Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Сүү хөтөлбөр хэрэгжиж эхлэв…

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг хүн жилд 124 литр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж зааварчилсан байдаг. Тэгвэл энэ хэмжээний сүү сүүн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын хүн ам хэрэглэж чадахгүй байгаа юм. Хотын нэг хүн жилд 66 литр сүү хэрэглэдэг бол, хөдөөний иргэд жилд 244 литр сүү хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Эндээс хотын хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийн иргэдээс 4 дахин бага байгаа нь харагддаг. Хотын иргэдийн сүүний хэрэглээ 1990 онтой харьцуулахад даруй 25 хувиар буурсан болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс хотын хүн амын сүүний хэрэгцээг нэмэгдүүлэх, байгалийн гаралтай сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Сүү хөтөлбөрийг Засгийн газар 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд төв суурин газрын ойролцоо сүүний чиглэлийн үхэр үржүүлж, фермерийн аж ахуйтай болох зорилт тавьж байлаа. Сүү хөтөлбөрийн хүрээнд тухайн үед 450 сүүний чиглэлийн үнээг зургаан аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй өгсөн гэдэг. Салбарын яам нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр сүүний чиглэлийн үнээ олгосон нь энэ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан сүүний чиглэлийн үнээг нэгийг нь 2 сая төгрөгөөр худалдан авчээ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд олгосон сүүний чиглэлийн үнээг худалдан авахад 900 орчим сая төгрөг зарцуулсан гэсэн үг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд сүүний чиглэлийн үнээг өсгөж үр төлийг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өгөх ёстой. Өсгөж өгсөн үр төлийг салбарын яам нь дараагийн аж ахуйн нэгжүүдэд үнэгүй өгч, улмаар сүүний чиглэлийн үнээг нэмэгдүүлж, фермерийн аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьж ажилласан юм. Ингэснээр сүү сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэнэ гэж үзэж байлаа.

Үүнээс гадна, Засгийн газар 2009 оныг Үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласан юм. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан орон нутагт сүү боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Тэд сүүний үйлдвэрт шаардагдах тоног төхөөрөмжийг Энэтхэг улсаас импортлон орон нутгийн аж, ахуйн нэгжүүдэд хөнглөлттэй болон эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгожээ. Салбарын яамны олгосон тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Дорнод аймгийн Найнги компани, Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Титаник, Баянхонгор аймгийн Барууншанд компаниуд орон нутагтаа сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулаад амжсан байгаа юм. Орон нутагт байгуулагдсан дээрх үйлдвэрүүд хоногт 500-1000 литр сүү боловсруулах хүчин чадалтай аж. Үхэр, сарлаг, бог малын сүүг боловсруулж, ариутгасан сүү, төрөл бүрийн тараг, зөөхий, цөцгийн тос, аарц, ааруул, бяслаг зэргийг хэдэн жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн байна. Дээрх үйлдвэрүүд ашиглалтад орсноор хүн, ам төвлөрсөн аймгийн төвийн иргэдийг үйлдвэрийн аргаар боловсруулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах боломжтой болсон юм. Үүнээс гадна, 25-30 малчин өрх сүүгээ үйлдвэрт нийлүүлж, өдөр тутмын орлоготой болох эх үүсвэр тавигдсан болохыг Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан 2009 оны наймдугаар сарын 1-ний өдөр хэлж байлаа. Ийнхүү манай улс Сүү хөтөлбөрийг 2006-2016 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Эхний шатанд хотын хүн амыг 100 хувь сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьсан бол, дараагийн шатанд улсынхаа хүн амыг сүү сүүн бүтээгдэхүүнээр 100 хувь хангах зорилт тавьсан билээ. Улмаар эх орны сүү сүүн бүтээгдэхүүнийг экспортод гаргахаар төлөвлөж байсан нь саяхан.

Ийнхүү сүү хөтөлбөрийг сүр дуулиантай хэдэн жилийн өмнө эхлүүлсэн ч удалгүй сураг алдарсан тал бий. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг дахин сэргээж, сүүний урамшуулал олгож эхэлсэн юм. Үүний нэг жишээ бол, Засгийн газраас 130 дугаар тогтоол гаргаж Сүү боловсруулах үйлдвэрт шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгохоор болсон юм. Харин сүүний урамшуулал 2020 оны арванхоёрдугаар сараас биеллээ олов. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сард сүү боловсруулах 8 үйлдвэрт 1,533,489 литр түүхий сүү мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй тушаасан, татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/ үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид сүүний урамшуулал олгосон юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-11 дүгээр тушаалын дагуу тэдэнд 766 сая 744 мянга 500 төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн байдаг. Урамшуулалд хамрагдахын тулд нэг талаас нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байх ёстой. Нөгөө талаас сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх бүрт малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх ёстой юм. Худалдан авагч үйлдвэр, борлуулагч малчин болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид баримтыг ажлын 3 хоногийн дотор баталгаажуулсан байх ёстойг Засгийн газраас анхааруулдаг.

Ийнхүү сүүний урамшуулал олгож эхэлснээр өвлийн улиралд сүү нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэж сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо тогтвортой хүртээмжтэй хангах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ. Улсын хэмжээнд сүү сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулдаг. Тэнд 1680 гаруй хүн ажилладаг гэх судалгаа гарчээ. Энэ салбар жилдээ 470 мянга гаруй тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч, 35 хувийг нь ашигладаг байна. Энэ нь сүү бэлтгэл улирлын хамааралтай боловч, нөгөө талаас бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой гэнэ. Өвлийн улиралд хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад 27 сая литр шаардлагатай ч, 16,8 сая литрийг нийлүүлж байгаа юм. Дашрамд дурдахад, 2008 оны аравдугаар сарын байдлаар манай улс хэрэгцээт сүүнийхээ 10 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг гэх судалгаа гарч байлаа. Дотоодын сүүний хэрэгцээний 30 орчим хувийг Сүү хувьцаат компани нийлүүлдэг байжээ. Харин 20 орчим хувийг Хятадаас, үлдэх хувийг ОХУ, Герман, Дани, Польш, Өмнөд Солонгос, Франц зэрэг улсуудаас импортлон авдаг байжээ. 2008 оны есдүгээр сард гэхэд дээрх европын улсуудаас манай аж ахуйн нэгжүүд 315 мянган тонн шингэн сүү, 401 мянган тонн хуурай сүү, 110 килограмм тараг, 767 мянган тонн зайрмаг, 841 тонн бусад төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн импортолсон байна. Тухайн үед сүү сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ мэт их байсан тул, сүүний үнэ 30-аас дээш хувиар өсөхгүй байх шалтгаан болж байсан юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate