Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 8 сар   10 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

10 их наядын төлөвлөгөө…

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав-

Image result for https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2738

2021-02-16нд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн гишүүдийн хамтарсан тушаалаар байгуулсан Монгол улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл олгох, ипотекийн зээл, Монголбанкны репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ болон хөдөө аж ахуйг дэмжих зээлийн талаар уг хурлаар хэлэлцэж, төлөвлөгөөг боловсруулан СТБЗ-д танилцуулахаар болсон юм. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2021 оны нэгдүгээр улирлын ээлжит хурлыг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Эхний өдрийн хурлаар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн саналыг боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулан байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл орж ажиллав. СТБЗ-ийн хоёрдугаар сарын 16-ны өдрийн хурлаар эдийн засгийг сэргээх хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжих болон хөдөө аж ахуйн салбарт олгох хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын зорилттой уялдуулан репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх санал, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг танилцууллаа. Уг арга хэмжээний саналыг СТБЗ-ийн гишүүд дэмжлээ. СТБЗ-өөс гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас танилцуулж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавихаар тогтсон юм.

-Сангийн болон Барилгын сайдууд уулзав-

2021-02-16нд Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд энэ сарын 16-нд Барилга, хот байгуулалтын сайд, яамны удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр танилцуулсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6 хувийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн 1 их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

-Мөнгө хэвлэхгүйгээр эдийн засгаа идэвхижүүлнэ-

2021-02-17нд: Засгийн газрын хуралдаан болж банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар шийдвэрлэв. Зээлийн батлан даалтын сангийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрсөн байна. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм.  Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв. 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд:

–       Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

–       Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

–       Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих Залуус I, II, III хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

–       Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

–       Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

–       Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгохоор тусгажээ. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт 2021 онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.

-Урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа-

2021-02-22ндМонголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон  зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр  ашиглаад байна. Мөнгөний бодлогын хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг  3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв. Цаашид банкууд Монголбанкнаас авсан санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн А-58 дугаар тушаалаар батлагдсан шалгуурын дагуу 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 10.5%-ийн хүүтэй зээлийг шинээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэх юм. Иймд Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид дээрх нэр бүхий банкуудад хандан шинээр зээл авах, зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтой гэж төвбанк мэдэгдэв…

-Сангийн сайд Б.Жавхлан  уулзалт хийлээ-

2021-02-26ндКовид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 6 хувиар агшиж, улс орны нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед ард иргэдийхээ эрүүл мэндийг хамгаалж, ажлын байраа хадгалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр уналтад орсон эдийн засгаа ойрын 3 жилд сэргээж, ажлын байраа дэмжсэн дунд хугацааны хүү багатай зээл, дэмжлэгүүдийг ард иргэд, ахуйн нэгжүүддээ үзүүлэх юм. 3 жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын төлөвлөгөөг Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлд танилцуулж, эдийн засагчидтай санал солилцлоо. Хүү багатай зээлийн шалгуур, аж ахуйн нэгжүүд ямар зориулалтаар ашиглах, эргээд улсын эдийн засагт хэрхэн сайн үр дүнг авч ирэх, орон сууцны хөтөлбөр дундаж давхрага болон залуу гэр бүл зорилтод бүлэг хэрхэн хамрагдах зэрэг 10 их наядын цогц төлөвлөгөөтэй холбоотой сэдвүүдээр Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.  Тус зөвлөл нь Монгол улсын хөгжлийн бодлого, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Зөвлөл  нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Статистикийн ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, МУИС, СЭЗДС зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Академич, доктор, эдийн засагч, судлаачдын бүрэлдэхүүнтэй юм.

Б.Жавхлан: Цаашид нэмэлт ачаалал авах боломжгүй…

2021-03-04нд Засгийн газрын гишүүд банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалт Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд боллоо. Энэ үеэр Сангийн сайд Болдын Жавхлан: Төр өнгөрсөн жил 4.1 их наяд төгрөгийн ачааллыг төсөв дээрээ авсан. Цаашид нэмэлт ачаалал авах боломжгүй. Та бүхэн төртэй хамтарна гэж байгаа нь маш чухал дэмжлэг. 2020 онд ДНБ -ний өсөлт 6% буурч 70-аад мянган ажлын байр цомхтгогдсон. Монгол Улс нийт 820 мянган ажлын байртай. Дахиад эрсдэл хүлээж байна. Хэрвээ ингэвэл банкуудын нөхцөл муудвал  төсөвт нөлөөлөх эрсдэлтэй. Төсөв мөнгөний бодлого шууд харилцаа хамааралтай учраас хамтарч ажиллах шаардлагатай байна. Иргэдийн мөнгөөр иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байгаа. 10 их наядын төлөвлөгөө банкуудын баланс дээрээ шууд ашиг авчрахгүй ч банкуудад өөрсдөд нь ээлтэй. Банканд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол харилцагч. Эдийн засгийн хямралыг даваад гарсны дараа банканд сайн харилцагчид бий болно.  48 мянган аж ахуйн нэгж байгаагаас 27 мянга нь энэ 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байгаа тооцоо байна” гэв.

-3 хувийн хүүтэй зээл олгож эхэлнэ-

2021.03.09ндСангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг болон арилжааны банкуудын удирдлагууд хамтран “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө”, “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө”- ний талаар  тус тус  танилцуулга мэдээлэл өгөв.“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг маргааш /2021.03.10/-наас эхлэн банкуудын эх үүсвэрт тулгуурлан 3%-ийн хүүтэй олгоно. Зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдэд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж, зөрүүг банкуудад төлөх юм.  Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэг болон батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах үйл ажиллагаанд Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх байдлаар оролцож ажиллах юм. Бага хүүтэй ажлын байр дэмжих зээлд дараах нөхцлийн хүрээнд хамрагдана.

“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн санхүүжилтийн ерөнхий нөхцөл

Нийт зээлийн хэмжээ: 2 их наяд төгрөг хүртэл;

Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ: Аж ахуйн нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая төгрөг хүртэл,

Батлан даалтын хэмжээ: Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл);

Зээлийн нөхцөл

Зээлийн зориулалт: Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас  ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;

Зээлийн эх үүсвэр: Банкны өөрийн эх үүсвэр;

Зээл олгох хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал;

Зээлийн хэмжээ: Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500.0 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая хүртэл,

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл;

Зээлийн хүү: жилийн 3 хувь;

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байх юм.

-Викториа Квакватай цахимаар уулзалт хийлээ-


2021-03-09ндМонгол улсын Сангийн сайд Болдын Жавхлан Дэлхийн банкны Зүүн ази, номхон далайн бүс нутгийн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Квакватай цахимаар уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа, өнгөрсөн хугацаанд олон төсөл, арга хэмжээнүүд амжилттай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар дүгнэн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагаа тогтвортой, найдвартай үргэлжилж байгаад таатай байгаа талаар санал нэгдэв.Сангийн сайд вакцинжуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар дурдахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас баталсан 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар Дэлхийн банкны удирдлагуудад дэлгэрэнгүй танилцуулж, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, арга хэмжээг үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд Дэлхийн банк үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Ирэх сард болох Дэлхийн банкны группын хаврын уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой тухай Сангийн сайд дурдав. Хатагтай Кваква Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбараа хамгаалах, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүд нь Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад оновчтой, шуурхай байсныг цохон тэмдэглэж, энэхүү арга хэмжээ нь цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийг эргэж сэргээхэд чухал түлхэц болж байгааг дурдав. Тэрбээр Монгол Улс вакцины олон сонголттой байгааг сонсоход таатай байгаагаа илэрхийлж, Дэлхийн банкны зүгээс вакцинжуулалтыг хурдасгахад шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

-Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа-

2021-03-09нд Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал цахимаар боллоо. Тус хуралд  Монгол Улсын эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад Монголбанкны үүрэг оролцооны талаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч  Г.Дөлгөөн, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Ананд нар мэдээлэл хийлээ. Монголбанкин дахь арилжааны банкуудын болон тэдний өөрсдийн хөрөнгийн зээлжилтийг   нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, мэргэжлийнх нь чадварыг ашиглах замаар улсын эдийн засгийг сэргээх талаар Монголбанк  Засгийн газартай хамтран ажиллаж байгааг Зөвлөлийн гишүүд нааштай үнэлж, банк, аж ахуйн нэгж, төр, засгийн байгууллагуудын санал бодлыг сайтар авч, зөв зохицууулалт, менежменттэй ажиллахын зэрэгцээ эрх зүйн үндэслэл, хөрөнгийн эцсийн үр өгөөжид илүүтэй анхаарахыг зөвлөв.                                         Мөн Монголбанкны 2019 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын өгсөн санал зөвлөмж, түүний хэрэгжилтийн байдал болон цаашид анхаарах зүйлсийн талаар Монголбанкны Санхүү бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд, Мэдээллийн технологийн газрын захирал Д.Довчинбазар, Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзул, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нарын тайлбар, саналыг сонсов. Монголбанкны Эрдэнэсийн сан дахь 1921 оны зоосон мөнгөний үнэлгээ, бүртгэл болон Монголбанкны санхүүжүүлсэн зарим үнэт цаас, өр зээлийн эрсдэлийн талаар жил бүр Хөндлөнгийн Аудитын хязгаарлагдмал дүгнэлт гаргаж байгааг нарийвчлан судалж, тодорхой шийдэлд хүрэхийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны Санхүү бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд нарт зөвлөв. Монголбанкны Дотоод аудитын газарт төслийн шугамаар ажиллаж буй гадаадын зөвлөхийн өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар болон цаашид хийгдэх ажлуудын талаар ДАГ- ын ахлах хянан шалгагч Т.Хосбаярын мэдээлэл, танилцуулгатай танилцлаа. Тэрээр танилцуулахдаа “…хөндлөнгийн чанарын үнэлгээний үр дүн, өгсөн зөвлөмжүүдийг үндэслэн ДАГ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох стратеги төлөвлөгөө буюу “Чанарын баталгаажуулалт ба сайжруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2020-2023 оны дунд хугацааны төлөвлөгөө”-г боловсруулан баталсан. Төлөвлөгөөнд үндсэн 30 асуудлын хүрээнд 82 ажил тусгагдсан бөгөөд одоогийн байдлаар аудитын удирдамж төлөвлөх зааврыг боловсруулах ажил,  эрсдэлд суурилсан аудитын удирдамжийн төслийг боловсруулсан ба Монголбанкнаас банкинд тавих хяналтын үйл ажиллагаа”-ны аудитын хамрах хүрээг тодорхойлоод байна. Цаашид Монголбанкны дотоод аудитын хамрах хүрээг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээний аргачлал, зааврыг боловсруулж, үйл ажиллагаанд ашиглах бэлтгэл ажлыг хангах, “Монголбанкны дотоод аудитын дүрэм”-ийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна” гэж тайлбарлалаа.ДАГ-ийн хараат бус байдал, аудитын нэгжийн удирдлагын бүрэн эрх, түүний Монголбанкны Хяналтын Зөвлөлтэй харилцах харьцаа, ДАГ-ын төлөвлөлт, тайлагнал горим  зэрэг удирдлагын хүрээнд шийдэгдэх  асуудлуудад онцгой анхаарал хандуулж, энэ талаар тодорхой санал дүгнэлт гаргах чиглэлээр Хяналтын зөвлөл тус газрын холбогдох мэргэжилтэн нартай хамтран ажиллаж, Монголбанкны удирдлагын түвшинд дахин авч үзэж, саналаа нэгтгэх нь зүйтэй гэж үзэв. Монголбанкны Хяналтын зөвлөлөөс санаачлан Монголбанкны Судалгаа статистикийн газартай хамтран хийж буй “Монгол Улсын гадаад валютын зах зээлийн бүтэц, эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”, “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага” судалгааны явцтай танилцаж, анхаарч ажиллах зүйлсийг хэлж, судалгааг түргэтгэхийг анхааруулжээ.

-Зээлд хамрагдах аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт-

2021-03-11нд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх  их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг байрыг дэмжих зээлд хамрагдаж аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл асуулт хариултыг төвбанкнаас -багцлан гаргажээ.

1.      Зээлийг хаанаас авч болох вэ?

Та өөрийн харилцдаг аль ч арилжааны банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай зээлийн материалыг бүрдүүлж, олголтыг хийж эхлээд байна.

2.      Тус зээлийн нөхцөл нь юу вэ?

Нэг зээлдэгч буюу аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, зээлийн хугацаа 3 жил хүртэл, зээлийн жилийн хүү 3 хувь, эргэн төлөлтийн график сар бүр тогтмол дүнгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй.

3.      Зээлийн зориулалт юу вэ?

Зээлийн зориулалт нь Зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахад шаардагдах эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас  ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.

4.      Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгө хангалтгүй бол Зээлийн батлан даалтын сан оролцож байгаа гэсэн. Ямар нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээд хамрагдах вэ?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл)-т батлан даалт гаргана.

5.      Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт хаанаас авах вэ? Банканд өгөх шаардлага байгаа юу?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангасан бол заавал тодорхойлолт шаардахгүй.

6.      Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч биш бол 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж болохгүй гэсэн үг үү?

Зээлийн батлан даалтын санд хамрагдаагүй зээлдэгчийн хувьд салбар харгалзахгүй олгох боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч буюу аж ахуйн нэгж банкны барьцаа хөрөнгийн шаардлага болон бусад зээлийн шаардлагыг хангасан бол зээлд хамрагдах боломжтой.

7.      Зээлийг эхний хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх үү?

Таны зээлийн эргэн төлөлтийн нийт төлбөр сар бүр тогтмол дүнгээр төлөгдөх бөгөөд 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй хугацаагаар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Та банктайгаа харилцан ярилцаж, зээлийн эргэн төлөлтийн графикт энэ талаар тусгуулах боломжтой.

8.      Ажлын байрыг дэмжих зээл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

Тус зээлийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан олгогдохоор байна.

9.      Хамаарал бүхий этгээд гэдгийг юу гэж ойлгох вэ?

“Хамаарал бүхий этгээд” гэж тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

10.  Зээлдэгчид тавигдах шаардлага нь юу байгаа вэ?

a)      Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

b)      Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.

c)      Энэ заалтын а-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно.

11.  Өмнө нь Зээлийн батлан даалтын сангаар зээл авсан байгаа. Энэ зээлээ дахин санхүүжүүлэх хэлбэрээр зээл авч болох уу?

Болно. Дахин санхүүжилтийн зээлд хамрагдаж болно. Гэхдээ таны энэ зээл Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжгүй. Учир нь Зээлийн батлан даалтын сангийн 3 хувийн зээлд гаргаж буй батлан даалт зөвхөн шинээр олгож буй зээлүүдэд хамаарч байна.

12.  Зээлийн 3 хувийн хүүг ямар нөхцөлд цуцлах вэ?

Зээлдэгч зээлийн төлбөр (зээлийн үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлэхийг анхааруулж байна.

1208 зээлдэгчид 75.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ

This image has an empty alt attribute; its file name is Xl5bRKE1CCHiVh0CQMez.jpeg

Улаанбаатар. 2021-03-26. /DP/. Монгол Улсын Ерөнхий сайд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа. Тэрбээр Нарантуул худалдааны төвийн Хаан Банкны салбарт ажиллан, зээлдэгч болон банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг сонслоо. Өнөөдрийн байдлаар тус салбарт нийт 1.6 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлийг 35 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх ажлын байрыг хадгалах, дэмжих зорилгоор хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий гурван хувийн хүүтэй Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 хүртэл сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар олгож байгаа юм.

Нийт зээлийн 72 хувийг орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж бүрдүүлж байна

Улаанбаатар. 2021-03-26. /DP/. Засгийн газрын гишүүд Монголбанк болон банкны салбарын удирдлагуудтай хоёр дахь удаагийн уулзалтыг хийлээ. Энэ үеэр гурван хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтийн явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, зээлдэгчдээс ирүүлсэн санал гомдлын талаар ярилцлаа. Монголбанкнаас өгч буй мэдээллээр гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ажлын байрыг дэмжих зээлийн статистикаар нийт 75.3 тэрбум төгрөгийг 1,208 зээлдэгчид олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 21.1 тэрбум төгрөг буюу 28 хувийг, орон нутагт 54.2 тэрбум төгрөг буюу 72 хувийг эзэлж байна. Банкны төлөөллүүд Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн хүсэлтээ тодорхой гаргахгүй бол буцаагдах эрсдэл гарч байгааг хэлж байлаа. Тухайлбал зээлийн зориулалт тодорхой бус, олон банкинд нэгэн зэрэг хүсэлтээ өгөх зэргээс шалтгаалж татгалзах тохиолдол байгаа гэдгийг банкны удирдлагууд хэллээ. Мөн зээлийн зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилготой бол зээлдэгчдийн зүгээс хөрөнгө оруулалтын зорилготой санхүүжилт хүсэх тохиолдол цөөнгүй байгааг хэлж байлаа. Түүнчлэн зээлийн барьцаа хөрөнгийн шаардагдах материалуудыг цахимжуулах хэрэгцээ шаардлага байгааг арилжааны банкны төлөөллүүд онцолж байв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Сангийн сайдад өглөө. Тэрбээр “Хатуу хөл хорио тогтоосон үед ч банкны зээл зогсолтгүй үргэлжилж байх зохицуулалт хийх, зээлдэгч заавал банкны салбар дээр 4-5 удаа ирэхгүйгээр цахим хэлбэрээр үйлчилгээгээ авдаг байх нөхцөлийг судалж хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.

380.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

2021-03-26нд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сангаас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 25-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 380.6 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд, Улсын хэмжээнд зээл олгож эхэлснээс хойш банкууд 30.6 мянган зээлдэгчийн 4.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1208 зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Нийт 1208 ажлын байр дэмжих зээл олгогдсоныг бүтцээр болон бүсчиллээр нь ангилбал Улаанбаатар хотын хэмжээнд 246 зээл, орон нутгийн хэмжээнд 962 зээл олгогдсон. Үүний 186 нь ААН-д, 1022 нь бизнес эрхлэгч иргэнд олгогджээ. Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 407.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 173.3 тэрбум төгрөгийн зээлийг 1,307 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.Мөн 384.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,749 иргэнд 132.0 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Цаашид, Сангийн яамнаас цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

-2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл авчээ-

2021-02-29 нд: 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг. Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг. Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов.

2021.04.09 нд УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм. Сангийн сайд мэдээлэлдээ, коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраа Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг 2021 оны 42 дугаар тогтоолоор 56 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлж байна. Цогц төлөвлөгөөнд иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих болон уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг тусгасан.

Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд  цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх; цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх; хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах; үр тарианы болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац тасалдахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах; экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавихаар тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буйг онцлов.

Мөн тэрбээр, Засгийн газар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулахдаа улсын төсөв, Засгийн газрын өрд дарамт үүсгэхгүй байх зарчим баримталсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг банкуудын өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлж, Засгийн газраас хүүгийн дэмжлэг олгох, репо санхүүжилттэй зээл болон ипотекийн зээлийг банк болон Төв банкны репо санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тооцож төлөвлөсөн. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үндсэн зорилт нь банк, санхүүгийн байгууллагаас олгох зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Зээлийн батлан даалтын тогтолцоог ашиглан банкуудын эрсдэлийг хуваалцах, Засгийн газраас батлагдсан төсвийн хүрээнд зээлдэгчийн төлөх хүүгийн тодорхой хувийг хариуцан төлөх замаар зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөллөхөөр тооцсон. Түүнчлэн улсын төсөвт тусгагдан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх замаар эдийн засгийн идэвхжлийг бий болгохоор төлөвлөгөөнд тусгасан. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүтээн байгуулалтын төсөл болон эдийн засгийн хувьд үр ашигтай бусад төслүүдийг улсын төсөв, Засгийн газрын өрийн хязгаарт дарамт үзүүлэхгүйгээр санхүүжүүлэхээр төлөвлөснийг тодотголоо. Цогц төлөвлөгөөнд: Ажлын байрыг дэмжих зээл /2021 он/, Ипотекийн зээл /2021-2022 он/, Репо санхүүжилтийн зээл /2021 он/-д тус бүр 2 их наяд, Хөдөө аж ахуйн зээл /2021 он/-д 500 тэрбум, Орон сууцны хорооллын дэд бүтэц /2021-2024 он/-д 1 их наяд, Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалт /2021-2024 он/-д 500 тэрбум, Том төслүүдийн санхүүжилт /2021-2024 он/-д 2 их наяд, нийтдээ 10 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгажээ. Ингээд Сангийн сайд Б.Жавхлан цогц төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын байрыг дэмжих зээл:

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын санхүүгийн чөлөөт эх үүсвэрт тулгуурлан олгож эхлээд байна. Уг зээлийн бүтээгдэхүүн нь зээлдэгч талдаа жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 1 жил үндсэн зээлийнхээ төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүүгийн 6 нэгж хувийг, иргэдэд олгосон зээлийн 7 нэгж хувийг хариуцан төлөх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд 60 хүртэлх хувийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргаж болохоор зохицуулан хэрэгжүүлж байна. Сангийн яам, Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, арилжааны 10 банк хооронд 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-д тусгагдсан “Ажпын байрыг дэмжих зээл”-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г байгуулсан. Банкууд зээлийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 4,982.1 тэрбум төгрөгийн 36.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 369.3 тэрбум төгрөгийг 5,525 (814 аж ахуйн нэгж, 4711 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 237 сая төгрөг байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл:

Монголбанк дэлхийн бусад улс, орнуудын төв банкуудын Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судалж, зээлийг багцлан үнэт цаасжуулж репо нөхцөлөөр санхүүжилт олгох механизмыг 2020 оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлсэн байна. Уг арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас 2 жил хүртэл хугацаатайгаар банкнуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 476.6 тэрбум төгрөгийн 2,204 зээлийн хүсэлт ирүүлснээс 221.3 тэрбум төгрөгийг 1,467 (1103 аж ахуйн нэгж, 364 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 150.8 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 158.5 сая төгрөг байна.

Орон сууцны ипотекийн зээл:

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндсэн зорилгын хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд зээл олголтын нөхцөлийг хөнгөвчилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг жилийн 6 хувь болгож бууруулсан. Уг зээлийг Монголбанк болон банкуудын холимог эх үүсвэртэйгээр хэрэгжүүлж байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 542.8 тэрбум төгрөгийн 6,963 зээлийн хүсэлт ирүүлснээс 195.6 тэрбум төгрөгийг 2,609 зээлдэгчид олгоод байна. Иргэдийн зээлийн дундаж хэмжээ 75 сая төгрөг, үүнээс Улаанбаатар хотод олгосон зээлийн дундаж 82.6 сая, орон нутагт 54.7 сая төгрөг байна. Эдгээр зээлийн хүүгийн дэмжлэгт 2021 онд шаардагдах зардлыг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу 2021 оны батлагдсан зардлын хүрээнд зохицуулалт хийж санхүүжүүлнэ. Харин 2022-2024 онд олгох хүүгийн дэмжлэгийн зардлыг Монгол Улсын 2022-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн онуудын Төсвийн тухай хуульд тусгаж санхүүжүүлэхээр төлөвлөснийг Сангийн сайд танилцуулсан юм. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гаргасан үнэт цаасны төлбөрт жил бүр 5 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд улсын төсвөөс төлөх бөгөөд энэ нь төсөвт харьцангуй бага ачаалал үүсгэж, ажлын байрыг дэмжих зээлд хамрагдсан, барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд нийт 1 их наяд төгрөг хүртэл зээлийн батлан даалт гаргах нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх хүрээнд нийт 6.5 их наяд төгрөгийн бага хүүтэй зээл олгогдох бөгөөд Засгийн газраас 2021-2024 онуудад жилд дунджаар 70-80 тэрбум төгрөг зарцуулж, энэ нь бага хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж, иргэд, малчдад санхүүгийн дэмжлэг болж, бизнесийн хэвийн үйл ажиллагаа хангагдана гэдгийг Сангийн сайд тодотголоо.  Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг 2019 оны түвшинд хүргэж сэргээх зорилт тавьж байгаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 оноос бизнесийн идэвхжил сэргэж, эдийн засгийн өсөлт 5.2 хувиас давах төсөөлөлтэй байна. Улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байна. Түүнчлэн цогц төлөвлөгөөний хүрээнд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгож байгаа нь бизнесийн зардлыг бууруулж, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулахад чухал нөлөөтэй. Инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2022-2024 онд 6 орчим хувьд байхаар байгааг сайд нэмж дурдав.

-Монголбанк мэдэгдэл гаргав-

Монголбанк нь банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн Ажлын байрыг дэмжих зээлийг шаардлага хангасан хуулийн этгээд, иргэдэд банкны чөлөөт эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй олгох үйл ажиллагаанд төвбанк Монголбанкны тухай хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагч, банкинд хяналт тавих чиг үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад чухал үүрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг эргэлтийн хөрөнгө, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих зорилготой тус хөнгөлөлттэй санхүүжилтийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт, тайлагналын тогтолцоог банкны дотоод хяналт, Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт болон хууль сахиулах эрх бүхий байгууллагын оролцоотойгоор бүрдүүлж байна. Тухайлбал, Ажлын байрыг дэмжих зээлийг зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагаанд хянах зорилгоор Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг банкуудтай байгуулснаас гадна 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Сангийн яам, Монголбанк хамтран Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журмыг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, эдийн засгийн тодорхой салбаруудын төлөөлөл болох төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн, хараат бус хяналтын зөвлөлийг Сангийн яамнаас байгуулна. Түүнчлэн, Монголбанк, Сангийн яамнаас зээл олголт, зээлийн зарцуулалтад газар дээрх шалгалтыг тогтмол хийх болно. Ажлын байрыг дэмжих зээлийг зориулалт бусаар ашиглаж зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно гэжээ.

Засгийн газраар 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэлэлцэв…

2021-04-14нд Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний лхагва гарагт болж Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгоод байна. Зээл авсан 7,356 зээлдэгчийн 1,146 нь аж ахуйн нэгж, 6,210 нь иргэн байна. Үлдсэн 1,856.9 тэрбум төгрөгийн 12,049 хүсэлт судалгаанд байгаа бол 7,882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1,557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2,982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.

-32 гаруй мянга ажлын байр хадгалав-

2021-04-22нд Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг танилцууллаа. 4 сарын 20-ны гүйцэтгэлээр Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32,082 ажлын байрыг хадгалаад байна. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд нийт 8,092 зээлдэгчийн 563.5 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгогджээ. Тухайлбал, 1228 аж ахуйн нэгжид 310.0 тэрбум төгрөг, 6870 иргэний 253.5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас 4.6 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийгджээ. Мөн өдрийн байдлаар нийт 37,430 зээлийн хүсэлт ирсэн байгаагаас 12,625 зээлийн хүсэлт банкуудын судалгааны шатанд байна. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,619 зээлдэгчид 260.0 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3,064 зээлдэгчид 226.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгожээ

2021-05-19нд Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464,3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383,2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна. Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн 7 хоногоос олгогдож эхэлсэн. Энэхүү зээл нь: Хаврын тариалалтад 100 тэрбум, Ноолуур бэлтгэлд 200 тэрбум, Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм.

-Ажлын байр дэмжих зээлийг үргэлжлүүлэн олгоно-

2021-08-31. Улаанбаатар. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш буюу 8-р сарын 27-ны өдрийн байдлаар 18,000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид 1,823.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч байгаа ч зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргаад байна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны ажлын явцаас засгийн хуралдаанд Сангийн сайд танилцуулав. Үндэсний хорооноос цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох замаар бизнесийн орчныг сайжруулах зорилго бүхий цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгааг мэдэгдлээ. Энэхүү хуулиар экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах чиглэлд тодорхой зохицуулалт хийхээр тусгажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.