Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Монгол хатадын нууц товчооны зохиолч Чингис хаан одон хүртэв…

2022.11.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрийг тохиолдуулан хоёр иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал, Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээв. АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртсэн юм.  

Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан, Монголын их хатдын нууц товчоо, Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан. Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфордыг шагналаа. Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулж, экосистемүүдийн хэмжээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэг бий болгон, Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох БНМАУ-ын Үндэсний атласыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарыг шагналаа.

-Чингис хаан тэргүүн зэргийн одонт Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нар талархал илэрхийлэв-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд, Академич Дэчингунгаагийн Доржготов нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Чингис хаан тэргүүн зэргийн одонт Жак Уэтерфорд: Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг. Та бүхэн энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид. Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө, Монгол төрийн хүндэт түшээд ээ. Дэлхийн түүхнээ аугаа баатрууд нь ямагт хууль ёс тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд Гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн бол Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн. Моисей жүүдүүдийн явдал суртлыг зохицуулах бурхны хуулийг үлдээв. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж, зөнч Мухамедаар агуу шаждын хууль журам бүтээгчдийн үе дууссан. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон юм. Шашин бүр тусдаа, бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэн, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэл үйлсийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсээр бид ес дэх зуунаа элээж байна. Ёс нь үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг. Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг бөгөөд та бүхэн бол энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид билээ. Энэхүү агуу үйл хэрэгтээ намайг оролцуулж байгааг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Сая Монгол руу ирж явахдаа, Хэнтийн тал нутаг дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг ингэж л харагдаж байсан байхдаа гэж бодож, огшиж байлаа. Монгол нутгийн уулс, мөнх хөх тэнгэр, толгод дээр цагаан цасан хадаг дэлгэн хүүгээ угтаж байж дээ гэж бодож суулаа. Баярлалаа. Чингис хааны ариун үндэстнийг мөнх хөх тэнгэрийн алтан гялбаа үүрд гийгүүлж байхыг ерөөн залбиръя. Энэ бол Чингис хааны  төрсөн нутаг. Монголын сайхан нутаг.

Чингис хаан тэргүүн зэргийн одонт Д.Доржготов: Энэ шагнал шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл юм. Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө. Төр, нийгмийн зүтгэлтэн, Чингис хаан одонт эрхмүүд ээ. Эрдэмтэн судлаач, номын эрхэм нөхөд өө. Газар зүй, хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна. Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад өгч байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна. Монголчууд бид ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ. Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль, цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ. Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, нэрийдэл, хөрс шороо, ургамал, амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвлийн баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй. Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн энэ хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үзэж байна. Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид, эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо  газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд нь өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Хамт олон, хамтран зүтгэгч та бүхнээрээ бахархаж байна. Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах Монгол Улсын үндэсний атласыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, Монгол орныхоо бараг нийт нутгийг хамарсан хөрс, хөрсөн бүрхэвчийн судалгааны 50 гаруй удаагийн хээрийн экспедиц зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, физик, химийн шинжилгээ, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, бүтээл туурвиж, Байгаль нуурын сав нуурын экологийн атлас, Монгол орны экосистемийн атлас, Сэлэнгэ-Байгал нуурын бүс нутгийн экологи-газарзүйн атлас зэрэг орчин зүйн судалгааны томоохон бүтээлүүдэд оролцлоо. Энэ судалгааны дүнд өнөөдөр бид нийт Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолох арга зүйг боловсруулан баталгаажуулж, байдал, төлөвийг нь экосистемийн хүрээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадсан юм. Энэ бүх ажлыг гүйцэтгэхэд надад итгэл хүлээлгэж, хамтран зүтгэж, тусалж дэмжиж ирсэн Шинжлэх ухааны академийн удирдлага, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн  мэргэжил нэгт эрдэмтэн багш, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье. Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна. Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвжих болтугай гэжээ. Үүний дараа Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, төр нийгмийн зүтгэлтнүүд, Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлсэн юм.

АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/

Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна. Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004)

  • Тус ном Нью-Йорк Таймс сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан.
  • Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.

Монгол хатдын нууц товчоо (2010)

  • Монгол хатдын нууц товчоо ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.
  • Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.

Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016)

  • Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан.
  • Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм.

Судалгааны ажил:

  • 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан.
  • Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
  • Жак Уэтерфорд сан нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ

Д.Доржготов нь 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан. 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн. 

Ажил, бүтээл:

  • Монгол орны экосистемийн зураг (1995), Байгал нуурын сав газрын экологийн атлас (2015), Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном, Монгол орны экосистемийн атлас (2019)8 Байгал нуурын бүс нутгийн атлас (2021), Монгол Улсын үндэсний атлас (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан.
  • Монголын нэвтэрхий толь (2000), Монголын цагаан ном (2002), Монгол Улсын нэвтэрхий толь (2009), Монголын байгаль орчны нэвтэрхий толь (2013), Монголчуудын түүх, соёлын атлас (2004), БНХАУ-д хэвлэгдсэн Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан.
  • Эрдэм судлалын ажлын зэрэгцээ Монгол Улсын Их Сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэсэн.
  • 1975 оноос одоо хүртэл газарзүйн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон 110 гаруй хүний эрдмийн зэрэг хамгаалах хуралдаанд биечлэн оролцож, 20 доктор (Ph.D),  Шинжлэх ухааны дөрвөн докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдсан.

 Эрдмийн зэрэг, цол, хэргэм:

  • 1973 онд ЗХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд дэд эрдэмтэн (Ph.D), 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Биологийн шинжлэх ухааны  доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 1998 онд ШУА-ийн академичаар сонгогдож, 2002 онд профессор, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич хэргэм, 2010 онд ХААШУА-ийн гишүүн цол хүртсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.