Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сүүтэй уулаа сүүгээр мялаав…

Монголчууд эрт дээр үеэс уул овоог эцэг тэнгэр, ус голыг эх тэнгэр гэж ярьдаг байжээ. Уул газрын эзнийг савдаг. Усны эзнийг лус гэж нэрийдэх нь бий. Уул усаа тахиж шүтдэг нь байгаль дэлхийгээ хамгаалж үлдэх гэсэн эртний уламжлал юм. Тиймээс монголчууд байгалийн үзэсгэлэнт цогцолбор, уул усаа олон зууны турш тахиж ирсэн уламжлалтай. Эрт дээр үеэс Бурхан халдун, Алтан овоо, Богдхан, Отгонтэнгэр уулыг тахиж ирсэн ч, энэ уламжлал нэлээд хугацаанд завсардсан байна. Тиймээс уул усаа хамгаалж үлдэх үүднээс эртний энэ уламжлалыг сэргээжээ. Мөн 2005 онд баруун хязгаарын Алтан хөхий, 2007 онд Суварга хайрхан, Хан хөхий, Сутай хайрханыг төрийн тахилгатай уулсын тоонд оруулж, дөрвөн жилд нэг удаа тахихаар болсон юм. Ингэснээр манай улс төрийн тахилгатай найман уултай болсон билээ.

Бурхан халдун уул нь Улаанбаатар хотоос 186 километрийн зайд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт далайн түвшнээс дээш 2361 метрийн өндөрт оршдог. Есүхэйгийн дайсан болох мэргэдүүд Тэмүжинг барихаар очиход тэрбээр Бурхан халдун уулын шугуйд нуугдан эсэн мэнд үлдсэн гэдэг. Тэмүжин нуугдсан уулнаасаа буусныхаа дараа Бурхан халдун уул таныг өглөө бүр мялааж байя, өдөр бүр тахиж байя, үе тутам үргэлж шүтье хэмээн мөргөсөн аж. Өтгөн шугуйдаа халхавчилсан учраас Тэмүжин ихэд сүсэлж, тахиж байхаар болжээ. Тиймээс уул овоо тахих ёсыг судлаачид Чингис хааны үеэс эхэлсэн гэж үздэг юм.

Алтан овоо нь далайн түвшнөөс 1354 метрийн өндөрт орших унтарсан галт уул юм. Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Энэ ууланд галт уулсын хүрмэн чулуу их, амсар нь баруун хойшоо сэтэрч үлдсэн ийм байгалийн өвөрмөц тогтоцтой уул юм. Тиймээс ховор уулсын тоонд багтаж, тахиж шүтсээр иржээ. 
Манай улсын хамгийн өмнө зүгт орших Дарьгангийг Алтан овоо уулыг 1700-аад оноос тахидаг болжээ. 

Богдхан уул нь далайн түвшнөөс 2257 метрийн өндөрт оршдог. Хэнтийн нурууны баруун урд төгсгөл Богдхан уулын орчмоор 12 зууны үед Хэрээдийн ван хан Тоорил нутаглаж байсан учраас өмнө хэсгийг Хан уул гэж нэрлэх болжээ. Хожим Хан уулын ар хөндийд Богт өргөмжит хаадууд нутаглах болсны улмаас бүрнээ Богд уул гэж нэрлэх болсон байна. Богдхан уул үзэсгэлэнт байгальтай, ан амьтан ихтэй. Тиймээс Тоорил уг ууланд ан ав хийх, гал түлэхийг цаазлан хориглож байжээ. Харин 1778 онд Хан-Уулын араар нутаглаж байсан ноёдууд уг уулыг дархан цаазтай болгож, жилд нэг удаа тахиж байхаар болсон гэдэг. Энэ цагаас хойш Богдхан уулыг монголчууд нийтээрээ тахин шүтэж ирсэн юм.

Отгонтэнгэр хайрхан нь Завхан аймгийн Улиастай хотоос зүүн тийш 70 гаруй километрийн зайд орших далайн түвшнөөс 4031 метрийн өндөрт орших, 750 километр үргэлжлэх Хангайн нурууны мөнх цаст оргил юм. Отгонтэнгэр хайрханыг 1828 онд дархан цаазтай болгож, 1911 оноос эхлэн нутгийн иргэд жил бүр тэнгэрийг нь тайх ёслол үйлддэг болсон байна. Отгонтэнгэр хайрханыг монголчууд Очирваанийн сахиустай гэж үздэг аж. Очирваань нь монголчуудыг харж хамгаалж байдаг сахиусан тэнгэр юм. Энэ ч утгаараа догшин сахиустай энэ хайрханыг нутгийн зон олон аргадан тахисаар уламжлал болон үлджээ.  

Хан хөхийн нуруу бол Хангайн нурууны хамгийн зүүн талын төгсгөлийн уул юм. 240 километр үргэлжилсэн урттай бол, хамгийн өргөн хэсгээрээ 180 километр үргэлжлэх аж. Хан хөхийн нурууны зүүн урд талд Хяргас, Зүүн талын бэлээр нь Цабдан, Тахилт, Цагаан нуур, Хойд талд нь Баян-нуур, баруун хойд талд Увс нуур оршдог ажээ. Урд талаараа 180 километр үргэлжилсэн Их монголын элстэй. Хойд талаараа Увс нуурын захаас Завхан аймгийн Тэс сум хүртэл 100 гаруй километр үргэлжилсэн Бөөргөдлийн элстэй. Бөөргөдлийн элс зарим газраа 15 километр үргэлжилсэн Элсэн манхантай аж. Хан хөхий тогтоогүй бол хоёр элс нийлэх байсан. Тэгвэл тэр хавь тэр чигтээ цөл болох байсан тухай нутгийн иргэд хуучилдаг билээ. Гайхамшигтай тогтоцтой учир Хан-хөхий уулыг ЮНЕСКО-ийн бүртгэлд оруулж, хамгийн ашигтай уул гэж 2001 онд нэрлэсэн байна. Энэ ууланд 360 гаруй төрлийн ургамад байдаг. Үүний дотор маш алдартай, эрт дээр үеэс хэрэглэж ирсэн Хан-хөхийн Шахлай шар цэцэг, Ясны цэцэгтэй. Хан хөхий бол Хөвсгөлийн уулс шиг ногоон хуш мод элбэгтэй учраас жил бүхэн их хэмжээний самар ургадаг аж. Мөн хар мод элбэгтэй ой юм. Хойд талын амуудаас том том голууд гардаг, нэлээд намагтай, шавартай нуруунд ордог. Энэ уулын ойролцоо халх, баяд, дөрвөд, казакууд нутагладаг аж. Хяргас нуурын урд орших Завхан суманд Сартуулууд мөн байдаг. Энэ уулыг 300 жилийн тэртээгээс Дарванчин гэгээн Дэлэн хутагт, Жалханз хутагт Жамсранжав, Лувсандондов, ноён Лу Жанчив зэрэг хутагтууд тахиж ирсэн байна. Догшин хайрхан гэдэг учраас нэг талаас хамгаалах, нөгөө талаас аргадар зорилгоор тахиж иржээ.УИХ-ын гишүүн асан Авдай:  Ханхөхийд геологийн хайгуул зарим нэг газар хийгдсэн ч, бүрэн судлагдаагүй, онгон дагшнаараа газар юм. Хайгуулаар нүүрсний нөөц тогтоогдсон. Барилгын төрөл бүрийн  будаг оломгени шороотой, бараглит гэх чулуутай. Аспест болон зэс, молибдений илэрцтэй. Тиймээс энэ газрыг байгаа чигээр нь хамгаалах зорилгоор дархан цаазтай уулсын тоонд оруулсан тухай хуучилж байсан нь саяхан. 

Сутай хайрхан нь далайн түвшнөөс 4300 метрийн өндөрт сүндэрлэдэг. Энэ уулын савдаг нь Сарлаг унасан бүсгүй байдаг гэсэн аман яриа бий. Үнэхээр уулыг хэдэн талаас нь ажваас хэвтэж байгаа сарлаг ч юм шиг сайхан төрхтэй аж. Урьд цагт уг уулнаас зэрлэг үхрийг буулган гаршуулж сааж байсан учраас сүүтэй уул хэмээн нэрлэх болсон гэлцдэг. Тиймээс ч нутгийн иргэд эрт дээр үеэс сүүгээр цацал өргөж энэ уулаа шүтэж иржээ. Эргэн тойрных нь зон олон үхэр сарлаг ихтэй, сүү сааль элбэгтэй баян хангай юм. Хүн ард нь сүү цагаагаар тасардаггүй, үхрээр дундардаггүй буян заяатай тул эхэндээ Сүүтэй уул хэмээн нэрийдэж байгаад, яваандаа Сутай хайрхан гэж дуудах болжээ. Чингисийн удам Саму Бумагийн ач хүү Бишрэлт гүн Сутайн нэрээр энэ уулыг нэрийдсэн гэж домогт өгүүлсэн тухай ярих нэгэн бий. Мөн Сутай хатны сан хэмээх мөртүүд байдаг нь нэгийг хэлэх биз. Сутай уулын ихэнх хэсэг нь Говь-Алтай аймагт оршдог ч, цаад хэсгээрээ Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутагт хаяагаа тэлж тогтсон мөнх цаст уул юм. Тиймээс Сутай хайрхан дөрвөн сумын нутагт харагдана, суусан боссон ч харагдана, харанхуй манан дундаас ч харагдана гэж шүлэглэсэн биз. Үнэхээр ч Сутай мөнх цастай учир харанхуй дотроос гэрэлтэн харагдах аж. Санкт-Петербургт болдог шиг яг тийм цагаан шөнө Сутай хайрханаас эх авч урсдаг Зүйлийн голд саргүй шөнө тохиодог нь үүнтэй холбоотой. Сутай нь Монголын цастай уулсыг бодвол илүү өргөн талбайг эзэлсэн их цастай. Сутайн тэр их цасны туяанд уулын өвөрт цагаан шөнө болж, тэр үеэр зон олон нь цүү хаясаар уламжлалт наадгайгаа хадгалж үлдэж чадсан гэлцдэг. Мөнх цасных нь гэрлийн тусгалыг магтан дуулж Зүйлийн цагаан шөнө гэж яруу найрагт мөн шүлэглэн үлдээжээ. Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм. Яруу найрагч Бавуудорж: Бэлээс нь шүтэж мөргөж байгаа олон хүнтэй таарч байсан нь бахархууштай. Гандантэгчлэн хийдийн төв шүтээнд мөргөж байгаа мөргөлчид шиг газар дэвсээд мөргөж байсан олон хүн байсан. Эндээс монголчуудын зүрх сэтгэлийн хамгийн нандин хайрхан юм байна гэсэн ойлголт бүрнээ авсан хэмээн хуучилж байсан нь нэгийг бодогдуулах биз ээ. Тэгвэл мөнх цаст энэ хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болсон байна.

-Сутай хайрханыг тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо-

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021-08-07-ны өдөр боллоо. Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав. Орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон өөр өөрийн одонд залбирал, мөргөл үйлдсэний дараа Аргил цагаан өвгөн тууль хайлснаар одны тахилга өндөрлөв. Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд жавдандаа суун Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Тэрээр Ганжуур их хөлгөн судраас адис аван, овооны өмнө гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Үүний дараа туульч Алтайн магтаал хайлав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уул овооны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохицон, уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин монгол түмний үнэт өв, уламжлал, соёл. Тэнгэр, газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах, өгөөж хишгийг нь зүй ёсоор зөв хүртэхийн эх болсон өнө эртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай гэв. Мөн аймаг, сумдын удирдлагууд ард иргэд, хүүхэд, залууст үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутгийнхаа тахилгат хайрхан, уул, овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр чармайн ажиллахыг сануулав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.