Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Антонио Гутеррешийн айлчлал өндөрлөв…

-Антонио Гутерреш захидал ирүүлжээ-

2022.08.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна. Айлчлалтай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд захидал ирүүлжээ. Уг захидалд, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн санаачилгуудыг сайшаан хүлээн авч байгаагаа онцолж, айлчлалын үеэр тэдгээр санал, санаачилгын талаар үргэлжлүүлэн ярилцана гэдгээ хэллээ. Мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд манлайлал үзүүлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан явдал, эдгээр орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг онцлохоо цохон тэмдэглэв. Айлчлалын үеэр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Бидний нийтлэг зорилгыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон санал солилцоно гэдгийг мөн тэмдэглэжээ. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дээр дурдсан агуулгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш…

-Антонио Гутерреш Монголд хүрэлцэн ирлээ-

2022.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022.08.04-ний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Япон Улсад айлчилж, Хирошимагийн Энхтайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцсон юм. Үргэлжлүүлэн Монгол Улс болон БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн юм. Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаа юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
Монгол Улсад хүрэлцэн ирэв…

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал эхлэв-

2022.08.09. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал эхлэв…

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав-

2022.08.09. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр тус байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлов. Мөн энэ онд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, өнгөрсөн зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ долоодугаар бага хурал, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдав. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв. Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Тэрбум мод санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзав…

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэлэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд залууст сурталчлан түгээх ач холбогдолтой  юм. Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарив…

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ:

Юуны өмнө энд  цугласан энхийг сахиулагч эрэгтэй, эмэгтэйчүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн Та бүхний үйл хэргийг өндрөөр үнэлж байгаагаа хэлье. Мөн энд хүрэлцэн ирсэн хүүхэд, залуусын төлөөлөлд баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог гэдгийг надад хэлсэн. Та бүхний үйл хэргийг талархан хүлээн авч, баяр хүргэе. Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, байгалийн баялгийг хэрэглэж, хойч үедээ эх дэлхийг хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас олон хүндрэл амсаж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Энэ бүгдийг зогсооход залуус Та бүхнийг уриалахыг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархал илэрхийлье. Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Байгаль орчин, хүн төрөлхтний хоорондын холбоосыг тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах үйл ажиллагаа дахин сэргээх ач холбогдолтой гэж ойлгож байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарив…

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш-

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш 1949.04.30-нд Португал Улсын Лиссабон хотноо төрсөн. Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын алба хашиж байсан. 2017.01.01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг гол зорилтоо болгон ажиллаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд буюу 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн айлчилсан түүхтэй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутереш мэдээлэл хийв

-Монгол улс 1961 онд НҮБ-д элсэв-

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961.10.27-нд 101 дэх гишүүнээр элссэн. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь Монгол Улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм. Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, өөрийн улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон зорилтыг чухалчилж байна. НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн хамт…

-НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаар 90 гаруй тогтоол хэлэлцүүлж батлуулжээ-

Олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан. Мөн:

  • Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус,
  • Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай,
  • Бичиг үсгийн боловсролын тухай,
  • Ардчиллын боловсролын тухай тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулж байна.

Монгол Улс 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилээр зарлуулах санаачилга дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022.03.15-ны өдрийн Бүгд хуралдаанаар Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлууллаа. Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хөгжиж байна. Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн. Анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр цэргийн ажиглагч илгээн, 2006 оноос цэргийн багаа оролцуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 18,000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулсан туршлагадаа тулгуурлаж, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг өөрийн улсад байгуулах талаар судалж байна гэжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш
Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерешийн айлчлал өндөрлөв-

2022.08.11. Монгол Улс. Улаанбаатар хот. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө. НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих арга хэмжээнд оролцов. Тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн монгол хүүхдүүдээс монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авч, бэсрэг наадам үзэж сонирхон, монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн айлчлалаа өндөрлөж, БНСУ руу мордов.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн хамт төв талбайд…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.