Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Ноолуурын зах зээл…

-Ноолуурын үнэ уруудаж, улс төрчид ханш өсгөх амлалт өгөв-

Одоогоос хэдэн жилийн өмнө малчдын ноолуурыг худалдаж авах хятад наймаачид, монгол ченжүүд хаа сайгүй байлаа. Эрэлт их байсан тул ноолуур үнэтэй түүхий эдийн тоонд зүй ёсоор ордог байсан цаг. Харин 2008 оноос нөхцөл байдал ондоогоор эргэж ноолуур худалдаж авах гадаад, дотоодын худалдаачид эрс цөөрсөн юм. Шалтгаан нь их энгийн. Хятадууд 2007 онд Хубай мужид ноолуурын чиглэлийн ямаа өсгөж, цасан цагаан өнгөтэй, нарийн ширхэгтэй, алмазан ноолуурыг гаргаж авсан гэдэг. Нэгэнт өөрсдөө чанартай, бас хангалттай хэмжээний түүхий эдтэй болсон тул урд хөршийн наймаачид монголчуудын ноолуурыг аваад байх шаардлагагүй болжээ. Авсан ч үнэ унагаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд килограмм нь 40 мянган төгрөгийн үнэтэй байсан ноолуурын үнэ хоёр дахин буурч 20 мянган төгрөгийн ханштай болох нь тэр. Энэ үед судлаач Батбаяр: Нэг хэсэг ноолуурын үнэ 40 мянган төгрөгт хүрсэн. Хятадын ноолуурын үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ их хэмжээний ноос хольж, дэлхийн зах зээлд хямдаар худалдаалж байсан. Ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хямдаар худалдаалагдаж эхэлсэн тул эрэлт нь огцом нэмэгдсэн юм. Энэ нь нэг хэсэг ноолуурын үнэ өсөхөд хүргэсэн. Харин хятадын үйлдвэрлэсэн хольцтой ноолуурыг сүүлийн үед худалдаж авах хүн цөөрөөд байна. Үүнээс үүдээд ноолуур ханш 20 ам.доллар руу дөхөж ирээд байна. Үүнийг манай малчид ноолуурын үнэ буурч байна гэж ойлгоод байгаа. Үнэндээ ноолуурын үнэ буураад байгаа хэрэг биш. Бодит өртөгтөө дөхөж ирээд байгаа нь энэ юм гэсэн тайлбарыг өгч байлаа. Нөгөө талаас Гоёо компанийн ерөнхий захирлын албыг хашиж явсан Энхамгалан: Дэлхийн эдийн засгийн хямрал ноолуурын үнэ унахад хүргэсэн болохыг хэлж байлаа. Тэгвэл тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлт бодлогын газрын Хөнгөн үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Рэгзэдмаа: Ноолуурын үнэ таван жилийн хугацаатай хэлбэлздэг. Ноолуурын үнийн зах зээлийг ерөнхийдөө Хятад тодорхойлж байдаг. Ноолуурын үнэ унаад байгаа нь манай дотоод эрэлттэй холбоотой биш. Энэ нь олон улсын хэмжээнд бараа ихэссэн. Олон улсын зах зээлд ноолууран бүтээгдэхүүний нөөц ихэссэн учраас цаашид ноолуурын үнэ тогтвортой хэмжээнд байна гэсэн тайлбар өгч байсан юм. Ноолуурын үнэ циклээр өсч буурдаг. 2008-2009 онд ноолуурын үнэ буурдаг цикл тохиожээ. Энэ нь дор хаяж таван жил үргэлжлэх байх гэсэн тайлбарыг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан юм. Ингэснээр 2008 онд түүхий эдийн Эмээлт захад өмнөх оны самнасан хуучин ноолуур киллограмм нь 20 мянган төгрөг, шинээр самнасан ноолуур килограмм нь 24 мянган төгрөгийн ханштай болоод байв. Ноолуур малчдын амжиргааны нэг эх үүсвэр. Ноолуурын үнэ ингэж хямдарсан нь малчдад хүндээр тусч байсан нь мэдээж. Тиймээс тэд ноолуурын үнэ өсөхийг тэсэн ядан хүлээж суусан биз. Харин ноолуурын үнэ буурдаг цикл ирсэн тул тэд таван жил ноолуурын үнэ өсөхийг хүлээж суух хэрэгтэй болох нь тэр. Үүнийг далимдуулан улс төрчид ноолуурын үнийг өсгөнө гэж сонгуулиар шоудаад амжсан. Тухайлбал, 2008 оны парламентийн ээлжит сонгуулиар улс төрчид малчдад ноолуурын үнийг тэнгэрт гартал нь өсгөж өгнө гэж амлах нь тэр. Амласнаа хэрэгжүүлэхээр зарим улс төрчид нэг киллограмм ноолуур дотоодын зах зээлд 30 мянган төгрөгөөс доош орвол, Засгийн газар үүнийг нь 30 мянган төгрөгөөр худалдаж авах утгатай хуулийн төсөл санаалчилсан юм. Гэсэн ч энэ хуулийн төсөл УИХ-ын босго даваагүй билээ. Тиймээс малчдад тал алдахгүйн тулд улс төрчид нэг ямаанд 5000 мянган төгрөг өгөх хуулийн төсөл санаачилж, баталж, хэрэгжүүлсэн юм. Улс төрчид амлалтаа ингэж л хэрэгжүүлсэн. Харин ноолуурын үнэ өссөнгүй. Гэвч үүнээс улс төрчид сургамж авсангүй. Ноолуурын үнийг өсгөх удаах амлалт ерөнхийлөгчийн сонгуулийн үер дахин гарах нь тэр. Тэр үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Амарсанаа: Килограмм түүхий ноолуурт ногдуулдаг 4000 төгрөгийн гаалийн татварыг тэглэх хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан талаар ярьж байсан юм. Хэрэв ноолуурт ногдуулдаг гаалийн татварыг тэглэвэл, уг түүхий эдийн үнэ өснө. Гэхдээ ноолуурын үнэ тэнгэрт гартлаа өсөхгүй байх гэж тэд үзэж байлаа. Энэ нь ч биеллээ олсон. 2008 онд 20 мянган төгрөг байсан киллограмм ноолуур 2009 онд 26 мянган төгрөг болж ялимгүй өссөн юм. 

-Үйлдвэрлэгчид түүхий эдгүй хоцорч, ноолуурын экпортын татварыг сэргээхийг шаардав-

Манай улс дэлхийн ноолуурын хэрэгцээний 30 орчим хувийг дангаар хангадаг. Ноолуураар баян улс атлаа энэ чиглэлийн үйлдвэрүүд нь түүхий эдгүй хоцорч байсан гашуун сургамж бий. Үйлдвэрлэгчид нь хөрөнгө мөнгөгүйн улмаас 2010-2011 онуудад түүхий эд бэлтгэж чадалгүй хоцорч байсан юм. Түүхий ноолууранд ногдуулдаг экспортын татварыг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэглэсэн нь малчдын ноолуурын үнэ өсөхөд нөлөөлсөн ч, дотоодын үйлдвэрүүд түүхий эдгүй хоцороход хүргэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, ноолуур ямар ч татваргүй болсон учир хятадууд малчдын түүхий эдийг худалдаж авах нь ихэссэн аж. Эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ноолуурын үнэ өсч, үйлдвэрлэгчид хөрөнгө мөнгөгүй учир жил дарааллан түүхий эдгүй хоцорчээ. Энэ тухай тэр үеийн Гаалийн төв лабраторийн ахлах байцаагч Цэрэнчимэд: Ноолуурын татварыг тэглэнгүүт малчид ноолуураа урд хөршид өгөх боллоо. Манай үйлдвэрлэгчид түүхий эд нь үргэлж хажууд нь хямд байх юм шиг санасан нь хожмийн алдаа боллоо. Тэд өнөөдөр түүхий эдгүй болсон тул ноолууранд ногдуулдаг байсан экспортын татварыг буцааж сэргээж өгөхийг хүсч байна гэсэн тайлбар өгч байх нь тэр. Тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Золжаргал: Үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг шийдэх арга зам хайж байна. Жил дараалан түүхий эдгүй хоцорч байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, үүнийг монголбанкинд худалдаж, бондын орлогыг таван жилийн хугацаатай, тодорхой хувийн хүүтэй үйлдвэрлэгчдэд зээлэхээр төлөвлөж байгаа. Мөн ноолуурын татварыг сэргээх хүсэлтээ УИХ-д өргөн барина гэж ярьж байсан юм. Хэрэв ноолууранд ногдуулдаг экспортын татварыг сэргээвэл малдчдад хэрхэн тусах бол. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Амаржаргал: Ноолууранд ногдуулдаг экспортын татварыг сэргээвэл түүхий эдийн үнэ буцаад буурна. Бидний түүхий эдийг үйлдвэрлэгчид хямд авч байвал тэдэнд ашигтай. Тиймээс ноолуурын үнийг буулгах гэж хуучин татварыг сэргээе гэцгээж байгаа юм. Гаалийн татварыг сэргээе гэж байгаа бол эхлээд малчдын ноолуурыг урд хөршийн наймаачдаас өндөр үнээр авдаг болох хэрэгтэй гэж үзэл бодлоо хуваалцаж байв. Харамсалтай нь ингэх бололцоогүйг үйлдвэрлэгчид учирлаж байлаа. Хятадын засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд урт хугацаатай зээл олгодог. Харин манай улс үйлдвэрлэгчдээ дэмждэггүй, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгодоггүй. Тиймээс малчдын ноолуурыг үнэтэй авч чадахгүй гэсэн тайлбарыг үйлдвэрлэгчдийн зүгээс өгч байсныг нуух юун. Хэрэв манай улс үйлдвэрлэгчдээ дэмжиж хөрөнгө мөнгөөр туславал, малчдын бэлтгэж байгаа ноолуурыг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлоход валютын нөөцөө арвижуулаад зогсохгүй, урд хөршийн зах зээлийн үнээс хамаарахгүйгээр дотоодод ноолуурын үнийг өсгөх бололцоотой болох байлаа. Магадгүй ийм учраас үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газар 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ноос ноолуурын үйлдвэрүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Үүнээс хойш үе үеийн Засгийн газар ноос, ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдээ тасралтгүй дэмжиж бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамруулахад анхаарч ирсэн юм.

-Засгийн газар 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ноос ноолуурын үйлдвэрүүдээ дэмжив-

Тухайлбал, Засгийн газар 2011 онд 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж, үүний 150 тэрбум төгрөгийг нь ноос, ноолуурын үйлдвэрүүдийг дэмжихээр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ 100 тэрбум төгрөгийн бондын орлогыг ноолуурын үйлдвэрүүдийг дэмжихэд зарцуулахаар болж, мөн оны төсөвт тусгайлан суулгаж өгсөн байдаг. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: УИХ-аар 2011 оны төсвийг танахгүй бол, тэр дундаа ноолуурын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор төсөвт суулгасан 100 тэрбум төгрөгийг бууруулахгүй бол үйлдвэрлэгчид мөнгөтэй залгаж, ирэх хавраас түүхий эд нөөцлөх боломжтой болно хэмээн хэлж байсан юм. Улмаар ноолуурын үйлдвэрүүдэд хаягласан бондыг 2011 оны хавраас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн байдаг. Харин босгосон хөрөнгөө 2011 оны сүүлээр Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Улаанбаатар, Чингис хаан, Төрийн банкаар дамжуулан ноолуурын үйлдвэрүүдэд зээлж эхэлсэн юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 36 ноолуур боловсруулах үйлдвэрт 97 тэрбум 798 сая төгрөгийн зээлийг дээрх банкуудаар дамжуулан 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлсэн байлаа. Ийнхүү бондын орлогын ихэнх нь эзэддээ хүрсэн учраас ноолуурын үйлдвэрүүд 2012 онд түүхий эд бэлтгэх хангалттай хэмжээний хөрөнгө, мөнгөтэй болсон гэж холбогдох байгууллагууд үзэж байлаа. Тиймдээ ч ноолуурын үйлдвэрүүд өмнөх жилүүдээсээ илүү хэмжээний түүхий эд бэлтгэх боломжтой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байсан нь саяхан. Тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Баянмөнх: Ноолуурын үйлдвэрүүд өмнө нь 1000 тонн түүхий эд бэлтгэдэг байсан бол, санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр 2000 тонн түүхий эд бэлтгэх боломжтой болсон хэмээн ярьж байсан билээ. Ийнхүү улсаас дэмжлэг авсаны үр дүнд үйлдвэрлэгчид түүхий эд нөөцлөх хөрөнгө мөнгөтэй болсон ч, үүний сургаар 2011 онд 50 мянган төгрөгөөр арилжаалагдаж байсан килограмм ноолуур 2012 онд 75 мянган төгрөг болж өссөн тал бий. Өөрөөр хэлбэл, эрэлт өссөнтэй холбоотойгоор зах зээлийн зарчмаараа үнэ өссөн юм. Зарим компаниуд үнийн өсөлтийг үл харгалзан түүхий эдээ бэлтгэж байсан ч, зарим нь ноолуурын үнэ эргэн буурахыг хүлээж суусан юм. Ноолуурын үнэ буурахаар түүхий эдээ бэлтгэхээр зэхэж суусан цөөнгүй компани байсан гэсэн үг. Тйимээс тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Батцэцэг: Санхүүжилтийг нь шийдвэрлэж өгсөн ч, үнэ нь буурахыг хүлээж байгаад өмнөх жилүүдийн адилаар түүхий эдээ хятадуудын гарт алдаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ноолуургүй хоцорч мэдэх нөхцөл байдал үүсэх вий гэж үйлдвэрлэгчдэд анхааруулж байсан билээ.

-Ноолуурын үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн дэмжив-

Манай улс 18 сая ямаатай. Нэг ямаа жилд 300 грамм ноолуур өгдөг гэвэл манай улс жилд 6000 тонн ноолуур бэлтгэдэг юм. Үүний 2000 тонныг боловсруулж, үлдсэнийг нь түүхийгээр нь экспортолдог гэх судалгаа бий. Тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын газрын Хөнгөн үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Рэгзэдмаа: Техниийн хүчин чадал хүрэлцэхгүйдээ бус, хөрөнгө мөнгө дутагдаж байгаагаас үйлдвэрүүд малчдын бэлтгэн гаргаж байгаа ноолуурыг боловсруулж чаддагүй болохыг хэлдэг. Харин Гоёо компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж явсан С.Энх-Амгалан: Үйлдвэрүүд малчдын бэлтгэж байгаа ноолуурыг бүгдийг боловсруулахад их хэмжээний мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө нь үйлдвэрлэгчдэд байхгүй. Банкнаас зээл авахад зээлийн хүү өндөр байдаг. Нөгөөтэйгүүр экспортын татвар өндөр зэргээс авахуулаад ноолуурын үйлдвэрүүдээ төрөөс дэмжиж өгөхгүй байна хэмээн хуучилж байсныг энд дурдахад зүйтэй болов уу. Дээрх шалтгааны улмаас үйлдвэрүүд малчдын бэлтгэсэн ноолуурыг бүгдийг нь эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох боломж хомс байлаа. Тиймээс малчдын бэлтгэж буй ноолуурыг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн экспортлох замаар малчин, үйлдвэрчин, улсаа хэн хэнийгээ дэмжих үүднээс сүүлийн жилүүдэд энэ салбарт хангалттай төрийн дэмжлэг үзүүлж ирсэн гэж ойлгож болно. Тухайлбал, Засгийн газар 150 тэрбум төгрөгийг бонд гаргаж ноос, ноолуурын үйлдвэрүүдээ дэмжиж байсан талаар дээр жишээ татан дурдсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ч ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, ноолуурын үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажилласан юм. Хөгжлийн банкинд ноолуур хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцөлийг хөнгөрүүлэх, үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал үүнд багтсан байлаа. Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад тухайн үед даалгаж байсан юм. Ноолуурын салбарынхан өнгөрсөн онд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр тооцож, 5000 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөж, ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзсэн байдаг. Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн 3 хувийн хүүтэй байхаар тооцсон юм. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тонн ноолуур худалдан авч, 6400 тонныг гадаадын худалдан авагчдад борлуулах бололцоо бүрдсэн. Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байлаа. Тэгвэл өнөөгийн засгийн газар ч энэ салбарыг үргэлжлүүлэн дэмжсээр байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтжээ. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм. Дашрамд дурдахад, малчид энэ жил 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарсан. Үүнийг үйлдвэрлэгчид худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн гэсэн үг юм.

-Ноолуураа түүхийгээр нь бус, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолно- 

Нэг килограмм ноолуураар 4 ширхэг цамц оёдог гэж үйлдвэрлэгчид ярьдаг. Нэг килограмм ноолуурыг түүхийгээр нь экспортлоход хэд болох уу. Эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлоход хэд болох уу. Мэдээж тэнгэр газар мэт үнийн зөрүү гарах нь ойлгомжтой. Эдийн засагчдын зүгээс урд хөрш рүү ноолуураа түүхийгээр нь экспортлох бус, дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолвол малчдын түүхий эдийн үнэ хүссэн хүсээгүй өсөхөөс гадна, үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс улсад авах татвар нэмэгдэнэ гэж зөвлөдөг. Манай улс 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар малчдын бэлтгэсэн ноолуурын 20 хүрэхгүй хувийг дотооддоо угааж, самнаж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож байлаа. Тэгвэл 2020 оны судалгаагаар манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж угаасан байдлаар экспортолсон байна. Тухайлбал манай улсын ноолуурын экспортын хэмжээ өнгөрсөн оны эцэст 243,5 сая ам.долларт хүрч, үүний 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ. Тиймээс угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспортыг нэмэгдүүлэхэд салбарын яам нь анхаарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар хилийн чанадад суугаа зарим дипломат төлөөлөгчийн газартай санал солилцох уулзалт хийсэн байдаг. Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны даавуун бүтээгдэхүүнийг АНУ, Канад, Япон, Шведийн болон дэлхийн зах зээлд сурталчлах, экспортлох асуудлаар санал солилцох энэ уулзалтад Монгол Улсаас Канад Улс, АНУ, Япон Улс, Швед Улсад суугаа Элчин сайдын яамд, Говь, Кашмир Холдинг зэрэг компанийн төлөөлөл оролцсон юм. Монголын ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон даавуун бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэхэд Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хөнгөлөлт, АНУ, Канад, Шведийн зах дээлд гарахад худалдааны хөнгөлөлтийн схем GSP, EU GSP+ –ийн хүрээнд тус тус тарифын хөнгөлөлт эдэлдэг. Зорилтот зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор талууд тодорхой чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохирчээ. Apparel Textile Sourcing үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч JPC Inc компанийн үзэсгэлэнгийн захирал Жон Ванкир, Гадаад харилцааны яам, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагуудтай цахим уулзалт мөн хийсэн байдаг. Уулзалтын үеэр Жон Ванкир Монгол ноолуурыг Хойд Америкт сурталчлах талаар болон үйлдвэрлэгч, борлуулагчийг холбох үзэсгэлэнгийн талаар танилцуулсан юм. Монголын ноос, ноолуурын холбоо Apparel Textile Sourcing үзэсгэлэнд 2021-2023 онд оролцох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон билээ.

-Монгол ноолуур Европ болон Америкийн зах зээлд-

Байгалиасаа нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бат бөх, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэндэд ээлтэй учраас ноолууран бүтээгдэхүүн тансаг хэрэглээнд зүй ёсоор ордог. Тиймээс уг бүтээгдэхүүн өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй байдаг юм. Манай улс дэлхийн түүхий ноолуурын 30-45 хувийг дангаараа хангадаг ч, монголд үйлдвэрлэв шошготой экспортын эцсийн бүтээгдэхүүний ердөө 10-хан хувийг нийлүүлж иржээ. Тухайлбал дэлхийн ноолуурын хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг урд хөрш манай улсаас угааж самнасан ноолуур импортлон авч үүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа юм. Харин манай улс дотоодод үлдсэн түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Америк, Герман, Солонгос, Япон, Бельги, Франц, Итали, Англи зэрэг 20 гаруй оронд экспортолж байна. Манай улс 2006 оноос Европын холбооны улсууд руу бараа бүтээгдэхүүн ямар ч экспортын татваргүй гаргаж эхэлсэн ч, уг хөнгөлөлт 2008 оны арвахоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон байдаг. Тиймээс уг хөнгөлөлтийг дахин гурван жилийн хугацаагаар сунгасан талаар Гадаад харилцааны яамны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрынхан тухайн үед мэдэгдэж байлаа. Ингэснээр 7200 нэрийн барааг импортын тэг татвартайгаар Европын холбооны 27 гишүүн оронд экспортлох хөнгөлөлт 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч, 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд дахин дуусгавар болсон юм. Үүнийг дахин сэргээх хэлэлцээр үе үеийн Засгийн газрын үед хийгдэж, энэ боломжийг ашиглан аж ахуйн нэгжүүд ноолууран бүтээгдэхүүнээ Европын холбооны улсууд руу экспортолж ирсэн гэдэг. Харин сүүлийн үед АНУ-ын зах зээлд ноолууран бүтээгдэхүүнээ нийлүүлэх бодлого түлхүү баримталж байна. АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: Элчин сайдын яамны тэргүүлэх зорилтуудын нэг нь эдийн засгаа төрөлжүүлэхэд нь Монгол Улсад туслах явдал бөгөөд ноолуурын салбарыг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх нь стратегийн чухал хэсэг. Энэ салбарыг цаашид хөгжүүлэх нь малчнаас экспортлогч хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүх оролцогчдыг учир утга бүхий, тогтвортой орлоготой болгох юм гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монгол Улсын ноолуурын салбарын иж бүрэн судалгааны талаарх хэлэлцээрийн үеэр хэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа АНУ-д айлчлах үеэрээ энэ асуудлаар тодохой яриа хэлэлцээр хийгээд ирсэн байдаг. Тодруулбал, монголд үйлдвэрлэв шошготой ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийн талаар яриа хэлэлцээр өрнүүлээд ирсэн юм. АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресстоо өргөн барих талаар ч тэр үед дуулдаж байлаа. Энэ хүрээнд дээрх хэлэлцүүлэг болж гуравдагч хөрш АНУ манай ноолуурын салбарыг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх нь стратегийн чухал нэг хэсэг гэж хэлсэн хэрэг юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate