Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
6 сар 29, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Хөдөө аж ахуйн цогцолбортой танилцав

2024.06.07.Монгол Улс.Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Мэтагро ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа. М-Си Эс группийн хөрөнгө оруулалттай Мэтагро ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10 мянга гаруй га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулжээ. Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нь мах бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат, дамжлага бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан Primeat бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна. Худалдаж авсан үхрээ өөрийн талбайд ургуулсан улаан буудай, арвай, гич, эрдэнэ шиш, овьёос зэрэг үр тариа болон даршны холимог тэжээлээр 150 хоног бордож, үхрийн махыг гантиглуулах технологи нутагшуулжээ. М-Си-Эс групп өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ цогцолборыг байгуулсан. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 22 тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн тухай Мэтагро ХХК-ийн гүйцэтгэх захирал танилцууллаа. Цогцолборыг бүтээн байгуулахын тулд гадаад, дотоодын 680 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 100 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. Мөн 200 гаруй хүн байнгын ажлын байртай болсны 60 гаруй нь орон нутгийн иргэд юм. Гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа экспортлогч орон болох зорилтод хувь нэмэр оруулж байгаа М-Си-Эс групп, Мэтагро ХХК-ийн хамт олон, орон нутгийн захиргаа, малчид болон бусад бүх аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч  талархал илэрхийллээ. М-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборын үр шимийг малчид, хэрэглэгчид хүртэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр дагаж хөгжих бүрэн боломжтой гэлээ. Цаашид монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө төр, хувийн хэвшил бүх талаар хамтран зүтгэхийг уриаллаа. Мэтагро ХХК мөн 144 хүний багтаамжтай, иж бүрэн тохижилт бүхий ажилчдын хотхон байгуулсан байна. Тариалангийн талбайнхаа эргэн тойрон 80  км ойн зурвас байгуулж, 20 мянган улиас, нэг сая хайлаас, тус бүр 200 мянган бургас, шар хуайс тарьж ургуулахаар төлөвлөжээ. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн томоохон үйлдвэр ашиглалтад оруулсан гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.