Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Монголын түүхийг бичилцсэн аялагчид

Монголын түүхийн зарим нэг бүдгэрсэн хэсгийг Монголын нутгаар аялсан айлчин, гийчин, жуулчдын бичиж үлдээсэн тэмдэглэлээс сийрүүлэн уншиж болдог. Монголын түүхийг улам баяжуулж өгснөөрөө тэдний тэмдэглэл түүхэн ач холбогдолтойд тооцогддог. Хэдэн мянган зууны туршид монголын нутгаар аялсан хүмүүсийг тоолж барамгүй. Харин анхны аялагчид гарын таван хуруунд багтахаар цөөхөн байжээ. Энд Өгөөдэйн үед Монголд ирсэн Ата Малык Жувейны, Гүюг хааны үед монголд аялсан Плано Карпини, Мөнх хааны үед монголд аялсан Виллиам де Рубрук, Хубилай хааны үед монголд аялсан Марко Полог дурдаж болох юм. Эдгээр жуулчдын тэмдэглэлээс Чингисийн дараагийн Өгөөдэй, Гүюг, Мөнх, Хубилай зэрэг дөрвөн хааны тухай ойлголт авч болох мэт. Жуулчдын аяллын маршрут, Ази-Европ-Арабыг холбосон Торгоны замтай зарим талаараа төстэй байгааг мөн анзаарч болно. Үүгээр элч, айлчин, гийчин, худалдаачин ирж, жин тээсэн тэмээн цуваа Ази-Европ-Арабыг дамжин өнгөрдөг байжээ гэж өөрийн эрхгүй бодогдоход хүрнэ. Торгоны зам, аялагчдын тэмдэглэл Монголын түүхэнд төдийгүй, Дэлхийн газрын зураг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ талаар зарим ном зохиолд гардаг нь нууц биш. 

-Ата Малык Жувейны ба Дэлхийг байлдан дагуулагчийн түүх-

Ертөнцийг байлдан байгуулагчийн түүх, Дэлхийг байлдан дагуулагчийн түүх номоороо энэ хүн алдартай билээ. Монголын эзэнт гүрний хэд хэдэн хаадын талаар өгүүлсэн гэдгээрээ алдаршсан зохиол юм. Тэрбээр, аав, өвөөгийнхөө хамтаар Өгөөдэй хаанд хүчин зүтгэсэн нэгэн бөгөөд монголчуудын аж амьдралын талаар сайтар мэддэг нэгэн байжээ. Тиймээс түүнийг аялагч байсан гэхээс илүүтэй, эзлэгдсэн дагаар улсын иргэн байсан гэж ойлгож болох талтай. Гэхдээ монголчуудын талаар хамгийн нааштай бичсэн зохиолчдын тоонд энэ хүн ордог байна. Ата Малык Жувейни зохиолоо 1252-1260 онд бичсэн гэж үздэг. Түүний зохиолыг гурван үед хуваан авч үздэг байна. Ингэхдээ Чингисийн өмнөх үе, Чингисийн үе, Чингисийн дараа үе хэмээн хуваадаг байна. Тодруулбал, нэгдүгээр ботид Зүчи ба Цагаадайн талаар. Хоёрдугаар ботид Өгөөдэй, Гүюг, Мөнх хаадын талаар. Гуравдугаар ботид Мөнх хаан ширээнд сууж, Хүлэгүгийн аян дайны талаар түлхүү өгүүлсэн байдаг ажээ.   

-Плано Карпини ба Монголчуудын түүх –

Плано Карпини Монгол руу 1245 онд аялалд гарчээ. Түүний монгол руу хийсэн аяллыг газрын зурагаас харахад ямар нэг далай, тэнгис, нуур гатлаагүй, хуурай замаар аялсан байгаа юм. Ингэхдээ, Леон-Киев- Сарай-Хархорум гэх маршрутаар хуурай замаар аялсан нь түүний аяллын газрын зурагаас харагддаг. Ингэхдээ монголын нутгаарх хуурай замын аяллын зураг нь Виллиам де Рубрукийн аяллын зурагтай төстэй байгааг анзаарч болно. Ялгаатай нь тэдний аяллаа эхэлсэн газрууд л өөр байгаа юм. Плано Карпини Монголын Хаант улсад айлчилсан анхны европ гэгддэг. Түүнийг Монголд ирэхэд Гүюг албан ёсоор хаан ширээнд сууж байсан аж. Тодруулбал, 1246 онд Гүюгийг Шар ордонд Их Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөхөд гэрчээр оролцсон анхны гадаад аялагч байжээ. Плано Карпини аяллын үеэр цуглуулсан мэдээллээ Монголчуудын түүх нэрээр хожим хэвлүүлсэн гэдэг. Уг ном 9 бүлэгтэй. Эхний 8 бүлэгт татаруудын аж байдал, ёс заншил, зан ааш, шашин шүтлэг, төрийн бодлого, тэдэнтэй хэрхэн харьцах талаар гардаг бол, эцсийн бүлэгт замдаа туулж өнгөрүүлсэн газар нутгийн тухай өгүүлдэг ажээ. Европ аялагч гэхээс тоймтой өөр мэдээлэл байдаггүй байсан ч, тэрбээр Италийн аялагч байсан байх магадлал нь судалгаа шинжилгээгээр илүү тодорхой болж буй юм. Тухайлбал, өнөөдөр Чингисийн музейд нээлтээ хийсэн Монгол-Итали ялтсан зоосноос үүнийг ойлгож болно. 

Плано Карпинийн аяллын зураг…

-Виллиам де Рубрук ба Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл-

Виллиам де Рубрук нь Монгол улсын түүх соёлтой танилцахаар ирсэн анхны европ аялагчдын нэг гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Түүний аяллын газрын зургийг харахад Монгол руу ирэх маршрутаа сайтар тунгаасан нэгэн болох нь илт. Тэрбээр урт аялалд гарахын өмнө өмнөх аялагчдаас туршлага судалж, ном зохиол уншиж, ирж очих маршрутаа сайтар базаажээ. Үүний эцэст аяллаа Acre /одоогийн Израил/-аас эхлүүлсэн байна. Улмаар Газар дундын тэнгис гаталж, Константиполь /одоогийн Турк/-д очжээ. Цааш Хар тэнгис гаталж, Каспийн тэнгист цутгах Волга /Ижил/ мөрний хөвөөнд орших Алтан ордны улсын нийслэл Сарай хотод очсон байна. Чингис хааны том хүү Зүчийн тухай монголчууд андахгүй. Тэгвэл Зүчийн хүү Батын тухай оросууд андахгүй билээ. Оросын түүхэнд Бат хааны байгуулсан Алтан ордны улсын тухай бишгүйдээ нэг гардаг учраас тэр юм. Рубрук ийнхүү Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн Алтан ордны улсад саатсан байна. Алтан ордны улсын нийслэл Сарай хотыг 1250-аад оны эхээр Бат хаан байгуулсан талаар Рубрук 1254 он хавьцаа Дорнын орнууд руу хийсэн аялал тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Алтан ордны улсын нийслэл Сарай хотын туурь Ижил мөрний хөвөөнөөс, Астрахань хотоос 130 километрийн зайтай оршдог учраас Рубрук үүгээр аялсан нь нотлогддог ажээ. Тэрбээр цааш хуурай замаар аялсаар Хархорумд очсон байна. Харин буцахдаа хуурай замаар аялсаар Каспийн тэнгисийг гаталж, Израилд эргэн очжээ. Тэрбээр монгол руу аялахдаа Газрын дундад тэнгис, Хар далайг гаталсан бол, буцахдаа Каспийн тэнгисийг гаталсан байгаа юм. Эндээс тэрбээр яагаад хуурай газраар аялж, Хар-Хорумд ирээгүй вэ гэдэг асуулт гардаг. Тухайн үед загалмайтнууд лалуудтай шашны дайн хийж байсан учраас түүний тухайд хуурай замаар аялах нь аюултайд тооцогдож байжээ. Мөн лалуудтай хийж буй дайнд тусламж эрэхээр Монголын эзэнт гүрэнд аялагч нэрээр Францын элч морилсон гэх нь бий. Тиймээс гурван тэнгис гаталсан урт аяллыг хийхэд хүрчээ. Гэхдээ Францын элч яагаад Израилаас ирсэн бэ гэдэг нь анхаарал татдаг. Ямар ч байсан Мөнх хааны хүрээнд хагас жил орчим болсон тэрээр тусламж авч чадаагүй байна. Гэхдээ нутагтаа эргэн очсоны дараа монголчуудын ахуй амьдралын талаар Дорно этгээдэд зорчсон нь тэмдэглэлээ бичиж үлдээжээ. Зохиогчийн нэрийг улс бүр янз бүрээр бичсэн байдаг. Харин монголчууд Виллиам де Рубрук гэдгээр нь андахгүй. 

Виллиам де Рубрукийн Монголд аялсан газрын зураг

-Мөнгөн мод төгрөгт мөнхрөв-

Виллиам де Рубрук Хархорум хотын Мөнгөн модны тухай өөрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн хүн юм. Мөнгөн модны ёроолд цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс шар айраг гоождог байв. Амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан ангел хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Францын дархан Вильгельм урлан босгожээ. Ундааг сөгнөх хүмүүс тэнд хүлээн зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ хэмээн бичиж үлдээсэн байна. Виллиам де Рубрукийн бичиж үлдээснээс Мөнгөн модыг дүрсэлж зурсан гэх нь бий. Эртний Хар-Хорум хотыг дүрсэлсэн зурагаас Мөнгөн модыг харж болно. Монголчуудын гүйлгээнд хэрэглэдэг 5000-тын дэвсгэрт дээрээс Мөнгөн модыг мөн харж болох юм. Зайсан толгойн бэлд саяхан Мөнгөн модыг босгосон байж харагдсан. Тэндээс Мөнгөн модыг биетээр харж болох юм.

Хар-Хорум хотын өмнөх Мөнгөн мод Үндэсний мөнгөн дэвсгэрт дээр…

-Марко Поло ба Орчлонгийн элдэв сонин-

Марко Пологийн хөшөө Централ Товерийн урд сүндэрлэсэн байдгийг монголчууд андахгүй. Италийн энэ аялагч монголын түүхэнд ямар нэг хувь нэмэр оруулсан болоод хөшөө нь сүндэрлэсэн биз ээ. Марко Поло Юань гүрний үед Хубилай хааны дэргэд 17 жил байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, 1272-1289 оны хооронд монголд байсан тухай өгүүлдэг. Түүний 1298 онд гаргасан Орчлонгийн элдэв сонин номонд монголчуудын түүхэн амьдралын тухай өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Өгөөдэй хааны үед Ата Малык Жувейны, Гүюг хааны үед Плано Карпини, Мөнх хааны үед Виллиам де Рубрук, Хубилай хааны үед Марко Поло манай улсад байсан бөгөөд монголчуудын аж амьдралын талаар үзсэн, харсан, мэдсэн зүйлээрээ тэмдэглэл бичиж үлдээсэн байгаа юм. Эдгээр нь монголчуудын талаарх хамгийн баттай мэдээлэлд тухайн цаг үедээ орж байжээ. Марко Пологийн аяллын газрын зурагаас тэрбээр монголд ирэхдээ Плано Карпини, Виллиам Рубрукийн ирсэн маршрутаар аялсан байж магадгүй харагддаг. Түүний аяллын маршрут өмнөх хоёроо бодвол хуурай газраар явж, бага зэрэг товчилсон байгаа юм. Гэхдээ Плано Карпини, Виллиам де Рубрук нарын аяллын маршруттай ойролцоо байгаа нь анзаарагддаг. Харин тэрбээр олон жилийн дараа буцахдаа усан замаар Энэтхэгийн далай гаталж Персийн буланд хүрсэн байдаг. Тэрбээр, Хубилай хааны зарлигаар Юань гүрнээс Ил хаант улсын хаанд хатан хүргэж өгөх ёстой болжээ. Марко Поло аяллын туршлагатай учраас Монголын эзэнт гүрний Юань улсаас Ил хаант улс рүү хатныг замчилж явсан тухай түүхэнд гардаг. Энэ талаар ном зохиолд гарахаас гадна, сонгодог бүтээлүүд хүртэл туурвисан нь бий. Ер нь тэр үеийн торгоны замаар бүрэн аялсан хүн бол Марко Поло гэж үздэг. Тиймээс түүний тэмдэглэж үлдээсэн аяллын зургийг тэр үеийн Торгоны замын маршрут байсан гэж ойлгож болохоор байгаа юм. Сайтар ажиглахад, Торгоны замын маршрут буюу Монгол руу аялсан жуулчдын маршрут зарим талаараа ойролцоо байгаа юм. Ази-Европ-Арабыг холбох асар урт энэ замаар худалдаа, наймаа, арилжаа хийгдэх учраас энэ замын төлөөх тэмцэл их байж иржээ. Өөрөөр хэлбэл, торгоны замыг хяналтаа байлгаж чадсан нь худалдаа наймааг хяналтадаа байлгаж чаддаг байсан гэсэн үг. Тиймээс бусад улстай худалдаа наймаа хийж, хүчирхэг эдийн засагтай байхын тулд Торгоны замын төлөөх ширүүн тэмцэл олон зууны туршид өрнөсөн болов уу.

Марко-Пологийн аяллын зураг…

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate