Дурсгалын 10000-тын мөнгөн дэвсгэрт гарав…
Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргав. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой.
Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.
Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, Ардын хувьсгал 100 жил гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлуулжээ.
Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, 2021 оны долоодугаар сарын 10-ны өдөр гаргасан юм. Энэхүү 10000-тын дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог юм.
Түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх дурсгалын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь дэлхийн улс орнуудад түгээмэл байдаг нийтлэг жишиг болно. Төв банкны тухай хуулиар Монголбанк мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг бөгөөд нөөцийг нь шинээр бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн тэмдэгтүүдийг шинэ дэвшилтэт технологиор хийгдсэн өндөр нууцлал бүхий хамгаалалтын элементүүдээр сайжруулахад тогтмол анхааран ажилладаг байна.