Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2008
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
    8 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Монгол уулчид дэлхийн дээвэрт…

1950-аад оны эхэнд ОХУ-ын уулчин Алексей Николаевич Пискарев манай улсад ирж 10 залуу сонгон авч, уулын спортоор хичээллүүлж байжээ. Хожим А.Н.Пискарев тэдгээр уулын спортоор хичээллэсэн залуустайгаа 4031 метрийн өндөрт орших Отгонтэнгэр хайрханд авирсан юм. Тэд 1953 оны зургадугаар сарын 1-нд Хангайн нурууны мөнх цаст ноён оргил болох Отгонтэнгэрийн зулайд гарч, Очирваань хайрханы дагшин салхинаа Монгол төрийн далбааг анх мандуулсан түүхтэй. Эндээс л манай улсад жинхэнэ утгаараа уулын спорт хөгжих, хожим олон арван уулчин төрөн гарах эхлэл тавигдсан билээ. Тэд уулын спортыг хөгжүүлэх үүднээс улсынхаа өндөр уулсын ноён оргилуудад 1955 оноос гарч эхэлсэн байна. Тухайлбал, манай улсын хамгийн өндөр цэгт тооцогдох Алтай таван богдын 4375 метрийн өндөрт орших Хүйтний оргилд 1955 онд гарчээ. Улмаар Хөвсгөл аймгийн нутагт 3650 метрийн өндөрт орших Дэлгэрхаан уулын оргилд 1958 онд гарчээ. Энэ маягаар монголын уулчид 1960 оны эцэс гэхэд улсынхаа бүхий л уулсын оргилд хөл тавьжээ. Монголынхоо бүхий л өндөрлөг уулсын оргилд төрийн далбаагаа мандуулаад байсан энэ үед тэдэнд ОХУ-ын Памир уулын Пик Лениний оргилд авирах ховор боломж олджээ. 1969 онд В.И.Ленинийн мэндэлсний 100 жилийн ой болж, энэ хүрээнд 7134 метрийн өндөрт орших Пик Лениний оргилд гарах уулын аялал зохиогджээ. Үүнд монгол уулчдыг оролцуулах хүсэлтийг хойд хөршийн уулын спортын холбооноос тавьж Занабазар, Лувсандаш нарын уулчид Памир уулыг зорьж байжээ.

Тэд Пик Лениний оргилд хөл тавьж, дэлхийн өндөр уулсын оргилд монгол төрийн далбаа анх мандуулсан түүхэн хүмүүс юм. Монгол уулчид Памир уулын 7134 метрийн өндөрт орших Пик Ленин оргилд 1969 онд хөл тавьсан бол, түүнээс гурван жилийн дараа энэ уулын 7495 метрийн өндөрт орших Пик коммунизм оргилд амжилттай гарсан байна. 1972 онд ЗХУ байгуулагдсаны 50 жилийн ой болж, баярын хүрээнд олон улсын уулчдын альпинадыг ОХУ-ын Памир уулын Пик коммунизмд зохион байгуулжээ. Энэ оргил нь Европ тивийн хамгийн өндөр цэгт тооцогддог. Дэлхийд өндөрөөрөө хоёрт орох энэ оргил монгол уулчид 1972 оны долдугаар сарын 28-нд амжилтай гарч улсынхаа соёмбот далбааг мандуулсан юм. Үүгээр монгол уулчид олон улсын уулын спортын түвшинд хүрч чадсанаа нотлов. Өндөрөөрөө Эверестийн дараа орох Пик коммунизмд мөрөө үлдээгээд зогссонгүй. Тэд дэлхийн олон орны өндөр хайрхануудын зулайд нь гарч мөрөө үлдээсэн. Энд европын  Татр, Альп, Японы Горю, Балба, Энэтхэгийн Хималайн 11 оргилд монгол уулчдын гишгэсэн мөр бий. Тухайлбал, 1994-2006 оны хооронд монголын уулчид Хималайн нурууны оргилуудад гарсан байдаг. Ингэхдээ 1993 онд Хималайн нурууны Нагарасот, 1994 онд Наянхаан, 1994 онд Жаоунли, 1996 онд Еверест, 2001 онд Лобузцид, 2001 онд Мерапик, 2001 онд Чооюу, 2003 онд Сатапон, 2004 онд Жекетэй оргилуудад гарчээ.

Дэлхийн дээвэр гэгдэх Еверестэд монгол уулчид 1996 онд анх хөл тавьсан бол, 2006 онд монгол уулчин Өсөхбаяр мөн хөл тавьсан байна. Тэгвэл уулчин Өсөхбаяр саяхан Хойд Америкийн ноён оргил Маккинлид хүрэв. Тэрбээр: Зургаадугаар сарын 26-нд Маккинлид авирах эхний гараагаа эхэлж дайралт эхэлсэн. Уулын ноён оргилд 21 хоногийн дотор хүрнэ гэж тооцоолж байсан ч, 11 хоногийн дотор хойд Америкийн ноён оргил болох Маккинлид гарсан. Монголын цагаар долдугаар сарын 8-ны өглөөний 8 цаг 10 минутын хавьцаа оргил дээр нь гарсан. Монгол хүн анх удаагаа гарч, монголынхоо төрийн далбааг энэ оргилд мандуулсандаа маш их баяртай байна. Мэдээж энэ амжилт бол миний маш олон жилийн хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байсан. Энэ маань биелсэнд сэтгэл өндөр байна. Энэ уул дэлхийд өндөрөөрөө гуравт ордог ноён оргил. Уулчдын чадлыг шаардсан хүнд хэцүү замтай. Дэлхийн уулчид Маккинлид гарсан уу гэж бие биеэсээ асуудаг. Хэрэв гарсан бол чи болж байна, чадаж байна, мундаг гэж сайшаадаг. Гарч чадаагүй гэвэл уулчин хүн энэ ууланд авирч үзэх хэрэгтэй гэж нэг нэгэндээ хэлдэг юм. Өнөөдөр монгол хүн Маккинлид гарчихлаа. Монгол уулчид дэлхийн уулчдын түвшинд очсондоо маш их баяртай гэж хуучилсан юм.

Маккинлид авирахад Өсөхбаярт хүндрэл бэрхшээл их тохиолдсон тухай тэрбээр ярьж байсан. Маккинли нь Аляскийн хойгт байдаг болохоор үргэлжийн цас ордог. Шинээр орсон цас нуранги үүсгэж уулчдад багагүй хүндрэл учруулдаг аж. Үүний хажуугаар Аляскад шөнө болдоггүй тул үргэлж гэгээтэй. Энэ нь уулчдыг ихэд тамирдуулдаг байна. Мөн уулчдын цагийн луужин ажиллахгүй, зүг чиг алдахаас авхуулаад багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч, тэрбээр зорьсон хэргээ бүтээгээд эх орондоо эсэн мэнд иржээ. Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй чамгүй тулгарсан ч Маккинлид амжилттай авирахад цаг агаарын тааламжтай байдал нөлөөлсөн гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Уулчдыг Аляскад очиход цаг агаар хасах 40 хэм байсан бол, Маккинли руу дайрах үед хасах 20-25 хэмийн хүйтэн болсон байна. Цаг агаарын тааламжтай үед Маккинлийн оргилд гарсандаа Өсөхбаяр өөрийгөө ихэд азтайд тооцож байв. Үүний хажуугаар тэрбээр уулчдын сайн баг бүрдсэнд баярлаж байсан юм. АНУ, Герман, Монгол улсын тамирчид нэг баг болж Маккинлийн оргил өөд мацжээ. Монгол уулчид бүгдээрээ Өсөхбаяртай адил саад бэрхшээлийг туулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа өндөр уулсын оргилд мөрөө үлдээсэн билээ. Энэ их тэвчээр хатуужлынхаа үр дүнд Монгол уулчид дэлхийд өндөрөөрөө нэг, хоёр, гуравт ордог ноён оргилуудад мөрөө үлдээж, дэлхийн дээвэрт төрийнхөө далбаагаа мандуулж чадсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate