Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

У.Хүрэлсүх: Цөлжилтийг сааруулж мод тарина…

-У.Хүрэлсүх: Цөлжилтийг сааруулж мод тарина-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.

2021.09.23. АНУ. Нью-Йорк хот. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна. Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм. Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв. Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Монголчуудын бүтээсэн Нүүдлийн соёл иргэншлийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн юм.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа-

2022.05.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Жил бүрийн 5, 10 дугаар сард Бүх нийтээр мод тарих өдөрөөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Байгалиа бүтээе уриан дор зохион байгуулж байна. Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг 10 төрлийн 10 мянган модыг суулгац хэлбэрээр тарих юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын мод тарилтын нээлтэд оролцож, залуустай хамт Хосуудын төгөлд мод тарилаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээс хойш төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлээ. Цаашид зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломж бүрдэхийг хэллээ. Мөн ойн салбар бэхжин, олон мянган ажлын байр бий болж, хүнсний хангамж сайжрахын хэрээр иргэдийн амьжиргаа ч дээшилнэ гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ энэ онд гурав ба түүнээс дээш жил бойжуулж ургуулсан суулгацаар цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр 20 мянга, мөчрөөр бэлдсэн тарьцаар Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн 100 мянга, нийт 120 мянган мод тарих юм. Мөн 4 болон 10 га талбайд мод үржүүлгийн газар шинээр байгуулж байна. Бид тарьсан модныхоо ургалтад 100 хувийн баталгаа өгнө. Өнөөдрийн байдлаар 32 төрлийн 150 мянга гаруй мод тарьсан нь 98 хувийн ургалттай байна. Энэ нь жилийн дөрвөн улирлын турш усалж, өвчин, хортонтой тэмцэн, арчилж торддогтой холбоотой гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айл өрх бүр хашаандаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшлийн газартаа мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл, тухтай орчинд амьдарч ажиллахыг уриаллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate