувьчлал эхэллээ гэхэд төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлогыг бүгдийг нь бүрдүүлэх бололцоогүй. УИХ 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчийн компаниудыг хожуу баталсан. Үүнтэй холбогдож гарах тогтоол гараагүй байсан учраас хувьчлал эхлээгүй, бэлтгэл ажил хангаж байсныг хэлж байсан юм. Манай улс 2015 онд өмч хувьчлалаас 181 тэрбум төгрөг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилжээ. Үүний 135 тэрбум төгрөгийг 2015 оны эхний хагас жилд нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн байх ёстой байлаа. Гэвч тайлант хугацаанд үүний багахан хэсэг нь төвлөрч, өмч хувьчлалын орлого 2015 оны эхний хагас жилийн байдлаар 132 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй гарсан юм. Засгийн газар төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг 2015 оны хоёрдугаар сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Уг тогтоолын төслийг 2015 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж баталсан юм. Өмнө нь 22 компани хувьчлахаар төлөвлөж байсан бол, УИХ-аас хувьчлах, өөрчлөн байгуулах компанийн тоог цөөлж баталсан юм. 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит компаниудын жагсаалтыг УИХ-аас хожуу баталж, үүнтэй холбогдож гарах тогтоол гараагүй байсан учраас хувьчлал эхлээгүй, Төрийн өмчийн хороо бэлтгэл ажил хангаж суусан нь энэ юм. Тиймээс 2015 онд өмч хувьчлалаас орж ирэх орлого тасалдсан байгаа юм. Тогтоол гарч өмч хувьчлал эхэллээ ч гэсэн өмч хувьчлалаас төсөвт орлого төвлөрүүлэх цөөхөн компани байжээ. Тиймээс 2015 онд төлөвлөсөн орлогыг өмч хувьчлалаас төвлөрүүлэхэд бэрхшээлтэй болохыг Төрийн өмчийн хорооныхон хэлж байсан юм. Тиймээс 2015 оны төсөвт дахин тодотгол хийж болзошгүй нөхцөл байдал үүссэн билээ. Төсөвт тодотгол хийх эсэх нь ирэх сард тодорхой болно гэж Сангийн яамныхан тухайн үед мэдэгдэж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дотоодын хэрэглээ хумигдсан, өмч хувьчлал хожуу явагдах зэргээс шалтгаалж нэгдсэн төсвийн орлого 16 хувь буюу 500 тэрбум төгрөгөөр тасалдаж, 2015 оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2,6 их наяд төгрөг болжээ. Тэгвэл нэгдсэн төсвийн нийт зарлага 2015 оны эхний зургаан сард 3,1 их наяд төгрөг болж, төлөвлөгөө 28 хувь буюу 1,2 их наяд төгрөгийн тасалдалтай гарсан юм. Үүний 360 тэрбум төгрөг нь урсгал зардал бол, 856 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал байжээ. Тодруулбал, 2015 оны эхний хагас жилд урсгал зардал 3,1 их наяд төгрөгөөр төлөвлөгдсөн ч, 2,7 их наяд нь хийгдэж, зарлагын санхүүжилт 360 тэрбум төгрөгөөр тасалдсан гэсэн үг юм. 2015 оны эхний хагас жилд хөрөнгийн зардал 1,2 их наяд төгрөг байхаар төлөвлөгдсөн ч, ердөө 340 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Тэр үеийн Үндэсний статистикийн хорооны шинжээч Жигжидсүрэн: 2015 оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2,6 их наяд, зарлага 3,1 их наяд төгрөг болж, үүний зөрүүд 535 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн талаар хэлж байсан юм.

-Монголын хөрөнгийн бирж ашигтай ажиллажээ-

2021.07.31. Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. 2021 онд хөрөнгийн бирж дээр шинээр олон бүтээгдэхүүн гарч, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа эрс нэмэгдэж, хөрөнгийн зах зээл идэвхжсэн байна. Мөн биржийн ТОП-20 индекс болон зах зээлийн үнэлгээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн зэрэг ололт амжилтуудаар дүүрэн, үйл ажиллагааны өндөр үр ашигтай хагас жил өнгөрсөн талаар тайландаа дурджээ. Монголын хөрөнгийн бирж 2021 оны онцлох үйл явдлууд:

  • Журмын шинэчлэлтүүд:

Зах зээлд арилжигдах бүтээгдэхүүний төрлийг олшруулах замаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах үүднээс Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмууд, олон улсын жишигт нийцүүлэн ETF буюу биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын төслийг боловсруулан, холбогдох байгууллагуудаас санал авч ажилласан байна. Мөн зах зээлийн эрчимтэй өсөлт, үнэт цаас гаргалт нэмэгдсэнтэй холбогдуулан Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журамд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, батламжлуулжээ.

  • Арилжаа:

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 37,973.05 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,804,035,793,516 төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. 2021 оны эхэнтэй харьцуулахад ТОП 20 индекс 96 хувь, зах зээлийн үнэлгээ 25 хувийн өсөлттэй үзүүлэлт гарчээ. Мөн Монголын хөрөнгийн бирж дээрх үнэт цаасны нийт арилжааны дүн оны эхний хагас жилийн байдлаар 646.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • Шинэ бүтээгдэхүүн:

Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг арилжаалжсан нь олон улсын жишгийн дагуу банк, санхүүгийн байгууллагууд активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан санхүүжилт татах замаар эрсдэлээ хуваалцах, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх, иргэдэд тогтмол хугацаат хүүгийн орлого бүхий эрсдэл харьцангуй багатай гэх мэт олон давуу тал бүхий хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн зах зээлд бий болов. Тайлант хугацаанд 3 компанийн бонд арилжаалагдаж нийт 360.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээрх анхны гадаад валютаар илэрхийлэгдсэн бондыг Эрдэнэс Таван-толгой ХК гаргасан нь амжилттай арилжаалагдаж байна. Мөн зах зээл дээр хоёрдох давхар бүртгэл буюу Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Степпе Гоулд ХК бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа хийгдэхээр товлогдоод байгаа бол Мандал ассет менежмент хамтын хөрөнгө оруулалтын сан бүртгэгдэж, анхдагч зах зээлийн захиалга явагдсан байна. 

  • МХБ-ийн санхүүгийн үр ашиг:

Монголын хөрөнгийн бирж 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 2.6 тэрбум төгрөгийн орлогыг олж, 1.1 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн үйл ажиллагааны жилийн орлогыг 2.7 тэрбум төгрөгт хүргэж, үйл ажиллагааны нийт зардлыг бүрэн нөхөж, борлуулалтын орлогын 1 төгрөгт ногдох зардлыг 99 мөнгө үзүүлэлтэд хүргэж ажиллахаар 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгажээ. Энэхүү үзүүлэлт нь эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1 төгрөгт 43 мөнгө гэсэн үзүүлэлтэд хүрсэн буюу 57 хувиар давж биелсэн үзүүлэлттэй байна. Мөн тайлант хугацаанд зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалттай холбоотой хуримтлагдсан өр төлбөрт 524,000 ам.долларыг төлж барагдуулахын зэрэгцээ зохих хууль, дүрэм, журмын дагуу Улсын төсөвт нийт 296 сая төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, Улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ оруулж ажилласан байна.

-Монголын хөрөнгийн биржэд хэдэн компани хувьцаагаа арилжаалж ирсэн бэ-

2011.11.05. Хувьцаагаа олон нийтэд санал болгож худалдахын тулд хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд заавал ч үгүй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байх шаардлагатай юм. Тухайн үед монгол улсын хэмжээнд 50 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байлаа. Үүний 300 гаруй нь хувьцаат компани гэх судалгаа тухайн үед гарч байсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн бирж дээр ийм тооны компани хувьцаагаа арилжаалж байсан гэсэн үг юм. Бусад компаниуд ч гэсэн тэдний нэгэн адил монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах үүд хаалга нээлттэй аж. Ингэхийн тулд мэргэжлийн байгууллагуудаас тавьсан шаардлага шалгуурыг хангаж, Санхүүгийн зохицуулах хороонд болон Монголын хөрөнгийн биржэд үнэт цаасаа бүртгүүлэх ёстой байдаг байна. Үүний дараа хувьцаат компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгож арилжих ёстой байдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө хувьцаат компаниуд өөрсдөө үнэт цаасаа олон нийтэд санал болгож, арилжиж болно. Эсвэл андеррайтерийн компаниар дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгож арилжаалж болдог байжээ. Хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгож, арилжаалах энэ үйл явцыг хөрөнгийн анхдагч зах зээл гэж нэрлэдэг. Хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцааны ханш хэрхэн тогтдог нь хэн хүний анхаарлыг ихэд татдаг. Уг асуултад тэр үеийн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Сургалт олон нийттэй харилцах хорооны мэргэжилтэн Цэдэнрагчаа: Анх удаа олон нийтэд санал болгож буй хувьцааг худалдан авах нь эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтад тооцогддог. Олон улсын хөрөнгийн зах зээлийн сүүлийн 60 жилийн туршлагаас харахад шинээр гарсан хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлснээс хойш ихэнх тохиолдолд өсдөг. Шинээр мэндэлсэн хувьцаа эрсдэлтэй ч, өгөөжтэй байх тохиолдол бий. Тиймээс зах зээлээ, компаниа сайтар судалсан байх ёстой хэмээн ярьж байсан юм.

-2006-2014 оны хооронд 16 компани хувьцаа гаргажээ-

2014.04.26. Анх 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани болгож байснаас 100 гаруй нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж иржээ. Эдгээр компанийн дийлэнх хувьцаа цөөн хүний гарт төвлөрсөн. Үүнээс гадна, төрийн өмчийн хувьцаат компани байх боловч, хувьцаа нь бирж дээр арилжигддаггүй аж ахуйн нэгжүүд байсаар ирсэн. Үүнээс гадна, үнэт цаасны гол дэлгүүр болох Монголын хөрөнгийн бирж дээр цөөн бүтээгдэхүүн арилжаалж ирсэн гэж ойлгож болох талтай. Дээр нь хаалттай компаниуд нээлттэй компанийн хэлбэрт шилжиж, хувьцаагаа олон нийтэд арилжих сонирхолгүй байсан нь Монголын хөрөнгийн бирж дээр цөөн тооны хувьцаа арилжаалагдаж ирэхэд нөлөөлсөн гэлцдэг. анх 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани болгож, хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр иргэдэд үнэ төлбөргүй хувьчилсан учраас эндээс хөрөнгө босголт жинхэнэ утгаараа хийгдээгүй гэж үздэг. Харин 2006 оноос хойш зах зээлийн зарчмын дагуу 16 компани дотоодын захад хувьцаа гаргаж, 100 тэрбум төгрөгийн хөрөнгө босгожээ. Гэтэл хөгжлийн нэгэн гараанаас эхэлсэн арилжааны банкуудын зээл тухайн үед 11,3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байлаа. Эндээс компаниуд хувьцаа гаргаж хөрөнгө босгохоос илүүтэй, арилжааны банкуудаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь илт харагддаг. Манай улсын санхүүгийн зах зээлийг мөнгөний болон хөрөнгийн гэсэн хоёр багана тулж байх ёстой байтал, яагаад арилжааны банкуудын хөгжил арай шинэ шатанд, хөрөнгийн зах зээлд ард нь явна вэ гэдэг асуулт гардаг. Тэгвэл компаниуд хувьцаа гаргахгүй байгаагийн гол шалтгаан нь үнэт цаасыг нь худалдаж авах хөрөнгө оруулагч олдохгүй байгаад оршиж иржээ. 1990-ээд оны хувьчлалаар буюу цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцаанаасаа ашиг хүртсэн иргэд цөөн байдаг учраас тэдний хувьцаанд итгэх итгэл мөн сул байсаар иржээ. Тиймээс компаниуд хувьцаа гаргалаа гэхэд томоохон хөрөнгө оруулагч хайх шаардлагатай болдог. Гэтэл манай улс хөрөнгө оруулалтын нэг ч сангүй. Компаниуд хувьцаа гаргавал, их хэмжээний, урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилт босгох боломжтой ч, хувьцааг нь худалдаж авах хөрөнгө оруулагчгүй учраас энэ зах зээлийн хөгжил сул явж ирсэн юм. Тиймээс компаниуд арилжааны банкуудаас богино хугацаатай, өндөр хүүтэй, бага дүнтэй зээл авч иржээ. Магадгүй үүний үр дүнд санхүүгийн зах зээлийн нийт активын 95 хувь нь банкны салбарт, 5 хүрэхгүй хувь нь хөрөнгийн зах зээлд эргэлдэж хөрөнгийн зах зээлд эргэлдэж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

-Хөрөнгийн зах зээлийг зохицуулах Үнэт цаасны тухай хуультай болов-

2012.10.23. 1995 онд Үнэт цаасны тухай хууль батлагдсанаар хөрөнгийн хоёрдогч зах зээл эхлэх нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, иргэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг болох цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцаагаа бэлэн мөнгөөр арилжих хууль эрхзүйн орчин бүрджээ. Үүнээс гадна, шинэ хуулийн дагуу үнэт цаасны хороо байгуулагдаж, Монголын хөрөнгийн биржийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн компанийг хувьчилсан байна. Ингэж л манай улсад хөрөнгийн зах зээл үүссэн түүхтэй. Энэ зах зээлийг 1995 онд батлагдсан Үнэт цаасны тухай хууль, 2002 онд шинэчлэн батлагдсан үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулж иржээ. Тэгвэл хөрөнгийн зах зээлийг зохицуулагч энэ хуулийг 2012 онд шинэчлэх асуудал яригдаж эхэлсэн юм. Шалтгааныг нь тэр үеийн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Даажамба: Үнэт цаасны тухай хууль цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах шаардлага өнөөгийн нийгэмд гарч ирж байна. Тухайлбал, Эрдэнэс-тавантолгой компанийн хувьцааг Хонг-Конгийн хөрөнгийн биржэд бүртгүүлэхийн тулд энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна гэсэн тайлбар өгч байсан юм. Эрдэнэс-тавантолгой компани өөрийн компанийн нэрээр Хонг-Конгийн хөрөнгийн биржэд  IPO хийхээр төлөвлөж байжээ. Гэвч ингэхийн тулд Хонг-Конгийн санхүүгийн зохицуулах хороогоор монгол улсын хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчинг зөвшөөрүүлж чадах ёстой байжээ. Хонг-Конгийн санхүүгийн зохицуулах хороо 16 орны хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчинг зөвшөөрсөн байдаг. Тэдний эгнээнд Монгол улс нэгдэхийн тулд, Үнэт цаасны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, Хөрөнгийн зах зээлийг зохицуулсан гол хуулиа дэлхийн жишигт хүргэх ёстой болжээ. Нөгөө талаас, Эрдэнэс-тавантолгой компани Лондонгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгохын тулд, манайдаа цоо шинэ болох Диар гэсэн санхүүгийн хэрэгслийн зохицуулалтыг үнэт цаасны тухай хуульд тусгаж өгөх ёстой болчихоод байжээ. Эрдэнэс-тавантолгой компани эхлээд Санхүүгийн зохицуулах хороо, дараа нь Монголын хөрөнгийн биржэд хувьцаагаа бүртгүүлэх ёстой байжээ. Үүний дараа Лондонгийн хөрөнгийн биржээс диар ашиглаж санхүүжилт босгохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, монголын хөрөнгийн биржэд бүртгүүлсэн хувьцааныхаа тодорхой хувийг дэлхийн нэр хүнд бүхий депозитар банкинд шилжүүлнэ. Тухайн депозитар банк нь диар буюу хадгаламжийн бичиг гаргаж, түүнийг хөрөнгө оруулагчдад худалдаж, мөнгө босгож өгөх байсан аж. Гэвч энэ нь манай улсад цоо шинэ санхүүгийн хэрэгсэл учир Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгад диар ашиглаж, хөрөнгө босгох зүйл заалтыг оруулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-тавантолгой компани диар ашиглах замаар Лондонд, Айпо хийх замаар Хонг-Конгийн хөрөнгийн биржээс санхүүжилт босгоход Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга үгүйлэгдэж байсан гэдэг. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч, сонгуультай холбоотойгоор хойшлогдсон байдаг. Хөрөнгийн зах зээлд ус, агаар мэт үгүйлэгдэж байсан энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны намрын чуулганаар хэлэлцэх байх гэсэн хүлээлт байсан юм.

-Үнэт цаасны хуулийн шинэчилсэн найруулга батлагдав-

2014.01.01. Үнэт цаасны тухай хуульд 2002 онд өөрчлөлт оруулсан болохыг дээр дурдсан. Уг хууль зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болсон тул Үнэт цаасны тухай хуулийг шинэчлэн найруулсан юм. Гэвч хуулийн төсөл УИХ-ын босгыг давж чадалгүй жил гаруй дуншсан. Удтал дуншсан хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны тавдугаар сарын 24-ний өдөр парламентаар хэлэлцэж баталсан юм. Хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Шинэчилсэн найруулга хуучин хуулийг бодвол илүү олон зүйл заалттай. Тэр үеийн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Саруул: Хуулийн зүйл заалт бүр нь хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төдийгүй, кастадион, хадгаламжийн бичиг болох диар, давхар бүртгэл гээд шинэлэг бүтээгдэхүүний зохицуулалтыг өөртөө багтаасан болохыг онцолж байлаа. Хуучин хуулиар Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниуд олон улсын хөрөнгийн биржэд давхар бүртгүүлэх боломжгүй байсан. Мөн дэлхийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниуд ч үнэт цаасаа монголын хөрөнгийн биржэд давхар бүртгүүлэх боломжгүй байсан юм. Нэг ёсондоо, монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд, өөр орны бирж дээр давхар хөл тавьж хөрөнгө босгох боломж хомс. Нөгөө талаас, монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниуд, үнэт цаасныхаа тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан монголчуудад арилжаалах үүд хаалга хаалттай байсан юм. Тиймээс Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгад давхар бүртгэлийн зүйл заалтыг цогцоор оруулж өгчээ. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж дэлхийтэй холбогдов. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөрөнгийн биржийг монголынхтой холбосон гүүртэй болсон гэж ойлгогддог юм. Хувьцаат компаниуд санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд мэдээлэх зүйл заалт хуучин хуульд байгаагүй. Тэгвэл Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгад хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдэд улирал тутам санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа веб хуудсаараа дамжуулан мэдээллэх зүйл заалтыг оруулж өгчээ. Үүнээс гадна, компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны талаарх дотоод мэдээллийг олон нийтэд зарлагдахаас өмнө ашиглаж хувьцааны ханшид нөлөөлөх байдал дэлхий дахинаа мэр сэр гардаг аж. Тэгвэл үүнийг таслан зогсоох үүднээс инсайдер буюу дотоод мэдээлэлтэй холбоотой зүйл заалтыг шинэ хуульд тусгасан байна. Мөн хуучин хуулиар үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах мэргэжлийн брокер, дилерийн эрхийг санхүүгийн зохицуулах хороо олгодог байжээ. Тэгвэл шинэ хуульд мэргэжлийн брокер, дилерийн эрхийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо олгож байх зохицуулалтыг оруулж өгчээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэр болтол хуучин хууль хүчин төгөлдөр, дагаж мөрдөж байсан юм. Харин шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарна гэж мэргэжлийн хүрээнийхэн хүлээж байсан билээ. 

-Хөрөнгийн зах зээлд оролцогчдын уялдаа холбоо-

2011.11.01. Улаанбаатар. Үнэт цаасны зах зээлийг хөрөнгийн зах зээл гэж энгийнээр ойлгож болно. Энэ зах зээлд үнэт цаас гаргагч, үнэт цаас худалдан авагч, дунд нь зуучлагч гээд нэлээд олон хуулийн этгээд оролцдог. Тэр үеийн Арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Цогтбаяр: Засгийн газар, аймаг нийслэлийн засаг дарга, хувьцаат компаниуд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах эрхтэй байдаг байна. Тэд үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагуудад өөрсдөө бүртгүүлж болохоос гадна, андеррайтерийн компаниар зуучлуулан үнэт цаасаа мэргэжлийн байгууллагуудад бүртгүүлж болдог байна. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүд брокерийн компаниар дамжуулан худалдан авах ёстой. Ингэхийн тулд иргэд үнэт цаасны дансаа эхлээд нээлгэсэн байх шаардлагатай юм. Үнэт цаасны дансыг брокер дилерийн компаниар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр нээлгэнэ. Үүний дараа тухайн данс руугаа хувьцаа худалдан авах мөнгөө дурын арилжааны банкаар дамжуулан гуйвуулдаг юм. Үүний дараа иргэд өөрийн харьцдаг брокер, дилерийн компанидаа хандаж хувьцаа худалдан авах захиалга өгнө. Брокерийн компаниуд үнэт цаасны арилжаанд оролцож иргэн, аж ахуйн нэгжийн хүссэн хувьцааг худалдан авч өгнө. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын уялдаа холбооны тухай товч ярихад энэ гэсэн тайлбарыг хэдэн жилийн өмнө өгч байсан юм.

-Хувьцааны онцлог-

2011.11.01. Улаанбаатар. Хувьцаа бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар нэг компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг баримт бичиг гэж ойлгож болно. Ямар нэг компани 1000 ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж, хэн нэгэн үүнээс 100 ширхэгийг худалдаж авсан бол, тухайн компанийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцааг худалдан авч, тухайн компаниас хувь хүртэх боломжийг хувьцаа олгож байдаг гэсэн үг юм. Хувьцааг нь худалдаж авсан компани ашигтай ажиллавал ногдол ашиг авах боломжтой байдаг. Гэхдээ хувьцааны төрлөөс хамаарч ногдол ашиг түрүүлж авах уу, эсвэл ард нь авах уу гэдэг асуудал яригддаг. Энэ асуултад тэр үеийн Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Цогтбаяр: Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг тэргүүн ээлжинд авахаас гадна, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг эхний ээлжинд авдаг. Үүнээс гадна, хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох боломжтой байдаг. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч ийм эрх үүрэгтэй бол, энгийн хувьцаа эзэмшигч нэлээд олон эрх үүрэгтэй. Тухайлбал, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудалд эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй. Компанийн удирдлагад нэрээ дэвшүүлэх эрх энгийн хувьцаа эзэмшигчдэд мөн нээлттэй байдаг. Үүнээс гадна, компаниас нэмж гаргасан хувьцааг эхний ээлжинд худалдан авах. Хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компанид шаардах эрхтэй байдаг. Ийм эрхтэй ч, энгийн хувьцаа эзэмшигчид хамгийн сүүлд ногдол ашиг авдаг. Өөрөөр хэлбэл, давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараасны дараа, энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авдаг. Гэхдээ манай улсын хувьд давуу эрхийн хувьцаатай компани байдаггүй. Хувьцаат компаниудын хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа хувьцаа бүгд энгийн хувьцаа хэмээн хэдэн жилийн өмнө хэлж байсан билээ. Эндээс энгийн хувьцаа эзэмшигчид эхний ээлжинд ногдол ашиг авах нь тодорхой харагддаг. Гэвч манай улсад ашигтай ажилласан атлаа ногдол ашиг тараадаггүй цөөнгүй компани бий. Тиймээс иргэд ногдол ашиг авах зорилгоор хувьцаа худалдан авсан бол, компаниа сайтар судлах хэрэгтэй аж. Ногдол ашиг тараадаг эсэхийг нь судлах хэрэгтэй гэсэн үг юм. Эсвэл ногдол ашиг хүлээж суухын оронд, хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор хувьцаагаа худалдах, мөн эргүүлэн худалдан авах гарц бий аж. Өөрөөр хэлбэл, хувьцааны ханш унасан үед худалдан авч, үнэд орох үед эргүүлэн худалдан авах замаар ашиг олох, мөн эрсдэлээс хамгаалах боломжтой байдаг аж. Хувьцааны ханш үргэлж өсөөд байдаггүй. Мөн үргэлж унаад байдаггүй. Тиймээс ханш унасан үед нь худалдан авч, өссөн үед нь худалдах замаар ашиг олдог. Гэхдээ эрсдэлээ зөв тооцох нь чухал. Өөрийн худалдаж авах хувьцааны онцлог, өсөлт, бууралтыг мэдэрч чаддаг болсон үедээ ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор хувьцаа худалдан авах нь эрсдэл багатай байдаг байна. Өөрөөр хэлбэл, иргэд ногдол ашиг авах, эсвэл ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор хувьцаа гол төлөв авдаг байна. 

-Бондын онцлог-

2011.11.01. Улаанбаатар. Хөрөнгийн зах зээлийн гол бүтээгдэхүүн бол үнэт цаас юм. Үнэт цаас нь онцлогоосоо  шалтгаалаад их олон төрөл байдаг. Тухайлбал, хувьцаа, бонд, фючер, опшион, варрант гэх зэрэг олон төрлийн үнэт цаас дэлхийн хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж ирсэн. Тэгвэл, манай улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа болон бонд гэсэн хоёр төрлийн үнэт цаас арилжаалагдаж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, манай улсын хөрөнгийн зах зээлийн гол бүтээгдэхүүний нэг нь хувьцаа, нөгөө нь бонд юм. Хувьцаа болон бонд юугаараа ялгаатай. Аль нь өгөөжтэй, аль нь эрсдэлтэй болохыг хүн бүр асуудаг. Үүнд тэр үеийн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Цогтбаяр: Хувьцааг зөвхөн хувьцаат компани гаргадаг бол, бондыг Засгийн газар, Аймаг нийслэлийн засаг дарга, мөн компаниуд гаргаж болдог. Тэд бүгд өөрт шаардлагатай байгаа хөрөнгийг босгох зорилгоор хувьцаа болон бонд худалдаж авдаг. Харин хөрөнгө оруулагчид ашиг олох зорилгоор хувьцаа болон бонд худалдаж авдаг. Энэ хоёрын алийг нь худалдаж авах нь иргэн хүний өөрийнх нь сонголт юм. Эрсдэл ихтэй гэж үзвэл, хувьцаанаас татгалзаж бонд худалдаж авч болно. Эрсдэлтэй ч нэлээд ашиг олно гэж үзвэл бондоос татгалзаж, хувьцаа худалдан авч болох юм. Гэхдээ эрсдэлтэй буюу хувьцааны бизнест хүч үзэх бол судалгаатай, мэдээлэлтэй байх гэсэн хөрөнгийн зах зээлийн алтан дүрмийг биелүүлсэн байх ёстой. Мөн компаниудын хувьцааны ханшийн өсөлт, бууралтын онцлогийг мэддэг байх хэрэгтэйг хэдэн жилийн өмнө нь зөвлөж байсныг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.

-Эрсдэлээс хамгаалах жор-

Манай улсын хөрөнгийн зах зээлд хоёр төлийн үнэт цаас арилжаалагдаж ирсэн. Нэг нь хувьцаа бол, нөгөө нь бонд гэж ойлгож болно. Бонд хувьцааг бодвол эрсдэл багатай бүтээгдэхүүнд тооцогддог. Бонд гаргагч нь үндсэн төлбөрөө хүүгийн хамт тодорхой хугацааны дараа хөрөнгө оруулагчид эргүүлэн төлөх баталгаа гаргаж өгдөг учраас тэр юм. Харин хувьцааны ханш хөрөнгийн биржэд хэд дахин өсч болохоос гадна, хэд дахин унах магадлалтай байдаг. Тиймээс хувьцаа өгөөж өндөртэй ч, түүнийгээ дагаад эрсдэл өндөртэй үнэт цаасны ангилалд багтдаг юм. Тухайлбал, 100 төгрөгөөр худалдан авсан хувьцааны ханш 90 төгрөг болоход хөрөнгө оруулагч дундаас нь 10 төгрөгийн алдагдал хүлээнэ. Үүнийг эрсдэл хэмээн нэрлэж буй юм. Тиймээс хөрөнгө оруулагчид хувьцаанаас ашиг олохын тулд, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж чаддаг байх нь чухал юм. Гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж хөрөнгө оруулагч танд эрсдэл учирч болзошгүй. Тиймээс хувьцаа худалдан авахын өмнө гадаад болон дотоод хүчин зүйлийг сайтар судалсан байх ёстой. Гадаад хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд наад захын эдийн засаг, улс төрийн өргөн хүрээний мэдлэгтэй байх шаардлагатай. Харин дотоод хүчин зүйлийн эрсдэлд өртөхгүйн тулд хувьцааг нь авах гэж буй компаниа сайтар судалж зөв сонголт хийх нь оновчтой. Монголын хөрөнгийн биржэд уул уурхай, барилга, хүнд болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй компани байдаг гэх судалгаа бий. Энэ олон салбарын, энэ олон компаниас сонголт хийнэ гэдэг амаргүй. Тиймээс хөрөнгө оруулагч мэддэг салбараас ямар ирээдүйтэй компани вэ гэдгийг тунгаан бодож шийдвэрээ гаргах ёстойг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Үүний дараа тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг харьцуулан судлах шаардлагатай. Тухайлбал, компаниудын өнгөрсөн түүх, үйл ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, зах зээлд эзлэх байр суурь, ногдол ашиг тогтмол тараадаг эсэхийг нь харьцуулан судлах шаардлагатай юм. Мөн  компанийг удирдаж буй хүмүүс туршлагатай, чадварлаг эсэхийг харьцуулан судлах шаардлагатай юм. Энэ бүхний дараагаар өөрийн сонгосон компаниудын хувьцааны ханшийн түүхийг судлах ёстой юм. Үүний эцэст боломжийн гэж үзсэн хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Хөрөнгийн зах зээлд үйлчилдэг бичигдээгүй хууль бол нэг компанийн хувьцаа авахаас илүүтэй боломжийн гэж үзсэн олон компанийн хувьцааг сонгох нь эрсдэл багатай байдаг. Ингэхдээ доод тал нь гурав, дээд тал нь найман өөр компанийн хувьцааг худалдан авахыг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Энэ нь хөрөнгө оруулагч таныг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл юм. Нэг компанийн хувьцааны ханш уналаа гэхэд, нөгөө компаниудын хувьцааны ханш өсөлттэй байвал эрсдэлд өртөх нь бага гэж үздэг учраас тэр юм. Үргэлж ханш нь өсөөд байдаг хувьцаа гэж юу байх вэ. Бас үргэлж ханш нь унаад байдаг хувьцаа гэж юу байх вэ. Хувьцааны ханш өсч, буурч хэлбэлздэг жамтай. Компанийн үйл ажиллагаатай холбоотой таатай мэдээлэл цацагдвал хөрөнгө оруулагчид тухайн компанид итгэж хувьцааг нь худалдаж авах нь ихэсдэг. Компаниудын хувьцааны ханш өсөх гол үндэс энэ байдаг байна. Харин компанийн үйл ажиллагаатай холбоотой таагүй мэдээлэл гарсан үед, хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарах нь ихэсч, тэр хэрээр хувьцааны ханш унадаг байна. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж хувьцааны ханш тогтдог гэсэн үг юм. Хөрөнгийн зах зээлд мэргэшсэн зарим нэг хүмүүс хувьцааных нь ханш буурах тусам нэмж худалдаж авах замаар алдагдлаа бууруулдаг. Хувьцааныхаа тоо ширхэгээ ингэж өсгөснөөр хувьцааны ханш өсвөл ашиг нэмэгдэх  ч, буурвал алдагдал нэмэгдэх эрсдэлтэйг мөн анхаарах хэрэгтэй. Хүмүүс хөрөнгийн захаас гэнэтхэн их хэмжээний ашиг олохоороо эрсдэлээс айх нь багасч, шунах нь ихэсдэг тал ажиглагддаг. Хувьцааных нь ханш өссөн үед үүнийгээ зарж бодит ашгаа авахын оронд, илүү их өсгөж хэт их ашиг авахыг эрмэлзэх зуур хормын төдийд хувьцааны ханш унах тохиолдол элбэг. Хэрэв иргэн та ямарваа нэг компанид хөрөнгө оруулах гэж байгаа бол бүх мөнгөөрөө дэнчин бүү тавь гэсэн хөрөнгийн зах зээлийн бичигдээгүй хууль байдгийг санах хэрэгтэй. Хэрэв энэ зах зээлд хөл тавих гэж буй бол энэ мэт дээрх эрсдэлийг зайлшгүй анхаарах ёстой болдог юм. Дэлхийн олон оронд хувьцааны сагсыг даатгасан байдаг ч, манайд ийм үйлчилгээ хараахан нэвтрээгүй. Өөрөөр хэлбэл, өөртөө найдаж оновчтой хөрөнгө оруулалт хийж сурах хэрэгтэй гэсэн үг юм. 

-Үнэт цаасны данс-

2011.07.09. Монгол улсын иргэн бүр Эрдэнэс-тавантолгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг билээ. Иргэд брокер, дилерийн компаниудаар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэж, Эрдэнэс-тавантолгойн 1072 хувьцаагаа үнэт цаасны дансандаа байршуулж ирсэн. Брокер дилерийн компаниудын данс нээх ханш анх 5000 төгрөг байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. 2011.07.09-ний байдлаар Орон нутаг болон нийслэлд амьдарч буй 523 мянган иргэн брокер, дилерийн компаниудаар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвд 5000 төгрөгөөр данс нээлгэж, хувьцаагаа өөрийн үнэт цаасны дансанд байршуулж баталгаажуулсан байлаа. Харин 2012.02.01-ний байдлаар 584 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байв. Үлдэх иргэд тэдний нэгэн адил дансаа нээлгэж, Эрдэнэс-тавантолгойн хувьцаагаа үнэт цаасныхаа дансанд байршуулах ёстой байсан нь мэдээж. Гэхдээ ингэхийн тулд өмн нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ нягтлах ёстой байв. Энэ мэдээллийг өмнө нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр биеэр очиж авдаг байсан бол, хожим тус байгууллагын цахим хуудаснаас авдаг болсон аж. Үүнийг нягталсны дараа, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан үлдсэн иргэд үнэт цаасныхаа дансыг нээлгэх ёстой байсан цаг үе юм. Тэдэнд хувьцааны данс нээхэд дор хаяж 2-3 жилийн хугацаа шаардагдана гэх судалгаа тухайн үед гарч байлаа. Тиймээс иргэд аль болох дансаа яаравчлан нээлгэх шаардлагатай байсан юм. Ингэхдээ, брокер дилерийн тусгай зөвшөөрөлтэй компаниудаар үйлчлүүлэхээс гадна, хөдөө орон нутгийн иргэд хувьцааны дансаа нээлгэхдээ тухайн аймагт үйл ажиллагаа явуулдаг брокерийн компанид хандаж, үйлчлүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байсан юм. Тодруулбал, аймгуудад үйл ажиллагаа явуулдаг брокерийн компаниудын мэдээллийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудаснаас харж болох байж. Харин нийслэлийн иргэд Монголын хөрөнгийн бирж дээр тухайн үед суудлын эрх авсан 71 брокерийн компаниас нэгийг сонгож, үйлчлүүлэх ёстой байжээ. Эдгээр брокерийн компаниудын мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас харах ёстой байсан гэдэг. Иргэд мэдээллээ цуглуулж, брокерийн компаниа сонгосны дараа өөрийн сонгосон брокерийн компани дээрээ иргэний үнэмлэхтэйгээ очих шаардлагатай. Хэрэв насанд хүрээгүй хүүхдийнхээ дансыг нээлгэх бол, тэдний төрсний гэрчилгээг, өөрийн иргэний үнэмлэхтэйгээ авч очих ёстой байж. Хэрэв гадаадад суугаа иргэнд данс нээлгэх бол тухайн хүнийхээ биеийн байцаалт, итгэмжлэл, өөрийн иргэний үнэмлэхийн хамт брокерийн компани дээрээ авч очих шаардлагатай байсан юм. Үүний дараагаар брокерийн компани дээрээ данс нээлгэх маягт бөглөж, гарын үсэг зураг ёстой байв. Үүнээс бусдыг мэргэжлийн байгууллагууд хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн данс нээлгэхээр өгсөн материалыг брокерийн компаниуд цааш нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээнэ. Үүнд үндэслэж Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв иргэдийн хувьцааны дансыг нээж иржээ. Тухайн үед данс нээсний төлбөрт зориулж 5000 төгрөгийн хураамж авдаг байсныг хүн бүр мэднэ. Энэ хураамжийг иргэд данс нээлгэхээр брокерийн компани дээрээ очих үедээ хураалгадаг байсныг бүгд тод санаж байгаа байх. Брокер дилерийн компаниудын авсан төлбөрийг 2000 төгрөгийг нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв авч иржээ. Цаана нь брокер дилерийн компаниудад 3000 төгрөг үлддэг ч, нэг хүнд данс нээхэд тухайн үед 6000 төгрөгийн бодит зардал гарч байсан гэдэг. Тиймээс данс нээх үйлчилгээний хөлсийг бууруулах боломжгүй хэмээн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон брокер дилерийн компаниудын зүгээс мэдэгдэж байсан юм. Энэ бол 10 гаруй жилийн өмнөх тоо баримт. Тэр цагаас хойш төгрөгийн ханш хэд дахин унаж, юмны үнэ хэд дахин өссөн билээ. Тиймээс тэр цагаас хойш брокер, дилерийн компаниуд үнэт цаасны данс нээх ханшаа өмнөхөөсөө өсгөсөн байхыг үгүйсгэх аргагүй юм.

-Холболтын данс нээхийг түр хугацаагаар зогсоов-

2012.02.01. Монголын хөрөнгийн биржийн арилжааны платформийг сольж, Миллениум айти систем суурилуулсантай холбоотойгоор хоёроос дээш брокер, дилерийн компанид данс нээлгэсэн харилцагчдын дансан дахь үлдэгдлийг зөвхөн нэг брокер, дилерийн компанийн дансанд төвлөрүүлж дуусгасан байдаг. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хийсэн байдаг юм. Иргэд өмнө нь өөр өөр брокерийн компаниар дамжуулан холболтын данс нээлгэж болдог байсан. Харин 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс холболтын данс нээхийг зогсоож байсан юм. Гэхдээ энэ нь түр зуурынх байлаа. 

-Монголын хөрөнгийн биржээс хэрхэн үнэт цаас авдаг вэ-

2011.11.22. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн нэгээхэн оролцогч бол хөрөнгийн бирж юм. Тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Одбаяр:Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь үнэт цаасны арилжаа явуулах явдал хэмээн хэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг талаас хувьцаа гаргаж буй хувьцаат компани, нөгөө талаас хувьцаа худалдан авах гэж буй хөрөнгө оруулагчдийг дунд нь холбож өгдөг гүүр нь. Үүнийг бүр энгийнээр тайлбарлавал, хувьцаат компанийн хувьцааг худалддаг гол дэлгүүр нь гэсэн үг. Энэ дэлгүүрээс хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авахын тулд, Монголын хөрөнгийн бирж дээр суудлын эрх авсан брокерийн компанид хандах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, харилцагчдын нэрийн өмнөөс арилжаанд оролцох, эрх авсан брокерийн компаниар дамжуулан үнэт цаас худалдан авах ёстой юм.

-Компанийн засаглал гэж юу вэ-

2021.11.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Сүүлийн үед компанийн засаглалын тухай монголчууд их ярих болсон. Компанийн засаглал гэж чухам юу вэ. Үүнд товчоор хариулахад, компанийг удирдлага менежментээр хангаж, хяналт хэрэгжүүлэхэд мөрдлөгө болгох цогц үйл ажиллагааг компанийн засаглал гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулах замаар ашиг олох зорилготой хувьцаа эзэмшигч, байгууллага, хувь хүмүүсийн хоорондын харилцаа юм. Компанийн засаглал нь компани зорилгодоо хүрэх хариуцлагыг төлөөлөн удирдах зөвлөлд хүлээлгэж, компани өөрөө хууль журамд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Компанийн засаглалыг манай улсад хөгжүүлэх үүднээс Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран компанийн засаглал төслийг 2009 оны наймдугаар сарын 29-ний хавьцаа эхлүүлж байсан юм. Олон улсын санхүүгийн корпорацийн Ази номхон далайн бүсийн мэргэжилтэн Чарлез: Компанийн засаглал төслийг Нидерландын вант улс Олон улсын санхүүгийн корпорацийн түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан санхүүжүүлэх талаар тухайн үед хэлж байлаа. Харин Олон улсын санхүүгийн корпорацийн Компанийн засаглал хариуцсан ахлах мэргэжилтэн Сергей Трипутен: Компанийн засаглал төсөлд 500 мянган ам.доллар зарцуулах тухай хэлж байсан юм. Энэ хөрөнгөөр манай улсад компанийн засаглалыг бэхжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад зохицуулалтыг боловсронгүй болгох, бизнес эрхлэгч, хуульч, эдийн засагч болон сэтгүүлчдэд компанийн засаглалын талаар сургалт явуулсан байдаг. Үүнээс гадна, компанийн засаглалыг олон нийтэд таниулахын тулд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулах талаар боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн юм. Монгол улсад компанийн засаглалыг хөрс суурь, хөгжих эхлэл ингэж тавигдсан билээ.

-Компанийн тухай хуультай болов-

Санхүүгийн зах зээлийг дотор нь хөрөнгийн болон мөнгөний гэж ангилдаг. Санхүүжилт шаардлагатай байгаа компани, мөнгөө өсгөх гэж байгаа иргэн хоёрыг хооронд нь холбож өгдөг гүүр бол энэ хоёр зах зээл юм. Хуучин нийгмийн үед улсын үйлдвэрийн газар гэж байснаас, хувийн компани гэж байсангүй. Харин манай улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээр, иргэд хувьдаа өмчтэй байж, компани байгуулж болох үүд хаалга нээгдсэн юм. Энгийнээр хэлэхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд цэцэглэх зам тавигдсан ч, түүгээр давхих машин, зохицуулах гэрлэн дохио байсангүй. Тиймээс үүнийг зохицуулах үүднээс холбогдох байгууллагууд Аж, ахуйн нэгжийн тухай хуулийн төслийг боловсруулж, 1991 онд УИХ-аар батлуулсан юм. Энэ хуульд компанийн ойлголт, төрөл, үүсгэн байгуулах журам, дүрмийн сангийн доод хэмжээ, гишүүний эрх үүрэг, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг зохицуулж өгснөөр компани үүсч, хөгжих эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Гэхдээ энэ хуульд дутуу дулимаг зүйл байжээ. Тиймээс дутуугаа нөхөж, алдаагаа зассаар өнөөдөр энэ салбар бүхэл бүтэн компанийн тухай хуультай болоод байгаа юм. Компани санхүүжилт шаардлагатай бол IPO хийх замаар хөрөнгө босгох боломжтой байдаг. Өнөөдөр хүмүүсийн хөрөнгө зах зээлд итгэх итгэл сул байгаагаас аж, ахуйн нэгжүүд хувьцаа гаргаад ч, үүнийг нь худалдан авах хүн олдохгүй байна. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа шаардлагатай мөнгийг хөрөнгийг зах зээлээс босгож чадахгүй байгаа учир, арилжааны банкуудыг тахин шүтэж, өндөр хүүтэй зээлийг нь авахаас өөр арагүйд хүрч байна. Үүнээс болж, санхүүгийн зах зээлд арилжааны банкууд ноёлж, хөрөнгийн зах зээлийн хөгжил сул яваа юм. Ер нь өнөөдөр монгол улсын эдийн засгийн 95 хувь нь банкны салбараас хамааралтай байхад, 5 хувь нь хөрөнгийн зах зээлээс хамааралтай байгаа юм. Тиймээс хөгжил сул яваа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж яридаг ч, бодит байдал дээр хөрөнгийн зах зээлийг дэмжих бус, арилжааны банкуудын санхүүгийн зах зээлд дангаар ноёлох байдлыг андеррайтер хийх эрхийг хуулиар олгосноороо бий болгосон гэж үзэх хүмүүс байгаа юм.

-Арилжааны банкууд андеррайтер хийвэл-

Андеррайтер гэж үнэт цаас гаргагчаас бүх хувьцааг нь буюу тодорхой хэсгийг худалдан авч, ашиг олох зорилгоор түүнийг бусдад худалдах, арилжих үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг хэлдэг. 2011.07.17-ны өдрийн хавьаа манай улсад 46 брокер, дилерийн компани ажиллаж байснаас 4 нь андеррайтер хийх эрх Санхүүгийн зохицуулах хорооноос авч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Ийнхүү хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан бол, энэ салбарт арилжааны банкууд хүч түрэн орж ирж болзошгүй дүр зураг 10 гаруй жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн юм. 2011 оны нэгдүгээр сарын 28-нд УИХ-аар батлагдсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад арилжааны банкууд Андеррайтер хийж болно гэж тусгаж өгсөн учраас тэр юм. Энэ нь арилжааны банкуудын үйлчилгээ нэгээр нэмэгдэж, андеррайтер хийх хууль эрхзүйн орчныг бий болгож өгсөн юм. Тухайн үед ийм үйлчилгээ явуулах эрх авах хүсэлтээ дөрвөн ч арилжааны банк Санхүүгийн зохицуулах хороонд илэрхийлсэн гэх мэдээлэл гарч байлаа. Арилжааны банкууд иргэдээс хадгаламж татаж, үүнийгээ өндөр хүүтэй зээлж дундаас нь ашиг олдог. Мөн гадаад төлбөр тооцоо хийхээс гадна, гадаад валют худалдан авах, худалдах зэрэг үйл ажиллагаа эрхлэлдэг. Харин брокер, дилерийн компаниуд аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гарган өгч, үйл ажиллагаанд нь шаардлагатай мөнгө босгодог. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдээс хувьцаа худалдан авах болон худалдах санал авч, хөрөнгийн биржийн арилжаанд оролцох үүрэгтэй. Мөн тусгай зөвшөөрөлтэй бол андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг билээ. Ийнхүү тусдаа үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн хоёр секторын ажил өөр хоорондоо холилдож болзошгүй хууль эрхзүйн орчныг 10 гаруй жилийн өмнө бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирэх бололцоог бий болгох нь тэр. Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бус. Хөл дээрээ босох гэж яваа хөрөнгийн зах зээлийн хөгжилд тушаа болж мэднэ гэж судлаачид үзэж байлаа. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад арилжааны банкууд үнэт цаас худалдан авч, худалдаж болно гэсэн зүйл заалт оруулж өгсөн. Хэрэв арилжааны банкууд үнэт цаас гаргагч аж, ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдаж авах бол хэний  мөнгөөр худалдаж авах вэ. Өөрсдийн гэхээсээ илүүтэй харилцагч болон хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хувьцаа худалдан авч таарна. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хувьцаа худалдаж авлаа гэхэд үнэт цаас гаргасан компани дампуурвал яах вэ. Хувьцаа худалдаж авсан арилжааны банк эрсдэлээ хүлээж таарна. Эндээс хадгаламж эзэмшигчдийн мөнгө салхинд хийсэж мэдэхээр дүр зураг ажиглагдах болов. Хэрэв ийм тохиолдол гарвал хадгаламж эзэмшигчдийг хэрхэн хохиролгүй болгохыг Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад харамсалтай нь тусгаж өгөөгүй гэдэг. Үүнээс гадна, арилжааны банкууд хувьцаа ихээр худалдаж авлаа гэхэд, тэдний бодит зах зээл рүү гаргах мөнгөний хэмжээ буурч таарна. Цаашлаад арилжааны банкууд дампуурвал хөрөнгийн зах зээлийг давхар уналтад оруулж болзошгүй юм. Санхүүгийн секторуудын үйл ажиллагаа хоорондоо холилдож болдоггүйн гол утга учир энэ билээ.

-Монголын хөрөнгийн бирж ажлаа тайлагнав-

2022.07.29. Монгол улс. Улаанбаатар хот. Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий дахин эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарсан ч Монголын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Хөрөнгийн зах зээлд бий болсон эдгээр таатай уур амьсгалын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжран 2021 онд 5,5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. Түүнчлэн Улсын төсөвт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь компанийн 30 жилийн түүхэн дэх онцлох үзүүлэлт болж байна. Үнэт цаасны арилжааны хувьд, 2021 оны өдрийн дундаж арилжаа өмнөх оныхоос 22 дахин өсөж, 5.7 тэрбум төгрөгт хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 5.9 их наяд төгрөгт хүрч, 2020 оныхоос 95.4 хувиар өссөн байна. Мөн ТОП-20 индекс 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн нь дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулахад дунджаар 5 дахин өндөр үзүүлэлт болж байна. Үүнд дотоодын хөрөнгө оруулагчид идэвхжиж, иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь ихээхэн нөлөөлсөн төдийгүй хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн нь зах зээл өргөжин тэлэхэд томоохон түлхэц үзүүллээ. Түүнчлэн 2021 оны эхэнд Банкны тухай хуулийг шинэчлэн баталж, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих томоохон шинэтгэлийн ажил гараанаасаа хөдөлсөн нь хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд түүчээлэх үндэс суурийг улам бэхжүүллээ. Монголын хөрөнгийн зах зээл дэх эдгээр таатай уур амьсгал болон онцлох өсөлтүүдийг Их Британийн FTSE Russell группээс онцгойлон үзэж, 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлийг Хөгжиж буй зах зээлийн Ажиглалтын жагсаалтад оруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улсад чиглүүлэх чухал үйл явдал байлаа гэж Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд дурдсан байна. 

-Монголын хөрөнгийн бирж тайлангаа танилцуулав-

2022.08.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 31 жилийн ой тохиож буй 2022 он салбарын хувьд онцлох жил болж байна. Тодруулбал, 2022.06.29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх тогтоол, шийдвэр дэмжигдсэн нь Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд түүчээлэх үндэс суурийг улам бэхжүүллээ. 2022 онцлох үйл явдлууд:

  • Журмын шинэчлэлүүд:

Энэ оны эхний хагас жилд хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлж, зах зээлийн цар хүрээг тэлэх томоохон шийдвэрүүдийг Монголын хөрөнгийн биржийн зүгээс гаргалаа. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журамд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулж шинэчлэн баталлаа. Ингэснээр хөрөнгө оруулалтын сангууд Монголын хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхдээ төлдөг байсан бүртгэх үйлчилгээний хөлс 50-75 хувиар буурсан бол, жилийн үйлчилгээний хөлс 50 хувиар буураад байна. Мөн Үнэт цаасны бүртгэлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлс 10-40 хувиар, компанийн бонд бүртгэх үйлчилгээний хөлс 36 хүртэлх хувиар бууруулж, Арилжааны журамын нэмэлт өөрчлөлтөөр анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн төлөх арилжааны шимтгэлийг 100 хувь чөлөөлсөн нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит үр дүнгээ үзүүлэх түүхэн шийдвэр байлаа. Монголын хөрөнгийн биржийн шимтгэл хураамж буурснаас гадна Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам батлагдсанаар иргэд, олон нийт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломж улам бүр нээлттэй болж байна.

  • Арилжаа:

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2022 оны эхний хагас жилд 44,119.22 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 32,795.68 нэгж, дундаж үзүүлэлт нь 37,759.42 нэгж байлаа. Доод үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 713.33 нэгж буюу 2.13 хувиар буурч, 32 795.68 нэгж болсон байна. Зах зээлийн үнэлгээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4.84 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1 их наяд төгрөг буюу 27.2 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлтийг оны эхэнтэй харьцуулахад 1.18 их наяд төгрөг буюу 19.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин үнэт цаасны арилжааны хувьд, 2022 оны эхний хагас жилд нийт 122 удаагийн 276 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Тодруулбал, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 135 хувьцаат компанийн 151 сая ширхэг хувьцааг 114 тэрбум төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 580 мянган ширхэг үнэт цаасыг 58 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4.9 сая ширхэг нэгж эрхийг 2.3 тэрбум төгрөгөөр, компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 940 мянган ширхэг бондыг 100 гаруй тэрбум төгрөгөөр тус тус арилжааллаа. Тайлант хугацаанд өдөрт дунджаар 1.3 сая ширхэг үнэт цаасыг 2.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

  • Шинэ бүтээгдэхүүн:

Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржэд анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг арилжаалж байсан бол 2022 оны эхний хагас жилд ахин хоёр компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд санал болголоо. Энэ оны эхний улиралд Омни актив ТЗК ХХК-ийн тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулсан бол хоёрдугаар улиралд Симпл ассет ТЗК ХХК-ийн 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болголоо. Мөн энэ оны эхний хагас жилд Лэндмн ББСБ ХК-ийн 2-р транчийн 3.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулснаас гадна анхны хөвөгч хүүтэй бонд болох Эрдэнэс таван толгой ХК-ийн 4-р транчийн 76.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг зохион байгууллаа. Түүнчлэн Эрдэнэс Сольюшинс ХК болон Инвескор ББСБ ХК-иуд анхдагч зах зээлд нэмэлт хувьцаагаа санал болгосон нь өндөр эрэлт үүсгэж, арилжааны явцад green shoe хэрэгжүүлэн амжилттайгаар хөрөнгө оруулалт татаж чадлаа.

  • Шинэ бүтээгдэхүүн:

Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржэд анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг арилжаалж байсан бол 2022 оны эхний хагас жилд ахин хоёр компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд санал болголоо. Энэ оны эхний улиралд Омни актив ТЗК ХХК-ийн тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулсан бол хоёрдугаар улиралд Симпл ассет ТЗК ХХК-ийн 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болголоо. Мөн энэ оны эхний хагас жилд Лэндмн ББСБ ХК-ийн 2-р транчийн 3.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулснаас гадна анхны хөвөгч хүүтэй бонд болох Эрдэнэс таван толгой ХК-ийн 4-р транчийн 76.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг зохион байгууллаа. Түүнчлэн Эрдэнэс Сольюшинс ХК болон Инвескор ББСБ ХК-иуд анхдагч зах зээлд нэмэлт хувьцаагаа санал болгосон нь өндөр эрэлт үүсгэж, арилжааны явцад green shoe хэрэгжүүлэн амжилттайгаар хөрөнгө оруулалт татаж чадлаа.

  • МХБ-ийн санхүүгийн үр ашиг:

Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь 2022 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 1.6 тэрбум төгрөгийн орлогыг олж, 958.8 сая төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 699.5 сая төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн үйл ажиллагааны орлогоор үйл ажиллагааны нийт зардлыг бүрэн нөхөж, борлуулалтын орлогын 1 төгрөгт ногдох зардлыг 54 мөнгө үзүүлэлтэд хүргэж ажиллахаар 2022 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгасан ба энэхүү үзүүлэлт нь эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1 төгрөгт 58 мөнгө гэсэн гүйцэтгэлтэй байна. Мөн тайлант хугацаанд зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалттай холбоотой төлбөрт 251,376 ам.долларыг төлж барагдуулахын зэрэгцээ зохих хууль, дүрэм, журмын дагуу Улсын төсөвт нийт 441.6 сая төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, Улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ оруулж ажиллалаа. Ийнхүү бид цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан зах зээлийн зохицуулагч байгууллага болон оролцогч байгууллагуудтай хамтран бүтээгдэхүүн үйлчилгээний хөлс, хураамжийг бууруулан ажиллаж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, зарим дүрэм, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулан хэрэгжүүлж эхэлснээр дотоодын хөрөнгийн зах зээл идэвхижилт бууралгүй, шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн, түүнчлэн цаашид хөрөнгийн зах зээл улам хөгжиж, улс орны эдийн засгийн хөгжилд бодит үр дүнгээ өгөх хүлээлтийг бий болгон ажиллаж байна гэжээ. 

-Будапештийн хөрөнгийн биржийнхэн Монголын Биржтэй танилцав-

2022.07.25. Монгол Улс. Улаанбаатар хот.Унгарын төв банк (Magyar Nemzeti Bank)-ны Дэд ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Будапештийн хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн дарга, Доктор Михали Патайг Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал,  цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл танилцуулснаас гадна хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Унгар улс дахь хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг 1860-аад оноос эхлэлтэй гэж үздэг бөгөөд тус улс 1990 онд Үнэт цаасны тухай хуулиа батлан мөрдөж эхэлснээр орчин цагийн хөрөнгийн зах зээлийн үндэс суурь тавигдаж, Будапештийн хөрөнгийн бирж өөрчлөн байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, Унгар болон Монголын хөрөнгийн зах зээлийн орчин үеийн түүхэн замналд ижил төстэй зүйл цөөнгүй бий учраас цаашид хамтран ажиллаж, туршлага солилцоход бүхий л талаар нээлттэй байх болно гэдгээ ноён Михали Патай уулзалтын үеэр онцолж байлаа. Харин Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудын зүгээс дотоодын хөрөнгийн зах зээлийн танилцуулж, цаашид туршлага солилцох хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийллээ.

-Засгийн газар дотоодын зах зээлд өрийн бичиг гаргаж эхлэв-

2014.12.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа хүүгийн хамт эргүүлэн төлөхийг баталсан үнэт цаасыг өрийн бичиг гэж нэрийддэг. Засгийн газар 1998 оноос хойш дотоодын зах зээлд өрийн бичиг гаргаж эхэлсэн юм. Ингэхдээ эхний хоёр жил нэр бүхий төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор өрийн бичиг гаргасан бол, үүнээс хойш төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байжээ. Харин 2011 онд нэр бүхий төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор дахин өрийн бичиг гаргасан юм. Тухайлбал, 4000 айлын орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр 72 тэрбум төгрөгийн, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн, ноос болон ноолуурын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Ийнхүү нийт 372 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан ч, 237 тэрбум төгрөгийн үнэт цаас Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан гэх тоон мэдээлэл байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржэд арилжигдсан Засгийн газрын үнэт цаасны оргил үе байсан юм. Гэвч энэ оргил үеэс хойш Монголын хөрөнгийн бирж дээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа бараг хийгдээгүй гэхэд болно. Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны сүүлчээр төвбанкны системээр арилжаалж эхэлснээр, Монголын хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний тоо цөөрсөн юм. Үүний нэг нотолгоо бол, 2003-2011 оны хооронд хөрөнгийн биржэд 352 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжигдсан бол, сүүлийн хоёр жил бараг арилжаа хийгдээгүй байдаг.

-Засгийн газрын үнэт цаасыг төвбанкаар дамжуулан арилжаалдаг болов-

2014.12.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газрын үнэт цаасыг төвбанкаар дамжуулан арилжаалах журам 2012.10.25-нд гарсан. Энэ цагаас хойш Сангийн яам Засгийн газрын үнэт цаас арилжаалах хуваарийг төвбанкинд хүргүүлдэг болсон юм. Харин төвбанк Засгийн газрын үнэт цаасны дуудлага худалдааг зохион байгуулдаг болсон. Арилжааны банкуудын тухайд дуудлага худалдаанд оролцох саналаа ирүүлэхээс гадна, иргэд ахуйн нэгжүүд засгийн газрын үнэт цаас авахад зуучилж байгаа юм. Ингэхдээ Засгийн газрын үнэт цаасны арилжаа дараах байдлаар явагдаж байна. Улсын төсвийн алдагдал, улирлын чанартай орлогын дутагдал, зарим зорилтот хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар төвбанкаар дамжуулан үнэт цаас гаргаж байгаа юм. Энэ оны гуравдугаар улирлын өрийн тайланд тусгаснаар Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 2.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 96 хувийг дотоодын арилжааны банкууд, 4 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид авсан байна. Монголын хөрөнгийн бирж дээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагддаг байхад иргэд, аж ахуйн нэгжүүд брокерийн компаниар дамжуулан өрийн бичиг авдаг байсан. Харин Засгийн газрын үнэт цаасны арилжаа төвбанкинд очсоноор иргэд, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаар дамжуулан өрийн бичиг худалдаж авдаг болсон юм. Энэ нь хөрөнгийн зах зээлийг уналтад ороход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн захад чанартай бүтээгдэхүүн үгүйлэгдэж байхад, Засгийн газрын үнэт цаасыг биржээс холдуулсан нь энэ салбарыг уналтад оруулахад нөлөөлсөн юм.

-Засгийн газрын үнэт цаасны арилжааг эргүүлэн Монголын хөрөнгийн бирж рүү авч ирлээ-

2014.12.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Санхүүгийн зохицуулах хорооны 2014.10.21-ний өдрийн 389 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2014.10.23-ны өдрийн 169 тоот тушаалын дагуу засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалж эхлэв. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг бирж рүү эргүүлэн авч ирсэн учраас брокер, дилерийн компаниуд өнгөрсөн сараас эхлэн бирж дээр арилжаалах бүтээгдэхүүнтэй боллоо. Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын үнэт цаасны арилжаа төвбанкин дээр үлдсэн ч, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жижиглэнгийн үнэт цаасны арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр ирсэн юм. Сангийн яам өнгөрсөн сард төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1 жилийн хугацаатай, 15,795 хувийн хүүтэй, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1 сая ширхэг засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржэд бүртгүүлж, олон нийтэд санал болгосон юм. Хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан жижиглэнгийн үнэт цаасны захиалгыг өнгөрсөн сарын 29-нөөс брокер дилерийн компаниудаар дамжуулан авсан бол, анхдагч зах зээлийн арилжаа энэ сарын 4-нд Монголын хөрөнгийн бирж дээр явагдлаа. Үүгээр иргэд, аж ахуйн нэгжүүд брокер дилерийн компаниар дамжуулан 1 жилийн хугацаатай, 15.795 хувийн хүүтэй, 4.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 45020 ширхэг засгийн газрын үнэт цаас худалдаж авсан байна. Энэхүү арилжаанд Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:

-Засгийн газрын үлдэгдэл жижиглэнгийн үнэт цаасыг үргэлжлүүлэн худалдахаар болов-

2014.12.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам олон нийтэд 100 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас санал болгосон ч, иргэд аж ахуйн нэгжүүд брокер, дилерийн компаниудаар дамжуулан ердөө 4.5 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авсан байдаг. Сангийн яам дараагийн ээлжинд 1 жилийн хугацаатай, 16.25 хувийн хүүтэй, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 954 мянга 980 ширхэг засгийн газрын үнэт цаас арилжаалахаар төлвөлөсөн байдаг. Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг брокер дилерийн компаниудаар дамжуулан авч, захиалга дуусах эцсийн хугацаа дуусав. Үүгээр анх гаргасан 100 тэрбум төгрөгийн үнэт цааснаас 12.2 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдсан дүн гарсан юм. Тиймээс үлдэгдэл үнэт цаасыг үргэлжлүүлэн Монголын хөрөнгийн биржэд арилжих шийдвэрийг Сангийн яамнаас гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 87 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаасыг үргэлжлүүлэн арилжаалахаар тогтсон юм. Үүнээс 2.6 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдсан дүн гарч байсан юм. Үүнийг оролцуулж тооцвол, 15 орчим тэрбум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаас арилжигдсан дүн мэдээ гарлаа. Засгийн газрын үнэт цаасны хүү арилжааны банкуудын хадгаламжийн сертификатаас өндөр. Мөн засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн орлого албан татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаа учраас цаашид эрэлт өснө гэсэн хүлээлт брокер, дилерийн компаниудын дунд байсан билээ. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүү сар тутам төлөгдөх нөхцөлтэй байсан ч, хожим гаргасан 3 болон 6 сарын хугацаатай үнэт цаасны хүү хугацааны эцэст төлөгдөх нөхцөлтэй байсан юм. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа долоо хоног бүр зохиогдож ирсэн. Харин зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээхээр болжээ.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate