Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Дэлхийн зах зээлд гаргасан бонд…

-Хөгжлийн банк хэрхэн байгуулагдсан бэ-

Манай улсын арилжааны банкууд их хэмжээний үнийн дүн бүхий зээл ер нь гаргадаггүй. Тэд нэг аж ахуйн нэгжид өөрийн хөрөнгийн 20 хувиас дээш хэмжээний зээл олгох ёсгүй байдаг учраас тэр. Тиймээс тэдний нийт зээлийн 99 хувийг 50 хүртэлх сая төгрөгийн зээл, 1 хувийг 500 хүртэлх сая төгрөгийн зээл эзэлдэг байна. Гэтэл томоохон төслүүдэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг арилжааны банкууд зээлэх бололцоогүй учраас улс орны ирээдүйд нэн чухал томоохон төсөл хөтөлбөрүүд санхүүжилтгүйн улмаас зогсонги байдалтай явж ирсэн. Тиймээс энэ хүндрэлийг арилгаж томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сард Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан юм. Ингээд тус банкны удирдлагын багийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн өмчийн хороонд даалгажээ. Энэ дагуу Төрийн өмчийн хороо 2010.09.02-ны өдрийн хуралдаанаараа Хөгжлийн банкны удирдлагын багийг сонгон шалгаруулах баримт бичиг, удирдлагын гэрээний төсөл, зар мэдээ, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байдаг. Бэлтгэл ажил хангагдсан учраас Төрийн өмчийн хороо 2010.09.09-ний өдөр Хөгжлийн банкны удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлажээ. Уралдаант шалгаруулалтыг Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан ба тэдгээрийн эрх олгосон тохиолдолд гэрээнд банкны Төлөөлөн удирдах зөвлөл гарын үсэг зурах байжээ. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага менежментийн хэлтсийн дарга Володя: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад ямар ч хуулийн этгээд материалаа ирүүлээгүй. Гэхдээ тус албан тушаалд гадаад хүн томилж магадгүй гэж тухайн үед ярьж байсан юм. Тэгвэл хожим Төрийн өмчийн хорооны дарга Сугар: Хөгжлийн банкны удирдлагын багаар Солонгосын Ки Ди Би банк ажиллаж магадгүй хэмээн ярьж байсан юм. Удалгүй Төрийн өмчийн хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон байдаг. Тухайн үед Монгол улсын хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр:

  • Б.Даринчулуун-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга
  • Ж.Ганбат-Сангийн яамны хэлтсийн дарга
  • Ч.Хашчулуун-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга
  • Х.Володя- Төрийн өмчийн хорооны хэлтсийн дарга
  • Б.Энэбиш-Эрдэнэс монгол компанийн гүйцэтгэх захирал
  • Д.Энхжаргал-Монголбанкны Лондон дахь төлөөлөгч
  • П.Морроу-Хаан банкны гүйцэтгэх захирал
  • Л.Болормаа- Би-Эф-Эй-Эс компанийн гүйцэтгэх захирал
  • С.Меянатан-Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан
  • Харин төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Монгол улсын хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Хашчулууныг томилж байжээ.

Ийнхүү удирдлагын багтай болсноор 2011 оны тавдугаар сард албан ёсоор байгуулагдсан Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Засгийн газраас санал болгосон томоохон төсөл хөтөлбөрүүдийг тус банк санхүүжүүлэх үүрэгтэй. Хөгжлийн банк 10 жилийн хугацаанд нийт 18 их наяд төгрөгийн хөрөнгө босгож томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой. Тус банкны ойрын 10 жилд босгох хөрөнгийг авто зам, барилга байгууламж зэрэгт зарцуулна гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргаад байна гэсэн тайлбар хийж байсан юм. Тодруулбал, нүүрс химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ган болон төмөрлөгийн үйлдвэр зэргийг өөртөө багтаасан аж үйлдвэрийн цогцолборыг барих хөрөнгийг Монгол Улсын хөгжлийн банк босгох ёстой хэмээн тухайн үед үзэж байсан юм. Үүнээс гадна, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан 5600 километр шинэ төмөр зам барьж байгуулахад шаардлагатай мөнгөний тодорхой хувийг Хөгжлийн банк олох ёстой гэж үзэж байжээ. Түүнчлэн шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт тусгагдсан хот төлөвлөлтийг сайжруулах, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, иргэдийг орон сууцаар хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүргийг Хөгжлийн банк хүлээсэн билээ. 

-Хөгжлийн банк дотоодын зах зээлд бонд гаргав-

Засгийн газрын хуралдаанаар үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ, Хөгжлийн банкны үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч байжээ. Баталгаажсан үнэт цаасны эх үүсвэрээс УИХ-ын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15-р тогтоолд заасан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байжээ. Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэрийг хямдруулах, иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад мөн даалгаж байжээ. Уг арга хэмжээг авахдаа мөнгөний бодлоготой уялдуулж хийхийг холбогдох газруудад Засгийн газрын хуралдаанаас зөвлөмж болгож байлаа. Энэ дагуу Хөгжлийн банк үүдээ нээж, өрхөө татсан даруйдаа эхний ээлжийн төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө босгохоор Засгийн газрын баталгаатай 800 тэрбум төгрөгийн бондыг 2011 онд дотоодын зах зээлд арилжаалахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Үүний 250 тэрбум төгрөгийн бондыг 5 жилийн хугацаатай, 250 тэрбум төгрөгийн бондыг 10 жилийн хугацаатай гаргахаар тогтсон. Харин үлдэх 300 тэрбум төгрөгийн бондыг 15 жилийн хугацаатай гаргаж дотоодын зах зээлд арилжаалахаар болсон тухайгаа сүр дуулиантай зарлаж байсан юм.
Тухайлбал, Хөгжлийн банк дээрх 300 тэрбум төгрөгийн бондын орлогоо Монголын ипотекийн корпораци, Орон сууцны санхүүжилтийн корпораци, арилжааны банкуудаар дамжуулан 100 мянган өрхөд 6 хувийн хүүтэй зээлэхээр төлөвлөж байсан юм. Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд зарцуулахаар төлөвлөж байсан учраас бондын хүүг 6 хувиар тогтоосон болохыг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан юм. Иргэдэд олгосон орон сууцны зээлээс орж ирэх хүүг бонд худалдаж авсан хөрөнгө оруулагчдад өгнө. Ингэвэл хямд эх үүсвэрээр иргэдээ орон сууцжуулах боломжтой гэж холбогдох албаныхан үзэж байсан юм. Тэр үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Золжаргал: Хөгжлийн банкнаас гаргах бондыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч худалдаж авах бүрэн боломжтой. Тэр эрэлт нь байгаа гэх тайлбарыг өгч байлаа. Харин тэр үеийн Сангийн дэд сайд Ганхуяг: Хөгжлийн банкны бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд арилжаалж болно. Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад худалдаж болох хувилбар бий гэсэн тайлбар өгч байлаа. Холбогдох албаныхан ийм тайлбар өгсөн ч, 6 хувийн хүүтэй Хөгжлийн банкны бондыг дотоодын зах зээлд худалдаж авах арилжааны банк болон аж ахуйн нэгж олдохгүй гэсэн тайлбарыг эдийн засагчдын зүгээс өгч байсан юм. Нэгдүгээрт арилжааны банкууд үүнээс өмнө доод тал нь 11 хувийн хүүтэй Засгийн газрын бонд худалдан авч ирсэн. Өндөр хүү өгөөд сургачихсан учраас 6 хувийн хүүтэй Хөгжлийн банкны бондыг тэд тоох уу гэдэг бэрхшээлтэй тулгарсан юм. Хоёрдугаарт тухайн үед арилжааны банкуудын хадгаламжийн хүү 15 орчим хувь байсан тул Хөгжлийн банкны 6 хувийн хүүтэй бонд худалдаж авах хөрөнгө оруулагч олдох уу гэсэн асуудал гарч ирсэн юм. Гуравдугаарт тэр үед төвбанкны үнэт цаасны хүү жилийн 11,75 хувь байсан учир арилжааны банкууд 6 хувийн хүүтэй Хөгжлийн банкны бондоос татгалзаж, өндөр хүүтэй Төвбанкны үнэт цаас руу хошуурч байсан юм. Арилжааны банкуудад Хөгжлийн банкны бонд худалдаж авах хангалттай эх үүсвэр байсан ч, тэд энэ бизнест хөл тавьсангүй. Дотоодын хөрөнгө оруулагчид ийнхүү уг бондыг сонирхоогүй учир Хөгжлийн банк эргэлт буцалтгүй гадаад зах зээл рүү тэмүүлэх нь тэр. Тодруулбал, Хөгжлийн банк дотоодын зах зээлд гаргахаар төлөвлөсөн 800 тэрбум төгрөгийн бондоо гадаад зах зээл рүү зүтгүүлсэн юм.

-Хөгжлийн банк гадаад зах зээлд бондоо бүртгүүлэв-

Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бондыг гадаад зах зээлд арилжаалах хөрөнгө оруулалтын банкийг 2011.07.09-ний байдлаар сонгон шалгаруулсан байлаа. Тэр үеийн Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Болормаа: Тэднийг дэлхийд нэр хүндтэй 11 хөрөнгө оруулалтын банкнаас сонгож авсан болохыг хэлдэг. Ингэснээр тус банк бондоо 2011 оны аравдугаар сард багтаан дэлхийн зах зээлд арилжаалах боломжтой болов. Ингэхдээ бондоо таван жилийн хугацаатай, бага хүүтэй гаргахаар төлөвлөж байсан юм. Үүнийг арилжаалахад хэзээ нэг өдөр хүүтэй нь эргүүлж төлөх учраас гадаад өр нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс хожим улсын төсөвт дарамт ирнэ гэдгээ тооцвол Хөгжлийн банкны бондыг аль болох бага хүүтэй арилжаалах нь манай улсад ашигтай байсан юм. Бага хүүтэй байх тусмаа томоохон төслүүдээ хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой болох учраас тэр. Тиймээс дэлхийн эдийн засгийн хямрал намжихыг хүлээзнэх хэрэгтэйг эдийн засагчид тэр үед зөвлөж байсан билээ. Тухайлбал, Монголын Олон Улсын хөрөнгийн корпорацын захирал Д.Ачит-Эрдэнэ: Европын холбооны улсуудад хямрал үргэлжилж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд бондын хүү өсч байгаа. Тиймээс европын холбооны улсуудад хямрал намжтал хүлээзнэх хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг тогтворжвол бондын хүү буурна. Тэр үед бага хүүтэй бонд гаргавал манай эдийн засагт үр өгөөжөө өгнө гэж ярьж байлаа. Тиймээс дэлхийн эдийн засаг сайжрахыг хүлээзнэж, 2011 оны турш мөнгөний эрэлд мордсоны эцэст Сингапурын хөрөнгийн биржэд 600 сая ам.долларын бондоо бүртгүүлж чадсан юм. Үүний 20 сая ам.долларын бондыг 2011 оны эцэст 1 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй арилжаалсан байдаг. Уг бондын орлогыг шинээр баригдах 5600 километр төмөр замын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг санхүүжүүлэхэд зарцуулсан юм. Шинэ төмөр замын эцсийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж дуусаагүй байсан учир энэ төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээ түр хойшлуулсан болохыг албаныхан хэлдэг. Харин тус банк техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон авто замын төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх нь оновчтой гэж үзсэн байна. Тиймээс Хөгжлийн банк дараагийн ээлжинд арилжаалах 580 сая ам.долларын бондоо дээрх төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар болов. Бондын орлогыг ийм төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах нь хэр оновчтой вэ гэсэн асуултад Олон улсын валютын сангийн Ази номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнетт: Хөгжлийн банкны бондыг гадаадын зах зээлд гаргаснаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын байгууллагууд байнга тогтоож, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц шинэ бүтээгдэхүүн бий болно. Хөгжлийн банкны бондын орлогыг зам гэх мэт унтаа төсөл хөтөлбөрт зарцуулах нь үр өгөөжгүй. Хөгжлийн банкны бондын эх үүсвэрийг үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах ёстой гэсэн тайлбар өгч байсан юм. Үйлдвэрийн ашгаар Хөгжлийн банкны бондын хүүг төлөөд явах боломжтой учир Олон улсын валютын сан ийм зөвлөмж өгсөн хэрэг. Гэхдээ бондын орлогыг юунд зарцуулахаа Хөгжлийн банк хэдийнэ шийдчихсэн байлаа. Төслүүдээ санхүүжүүлэх бондыг 2012 оны гуравдугаар сард багтаан арилжаалахаар төлөвлөж, хөрөнгө оруулагчдад танилцуулсан байдаг. Энэ талаар тэр үеийн Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив-Пассивийн удирдлагын газрын захирал Батбаатар: 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Хонконгийн хөрөнгө оруулагчдад, 10-ны өдөр Сингапурын хөрөнгө оруулагчдад, 14-ний өдөр Лондонгийн хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Түүнчлэн Франкфуртын болон Америкийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа утсаар танилцуулах ажлыг хийсэн талаараа хэлж байсан юм. Улмаар Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд 580 сая ам.долларын бондоо 5 жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй гаргасан юм. Энэ бонд манай улсын гадаад зах зээлд гаргасан анхны бонд гэдгээрээ онцлог. Уг бондыг Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан учраас Засгийн газрын өрд тооцогдож байсан юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк бондын төлбөрөө төлж дийлэхгүйд хүрвэл хариуцлага нь Засгийн газарт ачаа болж ирэх байсан юм. Бондын төлбөрийг 2017 оны гуравдугаар сарын 21-нд хугацаанд нь төлсөн гэх мэдээлэл байдаг юм.

Б.Нямаа: Хөгжлийн банкны 115 сая ам.доллараар Оюутолгойгоос авсан зээлээ төлсөн

2014.10.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголын хөрөнгийн зах зээлийн томоохон хоёр тоглогчийн хувьцааг засгийн газар Сангийн яамны мэдэлд шилжүүлээд байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн хувьцааг эхлээд шилжүүлсэн бол, дараа нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцааг шилжүүллээ. Хоёр яам нэгдэж байгаатай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яамны мэдлийн “Хөгжлийн банк” Сангийн яаманд ирж магадгүй гэсэн мэдээлэл мөн байна. Ийнхүү сангийн яамны мэдэлд манай улсын санхүүгийн томоохон байгууллагуудын зарим нь ирээд байгаа бол, зарим нь удахгүй ирж магадгүй нь… Тиймээс энэ асуудлаар Сангийн яамны Санхүүийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Д.Нямаатай ярилцсан юм.

– Монголын хөрөнгийн биржийн талаар авах зарим арга хэмжээний тухай 152 тогтоолыг засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын дундуур гаргасан.  Энэ тогтоолд Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмших эрхийг Сангийн яамыг руу шилжүүлэх тухай тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржийг Төрийн өмчийн хорооны мэдлээс гаргаж, Сангийн яамны мэдэлд авчирлаа. Ингэх болсон шалтгаан нь?
– Хөрөнгийн зах зээл манай улсын эдийн засгийн тулгамдсан асуудлын нэг болчихоод байгаа. Тиймээс энэ зах зээлийн хөгжлийн асуудлаар УИХ, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран сүүлийн хоёр жил нэлээд арга хэмжээ хэрэгжүүллээ. Тухайлбал, УИХ өнгөрсөн оны тавдугаар сарын 24-нд “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан байх жишээтэй. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийн шинэчлэлтэй холбоотой маш олон ажил хийгдэхээр төлөвлөгдөөд, хүлээгдэж байна. Энэ бүх шинэчлэлийн ажлын том зангилаа нь Монголын хөрөнгийн бирж болчихоод байгаа юм. Гэтэл энэ бирж маань шинэчлэлийн ажлаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй, зах зээлийн хүсэн хүлээсэн түвшинд ажиллахгүй байсан. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын хувьд ч, хууль эрхзүйн орчны хувьд ч нэлээд төвөгтэй байдал үүсээд байсан учраас, Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмших эрхийг сангийн сайдад шилжүүлсэн юм.

-Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 292 тогтоолыг засгийн газар өнгөрсөн сарын дундуур мөн гаргалаа. Энэ тогтоолын дагуу сангийн яам тус байгууллагын хувьцаа эзэмшигч боллоо. Уг байгууллагыг хоёр хуваах эрхийг ч танай яаманд өгсөн байгаа?
– Манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хоёр зүйл нөлөөлж байгаа. Нэг талаас, манай хөрөнгийн зах зээл гаднаас хөрөнгө оруулагч, эх үүсвэр татах нөхцөл бүрдсэн үү гэдэг асуудал байна. Нөгөө талаас, тэр үйл ажиллагааг явуулж эхлэхэд үнэт цаасны зах зээлийн дэд бүтэц үүнийг авч ажиллуулах бололцоотой юу гэдэг асуудал байгаа юм.  Хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц болох Үнэт цаасны төлбөр тооцоо,  төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ өнөөдөр төлбөр тооцоо, хадгаламж бүртгэлийн ажлыг дангаараа гүйцэтгэж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар, энэ хоёрыг салгах ёстой юм. Ингэхдээ, төлбөр тооцоо тусдаа, хадгаламж бүртгэл тусдаа байх ёстой гээд заачихсан. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга гарснаас хойш энэ ажил хийгдээгүй явж ирсэн. Харин салгах ажлыг хийх зорилгоор “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 292 тогтоолыг засгийн газар өнгөрсөн сард гаргалаа.

– “ҮЦТТТХТ”-өөс үнэт цаасны хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийг тусгаарлаж, түүнийг шинээр үүсгэн байгуулах төрийн өмчит хуулийн этгээд рүү шилжүүлэх тогтоол гарсан. Харин “ҮЦТТТХТ”-ийг үнэт цаасны тооцооны болон төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болгон өөрчилж, хувьцааг нь Монголын хөрөнгийн биржэд эзэмшүүлэхээр болсон. Энэ хуваах, салгах үйл явц хэзээ эхлэх вэ?
– “ҮЦТТТХТ”-ийг төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг шинэчлэх сангийн сайдын тушаал гарсан байгаа. Түүнээс салгах үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна. Гэхдээ энэ байгууллагыг хэрхэн яаж салгах вэ гэдэг дээр тусгайлсан ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Ажлын хэсэг яагаад томилсон бэ гэхээр, салгах үйл ажиллагаа ямар нэгэн эрсдэлгүйгээр хийгдэх ёстой. Маш олон хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөхөөс гадна,  мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах ёстой байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд алдагдалгүй, эрсдэлгүй хуваах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын хөрөнгийн бирж”, “Санхүүгийн зохицуулах хороо”, “Сангийн яам”-наас холбогдох албан тушаалтнууд орж ажиллаж байна. Ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх “Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл” хуваах, салгах үйл ажиллагааг хэрхэн яаж, зохион байгуулах нь зүйтэй вэ гэдэг дээр зөвлөмж өгсөн байгаа.

– Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх “Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл”-өөс зөвлөмж өгсөн гэлээ. “ҮЦТТТХТ”-ийг хуваах, салгахад чухам юуг анхаараарай гэж байх юм. Зөвлөмжийг ажлын хэсгийнхэн хэрхэн хүлээн авч байгаа вэ?
– Энэ бодлогын зөвлөлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын хөрөнгийн бирж”, “Санхүүгийн зохицуулах хороо”, “Сангийн яам”, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байдаг. Ийм бүрэлдэхүүнтэй бодлогын зөвлөлөөс “ҮЦТТТХТ”-ийг хуваахад, хэд хэдэн эрсдэлд учирч болзошгүй байгааг анхаараарай гэсэн зөвлөмж өгсөн.

– Монголын хөрөнгийн бирж 1996-1999 оны хооронд “ҮЦТТТХТ”-ийн 1 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулж, салхинд хийсгэсэн гэгддэг. Тиймээс ч энэ хоёр байгууллагыг хэдхэн жилийн өмнө салгасан. Гэтэл өнөөдөр “ҮЦТТТХТ”-ийг хуваах замаар буцаагаад Монголын хөрөнгийн биржийн мэдэлд аваачих гэж байна. Өмнө нь гарч байсан шиг эрсдэл гарахгүй юу?
– Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд, төвлөрсөн хадгаламж эрхэлдэг хуулийн этгээд монгол улсад цорын ганц байна гээд заачихсан. Бид “ҮЦТТТХТ”-өөс төвлөрсөн хадгаламж бүртгэлийг тусгаарлаж, сангийн яамны дэргэд хуулийн этгээд байгуулан шилжүүлнэ. Өнөөдөр “ҮЦТТТХТ”-д иргэд, аж ахуйн нэгжийн мэдээлэл, данс байна. Энэ дансны 11.5 тэрбум төгрөгийг  Монголын хөрөнгийн биржэд өгөхгүйгээр, Сангийн яамны дэргэд байгуулагдах хуулийн этгээд рүү шилжүүлэх юм. Харин төлбөр тооцоо хийдэг тэр хэсгийг салгаад, Монголын хөрөнгийн биржийн оролцоотой компани байгуулах тогтоолыг засгийн газар гаргасан. Өөрөөр хэлбэл, манай яамны дэргэд “Монголын хөрөнгийн бирж”, “Төвлөрсөн хадгаламж” гэсэн хоёр компани байх юм… Тиймээс ч төвлөрсөн хадгаламжийн данс, мөнгө, мэдээллийг Монголын хөрөнгийн биржэд өгөхгүй. Харин Монголын хөрөнгийн биржийн дэргэд, “Төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд байгуулах юм.

– “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөлд, Монголын хөрөнгийн биржийн 66 хувийг хувьчлахаар тусгасан. Монголын хөрөнгийн биржийг ингэж хувьчлахад, хөрөнгийн биржийн дэргэд байгуулагдах “төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа эрхлэх байгууллага давхар хувьчлагдах эрсдэл байгаа юм биш үү?
– Засгийн газрын тогтоолд, “төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг Монголын хөрөнгийн биржийн оролцоотой байгуулна гэж тусгасан байгаа. Харин Монголын хөрөнгийн биржийн өмчлөлд  “төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа бүхэлдээ байх нь зохимжгүй юм биш үү гэдэг асуудлыг бусад мэргэжлийн оролцогчдын зүгээс тавьж байгаа. Гэхдээ энэ нь хувьчлалын хөтөлбөр гарсаны дараа яригдах асуудал. Одоогийн байдлаар “төлбөр, тооцоо”-ны хэсгийг хэрхэн яаж хувьлах талаар тодорхой болгоогүй байна.

– Сангийн яам сүүлийн үед нүдний өмнө томроод байх боллоо. “Зоос” банкны суурийн дээр “Төрийн банк” байгуулагдаж, Сангийн яамны мэдэлд хэдэн жилийн өмнө очсон. Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцааг энэ онд танай яам авлаа. Сангийн яамны халаас руу мөнгө, хөрөнгийн зах зээлийн томоохон байгууллагууд ороод байгааг гайхах хүн цөөнгүй байна?
– Төрийн өмчийн хороо, төрийн өмчийн компаниудын өмчлөлийн эрхийг асуудлыг хэрэгжүүлдэг ийм байгууллага. Энэ хороонд төрийн өмчит санхүүгийн байгууллагууд байхаар ямар асуудал үүсч байна вэ гэхээр, мэргэжлийн чадвар нь  төдийлөн хүрэлцэхгүй байгаа. Тэр ч агуулгаараа, сангийн яам энэ үйл ажиллагаанд түлхүү оролцох ёстой гэсэн бодлого барьж байна. Сангийн яам санхүүгийн салбарын үйл ажиллагааны бодлогыг баридаг, тэр чиглэлийн зохицуулалтыг хийдэг байгууллага. Тиймээс санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчтэй компаниудын үйл ажиллагаанд оролцож байгаа гэсэн үг. Гэхдээ манай яам өдөр тутмын үйл ажиллагааг нь гардаж хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Зөвхөн бодлогын түвшинд оролцож байгаа юм.

– УИХ энэ сарын долоонд “Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг баталлаа. Ингэснээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэх эцсийн шийдвэр гарлаа. Одоо Эдийн засгийн хөгжлийн яамны мэдлийн “Хөгжлийн банк”  Сангийн яамны мэдэлд ирэх үү гэсэн асуудал яригдаж  байна?
–  Яг одоогийн байдлаар манай яамны  өмчлөгчийн эрхэнд “Хөгжлийн банк” ирсэн зүйл алга байна. Засгийн газар өмчлөгчийнхөө эрхээ өөрөө хэрэгжүүлээд явж байгаа. Засгийн газрын бүтэц шинэчлэгдэж дуусахаар хэрхэх нь тодорхой болох байх.

-Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийн засгийн газрын бонд худалдаж авсан ч, үүнийг төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулаагүй гэж тус банкны гүйцэтгэх захирал мэдэгдсэн. Гэхдээ сангийн яам төсвийн алдагдал санхүүжүүлэх зорилгоор бонд гаргадаг биз дээ?
–  УИХ дээр энэ асуудал яригдсаны дараа, бид үүнийг тодруулж, шалгаж үзсэн. Хөгжлийн банкны удирдлагуудаас ямар зориулалтаар бонд авсан гэдгийг тодруулахад, энэ банкны бүх хөрөнгө арилжааны банкууд дээр байршиж байгаа. Энэ нь арилжааны банкуудын нийт активын 10 гаруй хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн банкны бүх  хөрөнгө арилжааны банкнаас 100 хувь хамааралтай, эрсдэлтэй байна гэсэн ийм зүйл ярисан. Тиймээс энэ эрсдлийг бууруулах зорилгоор 110 тэрбум төгрөгийн засгийн газрын бондыг банк хоорондын захаас авсан байсан. УИХ-аар  2014 оны улсын төсөв батлуулах үед,  бидэнд 1.4 их наяд төгрөг хүртэлх дотоод бонд гаргах зөвшөөрөл өгсөн. Энэ хүрээнд, бид бонд гаргаж арилжаалсан. Үүнийг зөвхөн төрийн сангийн мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан юм. Бүх мөнгө хаашаа орсон, хаанаас гарсан гэдгийг хөөгөөд явбал, төсвийн алдагдал санхүүжүүлсэн мэт харагдаж магадгүй. Гэхдээ нөгөө талаасаа энэ нь,  эрсдэлээ бууруулж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ашиг олдог хэрэгсэл. Нэг ёсондоо хөрөнгө оруулагч, эх үүсвэр татагч хоёрын санхүүгийн зах зээл дээр хийж байгаа арилжаа гэж ойлгож болох талтай.

– Хөгжлийн банкны худалдаж авсан бондын эх үүсвэрээр төсвийн алдагдал санхүүжүүлсэн байвал, засгийн газар хууль зөрчсөн болно биз дээ?
– Хөжлийн банк засгийн газрын бонд худалдаж авч болохгүй гэсэн хууль байхгүй.  Хуулиараа хөрөнгөө бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл,  үнэт цаасанд байршуулах эрхтэй. Гэхдээ “Чингис” бондын орлогоор төсвийн алдагдал санхүүжүүлж болохгүй гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, УИХ-ын тогтоол бий. Энэ хүрээнд, “Чингис” бондын хөрөнгөөс засгийн газрын бонд худалдаж авсан зүйлгүй. Бүгд арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байгаа гэсэн тайлбарыг Хөгжлийн банкны удирдлага өгсөн. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын хөрөнгөөс 110 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас аваагүй гэж тайлбарлаж байгаа. Үүнийг Хөгжлийн банкны бусад банк, санхүүгийн байгууллагаас төвлөрүүлсэн хөрөнгөөр авсан гэж тайлбарласан.

– Хөгжлийн банкны түргэн борлогдох актив 1.7 тэрбум төгрөг байгаа. Энэ нь арилжааны банкуудын нийт активын 10 хувийг эзэлж байгаа учраас 277 тэрбум төгрөгийн засгийн газрын бонд авсан гэж мэдэгдэж байгаа. Та болохоор зөвхөн 110 тэрбум төгрөгийн бондын талаар ярилаа. Үлдэх бондын мөнгийг чухам юунд зарцуулсан юм бол?
– Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийг баталгаажуулах зорилгоор, засгийн газрын бонд гаргах шийдвэр гарч байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсаны дараа эхний ээлжийн 115 сая ам.долларын хямдруулсан бондыг 5 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй хөрөнгө оруулагчид арилжаалсан. Харин үүнээс 100 сая ам.доллар бэлнээр орж ирсэн. Үүнийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан “Эх орны хишиг” олгоход зарцуулсан гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл энэ мөнгөний төлбөрийг хийх хугацаа 2014 оны аравдугаар сарын 17-нд дууслаа. Тиймээс бид хаалттай хэлбэрээр 115 сая ам.долларын бонд гаргаж, “Хөгжлийн банк”-инд худалдсан юм. Хөгжлийн банкинд яагаад долларын бондыг шууд худалдсан бэ гэхээр, валютын зах дээрээс шууд 115 сая долларыг худалдаж авахад нэлээд төвөгтэй, ханш хөөрөгдөж болзошгүй байсан. Тиймээс ханшид нөлөөлөхгүйн тулд, ийм байдлаар зохицуулалт хийсэн. Нөгөө талаас, Хөгжлийн банк долларын эх үүсвэрээ тодорхой хүүтэйгээр байршуулж байж, хүүгийн зардлаа нөхөх ёстой. Тэр ч үүднээс, Хөгжлийн банк 115 сая ам.долларын засгийн газрын бонд худалдаж авсан байж байгаа.

– Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдсэний дараа бид, хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Үүний 100 сая ам.долларыг сая хүүгийн хамт төллөө. Үлдэх мөнгийг хэрхэх юм бол. Энэ урьдчилгаа төлбөрийг татварт суутгана гэж ярьж байгаагүй бил үү?
– Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа, хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Үүний 100 сая ам.долларыг бэлнээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Энэ гэрээний хугацаа сая дууссан учраас 100 сая ам.долларын үндсэн төлбөрийг, 15 сая ам.долларын хүүгийн хамт хөрөнгө оруулагчдад хугацаанд нь төлж, барагдууллаа. Харин үлдэх 150 сая ам.долларыг татварт суутгаад явж байгаа. Суутгал хараахан дуусаагүй байна. Энэ жил 60 сая ам.доллар, ирэх онд мөн 60 сая ам.долларыг татварт суутгана. Харин 2016 онд үлдэх хэсгийг суутгах юм. Урьдчилгаа төлбөрийг тодорхой хэмжээгээр татварт суутгаж байгаагаас гадна, тодорхой татваруудыг бэлэн мөнгөөр мөн төлүүлж байгаа.

– Засгийн газрын үнэт цаас гэснээс, дотоод бондын өрийн үлдэгдэл яг одоо хэд байгаа вэ?
– Ер нь төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоод бонд гаргаж байгаа. Төсвийн орлого ихэвчлэн дулааны улиралд, оны сүүлчээр ордог. Оны эхэнд төдийлөн сайн бүрддэггүй учраас, засгийн газар бонд гаргаж зардлаа санхүүжүүлдэг. Харин оны сүүлчээр орлого ороод ирэхээр, бондын төлбөрөөр барагдуулаад явдаг санхүүгийн хэрэгсэл.  Өнгөрсөн оноос шилжиж ирсэн засгийн газрын дотоод бондын үлдэгдэл 1.7 их наяд төгрөг байсан. Энэ жилийн тухайд бид 2 их наяд төгрөгийн бонд арилжаалсан. Өмнө гаргасан бондын төлбөрийг барагдуулж,  шинээр гаргах байдлаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 2.1 их наяд орчим төгрөгийн дотоод бондын үлдэгдэлтэй байна. Цэвэр дүнгээрээ додоод бондын үлдэгдэл 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бондыг ихэвчлэн  иргэд, аж ахуйн нэгж, арилжааны банкууд, гадаадын хөрөнгө оруулагчид авсан. Дээр нь “Хөгжлийн банк”  орж ирж байна. Он дуустал хуваарийн дагуу нэмж 500 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийнэ. Одоогийн өргөн барисан төсвийн төсөлд, ирэх онд 1.8 их наяд төгрөгийн дотоодын бонд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

–  Манай улсын өр энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй хуулийн заалт бий. Одоогоор улсын өр ДНБ-ий хэдэн хувьтай байгаа вэ?
– Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өр ДНБ-ий 49 гаруй хувьтай байна. Оны төгсгөл гэхэд, ДНБ-нд эзлэх улсын өрийн хэмжээг аль болох буулгахаар зорьж байна. Гэхдээ эдийн засаг болон төсвийн хүндрэлийн улмаас, энэ жилийн хувьд улсыг өрийг их хэмжээгээр буулгаж чадахгүй байж магадгүй байна. Өнгөрсөн оны эцэст улсын өр ДНБ-ий 49.9 хувьтай байсан. Өнгөрсөн оны түвшинд хадгалж гарч ч магадгүй.

-Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв-

2020.09.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт энд Пүүрс болон Фитч агентлагаас Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтоолоо. Ингэхдээ зээлжих зэрэглэлийг В төлөвийг тогтвортой гэж 2020 оны наймдугаар сард үнэлсэн байна. Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, төлөвийг Монгол улсын үнэлгээтэй ижил түвшинд тогтооход Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспорт-импортын санхүүжилт хийх үндсэн чиг үүрэгтэй, Засгийн газрын эзэмшлийн цорын ганц бодлогын банк гэдгийг авч үзсэн тухай мэдээлэлдээ онцолжээ.  Түүнчлэн, ноолуур, газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох замаар бодлогын банкны үүргээ амжилттай хэрэгжүүлж буйг онцолжээ.

-Хөгжлийн банкны зээлээр IV цахилгаан станц төслийг хэрэгжүүлэв-

2021.01.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Хөгжлийн Банкны санхүүжилтээр Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн турбоагрегат 1-4  шинэчлэх төслийг хэрэгжүүлж дууслаа. Дулааны  IV цахилгаан станц ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Хөгжлийн банк үе шаттайгаар хамтран ажилласаар ирсэн. Анх 2015 онд Турбоагрегат 7 шинэчлэл төслийг санхүүжүүлж эхэлсэн бөгөөд тус төсөл бүрэн хэрэгжиж дууссан. Тус төслийн санхүүжилтийн зээлийн эргэн төлөлт энэ онд бүрэн төлөгдөж дуусах юм. Турбоагрегат 7-г шинээр суурилуулснаар хүчин чадлыг 123 МВт нэмэгдүүлсэн. Харин 2018 оноос Турбоагрегат 1-4 шинэчлэх 3 үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тус төслийн санхүүжилтийг хуваарийн дагуу олгож байгаа бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар 70.3 сая еврогийн санхүүжилтийг олгожээ. Тус санхүүжилтийн төлбөр хуваарийн дагуу төлөгдөж байгаа бөгөөд 2026 онд зээл төлөгдөж дуусна. Хөгжлийн банкны зүгээс өөрийн хөрөнгө, эх үүсвэрийн зохицуулалтын хүрээнд төслийн санхүүжилтийг өртөг багатай эх үүсвэрээр хангаснаар төслийн хэрэгжилтийг хэвийн үргэлжлүүлэх, Монгол улсын өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах боломжийг бий болголоо. Дулааны IV цахилгаан станц ТӨХК нь 1986 онд ашиглалтад орж, түүнээс хойш шинэчлэл хийгдээгүй элэгдэж, хуучирсан турбины төхөөрөмжүүдийг шинэчлэх төслийг эхлүүлсэн нь ийнхүү амжилттай хэрэгжиж дууслаа. Ингэснээр төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээний өсөлтийг хангах Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг  89 МВт-аар өргөтгөв. Энэ нь 10 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээний эх үүсвэрийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон гэсэн үг юм. Түүнчлэн  Турбоагрегат №3-ын өргөтгөл ашиглалтад орохоос өмнө ОХУ-аас  импортолдог цахилгаан эрчим хүчний хэмжээ 250 МВт байсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 110 МВт-аас хэтрэхгүй болсон байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ. 

-Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулав-

2021.03.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийс агентлагаас 2021.03.16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн B3 үнэлгээг хэвээр хадгалж, төлөвийг сөрөг байсныг тогтвортой болгон ахиулсан. Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банк болон бусад арилжааны 8 банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг сөрөг байснаас тогтвортой болгож ахиуллаа. Тус агентлагийн шинжээчид Монгол Улсын экспортын хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр түүхий эдийн эрэлт өсөж, уул уурхайн салбарын үйл ажиллагаа тогтворжиж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудын үйл ажиллагаа дараагийн 12-18 сарын хугацаанд сайжрах төлөвтэй байна гэж дүгнэжээ. Монгол Улсын Хөгжлийн банкны үнэлгээний хувьд стратегийн ач холбогдол бүхий салбар болон томоохон төслүүдэд санхүүжилт олгодог бодлогын банк мөн засгийн газраас үзүүлэх дэмжлэгийн түвшинг  харгалзан зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3 хэвээр хадгалж, төлөвийг сөрөг байсныг тогтвортой болгон ахиулсан байна.

-Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчилнэ-

2021.08.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банк болон Төрийн банкны үйл ажиллагааны стратегийн шинэчлэлийн талаар танилцуулав.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчлэн өөрчилж, ЭКСИМ банкны үүргийг хэрэгжүүлэх тухай

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасанчлан Монгол Улсын Хөгжлийн банк нь тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Улмаар гадаад худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр экспорт, импортын харилцаан дахь мөнгөний урсгалыг дэмжиж, дутагдлыг нөхөх боломжийг бий болгох төдийгүй аккредитив, импортын зээл, факторинг, форфейт, гадаад баталгаа, нэхэмжлэлийн хөнгөлөлт зэрэг худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно. Эксим банкны үүргийг хэрэгжүүлж Хөгжлийн банкны шинэчлэлийг хийснээр төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, Олон улсын Эксим банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.   

Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгох тухай

Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлэх талаар, мөн Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс хамгаалах талаар тус тус тусгагдсан.Төрийн банкны одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа, зах зээлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, стратеги төлөвлөгөө нь дундаж давхарга руу чиглэсэн байгаа хэдий ч цаашид дунджаас доогуур орлоготой иргэдийг бойжуулах, дундаж давхаргын иргэдийг дэмжих зээл, хадгаламжийн болон төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зөвлөгөө, мэдлэг олгох чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч, банкны дүрэмд өөрчлөлт оруулснаар дундаж давхаргыг бодитоор дэмжих, бойжуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Иймд Улаанбаатар хот болон бүх аймаг, сумдад нийт 494 салбар нэгжтэй, зах зээлд нийгмийн дундаж давхаргыг дэмжих, тэлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн, санхүүгийн мэдлэг, зөвлөгөөг өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх боломжит дэд бүтэц бүхий Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгохоор хэлэлцлээ гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

-Н.Мандуул: Хөгжлийн банкны хууль эрхзүйг шинэчилнэ-

2022.01.20. Хөгжлийн банк. Монгол улс. Монгол Улсын Хөгжлийн банкнаас энэ сарын 20-ны өдөр зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг олон нийтэд зарласан. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул: Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг шүүхийн замаар төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн ч, шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд цаг хугацаа их зарцуулж байгаа. Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид сайжруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын их хурлаас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын дагуу парламентад өргөн баригдах хуулийн төслүүдийн жагсаалтад Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслүүд боловсруулагдан, өргөн баригдахаар хүлээгдэж байна. Цаашид Монгол Улсын Хөгжлийн Банк нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах шаардлага бий болж байгаа бөгөөд үүнд төвлөрөн ажиллах юм гэж мэдэгдэв. 

-Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээ зарлав-

2022.03.09. Хөгжлийн банк. Монгол улс. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг энэ өдөр шинэчлэн зарлав. Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 48 хоногийн хугацаанд нийт  78,824,445,439 /далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг тус тус төлөгдөөд байна гэжээ. 

-Монгол Улсын хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл-

2022.02.25. Хөгжлийн банк. Монгол Улс. Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өглөө. Энэ өдрийн байдлаар зээлдэгч нартай 55 удаагийн уулзалт хийж 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул: Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй зээлийг бид барьцаа хөрөнгөтэй, барьцаа хөрөнгөгүй гэж 2 ангилан авч үзэж шийдвэрээ гаргаж байгаа. Бидний зүгээс баримталж байгаа зарчим бол барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэнэ. Уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хэрэгтэй гэв. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 24-ний өдрийн хооронд дараах ажлууд хийгдсэн байна.

  • Монгол улсын хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийт 66 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, барьцаа хөрөнгийн чанар, байдлыг газар дээр нь хянан шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна.
  • Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнгөрөгч 10 хоногийн хугацаанд Монгол улсын хөгжлийн банкинд байрлан ажиллаж байгаа бөгөөд нийт 27 удаагийн уулзалтаар 21,000 орчим хуудас цаасан суурьт баримт бичиг, 26.000 хуудастай дүйцэхүйц файл материал, нийт 47.000 орчим хуудас бүхий баримт бичгүүдийг хүлээлцсэн.
  • Энэ хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкнаас Авлигатай тэмцэх газарт болон Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт тухайн зээлдэгч бүрийн хувийн хэрэгт багтаж байгаа баримт бичгүүд болох зээлийн хорооны шийдэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, холбогдох дүгнэлт, танилцуулгууд багтсан нийт 20.000 орчим хуудас бүхий цаасан суурьт  баримт бичгийг хүлээлгэн өгсөн.

Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор дээрх холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлэгчидтэй холбоотой нийт 55 удаагийн биечлэн уулзалт хийсэн. Мөн энэ хугацаанд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчид болон холбоотой этгээдийн 170 орчим дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоож, битүүмжлэн шалгаж байна.

-Монгол улсын хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээлэл-

2022.02.11. Хөгжлийн банк. Монгол улс. Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг  2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсанд байршуулж олон нийтэд мэдээлсэн. Зээлийн багцын мэдээллийг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна. Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135 /гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

-Монгол улсын Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргалаа-

2022.02.06. Хөгжлийн банк. Монгол улс. Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг  2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллүүдэд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас гаргасан дээрх агуулга бүхий мэдээллийг мушгин гуйвуулж, хувь хүн, албан байгууллагыг нэр цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл болгон түгээж байгаад гүнээ харамсаж байна. Зээлдэгчийн холбоо хамааралтай этгээд, тэдгээрийн албан тушаал, нөлөөлөл, эцсийн өмчлөгчийн өмч хөрөнгийн бүртгэл гэх мэт мэдээлэл нь Хөгжлийн банканд байдаггүй, манай банкны зүгээс ийм төрлийн мэдээлэл гаргаагүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хөгжлийн банк хуулийн дагуу, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж байгаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэй мэдээлж буй Хөгжлийн банкны албан ёсны мэдэгдэл, мэдээллээс бусад аливаа мэдээ, мэдээлэлд тайлбар өгөхгүй, үүнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 

-Монгол улсын Хөгжлийн банк ээлжит мэдээллээ хийв-

2022.01.31. Хөгжлийн банк. Монгол улс. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журамыг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А-09 тоот Тушаалаар шинэчлэн баталсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас чанаргүй зээл болон шүүхэд шилжсэн зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бол дээрх батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг мэдээлж байна. Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасан эрх, үүрэг мөн Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журмын хүрээнд цаашид банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд ил тод, нээлттэй, бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх зарчмыг баримтлан ажиллах болно.

-Монгол улсын хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн мэдээллийг шинэчлэн гаргав-

2022.01.28. Хөгжлийн банк. Монгол улс. Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна. Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нэр бүхий чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно. Чанаргүй зээлдэгчидDownload

2022.01.19. Хөгжлийн банк. Монгол улс. Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна. Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 26 чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно.

-Кью Эс Си компанийн зээлийг төлүүлэх шийдвэр гарав-

2022.01.14. Хөгжлийн банк. Монгол улс. Кью Эс Си ХХК нь Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 километр урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авсан. Тус зээлийн гэрээгээр 2018 оны арванхоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан хэдий ч Кью Эс Си ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар ирсэн. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан. Монгол Улсын Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцож, 3 шатны шүүхэд тухай бүр Хяналтын журмаар гомдол гарган ажилласан. Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй Кью Эс Си ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Кью Эс Си ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192,572,187,590.244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таванзуун ер/ төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахыг Улсын дээд шүүх шийдвэрлэлээ. Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий байгууллагуудыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид шүүхэд хандаж хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн ажиллах болно.

-Хөгжлийн банкны 503 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ-

2022.07.21. Монгол улс. Хөгжлийн банк. Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд Хөгжлийн банкинд ажиллаж, зээлийн эргэн төлөлт, явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа. Хөгжлийн банк 2022 онд 1 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээс өнөөдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Энэ нь эхний хагас жилийн зорилтдоо хүрсэн хэмээн Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ. Тэрээр: Үүнээс гадна ойрын хугацаанд 200 орчим тэрбум төгрөг төлөгдөх хүлээлттэй байна. Үүнд: Эрдэнэс Монгол ХК-ийн зээлийн эргэн төлөлт багтаж байна. Мөн барьцаа хөрөнгөгүй, зах зээлийн эргэлтэд ороогүй зээлүүдийг барьцаа хөрөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах 200 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Дээрх төлөлтүүд хийгдсэнээр энэ жилдээ нийт 1 их наядын төгрөгийн эргэн төлөлт хийгдэх зорилгодоо хүрэх боломжтой гэж харж байна гэлээ. Мөн өнөөдрийн уулзалтаар эх үүсвэр нь тодорхойгүй, өмчийн анхны барьцаа өөрчлөгдөж барьцаа хөрөнгийн шаардлага хангахааргүй болсон 3 зээлийн эргэн төлөлтийн асуудлыг Хөгжлийн банкны удирдлагууд Сангийн сайдад танилцууллаа. Тодруулбал, Хөтөл ХХК-ийн 329 тэрбум төгрөгийн зээл, Эрэл ХХК-ийн 129 тэрбумын зээл, Газ импорт ХХК-ийн 8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн асуудлыг онцлов. Хөгжлийн банкны хувьд өнгөрсөн хугацаанд 2 том ажлыг хэрэгжүүлж дуусгасан. Тодруулбал, 1 дүгээрт Олон Улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгож, зээлжих зэрэглэлээ single B тогтвортой түвшинд хадгалж үлдсэн. 2 дугаарт Санхүүгийн аудит хийж дуусгасан бөгөөд 906 тэрбум төгрөгийн Эрсдэлийн сан байгуулаад байна. Ингэснээр банкны хувьд ямарваа нэгэн дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болох юм. Банкны үлдсэн зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулж банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд хүргэх зорилттойгоор ажиллаж байна. Оны эхэнд зээлийн мэдээллийг ил тод зарлахад 66 зээлдэгч байсан бол 7 зээлдэгч зээлээ бүрэн барагдуулж, 59 зээлдэгч үлдээд байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа зээлдэгчдээс гадна 15 орчим томоохон зээлдэгч эргэн төлөлт хийгээгүй байна. Томоохон зээлдэгчдийг дурдвал, Шинэ Яармаг, Бэрэн групп, Эрэл компаниуд нийтдээ 416 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт дутуу байна. Шинэ Яармаг ХХК шүүхээр 61 тэрбум гэсэн боловч манай банкны баланс дээр 120 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн бүртгэл байна. Одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Анх байгуулсан гэрээгээр Шинэ Яармаг ХХК-ийн зээл нь барьцаа хөрөнгөгүй тул хэрэг үүсгэн Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна. Банкны зүгээс Шүүхээр тогтоосон дүнгээ нэхэмжилж байгаа хэдий ч  нөгөө талдаа банканд 120 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн баланс дээр бүртгэл байгаа. Тиймээс банкны зүгээс эргэн төлөлтийг бүрэн хангуулахаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ХХБ-ны хувьцаа эзэмшигчтэй хамаарал бүхий 2 том зээл  байсны нэг болох Кью Эс Си ХХК-ийн 191 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Үлдсэн зээл буюу Хөтөл ХХК-ийн 320 тэрбум төгрөгийн асуудал байна. Энэ хүрээнд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн төрийн өмчит компаниудын эргэн төлөлтийн асуудлаар харъяа яамдтай хамтран ажиллаж байгаа юм байна. Засгийн газрын баталгаатай 2023 оны 9 сард төлөгдөх Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, 2023 оны 12 сард төлөх 720 тэрбум төгрөгийн Самурай бондын өр төлбөрийг Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байна. Цаашид Хөгжлийн банкнаас олгосон бусад зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад зээл тус бүрт холбогдох арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах, 2022 онд зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэж банкны үйл ажиллагааг тогтворжуулж ажиллахыг Сангийн сайд Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэг болголоо.

-Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлнэ-

2022.07.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Эрдэнэс Монгол компани Хөгжлийн банканд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Эрдэнэс Монгол ХХК дээрх зээлийг Таван толгойн ордоос Гашуунсухайт хүртэлх чиглэлийн авто замыг худалдан авахад ашиглажээ. Зээлээ барагдуулахын тулд тус компанийн эзэмшлийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны 2022 оны 06-р сарын 07-ний өдрийн хуралдааны үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдэгдсэн байна. Тэрбээр: Энэ нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 14.5%-ийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай хамааралгүй бөгөөд төрийн эзэмшлийн толгой компани болох Эрдэнэс Монгол ХХК-ийн 81,5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг юм гэдгийг онцолжээ. Тодруулбал, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах энэхүү ногдол ашиг нь 2019 онд олгосон (иргэн бүр авсан) ногдол ашиг юм. Төрд ногдох ногдол ашгийн үлдэгдэл төлбөрийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн толгой компани Эрдэнэс Монгол ХХК-д олгож байгаа гэж Эрдэнэс-Монгол компаниас мэдэгджээ.

This image has an empty alt attribute; its file name is development-bank-1024x512.jpg

Хөгжлийн банкны бондоос хойш дэлхийн зах зээлд Чингис, Самурай, Мазаалай, Номад, Гэрэгэ, Хуралдай зэрэг бонд гаргаж арилжаалжээ.

-Хас банк 300 сая ам.доллартай тэнцэх евро бонд гаргахаар төлөвлөв-

2012.02.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Бонд гэдэг нэг төрлийн үнэт цаас. Энэ үнэт цаас бусад үнэт цааснаас ялгарах онцлогтой. Хувьцааг зөвхөн хувьцаат компани гаргах ёстой бол, бондыг  засгийн газар, аймаг болон нийслэлийн засаг захиргаа, хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгж гээд хэн ч гаргаж болно. Бондын бусад үнэт цааснаас ялгарах онцлог энэ юм. Бондын өөр нэг онцлог нь банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах зэрэгт байдаг. Эрх бүхий хуулийн этгээдүүд бонд гаргах замаар хөрөнгө босгосон ч, үүнийгээ тогтоосон хугацааны дараа, заасан хүүтэйгээр худалдан авагч талд буцаан төлөх ёстой. Түүнчлэн бондын хүүг төлөх хугацаа уян хатан байдаг. Тодруулбал, бонд гаргах эрхтэй хуулийн этгээдүүдэд богино хугацааны санхүүжилт шаардлагатай бол, нэг хүртэлх жилийн хугацаатай бонд. Дунд хугацааны санхүүжилт хэрэгтэй бол 2-10  жилийн хугацаатай бонд. Урт хугацааны санхүүжилт шаардагдвал 10-30 жилийн хугацаатай бонд гаргаж болдог. Бонд ийм давуу талтай учир манай улсын эрх бүхий хуулийн этгээдүүд энэ төрлийн үнэт цаас гаргаж хөрөнгө босгох нь ихэсч байна. Ер нь 2001 оноос хойш засгийн газар болон хувийн хэвшлийнхэн 10 орчим бонд Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан байна. 2011 онд засгийн газар 372 тэрбум төгрөгийн бондыг, 1-5 жилийн хугацаатай, 8-12 хувийн хүүтэй арилжаалсан бол, Жаст агро компани нэг жилийн хугацаатай 15 орчим хувийн хүүтэй бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан байх жишээтэй. Ийнхүү дотоодын зах зээлд бонд гаргах замаар хөрөнгө босгож байгаагаас гадна, гадаадын хөрөнгийн биржээр ч мөн энэ төрлийн үнэт цаас гаргах нь элбэгшиж байна. Худалдаа хөгжлийн банк одоогоос хэдэн жилийн өмнө Сингапурын хөрөнгийн биржээр бондоо арилжаалсан бол, Хөгжлийн банк мөн энэ бирж дээр 600 сая долларын өртөг бүхий бонд арилжаалах эрх авч, түүнийхээ 20 сая долларын бондыг арилжаалаад байна. Хас банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир: Манай банк Сингапурын хөрөнгийн биржээр 300 сая ам.долларын өртөг бүхий бонд гаргаж арилжаалах эрх аваад байгаа. Олон улсын хөрөнгө оруулалтын Ай Эн Жи болон Юу Би Эс банктай хамтран дунд хугацааны 300 сая ам.доллартай тэнцэх евро бонд гаргахаар төлөвлөж байгаа талаар хэлж байсан юм. 

-Чингис бонд гадаад зах зээлд арилжив-

Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа дэлхийн зах зээлд 5 тэрбум ам.долларын бондыг хоёр жилийн хугацаанд үе шаттайгаар гаргаж арилжаалах шийдвэр гаргасан. 2012 оны есдүгээр сарын 15-ны өдөр гаргасан Засгийн газрын энэ шийдвэрийг УИХ 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дэмжсэн юм. Гэхдээ эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын бонд гаргаж арилжаалах эрх олгосон байдаг. Ингээд Засгийн газрын бондыг түүхэндээ анх удаа дэлхийн зах зээлд гаргаж арилжаалах эрхтэй болов. Үүнийг Сингапурын хөрөнгийн биржэд бүртгүүлж, ази болон европын хөрөнгө оруулагчдад арилжсан гэдэг. Ингэхдээ, 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд нэг тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй гаргасан бол, 2013 оны нэгдүгээр сарын 5-нд 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэй гаргасан юм. Зах зээлд 1,5 тэрбум ам.долларын бонд гаргасан ч, эрэлт үүнээс 10 дахин их байсан учир Хөгжлийн банкны бондыг бодвол Чингис бондын хүү бага тогтсон гэж албаныхан хэлдэг. Манай улс таван жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 20 сая 650 мянган ам.доллар төлөх бол, арван жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая 250 мянган ам.доллар төлөх тооцоо тухайн үед гарч байлаа. Жил бүр ийм хүү төлөхөөс гадна, таван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд, арван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд хөрөнгө оруулагчдад төлөх тов тогтсон юм. Үүнээс гадна, 615 сая 625 мянган ам.долларын хүүг давхар төлөх байв. Бондын хүүг манай улс жил бүрийн 6 болон 12 дугаар сарын 5-ны өдөр хөрөнгө оруулагчдад төлж байхаар тохиролцсон гэдэг.  Тохиролцсон ёсоор 2013 оны зургаадугаар сарын 5-ны өдөр бондын анхны хүүгийн төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлсөн бол, 2013 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр бондын хүүгийн дараагийн төлбөрийг барагдуулсан гэх мэдээлэл бий. Ийм өртгөөр олдсон мөнгийг өдөр хоног алдахгүй, үр ашигтай төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой ч, бондын орлогын тал хувийг зориулалт бүхий төсөл хөтөлбөрт зарцуулаагүй гэх шүүмжлэл араасаа дагуулж байлаа. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Чингис бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд 2 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн. 2013 оны аравдугаар сарын 29-ний байдлаар 930 тэрбум төгрөгийг 9 төсөл хөтөлбөрт зарцуулсан. Тухайлбал, 1800 километр авто зам барихад нийтдээ 570 тэрбум төгрөг зарцуулахаас 855 километр зам, 260 километр далангийн ажилд 300 тэрбум төгрөг зарцуулсан. Нийслэлийн авто замын 30 гаруй уулзварыг шинэчлэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаас 18 уулзварыг ашиглалтад оруулахад 34 тэрбум төгрөг зарцуулсан. Нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт хийх, орон сууцыг шугам сүлжээнд холбох ажилд 120 тэрбум төгрөг зарцуулахаас 70 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт ноос, сүү, арьс, шир, оёдлын үйлдвэрийг дэмжих чиглэлээр 270 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоос 44 тэрбум төгрөг эзэндээ хүрсэн. Эдгээр дөрвөн төслөөс гадна, Чингис бондын орлогоос 5 төсөлд чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж тухайн үед тайлагнаж байжээ. Бондын орлогыг арилжааны банкуудаар дамжуулан компаниудад олгосон тул 2-3 дахин өсөх боломжтой учир эргэн төлөлтөд санаа зовохгүй байж болно гэж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байсан цаг саяхан.

-Самурай бонд босгов-

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан даруйдаа дэлхийн зах зээлд 5 тэрбум ам.долларын бондыг хоёр жилийн хугацаанд үе шаттай гаргаж арилжаалах шийдвэр гаргасан юм. 2012 оны есдүгээр сарын 15-ны өдөр гаргасан Засгийн газрын энэ шийдвэрийг УИХ 2013 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дэмжсэн юм. Энэ дагуу засгийн газар эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын өртөгтэй Чингис хэмээн нэрийдсэн евро бондыг 2012 оны сүүлчээр дэлхийн зах зээлд арилжаалсан юм. Үүний араас Японы зах зээлд 600 сая ам.долларын өртөг бүхий иений бонд гаргах яриа хэлэлцээрийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Япон улсыг зорихдоо хийгээд ирсэн байдаг. Энэ нь тухайн үед анхаарал татсан сэдвийн нэг мөнөөс мөн байлаа. Магадгүй энэ асуултын хариулт нь доллар байсан байж мэдэх. 2013 оны эхний гурван улиралд манай улсад ердөө 2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн статистик бий. Хууль эрхзүйн тогтворгүй орчноос болж гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оноосоо 50 орчим хувиар буурсан нь энэ юм. Манай улсад орж ирдэг байсан хоёр доллар тутмын нэг нь үгүй болсон нь эндээс харагдана. Нөгөө талаас, манай улсын экспортын орлого буурч олж байгаагаасаа их хэмжээний валют импортын бараанд зарцуулж байсантай холбоотойгоор гадаад худалдаа 2 гаруй тэрбум ам.долларын алдагдалтай гарсан билээ. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж, гадаад худалдаа алдагдалтай гарсан нь манай улс руу чиглэх валютын урсгал царцах гол шалгаан болсон гэдэгтэй эдийн засагчид бүгд санал нэгддэг. Ийнхүү доллар монголоос үргэсэнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд уг валют ховордож, албан ханш нь түүхэндээ анх удаа 1700 төгрөг давсан гашуун түүх бий. Энэ үед сөрөг хүчнийхэн төгрөгийн худалдан авах чадвар муудаж, иргэдийн амьдрал дордож байна хэмээн Н.Алтанхуягийг ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээрээ огцрохыг шаардаж байлаа. Ийнхүү ам.долларын ханшийн өсөлт Шинэчлэлийн засгийн газрыг дэнжгэнүүлж мэдэхээр болов. Магадгүй энэ үйл явдалтай холбоотойгоор шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Япон улсыг зорьж, тус улсын зах зээлд 2013 онд багтаан 600 сая ам.доллартай тэнцэх иений бонд арилжаалах яриа хэлэлцээр хийгээд ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Хэрэв үүнийг арилжаалбал тухайн үед ам.долларын ханш ялимгүй буурч, Шинэчлэлийн Засгийн газар бага ч болтугай амсхийх байсан биз. Гэхдээ үүнийг арилжаалбал, Засгийн газрын гадаад бондын өр 2,7 тэрбум  ам.долларт хүрэх байлаа. Засгийн газар өмнө нь Хөгжлийн банкны 580 сая ам.долларт баталгаа гаргаж, 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд гаргасан учраас тэр. Энэ бол бондын үндсэн төлбөр. Үүний хажуугаар бондын хүүгийн төлбөрийг давхар барагдуулах ёстой. Үүгээр тооцвол, Засгийн газрын гадаад бондын өр 3 тэрбум ам.доллар хол давах тооцоо гарч байсан юм. Гэвч 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдөр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар манай улсын өр 2012 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрэх ёсгүй зохицуулалттай байв. Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, баталгаа, өрийн бичиг, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги торгуулийн нийлбэр гээд манай улсын нийт өр 2013 онд ДНБ-ий 50 хувиас хэтрэх ёсгүй байсан юм. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 17 их наяд төгрөгт хүрч, улсын өр үүний 49,7 хувийг эзэлж байсан буюу 8,4 их наяд төгрөгт хүрсэн судалгаа гаргах нь тэр. 2013 онд хуулиар тогтоосон өрийн дээд хязгаарт хүрчихсэн байсан учраас нэмж 600 сая ам.доллартай тэнцэх иений бондыг Японы зах зээлд арилжаалбал Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчиж мэдэхээр болов. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зүтгүүлж, өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх оролдлого хийсэн ч, сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулж бүтэлгүйтсэн тал бий. Харин 2014 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20,5 их наяд төгрөгт хүрэх тооцоог холбогдох яамныхан хийж, улсын өр үүний 40 хувиас хэтрэх ёсгүй гэж тооцвол, 1,5 их наяд төгрөгийн зээл авах цоорхой гаргаж шинээр үүсгэх өрийн хэмжээг ийм байхаар тухайн жилийн төсөвт тусгасан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны баталгаатай эхний ээлжийн 290 сая ам.доллартай тэнцэх буюу 30 тэрбум иений Самурай бондыг 10 жилийн хугацаатай, жилийн 1,52 хувийн хүүтэйгээр 2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр эхлүүлсэн юм. Үүнийг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар Монгол Улсын Хөгжлийн банк гаргасан гэдгийг тодотгох нь зүйтэй. Бондын орлого 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны дансанд орж ирсэн байдаг. Ингэхдээ Хөгжлийн банкны дансанд 230 сая ам.доллартай тэнцэх 24 тэрбум 250 сая иен байршсан гэдэг. Үлдэх 50 сая ам.доллартай тэнцэх 5.7 тэрбум иенийг Японы хамтын ажиллагааны банк Самурай бондод баталгаа гаргасны төлбөрт суутгасан гэгдэж байлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банк 3A зэрэглэлтэй. Өндөр зэрэглэлтэй банк бондын 90 хувьд баталгаа гаргасан учраас бондын хүү бага тогтох бололцоо бүрдэх нь бүрдсэн. Самурай бондыг жилийн 1,52 хувийн хүүтэй гаргасан ч, 50 сая ам.долларын баталгааны төлбөрийг оролцуулж тооцвол бондын хүү 4,3 хувь хавьцаа тооцоолол гардаг. Бонд худалдаж авсан Японы банкуудад 30 тэрбум иенийг манай улс 2023 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр төлөх ёстой юм. Тиймээс Хөгжлийн банк хүүгийн алдагдалд орохгүйн тулд Самурай бондын орлогыг арилжааны хоёр банкинд байршуулсан гэдэг. Ийнхүү Чингис бондын орлогын араас Самурай бондын орлого арилжааны банкуудад байршиж аж ахуйн нэгжүүдэд зээл хэлбэрээр очсон. Шинэчлэлийн Засгийн газрын үед гадаад зах зээлд бонд гаргаж улсыг асар их өрд оруулсан түүх гэвэл энэ билээ. АН-ын Засгийн газрын тавьсан өрийг МАН-ын Засгийн газар барагдуулах ажилд сүүлийн таван жил ханцуй шамлан орсон он жилүүд урсан өнгөрлөө.

-Б.Нямаа: Монгол улс өрийн дээд хязгаараа эвдээгүй-

2014.01.21. Монгол Улс. Улаанбаатар хот.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өр 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан. Гэвч манай улс үүнд хэдийнэ хүрчихсэн байсан учир өнгөрсөн онд Самурай бонд гаргах бололцоогүй байсан юм. Тиймдээ ч 30 тэрбум иенийн Самурай бондыг энэ оны эхээр арилжаалсан байна. Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Д.Нямаатай улсын өрийн асуудлаар ярилцлаа.

-Энэ онд улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй хуулийн зүйл заалттай. Сая 290 сая ам.доллартай тэнцэх 30 тэрбум иенийн Самурай бонд гаргалаа. Энэ нь хуульд заасан өрийн дээд хязгаарт багтаж байгаа юу?

-Бид энэ онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20,5 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өр үүний 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн үг л дээ. Үүгээр тооцвол өмнөх дээрээ нэмж энэ онд 1,5 их наяд төгрөгийн зээл авах бололцоотой гэсэн судалгаа гарсан. Тиймдээ ч энэ оны төсөвт шинээр үүсгэх өрийг 1,5 их наяд төгрөг байхаар тусгаж өгсөн. Үүнд гадаадын төдийгүй, дотоодын зах зээлд гаргах бонд бүгд багтах ёстой. Хөгжлийн банкны сая арилжаалсан 290 сая ам.доллартай тэнцэх 30 тэрбум иенийн бонд дээрх 1,5 их наяд төгрөгийн хүрээнд гарсан юм. Өөрөөр хэлбэл, энэ онд тодорхой хэмжээний орон зай гарсан учраас Самурай бондыг Японы зах зээлд арилжаалсан гэж ойлгож болно.

-Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн тооцоолсон хэмжээнд хүрэхгүй бол, нэмж бонд гаргах асуудал нэлээд хүндрэлтэй болох нь ээ?

-Энэ онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн төлөвлөсөн, тооцоолсон хэмжээнд хүрэхгүй бол Засгийн газар бонд болон шинээр үүсгэх өрөө багасгах шаардлага гарна. Тэр ч үүднээс холбогдох байгууллагууд эрсдэлийг урьдаас тооцож, нийт гаргахаар төлөвлөсөн Самурай бондын тал орчим хувийг гаргалаа. Оны дундаас эдийн засгийн байдал тодорхой болохоор хэдий хэмжээний бонд нэмж гаргах вэ гэдгээ тооцоолох боломжтой болно. Нөгөө талаас Засгийн газар бондын мөнгийг нэг дор бүгдийг нь ашиглахгүй. Хэрэв бүгдийг нь урьдчилж босговол бид тэр хэмжээгээр хүүгийн зардал төлнө. Ингэх нь манайд ашиггүй л дээ. Тиймээс ямар төсөлд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ гэдгээ тухай бүрт нь тооцоод шаардагдах бондыг гаргаад явна гэсэн үг.

-Хэрэв дотоодын нийт бүтээгдэхүүн хүссэн хэмжээнд хүрч өсөхгүй бол дахиад л өрийн дээд хязгаарт тулчихаж магадгүй. Үүнээс гарах бас нэг гарц нь холбогдох хуульд өөрчлөлт оруулж дараа дараагийн бондыг гаргах боломжтой харагдаад байх юм?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд манай улсын өр 2012 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь, 2013 онд 50 хувь, 2014 онд 40 хувь байхаар тусгаж өгсөн. Энэ жилээс хойш байнга ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан юм. Яагаад тодорхой онуудад өрийн хязгаарыг өндөр тогтоож өгсөн бэ гэхээр, Засгийн газар 2012-2013 онд ихээхэн санхүүжилт босгож, тодорхой томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж байсан. Гэвч тухайн үед дэлхийн болон дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах, улс төрийн нөхцөл байдлаас хамаараад тооцоолж байсан санхүүжилтээ босгож чадаагүй. 2012 оны сүүлчээр 1,5 тэрбум долларын Чингис бонд гаргасан байгаа. Үүнийг эс тооцвол, санхүүжилт босгох цаг хугацаагаа бид алдчихсан юм. Тиймээс хуульд заасан улсын өрийн дээд хязгаарыг хоёр жилээр сунгах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч дэмжигдээгүй.

-Засгийн газар 1,5 их наядын зээл авч болохоос гадна 2,5 их наяд төгрөгийн баталгаа гаргаж болно гэж тусгасан. Засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцдог. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэхгүй, мөн холбогдох хуульд өөрчлөлт оруулахгүй бол засгийн газар баталгаа гаргах боломжгүй болох нь. Гаргалаа гэхэд хүссэн хүсээгүй өрийн дээд хязгаар эвдэж магадгүй харагдаж байна?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын баталгаа, өрийн бичиг, бусад төрлийн зээлийг бүгдийг нь улсын өрд оруулж тооцдог. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Энэ хуулиар цаашид авах зээл, өрийн удирдлагыг хэрэгжүүлээд явах байх. УИХ-аас 2012 онд гаргасан 52-р тогтоолд Засгийн газарт нийтдээ 5 тэрбум долларын бонд гаргах эрх олгосон. Засгийн газар 2012 сүүлчээр 1.5 тэрбум доллартай тэнцэх бондыг гаргасан. Саяхан 30 тэрбум иений бонд нэмж гаргалаа. Үлдэх бондыг яаж ашиглах вэ. 52-р тогтоолоор зааж өгсөн хөгжлийн шинж чанартай төсөл арга хэмжээг яаж санхүүжүүлэх вэ гэхээр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр тодорхой болох байх. Бонд нэмж гаргавал ямар байдлаар ашиглах юм. Хэдий хэмжээгээр нэмж гаргах юм гэдгийг шинэ хуулийн хүрээнд шийдвэрлэх байх.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд тусгасан шинэлэг зүйл. Одоо мөрдөгдөж байгаа хуулиас ялгарах давуу тал?

-Ихээхэн хэмжээний өр үүсгэлээ гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийгээ ямар төсөл арга хэмжээнд зарцуулах гэж байна. Ашигтай юм уу. Эсвэл ашиггүй юм уу гээд шүүмжлэл их гарч байгаа. Тэгвэл Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд эдгээрийг илүү тодорхой болгож өгсөн. Тухайлбал, шинээр авах гадаадын зээлийг ямар төсөлд зарцуулах юм. Үүнд хэрхэн яаж хяналт тавих вэ. Ямар бэлтгэл ажлыг хангасан байх ёстой вэ зэрэг нарийвчилсан шинэлэг зүйлийг Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд тусгасан. Үүнээс гадна засгийн газрын баталгааны хувьд цоо шинэ зүйл заалт оруулж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцдог гэж би түрүүн хэлсэн. Тэгвэл шинэ хуулийн төсөлд засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцдог аргачлалыг өөрчилж оруулсан.

-Тухайлбал?

-Баталгаа гаргуулсан аж ахуйн нэгж, хуулийн этгээд тухайн зээлээ төлж чадахгүй Засгийн газар төлөх нөхцөл үүссэн үед баталгааг улсын өрд оруулж тооцох ийм зүйл заалт хуулийн төсөлд оруулсан. Ийм нөхцөл үүсээгүй тохиолдолд Засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцохгүй байхаар тусгаж өгсөн юм. Үүнээс гадна төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсвэл үүнийг засгийн газар хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, засгийн газар зайлшгүй төлөх нөхцөл үүсвэл үүнийг засгийн газрын өрд оруулж тооцдог. Бусад үед засгийн газрын өр биш байдлаар хуулийн төсөлд суулгаж өгсөн юм.

-Засгийн газрын баталгааны сантай болох зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан гэж сонссон?

-Тийм. Засгийн газрын баталгааны сан байгуулах тухай харилцааг шинэ хуулийн төсөлд тусгасан. Баталгаа гаргуулагч болон баталгаа гаргагч хоёулаа шимтгэл төлдөг. Нийтдээ 6 орчим хувийн шимтгэл төлөх ёстой гэсэн ийм агуулга явж байгаа. Энэ шимтгэлээр бүрдсэн орлогыг баталгаанаас үүдэн гарах эрсдэлийг хаах байдлаар ашиглана. Нөгөө талаас баталгаа гаргуулсан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд тавигдах шаардлагыг өндөрсгөж өгсөн. Баталгаа гаргуулагч нь тодорхой хэмжээний санхүүгийн эрсдэл өөрийн хөрөнгөөр үүрэх тогтолцоог оруулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл төсөл арга хэмжээнийхээ тодорхой хувийг хариуцдаг, санхүүжүүлдэг ийм зохицуулалтыг оруулж өгсөн.

-Улсын өр тооцдог аргачлалаа өөр болгох нь ээ?

-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газрын баталгааг өрд оруулж тооцохоо болино. Мөн улсын өрийг тооцож байгаа аргачлалыг өөрчлөхөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хувилбарыг давхар оруулахаар төлөвлөж байна. Одоогоор бид улсын өрийг өнөөгийн үнэ цэнэ гэдэг үзүүлэлтээр тооцож байгаа. Өнөөгийн үнэ цэнээр тооцохоор эдийн засгийн агуулгын хувьд нэлээд зөв боловч энгийн иргэдэд ойлгогдох талаасаа ихээхэн төвөгтэй байдаг. Тиймээс ч илүү ойлгомжтой, хяналт тавих бололцоотой болгох үүднээс нэрлэсэн буюу бодит хэмжээгээр нь тооцдог болгоё гэж байгаа юм. Ингэвэл манай өр дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хэмжээгээрээ өндөр гарах байх.

-Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 17 их наяд төгрөгт хүрсэн. Улсын өр үүний 50 хувьд хүрсэн буюу 8,4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа. Үүнийг төрлөөр нь аваад үзвэл?

-Манай улсын өр дөрвөн хэсгээс бүрддэг. Засгийн газрын өөрийнх нь авсан шууд зээл. Засгийн газрын гаргасан баталгаа. Төрийн болон орон нутгийн өмчтэй байгууллагын гаргасан өр төлбөрүүд. Мөн орон нутгийн өр төлбөр гэсэн ийм дөрвөн хэсгээс бүрддэг. Бүрдэл хэсгээр нь аваад үзвэл 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй зээл 2 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж байна. Засгийн газар гадаад зах зээлд Чингис бонд гаргаснаар арилжааны гадаад зээл 1,5 тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газрын баталгааны хувьд гурван төрлийн баталгаа бий. Нэгдүгээрт хөгжлийн банкны 2012 онд авсан 580 сая долларын евро бондод гаргасан баталгаа. Сая Японы зах зээлд гаргасан 30 тэрбум иенийн Самурай бондод гаргасан баталгаа. Дээр нь МИАТ компани агаарын хөлөг худалдаж авахад зориулж 122 сая ам.долларын баталгаа гаргасан. Үүний цаана төрийн өмчит аж ахуйн нэгжийн өр 1,5 их наяд төгрөгт хүрсэн. Эдгээрээс гадна, Засгийн газрын дотоодын зах зээлд гаргасан бондын өрийн үлдэгдэл 2 их наяд төгрөг байна.

-Төрийн өмчит компаниудын гадаад дотоодоос авсан зээлүүд улсын өрд тооцогдож байгаа гэлээ. Төрийн өмчийн компаниуд дотроос хамгийн их өртэй компанийг нэрлэвэл?

-Компани тус бүрээр нь хэлэх боломжгүй. Ер нь Эрдэнэт, МИАТ зэрэг төрийн өмчтэй компаниудыг бүгдийг нь оролцуулж дээрх тоог гаргасан. Үүнд бизнесийн зорилгоор богино болон урт хугацаатай авсан санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээлүүд бүгд орж байгаа. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн 1,5 их наяд төгрөгийн зээлээс хугацаа хэтэрсэн, найдваргүй зээл одоогоор байхгүй.

-Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилласан ч сүүлийн хэдэн жил зээл авч, хоёр орны засгийн газарт ногдол ашиг тараалаа. Үүнд зориулж авсан зээл хүртэл улсын өрд тооцогдож байгаа юу?

-Эрдэнэт үйлдвэр ямар зориулалтаар зээл авсан, тэр нь санхүүгийн тайлан дээрээ тусгагдаад, Засгийн газрын нэгдсэн тайланд тусгагдаад явдаг. Өөрөөр хэлбэл энэ компанийн авсан зээл бүр улсын өрд тусгагдаад явж байгаа.

-Манай улс Оюутолгойд хөрөнгө оруулсан хуулийн этгээдээс 250 сая доллар, харин Тавантолгойн нүүрс нийлүүлдэг Чалко компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авсан. Эдгээр нь улсын өрд тооцогдох уу?

-Эдгээр нь бүгдээрээ засгийн газрын өрд тооцогдоод явж байгаа. Гэхдээ, Оюутолгой болон Тавантолгой компанийн хувьд бид өнгөрсөн оноос татварын суутгалууд хийгээд явж байна. Татварын суутгал хийгдсэн дүн улсын өрөөс хасагдаад явна. Өрийн хувьд засгийн газар цаг хугацаанд нь төлөхөд маш их анхаарч ажилладаг. Одоогийн байдлаар монгол улс өр, зээлийн хүүг ямар нэгэн байдлаар хугацаа хоцруулж төлсөн. Эсвэл найдваргүй болгосон ямар ч тохиолдол байхгүй.

-Улсын өрд эзлэх бондын хэмжээ-

2014.05.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Иргэн, аж ахуйн нэгжийн гаднаас авсан зээл, гадаад зах зээлд гаргасан бондыг улсын өрд оруулж тооцдоггүй. Энэ нь хувийн хэвшлийн өр учраас тэр юм. Харин засгийн газрын зээл, засгийн газрын баталгаа, төрийн өмчийн компаниудын төлбөр, орон нутгийн зээлийг улсын өрд оруулж тооцдог юм. Тухайлбал, төрийн гэх тодотголтой өр, төлбөр, зээл 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 49,7 хувьд хүрсэн байлаа. Мөн онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 17 их наяд төгрөгт хүрсэн  байдаг. Үүний тал хувьтай тэнцэх буюу 8,4 их наяд төгрөгийн өрийг төр дангаараа өнгөрсөн хугацаанд тавьсан гэсэн үг юм. Энэ өрийн дийлэнхийг засгийн газрын зээл болон баталгаа, төрийн өмчийн компанийн төлбөр эзэлж байсан юм. Тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өр 1,5 их наяд төгрөгт хүрсэн бол, засгийн газрын 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй зээл 2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Үүн дээр гадаад зах зээлд гаргасан 1,5 тэрбум ам.долларын чингис бонд, дотоодын зах зээлд гаргасан 2 их наяд төгрөгийн бондын төлбөрийг нэмж тооцох ёстой байв. Үүнээс гадна, засгийн газар гурван төрлийн баталгаа гаргасан байжээ. Тухайлбал, Хөгжлийн банк 580 сая ам.доллартай тэнцэх евро бонд гаргахад Засгийн газар баталгаа гаргаж байжээ. Мөн МИАТ компани шинээр агаарын хөлөг авахад Засгийн газар 122 сая ам.долларын баталгаа гаргаж байсан байх жишээтэй. Эдгээрийг оролцуулаад улсын өр 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 49,7 хувьд хүрсэн байна. Гэтэл Хөгжлийн банк 2013 оны эцэст Засгийн газрын баталгаатайгаар 290 сая ам.доллартай тэнцэх иений бондыг японы зах зээлд гаргах нь тэр. Бондын төлбөрийг 2013 оны эцэст оруулж ирсэн бол, тухайн үед өрийн дээд хязгаар эвдэж, хууль зөрчих байжээ. Тэр үеийн Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Нямаа: Тиймээс өрийн дээд хязгаарыг эвдэхгүйн тулд бондын төлбөрийг 2014 оны эхээр оруулж ирсэн тухай хэлж байсан юм. Манай улс үеийн үед төсвийн сахилга батгүй явж иржээ. Тиймээс хямралын дараа төсвийн сахилгатай болохоор сэтгэл шулуудаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010.06.24-нд гаргасан юм. Нэгэнтээ төсвийн сахилга батыг хангах зорилготой учир монгол улсын өр хэд байхыг ч энэ хуульд тусгаж өгсөн юм. Ингэхдээ монгол улсын өр 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь, 2012 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь, 2013 онд 50 хувь, 2014 онд 40 хувь байхаар хуульчилсан юм. 2013 онд самурай бонд гаргахаас өмнө улсын өр 49,7 хувьд хүрчихсэн байлаа. Тиймээс самурай бондын орлогыг 2013 онд оруулж ирсэн бол, улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас давах байжээ. Тиймээс бондын орлогыг 2014 оны эхээр оруулж ирсэн гэдэг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг албаныхан тухайн үед хэлж байсан юм. Учир нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2014 онд 20,5 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өр үүний 40 хувиас хэтрэх ёсгүй гэж тооцвол, өмнөх дээрээ нэмж 1,5 их наяд төгрөгийн зээл авах бололцоотой гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс 2014 оны төсөвт гадаад, дотоодын зах зээлд шинээр гаргах бонд болон шинээр үүсгэх өрийг 1,5 их наяд төгрөг байхаар тусгажээ. Хөгжлийн банкны 2013 оны сүүлчээр японы зах зээлд гаргасан 290 сая ам.доллартай тэнцэх иенийн бондын орлого дээрх 1,5 их наяд төгрөгт хамаарах юм. Хэрэв манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хүссэн хэмжээнд хүрч өсвөл, нэмж бонд гаргах бололцоо бий гэгдэж байсан цаг үе юм. Гэвч 2014 оны эхний улиралд манай улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн 3,4 их наяд төгрөг болжээ. Энэ маягаар 2014 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн төлөвлөсөн хэмжээнд хүрэх боломжгүй. Тиймээс тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх замаар бус, хуульд өөрчлөлт оруулах замаар өрийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан юм. Төсвийн тогтвортой байдлын хуульд зааснаар манай улсын өр 2014 оноос хойш тогтмол 40 хувь байх ёстой байлаа. Гэвч хуульд өөрчлөлт оруулж, өрийн хязгаарыг нэмэгдүүлж 70 хувьд хүргэх асуудал сөхөгдсөн юм. Энэ хүрээнд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газар 2014.04.30-нд УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ талаар тэр үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганцогт: Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл батлагдаж, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өрийн хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэвэл, манай улс гадаад зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт босгох боломжтой юм хэмээн тайлбарлаж байлаа. Тухайн үед экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зээлд засгийн газраас 1 их наяд төгрөг төсөвлөөд байсан ч, 888 төсөл нийт 4,2 их наяд төгрөгийн зээл хүссэн байдаг. Үүнийг санхүүжүүлэхэд 1 их наяд төгрөг хүрэлцэхгүй учрас 888 төслийг дахин шигшихээр болсон гэдэг. Тиймээс экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чанартай төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр шийдвэрлэх хүрээнд өрийн хязгаарыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бизнесийн байгууллагын төлөөллүүд тухайн үед дуу хоолойгоо илэрхийлж байжээ. Улсын өрийг нэмэхээр хуулийн төсөл боловсруулж, Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд тусгалаа ч, өрийн хязгаарыг нэмэх амаргүй нь мэдээж. Учир нь өрийн хязгаарыг нэмэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байжээ. Гэвч энэ хуулийн 9.6 зүйлд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар нэмэлт, өөрчлөлт оруулна гээд тусгачихсан байлаа. Өөрөөр хэлбэл, олонхийн дэмжлэг авч байж, хуульдаа өөрчлөлт оруулж, өрийн хязгаарыг нэмэх бололцоотой байсан юм.

-Нийслэл бонд-

2014.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд 580 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй гаргасан. Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан учир Засгийн газрын өрд тооцогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк бондын төлбөрөө төлж дийлэхгүйд хүрвэл, хариуцлагыг нь Засгийн газар хүлээх юм. Засгийн газрын өрд тооцогдож буй энэ бондын төлбөрийг манай улс 2017.03.21-нд төлөх ёстой. Монгол Улсыг төлөөлж дэлхийн зах зээлд гаргасан анхны бонд энэ. Харин Монгол Улсын Засгийн газар өөрийн бондоо 2012-2013 оны заагаар гаргасан юм. Тодруулбал, 2012.12.05-нд 1 тэрбум ам.долларын бондыг, 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй гаргасан. Харин 2013.01.05-нд 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй гаргасан байдаг. Таван жилийн хугацаатай бондын төлбөрийг 2018.01.05-нд, 10 жилийн хугацаатай бондын төлбөрийг 2022.12.05-нд хийх ёстой. Төлөх хугацаа нь өдөр өдрөөр ойртож байхад, Засгийн газар Чингис бондоос босгосон 1.5 тэрбум ам.долларын орлогоо төсөл хөтөлбөрт нь зарцуулж дуусаагүй, хүүгийн төлбөрт орж суугаа нь нууц биш. Ийм байтал, Засгийн газар Самурай хэмээн нэрийдсэн 30 тэрбум иений бондыг Японы зах зээлд гаргах нь тэр. Бондын орлого 2014.01.06-ны өдөр Хөгжлийн банкны дансанд орж ирсэн байдаг. Ингэхдээ 24 тэрбум 250 сая иений орлого манай улсад орж ирсэн юм. Үлдсэн 5,7 тэрбум иенийг нь Японы хамтын ажиллагааны банкны баталгааны төлбөрт суутгуулсан байдаг. Самурай бондыг 2014 оны эхээр гаргасан гэж албаныхан мэдэгддэг ч, төлөх хугацааг нь харвал 2013 оны сүүлчээр байх магадлал өндөр байгаа юм. Уг бондын төлбөрийг манай улс 2023.12.16-ны өдөр хийнэ гэж яригдаж байна. Ийнхүү өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк 580 сая долларын бонд, Засгийн газар 1.5 тэрбум долларын Чингис бонд, хамгийн сүүлд 290 сая долларын Самурай бонд гаргалаа. Өөрөөр хэлбэл, нийт 2 тэрбум 370 сая ам.доллартай тэнцэх бондыг өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлд гаргаад байна.Гэтэл араас нь НЗДТГ нэмж бонд гаргах тухай ярьж эхэллээ. УИХ 2013.02.08-нд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталсан. Үүнд шаардагдах 25 гаруй их наяд төгрөгийн эх үүсвэрийн тодорхой хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Ингэхдээ, улсын төсвөөс санхүүжүүлэх хэсгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлж байхаар болсон байна. Гэхдээ холбогдох хүмүүс үүнийг улсын төсвөөс гаргах бололцоогүй. Дээр нь Улаанбаатар хотыг төлөвлөгөөний дагуу хөгжүүлэхэд нийслэлийн төсөв хүрэлцдэггүй. Тухайлбал, метро барихад 1.5 тэрбум доллар шаардагдаж байхад, гэр хорооллыг дахин төлөвлөхөд 225 сая доллар шаардагдах жишээтэй. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөхөд 225 сая долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлэхээр яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байна. Харин бусад төслүүдийг санхүүжүүлэхийн тулд НЗДТГ олон улсын зах зээлд бонд гаргах нь оновчтой гэж үзжээ. Тиймдээ ч, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн бондын журмыг саяхан хэлэлцэн баталлаа. Гэхдээ журам баталлаа гээд бонд гаргачихгүй, ингэх ч бололцоо хомс. Хөгжлийн банкны, Чингис, Самурай гэсэн гурван бонд дэлхийн зах зээлд гаргаж, 2 тэрбум 370 сая доллар босгосон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд шүргэж байна. Гэтэл төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өр 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй гээд заачихсан. Улсын өрд нийслэлийн өрийг ч давхар оруулж тооцдог хуулийн заалт бий. Тиймээс ч, Засгийн газрын тавьсан өрөөс болж, нийслэл бонд гаргах боломж хомс. Нөгөө талаас нийслэл бонд гаргахын тулд зээлжих зэрэглэлээ эцэслэн тогтоолгохоос гадна, Сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой байдаг байна. Гэтэл улсын өр хуульд заасан хэмжээнд шүргэж байгаа учраас Сангийн яам зөвшөөрөл олгохгүй байгаа гэх мэдээлэл байна. Үүнээс гадна, бонд гаргахын тулд нийслэл өөрийнхөө хөрөнгийг тоолох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, нийслэл бонд гаргаж санхүүжилт босгохын тулд, барьцаа болон баталгаа хэрэгтэй. Тиймээс Нийслэлийн өмч, хөрөнгийг тоолж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ийнхүү бонд гаргахаар төлөвлөж байгаа ч бэлтгэл ажил хангалтгүй, дээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд хүргэж байгаа гээд асуудал их байгаа юм.

-2017-2023 онд гадаад өр төлөхөд 5,6 тэрбум ам.доллар шаардагдана-

2014.09.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яамнаас гаргасан судалгаагаар манай Засгийн газар 1990-2013 оны хооронд олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас нийт 2.8 тэрбум ам.долларын гадаад зээл авч ашиглажээ. Үүний 1.3 тэрбум ам.долларын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулсан байна. Харин үлдэх 2.2 тэрбум ам.долларыг /хүүгийн хамт/ зээлдэгчдэд 2052 он хүртэл шатлалтайгаар төлөх юм. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдлийн  27.9 хувийг Азийн хөгжлийн банкны зээл, 21.7 хувийг Дэлхийн банкны зээл, гурван хувийг Олон Улсын Валютын сангийн зээл, 1.6 хувийг Нордикийн хөгжлийн сангийн зээл, нэг хувийг Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээл, харин 42.8 хувийг гадаад улс орнуудаас авсан зээл эзэлж байна. Тэдэнд төлөх зээлийн төлбөр 2022 он хүртэл тогтмол өсөх бол, 2023 оноос аажмаар буурах тооцоог Сангийн яам гаргажээ. Манай улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 2.8 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас авч ашигласан бол, үүнтэй дүйцэх хэмжээний өрийг гуравхан жилийн хугацаанд тавьсан байх юм. Тодруулбал, Хөгжлийн банк 2012.03.21-нд 580 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ бондыг Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан учир хуулиараа улсын өрд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк бондын төлбөрөө төлж дийлэхгүйд хүрвэл, хариуцлагыг нь Засгийн газар хүлээх юм. Засгийн газрын өрд тооцогдож буй энэ бондын хүүг жил бүр төлөх бол, үндсэн төлбөрийг 2017.03.21-нд буцаан төлөх ёстой юм. УИХ-ын 2012.10.25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа өөрийн бондыг дэлхийн зах зээлд гаргаж арилжаалсан. Тодруулбал, 2012.12.05-нд 1 тэрбум ам.долларын бондыг 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй гаргасан бол, 2013 оны нэгдүгээр сарын 5-нд 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэй гаргажээ. Чингис хэмээн нэрийдсэн 1.5 тэрбум ам.долларын бондын хүүгийн төлбөрт өнгөрсөн онд 63.3 сая ам.доллар төлжээ. Энэ мэт жил бүрийн 6 болон 12 сард хөрөнгө оруулагчдад бондын хүүг төлөх ёстой. Ингэж явсаар 2018.01.05-нд таван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг, 2022.12.05-нд 10 жилийн хугацаатай бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой юм. Хөгжлийн банк 2013 оны сүүлчээр Японы зах зээлд 30 тэрбум иений бонд арилжаалсан. Самурай хэмээн нэрийдсэн энэ бондод Монгол Улсын Засгийн газраас гадна, Японы хамтын ажиллагааны банкны баталгаа гаргасан. 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй энэ бондыг 2013 оны сүүлчээр гаргасан ч, орлого нь 2014.01.06-нд манай улсад орж иржээ. Ингэхдээ бондын орлогоос 5.7 тэрбумын иенийг Японы хамтын ажиллагааны банкны баталгааны төлбөрт суутгуулсан бол, Монгол Улсад 24.3 тэрбум иен орж иржээ. Уг бондын үндсэн төлбөрийг 2023.12.16-ны өдөр хийх ёстой юм. Монголбанк 2011.05.06-нд БНХАУ-ын ардын банктай төгрөг, юань солилцох своп хэлцэл байгуулсан. Үүгээр Хятадын төвбанкнаас 5 тэрбум юань авч, оронд нь түүнтэй тэнцэх 1 их наяд төгрөгийг нийлүүлэхээр тохиролцсон юм. Гэхдээ 2012.03.20-нд энэ гэрээнд өөрчлөлт оруулж, Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 10 тэрбумд хүргэж, төвбанкнаас нийлүүлэх төгрөгийг 2 их наядад хүргэсэн юм. Тэгвэл саяхан БНХАУ-ын дарга Си ЖинПин манай улсад хоёр өдрийн айлчлал хийх үеэр Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 15 тэрбумд хүргэлээ. Своп хэлцэл гурван жилийн хугацаатай. Хэрэв Хятадын ардын банкныхан манайтай байгуулсан своп гэрээний хугацааг дахин сунгахгүй гэвэл, 2017 онд тус банкинд 15 тэрбум юань өгч, нийлүүлсэн төгрөгөө эргүүлэн авах ёстой болох нь. Эдгээр тоо баримтаас харахад, манай улс гаднаас авсан өр зээл, төлбөрөө төлөхөд 2017-2023 оны хооронд их хэмжээний валют шаардагдах нь. Тухайлбал, олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас авсан хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөд 2017-2022 оны хооронд 880 орчим сая доллар зарцуулах нь. Үүнээс гадна, 2017 онд хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын үндсэн төлбөрийг хийх ёстой. Мөн онд Хятадын ардын банкинд 15 тэрбум юанийг эргүүлэн өгч магадгүй байна. Энэ нь өнөөгийн ханшаар 2.4 тэрбум ам.доллар болж байгаа юм. Үүний дараа жил Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Харин 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг, 2023 онд Самурай бондын 290 орчим сая ам.доллартай тэнцэх үндсэн төлбөрийг тус тус төлөх ёстой. 2017-2023 он хүртэл эдгээрт ойролцоогоор 5.6 тэрбум ам.доллар шаардагдах цээжний тооцоо гарч байгаа юм.

-Өрийн таазыг нэмэх боломжтой юу-

2015 он. Монгол Улс. Улаанбаатар хот. Төсвийн сахилга батаа сайжруулах зорилгоор манай улс таван жилийн өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсон. Энэ хуульд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын өр 2012 онд 60 хувь, 2013 онд 50 хувь, 2014 оноос 40 хувь байхаар тусгаж өгсөн юм. Гэтэл 2014 онд улсын өрийн үлдэгдэл 11,5 орчим их наяд төгрөгт хүрчээ. Улсын өрд засгийн газрын зээл, баталгаа, өрийн бичиг, санхүүгийн түрээс орж байгаагаас гадна, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг оруулж тооцож байгаа юм. Төрийн гэх тодотголтой эдгээр өр 11,5 их наяд төгрөгт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувийг эзэлж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл улсын өр заасан хэмжээнээс давж, төсвийн сахилга батаа алдаж, хуулиа зөрчжээ. Эндээс санаатай хууль зөрчив үү, зөрчихөөс өөр аргагүй байдалд хүрэв үү гэсэн асуулт гарч байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай юм. Засгийн газар хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүднээс гадаад зах зээлд бонд гаргасан. Гэвч бондын санхүүжилтийг хэрэглэх хугацаа хойшилсон нь улсын өр өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна, 2012 оноос эхэлсэн эдийн засгийн хүндрэлийн улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдаж, дотоодын зах зээлд бонд гаргах замаар зарлагыг санхүүжүүлж иржээ. Дотоодын зах зээлд их хэмжээний бонд гаргасан нь өрийн хязгаар давахад хүргэснээс гадна, долларын ханшийн өсөлт давхар нөлөөлсөн байна. Тухайлбал, гадаад валютаар төлөх өрийн үлдэгдлийг төгрөгөөр тооцсон хэмжээ эрс нэмэгдсэн байгаа юм. Эдгээр шалтгаанаас болж улсын өр хуульд зааснаас давж 55 хувьд хүрсэн судалгаа байна. Нэгэнтээ хуульд заасан хэмжээнээс давсан учир Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар шийдлийн гэх тодотголтой засгийн газар төлөвлөж байна. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж энэ хэмжээнд аваачих бус, улсын өрийг бүр 70 хувьд хүргэхээр төлөвлөсөн байгаа юм. Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын өр 2015 онд 70 хувь, 2016 онд 65 хувь, 2017 онд 60 хувь, 2018 онд 50 хувь, 2019 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь байхаар төлөвлөжээ. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор өнгөрсөн жилүүдэд дотоодын зах зээлд арилжаалсан үнэт цаасны эргэн төлөлтөд зориулж энэ онд 2,1 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа бол, Хүний хөгжил санд 400 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Дотоодын зах зээлд энэ онд нийт 2,5 их наяд төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн учраас өрийн таазыг дээрх байдлаар нэмэх шаардлагатай болсон гэх зэргээр тайлбарлаж байна. Нөгөө талаас манай улс гаднаас урт хугацаатай, бага хүүтэй зээл авахын тулд өрийн хязгаарыг өсгөхөөр төлөвлөжээ. Манай улсад 20-30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээл олгох хэд хэдэн санал ирсэн гэнэ. Манай улс эдгээр хөнгөлөлттэй зээлийг авч, аль болох эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд бонд гаргахаас гадна, урт хугацаатай, бага хүүтэй зээл авахын тулд өрийн таазыг 70 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэсэн үг юм. Харин МАН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотгол, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, улсын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэхийг дэмжихгүй байхаар болжээ. Мөн улсын өрийг өнөөгийн хэмжээнд буюу 55,2 хувьд нь хадгалах ёстой хэмээн үзсэн байна. Мөн бие даагчид болон зарим намын бүлэг өрийн таазыг нэмэхийн эсрэг байгаа юм. Олонхийн дэмжлэг авч чадахгүй бол, өрийн таазыг нэмэх боломжгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6 зүйлд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тусгасан учраас тэр юм.

-Номад бонд дэлхийн зах зээлд арилжив-

Манай улс 2010 онд төсвийн сахилга батаа сайжруулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын өр хэд байхыг хуульчилж өгсөн. Тухайлбал, 2012 онд 60 хувь, 2013 онд 50 хувь, 2014 оноос 40 хувь байхаар тусгаж өгсөн тухай дээр өгүүлсэн. Тэгвэл үүнд өөрчлөлт орж 2020 оны 09 сарын 30-ны байдлаар өрийн хязгаар хуулиараа 75 хувь байгааг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэх нь тэр. Монгол Улсын Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ өнөөгийн үнэ цэнээрээ 2016 онд 78.8 хувьтай байсан бол, 2010 онд 55.6 хувь болж буурсан. Засгийн газрын зүгээс өрийн бүтцэд нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал харьцангуй эерэг байгааг тэрбээр мэдэгдэж байсан юм. Тухайлбал, өмнө нь өрийн ихэнх хэсэг нь хугацаа богино, өндөр хүүтэй арилжааны зээл байсныг менежмент хийсэн байна. Ингэснээр 2016 онд нийт зээлийн 29 хувийг хөнгөлөлттэй зээл эзэлж байсан бол, 2020 онд 53 хувьд хүрчээ. 2016 онд арилжааны зээл 53 хувь байсныг 23 хувь болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 4 жилийн хугацаанд төсөвт ихээхэн дарамт учруулж байсан арилжааны зээлийг өөрчилжээ. Хугацаа 6 жил байсныг 8.6 хувь болгон өөрчилсөн байна. Улсын өрд засгийн газрын зээл, баталгаа, өрийн бичиг, санхүүгийн түрээс орохоос гадна, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг мөн оруулж тооцдог. Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегид нийцүүлэн олон улсын санхүүгийн зах зээлд жилийн 5.125 хувийн купонтой 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын Номад бонд гаргажээ. Уг бондыг 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр арилжаалж, 2021 оны дөрөвдүгээр сард төлөх Мазаалай бонд, 2022 оны аравдугаар сард төлөх Чингис бондуудын тодорхой хэсгийг буцаан худалдан авсан байна. Дэлхий даяар тархаад буй Ковид-19 цар тахлын нөлөө Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан цаг үед Засгийн газар 2021 онд эргэн төлөгдөх 10.875 хувийн хүүтэй Мазаалай бондыг 5.125 хувийн бага хүүтэй шинэ бондоор сольж, жил бүр Засгийн газрын гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам.доллар буюу 76 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бий болгожээ. Ийнхүү өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ авах нь 2021-2022 онуудад эргэн төлөгдөх нийт 1.5 тэрбум ам.долларын төлбөрийн дарамтыг бууруулж, эргэн төлөлтийн хугацааг 5.5 жилээр хойшлуулснаар Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал болон төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөц, гадаад ханшид үзүүлэх ачааллуудыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газраас шинээр гаргасан Номад бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахад J.P.Morgan, Morgan Stanley, HSBC болон Nomura гэсэн 4 хөрөнгө оруулалтын банк хамтран ажилласан байна.

-Мазаалай бондын төлбөрийг барагдууллаа-

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй Мазаалай бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны гуравдугаар сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлжээ. Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан байна. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас 2020 онд Номад өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээгээр 2021 онд эргэн төлөгдөх Мазаалай, 2022 онд эргэн төлөгдөх Чингис бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн. Улмаар 10.875 хувийн өндөр хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй Номад бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү бүрэн төлж барагдуулжээ. Сангийн яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг тогтмол хүргүүлэн ажиллаж иржээ. Ингэхдээ жил бүр 2-3 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг гадаадын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран зохион байгуулж ирсэн юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл улам бэхжиж Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр сайжирч, олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж түүхэн доод түвшинд хүрээд байгааг Сангийн яамныхан хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудыг үнэн бодит мэдээллээр тогтмол ханган ажиллаж ирсний үр дүнд Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3 сөрөг төлөвтэй байсныг B3 тогтвортой болгож сайжруулсан. Засгийн газраас хийж буй өрийн менежмент, мөн цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад өрийн дарамт цаашид тогтвортой буурахаар байгааг Муудис агентлаг дээрх шийдвэрийн хүрээнд онцолжээ. Цаашид Монгол Улсын Засгийн газар богино болон дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам сайжруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр макро эдийн засгийн цаашдын төлөвийг сайжруулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтүүдийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэх чиглэлд онцгой анхаарч байгааг Сангийн яамныхан хэлж байгаа юм.

-Чингис болон Гэрэгэ бондын төлбөрийг бага хүүтэйгээр дахин санхүүжүүлэв-

Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны зургаадугаар сарын 29-нд Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар нь өнгөрсөн оны 9 дүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Энэ удаа Century төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнээс 2 зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан бөгөөд энэхүү бондын эргэн төлөлт нь ирэх жил хийгдэх байсан. Энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл B түвшинтэй байгаа цар тахлын хэцүү цаг үед бид Century төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх 2 жилийн өр төлбөрийг шийдлээ. Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдаас ирсэн санал нь тухайн үнэт цаасны дүнгээс 2.5-3 дахин их ирсэн тохиолдолд амжилттай боллоо гэж үздэг. Century төслийн хүрээнд нийт 6.4 тэрбум ам.доллар буюу санал болгосон хэмжээнээс 6.4 дахин илүү саналыг Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас ирүүллээ. Мөн манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улсууд шинээр бонд гаргахад дунджаар 7-8 хувийн хүү төлж байхад манай улс B үнэлгээтэй улсуудаас хамгийн бага буюу 3.5-4.45 хувийн хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засгаа аврах зорилгоор хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүнгийн илрэл бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл өндөр байгааг харуулж байна. Засгийн газар хугацаа тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэй юм.

-Монголын бондын зах зээлийн гарын авлага гарлаа-

2021.04.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам Азийн Хөгжлийн банктай хамтран Монголын бондын зах зээлийн гарын авлагын нээлтийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Азийн бондын зах зээлийн форумын гишүүн ASEAN+3 орны оролцогчид, Ази, АНУ, Европын хөрөнгө оруулагчид болон Монголын хөрөнгийн зах зээлийн оролцогчдоос бүрдсэн нийт 180 гаруй оролцогч цахимаар оролцлоо. Сангийн яам нь Монгол Улсын санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжилтэй хөл зэрэгцэж, олон улсын сайн туршлага, стандартуудыг нэвтрүүлэх зорилгоор Зүүн өмнөд Азийн орнууд болон Япон Улс, Солонгос Улс, БНХАУ-ыг хамарсан ASEAN+3 Азийн бондын зах зээлийн форумд гишүүн бус ажиглагч орноор 2018 оны тавдугаар сард гишүүн улсуудын 100 хувийн дэмжлэгтэйгээр нэгдэн оржээ. Энэ форумын зорилтын хүрээнд Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гишүүн улсуудын бондын зах зээлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, сурталчлах зорилгоор ASEAN+3 Bond Market Guide-ийг гишүүн улс бүр дээр эмхэтгэн гаргажээ. Хэдийгээр энэхүү гарын авлагыг Азийн хөгжлийн банкнаас ASEAN+3 гишүүн улсуудад зориулан эмхэтгэн гаргадаг ч Сангийн яамны хүсэлтээр Азийн Хөгжлийн банкны техник туслалцаатайгаар Монголын бондын зах зээлийн гарын авлагыг 2019 оноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн нийт оролцогч байгууллагуудтай хамтран боловсруулж 2021 оны хоёрдугаар сард Азийн Хөгжлийн банкны цахим хуудсанд нийтэлжээ. Энэхүү гарын авлага нь тухайн орны бондын зах зээлд (Засгийн газрын үнэт цаас, компанийн бонд гэх мэт) хөрөнгө оруулахад шаардлагатай бүхий л мэдээллийг агуулсан байдаг ба гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх, тэдэнд тогтмол шинэ мэдээлэл хүргэх чухал ач холбогдолтой юм. Монголын бондын зах зээлийн гарын авлага нь англи хэл дээрх цахим гарын авлага бөгөөд 2-3 жил тутам зах зээлийн хөгжилтэй уялдан шинэчлэгдэж байх юм. Сангийн яамны зүгээс Монголын бондын зах зээлийн гарын авлагыг дотоодын хөрөнгийн зах зээлийн оролцогчид болон хөрөнгө оруулагчдад зориулан Монгол хэл дээр орчуулан гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд удахгүй цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх гэнэ. Гарын авлага тухайн улсад мөрдөгдөж буй үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль эрх зүйн орчин, татварын орчин, зах зээлийн дэд бүтцийн систем, зах зээлийн талаар тоон статистик үзүүлэлтүүд, зах зээл хөгжиж ирсэн түүхэн замнал, зах зээлд оролцогч байгууллагуудын үүрэг, хөрөнгө оруулагчдыг хамгаалах механизм, санхүүгийн хэрэгслүүд, үнэт цаасны төлбөр тооцоо, үнэт цаасны хадгалалт, кастодиан банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдыг үнэт цаасны зах зээлд оролцоход зориулсан үндсэн, зайлшгүй мэдэх ёстой мэдээллийг агуулсан байна. Азийн бондын зах зээлийн форум нь 1997 оны азийн санхүүгийн хямралын дараагаар Зүүн Өмнөд Азийн орнууд нэгдсэн ASEAN+3 (Япон Улс, Солонгос Улс, БНХАУ)-ийн Сангийн сайд нарын санаачилгыг дэвшүүлж, гишүүн орнуудын санхүүгийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Азийн хөрөнгө оруулалт, хуримтлалын үр ашигтай зарцуулалтыг бий болгох зорилготойгоор Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Тус санаачилгад гишүүн орнуудын санхүүгийн байгууллагуудаас гадна, олон улсын шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий баг ажилладаг байна.

-Finance Аsia Awards-ийн шилдэг төслөөр шалгарав-

2021.11.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 6 дугаар сард олон улс дахь санхүүгийн зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан Century төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Олон Улсын нэр хүнд бүхий Finance Asia-аас жил бүрийн санхүүгийн салбарыг шилдгүүдийг шалгаруулдаг Finance Asia Awards-д Монгол Улсын Засгийн газрын 2021 онд авч хэрэгжүүлсэн дээрх өрийн зохицуулалтын арга хэмжээг дараах 2 төрөлд шилдгээр тодрууллаа.

  • 2021 оны Best of The Frontier Market of Asia – Оны шилдэг Азийн хөгжиж буй зах зээлийн хөрөнгө босголт,
  • 2021 оны Best Sovereign – Issuer Award – Оны шилдэг хөрөнгө босгосон улс

Энэхүү шагнал нь Монгол Улсын Засгийн газар хугацаа нь тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах өрийн зохицуулалтын арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлсэн болохыг олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж буйн илрэл юм. Century төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл B түвшинтэй байхад 6 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх 2 жилийн өр төлбөрийг шийдсэн. Дээрх өрийн зохицуулалтын арга хэмжээ нь Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, хэвээр хадгалахад чухал нөлөө үзүүлсэн юм гэж financeasia.com/awards онцолсон талаар Сангийн яам мэдээллэж байгаа юм.  

-Бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа

2022.08.03. Засгийн газар. Улаанбаатар хот. Монгол улс. Засгийн газрын ээлжит хуралдаан болж, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлах юм. Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. Чингис бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой. Өрийн асуудал маш эмзэг. Дефолт болох нөхцөл байдал үүсээгүй гэдгийг дахин хэлье. Манай улсын нийт гадаад өр өнөөдөр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Сингапур улсын гадаад өр ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байгаа. Англи улсын гадаад өр ДНБ-ээсээ гурав дахин, Япон улсынх ч үүнээс олон дахин их байна. Гэтэл яагаад дефолт зарлах асуудал яригддаггүй вэ гэхээр зээлийнх нь зарцуулалт чанартай байдаг. Тэр нь эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгч байна. Харин манайд зээл үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс үүнийг шалгана. Ирэх долоо хоногт шалгалтынхаа явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ.

-Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ-

2022.11.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Улсын Их Хурлын 2022.11.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2011-2022 оны хооронд нийт 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний урт хугацаат эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлснээс 1.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын буюу Чингис бондын эх үүсвэр, үлдсэн 2.0 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Хөгжлийн банк өөрөө татан төвлөрүүлснийг онцлоод олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн уг 3.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийн 3 тэрбум ам.долларыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан бол 0.5 тэрбум ам.доллароор өрийн удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилт хийсэн гэж байлаа. Мөн Хөгжлийн банк нь дээрх татан төвлөрүүлсэн гадаад эх үүсвэр болон өөрийн хөрөнгийг ашиглан нийт 3.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон бөгөөд үүнээс 1.4 тэрбум ам.доллар буюу 40.8 хувийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд санхүүжилтээр, 0.5 тэрбум ам.доллар буюу 15,1 хувийг дамжуулан санхүүжилтийн хэлбэрээр, үлдсэн 1,5 тэрбум ам.доллар буюу 44.0 хувийг улсын төсвийн шинжтэй буюу өндөр хүүтэй валютын эх үүсвэрээр санхүүжүүлж болохгүй төслүүдэд олгосон үндсэн гурван хэлбэрээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна. Үүнээс 2011-2016 онд буюу анхны хуулийн хэрэгжилтийн хугацаанд нийт 2.5 тэрбум ам.доллар буюу 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгосон бол, 2017-2022 онд 1.0 тэрбум ам.доллар буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон. 2016 оны эцэст Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 6 их наяд төгрөгт хүрч өссөн ба үүний 50-иас дээш хувийг буюу тухайн үеийн ханшаар 3.1 их наяд төгрөгийн багц улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгогдсон байсан нь тус банкийг байгуулсан үндсэн зорилгоос нь хазайлгаж төсвийн шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болгон хувиргажээ. Улмаар УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 53 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухай бүр Засгийн газрын тогтоолын хүрээнд, зээлийн эргэн төлөлтийг улсын төсвөөс эргэн төлөх гэрээний үүрэг хүлээсэн 348 төсөл арга, хэмжээний 3.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцыг улсын төсөвт шилжүүлэх арга хэмжээг авсан. 2017 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх зорилгоор УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны хоёрдугаар сард баталсан бөгөөд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгаар банкны зээл олгох үйл ажиллагаанд УИХ, Засгийн газраас шууд оролцдогийг зогсоосон, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд Монголбанкнаас санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, актив ангилах, эрсдэлийн сан байгуулах тухай журмыг Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталж, Монголбанк тус банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах болсныг тодотгов. Сангийн сайд мэдээлэлдээ, Монголбанкны 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгийн зээлд эзэлж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн буюу чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлж байгааг дүгнэсэн актыг 2021.12.21-нд албажуулсан. Нийт чанаргүй болсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг 2012-2016 онд Засгийн газрын тогтоолтойгоор олгосон зээлүүд эзэлж байна. Ингэснээр хамгийн багадаа 10 хувь болон түүнээс дээш хувь байх ёстой санхүүгийн байгууллагын амин үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ 0 утгаруу ойртож 1.3 хувьд хүрсэн нь дампуурлын эрмэгт хүрснийг илтгэнэ гэдгийг онцолсон. Мөн Хөгжлийн банк 2023 оны 10 болон 12 дугаар саруудад олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2018 онд дахин санхүүжилт хийх зорилгоор арилжаалсан 500.0 сая ам. долларын евро бонд, Япон улсын зах зээлд 2013 онд хаалттай арилжаалсан 30.0 тэрбум иений Самурай бондын эх үүсвэр буюу өнөөдрийн ханшаар ирэх онд нийт 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг гүйцэтгэх хуваарьтай гэж байлаа. 2018 онд олон улсын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.доллар евро бонд гаргасан ба тус бондоор ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр өрийн удирдлага хэрэгжүүлж дахин санхүүжилт хийсэн. Үүний үр дүнд, Засгийн газрын баталгаатай өр төлбөрийн дүнг бууруулж, өр төлбөрийн жигнэсэн дундаж хугацааг 3.8 жилээр сунгасан, хүүгийн зардлыг бууруулж, хөвөгч хүүг тогтмол болгож чадсан. 2022.10.26-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны үлдэгдэл нийт 2.6 их наяд төгрөг байгаа. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны асуудлыг анхаарлын төвөөс гаргалгүй, тус банкны үйл ажиллагааны талаар Засгийн хуралдаанаар тогтмол мэдээлэл авч, үүрэг, чиглэл өгч ажиллаж байгааг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдаад энэ оны нэгдүгээр сараас эхлэн чанаргүй зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг эрс эрчимжүүлж, асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод болгосон гэв. Түүнчлэн тэрбээр, чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааны хүрээнд Иргэний хэргийн шүүхэд 2019-2022 оны хооронд 689.8 тэрбум төгрөгийн 18 зээл, 2022 оны нэгдүгээр сараас хойш 691.6 тэрбум төгрөгийн 15 зээлдэгчийн нэхэмжлэлийг шүүхэд шинээр гаргасан. 2022 онд 367.5 тэрбум төгрөгийн долоон зээлийн шийдвэр эцэслэгдэн гарч, өнөөдрийн байдлаар 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг иргэний журмаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна. Мөн шүүхийн шийдвэр гарсан 15 зээлээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй 10 зээл, шүүхийн бус журмаар төлбөр төлүүлэхээр ажиллаж буй найман зээл, нийт 41 зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна. Эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газраас эхний байдлаар 19 зээлийн хувийн хэрэгт холбогдох хянан шалгах ажиллагааг багцалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах шатандаа орсон гэв. Хөгжлийн банкнаас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2022.05.31-ний өдрийн Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай 220 дугаар тогтоол батлагдаж төрийн өмчит есөн хуулийн этгээдэд холбогдох 565.5 тэрбум төгрөгийн активын эргэн төлөлтийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох этгээдүүдэд даалгасан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд МИАТ ХК-ийн 14.9 тэрбум төгрөгийг төлснөөр зээл бүрэн төлөгдөж хаагдсан. Мөн Эрдэнэс Монгол ХХК 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр 117.2 тэрбум төгрөг, НОСК, ТОСК-ийн зээлийн төлбөрөөс 10.1 тэрбум төгрөг төлөгдөөд байна. Хөгжлийн банканд 2022.01.20-ны өдрөөс 2022.10.25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 777.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдлөө. 365.1 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдлаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3-16 хувьд хүрч зохистой хэмжээнд хүрсэн гэдгийг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ онцолсон. Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр Самурай бондыг эргэн төлөх мөнгөн хөрөнгийг бүрдүүлж чадсаныг Сангийн сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ бондын эргэн төлөлтийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд 500.0 сая ам.долларын евро бондоос Хөгжлийн банканд оны эцэс хүртэл төлөгдөх зээлийн эргэн төлөлтөөр хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байна. Бондуудыг хугацаанаас өмнө эргэн төлөх саналыг хөрөнгө оруулагчдад тавьснаар биднийг хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа, мөн бондын төлбөрөө төлөх чадвартай найдвартай түнш гэдгийг илэрхийлсэн гэж байлаа. Хөгжлийн банкны активын чанар, зээлжих зэрэглэл тогтоох аргачлалуудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2022 оны 1, 2 дугаар улиралд Standard and Poors, Moody’s, Fitch агентлагуудаас ээлжит бус үнэлгээг хийсэн ба удаа дараагийн хэлэлцүүлгийн үр дүнд тус агентлагуудын зүгээс банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ болон төлөвийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн ба Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл улсын зээлжих зэрэглэлтэй адил түвшинд хадгалагдаж байгааг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдаад Хөгжлийн банкны ОХУ-ын Внешэконом банктай байгуулсан гэрээний үүрэг 2019 оноос эхлэн зөрчигдсөн ба гэрээний үүргээс чөлөөлөгдөх хэлэлцээрийг тус банктай хийж, гэрээний зөрчил үүссэнээр бусад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө буцаан дуудагдах эрсдэлийг хаасан гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, бид оны эцэст  нийт эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэж, оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг 20 хувьд хүргэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн банкийг санхүүгийн үзүүлэлтийн хувьд  дампуурах эрсдэлээс бүрэн гарч, хэвийн үйл ажиллагаатай болж, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай  болж,  цаашид Хөгжлийн банкны Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах  үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ гэж байлаа.

-Б.Жавхлан: Монгол Улсын Засгийн Газар Чингис бондын төлбөрийг 100 хувь төлж барагдууллаа-

2022.12.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд Б.Жавхланд Чингис бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олголоо. Эрх олгох захирамжид гарын үсэг зурснаар Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос 2022.06.05-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөр төлсөн байна. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг Чингис бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна. Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болсон гэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн сайд мөн мэдэгдэл хийсэн юм. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг хугацаанд нь төлж өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж байна. 2012 оны 12 дугаар сард гаргасан Монгол Улсын анхны гадаад үнэт цаас болох Чингис бонд төслийг 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, эхний 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018.01.05-ны өдөр төлж барагдуулсан байдаг. Харин дараагийн ээлжийн 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй 1.0 тэрбум ам.долларын Чингис бондын төлбөрийн үлдэгдэл болох 136.8 сая ам.долларыг 2022.12.05-ны өдөр төллөө. Ингэснээр Чингис бондыг хугацаанд нь бүрэн төлж дууслаа. Чингис бондын зарцуулалтын хувьд нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд олгосон бол, 24.0 хувийг эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус тус зарцуулсан гэсэн юм.

-Б.Жавхлан: Самурай бондын төлбөрийн хугацаанаас нь нэг жилийн өмнө бүрэн барагдуулах боломжтой болж байршуулаад байна-

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүд, Сангийн Сайд Б.Жавхлан: Мөн Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30.0 тэрбум иенийн Самурай бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023.12.25-ны өдөр төлөх хуваарьтай. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 01 дүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. Самурай бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болж байршуулаад байна. Монгол Улсын Хөгжлийн банканд 2022.01.20-ны өдрөөс 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Гэрэгэ, Номад болон Сенчури өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авсан. Үүний нэг нь Finance Asia-ийн Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон шагнал юм. Ийнхүү Монгол улс бондуудын төлбөрөө хугацаанд нь төлж олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүндээ өсгөсөнөөр хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж Монгол Улсын Засгийн газрын олон улсад дахь нэр хүндийг өсгөх эерэг нөлөөтэй юм гэв. Ийнхүү өмнөх засгийн газрын үед тавьсан хоёр ч бондын төлбөрийг энэ засгийн газар шийдэв. Өөрөөр хэлбэл, Чингис бондын төлбөрийг бүрэн төлж, харин Самурай бондын төлбөрийг хийхэд бэлэн болжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.