Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   10 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 19, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

У.Хүрэлсүх: Дарханы замыг чанартай тавих ёстой

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар хоногт 5800 гаруй тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үед 12 мянган тээврийн хэрэгсэл зорчдог. Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим болон замын ашиглалтын байдлаас шалтгаалж хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар муудаад удаж байна. Тиймээс тус замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарч байсан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 оны 284 дүгээр тогтоол гаргаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгож шинэчлэх шийдвэр гаргасан юм. Улмаар зам барилгын ажилд техник технологийн хяналт тавих зөвлөх, зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу зарлажээ. Зөвлөх компаниар Ай Си Ти Сайн консалтинг компани, гүйцэтгэгчээр гадаадын компаниуд, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниудыг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байна. 2019 онд нийт ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн ч, 25 орчим хувийг гүйцэтгэжээ. Энэ нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, карьерийн зөвшөөрөл зэрэгтэй холбоотой гэнэ. Энэ оны тухайд зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сараас, үндсэн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн ч, Ковид-19 цар тахлын улмаас гадаад ажиллах хүч манай улсад орж ирж чадаагүй байна. Тиймээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй бөгөөд Азийн хөгжлийн банк зарим багцын гэрээг он дуустал сунгажээ. Одоогийн байдлаар Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37 километр замын ажлын гүйцэтгэл 69 хувьтай байна. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 47 километр замын ажил 53 хувьтай байгаа бол, Цайдамын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30 километр замын ажил 51 хувьтай байна. Эдгээр багцуудын ажлыг ирэх аравдугаар сард багтааж дуусгахаар ажиллаж байгаа юм. Харин Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45 гаруй километр авто зам болон Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45 километр авто замын ажлыг авсан компаниуд цар тахлын улмаас ажиллах хүчнээ авч чадаагүй тул гэрээгээ цуцлах саналыг Азийн хөгжлийн банкинд тавьсан байна. Ирэх арваннэгдүгээр сард сонгон шалгаруулалт явуулж аж ахуйн нэгжүүдийг тодруулах юм байна. Дээрх замууд 2022 онд бүрэн ашиглалтад орж хүлээж авна. Тэрнээс өмнө буюу ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа юм. 80 жилийн настай, 200 гаруй километр замыг шинэчлэх ажлыг энэ онд багтаан дуусгах ёстой байсан ч, ийнхүү Ковид-19 болон бусад шалтгааны улмаас удааширчээ. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүйг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай танилцах үеэрээ анхааруулсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate