Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Монголын аялал жуулчлал ба дэлхийн туршлага…

-Жуулчид ирсэнгүй-

Манай улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжөөд даруй хагас зуун жилийг үдэж байна. Монгол улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 1954 онд тухайн үеийн сайд нарын зөвлөл Жуулчин товчоог байгуулах шийдвэр анх гаргаж байжээ. Улмаар 1956 онд энэ товчоог өргөтгөж Гадаадын жуулчинд үйлчлэх газар болгож, хойд хөршөөс 15 жуулчин анх хүлээн авч байсан түүхтэй. Удалгүй 1962 онд Тэрэлжид, 1965 онд Өмнөговьд жуулчны баазууд байгуулсан бол, 1975 онд Залуу аялагчдын товчоо, 1976 онд Аялал жуулчлалын товчоог тус тус байгуулсан байна. Эдгээр нь манай улсад аялал жуулчлалын салбар хөгжихөд чухал түлхэц болсон гэж үздэг. Судалгаанаас харахад манай улс 1990-ээд оноос өмнө жилд 100 гаруй мянган жуулчин хүлээн авдаг байжээ. Харин 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын гишүүн орон болсноор манай улсыг зорин ирэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэх болжээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан манай улсад 2006 онд 300 мянга, 2007 онд 400 мянга, 2008 онд 450 мянга, 2009 онд 411 мянган жуулчин ирсэн гэх судалгааг танилцуулдаг. Харин 2010 онд аялал жуулчлалын салбарт ахиц дэвшил гарсан жил байлаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан 2010 онд жуулчдын тоо өмнөх оноосоо 20-30 хувиар өсч, энэ салбарын орлого тэр хэмжээгээр өссөн болохыг олзуурхан ярьж байсныг дурдахад илүүдэхгүй биз ээ. Тухайлбал, 2010 онд манай улсад 500 орчим мянган жуулчин ирж, энэ салбарын орлого 270 сая ам.долларт хүрч байжээ. Тэр үед аялал жуулчлал манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг дангаараа бүрдүүлсэн байгаа юм. Ийм үр өгөөжтэй, эдийн засагт чухал үүрэгтэй, байгаль орчинд хор нөлөөгүй энэ салбарт сүүлийн жилүүдэд харамсалтай нь бууралт ажиглагдаж, хэдэн жил дараалан аялал жуулчлалын компаниуд гаднаас жуулчин, айлчин, гийчин авсангүй. Наадмын цэнгэлдэх хүрээлэн үзэгчгүй хоёр жилийг ардаа орхилоо. Үүний улмаас монголд жуулчин оруулж ирдэг аялал жуулчлалын 450 тур компани тэг зогсолт хийснээс 300 нь хаалгаа барьсан судалгааг салбарын яамнаас нь гаргажээ. Аялал жуулчлалын салбар 13-17 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88 мянга 700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болсон судалгаа гарчээ. 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2 хувийг эзлэх мөнгө энэ салбарт эргэлдэж байсан ч, 2020 онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хүртэл хувиар буурсан байна. 2020 оны сүүлчээр гэхэд аялал жуулчлалын салбар 400 гаруй сая ам.долларын алдагдалд орсон байгаа юм. Хэдийгээр сүүлийн хоёр жил манай улсад жуулчин ирээгүй ч, ирэх жилүүдээс жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт салбарын яам нь тавьжээ.

-Жуулчид ирсэн ч зочид буудлын хүрэлцээ дутмаг-

Манай улсад Эрээн нуур, Ээж хайрхан, Сутай хайрхан, Хасагт хайрхан гээд жуулчдын нүдийг хужирлах үзэсгэлэнт байгальтай газрууд цөөнгүй бий. Үнэхээр сүүтэй уул хэмээн алдаршсан, төрийн тахилгат, сүрт Сутай хайрханыг гадаадын төдийгүй, дотоодын жуулчид үзэхийг хүсдэг. Манай улсын үзэсгэлэнт байгалтай эдгээр газруудад жуулчид ихээр саатахаас гадна, эрийн гурван наадам үзэхээр жуулчид манай улсыг гол төлөв 7, 8, 9 саруудад зорин ирдэг юм. Жил бүрийн долоодугаар сарын дундуур Үндэсний баяр наадам болдог учраас жуулчид эрийн гурван наадам үзэхээр ихэвчлэн ирдэг гэж ойлгож болох юм. Гэвч өвлийн улиралд ирэх жуулчид ховор. Жилийн дөрвөн улирал тасралтгүй жуулчин хүлээн авсан ч, тэднийг тав тухтай хүлээн авах нөхцөл муу. Манай улс жилд 1 сая жуулчин авах зорилт тавиад байгаа ч, тэднийг нэгэн зэрэг олон мянгаар нь хүлээн авах бололцоогүй орны тоонд багтаж байна. Зочид буудлын хүрэлцээ бага учраас тэр юм. Энэ тухай Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга Оргодол: Өвлийн улиралд жуулчдын ая тухыг хангах дулаан байр байдаггүй нь ихээхэн бэрхшээл авч ирдэг. Ер нь зочид буудлын хүрэлцээ хомс болохыг аль 2008 онд сануулж байсан шүү дээ. Одоо ч тэр хэвээрээ. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1046 зочид буудал, жуулчны бааз байдаг аж. Үүний 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг гэнэ. Үүнээс Хэнтий аймагт 2045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13,2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8,6 тэрбум, нийт 21,7 тэрбум төгрөгийн орлого аймгийн эдийн засагт оруулжээ. Тиймээс өнөөгийн Засгийн газрын тэргүүн ажлаа авсан даруйдаа зүүн бүсийн аймгуудыг аялал жуулчлын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлж байлаа. Тодруулбал, манай улс аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын нөөцдөө тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэхдээ зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж үзжээ. Ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх өндөр боломжтой гэж үзэж байгаа юм. Зочид буудлын хүрэлцээ талаасаа ч энэ бүсэд аялал жуулчлал нэн тэргүүнд хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн бололтой. 

Говь-Алтай аймаг, Сутай хайрхан уул
Говь-алтай аймаг, Хасагт хайрхан уул
Говь-Алтай аймаг, Ээж хайрхан уул, Есөн тогоо

-Sheraton Монголд-

Sheraton зочид буудал монголд нээгдэхээр болжээ. Өдийд барилга нь баригдаад захиалгаа авч буй юм байна. Дэлхийд нэр хүндтэй уг зочид буудал монгол улсад баригдаж байгаа нь жуулчид хүлээн авах газар нэгээр нэмэгдэж буй нь таатай хэрэг юм гэж олзуурхав. Тиймээс Sheraton зочид буудлыг онцлон бичихийг зорив. Багаасаа л уг зочид буудлыг гадарладаг нэгэн. Балбарын Аюуш аав маань Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа азийн таван бар улсаар томилолтоор яваад ирэв. Тэндээс ирэхдээ надад зөндөө бэлэгтэй ирсэнээс, Японы Токио хотын The New Otani, Филипины Манила хотын Sheraton зочид буудлын зурагтай ил захидал бичдэг открыт анхаарал татав. Хожим бодоод байх нь томилолтоор явахдаа байрлаж байсан газрынх нь танилцуулгын открыт байсан юм болов уу. Ямар ч байсан Sheraton гэх нэр багаас нүдэнд дасал болжээ. Тэрхүү открыт дээрх зургийг хожим интернетээс хайж үзсэн ч, Филиппин улсын Манила хотын Sheraton зочид буудал яг төрхөөрөө олдсонгүй. Миний бага байхад харснаар, надад байгаа ил захидал дээрх зургаар бол Century Park Sheraton Manila-ийн гадна талд олон орны туг намирч байх. Австрали, Герман, Япон, Солонгос, Америк гэхчлэн олон орны туг намирч байгаагаас олон орны зочид төлөөлөгчид хүлээн авч үйлчилдэг нь илт. Яг тэр төрхөөр нь хожим интернетээс зургийг нь хайгаад олсонгүй. Арай өөр ч дөхүү юм уу даа гэх зураг олов. Арга ч үгүй биз. 30 орчим жилийн өмнөхөөс одоогийн өнгө төрх нь өөр болоо байлгүй яах вэ гэж бодогдлоо. Гэтэл хожим ОХУ-ын Москва хотод Higher school of economics-д суралцаж байгаад 2018 оны сүүлчээр наашаа ирж явахдаа нисэх онгоцны буудал хүрэх зуур андуураагүй бол Sheraton зочид буудлын салбар байж харагдлаа. Манила хот дахь Sheraton зочид буудлын салбар нь Москвад байдаг юм байна даа гэсэн бодол төрлөө. Москва хөгжлөөс нэг их дутаагүй байна шүү гэж бодоод өнгөрөв. Гэтэл уг зочид буудлын салбар нь бололтой. Sheraton нэртэй зочид буудал монголд баригдаад, захиалгаа авч байгаатай facebook-т таарлаа. Манила болон Москвагийн Sheraton-той харьцуулж харахаар зургийг нь татаж авав. Харьцуулаад хартал, Москва хөгжлөөс нэг их дутаагүй байна шүү гэж бодож явснаа бодоод инээд хүрч, Монгол улс хөгжлөөрөө Москвагаас дутахгүй байна шүү гэх бодол төрж эхлэв. Олон улсын таван одтой зочид буудлын салбар монголд баригдаж байгаа нь жуулчдад нэн таатай санагдах биз. Дотроо мэдээж худалдаа үйлчилгээний төвтэй байж таарах байх. Үүгээр нь дуртаяа үйлчлүүлэх дотоодын худалдан авагчдын тоо ч их байна байх. Манай улс жуулчид сая саяар нь хүлээн авахад зочид буудлын хүрэлцээ муу хэмээн ярьдаг билээ. Одоо байгаа дээрээ нэмж зочид буудал барих шаардлагатай хэмээн их ярьдаг. Хэрэв зочид буудлын тоогоо нэмэх бол ядаж The New Otani, Sheraton мэтийн нэр хүндтэй зочид буудлуудаас суралцах ёстой мэт. Монголчууд өндөр өндөр барилга барьдаг болсон цаг үед амьдарч байна. Тиймээс зөв төлөвлөж чадвал, олон одтой зочид буудлын салбарууд нээгдэж, жуулчдын хөлд дарагдахыг үгүйсгэх аргагүй юм. 

Филиппин улс, Манила хот, Sheraton зочид буудал
Москвад онгоцны буудал хүрэх замд Sheraton…
Монголд баригдаж буй Sheraton…

-Монголчуудын тухлах дуртай The New Otani-

Японы The New Otani зочид буудлыг Филиппины Sheraton зочид буудлын нэгэн адил багаасаа мэдэх билээ. Дээр дурдсанчлан 30 гаруй жилийн өмнө аав явахдаа авч ирсэн энэ зочид буудлын ил захидлын открыт надад байдаг учраас тэр юм. Ил захидлын открыт дээрх зураг нь маш гоё. Яг тэр төрхөөр нь уг зочид буудлын зураг олдох нь уу гэж хайтал олдсонгүй. Гэхдээ The New Otani гэх бичиг нь 30 жилийн өмнөхтэйгөө ижил яг хэвээрээ байх юм. Уг бичгийг хараад Японы The New Otani зочид буудал байна гэж шууд танилаа. 1962 онд Японы засгийн газар Токиогийн Олимпийн наадамд оролцохоор 30000 орчим гадаадын жуулчдыг хүлээн авах томоохон бүтээн байгуулалтыг хоёрхон жилийн дотор дуусгах сорилттой тулгарав. Эндээс The New Otani зочид буудлын түүх эхэлж үүсгэн байгуулагч Yonetaro Otani эзэн хааны ордны ойролцоох Киоичо дахь өөрийн эзэмшил газартаа дорно дахины хамгийн шилдэг зочид буудлыг барьж, улмаар японы аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний стратегид хувь нэмрээ оруулахаар тохиролцжээ. Түүний дизайны үзэл баримтлал нь үзэсгэлэнт газар нутаг, чулуун ханыг хадгалж үлдэхийн зэрэгцээ 1000 гаруй зочдыг хүлээн авах дэлхийн жишигт нийцсэн буудал, хурлын танхим, лобби зэргийг тухайн үеийн орчин үеийн барилгын техникээр хангах явдал байв. Зочид буудал 1964 оны есдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд хүлээн авалтын өрөөний хивсэнцэр, ханан дахь хээ, үүдний танхимийн тогорууны зураг зэрэг уламжлалт чимэглэл нь Otani гуайн мөнхийн уур амьсгалыг бий болгох хүсэл эрмэлзлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаджээ. Японы нэрийн хуудас болсон Фүжи уулыг зочин бүр үзэх ёстой гэж Otani үзсэн байна. Түүний мөрөөдөл 17 давхарт байрлах Blue sky lounge-ийн дизайнд биеллээ олжээ. Одоо view & dining the sky буфет ресторанаар үйл ажиллагаа явуулж буй тус лоунжны цонхоор хоол идэж байх зуураа японыг тольдож болох юм. The New Otani зочид буудал нь амарч тухлах тохиромжтой байршлаас гадна, бизнесийн үйл ажиллагааны чанараараа олонд танигдаж, токиогийн дээд хэмжээний уулзалтын өмнөх гурван уулзалтын үндсэн байраар сонгогдсоноор нэр хүндтэйд тооцогддог. Тиймээс япон болон гадаадын төрийн тэргүүнүүд олон улсын шилдэг зочид буудалд тооцогддог The New Otani зочид буудалд буудлах нь элбэг. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлаад ирсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар The New Otani зочид буудлын өмнө зогсоод ярилцлага өгч байгаа харагдлаа. Соёлын сайд Ч.Номин морин хуур чуулгын тоглолт руугаа яараа юм байлгүй The New Otani зочид буудлын өмнүүр гүйх шахам одлоо. Дэлхийд нэр хүндтэй уг зочид буудалд зөвхөн одоо ч биш, 30 гаруй жилийн өмнөөс монгол улсын нөлөө бүхий хүмүүс үйлчлүүлж байсныг дээр дурдсан. The New Otani зочид буудлын өмнө Монгол Улсын Төрийн далбаа намирч байгаагаас монголчуудын олон жилийн өмнөөс саатдаг байсан газар, тухлах дуртай газрын нэг гэдэг нь илт. Чухам яагаад нэр бүхий дээрх эрхэмүүдийг онцолсон бэ гэхээр тэд бол шийдвэр гаргах түвшний хүмүүс. Тэдний зарим нь өмнөх засгийн газарт ажиллаж байсан бол, зарим нь одоогийн засгийн газарт ажиллаж байна. Аялал жуулчлал бол монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг том салбар. Өөрөөр хэлбэл, монгол улсын эдийн засгийн 1/10-ийг бүрдүүлж байна гэсэн үг юм. Энэ салбарт ирээдүйд 1 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавиад хэдэн жилийг ардаа орхилоо. Энэ хэмжээний жуулчид ирэхэд манай улсад зочид буудлын хүрэлцээ үнэхээр хомс. Тиймээс шийдвэр гаргах түвшний дээрх хүмүүс гадаадын нэр хүндтэй зочид буудалд байрлахдаа туршлага судлаа болов уу гэж нэрийг нь дурдсан хэрэг. 

The New Otani
The New Otani Tokyo
The New Otani Tokyo

-Жуулчин ба гадаад сурталчилгаа-

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байдаг вэ. Салбарын яам нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзах бүрт тэд нэг л хариулт өгдөг. Аялал жуулчлалын бизнес эрхлэдэг Сайнзаяа: Монголыг дэлхий дахинаа таниулах гадаад сурталчилгаа муу хийгддэг. Үүнд анхаарлаа хандуулахгүй бол манай улсыг зорих жуулчдын тоо хэвэндээ байсаар байх болно. Ер нь гадаад сурталчилгааг сайжруулахад төрийн оролцоо чухал болохыг одоогоос арав гаруй жилийн өмнө хэлж байлаа. Эдийн засагт чухал үүрэгтэй, байгаль орчинд хор нөлөөгүй, аялал жуулчлалын салбарт гадаад сурталчилгаа их шаардлагатай байдаг гэсэн үг юм. Дэлхий дахинд улсаа сурталчилж байж манай орныг зорин ирэх жуулчдын тоо өсдөг байх нь. Тэгвэл Аялал жуулчлалын холбооны тэргүүн Пүрэвжав: Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Аялал жуучлалын холбоотойгоо хамтраад гадаад сурталчилгаа хангалттай хийдэг. Ингэхдээ, жил бүр зохиогддог аялал жуулчлалын олон улсын ITM үзэсгэлэнд оролцдог. Үүгээр дэлхийн аялал жуулчлалын байгууллагуудтай жуулчин солилцох, монгол орноо сурталчлах ажлууд хийгддэг. Уламжлал ёсоор Берлин хотноо энэ оны гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд зохиогдох аялал жуулчлалын ITM үзэсгэлэнд оролцож, монгол орноо сурталчилна гэсэн тайлбар 15 жилийн өмнө өгч байхтай таарч явлаа. Тэгвэл 21 дэх удаагийн үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран 2020 онд зохион байгуулав. Олон улсын аялал жуулчлалын ITM-2020 үзэсгэлэнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, үүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцсон юм. Тэд үйлчилгээгээ танилцуулахаас гадна, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, ногоон зээл, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрын стандартын талаар мэдээлэл солилцож, Аяллын хөтөч-Ажлын байрны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага сэдвээр сургалт зохиожээ. Хэдийгээр тэд өнгөрсөн хоёр жил жуулчин аваагүй ч, ирэх жилүүдэд ахиухан айлчин, гийчин татах зорилгоор бэлтгэл ажлаа хангасан нь энэ юм. 2020.10.31-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус үзэсгэлэнг үзэх үеэрээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих зэргийг салбарын сайдад үүрэг болгож байсныг эргэн сануулах нь зүйтэй болов уу. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2012.12.07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Уг календарийг олон улсад зарлаж сурталчлах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номинд, календарьт тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороонд тухай бүр танилцуулж байхыг үүрэг болголоо.
Тус календарьт соёлын 20, аялал жуулчлалын 17, спортын 14, олон улсын шинж чанартай 20 гаруй арга хэмжээг тусгасан бөгөөд онцлох 20 арга хэмжээг Засгийн газрын түвшинд санхүүжилт болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, цар хүрээг өргөжүүлж, ач холбогдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.        

-Жуулчид ба байгалийн ховор үзэгдэл-

Зам тээвэр аялал жуулчлалын яам 2008 онд хилийн чанадаас 500 мянган жуулчин эх орондоо хүлээн авна гэж төлөвлөв. Жил бүрийн долоодугаар сарын дундуур манай улсад Үндэсний их баяр наадам болдог. Энэ үеэр эрийн гурван наадам үзэхээр ирэх жуулчдын тоо нэмэгддэг. 2008 оны Үндэсний их баяр наадмаар манай улсад 150 мянга гаруй жуулчин иржээ. Харин 2008.08.01-ний өдрийн байдлаар энэ тоо 350 мянга болтлоо өссөн юм. Байгалийн ховор үзэгдэл болох үеэр жуулчид манай улсад саатдаг байх юм. Тухайлбал, 2008.08.01-нд манай улсын баруун хязгаараар бүтэн нар хиртэлт болсон юм. Нарны бүтэн хиртэлт Баян-Өлгий, Ховд аймгийн дөрвөн суманд нийт 250 километр газрыг хамарч үзэгдсэн. Байгалийн ховор үзэгдэл нар хиртэлтийн яг төв цэг нь Ховд аймгийн Булган сум байжээ. Байгалийн энэ ховор үзэгдэл орон нутгийн цагаар 18:05 минутанд болж, нийт 2 минут 10 секунд үргэлжилсэн билээ. Нар хиртэлтийг угтаж жуулчдад зориулж цөөнгүй арга хэмжээ зохиохоор төлөвлөж байсныг албаныхан хэлдэг. Тэр үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга Баттулга: 2008.08.01-нд манай улсын баруун аймгуудад, тэр дундаа Баян-Өлгий, Ховд аймгуудад тохиох нарны бүтэн хиртэлтийг аялал жуулчлалтай холбон бүтэн жилийн өмнөөс төлөвлөгөө гарган, тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болсон. Олон ястны өлгий нутаг болох Ховд аймаг, тэр дундаа тус аймгийн Булган суманд 2008.07.26-ны өдрөөс 2008.08.01-ний өдрийг хүртэл аяллын багц хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал, 2008.07.26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд баруун бүсийн даншиг наадам, 2008.08.01-ний өдөр нарны мөргөл, Адуучин тэмцээн, Бэсрэг наадам, язгуур урлагийн үзүүлбэрүүд, мөн Монгол-төрх гэрэл зургийн уралдаан, усан аяллын арга хэмжээг зохион байгуулах юм. Энэ арга хэмжээний тухай тайлбар, танилцуулга, мэдээллүүдийг гаргаж, олон улсын үзэсгэлэн яармаг, аялал жуулчлалын компаниудад хэдийнэ хүргүүлсэн. Нар хиртэлт болох хугацаа дөхчихсөн байна. Ирэх жуулчид монголын аялал жуулчлалын компаниудаар дамжуулаад захиалгаа өгчихсөн байж байна. Ирэх жуулчдын тухайд аяллаа өөрсдөө төлөвлөж болно. Зохион байгуулалттай ирдэг жуулчид бий. Аяллаа өөрсдөө төлөвлөөд ирдэг жуулчдыг бид үүргэвчтэй аялагч гэж нэрлэдэг. Зохион байгуулалттай ирдэг жуулчид бол, аялал жуулчлалын компаниудаар дамжиж ирдэг. Ямартай ч манай улсыг зориод ирж байгаа жуулчдын тухайд монгол руу нэвтрэх виз ямар ч асуудалгүй. Аялал жуулчлалын салбар манай улсын төр засгийн анхаарлын төвд байдаг учраас ирэх жуулчдын виз болон бусад асуудал харьцангуй хялбар байдаг. Гадаадын жуулчид манай улсын элчин сайдын яам, консулын газруудаас виз авах ёстой. Хэрэв манай улсын элчин сайдын яам, консул, өргөмжит төлөөлөгчийн газар байхгүй орноос ирж байгаа жуулчид олон улсын хилийн боомтууд дээрээс жуулчны виз аваад манай улсад ирэх боломжтой юм. Ирэх жуулчдад яамны зүгээс тээврийн асуудлыг хариуцан зохицуулж өгнө. Тухайлбал, нар хиртэлтийн үеэр авиа компаниудтай хамтарч нэмэлт нислэгүүд явуулна. Тодруулбал, Изинис эйрвейз, Аэро монголиа зэрэг нислэгийн компаниуд Улаанбаатар-Ховдын чиглэлийн нислэгийн тоогоо нэмэгдүүлэх юм. Нар хиртэлт тод үзэгдэх сумдуудад жуулчны бааз байдаггүй. Тэр дундаа Ховд аймгийн урд талын сумдаар жуулчдыг байрлуулах газар хомс. Тиймээс нар хиртэлтийн үеэр эдгээр сумдуудад гадаад, дотоодын жуулчдыг байрлуулах үүднээс гэр барьж бэлтгээд байна. Үенч суманд 40, Булган, Алтай суманд 70 гэр барьж бэлтгээд байна. Мөн хувийн хэвшлийн компаниудад отог байгуулж, жуулчид хүлээн авах бололцоог бий болгож өгсөн. Тиймээс ирэх жуулчдаа хүндрэлгүй хүлээгээд авна хэмээн хуучилж байсныг эргэн сануулах нэн таатай. Эндээс байгалийн ховор үзэгдлийн үеэр манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тэр хэрээр энэ салбарынхан аянчин гийчний хөлд дарагддаг илт. Гэвч жуулчны бааз, байрлах зочид буудлын хүрэлцээ хомс байсан нь энэ салбарт тулгамддаг наад захын жишээг бодитоор харуулж байгаа юм. 

-Жуулчин ба үзэсгэлэн-

Зам тээвэр аялал жуулчлалын яам дээрх арга хэмжээнээс гадна жуулчид татах олон арга хэмжээг тэр үед төлөвлөсөн байв. Энэ тухай тэр үеийн Зам тээвэр аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дэд дарга Энхнасан: Жуулчдыг тоог нэмэгдүүлэх зорилгоор манай яамнаас цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Ойрын хугацаанд монгол улсыг гадаадад сурталчлах, гадаад харилцаагаа эрчимжүүлэх ажил дээр манай яам анхаарч ажиллаж байна. Одоо жуулчны сезон дуусахаар 10, 11 сараас эхлээд гадаадад томоохон төрөл бүрийн аялал, жуулчлалын үзэсгэлэнгүүд зохиогдоно. Тухайлбал, 2008 оны есдүгээр сард Японд Жата гэсэн аялал жуулчлалын үзэсгэлэн зохиогдоно. Үүнд монголын аялал жуулчлалын компаниуд зохион байгуулалттайгаар оролцох юм. Үүний дараагаар Лондонд World tourism гээд үзэсгэлэн болдог. Үүнд мөн оролцоно. 2008 оноос Герман, Испани, Итали, Швед зэрэг орнуудад аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоно. Зөвхөн үзэсгэлэн яармагт оролцохоос гадна, монголыг сурталчилсан монголын өдөрлөг, арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал, 2008 оны 11-р сард АНУ-д монголыг сурталчилсан өдөрлөг зохион байгуулах юм. Энэ арга хэмжээг ганц Зам тээвэр аялал жуулчлалын яам бус, Гадаад хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, АНУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулах юм. Ер нь бол ихэнх жуулчид манай улсад үндэсний баяр наадмаар ирдэг. Тиймээс манай яам аль болох жуулчдын тоог ихэсгэхийн тулд зөвхөн 7, 8 саруудад жуулчид хүлээн авах бус, жилийн дөрвөн улиралд жуулчдыг хүлээн авах зорилгоор тэдний сонирхолыг татахуйц олон арга хэмжээ зохион байгуулна. Ерөөсөө цас хараагүй, өвөл гэж мэддэггүй, өвлийг сонирхсон жуулчдын тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тиймээс өвөл жуулчдад зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жил өвөл зохион байгуулдаг байсан арга хэмжээнүүдээ тус тусад нь биш, бүгдийг нь нийлүүлж, багц багцаар нь 14 хоногийн цогц арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээг Хөвсгөл, Тэрэлжид зохион багуулахаар төлөвлөж байна хэмээн хуучилж байв. Зам тээвэр аялал жуулчлалын яамнаас жуулчдыг татахуйц арга хэмжээ зохион байгуулахаас гадна, аялал жуулчлалын салбарын боловсон хүчний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинарыг байнга зохион байгуулж иржээ. Ингэснээр жуулчдад үзүүлэх үйлчилгээ улам сайжирч, тэдний сэтгэлд нийцсэн байх юм.

-Жуулчид ба ардын урлаг-

Монголчууд жуулчдад зориулж ямар арга хэмжээ ихэвчлэн зохиодог вэ. Мэдээж ёс заншил, ардын урлагаа харуулсан тоглолт дийлэнх тохиолдолд зохиодог. Дэлхийд гайхагдсан монгол ур ухаан үзэсгэлэн 2008.08.20-ны өдрөөс 24-ний өдрүүдэд зохиогдож байсныг энд дурдаж болох юм. Уг үзэсгэлэнг тэр үеийн Зам тээвэр аялал жуулчлалын яамны Аялал жуулчлал мэдээллийн Гийчин төв, Орчин үеийн урлагийн Мюзик холл продакшнтай хамтран зохион байгуулж байсан юм. Орчин үеийн урлагийн Мюзик холл продакшны захирал Сарангуа: Манайх өөрсдийнхөө уран бүтээлийг гадаадын жуулчдад сурталчлах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Өөрсдийн уран бүтээл гэдэг нь Монгол Улсын язгуур урлагийг сурталчлах явдал юм. Манай улсад аялал жуулчлалын янз бүрийн үзэсгэлэн их зохиогддог. Дэлхийд гайхагдсан монгол ур ухаан үзэсгэлэн нь урлаг соёлын тоглолт зохиогдохоороо онцлог юм. Үндэсний урлагийн тоглолтын хажуугаар монгол үндэсний тоглоом наадгайгаар жуулчид тоглох боломжтой. Үүгээр монгол үндэсний үйлдвэрлэл, гар урлал, соёл урлаг, тоглоом наадгай, бүхий л монгол үндэсний соёл урлагтай нэг дор танилцаж болох юм. Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрсдийн танилцуулгаа гаргах юм. Энэ нь тэднийг гадаадын жуулчидтай холбож өгөх нэг арга хэмжээ болдог. Бид жуулчдад зориулж шинэ уран бүтээлүүд олныг бэлдсэн. Тухайлбал, Цамын бүжиг, Бөөгийн бүжиг, Монгол хатад зэрэг үндэсний язгуур урлдагийн тоглолтууд бэлдсэн. Үүний сацуу Охидын уянга үндэсний дууг орчин үеийн хэлбэрт оруулж дуулсан, хөөмий зэрэг гадаадын жуулчдын сонирхолыг татахуйц ардын сайхан дуу, хөгжим, бүжгүүдийг бэлдсэн байгаа. Мөн үндэснийхээ хувцасаа модерн стилтэй хослуулан загварын үзүүлбэрүүд үзүүлнэ. Энэ бол үзэсгэлэн дундуур зохиогдох манай арга хэмжээний нэг хэсэг нь юм гэсэн тайлбарыг тухайн үед өгч байлаа. Дэлхийд гайхагдсан монгол ур ухаан үзэсгэлэнгийн үеэр манай улсын үндэсний үйлдвэрлэгчид үслэг эдлэл, монгол хувцас, гар урлалийн тэргүүлэх компаниуд монгол хүний ур ухаан шингээж ноос, ноолуур, арьс шир, алт мөнгөөр урласан бүтээгдэхүүн дэлгэж, гадаадын жуулчин, гийчин, зочдод танилцуулж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Жуулчдын анхаарал, сонирхлыг татдаг учраас тэр аж. 

Монголын сонгодог таван бүтээлийн нэг. Өвгөн хуурч
Ж.Вердийн Айда дуурь

-Туурайн төвөргөөн ба соёлын аялал жуулчлал-

Монголын шинэ хөгжмийн ассоциаци 1999 оноос эхлэн манай орны хамгийн үзэсгэлэнтэй газруудад, ардын язгуур урлаг, үндэсний хөгжмийн бүтээлүүд болон орчин үеийн хөгжмийн урлагийн чиг хандлагыг зэрэгцүүлэн харуулсан хөгжмийн наадмыг зохион байгуулдаг уламжлалыг бий болгосон. Тухайлбал, 2008.06.16-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Туурайн төвөргөөн наадмыг нийслэл болон хөдөө орон нутагт аялан тоглолт хэлбэрээр зохиосон юм. Олон орны хөгжимчид, уран бүтээлчид эдгээр газраар аялан байгалийн задгай талбайд тоглолтоо хийсэн гэсэн үг юм. Ингэхдээ, Амарбаясгалант хийд, Эрдэнэзуу хийд, Элсэн тасархай, Хөгнө-Хааны нуруу, Ширээ цагаан нуур, Өндөр гэгээн Занабазарын амьдарч байсан барилгын туурь зэрэг манай улсын соёлын дурсгалт газруудад тоглолтоо хийсэн байдаг. Эдгээр түүхэн дурсгалт газрыг үзэхээр гаднаас олон жуулчин ирдэг учраас тэр юм. Туурайн төвөргөөн наадамд олон орны хөгжимчдийг урьж авчирдаг нь нэг талаас дэлхийн хөгжмийн урлагийг монголчуудад таниулах. Нөгөө талаас гадаадын үзэгчид, уран бүтээлчдэд монголынхоо язгуур урлагийг таниулахад оршдог билээ. 2008 онд зохиогдсон наадмын талаар Монголын шинэ хөгжмийн ассоциацын тэргүүн Бадамхорол: Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн наадамд Швейцари, Герман, Англи, Америк, Норвеги зэрэг дэлхийн 10 гаруй орны 20 гаруй уран бүтээлчид ирж оролцоно. Тухайлбал, АНУ-аас Континум хамтлаг төгөлдөр хуур, хийл, челла зэрэг хөгжмийн төрлүүдтэй ирнэ. Швейцараас Жааз хөгжмийн алдартай профессор ирнэ. Энэ профессор нь манай улсын Баянмонгол чуулгатай хамтран ажилладаг юм. Үүний зэрэгцээ Швейцараас алдарт үлээвэр хөгжимчин Класбургер ирнэ. Мөн манай фестивалийн ерөнхийлөгч Бенн Булфийн цохилуур хөгжим, бөмбөрийн хамтлаг ирж оролцох юм гэсэн тайлбарыг өгч байв. Туурайн төвөргөөн наадамд манай улсаас монголын урлагийн томоохон байгууллагууд оролцжээ. Тухайлбал, Монгол улсын эрдмийн дуу бүжгийн чуулга, Баянмонгол жааз чуулга, Монголын хөөмэйн холбоо, Монголын уртын дууны холбоо, Хаан хуур морин хуурын чуулга, Монгол улсын морин хуурын чуулга зэрэг уг наадамд 2008 онд оролцож байлаа. Өнөөдөр туурайн төвөргөөн хөгжмийн их наадам Монголд төдийгүй, Ази, Төв азийн бүс нутагт хамгийн нэр хүндтэй хөгжмийн их наадамд тооцогдож байна. Энэ наадам нь дэлхийн орчин үеийн хөгжмийн шилдэг чиг хандлага, монгол язгуур урлагийн гайхамшгийг харуулдаг болохоор тэр. Гэхдээ дан ганц хөгжмийн наадам гэвэл өрөөсгөл. Нэг талаас энэ наадмыг соёлын аялал жуулчлал гэж хэлж болох юм. Ингэж хэлж байгаа нь наадмын үеэр олон янзын арга хэмжээ зохиогддог. Тухайлбал, гадаад дотоодын уран бүтээлчид болон жуулчид монголын үзэсгэлэнт газруудаар аялж, монгол ардын бүжиг болох биелгээ, ардын богино дуу, монголын язгуур урлагийг харуулсан тоглолт, монгол үндэсний хувцасны үзүүлбэрүүд үзэж сонирхдог юм. Мөн наадмын үеэр олон үндэстний хоолны өдөрлөг болдог. Үүний зэрэгцээ Туурайн төвөргөөний үеэр монгол үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур харвааг багтаасан эрийн гурван наадам болдог. Туурайн төвөргөөн наадам нь монголчуудын соёл, зан заншил, урлагийг таниулаад зогсохгүй, дэлхийн хөгжмийн урлагийг цогцоор нь харуулсан наадам юм. Тиймээс дэлхийн аялал жуулчлалын Гео сэтгүүлээс 2007 оны дэлхийн шилдэг соёлын аялал жуулчлалыг нэрлэсний дотор туурайн төвөргөөн наадам багтсан байна.

Тайз: Мөнгөн мод, морин хуур чуулга
Францад болсон соёлын өдөрлөг
Францад болсон соёлын өдөрлөг

-Туурайн төвөргөөн ба эгшиглэнт хөөмийн урлаг-

Монголчууд эрт дээр үеэс усны урсгал, уулын дүнгэнээ, бугын урамдлыг дуурайн дуугардаг байжээ. Энэ нь явсаар бүхэл бүтэн хөөмийн урлаг болтлоо хөгжихөд нөлөөлсөн байна. Хөөмийг давхац хөгөөр илэрхийлэгдсэн яруу өгүүлэхийн эгшиглэнт урлаг гэж нэрлэдэг. Учир нь амаараа олон янзын авиа гаргаж уянгалуулан дуугаргадаг болохоор тэр. Эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсон утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмийг монголчууд эдүгээ хүртэл өвлөн хадгалсаар ирсэн. Дэлхийн аялал жуулчлалын ГЕО сэтгүүлээс 2007 оны шилдэг соёлын аялал жуулчлалын хөтөлбөрөөр нэрлэгдсэн Монголд төдийгүй, Ази тивдээ нэр хүндтэй Туурайн төвөргөөн наадамд хөөмийн тоглолтыг багтааж энэ урлагийг дэлхий дахинд сурталчлах ажил хийгдэж ирсэн болохыг дээр дурдсан. 2009 онд зохиогдсон хөөмийн олон улсын наадамд монгол туургатнууд оролцож, монгол хөөмийг ЮНЕСКОД бүртгүүлэх ажлыг ахиулсан юм. Монгол хөөмийн талаар хөөмийч н.Загдочир: Хөөмийн урлагийг монгол туургатны урлаг гэж ярьдаг. Гэхдээ хөөмий гол хөгжсөн газар нь манай улс юм. Тэр дундаа Ховд аймгийн Чандмань сум. Энэ суманд 8 настайгаас 80 настай өтгөс хүртэл хөөмийлж чаддаг. Монгол туургатнуудаас Тува, Халимаг, Якут, Өвөр монгол, Казакстаны иргэдэд хөөмийн урлагийн авьяас дуугаралт байдаг юм. Халимагт гэхэд Цагаан зам гэж алдартай хөөмий ч бий. Тува, Өвөрмонгол, Казакстанд хүртэл хөөмийлдөг хүмүүс байдаг. Тэд өндөр түвшинд биш ч, тодорхой хэмжээгээр хөөмийлдөг гэсэн юм. Дэлхий дээр Тува, Монгол хоёр улсын иргэд сайн хөөмийлж чаддаг байна. Гэхдээ Тува болон Монгол хөөмийд ялгаа байдаг ажээ. Тува хөөмий Монгол хөөмийг бодвол хүч султай. Суурь дамжиж дуугардаг хөөмийн урлаг юм. Харин Монгол хөөмийн ялгарах зүйл нь гадаад, дотоодын бүх урлагийн ая, дууг хөөмийлж болдог илүү өргөн урлаг юм. Бас нэг онцлог нь Тува хөөмийчид Монгол хөөмийг хөөмийлж чаддаггүй. Монгол хөөмийчид Тува хөөмийг хөөмийлж чаддаг онцлогтой. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам 2006 оноос хойш хөөмийн урлагийг хөгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Энэ цагаас хойш тус яам Монголын хөөмийн холбоо, Өв соёлыг өвлөх сан, ЮНЕСКО-гийн суурин төлөөлөгч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ардын сонгодог энэ урлагийг дэлгэрүүлэн хөгжүүлэх ажлыг хийж буй. Энэ хүрээнд МУИС, СУИС зэрэг их дээд сургуулиудад хөөмийн тусгай анги хичээллүүлж, мэргэжлийн хөөмийчдийг бэлтгэж эхэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ЮНЕСКО-гийн батламжийг гардуулав
Францад болсон соёлын өдрийн үеэр

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.