Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Кредит свиз Голомтын хувь нийлүүлэгч болсонгүй

Голомт банк 2007 оны тавдугаар сар Щвейцарын Кредит свиз банкнаас 10 сая ам.долларын зээл буюу хоёрдогч өглөг авчээ. Энэ зээлийн гол онцлог нь гэрээнд заасан хугацааны эцэст зээл олгогч тал хоёрдогч өглөгийг тухайн банкны дүрмийн санд оруулж, хувь нийлүүлэгч болж болдог. Өөрөөр хэлбэл, Кредит свиз банк 10 сая ам.долларын хоёрдогч өглөгөө Голомт банкны дүрмийн санд оруулж, тус банкны хувь нийлүүлэгч болох боломжтой байсан гэсэн үг. Гэвч тус банк энэ өглөгөө Голомт банкны дүрмийн санд оруулсангүй, тус банкны хувь нийлүүлэгч болсонгүй. Щвейцарын Кредит свиз банк Голомт банкинд өгсөн зээл буюу хоёрдогч өглөгөө хүүгийн хамт 2012 онд авсан байна. Өөрөөр хэлбэл, Кредит свиз болон Голомт банкны хоорондын өгөө аваа хугацаандаа дууссан байгаа юм. Харин Абу Дабигийн сан 2010 онд Голомт банкинд 25 сая ам.долларын хоёрдогч өглөг өгчээ. Абу Дабигийн сан энэ зээлээ хугацаа нь дуусаагүй байхад буцаан татах сонирхолтой байсан болохыг Голомт банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа хэлж байсан удаатай. Тиймээс тус банкныхан гэрээнд заасан хугацааны эцэст хоёрдогч өглөгийг нь өгнө гэж төлөвлөж байжээ. Үүнийг хувь нийлүүлэгчид Голомт банкнаас хөрөнгөө татаж эхэллээ гэж олон улсын болон дотоодын хэвлэлүүдээр мэдээллэсэн аж. Тиймээс манай улсын арилжааны ууган банкуудын нэг болох Голомт банкнаас харилцагчид болон хадгаламж эзэмшигчид нь дайжиж байна гэсэн мэдээлэл нэгэн үе гарсан юм. 

Д.Ганбат: Олон овоот төсөлд олгосон зээлээс болж Голомт хүндрэхгүй

Анод, Зоос, Хадгаламж банк татан буугдахад бүх хохирлыг төрөөс гаргасан. Энэ гурван банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төр өөрийгөө хохиролгүй болгох ёстой ч, энэ ажлын явц удаашралтай байсан юм. Үүнээс гадна Голомт банк хүндэрлээ гэсэн яриа газар авсан учраас эдгээр асуудлаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбаттай 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр ярилцсан юм.

– Анод банк татан буугдахад төвбанк өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргаж тус банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон. Анод банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төвбанкнаас гаргасан мөнгийг эргүүлж авах ёстой. Үүний явц ямар байна?

Анод банкинд компанийн засаглал ихээхэн доголдсонтой холбоотойгоор 2008 арванхоёрдугаар сард онцгой дэглэм тогтоосон. Тухайн үед мөрдөгдөж байсан Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд тус банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг олгох шаардлага тулгарч байлаа. Тиймээс ч, төвбанк тэр үед өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргаж, Анод банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон юм. Анод банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төвбанкнаас гаргасан энэ мөнгийг эргүүлэн авах ёстой. Эрх хүлээн авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийхэнтэй хамтран Анод банкны чанаргүй зээлийг барагдуулаад явж байна. Үүний үр дүнд, төвбанкнаас гаргасан мөнгөний тал хувийг эргүүлэн авсан.  

Төвбанкнаас гаргасан мөнгөний тал хувийг эргүүлж авсан гэхээр, цаана нь 70 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа юм байна. Үүнийг төлүүлөх боломж, бололцоо хэр байгаа вэ?

-Анод банк анх 260 тэрбум төгрөгийн зээл болон авлагатай байсан. Үүний 120 тэрбум төгрөгийг нь манай эрх хүлээн авагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийхэнтэй хамтран барагдуулаад байна. Энэ мөнгөний 70 тэрбумыг нь төвбанкинд өгсөн. Өөрөөр хэлбэл, Анод банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох үүднээс төвбанкнаас гаргасан 140 тэрбум төгрөгийн 70 тэрбумыг нь буцаан авсан гэсэн үг. Үлдэх мөнгөө Анод банкны чанаргүй зээлийг барагдуулж байж эргүүлэн авах ёстой. Одоогийн байдлаар Анод банкинд 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон авлага байгаа. Үүнийг барагдуулахад хүндрэл гарч байгаа. Тухайлбал, Анод банк барьцаагүй зээл олгосон нь өр барагдуулалтыг удаашруулж байна. Мөн зээлдэгчид хаяг дээрээ байдаггүй нь чанаргүй зээл барагдуулах ажлыг хүндрүүлж байгаа. Мөн уул, уурхайн машин, тоног төхөөрөмжийн чанар муудаж, зарим барьцаа хөрөнгө үнэгүйдэж байна.

– Анод банкны үлдэх чанаргүй зээл болон авлагын тодорхой хувийг банкны хувь нийлүүлэгчид төлөх ёстой байгаа шүү дээ?  

– Анод банкны гурван гол хувь нийлүүлэгчээс улсад учруулсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тус банкны үлдээд байгаа 140 тэрбум төгрөгийн авлагын 40 хувийг нь тэднээс авах ёстой байгаа. Одоогоор тэдний зүгээс ямар нэгэн хохирол барагдуулаагүй байна. Харин үлдэх 60 хувийг нь 700 орчим зээлдэгчдээс авах ёстой юм. Үүнд Олон овоот төсөлд олгосон зээл ч хамаарч байгаа. Монгол газар компанийн Олон овоотын төсөлд зориулж авсан зээлийг хожим Жаст групп төлөхөөр болсон шүү дээ. Энэ хүрээнд, Анод банкнаас Олон овоот төсөлд олгосон зээлийн 1 тэрбумыг нь  Жаст групп өнгөрсөн хугацаанд барагдуулсан. Одоо тус төсөлтэй холбоотой 15 гаруй тэрбум төгрөгийн зээл Анод банкин дээр байна.  

– Анодын араас Зоос банк татан буугдсан байдаг шүү дээ. Тухайн үед Зоос банкны хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн тулд, Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байлаа. Зоос банкны найдваргүй, чанаргүй зээлийг барагдуулах замаар Засгийн газрын бондын эргэн төлбөрийг хийх ёстой байгаа. Энэ ажил хэдэн хувьтай явна?

Энэ банк Анодын нэгэн адил зээл олголт дээрээ бас л тодорхой хэмжээний засаглалын алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг этгээдэд хэтэрхий их хэмжээний зээл олгосноос болж тус банк хүндэрсэн. Тиймээс Засгийн газар 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 348 тогтоолоор Зоос банкны суурийн дээр Сангийн яамны мэдлийн Төрийн банк байгуулах шийдвэр гаргаж байлаа. Харин маргааш нь Монголбанкны ерөнхийлөгчийн 650-р тогтоол гарч Зоос банкийг албан ёсоор татан буулгасан юм. Ингээд Зоос банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн. Дээр нь хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн үүднээс засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж Төрийн банкинд олгосон байдаг. Зоос банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар Засгийн газраас гаргасан бондын эргэн төлбөрийг хийж байна. Одоо 62 тэрбум төгрөгийн бондын төлбөрийн үлдэгдэл байна.  

– Зоос банк Анодын нэгэн адил Монгол газар компанийн Олон овоот төсөлд зээл олгосон байдаг. Гэхдээ Анодыг бодвол их хэмжээний зээл олгосон байгаа. Олон овоотын төсөл бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Засгийн газрын бондын эргэн төлөлт удаашралтай байгаад байна уу?

Монгол газар компанийн Олон овоот төсөлд Зоос банкнаас олгосон зээл 60 орчим тэрбум төгрөг байдаг. Хүүг нь нэмж тооцвол 80 орчим тэрбум төгрөг болох байх. Үүнийг барагдуулсан бол, Засгийн газрын бондын эргэн төлбөрийг хийх бүрэн боломжтой байлаа. Гэвч төсөл цааш үргэлжлэх боломжгүй болсон гэдэг үндэслэлээр үйл ажиллагаа нь зогсчихсон байж байна. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хөрөнгийг нь битүүмжилсэн байгаа. Уг нь барьцаанд ашигт малтмалын нэлээд хэдэн тусгай зөвшөөрөл бий л дээ. Тэрийг хэрхэн шийдвэрлэж зээлийг нь төлүүлж хохирлоо барагдуулах вэ гэдэг асуудал ер нь жаахан явц муутай байна. Яагаад вэ гэхээр ашиглалт хийгдэж байсан үйлдвэр зогсчихсон. Нөөцийн талаар эх сурвалжууд хоёр, гурван зөрүүтэй тоо хэлээд байдаг боллоо. Зарим нь 18-20 тонн алтны нөөцтэй гэдэг. Зарим нь 4 тонн алтны нөөцтэй гэж мэдэгддэг. Хэрэв үнэхээр 4 тонн нөөцтэй бол үүнийг авахын тулд их өндөр зардал гарах учраас цаашид ажиллахад хүндрэлтэй байх талтай. Ямар ч байсан одоогоор Засгийн газар ажлын хэсэг гаргаад Олон овоотын ордын нөөцийг дахин тогтоох тухай ярьж байгаа юм билээ.  

-Хадгаламж банкийг өнгөрсөн оны долдугаар сард Төрийн банкинд нэгтгэсэн. Хадгаламж банк хүндэрсэн нь нөгөөх л Олон овооттой холбоотой гэх. Энэ банкны чанаргүй зээлийн яг хэдэн хувь нь Олон овоотын төсөлд олгогдсон байдаг юм бол?

Хадгаламж банкинд нийт 180 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байсан. Үүний 60 тэрбум нь Олон овооттой холбоотой гэж ойлгож болно. Үлдэх 120 тэрбум төгрөгийн зээлийн дийлэнхийг Жаст групптэй холбоотой компаниудад олгосон байсан. Мөн Монгол шуудан болон Хадгаламж банкийг нийлүүлэхэд үүссэн авлага байгаа. Үүнээс болоод банк төлбөрийн чадварын эрсдэлд орсон. Тиймээс тус банкны сайн актив болон харилцах, хадгаламжийг Төрийн банк руу шилжүүлсэн.  

-Тухайлбал ямар авлага гэж?  

– Монгол шуудан болон Хадгаламж банкийг нэгтгэхэд 50 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл байсан. Үүнийг гурван жилийн хугацаанд эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Эс бөгөөс банкны хувь нийлүүлэгч Жаст групп тэр хэмжээгээр хөрөнгө оруулах үүргийг Монголбанкнаас авсан байдаг. Энэ амлалтынхаа хүрээнд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг тодорхой хэмжээгээр хийсэн. Ер нь бол 50 орчим хувийг нь төлүүлсэн, үлдсэн 50 хувийг нь чадаагүй. Үүнд зориулж Жаст групп нэмж хөрөнгө оруулах ёстой байсан ч, төвбанкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Дээр нь бусад чанаргүй зээлүүдтэй холбоотой эргэн төлөлт хийх, эсвэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд биелүүлж чадахгүй болж эхэлсэн л дээ.  

– Хадгаламж банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн байдаг шүү дээ. Актив пассивийн зөрүү 120 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпораци төвбанкнаас арван жилийн хугацаатай зээлж, Төрийн банк руу шилжүүлсэн гэгдэж байгаа?  

-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сард гарсан. Энэ хуулийн дагуу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийн хохирлыг нөхөн олгох ёстой. Тухайн үед тооцоо судалгаа хийгээд үзэхэд 20 хүртэлх сая төгрөгийн нийт хадгаламж 426 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Өөрөөр хэлбэл, банкийг татан буулгавал шууд гарч болох зардал 426 тэрбум төгрөг болох байсан гэсэн үг. Төрийн банк руу хадгаламж, харилцах, найдвартай зээлийг шилжүүлвэл 120 тэрбум төгрөгийн актив пассивын зөрүү гарахаар байсан. Энэ зөрүүг санхүүжүүлээд явах хуулийн гарц байсан л даа тухайн үед. Тиймээс гарч болох зардлыг тооцоод аль болох бага зардал гарах замыг бид сонгосон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч тухайн үед Хадгаламжийн даатгалын корпораци банкуудаас даатгалын шимтгэл, хураамж авч эхлээгүй байсан учраас нөхөн төлбөрт гаргах мөнгийг ямар нэг эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай тулгарсан. Тиймээс ч, Монголбанк системийн тогтвортой байдлыг хангах үүднээс тухайн үед Хадгаламжийн даатгалын корпорацид 10 жилийн хугацаатай 120 тэрбум төгрөг зээлсэн. Үүнийг тус корпоаци цааш нь Төрийн банкинд өгсөн юм.  

Анод, Зоос, Хадгаламж банкуудын олон овоот төсөлд олгосон зээл тэднийг хаалгаа барихад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгвэл энэ ордын тусгай зөвшөөрлүүд Голомт банкны барьцаанд давхар байдаг байх юм. Ингэхдээ, 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх мэдээлэл байна?

Олон овоотын төсөлтэй холбоотой хамгийн том зээлүүд Зоос болон Хадгаламж банкинд байгаа. Би түрүүн дурдсан. Олон овоотын төсөлд зориулж Зоос банк 60 орчим тэрбум, Хадгаламж банк 60 тэрбум төгрөгийн зээл тус тус гаргасан. Харин Анод болон Голомт банкинд арай бага хэмжээний зээлүүд бий. Тухайлбал, Анод банкинд 16 тэрбум төгрөгийн зээл байгааг би түрүүн дурдсан. Хэдийгээр эдгээр банкуудаас ийм хэмжээний зээл авсан ч, барьцаа нь хангалтгүй байсан. Ер нь бол аль ч банкны барьцаанд олон овоотын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд анх байгаагүй. Тиймээс Монголбанкнаас арга хэмжээ авч, дээрх гурван банкны дундын барьцаанд олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг эргүүлэн авсан юм. Өөрөөр хэлбэл, бүх тусгай зөвшөөрлүүдийг дээрх банкуудын дундын барьцаанд оруулж бүртгүүлсэн юм. Мөн Голомт банкны барьцаанд давхар оруулсан. Өөрөөр хэлбэл, олон овоотын тусгай зөвшөөрлүүд өнөөдөр Анод, Зоос, Хадгаламж, Голомт банкны дундын барьцаанд байгаа. Голомт банкны системийн 21 хувийг эзэлдэг буюу 3,7 их наяд төгрөгийн активтай. Олон овоотын төсөлд олгосон зээлээс болж Голомт банкинд бодитоор учрах эрсдэл бага.  

– Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Голомт банк хүндэрчихлээ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ нь хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?  

– 2013 оны тавдугаар сард Голомт банктай холбоотой мэдээлэл анх цацагдсан л даа. Тухайн үед Бодь интернэшнл компанийн хувь нийлүүлэгчдийн дунд өмчөө хэрхэн хуваах вэ гэдэг маргаан гарсан юм шиг байгаа юм. Голомт банкны 85 хувийг Бодь интернэшнл эзэмшдэг. Тэр ч утгаараа, Бодийн хувь нийлүүлэгчдийн маргаанаас болж Голомт хүндэрсэн гэх мэдээлэл цацагдсан гэж ойлгож байгаа. Монголбанк сар бүр банкуудад хяналт тавьж, жилд хоёроос гурван удаа газар дээр нь очиж шалгалт хийдэг. Төвбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна уу гэдгийг нягталдаг. Манайхаас нөлөө бүхий томоохон банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцаа 14 хувь байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Голомт банкны тухайд 2013 оны жилийн эцсийн байдлаар өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь үүнээс 1,9 хувиар өндөр буюу 15,9 хувь байсан. Системийн дундаж үзүүлэлт 15,93 хувь байгаа. Тэгэхээр өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь системийн дундаж хэмжээнд байна гэж ойлгож болно. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой гэсэн шалгуурыг манайхаас мөн тавьдаг. Голомтын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь 44 хувь байгаа. Банкны системийн хувьд нийт зээлийн 2,51 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа. Голомт банкны тухайд бол чанаргүй зээл 3 хувьтай байгаа. Чанаргүй зээлийн хувийн жин 5 хувиас хэтрээгүй тохиолдолд хэвийн гэж үздэг. Тэгээд ч банкууд чанаргүй зээлийг нөхөх эрсдэлийн сантай байдаг учраас 3 хувь бол асуудалгүй. Эдгээрээс дүгнээд хэлэхэд тус банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгаа. Голомтын томоохон хувьцаа эзэмшигч болох Бодь интернэшнл компанийн хувь нийлүүлэгчдийн маргаанаас болж Голомт хэцүүдлээ гэх яриа тараад байгаа юм болов уу гэж бодож байна.  

– Голомт банкны хувь нийлүүлэгчид хөрөнгөө татлаа гэсэн яриа давхар гарах болов. Энэ банкны дүрмийн сангийн тухайд?

-Голомт банкны 85 хувийг Бодь интернэшнл компани, 10 хувийг Щвейцарын Свисс-МО Инвестмент хөрөнгө оруулалтын сан, 5 хувийг Голландын Трафигура Бэхээр Би.Ви хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг. Голомт банк ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг 2011 онд баталсан байдаг. Энэ хүрээнд тус банкны ажилчид 0,5 хувийг эзэмшиж байна. Ер нь банкны хувьцаагаа бусдад шилжүүлэх тохиолдолд төвбанкинд урьдчилж мэдэгдэх ёстой. Хэлцэл хийгдэхээс өмнө Монголбанкинд мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт бий. Манайд Голомт банкны хувь нийлүүлэгчид болох Бодь интернэшнл, Свисс-МО Инвестмент, Трафигура Бэхээр Би.Ви компаниудаас, мөн тус банкны ажилчид дундаас хувьцаагаа заръя гэсэн хүсэлт ирээгүй. Монголбанкнаас тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээ 16 тэрбум төгрөг байгаа. Голомт банкны хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сан нь 42 тэрбум төгрөг байгаа. Харин өөрийн хөрөнгө нь 315 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.  

– Кредит Суис болон Абу Дабигийн сан Голомт банкинд зээл буюу хоёрдогч өглөг байршуулсан ч, үүнийгээ татна гэсэн мэдээлэл давхар гараад байгаа?

Кредит суис өмнө нь 10 сая долларын хоёрдогч өглөг Голомт банкинд байршуулсан байсан. Үүний хугацаа дуусмагц 2012 онд хоёрдогч өглөгийн төлбөрийг Кредит Суист буцааж өгсөн юм билээ. Мэдээж хүний мөнгө авч ашигласан юм чинь Голомт банк хүүг нь төлсөн байх. Хэвлэлээр Кредит суис мөнгөө аваагүй юм шиг. Дээр нь 90 сая долларын асуудал байна гэж бичсэн байсан. Ер нь энэ банкинд 90 сая долларын асуудал ерөөсөө байхгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна. Абу Дабигийн сангийн хувьд Голомт банкинд 25 сая долларын зээл буюу хоёрдогч өглөгийг таван жилийн хугацаатай байршуулсан байгаа. Хугацаа нь 2015 оны арванхоёрдугаар сард дуусах ёстой ч, Абу Дабигийн сан хугацаанаас нь өмнө мөнгөө авах сонирхолтой байгаа юм билээ. Гол шалтгаан нь нөгөөх хувь нийлүүлэгчдийн маргаантай холбоотойгоор Голомт хугацаанд нь амжиж санхүүгийн тайландаа аудит хийлгээгүй юм билээ. Зарим нь үүгээр хийлгэнэ гэхэд, зарим нь тэрүүгээр хийлгэнэ гээд санхүүгийн тайландаа аудит хийлгэж чадалгүй жаахан хугацаа алдсан гээд байгаа. Тиймээс Абу Дабигийн сан зээлийн хугацаа дуусахаас өмнө мөнгөө авна гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн.

– Абу дабигийн сан Голомтоос мөнгөө нэхэж байна гэсэн энэ мэдээлэл, тус банкны хадгаламж эзэмшигчдийг мөнгөө татахад хүргэх вий дээ?

Абу Даби болон Кредит Суисийн талаар мэдээлэл гарсны дагуу өдөр бүр Голомт банкны эх үүсвэр дээр ямар хөдөлгөөн гарч байна вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Ямар нэг өөрчлөлтгүй хэвийн байна. Харилцах болон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаагүй гэсэн хариултыг өгсөн юм.

Банкны секторт ямар нэг асуудал үүсвэл гал унтраах бололцоотой

Төвбанкнаас тавьж буй зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг Голомт банк хангаж байгааг тэр үеийн Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбат ийнхүү хэлж байлаа. Үүнээс гадна, банкны хувь нийлүүлэгчид хувьцаагаа бусдад шилжүүлэх тохиолдолд заавал төвбанкинд мэдэгдэх ёстой байдаг. Тэр үед ийм хүсэлт ирүүлээгүй болохыг төвбанкныхан хэлж байсан юм. Баттай эх сурвалжуудын хэлснээр Голомт банкны санхүүгийн байдал хэвийн ч, хувь нийлүүлэгчид хөрөнгөө хуваах, ашиг орлого дээрээ тохиролцохгүй байгаа гэх мэдээлэл гарч байсан нь нууц биш. Тиймээс зарим хувь нийлүүлэгч нь Голомт банкны байдлыг хүндрүүлэх сонирхлоор цуу тараасан байж болзошгүй гэсэн хардлага байсныг хөндлөнгийн шинжээчид хэлж байсан юм. Эндээс хувь нийлүүлэгчдийн маргаан хадгаламж эзэмигчдийг хохироох ёстой юу гэсэн асуулт гарч байлаа. Хэдийгээр Голомт банк санхүүгийн хувьд хэвийн байсан ч гэсэн нийгэмд газар авсан цуу яриа харилцагчид болон хадгаламж эзэмшигчдийг тус банкнаас мөнгөө татахад хүргэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Банк гэдэг итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Хэрэв хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, банк татан буугдахад хүрвэл харилцагчдын хохирлыг барагдуулах мөнгө Хадгаламжийн даатгалын санд бий юу. Үүнд Хадгаламжийн даатгалын сангийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэн: Хадгаламжийн даатгалын санд төвбанкнаас 50 тэрбум төгрөг, Сангийн яамнаас 35 тэрбум төгрөгийг байршуулсан. Харин банкуудын хувьд 2013 онд нийт хадгаламжийг 17 тэрбум төгрөгөөр даатгуулсан. Үүгээр тооцвол Хадгаламжийн даатгалын санд 102 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа. Банкны секторт ямар нэг асуудал үүсвэл гал унтраах бололцоотой гэсэн тайлбарыг өгч байсан юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate