Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Төсвийн бодлого…

-Татварын ерөнхий хуульд орсон нэмэлт өөрчлөлт-

2008.05.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Татварын ерөнхий хууль 1992 онд буюу манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэний дараахан УИХ-аар батлагдан гарсан. Үүний дараагаар татварын орчинг боловсронгуй болгох үүднээс 1996 онд Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийг батлан гаргаж, 2002 онд шинэчлэн найруулсан юм. Эдгээр хуулиуд нь манай улсын татвартай холбоотой бүхий л харилцааг зохицуулж байв. Харин 2008.05.20-ны өдөр эдгээр хуулиудыг нэгтгэж Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлан гаргажээ. Шинэчлэн найруулсан хуулийн давуу талын тухай тэр үеийн Татварын ерөнхий газрын Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах байцаагч Мягмарцэрэн: Шинээр батлагдсан Татварын ерөнхий хууль нь ерөнхийдөө татвар төлөгч, татварын албаны хоорондын харилцаа, татвар төлөгч, татварын албаны эрх зүйн эрх тэгш байдлыг хангасан хууль болсон гэж үзэж байгаа. Татварын алба бол төрийн захиргааны байгууллага гэдэг утгаар биш, татвар төлөгчдөд зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлдэг байгууллага байх ёстой гэдэг утгаар энэ хуульд нэлээд өөрчлөлтүүд орсон. Татвар төлөгчийн эрхийг өргөтгөж, Татварын алба болон татварын улсын байцаагчийн үүргийг тодорхой болгож, хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тухайлбал, татварын улсын байцаагч хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд, Татварын ерөнхий хуульд заасан сахилгын ерөнхий шийтгэлүүдийг хүлээхээр хуульчлагдсан байгаа. Үүн дээр Төрийн албаны хуульд заасан хариуцлагаас гадна, улсын байцагчийн эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хасах, мөн татварын албаны цол бууруулах гэх мэтчилэн сахилгын шинэ шийтгэлийн төрлүүдийг оруулж өгсөн. Удаа дараа татварын хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд татварын албанаас халахаар ингэж зааж өгсөн байгаа. Ингэснээрээ татварын байцаагч нарын сахилга, хариуцлагыг нэлээд өндөржүүлж өгнө гэж үзэж байгаа юм. Нөгөө талаас, татварын албанд орж ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс шинэ ажилтан, албан хаагчдад татварын улсын байцаагчийн эрхийг шууд олгодог байсан явдлыг болиулж, хураагч гэдэг албан тушаал дээр нэг жилийн хугацаатайгаар дагалдангаар ажилуулахаар болсон. Үүний дараагаар сонгон шалгаруулж татварын улсын байцаагчийн албан тушаалд томилж байхаар хуульчилж өгсөн. Бас нэг асуудал бол татвар төлөгчийн хүлээх хариуцлагын асуудлыг нэлээд тодорхой ойлгомжтой болгож өгсөн. Татварын ерөнхий хуулийн 74, 75 -р зүйлүүдэд энэ талаар тодорхой заалтууд орсон. Өмнөх хуулиар татвар ногдуулах, орлох, орлоготой тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг байсан бол, одоогийн шинэчилсэн хуулиар энэ хариуцлагыг нилээд өөрчилж, төлсөн татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар ингэж өөрчилсөн. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ торгуулийн арга хэмжээтэй холбож өгсөн. Нэлээд тогтвортой үйлчлэх боломжтой өөрчлөлтүүдийг оруулж өгсөн байгаа гэсэн хариулт өгч байв.Татвар төлөгч, татварын албаны уялдаа холбоог сайжруулах, татварын эрхзүйн орчинг татвар төлөгчдөд ашигтай байдлаар боловсронгуй болгох үүднээс Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар ийнхүү батлан гаргажээ. Шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хууль 9 бүлэг 76 зүйлтэй. Шинэчилсэн хуульд нийт 200 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн найруулгаар орж ирсэн зарим нэг онцлог заалтуудын тухайд: шинэчилсэн найруулгын 4-р зүйл буюу хуулийн нэр томъёо зүйлд цахим баримт бичиг гэж юуг хэлэх, тухайлбал тоон гарын үсэг гэж юуг хэлэх, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан гэж юу байх, татвар суутгагч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тайлбарлаж өгсөн байдаг. Өмнө нь энэ талаар ямар нэгэн тайлбар байгаагүй юм. Төр засгаас цахим засаглалыг хөгжүүлэх талаар нэлээд арга хэмжээ авч байгаа. Тиймээс цахим засаглалтай холбоотой хуулийн төсөл хүртэл боловсруулагдаж эхэлсэн байна. Тиймээс цаашид татварын тайланг цахим хэлбэрээр өгөх. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын тайланг цахим хэлбэрээр авч татвар төлөгчдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс нэлээд хөнгөвчилсэн байна. Энэ байдал цаашид нэлээд өргөжиж, бусад татваруудыг цахим хэлбэрээр авахаар болжээ. Үүнтэй уялдуулан цахим байдалд шилжих, цахим татварын албыг бий болгох, хөгжүүлэх хэтийн зорилтыг хангах үүднээс Татварын ерөнхий хуульд цахим баримт бичигт тоон гарын үсэг, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем гэсэн нэр томъёонуудыг цоо шинээр оруулж өгчээ. Нөгөө талаас 2006 онд батлагдаж, 2007.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад татвар суутгагч гэсэн нэр томъёог оруулж өгсөн байна. Энэ нэр томъёог Татварын Ерөнхий хуулийн нэр томъёоны тайлбарт татвар суутгагч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хуульчилж, тайлбарлаж өгсөн байна. Нөгөөтэйгүүр нэр томъёоны тайлбар дээр хүндэтгэн үзэх шалтгаан гэж юуг хэлэх вэ гэдгийн тайлбарлаж өгчээ. Тухайлбал, татвар төлөгч өвчтэй байх, эмчилгээ хийлгэж байгаа, эмнэлэгт хэвтсэн, өвчтэй хүн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, мөн нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон. Галын болон байгалийн гэнэтийн аюул, усны үер, ган зуд, цасан болон шороон шуурга, газар хөдлөлт гэх зэрэг ийм нөхцөл байдлуудаас болоод, өөрөөс шалтгаалахгүйгээр тухайн төрлийн татварын хуульд заасан хугацаанд тайлангаа гаргаж өгч чадахгүй байх, татвараа хуульд заасан хугацаанд төлж чадаагүй ийм тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээд, захиргааны болон ямар нэгэн хариуцлагаас чөлөөлж байхаар хуульчилж өгсөн байна. Уг чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгох үүднээс хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ийнхүү тайлбарлаж, хуульчилж өгчээ.

-Хувь хүний орлогын албан татвар төлдөг иргэд ямар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх вэ-

2009.08.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Хувь хүний орлогын албан татварыг манай улсад хөдөлмөр эрхэлдэг хүн бүр төлдөг. Өөрөөр хэлбэл, 700 мянга гаруй иргэд хувь хүний орлогын албан татвар төлж байна гэсэн үг юм. Тэд тухайн жилийн олсон орлогынхоо 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татварын албанд төлдөг юм. Өөрөөр хэлбэл, иргэн тухайн жилд 3 сая төгрөгийн цэвэр орлогтой байсан бол, үүнийхээ 10 хувийг буюу 300 мянган төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлдөг гэсэн үг. Тэд орлогынхоо 10 хувийг хувь хүний орлогын албан татварт төлөхөөс гадна, мөн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Хуульд заасан бүх хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүргэх боломжгүй. Тиймээс нийгмийн бүхий л давхаргад хамааралтай хөнгөлөлт чөлөөлөлтийг онцоллоо. Хувь хүний орлогын албан татварт бизнесмен болон иргэдэд ихээхэн ашигтай хөнгөлөлт чөлөөлөлтүүд байдаг байна. Тодруулбал, иргэд болон бизнесменүүд ногдол ашгийн орлого болон хүүгийн орлогодоо хувь хүний орлогын албан татвар төлөхгүй байж болдог байна. Ногдол ашгийн орлого гэж хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаардаг байна. Хүүгийн орлого гэж зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалтад гаргасны төлбөр зэрэг багтдаг байна. Гадаад улс орнуудад ногдол ашиг болон хүүгийн орлогоос хувь хүний орлогын албан татвар авдаг. Манай улс ч гэсэн 1997 оноос өмнө дээрх төрлийн орлогоос татвар авдаг байжээ. Харин одоо энэ төрлийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахаа больсон байна. Гэвч үүнийг иргэд болон бизнесменүүд мэддэггүйгээсээ болж, ихээхэн хэмжээний алдагдал хүлээж болзошгүй байдалд ордог байна. Энэ тухай эрхзүйч Б.Лхагважав: Бизнесменүүд болон иргэд ногдол ашгийн орлого болон хүүгийн орлогодоо хувь хүний орлогын албан татвар төлөхгүй байж болдог. Үүнээс гадна, иргэд өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр анх удаа амьдрах зорирулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогод хөнгөлөлт эдэлж болдог байна. Өөрөөр хэлбэл, иргэд орон сууц барих, эсвэл худалдан авбал, хувь хүний орлогын албан татвар төлөхгүй, хөнгөлөлт эдэлж болдог аж. Хэрэв тухайн жил хувь хүний орлогын албан татвар төлсөн бол үүнийгээ буцаан авч болдог байх юм. Ямар тохиолдолд хөнгөлөлт эдэлж, хувь хүний орлогын албан татвараа буцаан авч болох вэ гэсэн асуултад Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туул: Гэхдээ зөвхөн орон сууц барих, эсвэл худалдан авсан орон сууцны үнийн дүнгийн 30 хүртэлх сая төгрөгт нь хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг. Амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авбал, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх эрх нь хуулийн хүрээнд үүсээд байгаа. Гэхдээ орон сууцны барилгын компаниудаас орон сууц худалдаж авсан тохиолдолд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж чадахгүй болохыг онцлов. Товчхондоо, орон сууц барих, эсвэл хуучин орон сууц худалдаж авахад хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж болдог тухай албаны хүн ийнхүү хуучлав. Иргэд өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр анх удаа, амьдрах зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогод хөнгөлөлт эдэлж болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, иргэд орон сууц барих, эсвэл худалдан авбал хувь хүний орлогын албан татвар төлөхгүй хөнгөлөлт эдэлж болно гэсэн үг. Үндэсний татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туул: Хувь хүний орлогын албан татвар төлөгчийн тухайн жилийн орлогоос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал зэрэг бусад зардлыг хасч, яг үлдэх цэвэр орлогт хувь хүний орлогын албан татвар ногдуулдаг. Тухайн хүний жилийн цэвэр орлого буюу татвар ногдуулах орлого 6 сая төгрөг байлаа гэхэд, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөний дараа үлдэх дүн нь 5.4 сая төгрөг болно. Үүнээс тухайн жилийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 78 мянган төгрөг хассаны дараа үлдэх орлогоос 10 хувийн хөнгөлөлт чөлөөлт эдэлдэг гэлцэх нь бий. Яг үнэндээ үлдсэн орлогоос 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх бус, тухайн жилд төлсөн хувь хүний орлогын албан татвараа эргүүлэн авах ёстойг хэлж байна. Ямар хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж болохыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлээс уг татварыг төлөгч 700 гаруй мянган иргэн харж болохыг хуульчид зөвлөж байна. Татвар төлөгчид ямар хөнгөлөлт, чөлөөлт эдэлж болохоо сайн мэддэггүй учраас хуулиар олгосон хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдэлж чадахгүй байх тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс хуулиар олгосон хөнгөлөлт, чөлөөлтийг сайтар анзаарч, үүнийгээ эдэлж байх хэрэгтэйг зөвлөж байгаа юм.

-Оюутны сургалтын төлбөр төлсөн төрийн албан хаагч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой-

2010.09.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Жил бүрийн намар их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө шинэчлэн тогтоодог. Энэ жил сургалтын төлбөрийг 13 хувиар нэмж болно гэсэн шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Энэ дагуу их, дээд сургуулиад төлбөрөө тодорхой хэмжээгээр нэмсэн байна. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн проректор Даваасүрэн: МУИС сургалтын төлбөрөө дунджаар 10 орчим хувиар нэмсэн гэв. Боловсролын их сургуулийн Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Цог-Очир: Боловсролын их сургуулийн оюутны сургалтын төлбөрийг 13 хувиар өсгөсөн тухай хэлэв. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эдийн засаг маркетингийн албаны дарга Энхбаяр: Хүмүүнлэгийн ухааны их сургууль сургалтын төлбөрөө 13 хувиар нэмсэн тухай мөн хэлж байна. Ингэснээр тус сургуулийн нэг кредит цаг 30-42 мянган төгрөгөөр болж байгаа юм байна. Төрийн өмчийн бусад сургуулиуд ч гэсэн төлбөрөө 13 хувиар өсгөсөн байна. Ингэснээр Соёл урлагийн их сургуулийн төлбөр 1 сая 467 мянган төгрөг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн төлбөр 1 сая 584 мянган төгрөг болж байна. Харин Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөр кредит болон курсээсээ хамаарч 920 мянган төгрөгөөс 1 сая 500 мянган төгрөг байна. Ер нь жил ирэх тусам их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэж байна. Энэ нь эцэг эхчүүдэд ихээхэн дарамт болж байгаа нь мэдээж. Тиймээс эцэг, эхчүүдэд тэр дундаа оюутны сургалтын төлбөр төлж байгаа иргэдэд зориулсан мэдээлэл байна. Хэрэв төрийн албан хаагчид оюутны сургалтын төлбөр төлж байгаа бол, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой байдаг байна. Оюутны сургалтын төлбөр төлсөн төрийн албан хаагчид хэрхэн хөнгөлөлт, чөлөөлт эдлэх вэ. Үүнд Үндэсний татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Туул: Оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөхөд ийм асуудал явагдаж байгаа. Шинэ хуульд юу зааж өгсөн юм бэ гэхээр сургалт төлсөн төлбөрийнх нь хэмжээгээр нь хөнгөлнө гээд заачихсан. Баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр нь хөнгөлнө гээд заачихсан байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, нэг айл гурван хүүхэдтэй байлаа. Ээж, аавых нь аль нэг нь төрийн байгууллагад ажилладаг байлаа. Тэр тохиолдолд төрийн албан хаагчын хүүхдийн сургалтын төлбөрийн төр хариуцна гэсэн заалт байгаа. Гэтэл 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нөгөө хүн чинь төлчихсөн байвал яах уу. Хоёр хүүхдүүийх нь сургалтын төлбөр нийлээд 1 сая төгрөг төлчихлөө. Нөгөө нэг төрийн албан хаагчын хариуцаж байсан хүүхдийн 50 мянгыг ээж, аав нь бас төлчихлөө шүү дээ. Ингээд 1 сая 50 мянган төгрөг ээж, аав нь нийлээд төлчихсөн байна. Энэ 1 сая 50 мянган төгрөг нь баримтаар нотлогдвол, 1 сая 50 мянган төгрөгийг ээж, аав нь чөлөөлүүлэх эрх эдэлнэ гэсэн үг юм.щ гэсэн хариулт өглөө. Хэрэв хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийг хүсвэл дараа оныхоо 2-р сарын 15-наас хоцрохгүйгээр харьяа татварын албандаа очих ёстой юм байна. Тодруулбал, 2009 онд оюутны сургалтын төлбөр төлсөн бол, 2010.02.15-ны өдрөөс өмнө харьяа татварын албанд очих ёстой юм байна. Гэхдээ, мэдээж оюутны сургалтын төлбөр төлсөн баримттайгаа очих ёстой аж. Үүнээс гадна, 2010 онд нийт 41 мянган оюутан сургалтын төрийн сангийн зээлд хамрагдаж байгаа юм. Эдгээр оюутнууд сургалтын төлбөр огт төлөхгүй гэж их, дээд сургуулийн удирдлагууд мэдэгдэж байсан. Төлбөрийнх нь тодорхой хувийг хүний хөгжил сангаас өгч, үлдэх төлбөрийг нь сургалтын төрийн сангаас олгох учраас тэр юм байна. Төрийн сангийн зээлээр суралцагчдаас бусад оюутнууд зөвхөн эхний дөрвөн сарын сургалтын төлбөрөө төлөх ёстой. Үлдэх төлбөрийг хүний хөгжил сангаас мөн олгох юм байна.

-Татварын удирдлагыг бэхжүүлэх төсөл дүнгээ хэлэлцлээ-

Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-аас Үндэсний татварын ерөнхий газартай хамтран таван үе шаттайгаар хэрэгжүүлсэн Татварын удирдлагыг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн тайланг хэлэлцлээ. Тайлангийн хуралд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я. Ичихаши, Үндэсний татварын ерөнхий газрынхан оролцож төсөл амжилттай хэрэгжсэнийг онцлов. Төслийн хүрээнд татварын албаны 70 гаруй байцаагч Япон их сургуулийн сургалтад хамрагдсанаас гадна, татварын орчинг сайжруулах үүднээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, боловсон хүчин, хүний нөөцийг бүрдүүлэх тогтолцоог шинэчилж, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн сургалтын төвийн орчинг сайжруулж, зайны сургалтыг нэвтрүүлэх ажлуудыг хийжээ. Үүний сацуу, татвар хураалт, хяналт шалгалтын чиглэлээр гарын авлага боловсруулж, утсаар зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагааг эхлүүлж, хөндлөнгийн мэдлээллийн системийг сайжруулж, НӨАТ-ын тайланг цахимжуулж, татварын нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулсан байна. Үндэсний татварын алба, Туркийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Татвар ногдуулалт ба татвар хураалт сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад Бүгд Найрамдах Турк улсын Сангийн яамны дэргэдэх Орлогын удирдлагын газрын дарга Кариалан Илхан болон бусад албаны хүмүүс оролцож, Турк улсын орлогын удирлага, татварын систем, бэлэн мөнгөөр арилжаа эрхлэгчдийг татварт хамруулах, татварын хэмжээг тодорхойлох, онцгой албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт тавих тогтолцоо, эрсдлийн удирдлагыг татварын албанд нэвтрүүлэх зэрэг асуудлаар мэдээлэл хийжээ. Тус сургалтад Татварын ерөнхий газар, нийслэл, дүүргийн татварын газраас нийт 24 байцаагч оролцож, Туркийн татварын албаны үйл ажиллагаатай танилцсан байна.

-Нэмэгдсэн өртөгийн албан татварыг өөрчилөхөөр төлөвлөж байна-

2010.11.02. Улаанбаатар хот. Монгол улс. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийг УИХ 1997 онд баталсан. Энэ үеэс хойш иргэд худалдан авсан бараа, үйлчилгээгээрээ дамжуулан нэмэгдсэн өртөгийн албан татвар төлж ирсэн билээ. Ер нь манай улс иргэн бүрийн худалдан авсан бараа, бүтээгдэхүүнээр дамжуулан 10 хувийн нэмэгдсэн өртөгийн албан татвар авах хуулийн тогтолцоотой бол, дэлхийн улс орнууд энэ татварыг өөр зүйлд ашигладаг байх юм. Манайхаас бусад орны иргэд нэмэгдсэн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн авах бүртээ тухайн бүтээгдэхүүнийхээ чек, талоныг давхар авдаг байна. Тэрхүү чек, талоноо цуглуулж оны эцэст татварынхаа албанд аваачиж, нэмэгдсэн өртөгийналбан татварт төлсөн мөнгөө буцааж авдаг. Хүмүүсийн татварын албанд аваачсан талон, чек дээрх мэдээллийг аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний тоо ширхэгтэй тулгадаг. Ингэж дэлхийн улс орнууд нэмэгдсэн өртөгийн албан татварыг ашиглаж, аж ахуйн нэгжүүдийнхээ орлого болон төсөвт төлсөн мөнгө нь үнэн бодитой эсэхийг нягталдаг байна. Гэтэл манай улс нэмэгдсэн өртөгийн албан татварыг жнихэнэ утгаар нь хэрэглэдэггүй, иргэдээсээ татвар авах хэрэгсэл болгож байгаа нь томоохон алдаа болж байгааг мэргэжлийн хүмүүс шүүмжилж байгаа юм. Нэмэгдсэн өртөгийн албан татварын бас нэг алдаа бол манай улс иргэдийнхээ төлсөн татварыг бүгдийг нь авч чаддагүй явсаар ирсэн явдал. Манай улсад 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 45 мянга нь нэмэгдсэн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан борлуулдаг гэх судалгаа гарчээ. Тэд талх, масло, эрчим хүч гээд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдахдаа нэмэгдсэн өртөгийн албан татварын 10 хувийн шимтгэл авдаг. Харин энэ татвараа зохих байгууллага руу шилжүүлэх ёстой ч, дээрх аж ахуйн нэгжүүдээс ердөө 13 мянга нь нэмэгдсэн өртөгийн 10 хувийн шимтгэлээ татварын алба руу шижлүүлдэг судалгаа гарчээ. 10 сая төгрөгөөс дээш орлогтой аж ахуйн нэгжүүдээс нэмэгдсэн өртөгийн албан татвар авна. Үүнээс доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс нэмэгдсэн өртөгийн албан татвар авахгүй гэж хуульчилсан учраас тэр юм байна. Үүнтэй холбоотойгоор ихэнх аж ахуйн нэгж орлогоо нуун дарагдуулж, 10 сая төгрөгөөс доош орлоготой хэмээн мэдүүлж, иргэдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахад төлсөн 10 хувийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг цааш нь татварын албанд тушаалгүй явж иржээ. Эндээс иргэд нэмэгдсэн өртөгийн албан татварыг улсад биш, аж ахуйн нэгжүүдэд тушааж ирсэн дүр зураг ажиглагдаж байв. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртөгийн албан татварын нэг алдаа нь энэ байсан гэж ойлгож болох талтай. Нэмэгдсэн өртөгийн албан татварын дараах алдаа дутагдал нь зарим аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртөгийн албан татварын буцаан олголтыг авдаг явдал байв. Тодруулбал, жилд 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн гадаад зах зээлд экспортолсон компаниуд татварын албанаас нэмэгдсэн өртөгийн албан татвараа буцаан авдаг байжээ. Тэд дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулаагүй учир, монгол иргэд тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр татварын албанаас мөнгийг нь буцааж өгдөг байжээ. Үүнд гол төлөв уул уурхайн компаниуд хамрагддаг байсан аж. Тухайлбал, алт экспортлогч компани гэдэг утгаараа Бороо голд компани буцаан олголтын сангаас 2 сая ам.доллар эргүүлэн авсан гэх мэдээлэл гарч байсан нь нууц биш. Иргэд нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа бүтээгдэхүүн худалдан аваад, үүнийхээ багахан хувийг ч болтугай эргүүлэн авах боломжгүй байхад, алтны экспорт хийж орлого олсон компани нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авч ирсэн тогтолцоо ийнхүү манай улсад үйлчилж байжээ. Үүнийг залруулах гарц гаргалгааны талаар Үндэсний татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Туул: Нэмэгдсэн өртөгийн албан татварт төлсөн мөнгөний тодорхой хувийг иргэн бүрт эргүүлж өгөх хуулийн төслийг боловсруулж байна гэв. Үүнээс гадна, дээрх гажуудлыг засах хэд хэдэн хувилбарыг эдийн засагчдын зүгээс дэвшүүлж байна. Тухайлбал, нэмэгдсэн өртөгийн албан татварын хувь хэмжээг 1 хувь болговол, иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Нөгөө талаас, аж ахуйн нэгж болгоноос иргэдийн нэмэгдсэн өртөгийн албан татварт төлсөн нэг хувийн шимтгэлийг авдаг болвол, улсын төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

-Нэмэгдсэн өртгийн албан татварыг Франц улс 1954 онд анх нэвтрүүлжээ-

2012.03.31. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэх нэр томьёо 1928 онд Герман улсад анх үүссэн ч, энэ татварыг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн улс бол Франц юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Францын аж ахуйн нэгжүүд орлогоо нуун дарагдуулах замаар татвараас зайлсхийдэг байжээ. Үүний сацуу Франц улс дайны дараа санхүүгийн нэгдсэн бүртгэлгүй болсон учраас компаниудаасаа татвараа бүрэн авч чадахгүйд хүрсэн байгаа юм. Тиймээс тэдний орлогыг ил болгож, түүнд ногдох татварыг бүрэн авах үүднээс Франц улс 1954 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг зах зээлд нэвтрүүлсэн байна. Ингэхдээ иргэдийнхээ худалдан авсан бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан энэ татварыг авч эхэлжээ. Харин францын иргэд оронд нь худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ тасалбарыг цуглуулж татварын албандаа бүртгүүлэх ёстой. Ингэхдээ жилийн эцэст татварын албандаа аваачиж, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн мөнгөө буцаан авдаг болжээ. Ингэх явцад францын аж ахуйн нэгжүүдийн тухайн жил олсон орлого ил болж, татварт хэдий хэмжээний мөнгө төлөх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн эсэх нь ил болж байсан байна. Франц улс ийм аргаар компаниудынхаа орлогод хяналт тавьж, татвараа бүрэн авч чаддаг болжээ. Тиймээс дэлхийн ихэнх улс францын энэ туршлагыг өөрийн оронд нэвтрүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар авах замаар компаниудынхаа орлогод хяналт тавьж татвараа цуглуулдаг болсон юм. Татварын алба эндээс аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг хянаж, улсын төсвөө бүрдүүлж, эцэст нь нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн иргэдийг мөнгийг буцааж олгодог байж. Тэр ч утгаараа, энэ татварын цаад санаа нь аж ахуйн нэгжүүд татварын албанд орлогоо үнэн зөв мэдүүлж байгаа эсэхийг хянахад оршиж байсан юм.  Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авсан бараа, бүтээгдэхүүнээр дамжуулан иргэдээс татвар авахдаа бус. Харин аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүний тоо ширхэгт хяналт тавьж, татвараа бүрэн авч, төсвөө бүрдүүлэх механизм юм. Тэр ч утгаараа энэ нь татвар гэхээсээ илүүтэй улсын төсөв бүрдүүлэх хяналтын сонгодог тогтолцоо болж чадсан гэж үздэг юм. Тиймээс дэлхийн ихэнх улс францын энэ туршлагыг өөрийн оронд нэвтрүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлж, компаниудынхаа орлогод хяналт тавьж эхэлсэн байдаг. Өнөөдөр нэмэгдсэн өртөгийн албан татвар авдаггүй улс гэж бараг байхгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө дэлхийн 130 гаруй оронд энэ хуулийг сонгодог утгаар нь хэрэглэж байв. 

-Нэмэгдсэн өртгийн албан татварыг манай улс 1997 онд нэвтрүүлжээ-

2012.03.31. Манай улс 1997 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуультай болж, 1998 оноос хэрэглэж эхэлжээ. Улмаар уг хуулийг 2006 оны зургаадугаар сарын 16-нд шинэчилж, 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн ч дэлхий улсууд шиг сонгодог утгаар нь хэрэглэж, хэрэгжүүлж чадалгүй хэсэг явсан тал бий. Өөрөөр хэлбэл, компаниуддаа хяналт тавих зорилгоор бус, иргэдээсээ татвар авах зорилгоор хэрэглэж ирсэн юм. Тухайлбал, тухайн үед мөрдөж байсан хуулиар нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10 хувь байлаа. Монгол улсын иргэн бүр өөрсдийн худалдаж авсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан энэ татварыг төлж ирсэн. 1000 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн авахад, үүний 100 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар гэсэн үг юм. Ийнхүү бүхий л аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж ирсэн. 1997 онд батлагдсан, 1998 онд хэрэгжсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлнэ гэсэн хуулийн заалт үйлчилж байв. Тиймээс дийлэнх нь үүнээс доогуур шургаж, 10 сая төгрөгөөс дээш орлого олоогүй гэж тайлагнаж байжээ. Үүнтэй холбоотойгоор тухайн үеийн 60 гаруй мянган аж ахуйн нэгжээс 8 мянга нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж бүртгэгдэж иржээ. Үүнээс гадна, НӨАТ-ын буцаан авалтын санд энэ татварын 30 хүртэлх хувийг бүрдүүлж аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авч ирсэн тал ч бий. Иргэд худалдаж авсан бараа үйлчилгээгээр дамжуулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөд түүнийхээ багахан хувийг ч болтугай эргүүлэн авах боломжгүй явж ирсэн байхад, аж ахуйн нэгжүүд буцаан авдаг гажиг тогтолцоо үйлчилж байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн дийлэнх орон компаниудынхаа ашиг орлогод хяналт тавих зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татвар ашиглаж байхад, манай улсад эсрэгээр нь буюу компаниудаа татвараас зайлсхийхэд нь тусалж энэ татварыг энэ мэт хэрэглэж ирсэн байгаа юм. Тиймээс энэ хуулийн цоорхойг засч, залруулах ёстойг мэргэжлийн хүмүүс байнга анхааруулж сануулсаар ирсэн.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулав-

2012.03.31. Уг нь нэмэгдсэн өртгийн тухай хуульд 2006 онд өөрчлөлт оруулсан ч, хуулийн цоорхойг засч залруулж чадаагүй аж. Ер нь хуулийн гол цоорхой дээр дурдсан 10 сая төгрөгийн хязгаарт байсан гэдэг. 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татварт хамрагдана. Түүнээс доош орлоготой нь хамрагдахгүй гэж тусгасан явдал. Нөхцөл байдал ийм байхад, нэмэгдсэн өртгийн албан татварын хязгаарыг өндөрсгөх тухай асуудлыг бичил бизнес эрхлэгчдийн зүгээс тавьж эхэлсэн юм. Тэр үеийн Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: Энэ дагуу жижиг дунд үйлдвэрийн газрынхан тэдний эрх ашгийн үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг өндөрсгөх, бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд тогтмол татвар тогтоох саналыг төр засагт тавьж байсан тухай хэдэн жилийн өмнө хуучилж байв. Ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг өндөрсгөх, нөгөө талаас бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд тогтмол татвар тогтоох гэсэн саналыг үйлдвэрлэгчдийн зүгээс тавьж, үүнийг Жижиг дунд үйлдвэрийн газрынхан зүтгүүлж эхлэв. Энэ нь холбогдох байгууллагуудын сонорт хүрч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл боловсруулахад хүргэсэн юм. Хуулийн төслийн талаар тэр үеийн Татварын ерөнхий газрын дарга Баттөмөр: Холбогдох байгууллага нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол, үүнийг 50 сая төгрөг болгохоор хуулийн төсөлд тусгасан талаар хэлж байв. Хэрэв тухайн аж, ахуйн нэгж хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байвал, 1 хувийн татвар төлж байхаар хуулийн төсөлд тусгажээ. 2012 оны гуравдугаар сарын 31-ний хавьцаа хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг. Том аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл нэг удаа үзүүлсэн нь үр дүнгээ өгсөн учир жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд мөн адил татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй гэж үзэн засгийн газар ийм шийдвэр гаргажээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар соёрхон баталбал, жижиг дунд бизнес эрхлэгчид татварын ивээлд багтахаар байв. Гэхдээ нөгөө талаас УИХ энэ хуулийн төслийг баталбал, улсад төлөгдөх татварын хувь хэмжээ цаашид буурч магадгүй гэсэн таамгийн зарим эдийн засагчид хийсан юм. Тодруулбал, 50 саяас дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болчихвол, НӨАТ төлдөг аж ахуйн нэгж олдохгүй болж мэдэх юм. Бүхий л аж ахуйн нэгжүүд 50 сая төгрөгөөс доош орлоготой гэж хуурамч тайлан баланс татварын албанд мэдүүлж, 1 хувийн татварт хамрагдахгүй гэх баталгаа үгүй байсан цаг үе юм.

-Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэхээр төлөвлөв-

2014.04.08. Харин мэргэжлийн хүмүүс энэ татварыг ямар нэг босгогүй болгож, бүх компани, иргэн НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх ёстой гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Тэгвэл хууль санаачлагчид тэс өөр бодол тээсээр ирсэн. Өмнө нь НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгох тухай яригдаж байсан бол, хожим 200 сая төгрөг болгох асуудал яригдаж эхлэв. Тухайлбал, зарим гишүүдийн зүгээс Нэмэгдсэн өртөгийн албан татварын босгын хэмжээг 50 сая төгрөг байхаар, сайн дураар бүртгүүлэх босгыг  10 сая болгох хуулийн төслийг  боловсруулж УИХ-д өргөн барьсан байдаг. Тэгвэл УИХ-ын нэр бүхий зарим гишүүд Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьж байжээ. Ийнхүү хууль санаачлагчдын зүгээс Нэмэгдсэн өртөгийн албан татварт өөрчлөлт оруулах хоёр өөр хуулийн төсөл  УИХ-д өргөн бариад байна. Нэгэнт нэг зорилго бүхий хоёр хуулийн төсөл байсан учраас эдгээрийг хамтадгаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэх хүмүүс байлаа. Тухайлбал, НӨАТ-ын босгыг 50 сая болгох хуулийн төсөл боловсруулагчдын нэг Сангийн сайд Ч.Улаан ингэж үзэж байсан юм. Нэмэгдсэн өртөгийн албан татварын босгыг тэглэх ёстой гэж мэргэжлийн хүмүүс үздэг ч, Засгийн газар 50 сая, УИХ-ын нэр бүхий гишүүд 200 сая болгоё гэсэн төслүүд ийнхүү УИХ руу зүтгүүлж байсан цаг үе юм. Манай улс 1998 оноос хойш 10 сая төгрөгөөс дээш орлогтой аж ахуйн нэгж, иргэнийг нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгчид хамруулж ирсэнийг дээр дурдсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдатай уялдуулж 10 сая төгрөгийн босгыг бий болгосон ч, хожим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлага гарч байсныг хууль санаачлагдын зүгээс тайлбарлаж байсан юм. Тиймээс нэг зорилго бүхий хоёр өөр хуулийн төслийг хууль санаачлагчдын зүгээс боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Томоохон компаниуд улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг ч, ажлын байр ихээр бий болгодоггүй. Харин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төсвийн орлогын багахан хувийг бүрдүүлдэг ч, ажлын байр ихээр бий болгодог аж. Тиймээс ажлын байр ихээр бий болгодог жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үүднээс НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь энэ аж. Үүнийг УИХ баталбал хуулийг 2015 оны нэгнээс мөрдөж эхлэхээр төлөвлөж байсан юм. Ингэснээр, нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөхөөр байв. Гэхдээ нэмэгдсэн өртөгийн албан татварын хуульд нэмэлт оруулж, 10 сая төгрөгийн босгыг өндөрсгөвөл зарим аж ахуйн нэгжүүд хуульд заасан босгоос доогуур орж татвараас зайлсхийх. Мөн хуулийн босгыг өндөрсгөвөл НӨАТ-ын буцаан авалтаа авахад үүсч болзошгүй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байсан юм.

-Р.Отгонтулга: 2017 оны нэгдүгээр улирлаас НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгоно-

УИХ-аар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны долоодугаар сард баталсан. Энэ хууль 2016 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын харъяа Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р. Р.Отгонтулгатай 2015 оны 11 сарын 20-нд уулзаж, зарим зүйлийг тодруулж байснаа эргэн сануулж байна.

 НӨАТын хоёр хувийг буцаан олгох хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил ямар шатанд явна?

– Тийм. НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. НӨАТ-ын хоёр хувиа гар дээрээ буцаан авах өдрийг 2017 оны нэгдүгээр улирал гэж төлөвлөж байна. Тэгэхээр иргэд ирэх оны эхнээс НӨАТ-ын татварын баримтаа цуглуулж бэлтгэх шаардлагатай гэсэн үг. Бидний зүгээс техникийн бэлтгэл ажлыг хангаад, дуусах шатандаа орлоо.

 Баримтаа хаанаас авах вэ?

– НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байгууллагууд Сангийн яам болон Татварын ерөнхий газрын албан ёсны лого, огноотой, дахин давтагдашгүй дугаартай баримтыг худалдан авагчдад өгнө. Одоогоор бид үүрэн телефоны оператор, сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх газруудаар системийн ажлаа хийж гүйцэтгэж байна. Тухайлбал Миний сүлжээ дэлгүүр энэ системд орчихсон, бэлтгэл ажлаа хангаж байна.

 НӨАТ төлөгч бүх аж ахуйн нэгж энэ системд шилжих байх. Нийт хэдэн компани уг системд багтах вэ?

– Тоон үзүүлэлтийг татварын ерөнхий газар илүү тодорхой хэлэх байх. Бидний тооцоогоор  үйлчилгээний салбар дахь байгууллагын дийлэнх буюу 70 хувь нь НӨАТ төлөгчид байгаа. НӨАТ төлөгч байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тасалбараа цуглуулж, хоёр хувиа буцааж авах боломжтой. Тухайлбал, энэ дэлгүүр хоёр хувийн тасалбар өгөх үү, үгүй юу гэдгийг асуух шаардлага байхгүй. Дээр дурдсан тусгай тэмдэглэгээг хараад 2 хувиа буцаан авч, баримтаа цуглуулах ёстой гэсэн ойлголттой болох хэрэгтэй.

 НӨАТын босгыг тэглээгүйгээс болж цаана нь НӨАТ төлөгч биш компаниуд хоцорч байна. Эдгээр аж ахуй нэгжээс худалдаа, үйлчилгээ авахад хоёр хувиа буцаан авах боломжгүй гэсэн үг үү?

– НӨАТ төлөгч биш аж ахуй нэгжээр үйлчлүүлбэл хоёр хувийг буцаан олгохгүй ч, сугалаа өгөх ёстой. Тиймээс НӨАТ төлөгч биш компаниудаас албан ёсны төлбөрийн баримт хэвлэж өгөхийг нэхэх, шаардах эрх хуулиараа бүрдсэн. Тодорхой интервалаар сугалааны тохирлыг тааруулна. Сугалааны ялагч болвол манай цахим хуудсаар орж баримтын дугаараа илгээхэд автоматаар гурваас долоо хоногийн дотор таны дансанд хожсон мөнгө тань орох тохиргоотой байгаа.

Магадгүй  иргэд 2 хувиа буцаан авахын тулд НӨАТ төлөгч байгууллагууд руу илүү хандах байх. Тэгэхээр нөгөө талд нь худалдан авалт буурах магадлалтай харагдаж байна. Судалгаа хийж үзсэн үү

– Тийм. Баянзүрх худалдааны төвд судалгаа явуулсан. Энэ худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд та гарахдаа заавал баримтаа авч сугалаанд оролцоорой. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа 17 банк гарын бэлэг өгнө гэсэн судалгаа явуулж үзсэн. Ингэхэд иргэд ижил бараатай ч, аль илүү боломжийн санал тавьж байгаа лангуун дээр очиж үйлчлүүлж байсан. Эндээс санал тавиагүй нэгний худалдаа хаагдах зүйл бол харагдаж байсан. Тиймээс НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийвэл сугалаа олгох нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн.

– НӨАТ төлөгч аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхэд дараа жилийнхээ нэгдүгээр улиралд 2 хувиа буцаан авна. Харин НӨАТ төлөгч биш газруудаар үйлчлүүлэхэд зөвхөн сугалаанд ороцоно гэсэн үг үү?

– НӨАТ төлөгч аж ахуй нэгжүүдээс баримтаа цуглуулж хоёр хувиа авна. Дээр нь НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлсэн тохиолдолд сугалаа авна. Аль алийг нь бодолцож хоёр боломж олгож байна. Бид өмнө нь НӨАТ-ын падаан бичдэг байсан. Үүнээс үүдэн шийдвэрлэхэд төвөгтэй асуудал их гардаг байсан. Энэ бүгдийг бид технологоор дамжуулан шийдвэрлэхийг зорьж байна. Байгууллагаас байгууллагын хооронд худалдан авалт хийж байгаа бол, та татвар төлөгчийнхөө дугаарыг хэлээд авах боломжтой. НӨАТ гэдэг нь өөрөө санхүүгийн тогтолцоон дээрх үнэн бодит мэдээллийг гаргах ач холбогдолтой. Тиймээс олон улсын сонгодог тогтолцоо руу орох эхлэлээ тавиад явж байна.

 Сугалааны хонжвор юу байх вэ?

– Монгол улсын засгийн газраас хийгдэж байгаа үндэсний хэмжээний томоохон сугалаа гэж үүнийг хэлж болно. Одоогоор сугалаанд олгох мөнгөн дүн тодорхойгүй байгаа ч, сард 1-2 тэрбум төгрөгний санхүүжилтийг иргэдэд өгнө гэсэн тооцоолол байгаа. Сугалааны хонжвор гэнэтийн ашгийн татвар болох 40 хувьд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, сугалааны шагнал хасагдахгүйгээр бүрэн бүтнээрээ иргэдэд очно гэсэн үг юм.

 НӨАТын буцаан олголтын 2 хувь гэдэг нь ойролцоогоор хичнээн төгрөг болж байгаа вэ?

 Сангийн яам үүнийг хариуцаж ажиллаж байгаа. Гэхдээ сард 2 сая төгрөгийн орлогтой өрх сард дунджаар 30-50 мянган төгрөг цуглуулах боломжтой гэсэн тооцоо бий. Сугалаанд аль болох олон хүнийг хамруулж, нэг өрх жилдээ ядаж нэг удаа сугалаанд хожих магадлалыг тооцож баримтын судалгаа хийж байгаа.

 Авсан сугалаа, баримтаа сар болгон өгөх үүэсвэл цуглуулж байгаад тухайн жилдээ татварын албандаа өгч буцаан олголтоо авах уу?

– Бид цахим сайт ажилуулна. Тухайн сайтад баримтын дугаараа өдөр өдөрт нь бүртгүүлэх боломжтой. Таны өмнөөс өөр хүн бүртгүүлбэл сугалаа хүчингүй болохыг анхаарах хэрэгтэй. Тиймээс цаг тухай бүрт нь өөрөө баримтаа оруулаад хэвших хэрэгтэй. Мөн хялбараар гар утасаараа QR кодоо уншуулах боломжтой юм. Та азтан болсноо мэдээгүй байсан ч, хонжворын мөнгө таны данс руу автоматаар очих учир иргэдэд санаа зовох зүйлгүй.

– Хууль удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Иргэдийг мэдээллээр хангах, хууль сурталчлах тал дээр ямар ажил хийж байна?

– Ирэх сараас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй түлхүү хамтран ажиллаж, иргэдэд хууль сурталчилахаар төлөвлөж байна. Бид аль болох иргэдэд чирэгдэл багатай байхаар бүх ажлыг шийдвэрлэж байна. Түүнчлэн аж ахуй нэгжүүд маань баримт олгоходоо стандартад нийцсэн цаас хэрэглэх хэрэгтэй. Учир нь баримтын дугаар арилж, дараа нь маргаан үүсэх магадлалтай учир аж ахуй нэгжүүдийг анхнаасаа стандарт, дүрэм журмынхаа дагуу ажиллах талаар анхааруулж байгаа гэж хэдэн жилийн өмнө ярилцлага өгч байсан юм.

Ийнхүү хэдэн жилийн өмнөөс нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн татварынхаа 2 хувийг нь буцаан авдаг тогтолцоонд шилжсэн билээ. Өмнө нь жилээр, одоо улирлаар НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгож байгаа.. 2021 оны нэгдүгээр улирлалд нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт авсан гэдгээс жишээ татаж болох юм.

-Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө-

2008.12.19. Энэ өдрийн Засгийн газрын 61-р тогтоолоор Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээлд байршуулах дүрэм батлан гаргасан билээ. Энэ журамд мөнгөн хөрөнгийг төвбанкаар дамжуулан арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр, эсвэл хөрөнгийн биржэд үнэт цаас хэлбэрээр байршуулж болно гэж заасан байна. Хэрэв банкинд хадгаламж хэлбэрээр байршуулбал банкны системийн тогтвортой байдлыг хангах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор мөнгөн хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр Сангийн сайд хэрэгжүүлнэ. Мөнгөн хөрөнгий банкинд валют хэлбэрээр байршуулна. Банкинд байршуулах хадгаламжийн хэмжээ 6 сар хүртэл хугацаатай байж болно. Монголбанк тухайн банкинд хадгаламж байршуулах саналыг Сангийн сайдад албан бичгээр ирүүлэх ёстой хэмээн заасан байжээ.

-2009 оны төсвийн алдагдлыг зээлээр нөхөхөөр төлөвлөв-

2009.02.03. 2008 оны эцэст манай улсын төсөв 305 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Харин 2009 оны төсвийг 395 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталсан байдаг. Тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Батжаргал: Төсвийн энэ алдагдлыг нөхөхийн тулд гадаадын хандивлагч орнуудаас дор хаяж 700 сая ам.доллар зээлэх шаардлагатай байгааг хэлж байсан юм. Манай улсын төсөв 390 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдаж байлаа. Энэ алдагдал эх үүсвэргүй батлагдсан алдагдал байсан юм. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид манай улсын төсөв санхүүгийн байдал, төлбөрийн тэнцэл, мөнгөний бодлогын хэрэгжилтийг судлах зорилготой тухайн үед ирээд байсан цаг үе юм. Тэд аль ч орон эх үүсвэргүй алдагдал баталдаггүй. Төсвийг алдагдалтай баталж болно. Хамгийн гол нь эх үүсвэртэй байх ёстой гэсэн ийм зөвлөмжийг өгч байсан юм. Орлогын бууралт бол нийт дүндээ 350 тэрбумаар буурч орж байна. Дээр нь 2008 оны төсвийн гүйцэтгэл гарахдаа ихээхэн хэмжээний өртэй гарсан. Өөрөөр хэлбэл, төрийн сангийн нэгдсэн дансыг бусад дансуудад өглөгтэй гарсан. Нийт дүндээ 700 орчим тэрбум төгрөгийн зохицуулалт хийх шаардлага гарч ирж байгаа юм. Хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх үүднээс Олон улсын валютын сан манай улсад хөтөлбөрийн зээл олгох санал гаргажээ. Монгол улсад  байдал хүндэрсэн учраас Ази тивд санхүү, эдийн засгийн тусламж үзүүлэх улсын тоонд оруулж, ажлын хэсгээ ирүүлсэн нь энэ аж. Тэд нэлээд анхаарал тавьж ажилласан бөгөөд өөр орлогын эх үүсвэр байж болох уу гэдгийг судалж байлаа. Мөн ихээхэн хэмжээний зарлага хасахгүй бол, зөвхөн олон улсын хөтөлбөрийн зээл, донор улсуудаас тусламж аваад төсвийг нөхөх боломж хязгаарлагдмал байна гэсэн дүгнэлт гарч байсан юм. Олон улсын валютын сангийнхан Монгол Улсын төсвийн алдагдлыг зохистой хэмжээнд барих нь зүйтэй гэж бодож байгаагаа илэрхийлж байсан юм. Анх батлагдсан төсвийн алдагдал, нэмж бий болсон орлогын бууралт, мөн өглөгүүдийн нийт дүнгээр авч үзээд орлого, зарлага тал дээр зохицуулалт хийх, үлдсэн хэсгийг валютын сангийн санхүүжилтээс, бусад хэсгийг хандивлагч орнуудын уулзалтыг 2009 оны хоёрдугаар сарын 11-д зохиож, уг арга хэмжээн дээр хандивлагчдаас бэлэн мөнгөний тусламж хүснэ гэсэн ийм урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байдаг. Төсөвт шаардагдаж байсан энэ хөрөнгийн 224 сая ам.долларыг Олон улсын валютын сангаас зээлэхээр анх төлөвлөж байлаа. Харин хожим 400 орчим сая долларыг Олон улсын валютын сангаас зээлэхээр болсон байдаг. Зээл мөн оны гуравдугаар сард манай улсад орж ирэх байсан юм. Энэ үед Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, манай улсад зээлэх энэ хөрөнгийг албан ёсоор батлах байв. Төсөвт шаардагдаж байсан үлдсэн хөрөнгийн тодорхой хувийг хандивлагчдын чуулга уулзалтаас босгохоор төлөвлөсөн юм. Тодруулбал, 2009 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод Хандивлагч орнуудын чуулга уулзалт болж, үүгээр 300 сая ам.долларын хөрөнгийг босгох асуудал яригдах байв. Хэрэв гаднын улсуудаас зээл авч чадвал, манай улсад үүсээд байсан санхүүгийн хүндрэлийг бага ч болтугай намжааж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байсан юм. Тухайн үед манай улсын гадаад валютын албан нөөц багасч байсантай холбоотойгоор америк долларын албан ханш огцом өсч, монгол төгрөгийг үнэгүйдүүлж байв. Гаднаас 700 сая ам.долларын зээл авч чадвал гадаад валют орж ирж, үүнийгээ дагаад америк долларын ханш тогтворжих магадлалтай байсныг мэргэжилтнүүд мөн хэлж байсан билээ.

-2009 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэл-

2009.03.04. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: 2009 оны эхний хоёр сарын төсвийн статистикийн гүйцэтгэлээс харахад төсвийн нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэлээд хэмжээгээр буурсан. Харин зарлага тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ийм гүйцэтгэл гарсан байгаа. 2008 оны эхний хоёр сард төсөвт 323 тэрбум төгрөг төвлөрч байсан бол, 2009 оны эхний хоёр сард 177 тэрбум төгрөг төвлөрсөн байх жишээтэй. Үндсэндээ 40 гаруй хувийн бууралттай явж байна. Төсвийн зарлагын хувьд 21 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Төсвийн орлого буураад зарлага нэмэгдэж байгаа энэ үзүүлэлт нь төсвийн нийт тэнцэл, төсвийн урсгал тэнцлийн алдагдалтай гарахад нөлөөлж байна. Өмнөх оны мөн үед төсвийн нийт тэнцэл, төсвийн урсгал тэнцэл ашигтай гарч байсан. 55-67 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол, 2009 оны эхний хоёр сарын байдлаар энэ хоёр үзүүлэлт 90-112 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Алдаглын гол шалтгаан төсвийн орлогыг бүрдүүлдэг гол эх үүсвэр татварын орлого буурсан явдал. Ялангуяа аж, ахуйн нэгжийн орлогын албан татвар буурсан. Тэр дундаа, зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буурсан байгаа. Үүнтэй холбогдуулаад төсвийн тэнцэл алдагдалтай гарахад голлож нөлөөлсөн гэж хэлж болохоор байна гэсэн тайлбар өгч байсан юм. 2008 оны эхний хоёр сард улсын төсөвт 323 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн бол, 2009 оны эхний хоёр сард улсын төсөвт 177 тэрбум төгрөгийн орлого орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэсээ 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Өрхийн орлогын тухайд Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын мэргэжилтэн Болормаа: Өрхийн нийгэм, эдийн засгийн 2008 оны дөрөвдүгээр улирлын судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 2808 өрх хамрагдсан байгаа. 2008 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 343 мянган төгрөг байгаа. Энэ нь 2007 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад, 64 мянган төгрөгөөр буюу 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Цалингийн орлого өнгөрсөн оны мөн үеэс таван хувь өссөн. Тэтгэвэр, тэтгэмж 36 хувиар өссөн. Орлого өссөн шалтгаан 2008 оны мөн үеэс хойш төрөөс цалин, тэтгэвэр нэмсэнтэй холбоотой. Нэг өрхийн сарын дундаж зарлага 2008 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 365 мянган төгрөг байгаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49 мянган төгрөгөөр буюу 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үнийн өсөлттэй холбоотойгоор тухайн өрхийн зарлага өссөн гэсэн ийм дүн гарсан гэлээ. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар улсын төсвийн орлого буурсан бол, өрхийн орлого нэмэгдсэн үзүүлэлт ийнхүү гарч байсан юм. 2007 онд төрөөс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэх бодлого явуулсан нь өрхийн төсвийн орлого 30 орчим хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ. Өрхийн төсвийн орлого нэмэгдсэн ч, зарлага нь түүнээс их байсан юм. Тодруулбал, нэг өрхийн дундаж орлого 343 мянган төгрөг байсан бол, зарлага нь 365 мянган төгрөг байжээ. Өрхийн зарлага орлогоосоо 20 орчим мянган төгрөгөөр их байсан нь энэ аж. Тухайлбал, улирал болгон олгодог хүүхдийн 25 мянган төгрөгийг 10 мянга, шинээр гэр бүл бологсдод олгодог 500 мянган төгрөгийг 300 мянга болгож хасах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан юм. Үүний сацуу, УИХ-ын Тамгын газрын ажилчдын орон тоог 10 хувь, агентлагийн орлогч даргын орон тоог үгүй болгож, төрийн үрэлгэн зардлыг багасгахаар төлөвлөж байсан цаг үе юм. Төр зарлагаа багасгаж байсан учраас цалин тэтгэвэр буурахгүй байх баталгаагүй байлаа. Тиймээс иргэд өрхийн төсвөө зөв зохистой зарцуулж, хуримтлалтай болох нь чухал болохыг элийн засагчид хэлж байсан юм. Энэ талаар Монгол улсын их сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, докдор Дуламсүрэн: Мэргэжлийн эдийн засагч, санхүүчийн хувьд надад өрхийн орлого нь зарлагасаа бага байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Хүмүүсийн аль ч бүлэгт ийм байгаа. Олсон мөнгөө удирдаж чаддаггүй. Улсын удирдлагын түвшинд ийм зүйл байгаагаас гадна, манай пүүс компаниудад ч байдаг зүйл. Өрхийн түвшинд ч байдаг зүйл. Хувь хүн дээр байж байгаа зүйл. Мөнгөний үнэ, цэнийг мэдэх асуудалд орчин үед нийтээрээ сурах хэрэгтэй. Мөнгөний үнэ цэнийг мэдэхтэй холбоотойгоор олсон орлогоосоо зарцуулах зардалаа гаргаад, цаана үлдэгдэлтэй байж сурах, хуримтлалтай байж сурах явдал гэсэн тайлбар өгч байв. Улс орны төсөв алдагдалтай гарч байсан энэ үед төр засгаас үр ашиггүй зардлаа танаж, хэмнэх бодлого явуулж байлаа.

-2010 оны төсвийн төсөл ба гүйцэтгэл-

2009.11.27. УИХ-ын энэ өдрийн хуралдаанаар 2010 оны улсын нэгдсэн төсвийг баталсан юм. 2010 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2 их наяд 426 тэрбум төгрөг, нийт зарлага 2 их наяд 785 төгрөг байхаар баталсан юм. Харин улсын төсвийн нийт алдагдал 358 тэрбум төгрөг байх юм. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэж байлаа. Төсвийн орлого зарлагын зөрүүд үүсэх алдагдлыг юугаар нөхөх вэ гэсэн асуулт гарч байв. Үүнд төсвийн төсөл боловсруулагчид, үүнийг монгол улсыг хөгжүүлэх санд орж ирэх мөнгө, гаднаас орж ирэх зээл тусламжаар нөхөхийн зэрэгцээ засгийн газрын бонд гаргаж нөхнө гэж төсвийн төсөл боловсруулагчид тооцолсон тухайгаа хэлж байсан юм. Тэгвэл 2010.07.10-нд Үндэсний статистикийн хорооноос мөн оны эхний хагас жилийн макро эдийн засгийн судалгааг танилцуулахад төсвийн алдагдлын хэмжээ буурсан үзүүлэлт гарч байсан юм. Энэ талаар тэр үеийн Үндэсний статистикийн хорооны дэд дарга Даваасүрэн: 2010 оны эхний хагас жилд татварын орлого 50 хувиар, зарлага 29 хувиар тус тус өссөн. Зарлагын өсөлт орлогын өсөлтөөс бага байсан нь улсын төсвийн алдагдлын хэмжээ буурахад нөлөөлсөн хэмээн ярьж байсан юм. Татварын орлого 50 хувиар өсөхөд, Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 4 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2,1 дахин, нэмэгдсэн өртгийн албан татвар 69 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

-2011 оны төсвийн төсөл-

2010.10.02. Сангийн яам 2011 оны төсвийн төслийг боловсруулж, хуулийн хугацаанд нь УИХ-д өргөн барьж байлаа. Энэ талаар тэр үеийн Сангийн сайд Баярцогт: 2011 онд улсын нэгдсэн төсвийн орлого 3 их наяд 56 тэрбум төгрөг, зарлага 3 их наяд 250 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 200 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг эзлэхээр байгаа. 2010 оны хаврын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. 2011 оны төсвийн төслийг дээрх хуулийн хүрээнд боловсруулж, төсвийн байгууллагын урсгал зардлыг бууруулсан гэж мэдэгдэж байсан юм. Төсвийн байгууллагын урсгал зардлыг бууруулсан бол, яагаад төсвийн зарлага 2010 оныхоос 411 тэрбум төгрөгөөр нэмэгддэг билээ гэсэн асуулт эндээс урган гарч байв. Сангийн яамныхан уг асуултад, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөгийн эх орны хишиг олгохоор тусгасан нь төсвийн зарлага нэмэгдэхэд нөлөөлсөн гэх тайлбарыг өгсөн юм. Тухайлбал, эх орны хишиг олгоход зориулж хүний хөгжил сангаас 805 тэрбум төгрөг гаргахаар болсон талаар мөн оны төсвийн төсөлд тусгасан байна. 2012 он гэхэд эх орны хишгийг бүрэн олгож дуусгахаар төлөвлөж байсан цаг үе. Ингэхдээ ирэх жилүүдийн төсөвт үргэлжлүүлэн суулгаснаар 2012 он гэхэд 500 мянган төгрөгийг бэлнээр, 1 сая төгрөгийг бэлэн бусаар олгохоор төлөвлөж байсан юм. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: 2011 онд аймаг бүрт 560 сая төгрөг, нийслэлд 24 тэрбум төгрөгийн төсөв нэмж олгохоор төсвийн төсөлд тусгасан. Энэ нь төсвийн зарлага нэмэгдэхэд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл хэмээн хэлж байсан юм. 

-Төсвийн алдагдал 700 гаруй тэрбум төгрөгт хүрэхээр байна- 

2011.01.01. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ энэ оны улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг 3.3 их наяд, зарлагыг 4 их наяд төгрөгөөр баталсан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 700 гаруй тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэж байгаа юм. Улсын төсвийн алдагдлыг урьд өмнө ийм өндөр хэмжээнд баталж байсангүй. Тиймээс эдийн засагчид сүүлийн 20 жил байгаагүй муу төсөв баталлаа гэж УИХ-ын гишүүдийг шүүмжилж байгаа юм. Гэсэн ч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх бус. Нэгэнт баталсан төсвийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдгээ бодох үлдлээ. Өөрөөр хэлбэл, 3,3 их наяд төгрөгийн төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх вэ. 700 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Ер нь 2011 оны төсвийн орлогыг бүрдүүлж, төсвийн алдагдлаа санхүүжүүлж дийлэх болов уу. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал: Төгрөгийн ханш сүүлийн үед америк долларын эсрэг эрчимтэй чангарч байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл, экспортлогчдын орлого буурч, улмаар төсөвт төлдөг татварын хэмжээ буурахад нөлөөлөх юм байна. Ер нь төгрөгийн ханш чангарч байгаатай холбоотойгоор энэ онд төсвийн орлого 400 тэрбум төгрөгөөр тасалдах төлөвтэй байгааг учирлав. Төсвийн тогтворжуулалтын санд мөн онд 184 тэрбум төгрөг хуримтлуулахаар тусгасан байна. Хэрэв төсвийн орлого тасалдвал тогтворжуулалтын санд хуримтлуулах дээрх хөрөнгийг төсвийн орлогыг нөхөхөд зарцуулна гэв. Үүгээр төсвийн орлогын тасалдлын тодорхой хувийг хааж болох ч, үлдэх 216 тэрбум төгрөгийн орлогын тасалдлыг юугаар нөхөх вэ гэдэг бүрхэг. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал: Уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх гаалийн татвар өсвөл, үүнийг төсвийн орлогын тасалдлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэж мэдэгдсэн. Тэгэж болох ч, хамгийн гол нь үнэхээр манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн татвар энэ онд өсөх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй байгаа юм. Ийнхүү төсвийн орлогын тодорхой хувийг санхүүжүүлэх боломж, бололцоо бүрхэг байгаа энэ үед, төсвийн алдагдал харамсалтай нь 700 тэрбумаар хэмжигдэж байна. Үүнийг дотоодын эх үүсвэртэй засгийн газрын бонд, гадаадын зээл тусламж, тавантолгойн урьдчилгаа төлбөрөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч, төлөвлөгөө биелэх үү, үгүй юу гэдэг бас л бүрхэг. Ингэж хэлж байгаа нь, дотоодын зах зээлд засгийн газрын бонд гаргалаа ч, үүнийг худалдаж авах хүн бий юу. Гадаадаас зээл тусламж авна гэж байгаа ч, гараа сунгах хандивлагч олдох уу. Тавантолгойгоос урьдчилгаа төлбөр авна гэж байгаа ч, хэн хэдэн хувийн хүүтэй мөнгө зээлэх вэ гэдэг нь бүрхэг байгаа юм. Хэрэв манай улс төсвийн орлогын тасалдал болон төсвийн нийт алдагдлыг санхүүжүүлж дийлэхгүйд хүрвэл, энэ оны төсөвт тодотгол хийж, 4 их наяд төгрөгийн зарлагаа бууруулахаас өөр аргагүйд хүрнэ. Эс бөгөөс төсвийн орлогын тасалдал, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд багагүй чармайх хэрэгтэй болно. Энэ оны төсвийн өнгө төрх нэг иймэрхүү байх төлөвтэй байна.

-2011 оны төсвийн тодотгол-

2011.08.17. УИХ-аар батлагдсан 2011 оны төсвийн онцлогийн талаар тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрындарга Батжаргал: 2011 оны улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3 их наяд 304 тэрбум төгрөг байхаар УИХ-аас баталсан тухай хэлж байсан юм. Тэгвэл 2011 оны эхний долоон сарын байдлаар манай улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлөж байснаас 248 тэрбум төгрөгөөр давж биелсэн байгаа юм. Зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэсээ 0.3-3.8 дахин өссөн нь аж, үйлдвэрийн салбарт өсөлт гарахад нөлөөлсөн байгаа юм. Аж, үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэсээ 10 хувиар өсч, 936 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс гадна, боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэсээ 1 хувиас 8,5 дахин нэмэгдсэн. Аж үйлдвэрийн болон боловсруулах салбарт ийнхүү өсөлт гарсан нь монгол улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлөж байснаас 248 тэрбум төгрөгөөр давж биелэхэд нөлөөлж байжээ. Тиймээс засгийн газар 2011 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн байдаг. Энэ талаар тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Он дуустал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 83 тэрбум төгрөгөөр, нэмэгдсэн өртөгийн албан татвар 229 тэрбум төгрөгөөр, онцгой албан татвар 49 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татвар 78 тэрбум төгрөгөөр, төсөвт байгууллагын өөрийн орлого 36 тэрбум төгрөгөөр давж биелэх төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 2011 он дуустал 456 тэрбум төгрөгөөр давж биелэх төлөвтэй байгаа тухай хэлж байсан юм. Тиймээс 2011 оны төсөвт энэ хэмжээний тодотгол хийж, улсын нэгдсэн төсвийн орлого болон зарлагыг өсгөхөөр төлөвлөсөн юм. Төсвийн орлого нэмэгдэж байсантай холбогдуулан төсвийн зарлага болон цэвэр зээлийн дүнг 680 тэрбум төгрөгөөр өсгөх тооцоог сангийн яамнаас хийсэн байдаг. Ингэснээр 2011 оны төсвийн алдагдал 1 их наяд 3 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэх байжээ. Үүнийг засгийн газарт танилцуулсаны дараа хоёр долоо хоногийн дотор төсвийн тодотголоо боловсруулж УИХ-д өргөн барих байсан юм. Ийнхүү манай улс орлогоо нэмэгдэхийн хэрээр зарлагаа өсгөхөөр төлөвлөж суулаа. Гэвч өмнөх алдаагаа санагалзах шаардлагатай тулгарч байсан юм. Үүнээс хэдэн жилийн өмнө дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхийн хэрээр цайр, хөнгөн цагаан, зэсээс орж ирэх орлогын цуваа тасарсангүй. Энэ үед төсөвт тодотгол хийгээд, зарлагаа өсгөөд л байсан тал бий. Гэвч хоёр жилийн өмнө гэнэтхэн дэлхий нийтийг эдийн засгийн хямрал нөмөрсөн юм. Энэ үед дэлхийн зах зээлд цайр, хөнгөн цагаан, зэс, нүүрс гэх мэт түүхий эдүүдийн эрэлт буурч, үнэ нь хэд дахин уруудаж байсан удаатай. Үүнээс болж, манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого огцом буурсан юм. Энэ үед улсын нэгдсэн төсөв алдагдалтай гарч, гадаад валютын нөөц буурч, ам.долларын ханш 1700 төгрөгт хүрч байсан билээ. Ийм зүйл дахиад давтагдахгүй гэх баталгаагүй байлаа. Тухайн үед америкийн төдийгүй европын холбооны улсуудын санхүү, эдийн засгийн байдал тогтворгүй байсан учраас тэр юм. Тухайлбал, Америк болон Европын холбооны улсуудын төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн байлаа. Энэ нь тэдний худалдан авах чадварыг бууруулж байжээ. Худалдан авагчгүй болсон учраас хятадын экспорт дагаад буурч байсан цаг үе юм. Хятадын экспорт буурвал орлого нь хумигдаж дэлхийн зах зээлээс худалдаж авах бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ буурахад нөлөөлнө. Энэ нь дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт буурч, үнэ нь уруудахад нөлөөлж магадгүй гэж үзэх хүмүүс байсан юм. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкны шинжээчид 2008-2009 оны эдийн засгийн хямрал үргэлжилж болзошгүй гэж болгоомжилж байдаа. Хэрэв хямрал үргэлжилбэл, дэлхийн зах зээлд зэс, цайр, хөнгөн цагаан, нүүрс зэрэг манай улсын төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлдэг түүхий эдүүдийн ханш буурч магадгүй байлаа. Энэ нь төлөвлөж буй төсвийн орлого тасалдахад хүргэж болзошгүй нь мэдээж. Тиймээс энэ эрсдэлийг хэрхэн тооцож 2011 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан бол. Үүнд тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Дэлхийн эдийн засаг гэнэт хямарчихгүй бол зэс, нүүрсний үнэ огцом унахгүй гэсэн найдлага манай мэргэжлийн байгууллагуудын дунд байгаа. Тэгээд ч 2011 оны төсөвт зэс, нүүрсний үнийг нэлээд доогуур тусгасан болохоор алзахгүй байх гэсэн хариултыг өгсөн юм. Тиймээс төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлж 2011 оны төсөвт нэмж тодотгол хийхээр болсон юм. Төсөвт нэгэнт тодотгол хийх нь тодорхой болсон учраас дэлхийн зах зээл тогтвортой, америк болон европын төсвийн хямрал хүрээгээ тэлэлгүй намжаасаа гэж найдал үлдээд байсан цаг үе байсан юм.

-2012 оны эхний найман сарын төсвийн гүйцэтгэл-

2012.09.12. Монгол Улсын төсөвт 2012 оны эхний найман сард 3 их наяд 99 тэрбум төгрөг орж ирсэн байдаг. Харин зарлага нь үүнээс их буюу 3 их наяд 582 тэрбум төгрөг байсан юм. Үүний зөрүүд улсын төсөв 2012 оны эхний найман сард 483 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэсээ 669 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, өмнөх онуудад нь ашигтай гарч байсан төсөв алдагдалтай гарч эхэлсэн гэсэн үг. Манай улсын төсөв 2009 оны хямралаас хойш анх удаа ийм хэмжээний алдагдал хүлээсэн нь энэ. Улсын төсвийн орлогыг нэг талд гаалийн байгууллага, нөгөө талд татварын байгууллага бүрдүүлж байдаг. Энэ хоёр байгууллага манай улсын сан хөмрөгийг бүрдүүлэгч хоёр багана гэж ойлгож болох талтай. Гэтэл тус хоёр байгууллагын төлөвлөгөө тасалджээ. Гаалийн ерөнхий газрын төлөвлөгөө 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдсан бол, Татварын ерөнхийгазрын төлөвлөгөө мөн энэ хэмжээгээр тасалдсан байгаа юм. Тиймээс л татварын төлөвлөгөө 2014 оны эхний найман сард 483 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байгаа юм. Үндэсний статистикийн хороо Төсвийн зарлага орлогоос давсан учир энэ хэмжээний алдагдал хүлээсэн гэж мэдэгдэж байлаа. Харин тэр үеийн Гаалийн ерөнхий газрын санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Өлзийбат, Татварын ерөнхий газрын дарга Баттөмөр нар өөр тайлбар хийж байсан юм. 2012 онд уул уурхайн салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж, Гаалийн ерөнхий газрын улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх оных нь гүйцэтгэлээс 43 хувиар, татварын ерөнхий газрын төлөвлөгөөг 14 хувиар нэмж баталжээ. Гэвч 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт хүссэн хэмжээнд хүрч нэмэгдсэнгүй. Сонгуулийн жилтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 16 хувиар буурсан дүнтэй гарсан юм. Энэ нь гаалийн болон татварын байгууллагын төлөвлөгөө тасалдах нийтлэг шалтгаан болжээ. Нөгөөх шалтгаан нь дэлхийн эдийн засгийн таагүй байдал болон нүүрсний экспорт буурсан нь манай улсын төсвийн орлого тасалдах гол шалтгаан болсон юм. 2009 оноос эхлэлтэй евро бүсийн өрийн хямрал даамжирч, үүнээс гарах гарцыг Европын холбоо, Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран хайсан ч тусыг эс олов. Тиймээс Европын холбоо евро бүсийн орнуудын хэрэглээг танаж, төсвийг нь хумих бодлого явуулсныг дэлхийн нийтээрээ мэднэ. Энэ нь хятад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан юм. Хятад үйлдвэрлэгч, бас экспортлогч орон. Хятадууд үйлдвэрлэсээр. Харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь европын зах зээлд борлогдох нь багассаар байв. Борлогдохгүй барааг нэмж үйлдвэрлэхгүй нь мэдээжийн хэрэг юм. Үүнтэй холбоотойгоор хятадын үйлдвэрлэл саарч, эдийн засгийн өсөлт нь удааширч, импорт нь буурчээ. Үүний нэг нотолгоо бол хятадын эдийн засаг 2012 оны эхний хагас жилд ердөө 7,6 хувиар өссөн явдал. Тус улсын эдийн засаг 2011 оны эцсээс 1,7 хувиар буурсан нь энэ юм. Хятадын эдийн засагт сүүлийн гурван жилд нь байгаагүй бууралт гарлаа. Тус улсын эдийн засаг цаашид ч буурна гэсэн таамгийн ажиглагчид дэвшүүлж байсан юм. Хятадын аж, үйлдвэрийн салбар мөн оны сүүлийн хоёр сард 0,6 хувиар буурсан учир ажиглагчид ийм дүгнэлт хийж байлаа. Эдийн засаг саарч, үйлдвэрлэл нь буурснаас тус улсын импорт 2012 оны долоодугаар 2,6 хувиар буурч, 151 тэрбум ам.доллар болжээ. Евро бүсийн өрийн хямрал манай улсад шууд нөлөөлөөгүй ч, хятадын эдийн засгийн дээрх таагүй мэдээлэлтэй холбоотойгоор манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унав. Хоёр сарын өмнө нь 160 ам.долларын ханштай байсан коксжих нүүрснийүнэ 134 ам.доллар болжээ.  140 ам.долларын ханштай байсан төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллар болж буурлаа. 7800 ам.долларын ханштай байсан тонн зэсийн үнэ 7500 ам.доллар болж уруудсан байх жишээтэй. Гадаад хүчин зүйлээс шалтгаалж экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байхад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж нүүрсний экспортоо давхар унагачихсан байх юм. Манай улсын нүүрсний дийлэнх компаниуд гашуун сухайт, шивээ хүрэнгийн боомтоор бүтээгдэхүүнээ экспортолдог. Тэд хил хүртэл шороон замаар тээвэрлэлт хийдэг байлаа. Энэ нь байгаль орчныг сүйтгэж байсан учир шороон замаар нүүрс тээвэрлэхийг мэргэжлийн хяналтын газраас түр хориглоод байсан цаг үе юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортын гол замыг хаасан гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор 2012 оны зургаадугаар сард нүүрний экспорт 69 хувиар, долоодугаар сард 46 хувиар буурсан байх юм. Үүнтэй холбоотойгоор нүүрсний экспортын орлого долоодугаар сард өмнөх сараасаа 3,4 дахин буурч, 81 сая ам.доллар болжээ. Дэлхийн зах зээлд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурсан, нүүрсний экспорт буурсан зэргээс шалтгаалж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ огцом буурахад нөлөөлж, төсөв алдагдалтай гарсан байдаг. Цаашлаад гадаад худалдаа хүртэл алдагдалтай гарч байсан юм. Манай улс 2012 оны эхний найман сард дэлхийн 124 оронтой худалдаа хийсэн байдаг. Ингэхдээ 2,7 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортолсон байна. Харин гаднаас 4,6 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн импортолжээ. Өөрөөр хэлбэл, импортолж байгаагаасаа бага хэмжээний бараа, таваар гадаад зах зээлд нийлүүлж байсан нь гадаад худалдаа 1,7 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн гэсэн үг юм. Мөн орж ирж байгаагаас их хэмжээний валют гадагшаа урсгаж байсан нь дотоодын зах зээлд ам.доллар хомсдох нөхцөлийг бий болгожээ. тэр үеийн Үндэсний статистикийн хорооны газрын дарга Баасанжав: Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед ам.долларын ханш чангарах болсон тухай хэлж байсан билээ. Улсын төсөв, гадаад худалдаа, валютын ханш нь манай улсын макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд юм. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн ах дүүсүүд гэж ойлгож болно. Нэг нь өвчлөхөд, нөгөө нь дагаад өвчилж байдаг тийм л хүйн холбоотой эдийн засгийн үзүүлэлтүүд юм. Тэр ч утгаараа, экспортын орлого буурсантай холбоотойгоор төсөв, гадаад худалдаа алдагдалтай гарч, долларын ханш өсч байсан юм. Тиймээс макро эдийн засгийн эдгээр голлох үзүүлэлтүүдийг аль ч талаас нь харсан араншин адил ах дүүс хэмээн би нэрлэдэг юм.

-2013 оны улсын нэгдсэн төсөв-

2013.12.31. 2013 оны улсын нэгдсэн төсвийг урьд хожид байгаагүй их хэмжээний орлоготой, зарлагатай байхаар баталж байсан юм. Тухайлбал, 2013 оны төсвийн орлого 7 их наяд төгрөг, зарлага нь 7,4 их наяд төгрөг байхаар баталсан байдаг. Гэвч урьд хожид байгаагүй том төсвөө манай улс 2013 онд бүрдүүлж чадаагүй юм. Тэр үеийн Сангийн яамны Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Доржсэмбэд: Төлөвлөсөн төсвийн орлого нь 1,5 их наяд төгрөгөөр тасалдах тооцоо гарсан учир 2013 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн орлогыг 800 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 815 тэрбум төгрөгөөр бууруулсан тухай хэлж байсан юм. Засгийн газар 2013 оны наймдугаар сарын 23-ны байдлаар тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоосон юм. Мөн 2013 оны наймдугаар сарын 23-ны байдлаар гэрээ байгуулаагүй шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эхлэх хугацааг хойшлуулах. Техникийн нөхцөл бүрдээгүй, дэд бүтцийн болон газрын асуудал шийдвэрлэгдээгүй ажлын явц нь удааширсан барилга, байгууламжийн ажлыг түр зогсоох зэрэг арга хэмжээг авч ажиллах үүргийг Засгийн газраас төсвийн захирагч нарт өгсөн. Төсөвт тодотгол хийснээр эдгээрт зарцуулагдах байсан 425 тэрбум төгрөгийн зарлагыг хэмнэсэн болохыг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан билээ. 

-2014 оны төсвийн төсөл-

2013.12.28. УИХ хуулийн хугацаанд буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд 2014 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталж байлаа. Ингэхдээ, 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4,6 их наяд төгрөг, зарлага 5,6 их наяд төгрөг байхаар баталсан юм. Үүний зөрүүд төсвийн алдагдал 918 тэрбум төгрөг байхаар байв. Уг алдагдлыг засгийн газрын бонд болон төслийн зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байсан юм. Тухайлбал, засгийн газар 1,4 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаас гадна, 290 тэрбум төгрөгийн төслийн зээл авахаар төлөвлөж, 2014 оны төсөвт тусгаад байлаа. Харин тогтворжуулалтын санд 29,7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр 2014 оны төсөвт тусгасан байгаа юм. Ийм онцлог бүхий 2014 оны төсвийн тухай хуулийг баталсны дараа, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудыг хугацаанд нь баталсан байдаг. 2014 онд нийгмийн даатгалын санд 1,5 их наяд төгрөг төвлөрүүлэх бол, зарлага нь 1,2 их наяд төгрөг байхаар байв. Тэгвэл хүний хөгжил санд 2014 онд 549,8 тэрбум төгрөгийн тэнцвэржүүлсэн орлого төвлөрүүлж, 312,6 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар хуульчилсан байлаа. Үүний 240 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгө олгоход зориулна. Хүний хөгжил санд өмнө нь төвлөрсөн, бусад үлдэгдэл мөнгийг хүүхдэд зориулсан төсөл, арга хэмжээгээ санхүүжүүлэхээр төлөвлөж байсан юм. Үүнээс гадна, хүний хөгжил сангийн хөрөнгөөр барилга, байгууламж барьдаг явдлыг зогсоох нь зүйтэй гэсэн саналыг зарим гишүүдийн зүгээс гаргаж, Засгийн газар Хүний хөгжил сангийн тухай хуулийн 6-р зүйлийг өөрчлөх төслийг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр оруулж ирэх хэрэгтэй хэрэгтэй гэж байв. Тэр ч утгаараа, 2014 оны төсөвт тодотгол хийх үеэр энэ асуудал дахин яригдах нь тодорхой байв. Мөн 2014 оны төсвийн тухай хуульд тэг дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, төсөвт өртөг нэмэгдэж гүйцэтгэл удааширсан барилгын ажлын шалтгааныг нарийвчлан тогтоож төсвийн тодотголоор хэлэлцэхээр болж байсан юм. 

-2014 оны төсвийн төлөвлөсөн орлого тасалдав-

2014.04.15. Манай улс 2014 оны эхний улиралд дэлхийн 105 оронтой 2 орчим тэрбум америк долларын худалдаа хийж байлаа. Үүний 996 сая ам.доллар нь импорт бол, 987 сая ам.доллар нь экспорт юм. Үүний зөрүүд гадаад худалдаа нэгдүгээр улиралд 9 сая ам. долларын алдагдалтай гарсан юм. Манай улсын гадаад худалдаа 2012 оны эхний улиралд 580 сая ам.доллар, 2013 оны нэгдүгээр улиралд 396 сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад энэ бол асар бага тоо. Тиймээс албаныхан сүүлийн 3 жилд байгаагүй бага алдагдал гадаад худалдаан дээр хүлээлээ гэж олзуурхаж суусан юм. Алдагдал буурсан шалтгааныг Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Эрдэнэсан: өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад экспорт 22 хувиар өсч, импорт 17 хувиар буурсантай холбоотой гэж мэдэгдэж байсан юм. Манай улс экспортолж байгаагаас их хэмжээний импорт ямагт хийдэг байсан нь гадаад худалдаа өндөр алдагдалтай гарахад нөлөөлдөг байсан. Тэгвэл энэ удаа тэгсэнгүй. 2014 оны нэгдүгээр улирлыг өнгөрсөн оных нь мөн үетэй харьцуулахад экспорт 177 сая ам.доллараар өссөн бол, импорт 209 сая ам.доллараар буурч, гадаад худалдааны алдагдал огцом буурчээ. Үүнийг долларын урсгал монгол руу чиглэж, монголоос гарах урсгал багасч байна гэж оношлох хүмүүс цөөнгүй байлаа. Экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 22 хувиар өссөн нь монгол руу чиглэх долларын урсгалыг 177 сая ам.доллараар нэмэгдүүлсэн бол, импорт 17 хувиар буурсан нь монголоос гарах урсгалыг 209 сая ам.доллараар өсгөсөн болж таарч байна. Долларын орж гарах урсгал ингэж тэнцвэржиж байсныг албаныхан сайн үзүүлэлт гэлцэж байв. Үнэхээр тийм бол чухам яагаад америк долларын албан ханш 1778 төгрөгөөс буурахгүй, энэ түвшинд тогтчихов гэсэн асуулт гарна. Нөгөө талаас импорт буурах нь гадаад худалдааны алдагдлыг бууруулж байсан ч, төсвийн орлого тасалдах сөрөг үр дагавар авч ирж болзошгүй байлаа. Дотоодын зах зээл дэх долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор  дотоод хэрэглээ хумигдаж, импорт буурдаг болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Энэ нь ч амьдрал дээр батлагдлаа. Манай улс 2014 оны нэгдүгээр улиралд 8900 суудлын авто машин, 3900 ачааны авто машин, 460 нийтийн тээврийн хэрэгсэл гаднаас импортолж байсан бол, 2014 оны эхний улиралд 100 суудлын авто машин, 75 ачааны вато машин, 58 нийтийн тээврийн хэрэгсэл гаднаас оруулж ирсэн байгаа юм. Энэ мэт тээврийн хэрэгслийн импорт огцом буурч байсантай холбоотойгоор түүний эд анги, сэлбэг хэрэгслийн импорт ч буурч байгаа үзүүлэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор импорт өнгөрсөн оныхоосоо 17 хувиар буурч, 996 сая ам.доллар болжээ. Энэ нь төсвийн орлого бүрдүүлэлтэд ямар дарамт үзүүлж байсан талаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Алтанзул: 2014 оны нэгдүгээр улиралд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1,1 их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөө 300 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Үүний 35 тэрбум төгрөг нь импортын бууралттай шууд холбоотой. Тодруулбал, импортын барааны НӨАТ 23 тэрбум төгрөгөөр, импортын барааны гаалийн албан татвар 12 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй гарсан талаар хэлж байсан юм. Үүнээс гадна, аж ахуйн нэгжүүд 2014 онд 31 тонн алт олборлож, монголбанкинд тушаана. Үүнээс 10 хувийн татвар авна гэж 2014 оны төсөвт тусгасан байлаа. Гэвч 2014 төсөв батлагдсаны дараа Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийг УИХ-аар баталж, Монголбанкинд тушаагдах алтны татварыг 2,5 хувь болгож бууруулсан. Алтан ногдуулах татварын хувь хэмжээ ийнхүү буурсантай холбоотойгоор зөвхөн энэ төрлийн металлаас төвлөрүүлэх орлого 60 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Үлдэх 200 гаруй тэрбум төгрөг нь бусад төрлийн татвар тооцоолсон хэмжээнд хүрээгүйтэй холбоотой юм.

 –Төсвийн тухай хуулийн төсөл- 

2011.01.06. Манай улсад төсвөөс санхүүждэг таван мянга гаруй байгууллага бий. Эдгээрт 150 гаруй мянган хүн ажилладаг гэх судалгаа хэдэн жилийн өмнө гарч байсан юм. Төсөвт байгууллагын дээрх ажилчид байгууллагынхаа орлого, зарлагад ер нь бол хяналт тавьдггүй явж ирсэн. Хяналт тавих боломж, бололцоо тааруу байдгийг учирлаж байсан юм. Тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Батжаргал: Цаашид төсөвт байгууллагын ажилчид ямар нэг байдлаар байгууллагынхаа төсвийн орлого, зарлагад хяналт тавих шаардлагатай болж байна. Хяналт тавьж чадвал төсөвт байгууллагын ажилчид өөрсдийнхөө нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх боломж нээгдэх юм гэж хэлж байсан билээ. Засгийн газраас 2011 оны долоодугаар сард Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Хуулийн төсөлд төсөвт байгууллагууд тухайн жилд хэмнэсэн мөнгөө ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулна гэсэн цоо шинэ, нэн чухал зүйл заалтыг оруулж өгсөн байна. Тухайн үед уг хуулийн төслийг парламентаар хэлэлцэж байлаа. Хуулийн төсөл батлагдвал, төсөвт байгууллагууд тухайн онд хэмнэсэн мөнгөө ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулахаас өөр аргагүйд хүрэж байжээ. Шинээр батлагдах хуулийг гууль болгохгүйн тулд төсөвт байгууллагын ажилчид байгууллагынхаа орлого, зарлагад өөрсдөө хяналт тавьж, тухайн жил хэмнэсэн мөнгийг албан хаагчдын нийгмийн асуудалд зарцуулах ёстой гэсэн шаардлагыг байгууллагынхаа удирдлагуудад тавих ёстой байлаа. Харин төсөвт байгууллагын ажилчид хуультай болох нэг хэрэг. Хамгийн гол нь төсөвт байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хуулийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй хэмээж байсан юм. Сангийн яамныхан үүнд төсвийн тухай хуулийг баталсан даруй хуулийг олон нийтэд сурталчилж, үйлдвэрчний эвлэлийн холбоодтойгоо нягт хамтарч ажиллах хэрэгтэйг хэлж байсан юм. Төсвийн тухай хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж батлагдсаны дараа төсөвт байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд орлого, зарлагаа нуун дарагдуулж хэмнэсэн хөрөнгөө ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулахгүй бол, Сангийн яаманд хандаж болно гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан юм.

-Зарим аймгууд өнгөрсөн оны төсөвтөө тодотгол хийв-

2009.12.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнгөрсөн жил дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай тулгарч, бараа түүхий эдийн эрэлт огцом буурсан. Энэ нь бүхий л түүхий эдийн ханш дэлхийн зах зээлд буурахад нөлөөлсөн юм. Тухайлбал, нэг тонн нь 8000 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ 2700 ам.доллар болтлоо уруудсан. Манай улсын төсвийн дийлэнхийг зэсийн үнийн өсөлтийн албан татвар бүрдүүлдэг. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурсанаас болж энэ төрлийн татвараас орж ирэх орлого огцом буурсан юм. Үүний хажуугаар дотоодын зах зээлд худалдан авалт буурснаас болж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ эрс буурсан. Ийнхүү улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг татварын орлогын хувь хэмжээ буурсан тул, 2009 онд татварын орлого төлөвлөгөөндөө хүрэхгүй гэсэн хүлээлт бий болоод байлаа. Тэгвэл энэ таамаг биеллээ олсонгүй, татварын орлого өнгөрсөн онд давж биелжээ. Татварын алба өнгөрсөн онд 814 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх ёстой байсан ч, 900 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсөн байна. Ер нь татварын орлого 106 хувиар давж биелсэн байна. Нийслэл болон аймаг орон нутгийн татварын албадын дийлэнх нь төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн тул ийм амжилт үзүүлсэн болохыг холбогдох албаныхан онцолсон. Эдийн засгийн хямралтай үед татварын орлого давж биелсэн нь сайн хэрэг. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл байсаар. Ингэж хэлж байгаа нь, зарим аймгууд татварын орлогоо байх ёстой хэмжээнээс нь хэд дахин давуулан биелүүлсэн гэх нэрийдлээр он гарчихаад байхад өнгөрсөн оны төсөвтөө тодотгол хийсэн байна. Ямар аймгууд өнгөрсөн оныхоо төсөвт тодотгол хийж вэ. Үндэсний татварын ерөнхий газрын мэргэжилтэн Шатар: ихэнх аймгийн татварын алба төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх нь биелүүлсэн. Гэхдээ зарим аймгууд хүн үнэмшихийн аргагүйгээр татварын орлогоо давуулан биелүүлсэн. Тухайлбал, Сүхбаатар, Ховд аймгууд татварын орлогоо 100, 200 дахин давуулан биелүүлсэн гэх тайланг Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлсэн. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгааг онцлов. Татварын орлого 100, 200 дахин давж биелсэн нь бодит байдалтай нийцэхгүй байхад Сүхбаатар, Ховд аймгийнхан давуулан биелүүлсэн татварын орлогоо аймаг, орон нутагтаа үлдээнэ гэжээ. Улмаар 2010 гарчихаад байхад өнгөрсөн оны төсөвтөө тодотгол хийсэн байгаа юм. Сүхбаатар аймаг гэхэд өнгөрсөн оны төсөвтөө 200 гаруй сая төгрөг нэмж тодотгосон гэх мэдээлэл байна. Ер нь он гарсаны дараа өнгөрсөн оны төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэс бий юу. Энэ асуултад эрхзүйчид аймаг, орон нутгийнхан жилд хоёр удаа төсөвт тодотгол хийх ёстой. Гэхдээ тэд тухайн оныхоо зургаан сард багтааж, УИХ төсөвт тодотгол хийх үеэр юу шаардлагатай байгаа, үүндээ зориулсан хөрөнгийг орон нутгийнхаа төсөвт суулгуулах ёстой. Түүнээс он гарсаны дараа иргэдийн төлөөлөгчдийн хурал дангаар хуралдаж өнгөрсөн оны төсөвтөө тодотгол хийх ёсгүйг хэлсэн юм. Хэдийгээр ийм тайлбар өгсөн ч, он гарсаны дараа төсөвт тодотгол хийх ёсгүй гэсэн хууль эрхзүйн үндэслэл манайд бараг байдаггүй аж. Энэ хуулийн цоорхойг ашиглаж, зарим аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, өнгөрсөн оны төсөвтөө тодотгол хийжээ. Тухайлбал, зарим аймгийнхан орон нутгийн төсөвт суугдаагүй зүйлийг худалдан авчихаад, эцэстээ төсөвт тодотгол хийх замаар энэ шархаа нөхөж, үүнийгээ давуулан биелүүлсэн татварын орлогоо аймаг орон нутагтаа үлдээнэ гэх үгээр нуун далдалсан гэж Үндэсний татварын ерөнхий газрынхан үзэж байгаа юм. Энэ мэт үйлдлийг цаашид таслан зогсоохын тулд төсөвт хяналт тавих нарийн тогтолцоотой болох хэрэгтэйг татварын албаныхан, мөн хуульчид онцлов.

-Төсөв 535 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа-

2015.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. УИХ энэ оны нэгдсэн төсвийн орлого 7.1 их наяд төгрөг, зарлага 7.5 их наяд төгрөг байхаар анх баталсан. Гэвч энэ онд экспорт болон импорт төсөөлснөөс буурч, дотоодын эдийн  засгийн  хүндрэл орлогын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон учраас 2015 оны эхээр төсөвт тодотгол хийсэн юм. Ингэхдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.6 их наяд, зарлага 7.8 их наяд төгрөг байхаар тодотгосон юм. Оны эхний хагас жилийн тухайд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.1 их наяд төгрөг, зарлага 4.3 их наяд төгрөг байх ёстой байлаа. Гэвч тайлант хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 84 хувь, зарлага 72 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, орлогын төлөвлөгөө 16 хувиар, зарлага 28 хувиар тасалдсан үзүүлэлттэй гарлаа.Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний хагас жилд 500 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаагийн 188 тэрбум төгрөг нь татварын орлого бол, 312 тэрбум төгрөг нь татварын бус орлого юм. Татварын орлогын тухайд, НӨАТ 83 тэрбум төгрөгөөр, орлогын албан татвар 37 тэрбум төгрөгөөр, онцгой албан татвар 34 тэрбум төгрөгөөр, гадаад үйл ажиллагааны орлого 32 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна. Харин татварын бус орлогын тухайд, өмч хувьчлалын орлого 135 тэрбум төгрөгөөр, газрын тосны орлого 71 тэрбум төгрөгөөр, хүүгийн орлого 56 тэрбум төгрөгөөр, хувьцааны ногдол ашиг 23 тэрбум төгрөгөөр, гадаадын хандив тусламжийн орлого 23 тэрбум төгрөгөөр, торгуулийн орлого  3 тэрбум төгрөгөөр, түрээсийн орлого 500 сая төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна. Дээрх хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж нэгдсэн төсвийн орлого 16 хувь буюу 500 тэрбум төгрөгөөр тасалдаж, оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2.6 их наяд төгрөгт болжээ. Тэгвэл нэгдсэн төсвийн нийт зарлага оны эхний зургаан сард 3.1 их наяд төгрөг болж, төлөвлөгөө 28 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн тасалдалтай гарлаа. Үүний 360 тэрбум төгрөг нь урсгал зардал бол, 856 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал юм. Тодруулбал, оны эхний хагас жилд урсгал зардал 3.1 их наяд төгрөгөөр төлөвлөгдсөн ч, 2.7 их наяд нь хийгдэж, зарлагын санхүүжилт 360 тэрбум төгрөгөөр тасалдсан гэсэн үг юм. Эхний хагас жилд хөрөнгийн зардал 1.2 их наяд төгрөг байхаар төлөвлөгдсөн ч, ердөө 340 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Ийнхүү энэ оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2.6 их наяд, зарлага 3,1 их наяд төгрөг болж, үүний зөрүүд 535 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

-Боловсролын салбарын төсөв цахим хэлбэрт шилжлээ-

2021.06.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Засгийн газар төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч төсвийн шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд Боловсролын салбар төсвөө цахим хэлбэрт шилжүүллээ. Боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, БШУЯ-ны удирдлагууд болон нийслэл, орон нутгийн цэцэрлэг, сургуулийн санхүүч, нягтлан бодогч нарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: Боловсролын салбарын шинэчлэлийн амин сүнс нь боловсролын үйлчилгээний санхүүжилтийг чанар, үр дүн, гүйцэтгэлд нь суурилан олгох, боловсролын байгууллагын санхүүгийн хагас бие даасан байдлыг хангах явдал юм. Цахим төсвийн төсөл систем нь бидний зорьж байгаа цахим, ил тод, үр ашигтай төсөвлөлтийг боловсролын салбарт хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах зөв зүйтэй ажлын эхлэл гэж үзэж байна. Мөн боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, сургалтын чанар, үр дүнг санхүүжилттэй уялдуулах, чадварлаг багшийн хөдөлмөрийг үнэлдэг болох, боловсролын үнэлгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах зэрэг боловсролын шинэчлэл рүү чиглэсэн бүхий л бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Боловсролын салбар төсвийн цахим шилжилт хийснээр жил бүр төсөвлөдөг 1,7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж эхэлж байна.

-Монгол Улсын 2022 оны төсөв батлагдлаа-

2021.11.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Засгийн газраас 2021-09-30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2022 оны төсөв нь  дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ-ийг дэмжих төсөв байв. Монгол Улсын хөгжлийг хурдасгах, эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд  чиглэсэн шинэчлэлүүд ирэх 2022 оны төсөвт дараах байдлаар туссан

-ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭХЛҮҮЛЖ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЗАМААР ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭНЭ-

Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Түүнчлэн, Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүллээ. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 километр хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаал цайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 километр авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 километр авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн Замын-Үүд, Гашуун сухайтад Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

-ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ҮР АШИГ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ-

Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ЗАСАГЛАЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО-ын шинэчлэл хийнэ. Төрийн өмчийн компаниудыг үйл ажиллагаа, санхүү, ашигт ажиллагааны үр дүнгээр нь үнэлж дүгнэх, хариуцлага тооцох бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно. Түүнчлэн, ногдол ашгийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлснээр төрийн өмчит хуулийн этгээд зардлаа хэмнэх, ашгаа нэмэгдүүлэх, оновчтой хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хөшүүрэг бий болно.

-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД  ХЭМНЭЛТИЙН ГОРИМД АЖИЛЛАНА-

Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулахаар тооцож холбогдох зардлыг бууруулна. Гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг хэмнэнэ. Мөн бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулна.

-ХУВИЙН ХЭВШИЛ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙДЛААС ТАТГАЛЗАЖ СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-Д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨР ХУДАЛДАН АВДАГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ-

Төр өөрөө гүйцэтгэх шаардлагагүй, хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Ингэхдээ үйлчилгээний тарифыг өрсөлдөөн бий болохуйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, санхүүжилтийг үр дүнтэй хуваарилах механизмыг бий болгоно.

-НИЙГМИЙН СУУРЬ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТӨСВИЙН ХУВЬД ХАГАС БИЕ ДААСАН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ БАГЦ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ-

Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл хийж гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоно. Ирэх 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ.Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бодит өртөгт суурилсан хувьсах зардлын санхүүжилт, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус тогтолцоо, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын чанартай уялдуулж үнэлэх, үр дүн бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого зэргийг багцаар нь шийдвэрлэнэ. Дээрх шинэчлэлийг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч олон мянган эмч, сувилагч, багш болон төрд үйлчилгээ үзүүлэх бусад ажилтан хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг болно.

-БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, САНХҮҮГИЙН БАТАЛГААТАЙ ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг багаас нь ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох болно. Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байна. Тухайлбал, 2022-01-01-нээс 2022-07-01-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 2022-07-01-ний өдрөөс 2022-12-31-ний өдрийг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байна.

-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЧАДВАРТАЙ, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ ШИЛЖИХ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ-

Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжийн тогтолцоогоор хамруулдаг болно. Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгоно.

-УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ШААРДАГДАХ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ-

2022 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгалаа. 2022 оны төсөв нь Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод реформ хийх, Цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах, эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

-2022 оны төсвийн тодотголын төслийг өргөн барина-

2022.01.28. Засгийн газар. Төрийн ордон. Монгол Улс. Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 28-нд боллоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх боломж нь нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглах бөгөөд үүний тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-

2021.02.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар Дэлхийн банктай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг цахим сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагчид оролцож байна. Тус сургалтыг Сангийн сайд Б.Жавхлан нээж үг хэллээ. Тэрбээр Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлууд эрчимтэй хийгдэнэ, тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын цахим системийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, төсвийн ил тод, үнэн зөв, хариуцлагатай байдлыг хангаж ажиллах нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлоод нийт оролцогчдод амжилт хүслээ. Энэ удаагийн сургалтаар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар танилцуулж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-

2022.03.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг сургалтыг 8 дахь жилдээ зохиогджээ. Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар танилцуулах бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар болон цахим системийг хэрхэн ашиглах талаар арга зүйг танилцуулжээ. Сургалт семинарт аймаг, нийслэл, агентлаг, яамдууд болон бусад байгууллагууд төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, тайлан хариуцсан 260 гаруй албан хаагчид оролцож байна. 

-Уул уурхай төсвийн орлогын 22 хувийг бүрдүүлжээ-

2022.07.29. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 6 сарын байдлаар 8,001.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 895.4 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас 1,773.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.

➢ Уул уурхай, олборлох 1,738.5 тэрбум төгрөг буюу 21.7 хувь,

➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.02 хувь,

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 15.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

➢ Бусад орлого 17.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь.

Эрдэс баялгийн салбар нь 2022 оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.1 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл, 2022 оны эхний хагас жилд нийт экспорт 5,308.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,197.0 сая ам.доллар буюу 29.1 хувиар өссөн байна. Үүнээс Эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,983.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,323.8 сая ам.доллар буюу 36.2 хувиар өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.9 хувийг эзэлжээ. Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 6 сарын байдлаар улсын төсөвт 1,738.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

➢ Зэс 936.7 тэрбум төгрөг,

➢ Нүүрс 562.0 тэрбум төгрөг,

➢ Алт 112.3 тэрбум төгрөг,

➢ Цайр 53.8 тэрбум төгрөг,

➢ Төмөр 26.6 тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 11.3 тэрбум төгрөг,

➢ Бусад ашигт малтмал 35.9 тэрбум төгрөг байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

➢ Нүүрс 130.6 (30.3%) тэрбум төгрөг,

➢ Цайр 8.8 (19.6%) тэрбум төгрөг,

➢ Алт 6.1 (5.7%) тэрбум төгрөг,

➢ Бусад 15.5 (76.3%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

➢ Зэс 736.0 (44.0%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 43.4 (62.0%) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 40.4 (78.1%) тэрбум төгрөг,

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд нүүрс тээврийн 1007 автомашин, Ханги боомтоор 456 автомашин, Булган боомтоор 138 автомашин, Шивээхүрэн боомтоор 410 автомашин, Замын-Үүд болон Бичигт боомтоор 26 нийт 2037 автомашин хил нэвтэрчээ. Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 95 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 174 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ. Газрын тосны нөөцийн тухайд улсын хэмжээнд 7 дугаар сарын 21-ий өдрийн байдлаар нийт 133,531 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,457 тонн буюу 45 хоногийн, АИ-92 автобензин 41,247 тонн буюу 31 хоногийн, АИ-95 автобензин 4,118 тонн буюу 31 хоногийн, ДТ 77,791 тонн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61,205 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,362 тонн, АИ-92 автобензин 24,812 тонн буюу 26 хоногийн, АИ-95 автобензин 2,474 тонн буюу 34 хоногийн, ДТ 29,775 тонн буюу 27 хоногийн хэвийн нөөцтэй байна.

-Экспорт импортоос давжээ-

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны эхний 11 сарын байдлаар 15,017.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,276.0 сая ам.доллар буюу 27.9 хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 2,641.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ. Нийт экспорт 2021 оны эхний 11 сарын байдлаар 8,829.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,974.6 сая ам.доллар буюу 28.8 хувиар өссөн байна. Үүнээс Эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,289.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,873.8 сая ам.доллар буюу 29.2 хувиар өсчээ. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.9 хувийг эзэлж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээлэв. 

-Эрдэс баялгийн салбар төсвийн 29,6 хувийг бүрдүүлэв-

2021.12.21. Улаанбаатар. Уул уурхайн яам. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 13,362.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,294.1 тэрбум төгрөг буюу 47.4 хувиар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:

  • Уул уурхайн салбараас 3,707.8 тэрбум төгрөг буюу 27.7 хувь,
  •  Газрын тосны салбараас 180.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 30.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 36.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь байна.

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 3,707.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Зэс 2,343.8 тэрбум төгрөг,
  • Нүүрс 732.0 тэрбум төгрөг,
  •  Алт 212.3 тэрбум төгрөг,
  • Төмөр 168.2 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 103.9 тэрбум төгрөг,
  • Цайр 98.7 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 49.0 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,908.4 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнд:

  • Зэс 1,465.0 (2.7 дахин) тэрбум төгрөг,
  • Нүүрс 171.9 (30.7 хувь) тэрбум төгрөг,
  • Төмөр 94.2 (2.3 дахин) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 73.7 (3.4 дахин) тэрбум төгрөг,
  • Цайр 66.7 (3.1 дахин) тэрбум төгрөг,
  • Алт 57.6 (37.2 хувь) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Бусад 20.5 (29.5 хувь) тэрбум төгрөг байсан нь нөлөөлсөн талаар Уул уурхайн яамнаас албан ёсоор мэдэгдэж байгаа юм.

-6,8 сая тонн нүүрс экспортолжээ-

2021.04.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Замын Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улс руу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:

  • Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл
  • Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл
  • Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл
  • Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна

Монгол Улс 4-р сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

-Ирэх оны төсвийн бодлогыг өргөн барив-

2022.10.03. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д өргөн барилаа. Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд дараах бодлогын арга хэмжээг ирж буй төсвийн жилд хэрэгжүүлэхээр тусгалаа.

  • Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ.
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэнэ.
  • 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% дуусна.
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох Шинэ Зуунмод хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
  • 2023 онд гадаадын зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд хэрэгжинэ.
  • Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.
  • Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө.
  • УБ хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-с чөлөөлнө.
  • Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно.
  • Уул уурхайн компаниудаас өгдөг хандив, тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгоно.
  • Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ. 12. Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно.
  • Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэхээр 2023 оны төсвийн төсөлд тусгалаа гэжээ. 

-Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийг танилцууллаа-

2022.10.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс анх удаа Улсын төсвийн төслөө иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, төсөвт тусгах иргэдийн санал хүсэлтийг нээлттэй авч байна. Иргэдийн саналыг D-parliament цахим систем болон  утас, мэйл хаягаар 10 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд авч нэгтгэн өнөөдөр хэлэлцүүлж байна. Дээрх хугацаанд зөвхөн D-parliament цахим системээр 15.293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцаж иргэдээс 798 санал иржээ. Иргэдээс ирүүлсэн санал бүрт хариу өгч холбогдох ажлын хэсэг, байнгын хороодод шилжүүлсэн байна. Сангийн яам Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа: Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийн эсрэг арга хэмжээний суурь нөхцөлийг бүрдүүлэхээр тооцлоо. 2023 оны төсөв нь Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж энэ хүрээнд нэг их наяд төгрөгийг хэмнэх, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр Төсвийн төсөлд тусгалаа гэжээ. 

-Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа-

2022.11.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх 2023 оны төсвийн онцлог: 

1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны бүтэн жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд 1 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна.

2. Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж 2020 онд  4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй 1 их наяд төгрөгөөр огцом бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталлаа.

3. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм.

4. Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.

5. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулна. Хөвсгөл, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад 100-300 ор бүхий хүүхдийн болон нэгдсэн эмнэлгийн барилгууд ашиглалтад орж нийгмийн үйлчилгээний чанар сайжирна. Мөн 10 гаруй жил үргэлжилсэн 2 аймгийн театр, Үндэсний номын сангийн барилгыг дуусгана.

6. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан  өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөлөө.

7. Цалингийн тогтолцооны шинэчлэлийн хэрэгжүүлнэ. Үүнд:

 ✓ Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгоно.

✓ Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 6 хувиар нэмэгдүүлнэ.

✓ Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно.

✓ Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор 2023 оны төсөвт тусгалаа гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

-Нээлттэй төсөв өгөгдлийн тэмцээн зарлагдлаа-

2022.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам, Unread медиа компанитай хамтран Нээлттэй төсөв өгөгдлийн тэмцээнийг зохион байгуулж байна6 Ирээдүйгээ төсөвлө аяны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү тэмцээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийх, асуудал дэвшүүлэх, цаашид хэрэгжихүйц бодлогын шийдлүүд санаачлах юм. 

ТӨСВИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Монгол Улсын Сангийн яамнаас 2010-2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг Дэлхийн банкны BOOST: Нээлттэй төсвийн портал мэдээллийн сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж8 Ил тод цахим хуудсанд байршуулснаар олон нийт нээлттэй ашиглах боломжтой болсон билээ. Ингэснээр бодлого боловсруулагчид, судлаачид болон төсвийн мэдээллийг сонирхож буй хүн бүхнийг баталгаат мэдээллээр хангах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж буй юм.

Ирээдүйгээ төсөвлө аяны хүрээнд:

– Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Хэрвээ би Сангийн сайд байсан бол…сэдэвт эсээ бичлэгийн уралдаан

– Их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд Ирээдүйгээ төсөвлөэрдэм шинжилгээний хурал

– Залуу мэргэжилтнүүдэд зориулсан дөрвөн долоо хоногийн хугацаатай MOF-менторшип хөтөлбөрийг зохион байгуулсан билээ.

НЭЭЛТТЭЙ ТӨСӨВ ӨГӨГДЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Сангийн Яам 2010-2021 оны төсвийн орлого, зарлагын мэдээллийг BOOST аргачлалын дагуу боловсруулж олон нийтэд нээлттэй болгож байгаатай холбогдуулан Нээлттэй төсөв сэдэвтэй өгөгдлийн тэмцээнийг Ирээдүйгээ төсөвлө аяны ээлжит үйл ажиллагаа болгон зохион байгуулж байна. Тус өгөгдлийн тэмцээний зорилго нь төсөв төлөвлөх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн гүйцэтгэл дэх олон нийтийн хяналтыг сайжруулах, ил тод байдлыг бэхжүүлэх эрхэм зорилготой. Тэмцээний бүртгэл болон бүтээл хүлээн авах хугацаа 2022.11.11-ний өдрөөс 2022.12.01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээний дүрэм нь 2010-2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг ашиглан практикт хэрэгжихүйц, шинэлэг, оновчтой санаачилга дэвшүүлсэн зөвлөмж, санал, богино хэмжээний судалгааны тайланг бүтээлч байдлаар танилцуулна. Ингэхдээ бусдын ажлыг хуулбарлаагүй, судалгаанд ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан, асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, дүгнэлт, зөвлөмжид хүрсэн байх шаардлагатай.

Сэдэв:

– Тэгш бус байдал ба хүртээмж

– Хүрээлэн буй орчин

– Жендерийн эрх тэгш байдал

– Хариуцлага, засаглал

Хамрах хүрээ: 

– Дата шинжлэх ухааны мэргэжилтнүүд

– Эдийн засаг, бизнесийн чиглэлийн эрдэмтэн судлаачид

– Контент бүтээгчид

– Их, дээд сургуулийн 18-аас дээш настай оюутан залуус 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно.

Бүтээлийн төрүүд:

– Бодлогын зөвлөмж, санал

– Богино хэмжээний судалгааны тайлан

– Төслийн санал

Тэмцээний хөтөлбөр:

I шат – Багууд төслийн саналаа файл хэлбэрээр neeltteitusuv@gmail.com хаягт илгээсний дараа шүүгчид шилдэг 10 багийн судалгааны ажлыг сонгож, дараагийн шатанд шалгаруулна.

II шат – Шалгарсан 10 баг боловсруулсан санал зөвлөмжөө богино хэмжээний бичлэг, анимейшн, пресентаци, инфографик дүрслэлээр боловсруулж шүүгчдэд танилцуулна.

Тайлбар: Төсвийн бодлоготой холбоотой нийтлэл нэгтгэгдэж буй тул, төсвийн бодлогын гүйцэтгэлээс хамаарч тоо баримтад өөрчлөлт орж болзошгүй…

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.