Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   10 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 19, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Ерөнхий сайд Гашуун сухайт боомтод ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж, тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тавантолгой компаниар зочилж ажилчидтай нь уулзах үеэрээ Засгийн газрын тэргүүн Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний дүнд 2019 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулж чадсан. Үүний үр дүнг 30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Тавантолгойн нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлсэн нь шууд үр дүнг харууллаа. Иймд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна. Цаашид аймаг орон нутгийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж агаарын бохирдлыг арилгахад Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс компаниуд ихээхэн үүрэгтэйг онцолсон юм. Цаашид ажлаа эрчимжүүлж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллахыг сануулав. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсний хэрэглээг халж, шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулж, хүн амын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах бодлого үргэлжлэх юм.

Засгийн газрын тэргүүн мөн Гашуунсухайт боомтын ажилтай танилцлаа. Тус боомтод КОВИД 19-ийн улмаас нүүрсний экспорт 44 хувиар, зэсийн баяжмал 13,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цагаан хад сууринд гаалийн хяналтын буюу нүүрс ачилт буулгалтын 18 талбай ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар эдгээрт 1,1 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Гэсэн ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарцыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн сарын 12-ноос эхлэн нүүрс болон зэсийн баяжмалын 1000-1400 тээврийн хэрэгсэл гарч эхэлжээ. Өмнө нь 400-500 болж буураад байсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомт манай улсын томоохон үүд хаалга. Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус боомтын шинэчлэлийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Иймд Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэйг онцолж, холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллахыг сануулж байлаа. Гашуунсухайт боомтыг шинэчлэх 20 сая америк долларын өртөгтэй төсөл 2019 онд эхэлсэн ч, КОВИД 19-ийн улмаас зогсонги байдалд оржээ. Ирэх оноос боомтын шинэчлэлийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нартай мөн уулзсан юм. Тэд Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлт тавилаа. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгааг онцлохын зэрэгцээ төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд авто замын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг баримтална. Иймд тээвэрлэлтээ үргэлжүүлж авто замаар жилд 20 сая тонн, төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх зорилт тавьж байна. Цаашид авто тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна. Төмөр зам, авто замын нүүрс тээвэрлэлтийг хослуулан явуулах учир жолооч нар аюулгүй байдлаа хангаж, холбогдох дүрэм журмын дагуу ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд захисан юм.

Дараа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд баригдаж буй “Тээвэрчдийн хотхон”-ны барилгын гүйцэтгэлийг шалгав. Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээр үүсдэг тээврийн хэрэгслийн урт дараалал, эмх замбараагүй байдал, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уг хотхоныг 2018 онд барьж эхэлсэн. Тус цогцолбор 1000 автомашины зогсоолтой, 500 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай. Жолооч нарын амрах байр, халуун ус, эмнэлэг, зоогийн газар, худалдаа, ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажил 67, захиргаа, зочид буудал, авто оношлогоо, авто засварын газрын ажил 70 хувьтай байна. Харин ачилт хүлээлгийн талбай, шатахуун түгээх гурван станцын ажил дуусжээ. Цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ 1200 ажлын байр шинээр бий болох юм.

2020-09-09: Энэ өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг энэ ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан гаргахаар болсон байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулж, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэхээр боллоо. Мөн өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулахаар тогтов. Үүнээс гадна, өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийхээр болсон байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийхийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate