Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Монгол хаадын эдлэл

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно хэмээн тусгаж, хөтөлбөрийн 2.6.1.9-д Төв Азийн түүх, соёлын голомт судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлжээ. Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд салбар хоорондын уялдааг хангаж, богино хугацаанд үр дүн харуулах оновчтой төлөвлөгөөг боловсруулан гаргах учиртай. Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020.09.10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт томилолтоор ажиллаад ирсэн билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсоныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. Чингис хаан хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллав. Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалтай дэлхийг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, соёлын өв ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн юм хэмээн онцолж байлаа. Ийнхүү тэрбээр Монгол Улсынхаа түүхийн дурсгалт газраар зочилж, эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны ажилтнууд, археологчдын малтлагын явцын мэдээлэл, судалгааны дүнтэй танилцаж, их хаадын эзэнт гүрнүүдийн  түүхийн жимээр нийт 1500 гаруй километр замыг туулсан юм. Тухайлбал, Өвөрхангай аймагт Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор, Эрдэнэзуу хийд Хархорум хотын болон музей. Архангай аймагт Уйгурын хаант улсын нийслэл Хар балгас хотын туурь, Өгэдэй хааны Гэгэ-чаган орд хэмээх Дойтын балгас, XVIII-XX зууны үеийн Халхын шашны төвүүдийн нэг Заяын хүрээ, угсаатны зүйн музей, Монгол, Түрэг, Уйгур, Түвд, Манж, Хятад зэрэг 150 гаруй хадны бичээс бүхий домогт Тайхар чулуу, эрдэмтдийн анхаарлыг татдаг хүрэл зэвсгийн үеийн согд үсэгт буган хөшөө, Хүннүгийн хаан Шаньюгийн тахилын газар болох Талын гурван хэрэм, Хүннүгийн хаан Шаньюйн зуны ордон ЛУУТ ХОТ. Булган аймагт Киданы үеийн хэрэмт хот Чинтолгойн балгас, Цогт хунтайжийн ордны туурь Цогтын цагаан байшингаар зочилсон байдаг юм. 

Тэнгэрийн хүү Шаньюгийн Луут хот-

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай агаарын зургийн хайгуулаар анх нээжээ. Ингээд өнгөрсөн гурван жил тус газарт археологийн тандалт судалгааг явуулж Тэнгэрийн хүү Шанью гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваарыг олж баримтжуулсан байна. Өнгөрсөн зун анхны малтлага судалгааг явуулж Хүннүгийн хааны зуны орд, тэр дундаа түүхэн эх сурвалжид гардаг Лунчен буюу Луут хот мөн болох талаар анхны таамгийг дэвшүүлээд байна. Энэ хотын туурь нь 550 харьцах 550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй юм. Хэрэмний төв хэсэгт 250 харьцах 210 метр хэмжээтэй саравчит хашаатай. Саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь байжээ. Мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай. Түүнчлэн хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай аж. Сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт, түүний дөрөвний нэгт хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилдэг гэнэ. Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь энэхүү Луут хотыг нээн илрүүлсэн явдал юм. Цаашид хотын туурийг нэн тэргүүнд улсын хамгаалалтад авч, бүрэн малтаж, хотын эх загварын үзүүлэнг жижигрүүлсэн хэлбэрээр хийж жуулчдад хотын туурийг дээрээс нь харж болох шилэн хорготой болгохоор Монгол Улсын Шинжлэх ухааны салбарынхан зорьж байгаа юм. Архангай аймагт энэ мэт үзэж харах юм ихтэй учраас арын сайхан хангай гэж нэрлэсэн нь ийм учиртай биз. Мөн манай улсыг зорин ирэх жуулчдын 10 хувь нь Архангай аймагт саатдаг гэх судалгаа бий. Ингэхдээ гол төлөв Хятад, Орос, Солонгос, Япон, Америк, Герман, Франц, Казакстан, Австралийн жуулчид энэ аймгийг илүүтэй зорьдог нь сонирхол татам юм.

-Түрэг хааны алтан титэм-

Түрэгийн хаант улсын төрийг 716-734 онд барьж байсан Могилян буюу Билгэ хаан, түүний дүү цэрэг дайны нэрт жанжин Күльтегин нарын дурсгалд зориулж байгуулсан тахилын цогцолбор газарт Монгол Туркийн хамтарсан судалгааны баг ажиллаж Орхон музейг байгуулсан байдаг. Эдгээрийг байгуулахад нутгийн урчуудаас гадна нангиад зураачдын туслалцаа оржээ. Энэ нь түрэгийн угсаа сурвалжит язгууртны тахил шүтээний цогцолбор байгуулах уламжлалт загварыг баримтлан хийсэн хамгийн тод томруун дурсгалууд юм. Билгэ хааны тахилын онгоныг 734-735 оны үед байгуулсан ба Хятадын эзэн хаанаас тусгай элч томилон хүндэтгэл илэрхийлэхийн сацуу зураач урчууд илгээж онгоныг цогцлон байгуулахад хүч хавсарчээ. Тус цогцолбор газраас түрэгийн хааны алтан титэм олдсон гэлцдэг юм. VI зууны үед түүхийн тавцанд товойн гарч төр улсаа байгуулсан түрэгүүд анх Алтайн баруун биеэс мандан тодорч улмаар зүүншилсээр хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Монголын төв нутаг Хангайн уулс, Орхон голын хөндийд төвлөн сууж байсныг түүхэн сурвалж нотолдог.

-Өгэдэйн гэгээн цагаан орд-

Архангай аймгийн Хотонт сумын төвөөс хойш 10 километрт оршдог. Манай улсын нутаг дэвсгэрээс илэрсэн хамгийн том хотын туурь бөгөөд Уйгурын хаант Улсын нийслэл. МЭ ний 751 онд Уйгурын Моюнчур хаан анх Орхон, Жирмантай хоёр голын бэлчирт цогцлон байгуулжээ. Хар балгас нь 32 километр дөрвөлжин талбай эзэлсэн асар том хот байсан нь нотлогддог. МЭ ний 840 оны үед хот Енисейн Хиргис аймгийн довтолгоонд өртөж мөхсөн аж. Хар балгасын энэхүү дурсгалт газарт 2009 оноос Монгол Германы Орхон экспедиц тогтмол малтлага хийж дундад эртний өвөрмөц зохион байгуулалтыг илрүүлэн судалж байна. Цайзат хэрмийн зүүн урд булан дахь барилгын чуулбар нь голдоо задгай хүрээтэй, түүний гол төв хэсэгт гүний худагтай байсныг 2018 онд олж илрүүлжээ. Худгийг мод чулуугаар доторлосон бөгөөд доод хэсгийн бүтэц зохион байгуулалт илүү сайн хадгалагдаж үлдсэн байна. Худгийн гүн 12 метр бөгөөд ёроолдоо өнөөг хүртэл устайгаа байсан нь гайхалтай. Худгийн ёроолоос алтадсан төмөр цоож, дууны хөг нь алдагдаагүй том хүрэл хонх, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай модон шонгийн хугархай, бүтэн ваар сав зэрэг түүхийн гэрч хосгүй үнэт олдворууд олноор гарчээ. Иймд малтлагын ажлыг үргэлжлүүлж хотын туурийг бүхлээр нь нэгдсэн зохион байгуулалтаар илрүүлэн гаргаж, технологийн шийдлээр олон нийтэд үзүүлж, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой гэж археологичид үзэж байгаа юм. Хар балгасаас 35 километрийн зайд Дойтын балгас оршдог. Монголын эзэнт гүрний үеийн хааны ордны туурь юм. Дойтын толгой дахь энэхүү хотын туурийг Монгол Японы археологичид Өгэдэй хааны Гэгэ чаган орд хэмээн тодорхойлжээ. Орчны байгалийн байдал, барилга байшингийн зохион байгуулалтыг аль ч талаас нь үзсэн хааны ордон байсан гэж хэлэх үндэстэй. Түүхийн зарим сурвалжид тэмдэглэгдсэн нь нотолгоо болдог аж. Юань Улсын судрын Тайзугийн бүлэгт Өгэдэй есдүгээр он улаан тахиа жилийн зун Цэцэг цагаан нуурт авлажээ хэмээгээд уг ордон нь Хархорумаас умар зүг 70 аад ли зайтай байрладаг гэжээ. Мөн Рашид Аддин Өгэдэй хаан Хархорумаас нэг өдрийн газарт ордон бариулахаар ислам мужаануудыг сонгон авчээ. Өгэдэй хаан хавар бүр Гэгээн цагаан ордны орчим харцагаар ан хийдэг байв хэмээн өгүүлжээ. Энэ нь дээрх сурвалжийн мэдээтэй таарч буйн дээр туурийн барилга байшингийн зохион байгуулалт, хэрэглэгдэхүүн нь Хархорум хотын туурь, Өгэдэй хааны бусад ордны үлдэгдлээс олддог зүйлтэй адил болох нь тодорхой болоод байгаа юм. Археологич Х.Пэрлээ уг балгасыг шинжлэн 13 – 14 зууны үед холбогдуулан үзжээ. 1996 онд ЮНЕСКО ийн эртний Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь төслийн хүрээнд Монгол, Японы археологичид ордны бүтэц зохион байгуулалтыг харуулсан өндөр нарийвчлалтай дэвсгэр зураг үйлдсэн байна.

-Батмөнх хааны угсаа ба Заяын хүрээ-

Батмөнх даян хааны угсааны Түмэнхэн сайн ноёны хоёрдугаар хүү Бэгтэсжав 1631 онд Тамирын голын хойд биед Булган уулын өвөр, Чонотын хөндийд Агва дуган сүм байгуулснаар Халхын Зая гэгээний хүрээний суурь тавигджээ. Заяын хүрээний Лавринг нь 1696 онд Зая бандида хутагт Лувсанпэрэнлэй байгуулжээ. Хоёр давхар тус Лаврин сүмийг Шүтээний гурван сүм гэдэг. Харин 1802 онд Зая бандида хутагт Лувсанжигмэддорж Сэмчун Бага ордныг байгуулсан байна. Тус ордонг асар дээвэр бүхий гурван давхартай байгуулсан байна. Доод хоёр давхрыг тоосгоор төвд хэлбэртэй барьсан бол, дээд давхар нь модон хийцтэй, асар дээвэртэй жижиг өрөөтэй байжээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган хайрханы өвөрт байрлах Заяын хүрээ нь ингэж өргөжсөөр 18 – 19 дүгээр зууны үеийн Халхын шашны томоохон төвүүдийн нэг болсон байна.

-Хүрэл зэвсгийн үеийн буган хөшөө-

Архангай аймгийн Өгийнуур сумын Жарагалантын ам дахь хамгийн олон буган хөшөөт хүрэл зэвсгийн үеийн тахилын цогцолбор дурсгал түүхийн он тооллыг 1500 гаруй жилээр урагшлуулж байна. Археологич, түүх судлаач, эрдэмтэд буган хөшөөд, тахилгын газрын олдворын эд өлгийн зүйлсийн шинжилгээний дүн Хүннү гүрнээс 2000-аад жилийн тэртээ он цагт хамаарагдахыг тогтоосон байна. Энэ нь Монголчуудын түүхийг улам батжуулж баяжуулах буйг харуулж байгаа юм. Хангайн нуруунаас эх авсан Хануйн голын сав нутагт нүсэр том байгууламж бүхий Уртын булгийн хиргисүүр, түүний орчимд хэдэн зуугаар тоологдох тахил, тайлгын байгууламж, 30 гаруй буган хөшөө бүхий Жаргалантын амны цогцолбор дурсгал зэрэгцэн оршдог байна. Эдгээр нь хэмжээний хувьд асар том бүтэц зохион байгуулалтын хувьд өвөрмөц дурсгал төдийгүй Монгол нутагт олж илрүүлээд буй энэ төрлийн дурсгалуудын сонгодог төлөөлөл юм. Жаргалантын амны цогцолбор дурсгалыг 1960- аад оноос судалж эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хоёр өөр цаг үед холбогдох хоёр төрлийн нийт 660 гаруй тахилгын байгууламж, олон тооны дагуул бүхий хиргисүүр, 30 гаруй буган хөшөө байгаа нь тогтоогджээ. Буган хөшөөд дотроос гуравдугаар хөшөө нь 389 см өндөр 68 бугыг загварчлан чадварлаг багтаан дүрсэлснээрээ хамгийн олон буга дурсэлсэн, хамгийн том буган хөшөө болж байна. Энэхүү тахилгын байгууламжийг эрт, хожуу үе хэмээн хуваасан бөгөөд эрт үе нь Хиргисүүр ба буган хөшөөний соёлыг тээгчид НТӨ XI-IX зуун, хожуу үе нь Дөрвөлжин булшны соёлт эртний ард түмэн НТӨ VIII-VII зуунд бүтээсэн хэмээн үзсэн байна. 2009 оноос Монголын соёлын биет өвийг хамгаалах нийгэмлэгийн санаачилгаар АНУ-ын ЭСЯ-ны Соёлын өвийг хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр Хануйн хөндий төслийг хэрэгжүүлж, дурсгалын дэвсгэр зураг болон хөшөөний хэв хуулгыг авч түрэгийн үеийн тахилгын онгонд ашигласан, унасан, хугарсан буган хөшөөг сэргээн босгожээ. Цогцолбор газрын тахилгын хэсэгт 2000 гаруй адуугаар тахилга өргөсөн нь малтлагаар илэрсэн байна. Мөн хоёр өөр цаг үед хамаарагдах тус дурсгалт газрын түүхээс үзэхэд чоно, буга шүтээнт хоёр ард түмэн энэ газарт нэгдсэн байж болох таамаг төрүүлж байгаа аж. Мөн Хүннү гүрнээс өмнөх цаг хугацаанд энэ газарт амьдарч байсан ард түмэн морь малыг гаршуулан хэрэглэдэг байсан нь тогтоогдсон байна. Одоогоор дэлхий дээр олдоод буй нийт буган хөшөөний 90 хувь нь Монгол нутгаас олдсон бол Монгол дахь нийт хөшөөний 80 гаруй хувь нь Орхон-Тамир, Хануй-Хүнүйн бэлчирт олдоод байгаа юм.

-Дэлхийн шилдэг 10 олдвор-

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгалт газар Гол мод 2-ыг анх 2001 онд археологич доктор, профессор Д.Эрдэнэбаатар илрүүлжээ. 2002-2005 онд дурсгалт газрын дэвсгэр зургийг гаргаж, язгууртны нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтжээ. 2006-2009 онд язгууртны нэгдүгээр булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг хуулж цэвэрлэсэн байна. 2010 онд уг язгууртны булшны 30 дугаар дагуул булшийг малтаж Ромын шилэн аяга илрүүлжээ. 2017 онд 189 дүгээр булшны малтлага судалгааны ажлыг эхлүүлэн 2018, 2019 онд БНХАУ-ын Хенан мужийн Археологийн хүрээлэн, Лоян хотын археологийн хүрээлэнтэй хамтын малтлагаа үргэлжлүүлжээ. Гол мод 2 дурсгалт газраас олон үнэт олдворууд гарсны дотор эвэртэй, нохой биетэй хос алтан луу гарсан нь түүхийн сурвалж дахь хэд хэдэн таамгийн тайлал болж чадсан хосгүй үнэт олдвор болжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа юм. Энэхүү гол мод – 2, Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн Археологи сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 олдворын нэг хэмээн зарлажээ.

-Эзэнт гүрний нийслэл Хархорум-

Их Монгол улсын нийслэл 1220-1260 онд Хархорум байв. Хархорум нь олон соёлын уулзвар цэг, дундад зууны үеийн төв ази дахь угсаатан, соёл, шашин, үндэстний олон талт байдлын хосгүй төвлөрөл болсон газар байжээ. Хятад дахь Юань гүрэн мөхсөний дараа Хархорум 1368-1370 онд Умард Юань улсын нийслэл хот болсон байна. 1388 онд Мин улсын түрэмгий цэрэг Хархорумыг эвдлэн сүйтгэсэн ч XVI зуун хүртэл хотын хэсгүүд оршин тогтносоор иржээ. Харин 1580 онд хотын амьдрал бүрмөсөн зогссон байна. Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III Далай ламтай уулзахад Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсөн байна. Үүний дагуу 1585 онд эртний Тахай балгас дахь сүмийг сэргээн босгосон гэлцдэг. Энэ нь одоогийн Эрдэнэзуу хийд гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд дурджээ. Улмаар 1585-1586 онд Абтай сайн хан орхигдсон Хархорум хотын өмнөд хэсэгт Эрдэнэзууг байгуулахдаа эртний нийслэлийн нуранги үлдэгдэлийн үлэмжхэн хэсгийг хийдийн барилга байгууламжид дахин ашигласан болох нь археологийн судалгаагаар нотлогддог. Энэ хийдийг босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан гэсэн үг юм. 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай болгосын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхээр сэргээн босгож эхэлжээ. Ийнхүү 1872 онд дотор байсан 62 сүмийг бүрэн сэргээсэн байна. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг Монгол- Германы хамтарсан Хархорум шинжилгээний анги 1999 оноос судалж байгаа билээ. Хархорум хотын туурийн малтлагын ажил 2000-2006 онд Өгэдэй хааны үндэслэн байгуулсан 64 баганат их харш хэмээн үзэж байсан газар хийгээд хотын төв хоёр их гудамжны уулзвар дахь худалдаачид, гар урчуудын хороололд төвлөрөн явагдсан байна. Малтлагаар 1237-1238 онд Өгэдэй хааны дэлдүүлсэн Хархорум хэмээх араб бичээстэй мөнгөн зоос, 1371 онд Хархорумд хаан ор суусан Билэгт буюу Аюушридар хааны Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэлийн тамга зэрэг сонирхолтой олдворууд илэрсэн аж. Хархорум хотын туурийг өнгөрсөн хугацаанд бүрэн малтсан бөгөөд аялал жуулчлалын брэнд болгох цаг болсон гэж судлаачид үзэж байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate