Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

-Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Хятадын Гадаад харилцааны дэд сайдтай уулзав-

2022.11.22. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдунтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын 2022.11.27-28-ны өдрүүдэд БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэл ажил, айлчлалын үр дүн болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Хятадын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдун хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа нь Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм. Хятадын тал энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд монголын талтай хамтран уг айлчлалыг амжилттай хэрэгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хөгжлийг ахиулахад бэлэн байна гэв. Мөн тэрээр айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийхээс гадна олон салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээв.
Элчин сайд Т.Бадрал Сүнь Вэйдуныг ГХЯ-ны дэд сайдаар саяхан томилогдсонд нь баяр хүргэж, цаашид хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгааг илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Мөн тэрээр БНХАУ-ын ХКН-ын XX Их хурал амжилттай хуралдаж дууссаны дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа нь Монгол, Хятадын харилцаанд хоёр тал өндөр ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Хятад хоёр орны найрамдал, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагааг иж бүрэн ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн очлоо. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийнэ-

2022.11.26. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022.11.27-ны өдрөөс 2022.11.28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн очлоо. 
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо-

2022.11.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн очлоо. 
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна-

2022.11.27. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтан авав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо газардав…
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав-

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, найрсаг, халуун дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газарт талархал илэрхийллээ. Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн Хятадын Коммунист Нам, Хятадын Засгийн газар, ард түмэнд баяр хүргэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв. Цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов. Түүнчлэн төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшинд хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав…
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа-

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол Хятадын Ардын Их Хурлын ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтлаа. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийв. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын Төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань угтан авав…
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв-

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Хятадын Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий дахинд цар тахал үргэлжилж, шинэ сорилтуудтай тулгарч буй амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцав. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хятадын тал бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, Эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов. Тус хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх нь гурван улс төдийгүй бүс нутагт ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв. Түүнчлэн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа…
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхав-

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисанд сэтгэл хангалуун байна гэв. Хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д тавтай айлчлахыг хүсэв. Байнгын хорооны даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхэжсэнд баяртай байна гэв. Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхав
-Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав-

2022.11.28. БНХАУ. Бээжин хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Талууд: 

  1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр,
  2. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр,
  3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын… хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт,
  4. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт,
  5. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  6. Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  7. Олон улсын худалдааны Нэг цонхны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол,
  9. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг,
  10. “Монгол Улсын Үндэсний урлагийн их театр төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал,
  11. Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал,
  12. Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2),
  13. Улаанбаатар хотын Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр,
  14. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  15. Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр,
  16. Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Зүүн гар талаас Монгол Улсын Сангийн Сайд Болдын Жавхлан…
-Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл-

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай:

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Хоёр. Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд хүрсэн хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хятадын тал өндрөөр үнэлж, эдийн засгаа сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх монголын талын хүчин чармайлтыг дэмжиж, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн зорилтоо биелүүлэхийг хятадын тал чин сэтгэлээсээ хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа…

Гурав. Хятадын Коммунист Нам ХХ Их хурлаа амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд болон Хятад Улс нэн ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэнд монголын тал баяр хүргэв. Мөн ХКН-ын удирдлага дор орчин үеийн хүчирхэг социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дөрөв. Талууд 1994 оны Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, 2014 оны Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглалын үзэл санааны дагуу Монгол, Хятадын харилцааны ололт амжилт, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.

Тав. Сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа…

Зургаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой 2022 онд тохиож буйд хятадын тал баяр хүргэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө энэ статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хятадын талаас хүчин чармайлт гаргасанд монголын тал талархал илэрхийлэв. 

Долоо. Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов. Хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид хууль тогтоох, засгийн газар, улс төрийн нам, батлан хамгаалах, орон нутаг зэрэг байгууллагын яриа хэлэлцээг урагшлуулж, хамтын ажиллагаанд эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцов. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа…

Найм. Талууд Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, Талын зам үндэсний хөтөлбөрийг Бүс ба Зам санаачилгатай, Шинэ сэргэлтийн бодлогыг Даян дэлхийн хөгжлийн санаачилгатай, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг Хоёр алхам хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.

Ес. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа…

Арав. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

Арван нэг. Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.

Арван хоёр. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин урагшлуулж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын тал Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Арван гурав. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав…

Арван дөрөв. Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн хөгжлийн хүрээнд төв төмөр замыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.

Арван тав. Талууд хөгжиж буй орнуудын хувьд олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол болон ойролцоо байр суурьтай байдаг бөгөөд олон улс, бүс нутгийн байгууллагад харилцан дэмждэг уламжлалаа хадгалж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Талууд НҮБ-ын Дүрмийн үндсэн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, олон талт үзэл санааг сахин хамгаалж, энх тайван, хөгжил цэцэглэл, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.

Арван зургаа. Монголын тал хятадын талын дэвшүүлсэн Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллана. Талууд гамшгийн эрсдлийг бууруулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Арван долоо. Талууд уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнгийрүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал,
БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдун…

Арван найм. Айлчлалын үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хотын Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал, Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг, Олон улсын худалдааны Нэг цонхны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол, Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2), Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав.

Арван ес. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив. 

-Хятадын элчинг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав-

2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Цай Вэньруй Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэв. Мөн Иж бүрэн стратегийн түншлэлд суурилсан бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагналаа.

Хятадын элчинг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав

-Хятадын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив-

2023.10.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань 2023.10.06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Элчин сайд Шэнь Миньжюань харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог ажил хэрэг болгох, бүх салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа. 

Хятадын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад оролцоно-

2023.10.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад оролцоно
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүс ба Зам дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн очив-

2023.10.17. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох юм. Тэрбээр уулзалтын Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно гэжээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа-

2023.10.18. БНХАУ. Бээжин хот. Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авав. Дараа нь БНХАУ-ын дарга, гэргийн хамт Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт дурсгалын зураг авахуулав. Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө сэдвийн дор болох энэ удаагийн чуулга уулзалтад 140 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллагын нийт 4,000 гаруй төлөөлөгч оролцох юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

2023.10.19. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.10.19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биенээ дэмжиж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буйг санал нэгтэй тэмдэглэв. Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийн явцыг түргэтгэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтрах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов. Хоёр улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд олон улсын тавцан дахь харилцан бие биеэ дэмждэг уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд уулзалтын үеэр олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцлоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов-

2023.10.20. БНХАУ. Ниншя хот. БНХАУ-ын Бээжин хотноо Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.10.19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хото үндэстний Өөртөө засах оронд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад баяртай байгааг илэрхийлэв. Цаашид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шапөтоу цөлжилтийн эсрэг төв, Кайсэнь ухаалаг хөдөө аж ахуйн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Ниншя нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт оршдог. 66,400 хавтгай дөрвөлжин километр нутагтай. 7 сая гаруй хүн амтай. Иргэдийн 35 орчим хувь нь хотон. БНХАУ-ын үндэстний цөөнхийн өөртөө засах таван мужийн нэг юм.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.