Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
7 сар 5, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонголоо

2024.07.02. Монгол Улс.Улаанбаатар хот. Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-т заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын гишүүн, хуралдаан даргалагч Д.Рэгдэл танилцуулсан юм. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр Монгол Ардын нам олонхи болсон. Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгож байна гэв. Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд Соёмбо Принтинг компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд Монгол шуудан ТӨК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно хэмээн заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулав. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө. Үүний дараа шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан: Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана гэдгийг тэмдэглээд хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тиймээс Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана гэдгийг онцлов гэж УИХ-ын Хэвлэл Мэдээлэл Олон нНийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо

2024.07.03. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Монгол Ардын намаас тойрогт 50, намын жагсаалтаар 18, нийт 68 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөлөө. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын намаас Ерөнхий Нарийн Бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлсэн тухай Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол, нэр дэвшигчийн намтрыг УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно хэмээн заасан. Иймд санал хураалтыг ил явуулахад гишүүдийн дийлэнх олонх УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжив. Тэрээр 2016 онд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.

Д.Амарбаясгалан: Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна

2024.07.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Шинээр сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын тамгыг хүлээн авсны дараа анхдугаар хуралдаанд үг хэллээ. Тэрээр УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн түрүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана. Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль, тогтоомжийг батлан ажиллана. Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт та бидний өмнө тавигдаж байна. Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна гэжээ.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.