Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

4 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 3 сар   5 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Хадгаламжийн ба зээлийн хүү…

-Бодлогын хүү ба зээлийн хүү-

Иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлт удлаашралтай тохиолдолд зээл олголт багасдаг гэж эдийн засагчид үздэг. Харин, арилжааны банкууд манай улсад инфляци жилийн 34 хувьд хүрсэн. Инфляцийг бууруулахын тулд Монголбанк удаа дараа бодлогын хүүгээ өсгөсөн. Энэ нь банкууд зээлээ хязгаарлахад хүргэсэн гэж тайлбарлаж байсан удаатай. Хэдийгээр тэд ийм тайлбар өгч байсан ч, өнгөрсөн сард арилжааны банкуудыг зээлээ гаргах боломжийг Монголбанк нээж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Монголбанк жилийн 14 хувьд хүргээд байсан бодлогын хүүгээ 12.75 хувь болгосон юм. Бодлогын хүү 1.25 хувиар буурсан төвбанкны үнэт цаасны хүү тэр хэмжээгээр буурсан гэж ойлгож болно. Тэр ч утгаараа, төв банкны зүгээс арилжааны банкуудад очих дарамт бага ч болтугай багассан. Үүнийгээ дагаад арилжааны банкууд зээлээ гаргаж эхэлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Харин банкууд зээлээ олгож эхэлсэн болов уу. ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Батсайхан: Ер нь бол Хаан банк 16 төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр харилцагчиддаа үйлчилдэг. Үүнээс гадна, бид төслийн 13 байгууллагатай хамтарч зээлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа. Үндсэндээ 30 төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг таатай биш байсан ч, зээлийн үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Сард 70 орчим мянган хүнд 20-30 тэрбум төгрөгийн зээл олгосоор ирсэн. Олгосоор ч байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол, хэрэглээний шинжтэй зээл олгож байгаа. Малчдад зориулсан зээл олгож байгаа. Бид энэ зээлийг олгосоор ирсэн. Одоо ч гэсэн олгосоор байгаа. Тухайн малчин хүнд малын тоо толгой ирээдүйд орж ирэх орлогоос хамаараад зээлийн хэмжээг тогтоож байгаа. Зээлийн хугацаа нэг хүртэлх жил байгаа. Хоёрдугаарт, ХААН банкаар дамжуулж цалингаа авдаг хүмүүсийн хувьд бид цалингийн зээл олгож байгаа. Цалингийн зээл бол, өнөөдрийн байдлаар 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 18 сар хүртэлх хугацаагаар олгож байна. Манай банкаар дамжуулан тэтгэвэр авдаг хүмүүс байгаа. Бид тэтгэврийн зээлээ 6 сар хүртэлх хугацаатайгаар олгож байгаа. Хамгийн бага хүүтэй зээл бол тэтгэврийн зээл байгаа. Сарын 1.5 хувийн хүүтэй ийм зээл байгаа. Бизнес эрхлэгч нарт зориулсан зээлүүд байгаа. Тухайлбал, шуурхай бичил зээл гэж бага жижиг бизнес эрхэлдэг богино хугацаанд эргэлддэг энэ хүмүүст богино хугацаагаар олгогддог зээл. Энэ бол 5 хүртэлх сая төгрөгийн зээл. Нэг жил хүртэлх хугацаатайгаар олгож байгаа. Энэ маань заавал үл хөдлөх хөрөнгө шаардахгүйгээр байгаа хөдлөх хөрөнгөө барьцаалаад, авч болдог ийм онцлогтой зээл. Эргэлтийн хөрөнгийн зээл буюу бизнес эрхлэгчдэд зориулсан зээл байгаа. Энэ бол, жижиг бизнэсээс авахуулаад томоохон бизнес эрхлэгчдэд аль алинд олгодог зээл байгаа. Эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр олох зээлийн бүтээгдэхүүн байгаа юм. Энэ зээлд дээд хэмжээ, доод хэмжээ гэж байхгүй. Зээлдэгч зээлээ эргүүлэн төлөх чадварт нь тулгуурлаж зээл олгодлог. Зээлийн хугацаа бол 1- 1.5 жилийн хугацаанд зээлээ эргүүлэн төлөх боломжтой байгаа. За мөн эргэлтийн хөрөнгийн зориулалттай бас нэг зээл бол, шугамын зээл гэж байгаа. Нэг удаа шугамын эрх нээлгэвэл тэр хугацаанд заавал банк руугаа эргэж хандахгүйгээр эрхийхээ хэмжээнд хэдэн ч төгрөгийн зээл аваад, эргүүлээд төлж болдог. Ийм бүтээгдэхүүн байгаа. Жаахан хязгаарлалттай явж байгаа зээл бол орон сууцны зээл байгаа. Бид ямар хязгааралт хийж байгаа вэ гэхээр Хаан банктай хамтран ажиллаж байгаа. Хаан банкнаас зээл аваад орон сууц баричихсан байгаа ийм 25 компани байгаа. Энэ 25 компани дотор 2 төрлийн шалгуур тавьсан юм. Нэгдүгээрт танай барилгын ажлын явц чинь 80-аас дээш байх хэрэгтэй. 2-рт та бүхэн иргэдэд үзүүлж байгаа, орон сууц зарж байгаа үнэ дээрээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээч. Зээлээр олгож байгаа тохиолдолд гэсэн ийм 2 шаардлага тавиад, ийм хоёр шаардлагаа биелүүлж байгаа. 10 компанитай гэрээ байгуулаад энэ компанийн орон сууцыг худалдан авч байгаа хүмүүст сарын 1.6-1.8 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зээлийг олгож байгаа гэсэн юм.

-Малчдын зээл-

Малчид банкны зээлд хамрагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар малчдад зөвхөн ХААН банк зээл олгож байгаа хэмээн төвбанкныхан хэлж байна. Малчдад малаас өөр хөрөнгө гэж үгүй. Тиймээс ч тэд хотон дахь малаа барьцаалж банкнаас зээл авдаг байна. Тэд ноолуураа худалдаж байж зээлээ төлнө гэж тооцоолсон ч, малын гаралтай түүхий эдийн үнэ дотоодын зах зээлд хэд дахин унасан. Энэ нь банкнаас авсан зээлээ эргэн төлөх боломжгүйд хүргэсэн. Үүнээс үүдээд малчдын мал ХААН банкны барьцаанд орсон гэх мэдээлэл сүүлийн үед их гарах боллоо. Үүнд ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Батсайхан: Бүх малчид банкнаас зээл аваад, Хаан банк бүх малыг нь хураагаад байгаа юм огт байхгүй гэсэн юм. Тэрбээр ХААН банк өнөөдөр малчдын бүх хөрөнгө буюу малыг барьцаалчихаад байгаа зүйл байхгүй. Манай улс 170 орчим мянган малчинтай. Үүний 60 орчим мянган малчин өнөөдөр Хаан банкны зээлд хаамрагдаад байгаа гэв. Малчдын зээлийн эргэн төлөлт ямар байгааг түүнээс тодруулахад: Банкны зээлийн эргэн төлөлт 96 орчим хувь байна гэсэн юм. Тэгэхээр нийт малчдын 30 орчим хувь нь ХААН банкны зээлд хамрагджээ. Зээлийн эргэн төлөлт өнгөрсөн онд 99 орчим хувь байсан бол, энэ онд 3 орчим хувиар буурсан байна. Хэдий тийм боловч малчид өөрсдийн өмч болох малаа банкны зээлд өгөхгүй гэх баталгаа байхгүй. Өөнөөдөр малчин та нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөрийг төлөхийн тулд банкнаас зээл авлаа. Тэр оюутан их, дээд сургуулиа төгсч ажилттай болтол дор хаяж таван жил шаардагдана. Тэр болтол малчид банкнаас оюутны сургалтын төлбөрийг төлөхийн тулд зээл авсаар байх уу. Энэ нь тийм ч оновчтой алхам биш. Ер нь малчид банкнаас зээл авдаг ч, түүнийгээ зөв зохистой ашиглаж чаддаггүй гэж эдийн засагчид шүүмжилдэг. Энэ талаар Монголбанкны Гадаад тооцооны газрын дарга, Москвад Олон улсын хамтын ажиллагааны банкинд зөвлөхөөр ажиллаж байсан, ахмад эдийн засагч Жигжидсүрэн:Банкны зээлийн ач холбогдол, түүнийг зөв зохистой ашиглаж чадахгүй бол алдагдалд орно гэв. Зээлийг онцын шаардлагагүй үед авах хэрэггүй. Хэрэв түүнийг өсгөж үржүүлж чадахгүй бол эцэстээ эргээд өр болдог. Зээлийг өсгөж өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор авах хэрэгтэй. Хэрэв малчид банкнаас зээл авсан бол, түүгээрээ үйлдвэрлэл эрхэлж, олсон ашгаараа өрхийн орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, сүүний үйлдвэрийн үнээ аваад, фирмерийн аж ахуйд өгч болно. Ноос ноолууран бүтээгдэхүүн хийж болно гэж зөвлөв. Хаан банкны дэд захирлын орлогч Батсайхан: Өнөөдөр ХААН банк малчдад нэг жилийн хугацаагаар, жилийн 2.5 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Хэрэв малчид үйлдвэрлэлийн сайн төсөл боловсруулаад ирвэл малчдад урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох бололцоотой гэв.

-Банкуудын зээлийн төрөл-

Сүүлийн үед банкууд зээл олгох нь багассан. Үүнээс үүдээд зээл авах нь тэнгисээс сувд шүүрэхтэй адил болоод байгаа билээ. Тэр ч утгаараа зээлийн шаардлага, шалгуураа банкууд өндөрсгөж байгаа. Энэ үед ХААН банк зөвхөн орон сууцны зээлийн шаардлагыг өндөрсөгсөн гэж эх сурвалж хэлсэн. Тус банк баригдаж байгаа барилгын явц 80 хувьтай байгаа 10 гаруй компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Эдгээр 10 компанийн орон сууцнаас худалдаж авах иргэдэд зээл олгож байгаа. Зээл олгохдоо орон сууцны үнийн дүнгийн 70 хувийг олгож байгаа. Харин 30 хувийн урьдчилгааг иргэд өөрсдөө төлөх ёстой гэсэн. Энэ банк зээл гаргахдаа мөнгөний дээд болон доод хэмжээг тогтоохгүй байгаа. Ер нь тус банкны зээлийн хүү сарын 2-2.5 хувь байгаа юм байна. ХААН банк зээл гаргаж байгаа бол, бусад банкууд ямар зээл гаргаж байна вэ. Голомт банк өмнө нь 20 гаруй төрлийн зээлийн үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг байсан. Тэгвэл, өнөөдөр тус банк орон сууцны, хэрэглээний, цалингийн, автомашины болон бизнесийн зээл гаргаж байгаа юм. Орон сууцны зээлд хамрагдахын тулд тухайн худалдан авч байгаа орон сууцныхаа 40 хувийн урьдчилгааг төлөх ёстой юм байна. 120 сая хүртэлх төгрөгийн 10 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр орон сууцны зээл авч болох юм байна. Тэгвэл зөвхөн Номин электорниксоор худалдаалагдаж байгаа орон сууц худалдан авсан иргэд хэрэглээний зээлд хамрагдах боломжтой юм байна. Энэ зээлийн дээд хэмжээ 3.5 сая төгрөг, нэг жилийн хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй юм. Харин цалингийн зээл нь нэг жилийн хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэй. Цалингийн зээлийн дээд хэмжээ 1.5 сая төгрөг гэсэн. Автомашины зээлийн тухайд нэг жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй юм байна. Энэ зээлийн дээд хэмжээ 10 сая төгрөг гэсэн. Тухайн банктай хамтран ажилладаг компаниудаас автомашин худалдан авсан тохолдолд автомашины зээлд хамрагдах бололцоотой гэв. Тус банкнаас гаргаж байгаа бизнесийн зээл нь: нэг жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй юм байна. Энэ зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг байгаа гэж тус банкны мэргэжилтэн Уранцэцэг хэлсэн. Голомт банк дээрх зээлийг олгож байгаа бол, ЗООС банк хадгаламж барьцаалсан болон төслийн зээл гаргаж байгаа юм байн. 100-250 сая төгрөгийн төслийн зээлийг тус банкнаас авч болох юм байна. 100 сая төгрөг зээлж байгаа бол, жилийн хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй юм байна. Харин 250 сая төгрөг зээлэх бол, 2 жилийн хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй юм байна. Хэрэв хадгаламж барьцаалж зээл авах бол, хадгалмжийн хүүгээ авахгүй. Дээр нь нэмж 0.5 хувийн хүү төлөх ёстой байдаг юм байна. Монголшуудан банк өнөөдөр зээл олгож байна уу гэвэл, олгож байна. Гэхдээ энэ банк зөвхөн орон сууцны зээл олгож байгаа юм. Орчлон констракшн болон Эм Би Си компанийн барьж байгаа орон сууцнаас иргэд худалдах авах тус компанийн орон сууцны зээлд хамрагдаж болох юм байна. Өмнө нь тус банк орон сууцны зээл гаргахдаа урьдчилгаа 30 хувь авдаг байсан. Харин урьдчилгаанд 50 хувийг авч байна. Өөрөөр хэлбэл хэлбэл, орон сууцны үнийн дүнгийн 50 хувийг иргэн та төлж, харин үлдэх хувийг энэ банкнаас зээлж болно гэсэн үг. Энэ зээлийн хугацаа найман жил, сарын 1.9 хувийн хүүтэй. Монгол шуудан банк зөвхөн орон сууцны зээл олгож байгаа бол, Капитрон банк ямар зээл гаргаж байна вэ. Капитрон банк өнөөдөр орон сууцны, цалингийн, хадгаламж барьцаалсан зээл олгож байгаа юм. Тус банкны санхүүжилтээр баригдсан Ами, Энфикс зэрэг компанийн байрнаас худалдаж авах иргэн, Капитрон банкны орон сууцны зээлд хамрагдах боломжтой гэсэн. Орон сууцны зээл 10 жилийн хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй юм байна. Гэхдээ урьдчилгаанд 40-50 хувийг төлсөн байх шаардлагатай юм. Тус банкны цалингийн зээлд зөвхөн тус банкаар дамжуулж цалингаа авдаг иргэд хамрагдах боломжтой гэсэн. Зээлдэгчийн 6 сарын цалингийн 60 хувьтай тэнцэх мөнгийг цалингийн зээлд гаргадаг гэсэн. Ингэхдээ, нэг жилийн хугацаатайгаар, сарын 2.8-3 хувийн хүүтэйгээр олгодог байна. Хадгаламж барьцаалсан зээлийн тухайд зээлдэгч хадгалмжийнхаа 80 хувьтай тэнцэх мөнгийг авч болдог байна. Ингэхдээ, хадгаламжийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар авч болдог байна. Тус банкны хадгаламж барьцаалсан зээлд хамрагдвал, хүү нь сарын 0.3 хувь байдаг байна. Нэмж хэлэхэд, хугацаагүй хадгаламжтай хүмүүс, хадгаламж барьцаалсан зээлд хамрагдах бололцоогүй гэдгийг тус банкны мэргэжилтэн Нарантуяа хэлсэн. Ер нь өнөөдөр банкууд зээл гаргаж байгаа хэдий ч, зээлийн нэр төрөл багассан нь илт.

-Зарим арилжааны банк зээлээ зогсоов- 

Харин зарим арилжааны банкууд зээлээ зогсоогоод байгаа юм. Тиймээс арилжааны банкуудаас ямар зээлийн үйлчилгээгээ зогсоогоод байгааг тодруулсан юм. Зоос банк зээлийн бүх үйлчилгээгээ зогсоожээ. Харин Монгол шуудан, Анод банк орон сууцны зээлээ зогсоогоод байгаа юм. Хадгаламж, Худалдаа хөгжил, Голомт зэрэг банкууд бүхий л зээлийн үйлчилгээгээ үзүүлж байгаа ч, өмнө нь чөлөөтэй олгодог байсан зээлийн шалгуурыг өндөрсгөсөн гэлээ. Энэ тухай Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал Энхтуяа: Манайх зээлээ хаагаагүй. Харин зээлд хяналт шалгуурыг өндөрсөгсөн. Энэ нь санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг гэсэн юм. Хэдийгээр Голомт банк бүх зээлийн үйлчилгээгээ үзүүлж байгаа гэсэн боловч, тус банкны зарим ажилчид цалингийн зээлээс бусад зээлээ хаасан гэж хэлж байна. Мөн Худалдаа хөгжлийн банк өмнө олгодог байсан зээлээ олгож байгаа. Нөхцөл шаардлагуудаа өндөрсгөсөн гэсэн тайлбарыг өгсөн юм. Үнэхээр банкууд наанаа зээл олгож байгаа мэт боловч, үнэн хэрэг дээрээ цаагуураа зээл хумигдаж байгаа нь үүнээс харагдаж байна. Энэ нь сар бүр статистикийн газраас гаргадаг судалгаанаас харагдана. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ сард зээл олголт өнгөрсөн сараас 7 орчим хувиар буурсан тоо гарчээ. Монголбанк Үнэт цаасны хүүгээ нэмэгдүүлсэн нь банкуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг хумихад хүргэсэн гэж хэлж болно. Инфляцийн түвшин жилийн 34, оны эхнээс 24, сарын эхнээс 3.7 хувьтай гарч байна. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө их байгаагаас инфляцийн түвшин буурахгүй, ихсэхэд нөлөөлж байна гэж төвбанк үзэж байгаа юм. Тиймээс мөнгөний хатуу бодлогыг баримталж, иргэдийн гар дээр эргэлдэж байгаа бэлэн мөнгийг хумих үүднээс төвбанкны үнэт цаасны хүүг мөн оны гуравдугаар сард 9.75 хувь, харин есдүгээр сард 10.25 хувь болгосон юм. Нэг ёсондоо банкуудад арилжаалдаг төвбанкны үнэт цаасны хүүг нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Энэ нь арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүүтэй мөнгө зээлснээс төвбанкны үнэт цаасыг худалдаж авсан нь ашигтай гэсэн үг юм. Тэр ч утгаараа зээлээ хумиад байгаа хэрэг. Тэгэхээр инфляцийн түвшин бууртал, төвбанк бодлогын хүүгээ дахин бууруултал иргэдэд орон сууцны болон бусад төрлийн зээлийн үйлчилгээг чөлөөтэй авч чадахгүй юм байна. Энэ бол тодорхойгүй хугацаа юм. Банкуудын эрсдлээс хамгаалах цорын ганц алхам хадгаламжийнхаа багахан хэсгийг эргүүлэн зээлд гаргах алхам байдаг тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс банкууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс харилцагчдынхаа хадгалуулсан мөнгөний хичнээн хувийг зээлд эргүүлэн гаргаж байгаа тухай тодруулсан юм. Ихэнх банкууд хадгаламжийнхаа 50-аас доош хувийг зээлд эргүүлэн гаргадаг. Худалдаа хөгжлийн банк бүр 20 орчим хувийг зээлд гаргаж эрсдэлээс хамгаалж байгаа гэв. Гэтэл Голомт банк нийт хадгаламжийнхаа 60 орчим хувийг зээлд эргүүлэн гаргаж байгаа гэлээ. Эндээс Голомт банк иргэдийн хадгалуулсан мөнгөний дийлэнх хувийг зээлд эргүүлэн гаргаж байгаа нь өөрөө эрсдэлтэй алхам гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Сүүлийн үед банкууд зээл хумиж, харин хадгаламжийнхаа хүүг өндөрсөгөж байна. Бүхий л банк хадгаламжийнхаа хүүг 2 орчим хувиар нэмэгдүүлээд байгаа. Энэ нь нэг талаас иргэдийн гар дээр байгаа хадгаламжинд төвлөрүүлж, иргэдийн гар дээр эргэлдэж байгаа бэлэн мөнгийг татах арга хэрэгсэл юм. Мөнгөний худалдан авах чадвар сулрах болсон тул иргэд банкнаас мөнгөө татах болсон. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний урсгалыг хааж, банкуудад бэлэн мөнгийг төвлөрүүлэх үүднээс, хадгаламжийнхаа хүүг өсгөөд байгаа юм байна.

-Арилжааны банкуудын хадгаламжийн төрөл-

Манай улсад одоогоос хэдэн жилийн өмнө арилжааны 17 банк үйл ажиллагаа явуулж байлаа. Жишээ татах зорилгоор тэдний хадгаламжийн хүү, хадгаламжийн төрлийг сонирхов. 

ХААН банкны хугацаатай хадгаламж жилийн 16.2 хувийн хүүтэй байгаа бол, 50 сая төгрөг хүртэлх хугацаагүй хадгаламж жилийн 8.6 хувийн хүүтэй байгаа юм байна. Харин 50 саяас дээш хэмжээний монгол төгрөг тус банкинд хадгалуулбал жилийн хүү нь 10 хувь байгаа юм байна. Хугацаатай, хугацаагүй хадгаламжаас гадна, тус банк залуу гэр бүлийн хадгаламж, урьдчилсан хүүт хадгаламж, боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламж, малчдын хадгаламж гэсэн санхүүгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм байна. Залуу гэр бүлийн хадгаламж болон урьдчилсан хүүт хадгаламжийн хүү жилийн 15 хувь байгаа бол, боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн жилийн хүү 18 хувь, харин малчдын хадгаламжийн жилийн хүү 16.2 хувь юм байна. ХАС банкны хуримтлах буюу хугацаатай хадгаламжийн жилийн хүү 16.7 хувь байгаа бол, дэвжих буюу хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 9.1 хувь байна. Эдгээрээс гадна, тус банк ундрах, хас өргөө, ирээдүйн саятан, насны нүнжиг зэрэг хадгаламжийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм байна. Сар бүр хүүгээ авч болдог, ундрах хадгаламжийн жилийн хүү 15 хувь гэсэн. Тэгвэл, орон сууц худалдаж авахад зориулсан хас өргөө хадгаламж жилийн 14 хувь юм байна. Ирээдүйн саятан буюу хүүхдийн хадгаламжийн жилийн хүү 16.7 хувь байгаа бол, 5 дээш жилийн хугацаатай насны нүнжиг хадгалжмийн жилийн хүү 16.7 хувь юм байна. Ер нь тус банкны хадгаламжийн хамгийн өндөр хүү нь 16.7 хувь юм байна. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны хугацаатай энгийн хадгаламж жилийн хүү 15.6 хувь байгаа бол, хугацаагүй хадгаламж жилийн 15.6 хувь байгаа юм байна. Тэгвэл, сар тутам хүүгээ авах бололцоотой гэгддэг урьдчилсан хүүт хадгаламжийн жилийн хүү 15 хувь, хүүхдийн хадгаламж жилийн 17.8 хувь байгаа юм байна. Харин 10 сая төгрөгөөс дээш төгрөг хадгалуулах ёстой нөхцөлт хадгаламжийн жилийн хүү 15.7 хувь байгаа юм байна. ЗООС банк хугацаат хадгаламжиндаа жилийн 18 хувийн хүү бодож байгаа бол, хугацаагүй хадгаламжиндаа жилийн 9.6 хувийн хүү бодож байгаа юм байна. Тэгвэл, сар бүр хадгаламжийнхаа хүүг авч болдог урьдчилсан хүүт хадгаламжийн жилийн хүү 18 хувь, үржих хадгаламж буюу хүүгээс хүү тооцдог хадгаламжийн жилийн хүү 16.8 хувь юм байна. Орлого, зарлага хийж болдоггүй нөхцөлт хадгаламжийн жилийн хүү 18.6 хувь байгаа бол, Эрдмийн сан хүүхдийн хадгаламж жилийн 18 хувийн хүүтэй юм байна. Эдгээрээс гадна тус банк цалин авдаг иргэдэд зориулсан хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Их, бага хичнээн төгрөг ч хийж болдог цалингийн хадгаламж буюу Их монгол-800 хадгаламжийн хүү 14.64 хувь байдаг байна. Монгол шуудан банкны хугацаагүй хадгаламж жилийн 8.4 хувь байгаа юм. Тэгвэл орлого нэмж хийх бололцоогүй хатуу нөхцөлт хадгаламж жилийн 18.6 хүүтэй. Харин орлого нэмж хийх бололцоотой хадгаламж жилийн 15 хувийн хүүтэй юм байна. Сар тутам хадгаламжийнхаа хүүг авах бололцоотой алтан боломжийн жилийн хүү 15.4 хувь байгаа бол, алтан ундарга, жигмэд тогмид, сурагчдын ирээдүй зэрэг хадгаламжийн хүү тус банкны тухайн жилийн хамгийн өндөр хүүгээр бодогддог юм байна. Одоогоор тус банкны хадгамжийн жилийн хамгийн өндөр хүү 18,6 хувь байгаа юм. Дээрх хадгаламжуудын хүү ийм хэмжээтэй байгаа гэж ойлгож болно. Гэх жишээтэй манай улсын арилжааны банкууд 10 гаруй жилийн өмнө зээлийн болон хадгаламжийн дээрх үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, харилцагчдад үзүүлж ирсэн юм.

-Арилжааны банкуудын хадгаламж өсч, зээл дагаад нэмэгдэв-

2010.07.10. Үндэсний статистикийн хорооноос энэ үед манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулахад, арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өсч байгааг дуулгав. Тухайн үед арилжааны банкуудын зах зээлд гаргасан зээл 2 их наяд 882 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсны 402 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байсан юм. Үүнээс бусад үзүүлэлтүүд харьцангуй сайжирч байсныг Үндэсний статистикийн хорооныхон онцолж байлаа. Тухайлбал, арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сараасаа 1 хувиар, өмнөх оны мөн үеэсээ 12,6 хувиар өссөн байв. Нэг талаас зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдэх нь таагүй ч, нөгөө талаас арилжааны банкуудын бодит зах зээл рүү гаргах мөнгөний хэмжээ нэмэгдсэнийг илтгэж байсан юм. Тиймээс зээлийн өрийн үлдэгдэл өсч байсныг сайн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооныхон дүгнэхэд хүрч байсан цаг үе юм. Үүнээс гадна, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл буурч байсан нь эдийн засагт сайн дохио өгч эхэлсэн юм. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өмнөх сараасаа 11,6 хувиар, өмнөх оны мөн үеэсээ 25,9 хувиар буурсан байв. Тэгвэл 2010.07.24-ний хавьцаа төвбанкныхан монгол улсын макро эдийн засаг сайжирч байгаагийн хэрээр банкны салбар сэргэж, банкуудын үйл ажиллагаа сайжирч байгааг мөн онцолж байсан юм. Тэр үеийн Монголбанкны хяналт, шалгалтын газрын дарга, өнөөгийн төвбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн:Арилжааны банкуудын хадгаламжийн хэмжээ нэмэгдэж байгаагийн хэрээр, тэдний зээлийн хэмжээ өсч байгаа. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурч байгаа нь банкны салбар сэргэхэд нөлөөлж байгааг онцолж байсан юм. Ингэж явсаар 2012 оны есдүгээр сарын байдлаар арилжааны банкуудын хадгаламжийг хямралын үетэй харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлт гарсан юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын хадгаламж 4,5 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг өнгөрсөн сартай нь харьцуулахад 3,8 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй нь харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм. Арилжааны банкуудын хадгаламж өссөнтэй зэрэгцэн зээлийн хэмжээ мөн өссөн дүнтэй гарах нь тэр. Тодруулбал, арилжааны банкуудын зээл өнгөрсөн оны мөн үеэсээ 35 хувиар өсч, 6,8 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Үүний 117 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн зээл, 306 тэрбум төгрөг нь чанаргүй зээл байлаа. Хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн оны мөн үеэсээ 93 хувиар өссөн бол, чанаргүй зээл 14 хувиар буурсан үзүүлэлт гарч байсан юм. 

-Арилжааны банкууд зээлийн хүүгээ хэрхэн тогтоодог вэ-

Ер нь арилжааны банкууд хадгаламжийн хүү дээрээ үйл ажиллагааны зардал, эх үүсвэрийн зардал, эрсдэлийн түвшин, өрсөлдөгч банкуудын хүү, цэвэр ашгаа нэмж зээлийн хүүгээ тогтоодог. Үүнийг бүр энгийнээр тайлбарлавал, арилжааны банкууд нэг жилийн хугацаатай хадгаламжид 10 хувийн хүү төлж байгаа бол, үүн дээрээ дээрх хүчин зүйлсийг нэмж нэг жилийн хугацаатай зээлээ 15 орчим хувиар гаргах жишээтэй. Тэд иргэд, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж татаж, үүнийгээ арай өндөр хүүтэй зээлд гаргаж дундаас нь ашиг олдог учраас тэр юм. Тэр ч утгаараа, арилжааны банкуудын хадгаламжийн болон зээлийн хүү ямагт хоорондоо уялдаатай явж ирсэн. Хадгаламжийн хүү өсвөл зээлийн хүү дагаад өсдөг гэж ойлгож болно. Гэхдээ эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү буураагүй байхад зээлийн хүү буурах тохиолдол бий. Харилцагчдаа алдахгүй байх үүднээс хадгаламжийн хүүгээ бууруулаагүй ч, банкуудад зээлд гаргах хөрөнгийн эх үүсвэр хангалттай байгаа тохиолдолд үүнийгээ сул зогсоож байхаар бага хүүтэй зээлд гаргах явдал хаяа гардаг юм. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол. Арилжааны банкууд хадгаламжид өндөр хүү амлах нь харилцагчдад ашигтай ч, хамгийн гол нь зээлийн хүү буурахгүй байх нөхцөлийг бий болгодог. Гэвч бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаа явуулаад, дундаас нь ашиг олж хөл дээрээ тогтоно гэдэг тэнгисээс сувд, тэнгэрээс од шүүрэхтэй адил. Тиймээс Монголбанкнаас арилжааны банкуудын зээлийн талаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд хэдэн жилийн өмнө судалгаа явуулжээ. Үүгээр дийлэнх нь 6-8 хувийн хүүтэй зээл арилжааны банкуудаас авч чадвал үйл ажиллагаагаа өргөжүүлж, боломжийн ашиг олох боломжтой гэж хариулсан байна. Гэвч арилжааны банкууд үүнээс өндөр хүүтэй хадгаламж татаж буйг яалтай. Тиймээс төвбанкнаас арилжааны банкуудын хадгаламжийн үйлчилгээнд сонирхолтой судалгаа явуулжээ. Хадгаламжийн хүү яагаад өндөр байдаг вэ гэсэн асуултад дийлэнх нь бусад банкуудын хүүг харгалзан үздэг гэсэн хариулт өгчээ. Эндээс арилжааны банкуудын хадгаламжийн хүү буурдаггүйн нэг шалтгаан нь харилцагч татахын тулд бие биетэйгээ өрсөлдөж өндөр хүү амладаг болох нь харагддаг. Хадгаламж эзэмшигчдээ бусад банкинд алдахгүйн тулд өндөр хүү амладаг уу гэсэн асуултад арилжааны банкуудын дийлэнх нь тийм гэсэн хариулт өгсөн байгаа юм. Ийнхүү инфляци өсч, хадгаламжийн хүү өндөр үед зээлийн хүү буурахгүй байх гол шалтгаан болдог. 

-Гадаадын банкууд олширч зээлийн хүүгээр хүүлдэг үү-

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: арилжааны банкуудын дунд бодит өрсөлдөөн явагдахгүй байгаа учир зээлийн хүү буурахгүй байна. Тиймээс дэлхийн нэр хүндтэй банкуудыг дотоодын зах зээлд монголын банкуудтай өрсөлдүүлж зээлийн хүүг бууруулах боломжтой. Гадаадын томоохон банкуудыг монголын зах зээлд оруулах үүд хаалгыг нээж өгнө гэж олон жилийн өмнө мэдэгдэж байсныг энд дурдахад илүүдэхгүй биз ээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж: Банкны салбар гаднынхны гарт орлоо гэдэгтэй санал нийлдэггүй. Тэгээд ч банкны салбарт аюул нүүрлэхээр хэмжээнд гадаадын болон дотоодын банкуудын харьцаа алдагдчихаагүй байгаа. Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдаас татгалзаж боломгүй цаг үе хэмээн хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан нь үеийн үед төвбанкны удирдлагуудын санаа бодол нийлдэг, энэ байгууллага нэг бодлогоор явдаг нь илт. Тэгвэл зарим эдийн засагчид гаднын хөрөнгө оруулалттай банкууд монголчуудыг зээлийн хүүгээр дарамталж байна гэж шүүмжилж байсан удаатай. Тухайлбал, эдийн засагч Л.Доёд: Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын тав нь гаднын хөрөнгө оруулалттай. Бид банкны салбарт гадаад хөрөнгө оруулагчдыг ихээр оруулсан гэж хэлж болно. Яагаад гэвэл төрийн мэдэлд байсан банкуудыг үндсэн нь гадаадынханд худалдсан. Эхнийх нь Худалдаа хөгжлийн банк, дараагийнх нь Хөдөө аж ахуйн банк, түүний дараагийнх нь Хадгаламж банк. Эдгээрээс гадна гаднын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Голомт, Хас банкууд байна. Энэ банкууд бүгдээрээ монголын санхүүгийн зах зээл, тэр дундаа банкны салбарт голлох байр суурь эзэлдэг. Тиймээс би банкны салбарыг гадныханы хяналтад орсон гэж үзэж байгаа юм. Энэ бол үгүйсгэх аргагүй факт. Тэд монголд зээлийн өндөр хүү хэрэглэгчдэд тулгаж байна. Энэ бол бизнес эрхлэгчдийг болон жирийн хэрэглэгчдийг хүнд байдал оруулж өндөр хүүгээр хүүлж байгаа явдал. Дэлхийн жишгээс харахад санхүүгийн хүндрэлтэй тэмцэхийн тулд бүгдээрээ зээлийн хүүгээ бууруулж байхад, Монгол ганцаараа нэмсэн нь хямралыг зөөлрүүлэх биш, харин ч хүндрүүлсэн. Тиймээс гаднын хөрөнгө оруулалттай банкуудыг цөөлж, үндэсний хэмжээний банкуудтай болвол зээлийн хүүгийн ашгаас олох мөнгө нь монголчуудын халаасанд ядаж үлдэх юм даа гэж хэдэн жилийн өмнө шүүмжилж байлаа.

-Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан ч дэмжигдсэнгүй-

Тиймээс тэр үед Эдийн засгийн байнгын хороо арилжааны банкуудын зээлийн хүүг сарын 1 хувь, жилийн 12 хувь болгох хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлж байсан ч, дэмжигдээгүй юм. Хэрэв зээлийн хүү буурвал бизнес эрхлэгчдэд сайнаар нөлөөлөх ч, банкуудад ашиггүй тусах байсан учраас тэр. Хэрэв УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналыг УИХ дэмжсэн бол, тухайн үед дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан банкуудыг дампуурал руу хөтлөх байсныг эдийн засагчид хэлдэг. Банкны салбар хүнд байхад зээлийн хүүг хэсэгтээ бууруулах бололцоогүй. Одоогоор зээлийн хүүг буулгах боломжгүй. Банк санхүүгийн систем эрүүлжээд ирвэл зах зээлийнхээ өрсөлдөх зарчмаар зээлийн хүү аяндаа буурна гэсэн тайлбарыг ч тэр үеийн төвбанкны удирдлага өгч байсан удаатай. Тиймээс арилжааны банкуудын зээлийн хүүг хүчээр буулгах оролдлого хийх нь буруу гэдэг хатуухан анхааруулгыг төрийн түшээд эдийн засагчдын зүгээс аваад хоцорсон юм. Тэгвэл сүүлийн үед энэ эмзэг салбар руу төрийн түшээд, улс төрчид гээд хэн дуртай нь дур мэдэн гар дүрэх боллоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран шийдвэр гаргаж, 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагуудад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэсэн юм. 

-Зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн нэгдсэн цахим хуудас-

Дашрамд дурдахад, УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28 өдрийн 21 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх дэд арга хэмжээний 2.4.2.-т Банкны санал болгож байгаа зээлийн хугацаа, хүү, шимтгэл, хураамжийг зээлийн төрөл бүрээр харьцуулсан мэдээллийг тогтмол гаргаж, банкны харилцагч, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн нэгдсэн цахим хуудсыг боловсруулж олон нийтэд зарлахад бэлэн болжээ. Иргэн, аж ахуйн нэгж www.mongolbank.mn/loanrate цахим холбоосоор орж, бүтээгдэхүүн сонгох цэснээс өөрийн хэрэгцээнд тохирох зээлийг сонгон, банкуудын санал болгож буй зээлийн нөхцөлүүдийг түргэн хугацаанд харьцуулан харах боломжтой болж байгаа юм. Манай улсын арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр, үүнийгээ дагаад зээлийн хүү өндөр байгааг эндээс харж болохоор байна. Ер нь длхий дахинаа гаднаас бага хүүтэй мөнгө зээлж, үүнийгээ арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгалуулж дундаас нь ашиг олж болох дүр зураг ажиглагддаг. Энэ асуултад өмнө нь Монголбанкны Валют эдийн засгийн газрын хэлтсийн захирал Болд: Гаднаас бага хүүтэй мөнгө зээлж үүнийгээ арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгалуулсан эсэхийг хянах боломжгүй ч, гадаадын аж ахуйн нэгжийн хадгаламж нэмэгдэж буйг онцолж байсныг дурдахад илүүдэхгүй биз ээ.

-Зээлийн хүүг буулгах өөр гарц бий юу-

Аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө босгодог нэг үүсвэр арилжааны банкууд байсаар удаж байна. Тэд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож чадахгүй байгаагаас арилжааны банкуудыг хүссэн хүсээгүй царайчилж, зээл авч байгаа хэрэг юм. Судалгаанаас харахад, манай аж, ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь арилжааны банкуудаас зээл авч, эргэлтийн хөрөнгөтэй болж байхад, ердөө 10-хан хувь нь хөрөнгийн зах зээлээс мөнгө босгодог байх юм. Эндээс арилжааны банкуудын зээл ямар их эрэлттэй байгаа нь харагдаж байна. Эрэлт ихэсвэл, үнэ өсдөг гэх зах зээлийн зарчим бий… Энэ жишгээр, зээлийн эрэлт их байгаагас болж, арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй… өдрөөс өдөрт өсгөж байна гэж хэлж болохоор байна. Аж ахуйн нэгжүүд хэнээс, хичнээн төгрөгийн зээл, ямар хүүтэй авах нь хамаагүй асуудал. Гэхдээ хамаагүй гээд орхиж боломгүй сэдэв аж. Яагаад гэхээр, аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл аваад, үйл ажиллагаа явуулж, хөл дээрээ тогтох гэсээр байтал, нөгөөх авсан зээл эргээд төлөгдөх хугацаа болдог байна. Тэгээд ч аж ахуйн нэгжүүд банкнаас авсан зээлээ бараг хоёр дахин нугалж төлж байгаа нь нууц биш. Эндээс аж ахуйн нэгжүүд ядарч олсон ашгаа зээлийн хүүд төлж, шууд утгаараа өөрсдөө хөрөнгөжих бус, арилжааны банкуудыг тэтгэж байгаа нь харагддаг. Эндээс зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэсэн асуулт гардаг юм. Арилжааны банкуудыг зээлийн хүүгээ бууруул гэж шаардвал мэдээж дийлэнх нь үгүй гэж хариулах байх. Тэгвэл яавал тэдний зээлийн хүүг буулгаж болох бол. Үүнд эдийн засагчид, эрдэмтэн, судлаачид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй гэсэн ганцхан хариулт өгдөг. Хөрөнгийн зах зээл хөгжиж, аж ахуйн нэгжүүд тэндээс мөнгө босгодог болчихвол, арилжааны банкуудын зээлийн эрэлт буурна. Тэр цагт арилжааны банкууд зээлийн хүүгээ хүссэн, хүсээгүй буулгана гэж эдийн засагчид үздэг юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд ноёрхолоо тогтоосон арилжааны банкуудад өрсөлдөгч бий болгох хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Гэхдээ, эндээс өрсөлдөгчийг яаж хөгжүүлэх вэ гэсэн асуулт дахиад л урган гарна. Үүнд Мосдак дилерүүдийн арилжааны төвийн менежер Буянхишиг: Сүүлийн үед хувьцаат компаниуд дампуурч, хүмүүсийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл суралч байгаагаас гадна, энэ салбарын хөгжилд тушаа болж байгаа бас нэг зүйл бол, хувьцаа эзэмшигчид үнэт цаас худалдах болон худалдан авахдаа брокер дилерийн компаниар дамждаг явдал гэнэ. Тодруулбал, манайхан хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авахад, брокер дилерийн компанид эхлээд хандаж, ямар хувьцаа худалдан авахаа захиалдаг. Хувьцаа худалдахад мөн л дээрх шат дамжлагыг баримталдаг. Ингэж брокер дилерүүдийн пүүсээр дамжуулдаг тул, тухайн брокер дилерүүдийн компаниуд, хувьцаа эзэмшигчдийн мөнгийг дундаас нь эргэлдүүлдэх. Эсвэл иргэдийн хувьцааг зарим тохиолдолд дур мэдэн худалдах үйлдэл мэр сэр гардаг байжээ. Энэ нь хүмүүсийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг сулруулдаг байна. Тиймээс үнэт цаасны арилжааг брокер дилерүүдийн компаниудаар дамжуулахгүйгээр хувьцаа эзэмшигчид өөрсдөө арилжаанд шууд оролцдог байвал дээрх алдаа дутагдал арилна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд техник технологийн шинэтгэл хийж, дэлхийн хөрөнгийн биржүүдийн ашиглаж байгаа программыг нэвтрүүлж, хувьцаа эзэмшигчид цахимаар үнэт цаасны арилжаанд шууд орвол, иргэдийн хувьцаанд итгэх итгэл нэмэгдэнэ, хөрөнгийн зах зээл хөгжинө гэж үзэж байгаа юм. Хөрөнгийн зах зээл ингэж сэргэсэн цагт дээрх асуулт бүрэн утгаараа шийдлээ олно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.