Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Т.Мотеги бараалхав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэсэн юм. Үүний дараа хоёр орны гадаад харилцааны сайдууд албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван манай улсын гуравдагч хөрш, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Сүгагийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгаагаараа онцлог гэдгийг тодотголоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги  дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн буюу 230 гаруй сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээлийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн КОВИД-19 цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүн талархал илэрхийллээ. Тэрээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив. Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов. Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй 5 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм.

Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Япон улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн манай гуравдагч хөрш Японтой харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсанд баяр хүргээд Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нар цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал зорилт гэдэгт хоёр тал санал нэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбаруудад Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэсэн юм.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.