Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлав…

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилна-

2022.11.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022.11.29-ний өдрөөс 2022.12.02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзана. Айлчлал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болох гэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна-

2022.08.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана. Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Япон, Монголын Эдийн засгийн хорооны гишүүдийг хүлээн авч уулзав-

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон, Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Цүбай Хироюки тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус хороо харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч  тэмдэглэв. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж буйг дурдаж, эдийн засгаа төрөлжүүлэн, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болгох,  экспортын чадавхыг дээшлүүлэхийн чухлыг тэмдэглэв. Цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Япон Улсын томоохон 11 аж ахуйн нэгж нэгдсэн Япон, Монголын Эдийн засгийн хороо нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа-

2022.11.29. Япон Улс. Токио хот. Япон Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида албан ёсоор угтав. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, Япон Улсын Төрийн дуулал эгшиглэж, Япон Улсын хүндэт харуул хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Япон Улсын Ерөнхий сайд нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулснаар угтах ёслол өндөрлөж, албан ёсны хэлэлцээ эхлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв-

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Ерөнхий сайдын өргөөнд нь албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, хэтийн төлөвийн талаар болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхий сайд Ф.Кишида Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын харилцааны ололт, амжилтыг бататгаж, итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ нотлов. Албан ёсны хэлэлцээний үр дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтов. Мөн цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болов.

 Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн Монгол, Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Хүн төвтэй хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын баттерейн цэнэг хураагуур суурилуулах, Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурж байгааг талууд сайшаан тэмдэглэв.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо монголын тал нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг талууд сайшааж, Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.

Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжин, хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов. Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа нотолж, японы тал манай Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг сайшааж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Төр, засгийн тэргүүн нар дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон монголын 20 мянган хүүхэд, залуучуудад байгаль орчин, цөлжилт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн бодит ажил хэрэг болгоход тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

-Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв-

2022.11.29. Япон Улс. Токио хот. Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Мөн Монгол Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

-Монгол Улс, Япон Улс хамтарсан мэдэгдэл гаргалаа-

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Хамтарсан мэдэгдэлд: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022.11.29-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон Улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далайн үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв гэж тусгажээ. 

-Өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилт-

2022.11.29. Япон Улс. Токио хот. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар (цаашид Талууд гэх) дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үед Япон Улс дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш болсныг дахин нотолж, үүнийг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын дараах хамтын ажиллагааг өнөөг хүртэлх хугацаанд, тэр дундаа 1996 онд Иж бүрэн түншлэл, 2010 онд Стратегийн түншлэлийг байгуулснаас хойш доор дурдсан хамтын ажиллагааны хүрээнд ололт амжилт, туршлага хуримтлуулахын сацуу хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, талархан хүлээн авав. Үүнд:

  • Улс төр, аюулгүй байдлын салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Засгийн газар хоорондын харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн.
  • Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Түүнчлэн, Монгол Улс нь Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн.
  • Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
  • Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон Улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн.

-Монгол, Японы харилцааны хэтийн төлөв-

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойр дотно гуравдагч хөрш болох Япон Улсын зүгээс тус улсын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд Энх тайванч улсын хувиар Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд далайд гарцгүй газар зүйн онцлог бүхий Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг өндрөөр үнэлэв. Талууд өнөөг хүртэлх хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг ирэх 50 жилд үргэлжлүүлж, нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд эрх чөлөө, ардчиллын мөн чанарыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов.

Үүний зэрэгцээ талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв.

-Талууд дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов-

  • Улс төр, аюулгүй байдлын салбар

Улс төр, аюулгүй байдлын салбар дахь талуудын хамтын ажиллагааг дээд, өндөр түвшинд хадгалах бөгөөд энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх зорилгоор батлан хамгаалахын инженерийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

  • Эдийн засгийн хамтын ажиллагаа

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ. Хоёр улсын Засгийн газар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зэргээр дамжуулан уян хатан, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улам бэхжүүлэхийг зорьж ажиллана. Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Япон зэрэг бусад гадаад улс орноос хөрөнгө оруулалт татахад ач холбогдолтой болохыг харгалзан цаашид тус нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана.

  • Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт

Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ.

  • Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа

НҮБ-ын дүрэм болон хуулийн засаглалд суурилсан олон талт хамтын ажиллагааг мөрдлөг болгон ажиллана. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг чухал ач холбогдолтойг онцлов. Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр тогтов. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа болон дэлхий дахин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Цөмийн дайн нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, хүрээлэн буй орчинд мөхөл, сүйрлийн үр дагавартай гэдэгт санал нэгдэж, олон улсын түвшинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хураах эрх зүйн тогтолцооны суурь болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана. Япон Улс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг дэмжинэ. Монгол Улс Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаана. Үүнээс гадна талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл улам нэмэгдэж, олон улсын аюулгүй байдлын орчин эрс доройтож байгаад гүнээ санаа зовниж, цөмийн дайнд ялагч хэзээ ч байхгүй тул цөмийн дайн хийхгүй гэдгээ нотлохыг бүхий л улс орнуудад уриалав.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг уриална. Мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриална. Талууд НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Талууд дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, тууштай дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар эдгээр төслийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана. Талууд дээрх чиглэлд үндэслэн Монгол Улс, Япон Улсын хооронд ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Талууд ирэх 50 жилд хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монгол, Японы ард иргэд бие биенээ улам сайн танин мэдэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжил цэцэглэл болон бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, гарын үсэг зурав.

-Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав-

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,
  • Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,
  • Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,
  • Heart saving project төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,
  • Мабүчи Мотор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,
  • Шима Сейки хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,
НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:
  • Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи,
  • Монгол судлаач, эрдэмтэн Миявакэ Жюнко,
  • Глобал олон улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори нарыг шагналаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-г хүлээн авч уулзав-

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Японы найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улсын Парламент, Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлэг чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад Япон Улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалын дүнгээр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулан Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ түвшинд бэхжүүлэн хөгжүүлэхээр болсонд баяртай байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Япон Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсныг дурдаж, Япон, Монголын найрсаг харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Японы Парламентын зүгээс цаашид ч дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

-Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г хүлээн авч уулзав-

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г 2022.11.30-ны өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулж, Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн шинэ түүхийг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол, Японы найрсаг харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, Японы Зөвлөхүүдийн танхимын зүгээс харилцааны хөгжилд үргэлжлүүлэн анхаарч, тууштай дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Монголын төр, засаг, парламентын зүгээс Япон лугаа хөгжье хэмээх санаачилгыг дэвшүүлэн идэвхтэй ажиллаж байгааг дурдаж, цаашид ч Парламентын солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн Япон Улсад төрийн айлчлал хийж байгаад баяртай байгааг илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд Япон Улс онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэмдэглэж, цаашид ч хоёр улсын ган бат харилцааг улам бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд Японы Парламентын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

-Японы эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарт бараалхав-

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн Японы Хэйсэй-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа Рэйва-гийн шинэ эринд улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ шатанд хүргэн хамтын ажиллагааны хэтийн төлөв, зорилтыг тодорхойлж, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой энэ жил тохиож, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам батжин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсэв. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2007 онд Угсаа залгамжлах Хунтайжийн хувиар Монгол Улсад айлчлах үеэр Монгол Хаадын эртний өлгий нутаг болох Хархоринд зочилсон болон Монгол Улсын филармонийн уран бүтээлчидтэй хамтран К.Сен Саны Хун аялгууг хийл хөгжмөөр тоглож байсан тухай дурсамжаасаа хуваалцан Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөв. Бараалхалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг хүндэтгэн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болгон Токио хотноо зохион байгуулж буй Монгол Улсын филармонийн дэргэдэх Морин хуур чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхов. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жилээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Японы NHK телевизийн их танхимд Морин хуур чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Японы олон нийтэд морин хуурын гайхамшигт эгшиг аялгууг сонордуулав.

– Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн хамт NHK Hall-д морин хуур чуулгын тоглолт үзэв- 

2022.11.30. Японы Улс. Токио хот. Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Япон Улсын NHК Hall концертын танхимд болж өндөрлөлөө. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022.11.30-ны өдрөөс 2022.12.20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын Филармонийн Морин хуурын чуулгын аялан тоглолтын анхны тайз болох NHK Hall нь Япон Улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг юм. Энэ нь NHK Hall-д Монгол Улсаас бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулж байгаа Монголын анхны найрал хөгжим болж байна. Морин хуурын чуулга нь 1997 оноос хойш Япон Улсад 33 удаагийн айлчлан тоглолтыг зохион байгуулж нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцсон байна. Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа хувь нэмрийг үнэлж 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд Монгол Улсын Соёлын элчээр томилсон. 2021 оны долдугаар сард болж өнгөрсөн хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр 2022 оныг Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлаж, улмаар 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд бүтэн жилийн турш улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.