11 сар 17, 2024

Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүлжээ…

Эрдэнэс Алт Ресурс ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших өөрийн эзэмшлийн Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүлжээ. Тус компани нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд Ашигт малтмал газрын тосны газраас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм. Энэхүү зорилтын хүрээнд Эрдэнэс Алт Ресурс ХХК нь өөрийн эзэмшлийн талбайд геологи, өрөмдлөгийн ажил болон геофизикийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байна. Улмаар ажил гүйцэтгэх гэрээг шалгарсан 2 компанитай байгуулжээ. Дээрх тендерт шалгарсан Гео Инженеринг ХХК болон Галакси Гео Монголиа ХХК-иуд нь ажлын даалгаврын дагуу хайгуулын болон геофизикийн ажлыг хайгуулын талбай дээр эхлүүлээд байна. Хүрэнцавын ордын хайгуулын ажлын үр дүнд Монгол орны алтны нөөц нэмэгдэж алтны үндсэн орд шинээр нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна.