Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Усны төсөл хэрэгжиж эхлэв…

-Усаа хэмнэхээр тарифаа нэмэгдүүлэв-

2008.12.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Германд нэг литр ус хамгийн өндөр өртөгтэй буюу 2.25 ам.долларын ханштай байхад, Америкт 66 цент, Хятадад 48 цент, Монголд 8 центийн дундаж ханштай байна гэсэн судалгаа хэдэн жилийн өмнө гарч байлаа. Ус бол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ. Усгүйгээгээр хүн нэг өдөр ч амьдрах боломжгүй. Усгүйгээр ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс ус ямар ч үнэт металлаас илүү үнэ цэнэтэй байх ёстой гэж эрдэмтэд үздэг юм. Сүүлийн жилүүдэд булаг, шанд, гол, горхи ихээр ширгэх болсон тул ундны усыг хэмнэх нэрийдлээр цэвэр, бохир усны үнэ тарифыг 2008.09.01-ний өдрөөс нэмэгдүүлж байсан юм. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан үүнийг үндэслэлгүй үнийн хөөрөгдөл байсан гэж үзэх нь тэр. Энэ тухай тэр үеийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Төмөрбаатар: Ус сувгийг удирдах газар Шударга өрсөлдөөний хуулийн 16.1.2-т заасан зүйл заалтыг зөрчиж, усны үнэ тарифыг өөрчлөхдөө зөвшөөрөл авалгүй шийдвэр гаргасан байгаа. Энэ байгууллага Улаанбаатар хотод монополь аж ахуйн нэгж гэсэн бүртгэлтэй явдаг. Улсын байцаагч ажиллаад үнэ тарифаа буруу тогтоосон, мөн зөвшөөрөл аваагүй байна гэсэн хоёр шалтгаанаар улсын байцаагчын албан шаардлага хүргүүлсэн. Ус сувгийн удирдах газар энэ шаардлагын дагуу үнээ хянуулсан. Тэд хэрэглээний цэвэр усыг 1000 төгрөгөөр, хэрэглэсэн бохир усыг 2000 мянган төгрөгөөр үнэлсэн байсан. Манай улсын байцаагч хяналт шалгалтын явцад зах зээл дээрх үнийн судалгааг хийж, цэвэр ус 550 төгрөг, хэрэглэсэн бохир ус 650 төгрөг байхаар үнийг тогтоож мөрдүүлсэн. Ингэснээр уг тогтоосон үнээр үйлчилгээгээ үзүүлж байгаа гэсэн тайлбарыг 2008.12.24-ний өдөр өгсөн юм. Ус сувгийн удирдах газар монополь байгууллага гэдэг статустай учраас үнэ тарифаа нэмэхдээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эхлээд зөвшөөрөл авах ёстой байжээ. Гэтэл энэ байгууллагаас зөвшөөрөл аваагүйгээс гадна, мэдэгдэлгүйгээр үнэ тарифаа өөрчилсөн байжээ. Ингэхдээ ус ихээр ашигладаг уул уурхайн компани, бассейн, саун, зочид буудал, хими цэвэрлэгээ, халуун ус, машин угаалгын газар, арьс шир боловсруулах үйлдвэр, спирт, архи, пивоны үйлдвэрүүдийн хэрэглээний усны үнийг огцом нэмэгдүүлсэн байжээ. Тодруулбал, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэг шоо метр цэвэр усанд 1000 төгрөг, харин бохир усанд 2000 төгрөг төлөх болоод даруй гурван сарыг ардаа орхижээ. Энэ үнээ буулгахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан 2008.12.02-ны өдөр Ус сувгийн удирдах газарт хүргүүлжээ. Энэ дагуу Ус сувгийн удирдах газар дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээний үнийг буулгасан байна. Үүнээс гадна, 2008.09.01-ний өдөр айл өрхийн цэвэр, бохир усны хэрэглээний үнэ 230 төгрөг болж өсөөд байсан юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан орон сууцны айл өрхийн цэвэр, бохир усны үнийг нэмэгдүүлэхгүй байх шаардлагыг Ус сувгийн удирдах газарт мөн хүргүүлсэн байна. Энэ дагуу 2008.12.02-ны өдрөөс орон сууцны айл өрхийн хэрэглээний усны үнийг мөн бууруулжээ. Ингэж орон сууцны айл өрхүүд өмнөхийн адил нэг шоо метр цэвэр, бохир ус 80-100 төгрөгөөр хэрэглэх бололцоо бүрдсэн аж.

-Монгол улс дэлхийн усны нөөцийн багахан хувийг эзэлдэг-

2011.03.16. Монгол Улс. Улаанбаатар. Дэлхийн усны нөөц 1386.0 сая шоо киллометрээр хэмжигдэж байгаагаас ердөө 2.5 хувь нь цэнгэг ус гэлцдэг. Манай улсын тухайд усны нөөцөөрөө дэлхийн усны нөөцийн багахан хувийг эзэлдэг. Тухайлбал, манай улсын усны нөөц дэлхийн усны нөөцийн 1 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд булаг, шанд, гол, горхи ихээр ширгэх болсон нь хэн хүний санааг чилээх асуудлын нэг болсон. Дэлхийн цаг уурын дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж, сүүлийн жилүүдэд манай улсын гадаргын усны нөөц ийнхүү багасч байгаа юм. 2007 онд явуулсан гадаргын усны тооллогоор 852 гол горхи, 1181 нуур тойром, 2277 булаг шанд, 60 рашаан ширгэсэн судалгаа гарчээ. Ирээдүйд цэвэр усны гачигдалд орохгүйн тулд амьдралыг тэтгэгч чандмань рашаанаа хэмнэх шаардлага тулгарсаар ирсэн. Наад захын шүдээ угаахдаа 5-10 литр ус, усанд орохдоо 150-250 литр ус урсгадаг үлэмж хэрэглээгээ танах шаардлага бий. Ер нь манай улс жилд 500 сая шоо метр ус хэрэглэдэг байна. Үүний 20 гаруй хувийг уул уурхайн компаниуд хэрэглэдэг гэх албан бус судалгаа бий. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд жилд 100 сая шоо метр ус хэрэглэдэг байна. Тэд хамгийн их ус хэрэглэдэг салбар ч, айл өрхөөс хямд үнээр уг түүхий эдийг ашиглаж байна гэх шүүмжлэл хэдэн жилийн өмнө гарч байлаа. Тухайлбал, уул уурхайн компаниудын ашиг орлогыг иргэдтэй харьцуулахад хэдэн зуу дахин их. Гэтэл иргэдээс 10 дахин бага үнээр ус ашигладаг тухай ярих хүмүүс байсан юм. Үүгээр авч үзвэл хэтэрхий шударга бус мэт. Энэ тэгш бус байдлыг арилгах боломж бий эсэхт тэр үеийн Усны газрын дарга Батбаяр: Уул уурхайн компаниуд иргэдээс хэд дахин бага үнээр ус хэрэглэдэг гэж иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж байна. Гэхдээ бодит байдал дээр тийм биш гэсэн тайлбар өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн байгууллагуудын шүүмжлэлийг усны газрынхан үгүйсгэсэн юм. Үүнээс гадна, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэг боловсруулах үйлдвэр, машин угаалгын газраас гарсан бохир ус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байдаг байна. Их хэмжээгээр бохирдсон усыг цэвэршүүлэх байгууламжаар цэвэршүүлдэгч, 100 хувь бүрэн цэвэршдэггүй аж. Ийм ус гол руу нийлүүлдэг нь байгаль орчинд ихээхэн хэмжээний хор хөнөөл үзүүлэх нь мэдээж. Үүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан: Ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүд дэргэдээ ус цэвэрлэх байгууламжтай болох ёстой. Тийм шаардлагыг ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд хүргүүлээд байна гэсэн тайлбарыг 2008.12.24-ний өдөр өгч байсан юм. Ийнхүү хэрэглэсэн усаа цэвэршүүлж, эргүүлэн ашигладаг технологи руу шилжих шаардлага тулгарч байсан юм.

-Ус цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэв-

2021.08.31. Монгол Улс. Улаанбаатар. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг Сонгинохайрхан уулын бэлд тавьж бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ. Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргасан АНУ-ын ард түмэн, Засгийн газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Монголын мянганы сорилтын санд талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийт хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлийн усан хангамжийн найдвартай байдлыг бүрдүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах зорилго нь бодит ажил болж байгаад баяртай байгаагаа хэлэв. Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Мянганы сорилтын Компакт гэрээ. Гэрээний хүрээнд ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлснээр нийслэлчүүд 100 жилийн найдвартай усан хангамжтай болохын зэрэгцээ усны шинэ соёл, шинэ боловсрол нэвтэрнэ гэдгийг тэмдэглэв. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески: АНУ ардчилал хөгжиж байгаа орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засагт өрийн дарамт үүсгэхгүй байх үүднээс буцалтгүй тусламж үзүүлэхийг эрмэлзэж ирсэн. Цаашид гэрээг үргэлжлүүлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэсэн юм. Ус гүн цэвэршүүлэх болон хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулах, аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори, усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтэц байгуулах зэргийг ирэх таван жил орчмын хугацаанд хийх юм. Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал: Барилгын улирал харьцангуй богино ч гэрээг амжилттай хэрэгжүүлнэ гэж хэлэв. 93 сая ам.долларын өртөгтэй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд нэг жил орчим хугацаанд туршилт, тохируулгын ажил хийх юм. Биокомбинат, Шувуун фабрик орчимд 30 гүний худаг гаргаж, жилд 50 сая хүртэл шоо метр ус татан авч цэвэршүүлэн нийслэлчүүдэд хүргэнэ. Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпораци Компакт гэрээгээр олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бүхэлд нь үүнд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна, Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг, Шинэ Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ. Цаашид саарал гэгдэх усыг аж үйлдвэрлэлийн олон салбарт ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.