Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Бэр гуйх ёс…

Монголчуудын сүй тавьж, гэрлэх ёс өвөрмөц дэг жаягтай. Эрт дээр үед ханилах эхнэрээ өөрсдөө бус, эцэг эх нь сонгож өгдөг заншилтай байлаа. Эцэг эхчүүд хүүдээ тохирох эхнэр, ирээдүйн бэрээ сонгохдоо удам угсааг нь ихэвчлэн хардаг байжээ. Хүүдээ хань болж чадах бүсгүйг сонгосны дараа ирээдүйн худынх руугаа зуучаар хадаг илгээдэг заншилтай байсан байна. Зуучаар илгээсэн хадгийг бүсгүйн эцэг, эх буцаавал охиноо танайд өгөхгүй гэж буйн илрэл юм. Харин хадгийг хүлээн авбал худ ураг бололцъё гэсэн утгатай байжээ. Хадаг хүлээн авсан бол бүсгүйн эцэг, эх тэр даруйдаа ирээдүйн худуудтай уулзахаа товлодог. Ингэхдээ бэр гуйхад тохиромжтой өдрийг товлон сүй тавьдаг байжээ. Монголчууд бэр гуйхдаа:

Төрийн хэргээр үрийн хишиг хүртэх гэж явна
Эртний ерөөлт үнэн учралт
Эрдэнийн дагин үрийг
Эндэхийн өргөөнд байна гэж
Айлтгах гэж ирлээ.
Чун шиг хацартай
Дун шиг нүдтэй
Урагмаа бүсгүй
Танай алтан босгонд хэмээж
Бараалхаж ирлээ
Эртэй тасын өд энэ айлд үгүй юм байна
Энтэй магнагийн өөдөс
Тэр айлд үгүй тул
Элгэн ургийн холбоо айлтгаж явна
Буга намнадаг нь манайд байдаг
Булга зүүдэг нь танайд байдаг
Буян ерөөл нь бид бүхэнд байдаг
Бүл ургийн бэлэг айлтгаж явна хэмээн бэлэг дэмбэрэлтэй ерөөлийн үг айлдаж, хадаг, сүү барьж бэр гуйдаг байжээ.

Бэр гуйсны дараа зурхайн номд буусан билигт сайн өдөр сүйт бүсгүйг нь авч ирж хурим, найр хийдэг байсан уламжлалтай байжээ. Энэ уламжлал 20 зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн. Харин өнгөрсөн зуунаас монгол эрчүүд эхнэрээ өөрсдөө сонгож гэрлэдэг болжээ. Гэсэн өдрийн сайныг харж бэр гуйж, хурим найр хийдэг эртний уламжлалаа хадгалж үлдсэн юм. Монгол зурхайн төвийн зурхайч н.Цолмон: Гэр бүл болоход жил өдөр, тухайн өдрийн барилдлага, гаригаа анхаарах ёстой. Шинээр гэр барьж байгаа залууст даваа, баасан гаригт тааламжтай сайн. За тэгээд жил өдрөөсөө мөн шалтгаална. Ер нь бич, туулай, хонь өдөр хуримлаж болно гээд нарийн зурхайтай. Жил бүрийн намрын дунд сарын шинийн 17-нд балжинням, дашням давхацсан сайн өдөр байдаг. Энэ өдөр бүхий л үйлийг хийхэд цаашдаа үр өгөөж сайтай байдаг юм. Тийм учраас энэ өдөр гэр бүл болох, хүүхдийн үс үргээх, шинээр ажил эхлэх, шинээр гэр барих, дуган сүмийн суурь тавих, мөнгө санхүүгийн үүд нээхэд их сайн байдаг хэмээдэг. Энэ өдөр эхлүүлсэн ажил цаашид үр дүн нь тэгш байх учиртай. Энэ ч утгаараа уг өдрийг бэлгэшээж хурим найр хийх нь элбэг хэмээн хуучилж байсан удаатай. Жил бүрийн энэ өдөр Хуримын ордонд 100-аас дээш хос гэрлэлтээ батлуулдаг гэх судалгаа байдаг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.