12 сар 19, 2024

Стратегийн ордууд ба зах зээл…

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ-

2022.12.25. Монгол Улс. Улаанбаатар хот. /Нийтлэлч А.Энхтуул/. УИХ-ын энэ өдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 13-нд явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд биржийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог хангах, арилжаанд оролцогчид дэлхийн биржүүдэд болон олон улсын арилжаа эрхлэгчид Монголын Уул уурхайн бүтээгдэхүүний биржэд гарах боломжтой эсэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өмчлөл, засаглал, техник эдийн засгийн үндэслэлийн талаар лавлаж, авлигаас сэргийлсэн механизм хуулийн төсөлд оруулсан эсэх талаар асууж тайлбар авав. Мөн нүүрсний хилийн үнийн тухай, алт, зэс зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний биржийн арилжааг хэзээ эхлүүлэх, бирж байгуулахад гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуулт тавилаа. Хуулийн төсөлд уул уурхайн бирж төрийн өмчийн оролцоотой, олон нийтийн, нээлттэй компани байна гэж тусгажээ. Ингэхдээ уул уурхайн бирж хувийн хэвшлийн компаниуд, тэр дундаа технологи хөгжүүлэгч нартай хамтран ажиллах боломж нээлттэй байхаар зохицуулжээ. Биржийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний дөрөв нь хараат бус гишүүд байхаар төлөвлөжээ. Энэ үеэр салбарын сайд нь Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдах хүртэл цаг алдахгүйн үүднээс төрийн өмчийн компаниудын олборлож буй нүүрсийг биржээр арилжаалж байхаар түр журам баталж байгааг танилцуулжээ. Засгийн газрын 2022.12.14-ний өдрийн хуралдаанаар Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам баталсан бөгөөд энэ журамд цахимаар арилжаалах нүүрсний үнийг эхэндээ олборлон борлуулагч тал санал болгохоор заажээ. Цаашид хуулийн дагуу уул уурхайн бирж зарлах юм. Ингэхдээ хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлахаар төсөлд тусгаад байгаа юм. Түүнчлэн зарим гишүүний зүгээс дериватив гэрээний арилжаа, шорт селлинг, бүтээгдэхүүний үнэ савлагаатай байх үед хийгддэг богино хугацаатай хэлцлүүдээр арилжаа хийх боломж бий эсэх, мөн зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэргээс сэргийлэх талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэхийг асууж хариулт авсан юм. Ажлын хэсгийн мэргэжилтнүүд Уул уурхайн биржийн арилжаанд эхний ээлжинд спот, форвард гэрээний хэлбэрүүд буюу шууд арилжааны хэлцлүүд илүүтэй хэрэглэгдэнэ гэсэн тайлбар өгчээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл анх 2014 онд боловсрогдож байхад 100 хувь төрийн өмчийн компани байхаар тусгагдсан байна. Харин одоогийн төсөлд төрийн өмчийн оролцоотой байхаар орж байгаа ажээ. Тиймээс хувийн хэвшил, иргэд олон нийт хувьцаа эзэмших хэлбэрээр биржийн үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих, хамтран ажиллах боломж нээлттэй гэж салбарын яамныхан танилцуулсан байна. Зарим гишүүдийн зүгээс төрийн өмчийн оролцоо 66 хувиас доошгүй байна гэсэн нэмэлт оруулахаар санал гаргасан боловч Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Санал нь дэмжигдээгүй учраас гишүүд Уул уурхайн биржийн 34 хүртэл хувь гэж өөрчлөх нөхцөлөөр саналаа татсан байна. Тэгвэл зарим гишүүдийн зүгээс биржийн хувьцааны 66 хувийг олон нийтэд санал болгох ёстой гэсэн бол, зарим нь 51 хувийг төрд үлдээж, 34 хувийг олон нийтэд арилжаалаад, 15 хувьд нь Лондоны үнэт металлын, Далианы таваарын бирж гэх мэт стратегийн хөрөнгө оруулагчдыг оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн биржийн арилжааг төгрөгөөр хийх нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний валютын үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэжээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тодорхой хувийг иргэд, хувийн хэвшлийнхэн, тэр бүү хэл Лондоны металын бирж хувьцаагаар эзэмшдэг, тэгээд арилжаа болгоноос ашиг хүртдэг байх боломжтой байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Зарим нэр томъёог жигдэлж тодорхой болгох, биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалахад спот, форвард, фьючерс, опцион гэсэн дөрвөн төрлийн гэрээ байгуулж, арилжааны гэрээний хариуцлагыг брокер хариуцах, төлбөр тооцоог үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгэх ба спот, форвард гэрээний хувьд дотоодын арилжааны банкаар гүйцэтгэж болох, спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүнийг биржийн итгэмжлэгдсэн терминалд байршуулах, бүртгэх, мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар шинэ заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй 40 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Чухам яагаад манай улсад уул уурхайн бирж шаардлагатай вэ. Энэ асуулт олон жилийн өмнөөс тавигдсаар ирсэн. Дэлхийн улс орнуудад 23 металлын бирж үйл ажиллагаа явуулж байна. Тэнд алт, мөнгө, зэс, цайр, никель, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга зэрэг үнэт болон өнгөт металл арилжаалдаг. Металлын биржүүд дээр үнэт болон өнгөт металлын үнэ тогтоож, бүтээгдэхүүний чанар стандартыг баталдаг юм. Энэ үнийг үндэслэн худалдагч болон худалдан авагчид гэрээний үнээ тохиролцдог. Тэгвэл манай улсын хувьд цайр, зэс, хөнгөн цагаан, молибден, хар болон цагаан тугалгын үнийг худалдан авагчтай тохиролцохдоо, Лондонгийн металлын биржийн сарын дундаж үнийг ихэвчлэн хэрэглэж ирсэн. Харин алт, мөнгөө төвбанкнаас зарласан ханшаар худалддаг юм. Төмөр, жонш, нүүрсний тухайд эдгээрийг арилжаалах бирж байхгүй учраас жишиг үнэ хэрэглэж иржээ. Ингэхдээ, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 89 болон 220 дугаар тогтоолын дагуу төмөр, жонш, нүүрсний жишиг үнийг сар тутам зарлаж ирсэн байгаа юм. Өнөөдөр манай улсын экспортын 90 хувийг, төсвийн орлогын 30 орчим хувийг уул уурхай дангаар бүрдүүлж байна. Тиймээс уул уурхайн бирж үгүйлэгдэж байгаа юм. Тэр тусмаа нүүрс, төмрийн хүдэр, жоншны тухай бирж байхгүйгээс, жишиг үнэ хэрэглэж ирсэн болохыг дээр дурдсан. Тиймээс л уур уурхайн бирж үгүйлэгдэж, байгуулахаар олон жилийн өмнөөс яригдаж, хуулийн төсөл парламентийн босго даваад байгаа юм.  

-Ашигт малтмалын тухай хуулиа баталж, стратегийн ордуудаа нэрлэв-

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг
2006.07.08-ны өдөр парламентаар батлан гаргаж байлаа. Энэ хуульд стратегийн орд хэмээх цоо шинэ нэр томьёог оруулж өгсөн юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой ордыг Стратегийн ач холбогдолтой орд хэмээдэг. Хуульд тусгасан энэ гурван шалгуурыг үндэслэж 2007.06.27-ны өдөр УИХ-аас тогтоол гаргаж 15 ордыг стратегийн ордод хамруулсан юм. Зарим тохиолдолд УИХ-ын 2007.02.06-ны 27-р тогтоол гаргаж 15 ордыг стратегийн ордод хамааруулсан гэх нь бий. Тодруулбал, Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суваргын зэсийн ордууд, Багануур, Нарийн сухайт, Шивээ-овоо, Тавантолгойн нүүрсний ордууд, Мардай, Гурванбулаг, Дорнодын ураны ордууд, Бороогийн алтны орд, Асгатын мөнгөний орд, Бүрэнхааны фосфоритын орд, Төмөртэйн төмрийн орд, Төмөртийн овооны цайрын орд гэсэн 15 ордыг стратегийн ордод хамааруулсан юм. Стратегийн ордуудын талаарх Засгийн газрын үйл ажиллагаанаас дурдахад, стратегийн дээрх ордуудын жагсаалтыг Засгийн газрын санал болгосноор УИХ баталсан байдаг. Энэ жагсаалтад дээр дурдсан 15 орд орсон ба үүний 14 ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоожээ. Манай улс Багануур, Нарийн сухайт, Шивээ овоо, Тавантолгойн нүүрсний ордууд, Эрдэнэт, Оюутолгойн зэсийн ордууд, Бороогийн алтны орд, Төмөртэйн цайрын ордуудад олборлолт явуулж ирсэн юм. Харин Цагаан суваргын зэсийн орд, Гурванбулаг, Мардай, Дорнодын ураны ордууд, Асгатын мөнгөний орд, Төмөртэйн хүдрийн орд, Бүрэнхаан фосфоритийн ордуудад олборлолт хийгдэлгүй өдийг хүрсэн билээ. Гэхдээ тус ордуудын нөөцийг тогтоосон байгаа юм. Монгол Улсын Засгийн газар олборлолт хийгдээгүй стратегийн ач холбогдол бүхий дээрх ордуудыг 2015 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан нь нууц биш. 2008 оны намрын чуулганаар дээрх ордуудад гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байлаа. Хэрэв гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарвал эдгээр ордын 51-ээс дээш хувийг монголын тал эзэмшинэ гэдэг байр суурь баримталж байсан юм. Стратегийн ач холбогдол бүхий ордуудаас 4-т нь хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээ хийгдсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ оюутолгойн ордод хийгдсэн бол, Тогтвортой байдлын гэрээ бороогийн алтны орд, төмөртэйн овооны цайрын орд, нарийн сухайтын нүүрсний ордод хийгдсэн юм. 2013.12.27-ны өдрийн байдлаар нэмж 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар төлөвлөж байв. Тухайлбал, дээрх ордуудын жагсаалтад нүүрсний 19, алтны 2, төмрийн хүдрийн 2, цагаан тугалга, гянт болдын 4, мөнгөний 1, зэс, цайр, хар тугалгын 3, металл бус ашигт малтмалын 8 орд стратегийн ордод нэмж оруулахаар төлөвлөж байсан юм. Эдгээрээс шигжиш салбарын яам нь тооцоо судалгаа хийсний үндсэн дээр 7 ордыг стратегийн ордод нэмж оруулах санал гаргасан байдаг. Тухайлбал, Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй зэрэг ордуудыг стратегийн ордод нэмж оруулах саналыг салбарын яам нь гаргасан байдаг. Үүний хоёрт нь гадаадынхан 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулдаг байна. Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг Мон Эн Ко компани Хөшөөтийн ордод хөрөнгө оруулсан бол, Канадын хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг Центерра голд компани Гацууртын ордод хөрөнгө оруулсан байдаг юм. Тэгвэл хожим Салхитын мөнгөний ордыг стратегийн ордод нэмж оруулсан гэх мэдээлэл бий. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэнэс Монгол компанийг 2007.02.22-ны өдөр байгуулагдсан билээ. Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар тус компани Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо, Мон-Атом, Эрдэнэс Шивээ Энержи, Эрдэнэс Метан, Эрдэнэс Ассет Менежмент компаниудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн Оюу толгой компанийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг Гашуун Сухайт Авто Зам компанийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна. 

-Эрдэнэс монгол компанийн төсөл хөтөлбөрүүдтэй танилцав-

2020.10.05. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Эрдэнэс Монгол компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явцтай танилцсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон бусад холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ удаагийн парламент анхны төсвийн хуулийг хэлэлцэх болж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр улам чанаржуулж, алдагдлыг бууруулж, үр ашигтай болгоход анхаарч бүтээлчээр хэлэлцэн батлах учиртай. Иймд байнгын хорооны гишүүд төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцаж, төсөвт оруулж буй үр ашгийн талаар мэдээлэл авах, төсвийн хуулийн төсөл дээр хамтарч ажиллаж, санал солилцох уулзалтуудыг хийж байна. Саяхан мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажилаллаа хэмээн ярьсан байдаг. Энэ үеэр хэд хэдэн анхаарал татахуйц асуудал гарчээ. Тодруулбал, манай улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд бүгд нийлээд ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч, төсөвт тушаах орлого 2020 онд 150 тэрбум төгрөг, 2021 онд 180 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байгаа юм. Үүнээс харвал 0.4-0.6 хувийн өгөөжтэй ажилладаг байна. Улсын төсвөөс даруй 2-3 дахин их, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувьтай тэнцэхүйц том эдийн засгийг УИХ баталж, хянахгүй явж болохгүй. Иймд 2021 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхдээ төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байсан юм. Мөн Эрдэнэс Монгол компани Байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хоолойг төмөр замын дагуу байгуулахаар тогтсон байна. Ингэснээр төслийн нийт өртөг буурахын зэрэгцээ хийн хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метр болж нэмэгджээ. Хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцад чухал байр суурь эзэлнэ. Умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон Газпромын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын 10 жилд байгалийн хийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцож буй талаар дурджээ.Энэ үеэр тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани төдийгүй, үнэ цэнээ нэмэгдүүлж олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болохоор зорьж байна хэмээн ярьж байлаа. Эрдэнэс Монгол компанийн нэгдлийн хэмжээнд 2022 хүн ажилладаг байна. Толгой компанийн хүний нөөцийн 25 орчим хувь нь гадаадын их дээд сургууль төгссөн, олон улсын түвшний мэргэжилтнүүд ажилладаг нь үе үеийн захирлуудын бий болгосон хүний нөөцийн чадавх юм. Тус нэгдэл одоогоор 10 охин компани, хоёр төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн мэдэлд байдаг стратегийн 16 ордоос өдгөө Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит гэсэн зургаан орд эдийн засгийн эргэлтэд ороод буй аж. Нөгөөтэйгүүр олон улсад Монгол Улсыг төлөөлөн, бизнесийн том төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгууллагын хувьд Засгийн газрын дэмжлэггүйгээр үйл ажиллагаа урагшлахгүй. Тиймээс сүүлийн хоёр жилд Асгат, Салхит, Мон Атом, Багануурын тусгай зөвшөөрөл болон тодорхой алтны ордуудыг Эрдэнэс Монгол компанийн мэдэлд шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон байна. Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах явдал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс баялгийн сантай байна гэж тусгасан. Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангаас ялгаатай нь хөгжлийн сан байхаар яригдаж байгаа юм. Норвегийн баялгийн сангийн орлого газрын тосны гол компанийн ордуудын төвлөрүүлэх орлого, ногдол ашиг орлогод тулгуурлан бүрддэг. Үүн шиг баялгийн сангийн гол эх үүсвэр нь томоохон орд газрын ногдол ашиг байх юм хэмээн тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү танилцуулж байсан юм. Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани хангаж байлаа. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BDO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоолгосон байна.

-Монгол улсын стратегийн ордууд-


Стратегийн ордЭрдэсийн төрөлОрдын байршилНөөц, тнМУ-тай байгуулсан гэрээ
1ЭрдэнэтCu&MoОрхон,
Баян-Өндөр
3,2mil Cu
90thous. Mo
2ОюутолгойCu& AuӨмнө-Говь, Ханбогд16.4 mil. Cu
623,3 Au
Хөрөнгө
оруулалтын
гэрээ
3Цагаан суваргаCu & MoДорно-Говь, Мандах1,28 mil. Cu
44 thous. Mo
4БорооАлтСэлэнгэ,
Баянгол
22Тогтвортой
байдлын гэрээ
5Төмөртэйн овооZn & PbСүхбаатар,
Сүхбаатар
0,82 mil. ZnТогтвортой
байдлын гэрээ
6АсгатМөнгөБаян-Өлгий,
Ногооннуур
2247
7СалхитМөнгөДундговь
8Төмөртэй Төмрийн хүдэрСэлэнгэ,
Хүдэр
229,3 mil.
9БагануурХүрэн
нүүрс
Улаанбаатар, Багануур512,8 mil.
10Шивээ-
Овоо
Хүрэн
нүүрс
Говь-Сүмбэр, Шивээ-Говь564 mil
11Нарийн
сухайт
НүүрсӨмнөгвь,
Гурвантэс
90,8 milТогтвортой
байдлын гэрээ
12Тавантолгойкоксжих нүүрсӨмнөговь,
Цогтцэций
1,5-5
mil.
13МардайуранДорнод,
Дашалбар
1104
14Гурванбулаг уранДорнод,
Дашбалбар
16073
15ДорнодуранДорнод,
Дашбалбар
58933
16БүрэнхаанФосфорХөвсгөл,
Алаг-эрдэнэ
40,5

1.Эрдэнэтийн овооны зэсийн орд: Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 46 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр таван ээлжтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус үйлдвэр жилд 25 сая тонн зэсийн хүдэр, хоногт 72 мянган тонн хүдэр олборлодог. Үүнээс жилд 512 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг.

2.Оюутолгойн зэсийн орд: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Улаанбаатар хотоос урагш 570 километр, Хятадын хилээс хойш 80 километр зайд оршдог. Айвенхоу Майнз Монголиа Инк компани Оюутолгойн ордод хайгуулын ажил эрчимтэй явуулсны үр дүнд Баруун Өмнөд, Төв, Хьюго Өмнөд, Хюго Хойд гэсэн үндсэн хэсгүүдийг олж тогтоосон. Одоогийн байдлаар Баруун Өмнөд, Төв, Хюго Өмнөд хэсэгт нарийвчилсан хайгуулаар нөөцийг нь тогтоож Улсын ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг эхлээд хийжээ. Харин 2008 оны байдлаар Хюго Хойд хэсгийн нөөцийн хил хязгаар, хэмжээ бүрэн тогтоогдоогүй байсан тул хайгуулын ажлыг цааш нь үргэлжлүүлсэн байна.

3.Цагаан суваргын зэсийн орд: Дорноговь аймгийн нутагт, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 километр, Мандах сумын төвөөс урагш 75 километрт, дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд оршдог. Геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн, Сэрвэн Сухайтын хэсэгт 44 400 тонн зэс агуулсан 10 сая 639 200 тонн исэлдсэн хүдэр, 1 280 850 тонн зэс бүхий 240 сая 044 850 тонн сульфидын хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн болсон судалгаа одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан юм. Цагаан суваргын ордод Хөх тэнгэр тур 9626Х, 9264Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд, Монголын алт компани 9630А тоот ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл тус тус зэмшиж байсан гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байсан юм.

4.Бороогийн алтны орд: Уг алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт, Улаанбаатар хотоос 140 километрийн зайд оршдог. Бороо голд компани 1999-2000 онд хийсэн хайгуулын ажлын үр дүн болон Монгол-Германы хайгуулын экспедицийн үр дүнд тулгуурлан ордын геологийн нөөцийг геостатикийн аргаар 42,56 тонноор тогтоожээ. Бороо голд компани Бороогийн алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1997.07.14-ний өдөр бүртгэлийн 198 дугаарт шинэчлэн бүртгүүлсэнээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

5.Төмөртийн овооны цайрын орд: Төмөртэйн овооны цайрын орд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт аймгийн төв Баруун-Урт сумаас зүүн хойш 16 километрт оршдог. Тус ордын балансын нөөц нь тэр үеийн В+С1+С2 зэргээр цайрын 11,5 хувийн дундаж агуулгатайгаар 7689,4 мянган тонн хүдэр буюу 885,3 мянган тонн металл цайраар тогтоогдсон. Цайрт минерал компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монгол улсын Засгийн газрыг төлөөлсөн Сангийн яамтай Тогтвортой байдлын гэрээг 1998 оны тавдугаар сард байгуулан ашиглалт явуулж ирсэн байна. Энэ нь манай улстай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж болсон байна.

6.Асгатын мөнгөний орд: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог. Хайгуулаар С1-976.6 тонн, С2-1271.2 тонн мөнгөний нөөцтэй болох нь тогтоогдсон. Одоогоор тус ордод олборлолт хийгдээгүй. Тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэл эзэмшдэг гэх мэдээлэл 2008 онд гарч байсан юм.

7.Салхитын мөнгөний орд: Нэмж стратегийн ордын жагсаалтад орох магадлалтай 39 төсөл байдаг. Дээрх ордуудын жагсаалтад нүүрсний 19, алтны 2, төмрийн хүдрийн 2, цагаан тугалга, гянтболдын 4, мөнгөний 1, зэс, цайр хар тугалганы 3, металл бус ашигт малтмалын 8 орд багтдаг юм. Эдгээрээс Салхитын мөнгөний ордыг стратегийн ордод нэмж оруулсан гэх мэдээлэл бий.

8.Төмөртэйн төмрийн орд: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог төмрийн хүдрийн орд. Төмөртэйн ордод 1995 онд нарийвчилсан хайгуулын ажил хийсэн байна. Хүдрийн нөөц В-57 сая тонн, С1-100.7 сая тонн, С2-71.6 сая тонн болох нь тогтоогдсон. Жилд 600000 тонн хүчин чадлаар ашиглах боломжтой гэж мэргэжлийнхэн үздэг. БЛТ компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ч, 2006 онд цуцалсан байна.

9.Багануурын нүүрсний орд: Улаанбаатар хотын Багануур дүүрэгт оршдог. 1989 онд нарийвчилсан хайгуулын ажлыг дуусгасан. Үүгээр нөөц А – 38.9 сая тонн, В – 178.5 сая тонн, С – 295.4 сая тонн болох нь тогтоогдсон. Зарим тохиолдолд 1.3 тэрбум тонн нүүрстэй нөөцтэй гэж ярих нь бий. Багануурын нүүрсний уурхай жилийн 3 сая тоннын хүчин чадалтайгаар олборлолт явуулж ирсэн. Ингэснээр 2008 онд нийт тогтоогдсон нөөцийн 35 хувийг ашигласан гэх мэдээлэл гарч байсан бол, 2021 оны байдлаар нийт нөөцийн 40 орчим хувийг ашигласан гэх судалгаа гарчээ.

10.Шивээ-овоогийн нүүрсний орд:Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд, Улаанбаатар хотоос зүүн урагш 250 километрийн зайд оршдог. Шивээ Овоогийн нүүрсний ордын нөөцийг 1989 онд эцэслэн тогтоосон бөгөөд А+В+С1-564.1 сая тонн юм. Шивээ овоо компани энэ ордоос жилд 1.6 сая тоннын хүчин чадлаар нүүрс олборлодог юм.

11.Нарийн сухайтын нүүрсний орд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Улаанбаатар хотоос 849 километрийн зайд оршдог. Аймаг, сумын төвүүдтэй ердийн шороон замаар хэдэн жилийн өмнө холбогдсон гэгдэж байлаа. Газрын гадарга нь яг ордын орчимдоо нам толгодорхог. Ордоос хойш 5-7 километрийн зайд Ноён, Тостын нуруу оршдог ажээ. Энэ нь 150-300 метрийн өндөртэй уул, нуруу, хадан хясаадаас бүрддэг. Нүүрс нь 7-19.8 хувийн үнсжилттэй, 30.9-37.5 хувийн дэгдэмхий бодистой, 6435-6935 ккал/кг илчлэгтэй, 1.03-2.8 хувийн чийгтэй, 6-13 мм уян үеийн зузаан бүхий ГЖ төрөлд хамаарах чулуун нүүрс юм. Мөн бага зэрэг буюу 1,8 сая тонн антрацит тогтоогджээ. Хайгуул хийгдсэн Хүрэн толгой, Зүүн хэсгүүд нь уул геологийн тааламжтай нөхцөлтэй ба ус нь Хүрэн толгойн хэсэгт 25.89 метр куб/цаг, зүүн хэсэгт 9.21 метр куб/цаг, 0.8-4.5 г/л эрдэсжилттэй аж. Нөөц нь 75-90 метрийн гүнд буюу 1450 метрийн үнэмлэхүй төвшин хүртэл 125,5 сая тонн. Үүнээс үйлдвэрлэлийн А+В+С1 зэргээр 35,8 сая тонн. Хайгуул хийгдсэн болох Хүрэн толгойд 7,2 сая тонн, Зүүн хэсэгт 21.8 сая тонн гэж тогтоожээ. Чинхуа-Мак-Нарийн сухайт болон Монголын алт компани Монгол улсын Засгийн газартай хийсэн тогтвортой байдлын гэрээний дагуу ашиглаж ирсэн байна.

12.Тавантолгойн коксжих нүүрсний орд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Тавантолгойн коксжих нүүрсний орд Өмнөговь аймгийн Даланзадгадаас зүүн тийш 100 километр, Оюутолгойн ордоос хойш 155 километр, Улаанбаатар хотоос урагш 550 клометрийн зайд оршдог. Тавантолгойн коксжих нүүрсний орд газар нь нийт 80 гаруй мянган га талбайг эзэлдэг. 2008 оны байдлаар тогтоогдсон нөөц нь 6,2 тэрбум тонн нүүрстэй гэгдэж байсан ч, хожим энэ тоо өссөн байдаг.

13.Мардайн ураны орд: Дорнод аймгийн Баяндун суманд оршдог.
Улаанбаатар хотоос зүүн хойш 960 километр, Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 километрт байрладаг. Хүдрийн нөөцийг С1+С2 зэргээр 924,6 мянган тонн, ураны нөөцийг С1+С2 зэргээр 1104 тонн, Р1 зэргээр 600 тонн гэж тооцжээ. Мардайн ордыг хамруулсан 6761 га талбайд 2002.10.08-ны өдөр Дорнод аймгийн Эмээлт майнз компани 4969Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч эзэмшиж иржээ.

14.Гурванбулагийн ураны орд: Дорнод аймгийн Чойбалсан хотоос баруун хойш 111 километр, Баяндун сумын нутагт сумын төвөөс зүүн урагш 15 километрт оршдог. Хүдрийн нөөцийг С1+С2 зэргээр 10560,0 мянган тонн, ураны нөөц С1+С2 зэргээр 16073 тонн гэж тооцсон. Гурван булагийн ордыг хамруулсан 7254 га талбайд 2004.06.10-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай Вестерн Проспектор компани 7685Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч эзэмшиж ирсэн. Австралийн Паладин компани Вестерн Проспектор компанитай ураны хайгуул, олборлолтын ажилд хамтран ажиллах, Монгол улсад төлөөлөгчийн газраа байгуулах талаар хэдэн жилийн өмнө яриа хэлцэл хийж байгаа тухайгаа мэдэгдэж байжээ.

15.Дорнодын ураны орд: Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 110 километр, Дашбалбар сумын нутагт сумын төвөөс 50 километр, Дорнод тосгоноос 11 километрийн зайд байрладаг. Ураны дундаж агуулга 0.175 хувь, хүдрийн нөөц 16467,1 мянган тонн, ураны нөөц 28868 тонн болох нь тогтоогдсон. Дорнодын ураны ордод 1997.06.12-ны өдөр Төв азийн уран 237А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл 261 га талбайд авч эзэмшиж иржээ.

16.Бүрэнхааны фосфоритын орд: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд, Улаанбаатар хотоос баруун хойш 720 километр, Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 23 километрт оршдог. Бүрэнхааны фосфоритын ордод 2008 оны байдлаар нөөцийн үнэлгээний А, В, С1 зэргээр 162.56 сая тонн фосфоритын хүдрийн нөөц тогтоосон байв. Ордын хайгуул хийгдсэн талбайд додоодын таван компани үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайлбал, Хөх толбо бут, Космоминералс, Талст маргад, Сутайн дэвшил, Энэр зэрэг компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байжээ.

Зэсийн зах зээл ба стратегийн орд

-Chrysler дампуурлаа зарлаж, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унав-

2009.05.02. Хямралын үед зэсийн үнэ олон хүчин зүйлийн нөлөөгөөр унаж байв. Зэсийн үнэ буурах бас нэг шалтгааныг барууны шинжээчид автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-ын Крайслер компани 2009.05.01-нд албан ёсоор дампуурлаа зарласантай холбон тайлбарлаж байлаа. Тус компанийн удирдлагууд Засгийн газартаа 6.9 тэрбум америк долларын өртэй байсан аж. Энэ өрөөс үүдээд компанийн улирдлагууд америк, канад дахь үйлдвэрчний эвлэлүүдтэй тохиролцсоны үндсэн дээр дампуурлаа албан ёсоор зарласан гэдэг. Тэд дампуурлаа зарлаж, Италийн Фиат үйлдвэртэй нэгдэхээр болж байгаа тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд гарч байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Крайслер компани дампуурлаа зарлахад, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унахад хүргэсэн ч, зэсийн үнэ 2009 оны тавдугаар сард дахин амилна гэж шинжээчид таамаглаж байсан юм. Америкийн Каприс Амакс Минералс компанийн Аризон мужид  байрладаг зэс хайгуулах үйлдвэр 2009 оны 5-6 сард засварт орох байв. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд цэвэршүүлсэн зэсийн нөөц багассан юм. Тодруулбал, лондонгийн металлын захад зэсийн нөөц өнгөрсөн сараасаа 20 орчим хувиар буурсан байлаа. Үүнээс үүдэн зэсийн үнэ өсч байгаа гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байсан юм. Тодруулбал, Нью-Йоркийн металлын биржэд нэг тонн зэс 4995 америк доллар болж өссөн байв. Зэсийн үнэ 2009 оны эхэнтэй харьцуулахад 85 хувиар өсөөд байсан нь энэ юм. Үүнээс хойш зэсийн үнэ огцом өсөхгүй байх гэж шинжээчид таамаглаж суусан юм. Хятадад зэсийн үйлдвэрлэл 2009 онд зургаан хувиар өсч, дөрвөн сая тоннд хүрэх төлөвтэй байсан юм. Хятадад зэсийн үйлдвэрлэл ингэж нэмэгдвэл, тэр хэрээр дэлхийн зах зээлээс худалдан авах уг металлын хэмжээ багасах байв. Энэ нь үнэ өсөхгүй байх гол шалтгаан болно гэж шинжээчид үзэж байсан юм. Манай улс зэсийн баяжмалаа урд хөршид нийлүүлдэг. Хятадад зэсийн үйлдвэрлэл нэмэгдвэл, манай улсын зэсийн борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн тухайн үед болгоомжилж байсан билээ.

-Хятадад авто машин борлуулалт өссөн нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөв-

2009.06.06.-ны хавьцаа америкийн зэс хайлуулах үйлдвэр засварт орсонтой холбоотойгоор цэвэр зэсийн нөөц багассан. Энэ нь үнэ өсөх гол шалтгаан болсон гэх мэдээлэл гарч байсан бол, зарим судлаачид дэлхийн томоохон орнуудад бэлэн мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, инфляци өсөх магадлал өндөр байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчид инфляциас өөрсдийгөө хамгаалах үүднээс зэс сонирхох хандлага ажиглагдаж байна гэж тайлбарлаж байсан юм. Харин Option sellers-ийн дилер Мишел Кросс: Хятадын Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд 585 тэрбум америк доллар зах зээл рүүгээ гаргасан. Энэ нь үйлдвэрлэл нэмэгдэхэд хүргэсэн. Үүний сацуу хятадад авто машин борлуулалт 10 хувиар өссөн. Тэр хэрээр хятадад зэсийн импорт нэмэгдэж байна. 2009 оны зургаадугаар сард хятадын зэсийн импорт 14 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн зэсийн эрэлт дэлхийн зах зээлд бий болоод байна. Нөгөөтэйгүүр, Японд сүүлийн үед үйлдвэрлэл өсч байгаа. Япон машин, тоног төхөөрөмжийн захиалга 2009 оны зургаадугаар сард 2 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь үйлдвэрлэл нэмэгдэхэд нөлөөлсөн байгаа. Эдгээрээс үүдэн дэлхийн зах зээлд зэсийн эрэлт бий болж, үнэ өссөн гэж үзэж байсан юм. Зэсийн эрэлт нэмэгдсэн тул Лондонгийн захын зэсийн нөөц багассан байлаа. 2009 оны хоёрдугаар сард Лондонгийн металлын биржэд 548 мянган тонн зэсийн нөөц байсан бол, зургаадугаар сард нь 400 мянган тонн болж буурсан байв. J.P. Morgan Securities-ийн мэргэжилтэн Майкл Жансен: 2009 энэ онд зэсийн дундаж үнэ 3338 америк доллар байна. Харин 2010 онд 3675 америк доллар байна гэсэн таамаг тухайн үед дэвшүүлж байсан билээ.

-Зэсийн үнэ өсч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьцааны ханш өсөв-

2009.08.22. Зэсийн үнэ бага зэрэг буусан ч, цаашдаа өсөх  хандлагатай байгааг шинжээчид хэлж байлаа. 2009 он гарсаар хоёр дахин өссөн зэсийн олборлолт, нийт хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх магадлалтайг Тибериус Ассет Менежмент-ийн шинжээчид хийгээд байсан юм. Нэгэнт эрэлт их, нийлүүлэлт бага байсан тул зэсийн үнэ цаашид өснө гэж шинжээчид таамаглаж байсан юм. Зэсийн үнэ өсөхөд хятадын үүрэг оролцоо их. Нью-Йорк болон Лондонгийн металлын биржүүд дээр зэсийн үнэ 2009 оны эхнээс хоёр дахин өссөн нь зэсийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын импорт өмнө байгаагүй түвшинд хүрсэнтэй холбоотой. Хятадын эдийн засаг хүчирхэг хэвээр, энэ улсад зэсийн эрэлт байсаар байвал, уг металлын үнэ цаашид өссөөр байх болно гэж судлаачид таамаглаж байсан юм.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор зэс олборлогч аж, ахуйн нэгжүүдийн хувьцааны ханш дэлхийн хөрөнгийн биржүүд дээр өссөөр байлаа. Тухайлбал, 2009.08.28-ны өдөр Канадын Тронтогийн хөрөнгийн биржэд Айвенхоу майнз компанийн хувьцаа 12 доллар 25 центийн ханштай байсан юм. Харин Нью-Йоркийн хөрөнгийн биржэд тус компанийн хувьцаа 11 доллар 32 центийн ханштай байлаа. Айвенхоу майнз компанийн хувьцаа 2008 оны өвөл 2,7 америк долларын ханштай байсантай харьцуулахад дөрөв дахин өссөн нь нэг талаас зэсийн үнэ өссөн. Нөгөө талаас оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдэж магадгүй гэсэн хүлээлт байсантай холбоотой юм.

-Японд авто машины үйлдвэрлэл 8 хувиар өссөн нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөв-

2009.11.04. Энэ өдөр нэг тонн зэс 6570 америк долларын ханштай байсан юм. АНУ-ын шинээр баригдсан орон сууцны борлуулалт 2009 оны аравдугаар сард өмнөх сарынхаасаа буурсан дүнтэй гарсан. Энэ мэдээ барилгын салбарын гол түүхий эд болох зэсийн үнэд сөргөөр нөлөөлсөн болохыг шинжээчид хэлж байлаа. Мөн лондонгийн металлын биржийн зэсийн нөөц ихэссэн нь үнэ буурах бас нэг шалтгаан болжээ. Тухайн үед лондонгийн металлын захад 374 мянган тонн зэсийн нөөц байсан юм. Энэ нөөц эрэлтээс давсан үзүүлэлт байсан гэж ойлгож болно. Дээрх шалтгаанаас болж зэсийн үнэ бага зэрэг буурсан ч, цаашид өсөх хандлагатай гэж шинжээчид таамаглаж байв. Учир нь зэсийн эрэлт урд хөршид нэмэгдсээр байлаа. Тухайн үед хятадын зэсийн импорт 283 мянган тоннд хүрч, өмнөх сарынхаасаа 29 хувиар нэмэгдсэн байв. Үүнээс гадна, японд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсч байжээ. 2009 оны аравдугаар сард гэхэд тус улсад аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1.4 хувийн өсөлттэй гарсан. Тэр дундаа автомашины үйлдвэрлэл 8 хувиар өссөн юм. Энэ нь зэсийн үнийг өсгөх нэг шалтгаан болж байсан бол, нөгөөх шалтгаан нь зэсийн нийлүүлэлт цаашид буурах явдал байв. Чилийн зэсийн үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаад байсан учраас тэр юм. Ажил хаялт удаан үргэлжилбэл, зэсийн нийлүүлэлт багасч, энэ металлын үнэ цаашид өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид дүгнэж байсан цаг үе юм. Гэтэл хятадын зэсийн импорт 2009 оны аравдугаар сард 263 мянган тонн болж, өмнөх сараасаа 34 хувиар буурсан гэх мэдээлэл гарсан нь уг металлын ханш дэлхийн зах зээлд буурахад нөлөөлжээ. Зэсийн эрэлт буурч ялимгүй буурсан тул Лондонгийн металлын захын нөөц 402 мянган тонн хүрсэн байв. Зэсийн нөөц 2009 оны дөрөвдүгээр сараас хойш ингэж өсөөгүй юм. Зэсийн үнэ ялимгүй буурсан ч, удаан үргэлжилсэнгүй. Зэсийн үнэ 2009.11.21-ний хавьцаа эргэн өсч 6915 ам.доллар хүрэв. Петерсон институтын шинжээч Фрэд: Дэлхийн хамгийн том зэс олборлогч Чили улсын Коделко уурхайн удирдлагууд 2010 онд азийн улсуудад нийлүүлэх зэсийн үнийг 15 гаруй хувиар нэмэхээр болсонтой холбоотой гэж тайлбарлаж байлаа. Зэсийн үнэ 2010 оны эхээр нэмэгдэх тул, уг металлын ханш хямд байгаа дээр худалдаж авах нь ихэснэ. Энэ нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа учраас уг металлын ханш өссөн ажээ.

-Чилийн зэсийн нийлүүлэлт нэмэгдэв-

2010.02.20. Энэ үед дэлхийн зах зээлд нэг тонн зэс 6939 ам.долларын ханштай байла. Чили улс дэлхийн хэрэгцээт зэсийн дийлэнх хувийг нийлүүлдэг. 2009 онд тус улс 5.38 сая тонн зэс дэлхийн зах зээлд нийлүүлсэн байна. Тус улсын зэсийн нийлүүлэлт 2009 оноосоо 1,2 хувиар өссөн нь энэ аж. Чилийн зэсийн нийлүүлэлт нэмэгдсэн мэдээлэл гарсантай зэрэгцэн Лондонгийн металлын захад зэсийн нөөц нэмэгдсэн мэдээлэл гарсан юм. Зургаан сарын өмнө тус металлын захад 350 гаруй мянган тонн зэсийн нөөц байсан бол, 555 мянган тонн болж нэмэгджээ. Чилийн зэсийн нийлүүлэлт ихэсч, Лондонгийн металлын захын нөөц нэмэгдсэн нь зэсийн үнэ буурахад нөлөөлсөн болохыг шинжээчид онцолж байлаа. Гэхдээ, зэсийн үнийн бууралт удаан үргэлжилсэнгүй. Удалгүй уг металлын ханш 7085 ам.доллар болж өссөн юм. Зэсийн үнэ ингэж өсөхөд Рав материал группээс гаргасан мэдээлэл нөлөөлсөн гэдэг. Рав материал групп зэсийн нийлүүлэлт нэмэгдэж, лондонгийн захын нөөц өссөн ч, хятадад уг түүхий эдийн эрэлт их байгаа. Эрэлтийг хангах хөрөнгийн эх үүсвэр ч хятадууд бий. 2008-2009 онд тохиосон эдийн засгийн хямралаас шалтгаалж түүхий эдийн эрэлт буурсан. Хятадын металлын импорт буурсан тул, бэлэн мөнгөний хэмжээ нь тэр хэрээр нэмэгдсэн. Хятадад бэлэн мөнгөний хэмжээ 2009 онтой харьцуулахад тав дахин өсөөд байгаа. Хятадад түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа, үүнийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэр хангалттай байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж үзэж байсан юм. 2010 онд зэсийн үнэ 7000 ам.доллараас буухгүй гэж үзэж байсан юм. Зэсийг барилгын салбарт ихээр ашигладаг. АНУ-д шинээр баригдсан орон сууцны борлуулалт тухайн үед нэмэгдэж, үнэ нь 3 орчим хувиар нэмэгдсэн байлаа. Тус улсын орон сууцны эрэлт ихэсч, үнэ нэмэгдэж байсан учраас барилгын салбар нь удахгүй сэргэнэ. Энэ үед тус улсын барилгын салбарын зэсийн эрэлт нэмэгдэнэ. Энэ нь зэсийн үнэ тогтвортой байхад нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байсан юм. Үүнээс гадна, ам.долларын ханшийн уналт зэсийн үнэ тогтвортой байхад нөлөөлнө гэж үзэж байсан юм. Дэлхийн улс орнуудад инфляци нэмэгдвэл тухайн улс орны валютын ханш унадаг. Улс орнуудад инфляци өсч, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унавал, хөрөнгө оруулагчид алт, зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг металл худалдаж авах нь ихэсч, ханш нь өснө гэж үзэж байсан юм.  

-Хятадын зэсийн хэрэглээ уг түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх нь бий-

2010.10.29. Энэ өдөр лондонгийн металлын захад нэг тонн зэс 8331 ам.долларын ханштай байлаа. Зэсийн өндөр байсан ч, цаашид буурна гэж мэргэжилтнүүд тооцоолж байв. Зэсийн үнэ огцом өссөн тул, үйлдвэрлэгчид уг түүхий эдийг худалдаж авах нь багасна. Энэ нь зэсийн үнэ буурах нэг шалтгаан болно. Нөгөө талаас хятадад уг металлын хэрэглээ буурч байгаа нь зэсийн үнэ буурах бас нэг шалтгаан болно гэж зах ажиглагчид үзэж байсан юм. Үүнээс гадна, дэлхийн авто машины эрэлт 15 хувиар буурсан байв. Үүнтэй холбоотойгоор, авто машин үйлдвэрлэлд шаардлагатай зэсийн эрэлт буурна гэж шинжээчид үзэж байлаа. Тэгвэл зарим шинжээчид Лондонгийн металлын зах нөөц 80 гаруй мянган тонноор буурч, 368 мянган тонн болсон. Лондонгийн металлын захын нөөц буурч, зэсийн нийлүүлэлт бага байгаа нь уг түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж үзэж байсан юм. Үүнээс гадна, сайжруулсан зэсийн үйлдвэрлэл 1 сая тонн байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Аж үйлдвэрийн салбарт үүнээс ч их сайжруулсан зэс шаардагдлаж байгаа. Тиймээс цаашид зэсийн үнэ өснө гэж таамаглах хүмүүс ч мөн байсан юм. Тэгвэл  2010.11.06.-ны хавьцааХятадын эдийн засаг 2010 онд тооцоолж байснаас өндөр хувьтай гарах судалгааг дэлхийн банкнаас гаргасан юм. Дэлхий банкныхан хятадын эдийн засаг 2010 онд 9.5 хувиар өснө гэж тооцоолж байсан бол, тус улсын бодит өсөлт 10 хувьтай гарах нь тодорхой болсон юм. Дэлхийн нйитийн үйлдвэрлэж байгаа зэсийн багагүй хувийг хятадууд хэрэглэдэг. Хятадын эдийн засаг өндөр өсөлттэй гарах нь тодорхой болсон учир тухайн үед дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөн гэж зах зээлд ажиглагчид үзэж байлаа. Үүнээс гадна, Лондонгийн металлын захын зэсийн нөөц бага байсан нь уг түүхий эдийн үнэ өсөх бас нэг шалтгаан болж байжээ. Тухайн үед лондонгийн металлын захад 367 мянган тонн зэсийн нөөц байсныг энд онцлох нь зүйтэй болов уу. Тэр үед Монгол Улсын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Дэлгэрсайхан: Дэлхийн улс орнуудын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдэнэ. Энэ нь зэсийн үнэ 8000 доллараас доош уруудахгүй байх баталгаа болно хэмээн хэлж байсан билээ. Тухайн үед дэлхийн зах зээлд нэг тонн зэс 8426-8521 ам.долларын ханштай байсан учраас ингэж таамагласан биз ээ. Эдгээрээс дүгнэж үзэхэд, зэс ихээр хэрэглэдэг үйлдвэрлэлийн салбарт эрэлт нэмэгдвэл үнэ өсч, Чилийн Коделко зэрэг үйлдвэрүүдийн нийлүүлэлт нэмэгдвэл үнэ унадаг байх магадлал өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн ордын зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд юунаас болж өсч, буурч ирснийг дээрх кейсээр жишээ татан харуулахыг зорьсон юм.

Эрдэнэтийн овооны зэсийн орд

Эрдэнэтийг овоог Чехтэй хамтран илрүүлсэн ч, Оростой хамтарч үйлдвэр байгуулав-

2021.11.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Эрдэнэтийн овоо гэхээр хүн бүрийн ой тойнд Эрдэнэтийн орд буух нь дамжиггүй. Үнэхээр ч тийм. 60 гаруй жилийн тэртээ Орхон, Сэлэнгийн сав газарт Монгол-Чехийн геологичид хайгуул хийж, Эрдэнэтийн овоонд зэс, молибдены хүдрийн биет байгааг анх тогтоосон юм. Коминек, Фуриел, Сандуйжав, Мягмар зэрэг Монгол-Чехийн геологичид Эрдэнэтийн овооны ордыг 1964-1968 хооронд ийнхүү илрүүлсэн бол, нөөцийг нь оросууд 1971 онд тогтоож өгсөн байна. Энэ даруй Эрдэнэтийн овооны зэс, молибдены ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэн авч, үйлдвэр байгуулж ашиглах тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Монголын тал нэг бол Чехийн, үгүй бол Оросын талтай хамтран үйлдвэр байгуулах нь оновчтой гэж тухайн үед үзэж байлаа. Гэвч Чехийн тал Эрдэнэтийн овооны ордод зэс, молибдены үйлдвэр байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч шаардлагатай учир оролцох боломжгүй гэдгээ 1974 онд илэрхийлсэн гэдэг. Тиймээс манай улс ОХУ-тай хамтарч Эрдэнэтийн овоонд зэс, молибдены үйлдвэр байгуулж 1978 онд ашиглалтад оруулсан юм. Тус үйлдвэр жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдсан бол, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр 1980 онд 8 сая тонн, 1981 онд 16 сая тонн, 1989 онд 20 сая тонн, 2000 онд 24 сая тонн, 2010 онд 31 сая тонн, 2011 онд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ. 2013 оны тавдугаар сарын 10-20 хавьцаа найман жилийн өмнө тус үйлдвэрт томилолтоор ажиллахад Эрдэнэт үйлдвэрийнхэн хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байлаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр тэр жил 25 сая тонн хүдэр боловсруулж, үүнээс 500 мянган тонн зэсийн баяжмал, 4 мянган тонн молибдены баяжмал гарган авсан байгаа юм.

-Эрдэнэтийн овооны орд 25 километр урт, 3 километр өргөнтэй-

Эрдэнэтийн овооны зэс, молибдены хүдрийн биет нь далайн түвшнөөс дээш 1606 метрийн өндөрт, 25 километрийн урттай, 3 километрийн өргөнтэй зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон бүтэцтэй юм. Хүдрийн энэ биетийг дөрвөн үндсэн хэсэгт буюу төвийн, баруун хойд, зүүн өмнөд, цагаан чулуут гэсэн хэсэгт хуваадаг байх юм. Найман жилийн өмнө очиход тус ордын баруун хойд хэсэгт олборлолт явуулж байлаа. Ингэхдээ далайн түвшнөөс дээш 1280 метрийн өндөрт, 2,5 километрийн урттай, 1,5 километрийн өргөнтэй талбайгаас хүдэр олборлож байсан нь сонирхол татам. Энэ талбайд долоо хоног бүрийн баасан гаригт тэсэлгээ хийдэг байх юм. Харин бусад өдрүүдэд суларсан хүдрийг эксковатороор хутгаж, 130 тонны даацтай белаз машинд ачиж, том бутлуурт хүргэдэг тухай тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын инженер н.Энхбат хэлж байлаа. Тэнд нийт 9 эксковатороор хүдэр олборлож, 17 белаз машинд ачиж том бутлуурт буулгаж байхтай таарч явлаа. Нэг белаз машин 15 минутад нэг эргэлт хийж, том бутлуурт хүдэр буулгаад буцдаг аж. Том бутлуур нэг дор 4 белаз машин хүдэр хүлээн авах хүчин чадалтай. Том бутлуур хоногт 60-63 мянган тонн хүдэр хүлээн авч буталдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн бутлуурын нэгдүгээр хэсгийн бутлуурчин н.Дорж-дүгэр хэлж байв. Эрдэнэтийн овооноос олборлосон хүдрийг хүдрийн талбайгаас 100 метрийн зайд орших том бутлуурт эхлээд буталж, дараа нь туузан дамжуулгаар агуулахад буулгадаг байна. Ингэхдээ тус бүр нь цагт 500 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай 800 метрийн урттай хоёр туузан дамжуулгаар буталсан хүдрийг агуулахад буулгадаг байна. Үйлдвэрт шаардлагатай хүдрийг агуулахаас туузан дамжуулгаар эхлээд дунд бутлуур руу, дараа нь жижиг бутлуур руу хүргэж дахин буталдаг. Үүний дараа шаардлага хангасан жижиг хэмжээтэй бутлагдсан хүдрийг баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсэг рүү туузан дамжуулгаар дахин оруулж, 9 том терм, 9 жижиг термэнд нунтагладаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн термийн машинист н.Самбуу хэлж байлаа. Нунтагласан хүдрийг шахуургаар баяжуулалтын хэсэг рүү шахаж хөвүүлэн баяжуулах үйл явц эхэлдэг байна. Ингэхдээ зэс болон молибденоо тус бүрт нь хөвүүлэн баяжуулдаг байх юм. Эхлээд молибденоо хөвүүлэн баяжуулдаг бол, дараа нь зэсээ хөвүүлэн баяжуулдаг тухай тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагч н.Хонгорзул хэлж байв. Хүдрийн биетийг туузан дамжуулгаар бутлах болон нунтаглах хэсэг рүү тээвэрлэдэг бол, зэс болон молибдены баяжмалаа өтгөрүүлэх, шүүх, хатаах, савлах, ачих цех рүү өөрөө урсах шугамаар тээвэрлэдэг байна. Тус цехээс эцсийн бүтээгдэхүүн гардаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн өтгөрүүлэх, шүүх, хатаах, савлах, ачих цехийн ээлжийн мастер н.Өлзий-Хутаг ярьж байсан нь тод санагдаж байна.

-68 хувийн татвартай болсон нь –

Дэлхийн эдийн засаг хурдацтай өсөж байсантай холбоотойгоор 2005 оноос зэсийн эрэлт огцом нэмэгдэж эхэлсэн юм. Эрэлт нэмэгдвэл үнэ өсдөг зах зээлийн зарчим бий. Энэ дагуу зэсийн үнэ эрэлтээ дагаад огцом өсөж байлаа. Тиймээс манай улс тэр үед дэлхийн зах зээлд экспортолдог зэсийн баяжмалд үнийн өсөлтийн албан татвар ногдуулж төсвийн орлогоо нэмэгдүүлэх бодлого явуулсан байдаг. Ингэхдээ 2006 онд Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг парламентаар баталж, Эрдэнэт үйлдвэрийн дэлхийн зах зээлд экспортолсон нэг тонн зэсийн үнээс 2600 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн байна. Тухайн үед тонн зэс 8500 ам.доллар хол давж байсан учир улсын төсөвт нэг тонн зэсээс дор хаяж 3700 ам.долларын цэвэр ашиг орж байжээ. Үүний ачаар хэдэн жил тасралтгүй хасах гарсан улсын төсөв 2006 оноос нэмэх тэмдэгтэй гарч эхэлсэн юм. 2009 оны наймдугаар сарын 22-ны хавьцаа гэнэтийн ашгийн 68 хувийн татваоаас манай улс эхний гурван жилийн дотор 968 тэрбум төгрөгийн орлого олсон. Монгол Улсыг хөгжүүлэх санд байршуулсан энэ мөнгөнөөс хүүхэд болон залуу гэр бүлд 300 гаруй тэрбумыг нь олгож, үлдсэнийг нь автозам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан гэгдэж байлаа. Монгол Улсыг хөгжүүлэх санд тухайн үед үлдсэн 65 тэрбум төгрөгийг Зоос болон Худалдаа хөгжлийн банкинд байршуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан гэгдэж байсан юм. Тэгвэл 2006-2010 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийн экспортод гаргасан зэсийн баяжмалаас нийт 1,7 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн тоо баримт бий. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шиг зэсийн үнэ ямагт өндөр байсангүй. АНУ-ын Wall street-ээс эхлэлтэй санхүүгийн хямрал даамжирч 2008-2009 онд дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж хүрээгээ тэлсэн юм. Энэ үед Америк, Япон, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч үйлдвэрлэл нь саарч байлаа. Үүнээс болж гадаад зах зээлд уул уурхайн түүхий эдийн эрэлт буурч зэсийн үнэ огцом унасан нь дэлхийн эдийн засгийн хямрал манай улсыг тойрохгүй, дайраад гарахыг шуудхан илтгэж байсан юм. Манай улс 2008 оны төсөвт нэг тонн зэсийн үнэ дунджаар 7100 ам.доллар байхаар тусгаж, Эрдэнэт үйлдвэрээс үнийн өсөлтийн албан татварт 600-700 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч, энэ нь талаар болж мэдэхээр байдалтай нүүр тулав. Энэ үед Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.БатжаргалЗэсийн үнэ 6400 ам.доллараас уруудахгүй байхад төсөв алдагдалгүй балансаа барьж чадна. Хэрэв зэсийн үнэ 6000 ам.доллараас уруудвал төсөв алдагдалтай гарна. Харин 3500 ам.доллараас уруудвал Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрдөг гэнэтийн ашгийн албан татвар үгүй болж, сонгуулийн амлалтаас эхтэй хүүхдийн 10 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянга, шинээр төрсөн хүүхдийн 100 мянган төгрөгийг олгох хөрөнгийн эх үүсвэргүй болох учраас үр ашиггүй зардлаа танаж төсвийн хэмнэлт хийх шаардлагатай байгааг эртнээс анхааруулж байлаа. Гэтэл 2009 оны эхээр байдал улам дордож Лондонгийн металлын биржэд нэг тонн зэс 2700 ам.доллар болтлоо уруудаж, үүнээс 2600 ам.доллар хассаны дараа үлдэх орлого гэвэл ердөө 100 ам.долларт үнийн өсөлтийн 68 хувийн татвар ногдуулахад хүрсэн юм. Өмнө нь тонн зэсээс улсын төсөвт дор хаяж 3700 ам.долларын татвар орж байсантай харьцуулахад энэ нь хэтэрхий чамлахаар үзүүлэлт. Уг нь 2009 оны төсөвт тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд 5800 ам.доллар байхаар тусгаж, уг түүхий эдийн үнэ 3400 ам.доллараас уруудаагүй тохиолдолд төсөв ажрахгүй гэж тооцож байлаа. Гэвч энэ нь талаар болж зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 2009 оны сүүлээр өмнөх оноосоо 74 хувиар тасарч улсын төсөв их хэмжээний алдагдал хүлээх нь тэр. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Б.Бадамцэцэг: Төсвийн орлогыг бүрдүүлдэг хувийн жин өндөртэй татварын төрлүүд өмнөх оны түвшинд хүрэхгүй дутуу төвлөрснөөс төсвийн нийт тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлж байна. Энэ бууралтын талаас илүү хувь нь Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын бууралтаас шалтгаалж байгаа гэж бататган хэлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Тухайн үед Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга н.Баяраа: Эдийн засаг санхүүгийн хямралтай холбоотойгоор дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан. Лондонгийн металлын биржэд нэг тонн зэс өмнө нь 8000-9000 ам.долларын ханштай байсан бол, 3000 ам.доллар болтлоо буурсан. Зэсийн үнэ 2600 ам.доллараас дээш гарсан нөхцөлд үнийн өсөлтийн 68 хувийн албан татвар ногдож байгаа. Тэгэхээр зэсийн үнэ 3000 ам.доллар байхад үнийн өсөлтийн татвар ногдоно гэсэн ойлголт бараг байхгүй. Харин тавдугаар сараас зэсийн үнэ 5000 ам.доллар болж ялимгүй өссөн нь улсын төсөвт төлөвлөснөөс 13.4 тэрбум төгрөг илүү ороход нөлөөлсөн. Зэсийн үнийн өсөлтийн албан татвараас 10.1 тэрбум төгрөг орох ёстой байсан ч, 23.5 тэрбум төгрөг орсон гэсэн үг. Өнгөрсөн онд зэсийн үнийн өсөлтийн албан татварт 191 тэрбум төгрөг орсонтой харьцуулахад зөвхөн энэ татварын хувь хэмжээ дангаараа 8 дахин буурсан үзүүлэлттэй байна гэсэн тайлбарыг хямралын үед өгч байсан юм.

-Зэсийн үнэ унаж 68 хувийн татвар буурав-

2008-2009 оны эдийн засгийн хямралын үед гадаад зах зээлд зэсийн үнэ гурав дахин унаж, Эрдэнэтийн зэс үнэгүйдсэн нь эмзэг эдийн засагтай манай улсад том цохилт өгсөн нь мэдээж. Тухайлбал, 2007 онд 133 тэрбум төгрөгийн ашигтай гарсан улсын төсөв, 2008 онд 395 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол, 2009 оны сүүлээр 332 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь тэр. Дайран дээр давс гэгчээр зэсийн үнийн өсөлтөөс орж ирэх татварын орлого буурч байхад төсвийн зарлага өндөр байсан нь байдлыг улам хүндрүүлсэн гэхэд болно. Зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг хадгалах бус, зарцуулж байсан нь төсвийн тогтворгүй байдлыг бий болгосон гэж Сангийн дэд сайд асан Т.Очирхүү тэр үед илэрхийлж байсан юм. Тухайлбал, төсвийн зарлага орлогоосоо 20 пунктээр өндөр үзүүлэлттэй гарч байлаа. Татварын орлого буурсан нь яах ч аргагүй байдал гэдэгтэй эдийн засагчид санал нэгдэж байсан бол, зарлага орлогоосоо өндөр байсныг төрийн түшээдийн бодлогогүй алхам гэдэгтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй байсан юм. Тиймээс төсвийн орлого буурсан үед зарлагыг дагаад хумих хэрэгтэйг байсан ч, Засгийн газарт тэгэх бодол байсангүй. Ингэж хэлж байгаа нь 2010 оны төсвийн орлогыг 2 их наяд 306 тэрбум, зарлагыг 2 их наяд 664 гаруй тэрбум төгрөг байхаар Засгийн газар тооцож төсвийн төслийг боловсруулсан байдаг. Зарлага өндөр байгаагаас 2010 оны төсөв 359 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байлаа. Орлого бага, зарлага их байсны улмаас 2008 оны эцэст улсын төсөв 395 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6 шахам хувийг эзэлж, энэ алдагдлын гаднаас зээл тусламж авч дарсан болохыг Сангийн сайдын албыг хашиж явсан С.Баярцогт хэлж байсан удаатай. Гэвч үүнээс сургамж авсангүй. 2010 оны төсвийн зарлагыг орлогоос нь давахаар төлөвлөжээ. Зөрүүд нь гарах алдагдлыг Монгол улсыг хөгжүүлэх санд орж ирэх мөнгө, гаднаас орж ирэх зээл тусламжаар нөхөхийн зэрэгцээ, Засгийн газрын бонд гаргаж нөхөхөөр төсвийн төсөл боловсруулагчид тооцоолсон байлаа. Ингэхдээ дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 5184 ам.доллар, нэг унци алтны үнэ 900 ам.доллар байхаар тооцож 2010 оны төсвийн төслийг боловсруулсан байлаа. Ингэснээр зэсийн үнийн өсөлтөөс 208 тэрбум төгрөг, алтны үнийн өсөлтөөс 34 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөв. Өөрөөр хэлбэл, 2010 онд алт зэсийн үнийн өсөлтөөс нийт 242 гаруй тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцоолж, үүний 141 тэрбум төгрөгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахаар төлөвлөж байсан нь нууц биш. Харин үлдэх алдагдлыг хандивлагч орнуудаас орж ирэх 65 сая ам.доллараар нөхнө гэж тооцсон юм. Улсын төсвийн алдагдлын багагүй хувийг ингэж нөхлөө ч, цаана нь 82 тэрбум төгрөг дутах нь ойлгомжтой байлаа. Энэ мөнгийг Засгийн газрын урт хугацаатай бонд гаргах замаар олно гэж тооцоолсон байдаг. Өөрөөр хэлбэл, 2008 онд төсвийн алдагдлаа яаж нөхсөн, тэр аргачлалаараа 2010 оны төсвийн алдагдлыг нөхөхөөр шулуурч байв. Төсвийн алдагдлыг тал хэсгийг Монгол улсын хөгжлүүлэх санд орж ирэх мөнгөөр нөхөх гэж байгаа нь нэг хэрэг ч, гаднаас орж ирэх зээл тусламжаар төсвийнхөө багагүй хувийг нөхнө гэдэг зохисгүй үйлдэл болохыг эдийн засагчид анхааруулсаар л байв. Гаднаас орж ирсэн зээл тусламжийг эргүүлэн төлөх учраас тэр юм. Нэг ёсондоо, өнөөдөр төсвийн алдагдлаа нөхлөө ч, ирээдүйд өртэй байх нь зохисгүй гэж эдийн засагчид тэр үед үзэж байсан юм. Тиймээс ийм ядарсан арга хэрэглэж байхаар, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөж байлаа. Гэвч ингэх бололцоогүй гэсэн тайлбарыг сангийн сайд өгч байсан юм. Улсын төсвийн орлого буурч явсаар цаашлаад гадаад худалдаа алдагдалтай гарахад нөлөөлж, валютын нөөц хумигдаж долларын ханш огцом өсч байсныг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, валютын нөөц 1 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар болтлоо уруудаж, америк долларын албан ханш 1590 төгрөгт хүрсэн гашуун түүх бий. Байгаа валютын нөөцөөрөө урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарч хөлтэй нь ийш тийш гүйлдэж, хэлтэй нь ийш тийш утас цохиж гарах гарц эрэлхийлсэн он жилүүд өнгөрсөн билээ. Арга ядахдаа хандивлагч орнуудаас зээл авч, Олон улсын валютын сангийн 18 сарын хугацаатай Стэнд бай хөтөлбөрт хамрагдаж байх вэ дээ. Азаар 2010 оноос анх удаа нүүрсний экспортын орлого зэсийн экспортын орлогоос давж, төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх болсон юм. Тухайлбал, нийт экспортын 29.8 хувийг нүүрсний орлого, 27 хувийг зэсийн баяжмалын орлого бүрдүүлж эхлэв. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ жилд нэг удаа байгуулахдаа гол төлөв оны эхэнд үзэглэж үнээ тохирдог байжээ. Тиймээс дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ ялимгүй сэргэсэн ч, гэрээнд заасан үнээр бүтээгдэхүүнээ тухайн үед нийлүүлж байсан учраас үнийн өсөлтийн татвараас дорвитой зүйл орж ирэхгүй байсан гэдэг. Энэ үед нүүрсний экспортын орлого зэсийн экспортын орлогоос давахад нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн судалгааны газрын дарга н.Баасанжав учирлаж байсан удаатай. Тухайн үед Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэр ашиглалтад ороогүй байсан учраас зэсийн үнийн өсөлтийн албан татварыг Эрдэнэт үйлдвэр ганцаараа төлдөг байсныг хэн хүнгүй мэднэ. Хэдийгээр татвараа хугацаандаа төлж байсан ч, энэ нь ихээхэн дарамт болж байсныг тус үйлдвэрийнхэн хэлдэг билээ.

-68 хувийн татварыг хүчингүй болгов-

2009.01.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Нэг хэсэг 2800 америк доллараас доош уруудаад байсан зэсийн үнэ амилж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр уржигдар нэг тонн зэс 3125 америк долларын ханштай байсан юм. Зэсийн үнэ бага зэрэг өсч байгаа ч Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажилласан хэвээр байна. Тус үйлдвэрийн зах зээлд гаргаж байсан бүтээгдэхүүний тоо хэмжээ буураагүй ч, зэсийн үнэ огцом өсөхгүй байсан нь алдагдал оруулахад хүргэж байгаа юм. Тус үйлдвэрийг алдагдалд оруулахад хүргэж байсан бас нэг хүчин зүйл нь 68 хувийн татвар юм. Тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг: 2009 оны бизнес төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Олон хувилбартай байгаа. 68 хувийн татвар, бүх татвар, нийгэм соёлынхоо бүхий л зардал, бүх зүйлийг оролцуулаад аваад үзвэл, бүх зардал 4000 мянган америк доллар орчим байхаар байгаа. 2000 онтой харьцуулахад, нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 4 дахин нэмэгдсэн. Гол шалтгаан нь 2006 оноос мөрдөж эхэлсэн үнийн өсөлтийн албан татвар юм. 2000-2005 онуудад манай үйлдвэрийн нийт орлогын 13.6-22 хувь нь төсвийн төлбөр хураамж, ногдол ашигт явдаг байсан. Тэгвэл одоо энэ ачаалал 70 хувь болж байна. Нийт орлогынхоо 70 хувийг 68 хувийн татварт төлж байна. Татварын ачаалал 4 дахин нэмэгдсэн байх. Энэ татвар хураасан хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд 870 тэрбум гаруй төгрөгийн оруулсан. Хэрвээ энэ татварыг эс тооцвол, зэсийн үнэ 3200 байхад, манай үйлдвэр алдагдалгүй ажиллах боломжтой хэмээн хямралын үед хуучилж байсан юм. 68 хувийн татвар авдаггүй байсан бол, зэсийн үнэ дэлхийн зах зээлд 3200 америк доллар байхад Эрдэнэт үйлдвэр алдагдалгүй ажиллах байжээ. Товчхондоо, 68 хувийн татвар Эрдэнэт үйлдвэрийг сөхрүүлэхэд хүргэж байсан юм. Зэсийн үнийн өсөлтийн албан татвар авахгүйгээр Эрдэнэт үйлдвэрийг алдагдалгүй ажиллуулж болох талтай. Гэсэн ч, манай улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээс 68 хувийн албан татвар авахгүй байх бололцоогүй гэдгийг албаныхан хэлж ирсэн. Хэдийгээр зэсийн үнэ бага зэрэг өссөн ч, 6700 доллараас дээш давж өсөхгүй бол манай улсын төсөв тухайн үед хүссэн хүсээгүй алдагдалтай гарахаар байжээ. Товчхондоо, зэсийн үнэ 6700 америк доллараас дээш өгсөхгүй бол 2009 оны төсөв 179 тэрбум төгрөгөөр дутах байв. Тухайн үед зэсийн үнийн өсөлтөөс Монгол Улсыг хөгжүүлэх санд орж ирэх мөнгө байсангүй. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Монгол Улсыг хөгжүүлэх санд тухайн үед 455 тэрбум төгрөг байсан талаар хэлдэг. Үүний 230 тэрбум нь Монголын улсын эрсдэлийн сангийн хуримтлал байсан гэж ойлгож болно. Харин үлдсэн нь хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянга, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зарцуулагдах ёстой байлаа. Хүүхдийн мөнгийг улирал тутамд 25 мянга байсныг 20 мянган төгрөг болговол, хуримтал нийгмийн халамжинд 2009 онд хүрэлцэнэ гэж тооцоолж байсан юм. Гэхдээ энэ нь зэсийн үнэ унаж, Монгол Улсыг хөгжүүлэх санд зэсийн үнийн өсөлтөөс ямар ч мөнгө орж ирэхгүй тохиолдолд юм. Харин зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр эргэн сэргэж 7600 доллараас дээш өсвөл айх аюулгүй болно гэж албаныхан ярьж байсан билээ. Манай улсад зэсийн баяжмал үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр байлаа. Энэ бол хэн бүхний сайн мэдэх Эрдэнэт үйлдвэр. Тус үйлдвэр жилд 530 мянган тонн зэсийн баяжмал, 3 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг. 2011 гуравдугаар сарын 19-ний байдлаар үүнийгээ Финляндын Оутокумпу, Австарлийн Бейтмэн Инженеринг, Песифик оур техноложи, Английн Брук хант, Америкийн Пелпс дож корпораци, Ки Ди энженеринг компани, Солонгосын Самсунг зэрэг компаниудад нийлүүлж байжээ. Ингэхдээ бүтээгдэхүүнээ лондонгийн металлын захын ханшаар худалдаалж ирсэн байна. Манай улсын дэлхийн зах зээлд гаргадаг зэсийн үнийг тодорхойлдог газар бол Лондонгийн металлын бирж юм. Уг биржэд зэсийн үнэ унаснаар Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажиллаж, төсвийн орлого тасалдаж байсан гэж ойлгож болох юм. Эрдэнэт үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ хэвээрээ ч, үүнийгээ ямар үнэ ханшаар борлуулна, тэр хэмжээгээр орлого нь тодорхойлогдож байжээ. 2008 оны эцэст тус үйлдвэрийн орлого огцом буурч, дагаад үйлдвэрийн ашиг багассан байна. Тус үйлдвэр 2009 оны бизнес төлөвлөгөөндөө 68 хувийн болон бусад татвараа оролцуулж тооцоход зардал нь 4000 ам.доллараар хэмжигдэж байжээ. Үүнийг 2000 онтой харьцуулахад нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 2006 оноос мөрдөгдөж эхэлсэн үнийн өсөлтийн 68 хувийн татвартай холбоотойгоор зардал нь ингэж өссөн гэж ойлгож болно. 2000-2005 онд тус үйлдвэрийн нийт орлогын 13.6-22 хувь нь төсвийн төлбөр, хураамж, ногдол ашигт явдаг байсан бол, үнийн өсөлтийн албан татварын хууль хэрэгжиж эхэлснээр 70 хувьд хүрчээ. Нийт орлогынхоо 70 орчим хувийг үнийн өсөлтийн албан татварт төлөөд болчихдог гэвэл үгүй. Өөр бусад татвараа нэмж тооцвол 82.2 хувийн татварын ачаалал тус үйлдвэрт очиж байжээ. Өөрөөр хэлбэл, татварын ачаалал өмнөхөөсөө дөрөв дахин өссөн гэсэн үг юм. Ингэхдээ зэсийн баяжмал ачсан өдрөөс орлогыг нь татварт суутгаж байсан гэлцдэг. Эрдэнэт үйлдвэр 2006-2010 оны хооронд экспортод гаргасан зэсийн баяжмалд нийт 1.7 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн тухай дээр дурдсан. Тэгвэл үүний 870 тэрбум төгрөгийг эхний хоёр жилд нь төлж, Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн тухай татварын албаныхан хэлдэг. Хэрэв энэ татварыг эс тооцвол зэсийн үнэ 3200 ам.доллар байхад тус үйлдвэр алдагдалгүй ажиллах боломжтой байсан тухай тус үйлдвэрийнхэн ярьдаг. Тухайн үед тонн цэвэр зэсийн үнэ 500 ам.доллараар буухад Эрдэнэт үйлдвэрийн орлого 70 тэрбум төгрөгөөр, зардал 50 тэрбум төгрөгөөр, ашиг 20 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байдаг. Монгол Улсын төсвийн хямралд зэсийн үнэ нөлөөлснийг холбогдох албаныхан хэлдэг бол, Эрдэнэт үйлдвэрийнхэн зэсийн үнийн уналт 2008 оны дөрөвдүгээр улиралд гарсан. Харин хямрал үүнээс өмнө эхэлчихсэн байсан. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэр энэ хямралыг аль болох хурдан давж, санхүүгийн байдлаа түргэн сайжруулах шаардлагатай байгаагаа илэрхийлж байлаа. Ингэхийн тулд Монгол Улсыг хөгжүүлэх санд зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас төвлөрсөн хөрөнгөөр Эрсдэлийн сан байгуулах, Үнийн даатгал бий болгох, 68 хувийн татвар болон нөөц ашиглалтын төлбөр авдаг аргачлалаа өөрчлөх шаардлагатай байгааг учирлаж байсан юм. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувь хэмжээ өндөр байсан нь Эрдэнэт үйлдвэрт ийнхүү дарамт болж байсан бол, дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан нь улсын төсөвт дарамт болж байлаа. Тиймээс зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн, гэнэтийн ашгийн, 68 хувийн гэж янз бүрээр нэрлэгддэг уг татварыг 2011 оноос хүчингүй болгосон юм.

-Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төрөв-

2006 онд УИХ-аар батлагдсан Зарим бараа, бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийн албан татвараас болж, алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан. Үүнээс гадна, Эрдэнэт үйлдвэр дийлэнх ашгаа татварт өгч байсан юм. Тиймээс 2011 оноос эхлэн алт болон зэсэнд гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар ногдуулахгүй байхаар болсон. Энэ үеэс уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гадаад зах зээлд экспортолсон зэсийн баяжмалдаа үнийн өсөлтийн албан татвар төлөхөө больсон. Гэхдээ оронд нь алт, зэс үйлдвэрлэгчдээс өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авахаар болсон юм. Энэ талаар 2011.01.08-ны хавьцаа тэр үеийн Үндэсний татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Туул: Оронд нь цоо шинэ төрлийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авна. Нэг тонн зэсээс шатлалтайгаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах юм. Лондонгийн металлын захад нэг тонн зэс 9590 ам.долларын ханштай байхад, Эрдэнэт үйлдвэр нэг тонн зэсэнд 15 хувийн татварыг улсад тушаах ёстой гэж мэдэгдэж байсан нь тод санагдаж байна. Шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд дэлхийн зах зээлд Эрдэнэт үйлдвэрийн экспортод гаргасан зэсийн баяжмал тонн нь 9000 ам.долларын ханштай байвал 15 хувийн татвар, 8000 ам.долларын ханштай байвал 14 хувийн татвар, 7000 ам.долларын ханштай байвал 13 хувийн татвар авахаар тусгасан байлаа. Тодруулбал,  уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэхүү татварыг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж ногдуулах бөгөөд зэсэнд дээр 5 + 15 хувь, бусад ашигт малтмал дээр 5 + 5 хувиар тооцон авч байхаар тусгасан юм. Үнийн өсөлтийн албан татварыг халж, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авснаар Эрдэнэт үйлдвэрээс авдаг татварын хувь хэмжээ өмнөхөөсөө хоёр дахин буурсан гэлцдэг. Татварын хувь хэмжээгээ ийнхүү бууруулж, 2011 онд дэлхийн зах зээлд нэг тонн зэс 8400 ам.долларын ханштай байхаар тооцож, Эрдэнэт үйлдвэрээс 169 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авахаар төсөвт тусгаж байсныг эдийн засгийн хүрээнийхэн тод санаж буй нь лавтай. Харамсалтай нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ Лондонгийн металлын захад 2011 оны наймдугаар сарын эхээр нэг тонн нь 9500 ам.доллар, есдүгээр сарын эхээр 9000 ам.доллар, аравдугаар сарын эхээр 6900 ам.доллар болж уруудсан юм. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал: Хэрэв дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтвортой байвал 169 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр Эрдэнэт үйлдвэрээс орж ирнэ. Хэрэв дэлхийн зах зээлд зэсийн үнэ тооцоолж байснаас уруудаж орлого тасалдвал, Тогтворжуулалтын санд хуримтлуулсан хөрөнгөө гаргаж төсвийн орлогын тасалдал болон алдагдлаа хаана. Тогтворжуулалтын санд 184 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

-Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын 25 хувийг дангаараа хийдэг-

Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон цагаас хойш манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байж ирсэн. Манай улсын нийт экспортын 25 хувийг дангаар хийдэг тус үйлдвэр зэс, молибдены баяжмалын экспортоороо дэлхийд эхний 10-т бичигддэг гэх нь бий. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын 4/1 хийж төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийг зэс, молибденоор хангадаг гол нийлүүлэгчдийн нэг юм. Тус үйлдвэр жилд 29 сая тонн хүдэр олборлож, үүнийхээ 26 сая тонныг нь боловсруулж, 23 хувийн агуулгатай 500 мянган тонн зэсийн баяжмал, 47-49 хувийн агуулгатай 4 мянган тонн молибдены баяжмал гарган авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга н.Баттулга хэлж байлаа. Тус үйлдвэр бүтээгдэхүүн худалдаалах гэрээгээ урт хугацаанд, гол төлөв оны эхэнд байгуулдаг. Хэдийгээр бүтээгдэхүүнээ худалдаалах гэрээг урт хугацаанд хийдэг ч, үнэ ханшийг нь сар тутам шинэчилдэг гэсэн мэдээлэл олон жилийн өмнө гарч байсан билээ. Ингэхдээ Лондонгийн металлын захын зэсийн ханшийг суурь үнээ болгодог байгаа юм. Энэ үнээс хайлуулалтын болон цэвэршүүлэлтийн зардал хасагддаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч н.Алтанхуяг хэлж байсан удаатай. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал 23 хувийн агуулгатайг дээр дурдсан. Үүгээр тооцвол, тус үйлдвэрийн жилд үйлдвэрлэдэг 500 мянган тонн баяжмалыг хайлуулж цэвэршүүлэх явцад 23 хувь нь цэвэр зэс, үлдэх хэсэг нь хаягддаг гэсэн үг юм. Тиймээс худалдан авагчид баяжмал дахь зэсийн агуулгыг харгалзаж, баяжмалаас гарах цэвэр зэсэд мөнгө төлдөг байна. Баяжмалын гол худалдан авагч нь Америк, Европ, Япон, Солонгос, Хонконгийн 10 гаруй трейдер буюу худалдааны компани байдаг тухай 8 жилийн өмнө тэнд очиход тус үйлдвэрийнхэн хуучилж байлаа. Тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлэхээс 5 хоногийн өмнө манай улс зэсийн баяжмалынхаа урьдчилгаагаа авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч н.Намхайнямбуу хэлж байсан юм. Урьдчилгаагаа авч, бүтээгдэхүүнээ нийлүүлсэний дараа дэлхийн олон орны дээрх трейдер компаниуд манай түүхий эдийг хятадын зах зээлд худалдаалж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүтээгдэхүүнээ худалдааны компаниудаар дамжуулан дэлхийн зах зээлд экспортолж ирсэн байх нь.

-Эрдэнэт үйлдвэрийн урьдчилгаа ба ногдол ашиг-

Эрдэнэтийн үйлдвэрлэж, экспортолдог бүтээгдэхүүний тоо хэмжээ жил бүр ижил байдаг ч, зэс болон молибдены баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс хамаарч тус үйлдвэрийн орлого харьцангуй өөр өөр  байдаг. Үүний нэг тод жишээ бол, 2011 онд тус үйлдвэр 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол, 2012 онд 190 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан явдал. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх тэр мөчид тус үйлдвэр 2011 онд түүхэндээ анх удаа өндөр ашигтай ажилласан ч, зэсийн үнэ буурснаар тус үйлдвэрийн ашиг 2012 онд эргэн буурсан нь эндээс харагдаж байгаа юм. Ашигтай ажиллах бүртээ тус үйлдвэр Монгол-Оросын Засгийн газарт ногдол ашиг олгож ирсэн түүхтэй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл /Совет гэх нь бий/ 2013 оны дөрөвдүгээр сарын 18-нд хуралдаж, 2012 оны ашигт ажиллагаанаас Монгол-Оросын талд 96 сая ам.долларын ногдол ашиг олгох шийдвэр гаргаж байсныг энд дурдаж болно. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг манай улс, 49 хувийг хойд хөрш тэр үед эзэмшдэг байсан учраас Монголын тал 49 сая ам.долларын, Оросын тал 47 сая ам.долларын ногдол ашиг авахаар болов. Үүнийг 2013 оны тавдугаар сард багтаан хоёр орны Засгийн газарт олгохыг Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлөөс шийдвэрлэсэн байдаг. Тэр үед гадаадын трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас урьдчилгаа авч хоёр талын ногдол ашгийг олгоно гэж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч н.Алтанхуяг хэлж байсан юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн зөвлөлийн хурлаас дээд тал нь 150 сая ам.доллар зээлэх хязгаар тогтоосон тул худалдааны компаниудаас энэ хэмжээний урьдчилгаа авахаар тохиролцсон байжээ. Ингэхдээ мөн оны тавдугаар сард 50 сая ам.доллар, наймдугаар сард 100 сая ам.доллар урьдчилж авахаар тохиролцсон байна. Үүн дээр өмнө нь аваагүй 30 сая ам.долларын зээлийн эрхээ нэмж хэрэгжүүлнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Үүгээр тооцвол, тул үйлдвэр 2013 онд 180 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг худалдааны түншлэгч компаниудаасаа авахаар байсан юм. Үүнээс 80 сая ам.долларыг тохиролцсон ёсоор мөн оны тавдугаар сард авч үүний 49 сая ам.долларыг ногдол ашигт зориулж Монгол Улсын Засгийн газарт өгнө. Үлдэх мөнгө оросын талд олгох ногдол ашигт хүрэлцэхгүй. Тиймээс 2013 оны наймдугаар сард дараагийн ээлжийн 100 сая ам.долларын урьдчилгаа орж ирмэгц оросын талын ногдол ашиг олгоно гэж тус үйлдвэрийнхэн хэлж байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл 2013 оны тавдугаар сард багтаан хоёр талд ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн ч, манай улс хугацаандаа авч, хойд хөрш бага зэрэг хүлээхэд хүрсэн гэсэн үг. Хугацааг ялимгүй хойшлуулах хүсэлтээ Эрдэнэт үйлдвэрийнхэн Төрийн өмчийн хороогоор дамжуулан оросын талд уламжлуулсан гэлцэх нь бий. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн урьдчилгаагаа авч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж иржээ.

-Эрдэнэт үйлдвэрийн авлага ба өрийн харьцаа-

Тус үйлдвэрийнхэн өнгөрсөн хугацаанд техник, технологио сайжруулах, ногдол ашиг тараахад шаардагдах хөрөнгийг трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас хүүтэй авч ирсэн. Тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн орлогч дарга Жалсафов Түмэн Жаргалович: Эрдэнэт үйлдвэрийн худалдааны компаниудаас авсан урьдчилгаа төлбөрийн өр 2013 оны эхэнд 405 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Үүнээс хойш ачилт хийж, борлуулалт хийсэн болохоор өрийн хэмжээ 2013 оны эхний гурван сарын байдлаар 22 тэрбум төгрөгөөр буурсан. Ингэснээр мөн оны дөрөвдүгээр сард өрийн хэмжээ 382 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид өр хэд болж буурах, өсөхийг хэлэхэд бэрх байна гэсэн тайлбар өгч байлаа. Үүнээс хойш хоёр сарын хугацаанд түншлэгч компаниудад зэсийн болон молибдены баяжмалаа хэвийн нийлүүлсэн учир дээрх өр 350 тэрбум төгрөг болж буурсан болохыг Эрдэнэт үйлдвэрийнхэн хэлж байлаа. Гэвч Монгол-Оросын талд ногдол ашиг олгоход болон бусад зүйлд зориулж 2013 онд трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас авахаар тохиролцсон 180 сая ам.долларын урьдчилгааг оруулж тооцвол, тус үйлдвэрийн өр өсөх тооцоо тухайн үед гарч байлаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилласан ч, ашгаа өрөнд өгдөг. Харин ногдол ашгаа урьдчилгаа төлбөр буюу зээл авч олгож ирсэн байгаа юм. Энэ нь санаа зовоосон асуудлыг нэг мөнөөс мөн. Тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Фоменко Александр Петрович: Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн хэд хэдэн хүнд асуудал бий. Жил бүрийн эхний улиралд санхүү хүнд байдаг. Гэхдээ 2013 оны хувьд эхний улирлыг даван туулж, хүнд байдлаасаа бага ч болтугай гарч чадлаа. Эхний улирлыг бодвол манай санхүүгийн байдал бага зэрэг сайжирч байна. Гэхдээ бидэнд толгой өвтгөх асуудал цөөнгүй бий. Эрдэнэтийн овооны уурхай удаан ажиллаж гүн рүүгээ орох тусам, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Тиймээс хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Хүдрийн олборлолтыг нэмэгдүүлж байж баяжмалын гарц хэвийн байх юм. Тийм болохоор Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглагч хэсгийн өргөтгөлийг хийх шаардлагатай байгаа. Өөрөө нунтаглагч жилд 4-5 сая тонн хүдэр боловсруулдаг бол, үүнийг 10-12 сая тоннд хүргэх шаардлагатай байна. Тиймээс өөрөө нунтаглагч хэсгийг өргөтгөхөөр 2011 онд техник, тоног төхөөрөмж захиалсан. Зарим тоног төхөөрөмж 2013 онд ирнэ. Үүнд урьдчилгаа өгсөн болохоор тоног төхөөрөмжөө авах зэрэг авлага бий. Нөгөө талд үйлдвэрийн өр бий. Үүгээр тооцвол, үйлдвэрийн өрийн болон авлагын харьцаа хэвийн түвшинд байгаа. 2013 оны сүүлч гэхэд өрийн хэмжээ зохистой харьцаанд хэвийн байх болно хэмээн хуучилж байлаа. Эрдэнэт үйлдвэр 2013 онд зэсийн баяжмалаа тонныг нь 8125 ам.доллараар, молибдены баяжмалаа тонныг нь 11390 ам.доллараар худалдахаар төлөвлөсөн байлаа. Үүнээс 950 сая ам.долларын орлого олохоор төлөвлөсөн ч, тус үйлдвэрийн зарлага 800 сая ам.доллараар хэмжигдэж байв. Харин цаана үлдэх 150 сая ам.доллар нь Эрдэнэт үйлдвэрийн ашиг болж хоцрох ёстой. Гэвч дэлхийн зах зээлд зэсийн үнэ 6400 ам.доллараас, молибдены үнэ 7157 ам.доллараас доош орвол 2013 онд олохоор төлөвлөсөн 150 сая ам.долларын ашиг талаар болно гэдгийг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр ашигтай ажиллаж, ногдол тараах эсэх нь дэлхийн зах зээл дэх зэс болон молибдены үнээс ихээхэн хамаардаг юм. 
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хангамж

-Эрдэнэтийн молибденыг юунд ашигладаг вэ-

Менделеевийн үелэх системийн зургаадугаар бүлэгт бичигддэг молибденийг Шведийн химичид нээсэн гэж үздэг. Тухайлбал, 1778 онд Шеел, 1782 онд Гьелм нар молибденитээс молибденыг гаргаж авах боломжтой гэдгийг нотолсон аж. Харин 1817 онд Шведийн химич Берцелиус молибденитээс анхны молибденыг цэврээр нь буюу металлаар нь гарган авсан түүхэн хүн гэлцэх нь бий. Грек үгнээс гаралтай молибден нь цагаан тугалгатай төстэй учир 18 зууны үед энэ металлыг харандаа хийж, зураг зурахад ашигладаг байсан гэлцдэг. Харин одоо энэ металлыг дэвшилтэд технологид түлхүү ашиглаж байгаа юм. Ингэхдээ гол төлөв сансрын хиймэл дагуул, агаарын хөлөг, нисдэг тэрэг, усан онгоц, машины эд анги хийхэд ашигладаг байна. Гэрлийн чийдэн хийхэд ч сүүлийн үед молибденыг ашиглах болсон аж. Мөн энэ металлаар нано технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэж болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Молибден хольсон ямар ч металл зэвэрдэггүй, халуунд тэсвэртэй, бат бөх учраас тэр. Мөнгөлөг саарал өнгөтэй, үйлдвэрлэлд нэн чухал, уг түүхий эд харамсалтай нь байгальд ховор тохиолддог байх юм. Үүний нэг тод жишээ бол, дэлхийн молибдены нөөц бусад металлтай харьцуулахад харьцангуй бага байгаа явдал. 2013 оны судалгаагаар дэлхий дээр 8 сая тонн молибдены нөөц тогтоогдоод байгаагийн 39 хувь нь хятадад, 31 хувь нь америкт, 13 хувь нь Чилид, 8 хувь нь Арменид, 5 хувь нь Канадад, 3 хувь нь Орост тогтоогдсон аж.  Харин үлдэх багахан нөөц нь бусад орнуудад тогтоогдсон гэнэ. Үүнд манай улсыг нэрлэж болно. Манай улсын молибдены нөөц эцэслэн тогтоогдоогүй ч, уг металлын 50 гаруй орд байгааг Ашигт малтмалын газрынхан хэлдэг. Цагаан суварга, Өндөр цагаан, Түргэн гол, Улаан энгэр, Буянт гол, Эрдэнэтийн овоо зэргийг энд нэрлэж болох юм. Эдгээрээс Эрдэнэтийн овооны молибденыг манай улс олборлож, боловсруулж, баяжуулж, экспортолж байгаа юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон цагаас Эрдэнэтийн овооноос молибдены баяжмал гарган авч байгаа юм. Тус үйлдвэр анх 4 сая тонн хүдрээс багахан хэмжээний молибден гарган авдаг байсан бол, сүүлийн жилүүдэд 26 сая тонн хүдрээс 6-10 хувийн чийглэгтэй, 47-49 хувийн агуулгатай 4000 тонн молибдены баяжмал гарган авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга н.Батсайхан хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, баяжмалын тал шахуу хувь буюу 2000 тонн нь цэвэр молибдены гарцтай гэсэн үг юм. Дэлхий дахинаа жилд 200 мянган тонн молибден хэрэглэдэг гэх судалгаа бий. Үүгээр тооцвол Эрдэнэт үйлдвэр дэлхийн молибдены хэрэглээний багахан хувийг хангадаг байх нь. Ингэхдээ тус үйлдвэр Америк, Европ, Япон, Солонгос, Хонгконгийн трейдер буюу худалдааны компаниар дамжуулан молибдены баяжмалаа үйлдвэрлэгчдэд нийлүүлж иржээ. 2013 онд нэг тонн молибдены баяжмалаа 11390 ам.доллараар худалдахаар төлөвлөж байсан гэхээр асар үнэтэй түүхий эд болох нь эндээс харагдаж буй юм. Тэгвэл молибдены баяжмалыг бодвол, молибдены исэл илүү үнэтэй байдаг аж. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийнхэн молибдены баяжмалаас молибдены исэл гаргаж авах үйлдвэрийг хэдэн жилийн өмнө байгуулжээ. Тодруулбал, израилийн Металл тех компанийн 70 хувь, Эрдэнэтийн 30 хувийн оролцоотой Шим технологижи хамтарсан үйлдвэрийг байгуулсан байна. Молибдены баяжмалаа молибдены исэл болгож багагүй ашиг олохоор зорьж Шим технологи хамтарсан үйлдвэр байгуулсан ч, энэ үйлдвэр дампуурлаа зарлахад хүрч, хаалгаа барьсан тухай Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Алтанхуяг хэлж байсан удаатай. 

-Эрдэнтийн овооны овоолгоос катодын зэс үйлдвэрлэдэг-

Эрдэнэтийн овооны хүдрээс зэсийн баяжмал гаргах явцад их хэмжээний исэлдсэн хүдэр ашиглагдахгүй хаягддаг байна. Хэдэн жилийн өмнө тэнд очиход 0.4 хувийн зэсийн дундаж агуулгатай 40 сая тонн исэлдсэн хүдрийн бэлэн овоолго байхтай таарч явлаа. Энэ хүдрийн хаягдлыг дахин боловсруулбал 280 мянган тонн зэс гаргаж авах боломжтой гэж мэргэжилтнүүд нь ярьж байсан юм. Тиймээс исэлдсэн хаягдал хүдрийг дахин боловсруулалтад оруулж жилд 50 мянган тонн катодын цэвэршүүлсэн зэс гаргаж авахаар төлөвлөж байв. Өөрөөр хэлбэл, химийн уусмалаар хаягдал хүдрийг угааж цэвэр зэс гаргаж авахаар төлөвлөж байлаа. Энэ аргаар катодын цэвэршүүлсэн зэс гаргаж авах технологийг манай улс 1995 онд нэвтрүүлж, Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Монгол-Америкийн хамтарсан Эрдмин үйлдвэрийг байгуулж байжээ. Тус үйлдвэр анх зөвхөн туршилт явуулж эхний жилүүдэд 3000 тонн катодын цэвэр болон цувимал зэс үйлдвэрлэсэн гэдэг. Туршилт амжилттай явагдаж энэ аргаар цэвэр зэс гаргаж авсан ч, дэлхийн зах зээлд нэгэн үе зэсийн үнэ хямдарсан тул тус үйлдвэр ашигтай ажиллаж чадаагүй байна. Тиймээс 10 гаруй жилийн хугацаанд энэ үйлдвэрийн хүчин чадлыг тэлэлгүй тэгсхийгээд орхисон ч, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор Германаас техник, технологи авч ирж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Үр ашгаа дээшлүүлэх зорилгоор техник технологио сайжруулж 2000 оны сүүлийн хагаст үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн билээ. Техник, технологийн шинэчлэл хийснээр тус үйлдвэр жилд 50 мянган тонн цэвэр зэс исэлдсэн хүдрээс гаргаж авах бололцоотой болсон юм. Энэ үеэс Эрдмин үйлдвэр исэлдсэн хүдрээс катодын цэвэр болон цувимал зэс үйлдвэрлээд зогсохгүй барилгын монтажны 6 төрлийн утас үйлдвэрлэж эхэлсэн юм. Тухайлбал, 1.6 мм голчтой 200 метр барилгын дотуур монтажны утас үйлдвэрлэж эхэлсэн юм. Мөн 5000 тонн бүрмэл кабелийн зэс утас, ахуйн хэрэглээний цахилгааны 1,2 мм голчтой кабелийн утас үйлдвэрлэхээр төлөвлөж байсан билээ. Ингэснээр манай улс дотоодынхоо зэс утасны хэрэгцээг бүрэн хангах бололцоотой гэж үзэж байлаа. Эрдмин үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж баяжмалаас цэвэр зэс гаргаж авахаар төлөвлөж байсан ч, энэ үйлдвэрийн сураг алдарч бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болголгүйгээр баяжмал хэлбэрээр экспортолсоор ирсэн юм. Эрдэнэт жилд үйлдвэрлэдэг 500 мянган тонн зэсийн баяжмалаа экспортлоход тээвэрлэлтийн зардал өндөр гарах нь ойлгомжтой. Харин баяжмалаа боловсруулаад экспортлоход жилд 125 мянган тонн зэс тээвэрлэх тооцоо гардаг. Тиймээс 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэр гаргасан байдаг. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосон байна. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар 1,8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3,9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1,4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ. Парк ашиглалтад орсноор

  • Эрдэнэтийн овоо стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах,  эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх
  • Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих
  • Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх
  • Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх
  • Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих
  • Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх
  • Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай юм.

-Эрдэнэтийн овооны нөөц нэмэгджээ-

Эрдэнэтийн овооны ил уурхай

Дэлхийн зах зээлд зэсийн баяжмал экспортолдог 100 гаруй компани байдаг гэх судалгаа бий. Тэднийг өрсөлдөх чадвараар нь аваад үзвэл Эрдэнэт зэс, молибдены баяжмалын экспортоороо дэлхийд тэргүүлэгч 10 үйлдвэрийн тоонд багтдаг. Баяжмалаа борлуулахдаа санхүүгийн хувьд тогтвортой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон худалдааны компаниудтай хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, тус үйлдвэр Самсунг корпораци, Океан Партнерс, Ред Металл, Миллифорд Глобал Корпораци зэрэг компанитай байгуулсан зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээний дагуу бүтээгдэхүүнээ хятадын зах зээлд нийлүүлдэг гэх мэдээлэл байдаг. Ингэхдээ Эрдэнэт төрийн өмчийн үйлдвэрийн газар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ жилд нэг удаа хийдэг. Гол төлөв оны эхэнд зэс нийлүүлэх гэрээгээ хийж үнээ тохирдог гэх мэдээллийг холбогдох албаныхан олон жилийн өмнө өгч байсныг дээр дурдсан. Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газар 2020 онд 36,9 сая тонн хүдэр олборлож, 32,5 сая тонн хүдэр боловсруулсан байна. Мөн 11,700.0 тонн зэсийн баяжмал, 934.12 тонн молибдены баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, зэсийн үнийн уналтаас шалтгаалсан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын бууралтыг сааруулах арга хэмжээ авч ажиллажээ. Үүний үр дүнд 47.4 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлсэн бол, үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр 2020 онд зардлаа 33 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Харин худалдан авалтыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар 88 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Эрдэнэт үйлдвэр, техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд давсан төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн гэнэ.

-Эрдэнэтийн овоо ордын хүдрийн биетийг бүрэн судалж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэн, олон улсын JORC стандартаар баталгаажуулжээ-

Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газрыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл хэрэгжиж, томоохон төслүүдийг боловсруулан үйлдвэрийн хөгжлийг хангах нөөц, баялгийг баталгаажуулсан томоохон ажлыг монгол геологичид удирдан, Австралийн компани гүйцэтгэсэн байна. Хоёр жилийн хугацаанд нийт 40 гаруй мянган тууш метр шалгах өрөмдлөг хийсэн байна. 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи, хайгуулын ажил хийж үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасгаж, Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жил ажиллах боломж нөхцөл бүрджээ. Тодруулбал, Эрдэнэтийн овоо ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн, Эрдэнэт үйлдвэр цаашид 60-70 жил ажиллах боломжтой геологийн нөөцөө дэлхийн жишигт нийцсэн олон улсын жорк стандартаар баталгаажуулсан байна. Эрдэнэт үйлдвэрээс гадна, Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын зэсийн баяжмалын экспорт хоёр дахин нэмэгдсэн байдаг. Гашуунсухайт боомтоор 2021.04.16-ны байдлаар зэсийн баяжмал тээврийн 32 автомашин гарч орсон бол, 2021.04.17-ны байдлаар зэсийн баяжмал тээврийн 32 автомашин мөн гарч оржээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын энэ үед зэсийн баяжмалын экспорт хэвийн явагдаж байсан юм.

-Эрдэнэтийн цэвэр ашгийн хэмжээ 2,5 дахин давж биелжээ-

Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Эрдэнэтийн Овоогийн зэс, молибденийн ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж хүдэр олборлолтыг 37 сая тоннд, хүдэр боловсруулалтыг 32 сая тоннд хүргэжээ. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр 2020 онд амжилт бүтээл арвинтай байлаа. Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон хүндрэлтэй цаг үе тохиосон ч Эрдэнэт  үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдын үйл ажиллагааны үр дүн сайн байлаа. Улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөлт үзүүлэлт амжилттай биелсэн гэдгийг онцоллоо. Тодруулбал:

  • Үйлдвэр техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдэд 100-аас дээш хувь,
  • 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлож, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан,
  • Санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн гарсан,
  • 2020 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүлсэн,
  • 2020 онд нийт 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.

Эрдэнэт үйлдвэр 2021 оны эхний улирлын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүлсэн байна. Үүний үр дүнд борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелжээ. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 149 тэрбум, 2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 266 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. 2017-2020 онд 29.4 сая ам.долларын геологи хайгуулын ажил гүйцэтгэж Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацааг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид наанадаж 70 жил ажиллах боломжийг бүрдүүлжээ. Монгол Улсын эдийн засгийн нийт ачааллын аравны нэгийг, 10 их наядын улсын төсвийн 1 их наядыг үүрч, дахиад 60-70 жилийн хугацаанд ажиллах техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулж чадсан гэсэн үг юм. 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 91 дүгээр тогтоол гаргаж Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет хувьцаат компанийг онцгой дэглэмд авч байсан юм.Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болж, Онцгой дэглэмийн горимоор ажилласан 2019 онд 65.8 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөг, нийт 153.8 тэрбум төгрөгийг зөвхөн худалдан авалтаас хэмнэж чаджээ. Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласнаар сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй болжээ.

-Эрдэнэт үйлдвэр цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг даав-

Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсхийн Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргасан юм. Энэ хугацааг хожим сунгасан байдаг. Ингэхдээ, 100 метр квадратаас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэсэн. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 метр квадрат талбайтай байранд амьдардаг бол 20 метр квадрат талбайд ногдох дулааны мөнгөө л өөрсдөө төлж буй юм. Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар гаргахаар болсон. Ингэснээр 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны, орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая төгрөгийн, Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая төгрөгийн, томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ. Харин төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, банк бус санхүүгийн байгууллаа, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөөгүй байхаар шийдвэрлэсэн юм. Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө ийм шийдвэр гаргасан болохоо Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдУ.Хүрэлсүх тухайн үед илэрхийлж байсан юм.

-У.Хүрэлсүх: Эрдэнэтийн зэс ард түмнийхээ гэрт, гарт очсон-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллахдаа дээрх ажлуудыг амжуулсан. Цаашид Орхон аймагт, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой юу хийх бол гэдэг нь анхаарал татдаг сэдвийн нэг. Тэгвэл тэрбээр цаашид юу хийхээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан уламжилсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой бүтэцтэй ажиллах шаардлагатайг Орхон аймагт ажиллах үеэрээ онцолж байсан юм. Тэрбээр: Монгол Улсынхаа хөгжлийг том зургаар харах хэрэгтэй. Аймаг орон нутагтаа бүсчилсэн хөгжлийг чухалчилна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд аймаг, сумыг хатуу хучилттай авто замаар холбох Мянганы зам төсөл үргэлжилнэ. Эрдэнэт үйлдвэрийг хөгшин үнээ гэж улсын өмчийг хувьдаа эзэгнэх санаархалтай хэсэг бүлэг хүмүүс хэлж байсан. Нөөцийг нь шалгаад үзэхэд Эрдэнэт үйлдвэр хөгшин биш залуу үнээ байсан. Одоо 60 жил ашиглах боломжтойг бид тогтоосон. Тус үйлдвэрийн ашгаас 650 тэрбум төгрөгийг ард түмэндээ өгсөн. Тухайлбал, нийт айл өрхийн болон 100 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс төлсөн. Өөрөөр хэлбэл, цар тахалтай хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн ард түмнээ тэжээж байна. Эрдэнэтийн зэс ард түмнийхээ гэрт, гарт очсон. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуулийн уриагаа Баялагтаа эзэн Монгол гэж нэрлэсэн юм шүү хэмээн онцолж байсан билээ. Тэрбээр, Ерөнхийлөгч болвол Эрдэнэт хотыг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлж, Инновац, цахим, технологийн үндэсний загвар хот болгохыг дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, дагуул хот, суурингууд байгуулах Налайх, Багануур, Багахангайг өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ гэж байсныг эргэн сануулах зүйн хэрэг биз ээ. Харин Эрдэнэтийн иргэдийн хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн томоохон төслүүдээ  үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн Эрдэнэт-Улаанбаатарыг холбосон авто замыг дуусгах, үйлдвэрийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, инженерчлэлийг сайжруулах талд анхаарч ажиллах шаардлагатай байгааг тус үйлдвэрийнхэн хэлж байсан юм. Тиймээс Эрдэнэт хотыг инновацид түшиглэн цахим бодлогоор хөгжүүлэх заалтыг дэмжиж тус хотынхон, тус үйлдвэринхэн дэмжиж байсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Орхон аймагт, Эрдэнэт үйлдвэрт хийх ажил нь сонгуулийн мөрийн хөтөлөрт нь энэ мэт туссан юм. Одоо хэлснээ хийж хэрэгжүүлэхийг нь хүлээх үлдэж байна. 

Оюутолгойн зэсийн орд

-Айвенхоу майнз оюутолгойд гурван бүлэг орд илрүүлсэн нь-

2022.11.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн орд 5-7 мянган жилийн тэртээ бүрэлдэн тогтсон гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл энэ ордыг судлахаар анх хөл тавьсан хүн бол оросын геологич Ю.Я.Петрович юм. Тэрбээр нутгийн уугуул иргэдийн хүсэлтээр 1957 онд Оюутолгойд очиж зэсийн илрэл байгааг тогтоосон учраас энд нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаад нутаг буцаж байжээ. Гэвч энэ нь тухайн үед ажил хэрэг болоогүй аж. Хожим оюутолгойн ордод очиход түүх нь их сонирхолтой юм. Монгол улсын нутаг дэвсгэрт саятын машстабын газрын зураг сансраас авахад өмнийн говьд нар зөв эргэсэн бүтэцтэй соронзон илэрсэн тухай ярьж байх юм. Манай улсаас 1981 онд сансарт ниссэн хүн гэвэл… гэсэн бодол төрөв. Миний ойлгосноор Гүррагчаа сансарт нисэхдээ юм болов уу даа гэж дотроо таамаглав. Ямар ч байсан өмнийн говьд соронзон илэрсэн нь ихээхэн нөөцтэй гэх зам зааж өгч л дээ. Үүнд үндэслэж өмнийн говийг судлахаар монголын геологич Д.Гарамжав 1983 онд Оюутолгойд очсон байна. Тэнд зэсийн илрэл байгааг тогтоож энэ ордод нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Ю.Я.Петровичийн нэгэн адил гаргасан ч, мөн л цаасан дээрээ үлджээ. Оюутай газар зэс бий гэлцдэг. Ер нь сайн ажиглавал зэс бүтээгдэхүүн дээр ногоон өнгө тунарсан байж харагддаг шүү дээ. Хар ухаанаар бодоход тэр нь оюу юм болов уу даа. Тэр ч утгаараа бидний өвөг дээдээс зэс байгаа газрыг нь замчилж Оюутолгой хэмээн нэрийдэж үлдээсэн биз гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Ийнхүү оросын хайгуулч Ю.Я.Петрович, монголын геологич Д.Гарамжав Оюутолгойд нарийвчилсан хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт хэдэнтээ гаргасан ч, монголчууд 1990 оны эхэн үе хүртэл энэ ордод огт гар хүрээгүй юм. Ер нь 2000 он хүртэл дорвитой хайгуул хийгээгүй гэж ойлгож болно.

Зэсийн хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эрэлтийг хангах нөөц багасч буй. Дэлхийн зэсийн хэрэгцээний багагүй хувийг хангадаг ордуудын нөөц дуусах шатандаа орж байгаа юм. Тиймээс Америкийн Магма-Коопер компани Эрдэнэт үйлдвэртэй хамтран 1995 онд Эрдэнэт-Маагма компанийг байгуулж монголд зэсийн орд илрүүлэх оролдлого хийж байжээ. Ингэхдээ Монгол, Орос, Америкийн геологичдын хамтарсан хайгуулын хоёр баг гаргаж манай улсын хойд, өмнөд, баруун хязгаарт зэсийн эрэл хийсэн байна. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн хамтрагч Магмаа-Коопер компанийн хувьцааг Би Эйч Пи Биллитон компани 1996 онд худалдан авчээ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн хамтрагч нь солигдож Би Эйч Пи Биллитон болов. Гэвч тус компани хайгуулын зардлын тал хувийг гарга гэсэн саналыг Эрдэнэт үйлдвэрийнхэнд тавьсан гэнэ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тэр үед үүнийг манай тал гаргах бололцоогүй байсан нь мэдээж. Тиймээс энэ даруй хайгуулын ажил зогсч монгол, орос, америкийн геологичдийн хамтарсан баг тарсан гэдэг. Үүний дараахан буюу 1996 онд Би Эйч Пи Биллитон компани Би Эйч Пи Биллитон минералс охин компаниа манай улсад байгуулж, бие даан хайгуул хийхээр болжээ. Ингээд тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын лиценз авч улмаар оюутолгойн геологийн бүтэц болон нөөцийг судалж эхэлжээ. Ингээд 1996.09.15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт тус компани хайгуул хийхээр тогтсон гэх. Ийм шийдвэр гаргахад геологич Д.Гарамжавын нөлөө их байсан гэж ярьдаг. Оюутолгойд нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан Д.Гарамжав Би Эйч Пи Биллитон минералс компанийн хайгуулын багт багтаж, тэдэнтэй хамтран зэсийн эрэлд мордсон учраас тэр юм.

Ингээд Би Эйч Пи Биллитон минералс компани 1997 онд холбогдох газраас Оюутолгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, мөн оны дөрөвдүгээр сард эрэл хайгуулын ажлыг албан ёсоор эхлүүлж, Деннис, Гарамжав, Мөнхбат зэрэг судлаачид Өмнөговь аймгийн Оюутад профирын зэсийн систем байгааг тогтоожээ. Тус компани Оюутолгойн ордод гурван жил шахуу хайгуул хийсэн ч, толгой компани нь орд нээх гэж их зардал гаргахын оронд илрүүлсэн орд худалдаж авах нь ашигтай гэж үзжээ. Тиймээс ч, 23 цооногийн өрөмдлөгийн дүнг Англи, Америк, Канадын гурван компанид танилцуулж, Оюутолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр ярилцсан ч хоёр нь татгалзаж, Канадын Айвенхоу майнз компани дангаараа зөвшөөрчээ. Ингэж л 2000.05.05-ны өдөр Би Эйч Пи Биллитон компани оюутолгойн ордын хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компани руу шилжүүлсэн түүхтэй. Оюутолгой ордын түүх энэ үеэс Айвенхоу майнз компанитай хамт бичигдэж ирсэн юм. Энэ цагаас хойш тус компани оюутолгойн ордод дангаараа хайгуул хийсэн байдаг. Тус компани эхэндээ өнгөц өрөмдлөг хийсэн нь амжилтгүй болсон учир нөөц илрүүлэхийн тулд хожим 500 метрийн гүнд хэдэн зуун цооногт өрөмджээ. Үүнд их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч, дорвитой зүйл олоогүй учир Айвенхоу майнз компани монголыг орхихоос өөр аргагүйд хүрч байсан гэх нь бий.

Гэхдээ эцсийн найдвар болгож 105 дугаар цооногт өрөмдлөг хийхэд зэсийн өндөр агуулга бүхий хүдэр илрүүлжээ. Улмаар тэрхүү цооногийн ойролцоо дахин хоёр цооног өрөмдөхөд зэсийн өндөр агуулга бүхий хүдэр дахин илэрчээ. Авралын од болсон энэ гурван цооногийг алтан гурвалжин гэж нэрийддэг. Энэ нь одоогийн оюутолгойн ил уурхай юм. Хэдэн жилийн өмнө тэнд ажлаар явж байхад алтан гурвалжингийн зэсийн хүдэр хэмээн тэндэхийн хэвлэлийн төлөөлөгч Ганзориг газраас нэг зүйл авч өглөө. Сайтар ажтал саарал өнгийн чулуун дотор тэнгэрийн од шиг тарсан алт, зэс ширхэг ширхэгээрээ гялтагнан харагдах. Чухамдаа энийг оюутолгойн зэсийн хүдэр гэж нэрлээд байгаа юм. Оюутолгойн ил уурхай буюу алтан гурвалжинд хөл тавьж, алт, зэсийн хүдрийг нь биетээр гартаа барьж үзсэнээ бэлэгшээн гэртээ авч ирж бусаддаа сонирхууллаа. Тэгснээ хожим газраас чулуу авдаггүй юм, хүнддэнэ гэх өвөг дээдсийн сургааль санаанд орж алтан гурвалжингаас авч ирсэн хүдрийн хэлтэрхийг дараагийн явалтаар тэнд аваачиж залсан шиг санагдаж байна. Үгүй юм гэхэд миний бие байгальд нь буцаан залсан байх учиртай. Ийнхүү алтан гурвалжинд зэс илэрсэн нь өнөөгийн оюутолгойн ордыг нээх эхлэл тавигдсан юм. Хэрэв алтан гурвалжинд зэс илрээгүй бол хайгуулын ажил зогсч, Айвенхоу майнз компани Монголоос хэдийнэ гарч одох байлаа. Алтан гурвалжинд хайсан зүйл нь байсан учраас тус компани хайгуулаа үргэлжлүүлж 2011 оны долоодугаар сард оюутолгойн бүлэг ордын эхний хэсгийг нээсэн юм. Улмаар хайгуулын ажлыг үргэлжлүүлсний эцэст оюутолгой гурван бүлэг ордтой болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, оюутолгой нь 31 сая тонн зэс, 987 мянган тонн алтны батлагдсан нөөц бүхий Херуга, Хюго Даммет, Өмнөд оюу гэсэн гурван бүлэг ордтой болохыг тогтоосон юм. Дэлхийн зэсийн эрэлтийг ирээдүйд хангах шинэ эх үүсвэр болох томоохон ордыг илрүүлсэн түүхээс дурдахад энэ. Алтан гурвалжинг үргэлжлүүлэн судалснаар оюутолгойн ил уурхай болох Өмнөд оюуг нээсэн байдаг. Тиймээс л алтан гурвалжин бол өнөөгийн оюутолгойн ил уурхай юм гэж дээр өгүүлсэн нь ийм учиртай. Харин Херуга болон Хюго дамметийн далд уурхайн үргэлжлэлийг Айвенхоу майнз компанийн хайгуулын талбайгаас гадна, Энтри голдын эзэмшил дэх Жавхлант болон Шивээ толгойн талбайгаас илрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайн хүдэржилтийг зэргэлдээх талбайгаас илрүүлсэн юм.

-Оюутолгойн зэсийн орд хэрхэн бүрэлдсэн бэ-

Олон жил судалж, орд хэрхэн бүрэлддэг вэ гэдгийг хар ухаандаа тунгаав. Эхийн хэвлий, газрын хэвлийг хүмүүс адилтгаж үзэх нь бий. Яахав зарим талаараа тийм байх. Эхийн хэвлийд бүрэлдэж үр, хүүхэд бүрэлддэг бол, газрын хэвлийд модны үр бүрэлдэж, жимс өгөх жишээтэй. Тэр талаас нь хүмүүс адилтган үздэг. Тиймээс ч байгаль эх хэмээн нэрийддэг биз. Харин газрын хэвлий дэх орд хэмээх ойлголт хар ухаандаа тунгаасан ч тэс өөр ойлголт юм. Тухайлбал, газрын хэвлийд модны үр суулгахад нахиалж, дэлбээлж, дэлгэрэх ч, зэсийн хэлтэрхий суулгахад ургаж, өсөж, үржихгүй билээ. Тэгвэл орд хаанаас бий болж, бүрэлдэх вэ. Зарим нэг ном, зохиолд эрт дээр үед дэлхий дээр солир асар ихээрээ унах үед гэлцэх нь бий. Гэхдээ би үүнд барагтаа бол итгэдэггүй. Тиймээс л орд тэнгэрээс буугаад ирчихгүй, бас газраас соёлоод гараад ирчихгүй гэдэгт итгэхийг хүсдэг. За яахав зарим нэг ордын үүсэл нь дэлхий дээр унасан солироос хамааралтай байдаг байж магад. Тэгвэл оюутолгойн орд хаанаас үүсч, бий болчихсон юм бол. Энэ асуудлаар олон жилийн өмнө оюутолгойн ордод зочлох үеэрээ ордын геологичтой ярилцав. Олон цаг ярилцсаны эцэст оюутолгойн ордыг бүрэлдүүлсэн гол хүчин зүйл нь газар хөдлөлт байжээ гэж тунгаав. Ордын геологич ордын доод бүтцийн талаар нарийн ярьж өгөв. Зураг харуулж байгаад тайлбарлаж өгөв. Түүний өгсөн зураг надад одоог хүртэл бий. Тухайн үед хүнд харуулахгүй, судалгаанд ашиглана гэж гуйц байж авав. Намайг нийтэд дэлгэхгүй гэж итгэж өгөв. Нээрэн ч хараад байхад нийтэд дэлгэж боломгүй эд юм. Оюутолгойн орд газар хөдөдлөлийн ямар хагаралд бүрэлдсэн, уг хагарал аль улсыг дамнаж, ямар орд байдаг гэхчлэн нарийн судалгаа хийгдэж бүтсэн зураг нь илт. Дэлхийн газрын зураг дээр хаана, ямар улс байдгийг харуулдаг шиг, ширээнийхээ ард яг одоо шимтэн харж суугаа уг газрын зураг дээр монголын тодорхой хэсгийн, тэр дундаа Тань Шаны газар хөдлөлийн хагаралд манай улсын ямар орд байдгийг харуулсан гэх үү дээ. Яахав судалгааны зориулалтаар зах зухаас нь дурдахад, манай улсыг дайрсан хоёр том газар хөдлөлийн хагарал байдаг аж. Хойноос орж ирсэн газар хөдлөлтийн хагаралд Эрдэнэтийн зэсийн ордыг илрүүлж байжээ. Харин Өмнөговь аймгийг дайран өнгөрөх газар хөдлөлтийн хагаралд Оюутолгойн ордыг илрүүлсэн байна. Оюутолгойн ордыг дайран өнгөрөх уг хагаралийг Tyan Shan Belt гэж нэрлэдэг байна. Хожим сонирхож интернетээс олж уншихад хятадад Тянь Шан гэж уул байдаг бололтой юм. Хэзээ ч юм бүү мэд, уг уулын галт уул идэвхижин дэлбэрч, газрын гүнд хагарал үүссэн гэж ойлгож болохоор. Тянь Шаны газар хөдлөлтийн улмаас газрын гүнд үүссэн хагарал руу галт уулын халуун лав цутган урсч л дээ. Газрын гүнээс оргилон гарч, галт уулын хагарал дагуу урссан халуун хайлмаг, тэндэхийн эрдэстэй холилдон бүрэлдэж, оюутолойг бүтээжээ гэж ойлгогдоно. Tyan Shan Belt газрын гүнд хэдэн улс дамнасан хагарал байх бөгөөд Монгол Улсын өмнөд хэсгийг дайран өнгөрдөг байх юм. Энд л манай улсын илрээд байгаа гол гол ордууд эгнээтэй байгаа харагдана. Тухайлбал, Чандман-Уул, Оюут улаан, Хармагтай, Оюутолгой, Цагаан суварга гэсэн ордууд уг хагарал дагуу илэрчээ. Ер нь бол Тянь Шаны хагаралыг дайран өнгөрөх манай улсын өмнө зүгт шинэ төмөр зам тавих гээд байна уу даа гэсэн бодол энүүхэндээ төрөв. Доороо ордтой учраас, дээр нь төмөр замын дэд бүтэц тавих гээд байна уу даа гэсэн бодол төрснөө нуух юун. Уг хагарал цааш хятададын нутгаар үргэлжилж, Киргизстан, Үзбекистан, Тажикистан руу дөхөж очсон байх юм. Хятадын нутгаар дайрах хагаралд tuwu-г эс тооцвол ямар нэгэн орд уг зурагт багтаагүй ч, Киргизстан, Үзбекистан, Тажикистан руу дөхсөн хагаралд хэд хэдэн орд ойролцоо бүрэлджээ. Тухайлбал, Кумтор, Алма-Алик, Зармитан, Мурунтау, Дагистан зэрэг ордууд илэрчээ. Өөрөөр хэлбэл, Тянь Шаны хагарал дагуух ордуудын нэг хэсэг нь Монголын Оюутолгойн ойролцоо, нөгөө хэсэг нь Киргизстаны Кумторын ойролцоо байдаг гэж ойлгож болохоор байгаа юм. Ер нь Кумторын ордын талаар мэдэхгүй геологич гэж байхгүй. Бас Монголын Оюутолгойн ордын талаар мэдэхгүй геологич гэж байхгүй биз. Тэгвэл уг хоёр орд хоёулаа Тянь Шаны газар хөдлөлийн хагаралийн бүсэд илэрсэн байгаа нь нэгийг бодогдуулах биз ээ. Энд бас нэг зүйл ажиглагдсан нь Тань Шаны газар хөдлөлийн хагарал дагуу Кумторын алтны орд байгааг харж болно. Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс алт бол газрын гагнаас гэж ярьж, сургаж ирсэн билээ. Магадгүй газрын гагнаасыг нь олборлоод байхаар, дэлхийн хаа сайгүй газар хөдлөлийн давтамж нэмэгдэж байхыг үгүйсгэх аргагүй юм.

 Оюутолгой алт, зэсийн орд
Оюутолгойн алт, зэсийн орд
Оюутолгойн алт, зэсийн ордын 3-н хэмжээст зураг

-Оюутолгойн нэг далд уурхайг Херуга хэмээн нэрийджээ-

Херуга нь амар амгалан гэсэн утгатай санскрит гаралтай үг юм. Санскрит буюу самгарди хэл нь сайтар найруулсан хэл гэсэн үг билээ. Энэтхэг-европын хэлний язгуур Энэтхэг хэлний бүлэгт багтах хэл, мөхсөн хэлэнд тооцдог. Гэхдээ Энэтхэгийн 22 албан ёсны хэлний нэгт багтана. 2001 оны Энэтхэг улсын статистикийн тоо баримтаас үзэхэд орчин цагийн самгарди хэлийг 14000 гаруй хүн өөрийн төрөлхи хэл хэмээжээ. Энэтхэгийн эртний утга зохиолын хэл бөгөөд шашны ном судрын дийлэнхийг санскрит хэлээр туурвисан байдаг. Энэтхэг улсад хэрэглэгдэж буй энэтхэг-европын хэлний язгууртай хэлний ихэнх нь санскрит хэлээс гаралтай, түүхийн үйл явцад олон үндэстний хэлийг бий болгосон. Энэ хэлээр бичсэн хамгийн эртний судар ном нь 3,5 мянган жилийн настай. Энэхүү хэл нь он удаан жилийн түүхэндээ веди, пракрит, сонгодог зэрэг хэд хэдэн хөгжил өөрчлөлтийн үе шатыг туулсан. Ер нь нэгэн ард түмний буюу улс орны хэл гэхээсээ илүү бүхэл бүтэн соёл иргэншлийн хэл гэж үздэг. 19-р зуунаас хойш эдүгэ хүртэл самгарди хэлийг деванагари үсгээр галиглаж байна гэж Википедиад өгүүлжээ. Эндээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оуютолгойн ордод очиход ойролцоо нь энергийн төв гэгдэх Дэмчогийн хийд бий. Демчогийн хийдийг газар дээр нь очиж үзэхэд нүдэнд өөрийн эрхгүй Тэрэлжийн хад, чулуу, толгод харагдана. Тэрэлжтэй их төсвтэй газар мэт санагдав. Харин түүх талаас нь сөхөж харвал, Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд гэлцэх нь бий. Магадгүй эндэхийн лам, хуваргууд тэр хавийг Херуга гэж нэрлэдэг байснаас, хожим орд илэрсэн газрыг ингэж санскрит үгээр нэрлэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм гэсэн бодол төрж байсныг нуух юун. Энэ бол оюутолгойд очиж, нүдээр харж, учир мэдэх хүмүүстэй яриа өрнүүлснээс гарсан таамаг төдий зүйл гэдгийг анхаарах нь зүйтэй юм.

-Оюутолгойн Хюго Дамметын ордыг нээсэн хүнийх нь нэрээр алдаршуулсан түүхтэй-

Оюутолгойн нөгөө далд уурхай болох Хюго Дамметын ордыг нээсэн хүнийх нь нэрээр алдаршуулсан түүхтэй. Энэ эрхэмийн жинхэнэ алдар нь Хюго Т.Даммет /Hugo Dummett/ юм. Хюго Даммет нь 1940 онд төрсөн бол, 2002 онд нас баржээ. Канадын баруун хойд хэсэгт орших Экати алмазын уурхайг нээхэд үүрэг гүйцэтгэснээрээ алдартай хайгуулын геологич юм. Дамметтийг Экатигийн нээлтийн цаад тархи, санаа, эрч хүч гэж тодорхойлсон нь Канадын алмаз олборлох шинэ салбарыг бий болгоход хүргэжээ. Даммет 1964 онд Витватерсрандын их сургуульд шинжлэх ухааны бакалаврын зэрэг хамгаалсан бол, 1970 онд Квинсландын их сургуульд элсэн оржээ. 1977 онд Даммет Superior Oil компанитай гэрээ байгуулж, Хойд Америкт алмазны хайгуул хийхэд оролцжээ. Superior нь Falconbridge компанитай хамтарсан компани байгуулж, геологич Чарльз Пипкийг алмазны хайгуулын төсөлд хөлсөлжээ. Хөтөлбөрийн эхэнд Даммет амбан захирагч Билл Клинтоныг ажил хэргийн хувьд ойрхон байсан гэх нь бий. 1979-1982 оны хооронд түншүүд нь дор хаяж 20 кимберлит хоолой нээсэн боловч тэдгээрийн нэг нь ч арилжааны алмаз ашиглах боломжгүй байжээ. Дараа нь Falconbridge-Superior хамтарсан компани нь Өмнөд Африкийн геохимич Жон Гурнигийн судалгааны хөтөлбөрийг санхүүжүүлж, алмазан хоолойн боломжит ашигт малтмалын судалгааг хийжээ. 1982 онд Гурни G10 кимберлит пироп анар нь алмазыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ. Энэхүү шинэ технологийг ашиглан тус компани Ботсванагийн зүүн хэсэгт ирээдүйтэй хоолой нээсэн боловч Де Беерст газрыг шилжүүлэн өгснөөр дараа нь тэнд арилжааны алмаазны уурхай нээсэн байна. Үүний дараа Mobil Oil Superior-ийг худалдан авч 1987 онд хайгуулын хөтөлбөрөө дуусгасан аж. Даммет хайгуулын ажлыг үргэлжлүүлэхэд оролцож байсан нэгэн юм. Даммет 1989 онд BHP Minerals-д шинэ ажилд орж, Дамметийн удирдлаган дор BHP таван хоолойд арилжааны алмаазын нөөцийг боловсруулсан байна. BHP 1995 онд Экати алмазны уурхайн зөвшөөрлийн ажлыг эхлүүлсэн бол, 1997 онд эцсийн зөвшөөрлийг авч, 1998 оны сүүлээр уурхайгаа нээжээ. 2009 онд Экати /EKATI/-ийн уурхайн жилийн борлуулалт дэлхийн очир эрдэнийн үнийн дүнгийн 5 орчим хувийг эзэлж байсан байна. 2001 онд Даммет Айвенхоу Майнз компанид дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсноор Оюутолгойн ордын порфирийн алт, зэсийн томоохон ордыг илрүүлэхэд оролцож эхэлсэн талаар Википедиад өгүүлсэн байна.

-Энтри голд компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав-

Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг канадын хөрөнгө оруулалттай Энтри голд инк компани нь алт, зэсийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ тус компани Америк, Перу, Австрали, Монголд алт, зэсийн төсөл хэрэгжүүлдэг. Энтри голд компанийн нийт төслийн 75 хувь нь Америкийн Невада мужид төвлөрдөг бол, 25 хувь нь Монголд хэрэгждэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тус компани манай улсад 2000 оны эхээр хөл тавьж Энрти голд хэмээх охин компаниа байгуулжээ. Харин 2003 онд 3148 дугаартай Шивээ толгой, 3150 дугаартай Жавхлантийн талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100 хувь эзэмших болсон байна. Энтри голдын эзэмшил дэх дээрх тусгай зөвшөөрлүүд манай улстай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай хил залгаа оршдог. Тиймээс Айвенхоу майнз лимитед компани оюутолгойн бүлэг ордын үргэлжлэлийг нээхийн тулд Энтри голдын эзэмшил дэх дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах санал тавьжээ. Тухайлбал, 2004 оны аравдугаар сарын 15-ны өдөр Айвенхоу майнз компани Энтри голд компанитай ашиг хуваах гэрээ байгуулж хэд хэдэн нөхцөл тохирсон байна. Ингэхдээ Айвенхоу майнз лимитед компани Энтри голд инк компанийн 4,6 сая ширхэг хувьцааг 4,6 сая канад доллараар худалдан авна. Мөн Айвенхоу майнз лимитед компани оюутолгойн зэргэлдээх талбайд өрөмдлөг хийхэд зориулж 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, олдсон эрдсийн 70-80 хувийг эзэмшинэ гэж Энтри голд инк компанитай гэрээ байгуулсан байна. Тохиролцсон ёсоор Айвенхоу майнз лимитед компани 35 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 2008 оны зургаадугаар сард хийж дуусгажээ. Уг хөрөнгө оруулалтаар оюутолгойн хойд хюгон ордын хүдэржилтийг шивээ толгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас. Харин херуга ордын хүдэржилтийг жавхлант талбайгаас илрүүлсэн юм. Хайгуулын үр дүнгээр Шивээ толгой 1.61 хувийн агуулгатай 99 сая тонн хүдрийн боломжит нөөцтэй болохыг тогтоосон бол, Жавхлант талбай 0.41 хувийн зэсийн агуулгатай 637 сая тонн хүдрийн боломжит нөөцтэй болохыг тогтоосон байдаг. 

Үүнийг илрүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн учраас Айвенхоу майнз компани Жавхлант болон Шивээ толгойд илэрсэн нөөцийн 70-80 хувийг гэрээний дагуу эзэмшиж эхэлжээ. Харин Энтри голд үлдэх 20-30 хувийг эзэмших гэрээтэй байжээ. Тэдний дээрх хувь эзэмшил эрдсийн гүнээс хамааралтай байв. Тухайлбал, Жавхлант болон Шивээ толгойн зүүн талбайн 560 метрээс доош орших эрдсийн 80 хувийг Айвенхоу майнз, 20 хувийг Энтри голд компани эзэмшихээр гэрээндээ тусгасан байна. Харин 560 метрээс дээш орших эрдсийн 70 хувийг Айвенхоу майнз, 30 хувийг Энтри голд компани эзэмшихээр гэрээ байгуулсан байжээ. Нэгэнт оюутолгойн бүлэг ордын Херуга болон Хойд хюго-н үргэлжлэл Энтри голдын хайгуулын талбайд илэрсэн учраас үүний тодорхой хувийг төрийн мэдэлд авч үлдэх ёстой гэж Засгийн газар үзсэн байдаг. Тиймээс 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Энтри голдын эзэмшил дэх 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор тусгасан байдаг. Энэ дагуу дээрх тусгай зөвшөөрлүүдийг 2009 оны аравдугаар сарын 27-нд ашиглалтынх болгожээ. Ингэхдээ 3148 дугаартай шивээ толгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг 15226 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон байна. Харин 3150 дугаартай Жавхлантийн хайгуулын тусгай зөвшөөрлийг 15225 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон гэх нь бий. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 30 жилийн хугацаатай Энтри голд компанид өгсөн гэх яриа нэг хэсэг гарч байв. Гэхдээ үүнийг Ашигт малтмалын газраас нягтлах шаардлагатай юм. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд Айвенхоу майнзын эдэлж буй дээрх эрхийг хөрөнгө оруулагчдад шилжүүлэх. Шилжүүлсний дараа Монголын засгийн газар уг эрхийн 34 хувийг авахаар болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Айвенхоу майнз компанийн Жавхлант болон Шивээ толгойн зүүн талбайд эзэмшиж байсан 70-80 хувийг оюутолгойн хөрөнгө оруулагчид руу шилжүүлэх ёстой гэж хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д тусгаж өгчээ. Тиймээс Айвенхоу майнз компани дээрх эзэмшлээ өөрийн охин компани болох Айвенхоу майнз монголиа инк рүү хожим шилжүүлсэн байна. Нэг ёсондоо, толгой компани нь эзэмшлийнхээ эрхийг охин компани руугаа шилжүүлсэн байгаа юм. Харин 2009 онд Айвенхоу майнз монголиа инк компанийг Оюутолгой компани болгон өөрчилжээ.

Ийм замаар Айвенхоу майнз компанийн Жавхлант болон Шивээ толгой дахь эзэмшлийг Оюутолгой компани руу шилжүүлсэн гэж холбогдох хүмүүс ярьдаг. Өөрөөр хэлбэл, дээрх талбайд илэрсэн эрдсийн 70-80 хувийг Айвенхоу майнз компани өмнө нь эзэмшиж байсан бол, хожим Оюутолгой компани эзэмшдэг болсон гэсэн үг юм. Харин үлдэх 20-30 хувийг Энтри голд компани эзэмшсээр ирсэн юм. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа Энтри голд болон Оюутолгойн хамтарсан Энтри – Оюутолгой компани байгуулагдсаныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Уг компанийн 70-80 хувийг Оюутолгой, 20-30 хувийг Энтри голд эзэмшдэг гэж энгийнээр ойлгож болох юм. 2011 онд Энтри голд компанийн 11 хувийг Айвенхоу майнз компани, 13 хувийг Рио Тинто компани эзэмшиж байлаа. Тэгвэл 2013 онд Энтри голд инк компанийн 9 хувийг Туркойз хилл компани, 11 хувийг Рио Тинто эзэмшдэг гэх мэдээлэл дэлхийн хөрөнгийн зах зээлд цацагдаж байсан билээ. Харин оюутолгой компанийн 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компани эзэмшдэг юм. Монголын Засгийн газар Оюутолгой компаниар дамжуулан Жавхлант болон Шивээ толгойн талбайн 70-80 хувиас 34 хувь хүртэж ирсэн гэж ойлгож болно. Харин хэдэн жилийн өмнөөс Жавхлант болон Шивээ толгойн талбайн үлдэх 20-30 хувийг Оюутолгой компани рүү шилжүүлж, үүний 34 хувийг монголчууд хүртэх ёстой гэж Засгийн газар үзсэн байдаг. Мөн дээр дурдсан Энтри голдын эзэмшил дэх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Оюутолгой компани руу шилжүүлэх ёстой гэж үзсэн байгаа юм. Гэхдээ Энтри голдын дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас эзэмшдэг 20-30 хувиас 34 хувийг Монголын Засгийн газар авах бололцоогүй байж мэдэх нөхцөл байдал үүссэн билээ. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Энтри голдын эзэмшиж буй дээрх 20-30 хувийг Оюутолгой руу шилжүүлнэ гэсэн зүйл заалт байдаггүй. Зөвхөн Айвенхоу майнзын эзэмшлийн 70-80 хувийг шилжүүлж авах тухай заалт бий. Тиймээс Монголын Засгийн газрын санаархал бүтэлгүйтэж магадгүй гэж үзэх хүмүүс тэр үед цөөнгүй байсан юм. Тиймээс шинэчлэлийн засгийн газар тэр үед хуулийн цоорхой хайж хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтынх болгох нь яамны сайдын эрхлэх асуудал биш, Ашигт малтмалын газрын шийдэх асуудал байдаг гэх овжин мэх ашигласан байдаг. 

Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан н.Зоригтын 2009 онд гаргасан тушаалыг Уул, уурхайн сайд асан Д.Ганхуяг 2013 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хүчингүй болгожээ. Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Зоригтын 2009 оны тушаалыг үндэслэж, Ашигт малтмалын газар дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг ашиглалтынх болгосон учраас тэр юм. Ингээд уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг Ашигт малтмалын газарт өгсөн байна. Тэр дагуу Ашигт малтмалын газрынхан Оюутолгойн бүлэг ордын хүдэржилтийн үргэлжлэл илэрсэн гэх Шивээ толгой болон Жавхлантын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн болохыг тэр үеийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Чинбаатар хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, барьцаалан захиран зарцуулах эрхийг түр царцааж ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Оюутолгой компани руу шилжүүлэхийг шаардсан байгаа юм. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн бөгөөд үүгээр Монголын Засгийн газар зургаан асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсны дөрөвдүгээрт Энтри голд компанийн эзэмшил дэх тусгай зөвшөөрөл болон хувь эзэмшлийн тухай асуудал багтсан байлаа. Ийнхүү Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдаанд уг асуудлыг тавьсан ч, хөрөнгө оруулагч тал хүлээж авалгүй хэсэг азнасан. Харин 2013 оны есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Лондонд үргэлжилсэн Оюутолгойн хэлэлцээрээр энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж тэр үеийн Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Уул уурхайн яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Отгочулуу мэдэгдэж байсан юм.

Уул уурхайн яамны тооцоолсноор Жавхлант болон Шивээ толгойн талбайд оюутолгойн нийт зэсийн нөөцийн 18 хувь, алтны нөөцийн 32 хувь, мөнгөний нөөцийн 23 хувь, молибдений 87 хувь байдаг аж. Оюутолгой компани энэ нөөцийн 70-80 хувийг эзэмшдэг бол, тус компаниар дамжуулан Монголын Засгийн газар үүний 34 хувийг хүртэж ирсэн нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа юм. Хэрэв Энтри голдын эзэмшил дэх Шивээ толгой болон Жавхлантын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Оюутолгой компани руу шилжүүлбэл, үлдэх 20-30 хувиас Монголын Засгийн газар 34 хувийг эзэмших эрхтэй болох юм. Үүнийг оролцуулбал, оюутолгойн төсөл хэрэгжих хугацаанд монголын талын ногдол ашиг 1,4 тэрбум ам.доллараар өснө гэж холбогдох албаныхан тооцсон байдаг. Гэхдээ энэ нь биеллээ олох эсэх нь Энтри голдын хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс ихээхэн хамаарах хүлээлтийн байдалтай олон жилийг ардаа орхисон гэж ойлгож болно. Албаныхан шийдвэрлэсэн гэж мэдэгддэг ч, хэний талд хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээлэл бүрхэг байдаг. Дашрамд дурдахад, Шивээ толгойн хүдрийг 2011 оны сүүлчээс эхлэн олборлохоор төлөвлөсөн байдаг. Ингэхдээ эхний жил хоногт 1000 тонн хүдэр олборлох бол, дараагийн таван жилээс 75000 онн хүдэр олборлохоор төлөвлөсөн байдаг. Ингэснээр Шивээ толгойд илэрсэн нийт 99 сая тонн хүдрийн нөөц 2030 он гэхэд дуусна гэж тооцоолж байлаа. Харин Жавхлантын талбайн 637 сая тонн хүдрийн нөөцийг 29 жилийн дотор олборлож дуусна гэж тооцоолсон байдаг. Ингэхдээ эхний нэг жил 1323 тонн хүдэр, дараагийн жилээс 9110 тонн хүдэр хоногт олборлохоор төлөвлөсөн юм. Харин ашиглалтын зургаа дахь жилээс хоногт 75 мянган тонн хүдэр тасралтгүй 25 жил олборлож, үүнээс хойш хүдрийн олборлолт буурсаар 29 дэх жилд ордын нөөц дуусна гэж тооцоолсон байдаг юм. Жавхлант болон Шивээ толгойгоос олборлосон хүдрийг оюутолгойн анхдагч бутлуур руу зөөж, баяжуулах үйлдвэрт боловсруулахаар тооцоолсон байдаг. Нэгэнт дээрх талбайгаас олборлосон хүдрийг зөөж боловсруулах тул Жавхлант болон Шивээ толгойд ямар нэг дэд бүцтийн байгууламж барих шаардлагагүй гэж үзсэн байгаа юм.

-Энтри голд компанийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийн талаар оюутолгой мэдэгдэл хийв-

Энтри голд инк нь Монгол улс дахь өөрийн охин компани болох Энтри компанийн нэр дээр оюутолгой компанийн 6709А тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон Шивээ Толгойн 15225А, Жавхлантын 15226А гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг болно. Энтри Жавхлант болон Шивээ толгойн тусгай зөвшөөрлийн талбайн зүүн хэсгийн талаар хамтран ажиллах хэлцэлтэй. Монгол Улс нь Эрдэнэс оюу толгой компаниар дамжуулан Энтри голд компанийн тусгай зөвшөөрлийн оюутолгойн хувь эзэмшлийн 34 хувийг эзэмшдэг. Энтри компани 2003 оноос хойш 3148Х болон 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж ирсэн. 2004-10-15–ндАйвенхоу майнз Лимитед болон Антре Гоулд Инк Ашиг хуваах гэрээ /Equity Participation and Earn-In Agreement/ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр дараахь үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон. Үүнд:

• Айвенхоу майнз лимитед нь Энтри голд инкийн 4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдаж авна.

• Айвенхоу майнз лимитед Энтри голдын 3148Х, 3150Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийх өрөмдлөгийн ажилд 35 сая ам.доллараас илүү хөрөнгө зарцуулсан тохиолдолд:

-Газрын гадаргуугаас доош 560 метр хүртэлх гүнд орших ашигт малтмалын 70% (АГ: 30%)-ийг

-Газрын гадаргуугаас доош 560 метрээс гүнд буй ашигт малтмалын 80% (АГ: 20%)–ийг тус тус эзэмшинэ.

Айвенхоу майнз лимитед тийнхүү 35 сая ам. доллар зарцуулсан тухайгаа 2008 оны зургаадугаар сард Энтри голд компанид мэдэгдсэн бөгөөд Айвенхоу майнз лимитед, Айвенхоу майнз монголиа инк (Оюутолгой) компани болон Энтри голдын хооронд эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Айвенхоу майнз лимитед Ашиг хуваах гэрээний дагуу хүлээсэн эрх үүргээ Айвенхоу Майнз Монголиа Инк (Оюу Толгой)– компанид шилжүүлсэн бөгөөд Айвенхоу Майнз Лимитед–ийн 3148Х, 3150Х тусгай зөвшөөрлийн дагуу эзэмших 80%-ийн эзэмшил нь (гүнээс хамааран 70% байж болно. Энэ нь Айвенхоу Майнз Монголиа Инк (Оюу Толгой)– компанид шилжсэн. Оюутолгой  болон Антре–гийн хамтын ажиллагааны талбай нь Шивээ Толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн 15225A талбайн зүүн хэсэг, Жавхлант ашиглалтын тусгай зөвшөөрлийн 15226А талбайг бүхэлд нь хамарсан. Тусгай зөвшөөрлийн талбайн бүх нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд тэдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ болон ашигт малтмалын нөөц тогтоох төлөвлөгөөний үндэс суурь нь болдог. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт Оюутолгой компани нь Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-р зүйлд заасан нөхцлийг бүрэн биелүүлсэн бөгөөд уг заалтад: Энтри голд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн эдэлж байсан эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлэх. Ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 хувийг эзэмшинэ. Улмаар засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох гэсэн байдаг. Энэхүү заалтыг 2005-03-01-ний өдөр Энтри голд, Айвенхоу майнз лимитед болон Айвенхоу майнз монголиа инк компанийн хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээгээр хэрэгжүүлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд Хөрөнгө оруулагч гэж заасан Айвенхоу Майнз Монголиа Инк компанийн нэрийг 2009 онд Оюутолгой компани болгон өөрчилсөн. 2009-10 дугаар сард оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан нөхцөлийн дагуу 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 15225А, 15226А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүд болгосон. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Эрдэнэс оюутолгой компани нь Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшдэг тул Оюутолгой компани дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийн 80 хувь буюу гүнээс хамааран 70 хувийн 34 хувийг эзэмшинэ гэж Оюутолгой компаниас албан ёсоор мэдэгдэж байсан юм.

-Энтри голдын лицензтэй холбогдсон ЭБЭХЯ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ-

2013.02.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн байжээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009.09.06-ны өдөр хоёр тал гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан өдрөөс хойш 21 хоногийн дараа буюу 2009.10.27-ны өдөр өмнөх ЭБЭХЯ-ны сайдын тушаалыг үндэслэн уг ашиглалтын лицензийг Энтри Голд компанид шийлжүүлсэн байна. Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д зааснаар яамны сайдын эрхлэх асуудал биш, төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын шийдэх асуудал байжээ. Тиймээс Уул уурхайн сайд ЭБЭХ-ний сайдын 2009 оны тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын газарт уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг өгчээ. Хэрэв Энтри Голд компанийн эзэмшиж буй ашиглалтын лиценз энэ чигээрээ хэрэгжих тохиолдолд энэ лицензийн доорх баялагийг ашиглаад олох ашиг, орлогын 34 хувь Монгол Улсад ирэх биш, 26 орчим хувь нь ирэхээр байгаа юм байна. Ойролцоо үнээр тооцоход хэрэв эдгээр лицензийн асуудлыг Оюутолгойн бүлэг ордын хүрээнд шийдвэрлээгүй тохиолдолд Монголын талын ногдол ашиг 1.5 тэрбум орчим доллараар буурахаар байгаа ажээ. Уул уурхайн яамны тооцоолсноор эдгээр лицензийн доор Оюутолгойн бүлэг ордын нийт нөөц, тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг тухай мэдээлэл гарав. 

-Айвенхоу Майнз Рио Тинто компанитай стратегийн түншлэл байгуулав-

2006.10.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компани дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох Рио Тинто компанитай стратегийн түншлэл байгуулах болсон тухай энэ өдөр мэдэгдлээ. Айвенхоу Майнз компанийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй зэс, алтны Оюу Толгой төслийн уурхайн цогцолборыг хоёр тал хамтран бүтээн байгуулж, үйл ажиллагааг Айвенхоу Майнз-Рио Тинто компаниудын хамтарсан Техникийн Зөвлөл удирдах болно. Түншлэлийн гэрээг байгуулснаар Рио Тинто компани нь Айвенхоу Майнз компанийн гол хувьцаа эзэмшигч болох юм. Тодруулбал, Рио Тинто компани шаталсан хөрөнгө оруулалт хийж Айвенхоу Майнз компанийн томоохон хувьцаа эзэмшигч болох юм. Оюу Толгой төсөл нь Монгол улсын хувьд болоод Монгол улсын нийгэм, эдийн засагт маш чухал ач холбогдолтой төсөл гэдэгт итгэж байна хэмээн Рио Тинто компанийн Нөөцийн асуудал хариуцсан захирал ноён Том Албаниз хэлсэн байна. Түншлэлийн гэрээг байгуулснаар ноён Албаниз Айвенхоу Майнз компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм. Рио Тинто компанийн Нөөцийн асуудал хариуцсан захирал ноён Том Албаниз: Бид дэлхийн аль ч оронд ажиллахдаа эрүүл мэнд,, аюулгүй байдал, байгаль орчны дээд зэргийн стандартыг мөрддөг төдийгүй орон нутгийн харилцааг онцгойлон анхаардаг. Оюу Толгой төсөл нь орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, говийн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх бүс нутгийн нийгэм эдийн засгийн хурдасгуур болно гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

-Рио Тинто Монгол Улсад-

2006.10.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ын дарга Роберт Фрийдланд: Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд Оюу Толгойд байгаль орчны шилдэг менежменттэй дэлхийн жишиг уурхай бий болгохын төлөө хүчин чармайх болно. Ингэснээр олон мянган ажлын байр шинээр бий болж, нийгэмд ихээхэн үр ашиг үзүүлэх юм гэжээ. Ноён Албаниз: Рио Тинто компани нь дэлхийд томоохонд тооцогдох, олборлолт хийгдэж эхлээгүй байгаа энэхүү зэс, алтны төсөлд оролцох болсондоо баяртай байгаа бөгөөд өөрсдийн техник, технологийн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэхэд бэлэн байна. Бид ойрын хугацаанд Монгол улсын Засгийн газартай хийгдэх урт хугацааны Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх яриа хэлэлцээнд оролцоно гэж найдаж байна гэжээ. Айвенхоу Майнз болоод Рио Тинто компаниудын хооронд байгуулсан түншлэлийн гэрээний заалт ёсоор Рио Тинто компани эхний шатанд Айвенхоу Майнз компанийн үндсэн хөрөнгийг 303 сая орчим ам.доллараар ойрын хугацаанд нэмэгдүүлэх юм. Энэхүү эхний шууд хөрөнгө оруулалтыг хийснээр Рио Тинто компани Айвенхоу Майнз компанийн нийт хувьцааны 9,95%-г эзэмших болно. Айвенхоу Майнз компани Монгол улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Рио Тинто компани нь хоёр дахь шатны 388 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг хийх болно. Энэ нь Айвенхоу Майнз компанийн нийт хувьцааны 19,9% юм. Түүнчлэн Рио Тинто компани Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойшхи хоёр жилийн хугацаанд 808 сая ам.долларын өртөг бүхий Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдан авах эрхийг хадгална. Ингэснээрээ Айвенхоу Майнз компанид оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1,5 тэрбум ам.долларт хүрч, нийт хувьцааны 33,35%-г эзэмших боломжтой болох юм гэжээ. Английн Лондон хотод төвтэй Рио Тинто компани нь ихэнх хувьцаагаа Их Британи, Австрали улсын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг. Рио Тинто нь 30 салбар компаниар дамжуулан дэлхийн зургаан тивд ашигт малтмал хайх, олборлох, боловсруулах зэрэг 80 гаруй төслийг 30000 гаруй ажилтан ажиллагсадтайгаар хэрэгжүүлж буй дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани аж. Дэлхийн томоохон, урт удаан хугацаанд ашиглагдах, өрсөлдөх чадвар бүхий орд газруудыг бие даан олборлох буюу хөрөнгө оруулах стратегийг Рио Тинто компани баримталдаг байна. Тус компани нь Индонези улсын Гразберг зэс-алтны уурхай, Чили улсын Эскондида зэсийн уурхай, АНУ-ын Бингхам Канион зэс-алтны уурхай болон АНУ-ын Юта мужид орших дэвшилтэт технологитой хайлуулах үйлдвэрийг эзэмшдэг байна. Мөн АНУ-ын Аризона муж дахь Резолюшн зэс-молибдений төсөл, Австрали, Өмнөд Африк зэрэг улсад зэсийн төслүүдийг хэрэгжүүлдэг аж. Рио Тинто компани нь Азийн ашигт малтмалын зах зээлийн үндсэн нийлүүлэгч юм. Рио Тинто компанийн зах зээлийн нийт үнэ тухайн үед 68 орчим тэрбум ам. доллар байсан бөгөөд хөнгөн цагаан, зэс, алмаз, нүүрс, уран, алт, төмрийн хүдэр, үйлдвэрлэлийн эрдэс болох давс, тальк, бора, титаны давхар исэл зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байна. 

-Оюу Толгой төслийг хэрэгжүүлэх хамтарсан Техникийн Зөвлөл байгуулагдана-

2006.10.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюу Толгой төслийн инженер, барилга угсралт, уурхайн үйлдвэрийн үйл ажиллагааныудирдлагыг Рио Тинто, Айвенхоу Майнз компанийн хамтарсан Техникийн Зөвлөлхэрэгжүүлэх юм. Техникийн Зөвлөл таван гишүүнтэй байх ба талууд тус бүр хоёргишүүн томилох юм. Тав дахь гишүүн нь Техникийн Зөвлөлийн дарга, Оюу Толгойтөслийн Ахлах менежерийн үүргийг гүйцэтгэнэ. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Гүйцэтгэх Ерөнхий Захирал Жон Макенэхний таван жил буюу уурхай ашиглалтанд орох хүртэл Техникийн Зөвлөлийн дарга,Төслийн ахлах менежерээр томилогдлоо. Түүний дараа Рио Тинто компани нь тусзөвлөлийн даргыг томилох эрхтэй болно. Оюу Толгой төсөл нь Монгол улсын хувьд болоод Монгол улсын нийгэм, эдийн засагтмаш чухал ач холбогдолтой төсөл гэдэгт итгэж байна хэмээн Рио Тинто компанийнНөөцийн асуудал хариуцсан захирал ноён Том Албаниз хэлсэн байна. Түншлэлийнгэрээг байгуулснаар ноён Албаниз Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ын гишүүн болжбайгаа юм. Ноён Албаниз цааш нь хэлэхдээ “Бид дэлхийн аль ч оронд ажиллахдаа эрүүл мэнд,аюулгүй байдал, байгаль орчны дээд зэргийн стандартыг мөрддөг төдийгүй ороннутгийн харилцааг онцгойлон анхаардаг. Оюу Толгой төсөл нь орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, говийн бүснутгийн дэд бүтцийг хөгжүүлэх бүс нутгийн нийгэм эдийн засгийн хурдасгуур болногэдэгт итгэлтэй байна гэжээ.

-Рио Тинто шинэ Гүйцэтгэх Ерөнхий захирал томиллоо-

2006.12.07. Рио Тинто хувьцаат компанийн ТУЗ-аас Рио Тинтогийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Лей Клиффордыг компанийн 2007 оны 4-р сард болох жилийн нэгдсэн хурлындараа 2007.05.01-ний өдрөөс эхлэн Том Албаниз залгамжлах болсон тухай мэдэллээ. АНУ-ын иргэн Том Албаниз, 49 настай, Аляскийн Их Сургуулийг уул уурхайн эдийн засаг, уурхайн инженерээр төгссөн. 1993 ондоос хойш Рио Тинто компанид амжилттай ажиллаж байгаа бөгөөд Рио Тинто группын Үйлдвэрлэлийн ашигт малтмал, Зэсийн салбарын Гүйцэтгэх Ерөнхий захирал, Хайгуулын захирлаар ажиллаж байсан. Тэрээр 2006 оны 3-р сард ТУЗ-ын гишүүн болж, Нөөцийн Группын захирлаар ажиллаж байгаа юм. Рио Тинтогийн Ерөнхийлөгч Пол Скиннер:Рио Тинтог хөгжлийн дараагийн шатанд хөтлөн удирдах Том Албанизыг томилсондоо ТУЗ сэтгэл хангалуун байна. Ноён Албаниз техник, үйл ажиллагаа болон стратегийн онцгой хөгжлийн үр дүнд бий болсон уул уурхайн салбарт өөрийн арвин их туршлагаа зориулах болно. Тэрээр сүүлийн хэдэн жилийн доторх Рио Тинтогийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Группын стратегийн чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулсан гэжээ. Пол Скиннер Рио Тинтод хувь нэмрээ харамгүй оруулсан Лей Клиффордын талаар Группт ажиллах болсноос хойшхи 37 жилийн турш Лей онцгой хувь нэмрээ оруулсан билээ. Группын Гүйцэтгэх Ерөнхий Захирлаар ажиллах долоон жилийн хугацаанд тэрээр үйл ажиллагааг тогтвортой үр бүтээлтэй, үр ашигтай ажиллуулж ирсэн юм. Рио Тинто Группын үндсэн зах зээл, нэн ялангуяа Азид байр сууриа бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг өсгөх талаар онцгой амжилт гаргасан билээ гэсэн байна. Том Албаниз:

  • 1957 онд Нью-Жерси мужид төржээ. Тэрээр Фейрбанксийн Аляскийн Их Сургуульд суралцаж уул уурхайн эдийн засгийн бакалавр, уурхайн инженерийн магистрийн зэрэг хамгаалсан.
  • Тэрээр Нерко Минералз компаниас ажлын гараагаа эхэлж компанийн Гүйцэтгэх ерөнхий захирлаар ажиллаж байгаад 1993 онд Рио Тинто компанид орсон байна.
  • 1993 онд тэрээр Аляскийн Адмиралту Айленд дахь Гриинс Грик алт, мөнгө, цайр, хар тугалгын ордын ерөнхий менежерээр томилогдож шинээр илрүүлсэн өндөр агуулгатай ордыг ашиглалтанд бэлтгэх багийг тэргүүлж ажиллаж байв.
  • 1995 онд тэрээр Лондонд ирж Рио Тинто Группын хайгуул хариуцсан захирлаар томилогджээ.
  • 1998 онд тэрээр Солт Лейк Ситигийн ойролцоох Бингхэм Каньон зэсийн ордын Кеннекотт Юта Копперын дэд Ерөнхийлөгчөөр томилогджээ.
  • 2000 онд Рио Тинто компани Австралийн Норт компанийн хувьцааг ихэнхийг худалдан авснаар Том Албаниз Мельбурн хот руу гүйцэтгэх захирлаар шилжин ажиллажээ. Захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа тэрээр Нортын үйл ажиллагаанд стратегийн дүгнэлт хийж, тус компанийг бизнесийн үндсэн салбар руу оруулж Рио Тинтогийн бүтээгдэхүүний бүтцэд багтааж чадсан юм.
  • Тэрээр Рио Тинтогийн Лондонд байрлах Үйлдвэрлэлийн ашигт малтмалын группын гүйцэтгэх ерөнхий захирлаар томилогдон тус Группын борит, тальк, титаны давхар ислийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаад 2004 онд Зэс болон Хайгуулын хэсгийн гүйцэтгэх ерөнхий захирлаар томилогджээ.
  • 2006 оны 3-р сард Албаниз ТУЗ-ын гишүүн болж, 2006 оны 7-р сард Хайгуул, үйлдвэрлэл, техникийн гүйцэтгэл, хүний нөөц, харилцаа холбоо, гадаад харилцаа, бизнесийн үйлчилгээ хариуцсан Нөөцийн группын захирлаар томилогдсон байна.
  • Саяхнаас Албаниз Оросын Норильск Никельтэй хамтарсан хайгуулын гэрээ, Перугийн Ла Гранха дахь Рио Тинтогийн хөрөнгө оруулалт болон Монгол улсад Айвенхоу Майнзын хэрэгжүүлж байгаа Оюу Толгой төсөл дээр ажиллаж байна.
    Ноён Том Албаниз Лондон хотод амьдардаг, гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй. Нэмэлт мэдээллийг та дараахь хаягаар хандаж авна уу гэжээ. 
Лондон

Хэвлэл мэдээлэл
Ник Коббан
Ажил: 44 0 20 7753 2305
Гар утас: 44 0 7920 041 003

Хөрөнгө оруулалт
Найжел Жоунс
Ажил: 44 0 20 7753 2401
Гар утас: 44 0 7917 227 365

Дэвид Овингтон
Ажил: 44 0 20 7753 2326
Гар утас: 44 0 7920 010 978
Австрали

Хэвлэл мэдээлэл
Яан Хэд
Ажил: 61 0 3 9283 3620
Гар утас: 61 0 408 360 101

Хөрөнгө оруулалт
Дэйв Скиннер
Ажил: 61 0 3 9283 3628
Гар утас: 61 0 408 335 309

Сюзи Кресвэлл
Ажил: 61 0 3 9283 3639
Гар утас: 61 0 418 933 792

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн үзэглэв-

Айвенхоу майнз компани дангаараа оюу толгойд хөрөнгө оруулалт хийхгүй нь 2006 оны аравдугаар сард тодорхой боллоо. Рио Тинто компани Айвенхоу Майнз компанийн хэрэгжүүлж буй оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын 20 хувийг гаргахаар болсон учраас тэр юм. Өөрөөр хэлбэл, оюутолгойн ордыг эргэлтэд оруулахад шаардлагатай хөрөнгийн тавны нэгийг Рио Тинто дангаараа хариуцахаа тухайн үед зарласан юм. Тиймээс Рио Тинто компани Айвенхоу майнзтай хамтран оюутолгойн ашигт малтмалыг ашиглах асуудлаар Монголын Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууж ирсэн. Хэлэлцээрийн эхний шат 2009 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өндөрлөсөн бөгөөд үүгээр оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар, үлдэх 66 хувийг Айвенхоу майнз болон Рио Тинто хамтран эзэмшихээр тохиролцсон байдаг. Айвенхоу майнз болон Рио Тинтогийн удирдлагууд манай улсад ирж Засгийн газартай хийх хэлэлцээрийн хоёр дахь шат 2009 оны хоёрдугаар сарын 10-нд эхэлж байлаа. Үүгээр оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалт хийх болон татварын асуудал яригдсан байдаг. Хэлэлцээрийн үеэр хөрөнгө оруулагч тал гэнэтийн ашгийн 68 хувийн татвар төлөхгүй гэсэн байр сууринаас хандсан гэх нь бий. Харин монголын талаас 68 хувийн албан татвар авна гэсэн байр сууринаас хандсан учраас хоёр тал санал зөрөлдөж уг асуудлыг дараагийн шатны хэлэлцээрээр шийдвэрлэхээр болсон юм. Айвенхоу майнз болон Рио Тинто компанитай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх нь анхнаасаа тодорхой байсан. Тус ордод хөрөнгө оруулалт хийх саналаа зөвхөн тэд манай улсад ирүүлсэн учраас тэр юм. УИХ дахь намын бүлэг бүр уг асуудлыг дор бүрнээ хэлэлцсэн нь ойлгомжтой. Харин 2009 оны долоодугаар сарын 8-ны өдрийн УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаар Оюутолгойн гэрээний төслийн тухай хэлэлцсэн байх юм. УИХ дахь МАХН-ын бүлэг Оюутолгойн ордод төрийн эзэмших хувь 34 байх заалтыг дэмжсэн байгаа юм. Үүний сацуу Засгийн газраас оруулсан Оюутолгойн төслийн үндсэн хувилбарыг дэмжсэн байна. МАХН-ын бүлгийн гишүүд Оюутолгойн гэрээний төслийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор шийдвэр гаргаж, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар санал нэгдсэн байгаа юм. Мөн бусад асуудлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулах эрхийг Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байгаа юм.

Ийнхүү удтал хэлэлцсэний эцэст Монголын Засгийн газар, Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниудтай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн юм. Үүнээс хойш зургаан сарын дотор гэрээний 15.7-д заасан зүйл заалтуудыг биелээгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээ хүчингүй болох нөхцөлтэй байв. Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7 дугаар зүйлд оюутолгойг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Монгол улсын эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж батлуулах зэрэг заалтууд туссан байлаа. Хөрөнгө оруулагчид заасан хугацаанаас өмнө оюутолгойг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж чадсан байдаг. Нэгэнт холбогдох байгууллага оюутолгойг ашиглах ТЭЗҮ-г хүлээн авсан тул, хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор баталгаажих нь тэр. Засгийн газар ч хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг албан ёсоор зарласан юм. Засгийн газар оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хамтрагчдаасаа 250 сая ам.долларын урьдчилгаа авахаар тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, хожим авах ашгаасаа урьдчилж авахаар болсон юм. Гэтэл тун удалгүй энэ мөнгө зээл болж хувирсан тал бий. Хөрөнгө оруулагчаас зээлэх мөнгөний эхний ээлжийн 100 сая ам.долларыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан даруйдаа буюу 2009 онд авсан бол, дараагийн ээлжийн 50 сая ам.долларыг гэрээ хүчин төгөлдөр болсны дараа буюу 2010 онд авсан байдаг. Харин үлдэх 100 сая ам.долларыг 2011 оны зургаадугаар сарын 5-ны өдөр авсан байгаа юм. Ийнхүү хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа нэртэй зээл авч, хөрөнгө оруулалтын гэрээгээр оюутолгой компанид татварын тогтвортой орчин бий болгож өгснийг хэн хүнгүй мэднэ. Тэр үеийн Оюутолгойн гүйцэтгэх захирал Кейт Маршал: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ч ойрын гурван жилийн дотор энэ ордоос их хэмжээний бүтээгдэхүүн авна гэж найдах хэрэггүйг хэлж байсан билээ. Ямартай ч удтал яригдсан хөрөнгө оруулалтын гэрээ дээрх нөхцөлөөр хийгдэв. Харин ашигт малтмалын ямар талбайд хөрөнгө оруулалтын гэрээ хийснийг мэдэх хүн цөөн.

Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээг Өмнөговь аймгийн Ханбогд болон Баяновоо сумын нутаг дамнасан ашигт малтмалын 5 талбайд байгуулсан байгаа юм. Тодруулбал, Ханбогд сумын нутагт орших 6708A дугаартай Манхат, 6709Aдугаартай Оюутолгой, 6710A дугаартай Хөх-хад, Баян-Овоо сумын нутагт орших 3148A дугаартай Шивээ-толгой, 3150A дугаартай Жавхлантын талбайд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 1.11 зүйлд оюутолгой компани 6709тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхтэй. Энэ талбайн нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд хүргүүлсэн гэжээ. Харин үлдэх 6708, 6710, 3148, 3150дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд хүргүүлсэн гэх мэдээлэл тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээнд харагдсангүй. Харин 6708, 6710 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн нөөцийг гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 3 жилийн дотор холбогдох байгууллагад хүргүүлж батлуулах ёстой гэж гэрээнд тусгасан байна. 3148, 3150 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тухайн үед Энтри гоулд /Entree gold/ компани эзэмшиж байсан юм. Эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Оюутолгой компанид шилжүүлж, Засгийн газар хугацаа нь дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8 зүйлд тусгасан ажээ. Өөр компанийн мэдэлд байсан хайгуулын лицензийг оюутолгой компанид шилжүүлж, улмаар ашиглалтын болгохоор заасан гэсэн үг юм. Гэхдээ эдгээр талбайн нөөцийг батлуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн гэх үг, өгүүлбэр тухайн үед оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд мөн харагдсангүй. Эндээс 6709 талбайн нөөцийн талаар дурдаж, бусдынх нь талаар яагаад дуугарсангүй вэ гэдэг асуулт гардаг.

Энэ асуултад Сангийн сайд асан С.Баярцогт: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан таван талбайд хайгуул хийгээд одоогоор тогтоогдсон ашиглаж болох нөөц нь 31 сая тонн зэс гэсэн хариулт өгсөн байдаг. Оюутолгойн ордын 45 сая тонн зэсийн нөөцөөс 31 сая тонныг олборлохоор ТЭЗҮ-д тусгаж, 14 сая тонн нөөцийг дэвшилтэд техник, технологиор олборлохоор үлдээсэн гэсэн үг юм. Тэгвэл 1976-1980 онд Монгол Улсын Геологи уул уурхайн сайдаар ажиллаж байсан доктор, профессор Ч.Хурц: Зөвхөн 6709 тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөцийг мэргэжлийн байгууллага хүлээж авч баталсан. 6708, 6710, 3148, 3150 гэсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөөц эцэслэн тогтоогдоогүй гэсэн тайлбар өгч байсан билээ. Харин оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад гар бие оролцсон Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Оюутолгой компанитай ашиглалтын таван тусгай зөвшөөрөл дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ таван талбайн нийт нөөц анх 45 сая тонн гэгдэж байсан ч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 31 сая тонныг ашиглах боломжтой гэж баталж өгсөн. Түүнээс оюутолгойн ордод нөөц орхигдуулсан зүйл байхгүй гэсэн тайлбар өгч байсан юм. Хэдийгээр тэд ийм тайлбар өгч байсан ч, 6709 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөцийг бүртгэж авсан. Бусад талбайд хайгуул хийж нөөцийг нь тогтоосны дараа ашиглаж болно гэж оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасныг юу гэж ойлгов вэ. Эндээс нөөц нь эцэслэн тогтоогдоогүй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл өгч хууль зөрчсөн үү. Эсвэл 6708, 6710, 3148, 3150 дугаартай ашигт малтмалын лицензүүдийн нөөцийг тогтоосон ч хэн нэгний ашиг сонирхолд хөтлөгдөж дарсан уу гэдэг бүрхэг хоцорсон юм.

-Айвенхоу Майнзтай байгуулсан түншлэлийн гэрээгээ Рио тинто сунгалаа- 

2009.10.13. Айвенхоу Майнз компани дахь хөрөнгө оруулалтаа 19,7  хувьд хүргэж, түншлэлийн гэрээгээ сунгаснаа Рио тинто компани энэ өдөр мэдэгдлээ. Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах төсөлд хамтрахаар өмнө байгуулсан гэрээгээр тус компани Айвенхоу Майнз компанид 9,9 хувь эзэмшихээр болсон юм. Гэрээнд заагдсаны дагуу Айвенхоугийн 8,38 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий  46,3 сая хувьцааг нийт 388 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эзэмшихээр байгаа юм. Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Рио тинто олон нийтэд энэ шийдвэрээ мэдэгдэв. Өмнөговь аймаг дахь Оюу Толгой ордоос 2013 онд бүтээгдэхүүн гаргаж эхлэхээр төлөвлөж байгаа. Рио тинтогийн Зэс, Очир эрдэнийн хэсгийн гүйцэтгэх захирал Брэт Клейтон: Рио тинто, Айвенхоу майнзад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд ихэд талархаж байна. Энэ алхам нь Монголын Засгийн газартай хамтарч Оюу Толгойг ашиглах бидний ажилд урам зориг, хурд, хүч нэмлээ гэж тэмдэглэв. Рио Тинто 232 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа худалдан авч Айвенхоу Майнз-д эзэмших хувь эзэмшлээ 22,4% болгон нэмэгдүүллээ.

-Айвенхоу Майнз Оюутолгойн уурхайг байгуулах 2010 оны барилгын ажлын төсвийг 758 сая ам доллараар батлав-

2009.12.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз-Рио Тинтогийн Оюутолгойн Техникийн зөвлөлөөс Монголын өмнөд хэсэгт байгуулах зэс алтны уурхайн бүтээн байгуулалтын ажлын 2010 оны төсвийг 758 сая ам.доллараар баталсныг Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Ерөнхий захирал Жон Макен энэ өдөр мэдэгдлээ. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий захирал Жон Макен: 2010 оны барилгын төсвийг баталсан нь энэхүү төслийг үйлдвэрлэлд бэлтгэх ажил нэг алхам урагшилсныг баталгаажуулж буй хэрэг юм. Айвенхоу майнз 2012 онд ил уурхайг байгуулж, 2013 оноос үйлдвэрлэлийг эхлүүлэх хуваарьтай байгаа гэж хэлжээ. 2009.10.06-ны өдөр гарын үсэг зурсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн хүчин төгөлдөр болгох болзол нөхцлүүдийг амжилттай биелүүлснээр 2010 оны төсөвт тусгагдсан өргөн цар хүрээтэй бэлтгэлийн ажлыг эхлүүлэх юм. 2010 онд:

• Газрын гүнд орших зэс-алтны Хюго Дамметын ордоос хүдэр олборлох 10 метрийн диаметртэй 2-р босоо амны ажлыг сэргээх,

• 97 метр (31 давхар барилгатай тэнцэхүйц) 2-р босоо амны цамхагийн барилга

• Өдөрт 100,000 тонн боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн суурийг цутгах, баяжуулах үйлдвэр болон холбогдох дэд бүтцийг барих материал нийлүүлэх

• 20 мегаватт хүчин чадалтай эрчим хүчний станц, 35 киловольтын хүчдэлтэй дамжуулах шугамыг суурилуулах

• Өмнөд Оюугийн ордын ил уурхайн газар шорооны ажил

• Хюго Даммет ордын 1-р босоо амны хөндлөн нэвтрэлтийг үргэлжлүүлэх

• Монгол-Хятадын хил рүү тавих 105 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлэх, үйлдвэрлэл эхлэхэд хатуу хучилттай болгох

• Боинг 737 нисэх онгоц хөөрөх хатуу хучилттай зам бүхий бүсийн хэмжээний онгоцны буудлын барилгын ажлыг эхлүүлнэ.

Энэ өдрийн байдлаар Айвенхоу Майнз компани болон түүний хамааралтай компаниуд нийлбэр дүнгээр 1 тэрбум орчим ам.долларын бэлэн хөрөнгөтэй байгаа болно. Ноён Макены хэлснээр нэмэлт санхүүжилт нь Рио Тинтогоос Айвенхоу компанийн А зэрэглэлийн 8,38-8,54 ам.долларын үнэтэй хувьцааг худалдан авах замаар оруулах нийт 385-393 сая амдолларын хөрөнгө оруулалт, мөн Айвенхоугийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд оролцох сонирхлоо илэрхийлж буй гадаад улс орнуудын хөрөнгө оруулалтын сангуудаас орж ирж болох хөрөнгө зэрэг Айвенхоуд нэг буюу түүнээс олон стратегийн хувьцаа эзэмшигчдийн хийх хөрөнгө оруулалтаар 2010 онд хийгдэх болно гэжээ.

-Хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн хүчин төгөлдөр болгох 10 болзол нөхцлийн 7-г нь хангажээ

2009.10.06-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш гэрээг бүрэн хүчин төгөлдөр болгоход шаардлагатай нийт 10 болзол нөхцлийн 7-г нь хангаад байна. Эдгээр нь:

• Рио Тинто Айвенхоуд 388 сая ам.доллар шилжүүлж эзэмшиж буй 9,9%-ийг 19,7% болгож нэмэгдүүлсэн

• Оюу Толгойн хүдэржилтийн бүсийн өргөтгөл орших Энтреи Голд компанийн эзэмшиж байсан хайгуулын лицензүүдийг ашиглалтын лиценз болгосон. Ордын хүдэржилтийг Айвенхоу Майнзтай хийсэн хамтарсан компанийн гэрээгээр ашиглах юм.

-Засгийн Газар болон Оюу Толгой ХХК-ийн төлөөллөөс бүрдэх Ажлын байнгын хороог байгуулсан. Хороо нь уурхайн цогцолборын барилгын шатанд ажлын зөвшөөрлүүдийг олгох, Монголын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх ажлыг хариуцах юм;
 
• Хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсрах Хувь эзэмшигчдийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурсан;

• Айвенхоу Майнзын охин компани болох Айвенхоу Майнз Монголиа Инк компанийг Оюу Толгойн лицензийг эзэмших, төслийг хэрэгжүүлэх Оюу Толгой ХХК болгон өөрчлөв;

• Оюу Толгой төсөлтэй холбогдолгүй хөрөнгийг үлдсэн гурван (3) нөхцлийг хангасны дараа Оюу Толгой ХХК-ийн нийт хувьцааны 34%-ийг Монгол улс төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК, үлдсэн 66%-ийг Айвенхоу Майнз эзэмших болно.

-Бие даасан техникийн зөвлөл Оюу Толгойн гүний анхны ордыг баталлаа-

Монгол улсын Засгийн газраас томилогдсон шинжээчдийн баг төлөвлөөд байгаа ил болон гүний уурхайн ТЭЗҮ-гийн эхний хэлэлцүүлгийг дуусаад байна. Ноён Макены хэлснээр Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцлүүдийн нэг болох ТЭЗҮ-г ойрын хугацаанд батлах ажээ. ТЭЗҮ-г батласнаар Айвенхоу Майнз Оюу Толгойн гүний ордын нөөцийг батлах бие даасан Техникийн тайланг олон нийтэд мэдээлж, Айвенхоугийн явуулж буй хайгуулын хөтөлбөрөөр баталгаажсан төслийн нийт нөөцийн талаар мэдээлэл өгөх боломжтой болох юм. Техникийн тайлан нь 2009 оны Орд Ашиглалтын Цогцолбор төлөвлөгөөний (ОАЦТ) үндэс болж буй бөгөөд ОАЦТ-д өнөөдрийг хүртэл нээгээд байгаа 12 км зайд сунаж тогтсон Оюу Толгойн бүлэг ордыг урт хугацаанд ашиглах хувилбаруудын бие даасан үнэлгээ, холбогдох капитал хөрөнгө болон үйл ажиллагааны зардлын төсөөллийг бүрэн тусгасан болно. ОАЦТ-г GRD Минпрок, Стантек (хуучнаар МакИнтош) Инжениринг компаниудын тэргүүлсэн дэлхийн шилдэг инженер, уул уурхай, байгаль орчны зөвлөхүүд Айвенхоу Майнз зориулж боловсруулан хийсэн болно гээд дараах мэдээллийг хавсаргаж байв.
Тухайлбал, хуучны Айвенхоу Майнз компанийн хувьцаа Торонто, Нью-Йоркийн биржүүд дээр тухайн үед IVN тэмдэгтээр арилжаалагдаж байсан юм.

-Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэл-

2009.12.26. -ны өдрийн хавьцаа оюутолгойн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмалын газрынхан хүлээж авах боломжгүй болсноо дуулгаж байсан юм. Техник эдийн засгийн үндэслэлд дөрвөн том алдаа дутагдал илэрсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд оюутолгойн ордод 10 мянган монгол ажилчин ажиллуулна гэж тусгасан. Харамсалтай нь хөрөнгө оруулагч компани техник эдийн засгийн үндэслэлдээ хичнээн монгол ажилчин авч ажиллуулахаа тусгаагүй байжээ. Үүнээс гадна, Айвенхоу майнз компани жилд олсон ашгийнхаа 5 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлнө гэж хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан аж. Гэтэл техник эдийн засгийн үндэслэлдээ энэ 5 хувийг Монголын засгийн газарт төлөхөөс гадна, ашгийнхаа 2 хувийг нөөц ашигласны төлбөр гэж толгой компанидаа өгөхөөр болжээ. Уг нь монгол улсын байгалийн баялгийг ашигласны төлбөр юм. Тиймээс толгой компанидаа нөөц ашигласны төлбөр өгөх нь буруу гэж мэргэжлийн хүмүүс үзсэн юм. Гуравдугаарт Айвенхоу майнз компани Оюутолгойн ордын нийт нөөц болох 45 сая тонн зэсийг ашиглахад зориулж техник эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй. Зөвхөн 25 сая тонн зэсийн нөөц ашиглахад зориулсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байжээ. Уг нь нийт нөөцийг ашиглахад зориулсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ёстой байсан аж. Дөрөвдүгээр асуудал нь устай холбоотой байжээ. Энэ талаар тэр үеийн Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн орлогч дарга Ариунбаяр: Гэрээнд тусгагдаагүй дөрвөн зүйлийг техник эдийн засгийн үндэслэлдээ тусгасан тул буцаасан тухай хэлж байсан юм. Айвенхоу майнз компани дээрх алдаагаа засах үүрэг тухайн үед хүлээж байсан юм.

-Оюутолгой төслийн ажилчид Монголын Их Говийн 1000 метрийн гүнд хүрлээ- 

Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Гүйцэтгэх Ерөнхий захирал Жон Макен хайгуулын зориулалттай босоо аманд 1000 метр гүн нэвтэрч, Монголын гүний уурхайн дээд амжилт тогтоосон уурхайчдад баяр хүргэлээ. Ноён Макен: Ийм зорилгод хүрэхийн тулд зөвхөн өндөр ур чадвартай, мэргэшилтэй баг хүч чадлаа дайчлан ажилладаг гээд, Босоо амны нэвтрэлт гэдэг нь уул уурхайн хамгийн чухал ажлуудын нэг. Би энэ гайхамшигтай ажлыг нэр төртэйгээр хийж гүйцэтгэсэн багийнханд баяр хүргэж байна. Оюу Толгойд сурч мэргэшсэн Монголын уурхайчид Монгол улсын ашигт малтмалын салбарын хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлж байгаагаар би бахархаж байна гэжээ. Айвенхоу Майнз Монголиа Инк компанийн босоо амны нэвтрэлтийг хариуцаж байгаа гэрээт РедПаф Монголиа компанийн уул уурхайн инженер Б.Ариунболд: шинэ үеийн уурхайчдын нэг билээ. Монгол улсынхаа газрын гүнд 1000 метрт хүрсэн анхны хүмүүсийн нэг болсондоо би өөрийгөө их азтай хүн гэж бодож байна. Гадаад мэргэжилтнүүдийн бидэнд харамгүй өгсөн мэдлэг туршлага, бидэнд эзэмшүүлсэн ур чадваргүйгээр бид хэзээ ч ийм амжилт тогтоож чадахгүй байсан бизээ гэжээ. Газрын гүнд 1000 метр нэвтэрсэн дээд амжилтыг тогтоохын төлөө 18 сар ажилласан Редпаф компанийн уурхайчид босоо амны төлөвлөгдөөд байгаа 1311 метрт нэвтрэх ажлаа 2007 оны 9-р сард дуусгах бөгөөд энэ босоо ам 1 нь Монголын хамгийн гүнд тооцогдож байсан 450 метр гүнтэй Бэрхийн уурхайгаас гурав дахин гүн болох юм. Босоо ам 1-ийн нэвтрэлтийн ажлыг дууссаны дараа хөндлөн чиглэлээр өрөмдлөг хийх өрмийн машинуудыг газрын гүнд суурилуулж Хюго Дамметын гүний ордын нөөцийг тогтоох геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэх юм гэжээ.

-Роберт Фрийдланд, Жон Макен нар мэдэгдэл хийв-

Лондон. Их Британи. Айвенхоу Майнз компанийн Тэргүүн Роберт Фрийдланд болон тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Ерөнхий захирал Жон Макен нар Айвенхоу Майнз компани нь Рио Тинтотой нэгж бүр нь 16.31 канад долларын үнэ бүхий 15 сая энгийн хувьцааг нийт 244,7 сая канад доллараар (232,4 сая ам доллар) гаргаж борлуулах тухай гэрээг байгуулсан тухай энэ өдөр мэдэгдлээ. Айвенхоу Майнз компани Монгол улсын зэс-алтны Оюу Толгой дахь уурхайн барилгын ажлын үеэр суурилуулах уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг Рио Тинтогоос худалдан авахад энэхүү хөрөнгийг зарцуулах юм. Тоног төхөөрөмжид анхан шатан дахь өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэрийн хэсэг багтаж байгаа бөгөөд үүний дотор хоёр ширхэг 11,58 метрийн диаметртэй SAG тээрэм, дөрвөн бөмбөлгөн тээрэм, дахин нунтаглах тээрэм, бутлуур, мотор, дамжуулагч болон хөвүүлэн баяжуулах хэсгүүд орж байгаа болно. Мөн Умард Хюгогийн ордын блокчлон олборлох гүний урхайн үйлдвэрлэлийн үндсэн цооног болох 10 метрийн диаметртэй 2-р босоо амны нэвтрэлтийг хийхэд шаардагдах тоног төхөөрөмж багтаж байгаа аж. Дээрх тоног төхөөрөмжийн ихэнхийн захиалгыг Айвенхоу Майнз компани үйлдвэрлэгчдэд өгсөн байсан болно. Айвенхоу Майнз 2008 оны 8-р сард хоёр компанийн хоорондын гэрээний дагуу захиалсан тоног төхөөрөмжийн эзэмшлийн эрхийг өөрийн стратегийн түнш Рио Тинтод шилжүүлсэн билээ. Тухайн үед Айвенхоу Майнз компанид Оюу Толгой төслийн хайгуулын болон барилгын бэлтгэл ажилд зарцуулах хөрөнгө шаардлагатай байсан юм. Рио Тинтотой хийсэн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ нь Айвенхоу Майнз болон Рио Тинто харилцан зөвшөөрөхүйц, урт хугацааны Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай хийж байх хугацаанд нэн шаардлагатай уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь ажлын төлөвлөгөөний дагуух худалдан авалтыг баталгаажуулж байсан болно. Айвенхоу Майнз компанийн тэргүүн Роберт: Монгол улсад барилгын улирал эхэлж буйтай холбогдуулан бид Айвенхоу Майнз болоод өөрийн стратегийн түнш Рио Тинтог Оюу Толгойн уурхайн бүтээн байгуулалтын ажлын бүрэн хэмжээгээр эхлүүлэхээр бэлтгэхийн зэрэгцээ өнгөрсөн оны 10-р сард Монгол улсын Засгийн газартай гарын үсэг зурсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний бүрэн хүчин төгөлдөр болох нөхцлүүдийг хангахаар ажиллаж байна гэжээ. Айвенхоу Майнз-Рио Тинтогийн хамтарсан ОюуТолгойн техникийн зөвлөл 2010 оны төсвийг 758 сая ам.доллараар баталсны дотор Айвенхоу Майнз Рио Тинтогоос уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг эргүүлэн худалдан авах багтсан. Тоног төхөөрөмжийг худалдан авч буй нь дэлхийн зэс-алтны томоохон уурхайнуудын нэгийн бүтээн байгуулалтын чухал алхмуудын нэг юм. Тоног төхөөрөмжөө одоо авснаар 2013 онд Оюу Толгойн үйлдвэрлэлийг эхлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн ач холбогдолтой юм гэжээ. Энэхүү шилжүүлгийг хийснээр Рио Тинто Айвенхоу Майнз дахь эзэмшиж буй 19,6%-ийн хувь эзэмшлээ нэмэгдүүлж 22,4% болгож буй юм. Энэхүү хэлцлийг Торонтогийн Хөрөнгийн бирж баталгаажуулж бүртгэх ёстой. РиоТинто нь Айвенхоугийн нөөцийн сангаас энгийн хувьцаа авах, нээлттэй зах зээл дээрээс хувьцаа худалдан авах эрхтэй бөгөөд Айвенхоуд эзэмших хувь хэмжээгээ ойрын 19 сард 46,6% хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Айвенхоу одоогоор дансандаа 1,3 тэрбум ам.долларын бэлэн мөнгөн хөрөнгөтэй байгаа болно хэмээн тухайн үед мэдэгдэж байсан юм.

Рио Тинто хувьцаа худалдан авах эрхээ хугацаанаас нь өмнө хэрэгжүүллээ гэж Айвенхоу Майнз мэдээллээ-

2010.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдөр Айвенхоу Майнз компанийн Тэргүүн Роберт Фрийдланд, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Жон Макен нар Рио Тинто Монгол улс дахь Оюу Толгойн алт, зэсийн цогцолбор уурхайг хөгжүүлэх, түүний барилгын ажлыг санхүүжүүлэхэд туслах зорилгоор А серийн хувьцаа худалдан авах эрхээ төлөвлөсөн хугацаанаас 4 сарын өмнө хэрэгжүүлж, Айвенхоу Майнз компанид 393.1 сая ам.долларын орлого орууллаа хэмээн мэдэгдлээ. Рио Тинто нь энэхүү хувьцааны баталгаагаар Айвенхоу Майнзийн 46.03 сая энгийн хувьцааг нэг бүрийг 8.54 ам.долларын үнэтэй авах эрхтэй юм. Бид 2010 оны барилгын төсвийн хүрээнд уурхайг нийтэд нь хамарсан анхны зуны ажлаа бүрэн хэмжээгээр эхлүүлж байгаа бөгөөд Рио Тинто хувьцаа худалдан авах эрхээ ийнхүү хугацаанаасаа өмнө хэрэгжүүлсэн нь Оюу Толгойн төсөв, санхүүжилтийн баталгааг хангах чухал алхам боллоо хэмээн Фрийдланд хэлсэн байна. А серийн хувьцааны эрхийг Рио Тинто 2006 оны 10-р сард Айвенхоу Майнзтай байгуулсан хувьцаа борлуулах тухай гэрээний дагуу авсан билээ. Энэ гүйлгээг хийснээр Рио Тинто одоогийн байдлаар хөрвөгч өрийг оролцуулан нийтдээ ойролцоогоор 1.73 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Айвенхоу Майнзад хийж, Айвенхоу дахь эзэмшлийн хувиа ойролцоогоор 29.6% болгож нэмэгдүүлээд байна. Мөн Рио Тинто Айвенхоу Майнзийн сангаас энгийн хувьцаа худалдаж авах нэмэлт эрхтэй. /Хүснэгтээс дэлгэрэнгүйг харна уу/.

Хэрэгжих үнэ
(
өөрөөр заагаагүй бол ам.доллараар,)
Ширхэг ХувьцааМөнгөн орлого
(сая ам.доллараар)
1дэх хэсгийн хөрөнгө оруулалт – 2006 оны 10 сард гүйцэтгэсэн$8.1837,089,883$303.4
2 дахь хэсгийн хөрөнгө оруулалт – 2009 оны 10 сард гүйцэтгэсэн$8.3846,304,473$388.0
Орлого бууралтаас сэргийлсэн хувьцааК$3.15243,772$0.6
Риогоос буцаан худалдан авсан тоног төхөөрөмж – 2010 оны 3 сард гүйцэтгэсэнК$16.3115,000,000$241.1
Хувьцааны эрх (A) – 2010 оны 6 сард гүйцэтгэсэн$8.5446,026,522$393.1
144,664,6501$1,326.2
Хөрвөгч өр2Байхгүй45,800,000 хүртэлхДунджаар $400.0
Хувьцааны эрх (B) – 2011 оны 11 сард хугацаа дуусна$8.54-$9.0246,026,522$393.1-ээс $415.2
Хувьцааны эрх (C) – 2012 оны 10 сард хугацаа дуусна$10.0035,000,000$350.0
Орлого бууралтаас сэргийлсэн хувьцааны эрхК $3.151,440,406$4.3
Рио Тинтогийн төлөвлөсөн хөрөнгө оруулалт272,931,578$2,473.6-аас $2,495.7

Рио Тинтогоос 393.1 сая ам.доллар хүлээн авснаар Айвенхоу Майнзийн одоогийн нэгдсэн мөнгөн хөрөнгө ойролцоогоор 1.53 тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд үүнээс 774 сая ам.долларыг зөвхөн Айвенхоу Майнзийн хэрэглээнд, тэр дундаа Оюу Толгойн барилгын ажлыг хуваарьт хугацаанд нь гүйцэтгэхэд зориулах юм. Ноён Макен хэлэхдээ, Рио Тинтогоос оруулсан болон ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нийтдээ ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар болох ба үүнд 2006 оны хувьцаа борлуулах тухай гэрээний дагуух гүйлгээ, мөн 2007, 2008, 2010 онуудад хэлэлцэж тохирсон санхүүгийн бусад гүйлгээ багтаж байгаа юм.

  1. 2010.06.29-ний байдлаар Айвенхоу Майнзаас гаргасан болон гүйлгээнд байгаа хувьцааны ойролцоогоор 29.6%-ийг харуулж байна.
  2. Хөрвөгч өрөнд Лондонгийн банк хоорондын гүйлгээнд санал болгож буй хүү (LIBOR) дээр 3.3% -ийг нэмсэн дүнтэй тэнцэх хүү багтдаг ба 2010.09.12-нд хугацаа нь дуусгавар болно. Хугацаа дуусгавар болох үед 350 сая ам.долларын үндсэн өр болон хүүгийн 108 сая хүртэлх ам.доллар автоматаар тус бүр нь 10.00 ам.долларын үнэтэй дээд тал нь 45.8 сая хувьцаа болж хөрвөх юм. Одоогийн хүүгийн хэмжээнд үндэслэсэн байдлаар хөрвөх үед дээрхи хэмжээ 40 сая хувьцаанд (400 сая ам.доллар) дөхөж очихоор байна.

-Оюу Толгойн уурхайн барилгын ажил эхэллээ-

2010.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Жон Макен: Барилгын ажил бүрэн утгаараа эхэлсэнтэй холбогдон ОюуТолгойн ажиллах хүчин одоогоор 3,100 болтлоо нэмэгдээд байна. 2013 он гэхэд ОюуТолгойн ордоос алт, зэс олборлох төлөвлөгөөтэй байна гэжээ. 2010 оны Оюу Толгойн Орд Ашиглалтын Цогц Төлөвлөгөө (ОАЦТ-10)-нд тооцоолсноор Өмнөд Оюугийн ордын ил уурхайгаас бүтээгдэхүүн гаргаж авахад шаардагдах анхдагч капиталын зардал 4.6 тэрбум ам.доллар байхаар байна. Энэ дүнд ил уурхайгаас олборлолт хийж эхэлсний дараа блокчлох аргаар олборлолт хийхэд бэлтгэх зорилгоор Хойд Хюго ордод далд уурхай байгуулах ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах 1.1 тэрбум ам.доллар багтаж байгаа. Тооцоолж гаргасан капиталын зардлын үлдсэн хэсгийг санхүүжүүлэх хувилбаруудад нэмэлт өр тавих, хувьцаа гаргах, зээл авах, салбар компаниа худалдах, хувьцааны /үнэт цаасны хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэх ба/ буюу компанийн төрөл бүрийн арилжаа/ гүйлгээ зэрэг эдгээрээр хязгаарлагдахгүй бусад арга хэрэгсэл багтаж байгаа болно. Өнгөрсөн сард Айвенхоу Майнз нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ), Дэлхийн Банкны Группын Олон улсын Санхүүгийн Корпорацитай (ОУСК) хамтран Оюу Толгойн барилгын ажлын томоохон санхүүжилтийн багцад үнэлгээ хийх баталгааны захидалд гарын үсэг зурсан. Энэхүү баталгааны захидалд заасан нөхцлийн дагуу ЕСБХБ болон ОУСК хоёр хэсгээс бүрдсэн багц санхүүжилт өгөх талаар авч үзэх юм. Үүнд:

  • Үндсэн зээл олгогчдын хэсэгт багтдагийн хувьд ЕСБХБ, ОУСК тус бүрээс 300 сая хүртэлх ам.долларыг хязгаарлагдмал баталгаатай төслийн санхүүжилт болгон;
  • Дараа нь 1.2 тэрбум ам.долларыг арилжааны банк /зээлдүүлэгч нараас /В зээл/ бүтцийн дагуу гаргуулж авах.

Мөн Айвенхоу Майнзад экспортын зээлийн агентлагуудаас төслийг шууд зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд /төслийн өр төлбөрийг шууд дарахад зориулан 500 сая хүртэлх ам.долларын санхүүжилт өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэжээ.

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулав-

Монголын засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниудтай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас гадна, Хувь нийлүүлэгчдийн гэрээ давхар үзэглэсэн юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 20 жилийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй байхаар заасан байдаг. Тиймээс тэр болтол оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй гэлцдэг. Харин хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 оны зургаадугаар сарын 6-нд өөрчлөлт оруулсан юм. Анх байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээнд оюутолгойн төслийн санхүүжилтийг хэрхэн босгох тухай зааж өгсөн байжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших алт, зэсийн оюутолгойн ордын 34 хувийг монголын тал, харин 66 хувийг Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниуд хамтран эзэмшдэг. Тиймээс оюутолгойд шаардлагатай нийт хөрөнгийн 34 хувийг монголын тал, харин үлдэх 66 хувийг хөрөнгө оруулагч тал гаргах ёстой болсон юм. Тус ордын эхний ээлжийг 2012 оны эцэст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүртэл 5 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн байдаг. Үүний 34 хувь гэхээр Монголын засгийн газар дор хаяж 1,7 тэрбум ам.доллар, харин хөрөнгө оруулагч тал 3,3 тэрбум ам.долларыг 2012 оны эцэс хүртэл оюутолгойн ордод зарцуулах ёстой болсон гэсэн үг. Энэ мөнгийг хэрхэн босгохоо хөрөнгө оруулагч талууд 2009 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхой тусгаж өгчээ. Ингэхдээ, оюутолгойд шаардлагатай хөрөнгийг гурван эх үүсвэрээс босгох хувилбарыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгаж өгсөн байна. Эхний хувилбарт хөрөнгө оруулагчид нэмэлт хувьцаа гаргах замаар өөрт оногдсон хөрөнгийг өөрсдөө гаргах. Дараагийн хувилбарт оюутолгойн давуу эрхийн хувьцааг гуравдагч хөрөнгө оруулагчид худалдаж хөрөнгө босгох. Харин эцсийн хувилбарт Монголын засгийн газар, Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниудын хамтран байгуулсан Оюутолгой компанийн нэр дээр зээл авах хувилбарууд байгааг тусгаж өгчээ.

Гэвч монголын тал энэ ордыг ашиглалтад оруулах хүртэл өөрт ногдсон 34 хувь буюу 1,7 тэрбум ам.долларын хөрөнгийг шууд гаргах хүндрэлтэй байлаа. Тухайн үед манай улсын гадаад валютын нөөц 2,3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан. Үүнийг оюутолгойн ордод хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргах боломжгүй. Гаргалаа гэхэд хэрэгцээт барааныхаа дийлэнхийг гаднаас валютаар импортолдог манай улсын хувьд хүнд цохилт болох нь гарцаагүй. Тэгээд ч гадаад валютын нөөцөөрөө хөрөнгө оруулалт хийдэг улс гэж үгүй. Төсвөөс оюутолгойд хөрөнгө оруулалт хийх боломж бас л хомс байлаа. Тухайн үед манай улсын нэгдсэн төсвийн орлого 3,3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан нь нууц биш. Тодорхой хувиар нь оюутолгойд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд төрийн өдөр тутмын үйл ажиллагааг юугаар санхүүжүүлэх вэ. Гаднаас зээл тусламж авч оюутолгойн хөрөнгө оруулалтын өөрт ногдох 34 хувийг Монголын Засгийн газар гаргаж болох ч төсөвт ирэх дарамт ихсэх байсан гэж тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт хэлдэг юм. Тиймээс дээрх хувилбаруудаас эрсдэлгүй гэдэг утгаар нь давуу эрхийн хувьцаа гаргах замаар оюутолгойд шаардлагатай хөрөнгийг босгохоор талууд ярилцаж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байжээ. Өөрөөр хэлбэл, оюутолгойн давуу эрхийн хувьцааг гуравдагч хөрөнгө оруулагчид худалдаж үүнээс орж ирэх орлогоор оюутолгойн ордыг санхүүжүүлнэ. Харин оронд нь гуравдагч хөрөнгө оруулагчид зөвхөн ногдол ашиг олгоно гэж тооцоолж байжээ. Хэрэв оюутолгой компани ашиггүй ажиллавал давуу эрхийн хувьцаа худалдаж авсан этгээд эрсдэлээ өөрөө бүрэн хүлээх байж. Тиймээс Монголын Засгийн газарт дарамт болохгүй, эрсдэлгүй гэдэг утгаар нь санхүүжилтийн энэ хувилбарыг ихэд онилсон хэрэг. Гэтэл давуу эрхийн хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох хувилбар ихэд эсэргүүцэлтэй тулж, монголын талын 34 хувь буурахад нөлөөлнө гэсэн ойлголтыг нийгэмд бий болгосон гэнэ.

Тухайлбал, давуу эрхийн хувьцаатай хөрөнгө оруулагч эхэлж ногдол ашиг авахаас гадна, тогтмол хэмжээний ногдол ашиг авна. Энгийн хувьцаатай монголын засгийн газар дараа нь ногдол ашиг авахаас гадна, тогтмол ногдол ашиг авч чадахгүйд хүрнэ. Ийм маягаар монголын засгийн газар давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийн ард хаягдаж, оюутолгойн ордоос хүртэх хувь хэмжээ багасна гэсэн шүүмжлэлтэй тулсан байна. Санхүүжилтийн гурван хувилбар байсан ч дээрх шалтгааны улмаас эхний хоёрыг нь ийнхүү ашиглах боломжгүй болсон байна. Энэ талаар тэр үеийн Оюутолгой компанийн Олон нийтийн мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн Ганзориг: Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар давуу эрхийн хувьцаа гаргахгүй байх шийдвэр гаргасан болохыг хэлдэг. Харин Сангийн сайд асан С.Баярцогт: Хамгийн сүүлийн хувилбар болох Оюутолгой компанийн нэр дээр зээл авч шаардлагатай хөрөнгийг босгох нь зүйтэй гэж үзсэн талаар хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, давуу эрхийн хувьцаа гаргах замаар оюутолгойд шаардлагатай санхүүжилтийг босгохгүй байхаар болж, харин Оюутолгой компанийн нэр дээр зээл авах эцсийн хувилбарыг сонгосон байгаа юм. Уг өөрчлөлтийг 2011 оны зургаадугаар сарын 6-нд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан юм. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөл 2011 онд оюутолгойн ордод хувь нийлүүлэгчид нийт 2,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзсэн байдаг. Үүний 34 хувь буюу 884 сая ам.долларыг Монголын засгийн газар гаргах ёстой болсон. Тиймээс оюутолгойд хийх хөрөнгө оруулалтыг манай улс Айвенхоу майнз болон Рио Тинто компаниас жилийн 6,8 хувийн хүүтэй зээлэхээр болсон байгаа юм. Оюутолгойн орд ашиглалтад орж ашгаа өгч эхэлмэгц дээрх мөнгийг Монголын Засгийн газар оюутолгой компанид эргүүлэх төлөх ёстой юм. Энэ мөнгөний жилийн хүү 6,8 хувь байна гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд шинээр тусгаж өгчээ. Нэлээд хэмжээний мөнгийг ийм хүүтэй зээлэх нь эрсдэлтэй ч, тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Хүү анх яригдаж байсан хувилбараас хоёр дахин буурсан нь Монголын талд ихээхэн ач холбогдолтой, боломжийн хувилбар хэмээн тайлбарлаж байсан билээ. Зээлэх мөнгөний хүү анх яригдаж байсан хувилбараас хоёр дахин бага буюу 12 орчим хувиас 6,8 хувь болж буурсан учраас тэр юм.

Тодруулбал, яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци дээр нэмэх нь 9,9 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцсон байна. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтийн урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц, монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэж албаныхан үздэг. Ийм хүүтэй мөнгө босгож оюутолгойн ордод оруулах ёстой монголын талын 34 хувийг гаргахаар болсон юм. Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд энэ заалтыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмж оруулахаар болсон гэдэг. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Мөн давуу эрхийн хувьцааны заалтад тусгагдсан асуудлыг өөрчлөх, монголын талын эзэмшлийн хувь хэмжээ ямар ч тохиолдолд 34 хувиас буурахгүй байх, хөрөнгө оруулагч тал өөрсдийн эзэмшлийн 66 хувийг захиран зарцуулахдаа монголын засгийн газарт урьдчилан мэдэгдэж заавал зөвшөөрөл авсан байх гэсэн чухал өөрчлөлтүүдийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмж оруулсан болохыг хэлдэг. Энэ талаар тэр үеийн Ерөнхий сайд асан С.Батболд: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай тохиролцох үүрэг даалгаврыг өгсөн. 2010 оны наймдугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн арванхоёрдугаар сарын хурлаар монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон. Үүнтэй уялдуулан санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн. Монгол улсын оюутолгойн ордоос эзэмших 34 хувь буурахгүй хэмээн хэвлэлийн хурал хийж албан ёсоор мэдэгдэж байсан удаатай. Хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил тухайн оны эцэс хүртэл хийгдсэн байдаг. Энэ гэрээнд оюутолгойн төслийн санхүүжилтийг хэрхэн босгох тухай зааснаас гадна, хувь нийлүүлэгчийн эрх үүрэг, төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүрэг, гүйцэтгэх удирдлагын эрх үүргийг зааж өгсөн байдаг юм.  

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулахаар төлөвлөсөн нэмэлт, өөрчлөлт-

Гэрээ байгуулснаас хойш хугацаанд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг монголын талд үр ашигтайгаар шийдвэрлэх талаар компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хурал болон яриа хэлэлцээний үеэр удаа дараа ярилцсаар ирсэн. Үүний дүнд хөрөнгө оруулагч талтай 2011 оны эхээр харилцан тохиролцоонд хүрч байсан байгаа юм. Тухайлбал, Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүг LIBOR нэмэх нь 6,5 хувь болгон бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэргийг хөрөнгө оруулагчталтай харилцан тохиролцсон байжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд дараах 7 нэмэлт өөрчлөлтийг оруулахаар анх төлөвлөж байсан юм.

Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ: Яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь нэмэх нь АНУ-ын инфляци байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувиар тооцохоор хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо. Санхүүжилт болон зээлийн шинээр тохиролцсон хувь, хэмжээ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчийн оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтийн урт хугацааны зээлийн хувь, хэмжээтэй дүйцэхүйц одоогийн санхүүжилтийн нөхцөлөөс манай талд илүү үр өгөөжтэй юм. Энэ тохиролцоог 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс мөрдөхөөр болжээ.

Монголын талын санхүүжилт хийх эрх: Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй байхаар тохиролцсон байна. Мөн манай талын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс компани нь жил бүр үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батлахдаа ирэх 12 сарын хугацаанд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэрэгцээ шаардлагын төлөвлөгөө, танилцуулгыг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон хувь нийлүүлэгч талуудад танилцуулахаар боллоо.

Санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбар: /Funding hedging options/: Төслийн нийт санхүүжилт болон зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувь байна. Хэрвээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан Лондонгийн банк хоорондох зээлийн хүү нь компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбаруудыг судалж, шаардлагатай арга хэмжээ авна. Мөн Хөрөнгө оруулагч талтай 7 жил тутам санхүүжилт болон зээлийн хүүгээ дахин судалж хэлэлцэхээр болжээ.

Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглана. Төсөлд зориулан хувь нийлүүлэгч талууд гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийг компанид санал болгохдоо уг санхүүжилтийн өртөг зардалд аливаа хураамж ногдуулах, нэмэлт ашиг хийхгүй юм байна.

Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй байх: Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байхаар өмнө нь гэрээнд тусгасан байсан. Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран монголын талын хувь эзэмшил 34 %-ийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байхыг баталгаажууллаа.

Давуу эрхийн хувьцаа: Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дүгээр бүлэгт өмнө нь тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар болжээ. Үүний оронд зээлийн эрхийн бичгээр санхүүжүүлэх юм. 

Бусад асуудал: Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани гэрээний дагуу Оюу толгой ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл Оюутолгой ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж, бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцов. Ийнхүү хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээний талууд тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ.

-Давхар татварын гэрээг өөрчлөх хуулийн төсөл боловсруулав-

2012 оны тавдугаар сарын 12-ны байдлаар манай улс дэлхийн 35 оронтой давхар татварын гэрээ байгуулснаас 30 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байлаа. Тодруулбал, Хятад, Энэтхэг, Герман, Унгар, Орос, Малайз, Турк, Франц, Их Британи, Вьетнам, Индонейз, Бельги, Чех, Польш, Казакстан, Кувейт, Люксембург, Швейцар, Киркиз, Болгар, Беларусь, Нидерланд, Канад, Украин, Итали, Австри, Сингапур, Арабын Эмират, Өмнөд Солонгос, Хойд Солонгос зэрэг улсуудтай хийсэн давхар татварын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. Гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол улсаас олсон ашгаасаа татвар төлөх ёстой. Үүнээс гадна, эрхийн шимтгэл, хүү, техникийн үйлчилгээний төлбөрт мөн татвар төлөх ёстой. Гэвч хуулийн эдгээр зүйл заалт давхар татварын гэрээ байгуулсан орнуудын аж ахуйн нэгжүүдэд огт үйлчилдэггүй байжээ. Дээр дурдсан орнуудад толгой компанитай бол, тухайн орондоо ногдол ашиг, эрхийн шимтгэл, хүү, техникийн үйлчилгээний татварыг төлж ирсэн байгаа юм. Харин монгол дахь охин компани нь энэ төрлийн татваруудыг манай улсад гэрээний дагуу маш бага хувь хэмжээгээр төлж ирсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, монголд үйл ажиллагаа явуулж буй охин компани нь ашгаа толгой компани руугаа шилжүүлэх тохиолдолд, манайд ч, өөр оронд ч давхар төлөхөд хүрдэг байж. Тиймээс энэ давхардлыг арилгах үүднээс, давхар татварыг гэрээг дэлхийн хэд хэдэн оронтой байгуулж, хэрэгжүүлж иржээ. Гэвч энэ нь учир дутагдалтай болох нь хэдэн жилийн өмнөөс нэгэнтээ ил болсон байдаг. Ингэж хэлж байгаа нь, үндэстэн дамнасан томоохон компаниуд хуулийн цоорхойг ашиглаж, хоёр орны татвараас аль алинаас нь зайлсхийдэг байж мэдэхээр дүр зураг ажиглагдаж эхэлжээ. Манай улс Нидерланд улстай давхар татварын гэрээтэй. Энэ улсад толгой компани нь бүртгэлтэй гадаадын аж, ахуйн нэгжүүдээс барагтаа л бол татвар авдаггүй. Ийм байхад, Нидерландын татварын хувь хэмжээ нь өөрөө бага байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ улсад толгой компанитай аж, ахуйн нэгжүүд Монгол болон Нидерландад аль алинд нь татвар төлдөггүй дүр зураг ажиглагдаж байсан юм.

Тиймээс ч, давхар татварын гэрээний сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерландад толгой компаниа байгуулах нь ихэссэн байна. Монгол улсад орж ирсэн гадаадын компаниудын 27 хувь нь тухайн үед Нидерландад толгой компаниа байгуулсан нь үүний нэг тод жишээ болсон юм. Ийнхүү хоёр орны татвараас хуулийн хүрээнд зайлсхийх боломжийг үндэстэн дамнасан томоохон компаниудад олгож байсан учраас давхар татварын зарим гэрээг өөрчлөх хуулийн төслийг холбогдох газар хэдэн жилийн өмнө боловсруулсан байдаг. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан давхар татварын бүх гэрээнд хувьцаа борлуулсны ашгаас Монгол улс татвар авах зохицуулалт байдаггүй байжээ. Айвенхоу Майнз компани Соут гоби ресурс дэх эзэмшлээ 898 сая ам.доллараар Хятадын Чалко компанид худалдаа гэхэд, түүнээс монгол улс хувь хүртэх боломжгүй байсан гэсэн үг юм. Хууль эрхзүйн орчиндоо өөрчлөлт орууллаа ч ингэх бололцоо бас л хомс байжээ. Тиймээс Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газар 2011 оноос яриа хэлэлцээрийн ажлыг эхлүүлсэн байдаг. Манай улстай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Айвенхоу майнз компанийн толгой компани нь Канадад байсан ч, Айвенхоу майнз аруба ходингс, Оюутолгой нидерландс зэрэг охин компаниуд нь Нидерландад бүртгэлтэй болохоор тэр юм. Тэд монголоос олсон ашгаа эдгээр охин компани руугаа шилжүүлэх замаар аль ч оронд бага татвар төлөх магадлал өндөр гэж үзэн Нидерладтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ, манай улс Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээг өөрчиллөө ч, үндэстэн дамнасан компаниуд давхар татварын гэрээтэй бусад орон руу толгой болон охин компаниа шилжүүлэх замаар татвараас зайлсхийх боломж бий. Тиймээс давхар татварын бүхий л гэрээг эргэн харах шаардлага тулгарч байсан цаг саяхан.

-Рио тинто компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулав-

Айвенхоу майнз компани оюутолгойд хайгуул хийсний эцэст 31 сая тонн зэс, 87 мянган тонн алтны баталгаат нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Айвенхоу майнз томоохон орд илрүүлсэн ч, үүнийг дангаараа эдийн засгийн эргэлтэд оруулах чадамжгүй байлаа. Ер нь оюутолгойн далд уурхайг хэн дуртай нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй гэж ярьдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн орд өмнөд оюу, херуга, хюго даммет гэсэн гурван бүлэг ордтойгоос нэг нь ил, хоёр нь далд уурхай юм. Тухайлбал, херуга болон хюго дамметын ордыг далд уурхайн аргаар олборлож, ашиглах юм. Далд уурхайг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах чадамжтай компани дэлхийн дээр цөөхөн гэдэг. Рио Тинто зэрэг цөөхөн хэдэн компани далд уурхайг ашиглах арвин туршлагатай аж. Тиймээс Айвенхоу майнз компани 2006 оны аравдугаар сард Лондон, Нью-Йорк, Австарлийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Рио Тинто компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Оюутолгойн барилгын болон ашиглалтыг хариуцах хамтарсан техникийн зөвлөл байгуулсан байдаг. Энэ цагаас эхлэн Айвенхоу майнз компани өөрийн хувьцааг Рио Тинтод худалдах замаар оюутолгойд шаардлагатай санхүүжилтийг босгож ирсэн юм. Нэгэнтээ Айвенхоу майнз компанийн стратегийн түншлэгч нь Рио Тинто болсон учраас Монголын Засгийн газар энэ хоёр компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлага тулгарсан. Ингээд Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниуд Монголын Засгийн газартай 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн болохыг дээр дурдсан билээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, мөрдөгдөж эхэлснээр хувьцаа борлуулах гэрээний дагуу Рио Тинто групп Айвенхоу майнз лимитед компани дахь эзэмшлээ нэмэгдүүлж 22,4 хувьд хүргэсэн бол, удалгүй 46,6 хувь болгожээ. Ингэж явсаар 2011 оны эцэст Рио Тинто компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ 49 хувьд хүргэсэн байна. Айвенхоу майнз компанийн зүгээс Рио Тинтод нэмж хувьцаа өгөхгүй гэдгээ илэрхийлж байсан ч, өмнө байгуулсан гэрээний дагуу Рио Тинто компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ нэмэгдүүлэх эрхтэй хэмээн үзэж хоёр тал энэ асуудлаа арбитраар шийдвэрлэхэд хүрсэн тал бий.

Арбитрийн шүүхийн явц ямар шатанд явааг тэр үеийн Оюутолгой компанийн Олон нийтийн мэдээлэл харилцааны ахлах мэргэжилтэн Ц.Ганзориг: Рио тинто компани Айвенхоу майнзтай тохиролцсоны үндсэн дээр олон улсын арбитрийн шүүхийн ажиллагааг 2011 оны зургадугаар сар хүртэл хойшлуулсан гэсэн тайлбарыг тухайн үед өгсөн байдаг. Арбитрийн шийдвэр гартал Рио Тинто компанийг Айвенхоу майнз дахь эзэмшлээ үүнээс нэмэгдүүлэхийг хориглоод байсан юм. Өөрөөр хэлбэл, Рио Тинто компани 2012 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл Айвенхоу майнз дахь эзэмшлээ 49 хувиас дээш өсгөхгүй гэх тохиролцоотой байсан юм. Гэтэл арбитрийн шийдвэр Рио Тинтогийн талд гарч тус компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ дахин нэмэгдүүлэх эрхтэй болсон байдаг. Ингээд 2012 он гармагц Рио Тинто компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ 2 хувиар нэмэгдүүлж, 51 хувьд хүргэсэн юм. Айвенхоу майнз компани анх 740 сая ширхэг хувьцааг зах зээлд гаргасан бол, 2012 онд 260 сая ширхэг хувьцаа нэмж гаргасан юм. Нэг бүр нь 7 ам.долларын үнэтэй нэмэлт хувьцааг Айвенхоу майнз компанийн хувьцаа эзэмшигчид зөвхөн худалдаж авах эрхтэй байлаа. Ингэхдээ 2012 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс өмнө хувьцаа эзэмшиж байсан хуулийн этгээд Айвенхоу майнзын нэмэлт хувьцаанаас худалдаж авах эрх олгосон юм. Энэ эрхээ хэрэгжүүлснээр Айвенхоу майнз компанийн 51 хувийг Рио Тинто, 14 хувийг Роберт Фрийдланд, 5,5 хувийг Сингапурын хөрөнгө оруулалтын сан болох Темасенк, үлдэх 30 орчим хувийг олон нийт эзэмшдэг болсон юм. Хувьцаа эзэмшигчид дундаас давуу эрхтэй болсон гэдэг утгаараа Рио Тинто компани Айвенхоу майнз компанийн бүхий л удирдлагыг ээлж дараатай өөрчилж, өөрийн хүмүүсийг тавьж байлаа. Тэднээс Айвенхоу майнз компанийн буурийг сахиж, төлөөлөн удирдах зөвлөлд тухайн үед үлдсэн нь Ливия Малера болон Петра Мередит нар байсан юм. Фрийдланд тухайн үед компанийхаа 14 хувийг эзэмшиж байсан учир дээрх хоёр эрхэм түүнийг төлөөлөхөөр Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлд үлдсэн хэрэг. Ийнхүү Айвенхоу майнз компанийн захирлуудаас хоёр нь үлдэж, 11 гишүүнийг Рио Тинтогоос томилсон юм. Ингэхдээ Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар Kей Пристлиг, санхүү хариуцсан захирлаар Крис Батеман нарыг тэр үед томилж байсан нь хэвлэлийн хуудаснаа бичигдэн хоцорчээ. Гэвч 2013 оны тавдугаар сарыг 4-ний хавьцаа Айвенхоу майнзын хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлд дахин өөрчлөлт орсон юм. Тодруулбал, Айвенхоу майнз компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд 2013 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр өөрийн эзэмшлээ 5,4 хувиар бууруулж, 8,6 хувь болгосон байдаг. Тэрбээр энэ хувиа хэнд хэрхэн худалдсан нь нууцлаг хоцорсон. Роберт Фрийдландын эзэмшил 10 хувиас буурсан учир өөрийн гэх тодотголтой хүмүүсийг өөрийн үүсгэн байгуулсан компанид цаашид ажиллуулах боломжгүй болсон юм. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Айвенхоу майнз компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд төлөөлөн удирдах зөвлөлийн 10 гишүүний хамт ажлаа өгснөө зарлав. Өөрөөр хэлбэл, Ливия Малера болон Петра Мередит нар захирлуудын зөвлөлд ажиллах хугацаа дуусгавар болж, тэдний халааг залгамжлах хүмүүсийг 2012 оны наймдугаар сарын 13-ны өдөр Рио Тинто-гоос дахин томилсон юм.

Ийнхүү Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 13 гишүүнийг бүгдийг нь Рио Тинтогоос томилдог болсон юм. Мөн Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд ч багагүй өөрчлөлт гарсан. Өмнө нь Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг Монголын тал, 3 гишүүнийг Айвенхоу майнз компани, 3 гишүүнийг Рио Тинто компани томилдог байлаа. Тэгвэл энэ уламжлалд өөрчлөлт орж, Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг Монголын тал томилдгоороо томилж, үлдэх 6 гишүүнийг Рио Тинто томилдог болсон билээ. Ийнхүү Рио Тинто компани Айвенхоу майнз компани дахь эзэмшлээ 51 хувьд хүргэснээр, тус компанийн бүх удирдлагуудыг өөрчлөөд зогсохгүй, Оюутолгойд өөрийн хүмүүсээ түлхүү тавих бололцоо нээгдсэн юм. Цаашлаад Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Айвенхоу майнз компанийн нэрийг өөрчилж, 2012 оны наймдугаар сарын 2-ны өдрөөс Туркойз хилл нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.Үүнээс гадна, 2013 оны тавдугаар сарын 10 хавьцаа Рио Тинто компанийн зэсийн группын олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирлаар Нью-Ком группын гүйцэтгэх захирал, Лондон, Москва, Нью-Йорк хотуудад Жи Пи Морган компанид удирдах албан тушаал хашиж явсан гэгдэх Болдыг томилсон байдаг. Рио Тинтод сүүлийн гурван жил зөвлөхөөр нь ажилласан учраас зэсийн группын олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирлаараа томилсон гэх нь бий. Болд 2013 оны зургаадугаар сарын 3-ны өдөр ажилдаа орсон бөгөөд Лондонд сууршин ажиллана гэгдэж байлаа. Тэрбээр, Австрали, Өмнөд Африк, Папуа Шинэ Гвиней, Индонези, Аляска зэрэг газарт Рио Тинто компаниас хэрэгжүүлж буй төслүүдэд уурхайн аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллахаар томилогдсон гэдэг. Тэрбээр Рио Тинто компанийн Зэсийн группын доторх тодорхой үйл ажиллагааг хянах, хөрөнгө оруулалтын багцыг нэгтгэх зэрэг ажилд гар бие оролцоно гэдгийг Рио Тинто компанийн зүгээс тухайн үед мэдэгдэж байсан юм.

-Оюутолгойн татварын маргаан ба эвлэрлийн гэрээ- 

Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компанийн 51 хувийг буюу хяналтын багцыг Рио Тинто компани эзэмшдэг болохыг дээр дурдсан. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Рио Тинто компанитай өнгөрсөн хугацаанд чамгүй яриа хэлэлцээр өрнүүлж ирсэн билээ. Үүний үр дүнд оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр зарлан хуралдуулсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй завсарласан байдаг. Тиймээс хувь нийлүүлэгчийн хурлыг 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин хуралдуулсан юм. Үүгээр Рио Тинто компанийн зүгээс хоёр асуудлыг хэлэлцүүлэх саналаа монголын талд тавьсан байдаг. Үүний нэг нь монголын засгийн газарт олгосон 250 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа тухай асуудал байсан юм. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаныхаа дараа 2009 оны аравдугаар сард 100 сая ам.доллар, 2010 оны дөрөвдүгээр сард 50 сая ам.доллар, 2011 оны долоодугаар сард 100 сая ам.доллар хөрөнгө оруулагчдаас зээлсэн болохыг өмнө нь өгүүлсэн. Үүнийг хүүгийн хамт 2012 оноос эхлэн таван жилийн хугацаанд татварт суутгахаар манай тал хөрөнгө оруулагчтай тохирсон ч, энэ ажил хэлэлцээр эхлэх хүртэл хийгдээгүй байсан юм. Тиймээс авсан зээлээ заасан хугацаанаас эхлэн татварт суутгах ёстой гэсэн байр сууринаас Рио тинто компанийнхан хандсан байдаг. Харин хувь нийлүүлэгчдийн хуралд манай талыг төлөөлж оролцсон Засгийн газрын гишүүд ингэх бололцоогүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Энэ талаар тэр үеийн Сангийн сайд Ч.Улаан: Жилд суутгуулах мөнгөний хэмжээг хоёр тал тодорхойлж, сангийн сайдаар батлуулж, 2012 болон 2013 оны төсөвт суулгах ёстой байсан. Нэгэнтээ ингээгүй учир 2014 оноос зээлийг татварт суутгах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Үүнээс гадна хожим 2015 он хавьцаа оюутолгой компанитай холбоотой татварын маргааны асуудал дахин сөхөгдсөн юм. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн Оюутолгой компанид татварын байгууллагаас 130 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Тэгвэл үүнийг Оюутолгой компани болон түүний 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компани хүлээж аваагүй юм. Тиймдээ ч, Туркойз хилл компани 2014 оны зургаадугаар сарын 23-нд мэдэгдэл гаргаж, Оюутолгой компани Монгол Улсын хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бүх татвараа төлсөн. Хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн энэ асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэх бөгөөд эцсийн шатанд олон улсын арбитрийн шүүхэд хандан хянан шийдвэрлүүлэх болно гэсэн юм. Энэ даруйдаа татвартай холбоотой асуудлаа маргаан таслах журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байдаг. 130 сая ам.долларын татвартай холбоотой энэ асуудлыг маргаан таслах зөвлөл 60 хоногтоо багтаан хэлэлцэж 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд шийдвэрээ гаргасан байдаг. Ингэхдээ 130 сая ам.долларын маргааны 100 сая ам.долларыг хүчингүй болгож, 30 сая ам.доллар хөрөнгө оруулагчдаас авахаар шийдсэн. Татварын маргаан таслах зөвлөлийн энэ шийдвэрийг хөрөнгө оруулагчид хүлээн авсан ч, төлөхгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Тэгвэл 2015 оны дөрөвдүгээр сарын 21 хавьцаа УИХ-ын гишүүн асан Ганбаатар: Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой компанийн асуудлыг хаалттай хэлэлцэж, 30 сая ам.долларын татвараа авахгүй байхаар тохиролцож, хувь нийлүүлэгч талтай Эвлэрлийн гэрээ байгуулсан талаар мэдэгдэж байсан юм.

Тухайн үед манай улсын эдийн засаг хямарсан, хямраагүй гэж багагүй маргалдсаны эцэст хүндэрчээ гэх онош тавьсан. Тиймээс 2015 оны хоёрдугаар сарын 18-нд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хууль тогтоогчид баталсан байдаг. Хүндрэлээс гарах арга замын нэг нь томоохон төслүүдээ урагшлуулах явдал гэж улс төрчид тухайн үед томьёолж байлаа. Энэ хүрээнд оны хоёрдугаар хагаст багтаан оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Амжилттай хэрэгжвэл 2016 оны эцэст 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцоолж байлаа. Тиймээс оюутолгойн гацаанаас гаргахын тулд Засгийн газар Оюутолгой компанийн татварын өрийг хэрэгсэхгүй болгож, буулт хийсэн байж болзошгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, татварыг тэглэх нөхцлөөр Оюутолгойн хувь нийлүүлэгчтэй Эвлэрлийн гэрээ байгуулахыг Засгийн газраас тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд зөвшөөрсөн гэх мэдээлэл байдаг юм. Гэхдээ энэ талаараа засгийн газраас албан ёсны мэдээлэл хийгээгүй байдаг. Тэр үеийн Ерөнхий сайдын зөвлөхөөс Оюутолгойн итгэлцлийн гэрээг байгуулахаар болсон уу гэх асуултыг сэтгүүлчид тавьсан байдаг. Үүнд нууцын асуудалтай холбоотойгоор хаалттай хуралдаанаар хэлэлцсэн тул мэдэхгүй гэсэн хариулт өгч байжээ. 

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулав-

Тэр үеийн Уул уухайн сайд Ганхуяг: Хөрөнгө оруулагчдын хувь нийлүүлэгчдийн хуралд тавьсан нөгөөх санал нь оюутолгойд шаардагдах дараагийн шатны санхүүжилтийн асуудал байсан тухай хэлдэг. Оюутолгойн далд уурхай болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд ойрын таван жилд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дараагийн шатны санхүүжилт буюу далд уурхайг ашиглалтад оруулах зардлыг оюутолгойн бүтээгдэхүүний экспортын орлогоор санхүүжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан ч, энэ нь хугацаа алдана гэж Рио Тинто үзэж л дээ. Үүний оронд оюутолгойн дараагийн шатны санхүүжилтийн эхний ээлж болох 4 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлэх нь оновчтой гэж хөрөнгө оруулагч тал үзсэн байгаа юм. Рио Тинто алт зэсийн ордод шаардагдах санхүүжилтэд баталгаа гаргаснаар оюутолгой төсөл хэвийн үргэлжилнэ. Хэрэв санхүүжилт хэвийн явагдвал оюутолгой дэлхийд гуравт орох зэсийн томоохон уурхай болж чадна гэж тэр үеийн Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрей мэдэгдэж байсан удаатай. Рио Тинто компани 2012 он гармагц хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл дэх эзэмшлээ хоёр хувиар нэмэгдүүлж 51 хувьд хүргэсэн тухай дээр өгүүлсэн. Энэ даруй Рио Тинто компани оюутолгойн бүтээн байгуулалтад зориулж 1,8 тэрбум ам.долларын дунд хугацааны зээл олгохоор болж, энэ зээлийг 2012 оны нэгдүгээр сарын 18-ны дотор энгийн хувьцаа руу хөрвүүлэхээр тохиролцсон гэдэг. Дээр нь нэмж 600 сая ам.долларын зээлийг 2013 оны наймдугаар сард олгожээ. Нийт 2,4 тэрбум америк доллараар хэмжигдэх уг зээлийг 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Туркойз хиллээс авах тохиролцоотой байжээ. Тиймээс Туркойз хилл компани Рио Тинтогоос авсан зээлээ хугацаанд нь төлөхөөс гадна, бусад үйл ажиллагаагаа санхүүжүүлэх үүднээс Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Ингэхдээ Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас 2 тэрбум ам.долларын зээл авах хүсэлт тавьсан бол, Австрали болон Канадын экспорт, импортын банкнаас 2 тэрбум ам.долларын зээл хүссэн гэх мэдээлэл бий. Гэхдээ оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компани дангаараа шийдвэр гаргаад энэ зээлийг банкуудаас авах бололцоогүй байлаа. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай тохиролцож байж гадаадын томоохон банкуудаас зээл авах эсэх нь шийдэгдэх байв. Тиймээс энэ зээлийг авах талаар Засгийн газраас зөвшөөрөл хүссээр ирсэн байгаа юм. Дээрх банк, санхүүгийн байгууллагууд 4 тэрбум ам.долларын зээл олгох бололцоотой гэдгээ мэдэгдсэн ч, монголын засгийн газар зөвшөөрөхгүй унжсан гэхэд болно.

Зээлийн 60 хувь буюу 2,4 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад бус, Рио Тинтогоос авсан зээлийн эргэн төлөлтөд зарцуулагдах учраас ийн гэдийсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, Рио Тинто компани Туркойз хилл компаниар дамжуулан Оюутолгойд оруулсан хөрөнгөө эргүүлж авах гэж байна хэмээн монголын тал дургүйлхсэн юм. Нөгөө талаас оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн учир үүнийг нягтлах хүртэл дараагийн шатны санхүүжилтийн талаар ярихгүй гэдгээ манай талаас илэрхийлж байсан юм. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан байдаг. Энэ хүртэлх бүтээн байгуулалтад оруулсан зардлыг анхны хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг. Өнгөрсөн хугацаанд оюутолгойн ордод 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 1 тэрбум ам.долларыг оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээс өмнө. Харин 6 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш анхны хүдэр гаргаж авах хүртэл оруулсан гэж хөрөнгө оруулагчдын зүгээс мэдэгддэг. Үүний үр дүнд оюутолгойн ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдсэн ч, анхны хөрөнгө оруулалт тооцоолж байснаас хэтэрсэн тал бий. Тиймээс анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг баримтад үндэслэн 2013 оны гуравдугаар сард багтаан тодорхой болгохыг хөрөнгө оруулагчдад монголын талаас анхааруулж байлаа. Хөрөнгө оруулагчид ч заасан хугацаанд тооцоо судалгаагаа ирүүлсэн ч, монголын тал анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг нэг мөр болгосны дараа оюутолгойн дараагийн шатны санхүүжилтийн асуудлыг ярилцана хэмээн мэдэгдэж байсан юм. Ийнхүү манай талаас зөвшөөрөл авч чадахгүй байсан учраас Туркойз хилл компани банкуудаас 4 тэрбум ам.долларын зээлээ авч чадахгүй, хугацааг нь хойшлуулсаар ирсэн. Ийнхүү хоёр тал гадаадын банкуудаас зээл авах дээрээ тохиролцож чадахгүй суутал, Туркойз хилл компани 2013 оны долоодугаар сарын 28-ны өдөр санхүүжилтгүйн улмаас далд уурхайн барилгын ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа олон нийтэд зарлах нь тэр. Тус компани мэдэгдэлдээ: Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн утгатай захидал Монгол Улсын Засгийн газраас ирлээ. Үүнд нэлээд хугацаа шаардах тул дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэх хүртэл далд уурхайн барилгын ажлыг зогсоолоо хэмээн дурдсан байв. Ингэж хэлээд л тус компани Хюго дамметийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа зогсоочихсон тал бий. Хюго дамметийн гүний уурхайн барилгын ажил удаашрах тусам үүнээс хүртэх монгол улсын ашиг хойшлох таагүй үр дагавар гарах нь мэдээж. Дээр нь далд уурхайн бүтээн байгуулалтыг дагалдаж орж ирэх ам.долларын урсгал зогссон сөрөг тал ажиглагдаж байсан билээ. Мөн далд уурхайн барилгын ажил зогсмогц энд ажиллаж байсан 2000 орчим хүн ажилгүй болсон байдаг. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж, ханган нийлүүлэлт хийж байсан компаниуд орлогогүй сул зогсолт хийж суулаа. Тоочоод байвал далд уурхайн барилгын ажил зогссон нь энэ мэт эдийн засагт таагүй уур амьсгал бий болгож, олон сөрөг үр дагавар авч ирж байлаа. Тиймээс ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үед яаран сандран мэдэгдэл хийж, Туркойз хилл компани руу тийм агуулгатай захидал Засгийн газрын зүгээс явуулаагүй.

Тэр захидлыг Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг Засгийн газрын нэрийг барьж явуулсан. Тэгээд ч далд уурхайн санхүүжилтийг УИХ болон Засгийн газрын шийдээд байх асуудал биш. Хувь нийлүүлэгчид өөрсдөө ярилцаад шийдэх асуудал гэж өөрөөсөө түлхсэн өнгө аястай мэдэгдэл хийх нь тэр. Ингээд хариуцлагагүй захидал илгээсэн шалтгаар Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Да.Ганболдыг томилсон байдаг. Гэтэл Ц.Сэдванчиг ажлаа өгсөн даруйдаа тэр захидлыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн захиалгаар явуулсан. Би явуулаагүй бол хэн нэгэн явуулах л байсан гээд хэвлэлийн хуудсаар дамжуулан хариу мэдэгдэл хийх нь тэр. Захиалсан уу, эсвэл зохиосон уу гэдэг нь бүрхэг хоцорсон ч, тийм агуулгатай захидал илгээснээ хаа хаанаа хүлээн зөвшөөрөх нь тэр. Гэвч энэ хуудас цааснаас болж Хюго дамметийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсчихов. Тиймээс оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатарт зарлан хуралдуулсан ч, тодорхой шийдэлд хүрэлгүй завсарласан юм. Үүгээр анхны хөрөнгө оруулалтыг нягтлах зэрэг манай талаас тавьсан зургаан асуудал, далд уурхайн санхүүжилт зэрэг нөгөө талаас тавьсан хоёр асуудлыг тус тус хэлэлцсэн юм. Гэвч хоёр тал тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас хувь нийлүүлэгчдийн хурлыг түр завсарлуулж, хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин хуралдуулсан. Үүгээр хоёр тал дахиад л нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Ингээд Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн монголын талын шинэ гишүүд болох Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар 2013 оны есдүгээр сард Лондонг зорьж, тэнд Туркойз хилл компанийн 51 хувийг эзэмшигч Рио Тинто компанитай дахин хэлэлцээр хийсэн. Ингэхдээ өмнө хэлэлцэж байсан асуудлаа нэмэгдүүлж 30 асуудал хэлэлцсэн ч, үүнийхээ тал хувийг шийдвэрлээд ирсэн юм. Лондонгийн хэлэлцээрээс ирсэн даруйдаа тэр үеийн Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Отгочулуу: Оюутолгойн хүрээнд үүссэн 30 асуудлын тал хувийг шийдвэрлээд ирлээ. Үлдэх асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Үүний тоонд далд уурхайн санхүүжилт багтаж байгаа болохыг мэдэгдэж байсан юм. Далд уурхайн санхүүжилтийг 2013 онд багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч, заасан хугацаанд хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй юм. Тодруулбал, үлдэх 15 асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэж, талыг нь шийдвэрлэжээ. Шийдвэрлээгүй 6 асуудлын дотор анхны хөрөнгө оруулалтыг нягтлах, далд уурхайн санхүүжилт багтаж байлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны эхэнд эхлүүлсэн ч, 2014 онд үргэлжлэх төлөвтэй байсан нь энэ. Хэлэлцээр дуусдаггүй, бусад сонирхлын зөрчлөөс болж Хюго Дамметын далд уурхайн барилгын ажил зогсоод зургаа дахь сараа угтаж байсан нь энэ юм. Тиймээс Туркойз хилл компани нэмэлт хувьцаа гаргахаар болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсан юм. Банкуудын зээл бүтэхгүй бол нэмэлт хувьцаа гаргах замаар Рио Тинтогоос авсан 2,4 тэрбум америк долларын зээлээ барагдуулна гэсэн тохиролцоотой байсан учраас тэр хувилбараа сонгосон аж. Ингэхдээ 1 тэрбум гаруй хувьцааг нэг бүрийг нь 2,4 америк долларын ханшаар гаргасан юм. Зах зээлийнхээ ханшаас 42 хувиар хямд үнэтэй энэ хувьцааг 2014 оны нэгдүгээр сарын 7-ныг хүртэл гадаадын томоохон хөрөнгийн биржүүдээр арилжаалсныг хэн хүнгүй мэднэ. Эндээс босгосон 2,4 тэрбум доллараар Туркойз хилл компани Рио Тинтогоос авсан зээлээ барагдуулсан юм. Нэмэлт хувьцаагаа 2013-12-11-нээс 2014-01-07-ны хооронд арилжаалсан байдаг. Үүнээс босгосон 2,4 тэрбум ам.долларын санхүүжилтээрээ Рио Тинтогийн өрийг 2014 оны нэгдүгээр сарын 15-ны дотор барагдуулсан юм. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа гаргаж байгаатай холбоотойгоор 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд төлөх зээлээ хэд хоногоор хойшлуулж төлсөн байгаа юм. Нэгэнт өр зээлээ ийм замаар барагдуулсан учир банкуудаас авах 4 тэрбум ам.долларын зээлээ түр хойшлуулсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж байлаа. Дэлхийн 15 банкнаас авахаар хөөцөлдөж байсан 4 тэрбум ам.долларын зээлийг 2014 оны гуравдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан байгаа юм. Банкуудаас авах зээлийг хоёр дахь удаагаа сунгасан нь энэ юм. Тэнд Туркойз хилл компанийн 51 хувийг эзэмшдэг Рио Тинтотой хэлэлцээр хийсэн ч, далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэж чадалгүй ганзага хоосон ирсэн билээ. Лондонгийн хэлэлцээрээс ирсэн даруйдаа Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Отгочулуу: Оюутолгойн хүрээнд үүссэн 30 асуудлын тал хувийг шийдвэрлээд ирлээ. Үлдэх асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Үүний тоонд далд уурхайн санхүүжилт багтаж байгаа болохыг мэдэгдэж байсан юм. Далд уурхайн санхүүжилтийг 2013 онд багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч, заасан хугацаанд хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй. Тиймээс Туркойз хилл компани нэмэлт хувьцаа гаргахаар болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсан юм. Банкуудын зээл бүтэхгүй бол нэмэлт хувьцаа гаргах замаар Рио Тинтогоос авсан 2,4 тэрбум америк долларын зээлээ барагдуулна гэсэн тохиролцоотой байсан учраас тэр хувилбараа сонгосон аж. Ингэхдээ 1 тэрбум гаруй хувьцааг нэг бүрийг нь 2,4 америк долларын ханшаар гаргасан юм. Зах зээлийнхээ ханшаас 42 хувиар хямд үнэтэй энэ хувьцааг 2014 оны нэгдүгээр сарын 7-ныг хүртэл гадаадын томоохон хөрөнгийн биржүүдээр арилжаалсныг хэн хүнгүй мэднэ. Эндээс босгосон 2,4 тэрбум доллараар Туркойз хилл компани Рио Тинтогоос авсан зээлээ барагдуулсан юм. Нэмэлт хувьцаагаа 2013-12-11-нээс 2014-01-07-ны хооронд арилжаалсан байдаг. Үүнээс босгосон 2,4 тэрбум ам.долларын санхүүжилтээрээ Рио Тинтогийн өрийг 2014 оны нэгдүгээр сарын 15-ны дотор барагдуулсан юм. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа гаргаж байгаатай холбоотойгоор 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд төлөх зээлээ хэд хоногоор хойшлуулж төлсөн байгаа юм. Нэгэнт өр зээлээ ийм замаар барагдуулсан учир банкуудаас авах 4 тэрбум ам.долларын зээлээ түр хойшлуулсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж байлаа. Дэлхийн 15 банкнаас авахаар хөөцөлдөж байсан 4 тэрбум ам.долларын зээлийг 2014 оны гуравдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан байгаа юм. Банкуудаас авах зээлийг хоёр дахь удаагаа сунгасан нь энэ юм.

Ер нь хяналтын багцыг нь эзэмшиж эхэлсэн цагаас Рио тинто компани Туркойз хилл компанийн удирдлагыг томилохын зэрэгцээ, оюутолгой төслийг гардан явуулж буй. Наанаа Туркойз хилл мэт харагдавч, цаанаа Рио Тинто шийдвэр гаргаж байсан гэж ойлгогддог. Туркойз хилл компаниар 4 тэрбум ам.долларын зээл авахуулж, үүний 2.4 тэрбум ам.долларыг өрөндөө суутгах гэж далд уурхайг зогсоох замаар цохилт өгсөн ч, үүнд нь монголын тал ажирсангүй бололтой. Тиймээс хяналтын багцыг нь эзэмшдэг гэдэг утгаараа, чаддагаараа Туркойз хилл компаниар 2.4 тэрбум ам.долларын нэмэлт хувьцаа гаргуулж, өр авлагаа барагдуулсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг юм. Туркойз хилл компанийн хувьцаа эзэмшигч бүрт нэмэлт хувьцаа авах эрх үнэ төлбөргүй олгосон байдаг. Ийм эрхтэй хүмүүс л зөвхөн 2,40 ам.доллараар нэмэлт хувьцаа авах эрхтэй байжээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчид эрхээ хэрэгжүүлж болохоос гадна, үнэ төлбөргүй авсан эрхээ худалдаж болох байлаа. Ингэхдээ 2013-12-22-ноос 2014-01-07-ныг хүртэл Нью-Йорк болон Тронтогийн хөрөнгийн биржэд эрхээ арилжаалж болох нөхцөлтэй байсан юм. Нэгэнт өр зээлээ ийм замаар барагдуулсан тул банкуудаас авах 4 тэрбум ам.долларын зээлээ түр хойшлуулсан гэдгээ ч тухайн үед зарлаж байв. Ийнхүү Оюутолгойн хувь нийлүүлэгчид дараагийн шатны санхүүжилт дээр тохирч чадаагүйн улмаас далд уурхайн барилгын ажил хоёр жилийн хугацаанд удааширсан байдаг. Зээлийн асуудал дээр хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй байсаар, шинэчлэлийн засгийн газрынхан хүртэл ажлаа өгөв. Дараагийн ерөнхий сайд хэн болох, ямар бодлого хэрэгжүүлэх зэрэг тодорхойгүй байдал үргэлжилж байсантай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын итгэл хүртэл буураад байсан цаг үе юм. Тэгвэл Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах үеэрээ АНЭУ-д айлчилж Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой, Туркойз Хилл Ресурс, Рио Тинто компаниуд Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байгаа юм. Тэрбээр далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулсны дараахан 6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт далд уурхайд хийгдэнэ гэж мэдэгдэж байсан удаатай. Энэ хөрөнгө оруулалтаар далд уурхайн барилгын ажил долоон жилийн хугацаанд үргэлжилж, газрын гүнд 200 километр барилгын ажил хийгдэж, оюутолгойн нийт нөөцийн 80 хувьд хүрэх тооцоолол хийгдэж байсан юм. Үүнээс өмнө 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны хавьцаа оюутолгойд очиход херуга далд уурхайд нэмэлт хайгуулын ажил хийгдэж байсан юм. Харин Хюго дамметийн далд уурхайн барилгын ажил эхэлсэн байлаа. Тэр үеийн Оюутолгойн сургалтын хэлтсийн ажилтан Долгион: Хюго дамметийн далд уурхайд 1,3 километрийн гүнд 146 хүн ажиллаж байна. Ямарваа нэг осол гарахад хорогдох байрны хүрэлцээ 146 хүний багтаамжтай учраас тэр хэмээн тайлбарлаж байв. Далд уурхайд буюу газрын гүнд ажилладаг хүмүүсийн зарим нь 1,3 километрийн гүнд өрөмдлөг болон тэсэлгээ хийж байхтай таарч байлаа. Үүнээс гарсан сул шороог зарим нь тээвэрлэж босоо аманд байрлуулсан кранаар дээш нь гаргах ажил гүйцэтгэдэг. Газрын гүнд өрөмдлөг тэсэлгээ хийж, сул шороог гаргасны дараа далд уурхайг нурахаас сэргийлж зарим нь бэхэлгээ хийж байхтай таарч байв. Ийм маягаар 1,3 километрийн гүнд 13 километр хөндлөн нэвтрэлтийг хийж гүйцэтгэсэн үзүүлэлттэй байсан юм. Далд уурхайд нийт 198 километр байгууламж барих ёстой гэж тооцвол барилгын ажил тухайн үед ердөө 6,5 хувьтай байсан юм. Оюутолгойн далд уурхайн инженер Батхүү: Хюго дамметийн бүтээн байгуулалт 2022 он гэхэд дуусах бөгөөд энэ үед далд уурхайгаас хоногт 90 мянган тонн хүдэр олборлож баяжуулах юм гэж тэр үед мэдэгдэж байсан билээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг АНЭУ-д үзэглэснээр далд уурхайн санхүүжилт болон төлөвлөгөө ийнхүү эцэслэн шийдэгдсэн юм.

-Туркойз хилл компани Тронто, Нью-Йоркийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг-

2008-12-16.Манай улсад ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг цөөнгүй компани дэлхийн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалдаг. Түүний нэг нь хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компани юм. Тус компани Канадын Тронтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед тус компанийн нэгж хувьцаа 10 америк долларын ханштай байлаа. Тэгвэл зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр уруудсанаар зэсийн ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын, тэр дундаа хуучны Айвенхоу майнз компанийн хувьцааны ханш огцом уруудах болжээ. 2008.12.15-ныөдөр Канадын Тронтогийн хөрөнгийн биржэд тус компанийн нэгж хувьцаа 2 доллар 90 центийн ханштай байсан юм. Харин Нью-Йоркийн хөрөнгийн биржэд нэгж хувьцаа нь 2 доллар 42 центийн ханшаар хаагдсан байдаг. 2008 онд оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэх нь тодорхойгүй байхад Айвенхоу майнз компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн зах зээлд ийнхүү 2 ам.доллар болж уруудсан тал бий. Харин хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараагаар тус компанийн хувьцааны ханш дэлхийн хөрөнгийн зах зээлд гэрлийн хурдаар өсч эхлэв. Өөрөөр хэлбэл, Айвенхоу майнз компани Монголын Засгийн газартай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбоотойгоор хувьцааных нь ханш өсч байна гэж ажиглагчид үзэж байсан юм. 2009.12.26-ны өдрийн хавьцаа Тронтогийн хөрөнгийн биржэд Айвенхоу майнзын хувьцаа 12 канад доллар 51 центийн ханштай байсан бол, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа 11 доллар 84 центийн ханштай байсан нь үүний нэг нотолгоо гэж ойлгож болно. Гэтэл улстөрийн тогтворгүй байдлаас шалтгаалж хожим Нью-Йоркийн хөрөнгийн биржэд оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Туркойз хилл /TRQ/ компанийн хувьцааны ханш унаж, 2.93 ам.доллар болж байсан түүхтэй. Энэ цагаас хойш тасралтгүй уруудаж, тус компанийн хувьцаан ханш одоо хэд байгааг хүн бүхэн мэдэхтэйгээ болжээ.

-Оюутолгойн 66 хувийг эзэмшигчийн хувьцааны ханш унав-

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан цагаас хойш хуучны Айвенхоу майнз лимитед, одоогийн Туркойз хилл компанийн хувьцааны ханш Тронто болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тасралтгүй өссөн юм. Харин сүүлийн жилүүдэд тус компанийн хувьцааны ханш тасралтгүй бууралттай байгаа. Үүнийг улс төрийн тогтворгүй байдалтай ямагт холбон тайлбарлаж ирсэн. Тухайлбал, 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр хавьцаа оюутолгойн ордоос монголын талын 34 хувийг нэмэгдүүлэх санал, шүүмжлэл, шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргасан байдаг. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 20 гишүүн оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх шаардлагыг гаргаж байсан юм. УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор ч энэ асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулагч талтай дахин хэлэлцээрийн ширээний ард сууж, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах чиглэл өгч байсан цаг саяхан. Энэ дагуу уг асуудлыг Засгийн газрын 2011 оны есдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж байсан гэдэг. Үүгээр Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэж, мөн нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар хөрөнгө оруулагчдад албан бичиг явуулж, яриа хэлэлцээр өрнүүлэх шийдвэрийг гаргаж байжээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах зээлд тэр үеийн Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компанийн хувьцааны ханш уруудаж байсныг шинжээчид хэлдэг. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал ч тус компанийн хувьцааны ханш уруудахад нөлөөлсөн тал бий. Тус компанийн хувьцааны ханш цаашид хэрхэх нь Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын дунд өрнөх хэлэлцээрээс ихээхэн хамаарах байсан юм. Гэтэл увайгүй улс төр тасралтгүй олон жил үргэлжилсэнтэй холбоотойгоор 2011 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр 284 гаруй ам.долларын ханштай байсан тус компанийн хувьцааны ханш өдгөө 14 гаруй ам.долларын ханштай байгаа билээ. Өөрөөр хэлбэл, улс төр болон эдийн засгийн тогтворгүй байдлаас болж оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компанийн хувьцааны ханш 2011 оноос хойш тасралтгүй уруудаж байна. Хувьцааны ханшийн графикийг биржээс харахад TRQ шалдаа ортол уначихсан байгаа нь хэн хүний нүдний өмнө ил байгаа зүйлд тайлбар хийх нь илүүц биз. Үүний ард Туркойз хилл компанийн хувьцааг худалдан авч, оюутолгойд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид хохирсон гэдэг нь илт харагдаж байгаа юм.

Нэг талд хувьцааг нь худалдаж авах замаар оюутолгойд хөрөнгө оруулж ард нь хохирсон хэсэг байхад, нөгөө талд үүгээр нь үйлдвэр босгож аваад төсвийнхөө орлогын тодорхой хувийг бүрдүүлж төрийн албан хаагчдаа цалинжуулж суугааг ялгаж, салгаж, тунгаах ухаантан байгаа нь лавтай. Энэ ордыг ашиглалтад оруулахад нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй төр түнтийгээд. Харин халаасан дахь мөнгөөрөө хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчид хоосроод үлдэж боломгүй юм. Хувьцааны ханшийн уналтаар дамжин хөрөнгө оруулагчид хохирсон байтал эхлээд тэдний хохирлыг барагдуулах ёстой баймаар. Гэтэл оюутолгойгоос татвар нэхэж авснаа нэг ч төгрөг нэмэрлээгүй ард иргэддээ 300 мянган төгрөг хавтгайруулан тараах нь зүйд нийцэхгүй мэт. Ашигтай хөрөнгө оруулалтын гэрээ гэж олон мянган хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө татан төвлөрүүлчихээд, хувьцааны ханшаа унагаж, мөнгийг нь таг түгжчихээд хэдэн биенээ шилдэг татвар төлөгчөөр цоллож, байгалийн хишиг ард иргэддээ тарааж байна гэх нэрийдлээр бусдыг юмыг авч бусдад үнэгүй тараагаад байх нь үнэндээ буруу жишиг юм. Энд нэг хэлдэг үг монгол улсын баялаг гэж хэн хүнгүй ярих дуртай. Тийм бол Монгол улс баялагаа ав. Харин бид оруулсан хөрөнгө авъя гэж ямар ч хувьцаа эзэмшигч хэлэх байсан биз. Арга ч үгүй юм. Банкинд мөнгөө хадгалуулсан бол өнөөдөр хүүтэйгээ нийлээд хэд болсон байх бол. Харин хөрөнгө оруулагчаар дамжуулан оюутолгойд орохоороо хувьцааны ханш унаж, бараа сураг ч үгүй, эцэстээ нэг үйлдвэр боссон нэртэй, тэндээсээ төр нь төсвийн орлогынхоо тодорхой хувийг бүрдүүлж, төрийн албан хаагчдаа тэжээхийг л харж сууна. Харин хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө хувьцааны ханшийн уналтаар дамжаад үгүй болчихож байгаа юм. Ийм учраас энэ улсад хэн ч дахин итгэж хөрөнгө оруулахгүй байгаа юм шүү дээ. Ямар сайндаа оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн Туркойз хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид нь тэсэхээ байгаад арбитарт хандаж хохирлоо нэхэмжилж байх вэ дээ. Эндээс эрх биш төрийн түшээд нэгийг бодох биз ээ. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газар, 66 хувийг эзэмшигч Туркойз хилл, түүний 51 хувийг эзэмшигч Рио тинто компани олон мянган хувьцаа эзэмшигчдийн өмнө томоохон үүрэг хариуцлагатай байж, бодлого шийдвэрээ оновчтой явуулах цаг нь болсон мэт. Өөрсдийнхөө мөнгөөр наадаж байгаа аятай хэдхэн том компани, монголын улстөрчид нийлж яриа хэлэлцээр өрнүүлээд байх нь ч утгагүй үйлдэл юм.

Тодруулбал, Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан байдаг. Тиймээс тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн бөгөөд 1 сая 196 мянган хүүхдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол, www.ebarimt.mn болон www.ehalamj.mn-д бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа юм. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар холбогдох албан тушаалтнууд хэлдэг. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан нь хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй байсантай холбоотой гэдэг. Энэ бол тэр үеийн явцын мэдээ. Ер нь бол гүйцэтгэл 100 хувьтай байгаа гэж ойлгож болно. Холбогдох албаныхан татварын албанаас оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн төлөлтөөр иргэн бүртээ 300 мянган төгрөг тэгш хуваарилсан нь энэ юм. Дашрамд дурдахад, Оюутолгой компанийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан билээ. Оюутолгой компани 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол, 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн юм. Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг ийнхүү барагдуулсан байдаг. Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудыг дараах байдлаар үндэслэсэн байгаа юм.

Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг, Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг, 
 АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож ногдуулсан байгаа юм. Эдгээрийг нэхэж аваад хэдхэн сар карантилахдаа ард иргэддээ халамж тараадаг нь буруу жишиг гэж байгаа юм. Хөрөнгө оруулсан хүмүүс нь хувьцааны ханшийн уналтаас болж хохирчихоод байхад, нэг төгрөг нэмэрлээгүй хүмүүс хувь хишиг хүртэх нь оновчтой юу гэдэг хэнд ч ойлгомжтой асуудал юм. Манай Монголын Засгийн газар олон жил Туркойз хилл, Рио Тинто компаниудтай хэлэлцээрийн ширээний ард сууж тавих шаардлагаа тавьж ирсэн билээ. Магад татвар дутуу төлсөн бол нэхэх зөв биз. Үүнийг буруу гээгүй ч, хөрөнгө оруулагчидтайгаа хэл амаа ололцохгүй байх бүрт ард нь жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ. Ямар хаданд хавчуулагдсан халиуны зулзага байгаа биш дээ. Сайн санаж, сайн гэрээ гэхээр нь хөрөнгө оруулсан байлгүй дээ. Гэтэл хөрөнгө оруулагч том компаниуд нь, Монголын засгийн газартай нийлж өөрсдийнхөө эрх ашгийг бодож, ард нь жижиг хувьцаа эзэмшигчид нь хохироод байж боломжгүй юм. Хэрэв энэ байдлаа засахгүй бол хожим нэг өдөр ийм хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд Оюутолгойн 34 хувийг эзэмшигч, 66 хувийг эзэмшигч Туркойз хилл, түүний 51 хувийг эзэмшигчдийг бусад хувьцаа эзэмшигчид нь нийлээд арбитарт өгч болзошгүй нөхцөл байдал хэдэн жил үргэлжилж, даамжирч буйг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй биз ээ. Оюутолгойн гэрээний төслүүд:

  1. Хөрөнгө оруулалтын гэрээ Download
  2. Хувь нийлүүлэгчдийн гэрээ Download
  3. Давхар татварын гэрээ Download
-Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлжээ-

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт 2023.03.13-ний эхэллээ гэсэн мэдээ харав. Эдийн засгийн онцлох, хөрөнгө оруулагчдад ээлтэй мэдээ байна уу гээд сөхөөд харав. Засгийн газрын албан ёсны сайтад: Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм: Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно гэдгийг онцлов. Оюу Толгойн гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу Толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монгол ажилчид байна. Энэ өдөр Зэсийн эцсийн бүтээгдэхүүний талаар харилцан ойлголцлын санамж бичиг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежентэд дэмжлэг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Оюутолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулжээ гэжээ. Үүний хажуугаар Засгийн газрын сайтад Монгол Улсын Ерөнхий сайдынх ч, Рио Тинтогийн удирдлагынх ч хэлсэн үг тавигджээ. Харамсалтай нь дотор нь хөрөнгө оруулагчдад хэрэгтэй, ээлтэй мэдээлэл нэг байсангүй. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын Засгийн газар, Рио Тинтод ашигтай юм байж. Гол нь энэ уурхайг ингэж бостол нь хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчид, төдийгөөс өдий хүртэл бөхрөлөө бартал хүлээсэн надад жишээ нь ямар ашигтай билээ. Эндээс эцсийн мөчид хэн хожиж, хэн хохиров гэдгийг тунгаах цаг нь болсон харагдлаа.

-Оюутолгойд хөрөнгө оруулсан алдаа ба сургамж-

Ер нь олон жил мэдээлэл цуглуулж, мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж, өдий дайтай судалгааг бий болгож, халаасан дахь хамаг мөнгөө хамаад уг ордод хөрөнгө оруулсан ч, хожим сохор зоосны ашиггүй, хохирч үлдсэн сургамжаасаа хувцаалдахад, гадны гар хөл болсон монголын хэдэн улсчтөрчид өдөр бүр оюутолгой гэж шоудаж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг үр ашиггүй болгож, хувьцааных нь ханшийг нь унагаж, эцэстээ бүр хувьцааг нь хувааж, жижиглэж, бүхэлтгэх замаар юу ч үгүй хоосруулсан тал бий. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз хиллийн хувьцааг Рио Тинто компани ийм замаар л дээрэмдсэн. Туркойз хилл, Рио Тинто, Монголын Засгийн газар хэлэлцээр хийсэн нэрээр хамаг хувьцааг нь хамж авсан талтай. Асар үнэтэй авсан хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 10 гаруй жил тасралтгүй унаж байгааг хараад халаглах, харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрж, яах гэж тэдэнт хөрөнгө оруулав даа гэж халаглаж сууна. Мөнгөтэй, хөрөнгөтэй, хөрөнгө оруулагчтай бол унасан хувьцааг нь Нью-Йоркийн хөрөнгийн биржээс түүгээд авчихмаар санагддаг юм. Яагаад гэхээр энэ чинь оюутолгойн 66 хувийг эзэмшигч Трукойз хиллийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр унаад байна шүү дээ. Оюутолгойг атар талхаар зүйрлэхэд 66 хувийг нь эзэмшдэг компани Нью-Йоркийн бирж дээр өнгөрсөн хугацаанд үнэгүйдэв. Шууд биш юм гэхэд, шууд бус замаар оюутолгойн 66 хувь үнэгүйдсэн гэж ойлгож болно. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Трукойз хиллийн хувьцааны ханш унаж, түүнд хөрөнгө оруулсан хүмүүс уйлж суухад, та нарын хөрөнгөөр ил болон далд уурхайтай болчихлоо. Монгол Улсын Засгийн газар одоо ил болон далд уурхайгаасаа зэсээ зэрэг экспортлоод, төсөвтөө хөрөнгөө хураагаад, төрийн албан хаагчдаа цалинцуулна утгатай зүйл яриад, тууз хайчлаад явж байгаа нь тун ичгэвтэр. Дээр нь манай ажилчдад өдрийн гурван хоол өгсөн тогоочдоо баярлалаа гэх Рио Тинтогийн удирдлагын үг эгдүү хүргэв. Оруулсан хөрөнгө үнэгүйдэж, үр ашиггүй болдог нь тэдний зардал өндөр, хэмнэлт бага байгааг илт харууллаа. Хөрөнгө оруулагчид нь сүүлийн 10 жил бүсээ чангалж суухад, тэдний ажилчид өдрийн 3 хооллодогоо гайхуулж сууна. Эндээс хэн хожиж, хэн хохирч байгаа нь илт харагдана. Ийм нөхцөл байдлыг эерэгээр эргүүлж чадахгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрын чадваргүйнх. Хэрэв зээ тэдний оронд би байсан бол, хөрөнгө оруулалтын гэрээнд нь өөрчлөлт оруулаад, Нью-Йоркийн хөрөнгийн биржээс Туркойз хиллийн хувьцааг унасан дээр нь хямдаар түүж, Монгол Улсын Засгийн газрын хувийг 100 хувьд хүргэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулаад салах байсан юм. Хохирол гэдэгт анх оруулсан хөрөнгө, хүү зэрэг олон зүйл багтана. Үүнийг оюутолгойд оруулаагүй, банкинд хадгалуулсан бол хүүтэйгээ өнөөдөр хэд байх байсан бэ. Үүнийг бодох л асуудал. Банк татан буугдахад банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах хууль баталдаг атлаа, яагаад оюутолгойд хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдийг хөсөр хаяад байна вэ. Хувьцааны ханш энэ жил унагаж, жижиглэж, бүхэлтгэж юу ч үгүй хоосруулчихаад, үлдсэнийг нь хүчээр авах гэж дайрах. Энэ арай биш ээ… Хүчээр өгүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байгаа нь та бүхний алдаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хүний хөрөнгө бусдад дээрэмдэж авч өгөх ажиллагаа явагдсан учраас хохирлыг нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нөхдүүд төлөх ёстой. Товчхондоо бол, хүмүүсийн хөрөнгөөр хүүдэгнээд байж болж байна уу. Хэн хэн нь… Энэ үед дийлэнх хүмүүс өөдөөс ямар хариулт өгөхийг тааварлах тийм ч төвөгтэй биш. Оюутолгойн орд монголын орд гэж хариулах хүмүүс олон байж мэднэ. Хэрэв хэн нэгэн надтай яг ийм зүйлээр цэц булаацалдвал надад тэдэнт өгөх оновчтой хариулт бий. Монгол Улс ордоо, лицензтэйгээ буцаагаад ав. Харин оруулсан хөрөнгийг минь буцаагаад өгөх ёстой гэсэн хариулт өгч болж байна. Одоогийн нөхцөл байдалд бол, бусдын хөрөнгийг орд руугаа юүлж, түүний 66 хувийг Рио Тинто, 34 хувийг монгол улсын засгийн газар эзэмшиж, тэд хожсон, бусад нь хохирсон байдалтай байгаа нь бодит үнэн билээ. Дашрамд дурдахад, энд эмхэтгэсэн оюутолгойн талаарх мэдээлэл нь Засгийн газарт, Рио Тинтод, нийтэд болон өөр хэн нэгний судалгаанд зориулж эмхэтгэгдээгүй болно. Биржэд бүртгэлтэй олон нийтэд нээлттэй компани үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ хувьцаа эзэмшигчиддээ мэдээллэх үүргийн дагуу албан ёсоор ирүүлсэн мэдээлэл дийлэнхийг эзэлнэ. Бусад мэдээллийн тухайд хөрөнгө оруулагчийн хувиар өөрийн хөлөөр явж, амаараа асууж, гараараа бичиж, толгойгоороо боловсруулсан өөртөө зориулан эмхэтгэсэн судалгааны ажил учраас хууль бус зүйлд ашиглах нь оновчгүй юм. 

Цагаан суваргын зэсийн орд

Цагаан суваргын ордын Сэрвэн сухайтын хэсгийн
хүдрийн биет, цооногийн байршил
Цагаан суваргын уурхай доторх хүдрийн биетийн байрлал
Цагаан суваргын зэсийн ордын Сэрүүн сухайт 9630А талбайн ерөнхий зураг
Цагаан суваргын ордын сэрвэн сухайтын хэсгийн хүдрийн биет, цооногийн байршил

Алтны зах зээл ба стратегийн орд

-Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль гарав-

2021.12.06. Монгол Улс. Улаанбаатар хот.УИХ-ын эрхэм гишүүд алтнаас өндөр татвар авч улсын төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх санааг одоогоос хэдэн жилийн өмнө бодож олов. Үүнийгээ хэрэгжүүлэхээр тэр үеийн хууль тогтоогчид Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг 2006 онд гаргасан юм. Хууль гарснаар төв банкинд тушаагдсан алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн билээ. Ингэснээр нэг унци алтнаас Монгол Улсыг хөгжүүлэх санд 200 гаруй ам.долларын татвар төвлөрч байлаа. Гэвч үүний нөлөөгөөр манай улсын алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан таагүй үр дагавар гарсан юм. Үүний нэг тод жишээ бол, хууль гарахаас өмнөх дөрвөн жил манай улс 77 тонн алт үйлдвэрлэсэн бол, хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонныг олборлосон байх жишээтэй. Тухайлбал, манай улсын алт олборлогч 70 гаруй аж ахуйн нэгж жилд 20 тонн алт олборлодог байсан бол, 2006 онд 15 тонн, 2007 онд 10 тонн, 2008 онд 8 тонн, 2009 онд 4,8 тонн, 2010 онд 2 гаруй тонн алт төвбанкинд тушаасан байгаа юм. Тухайлбал, 2008 оны төсөвт тухайн онд 20 тонн алт олборлож, үүнээс 53,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байдаг. Гэтэл мөн оны эхний найман сард 8,2 тонныг олборлож 9,3 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байх жишээтэй. Энэ талаар тэр үеийн УИХ-ын гишүүд: Алт тушаалтын байдал хангалтгүй байна. Энэ нь 68 хувийн татвар төлөхгүй гэсэн зугтаалтын байдал юм. Алтан Дорнод Монгол компани гэхэд 20,4 тэрбум төгрөг төлөөгүй. Үнийн өсөлтийн албан татварын 17 тэрбум төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2,2 тэрбум төгрөг, Нөөц ашигласны төлбөрийн 400 сая төгрөг тушаагаагүй. Олон улсын арбитрийн шүүхэд өгсөн байгаа. Энэ компаниас татвараа авахад 26,6 тэрбум төгрөгийн татвар Монгол Улсыг хөгжүүлэх санд нэмэгдэж орох бололцоо бүрдэх юм. Ингэвэл 53,8 тэрбум төгрөгөө төвлөрүүлэх бололцоо бий гэсэн тайлбарыг тухайн үед өгч байлаа. Дэлхийн зах зээлд алтны үнэ өссөн ч, дотоодын зах зээлд олборлолт, тушаалт, борлуулалт буурсантай холбоотойгоор энэ татварын төлөвлөгөө ийнхүү биелэгдэхгүй байсан нь энэ юм. Гэнэтийн ашгийн, 68 хувийн, үнийн өсөлтийн албан татвар гэж янз бүрээр нэрлэгддэг энэ хуулиас болж олборлосон алтаа хууль бусаар хил давуулах, арилжааны банкинд хадгалуулах зэрэг татвараас зугатах есөн шидийн далд хувилбар гарч байсан нь нууц биш. Алтан дорнод монгол компанийн өмнөх хөрөнгө оруулагч С.В.Паушок хууль хэрэгжих хугацаанд олборлосон 9.5 тонн алтандаа 80 орчим тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой байсан ч, 3 орчим тонныг нь төвбанкинд хадгалуулж татвараас зайлсхийсэн тухай нэг хэсэг шуугив. Энэ мэт хууль бус үйлдэл газар авч, аж ахуйн нэгжүүд далд хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор төвбанкинд тушаагдах алтны хэмжээ эрс буурсан гашуун түүх бий.

-Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгов-

Алт бол хатуу валютад тооцогддог. Тэр ч утгаараа, алт тушаалт буурмагц валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байсан нь ойлгомжтой. Энэ нь хууль тогтоогчдыг өөрсдийг нь сөхрүүлж удаа дараа буулт хийхэд хүргэж байсан юм. Лондонгийн металлын бирж дээрх алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх хэсэгт татвар ногдуулж байсныг эхлээд болиулж, уг бирж дээрх нэг унци алтны үнээс 850 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод татвар ногдуулж Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр болсон юм. Тухайн үед Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга н.Баяраа: Эхний хагас жилийн байдлаар алтны үнийн өсөлтийн албан татвараас 6.1 тэрбум төгрөг орж ирэх ёстой байснаас 3.9 тэрбум төгрөг орсон буюу 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн онтой харьцуулахад алтны үнийн өсөлтийн албан татвар үндсэндээ хоёр дахин буурсан дүнтэй явна. Яагаад гэхээр алтны үнийн өсөлтийн албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар үнийн өсөлтийн албан татвар ногддог орлогын хэмжээ өссөн байгаа. Тухайлбал, өмнө нь нэг унци алтнаас 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулдаг байсан. Харин хуульд өөрчлөлт орсноор нэг унци алтнаас 850 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж байгаа учраас татвар ногдох орлого буурсан. Мөн өнгөрсөн онд алтны үнийн өсөлтийн татвар дутуу төлөлттэй байсан газрууд хугацаандаа татвараа төлөөгүй байна. Тухайлбал, Алтан Дорнод Монгол 57 тэрбум төгрөгийн өртэй байж байгаа. Олон улсын арбитрийн шүүх дээр байгаа учраас татвар төлөгдөхгүй байж байна. Алтны үнийн өсөлтийн татвараа төлөөгүй нэлээд газрууд бий. Алтан Дорнод Монгол, Жампа, Эрдэс Холдинг, Монгол газар, Эм Жи Эйч зэрэг компаниуд алтны үнийн өсөлтийн албан татвар төлөх ёстой байгаа гэсэн тайлбарыг хэдэн жилийн өмнө өгч байсан юм. Ийнхүү алтны үнийн өсөлтийн албан татварын босгыг 850 ам.доллар болгосон, мөн алтны үнийн өсөлтийн албан татварыг зарим аж ахуйн нэгжүүд төлөхгүй байсан нь улсын төсвийн төлөвлөсөн орлого тасалдахад хүргэсэн учраас валютын нөөцийг өсгөх бодлого төрөөс дахин явуулсан билээ. Ингэхдээ, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 2011.01.01-ний өдрөөс дээрх хуулийг бүр мөсөн хүчингүй болгосон юм. Уг хуулийг хүчингүй болгох өөр нэг шалтгаан байсан нь Эрдэнэтийн зэс үнэгүйдэж байсан явдал юм. 2008-2009 онд тохиосон дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг тойрсонгүй, дайраад гарах нь тэр. Тэр үед Эрдэнэтийн зэсийн эрэлт буурч, үнэ нь дэлхийн зах зээлд гурав дахин унамагц, манай улс руу орж ирэх ам.долларын урсгал хумигдсан тал бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 2700 ам.доллар болж, үүнээс 2600 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулна гэвэл ердөө 100 ам.долларт татвар ногдуулахад хүрч байв. Энэ нь ам.долларын урсгал татарч, тухайн үед манай улс 500-хан сая ам.долларын валютын нөөцтэй үлдэж, үүгээрээ урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарахад хүргэж байсан юм. Энэ нь дээрх хуулийг хүчингүй болгох удаах шалтгаан болсон билээ.

-Ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөртэй болов-

Харин үүний оронд АШИГТ МАЛТМАЛЫН болон ӨСӨН НЭМЭГДЭХ нөөц ашигласны төлбөр төрсөн тухай тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан хэлж байсан билээ. Энэ үеэс алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 5 хувийн суурь татвар төлж эхэлсэн бол, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ дэлхийн зах зээл дээрх унци алтны үнээс хамаарч байлаа. Тухайлбал, нэг унци алт 900-1000 ам.долларын ханштай байвал 1 хувь, 1000-1100 ам.долларын ханштай байвал 2 хувь, 1100-1200 ам.долларын ханштай байвал 3 хувь, 1200-1300 ам.долларын ханштай байвал 4 хувь, 1300 ам.доллараас дээш ханштай байвал 5 хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөх тогтолцоонд шилжсэн билээ. Алтны үнэ хямд үед үйлдвэрлэгчдийн төлөх татварыг хөнгөлж, өндөр үед татвараа нэмэгдүүлэх зорилгоор ийм шатлалыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж өгсөн хэрэг. Энэ өөрчлөлтийг хуульд оруулснаас хойш дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ 1300 ам.доллараас уруудсан удаа цөөн. Үүгээр тооцвол, алт үйлдвэрлэгчид гол төлөв 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж ирсэн гэхэд болно. Үүн дээр өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг нэмж тооцвол, 2011 оноос хойш алт олборлогчид дээд тал нь 10 хувийн татвар төлж ирсэн билээ. Үүнийг өмнөх татвартай харьцуулахад тийм ч өндөр тоо биш. Гэвч энэ нь алт олборлолт, тушаалт, экспорт санасан хэмээнд хүрэхэд нөлөөлсөнгүй. Тиймээс алтны татварыг дахин бууруулах замаар энэ металлын үйлдвэрлэлийг сэргээж, тэр хэрээр тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөх бодлого манай улс дахин явуулсан юм. Тухайлбал алтны татварыг бууруулах замаар энэ металлын үйлдвэрлэлийг жилд 24 тонноор нэмэгдүүлж, таван жилийн дотор 150 тоннд хүргэх зорилт тавьсан юм. Тэр хэрээр алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөх боломжтой гэж бодлого боловсруулагчид үзсэн юм. Тиймээс 2014.01.24-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь байсныг 2.5 хувь болгож бууруулав. Харин өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн юм. Үүнийг манай улс таван жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр тухайн үед хуульчилсан байдаг. Ийнхүү манай улс олборлолт, үйлдвэрлэл, тушаалт, экспортыг нэмэгдүүлэх үүднээс алтны татварыг 2019 он хүртэл 2.5 хувь болгож бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, 2019 он хүртэл алтныхан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох АМНАТ-ийн дарамтаас салж аврагдсан юм.

-Алт үйлдвэрлэгчидтэй барьцсан нь 1-

Гэхдээ 2014 оны төсвийг баталсаны дараа ийм хууль гаргасан нь төсвийн орлого тасалдахад нөлөөлсөн байдаг. Манай улс тэр жил ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 569 тэрбум төгрөг, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт 195 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсан байлаа. Үүнээс мөн оны эхний есөн сард нь 451 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 171 тэрбум төгрөгийг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөс төвлөрүүлэхээр төлөвлөж байсан юм. Гэвч мөн оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээр төлөвлөгөө тасалдсан дүнтэй гарсан байдаг. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 181 тэрбумаар, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 64 тэрбумаар тасалдсан үзүүлэлт гарсан юм. Харин мөн оны эхний 11 сард 535 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 189 тэрбум төгрөг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөс төвлөрүүлэхээр төлөвлөсөн байлаа. Гэвч нэгдсэн төсвийн 2014 оны 11-р сарын гүйцэтгэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 204 тэрбум төгрөгөөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 80 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй гарсан юм. Үүний дийлэнх нь алтны татварыг бууруулснаас үүдсэн тасалдал гэдгийг сангийн яамныхан тухайн үед хэлж байлаа. Тиймээс энэ тасалдлыг нөхөх ёстой болов. Гэвч хэрхэн гэдэг асуулт гарсан юм. Үүнд нүүрс, төмрийн хүдэр, жоншны татварыг нэмэх аргаар бус, жишиг үнийг нэмэх замаар тэднээс авах татварыг өсгөх боломжтой гэж үзэх нэгэн байсан юм. Харин үүнийг нүүрс, төмрийн хүдэр, жонш үйлдвэрлэгчид эсэргүүцэж байсан юм. Тэд алт үйлдвэрлэгчдээс бага татвар авч, биднээс өндөр татвар авах нь гэж шүүмжлэлтэй хандаж байсан юм. Өөрөөр хэлбэл, нүүрс, төмрийн хүдэр, жонш үйлдвэрлэгчид алтны салбарыхантай барьцаж байв. Тухайлбал, гадаад улс орнуудын цахим хуудсанд зарлагдсан өндөр үнээр нүүрс, төмрийн хүдэр, жоншны жишиг үнэ зарлаж, өндөр татвар авахыг болиулах шаардлагатай. Үүний оронд нүүрс, төмрийн хүдэр, жоншны жишиг үнийг борлуулалтын буюу гэрээний үнээр тооцож татвар авах ёстой гэж алтны салбарынхантай барьцаж байсан удаатай юм.

-Алт үйлдвэрлэгчидтэй барьцсан нь 2-

Өмнө нь төмрийн хүдрийн жишиг үнэ тогтоохдоо www.umetal.com цахим хуудсанд зарлагдсан Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчид нийлүүлсэн FOB үнийг ашиглаж иржээ. Харин жоншны жишиг үнийг www.indmin.com цахим хаяганд зарлагдсан хятадын хайлуур жоншны FOB үнээр тооцож ирсэн байна. Нүүрсний жишиг үнийн тухайд Хятадын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалж болох http://en.sxcoal.com хаягнаас авч ашиглаж ирсэн байгаа юм. Төмрийн хүдэр, жонш, нүүрсний жишиг үнийг  FOB буюу /барааны үнэ, уурхайгаас далайн эрэг хүртэлх тээврийн зардал, далайн боомт дээрх ачиж буулгах зардал багтсан/ үнээр энэ мэт зарлаж иржээ. Үүгээр тооцож, төмрийн хүдэр, жонш, нүүрс экспортлогчдоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаг байна. Гэтэл үйлдвэрлэгчид жонш, төмөр, нүүрсээ DAF буюу /барааны үнэ, хил хүртэлx тээврийн зардал, ачиж буулгах зардал зэргийг багтаасан/ үнээр худалдан авагчдад нийлүүлдэг байжээ. Зарим тохиолдолд нүүрсийг EXW буюу /уурхайн амны үнэ, уурхайн амны ачилтын зардал багтсан/ үнээр худалдаалж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад, өндөр үнээр зарсан гэж үзэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авдаг байжээ. Үүнээс болж, төмрийн хүдэр, жонш, нүүрс экспортлогчид бодит байдлаас давсан татвар төлөхөд хүрч, уналтад орж буйгаа учирлаж байсан үе бий. Манай улс валютын нөөцөө өсгөх зорилгоор алт үйлдвэрлэгчдээс авах ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг бууруулдаг. Харин бусад түүхий эд үйлдвэрлэгчдийг бодит татвараа төлөх ч нөхцөлөөр хангахгүй байна. Тиймээс төмрийн хүдэр, нүүрс, жонш үйлдвэрлэгчид  жишиг үнэ тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй гэж үзэж байсан цаг үе юм. Тухайлбал, олон улсын мэдээллийн эх сурвалжуудын жагсаалтыг гаргаж, тэдгээрээс манай орны нөхцөлд ашиглаж болох үнийн эх сурвалжийг тодорхойлох хэрэгтэй гэсэн саналтай байв. Энэ саналаа Уул уурхайн яамаар дамжуулан Сангийн яаманд хүргүүлсэн байдаг. Тухайн үед Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Баяраахүү: www.umetal.com дотор асар олон төмрийн хүдрийн төрөл бий. Үүнээс монголын гаргаж байгаа төмрийн хүдэртэй ижил төстэйг нь сонгож, жишиг үнийн суурь болгоё гэсэн санал тавиад байгаа. Монголын төмрийн хүдэр агуулга өндөртэй, хүхэр ихтэй. Мексикийн төмрийн хүдрийн агуулга, хүхэр аль аль нь бага. Тиймээс www.umetal.com дээр гарч байгаа үнээс монголд хамгийн ойролцоо нь энэтхэгийн нунтаг болон бүхэл хүдэр юм. Үүнийг жишиг үнийн суурь болгох хэрэгтэй. Энэтхэгийн нунтаг хүдрийг авахдаа 50-иас доош хувьтайг нь авах хэрэгтэй. Харин Энэтхэгийн бүхэл хүдрийг авахдаа 55 хувьтайг нь авах хэрэгтэй гэж үзэж байна. Харин баяжмалын хувьд ойролцоо үнэтэй байдаг учраас асуудал гарахгүй гэж бодож байна. Тиймээс уул уурхайн яамаар дамжуулаад саналаа өгчихсөн байгаа. Үүнийг Сангийн яам хүлээж авах шаардлага тулгарч байна. Яагаад гэхээр экспортлогчдын 90 хувь нь одоогоор зогсчихсон байна. Сайт дээр нь харахаар 85-87 ам.доллар харагдаад байгаа ч, 65 хувийн агуулгатай төмрийн хүдэр 70 ам.доллараар зарах гээд чадахгүй байна. Тиймээс бодит байдал руу ойртвол яасан юм гэсэн тайлбар өгч байв. 15 мянган хүнтэй төмрийн хүдрийн энэ салбарыг авч үлдэхийн тулд экспортод гаргах эрдэс бүтээгдэхүүнд ногдуулах татварыг уурхайн байршил, бүтээгдэхүүний чанарыг харгалзан уурхайн ам болон хил нөхцөлөөр тооцох хэрэгтэй гэж экспортлогчид үзэж байна. Тухайлбал, нүүрсэнд Шивээхүрэн, Гашуунсухайт, төмрийн баяжмалд Эрээн, Бургастай, жоншонд Эрээн, Наушикийн хилийн үнийг жишиг болгон зарлах хэрэгтэй гэсэн саналтай үйлдвэрлэгчид цөөнгүй байсан юм. Хэрэв жишиг үнийг бууруулахгүй бол, холбогдох хуульд өөрчлөлт оруулж, ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг өөрчлөх боломж бас байгааг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, 2014.01.24-нд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг 2,5 хувь болгож бууруулсан шиг жонш, төмрийн хүдэр, нүүрснээс авах татварыг мөн бууруулах хэрэгтэй гэж үзэж байв. Гэхдээ төсвийн орлого тасалдана гэдэг үндэслэлээр тэдний гаргасан саналыг хүлээж авсангүй.  

-Алт олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөв-

Шар металлын татварыг 2,5 хувь болгож бууруулснаар төвбанкинд тушаагдах алт хоёр дахин нэмэгдсэн байдаг. Тухайлбал, төвбанк 2013 онд 6 тонн алт худалдаж авсан бол, 2014 онд 12 гаруй тонн алт худалдаж авсан байгаа юм. Гэвч дотоодын зах зээлд ам.долларын ханш өссөөр байлаа. Тиймээс алт олборлолт, тушаалт, экспортыг үүнээс ч илүү нэмэгдүүлэх шаардлага тулгарсаар ирсэн. Тиймээс УИХ-ын 2015 оны хоёрдугаар сарын 18-нд гаргасан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай 41-р тогтоолд алт олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн ажил хийхээр тусгасан. Энэ хүрээнд алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай 94-р тогтоолыг Засгийн газраас гаргасан юм. Тэр үеийн Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Нэргүй: Уг тогтоолын хүрээнд хөрөнгө оруулалтаа шийдээгүй болон санхүүгийн хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээс алтыг нь худалдан авах нөхцөлтэйгөөр урьдчилгаа олгохоор болсон тухай дуулгаж байв. Өөрөөр хэлбэл, алтыг нь урьдчилаж авах замаар уг түүхий эдийн олборлолтыг 20 тоннд хүргэхээр төлөвлөж байсан юм. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг тэр үеийн Сангийн сайд Эрдэнэбат, Уул уурхайн сайд Жигжид нарт, зохих журмын дагуу хянаж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат, санхүүжилтийн оновчтой схем боловсруулах ажлыг Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал нарт даалгасан байдаг. Энэ дагуу Монголбанк алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зээл авах хүсэлтэй компаниудаас саналыг нь авч, судалгаа явуулж байлаа. Алт олборлолтыг нэмэгдүүлсэн ч, үүнийг гулдмайлж, сорьцлоход хайлуулах зуухны хүчин чадал хүрэлцэхгүй байсан тал бий. Тиймээс албаныхан шийдвэрлэх асуудлын тоонд үүнийг багтаасан байсныг эргэн сануулах нь зүйтэй болов уу. Мөн монгол улсын зурвас болон тусгай хэрэгцээний газар нутгуудад хууль бус олборлолтод удаа дараа өртөж буй алтны орд, илрэлүүдийг хяналтад авах, шаардлагатай гэж үзвэл заримыг нь төрийн өмчит хуулийн этгээдээр ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох сайдуудад үүрэг болгож байсан юм. Ийнхүү ам.доллар өссөн учраас алтны олборлолтыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөх бодлого төрөөс явуулав. Гэхдээ уг металл улирлын чанартай учраас УИХ-ын болон Засгийн газрын тогтоолд тусгагдсан ажлыг яаравчлан хийх нь юу юунаас илүү чухал байжээ. Манай улс гаднаас санхүүжилт олж, үүнийг арилжааны банкуудаар дамжуулан алт үйлдвэрлэгчдэд санхүүжилт олгохоор ийнхүү төлөвлөж байсан нь саяхан юм. Ингэснээр алтны үйлдвэрлэлийг 18 тоннд хүргэж, валютын нөөцийг 800 сая ам.доллараар өсгөх боломжтой гэж үзэж байсан юм.

-Б.Нэргүй: Алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгоно-

2014 оны нэгдүгээр сарын 24-нд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт  руулж, олборлосон алтаа тухайн жилд Монголбанкинд заавал тушаах заалтыг оруулж өгсөн. Мөн төвбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд 2.5 хувийн татвар ногдуулах заалтыг ч оруулж өгсөн юм. Тодруулбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгосон бол, Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн юм. Ингэснээр төвбанкинд тушаагдах алт огцом нэмэгдсэн билээ. Үүний нэг тод жишээ бол, төвбанк 2013 онд 4 тонн алт худалдаж авсан бол, 2014 онд 12 гаруй тонн алт худалдаж авсан явдал юм. Дотоодын зах зээлд ам.долларын ханш түүхэндээ анх удаа 2000 төгрөг болж өсөөд байсан тэр үед алт олборлолт, тушаалт, экспортыг үүнээс ч илүү нэмэгдүүлэх шаардлага тулгараад байлаа. Тиймээс УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 18-нд гаргасан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай 41 дүгээр тогтоолд алт олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн ажил хийхээр тусгасан юм. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай 94-р тогтоолыг Засгийн газар тухайн үед гаргаж байлаа. Уг тогтоолын хүрээнд хөрөнгө оруулалтаа шийдээгүй болон санхүүгийн хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээс алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгохоор болсон юм. Энэ талаар тэр үеийн Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Нэргүй: Алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгох тухай хэлж байсан юм. Алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 94 дүгээр тогтоолын дагуу ийнхүү хөрөнгө оруулалтаа шийдээгүй болон санхүүгийн хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээс алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгохоор болсон юм. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зохих журмын дагуу хянаж, санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, санхүүжилтийн оновчтой схемийг боловсруулах ажлыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариуцан ажиллаж байжээ. Тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Санхүүжилтийг шийдвэрлэснээр алтны үйлдвэрлэлийг 18 тоннд хүргэж, валютын нөөцийг 800 сая ам.доллараар өсгөх боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм.

-Валютын нөөцийг өсгөх зорилгоор алт-2 хөтөлбөр хэрэгжүүлэв-

Алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнийг эрчимжүүлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт хүртэл олгосон байдаг. Тодруулбал, төвбанк өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээл олгожээ. Мөн компаниудад олгож байсан зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгон үргэлжлүүлэхээр болсон билээ. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсөж, 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулсан байна. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын орлогын 24 хувийг дангаар бүрдүүлдэг салбар ахицтай яваа гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд худалдан авах үйл ажиллагаа илүү боловсронгуй болж Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өссөн байна. Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдлыг бууруулах, мөн дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой үнэт металлын худалдааг албажуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Энэ нь алт худалдан авалт цаашид нэмэгдэнэ гэсэн хүлээлтийг бий болгоод байна.

-Алтны компаниудад урт хугацаатай санхүүжилт олгох хүсэлт тавив-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар 2020 онд ярилцсан байдаг. Сайд нарын зүгээс алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллах хүсэлт тавьсан байгаа юм. Харин арилжааны банкуудын хувьд алт олборлогч компаниудын тусгай зөвшөөрөл нь барьцаа хөрөнгө болдог учир лицензийг эргэн цуцалдаг асуудлыг анхаарч үзэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хүссэн байдаг. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар Алт-2 үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж эхэлсэн ч, цар тахлын тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас дээрх журамд мөн нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болсон юм. Энэхүү журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 2021 он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилсөн байна. Журамд дээрх өөрчлөлт орсноор алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэж, улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого өснө гэж төвбанк үзэж байлаа.

-Алт олборлолт нэмэгдсэн ч, гулдмайлах тоног төхөөрөмж хүрэлцээгүй байв-

УИХ 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан. Ингэхдээ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгосон бол, Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн тухай дээр өгүүлсэн. Алтны татварыг ингэж бууруулснаар манай улсын алт олборлолт нэмэгдсэн ч, үүнийг хайлуулах зуух ачааллаа дийлэхгүй хүрсэн нь нууц биш. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал алт гулдмайлахад хүндрэл учруулж байсан юм. Үүнээс гадна, экспортод гаргах бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг хэмжих жингийн асуудал хүндрэлтэй байлаа. Тухайлбал, улсын хэмжээнд хүнд даацын авто машины 384 жин ажиллаж байсан ч, эдгээр жинг шалгаж баталгаажуулах эталон хэмжих хэрэгсэл тухайн үед дутагдалтай байлаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хүнд даацын авто машины жинг шалгаж, баталгаажуулах явуулын нэг лаборатори шаардлагатайг Стандартчилал, хэмжил зүйн газрынхан 2015 оны хоёрдугаар сарын 13-нд учирлаж байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: аймгуудын Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн байрны засвар үйлчилгээг сайжруулах, хэмжих хэрэгсэл, эталон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах 4 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулахад анхаарч ажиллахаа тухайн үед мэдэгдэж байсан билээ. Мөн Стандарт нь иргэд, аж ахуйн нэгжид торгууль тавих хэрэгсэл байх ёсгүйгээс гадна, үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифын бус саад байх ёсгүйг онцолж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Стандартчилал, хэмжил зүйн газрынханд үүрэг болгож байсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа эталон тоног төхөөрөмжийн асуудал шийдвэрлэж байсан бол, Ерөнхий сайд байхдаа алт цэвэршүүлэх үйлдвэрийн гэрээ хэлэлцээрийг мөн байгуулж амжсан нь монгол улсад нэн шаардлагатай алхам болж чадсан юм.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн гэрээ хэлэлцээр хийв-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Бүгд найрамдах Казакстан улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын нийслэл Нур-Султан хотод Монгол-Казахстаны бизнес форумд оролцсон байдаг. Уг форумд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Казакстаны Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид Алт, мөнгө, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр барих, Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих, Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах зэрэг найман гэрээг байгуулсан юм. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд Эрдэнэс алт ресурс компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, Сымбат инжиниринг компанийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өгсөн юм. Казакстан улс жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд нийслэл Нур-Султанд 2013 онд Тау-Кен Алтын алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулжээ. Ингэснээр жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болсон байна. Тус үйлдвэр алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлдэг бөгөөд Тау-Кен Самрук компанийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг байна. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм.

-Ковид-19 цар тахал алтны салбарт нөлөөлсөнгүй-

Үе үе энэ салбарт бодлогын арга хэмжээ энэ мэт авдаг болоод ч тэр үү. Дэлхий нийтийг хамарсан цар тахал санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа ч, 2008-2009 онд тохиосон дэлхийн эдийн засгийн  хямралтай харьцуулахад хэвийн гэж хэлж болох дүр зураг алтны салбарт ажиглагдлаа. Тэгээд ч аливаа санхүүгийн хямралын үед хамгийн эрсдэл багатайд алт тооцогддог тул худалдан авалт нэмэгдэж үнэ нь өсдөг жамтай. 2020 оны төсвийн төслийн тодотголд төвбанк 24 тонн алт худалдан авахаар тусгаж төлөвлөгөөндөө хүрсэн. Тухайлбал, 2020 оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23.6 тонн шар металл худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэсээ 8.3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин 2021 оны нэгдүгээр сарын байдлаар Монголбанк 1.35 тонн үнэт металл худалдан авсан нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 750 килограммаар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулахад 2.2 тонноор буурсан үзүүлэлт боллоо. 2021 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 килограмм үнэт металл худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны нэгдүгээр сард 170,985.19 төгрөг байжээ. Дашрамд дурдахад, Монголбанк алт худалдан авахдаа гурван шаардлага тавьдаг. Эхнийх нь иргэд болон аж ахуйн нэгжийн Монголбанкинд худалдах алт 3 граммаас дээш байх ёстой. 3 граммаас дээш хэмжээний алт худалдах бол үүнийгээ гулдмай болгож, Улсын хяналтын албаар сорьц тавиулсан байх ёстой. Энэ нөхцөлийг хангасан тохиолдолд Монголбанк тухайн өдрийн ханшаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч, төлбөрийг нь бэлнээр бус, харилцах дансанд хийж ирсэн. Монголбанк Лондонгийн металлын захын үдээс хойшхи алтны үнээс хоёр ам.доллар хасч, үүнийг төгрөгт хөрвүүлж дотоодын зах зээл дэх шар металлын ханшийг тогтоодог. Ийм шалгуураар төвбанк сүүлийн таван жилд 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна.

-20 тонн үнэт металл худалдан авав-

Монголбанк 2021 оны арваннэгдүгээр сард 1.86 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тонн үнэт металл худалдан аваад байна. 2021 оны 11 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 килограмм үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны арваннэгдүгээр сард 166,639.90 төгрөг байжээ. 

2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
2021 оны 11 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

-Монголбанкинд үнэт металл тушаахад бүрдүүлэх материал-

Алт нь өнгөт металлын төрөлд багтдаг. Зарим тохиолдолд үнэт металл гэх нь бий. МЭӨ 4-5 зууны үеэс хүн төрөлхтөн алтыг бусад металлуудаас ялган авч хэрэглэх болжээ. Алтанд мөнгө, зэс, төмөр зэрэг металлууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Үүнд хэдий хэмжээний цэвэр алт агуулагдаж байгааг сорьцоор илэрхийлдэг билээ. Ингэхдээ 333, 375, 585, 750, 916, 960, 999 сорьцоор алтны агуулгыг илэрхийлдэг. Хэрэв нэг грамм жинтэй 333 сорьцтой алтан эдлэл байвал, үүний 333 хувь нь цэвэр алт, үлдэх хувь нь өөр металл гэсэн үг юм. Ийнхүү үнэт эдлэл дэх алтны агууламжийг сорьцоор илэрхийлэхээс гадна, каратаар мөн хэмждэг. Тухайлбал, азийн орнууд ихэвчлэн каратаар алтны агууламжийг тодорхойлдог байна. Хэрэв 14 карат байвал тэр нь манайхны нэрлэж заншсанаар 585 сорьцтой монетон эдлэл юм. Өнөөдөр алтаар валютын нөөцөө бүрдүүлж, олон улсын төлбөр тооцоо хийхээс гадна, үнэт эдлэл үйлдвэрлэхэд ашиглаж байгаа юм. Дэлхийн зах зээлд шар алтыг бодвол цагаан алтны үнэ өндөр байдаг. Цагаан алтны физик химийн шинж чанар шар алтнаас илүү байдаг болохоор тэр юм. Монголбанк дотоодын зах зээлд алт худалдаж авахдаа сорьцын бичиг шаарддаг учраас алтны сорьцтой холбоотой дээрх мэдээллийг сонирхуулж хүргэсэн юм.

Монголбанкинд үнэт металл тушаах байгууллагын бүрдүүлэх материал:

  • 1. Лицензийн хуулбар (нэг удаа)
  • 2. ААНБ-ын гэрчилгээний хуулбар (нэг удаа)
  • 3. ААНБ-ын танилцуулга (нэг удаа)
  • 4. Сорьцын бичиг

Монголбанкинд үнэт металл тушаах иргэний бүрдүүлэх материал:

  • 1. Иргэний үнэмлэх
  • 2. Сорьцын бичиг

Монголбанк нь алтны үнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, цагаан мөнгөний үнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5% тус тус суутган өөр ямар нэгэн татвар, хураамж авалгүйгээр тухайн өдөрт нь таны дансанд төлбөрөө шилжүүлдэг байна.

Төрц алт худалдах харилцагчдын бүрдүүлэх материал:

  • 1. Төрц алтыг худалдах тухай харилцагчийн гаргасан өргөдөл,
  • 2. Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн,
  • 3. Байгалийн тогтоц буюу төрц хэлбэрээр олдсон алт 400 граммаас дээш жинтэй байх, эсвэл жин харгалзахгүй онцгой сонин хэлбэр дүрстэй байх,
  • 4. Уг төрц алтны гарал үүслийн мэдээллийг тодорхойлох нотлох баримт, материалтай байх ёстой шалгуурыг төвбанкнаас тавьдаг байна.

Монголбанк 2021-11-19-ний өдөр нэг грамм алт 170,244.27 төгрөгөөр худалдаж авах ханш зарлажээ. Нэг унци алт 31.1 граммтай тэнцдэг. Үүгээр тооцож төвбанк нэг унци алт хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг мэдэх бололцоотой юм. Ер нь төвбанкны зарласан алтны ханш дэлхийн зах зээлийн ханштай ойролцоо байдаг билээ.

-Дэлхийн зах зээлд алтны ханш өссөн нь- 

Дэлхийн зах зээлд өмнө нь нэг америк доллар 0.76 евротой тэнцдэг байсан бол, 2009 оны тавдугаар сарын 6-ны хавьцаа 0.70 евротой тэнцэж байлаа. Долларын ханш еврогийн эсрэг ийнхүү суларчээ. Ер нь америк долларын зургаан валюттай харьцдаг индекс тухайн үед 0,6 хувиар буураад байсан юм. Долларын ханш сулармагц хөрөнгө оруулагчид алт худалдаж авахыг илүүд үзсэн аж. Энэ нь алтны ханш тухайн үед өсөх шалтгаан болж байсан юм. Хөгжингүй орнуудад урт хугацаанд инфляци нүүрлэнэ гэсэн хүлээлт байсан нь алтны ханш өсөх бас нэг шалтгаан болж байлаа. Тухайлбал, 2010 оны аравдугаар сарын 30-ны хавьцаа америкийн эдийн засаг ойрын таван жилийн дотор сэргэхгүй. Японы эдийн засаг мөн адил ойрын хугацаанд уналтаас гарахгүй. Европын холбооны улсуудын гадаад өр боломжит түвшнөөс хэтэрсэн учир хөрөнгө оруулагчид доллар, евро, иенээс зайлсхийж, алт худалдаж авах нь ихэссэн гэж эдийн засагчид тайлбарлаж байлаа. Үүнээс гадна, Америк, Европ, Японы төв банкууд экспортлогчдоо дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор их хэмжээний мөнгө хэвлүүлж зах зээлд гаргах төлөвтэй байсан юм. Эдийн засгийн өсөлтөө ингэж дэмжиж, мөнгөний зөөлөн бодлого явуулснаар дээрх орнуудад инфляци өсч, мөнгөн тэмдэгтийнх нь ханш унах эрсдэлтэй байсан юм. Тиймээс хөрөнгө оруулагчид доллар, евро, иенээс зайлсхийж, алт худалдаж авах нь ихэсч байжээ. Ер нь дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудад инфляци өсч, мөнгөн тэмдэгтийнх нь ханш унавал, алт худалдаж авах нь ихэсч, уг металлын ханш өсөх нь элбэг болох нь дээрх жишээнээс харагддаг. 2009 оны арваннэгдүгээр сарын 7-ны хавьцаа Энэтхэгийн төвбанк Олон улсын валютын сангаас 200 тонн алт 6,7 тэрбум ам.доллараар худалдан авч байснаас үүнийг мөн харж болно. Энэтхэг улс цаашид дэлхийн зах зээлд долларын ханш буурна гэсэн болгоомжлолоор алт худалдан авсан байгаа юм. Тус улс гадаад валютын нөөцөө ханшийн эрсдэлд оруулахгүй байх үүднээс нөөцийнхөө тодорхой хэсгийг алт болгосон гэж тухай үед яригдаж байсан билээ. 

-Инфляци өсвөл, алтны ханш нэмэгдэх нь элбэг-

Инфляци нэмэгдвэл, алтны ханш өснө гэж шинжээчид таамаглах нь элбэг. Тухайлбал, Стандарт чартеред банкны шинжээчид америк долларын ханшийн уналт үргэлжилж, алтны үнэ 1200 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа тухай хэлж байсан юм. АНУ-ын Голдман сакс банкныхан хүртэл нэг унци алт 1200 ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байлаа. Тэгвэл Мицубиши корпорацийн мэргэжилтэн Том Кендал: Алтны үнэ удахгүй 1200 долларт хүрнэ гэж мөн таамаглаж байсан юм. Энэ нь биеллээ олж удалгүй дэлхийн зах зээлд унци алт 1388 ам.доллар болж өссөнөөс харж болно. Азийн орнуудын төв банкууд гадаад валютын нөөц дэх алтны хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт байсан нь шар металлын ханш өсөхөд давхар нөлөөлж байлаа. 2009 оны дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын үед алтны ханш өссөн нь ийм металл олборлодог аж ахуйн нэгжүүдийн хувьцааны ханш өсөхөд хүртэл нөлөөлсөн байдаг. Тухайлбал, манай улсад үйл ажиллагаа явуулдаг Бороо голдын толгой компани болох Канадын Центера голдын хувьцааны ханш Тронтогийн хөрөнгийн биржэд 2008 оны сүүлээр 0.95 доллар болж буурсан бол, 2009 оны эхээр 5.20 доллар болж өссөнөөс харж болно. Үүнээс гадна, гадаад зах зээлд шар металлын ханш өсвөл, алт үйлдвэрлэгч болон экспортлогч орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш өсөх хандлага ажиглагддаг. Австрали улс алтны экспортоороо, Канад улс алт үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравдугаарт ордог. Нэг хэсэг алтны ханш өсч байсантай холбоотойгоор Австрали болон Канад долларын ханш чангарч байсан нь нэгийг хэлэх биз ээ. 2009 онд дэлхийн алтны олборлолт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан байв. Энэ үед дэлхий дахинаа алтны эрэлт нэмэгдэж байсан нь уг металлын ханш өсөх бас нэг шалтгаан болсон гэдэг. Тухайн үед Хятадын алтны нөөц Францаас 2.5, Германаас 3, Америкаас 8 дахин бага байжээ. Хэдийгээр алтны ханш өссөн ч, дунд болон урт хугацаанд буурна гэдгийг монголбанкны мэргэжилтнүүд тухайн үед хэлж байсан юм. Алтны ханш огцом өсч байсантай холбоотойгоор үнэт эдлэл үйлдвэрлэгчид шар металл худалдаж авах нь багассан байв. Энэ нь алтны ханш дунд болон урт хугацаанд эргэн буурахад хөшүүрэг болно гэж төвбанкныхан үзэж байсан юм.

Бороогийн алтны орд

2010.04.27. Монгол Улс. Улаанбаатар хот.Ашигт малтмалын тухай хууль 1997 он хавьцаа батлагдав. Энэ хуулийн 20, 21-р зүйлд Монгол улсад хоёр сая ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компанитай 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулна гэж заасан байлаа. Энэ дагуу манай улс тухайн үед уул, уурхайн дөрвөн компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэдэг. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор Бороо голд, Чинхау Мак, Цайрт минерал зэрэг компаниудтай тогтвортой байдлын гэрээ байгуулсан юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших бороогийн алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулахаар Канадын хөрөнгө оруулалттай Бороо голд компани 1998 оны долоодугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. Бороогийн алтны үндсэн ордод социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж 43 орчим тонн алтны баталгаатай нөөцтэй гэж тогтоосон байдаг. Гэхдээ захын агуулга, жижиг ширхэгтэй алт бүрийг ашиглана гэж тооцвол 70 орчим тонны нөөцтэй хэмээн судлаачид үзэж байлаа. Монголын төв хэсэгт орших дэд бүтэц сайн хөгжсөн, хамгийн ашиглаж болох сор болсон ордын нэг учраас Бороо голд компани тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Тогтвортой  байдлын гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд тус компанийг үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд аж, ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн юм. Харин дараагийн гурван жилд энэ татварын 50 хувийг төлнө. Үүнээс хойш аж, ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь төлнө гэж тогтвортой байдлын гэрээ байгуулсан байна. Энэ компанитай байгуулсан эхний гэрээгээр бол, Бороо голд компани аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 50 хувийг 2001 оноос эхлэн төлөх ёстой байлаа. Гэтэл энэ хугацааг зургаан жилээр хойшлуулж 50 хувь бус, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг дээд тал нь 25 хувь байхаар тогтоож өгсөн гэлцдэг. Тодруулбал, өмнө хийсэн тогтвортой байдлын гэрээнд 2000 онд өөрчлөлт оруулж тус компани 2007 оноос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж эхэлсэн юм. Ингэхдээ, 3 тэрбум төгрөгийн орлого олсон бол 10 хувийн татвар. 3 тэрбум төгрөгөөс дээш орлого олсон бол 25 хувийн татвар ногдуулна гэсэн заалтыг гэрээний өөрчлөлтөд оруулжээ. Үүнээс гадна, тус компанид татварын бусад хөнгөлөлт буюу экспорт, импортын татвараас бүрэн чөлөөлсөн юм. Экспортын гаалийн татвараас чөлөөлсөн нь хэр барагийн аавын хүүд олдохгүй завшаан. Ингэж хэлж байгаа нь, Бороо голд компани Бороогийн ордоос алт олборлож, үүнийгээ ямар ч гаалийн татваргүй экспортлох бололцоо нээгдсэн юм. Тухайлбал, энэ компанийн бороогийн ордоос олборлож экспортолсон алтанд татвар ногдуулахгүй байхаар хөнгөвчилсөн гэдэг. Мөн энэ компанийн гаднаас оруулж ирсэн бараа, бүтээгдэхүүнд ямар ч татвар ногдуулахгүй байхаар тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Ийн таатай хандаж татварын хөнгөлөлт үзүүлж байхад, энэ компанийнхан харамсалтай нь дэндүү харгис хандсан гэхэд хилсдэхгүй. Ингэж хэлж байгаа нь тус компани 2007 оноос өмнө татварын хөнгөлөлт эдэлж байхдаа 43 тонн алт олборлож экспортолсон гэдэг. Тодруулбал, тус компани манай улсад 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулна гэж тогтвортой байдлын гэрээ байгуулсан учир энэ хугацаанд тус ордоос алт олборлох ёстой байлаа. Гэтэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж байх хугацаандаа буюу долоохон жилийн дотор бороогийн алтыг олборлоод дуусгачихсан юм. Энэ талаар тэр үеийн Бороо голд компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Баттөмөр: Тогтвортой байдлын гэрээнд бороо голд компани жилд хэдэн тонн алт олборлох талаар заагаагүй гэсэн тайлбарыг тухайн үед өгч байлаа. Энэ талаар 2009 оны дөрөвдүгээр сарын 28-нд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн н.Энхбат: 1997 оны ашигт малтмалын тухай хууль болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд татвар авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл манай улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, энэ бүх гол татваруудыг бүгдийг нь авахгүй байхаар хуульчилж өгсөн. 1997 оны ашигт малтмалын тухай хуулийн дагуу тогтвортой байдлыг гэрээ байгуулагдаад бүх татваруудыг огт төлдөггүй. Бороо голд компани бороогийн ордоос алт олборлож, хайлуулж гулдмайлаад, тэндээсээ шууд онгоцны буудал дээр зөөж авчирдаг. Шууд гадагш нь зөөж явдаг ийм л компани шүү дээ. Ямар ч татвар төлдөггүй. Монгол Улсад ямар ч ашиггүй. Уг нь хуулийн дагуу бусад аж, ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд дэлхийн зах зээлийн үнээр тушаах ёстой. Бороо голд компани шууд гадагш нь зөөдөг. Бороо голд компанийн толгой компани болох Канадын Центерра голд компани гэж байдаг. Бороогийн алтны ордын хилээс цаашаа Хүдэр, Ерөө гээд үргэлжлээд явдаг. Доошоо Төв аймгийн Жаргалант, Наран толгойн алтны орд мөн үргэлжлээд явдаг. Бороогоос цааш алтны нөөц бүхий тогтоогдсон орд, ирээдүй бүхий талбайнуудын ихэнхийг Центерра голд компани эзэмшиж байгаа. Харин Наран толгойн алтны орд хятадуудын мэдэлд байдаг тухай ярьж байсан юм.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга асан Я.Содбаатар: 

Үүнд тэр үеийн Бороо гоулд компанийн ерөнхийлөгч буюу гүйцэтгэх захирал Жон Касаков: Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж бий. Энэ хуулийн дагуу тогтвортой байдлын гэрээ байгуулаад зарим нэг хуулийн заалт үйлчилж байна. Бидний байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд алт олборлох нөхцөлүүд заагдсан байгаа. Бид анхны техник эдийн засгийн үндэслэлд заагдсанаас илүү хэмжээгээр нөөц ашигласны төлбөр төлөөд байна. Мөн илүү хэмжээтэйгээр аж, ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлсөн. Бас ажилчдын цалин техник эдийн засгийн үндэслэлд зааснаас хоёр дахин их төлөгдөж байна. Бид жилд түлш, цахилгаан гэх мэт ажил үйлчилгээний төлбөрт 71 сая ам.доллар төлдөг. Мөн сард татварт 3 сая ам.доллар төлдөг. Манай хайгуулын хэсэг 25 сая ам.долларыг монгол улсад оруулсан. Тогтвортой байдлын гэрээний дагуу бид алтаа экспортлох эрхтэй. Монголбанкинд алт тушаагаагүй болон 68 хувийн албан татвар төлөөгүй нь тогтвортой байдлын гэрээтэй холбоотой. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулснаас хойш Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдсан. Татварын дарамт дараа нь гарч болзошгүй гэдэг үүднээс Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Бороо голд компанийг 68 хувийн татвар төлөөгүй, Монголбанкинд ямар ч алт тушаагаагүй гэдэг үндэслэлээр буруутгах нь буруу. Тогтвортой байдлын гэрээ болон тухайн үед мөрдөж байсан аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2004-2006 онд зөвхөн аж, ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвараас чөлөөлөгдсөн. Харин 2007 онд тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноос үүдээд Бороо голд компани 2007-2008 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 58.1 тэрбум төгрөг төлсөн. Ер нь тус компани 2004-2008 оны хооронд татварын албанд 124 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үүний зэрэгцээ 1999-2008 оны хооронд Бороогийн уурхайд 220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тиймээс бид монголын алтыг 68 хувийн татваргүйгээр экспортолсон гэдэг ялд унахаас илүүтэй, Монголд томоохон хөрөнгө оруулалт хийсэн компанид тооцогдох ёстой. Сүүлийн үед монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 43 тонн алт татваргүйгээр экспортолсон гэж бичээд байгаа. Үнэндээ бид өнгөрсөн хугацаанд Бороогийн ордоос 41 гаруй тонн алт гадагш экспортолсон. Экспортлох эрх нь байгаа тул бүгдийг хууль, журмын дагуу хийсэн. Тэгэхээр татварт мөнгө төлдөггүй гэх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй юм гэсэн тайлбарыг олон жилийн өмнө өгч байлаа.

41 тонн алтыг өнөөдрийн үнэлгээгээр авч үзвэл хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө. Бороо голд компанийн манай улсад оруулсан хөрөнгө оруулалт, төлсөн татвараас хэд дахин дахин үнэтэй баялаг. Энэ баялгийг 68 хувийн татваргүйгээр гадагш зөөчихөөд монгол улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, бас багагүй хэмжээний татвар төлсөн гэдэг үгээр монголчуудын амыг таглаж орхих нь тэр. Тухайлбал, Бороогийн ордод өнгөрсөн хугацаанд хайгуул хийж 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна, ашигт малтмалын нөөц ашигласны нөөцийн төлбөр, 2007 оноос хойш төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэгт нийт 124 тэрбум төгрөг төлсөн. Мөн монголоос 129 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдаж авсан гэх мэдээллийг хөрөнгө оруулагч тал өгч байсан билээ. Нэг ёсондоо тэд монгол улсад 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл өгсөн юм. Гэхдээ тэдний монголоос олборлосон баялаг үүнээс үнэ цэнэтэй. Тиймээс тогтвортой байдлын гэрээ гадаадын хөрөнгийг монгол руу татах бус. Монголын баялгийг гадагшаа зөөсөн хэрэг мэт харагдах болов. Засгийн газар хөрөнгө оруулалт татах зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлсэн ч, хэсэг хугацааны дараа тогтвортой байдлын гэрээ монгол улсад бус, хөрөнгө оруулагчдад ашигтай болж хувирсан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгөөс нь давсан баялгийг зүгээр шахуу өгөх болов. Тогтвортой байдлын гэрээний хор хохирлын ийнхүү энэ улс багагүй амссан нь энэ. Араасаа ямар үр дагавар дагуулж байгааг бас харах нь тэр. Энэ түүхийг өгүүлээд хэтэрхий оройтсон биз. Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа манай улс зарим зүйл заалтыг орхигдуулдаг нь эцэстээ өөрсдөө буруутан болж үлдэх сургамжийг ийнхүү үлдээлээ. Харин цаашид байгаа алтаа гаднынханд татваргүйгээр өгөхгүй гэх баталгаа бий болов уу.Бороо голд компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Баттөмөр…

-Бороо голдын үлдээсэн сургамж-

Монголын эдийн засгийг хөгжүүлэх гол салбар бол уул уурхай гэж хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Энэ салбарыг хөгжүүлбэл манай эдийн засаг сайжирч, иргэдийн аж амьдрал дээшилнэ гэж ярих хүн цөөнгүй. Үнэхээр энэ салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадвал, монголчууд бид сайхан амьдралтай залгах нь дамжиггүй. Гэхдээ, энэ салбарыг хөгжүүлэх гэж байна гээд буруу замаар будаа тээвэл монголын эдийн засаг дээшилсэн юмгүй, иргэдийн амжиргаа сайжирсан юмгүй, байгаа баялагаа гаднынханд үнэгүй шахуу өгч, өөрсдөө хоосон хоцорч мэдэх юм. Тиймээс энэ салбарыг онцлохыг зорив. 2010 онд манай улсын жилийн төсөв үсрээд 3 их наяд төгрөг байсан бол, гадаад валютын нөөц үсрээд 1 тэрбум гаруй ам.доллараар хэмигдэж байлаа. Энэ мөнгөөр газар доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй гэж тухайн үед ярьцгааж байсан юм. Үүнээс хэд дахин их хөрөнгө мөнгө шаардлагатай учраас тэр юм. Тиймээс энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татаж байна нэрийдлээр баялгаа гадныханд ашиглуулсаар ирсэн тал бий. Үүний нэг тод жишээ бол, бороогийн алтны орд юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Бороогийн алтны үндсэн ордыг 15 жилийн хугацаанд ашиглана гэж Бороо голд компани Монголын Засгийн газартай 1998 оны долоодугаар сарын 6-ны өдөр тогтвортой байдлын гэрээ байгуулсан байна. Тухайн компани олборлосон алтаа монгол улсад бус, өөрсдөө экспорлоод аваад явах боломжийг тогтвортой байдлын гэрээгээр тухайн үед бүрэн олгожээ. Уг компани бороогийн ордод үйл ажиллагаа явуулах 15 жилийн хугацаанд манай улсад чамгүй хэмжээний татвар төлөх учраас ийм хөнгөлөлт үзүүлсэн болохыг холбогдох хүмүүс ярьж байлаа. Харамсалтай нь бороо голд компани заасан хугацаанаас өмнө уг ордын нөөцийг шавхах нь тэр. Өөрөөр хэлбэл, бороогийн ордын 41 тонн алтыг богинохон хугацаанд олборлочихсон юм. Ер нь бороо голд компани өнгөрсөн хугацаанд манай улсад 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Харин тэдэнд өгсөн баялаг 41 тонн алт юм. Эндээс монголчууд гадаадын хөрөнгө оруулалт татах бус. Гадныханд байгаа баялгаараа хөрөнгө оруулалт хийгээд байгаа дүр зураг ажиглагдаж байсныг нуух юун. Өнөөдөр бороогийн алтны ордын тухай ярихад нэгэнт оройтсон сэдэв. Гэхдээ үүнээс бид сургамж авахад илүүдэхгүй юм. 

-Бороо голд 1,2 тонн алт хууль бусаар олборлов-

Бороо голд компани Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших 198а тусгай зөвшөөрөл бүхий Бороогийн ордод үйл ажиллагаа явуулж байхдаа 41 тонн алт олборлож татваргүйгээр экспортолсон гэдэг. Тус компани 2008 оноос эхлэн нуруулдан уусгах технологиор цианит натри ашиглан энэ ордын ширхэг алт бүрийг түүсэн гэх нь бий. Нуруулдан уусгах технологи нь манайдаа цоо шинэ учраас хор уршгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Нуруулдан уусгалт гэдэг нь алтны агууламж багатай, эдийн засгийн үр ашиг муутай хүдрийг цианит натриараар уусгаж, алтыг нь ялгаж авах технологи юм. Бороо голд компани өнгөрсөн хугацаанд алтны агууламж багатай 2 сая куб хүдрээс, 1,2 тонн алт нуруулдан уусгах технологиор олборлосон байгаа юм. Энэ алтыг олборлохдоо 328 тонн цианит ашигласан болохыг албаны хүмүүс тогтоосон байдаг. Нэгэнт алт олборлохдоо цианит натри ашигласан тул ойр орчмын хөрсийг бохирдуулсан уу гэсэн асуулт урган гарч байлаа. Үүнд 2009 оны зургаадугаар сарын 27-ны өдөр тэр үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Я.Содбаатар: Нуруулдан уусгаж баяжуулах талбайн өнгөн талын, нэгдүгээр үеийн политолон хулдаас цоорсоноос гиомебрамын үе рүү цианитын агуулга өндөртэй баяжсан уусмал нэвчиж байгаа нь, цаашдаа тухайн орчны хөрсийг онцгой хортой химийн бодис болох цианитаар хордуулж болзошгүй байна. Их таширийн гүний худгийн усанд магни 38.91 мг нэг литрт байгаа нь бороогийн ус булингартай гарах шинжилгээний хариу гарсан байгаа. Нэг литр усанд цианит 0.1 мг байна. Хаягдлын далангийн зүүн урдаас авсан шаламнаас чанарын урвалаар хийсэн шинжилгээний дүнгээр цианит бас илэрсэн байгаа. Нэг ёсны химийн бодисын хувьд хоёр газраас цианит илрээд байгаа юм. Нэг дахь нь баяжмалын уусмалын тэр нэгдүгээр үеийн политолон хулдаас цоороод, тэгээд мембрамын хоёрдугаар үе завсраар ус орсон. Үүгээр цианит орж ирсэн байгаа юм. Хаягдлын далангийн шалам нь дээрээс цианит илэрсэн. Мөн хатуу хог хаягдлаас цианит илэрсэн байгаа. Биднийг очиж шалгах үеэр нуруулдан уусгалтын үйл ажиллагаа зогсоод үндсэндээ сар болсон. Сүүлийн хоёр сар химийн бодис нэмж хэрэглээгүй. Нэг ёсны химийн бодис байх хэмжээндээ 400 пп-тэй байх ёстой. Энэ 130 пп-тэй гарсан. Нэг ёсондоо тэнд байгаа химийн бодис нэлээд саармагжсан, концентраци нь нэлээд багассан үед очиж шинжилгээ авсан гэх тайлбар өгч байсан юм.

Бороогийн ордод шалгалт орох гэж байгааг Бороо голдынхон эртнээс мэдэж л дээ. Тиймээс байгаль орчинд хор хөнөөлтэй нуруулдан уусгалт буюу химийн бодис хэрэглэхээ түр зогсоогоод байжээ. Тиймээс 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр ажлын хэсгийнхэн бороогийн ордод очиход өмнө нь хэрэглэсэн химийн бодис нэлээд саармагжсан байсныг холбогдох албаныхан хэлдэг. Гэсэн ч, бороогийн ордын хаягдлын далангийн шалаам, мөн хатуу хог хаягдал дээрээс цианит натри 130 пп-гээр илэрчээ. Үүний сацуу тус ордын баяжмалын уусмалын нэгдүгээр үеийн политолон хулдаас цоорсон. Үүнээс болж газрын хөрс рүү цианит алдагдаж эхэлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон түүх бий. Үүнээс болж бороогийн ордын ойролцоох Их таширын гүний худгийн уснаас цианит натри литр тутамд 0.1 мг агуулагдаж байгаа нь тогтоогдож байсан юм. Энэ нь араасаа том аюул дагуулж болзошгүй байдлыг бий болгож байсан нь нууц биш. Цианит натри устай холилдсон үедээ цианийн хүчлийг үүсгэж, улмаар ус, хоол, хүнс, амьсгалын замаар болон арьсаар дамжин хүн, мал, амьтныг хордуулдаг учраас тэр юм. Бороо голдынхонд цианит натри ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлох зөвшөөрөл аваагүй гэдгийг албаныхан хэлдэг. Тодруулбал, тухайн жилд олборлох алтны хэмжээгээ Бороо гоулд компани Ашигт малтмалын газарт мэдүүлэх ёстой. Гэтэл тэд холбогдох албаныханд мэдэгдэлгүй бороогийн алтыг олборлох явцад гарсан хаягдал шорооноос цианит натри ашиглан нуруулдан уусгах технологиор 1.2 тонн алт олборлосон нь хууль бус гэж холбогдох байгууллагууд үзсэн байдаг. Нуруулдан уусгах технологиор алт олборлох зөвшөөрлийг холбогдох яамнаас аваагүй учраас мөн хууль бус үйлдэл болж таарсан. Нөгөө талаас байгаль орчинд хортой технологиор энэ алтыг олборлосон учраас мэргэжлийн хяналтынхан нуруулдан уусгах технологи ашиглахыг хориглосон юм. Яг ямар хууль тогтоомж зөрчсөн талаар тэр үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Я.Содбаатар: Нуруулдан уусгалтын үйлдвэрийг ашиглалтанд хүлээж аваагүй. Техник эдийн засгийн үндэслэлийг батлаагүй үед ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг буруу хэрэглэж, гэрээ байгуулж, олборлож үйлдвэрлэсэн 1.2 тонн алтыг борлуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.4 заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Нуруулдан уусгалтын үйлдвэрийн туршилтын тайланд хүдрийн бутлалтын зэргийг тогтоосон ажлыг тусгаагүй нь газрын хэвлийн тухай хуулийн 29.1 заалтыг зөрчиж байна. Нуруулдан уусгах үйлдвэрийн туршилтын ажиллагааны явцад уусмалын сангийн цоорлыг арилгах битүүмжлэх арга хэмжээ аваагүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 44, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийн 6.1-ийг тус тус зөрчиж байна. Үйлдвэрлэлийн явцад хэрэглэсэн химийн бодисын ашиглалтын тайланг тогтоосон хугацаанд холбогдох газар хүргүүлдэггүй нь мөн байгаль орчны холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байна. Нуруулдан уусгалтын явцад үүсч болзошгүй цианийн хүчлийн агуулгад тавих хэмжилтийн төхөөрөмжгүй байгаа нь Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын тодорхой заалтуудыг зөрчиж байгаа юм гэсэн тайлбарыг тухайн үед өгч байсан нь томоохон сургамж болж хоцорсон гэхэд хилсдэхгүй.

Бороо голд компани ийнхүү зөвшөөрөлгүйгээр цианит натри ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлосон нь манай улсын цөөнгүй хууль тогтоомж зөрчсөн болохыг холбогдох албаныхан хэлдэг. Бороо голд компани зөвшөөрөлгүйгээр цианит натри ашиглаад зогсохгүй, ашигт малтмалын нөөцөд бичигдээгүй алт зөвшөөрөлгүйгээр олборлосон нь тэр үед мөн ил болсон нь энэ. Тодруулбал, энэ компани алтны агууламж багатай хүдрээс цианит натри ашиглан нуруулдан уусгах технологиор 1.2 тонн алт олборлосон байгаа юм. Энэ олборлосон алт нь ашигт малтмалын нөөцөд бичигдээгүй байсан гэдэг. Хууль тогтоомж зөрчин алт олборлож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойр орчмыг цианитаар хордуулсанд нь ямар хариуцлага тооцсон бол гэдэг асуулт урган гарах нь зайлшгүй. Гэвч үүнд албаны хүмүүс энэ талаар ярихад арай эрт байна гэж тухайн үед хэлж байлаа. Гэхдээ огт арга хэмжээ аваагүй гэж хэлж бас болохгүй. Бороо голдын үйл ажиллагааг түр зогсоож, зохих хариуцлага тооцно гэж холбогдох албаныхан хэлж байлаа. Харин иргэний нийгмийн байгууллагууд хууль бусаар нуруулдан уусгаж олборлосон 1,2 тонн алтыг улсын орлого болгох ёстой гэсэн санал хүртэл дэвшүүлж байв. Энэ цагаас хойш асуудал хэний талд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй, нам жим болсон ч энэ асуудлыг эргэн санахад илүүдэхгүй биз ээ. Бороо голд компани нэг талаас нөөц дууссан, нөгөө талаас нуруулдан уусгах технологиор алт олборлуулахгүй байгаа гэдэг үндэслэлээр тухай үед 300 гаруй ажилтнаа цомхотгосон юм. Ийнхүү тус компани ажилчдаа зуу зуугаар цомхотгож байлаа. 15 жилийн хугацаанд олборлох ёстой алтыг 7 жилийн дотор олборлож, ажилчдаа хийх ажилгүй болгож, цомхотгосон нь Бороо голд компанийн удирдлагуудын буруу байлтай. Гэтэл Бороо голд компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Баттөмөр: компанийн удирдлагуудаа зөвтгөсөн хариулт өгч байсан юм. Эндээс бороо голд компани монголын алтыг аваад, эцэстээ ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой үйлдвэрчний эвлэлээ халаасандаа бас хийчихээ юу гэсэн хардлага давхар төрж байсан юм. Ийнхүү Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших бороогийн алтны ордод үйл ажиллагаа явуулж байсан нэгээхэн компанийн түүхээс дурдахад энэ.

Гацууртын алтны орд

Стратегийн 15 орд дээр нэмж 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар тухайн үед төлөвлөж байлаа. Улмаар 2013.05.31-ний улмаар Цайдам нуур, Гацуурт, Хөшөөт, Халзан бүргэдэй, Лугийн гол, Хотгор, Мушгиа худаг гэсэн долоон ордыг стратегийн ордод нэмж оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Гэвч УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн. Тэгвэл, Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээд Халзан бүргэдэй, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол гэсэн газрын ховор элементийн ордууд бүрэн судлагдаагүй учраас стратегийн ордод оруулахгүй байхаар болсон юм. Мон Эн Ко компанийн хөрөнгө оруулагчдын хувьд Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн жагсаалтад оруулахгүйгээр, орон нутагтай хамтран ажиллах санал тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, долоон ордыг стратегид оруулахаар төлөвлөж байсан ч, дундаасаа тав нь хасагдаж, Цайдам нуур болон Гацууртын ордыг хөрөнгө оруулагчдынх нь хүсэлтээр стратегийн ордод оруулахаар болсон юм. Тэгвэл 2014.09.25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших Эрдэнэс-Гацуурт хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д оруулсан юм. Эрдэнэс-Гацуурт компанийн төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу Эрдэнэс МГЛ компаниас гаргуулахаар тухайн үед шийдвэрлэсэн байдаг. Эрдэнэс-Гацуурт компани нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжиж, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ гэж тухайн үед Засгийн газраас мэдэгдэж байлаа. Харин засгийн газар уг ордыг ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон юм. Тэгвэл 2015 оны аравдугаар сарын 25-ны өдөр хавьцаа Ерөнхий сайд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг эрчимжүүлэхийг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байдаг. Мөн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтанд авахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад үүрэг болгож байсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн мандал сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 180 километр, Бороогийн алтны үндсэн ордоос 45 километрт байрладаг. Энэ ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийж, 1992 онд олборлолт эхлүүлсэн байна. Тэгвэл 1997 онд алтны үндсэн судлыг тогтоож, 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авсан байна. Гацууртын үндсэн ордын алтны баттай, бодитой болон боломжтой нөөцийг 50 тонноор улсын нэгдсэн бүртгэлд бүртгэн авчээ. Энэ ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Центерра голд Монголиа компани эзэмшдэг юм. Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоосон байдаг. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзсэн байдаг юм. Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрлүүд урт нэртэй хуулийн хамрах хүрээнд давхацдаг. Хэрэв энэ ордыг стратегийн ордод оруулж, 20:80 хувийн харьцаагаар төртэй хамтран эзэмшвэл, үйл ажиллагаа нь хэвийн явах бололцоотой гэж тухайн үед үзэж байсан юм.Гацууртын ордын талаар олон жилийн өмнө Бороо голд компанийн ерөнхийлөгч буюу гүйцэтгэх захирал Жон Касаков: Канадын Центерра голд компани монгол улсад хоёр охин компанитай. Бороо голд болон Центерра голд монголиа инк компаниуд Канадын Центерра голдын охин компаниуд юм. Манай үйл ажиллагаа нууц биш, олон нийтэд нээлттэй байдаг. Тиймээс гацууртын алтны ордын тухай нуугаад байх зүйл байхгүй. Алтны гацууртын ордын ашиглалтын лицензийг Центерра голд монголиа инк компани эзэмшдэг. Таны асуусанчлан Монголын Засгийн газартай тогтвортой байдлын нууц гэрээ хийх гэж байгаа юм байхгүй. Харин хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр ажиллаж байгаа. Одоогоор Монголын Засгийн газраас ажлын хэсэг гараад Гацууртын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Гацууртын хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ Монголын Засгийн газраас тавьсан шаардлага нөхцөлийг хуулийн дагуу байгуулахаар ажиллаж байгаа. Энэ гэрээг хэд хэдэн яамд хянах байх. Манай толгой компани болох Центерра голд компани Бороогийн уурхай дээр амжилттай ажилласан. Амжилттай ажилласан болохоор хувьцаа эзэмшигчид гацууртын алтны ордод дахин хөрөнгө оруулъя гэж байгаа. Монголд хөрөнгө оруулаад, монголд мэргэжлийн ажилчдыг бэлтгэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Центерра голд компани Бороогийн ордод амжилттай ажилласан тул тус компанийн хувьцаа эзэмшигчид гацууртын алтны ордод хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэсэн тайлбарыг олон жилийн өмнө өгч байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. Нэгэн түүх өгүүлэхэд, Хүннү гүрний их удирдагч Модун Шанюгаас урд хөршийн эзэн хаан хүлэг сайн морио өгөөч гэхэд, тэрбээр өгсөн байдаг. Хоёр орны найрсаг харилцааг бодолцон эрийн хийморийг илтгэдэг хүлэг сайн морио өгч байсан биз… Хөрш улсын түрэмгийлэгч хүлэг сайн морь аваад зогссонгүй, үзэсгэлэнт сайхан хатнаа өгөөч гэж Модунь шанюгаас гуйлаа. Тэрбээр, улс орон, ард түмний амгалан тайван байдлыг бодолцон хайртай хатнаа харийнханд бас л өгчээ. Хөрш улсын хаан хүлэг сайн морь, үзэсгэлэнт сайхан хатан аваад зогссонгүй. Модунь Шанюгаас эх нутгаа өгөөч гэсэн хүсэлт илгээлээ. Харин, Модунь Шаню миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн зарлиг гаргаж байсныг түүх гэрчилнэ. Эндээс бидний өвөг дээдэс, эх нутаг, газар шороогоо юу юунаас илүү эрхэмлэн хайрладаг байсан нь харагдаж байна. Өнөөдөр бидний амьдарч буй өлгий нутаг хэдэн зууны тэртээгээс, эцэг өвгөдийн маань халуун цусаар харийн түрэмгийлэгчдээс хамгаалагдан, Эзэн чингисийн үр сад бидэнд өвлөгдөн үлдсэн ариун дагшин газар билээ. Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн газар шороог хойч үедээ байсан хэвээр нь өвлүүлэн өгөх учиртай. Гэтэл монголчууд бид газар нутгаа хайрлах нь битгий хэл, харийнханд лиценз эзэмшүүлж байгаа нэрийдлээр найр тавин өгсөөр олон жилийг ардаа орхилоо. Бүр Хүннүгийн булш, эд өлгийн зүйл олдсон Ноён уулын амнаас 7,5 километрийн зайд Бороо голд компанийн Гацууртын алтны үндсэн орд оршдог байх юм. Бурханаас харамлаж ирсэн Хүннүгийн газар нутагт Бороо голд компани хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг нь нэгийг бодогдуулах биз ээ.

Асгатын мөнгөний орд

Асгатын мөнгөний орд

-Асгат ашиглалтад орвол ажлын байр нэмэгдэнэ-

2021.05.26. Монгол Улс. Баян-Өлгий аймаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас ард түмнийхээ итгэл сэтгэлийг даах ноён нуруутай, төрийн тэргүүн байж чадах боловсролтой, ардын хүү Ухнаагийн Хүрэлсүхийг илгээсэн билээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Баян-Өлгийчүүд та бүхэнтэй өнөөдөр дахин учран уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын баруун хязгаарт оршин суугаа Баян-Өлгийчүүд та бүхэн сүрлэг өндөр Алтай таван богдын оргил шигээ миний сэтгэлд ямагт халуун дотно байдгийг энэ сайхан уулзалтын эхэнд хэлэхийг хүсч байна. Та бүхэнтэйгээ учран золгох бүрт сэтгэл догдолж, итгэл хүсэл бадарч, урам зориг нэмэгдэж байдгийг хэлэхийг хүсч байна. Монгол Улсын үндэсний цөөнх казах, урианхай, тува, дөрвөд түмэн Баян-Өлгий аймагт эвтэй түнжинтэй сайхан амьдарч, хөдөлмөрлөж байгааг харахад сэтгэл хангалуун байна. Та бүхэн туурга тусгаар монгол улсаа байгуулах үйл хэргийн үргэлжлэл домогт толбо нуурын тулалдааны баатруудын үр сад мөн. Та бүхэн эх орныхоо баруун хилийг хамгаалж, халуун амь, бүлээн цусаа харамгүй зориулсан эх оронч, дайчин хөвгүүдийн ач, гуч, үр сад билээ. Цаг төрийн ороо бусгаа цаг үед Баян-Өлгий аймгийнхан Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөөх тэмцлийн найдвартай суурь нь байж, гуйж дайвалгүй, талцаж хуваагдалгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр МАН-ын бодлогыг тууштай дэмжиж ирснийг та бүхэндээ хэлэхэд таатай байна гэж уулзалтынхаа эхэнд онцолсон юм.  Түүнчлэн тэрбээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд өмнө нь хийж байгаагүй хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэдгийг онцолсон бөгөөд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын ажлыг хүлээн авахад нийслэл хотын агаарын бохирдол, гурван ээлжийн сургууль, цэцэрлэгийн сугалаа, Төв цэвэрлэх байгууламж гэсэн гурван асуудал тулгамдсан байжээ. Харин Засгийн газрын оновчтой бодлогын үр дүнд нийслэл хотод өнөөдөр гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болжээ. Энэ дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд 283 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаас Баян-Өлгий аймагт найман цэцэрлэг, 174 сургууль, 104 эмнэлгийг ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн бүтэн 20 жилийн турш агаарын бохирдлыг бууруулна гэж 800 тэрбум төгрөг зарцуулсан утааг хоёр жилийн дотор 50 хувиар бууруулсан. Иргэд сонгогчдод энэ төрлийн мэдээлэл өгсний дараа нэр дэвшигч У.Хүрэлсүх: Төрийн албанд зориг, сэтгэл чухал юм байна. Хийж бүтээе гэвэл ямар ч ажлыг хийж болдог юм байна гэдгийг бид энэ хугацаанд мэдлээ хэмээн тодотгов. Үргэлжлүүлэн тэрбээр БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ гэсэн уриа дэвшүүлж, сонгуульд оролцож байгаа бөгөөд Асгатын мөнгөний орд, Эрдэнэт үйлдвэр алдагдсан байсныг буцааж авснаа хэллээ. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сард Рио Тинто компанийн захиралтай уулзаж, Оюутолгой, Дубайн гэрээг Монголд ямар ч үр өгөөжгүй болсныг хэлж, гэрээг цуцалж шинэчлэхээр болсноо дуулгалаа. Хууль бусаар алдагдсан орд газруудаа төрийн мэдэлд авч, Монголын ард түмэн байгалийн баялгаасаа хүртэх их ажлын салхийг эхлүүлсэн нэр дэвшигч У.Хүрэлсүхэд Өлгийн ард түмэн талархаж байгаагаа илэрхийллээ. Баян-Өлгийн аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн стратегийн орд газар Асгатын мөнгөний орд газар бий. Уг орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулбал олон мянган залуучууд ажлын байртай болохыг ч нутгийн иргэд хэлж байв. Аймгийн төвөөсөө 350 километрийн зайд орших Булган сумаас залуу үеийн төлөөлөл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн уулзалтад биечлэн оролцохоор зорин иржээ. Тэд хий хоосныг ярьдаггүй хийсэн ажил, хэлэх үгтэй хүн учраас дэмжиж байгаагаа илэрхийлж байв. 

-Асгатын мөнгөний ордын нөөцийг шинэчлэн тогтооно-

2022.01.21. УИХ. Төрийн ордон. Монгол Улс. Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Монгол ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцсон. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар бусад холбогдох байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир хийв. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2020 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, бүрэлдэхүүнд нь Г.Тэмүүлэн нарын гишүүд ажилласан юм.Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг бөгөөд 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологи судалгааны ажлууд хийгдэж, сүүлийн хайгуулын ажил 1991 оноор дуусгавар болсон байдаг. Тус ордын нөөцийг хараахан бүрэн тогтоож амжихгүйгээр хайгуулын ажил зогссон гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдаад Байнгын хорооноос байгуулагдсан дээрх Ажлын хэсэг нь тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор тухайн орд байршиж буй орон нутгийн удирдлагууд болон холбогдох яамдын болон энэ талын мэргэжлийн хүмүүстэй удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож ажилласан гэж байлаа. 2022.01.19-ний өдөр Ажлын хэсэг хуралдаж, Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах ажлыг эрчимжүүлэх, энэ талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд тус ордод нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэн нөөцийг бүрэн тогтоох, нэмж хайгуул хийх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зарлах, мөн тус ордын нарийвчилсан хайгуулын бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг 2024 онд багтаан хийх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэснийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон. Мөн Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, тогтоолын төсөлд Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцтэтгэх болон Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг Эрдэнэс Монгол ХХК хариуцан ажиллах гэсэн саналыг нэмж тусгах шаардлагатай гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100  хувийн саналаар дэмжив. Уг тогтоолын төсөлд Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил хийж, нөөцийг тодотгох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах, Асгатын мөнгөний ордын нарийвчилсан хайгуулын ажлыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг тодотгож шинэчлэн тогтоох болон баяжуулалтын технологийн судалгааг 2024 онд багтаан хийж, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцтэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг Эрдэнэс Монгол ХХК хариуцан ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгон тусгахаар болов гэжээ. 

-Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна-

2022.03.21. Баян-Өлгий аймаг. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгийн удирлагуудтай уулзаж нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар эхлээд мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд

  • Тендерийн сонгон шалгаруулалтыг яаралтай дуусгаж хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Ирэх тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг сайтар хангах, 
  • Атрын IV аянд идэвхитэй оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэдэд Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, саналыг сонсов. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын цөм нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 3-4 дахин нэмэгдүүлэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг Засгийн газар баримтална. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно гэж ярилаа. Уулзалтад Баян-Өлгийн аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 400 гаруй иргэн оролцлоо. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжив. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, Шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрдэнэс Монгол ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг тэмдэглэлийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гардуулж өгөв. Монгол Улсын стратегийн ордуудын нэг болох Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Эрдэнэс Монгол ХХК эзэмшиж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаан нуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжлээ. Цагаан нуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан юм. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг нутгийн иргэдэд танилцууллаа. Мөн Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн Алтай таван богд чиглэлд авто зам барих ажлыг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа. Уулзалтын үеэр иргэд орон нутагт ажилгүйдэл, инфляци, валютын өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй зэрэг асуудлыг хөнджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудын төлөөлөлтэй өнөөдөр мөн уулзаж, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. Алсын хараа -2050 баримт бичиг нь 590 гаруй салангид баримт бичгийг нэгтгэсэн. Тус баримт бичигт манай улс хөгжлийн стратегиа гурван 10 жилээр тодорхойлсны эхний 10 жилийн бодлого нь Шинэ сэргэлтийн бодлого юм. Энэ бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Баян-Өлгий аймаг 113.3  мянган хүн амтай. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2022 оны тооллогоор 2.3 сая толгой мал тоолуулжээ. Тус аймагт Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 1282 иргэн, аж ахуйн нэгжид 45794,4 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайд маргааш казах түмний Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно гэв.

Салхитын мөнгөний орд

Салхитын мөнгөний орд

-Салхитын мөнгөний ордод Эрдэнэс силвер компани үйл ажиллагаа явуулж байна-

2021.11.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Салхитын мөнгө, алтны ордын геологийн судалгаа баялаг түүхтэй. 1966 онд ЗХУ-ын геологич А.А.Храпов нар Дундговь аймгийн нутагт 1:500 000 масштабтай геологи-гидрогеологийн эрлийн ажил хийсэн байна. 1968 онд Д. Величков нар Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт эрэл шалгалтын ажил явуулснаар Модот худагийн боржингийн байршил, түүний хувирлын бүсийг нарийвчлан тогтоож зэс, хайлуур жонш, ховор металлын эрдэсжсэн цэг, хүдрийн илэрц нэлээд хэдийг шинээр тогтоон үнэлэлт өгсөн байна. 1971 онд талбайн баруун хойт хэсэгт 1:200 000 масштабын эрэл зураглалын ажил явуулж дунд-дээд анх төрмөлийн этгүн шохойлог, доод пермийн бялхмал, доод дунд юрын этгүн, дээд юра доод цэрдийн цагаан цавын бялхмал, доод цэрдийн зүүнбаянгийн давхаргадсын этгүн болон дөрөвдөгчийн хурдас ялгасан байна. Доод-дунд юрагын настай эх газрын молассын хурдсыг амьтаны үлдэгдэлээр насыг нь тогтоож хайлуур жонш, хүрэн нүүрс, гөлтгөнө зэрэг ашигт малтмалын хүдрийн илрэл илрүүлжээ. 1979-1983 онд талбайн баруун тийш Л.В.Заботкин нар 1:200 000 масштабтай геологийн тогтоц ашигт малтмалын талаар нилээд материал цуглуулан боловсруулсан байна. Дундговийн өндөрлөгт дунд эрт төрмөлийн настай бялхмал, бялхмал-тунамал, этгүн хурдсыг тус нутгийн хэмжээнд анх ялгасан байна. Мөн Дундговийн өндөрлөгт дунд девоны настай ховор металлаг гүний чулуу өргөн тархсан, мөн Өмнөд Монголын тогтолцоонд тархсан девоны настай гүний чулуулгийг палентологийн олдвороор нас нь батлагдсан тунамал чулуулгийн харилцан байршлаар насны хязгаарыг баттай тогтоосон байна. Баруун ба Төв Монголын хэмжээнд нэг хэлбэршилд хамруулан үзэж байсан гүний чулуулгийг түрүү ба хожуу пермийн гэсэн хоёр хэвшилд багтдаг болохыг баталж хэд хэдэн гүний бүрдлийг нэг насны бялхмал чулуулагтай нэг голомтын эвшил болохыг тогтоожээ. Тус нутгийн геологийн тогтоц, тохрол маягын атираат бүтэц эргэн тохиолдох зэрэг нь уг нутгийн геологийн тогтоцыг түгээмэл тектоникийн шинэ онолоор тайлбарлах боломжийг олгосон байна.  Ажлын үр дүнд Дундговийн хайлуур жоншны бүсийг хэдэн арван километрээр өргөжүүлэн үнэт металл зэрэг ашигт малтмалын шинэ илэрц нэлээдийг тогтоосон байна. 1987-1990 онд Г.Бөмбөрөө, Ш.Лхүндэв нарын геологчид Дундговь аймгийн нутагт 1:200000 масштабтай геологи зураглал ерөнхий эрлийн ажил гүйцэтгэснээр геологийн судалгааны ажлыг гүйцэтгэснээр дараагийн шатны геологийн судалгааны ажлууд эрчимжсэн байна. 2011- 2014 онуудад Ч.Нэргүй, Г.Цагаанцоож нарын геологчид Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Луус, Сайнцагаан сумдын нутгийг хамарсан Мандалговийн 1:50000  масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Дээрх олон жилийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхит нэртэй 2887.85 га талбайг хамарсан MV-021483 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны аравдугаар сарын 14-ны өдрийн 514 тоот шийдвэрээр Төрийн өмчит Эрдэнэс Монголын охин компани болох Эрдэнэс Силвэр ресурсэд олгосон юм. Уг тусгай зөвшөөрлийн талбайн нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших ба Улаанбаатар хотоос урд зүгт 280 км, Дундговь аймгийн төв Мандалговь хотоос зүүн хойш 60 км, Гурвансайхан сумын төвөөс хойш 35 км зайд байрладаг байна.

-Салхитын уурхайд жишиг стандарт бий болгоно-

2022.10.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг эрт төлөвлөж хэрэгжүүлэх нь уурхайг хаах үеийн эрсдэл болон зардлыг бууруулдаг сайн талтайг холбогдох мэргэжилтнүүд байнга анхааруулдаг. Канад улсын Гадаад Хэргийн яамнаас санхүүжүүлж буй Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь /МЕRIT/ төсөл, Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөлийн гол зорилго үүнд чиглэж байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн II үе шатны хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангах стратегийн талаарх мэдээллийг оролцогч талуудад хүргэх, санал солилцох уулзалт сар гаруйн өмнө боллоо. Уулзалтад Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баярбат, CESO суурин төлөөлөгч Женнифер Адамс, MERIT төслийн захирал Р. Алтангэрэл болон УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Усны газар, МХЕГ, Дундговь аймгийн ЗДТГ, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, ИТХ, Чулуут багийн нийтийн хурлын төлөөллүүд оролцсон. Уг жишиг төслийн нэгдүгээр үе шат 2021 оны есдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд хэрэгжихдээ эрх зүйн орчны шинжилгээ, байгаль орчны төлөв байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ зэрэг суурь судалгаа болон уурхайн хаалтын зорилго, зорилтыг талуудын оролцоотой боловсруулах ажлуудыг хийжээ. Төслийн хоёрдугаар үе шат энэ оны зургаадугаар сараас эхэлж Канад болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нэвтрүүлэх, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, үндэсний зөвлөхүүдийн багийг /салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн техникийн баг/ сонгон шалгаруулах ажлыг хийгээд байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал бөгөөд Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баярбат уулзалтын үеэр Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг боловсруулах, цаашид түүнийг хэрэгжүүлэхэд удирдлагын зүгээс анхаарч ажиллах болно. Мөн Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд уг сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой гэлээ. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн хаалтын төлөвлөлт хийх стандарт жишиг бий болох сайн талтай гэж УУХҮЯ үзэж байгаа аж. Уул уурхайн аливаа төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдэд тухайн төслийн ач холбогдол, зорилгын талаар мэдээлж, оролцогч талуудын хамтын ойлголцлыг бий болгох нь хамгийн чухал тул уулзалтыг сар тутам зохион байгуулж, төслийн явц, үр дүнгээ танилцуулан, санал авч хаалтын төлөвлөгөөндөө тусган ажиллах юм гэж Эрдэнэс Монгол компаниас мэдээлэв.

-Салхит, Асгат зэрэг мөнгөний ордуудтай ч хараахан олборлолт хийгдэж үйлдвэрлэл эхлээгүй байна-

2021.11.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Манай улс хэдийгээр Салхит, Асгат зэрэг мөнгөний ордуудтай ч хараахан олборлолт хийгдэж үйлдвэрлэл эхлээгүй байгаа. Ер нь мөнгө нь алтны дараа ордог үнэт металлын нэг. Дэлхий нийт жилд 650 сая унци мөнгө үйлдвэрлэдэг гэх судалгаа бий. Үүн дээр 200 сая унцыг хоёрдогч түүхий эдээс гаргаж авдаг бол, 50 сая унцыг хувийн хэвшлээс худалдаж авдаг байна. Нийлээд дэлхий нийтээр 900 сая унци мөнгө үйлдвэрлэлд ашиглаж байгаагаас 45 хувийг электрон барааны үйлдвэрлэлд, 30 хувийг нь үнэт эдлэл үйлдвэрлэлд, 20 хувийг нь фото аппарат үйлдвэрлэхэд, 5 хувийг хөрөнгө оруулалтын чиглэлд зарцуулдаг гэнэ. 2008 онд дэлхий нийт хамгийн их мөнгө үйлдвэрлэж түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоож байжээ. Боливи, Орос, Перу зэрэг улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор 680.9 сая унци мөнгө үйлдвэрлэсэн байна. Тухайлбал, Перу 118.3 сая, Мексик 104.2 сая, Хятад 82.8 сая, Австрали 61.9 сая, Чили 44.9 сая, Польш 38.9 сая, Орос 36.1 сая, АНУ 36 сая, Боливи 35.8 сая, Канад 21.5 сая унци мөнгө тус тус үйлдвэрлэсэн байна. 2009.05.06-нд гадаад зах зээлд долларын ханш бууж байснаас үүдэн цагаан мөнгөний ханш огцом өссөн үзүүлэлт гарч байсан юм. Тухайн үед Нью-Йоркийн металлын биржэд нэг унци мөнгө 15 доллар 63 центийн ханштай болсон нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр үзүүлэлт гэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, 1987 онд цагаан мөнгөний ханш ингэж өсч байжээ. Тэгвэл 2010.10.14-ний өдөр нэг унци мөнгө 24 доллар 95 цент болж, түүхэнд байгаагүй дээд амжилт дахин тогтоосон юм. Тухайн үед шинжээчид цагаан мөнгөний ханш цаашид өсч, түүхэн амжилтаа дахин эвдэж, 26 долларт хүрнэ гэж таамаглаж байсан юм. Тэгвэл Reuters агентлагийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр silver spot буюу унци цагаан мөнгөний ханш өмнөх өдрөөсөө 1.08 хувиар өсч, 23.38 центийн ханштай байлаа. Харин Монголбанк 2021.11.29-ний өдөр нэг грамм цагаан мөнг 2,073.07 төгрөгөөр худалдан авч байсан юм. Нэг унци 31.1 граммтай тэнцдэг. Үүгээр тооцвол, нэг унци мөнгө 64 мянга 472 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Үүнийг тэр өдрийн монголбанкны америк долларын албан ханшид хуваавал, нэг унци мөнгийг 22,62 ам.доллараар худалдан авч байсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, төвбанк дэлхийн зах зээлийн үнээр цагаан мөнгө худалдаж авдаг юм. Гэхдээ, цэвэршүүлэлтийн зардлыг хасч тооцож цагаан мөнгө худалдаж авдаг гэдгийг энд сануулахад илүүдэхгүй. Тэр ч утгаараа, гадаад зах зээлд унци мөнгөний ханш өсвөл, дотоодын зах зээлд уг металлын ханш дагаад өсдөг. Харин дэлхийн зах зээлд уг металлын ханш буурвал, дотоодын зах зээлд дагаад буурдаг юм.  Манай улс дотооддоо уг металлыг олборлодоггүй байхад, төвбанк хаанаасаа ямар цалин цагаан мөнгө худалдаж билээ гэж гайхах хүн цөөнгүй. Үүнд товчоор хариулахад, алтанд агуулагдаж буй мөнгийг худалдаж авдаг гэж ойлгож болох талтай юм.

-Асгат, Салхитыг эргэлтэд оруулах ажил эрчимжив

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон. Сүүлийн хоёр жилд Засгийн газраас Эрдэнэс Монгол компанийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, сүүлийн 30 жилд хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард Эрдэнэс Монгол компанийн мэдэлд шилжүүлсэн байна. Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж байгаа юм. Мөн өнгөрсөн оны эхээр 6 хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж байгаа юм. Уг ажлыг Эрдэнэс Силвер Ресурс компани хариуцаж, 2021 оны тавдугаар сард тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан Эрдэнэс бондын санхүүжилтийг олгохоор зорьсон байдаг. Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь Салхитын мөнгөний орд хэмээн компанийн удирдлага онцолжээ.

Төмөртийн цайрын орд

Сүхбаатар аймгийн нутагт орших Төмөртэйн цайрын ордод Цайрт минерал компани үйл ажиллагаа явуулдаг. Монголын Засгийн газартай энэ компани 1998 онд тогтвортой байдлын гэрээ байгуулсан юм. Уг компани тогтвортой байдлын гэрээ байгуулсан эхний таван жилд татвараас 100 хувь чөлөөлөгдөж, дараагийн таван жилд татвараас 50 хувь чөлөөлөгдөж, үүнээс хойш татвараа 100 хувь төлөх ёстой байв. Энэ дагуу тус компани 2007 оноос татвараа бүрэн төлж эхэлсэн гэдэг. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалж, гадаад зах зээлд цайрын үнэ хэд дахин унасантай холбоотойгоор Цайрт минерал компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зогсоож, төсөвт төлдөг татварын хэмжээ нь нэг хэсэг буурсан юм. Тухайлбал, Лондонгийн металлын биржэд 2009.02.12-нд нэг тонн цайр 1121 ам.долларын ханштай байсан бол, 2009.02.21-нд 1083 ам.долларын ханштай байсан юм. 2008 онд 3000 ам.долларын ханштай байсантай харьцуулахад, цайрын үнэ дэлхийн зах зээлд 3 дахин унаад байлаа. Энэ нь зарим аймаг санхүүгийн хүндрэлд ороход хүргэж байжээ. Сүхбаатар аймаг Төмөртэйн ордоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг ирсэн байдаг. Гэтэл цайрын үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь Сүхбаатар аймгийн төсөв хүндэрхэд хүргэсэн байгаа юм. Тиймээс Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг Цайрт минерал компани олборлосон бүтээгдэхүүнээ гаднын улсуудад худалдаалахаа түр зогсоож байсан юм. Тэд олборлосон бүтээгдэхүүнийнхээ үнийг дэлхийн зах зээлд өстөл нь худалдахгүй байхаар шийдвэрлэв. Цайрт минерал компани дэлхийн зах зээлд түүхий эдээ гаргахгүй байсан нь Сүхбаатар аймгийн төсөв нэг тэрбум төгрөгөөр хүндэрхэд нөлөөлсөн тал бий. Цайрт минерал компани бүтээгдэхүүнээ худалдаалахгүй байсны зэрэгцээ ажилчдынхаа 10 орчим хувийг цомхотгосон гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм.
Улсын болон орон нутгийн төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг энэ орд дэлхийн зах зээлийн үнэ ханшаас ихээхэн хамааралтай явж ирсэн ч, ирээдүйд ихээхэн ач холбогдолтой гэлцдэг. Сүхбаатар аймгийн нутагт орших Бичигтийн боомтын цаана урд хөрш аж үйлдвэрийн парк байгуулж, төмөр зам тавьж буй мэдээлэл олон жилийн өмнөөс гарч эхэлсэн. Энэ төмөр зам далайн боомттой холбогдох тул Бичигтийн боомтоор дамжин далайд гарч бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэсэн итгэл найдвар энэ нутгийханд бий ажээ. 

-Төмрийн хүдрийн зах зээл ба стратегийн орд-

2022.08.26. Монгол улс. Улаанбаатар хот.Төмрийн хүдрийн жишиг үнийг тогтоохдоо www.umetal.com цахим хуудсанд зарлагдсан Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа FOB үнийг ашигладаг байжээ. Харин жоншны жишиг үнийг www.indmin.com цахим хаяганд зарлагдсан хятадын хайлуур жоншны FOB үнээр тооцож ирсэн байгаа юм. Нүүрсний жишиг үнийн хувьд, Хятадын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалж болох http://en.sxcoal.com хаягнаас авч ашиглаж ирсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр, жонш, нүүрсний жишиг үнийг FOB /барааны үнэ, уурхайгаас далайн эрэг хүртэлх тээврийн зардал, далайн боомт дээрх ачиж буулгах зардал багтсан/ үнээр зарлаж иржээ. Энэ үнээр тооцож, төмрийн хүдэр экспортлогчдоос ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувийн татвар авдаг. Дээр нь төмрийн хүдрийн жишиг үнэ 60-70 ам.доллараар зарлагдвал 1 хувь, 70-80 ам.доллар болвол 2 хувь, 80-90 ам. доллар болвол 3 хувь, 90-100 доллар болвол 4 хувь, 100-аас дээш ам.доллар болвол 5 хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нэмж авч байжээ. Энэ шатлалаар 2014 оны эхний найман сарын байдлаар төмрийн хүдэр экспортлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 23.5 тэрбум төгрөг төлсөн судалгаа бий. Харин 2015 онд тэднээс 76.2 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахаар төсвийн төсөлд тусгасан байлаа. Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа боомтын FOB үнийг үндэслэж жишиг үнийн төсөөллийг гаргахад ийм хэмжээний татвар төлөхөөр байжээ. Хэрэв хилийн DAF үнээр тооцвол яагаад ч ийм хэмжээний татвар төлөхгүй гэж экспортлогчид тухайн үед хэлж байв. Манай улс анх 0,2 сая тонн төмрийн хүдэр экспортолж байжээ. Тэр цагаас хойш төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэн ч, удалгүй экспорт буурч эхэлсэн байна. Энэ нь Бэрэн групп, Ханги хүдэр, Тайшен девелопмент, МГМК, Цахир цагаан гол, Чин хаш, Жинтайхэ, Жүтайюуан, Зө-Юүе зэрэг есөн компани олборлолт, баяжуулалт, экспорт хийгээгүйтэй холбоотой байлаа. Харин Алтайн хүдэр, Анхай интернэшнл, Төмөртолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Жинхуа орд, Засагч чандмань, Инфинитиспейс, Лутчулуу, Монголросцветмет, Эрдэс групп, Болдтөмөр ерөө гол, Фокус металл зэрэг 12 компани экспорт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө үйл ажиллагаа явуулахаар 21 компани төлөвлөгөө гаргаснаас 9 нь зах зээлийн болон бусад шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулаагүй байна. Харин 12 нь үйл ажиллагаа явуулж урд хөрш рүү төмрийн хүдэр экспортолсон байдаг. Тэд мөн ондоо 11 гаруй сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөснөөс, тухайн оныхоо эхний найман сарын байдлаар төлөвлөгөө нь ердөө 37 хувьтай байжээ. Ашигт малтмалын газрынхан үйлдвэрлэгчид мөн оны эхний найман сард 4,7 сая тонныг олборлож, 289 сая ам.долларын өртөг бүхий 3.7 сая тонн бүтээгдэхүүн экспортолсон гэх судалгааг танилцуулж байлаа. Үүгээр тооцвол, экспортлогчид нэг тонн бүтээгдэхүүнээ 78 ам.долларын дундаж ханшаар худалдсан байх барагцаа тоо гардаг. Харин экспортлогчид нэг тонн төмрийн хүдрийг 52 ам.доллараар хятадын худалдан авагчдад нийлүүлсэн гэж мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, манай улс 131-р тогтоолын дагуу, Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчид нийлүүлдэг боомтын FOB үнээр жишиг үнэ зарлаж, үүгээр тооцож төмрийн хүдэр экспортлогчдоос ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувийн татвар авч байжээ. Үүн дээр өсөн нэмэгдэх нөөц ашигласны 5 хүртэлх хувийн татварыг нэмж авч байсан юм. Гэтэл үйлдвэрлэгчид Эрээн болон Бургастайн DAF /барааны үнэ, хил хүртэлx тээврийн зардал, ачиж буулгах зардал зэргийг багтаасан/ үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байжээ. Зарим тохиолдолд EXW /уурхайн амны үнэ, уурхайн амны ачилтын зардал багтсан/ үнээр бүтээгдэхүүнээ хямдаар худалдаалдаг байсан аж. Гэх мэтчилэн DAF болон EXW нөхцлөөр хилийн хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад, боомтын өндөр үнээр нийлүүлсэн гэж үзэн жишиг үнийг FOB нөхцлөөр зарлаж, Ашигт малтмалын болон Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авдаг байсан аж. Нэг ёсондоо, хилийн хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад, боомтын өндөр үнээр нийлүүлсэн гэж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаг байжээ. Тиймээс төмрийн хүдэр үйлдвэрлэгчид жишиг үнэ тооцох энэ аргачлалыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй гэж үзэж байсан юм.

-Энэтхэгийн жишиг үнийг төмрийн хүдэр экспортлогчид санал болгов-

Тэр үеийн Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Баяраахүү: Сангийн яам ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг үндэслэлгүй өндөр тогтоож, төлбөрийг америк доллараар тооцож, Монголбанкны ханшаар авч байгаа нь буруу. Тиймээс бидний тавьсан саналыг Сангийн яам хүлээж авах шаардлагатай байна хэмээн хэлж байлаа. Нэг ёсондоо, хилийн хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад, боомтын өндөр үнээр нийлүүлсэн гэж үзэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах ёсгүй гэж үзэж байсан юм. Тухайн үед Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо: БНХАУ төмрийн хүдрийн томоохон хэрэглэгч, бас худалдан авагч. Тэгвэл хятадын бүтээн байгуулалт 2020 оноос саарахтай зэрэгцээд, төмрийн хүдрийн хэрэглээ буурах төлөвтэй байна. Тиймээс төмрийн хүдэр үйлдвэрлэгч томоохон компаниуд 2025 оноос хойш төмрийн хүдрийн олборлолт, экспортын талаар бизнес план гаргахгүй байгаа. Бидэнд төмрийн хүдрээ борлуулах 10-хан жилийн зах зээл байна. Тиймээс ч, төмрийн хүдэр үйлдвэрлэгчид жишиг үнэ тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй гэж үзэж байлаа. Тухайлбал, олон улсын мэдээллийн эх сурвалжуудын жагсаалтыг гаргаж, тэдгээрээс манай орны нөхцөлд ашиглаж болох үнийн эх сурвалжийг тодорхойлох хэрэгтэй гэсэн саналтай байсан юм. Манай улстай ойролцоо Энэтхэгийн төмрийн хүдрийн үнээр жишиг үнээ тогтоож татвар авах хэрэгтэй гэсэн саналыг Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооноос  гаргаж, Уул уурхайн ямаар дамжуулан Сангийн яаманд хүргүүлж байсан талтай. Ийнхүү хилийн DAF үнэ, боомтын FOB үнийн зөрүүгээс үүссэн татварын асуудлаас болж, үйлдвэрлэгчид болон Сангийн яамны хооронд үл ойлголцол гарч, дунд нь уул уурхайн яам зуучлагч хийж байсан билээ. Тухайн үед Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батхүү: Төмрийн хүдрийн үнэ уналттай байгаа учраас гэрээний үнээр тооцохоор ярилцаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар жишиг үнэ баримталсан хэвээрээ байна. Цаашид зах зээлийн үнээс хамаарч, жишиг үнийн журамд ямар өөрчлөлт орох нь шийдэгдэнэ гэсэн тайлбар өгч байлаа. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр үйлдвэрлэгчид гэрээний үнээсээ татвар төлөх санал гаргасан ч, энэ асуудал шийдэгдэлгүй багагүй хугацаа өнгөрсөн юм. Харин хожим Уул уурхайн яамны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ачитсайхан: Жишиг үнийн энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх талаар тодруулахад, Энэтхэгийн төмрийн хүдрийн үнийг жишиг болгохоор төлөвлөж байна. Энэ асуудал шийдэгдэх байх гэсэн хариултыг 2014 оны сүүлчээр өгч байлаа. Монголын баруун бүсийн төмрийн хүдрийн экспорт Бургастай боомтоор, бусад экспорт Замын- Үүдийн боомтоор хийгддэг. Монголын баруун бүс болон БНХАУ-ын баруун хойд мужуудын дэд бүтцийн хөгжил сул байсан нь аливаа тээврийг газраар хийхээс өөр аргагүй байдалд хүргэж, бүтээгдэхүүний үнийг бууруулах үндсэн шалтгааны нэг болж байжээ. Мөн Монголын Бургастай, Хятадын Лаоемиао хилийн боомтуудын хөгжил сайнгүй байснаас гаалийн агуулахын төлбөр өндөр, олон улсын тээвэрлэлт хийх боломжтой компаниудын тоо цөөн зэрэг үнэ бууруулах бас нэг шалтгаан болж байжээ. Эдгээрийн улмаас манай улсын төмрийн хүдрийн үнэ жишиг үнэд хүрдэггүй байсан аж. Төмрийн хүдрийн жишиг үнэ

-Манай улсад төмрийн хүдрийн боломжит нөөц 1 тэрбум тонноор хэмжигдэж байна-

Манай улсад 40 орчим төмрийн хүдрийн орд бүртгэгдсэн байдаг. Ашигт малтмалын газрын Хар төмөрлөг, өнгөт металл хариуцсан мэргэжилтэн Батмөнх: Эдгээрийн тогтоогдсон нөөц нь 660 сая тонн бол, таамаг нөөц нь 1 тэрбум тонн болохыг одоогоос хэдэн жилийн өмнө хэлж байлаа. Манай улсын төмрийн хүдрийн ордын 70-80 хувийг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд ямарваа нэг байдлаар ашиглаж эхлээд байгааг тэрбээр мөн хэлж байсан юм. Тухайлбал, манай улсад төмрийн хүдрийн ордуудад олборлолт явуулдаг 60 орчим компани байдгаас 41 нь экспорт хийж байжээ. Тухайлбал, Бэрэн групп, Ханги хүдэр, Тайшен девелопмент, МГМК, Цахир цагаан гол, Чинхаш, Жинтайхэ, Жүтай юуан, Зө-Юүе, Алтайн хүдэр, Анхай интернэшнл, Төмөр толгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Жинхуа орд, Засагч чандмань, Инфинити спейс, Лут чулуу, Монголросцветмет, Эрдэс групп, Болд төмөр ерөө гол, Фокус металл зэрэг компаниуд төмрийн хүдрийн экспорт хийдэг гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байсан юм. Ингэхдээ 2005 оноос төмрийн хүдрийн олборлолтоо эхлүүлсэн бөгөөд энэ цагаас хойш жил ирэх тусам уг түүхий эдийн экспорт нэмэгдэж иржээ. Анхны жил 178 мянган тонныг экспортолсон бол, 2020 оны эхний найман сард 5,6 сая тонныг экспортолсон байх жишээтэй. Үндэсний аудитийн газрын гүйцэтгэлийн аудитийн газрын дарга Баттуяа: Манай улс төмрийн хүдрээс экспортын татвар авахгүйгээр зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж авдаг байсан. Татвар бараг авдаггүй атлаа энэ төрлийн түүхий эдээ дэлхийн зах зээлээс хоёр дахин бага үнээр худалдаалж ирсэн учраас төмрийн хүдрийн экспорт жил ирэх тусам нэмэгдэж байсан болохыг одоогоос хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, жишиг үнэ тарласан, ашигт малтмалын нөөц ашигласны болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төрөхөөс өмнө гэсэн үг юм. Төмрийн хүдэр экспортлогчид нэг тонн төмрийн хүдрээ 2011 онд 62 ам.доллар, 2012 онд 82 ам.доллар, 2013 онд 99 ам.доллар, 2014 онд 78 ам.долларын дундаж ханшаар худалдаалсан тоо баримт бий. Энэ нь ямагт дэлхийн зах зээлийн ханшаас доогуур байжээ. Дээр нь гадаад зах зээлд нийлүүлдэг төмрийн хүдэрт агуулагдаж байгаа алт, зэс, мөнгө зэрэг эрдэс бүтээгдэхүүнээ нэгэн үе тодорхойлохгүйгээр гаалиар нэвтрүүлдэг байжээ. Тиймээс манай улс нэг талаас экспортод гаргаж байгаа төмрийн хүдэрт агуулагдаж буй алт, зэс, мөнгөний агуулгыг тогтоох шаардлагатай тулгарсан. Нөгөө талаас төмрийн хүдрээ боловсруулах шаардлагатай тулгарсан юм. Хэдийгээр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн компани байдаг ч, тэд баяжуулалт хийхээс хэтрэхгүй байгаа бөгөөд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй юм. Энд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таян-Нуурын ордод үйл ажиллагаа явуулдаг Алтайн Хүдэр компанийг нэрлэж болох юм. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Баянголын ордод Болд төмөр ерөө компани 2004 оноос хайгуулын ажил хийж 132 сая тонн төмрийн хүдрийн нөөц тогтоожээ. Харин 2007 оноос тус компани төмрийн хүдэр олборлож, баяжуулж, экспортолж эхэлсэн байна. Төмөртэйн ордын тухайд 229 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд жилд 5 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай юм. Тус уурхай 2014 онд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж сүүлийн зургаан жил 11 сая тонн хүдэр олборложээ. Гэх жишээтэй төмрийн хүдрийн орд түшиглэсэн цөөн тооны үйлдвэрүүд байдаг ч, тэд баяжуулалт хийхээс хэтрэхгүй байгаа юм. Тиймээс манай улс өнгөрсөн хугацаанд аргагүйн эрхэнд төмрийн хүдрээ экспортолж иржээ. Төмрийн хүдрээ экспортлоод, эргүүлээд төмөр хийц импортолдог энэ байдлаас салж, төмөрлөгийг үйлдвэртэй болох цаг болсон гэдгийг мэргэжилтнүүд олон жилийн өмнөөс хэлж, ярьж, зөвлөсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлох бус, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатайг мэргэжилтнүүд нэгэн дуугаар илэрхийлсээр олон жилийг ардаа орхисон билээ. Уул уурхайн яам ч Монгол төмөр хөтөлбөрийг боловсруулж, төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар экспортлох хүчин чадал бүхий гангийн үйлдвэр байгуулах зорилт тавьж ажилласан байдаг. Тэр ч үүднээс төмрийн баяжмал үйлдвэрлэл болон барилгын арматур үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж Засгийн газар Чингис бондын хөрөнгөнөөс 50 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

-Харанга ресурсес төмрийн хүдрийн хайгуул эхлүүлэв-

Төмрийн хүдрийн хайгуул хийдэг Харанга айрон компани Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговь аймгуудад Сүмбэр, Төмөртэй худаг, Хөндлөн, Шавдал, Сэлэнгэ төслүүд хэрэгжүүлж ирсэн. Энэ төслүүдэд шаардлагатай хөрөнгийг босгох зорилгоор Харанга айрон компани 2010.12.09-нд Австралийн хөрөнгийн биржэд Харанга ресурсес лимитед нэрээр бүртгүүлсэн байдаг. Ингэхдээ, тус компани анхдагч зах 125 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 20 центийн нэрлэсэн үнээр гаргаж 25 сая доллар босгосон байдаг. Үүний 22 сая долларыг хоёр жилийн хугацаанд дээрх таван төсөлд зарцуулна гэж Харанга айрон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ачит-Эрдэнэ тухайн үед мэдэгдэж байлаа. Төмрийн хүдрийн хайгуулын Сэлэнгэ төсөл нь 11334, 11335, 11336, 11337, 11338 гэсэн таван хайгуулын талбайд явагддаг. Тус талбай нь монгол улсын төмрийн хүдрийн томоохон ордууд болох Ерөө гол, Төмөртэйн ойролцоо оршдог гэдгээрээ онцлог. Тус компанийн геологийн судалгаагаар төмрийн хүдрийн хайгуулын талбай нь Ерөө гол, Төмөртэй, Төмөр толгой зэрэг томоохон ордуудыг холбож байгаа нь мөн тогтоогджээ. Тиймээс тус компанийн явуулж буй төслийн дүнд төмрийн хүдэр олдох найдвар өндөртэй гэж Харанга ресурс компанийнхан үздэг юм. Төслийн Баянцогт талбайд алмазан өрөмдлөг хийхэд төмрийн эрдэсжилтийн огтлолцлын шинж тэмдэг илэрсэн байна. 2008 онд Баянцогтын талбайд өрөмдлөг хийхэд яг ийм шинж тэмдэг илэрч байжээ. Тиймээс тус компанийнхан Баянцогтын талбайд 4000 метрийн гүнд алмазан өрөмдлөг хийхээр төлөвлөж байсан нь саяхан. Ер нь тус талбайд 25 метрийн өрөмдлөг хийхэд 35.5 хувьд нь төмрийн хүдэр илэрсэн байна. Өмнө нь 25 метрийн гүнд өрөмдлөг хийхэд багадаа 31.6 хувийн төмөр, 28 метрийн гүнд өрөмдлөг хийхэд багадаа 30.5 хувийн төмөр илэрч байжээ. Сэлэнгэ төслийн Дунд булаг талбай нь Баянцогтоос 2,5 километрийн зайд орших бөгөөд сүүлийн судалгаагаар төмрийн эрдэсжилт явагдаж байгаа нь тогтоогдсон байдаг. Харанга ресурс компаниас Сэлэнгэ  төслийн талбайд явуулсан соронзон зургаар Дунд булагийн талбайд 600 метрийн гүн бүхий 1,2 километр газарт ер бусын соронзон илэрсэн гэдэг. Сэлэнгэ төслийн Өндөр ухаа талбай нь Дунд булагаас нэг километрийн зайд орших бөгөөд мөн ер бусын илэрцтэй. Гэхдээ Дунд булагт илэрсэн шиг биш гэнэ. Дунд булагийн судалгааны дүнгээс шалтгаалж Өндөр ухаад туршилт явуулах эсэхээ шийднэ гэж тус компанийнхан олон жилийн өмнө мэдэгдэж байлаа. Өмнө нь Дунд булаг болон Өндөр ухаад өрөмдлөг хийж байсан юм. Сэлэнгэ төсөл дэх Хүйтэн голын талбай нь Өндөр ухаа болон Дунд булагаас 6 километрийн цаана юм. Энэ талбай мөн соронзон геофизикийн аномалтай холбоотой. Өмнө нь явуулсан судалгаагаар 14 метрийн гүнд 40,6 хувийн төмрийн агуулгатай. 13 метрийн гүнд 39,4 хувийн төмрийн агууламж байгаа нь тогтоогджээ. Эрдэсжилтийн хэмжээг тогтоож, өрөмдлөгийн огтлолыг баталгаажуулан дараа дараагийн өрөмдлөгийг төлөвлөж байжээ. Ер нь Сэлэнгэ төслийн талбай нь маш их хэмжээний төмрийн хүдэртэй. Төмөр замын дэд бүтэцтэй ойр гэдгээрээ давуу талтай аж. Тус төсөл нь монголын төмөр замаас 20 километрийн зайд, Шарын голын гал тэрэгний буудлаас 40 километрийн зайд оршдог байна. Шавдал лицензийн талбай нь Сүхбаатар аймгийн төв Баруун Уртаас 10 километрийн зайд оршдог. Шавдалын ойролцоо Баруун урт хотыг дайрч, зүүнээс баруун тийш төмөр зам барихаар төлөвлөж байсан нь саяхан. Одоогоос хэдэн жилийн өмнө лицензит талбайн гол хэсэгт 20 цооногт туршилтын өрөмдлөг хийсэн. Үүний 10 цооногт төмрийн хүдэр илэрсэн байна. Ингэхдээ гурван цооногт төмрийн хүдрийн агууламж 28 хувьтай гарсан бол, бусад цооногт 15 хувьтай гарсан байна. Эхний энэ өрөмдлөгөөр Шавдалийн төмрийн хүдрийг эдийн засагт эргэлдүүлж болох дүгнэлтийг тус компани хэдэн жилийн өмнө гаргажээ. Тусгай талбай дахь соронзонгийн тойм хэдэн жилийн өмнө дууссан бөгөөд үр дүнг дараах байдлаар дүгнэжээ.

  • Хайж буй эрдэс тусгай талбайн хэсэгт байна.
  • Соронзон зургаас харахад өрөмдлөг хийх гол хэсэг баруун хэсэгт байж болзошгүй

Тиймээс Харанга ресурс компани Шавдалийн лицензийн хүрээнд өрөмдлөгийг баруун талд болон бусад боломжит газруудад хийх шаардлагатай гэж үздэг юм. Сүмбэр төсөл нь Өмнөговь аймагт оршдог. Ханги Мандал хилийн боомтоос 50 километрийн зайд оршдог бөгөөд төмрийн хүдрийн Агаруут ордын зэргэлдээ оршдог. Сүмбэрийн өрөмдлөгийн ажил хэдэн жилийн өмнө дууссан бөгөөд төмрийн хүдэр байж болох хоёр хэсэгт гурван туршилтын өрөмдлөг хийгдэж байжээ. Лабораторийн шинжилгээгээр төмөр болон марганцын эрдэсжилт өрөмдлөгийн явцад илрээгүй. Тиймээс энэ тусгай зөвшөөрлийн талбайд дахин туршилт хийх хэрэгтэй гэж үзсэн юм. Ойролцоо нь төмрийн хүдрийн Агаруут болон Элстэй оршдог учраас тэр юм. Дундговь аймагт төмрийн хүдрийн хайгуулын хоёр тусгай зөвшөөрлийн хүрээнд Төмөртэй худаг төсөл явагддаг. Төсөл нь дэд бүтэцтэй ойр. Чойрын төмөр замын терминалаас 180 километрийн зайд оршдог. Төмөртэй худаг дахь эхний өрөмдлөг олон жилийн өмнө дууссан байдаг. 47 цооногт нийт 3790 метрийн гүний өрөмдлөг хийснээс 14907 тоот хайгуулын лицензийн өмнө талд хайж буй зүйл нь илэрсэн гэлцдэг. Ер нь нийт талбайн өрөмдлөгөөс 6 талбайд төмрийн хүдэр 15 хувийн агууламжтай байгаа нь тогтоогдсон. Дараагийн өрөмдлөгөөр тухайн бүсийн гүн дэх төмрийн эрдэсжилтийн зэрэглэлийг шалгаж баталгаажуулах үлдээд байлаа. Ер нь тус талбайд хийсэн соронзонгийн зураглалаар багагүй хэмжээний төмрийн хүдрийн нөөцтэй болох нь ажиглагдсан аж. Хөндлөн төсөл нь 26 километр квадрат талбайг хамрах хайгуулын нэг тусгай талбайн хүрээнд хийгдэж буй. Хэнтий аймагт оршдог бөгөөд өмнөх геологийн хайгуулын судалгаагаар төмрийн хүдрийн агууламж 51 хувьтай байгаа нь тогтоогдсон. Геологийн хайгуулын болон соронзон орны зураглал мөн хийгдсэн аж.Haranga iron компани Австралийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргах үеэр тус компанийн ТУЗ-ын гишүүн Д.Ачит-Эрдэнэтэй хийсэн ярилцлага…

-Дархан-Уул аймагт хар төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжүүлнэ-

Манай улсад тогтоогдсон төмрийн хүдрийн нөөцийн тал хувь нь Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт төвлөрч буй. Тйимээс Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Жигжид: Боловсруулах үйлдвэрийг төмрийн хүдрийн бүсэд барьж байгуулах нь оновчтой гэж үзэж байлаа. Тэр ч үүднээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг Дархан-Уул аймагт хөгжүүлэхээр тусгаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлж байгаа Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг цаашид дэмжиж, Монгол гангаар улсаа хөгжүүлэхээ илэрхийлсэн байдаг. Улсдаа анхдагч энэ үйлдвэр 1990 онд уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагджээ. Гложекс холдинг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Наранбаатар: Ганц байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр харамсалтай нь баяжмалаас бус, хаягдал төмрөөс эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаад асуудлын гол нь оршиж байсныг хэлдэг. Энэ үйлдвэр жилд 121 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн ган хайлуулах хэсэгт 2017 онд даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч термийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартыг нэвтрүүлсэн байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дэмжиж ажиллахаа мөн илэрхийлээд буй. Ингэхдээ арматурыг дотооддоо үйлдвэрлэж, чанартай бүтээгдэхүүнийг барилгын компаниудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхий захирал М.Отгонбаяр, Кью Эс Си компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй эрчим хүчний найдвартай эх үүсвэр, орон нутгийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон эдгээр асуудлыг холбогдох яам, орон нутгийн удирдлагатай ярилцаж, богино хугацаанд шийдвэрлэх боломжтой талаар хариу мэдэгдсэн байдаг юм. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ган бөмбөлөгийн худалдан авалтыг дэмжиж ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад уламжлахаа мэдэгдэж байсан билээ. Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байгаа. Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцуулдаг. Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол, энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ. Салбарын яамны мэдээллээс үзвэл энэ онд 220 мянган тонн арматурын хэрэгцээ байгаа. Ирээдүйд энэ хэрэгцээг дотоодоосоо хангах зорилт тавьж байгаа юм. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлсэн 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн төмөр, арматурын хэрэгцээг дотоодоосоо хангахаар зорилт тавьсан билээ.

-Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчидтай уулзав-

2022.04.16. Сангийн яам. Монгол улс. Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчдад танилцуулсан юм. Концесс эзэмшигч Кью Эс Си компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, зэрэг ажлыг хэрэгжүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж үзсэн байгаа юм. Цаашид засгийн газар үйлдвэрийн удирдлага, менежментийг сайжруулж, дотоодын төмөрлөгийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах, үйлдвэрлэлийн ажлыг тогтмолжуулахад анхаарч ажиллана гэдгийг  Сангийн сайд Б.Жавхлан тухайн үед онцолсон байдаг. Мөн үйлдвэрийн ажилчдыг халахгүй, цалин хангамжийг бууруулахгүй гэдгийг хэлсэн юм. Ажилчдын цалин хангаж, нийгмийн асуудлыг сайжруулах талаар үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй мөн уулзалт хийсэн байдаг. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын хувьд төрийн мэдэлд шилжиж байгаад баяртай байгаагаа хэлж байв. Мөн тоног төхөөрөмж, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг онцолж байсан юм.

-Жоншны зах зээл-
Жонш

2022.08.26. Монгол улс. Улаанбаатар хот.Дэлхий дээр хагас тэрбум тонн хайлуур жоншны боломжит нөөц бий гэсэн судалгаа байдаг. Харин яг тогтоогдсон нөөц нь 240 сая тонн юм.
Манай улс жоншны нөөцөөрөө Өмнөд Африк, Мексик, Хятадын дараа дөрөвдүгээрт бичигддэг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт нөөцийн 9 хувь буюу 22 сая тонн нь манай улсад тогтоогдсон байна. Энэ нөөцийн 93 хувь нь Дорноговь, Хэнтий, Дунговь, Өмнөговь гэсэн дөрвөн аймагт байдаг аж. Үлдэх хувь нь Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай, Төв аймагт тогтоогджээ. 2014.10.01-ний байдлаар дээрх аймгуудад энэ чиглэлээр нийт 132 компани үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэдний дийлэнх нь гар аргаар жонш олборлож байсан бол, 43 нь уурхайн чиглэлээр, 17 нь баяжуулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байлаа. Уурхайн болон үйлдвэрлэлийн чиглэлээр Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж ирснийг энд дурдаж болно. Монголросцветмет компанийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр Улаанбаатар хотоос 310 километрийн зайтай, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрладаг. Бор өндөрийн уурхай 1985 онд ашиглалтад орсон бөгөөд жонш, төмрийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бор-Өндөрийн уурхай ашиглалтад орсон цагаас хойш техникийн шинэчлэл хийгдээгүй явж иржээ. Тиймээс 2007 оноос тус үйлдвэрт техникийн шинэчлэл эхлүүлсэн юм. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчилснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг 20 хувиар нэмэгдүүлж, эрчим хүчний зарцуулалтыг 25 хувиар бууруулсан болохыг тус үйлдвэрийнхэн 2009.11.28 хавьцаа хэлж байсан юм. Бор-өндөрийн уурхай жилд 500 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан бол, техникийн шинэчлэл хийснээр жилд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин  чадалтай болжээ.

-Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал-

Монголросцветмет компанийн мэдээллээр 2018.04.05-ны өдрийн байдлаар жоншны үйлдвэр нь жилд 550-600 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай. Үүнд:

  • Бор-Өндөрийн далд уурхай жилд 230 мянган тонн хүдэр
  • Хөшөөт, Адагийн далд уурхай жилд 150 мянган тонн хүдэр
  • Хөх Дэлийн ил уурхай жилд 60 мянган тонн хүдэр
  • Өргөний ил уурхай жилд 100 мянган тонн хүдэр тус тус олборлох хүчин чадалтай
  • Тэгвэл Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр жилд 550-600 мянган тонн хүдэр боловсруулж, 110-120 мянган тонн ФФ-95, ФФ-97 маркийн флотацийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай гэжээ.

Төмрийн үйлдвэрийн Баргилт цех нь жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай ил уурхай аж.

  • Жилд 400 мянган тонн хүдэр боловсруулж 180 мянган тонн 52%-ийн агуулгатай хуурай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай соронзон баяжуулах төхөөрөмж
  • Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр жилд 550-600 мянган тонн хүдэр боловсруулж 240 мянган тонн 65%-ийн агуулгатай нойтон төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. 
  • Өөрөөр хэлбэл, сард 40 мянган тонн хүдэр боловсруулж, 20 мянган тонн 65%-ийн агуулгатай нойтон төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай

-2008-2009 оны хямралын үед Монголросцветмет компани ашигтай ажиллав-

2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан хямралын үед дийлэнх үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байхад, Монголросцветмет компани ашигтай ажилласан байдаг. 2008 онд тус компанийн борлуулалтын орлого өмнөх оноосоо 40 гаруй хувиар буюу 10 тэрбум төгрөгөөр өссөн бол, цэвэр ашиг нь 700 орчим сая төгрөгөөр өссөнөөс харж болно. Ингэснээр тус компани 2008 оны эхний есөн сард улсын төсөвт нийт 6.8 тэрбум төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 1.2 тэрбум төгрөг төлсөн гэдэг. Дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалж тус компанийн үйлдвэрлэлдээ ашигладаг материал, сэлбэгийн үнэ буурсан учраас ашигтай ажиллах бололцоотой болжээ. Тиймээс тус компани 2009 онд 2.9 миллиард төгрөгийн цэвэр ашигтай, 49 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэж тооцоолж байлаа. Борлуулалтаа 2008 оныхоос 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсөвт 5,9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байсан гэдэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд компанийн бүтээгдэхүүнийг оросын тал өөрийн нутгаар тээвэрлэхэд төмөр замын тарифын хөнгөлөлт үзүүлэлт шаардлагатай байжээ. Харин монголын талаас Монголросцветмет компанийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар батлуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх шаардлагатай байсан аж. Ингэснээр тус компанийн бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлоход оросын тал импортын гаалийн 15 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдэх байжээ. Үүнээс гадна, энэ үйлдвэртэй холбоотой сонирхол татам мэдээлэл бол Монголросцветмет компанийн монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхэд зориулж, манай улс хойд хөршөөс 174.2 сая доллар зээлж байсан гэдэг. 2011.03.23-ны хавьцаа Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Пүрэвсүрэн: Монголросцветмет компанийн монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхэд зориулж манай улс хойд хөршөөс 174.2 сая ам.доллар зээлж байсан. ОХУ-д төлөх ёстой их өрийн 97.8 хувийг нь тэгэлсэн. Энэ өрийг тэглэхэд Сангийн яамны Төрийн сангийн газар нэлээд үүрэгтэй ажилласан талаар дурдаж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

-Манай улсын дэлхийн зах зээлд нийлүүлдэг жоншны экспорт буурав-

Хятад, Америк, Мексик, Европын холбооны орнууд хими, хөнгөн цагаан, төмөрлөгийн үйлдвэрлэлд жилд 7 орчим сая тонн хайлуур жонш хэрэглэдэг судалгаа бий. Үүний 60 орчим хувийг Хятад дангаараа нийлүүлдэг бол, 20 хувийг Мексик хангаж иржээ. Бор-өндөрийн уурхай техникийн шинэчлэл хийснээр бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, Европын холбооны улсууд руу экспортлох боломж бүрдсэн гэдэг. Тус үйлдвэрийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүнийг оролцуулаад, манай улс 2011 онд жоншны экспортоороо Хятад, Мексикийн араас гуравдугаарт бичигдэж, дэлхийн нийт экспортын 7-8 хувийг хийж байсан юм. Гэвч үүнээс хойш таван жилийн хугацаанд манай улсын жоншны экспорт огцом буурсан байдаг. Манай улс 2010 онд 543 мянган тонн, 2011 онд 403 мянган тонн, 2012 онд 429 мянган тонн, 2013 онд 330 мянган тонн баяжмал экспортолсноос үүнийг харж болно. Харин 2014 оны эхний 10 сарын байдлаар 258 мянган тонн жоншны хүдэр ба баяжмал экспортолсон үзүүлэлт гарч байсан юм. /Зарим тохиолдолд 2010 оны эхний найманд сард 132 мянган тонныг экспортолсон гэж ярих нь ч бий/. 2011 онд жоншны экспортоороо Хятад, Мексикийн ард гуравдугаар бичигдэж байсан манай улс энэ байр сууриа алдсан нь дээрх тоо баримтаас илт харагдана. 2014.10.01-ний өдөр тэр үеийн Монголын жоншны холбооны гүйцэтгэх захирал Мөнхбазар: Энэ нь сүүлийн жилүүдэд жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүндрэлд орсонтой холбоотой болохыг хэлж байлаа. Жоншны салбарынхан хүндрэлд орсон шалтгааныг мэргэжлийн холбоо нь хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарлаж байсан юм. Нэгдүгээрт төмөрлөгийн үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалж дэлхийн зах зээлд дээрх металлургийн баяжмалын эрэлт буурсан нь үнэ унахад нөлөөлсөн. Хоёрдугаарт хойд хөрш манай улсын бүтээгдэхүүнээс татгалзах болсон. Гуравдугаарт эрэлт буурч байхад хайлуур жоншны хүдрийн агуулга бага буюу 39 хувь байсан нь дэлхийд тэргүүлэгч орнуудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүйд хүрсэн. Дөрөвдүгээрт уул уурхайн үйлдвэрлэлд усны нөөц ашигласны төлбөр 8 дахин, төмөр замын ачаа тээврийн тариф 30 хувиар өссөн. Тавдугаарт жоншны жишиг үнийг өндөр тогтоож, их татвар авч байсан нь үйлдвэрлэгчдийг ангал руу түлхэж, татварын өрөнд дарагдахад хүргэсэн. Эдгээр нь тус салбар уналтад ороход нөлөөлсөн гэж үзэж байлаа.

-Үйлдвэрлэгчид жоншны жишиг үнэ тогтоох аргачлалыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэв- 

Манай улс хэдэн жилийн өмнөөс жоншны жишиг үнийг www.indmin.com цахим хаяганд зарлагдсан хятадын хайлуур жоншны FOB/жоншны үнэ, уурхайгаас далайн эрэг хүртэлх тээврийн зардал, далайн боомт дээрх ачиж буулгах зардал багтсан/ үнээр зарлаж эхэлсэн юм. Харин үйлдвэрлэгчид жоншны баяжмалаа хилийн DAF/жоншны өөрийн өртөг, хил хүртэлx тээврийн зардал, ачиж буулгах зардал багтсан/ нөхцлөөр худалдаж иржээ. Өөрөөр хэлбэл, манай улс Тяньжин боомтын үнээр жишиг үнэ зарлаж байхад, үйлдвэрлэгчид Наушик болон Эрээний хилийн үнээр бүтээгдэхүүнээ худалдаж ирсэн хэмээн гомдолж байсан юм. Нэг ёсондоо, хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад, өндөр үнээр зарсан гэж үзэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаг хэмээн ярьж байлаа. Тухайлбал, тухайн үед жоншны хилийн DAF үнэ 180 ам.доллар байсан учраас үүнээс дээд тал нь 18 ам.долларын ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөхөөр байсан гэж үйлдвэрлэгчид ярьж байсан удаатай. Гэвч манай улс жоншны FOB үнийг 330 ам.доллараар зарлаж, 180 ам. долларын борлуулалтын үнээ 33 хүртэлх ам.долларын ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авч байсан аж. Энэ талаар тэр үеийн Монголын жоншны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Зоригоо: FOB –Тяньжин боомтын үнийг халж, DAF-НАУШКИ, DAF-ЭРЭЭН хилийн үнийг жишиг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, далайн боомт хүртэлх тээвэр, ачилт буулгалт, орон нутгийн хураамж зэрэг зардлуудыг хасаж жишиг үнэ тогтоох. Эсвэл салбарын төлөөллүүдийн тэгш оролцоотой үнийн комисс байгуулж, гэрээний үнийн дунджаар жишиг үнэ тогтоох. Эсвэл, ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тал хувиар бууруулж, нийт 5 хувь болгох хэрэгтэй хэмээн ярьж байсан юм. Тэгвэл ингэх бололцоо бий эсэхт тухайн үед Уул уурхайн яам: Эхний ээлжинд нүүрсийг гэрээний үнэд шилжүүллээ. Араас нь төмрийн хүдрийг гэрээний үнэд шилжүүлэхээр судалж байна. Үүний дараа жонш гэрээний үнэд шилжүүлэх боломжтой эсэхийг судална гэсэн тайлбар өгч байсан билээ.

-Монголросцветметийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээв-

Монголросцвемет компани Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд орших ХV-003595 дугаартай Түйн голын эх, XV-004211 дугаартай Түйн гол нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг байжээ. Эдгээр нь нийт 24670 га газрыг хамардаг. Үүний тал хэсэг буюу 12060 га талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг дээр давхацжээ. Засгийн газрын 2012 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 194-р тогтоол болон урт нэртэй хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагтай давхацсан учир Монголросцвемет компанийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн түр түдгэлзүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор оросын талаас манай улсын Гадаад харилцааны яаманд ноот бичиг ирүүлж байжээ. Энэ дагуу Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Гадаад харилцааны яамны албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг 2014 онд Монголросцвемет компанийн хайгуулын талбайд ажиллаж дүгнэлт гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаар 2009.01.16-нд, Оросын төрийн ДУМ-аар 2009.12.23-нд батлагдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс Засгийн газар 2014.09.02-ны өдрийн ээлжит бус хуралдаанаараа хилийн зааг тогтоох тухай Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ус болон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцолд өөрчлөлт оруулсан байгаа юм. Ингэснээр тухайн үеийн Монгол-Оросын хамтарсан Монголросцвемет компанийн үйл ажиллагааг тогтворжуулаад зогсохгүй, хоёр орны хамтын ажиллагаанд чухал алхам болно гэж Засгийн газар үзжээ. Энэ талаар тэр үеийн Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүү: Урт нэртэй хуулийн дагуу голын урсац бүрэлдэх хэсэгт зөвшөөрөөгүй. Боломжит хэсэгт нь хайгуул хийхийг зөвшөөрч байгаа юм гэсэн хариулт өгч байлаа. Тэрбээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хэдэн жилийн өмнө ажлын айлчлал хийх үеэрээ Монголросцветмет компанийн өнөөгийн хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн асуудлыг тавьсан. Тиймээс Монгол Улсын Их Хурлаар 2009.01.16-нд, Оросын төрийн ДУМ-аар 2009.12.23-нд батлагдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хамрагдаж байгаа хэсэгт хайгуулын ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь олгож байгаа. Хайгуулын ажил дуусч боломжит нөөц тогтоогдвол, хоёр улсын байгаль орчны яам үүнийг ашиглах үгүйг хамтран шийдвэрлэнэ. Хэрэв ашиглахаар болвол байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах ямар боломж байна гэдгийг хоёр тал судална. Хэрэв хайгуулаар бага нөөц тогтоогдож, олборлоход байгаль орчинд хохиролтой бол ашиглахгүй гэж ярьж байсан юм. 

-Нүүрсний зах зээл ба стратегийн орд-

Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн болон Олон улсын эрчим хүчний зөвлөл дэлхийн нүүрсний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалж зарладаг. Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн дэлхий дээр 1 их наяд гаруй тонн нүүрсний нөөц үлдсэн. Үүнийг 135 жил олборлох боломжтой гэсэн судалгааг 2013 онд гаргаж байлаа. Тэгвэл Олон улсын эрчим хүчний зөвлөл дэлхийн нүүрсний нөөц 892 тэрбум тонн бөгөөд үүнийг 113 жил ашиглах боломжтой гэсэн судалгаа гаргаж байсан юм. Эдгээр байгууллагаас зарласан нөөцийн 75 хувь нь ердөө тавхан улсад бүртгэгдсэн байдаг. АНУ 237 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дэлхийд тэргүүлсэн бол, ОХУ 157 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө хоёрдугаарт бичигджээ. Тэгвэл БНХАУ 115 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө гуравдугаарт, Австрали 76 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дөрөвдүгээрт, Энэтхэг 60 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө тавдугаарт бичигдсэн байгаа юм. Харин дэлхийн нүүрс үйлдвэрлэлийн тухайд 2014 онд 8 тэрбум тоннд шүргэж байлаа. Үүний 40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл, 15 хувийг гангийн үйлдвэрлэлд ашиглажээ. Дэлхийн эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийг мэдээж нөөцөөр тэргүүлэгч орнууд үйлдвэрлэдэг. Хятад нүүрсний нөөцөөрөө гуравдугаарт бичигддэг ч, үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт бичигддэг байх юм. Тус улс 2013 онд нийт 3.5 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэсэн бол, 2014 онд 4,7 тэрбум тоннд хүргэх зорилт тавьж байлаа. Харин Америкийн компаниуд жилд 1.2 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Тиймээс үүнд тулгуурлан жилд тогтмол ийм хэмжээний нүүрс үйлдвэрлэдэг байсан ч, байгалийн хийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний хэрэглээ буурч үйлдвэрлэл нь 900 гаруй сая тонноор хэмжигдэх болсон. Тус улсын үйлдвэрлэл ирэх хорин жилийн хугацаанд энэ хэмжээнд тогтвортой байх төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Америк нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг ч, үйлдэрлэлээрээ Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Энэтхэг улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигддэг бол, үйлдвэрлэлээрээ гуравдугаарт бичигддэг байна. Энэтхэгийн эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор нүүрсний үйлдвэрлэл нь дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, гаднаас түүхий эд импортолж буй. 2013 онд 613 сая тонн нүүрс дотооддоо үйлдвэрлэсэн бол, гаднаас 180 сая тонн нүүрс нэмж импортолсон байх жишээтэй. Индонези улсын тухайд нөөцөөрөө манайтай ижил шахуу ч үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. Тус улс 2013 онд 489 сая тонн нүүрс үйлдвэрлэж 426 сая тонныг нь гадаад зах зээлд экспортолж байснаас жишээ татан дурдаж болох юм. Өөрөөр хэлбэл, олборлосон бүтээгдэхүүнээ бүгдийг нь гадаад зах зээлд гаргадаг улс гэж ойлгож болох юм. Австрали нүүрсний нөөцөөрөө дөрөвдүгээрт, үйлдвэрлэлээрээ тавдугаарт бичигддэг. Тус улсад дэлхийн нүүрсний нөөцийн 10 орчим хувь байдгаас дийлэнх нь Квинслэнд, Уэльсийн өмнөд бүсэд тогтоогдсон. Нүүрсний олборлолт энэ бүс нутагт гол төлөв явагддаг байх нь. 2013 онд тус улс 489 сая тонн нүүрс олборлож 336 сая тонныг нь экспортолсон байгаа юм. Орос нүүрсний нөөцөөрөө Америкийн дараа хоёрдугаарт бичигддэг. Тэгвэл үйлдвэрлэлээрээ дээрх таван орны ард зургаадугаарт жагссан байна. Тус улсын нүүрсний компаниуд 2013 онд 347 сая тонн нүүрс олборлож 140 гаруй сая тонныг экспортолсон байна. Сүүлийн үед тус улсын дотоодын зах зээл дэх байгалийн хийн эрэлт нэмэгдсэн учраас, нүүрсний дотоодын эрэлт буурч, экспорт нэмэгдэх хандлага ажиглагдах болжээ. Харин манай улс нүүрс үйлдвэрлэл, экспорт, борлуулалтаараа хаах нь яваа бол. Манай улсад одоогоос хэдэн жилийн өмнө 21,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарч байв. Тухайн үед нүүрсний нөөцөөрөө дэлхийд аравдугаарт бичигдэж байсан юм. Энэ цагаас хайгуул судалгааны ажлаар нүүрсний нөөц нэмэгдсэн нь ойлгомжтой юм. Дэлхийн улс орнууд жилд 7 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэдэгээс 1 тэрбум тонн нь коксжих нүүрс юм. Үүний 309 тонныг дэлхийн зах зээлд экспортолдог гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байлаа. Үүний 40 хувийг Австрали дангаараа хангадаг бол, 15 хувийг Америк, 9 хувийг Канад, 4 хувийг Орос нийлүүлж байжээ. Австрали улсын Куинслэнд мужийн уурхайн 85 хувийг, Вуэлсийн уурхайн 73 хувийг ил аргаар олборлодог. Ил уурхайн олборлолтын зардал, далд уурхайг бодвол харьцангуй бага. Гэвч, сүүлийн жилүүдэд австралийн нүүрсний нөөц ашигласны татвар, ажиллах хүчний зардал, тээвэрлэлтийн зардлууд нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын нүүрсний өөрийн өртөг нэмэгдэх болжээ. Тухайлбал, Рио тинто компанийн Куинслэнд муж дахь гурван уурхайн нэг тонн нүүрсний олборлолтын өртөг одоогоос хэдэн жилийн өмнө 133 ам.доллар болж, арван жилийн өмнөхөөс 3,4 дахин өссөн үзүүлэлт гарч байсан юм. Тиймээс австралийн коксжих нүүрс нийлүүлэгчид болон ган үйлдвэрлэгчид хэдэн жилийн өмнө коксжих нүүрсний үнийг 143 ам.долларын ФОБ  нөхцлөөр зарлаж байлаа. Япон, Солонгосын гангийн үйлдвэр болон Австрали, Америк, Канадын нүүрс үйлдвэрлэгчдийн хооронд байгуулсан урт хугацааны гэрээний үнийг үндэслэн дээрх үнийг гаргаж байсан юм. Харин хятадын коксжих нүүрсний үнэ 2009-2011 онд 40 орчим хувиар өссөн ч, 2012 оноос эргэн унасан юм. Тухайлбал, Шаньси Люлин бүс нутгийн бүрэн коксжих нүүрс тонн тутамдаа 850 юань болж 44 хувиар буурсан байдаг. 2015-2018 оны хооронд Шаньси мужийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 40-60 сая тонноор нэмэгдэж, нийлүүлэлтийн илүүдэлтэй байсан нь уг түүхий эдийн үнэ дөрвөн жил дараалан тонн тутамдаа 200 юаниар буурах дохиог өгч байсан юм.

-Vale-ийн илрүүлсэн нүүрсний орд-

Вале компани 1942 онд Бразилийн Засгийн газрын санаачлагаар байгуулагдаж байжээ. Харин 1997 онд хувьчлагдсан юм байна. Хэдэн жилийн өмнө Вале компанийн 42 орчим хувийг тус улсын Үндэсний ган компани эзэмшиж байсан байна. Харин үлдсэн хувийг нь олон нийт эзэмшиж байлаа. Тодруулбал, Вале компанийг хувьчлахдаа 52 хувийг нь Бразил болон Америкийн хөрөнгийн зах зээл дээр арилжаалсан юм байна. Хэдэн жилийн өмнөөс Вале-ийн охин компани болох Тефис майнинг манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Ингэхдээ, зэс, нүүрс, никель болон бусад металлын хайгуулын урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч 10 компанийн нэгд тооцогдох VALE компанийн монгол дахь салбар болох Дефиз майнинг компани хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан сумын Тугалгатай хэмээх газраас 3 тэрбум тонн нүүрсний орд илрүүлсэн тухайгаа зарласан юм. Энэ нь 6.4 тэрбум тонн нүүрсийн нөөцтэй тавантолгойн ордын дараа орох асар том  нөөц юм. Өөрөөр хэлбэл, тавантолгойн орд манай улсын нүүрсний хамгийн том ордод тооцогддог. Тэгвэл үүний дараа орж болохуйц 3 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий орд газар хэдэн жилийн өмнө буюу 2008 онд илэрсэн байлаа. Тиймээс энэ ордыг стратегийн ордод хамааруулж болох тухай асуудал тэр үед яригдаж байсан нь нууц биш. Энэ талаар тэр үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Уул уурхайн газрын дарга Батбаяр: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж Ашигт малтмалын хуульд зааснаар үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой ордыг хэлдэг. Хэнтийн аймгийн Мөрөн, Жаргалтхаан сумдын нутагт Дефис майнинг /Tethys mining/ компани 2005 оны тавдугаар сард хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл авсан юм. Энэ тусгай зөвшөөрлийн талбай дээр гидрогеологи, геофизикийн зураглалын ажлуудыг гүйцэтгэсэн. Мөн 5000 орчим метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, урьдчилсан байдлаар 3 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоогоод байна. Энэ нөөцөөр стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд оруулж болохоор байгаа юм. Тавантолгойн орд 6,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, Багануурын нүүрсний уурхай 1,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Эдгээр ордууд стратегийн ордод хамаардаг. Үүнтэй нөөц нь дөхөж очих учраас стратегийн ордод оруулж болохоор нөөцтэй юм гэж үзэж байгаа. Одоогоор тус компани нарийвчилсан хайгуулын ажил хийж байна. Товчхондоо, хайгуулын ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн үг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нүүрснийхээ ордын нөөцийг баттай буюу бодитой гэсэн хоёр зэрэглэлээр батлуулсны дараа энэ орд яг хичнээн хэмжээний нөөцтэй юм бэ гэдэг талаар бид ярих бололцоотой болох юм. Тэр үед энэ ордыг стратегийн ач холбогдолтой ордод оруулж болох уу, үгүй юу гэдэг асуудал тусдаа тавигдана. Мэдээж хууль эрхзүйн талаасаа энэ орд стратегийн ач холбогдолтой ордод багтах бүрэн бололцоотой юм. Гэхдээ өнөөдөр энэ талаар ярихад эрт байна. Ямар ч байсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөцөө оруулж батлуулахаар үүний дараа энэ асуудлыг хөндөж тавих талдаа байх болов уу гэсэн тайлбарыг 2008 онд өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, урьдчилсан хайгуулаар ийм хэмжээний нөөц бүхий орд илэрсний дараа дээрх мэдээллийг өгч байсан юм. Нарийвчилсан хайгуул хийж нөөц нь бүрэн тогтоогдвол стратегийн ордод оруулж болох тухай асуудал яригдаж магадгүй хэмээн албаныхан хэдэн жилийн өмнө ийн мэдэгдэж байсан ч, ийм орд байдаг талаар өнөөдөр мэддэг хүн тун цөөн. Дээр нь уг ордыг стратегийн ордод хамруулах эсэх, нарийвчилсан хайгуулаар нөөц нь хэд гэж тогтоогдсон талаарх мэдээлэл бүрхэг хоцорсон юм. Зарим тохиолдолд уг ордыг Чандганы нүүрсний орд хэмээн нэрлэх нь бий.Vale-ийн илрүүлсэн нүүрсний орд

-Улаан овоогийн нүүрсний орд-

Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас урагш 24 километрийн зайд, Зэлтэрийн сангийн аж ахуйгаас баруун тийш 7 километрийн зайд, Шаамар төмөр замын станцаас баруун тийш 120 километр зайд байрладаг. Зэлтэрийн хөндийд байрлах Улаан овоогийн ордын газарзүйн солбилцол: өргөрөг нь 50^19^00″, уртраг нь 104^58^00″ юм. 1943 онд 1:200000 геологийн зураглал М.В. Бегов хийсэн. 1979 онд нарийвчилсан хайгуул, 1993-1995 онд гүйцээх хайгуул хийсэн байдаг. 1979 онд өрөмдлөгийг 100-200*40-100 метр, 350-550*100-200 метр тороор явуулсан. Шуудууг гар аргаар 3 метрээс хэтрэхгүй гүнтэйгээр малталт явуулсан. Ордын хэмжээнд нүүрсжилт бүхий хурдсыг дээд /аргиллиттай/, доод /элсэн чулууны/ зузаалагт хуваадаг байна. Аргиллит бүхий зузаалаг нь саарал, бор саарал өнгөтэй, нягт, нэг төрлийн аргиллит тогтоно. Зүсэлтэд эхлээд алевролит, элсэн чулууны үе, тэгээд саарал өнгөтэй, жижиг зэргийн ширхэгтэй элсэн чулууны зузаалаг нэлэнхүйдээ байна. Дээд зузаалагт нийлмэл бүтэцтэй чулуун нүүрсний давхарга оршино. Давхарга II нь ордын баруун IIа, IIб болон салаалах ба IIа-гийн дээд, доод талд нарийн үеүдтэй болно. Энэ хэсэгт 7,47-39,97 метр дундаж нь 19,5 метр, IIб нь 9,02-39,89 метр дундаж нь 33,86 метр болж зузаарна. Нарийн үеийн зузаан 2,73:, 4,87 метр байна. Нүүрс нь хар өнгөтэй, чулуулаг, гялгар, хагас гялгар, заримдаа бүдэг, хөнгөн байна. Текстур нь 1 төрлийн, заримдаа зурваслаг структур нь нягт цул байна. Нүүрсний химийн найрлагаар: SiO2-53,96%, Fe203-9.48%, MgO-1,34%, P205-1.57%, TiO2-0.9%-0,12%, K2o-1,42%, Mn-0.15%, Al203-20.08%, CaO-3.58%, Na2O-0,52%, SO3-0,89% байдаг. Нүүрсний эзэлхүүн жин 1.22-1.43 г/см.куб. Нүүрс гадаргуугаас 2,5-26 метр хүртэл исэлдсэн байна. Нөөцийг 1979 оны Улаанбаатарын ГУГ-ын хийсэн эрэл-нарийвчилсан хайгуулаар блокын аргаар А,B,C1,C2 зэргээр бодож, ГУУҮЯ-ны ШУТЗ-ийн 1989 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн протоколоор баталж байжээ. Нөөцийн бүртгэлд 1981 онд авсан. Геологийн хайгуулын ажлын нийт өртөг 602581.0 төгрөг. 1993-1995 онд Эрдэнэт концерны гүйцээх хайгуулын ажлаар C2-29979.99 мянган тонн, P1-58167,4 мянган тонн нөөц тооцсон. Гүйцээх хайгуулын ажлын зардал 515273 мянган төгрөг болж байжээ. Харин хэдэн жилийн өмнө Геологийн мэдээллийн төвийн тайланд албан ёсоор энэ нөөцийг баталсан баримт тусгагдаагүй талаар дурдсан байв. Энэ ордод хэн үйл ажиллагаа явуулдаг нь олон нийтэд төдийлөн бүрхэг байж ирсэн. 1980-аад онд монгол-оросын геологичд илрүүлж, 208 сая тонн нүүрсний нөөц тогтоогдсон уг ордын тусгай зөвшөөрлийг тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг, манай улсад үйл ажиллагаа явуулж ирсэн Канадын Ред хилл энержи компани Щвейцарын Фалькон Майнинг компанид 30 сая ам.доллараар шилжүүлэх тухай мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байлаа. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дахь Улаан-Овоогийн нүүрсний ордын 5895Х дугаартай хайгуулын, 1231А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Канадын ред хилл энержи компани 2006-2007 онуудад Очир компаниас шилжүүлэн авч байсан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан билээ.

-Багануур, Шивээ-овоогийн нүүрсний орд-  

Багануур хувьаат компани 2021 оны нэгдүгээр сарын эхний 10 хоногт 2210 вагон нүүрс ачих төлөвлөгөөтэй ажилласнаас 2347 вагонд ачилт хийсэн байдаг. Ингэснээр төлөвлөгөөг 137 вагоноор давуулан биелүүлжээ. Хүйтний эрч чангарсан, иргэдийн дулаан, эрчим хүчний төлбөрийг төрөөс төлж байсан ид ачааллын үед хоногт дунджаар 234 вагон нүүрс ачин төвийн бүсийн дулааны станцуудад нийлүүлж байсан гэсэн үг юм. Багануур ХК нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо компаниудын үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэл шат дараатайгаар хийхээр болсон юм. Үүнд шаардагдах хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон байдаг. Энэ дагуу Багануур болон Шивээ-Овоо компанийн зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 6,7 метр кубын хүчин чадалтай экскаватор 3 ширхэг, 100 тоннын даацтай автосамосвал 6 ширхэг, 60 тоннын даацтай автосамосвал 8 ширхэг, гинжит бульдозер 2 ширхэг, нийт 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брендийн 19 ширхэг машин техникээр Багануур, Шивээ-овоогийн нүүрсний уурхайн техникийг 2022.04.20-ны өдөр шинэчилсэн билээ. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк болох JBIC хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэсэн юм. Тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж, энэхүү тендерт Японы 5 компани оролцсоноос тендерийн баримт бичгийн бүрдэл зэрэг бусад холбогдох шаардлагыг KOMATSU-ийн худалдааны төлөөлөгч болох Трансвест монголиа компани хангаж шалгарсан байна. Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, Эрдэнэс Монгол гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хоёр уурхайн техникийн тодорхой хэсгийг шинэчлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу амжилттай гүйцэтгэсэн нь энэ юм. Багануур болон Шивээ-Одоогийн нүүрсний орд стратегийн ач холбогдол бүхий ордод хамаардаг. Эдгээр ордын нөөцийг тус бүрээр нь авч үзвэл: 

-Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээ-

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг Эрдэнэс Монгол ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийж дуусгажээ. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж, улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэснээ тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдэгджээ. Уг зээл хүү багатай бөгөөд Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар Эрдэнэс Монголын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Цаашид хоёр уурхайн үйл ажиллагаа хэвийн найдвартай үргэлжлэх боломж бүрдсэн гэнэ. Тус хоёр уурхайд 1998 онд Монгол нүүрс төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл хийсэн юм. Ийнхүү 22 жилийн дараа техникийн томоохон шинэчлэл хийж байгаа нь энэ юм.

Багануурын нүүрсний орд: Улаанбаатар хотын Багануур дүүрэгт оршдог. 1989 онд нарийвчилсан хайгуулын ажлыг дуусгасан. Үүгээр нөөц А – 38.9 сая тонн, В – 178.5 сая тонн, С – 295.4 сая тонн болох нь тогтоогдсон. Зарим тохиолдолд 1.3 тэрбум тонн нүүрстэй нөөцтэй гэж ярих нь бий. Багануурын нүүрсний уурхай жилийн 3 сая тоннын хүчин чадалтайгаар олборлолт явуулж ирсэн. Ингэснээр 2008 онд нийт тогтоогдсон нөөцийн 35 хувийг ашигласан гэх мэдээлэл гарч байсан бол, 2021 оны байдлаар нийт нөөцийн 40 орчим хувийг ашигласан гэх судалгаа гарчээ.

Шивээ-овоогийн нүүрсний орд:Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд, Улаанбаатар хотоос зүүн урагш 250 километрийн зайд оршдог. Шивээ Овоогийн нүүрсний ордын нөөцийг 1989 онд эцэслэн тогтоосон бөгөөд А+В+С1-564.1 сая тонн юм. Шивээ овоо компани энэ ордоос жилд 1.6 сая тоннын хүчин чадлаар нүүрс олборлодог юм.

Шивээ-Овоогийн ордын геологийн зураг

-Нарийн сухайтын нүүрсний орд-

Нарийн сухайтын нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Улаанбаатар хотоос 849 километрийн зайд оршдог. Аймаг, сумын төвүүдтэй ердийн шороон замаар хэдэн жилийн өмнө холбогдсон. Газрын гадарга нь ордын орчимд нам толгодорхог. Ордоос хойш 5-7 километрийн зайд Ноён, Тостын нуруу оршдог ажээ. Энэ нь 150-300 метрийн өндөртэй уул, нуруу, хадан хясаадаас бүрддэг. Нүүрс нь 7-19.8 хувийн үнсжилттэй, 30.9-37.5 хувийн дэгдэмхий бодистой, 6435-6935 ккал/кг илчлэгтэй, 1.03-2.8 хувийн чийгтэй. Үеийн зузаан нь 6-13 мм бүхий ГЖ төрөлд хамаарах чулуун нүүрс юм. Мөн бага зэрэг буюу 1,8 сая тонн антрацит тогтоогджээ. Хайгуул хийгдсэн Хүрэн толгой, Зүүн хэсгүүд нь геологийн тааламжтай нөхцөлтэй. Хүрэн толгойн хэсэгт 25.89 метр куб/цаг, зүүн хэсэгт 9.21 метр куб/цаг, 0.8-4.5 г/л эрдэсжилттэй аж. Нөөц нь 75-90 метрийн гүнд буюу 1450 метрийн үнэмлэхүй төвшин хүртэл 125,5 сая тонн. Үүнээс үйлдвэрлэлийн А+В+С1 зэргээр 35,8 сая тонн. Хайгуул хийгдсэн Хүрэн толгойд 7,2 сая тонн, Зүүн хэсэгт 21.8 сая тонн гэж тогтоожээ. Тус орд стратегийн ордод хамаардаг бөгөөд Чинхуа-Мак-Нарийн сухайт болон Монголын алт компани Монгол улсын Засгийн газартай хийсэн тогтвортой байдлын гэрээний дагуу ашиглаж ирсэн байна. Тодруулбал, Хятадын хөрөнгө оруулалттай Чинхау мак – Нарийн сухайт компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний ордыг ашиглахаар Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. Гэрээг 2005.07.04-ний өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан гэдэг.  Гэхдээ энэ компани тогтвортой байдлын гэрээ байгуулахаас хоёр жилийн өмнө буюу 2003 оноос Нарийн Сухайтын ордод олборлолт явуулж эхэлжээ. Тогтвортой байдлын гэрээнд Чинхау мак – Нарийн сухайт компани үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй. Харин дараагийн таван жилээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 50 хувийг төлнө гэж тусгасан байдаг. Үүгээр тооцвол, энэ компани аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөгдөх хугацаа хэдийнэ дууссан. Нарийн сухайтын нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг Чинхуа-Мак компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Гүндэнбал: 2008 оноос эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 50 хувийг төлөх хугацаа нь эхэлсэн. Үүнийгээ ч төлж эхэлсэн болохыг одоогоос хэдэн жилийн өмнө илэрхийлж байсан билээ. 

-Хөшөөтийн нүүрсний орд-

Газрын тос, нүүрс, байгалийн хий, өнгөт болон хар төмөрлөг, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай Монголиа Энержи корпораци /MEC/ 2007 онд байгуулагджээ. Монголиа энержи корпораци нь Хятадын Шинжэнд эрчим хүч, нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна, МоЭнКо охин компаниараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг юм. Ховд аймгийн Дарви сумын нутагт орших 1414А дугаартай Хөшөөт гол, 1640А дугаартай Хөндлөнгийн хөтөл, 4322А дугаартай Хөндлөнгийн гол, 6525А дугаартай Хөшөөт, 11887А дугаартай Хөшөөт хөндлөн, 11888А дугаартай Хамар даваа болон 15289А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бүгд Хөшөөтийн уурхайд багтдаг. Нэг ёсондоо дээрх долоон талбайгаас Хөшөөтийн орд бүрддэг юм. Ашигт малтмалын газрын Нүүрсний судалгааны хэлтсийн Түлшний судалгааны тасгийн даргаар ажиллаж байсан н.Батбилэг болон МонЭнКо компанийн Төр засаг олон нийтийн байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн захирал н.Баттулга нар Хөшөөтийн уурхайн батлагдсан нөөц 85,7 сая тонн хэмээн хэлдэг. Лиценз эзэмшигч, лиценз олгогч хоёр тал Хөшөөтийн уурхай ийм хэмжээний нүүрсний баталгаат нөөцтэй хэмээн мэдэгддэг юм. МонЭнКо компани Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордын нөөцийг тогтоож олборлолт хийхээр болсноо дэлхий нийтэд зарласан даруй Хонгконгийн хөрөнгийн биржэд 0276 кодоор хувьцаагаа арилжаалдаг тус компанийн хувьцааны ханш 2008 оны тавдугаар сарын 30-нд түүхэн дээд цэгтээ хүрч, 17 хонконг доллар 70 цент болж өсч байсан удаатай. Нөгөө талаас, 2007 оны тавдугаар сард Хөшөөтийн ордын зэргэлдээ орших Ганцмодны талбай, 2008 оны тавдугаар сард Говь-Алтай аймгийн Олонбулагт нүүрс, төмрийн хүдрийн хайгуул хийх зөвшөөрөл авсан нь тухайн компанийн хувьцааны ханш ингэж өсөхөд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Хөшөөтийн ордын хайгуул судалгааны ажил үр дүнгээ өгч, өөр талбайд нэмж хайгуул хийхээр болсон нь тус компанийн хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн юм. Энэ цагаас хойш хөрөнгө оруулагчдыг татахуйц олон ч мэдээлэл тус компани дэлхий нийтэд цацсан. Тухайлбал, Дорноговь аймгийн нутагт орших газрын тосны хайгуулын Эргэл 12-р талбайд газрын тос болон байгалийн хий хайхаар Засгийн газартай гэрээ байгуулсан гэдгээ МонЭнКо компанийнхан 2008 оны есдүгээр сард зарласан юм. Тус компани Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж 150 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө босгож, үүний багагүй хувийг Хөшөөтийн уурхайд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулсан талаар МоЭнКо компанийн Төр олон нийттэй харилцах хэлтсийн захирал н.Баттулга хэлж байлаа. МонЭнКо компанийнхан Хөшөөтийн уурхайд таван жилийн хугацаанд 650 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр техник эдийн засгийн үндэслэлдээ тусгаж байсан талаар Ашигт малтмалын газрынхан хэлдэг. Үүний 866 сая юаниар Хөшөөтийн ордоос Хятадын Шинжэн Уйгар хүрэх авто замын ажлыг 2008 оны долоодугаар сард эхлүүлж, 2009 онд дуусгасан болохоо тус компанийнхан мөн зарлаж байсан юм. Зам ашиглалтад орсноор жилд 3 сая тонн нүүрс олборлож экспортлох боломжтой болжээ. Тиймээс эхлээд Хөшөөтийн ордоос 200 гаруй тонн нүүрсийг Ярантын боомтоор экспортолж Шинжэнд захиалагчид нь хүргэжээ. Хөшөөтийн уурхайн нүүрс сайн чанарын учраас хятадын гангийн Бао стийл бай компани 2010-2020 оны хооронд хамгийн багадаа 10 сая тонн нүүрс импортолж авахаар урт хугацааны гэрээ 2010 оны нэгдүгээр сард үзэглэсэн байна. Ийнхүү Хөшөөтийн уурхайгаас жилд 1 сая тонн нүүрс олборлож экспортлохоор төлөвлөсөн учраас Авсралийн Лейтон ази компаниар нүүрс олборлуулахаар 273 сая долларын гэрээг 2010 оны зургаадугаар сард үзэглэж байжээ. Лейтон холдинг 2007 оноос хойш өөрийн Лейтон ази компаниараа дамжуулан монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ мэтчилэн Монголиа Энержи корпорацийн хувьцаа өсч болохуйц олон ч мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Гэвч тус компанийн хувьцааны ханш сүүлийн жилүүдэд өсөх бус, уруудсаар байгаа юм. Тухайлбал, 2010 оны есдүгээр сард тус компанийн хувьцаа 6 хонконг доллар, 2010 оны арваннэгдүгээр сард 3 хонконг доллар, 2011 оны гуравдугаар сард 1.6 хонконг доллар болж буурсан юм. Үүнийг хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарладаг. Эхнийх нь яахын аргагүй 2009-2010 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралтай холбоотой юм. Үүнээс гадна, Ховд аймгийн засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчийн хурал, мэргэжлийн хяналтын газар Хөшөөтийн ордоос түүхий нүүрс экспортлохыг хориглох шийдвэр гаргаж байжээ. Хөшөөтийн нүүрсийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох. Нөгөө талаас жин хэмжүүр шаардлага хангаагүйгээс болж Хөшөөтийн уурхайгаас хэчнээн тонн нүүрс экспортолж байгаа нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр холбогдох байгууллагууд дээрх шийдвэрийг гаргаж байжээ. Хөшөөтийн уурхайгаас нүүрс экспортлох болон олборлуулах урт хугацааны гэрээг хятадын болон австралийн компаниудтай байгуулсан ч, холбогдох газрууд нүүрс экспортлохыг хориглох шийдвэр гаргасан нь Монголиа Энержи корпорацийн хувьцаа унахад хүргэсэн гэдэг. Гэхдээ удалгүй нүүрс экспортлохыг хориглох шийдвэр цуцлагдаж, МонЭнКо бүтээгдэхүүнээ 2011 оны есдүгээр сараас хэвийн нийлүүлж эхэлсэн ч, тус компанийн хувьцааны ханш эргэн өсөөгүй билээ. Хөшөөтөд үйл ажиллагаа явуулдаг МонЭнКо компанийн 30 хүртэлх хувийг монголчууд, үлдэх хувийг хятадууд эзэмшдэг гэх нь бий.Хөшөөтийн илрүүлсэн нүүрсний орд

-Соут гоби сэндс компани нүүрсний дөрвөн ордод төвлөрч үйл ажиллагаа явуулж байжээ- 

Монгол улсад ашигт малтмалын хайгуул хийхээр Азиа голд компани 2002 онд орж иржээ. Энэ компани хайгуул хийх хөрөнгө босгох үүднээс 2003 оны арванхоёрдугаар сарын 15-нд Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан байна. Ингэхдээ, анхдагч зах зээлд 5 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 3 долларын нэрлэсэн үнэтэйгээр гаргажээ. Тронтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй энэ компанитай хамтран ажиллах гэрээг Айвенхоу майнз компани 2005 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулсан байх юм. Үүнтэй холбоотойгоор Айвенхоу майнз нь Азиа голд компанийн 51 хувийг эзэмших эрхтэй болжээ. Харин үүнээс хоёр жилийн дараа буюу 2007 оны тавдугаар сарын 1-нд Айвенхоу майнз компани Азиа голдын үлдэх хувийг худалдаж авсан байна. Энэ даруй Тронтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Азиа голд компанийн нэрийг өөрчилж, Соут гоби ресурс болгожээ. Ингэж л, Айвенхоу майнзын охин компани болох Соут гоби ресурсес байгуулагдсан түүхтэй. Нэгэн үе Соут гоби ресурсес компани Айвенхоу майнзын мэдэлд 100 хувь байсан ч, аажмаар эзэмшлээ бага багаар бууруулсан байна. Соут гоби ресурс компани тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдагаас гадна, 2010 оны нэгдүгээр сарын 29-нд Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан байдаг. Ингэхдээ, тус биржэд 27 сая ширхэг хувьцаа нэг бүрийг нь 17 доллараар гаргасан гэдэг. Энэ үед хятадын төрийн өмчит хөрөнгө оруулалтын корпораци Соут гоби ресурсийн хувьцаа эзэмшигч болж амжжээ. Ингэхдээ хятадын төрийн өмчит хөрөнгө оруулалтын корпораци Соут гоби ресурсес компанид зээлдүүлсэн 250 сая доллараа хувьцаанд хөрвүүлсэн байна. Ингэснээр Соут гоби ресурсийн 57.6 хувийг Айвенхоу майнз компани эзэмшиж эхэлсэн бол, 14 хувийг нь Хятадын хөрөнгө оруулалтын корпораци эзэмших болжээ. Харин үлдэх 28 хувийг Дече банк, Сити групп, Фулблум, Ланд Риз зэрэг хөрөнгө оруулалтын корпорациуд эзэмших болсон гэх мэдээлэл гарч байлаа. Тронто болон Хонг-Конгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг бөгөөд виржинийн аралд бүртгэлтэй Соут гоби ресурс компани нь зургаан охин компанитай. Тодруулбал, Виржинийн арал, Хонг-конг, Сингапур, Монголд Соут гоби ресурс, Азиа голд интернэшнл, Соут гоби коал инвестмент, Соут гоби даяар коал монголиа, Соут гоби сэндс, Даяар булаг гэсэн зургаан охин компанитай болохыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга асан Цогтбаяр хэлдэг. Үүний хоёр нь Монгол Улсад бүртгэлтэй компаниуд юм. Өөрөөр хэлбэл, Соут гоби Сэндс, Даяар булаг гэсэн охин компаниуд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг юм. Даяар булаг гэх охин компани нь монгол улсад ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байдаг. Тус охин компани монгол улсад ашигт малтмалын ямар нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй гэж Соут гоби ресурс компанийнхан хэдэн жилийн өмнө мэдэгдэж байлаа. Харин Соут гоби ресурсийн охин компани болох Соут гоби сэндс манай улсын өмнийн говьд орших Овоот толгой, Сүмбэр, Заг сүүж, Цагаан толгой гэсэн ордуудад 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж иржээ. Тухайлбал, Соут гоби сэндс компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овоот толгойн ордод 2005 онд нүүрсний хайгуул хийж эхэлжээ. Хайгуулын явцад тус орд 175 сая тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоосон гэдэг ч, хожим энэ тоо 283 сая тонн болж өссөн юм. Үүний 119 сая тонн нь баттай нөөц бол, 56 сая тонн нь боломжит нөөц юм. Ийм нөөц бүхий ордод олборлолт явуулахаар Соут гоби сэндс компани 2007 оны есдүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл холбогдох газраас авчээ. Харин үүнээс жилийн дараа буюу 2008 оны есдүгээр сараас овоот толгойн нүүрсийг хятад руу экспортолж эхэлсэн байна. Овоот толгойн энэ ордоос зүүн тийш 16 километрийн зайд Сүмбэрийн орд оршдог. Сүмбэрийн ордыг төв, зүүн, баруун гэсэн гурван хэсэгт хуваадаг. Өмнө нь Сүмбэрийн орд газар 77 сая тонн нүүрсний нөөцтэй гэгдэж байсан бол, хожим ордын төвийн хэсэгт 220 сая тонн баттай болон боломжит нөөц тогтоосон гэх нь бий. Энэ орд шинээр нээгдсэн бөгөөд өндөр чанарын нүүрстэй гэдгээрээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг юм. Ирээдүйд Сүмбэрийн ордын зүүн болон баруун хэсэгт түлхүү хайгуул хийх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байсан билээ. Соут гоби ресурсес  компанийн гүйцэтгэх захирал Александр Молини: Сүмбэрийн уурхайг байгуулахад 205 сая ам.доллар хэрэгтэй гэж ярьсан нь бий. Ингэхдээ Сүмбэрийн уурхайн ажил 2012 оны зун гэхэд эхлэх боломжтой гэж үзэж байсан юм. Үүнээс гадна, овоот толгойн ордоос 150 километрийн зайд Заг сүүжийн нүүрсний орд мөн байрладаг. Энэ орд 17 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нэмэлтээр 66 сая тонн нүүрсний нөөц илрүүлэх боломжтой гэж Соут гоби сэндс компанийнхан үздэг юм. Овоот толгой болон Сүмбэрийн ордуудаас зүүн тийш 400 гаруй километрийн зайд Цагаан Толгойн орд оршдог. Айвенхоу майнз компани оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглахтай холбогдуулж, эрчим хүчний хэрэглээг нь хангах зорилгоор Цагаан толгойн ордод нүүрсний эрэл, хайгуулын ажлыг 2004 онд эхлүүлж байжээ. Хэдэн жилийн өмнө тус ордын зүүн хэсэг 120 сая тонн нүүрсний нөөц бий гэж таамаглаж байлаа. Ийм нөөц бүхий нүүрсний дээрх дөрвөн ордод Соут гоби ресурс компани Монголд бүртгэлтэй Соут гоби сэндс компаниараа дамжуулан үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Соут гоби ресурсес компанийн үйл ажиллагааны үндсэн цөм нь дээрх дөрвөн ордод төвлөрч хайгуул, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлж байсан гэж ойлгож болох талтай. Үүнээс гадна, тус компани монгол улсад уул уурхайн долоон тусгай зөвшөөрөл эзэмшдэг болохыг зарим хэвлэлүүд онцолж байсныг дурдах нь зүйтэй болов уу. 

-Соут гоби ресурсийн хувьцааг зарах замаар Соут гоби сэндсийн эзэмшил дэх ордуудыг худалдахыг оролдов-

Соут гоби сэндсийн эзэмшил дэх дээрх тусгай зөвшөөрөл бүхий ордуудыг зарах оролдлогыг түүний толгой компани болох Соут гоби ресурс, түүний дийлэнх хувийг эзэмшдэг Айвенхоу майнз компаниуд эрчимтэй эхлүүлсэн байдаг. Тодруулбал, 2012 оны гуравдугаар сарын 5-нд Соут гоби ресурс компани нь Соут гоби сэндийн эзэмшилд байсан Цагаан толгойн ордын 15041 дугаартай ашиглалтын, 7662 дугаартай хайгуулын лицензүүдийг 30 сая доллараар Модун ресурс компанид худалдах гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ 7.5 сая долларыг бэлнээр, үлдсэнийг нь Модун ресурс компанийн хувьцаанд хөрвүүлэхээр гэрээ байгуулжээ. Ингэснээр Соут гоби ресурс компани австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд Улаанбаатар хотоос 120 километрийн зайд орших Нүүрст хэмээх ордод үйл ажиллагаа явуулдаг Модун ресурс компанийн томоохон хувьцаа эзэмшигч болох байжээ. Энэ тохиролцоог 2012 оны зургадугаар сарын 1-нд эцэслэхээр төлөвлөж байсан юм. Соут гоби ресурс болон Модун ресурс компанийн хооронд хийгдсэн дээрх гэрээнээс гадна, бас нэгэн анхаарал татахуйц хэлцэл хийгдсэн байдаг. Энэ бол Канадын Айвенхоу майнз болон Хятадын Чалко компаниудын хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хийгдсэн гэрээ юм. Тухайн үед Соут гоби ресурс компанийн 14 хувийг хятадын хөрөнгө оруулалтын сан, 28 хувийг Дече банк, Сити групп, Фулблум, Ланд риз зэрэг хөрөнгө оруулалтын банкууд эзэмшиж байсан юм. Харин 57,6 хувийг канадын Айвенхоу майнз компани эзэмшиж байсан тухай дээр дурдсан. Айвенхоу майнз компани Соут гоби ресурсэд эзэмшдэг энэ хувиа Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны Чалко компанид зарах гэрээг үзэглэсэн юм. Ингэхдээ Айвенхоу майнз компани Соут гоби ресурсэд эзэмшдэг 104 сая 807 мянга 155 ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 8,48 канад доллараар худалдах гэрээг Хятадын хөнгөн цагааны корпорацитай үзэглэсэн юм. Энэ нь Соут гоби ресурс компанийн хувьцааны Тронтогийн бирж дээрх хамгийн сүүлийн хаалтын ханшнаас 28 хувиар өндөр үзүүлэлт байлаа. Харин сүүлийн арван хоногийн дундаж ханшаас 32 хувиар өссөн үзүүлэлт байв. Тиймээс энэ нь хувьцаа эзэмшигчдэд ашигтай учраас Айвенхоу майнз компани Чалко компанитай тусгайлан гэрээ байгуулж, Соут гоби ресурсийн хувьцааны тендерт оролцохыг зөвшөөрсөн гэх мэдээлэл тухай үед цацагдаж байсан нь нууц биш. Соут гоби ресурс болон түүний дийлэнх хувийг эзэмшдэг айвенхоу майнз дэлхийн хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа арилжаалдаг. Нэгэнтээ бирж дээр хувьцаагаа арилжаалдаг учраас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн үүднээс компанитай холбоотой сайн, муу бүх мэдээллийг компанийнхаа цахим хуудсанд тавих ёстой. Эндээс монголчууд Айвенхоу майнз компани Соут гоби сэндс дэх эзэмшлээ зарах гэж байгааг мэдсэн гэж ойлгож болно. Энэ тухай Соут гоби ресурсес  компанийн гүйцэтгэх захирал Александр Молини: Хятадын төрийн өмчийн Чалко компани Соут гоби ресурсийн 60 хувийг 943 сая доллараар худалдаж авахаар санал тавьсан. Үүний 2,4 хувийг ойролцоогоор 15 сая доллараар хонг-конг болон тронтогийн хөрөнгийн биржээс худалдаж авахаар төлөвлөж байлаа. Харин үлдэх 58 орчим хувийг канадын Айвенхоу майнз компаниас худалдаж авахаар болсон. Өөрөөр хэлбэл, Соут гоби ресурсийн 104 сая 807 мянга 155 ширхэг хувьцааг Айвенхоу майнз компаниас нэг бүрийг нь 8,48 канад доллараар Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны Чалко компани худалдаж авахаар гэрээ байгуулсан. Айвенхоу майнз компани Соут гоби ресурс дэх энэ хувиа 928 сая доллараар үндсэндээ зарах юм. Үүнийг оюутолгойн цаашдын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байгаа тухай нэгэн телевизэд ярилцлага өгч байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Ийнхүү өмнийн говьд орших цагаан толгой, овоот толгой, сүмбэр, заг сүүжийн нүүрсний ордуудын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг Соут гоби сэндсийн толгой компани болох Соут гоби ресурсийн 60 хувийг 943 сая ам.доллараар худалдаж авахаар Чалко ханцуй шамласан юм. Ингэвэл өмнийн говийн нүүрсний ордууд хятадын Чалко компанийн мэдэлд шилжих байлаа. Ингэснээр Чалко компани өмнөө тулгараад байгаа асуудлаа бага ч болтугай шийдвэрлэж алдагдлаа бууруулах боломжтой гэгдэж байсан юм. 

-Чалко компани 173 сая ам.долларын алдагдалтай ажиллаж, монголын нүүрсний ордуудад хөрөнгө оруулахыг эрмэлзэв-

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширж байсантай холбоотойгоор 2012 онд хөнгөн цагааны эрэлт гадаад зах зээлд буурч байлаа. Эрэлт буурвал үнэ буурдаг гэх зах зээлийн зарчим бий. Энэ зарчмын дагуу Лондонгийн металлын биржэд нэг тонн хөнгөн цагааны үнэ 2012 оны тавдугаар сарын 5-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 23 хувиар, оны эхнээс 12 хувиар буурсан үзүүлэлттэй байсан юм. Ингэснээр Лондонгийн металлын захад нэг тонн хөнгөн цагаан ойролцоогоор 2100 ам.доллар болсон байна. Ийнхүү гадаад зах зээлд хөнгөн цагааны үнэ буурч байсантай холбоотойгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниуд хүндрэлд орж байв. Тухайлбал, хөнгөн цагаан үйлдвэрлэлээр тэргүүлэгч Русал компани үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж байгаагаа тус компанийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Владислав Соловьев мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна, АНУ-ын хөнгөн цагааны Алко инк компани үйлдвэрлэлээ 2012 оны эхнээс 12 хувиар бууруулсан байдаг. Хөнгөн цагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хятадын Чалко компани мөн хүнд цохилтонд орсон юм. Тус компанийн голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд буурсантай холбоотойгоор Чалко 2012 оны эхний улиралд 173 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь үүний нэг нотолгоо юм. Би Оу Си интернэшнл холдингс компанийн Хонг-Конг дахь шинжээч Робин Цуй: Хөнгөн цагааны үнэ унаж байгаатай холбоотойгоор Чалко компани 2012 оны эцэст үүнээс ч их алдагдал хүлээнэ. Тиймээс Чалко компани өөр салбарт хүч үзэхээс гадна, зарлагаа бууруулах хэрэгтэй. Ингэснээр алдагдлаа 2-3 жилийн дотор бууруулах боломжтой гэж зөвлөж байсан юм. Тиймээс Чалко компани газрын ховор элемент болон төмрийн хүдрийн салбарт анхаарлаа хандуулж эхэлсэн байдаг. Тухайлбал, тус компани Гуанси мужид орших газрын ховор элементийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зориулж 5 тэрбум 200 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Үүнээс гадна, тус компани нүүрсний салбарт хүч үзэхээр болов. 2012 оны эцсээр урд хөршид цахилгаан, эрчим хүчний үнэ киловатт тутамдаа 0,03 юанаар өсөх нь тэр. Үүнтэй холбоотойгоор Чалко компанийн нийт зардлын 5 хувийг цахилгаан, эрчим хүч эзлэх болсон байна. Үүнээс гадна, тус компанийн хөнгөн цагааны үйлдвэрлэлд шаардагддаг түүхий эдийн 50-60 хувийг коксжих нүүрс эзэлж байв. Тиймээс Чалко компани Монгол улсын эрчим хүчний болон коксжих нүүрсний ордуудад үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдаж авах оролдлого хийсэн гэж судлаачид үздэг юм.

-Соут гоби сэндсийн тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэв-

Соут гоби ресурс болон Модун ресурсийн хооронд хийгдсэн гэрээ. Мөн Айвенхоу майнз болон Чалкогийн хооронд хийгдсэн гэрээ. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болоход Соут гоби ресурсийн гол хувьцаа эзэмшигч нь Чалко болох байв. Харин Соут гоби ресурс нь Модун ресурсийн томоохон хувьцаа эзэмшигч болох дүр зураг ажиглагдаж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Чалко компани Соут гоби ресурсээс гадна, тус компаниар дамжуулан Модун ресурсэд хувь хүртэх үүд нээгдэхээр байсан юм. Ингэснээр хятадын төрийн өмчит Чалко компани Соут гоби сэндсийн эзэмшил дэх өмнийн говийн нүүрсний ордуудад эзэн суух байлаа. Энэ нь урд хөршид нүүрсээ нийлүүлдэг манай улсад таагүй мэдээ. Хятадын хөнгөн цагааны Чалко компани тавантолгойн ордын нүүрсийг гэрээгээр импортлон авдаг. Хэрэв Чалко компани монголд өөрийн гэсэн нүүрсний ордуудтай болвол, тавантолгойн нүүрсийг худалдаж авах эзэнгүй болж мэдэхээр байв. Айвенхоу майнз компани Соут гоби ресурсэд эзэмшдэг хувиа хэнд худалдах нь тухайн компанийн асуудал боловч, хамгийн болгоомжлол төрүүлж байсан бас нэг зүйл бол Соут гоби ресурсийн охин компани болох Соут гоби сэндс компанид Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр, Заг сүүж зэрэг нүүрсний ордуудын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүд байсанд оршиж байсан юм. Айвенхоу майнз компани монголын баялгийг зөвшөөрөлгүйгээр хятадын компанид өгөхөөр ийнхүү гэрээ байгуулсан хэрэг. Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын толгой компанийнх нь хувьцааг худалдаж, төлбөрт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хятадын төрийн өмчийн компанид шилжүүлэх далд бизнес явагдаж байсан нь үндэсний аюулгүй байдалд харшлах нь мэдээж юм. Үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх шийдвэрийг оюутолгойн дийлэнх хувийг эзэмшигч Айвенхоу майнз компани Хятадын төрийн өмчийн Чалко компанитай хамтран олон жилийн өмнө гаргаж, гадаадын компаниуд монголын баялгийг ханцуйндаа наймаалцаж байгааг таслан зогсоохын тулд холбогдох байгууллагууд тал бүрнээ ажиллах нь тэр. Тухайлбал, Ашигт малтмалын газар Соут гоби ресурсийн охин компани болох Соут гоби сэндсийн эзэмшилд байсан Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр, Заг сүүжийн нүүрсний ордуудын лицензийг тухайн үед түр түдгэлзүүлсэн юм. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт буурах вий гэсэн болгоомжлол байсан ч, үндэсний аюулгүй байдалд харшлана хэмээн үзэж дээрх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор, Соут гоби ресурс болон Модун ресурсийн хооронд хийгдсэн гэрээ 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл хойшлогдсон тал бий. Харин Айвенхоу майнз болон Чалкогийн хооронд хийгдсэн гэрээ хэрхэх нь тодорхойгүй байлаа. Гэхдээ Чалко компанийнхан Монгол Улсын холбогдох байгууллагууд зөвшөөрвөл 2012 оны долоодугаар сарын 5-наас хувьцаа шилжүүлж эхэлнэ. Улмаар 2012 оны наймдугаар сарын 28-ны дотор Айвенхоу майнзын Соут гоби ресурсэд эзэмшдэг 57,6 хувийг Чалкод шилжүүлж дуусгана гэж мэдэгдэж байлаа.

-Рио Тинто Айвенхоу майнзын жижиг төслүүдийг сонирхсонгүй-

Айвенхоу майнз компани дотроо цөөнгүй ам бүлтэй, өнөр өтгөн айл юм. Одоогоос хэдэн жилийн өмнө тус компани Казакстаны Кизылийн алтны ордын 50 хувийг, Австралид зэсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Айвенхоу австралиа компанийн 59 хувийг, Мьянмар улс дахь Монивиа зэсийн төслийн 50 хувийг, Монголд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших алт, зэсийн оюутолгойн ордын 66 хувийг. Соут гоби сэндсийн толгой компани болох Соут гоби ресурсийн 58 хувийг эзэмшиж байлаа. Соут гоби сэндсийг эс тооцвол дээрх төслүүд бүгдээрээ алт, зэсийнх. Харин Соут гоби сэндс ганцаараа нүүрсний орд юм. Рио Тинто компанийнхан бид оюутолгойн 66 хувийг эзэмшихийн тулд Айвенхоу майнз компанийг худалдан авч байгаа. Гэхдээ Айвенхоу майнзын оюутолгойгоос бусад төслүүдийг сонирхохгүй байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Гэхдээ Оюутолгойн 66 хувийг худалдаж авахын тулд, Айвенхоу майнз компанийг бүхэлд нь худалдаж авах шаардлагатай. Энэ ч үүднээс Рио Тинто компани Айвенхоу Майнз дахь эзэмшлээ нэмэгдүүлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ бол, 2012 оны эхээр Рио Тинто компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ 2 хувиар нэмэгдүүлж 51 хувьд хүргэсэн явдал. Харин Айвенхоу майнз компанийн Соут гоби ресурс дэх 58 хувийг тоосонгүй. Тиймээс Рио Тинто компани өөрсдийн сонирхолыг татахгүй байгаа Соут гоби сэндс дэх эзэмшлээ эртнээс зарахыг хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хиллд санал болгож ирсэн юм. Энэ ч ёсоор болж Туркойз хилл компани Соут гоби ресурс дэх эзэмшлээ Хятадын Чалко компанид худалдах гэрээг 2012 оны дөрөвдүгээр сард 2-нд үзэглэсэн гэдэг. Гэвч овоот толгой, цагаан толгой, сүмбэрийн нүүрсний ордуудын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газар цуцалсантай холбоотойгоор Айвенхоу майнз ёстой мад тавиулна гэдэг болох нь тэр. Тиймээс тус компани Засгийн газартай энэ асуудлаар эргэн ярилцах нь тодорхой гэж үзэх хүмүүс цөөнгүй байлаа. Гэхдээ Айвенхоу майнз компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд энэ асуудалд оролцохгүй нь ойлгомжтой байв. Соут гоби ресурс дэх эзэмшлээ Хятадын компанид зарах гэрээг тэрбээр хийсэн ч, балагийг нь Рио Тинто дааж гарахаас өөр гарцгүй болсон юм. Учир нь Рио Тинто компани 2011 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Айвенхоу майнз компанийн удирдлагыг бүхэлд нь гартаа авсан байдаг. Тодруулбал, Роберт Фрийдландыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Кей Фрийстли Айвенхоу майнзын гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Үүнээс гадна, Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 13 гишүүний 11-ийг нь Рио Тинтогийн талаас тавихаар болсон юм. Ийнхүү Айвенхоу майнз компанийн удирдлагыг Рио Тинто гартаа авсан тул, Соут гоби ресурсийн ээдрээдтэй асуудлын гогцоог тэд тайлах ёстой болж хоцорсон юм. Тухайн үед энэ асуудалд Рио Тинто компанийнхан хэрхэн хандаж байсан бэ. Тэр үеийн Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрей: Рио Тинто гарцыг хайж байна гэсэн тайлбар өгсөн байдаг. Овоот толгой, цагаан толгой, сүмбэр, заг сүүжийн нүүрсний ордуудын лицензүүдийг сэргээгүй цагт Чалко компани Айвенхоу майнзаас зүгээр л цаас худалдаж авсан болж таарна. Өөрөөр хэлбэл, ардаа баталгаагүй Соут гоби ресурсийн хувьцааг худалдаж авахад хүрэв. Ийм эрсдэлтэй бизнест Чалко хөл тавихгүй нь мэдээжийн хэрэг юм. Тйимээс Чалко компани Айвенхоу майнзтай байгуулсан гэрээгээ нэг бол цуцлах, эсвэл манай улстай арбитардаж магадгүй гэж үзэх хүн цөөнгүй байсан юм.

-Соут гоби ресурсийн хувьцааны ханш унасан нь-

Оюутолгойн ордын бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор Айвенхоу майнз өөрийн эзэмшил дэх Соут гоби ресурсийн 58 хувийг зарах оролдлого 2012 онд хийсэн ч, эцсийн үр дүнд шаардлагатай санхүүжилтээ босгож чадсангүй. Бүтэлгүй гэрээнээс болж Соут гоби ресурсийн охин компанийн эзэмшил дэх нүүрсний ордуудын тусгай зөвшөөрлүүдээ цуцлуулахад хүрэв. Цаашлаад Соут гоби сэндс компанийн нүүрсний олборлолт зогсч бүх хариуцлагыг нь Соут гоби ресурсийн захирлууд үүрсэн гэж ойлгож болно. Соут гоби ресурс дэх эзэмшлээ худалдах саналыг Айвенхоу майнз компани анх гаргасан. Гэтэл гэрээ бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Айвенхоу майнз компани Соут гоби ресурсийн захирлуудыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Халаа сэлгээ 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр эхэлсэн. Энэ өдөр Ерөнхий захирал Петр мередит ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Харин 2012 оны есдүгээр сарын 12-ны өдөр Соут гоби ресурс компанийн гүйцэтгэх захирал Александр Молине ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Компанийн удирдлагуудыг ийнхүү өөрчлөөд зогсохгүй, компанийн монгол ажилчдыг 2013 оноос орон тооны цомхотгол оруулна гэсэн мэдээлэл тухайн үед цацагдаж байлаа. Ийм бүтэлгүйтэл мэдээж хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга асан Цогтбаяр: Соут гоби ресурсийн хувьцааны ханш унах эхлэл үүнээс болж тавигдсан болохыг хэлдэг юм. Цагтаа цалгиж явсан Соут гоби ресурсийн хувьцааны ханш огцом уруудаж эхэлсэн гэсэн үг юм. Гэрээ хийгдэж байхад тус компанийн хувьцаа 60 хонгконг долларын ханштай байсан бол, 2012 оны есдүгээр сарын 15-ны хавьцаа 18 хонгконг доллар болж буурсан нь үүний нэг нотолгоо юм. Рио Тинтогийн хүчтэй шахалт, Чалкогийн монголын нүүрсэнд санаархсан байдлаас болж Айвенхоу майнз компани Соут гоби ресурсийг ангал руу түлхэж, хувьцааных нь ханш ийнхүү уруудсан он жилүүд улиран өнгөрсөн юм. Тиймээс Айвенхоу майнз компани нэмэлт хувьцаа гаргах замаар санхүүжилт босгож оюутолгойд хөрөнгө оруулсан байдаг. Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг Канадын Айвенхоу майнз компани Нью-Йорк болон Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг. Энэ хоёр бирж дээр нийтдээ 741 сая ширхэг хувьцаа анх гаргасан гэдэг. Харин үүний 35 хувьтай тэнцэх хувьцааг сүүлд нэмж гаргасан юм. Өөрөөр хэлбэл, 260 сая ширхэг хувьцааг нэмж гаргасан гэсэн үг. Үүний 51 хувийг Рио Тинто компани гэрээний дагуу худалдаж авсан бол, 5,5 хувийг Сингапурын хөрөнгө оруулалтын сан Темасенк худалдаж авсан юм. Үлдэх хувьцааг жижиг хувьцаа эзэмшигчид худалдаж авсан билээ. Ийнхүү 2012 онд Айвенхоу майнз компани нэг бүр нь 7 долларын үнэтэй нэмэлт хувьцаа гаргаж, нийтдээ 1,8 тэрбум ам.долларын санхүүжилт босгож, оюутолгойн бүтээн байгуулалтанд зарцуулсан гэж компанийн зүгээс мэдэгддэг юм.

-Чалкогоос сэргийлж хууль баталсан нь-

Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Канадын Айвенхоу майнз болон Хятадын төрийн өмчийн Чалко компанийн хооронд хийгдсэн гэрээ 2012 оны наймдугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой байлаа. Гэрээ хүчин төгөлдөр болвол Соут гоби ресурс монгол дахь охин компаниараа дамжуулан эзэмшдэг Овоот толгой, Сүмбэр, Заг сүүж, Цагаан толгой зэрэг нүүрсний ордуудаас хятадын Чалко компани хувь хүртэнэ. Энэ нь үндэсний аюулгүй байдал харшилна гэж үзэх гишүүд цөөнгүй байлаа. Тиймээс үүнээс урьтаж Соут гоби ресурсийн охин компани болох Соут гоби сэндсийн эзэмшил дэх нүүрсний ордуудын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг холбогдох байгууллага түр түдгэлзүүлсэн юм. Мөн 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ-аар яаравчлан баталсан билээ. Уг хууль гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Ямар агуулгатай хууль батлагдсаныг гадаадын хөрөнгө оруулагчид мэдэхийг тэсэн ядан хүлээж суулаа. Мөн манай улсад ашигтай хууль болж чадсан эсэхийг монголчууд ихэд сонирхож байсан юм. Үүнд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачлагчдын нэг, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар руу утас цохилоо. Тэрбээр гадаад руу нисэх гэж байгаа тул ярилцлага өгч амжихгүй гэдгээ илэрхийлэв. Амжаад хэдэн асуултанд хариулт авъя гэдгээ учирлав. Онгоцны буудал хүрэх замд яриа өгөх бололцоотой хэмээлээ. Ингээд нисэх буудал явах замд нь түүнээс зарим зүйлийг тодруулж амжсан юм. Хуулийн гол агуулгын тухайд УИХ-ын дарга: Соут гоби ресурсийн охин компани болох Соут гоби сэндсийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлүүдийг эргэн сэргээлээ ч, Айвенхоу майнз компани Чалкотой наймаалцахын тулд Гадаадын хөрөнгө оруулалтын газарт мэдэгдэж УИХ болон Засгийн газраас зөвшөөрөл авахаас өөр аргагүйд хүрсэн талаар байв. Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гарсаны дараа, Хятадын төрийн өмчийн Чалко компани холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, хуулийн хүрээнд Соут гоби ресурс компанийн 60 хувийг худалдаж авахаа удаа дараа мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, монголын талаас тавих бүх шаардлагыг хангаж, Соут гоби ресурсийн хувьцааг худалдаж авна гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэвч хуулийг дагаж мөрдөх журам батлагдахгүй байсаар Канадын Айвенхоу майнз, Хятадын Чалко компанийн хооронд хийсэн гэрээний хугацаа дуусгавар болсон байдаг. Тиймээс 2012.08.03-ны өдөр дуусах гэрээг хоёр тал нэг сараар дахин сунгасан юм. Гэвч энэ хугацаанд хоёр тал Монголын Засгийн газраас зөвшөөрөл авч чадсангүй, гэрээний хугацаа 2012.09.09-ны өдөр дуусгавар болсон юм. Тиймээс хятадын төрийн өмчит Чалко компани гэрээгээ албан ёсоор цуцлахаа мэдэгдсэн байдаг. Ингэснээр Айвенхоу майнз компани Соут гоби ресурс дэх эзэмшлээ худалдах боломжгүй болсон юм. Мөн 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл сунгаад байсан Соут гоби ресурс болон Модун ресурсийн гэрээ хүртэл цуцлагдах нь тэр. Өөрөөр хэлбэл, Соут гоби ресурсийн хувьцааг худалдаж авах замаар Модун ресурсэд давхар хувь эзэмших Чалкогийн санаархал дуусгавар болсон юм.

-Винсвей компанийн 29,9 хувийг Чалко худалдаж авахаар гэрээ байгуулав-

Нөхцөл байдал ийм дээрээ тулсан учир Чалко компани монголын хууль эрхзүйн орчныг тодорхой болох хүртэл Соут гоби ресурсийн хувьцааг худалдаж авахаа хойшлуулсан тухай мэдэгдэж, өөр гарцыг эртнээс хайж эхэлсэн байдаг. Тодруулбал, Чалко компани хонконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Винсвей ресурс компани 29,9 хувийг худалдаж авахаар болсон юм. Ингэхдээ Винсвей компанийн 1 тэрбум 130 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2 хонгконг доллар 12 центээр худалдаж авахаар гэрээ байгуулсан гэх нь бий. Энэ нь 2,3 тэрбум хонконг доллар буюу 308 сая америк доллар болж байлаа. Ийм өртөг бүхий гэрээ байгуулснаа Чалко болон Винсвей компанийнхан 2012 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хөрөнгө оруулагчдад зарласан байдаг. Ийнхүү Чалко компани дараагийн нүүдлээ хийж, Винсвей компанийн хувьцааг худалдаж авахаар гэрээ байгуулсан нь энэ юм. Тиймээс Хонконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Винсвей компани нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар олон нийт сонирхож эхлэх нь тэр. Энэ талаар хөрөнгийн зах зээлийн судлаач Наран-Учрал: Винсвей компани нь дэлхийн олон орноос нүүрс импортлон авч хятадын төмрийн болон коксын үйлдвэрүүдэд нийлүүлдэг тухай хэлж байсан юм. Тухайлбал, Орос, Америк, Канад, Австрали, Монгол зэрэг улсуудаас нүүрс импортлон авч, цааш нь дамжуулан худалдаалдаг юм байна. Гэхдээ тэдний нийт импортын дийлэнх хувийг монголоос авсан нүүрс эзэлдэг гэдгийг анхаарах нь чухал. Тус компани 2010-2011 оны хооронд 19 сая тонн нүүрс түнш орнуудаасаа импортолж авсаны 13 сая тонн нь монголоос авсан нүүрс гэх судалгаа гарч байсан нь үүнийг нэг нотолгоо юм. 2010 оноо авч үзвэл 6,5 сая тонн нүүрс монголоос импортлон авч, хятадын зах зээлд нийлүүлсэн гэх тоо баримт бий. Энэ нь тухайн үед монголоос хятад руу экспортолсон нүүрсний 39 хувийг эзэлж байсан гэдэг. Ингэхдээ, манай улсын Сэхээ, Ганц модны ойролцоо орших зуучийн төвүүдээрээ дамжуулан түүхий нүүрс худалдан авч , цааш нь боловсруулах үйлдвэр болон эцсийн хэрэглэгчдэд хүргэх хүргэлтийг гүйцэтгэдэг. Ер нь монголоос гадаад зах зээлд экспортолж буй нүүрсний тал хувийг Винсвей компани худалдан авч, эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг гэх мэдээлэл бий. Ингэхдээ ихэвчлэн урт хугацааны гэрээ байгуулж монголоос нүүрс импортлон авдаг байгаа юм. Тухайлбал, Тавантолгой, Мак, Соут гоби сэндс зэрэг нүүрсний компаниудаас жилд 2-5 сая тонн нүүрс импортлох авахаар урт хугацааны гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү Винсвей компанийн 29,9 хувийг худалдаж авах замаар Чалко компани монголын нүүрсэнд хяналтаа тавих удаах оролдлогоо хийсэн байдаг. Үүнээс гадна, Винсвей  компанийн охин компани манай улсад хэдийнэ мэндэлсэн гэдгийг анхаарах шаардлага тухайн үед давхар тавигдаж байлаа. Поло ресурс компани Пибоди энержитэй хамтарсан компанийнхаа 50 хувийг хятадын Винсвей компанид 2010 оны долоодугаар сарын 2-ны өдөр худалдсан байна. Ингэж Винсвей компани америкийн томоохон нүүрс импортлогч Пибоди компанитай хамтарч, тэдний Пибоди Винсвей Монголиа охин компани монгол улсад мэндэлсэн түүхтэй. Энэ охин компанийн эзэмшилд ашигт малтмалын 50 тусгай зөвшөөрөл байдаг гэж Винсвей компанийнхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. Тодруулбал, хайгуулын 47, ашиглалтын 3 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан юм. Хэрэв Винсвей компанийн 29,9 хувийг хятадын Чалко компани гэрээний дагуу авбал, Пибоди Винсвей Монголиа охин компанийн эзэмшил дэх дээрх тусгай зөвшөөрлүүд хятадын хөнгөн цагааны үйлдвэрийн халаас руу хүссэн хүсээгүй гулсан орох дүр зураг тухайн үед мөн ажиглагдаж байсан билээ. 

Винсвей кокинг коал холдингс компанид MICC-ийн хийсэн судалгаа

Винсвэй нь Монгол улс болон бусад дэлхийн олон орнуудаас нүүрс импортлон Хятадын зах зээлд нийлүүлдэг компани юм. Өнөөгийн байдлаар Винсвэй нь Монгол улсын хамгийн том нүүрс импортлогч бөгөөд 2010 онд Монгол улсаас 6.5 сая тонн нүүрсийг худалдан авсан ба энэ нь 2009 оныхтой харьцуулахад 72 хувиар өссөн үзүүлэлт юм. Винсвэй компани нь харилцагч худалдан авагчиддаа тээврийн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнд тээврийн авто зогсоолууд, төмөр замын зогсоолууд болон нүүрс боловсруулах үйлдвэрүүд зэрэг ордог байна.

Винсвэйгийн гол давуу талууд:

  • Ирэх онуудад Монгол улсаас импортлох нүүрсний хэмжээ өсөх хандлагатай байгаа.
  • Авто тээврийн болон төмөр замын зогсоолууд, нүүрс боловсруулах үйлдвэрүүд болон хилийн гарам зэргүүдийн өргөтгөлийн ажилуудыг төлөвлөн ажиллаж байгаа.
  • Саус Гоби болон Таван Толгой компаниудтай хамтран ажиллах урт хугацааны стратегийн гэрээ байгуулсан.
  • Америкийн томоохон нүүрс импортлогч компанитай хамтран Монгол улсад нүүрсний хайгуул хийхээр төлөвлөж байгаа.

Үнэлгээ:

Бид тус компаний хувьцааг DCF үнэлгээний аргачлалыг ашиглан тооцож гаргасан бөгөөд тооцооллын үр дүнд хувьцааны үнэ 5.79 хонгконг долларт хүрэх боломжтой буюу одоогийн ханшаасаа 39 хувиар өсөх боломжтой гэж гарлаа. Судалгаагаар 2011 онд компаний гол санхүүгийн үзүүлэлтүүд дараах байдалтай гарсан болно. P/E = 10.4x, EV/EBITDA = 8.0x.

Болзошгүй эрсдэл

Тээвэрлэлтийн зогсолт, улс төр, хууль эрх зүйн орчины өөрчлөлт, томоохон нийлүүлэгчидийн олборлолтод тасалдал гарах, Хятад улсын төмөрийн үйлдвэрлэлт буурах, болон Монголын нүүрс нийлүүлэгч компаниуд өөрсдөө бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчидэд нийлүүлэх зэрэг нь тус компаний хөрөнгө оруулагчидад учирч болзошгүй эрсдлүүд юм.

Компанийн танилцуулга

Винсвэй нь тээвэр зуучийн компани бөгөөд Монгол болон бусад дэлхийн олон орнуудаас нүүрс худалдан авч Хятад дахь төмөр тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд болон коксын үйлдвэрүүдэд нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ харилцагч худалдан авагчиддаа тээврийн авто зогсоолууд, төмөр замын зогсоолууд болон нүүрс боловсруулах үйлдвэрүүд зэргээр ханган тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлдэг: Өнөөдрийн байдлаар Винсвэй нь Монгол улсаас Хятад улс руу гаргаж буй нүүрсний хамгийн том экспортлогч компани юм. Тус компани нь 2010 оны байдлаар 6.5 сая тонн нүүрсийг Хятадын зах зээлд экспортлосон ба энэ нь Монгол улсаас Хятад улс руу экспортлосон нийт нүүрсний 39%-ийг эзэлж буй болно. Винсвэй нь Сэхээ болон Ганц Модод байрлах өөрийн тээвэр зуучийн төвүүдээрээ дамжуулан түүхий нүүрсийг худалдан авч цааш нь боловсруулах үйлдвэр болон эцсийн хэрэглэгчидэд хүргэлтийг гүйцэтгэдэг. Мөн түүнчлэн ОХУ, АНУ, Канад болон Австрали зэрэг улсууд нь Винсвэй компаний гол нийлүүлэгчид гэж хэлж болно. Эдгээрээс ОХУ нь ойрын жилүүдэд нилээдгүй чухал нийлүүлэгч болох хандлагатай байна. Хятад улсын нүүрсний импортын хэмжээ өсч байгаатай холбогдуулан Винсвэй компани нь тээвэрлэлтийн дэд бүтцээ эрчимтэйгээр өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ойрын хоѐр жилийн хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг уг төсөлдөө оруулах төлөвтэй байна. Тээвэрлэлттэй холбоотой төслүүдээс гадна Винсвэй нь Америкийн томоохон нүүрс импортлогч компани болох Peabody-тай хамтран Монгол улсад хайгуул хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээрээ урт хугацаанд нүүрсний нийлүүлэлтийг өөрсдөө хийх боломжтой болох давуу талтай юм. Винсвэй нь 2010.10.11-ны өдөр Хонг Конгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан бөгөөд 1733 кодтойгоор арилжаалагдаж байна.

Хувь нийлүүлэгчидийн бүтэц

Компаний хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ноѐн Ван бөгөөд тэрээр нийт хувьцааны 49.8%-ийг эзэмшдэг болно. Түүний дараагаар хувьцааны 19.82%-ийг Иточу, Силвир Грант, Чаина Минметалс болон HOPU компаниуд эзэмшдэг бөгөөд 5% орчим нь бусад хөрөнгө оруулагчидын эзэмшилд байдаг байна. Харин нийт хувьцааны 26% нь хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байна.

Хувь нийлүүлэгчидийн бүтэц:

Иточу1.32%, Силвир Грант4.00%, Чаина Минметалс4.00%, ХОПУ9.60%, Ван49.72

Стратегийн хувьд ашигтай байрлалтай нийлүүлэгчид

Компанийн гол нийлүүлэгчид нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Монголын томоохон уурхайнууд бөгөөд Монгол – Хятадын хилийн гарамтай ойролцоо оршдог нь компанид ихээхэн давуу тал болдог. Нарийн Сухайт болон Таван Толгойн ордуудын лиценз ч мөн Винсвэйгийн нийлүүлэгчидийн эзэмшилийнх ба уг ордууд нь хилийн боомтоос ойролцоогоор 40 км болон 270 км зайд тус тус оршдог. Хятадын нүүрсний импортын хэмжээ жилээс жилд өсч, хил залгаа Монгол улсын чанартай нүүрс олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь Винсвэй компанийн хувьд бизнесийн маш тааламжтай орчинг бүрдүүлж байгаа юм.

Монголын нүүрсний экспортын бизнест анхдагч

Винсвэй нь 2006 оноос эхлэн Монголын нүүрс олборлогч компаниудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монголоос хамгийн анх нүүрсийг их хэмжээгээр экспортлосон компани юм. 2006 онд Винсвэй компанийг анх Монголын зах зээлд орж ирэхэд Монгол улсын нүүрс олборлолтын хэмжээ 8.1 сая тонн байсан бол, 2010 онд 25.3 сая тоннд хүрч өссөн үзүүлэлттэй байна. Олборлолт өсөхийн зэрэгцээгээр экспортын хэмжээ ч мөн өссөн. 2006 оны байдлаар 2.5 сая тонн байсан нүүрсний экспортын хэмжээ 2010 онд 16.6 сая тоннд хүрч өссөн нь 3-н жилийн хугацаанд 564%-иар өссөн гэсэн үг юм. Винсвэй нь одоогоос 5-н жилийн өмнө зах зээлд орж ирсэнээрээ Монголын нүүрс олборлогч компаниудтай дунд болон урт хугацааны томоохон хэмжээний хэлцлүүдийг байгуулж чадсан ба Монголын нүүрсний салбарт өөрсдийн байр сууриа эзэлж чадсан компани юм.

Зах зээлд шинээр компаниуд нэвтрэхэд бэрхшээлтэй

Монголын нүүрсний ордууд нь зөвхөн дотоодын цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж ирсэн ба хэдхэн жилийн өмнөөс гадаадын орнуудад экспортлож эхэлсэн билээ. Монгол оронд дэд бүтэц хөгжиж чадаагүй байгаа нь нүүрсний уурхайнуудын хөгжилд ч мөн томоохон асуудал болж байгаа юм. Нүүрсийг их хэмжээгээр худалдан авч тээвэрлэхэд тээвэрлэлтийн томоохон бааз шаардлагатай ба энэ нь уг зах зээлд шинээр компаниуд нэвтрэхэд хязгаарлалт болж байгаа юм.

Хилийн боомтыг сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалт

Винсвэй компани нь Хятадын зах зээлд нийлүүлж буй нүүрснийхээ дийлэнх хувийг Монголоос авдаг. Тус компанийн дөрвөн нүүрс нийлүүлэгч Өмнөговь аймгийн нутагт оршдог бөгөөд Монголын томоохон ордууд болох Нарийн Сухайт болон Таван Толгойн ордуудаас нүүрсээ олборлодог. Уг ордууд нь Ганц Мод болон Сэхээ хилийн боомтуудтай зөвхөн авто замаар холбогддог нь нүүрсийг зөвхөн авто тээвэрээр зөөвөрлөхөөс өөр аргагүйд хүргэж байгаа юм. Дээрх хилийн боомтууд дээр Винсвэй компанийн авто тээврийн зогсоол байрладаг нь тэдний томоохон давуу талуудын нэг юм. Монголоос нүүрс тээвэрлэсэн машинууд эцсийн хэрэглэгчид шууд хүрэх боломжгүйн улмаас Винсвэйн хилийн зогсоолуудад нүүрсээ буулгаж нүүрс нь тэндээсээ хятадын тээврээр тээвэрлэгдэн эцсийн хэрэглэгчид хүрдэг байна. Хятадынхтай адил стандартын төмөр замыг барьж байгуулах зөвшөөрлийг баталсан болно. Одоогийн байдлаар хувийн өмчит компаниуд, жишээлбэл MAK, MMC, төмөр замаа нарийн царигаар барьж болох эсэх тал дээр засгийн газраас албан ѐсны шийдвэр гаргаагүй байгаа юм. Энэхүү засгийн газрын тодорхой бус байдал нь богино хугацаанд Винсвэй компанийн бизнест эерэг нөлөө үзүүлэх талтай.

Peabody компанитай хамтарсан дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалт

Нүүрсний нийлүүлэлтээ урт хугацаанд тогтвортой байлгах үүднээс Винсвэй компани нь Пибоди Голланд компанитай хамтран Пибоди – Винсвэй Монголия компанийг байгуулсан бөгөөд тус компани нь Монгол улсад хайгуулын 47, уурхайн 3-н лиценз эзэмшдэг.

Компаний хэвийн үйл ажиллагаанд Тавантолгойн ордоос Цагаанхад хилийн боомт руу нүүрс тээвэрлэлтэд тавьсан хориг онцын нөлөө үзүүлэхгүй

Саяхан Тавантолгойн ордоос Цагаанхад хилийн боомт хүртэлх замаар нүүрс тээвэрлэхийг засгийн газраас хориглосон. Үүнтэй холбогдуулан Монголия Майнинг Корпораци өнгөрсөн 4-р сарын 28-ны өдөр мэдэгдэл хийсэн юм. Үүнд, нийт 250 км хатуу хучилттай зам барих ажлын 81 км замыг барьж дуусаад байгааг мэдэгдээд үлдсэн ажил нь одоогоос 2-3-н долоо хоногийн дотор хийж гүйцэтгэхээ мэдэгдсэн. Винсвэй компани нь ойролцоогоор 7-н долоо хоногийн нийлүүлэлтийн нөөцтэй бөгөөд энэ нь зам дахин ашиглалтад орох хүртэл хангалттай хүрэлцэхүйц хэмжээний нөөц юм. Винсвэй компани нь 2011 оны 7-р сарыг дуустал үйл ажиллагаагаа хэвийн түвшинд явуулахад хангалттай хэмжээний нүүрсний нөөцтэй ба түүнчлэн Монгол улсын нүүрсний экспортын 37% нь Ганц Мод хилийн боомтоор дамжин гарч, үлдсэн дийлэнх хувь нь Сэхээ боомтоор дамжин гарч байгаа зэрэг нь Цагаан Хад хилийн боомт хүртэлх замын хаалт Винсвэй компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж чадахгүй болохыг харуулж буй юм.

DCF аргачлалд тулгуурлан тооцоолсон хувьцааны ханш 5.79 хонгконг доллар

Дунд хугацаанд өргөжих өсөлттэй бизнесийн загвар бүхий Винсвэй-ийн үнэлгээг тооцоход DCF үнэлгээний аргачлалыг ашиглах нь зохимжтой гэж үзсэн. DCF үнэлгээгээр хувьцааны ханш $5.79 хонгконг доллар гэж үнэлэгдэж байна. Бид моделоо 11.7%-ийн хорогдох хувь, терминал 3% хувиар тооцож тус үнэлгээг гаргасан.

Харьцуулсан шинжилгээ

Бидний DCF аргачлал дээр үндэслэн Винсвэй компанийн 2011 төлөвлөгөөт P/E харьцаа нь 10.4x тэнцэхээр гарсан. Энэхүү харьцаа Хонгконгийн бирж дээр хувьцаагаа гаргасан томоохон нүүрсний уурхайнуудын дундаж P/E 13.7x болон дэлхийд нэртэй худалдааны компаниудын дундаж P/E 13.3x-с бага байна. Түүнчлэн Винсвэй компанийн 2011 оны тооцсон компанийн Үнэлгээ/EBITDA харьцаа нь мөн адил харьцангуй бага үнэлэгдэн гарсан байна. Энэхүү тооцоон дээр үндэслэн Винсвэй компани нь цаашид өсөх боломжтой гэж бид дүгнэж байна.

Эрсдэл

Винсвэйд хөрөнгө оруулахтай холбоотой компанийн үйл ажиллагаанд тулгарч болох хэд хэдэн эрсдлийг тодорхойлж байна.

Тээвэрлэлтэнд саатал үүсэх:

Монголын нүүрс Хятадын зах зээл рүү шороон замаар тээвэрлэгдэн, дийлэнх хувь нь Сэхээ, Ганц Мод хилийн боомтоор хүрдэг. Одоогийн байдлаар Винсвэй компани нь Монголын уурхайнуудааc худалдан авсан нүүрсээ Moveday компаниар өөрсдийн хилийн ложистикийн цогцолбор руу тээвэрлүүлдэг. Moveday компани нь 2008, 2009 онуудад ойролцоогоор нүүрсний нийлүүлтийн 85% тээвэрлэлтийн ажлыг хийн гүйцэтгэсэн. Иймд улс төр, хууль зүйн орчинд өөрчлөлт гарах, цаг агаар, байгалийн гамшиг гэх мэт хүчин зүйлс тус компанийн бизнесд сөргөөр нөлөөлж, тээвэрлэлтийн тасралт үүсэх тохиолдолд Винсвэй компанийн нүүрс хангамж дутмаг болох эрсдэлтэй. 2011.04.20-нд Тавантолгой – Цагаанхад хүртэлх зам түр хаагдснаар Монголиан майнинг корпораци болон Тавантолгой компаниуд нүүрс тээвэрлэx боломжгүй болсон. Одоогийн байдлаар зам хэзээ нээгдэх нь тодорхойгуй боловч Монголиан майнинг корпораци уг зам дээр хийгдэж байгаа засварын ажлаа 1-2 долоо хонгийн дараа дуусгаснаар нээгдэн хэмээн итгэж байгаагаа бидэнд мэдэгдсэн.

Нүүрс нийлүүлэгчийн үйл ажиллагаанд саад гарах

Винсвэй ихэвчлэн нүүрсээ Монголоос худалдан авдаг ба тус компани нь Монголын дөрвөн том нийлүүлэгчидтэй. 2010 онд тус компани нийт нүүрсний 68%-ийн Монголоос худалдан авчээ. Иймд нүүрс нийлүүлэгчийн уурхайд саадал үүсч нүүрсээ гэрээний дагуу хангах чадваргүй болвол Винсвэй компанид сөргөөр нөлөөлөх болно.

Улс төр, хууль эрх зүйн орчин

Монголын уул уурхай, ашигт малтмалтай холбоотой хуулиуд сүүлийн хэдэн жил хэд хэдэн удаа өөрчлөгдсөн билээ. Ирээдүйд уг хуульд өөрчлөлт орж болзошгүй бөгөөд компанид ашиггүй заалтууд орох боломжтой юм. Түүнчлэн ирэх жилүүдэд Орос улсаас ихээхэн хэмжээний нүүрс худалдан авах төлөвлөгөөтэй байгаа тул Орос улсын хууль зүйн орчинд өөрчлөлт гарч компанийн ашгийн хувьд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Хятадын гангийн үйлдвэрлэлт буурах

Хятад улс гангийн үйлдвэрлэлтээр тэргүүлэгч орон бөгөөд коскжих нүүрсний үнийг тодорхойлдог. Иймд гангийн хэрэгцээ буурч үйлдвэрлэлт багасвал кокскиж нүүрсний үнэ унахад хүргэнэ. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлт удааширвал нүүрсний үнэд сөргөөр нөлөөлөх болно.

Монголын томоохон нүүрсний компаниуд үйлдвэрүүдэд шууд нүүрсээ зарах

Монголын томоохон уул уурхайнууд цаашид ложистикийн компаниудад нүүрс зарахаа багасгаж шууд үйлдвэрүүдэд зарах хандлагаа ихэсгэх магадлалтай. Винсвэй компани нь Саусгоби болон Таван Толгой компаниудтай урт хугацаат гэрээ хийснээр дараагийн 5-10 жилд тогтвтортой нүүрс хангамжтай байна гэж бид үзэж байна. Түүнчлэн Peabody-тэй хамтран ажиллах болсон явдал нь ирээдүйд нүүрс хангамжийн хувьд хэвийн байдлыг ханган гэж бид итгэж байна.

Орлогын тайлан

Бидний хийсэн үнэлгээгээр Винсвэй компанийн орлого 2010-2013 оны хооронд 3 гаруй дахин өсөx хандлагатай байна. Энэхүү өсөлтийн гол хүчин зүйлс нь Хятад улс өөрсдийн нүүрсний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул ирэх жилүүдэд Монголоос нүүрсний импортоо ихэсгэх чиг хандлагатай байна.

Татвар

Винсвэй компанийн Хятад дахь охин компаниуд тус оронд хийсэн үйл ажиллаганаас үүссэн орлогоос Хятад улсын хуулиар 25% татвар төлөх үүрэгтэй. Түүнчлэн тус компанийн Сингапур дахь охин компаниуд 10% татвар төлөх болно.

Капитал зардал

Винсвэй компани нь ложистикийн цогцолбор болон нүүрс боловсруулах үйлдвэрүүдээ өргөтгөх, шинээр барих зорилгоор нийт 2,3 тэрбүм хонгконг доллар зарцууалхаар төлөвлөөд байна.

Ногдол ашиг

Винсвэй 2010 онд ногдол ашиг тараасан ба тус зардал нь 2010 оны цэвэр ашгийн 25%-тай тэнцсэн. Нэгж хувьцааны ногдол ашиг нь HK$0.061 байсан.

Үйл ажиллагаа:

Винсвэй компани нь Монгол, АНУ, Канад, Австрали болон ОХУ улсуудаас түүхий болон боловсруулсан нүүрс худалдан авч Хятадын зах зээлд гарган зардаг. Нүүрсээр тус орны зах зээлийг хангахаас гадна худалдан авагчид болон нийлүүлэгчиддээ хил давах ложистикийн цогцолбор, төмөр замын ложистикийн цогцолбор болон нүүрс боловсруулах үйлдвэрээр үйлчилгээ үзүүлдэг.

Нүүрс нийлүүлэгчид

Винсвэй нүүрсний дийлэнх хувиа Монгол улсаас худалдан авдаг. Одоогийн байдлаар тус компани нь Монголын дөрвөн нийлүүлэгчидтэй бөгөөд тус компаниуд нь Монголын хамгийн том уурхайнууд юм.

Худалдан авагчид:

Винсвэй компанийн худалдан авагчид нь Хятадын хойд, төв болон далайн эрэг хавиар байрладаг гангийн үйлдвэр болон коксийн үйлдвэрүүд байдаг. Хятадын томоохон ган болон коксийн үйлдвэрүүдийн 60% нь уг орны далайн эрэг хавиар байрладаг тул Винсвей сүүлийн жилүүдэд маркетингийн хандлагаа уг зүг рүү чиглүүлж байна.

Хилийн гарц:

Хятадын зах зээл рүү тээвэрлэгдэж буй нүүрсийг Винсвэй компанийн ложистикийн цогцолбор дээр буулгаж, Винсвэй худалдан авагчиддаa хүргэн өгдөг. Тус цогцолбор нь хил давах барилга байгууламж болон нүүрс нөөцлөх талбайгаас бүрддэг. Одоогийн байдлаар тус компани нь Сэхээ болон Ганц Мод хилийн боомт ложистикийн цогцолбор байршуулсан байгаа. Ганц Мод нь Таван Толгой нүүрсний ордтой хамгийн ойр хилийн гарц ба 250 гаруй км зайд оршдог. Уг гарцаар Монголиан Майнинг Корпораци болон Таван Толгой компаниудын нүүрс тээвэрлэгдэж Хятадын зах зээл рүү нэвтэрдэг. Сэхээ хилийн гарц нь Нарийн Сухайт нүүрсний ордоос ойролцоогоор 40 км зайд байрладаг ба Саусгоби болон МАК, МАК-Чинхуа компаниудын нүүрс тус боомтоор урд хөрш рүү экспортлогддог.

Тээвэрлэлт болон ложистикийн цогцолбор:

Винсвэй компани нь Монголоос худалдаж авсан нүүрсээ Сэхээ болон Ганц Мод хилийн боомтоор тээвэрлэдэг. Одоогийн байдлаар тус хоѐр боомт нь төмөр замаар холбоогдоогүй тул, нүүрс хүнд даацын ачааны машинаар зөөгддөг. Нүүрс тээвэрлэж буй ачааны машин хил давж бараагаа зөөхийг манай орон болон Хятад орон зөвшөөрдөггүй тул ачсан нүүрсээ хил дээр буулгах шаардлага гардаг. Иймд Монголын уурхайгаас ирсэн нүүрс хил дээр Винсвэй компанийн ложистикийн цогцолбор дээр буулгагдаж цааш эцсийн хэрэглэчдэд төмөр замаар хүрэн очдог. Нүүрсийг хямд зардалтай, ашигтайгаар Хятадын зах зээлд хүргэхэд төмөр зам нэн чухал тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг. Иймд Винсвэй компани нь төмөр зам болон төмөр замын ложистикийн цогцолбор барих олон төсөлд хөрөнгө оруулж байгаа. Түүнээс гадна Xixiaozhao – Ганц Мод чиглэлийн төмөр замын барилгыг гүйцэтгэх компанийн 5% эзэмшдэг. Сэхээ, Ганц Мод дахь ложистикийн цогцолборын барилгыг Хөх Хотын Төмөр Замын Газар батласан ба Винсвэй компанийн хамт тус барилга байгууламжийг удирдах болно.

Нүүрс боловсруулах:

Монгол болон ОХУ нь эрс тэс өвлийн нөхцөл байдал, усны дутмаг хангамж гэх мэт хүчин зүйлсээс болж зарим ордын нүүрсээ боловсруулах чадваргүй байдаг. Монголд нүүрс боловсруулах үйлдвэрүүд ихэнхдээ ойр орших нэг уурхайд үйлчилгээ үзүүлдэг. Хятадын гангийн үйлдвэрүүд боловсруулсан нүүрс хэрэглэдэг ба өөр өөр нүүрсний шинж чанар шаарддаг. Иймд худалдан авагчдийн хэрэгцээг хангахын тулд Винсвэй нүүрс боловсруулах хоѐр үйлдвэртэй. Тус үйлдвэрүүд Урад Жончи болон Сэxээд байрладаг ба цаашид боловсруулах чадварыг ихэсгэх болон шинээр 5 үйлдвэр барих төлөвлөгөөтэй байна. Тус үйлдвэрүүдийг нүүрс тээвэрлэх замд ойр барих болно.

Монголын Нүүрсний Зах Зээл:

Уул уурхайд чиглэсэн эдийн засагтай бусад хөгжиж буй улсуудтай ижил Монгол ашигт малтмалаар баялаг улс билээ. Гадаадын Хөрөнгө Оруулалт, Худалдааны Газар уул уурхайн салбарыг Монголын эдийн засгийн хөгжилд нэн чухал салбар гэж онцолж байгаа ба Уул Уурхай Ассиоцацийн мэдээллээс үзэхэд нийт экспортын орлогын 75 гаруй хувь нь уул уурхайн салбарын орлого бүрдүүлж байна.

Монголын нүүрсний экспорт 25 сая тонн хүрэх боломжтой

Монгол Улс нийтдээ 175 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ба үүний 10 тэрбум тонн нь дахин сэргээгдэх нөөц болохыг Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газар дурджээ. Эдгээр нөөцийн ихэнх нь батлагдсан ч дэд бүтцийн асуудлаас шалтгаалж ашиглах боломжгүйд хүрээд байгаа ба гол ордууд нь Багануур, Шивээ Овоо, Таван Толгой болон Нарийн Сухайт нүүрсний ордууд юм. Монголын нүүрсний салбарын нэг онцлох дутагдал бол манай орны дэд бүтэц. Одоогийн байдлаар нүүрсний ордуудаас Сэxээ болон Ганц Мод хилийн боомт руу Хятад, Монголын талаас төмөр зам тавигдаагүй байгаа. Монголиан Майнинг Корпорац ба МАК компаниудын Хятадын хил рүү барихаар төлөвлөж байгаа төмөр зам нүүрсний эскпортын ирээдүйд ихээхэн нэмэр оруулах болно.

Хангалтгүй нийлүүлэлтээс болж Хятадын нүүрсний импорт өсөх хандлагатай байна

Хятадын гангийн хэрэгцээ 2011 онд 605 сая тонн, 2012 онд 653 сая тонн хүрэx төлөвтэй байна. Сүүлийн 10 жил Хятадын ган үйлдвэрлэл их хэмжээний бүтээн байгуулалт, хурдацтай хөгжиж буй хотжилт зэргээс шалтгаалан хурдацтай өсч байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн бодлого сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлтийг удаашруулсан ба энэ нь гангийн үйлдвэрлэл саарахад хүргэсэн. Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад гангийн эрэлт тогтворжиж байгаа ч коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй хэвээр байна. Нийлүүлэлт ийнхүү хангалтгүй хэмжээнд удаан үргэлжилвэл Хятадын Засгын Газар экспортыг бууруулж импортыг нэмэгдүүлэх бодлого явуулах нь гарцаагүй. Энэ Хятадын ашиг муутай уурхайнуудыг зогсоож байгалиа хамгаалах, нөөцийг зөв ашиглах бодлоготой холбоотой. Хятадын гаалийн статистикаар тус орны 2010 оны нийт 164.8 сая тонн нүүрс импортоор орж ирсэн ба энэ үзүүлэлт нь 2009 оны үзүүлэлтээс 31%-аар их байжээ. Үүнтэй харьцуулахад Хятадын экспорт 15%-аар буурч 19 сая тонн байсан байна. Хятад орон 2010 онд нийт 47.3 сая тонн коксжих нүүрс импортложээ. Үүнд Монголын нүүрс өмнөх оноос 278%-аар өсч, 15 сая тонн Хятадын зах зээлд гаргасан байна.

Монголын Засгийн Газар:

Монгол Улсын Засгийн Газар нь ашигт малтмалын ордыг Стратегийн ач холбогдолтой ордод тооцох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд уг хуулийн хүрээнд төр хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтаасаа хамааран уг ордын 34-50 хувийг эзэмших эрхтэй юм. Одоогоор уг ордын тоонд Тавантолгой, Нарийн сухайт, Багануур, Шивээ-овоогийн нүүрсний ордууд орж байна.

Эрдэнэс-Тавантолгой

Эрдэнэс МГЛ компанийн охин компани Эрдэнэс-Тавантолгой ХХК нь 2011 оны сүүлээр IPO хийхээр төлөвлөж байна. Эрдэнэс МГЛ нь стратегийн болон болон улсын хөрөнгө оруулалттай орд газруудад төрөөс төлөөлөх зорилгоор байгуулагдсан. Эрдэнэс-Тавантолгой нь дэлхийн хамгийн том эрчим хүчний болон коксжих нүүрсний ордын нэг болох Таван-толгой нүүрсний ордын лицензийг эзэмшиж байгаа ба одоогоор 6.0-6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзэж байна. Засгийн газар Эрдэнэс-Тавантолгойн 30 хувийг олон нийтэд санал болгон IPO хийхээр төлөвлөж байгаа ба төрөөс Монгол Улсын иргэдэд уг ордын 10 хувийг эзэмших эрхийг олгож байгаагаас гадна, компаниуд мөн 10 хувийг нь нэрлэсэн үнээр худалдан авах боломжтой юм.

Таван Толгой ХК

Таван Толгой нь 1967 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн улсын өмчит компани юм. Уг уурхай нь том Таван Толгой ордын жижиг хэсэг бөгөөд жижиг Таван Толгой гэж нэрлэгддэг. 1995 онд их хувьчлалын үеэр компанийг хувьчлан 51 хувийг Өмнөговь аймгийн орон нутгийн засгийн газар эзэмшиж, 49 хувийг хөрөнгө оруулагчид эзэмшсэн. Уурхай нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг хүртэл 540 км зайтай бөгөөд жижиг тавантолгой нь том Тавантолгойн ордын 169 га талбай бүхий лицензийг эзэмшдэг бөгөөд 60-аад сая тонн өндөр чанарын коксжих нүүрсний нөөцтэй. 2009 онд уурхай ойролцоогоор 2 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн.

Монголиан Майнинг Корпораци (ММC)

Нүүрс олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг Монголын Майнинг Корпораци (цаашид MMC гэх) нь Монголын хамгийн том коксжих нүүрс олборлогч, экспорлогч хувийн хэвшил юм. Одоо тус компани Өмнөговь аймагт том Таван Толгой ордын тодорхой хэсэгт Ухаа Худаг нүүрсний ордыг эзэмшиж байна. Ухаа Худаг нүүрсний орд нь 2,960 га газар бүхий талбайд ЖОРК стандартаар 2010.05.31-нд нийт 499.9 сая тонн хэмжигдсэн, тогтоогдсон нүүрсний нөөцтэй ба 286 сая тонн эдийн засгийн үр ашигтай нөөцтэй гэж батлагдсан. Тус компани 2010 оноос уурхайн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эхний жилдээ 3.9 сая тонн түүхий нүүрс олборлож ашигтай ажилласан. Нүүрсний хувьд өндөр чанарын коксжих нүүрс бөгөөд 2011 оноос угаасан нүүрсээ экспортлож эхлэхээр төлөвлөж байна.

Саус Гоби Энержи Ресурс

Саус Гоби Энержи Ресурс нь Монголын Өмнөговь бүст хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж Хятад улсад экспортлодог компани юм. Овоот Толгой нь тус компанийн хамгийн том уурхай бөгөөд 114 сая тонн нүүрсний нөөцтэй ба Шивээ Хүрэнгийн боомт хүртэл 40 км зайтай. Уурхай 2008 онд ашиглалтанд орсон ба 2012 он гэхэд бүрэн хүчин чадлаараа 9 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Уг ордоос гадна хэд хэдэн нүүрсний лицензтэй.

Монголын Алт (MAK)

MAK нь Өвөр Монголын Шинхуа Корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан Шинхуа-МАК-Нарийн Сухайт ХХК-ийг байгуулсан. Уг хамтарсан компанийн гол зорилго нь Нарийн Сухайт нүүрсний төслийн зах зээлийг бий болгох уурхайн дэд бүтэц барилгын ажлыг хөгжүүлэх явдал юм. Одоогоор жилд 1.5 сая тонн нүүрс олборлон Хятад улсад экспортлож байгаа ба уг ордоос гадна Элдэв Майн нүүрснийн уурхайг 100 хувь эзэмшдэг.

Монголиа Энержи Корпораци (MEC)

Монголиа Энержи Корпораци (MEC) эрчим хүч болон ашигт малтмалын хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба эзэмшиж буй лицензүүд дээрээ уул уурхайн мэргэжлийн баг байгуулан хайгуул хийх уурхай байгуулан ажилладаг. МЕС нь одоогоор Монголын баруун бүсэд 330 мянган га газар нүүрс, төмөр болон бусад металлын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байна. Тус компани Монголын баруун бүсд ЖОРК стандартаар 150 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй бөгөөд Монголын өмнө бүсэд газрын тос, байгалийн хийн төсөлтэйгээс гадна Хятадын Шинжаанд нүүрсний хэд хэдэн төсөлтэй гэж MICC-ийн аналист Э.Золзаяа  10 гаруй жилийн өмнө тус компанийн судалгааг хийж байжээ.

-Хөрөнгө оруулагчдаа үргээсэн хуулийг хүчингүй болгов-

Урт нэртэй хууль гаргаж, алтны тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон зэргээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байсан цаг саяхан. Гэвч араас нь 2012 оны тавдугаар сарын 17-нд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргасан нь хөрөнгө оруулагчдыг дахин үргээхэд хүргэсэн юм. Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гарснаар манай улсын эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарт гаднынхан хөрөнгө оруулалт хийвэл УИХ болон Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой болсон юм. Тодруулбал, энэ хуулийн 4.7-д Монгол Улсын эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарын 49 хувиас дээш хувь эзэмших, эсвэл 100 тэрбум төгрөгөөс давсан хөрөнгө оруулалт хийвэл УИХ-аас зөвшөөрөл авна. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэж заасан байлаа. Уул уурхайн шинжээч Наранбаатар: Энэ хууль гарснаар гадаадын хөрөнгө оруулалт буурсан таагүй үр дүн гарсан болохыг хэлдэг. Энэ хуулийг дагаж мөрдөх журам огт гараагүй учраас хөрөнгө оруулагчид монголыг орхихгүй гээд ч яах билээ. Үүний нэг тод жишээ бол, манай улсад 2010 онд 1 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Харин хууль гарахын өмнөх жил 4.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн тухайн үедээ түүхэн дээд рекорд гэгдэж байсан юм. Гэтэл хууль гарсан жилээс гадаадын шууд хөрөнгө оруулалт тасралтгүй уруудсан байгаа юм. Тодруулбал, 2012 онд 4,1 тэрбум ам.доллар, 2013 онд 2.1 тэрбум ам.доллар болж буурсан байх жишээтэй. Гадаадын хөрөнгө оруулалт буурч байхад, манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээлд буурсан нь монгол руу чиглэх ам.долларын урсгал тасалдахад хүргэж, америк доллар түүхэндээ анх удаа 1700 төгрөг давсан жил тохиосон билээ. Тиймээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгож, оронд нь Хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасан юм. Хөрөнгө оруулалтын хуулийг 2013 оны аравдугаар сарын 3-ны өдөр парламентаар хэлэлцэж баталсан байдаг. Харин уг хууль 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм. Шинэ хуулийн онцлогын талаар тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга Жавхланбаатар: Манай улсын уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар шинээр хуульчилсан тухай хэлж байсан билээ.  

-Хөрөнгө оруулалтын шинэ хуультай болж тогтворжуулалтын гэрчилгээ олгодог болов-

Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар монгол улсад хөрөнгө оруулсан хуулийн этгээдэд төслийн  үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч 5, 8, 10, 15 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ олгохоор хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, 2008 оноос хойш хөрөнгө оруулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай улсад оруулсан мөнгөнөөсөө хамаарч 5-18 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварыг тухайн үеийнхээ түвшинд төлөх бололцоо бүрдсэн юм. Дээрх хугацаанд:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар,
  • Гаалийн албан татвар
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн үед байсан хэмжээнд нь тогтворжуулахаар шинээр гаргасан хуульд тусгасан юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын газар үүнийг баталгаажуулсан тогтворжуулах гэрчилгээг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Ийнхүү дөрвөн төрлийн татварыг тогтворжуулснаар монгол улсаас үргэсэн гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж хаа хаанаа хүлээж суулаа. Үүнээс гадна, уг хуулийн 20-р зүйлд цөмийн энергиэс бусад салбарт 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломжтой гэж заасан байлаа. Гэтэл хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаанд гадаадын нэг ч компани тогтворжуулах гэрчилгээ аваагүй, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй нь сонирхол татам судалгаа юм. Манай улсад 1990 оноос хойш 12 мянган гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдснаас 2015 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар 8800 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байлаа. 2014 онд 450 нь байгуулагдсан бол, 2015 оны эхний 9 сард 240 нь байгуулагдсан байна. Тэдгээрээс 10 нь тогтворжуулах гэрчилгээ авахаар бэлтгэлээ базааж, Хөрөнгө оруулалтын газраас зөвлөгөө авч байсан гэдэг. Харин дотоодын зургаан компани тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт гаргасан ч, нэг нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах санал тавьсан байна. Тухайн үед тэдний нэрсийг албаныхан нууцлаж байсан ч, Монголын алт, Алтайн хүдэр, Энержи ресурс, Эрэл зэрэг 5 компани тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт тавьсан тухай хэвлэлүүд онцолж байсан юм. Тэдэнд тогтворжуулах гэрчилгээ өгье гэсэн ч, үүн дээр нь гарын үсэг зурах сайд тухайн үед байсангүй. Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаснаар тогтворжуулах гэрчилгээнд гарын үсэг зурах сайдгүй болчихсон гэдэг. Холбогдох яамгүй болсон Хөрөнгө оруулалтын газар Ерөнхий сайдын харьяанд дөнгөж очтол, Шинэчлэлийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихсон тал бий. Тиймээс дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл тогтворжуулалтын гэрчилгээнд гарын үсэг зурах хүн олдохгүй нь тодорхой байлаа. Шинэ засгийн газар бүрэлдэж, ерөнхий сайдтай болж байж, тогтворжуулалтын гэрчилгээнд гарын үсэг зураг хүнтэй болох байв. Тэр болтол дотоодын компаниуд хүлээж, хөрөнгө оруулалтаа азнах хэрэгтэй болсон гэдэг. Ийнхүү тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар манай улсад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тухайн үед орж ирээгүй байсан цаг үе юм. Харин шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас мэр сэр орлого олж байжээ. Хөрөнгө оруулалтын шинэ хууль гарснаас хойш байгуулагдсан компаниуд хуулиараа 100 мянган ам.доллар төлөх ёстой. Үүгээр тооцвол шинээр байгуулагдсан компаниудаас 2014 онд 24 сая ам.долларын орлого олсон үзүүлэлт гарч таарна. Хөрөнгө оруулалтын хуультай болсноос хойш гарсан үр дүн гэвэл энэ байлаа. Тодруулбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны үеэсээ 970 сая ам.доллараар буурч, 2014 эхний есөн сард 697 сая ам.доллар орж ирсэн урьдчилсан гүйцэтгэл гарсан байдаг. Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө орууалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгоод байхад, дорвитой үр дүн гарахгүй байсны цаад шалтгааныг улс төрийн тогтворгүй байдал гэж үзэх хүн цөөнгүй байсан юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурч байсантай холбоотойгоор манай улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарч байлаа. Төвбанкныхан долларын ханшийг буулгах гэж ганцаараа зүтгэх нь үр дүнгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд энэ мэт зүйлээс харагдаж байсан юм. Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл долларын ханш хөөрөгдөж, суурь инфляци өсөх, эдийн засгийн өсөлт саарах, зээлийн хурд буурах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сулрах зэрэг олон арван сөрөг зүйлүүд гарах нь ойлгомжтой байв. Тиймээс дараагийн ерөнхий сайдын эхний ээлжинд ханцуй шамлан орох ажил бол, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлж, долларын ханшийг буулгахад нэмэр болж, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал байсан юм.

-С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах компанийг одоогоор зарлахгүй-

Хөрөнгө оруулалтын хуулийн 20-р зүйлд цөмийн энергиэс бусад салбарт 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж, ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэж тусгасан талаар дээр дурдсан. Тухайн үед Энержи ресурс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах магадлал өндөр гэж судлаачид үзэж байлаа. Тавантолгойн ордын баруун, зүүн цанхийн хөрөнгө оруулагчаар Хятадын Шэнхуа, Японы Сумитомо, Монголын Энержи ресурс компанийн түншлэл тэр үед шалгарч байсан учраас тэр юм. Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20-р зүйлд цөмийн энергиэс бусад салбарт 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэж тусгасан байдаг. Энэ шалгуурыг Тавантолгойн хөрөнгө оруулагчид хангаж байжээ. Өөрөөр хэлбэл, тэд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байсан юм. Тиймээс дээрх зургаан дотоодын компаниас Энержи ресурс компани хөрөнгө оруулалтын гэрээ хийж магадгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй байсан юм. Тэгвэл 2015 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар тэр үеийн Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах компанийг одоогоор зарлахгүй хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Хөрөнгө оруулалтын шинэ хууль гарснаас хойш байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд 100 мянган ам.доллар хуулиараа төлдөг. Үүгээр тооцвол шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд 2015 онд 24 сая ам.доллар төлсөн төдий үзүүлэлт гарч байсан юм.

-Тавантолгойн орд таван хэсгээс бүрддэг-

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд орших Тавантолгойн нүүрсний орд аймгийн төв Даланзадгадаас зүүн тийш 100 километр, Оюутолгойн ордоос 155 километр, Улаанбаатар хотоос өмнө зүгт 600 километр, ойролцоо орших төмөр замын Чойр, Сайншандын өртөөнөөс 438-450 километр зайтай оршдог. Газарзүйн солбилцолын тухайд өргөрөг нь 43^35`- 43^39, уртраг нь 105^25 – 105^32 юм. Энэ орд асар их нүүрсний нөөцтэй болохыг нутгийн иргэд өнгөрсөн зууны эхнээс мэдэж ахуйн хэрэглээнд ашиглаж ирсэн ч, судалгааны ажил хожуу хийгдсэн байна. Геологийн мэдээллийн төв: Геологийн судалгааг ордын хэмжээнд анх оросын геологич К.Д. Помазков 1940 онд хийсэн талаар дурджээ. Түүнээс хойш 1954 онд Б.А.Шевелев, 1978 онд В.И.Гольденберг нар 1:200000-ны, 1966 онд А.А.Храпов 1:100000, 1982-1983 онд П.Хосбаяр, 1:50000-ны геологийн зураглал, 1968-1969 онд В.И.Блюменций 1:200000 агаарын соронзон зураглалын ажил тус тус хийсэн байна. Хожим 1988-1989 онд Ж.Дашхорол, П.Төмөрбаатар, Д.Туяа зэрэг монголын геологичид тавантолгойн ордыг үргэлжлүүлэн судалсан гэх нь бий. Энэ ордын судалгааны ажлыг 1940 онд анх эхлүүлсэн бол, 1983 онд нарийвчилсан хайгуул хийж дууссан байна. Тавантолгой манай улсын уул уурхайн ордуудаас хамгийн их судлагдсан орд. Энэ ордод 50 орчим жил хайгуулын ажил хийж хэсэгчилсэн судалгаануудыг 1989-1990 онд ОХУ-ын Гидрошахтын хүрээлэнд нэгтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон тавантолгойн ордыг ашиглах зорилгоор манай улс 1991 онд ОХУ-ын Гидрошахтын институтээр урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл хийлгэсэн гэх нь бий. Гэвч манай улс тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн тул тавантолгойг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулжээ. Тавантолгойн орд 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс гэж техник эдийн засгийн үндэслэлд нь тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, зүүнээс баруун тийш 22 километр, хойноос урагш 6 километр газарт ийм хэмжээний нүүрс байгааг эцэслэн тогтоожээ. Нийт 80 мянган га.талбайг эзэлдэг тус орд Баруун өмнөд, Бор толгой, Онч, Ухаа худаг, Цанхи гэсэн таван хэсгээс бүрддэг учраас Тавантолгой хэмээн нэрийджээ. Тус ордыг хэсэг бүрээр нь авч үзвэл: 

Баруун өмнөд хэсэг: Өнгөрсөн зууны эхнээс нутгийн ардууд мэдэж ахуйн хэрэгцээнд ашиглаж ирсэн. 1953-1956 онд эрэл, 1978-1981 онд эрэл үнэлгээний ажил, 1982-1984 онд урьдчилсан хайгуулын ажил гүйцэтгэсэн. A+B+C1 – 53605,39 мянган тонн, C2 – 7706,34 мянган тонн нөөцтэй. 

Бор толгой: Тавантолгойн ордын Бортолгойн хэсэг нь Даланзадгад хотоос зүүн тийш 118 километр, Цогтцэций сумаас зүүн урагшаа 12 километр, хамгийн ойролцоо орших төмөр замын Чойр өртөөнөөс баруун урагшаа 438 километрт оршдог. Эдийн засгийн төв мужид хамаардаг. Тавантолгойн ордоос зүүн тийш 13 километрийн зайд байрладаг юм. 1977 онд В.И.Гольденберг 1:200000-ны бүлэгчилсэн геологийн зураглалын явцад маршрутын судалгаа хийж нэг цооног өрөмдөж илрүүлсэн байна. 1978-1979 онд гадаргуугийн эрлийн геофизикийн судалгааг, 1984-1985 онд эрлийн, 1984-1988 онд эрэл үнэлгээний ажил гүйцэтгэсэн. C2-154514,0 мянган тонн нөөцтэй. 

Онч: Тавантолгойн ордын зүүн буюу Онч хэсэг нь Цогтцэций сумаас баруун урагшаа 2 километр, Даланзадгадаас зүүн урагшаа 100 километр, хамгийн ойролцоо орших төмөр замын Чойр өртөөнөөс баруун урагшаа 438 километрт оршдог. 1983 онд П.Хосбаяр 1:50000-ны зураглал хийх явцад Тавантолгойн ордын бүтэц, хил заагийг тодруулах судалгаа хийж илрүүлсэн. 1978-1979 онд гадаргуугийн эрлийн геофизикийн судалгаа хийсэн. 1984-1988 онд эрэл үнэлгээ хийсэн. C1-82809,4 мянган тонн, C2-311404,3 тонн нөөцтэй.

Ухаа худаг: Цогтцэций сумаас баруун урагшаа 18 километр, Даланзадгад хотоос зүүн урагшаа 100 километр, Улаанбаатар хотоос урагшаа 540 километр, төмөр замын Чойр өртөөнөөс баруун урагшаа 438 километрийн зайд байрладаг. Авто тээврээр зорчиход тохиромжтой шороон замаар холбогдсон. Цанхийн талбайгаас баруун хойшоо 2,5 километрт оршдог. 1974-1977 онд В.И.Гольденберг 1:200000 бүлэгчилсэн геологийн зураглалын ажлаар илрүүлсэн. 1978-1979 онд гадаргуугийн эрлийн геофизикийн судалгаа, 1984-1986 онд эрэл, 1984-1987 онд урьдчилсан хайгуулын ажил гүйцэтгэсэн. A+B+C1-225899,7 мянган тонн, C2-133327,2 мянган тонн нөөцтэй. 

Цанхийн хэсэг: Даланзадгад хотоос зүүн тийш 100 километр, Улаанбаатар хотоос урагш 540 километр, Төмөр замын Чойр, Сайншанд өртөөнөөс 438 километр зайтай бөгөөд шороон замтай. Ордын район нь 1515-1560 метрийн өндөртэй хөндий, толгодорхог гадаргуутай. Хур тунадасын жилийн дундаж 154 мм болох нь тогтоогдсон. 1978-1981 онд эрэл үнэлгээ, 1982-1984 онд урьдчилсан хайгуул, 1985-1986 онд нарийвчилсан хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн. A+B+C1-1127275,9 мянган тонн, C2-293749,91 мянган тонн нөөцтэй. Тавантолгойн ордын хэмжээн дэх газрын гүний ус нь 6,3-28 метрийн гүнд байрладаг ба хамгийн их гүний байрлал нь баруун хойт, зүүн хойт хэсэгт тархсан байдаг. Гидрогеологийн туршилтын цооногуудаар судалсан бөгөөд энд усны ундарга 10-60 метрийн бууралттай үед 0,5-1.7-2.1 литр секунд. Ус өгөмж 0.01-0.09 литр секунд болно. Ус агуулагч зузаалгийн шүүрэлтийн коэффициент 0.18 метр/хоногт. Пьезодамжуулалтын дундаж коэффициент 1.19*10 (4) м.кв хоногт гэж тодорхойлжээ. Тавантолгойн ордын хэмжээнд газрын гүний усны эрдэсжилт 2,3-8,6 г/л ба шорвог гэж тодорхойлогдсон. Устөрөгчийн ионуудын концентрат PH-7.2-7.8 болно. Ирээдүйн үйлдвэрийн зангилааны хангамжийг шийдвэрлэхэд Тавантолгойг ордоос баруун урагш 75 километрт орших Балгасын Улааннуурын газрын гүний усны орд голлох үүрэг гүйцэтгэнэ. Ашиглалтын нөөцийг А зэргээр 20.7 мянган метр куб/ хоногт, B зэргээр 11.5 мянган метр.куб/ хоногт, C1 зэргээр 7,9 мянган метр.куб/ хоногоор тус тус тооцож тэр үеийн ЗХУ, БНМАУ-ын Улсын ашигт малтмалын нөөцийн комиссоор баталсан. Тавантолгойн ордод улсын төсвөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардалыг үе шатаар нь ангилвал 1:50000 метрийн геологийн зураглалын ажлын зардал 1582235 төгрөг, эрэл болон эрлийн үнэлгээний зардал 21106900 төгрөг, нарийвчилсан хайгуулын зардал 38491756 төгрөг, урьдчилсан хайгуулын зардал 32354702 төгрөг гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт геологий хайгуулын ажлын зардалд 93535593 төгрөг төсвөөс гаргасан тухай Геологийн мэдээллийн төвийн тайланд тусгасан байдаг. Уг ордын 3,6 тэрбум тонн нөөцийг тогтооход тухайн үед улсын төсвөөс 93,5 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл мөн байдаг. Тус ордын нийт нөөцийн 57 хувийг тогтооход ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан тул, үлдэх нөөцийг тогтооход мөн хэмжээний мөнгө зарцуулсан байх магадлалтайг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Өөрөөр хэлбэл, тавантолгойн нийт нөөцийг тогтооход тухайн үед улсын төсвөөс 187 сая төгрөг зарцуулсан байх гэж мэргэжилтнүүд үздэг юм. Засгийн газрын 2007 оны 81-р тогтоолд заасан аргачлалаар тооцвол тухайн үеийн 187 сая төгрөг 2010.12.01-ний байдлаар 50 тэрбум төгрөгтэй тэнцэхээр байгаа юм. Улсын төсвөөс ийм хэмжээний хөрөнгө, мөнгө зарлагдаж нөөцийг нь тогтоосон Тавантолгойн ордод орон нутгийн өмчит Тавантолгой, төрийн өмчит Эрдэнэс-тавантолгой, хувийн өмчит Энержи ресурс компаниуд өнөөдөр зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. 

Тавантолгойн нүүрсний орд: Satellite image of the TavanTolgoi area, Black – Coal outcrop
Red & Blue – Geological faults
Тавантолгойн нүүрсний орд
Тавантолгойн ордын хөндлөн зүсэлт: Seamswith a thick of 11 to 54 meter

-Орон нутгийн өмчит Тавантолгойн нөөц нэмэгдэх боломжтой-

Хэдийгээр нөөцийг нь хожуу нэгтгэсэн ч, энэ ордыг тавь орчим жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байх юм. Тодруулбал, 1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд сайд нарын зөвлөл хуралдаж тус ордыг Аж үйлдвэрийн яаманд шилжүүлж, Дундговь аймаг дахь Цагаан овоогийн уурхайн нэг цэг болгон үйл ажиллагааг нь эхлүүлсэн гэдэг. Харин 1967 оны тавдугаар сараас бие даасан уурхай болгожээ. Анх улсын өмчит байсан энэ уурхайг 1994 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр төрийн өмч давамгайлсан Тавантолгой хувьцаат компани болгох шийдвэр гарчээ. Энэ дагуу 1995 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болгож, Монголын хөрөнгийн биржэд бүртгүүлсэн байна. Тус компани анхдагч зах зээлд нийт 526 мянган ширхэг хувьцаа гаргаж, 51 хувь нь орон нутгийн мэдэлд, үлдэх 49 хувь нь иргэн, аж ахуйн нэгжийн мэдэлд шилжиж олон нийтэд нээлттэй арилжигддаг болсон байна. Тухайн үед өмч хувьчлал явуулах ажлын хүрээнд нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэлбэрээр хувьчилсан байдгийг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Ингэхдээ бүх хувьцааны ханшийг 100 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг. Тэр ч утгаараа анх тус компанийн хувьцаа 100 төгрөгийн нэрлэсэн үнээр гарч байжээ. 2008 онд нэгж хувьцаа нь 132 мянган төгрөгөөр арилжаалагдаж түүхэн дээд ханшдаа хүрч байсан бол, 2021-03-01-ний арилжаагаар 7945 төгрөгийн ханшаар хаагджээ. Түүхэн дээд ханштай нь харьцуулахад тус компанийн хувьцааны ханш хэд дахин унасан ч, анх гаргасан нэрлэсэн үнэтэй нь харьцуулахад нэлээд хангалттай үзүүлэлт гэж хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Одбаяр: Тавантолгойн ордын зэргэлдээ орон нутгийн тавантолгой хувьцаат компани үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг бид жижиг тавантолгой гэж нэрлэдэг. Жижиг тавантолгой компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж ирсэн ч, энэ нь Эрдэнэс-тавантолгойн хувьцаатай ямар ч хамааралгүй юм гэх тайлбарыг хэдэн жилийн өмнө өгч байсныг энд эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тавантолгойн ордын 11350 га талбайн тусгай зөвшөөрөл өмнө нь орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компанийн мэдэлд байсан тухай компанийн удирдлагууд нь хэлдэг. Гэвч 1997 оны зургаадугаар сарын 5-нд Ашигт малтмалын тухай хууль гарч, орон нутгийн өмчит Тавантолгой компани 1 га ашиглалтын талбайд 10 ам.доллар төлөх ёстой болжээ. Үүгээр тооцвол, тус компани жилд 110 мянган ам.доллар төлөх ёстой болсон гэх. Ийм хэмжээний төлбөр төлөх бололцоо орон нутгийн өмчит Тавантолгой компанид тухайн үед байгаагүй учраас 11350 га талбайгаас 169 га талбайг өөртөө үлдээж, бусад талбайг улсад эргүүлэн өгчээ. Тэр үеийн Тавантолгой хувьцаат компанийн Үйлдвэр хариуцсан дэд захирал Зоригтбаатар: бусад талбайг улсад эргүүлэн өгсөн тухай 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны хавьцаа хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, Цанхийн зүүн хэсгийн 125 сая тонн нүүрсний нөөц бүхий талбайг өөртөө үлдээжээ. Үүнээс 1966-2004 он хүртэл нийт 2,5 сая тонн нүүрс олборлож дотоодын зах зээлд борлуулсан байгаа юм. Харин 2004-2013 он хүртэл 27,5 сая тонн нүүрс олборлож худалджээ. Үүний 25 сая тонныг экспортолсон бол, 2,5 сая тонныг дотооддоо борлуулсан байх юм. Ийнхүү тус компани 2013 он хүртэл нийт 30 гаруй сая тонн нүүрс олборлож борлуулжээ. Үүгээр тооцвол, тус компанид 100 сая тонн хүрэх үү, үгүй юу нүүрсний нөөц үлдсэн тооцоо гардаг. Тус компанийн олборлолт явуулдаг 11245, 11278 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дунд байрлах Дайцукигийн талбайг Тавантолгой хувьцаат компани руу шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан хэмээн компанийн удирдлагууд нь хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан удаатай. 80 сая тонн нүүрсний нөөцтэй Дайцукигийн талбайг өөртөө нэгтгэвэл цаашид орон нутгийн өмчит Тавантолгой компанийн нөөц өсөх боломжтой гэж компанийн удирдлагууд нь хэлж байсан юм. Тэгвэл 2022.12.09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилжээ.

-Энержи ресурс компани дэлхийн хөрөнгийн захад гарав

Орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компанийн улсад эргүүлэн өгсөн талбайд хожим Энержи ресурс компани үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, тавантолгойн ордын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 1999-2008 оны хооронд Энержи ресурс компани 100 хувь эзэмшиж байжээ. Хэдийгээр тийм ч улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг 2008 онд төрийн мэдэлд эргүүлэн авсан байдаг. Гэхдээ 100 хувь биш… Эм Си Эс, Петровис, Шунхлай группын хамтын хөрөнгө оруулалтаар 2005 онд байгуулагдсан Энержи ресурс компанийн мэдэлд 2962 га талбай бүхий 11952А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Ухаа худгийн хэсэг үлджээ. Ухаа худаг 499 сая тонн тогтоогдсон нүүрсний нөөцтэйгөөс 286 сая тонн нь баталгаат нөөц юм. Нийт баталгаат нөөцийн 57 хувь нь коксжих нүүрс гэх судалгаа бий. Энержи ресурс компани энэ уурхайгаас Австралийн Лейтон Ази компаниар гэрээгээр нүүрс олборлуулдаг байжээ. Олборлолт 2009 оноос эхэлсэн бөгөөд эхний жил 1,8 сая тонн нүүрс, дараагийн жил 3,8 сая тонн нүүрс экспортолсон гэгдэж байв. Нүүрсээ хятадын Баотау Стил, Шоуганг, Шаганг, Шинхуа зэрэг компаниудад нийлүүлэхээр 5-10 жилийн урт хугацааны гэрээ хийсэн тухай мэдээлэл цацагдаж байсан нь нууц биш. Тухайн үед тэд шороон замаар нүүрс тээвэрлэж байсан ч, ирээдүйд авто зам болон төмөр замаар бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьсан байдаг. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг засварлах ажлыг тус ордод үйл ажиллагаа явуулдаг зарим компаниудтай хамтран эхлүүлсэн байгаа юм. Ингэхдээ авто замын засварын ажлыг Нэйшнл девелопер, Пушин говь зэрэг компаниуд гүйцэтгэж байгааг Энержи ресурс компанийн зүгээс мэдэгдэж байв. Энержи ресурс компани Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн авто замыг засварлах ажлыг 2009 онд эхлүүлсэн бол, уг зам 2011 он хавьцаа ашиглалтад оров. Үүнээс гадна, Ухаа худагийг Гашуун сухайтын боомттой холбох зорилгоор 260 километр төмөр зам барих нарийвчилсан судалгаа шинжчилгээний ажлыг Германы төмөр замын концернтой хамтран гүйцэтгэж байжээ. Хатуу хучилттай авто зам болон төмөр зам ашиглалтад орвол нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байсан юм. Ингэхдээ Ухаа худагийн коксжих нүүрсийг түүхийгээр нь бус, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлохоор төлөвлөж байлаа. Тиймээс жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг австралийн Седжман компанийн зураг төслөөр барьжээ. Тэр үеийн Ашигт малтмалын газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга Алтанхуяг: Ухаа худагийн коксжих нүүрсний ордыг түшиглэсэн нүүрс угааж, баяжуулах үйлдвэр 2011 онд ашиглалтад орно гэж ярьж байсан нь саяхан. Хэлсэн нь ёсоор болж жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай модулын эхний ээлжийг 2011 оны зургаадугаар сарын 11-нд ашиглалтад оруулсан байдаг. Үйлдвэр эхний ээлжинд 800 тонн нүүрс боловсруулах бол, 2011 онд хятадтай холбох төмөр зам ашиглалтад орвол хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлэх тухай анх төлөвлөж байжээ. Ийнхүү хүчин чадлыг аажмаар нэмэгдүүлснээр жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах зорилт тавьсан байгаа юм. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 2011 онд олборлосон 7 сая тонн нүүрснийхээ 4 сая тонныг нь угааж баяжуулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох боломж бүрдсэн байна. Харин үлдэх 3 сая тонныг нь түүхийгээр нь экспортолно гэж тухайн үед мэдэгдэж байсан билээ. Хятадад коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байсантай холбоотойгоор тус компани 2014 оноос үйлдвэрлэлээ 2 дахин нэмэгдүүлж, 14,7 сая тонн нүүрс олборлож, угааж, баяжуулахаар төлөвлөж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энержи ресурс компани дэд бүтцээ сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2010.10.13-ны өдөр Хонконгийн хөрөнгийн биржэд Mongolian mining corporation нэрээр бүртгүүлсэн. Ингэхдээ компанийнхаа 20 хувьтай тэнцэх 719 сая ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 7 хонгконг доллар 2 центээр арилжаалсан юм. Эндээс босгосон 5,1 тэрбум хонгконг доллар /ойролцоогоор 650 сая ам.доллар/-аар нүүрс угааж баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станц, Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн 245 километр хатуу хучилттай авто зам, усан хангамжийн систем зэргийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. Энержи ресурс компанийн хувьцаа ХонгКонгийн хөрөнгийн биржэд Mongolian mining corporation нэрээр, 975 кодоор арилжаалагддаг. Ашигт малтмалын хайгуул хийж буй уул уурхайн компани дэлхийн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргавал, тухайн компанийн хувьцааны ханш нэлээд доогуур тогтдог. Хайгуул хийгээд тодорхой хэмжээний нөөц тогтоовол, тухайн хайгуулын компанийн хувьцааны ханш өсдөг. Нөөцөө албан ёсоор баталгаажуулж, үйлдвэрлэлийн шатанд шилжвэл хувьцааных нь бүр ч их өсдөг. Энэ бол дэлхийн хөрөнгийн биржүүд дээр мөрдөгддөг бичигдээгүй хууль гэж ойлгож болох талтай. Mongolian mining corporation-ийн тухайд Ухаа худагийн уурхайн нөөцийг хэдийнэ тогтоолгож, үйлдвэрлэлийн шатанд шилжсэн үедээ хувьцаа гаргасан тул үнэт цаасных нь ханш анхдагч зах зээлд өндөр тогтсон гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэтэл анх 7 гаруй хонконг доллараар гарч байсан тус компанийн хувьцааны ханш 2011 оны хоёрдугаар сарын 8-нд хамгийн дээд цэгтээ хүрч, 10 хонконг доллар 92 цент болсон юм. Гэвч энэ цагаас хойш тус компанийн хувьцаа тасралтгүй уруудаж байгаа юм. Тухайн үед АНУ-ын эдийн засаг болон Европын холбооны улсуудын санхүүтэй холбоотой таагүй мэдээлэл дэлхий дахинд цацагдаж байсантай холбоотойгоор азийн хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш унахад нөлөөлснийг шинжээчид хэлж байлаа. Энэ нь ХонгКонгийн хөрөнгийн биржэд 975 кодоор арилжаалагддаг Mongolian mining corporation компанийн хувьцааны ханш унахад нөлөөлсөн хэрэг. Бусад хүчин зүйлийг тоочвол тоолж барамгүй их биз ээ. 2011 оны зургаадугаар сарын 18-ны байдлаар Mongolian mining corporation-ийн нийт хувьцааны 44 хувийг Эм Си Эс майнинг групп, 11,4 хувийг Петровис ресурсес, 8,1 хувийг Керри майнинг, 6,2 хувийг Анкора капитал, 4,9 хувийг Шунхлай майнинг, 3,1 хувийг  Ии Би Эр Ди компани, үлдэх 22,3 хувийг олон нийт эзэмшиж байлаа.

-Төрийн өмчийн хорооноос гаргасан Эрдэнэс-тавантолгойн талаарх тогтоолууд-

Төрийн өмчийн хорооноос өнгөрсөн хугацаанд Эрдэнэс-тавантолгойн талаар ямар тогтоол, шийдвэр гарч байсан бэ. Энэ асуултад тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар: Бидний үйл ажиллагаандаа удирдлага болгодог хууль тогтоомж бий. Юуны өмнө Хүний хөгжил сангийн тухай хууль. 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн тодорхой ордыг стратегийн ордод оруулах УИХ-ын 27-р тогтоол. 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн хуулийн төслийг буцаах үндсэн зарчим, удирдамж батлах тухай УИХ-ын 40-р тогтоол. 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39-р тогтоол. 2010 оны наймдугаар сарын 18-ны өдрийн тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 44-р тэмдэглэл. Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын 20-ны өдрийн Эрдэнэс-тавантолгой хувьцаат компани байгуулах тухай 272-р тогтоол. УИХ-ын 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 69-р тогтоол, төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай. Төрийн өмчийн хорооны 2010 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 425-р тогтоол. Эрдэнэс-тавантолгой компанийн дүрмийг батлах тухай. Эрдэнэс монгол компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол. Эрдэнэс-тавантолгой компани байгуулах тухай тогтоол. Эдгээрийг удирдлага болгон ажиллаж ирсэн. УИХ, Засгийн газраас өгсөн удирдамжийн дагуу Эрдэнэс-Монгол тавантолгойн ордыг ашиглах, бэлтгэл ажил хангах талаар хоёр чиглэлээр ажиллалаа. Нэгдүгээрт: Эрдэнэс монгол тавантолгойг шууд ашиглах зориулалттай Эрдэнэс-тавантолгой компанийг байгуулах, эрхзүйн орчныг бүрдүүлэх, санхүүжүүлэх бэлтгэл ажил байсан. Хоёрдугаарт: Энэ компани хууль зүйн хувьд бэлэн болоод ажилдаа орох хүртэл хугацаа хэмнэх зорилгоор үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг хангах ажил байсан. Ордод хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Эрдэнэс-тавантолгой бүтээгдэхүүн олборлож, экспортлох бүрэн боломжтой болоод байна гэж хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан юм. УИХ-аас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар дээр тавантолгойн төслийг хариуцсан ажлын хэсэг хүртэл байгуулагдаж байсан юм. Мөн тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг тодорхойлсон УИХ-ын тогтоол 2010 оны долоодугаар сард батлагдсан юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хороо, Эрдэнэс монгол компани ажиллаж иржээ. Улмаар Тавантолгойн асуудал хариуцсан Эрдэнэс-тавантолгой компанийг байгуулж, уурхайн олборлолт, нүүрсний экспорт, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн байна.

-Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлүүд Эрдэнэс тавантолгой компанийн мэдэлд ирэв-

Тавантолгойн ордын 125 сая тонн нүүрсний нөөц бүхий талбай Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй Тавантолгой хувьцаат компанийн мэдэлд үлдсэн бол, 286 сая тонн нүүрсний баталгаат нөөцтэй Ухаа худагийн хэсэг Хонгконгийн хөрөнгийн биржэд Mongolian mining corporation нэрээр бүртгэлтэй Энержи ресурс компанийн мэдэлд ийнхүү үлдсэн билээ. Харин 6 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Баруун өмнөд, Бор толгой, Онч, Цанхийн талбайг төрийн мэдэлд эргүүлэн авсан байдаг. Ингэж уг ордод Тавантолгой, Энержи ресурс, Эрдэнэс-тавантолгой компаниуд зэрэгцэн үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан юм. Тавантолгойн ордын 96 хувь нь төрийн мэдэлд эргэн ирсэн бөгөөд Эрдэнэс монгол компанийн гүйцэтгэх захирал асан Энэбиш: Төрийн мэдэл дэх нөөцийн 1,4 тэрбум тонн нь коксжих нүүрс бол, 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс болохыг хэлж байсан удаатай. Ийм нөөц бүхий дээрх талбайн 11943, 11953, 11954, 11955, 11956 зэрэг ашиглалтын тусгай зөвшөөрлүүд стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглахад Засгийн газрыг төлөөлж оролцох үүрэгтэйгээр 2007 онд байгуулагдсан Эрдэнэс монгол компанийн мэдэлд ирсэн юм. Дээрх тусгай зөвшөөрлүүд 2008.05.28-ны өдөр төрийн өмчит Эрдэнэс монгол компани руу эхлээд ирсэн гэсэн үг юм. Дараа нь 2010.12.23-ны өдөр байгуулагдсан Эрдэнэс тавантолгой охин компани руу нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, тавантолгойн ордын төрийн мэдлийн тусгай зөвшөөрлүүдийг толгой компаниас нь охин компани руу нь шилжүүлсэн гэсэн үг юм. Ингэснээр тус охин компани коксжих нүүрсний нөөц болон чанараараа дэлхийд тэргүүлэх тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болжээ. Төр өөрийн мэдэлд эргүүлэн авсан тавантолгойн нөөцийг ашиглах тухай багагүй ярьсаны эцэст 2010 оны долоодугаар сард шийдвэрлэх алхам хийсэн байдаг.

-Тавантолгойн орд ямар үнэ цэнэтэй вэ-

2010.01.01. Монгол Улс. Улаанбаатар хот. 2009 онд Оюутолгойн ордын хувь заяаг Засгийн газар  шийдвэрлэсэн бол, 2010 онд нүүрсний Тавантолгойн ордын хувь заяаг шийдвэрлэх төлөвтэй байна. Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг удахгүй хийнэ гэдгийг Эрдэнэс МГЛ компанийн захирал Энэбиш хэлж байна. Бүгд найрамдах солонгос улсын Корес байгууллагын ахалж байгаа 11 консерциум, Оросын холбооны улсын Ренова, Базовый элемент, Газпром, Америкийн Пибоди Энержи, Японы Мициу, Иточу, Сожиц, Марубени, Сумитомо, Энэтхэгийн Жиндал Стиил энд Поавер, Бразилийн Вале, Хятадын Шинхуа энержи зэрэг компаниуд Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хийх саналаа одоогоор ирүүлээд байгаа юм байна. Гэхдээ хэн хөрөнгө оруулалт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа гэсэн тайлбарыг албаны хүн өгч байна. Оюутолгойн ордоос манайд ердөө 34 хувь ногдохоор болсон. Тэгвэл тавантолгойн ордын 51 хувийг монгол улсын төр эзэмшиж, үлдэх хувьд гаднын хөрөнгө оруулагчид оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших нүүрсний Тавантолгойн ордод монгол, оросын геологчид хагас зуун жил хайгуул хийсний эцэст 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болохыг нь тогтоосон тухай дээр дурдсан. Энэ нөөцийн 4 тэрбум тонн нь чулуун нүүрс бол, 2 тэрбум тонн нь коксжих нүүрс юм. Манай улсын экспортын нүүрсний үнийг тодорхойлдог газар бол хятадын чинхуа боомт гэдэг. Энэ боомтод нэг тонн чулуун нүүрс 35 ам.доллар, коксжих нүүрс 49 ам.долларын дундаж ханштай байна. Үүгээр тооцвол, дөрвөн тэрбум тонн чулуун нүүрс 140 тэрбум ам.доллар болж байна. Харин хоёр тэрбум тонн коксжих нүүрс 98 тэрбум ам.доллар болно. Нэг ёсондоо, тавантолгойн нийт баялаг 238 тэрбум ам.доллар болох юм. Үүний 49 хувь нь 116 тэрбум ам.доллар болох нь ойлгомжтой. Энэ хэмжээний өртөг бүхий баялагаа зургаан тэрбум ам.доллараар өгч, хөрөнгө оруулагчид оруулах нь зөв үү гэсэн асуулт дагаад гарч байгаа юм. 

-Тавантолгойн Цанхийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулав-

Улсын их хурал 2010.07.07-ны өдөр 39 тоот тогтоол гаргаж тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үзэл баримтлалыг баталсан байдаг. Энэ дагуу Төрийн өмчийн хороо Эрдэнэс–Тавантолгой охин компанийг 2010.12.23-ны өдөр 15 тэрбум ширхэг хувьцаатайгаар байгуулснаар тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэл тавигдсан юм. Эрдэнэс-тавантолгой компани өөрийн тусгай зөвшөөрөл дэх талбайгаас эхний ээлжинд Цанхийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан байдаг. Цанхийн хэсэг 2 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд бусад талбайгаа бодвол илүүтэй судлагдсан ашиглахад бэлэн байсан аж. Тиймээс нэмэлт хайгуул хийх шаардлагагүй гэдэг үндэслэлээр Тавантолгойн ордын төрийн мэдлийн талбайгаас Цанхийн хэсгийг эхний ээлжинд эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Ингэхдээ тавантолгойн өрөм гэгдэх цанхийн хэсгийг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хөрөнгө оруулагч, зүүн хэсэгт нь гэрээт олборлогч оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Тэднийг сонгон шалгаруулах хүртэл цанхийн талбайн нөөцийг баталгаажуулах ажил хийгдэж байлаа. Цанхийн зүүн хэсгээс жилд 15 сая тонн нүүрс олборлоно гэсэн техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэнэс монгол компани Канадын Норвест компанитай хамтран боловсруулж, 2010 оны сүүлчээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн байдаг. Энэ техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн байгууллага баталвал Эрдэнэс тавантолгой уурхайд буюу тавантолгойн ордын цанхийн зүүн хэсэгт гэрээгээр ажиллах оператор компани жилд 15 сая тонн нүүрс олборлож экспортлох ёстой болох байв. Улмаар 2011 оны дөрөвдүгээр сард цанхийн зүүн хэсгийн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулсан юм. Тэд цанхийн зүүн хэсэг 1 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 700 сая нь сайн чанарын нүүрс гэж тодорхойлжээ. Харин баруун цанхийн нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд жорк код руу Канадын Норвест компани хөрвүүлж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Тухайн үед тавантолгойн ордын баруун цанхийн техник эдийн засгийн үндэслэл хэдийгээр эцэслээгүй байсан ч, тус талбай 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 65 хувь нь коксжих нүүрс гэсэн урьдчилсан тооцоо гарч байсан юм.

  • Цанхийн баруун хэсэг – 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй
  • Цанхийн зүүн хэсэг – 1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй

-Эрдэнэс-Тавантолгой үйл ажиллагаагаа явуулахаар өр тавив-

Эрдэнэс-тавантолгой компани өөрийн эзэмшлийн талбайгаас цанхийн зүүн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын Чалко компанитай экспортын гэрээ байгуулж 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр анх авсан байдаг. Харин хожим 100 сая ам.доллар нэмж авсан гэдэг. Ийнхүү 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хятадын төрийн өмчийн Чалко компаниас авсан ч, үүний 310 сая долларыг тухайн үед Хүний хөгжил санд төвлөрүүлж, эх орны хишиг тараачихсан тал бий. Үйл ажиллагаа явуулах ёстой мөнгө нь эх орны хишиг олгоход зарцуулагдсан учраас Эрдэнэс-тавантолгой компани тухайн үед банкуудаас 140 сая ам.доллар зээлж үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Тус компани Хөгжлийн банкнаас 2012 онд онд 100 сая ам.доллар, 2013 онд 100 сая ам.долларын зээлж, үүний 140 саяар банкуудаас авсан өрөө дарсан гэлцдэг. Харин үлдсэн мөнгөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн зэрэгцээ банкуудаас нэмж 80 гаруй сая ам.долларын зээл авсан гэх мэдээлэл бий. Үүнийг арилжааны банкуудад заасан хугацаанд төлөх бол, Хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.долларын зээлийг Эрдэнэс-Тавантолгой компанийн давуу эрхийн хувьцаанд шилжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар одоогоос хэдэн жилийн өмнө гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-тавантолгой компани Хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.доллараа компанийнхаа давуу эрхийн хувьцаанд шилжүүлж, тодорхой хугацааны дараа эргүүлж авахаар болсон юм. Тус компани ийм өр зээлтэйгээс гадна, засгийн газраас ихээхэн авлагатай явж ирсэн. Тодруулбал, Чалко компаниас зээлж Хүний хөгжил санд төвлөрүүлсэн 310 сая ам.долларыг Эрдэнэс-Тавантолгой компани Засгийн газраас эргүүлэн авах ёстой байлаа. Үүнийг татварт суутгуулахаар ярилцаж тохиролцсон мэдээллийг компанийн удирдлагууд нь одоогоос хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан удаатай. Харин үүний нөгөө талд Эрдэнэс-тавантолгой компани Чалкогоос авсан зээлээ нүүрсээр барагдуулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, Чалкогоос зээлсэн урьчилгаа төлбөрийн оронд нүүрс нийлүүлэх ёстой байлаа. Нүүрсний экспорт 2011 оны зургаадугаар сарын 4-ний өдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд Эрдэнэс-тавантолгой нэг тонн нүүрсийг ойролцоогоор 70 ам.доллараар Чалкод нийлүүлэхээр болсон юм. Тус компани 2011 онд 900 мянган тонн нүүрс, 2012 онд 2,4 сая тонн нүүрс, 2013 онд 800 мянган тонн нүүрс Чалко компанид нийлүүлж өр зээлийнхээ дийлэнх хувийг буюу 210 сая ам.долларыг барагдуулсан байдаг. Үлдсэн 140 сая ам. долларын үндсэн төлбөрийг 2 сая тонн нүүрсээр барагдуулах ажил үлдээд байсан юм. Тэгвэл 2014.12.03-ны байдлаар Чалко компанид 110 сая ам.доллар төлөх үлдээд байжээ. Харин 2017 оны гуравдугаар сард Чалко компанид төлөх 350 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж дууссан байна. 2014 онд Цанхийн баруун, зүүн талбайгаас 10 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байсан ч, төлөвлөгөөгөө бууруулж 8 сая тонн болгож байсан тал бий. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны долоодугаар сард олборлосон гэдгийг тус компанийхан онцолж буй. Нүүрсээ экспортлох үүднээс Тавантолгой-Зүүнбаян төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай тус компанийнхан мэдэгдэж байгаа юм. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус компани энэ жил нийт 22 сая тонн нүүрс олборлож, 21.2 сая тонн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тонн нүүрс олборлож, 7.67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонн нүүрс олборлож, 11.64 сая тонныг борлуулах, Бор тээгийн уурхайгаас 2 сая тонн нүүрс олборлож, 1.9 сая тонныг нь борлуулахаар төлөвлөсөн байна. Эрдэнэс-Тавантолгой компани 2021 оны нэгдүгээр сард 308 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий 1.9 сая тонн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн жил Монгол Улсын нүүрсний экспортын орлого 2.126 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьд 2020 онд 1.68 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий 11.9 сая.тонн нүүрс борлуулсан байна.

-Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй-

2008-2009 онд тохиосон санхүүгийн хямралыг хохирол багатай туулахын тулд урд хөршийн эрх баригчид эдийн засаг руугаа их хэмжээний хөрөнгө, мөнгө цутгаж байлаа. Үүний хүчээр хятадууд эдийн засгийн өсөлтөө хадгалж, унтаж байсан байсан гангийн үйлдвэрлэлээ нойрноос нь сэрээж чадсан юм. Харин энэ үед хятадын уурхайнууд өсөн нэмэгдэж байсан нүүрсний эрэлтийг хангаж чадахгүй байв. Энэ нь хятадтай хил залгаа оршдог манай улсын хувьтаатай боломж, ховорхон завшаан байсан юм. Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн зэс үнэгүйдэж байх тэр мөчид хятадын зах зээлд нүүрсээ төвөггүйхэн борлуулж, зовлонгүй ашиг олох завшаан олдсон гэсэн үг. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхийг хэн хүсэх билээ. Монголын компаниуд ч хятад руу ахиу нүүрс экспортлох боллоо. Үүний нөлөөгөөр 2009 оны есдүгээр сараас эхлэн нүүрсний экспорт урьд хожид байгаагүйгээр огцом өссөн юм. Жилдээ дээд тал нь 4 сая тонн нүүрс экспортолдог байсан манай улс 2009 онд 7 сая тонн, 2010 онд 16 сая тонн, 2011 онд 21 сая тонн, 2012 онд 20 сая тонн, 2013 онд 18 сая тонн нүүрс урд хөрш рүү экспортолсон нь үүний нэг нотолгоо юм. Ийнхүү жил ирэх тусам нүүрсний экспорт нэмэгдэж байсан учир манай улс 2012 онд 31 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд экспортлох зорилт тавив. Гэвч эцэстээ энэ нь мөрөөдөл болж хувирсан юм. 2012 оны эхний найман сарын байдлаар 12 сая тонныг экспортолсон үзүүлэлттэй байв. 2012 оны эхнээс хятадын гангийн үйлдвэрлэл буурч, нүүрсний эрэлт хумигдахын хэрээр манай улсын төлөвлөгөө тасалдаж эхлэв. Тиймээс 2012 оны төсөвт тодотгол хийж, нүүрсний экспортын төлөвлөгөөг 23 сая тонн болгож бууруулсан юм. Мөн экспортын үнийг 34 ам.доллараар бууруулж, нэг тонн нүүрсний үнэ 165 ам.доллар байхаар төсөвт тодотгол хийсэн юм. Гэвч төсөвт тусгасан энэ төлөвлөгөө мөн л биелсэнгүй. 2012 онд нүүрсний экспорт 21 сая тонн шүргэж, үнэ нь төсөвт тусгаснаас буурч 108 сая ам.доллар болсон юм. Үүнээс болж 2012 онд төсөв болон гадаад худалдаа чамгүй алдагдалтай гарсан байдаг. Тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн мэргэжилтэн Энхзул: Энэ гашуун туршлагаас сургамж авч 2013 оны төсөвт экспортлох боломжтой нүүрсний бодит тоог тусгасан талаар хэлж байсан юм. Ингээд манай улс 2013 онд 28 орчим сая тонн нүүрс экспортолно гэж төсөвт тусгажээ. Үүгээр тооцвол 2013 оны эхний улиралд дор хаяж 7 сая тонн нүүрс гадаад зах зээлд экспортолсон байх ёстой байлаа. Гэтэл тайлант хугацаанд ердөө 3,4 сая нүүрс экспортолсон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, 2012 оных шиг төлөвлөгөө тасалдсан үзүүлэлттэй явлаа.

-Чалко компанитай байгуулсан гэрээг өөрчлөх асуудлыг сөхөв- 

Эрдэнэс-тавантолгой компани 2011 оны долоодугаар сард хятадын төрийн өмчийн Чалко компаниас 250 сая ам.доллар зээлсэн бол, 2012 онд нэмж 100 сая ам.доллар зээлжээ. Үүнийг нүүрсээр барагдуулах үүргийг Эрдэнэс-тавантолгой компани гэрээгээр хүлээсэн байдаг. Ингэхдээ нэг тонн нүүрсний суурь үнэ 70 ам.доллар байхаар. Хэрэв хятадын зах зээлд нүүрсний индекс буурвал үүнд уялдуулж нүүрсний үнээ бууруулахаар Чалко компанитай Эрдэнэс-тавантолгой компани тохиролцжээ. Энэ аргачлалаар 2013.04.20-ны өдрийн байдлаар 164 сая ам.долларын зээлийг нүүрсээр барагдуулаад байлаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-тавантолгой компани Цанхийн зүүн хэсгийг 2011 онд ашиглалтад оруулж, эхний жил 800-900 мянган тонн нүүрс, 2012 онд 2,4 сая тонн нүүрс олборлож экспортолсон. Ингэхдээ, тонн нүүрсийг 53-70 ам.доллараар нийлүүлж Чалкод төлөх 350 сая ам.долларын тал хувийг барагдуулсан юм. Гэвч ямагт зах зээлийн үнээс доогуур ханшаар нүүрсээ нийлүүлж зээлээ төлж иржээ. Тиймээс Эрдэнэс-тавантолгой болон Чалко компанийн хооронд 2011 онд хийгдсэн гэрээг өөрчлөх асуудлыг шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан даруйдаа сөхсөн байдаг. Гэрээнд өөрчлөлт оруулах хүртэл Чалкод нэг ч тонн нүүрс нийлүүлэхгүй гэж Эрдэнэс-тавантолгой компанийн экспортыг 2013 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор зогсоож байсан юм. Чалкотой хийсэн хэлэлцээр Оюутолгойн хэлэлцээртэй адил удаан үргэлжилсэн. Гэхдээ Оюутолгойн хэлэлцээрийг бодвол Чалкогийн хэлэлцээрийг 2013 онд багтаан дуусгаж чадсан юм. Өмнөх гэрээгээр нэг тонн нүүрснээс 10 ам.долларын алдагдал хүлээж байсан. Хэлэлцээр хийснээр зүүн Цанхийн нүүрсийг алдагдалгүй бага зэргийг ашигтай болгож чадсан гэж Эрдэнэс-тавантолгой компанийнхан мэдэгдэж байсан юм. Тиймээс тус компани 2013 оны есдүгээр сараас экспортоо сэргээж, Чалкод дахин нүүрс нийлүүлж эхэлсэн юм. Уг нь 2013 онд багтаан 3 сая тонн нүүрс тус компанид нийлүүлж, үлдэх өр зээлээс гаргахаар төлөвлөж байсан ч амжсангүй, 2014 онтой золгосон юм. Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Алгаа: Чалкотой хийсэн хэлэлцээр удаан үргэлжилсэн учраас нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх нэг шалтгаан болсон тухай хэлдэг юм.

-Хятадын гангийн үйлдвэрлэл буурч, нүүрсний эрэлт багасав-

Нөгөө талаас хятадын гангийн үйлдвэрлэл 2013 онд үргэлжлэн буурч нүүрсний эрэлтийг сааруулж байлаа. Үүнтэй санал нэгдэхгүй байхын ч аргагүй. Хятадын коксжих нүүрсний импорт 2013 оны нэгдүгээр сард 6 хувиар, хоёрдугаар сард 24 хувиар, гуравдугаар сард 15 хувиар тус тус буурсан байдаг. Нэг ёсондоо, хятадын коксжих нүүрсний импорт 2013 он гарснаас хойш 45 хувиар буурсан юм. Эндээс монголын нүүрсний зах зээл өдөр ирэх тусам хумигдаж байсан нь харагддаг. Үүний улмаас манай улс 2013 оны эхний улиралд 3,4 сая тонн нүүрс экспортолсон хэрэг. Нүүрсний экспорт буурахын хажуугаар үнэ нь уруудаж байсан нь санаагаа чилээх дараагийн асуудал байв. Тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Гадаад худалдааны статистик хариуцсан мэргэжилтэн Цэвэлмаа: 2012 оны эхний улиралд манай улс нэг тонн нүүрсээ 108 ам.долларын дундаж ханшаар урд хөршид нийлүүлж байсан бол, 2013 оны эхний улиралд 60 ам.доллараар нийлүүлсэн тухай бататган хэлдэг юм. 2013 онд нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ төрлөөсөө хамаарч 83-161 ам.доллар байхаар. Харин нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ төрлөөсөө хамаарч 65-131 ам.доллар байхаар 2013 оны төсөвт тусгажээ. Нүүрсний зах зээлийн үнээс тэнцвэржүүлсэн үнийг хассаны дараа үлдэх орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах ёстой байлаа. Ингээд нүүрсний олборлолт болон борлуулалтын орлогоос тогтворжуулалтын санд 66 тэрбум төгрөг, харин улсын төсөвт 466 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр 2013 оны төсөвт тусгажээ. Гэвч тухайн үед нүүрсний зах зээлийн үнэ тэнцвэржүүлсэн үнээс доогуур оров. Үүнээс болж нүүрсний орлогоос тогтворжуулалтын сан болон төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөө тасалдаж эхэлсэн юм. Үүний нөлөөгөөр төсвийн орлого 2013 оны эхний улиралд 7,3 хувиар буюу 87 тэрбум төгрөгөөр тасалдсан дүнтэй гарсан юм. Тиймээс тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын хэлтсийн дарга Батбаяр: Нүүрсний зах зээл дэх таагүй байдал удаан үргэлжилбэл 2013 оны төсөвт тодотгол хийх шаардлага тулгарна гэдгийг хэлж байлаа. Нүүрсний экспорт буурч, уг түүхий эдийн үнэ унасан нь гадаад худалдаа 2013 оны эхний улиралд 395 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлөөд зогсохгүй төсөвт ийнхүү дарамт учруулж байсан юм. Тиймээс хятадын нүүрсний зах зээл ойрын хугацаанд сэргэх эсэхт БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ванг Шаулинг: Хятадын эдийн засаг 2018 он хүртэл жилд наймаас доошгүй хувиар өсөх төлөвтэй байна. Энэ хэрээр үйлдвэрлэл өргөжиж, нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэж ярьж байв. Хятадууд дотоодын хэрэгцээндээ зориулж жилд гаднаас 300 орчим сая тонн нүүрс импортлон авч хэрэглэдэг байна. Үүний дийлэнхийг өмнө нь Индонези улсаас авдаг байсан бол, сүүлийн жилүүдэд хятадын нүүрсний зах зээлд АНУ хүч түрэн орж ирэх болжээ. Индонезийг бодвол Америкийн нүүрс хятадын далайн боомтуудад хямд хүрч байсантай энэ нь холбоотой. Тиймээс түүхий эдээ урд хөршийн зах зээлд нийлүүлэхийн тулд Засгийн газар Чалкотой хийсэн гэрээг өөрчлөх хүртэл тавантолгойн нүүрсийг экспортлохгүй гэсэн байр сууринаасаа ухрахад хүрсэн юм. Тодруулбал, тавантолгойн бүтээгдэхүүнийг 2013.04.22-ноос Хятадын Чалко компанид урьдийн адил нийлүүлж эхэлсэн юм. Ингэхдээ тавантолгойн нэг тонн нүүрсийг хятадын төрийн өмчийн компанид 50 ам.доллараар нийлүүлж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж байлаа. 

-Эрдэнэс тавантолгойн гүйцэтгэх захирлаар австрали хүн томилогдов-

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй тавантолгойн ордын төрийн эзэмшлийг эдийн засгийн эргэлтэд оруулах Эрдэнэс тавантолгой охин компанийг 2011.12.23-ны өдөр Эрдэнэс монгол компанийн дэргэд албан ёсоор байгуулсан болохыг дээр дурдсан. Ингэснээр тавантолгойн ордын үйл ажиллагааг Эрдэнэс тавантолгой охин компани явуулах ёстой болсон ч, энэ байгууллагыг удирдах хүнгүй байсан тал бий. Дээрээ гүйдлээ олохгүй бол, доороо суудлаа олохгүй гэж үг бий. Тиймээс Төрийн өмчийн хорооноос 2010 онд нэлээд олон сонгон шалгаруулалт зарласны нэг нь Эрдэнэс тавантолгой охин компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах явдал байлаа. Эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад Канад, Герман, Австарлийн иргэд тунаж үлдсэн гэх мэдээллийг тухайн үед албаныхан өгч байсан. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар: Тэднээс австарлийн иргэн Эрдэнэс-тавантолгой компанийг толгойлох магадлалтайг хэлж байсан юм. Гэхдээ нөхцөл байдал хаашаа ч эргэж магадгүй гэдгийг тэрбээр нэмж хэлж байлаа. Учир нь Эрдэнэс монгол компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Эрдэнэс-тавантолгой охин компанийхаа төлөөлөн удирдах зөвлөлийг томилох ёстой байжээ. Эрдэнэс-тавантолгойн шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүд хуралдаж Канад, Австрали, Германы иргэдээс хэнийг Эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх захирлаар томилохыг шийдвэрлэх ёстой байсан аж. Энэ дагуу Эрдэнэс монгол компанийн ТУЗ хуралдаж, Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ийг томилсон байгаа юм. Харин Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ хуралдаж компанийнхаа гүйцэтгэх захирлаар Австралийн иргэнийг сонгон шалгаруулжээ. Ийнхүү Төрийн өмчийн хорооноос зарласан улс орны эдийн засагт нэн чухал, олны анхаарлыг татсан сонгон шалгаруулалт 2011 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар дуусч эцсийн дүн ингэж гарсан юм. Өөрөөр хэлбэл, тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугарын хэлсэн ёсоор болж, Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирлаар австралийн иргэн сонгогдож, энэ компанийн удирдах албан тушаалтны суудал эзэнтэй болсон юм. Тэрбээр өндөр цалин хүссэн гэдэг. Тиймээс цалин мөнгөн дээрээ тохиролцоогүйн үндсэн дээр Эрдэнэс-тавантолгойн гүйцэтгэх захирлыг 2011.06.18-ныг хүртэл томилоогүй байсан гэх нь бий. Гэхдээ 2011 оны зургаадугаар сардаа багтаан тус охин компанийн гүйцэтгэх захирлыг томилох талаар яригдаж байсан билээ. Тэр болтол Эрдэнэс монгол компанийн гүйцэтгэх захирал Энэбиш охин компанийнхаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг давхар хашиж байсан юм. Энэ цагаас хойш тавантолгойн гүйцэтгэх захирал хэд хэдэн удаа өөрчлөгдсөн билээ.

-Эрдэнэс-тавантолгойн ТУЗ-ын дарга 6 сая төгрөгийн цалин авдаг уу-

2015-01-28. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эрдэнэс-Тавантолгой компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн. Тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваатай энэ асуудлаар цөөн хором ярилцаж байсныг эргэн сануулж байна.

-Эрдэнэс-Тавантолгой компанид хийсэн шалгалтаар ямар зөрчлүүд илрэв?
– Энэ компанийн ажил байдалтай танилцлаа. Тухайлбал, энэ компани УИХ болон Засгийн газрын тогтоолоор өгөгдсөн үүрэг даалгаврыг хэр биелүүлж вэ. Ямар алдаа дутагдал байна гэдэг дээр анхаарлаа хандуулсан. Харин санхүүгийн үр ашиг талаас нь Үндэсний аудитын газар ажилласан гэж ойлгож болно. Ер нь Тавантолгойн ерөнхий дүр төрхийг харахад төрийн өмчийн компаниуд дээр гардаг нийтлэг дутагдал бүхэлдээ ажиглагдлаа. Манай улс төрийн өмчийн компаниудад улс төрийн томилгоо хийдэг. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд бизнесийн сонгодог утгаар ажиллаж чадахгүй, хүндрэл гарч байгаа нь Эрдэнэс-Тавантолгой компани дээрээс харагдлаа. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ хууль бусаар шахах нийтлэг зүйл байсан. Энэ зүйлүүдийг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан байгаа.

-Макмахан компанитай байгуулсан гэрээ өндөр өртөгтэй. Тиймээс энэ гэрээг шинэчилсэн гэж ярилаа. Гэрээний төлбөрийг хэд болгож бууруулсан юм бол?
– Эрдэнэс-Тавантолгой компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн оны дундуур шалгалт хийхэд, гадаадын зарим компанитай байгуулсан гэрээ өндөр өртөгтэй байсан. Макмахан компани Тавантолгойн Зүүн цанхиас нүүрс олборлож өгөх гэрээтэй. Харин Баруун цанхиас үндэсний компаниуд нүүрс олборлож өгөх гэрээтэй. Гэтэл гадаадын компани дотоодын компаниас өндөр үнээр нүүрс олборлож өгч байсан байгаа юм. Тиймээс гадаадын компанитай байгуулсан гэрээг сайжруулах шаардлагыг тавьсан. Энэ дагуу Эрдэнэс-Тавантолгой компанийн удирдлагууд Австралийн Макмахан компанитай байгуулсан гэрээ, мөн Хятадын Чалко компанитай байгуулсан гэрээг сайжруулах дээр тодорхой алхмууд хийж ажилласан. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрээний чанар чансааг сайжруулах чиглэл дээр компанийн удирдлагууд сайн ажилласан гэж үзэж байгаа.

-Чалко компаниас авсан 350 сая ам.долларын зээлээ Эрдэнэс-Тавантолгой компани нүүрсээр барагдуулж байгаа. Анх нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ хийсэн ч хожим үүнд өөрчлөлт оруулсан. Зарим хүмүүс гэрээг дордуулсан гэж үзэж байгаа ч компанийн удирдлагууд сайжруулсан гэж яриад байгаа. Тухайлбал, нүүрсний суурь үнэ 70 ам.доллар байсныг 90 ам.долларт хүргэсэн тухай өнөөдөр ярилаа?
– Тийм зүйл байхгүй. Гэрээнд өөрчлөлт оруулж 70 ам.долларыг 90 ам.доллар болгосон  зүйл байхгүй.

– Эрдэнэс-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт өгч эх орны хишгийн сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт илэрхийлсэн цөөнгүй иргэн бий. Гэтэл энэ хүмүүст Засгийн газар мөнгийг нь олгоогүй. Тиймээс хувьцааных нь бичилтийг ядаж хийсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр 1.1 сая иргэнд хувьцааны бичилт хийгээгүй байна гэсэн асуудал яригдлаа?
– Тийм. Энэ бол хийгдээгүй, шийдэгдээгүй асуудал мөн. Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх асуудлыг УИХ болон Засгийн газрын тогтоолоор хийж  хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ дээр өөдтэй нэг ч алхам хийгдээгүй байсан. Эдийн засгийн байнгын хороонд өгсөн санал дүгнэлтэндээ үүнийг тусгасан байгаа. Цаашид энэ ажил хийгдэх ёстой. Гэвч үүнийг ярихаар хууль эрхзүйн талаасаа боломж байгаагүй мэтээр тайлбарладаг. УИХ болон Засгийн газар гаргасан хууль тогтоомжуудаа эргэн харах зайлшгүй шаардлага байгаа нь эндээс ажиглагдлаа.

– Компанийн удирдлагын зүгээс 400 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хийлээ. Гэтэл зарим нь 854 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэж ярьж байна. Ер нь долларын ханшийн өсөлтөөс компанийн алдагдал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа байх?
– Алдагдлын хэмжээ 854 тэрбум төгрөг гэж хэлж чадахгүй. Тухайн үед шалгаж байхад, Эрдэнэс-Тавантолгойн алдагдал ийм хэмжээнд байгаагүй. 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Долларын ханшийн зөрүүгээс 79 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байдал тус компани дээр шалгалт явуулж байх үед ажиглагдсан. Ер нь Монголын бүх аж ахуйн нэгжүүд долларын ханшийн зөрүүгээс болж, их хэмжээний алдагдал хүлээж байна. Өмнөх Засгийн газраас явуулсан бодлогын алдаанаас болж эдийн засаг хүндэрч, валютын ханшийг өссөнөөс болж дотоодын бүх компаниуд хохирч байгаагийн нэг илрэл нь Эрдэнэс-Тавантолгой болж байна.

– Нийт алдагдлын ердөө 79 тэрбум төгрөг нь долларын ханшийн өсөлттэй холбоотой гэж байна. Тэгвэл үлдэх алдагдал чухам юутай холбоотой юм бол?
– Энэ алдагдал гэхээсээ илүүтэй зээлүүд. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа явуулахын тулд Чалко компаниас 250 сая ам.доллар зээлсэн. Үүний тодорхой хэсгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн бол тодорхой хувиар нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Мөн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд дотоодын банкуудаас нэмж зээл авсан байгаа юм. Гадаад, дотоодоос авсан зээлийн хүү явсаар байгаа. Үүнээс гадна нүүрсний үнэ унаж, борлуулалт багассантай уялдаад алдагдал хүлээсэн зүйл бас бий. 

-Компанийн удирдлагуудтай холбоотой санхүүгийн зөрчил байна гэсэн асуудал бас яригдсан шүү дээ. Тухайлбал, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд хууль бусаар их хэмжээний цалин авдаг гэсэн?
– Эрдэнэс-Тавантолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Г.Дэнзэн ажиллаж байх үед, ТУЗ-ын дарга 6 сая төгрөгийн, гишүүд 1.8 сая төгрөг цалин авахаар шийдвэрлэсэн юм байна. Төрийн  өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ын дарга болон гишүүдийн цалин хөдөлмөрийн хөлсний  хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байна гэсэн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг энэ нь зөрчсөн байгаа юм. Үүнээс гадна,  уг компанийн төвд 123 хүн ажилладаг нь үргүй зардал гаргаж байгаа зэрэг асуудлууд байсан. Энэ нь  зөвхөн уг компанид байгаа асуудал биш. Төрийн өмчийн бүх компаниудад байгаа дутагдал юм. 

-Цанхийн баруун талбайд стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар тендер зарлав- 

Тавантолгойн ордод 2009 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 7 орны томоохон компаниуд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууж байжээ. Тухайлбал, Энэтхэгийн төмөр, ган, эрчим хүч үйлдвэрлэдэг Жиндаал стиил энд Пауэр компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулах саналаа Засгийн газарт ирүүлж байжээ. Энэ компанийн гүйцэтгэх захирал, тус улсын тэрбумтан Навээн Жиндал нь тухайн үед Энэтхэгийн парламентийн гишүүн байсан бөгөөд 2008 онд манай улсад ирж уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд буцсан гэдэг. Мөн тавантолгойн ордод оросын компаниуд хөрөнгө оруулалт хийх саналаа ирүүлж байсан юм. Тодруулбал, хойд хөршийн Ренова, Базовый элемент зэрэг компаниуд хөрөнгө оруулалт хийх саналаа ирүүлж байжээ. Мөн энэ ордод оросын Северсталь компани хөрөнгө оруулах сонирхолтой байгааг тус улсын Коммерсант сонинд нийтэлж байсан нь саяхан. Тухайн үед дээрх гурван компани хамтран консерциум байгуулаад байгаа тухай ч дуулдаж байв. Энэ консерциумдаа Оросын төмөр замыг татан оролцуулж магадгүй тухай Ведомости сонинд мөн нийтэлж байсан юм. Оросын төмөр зам консерциумд нэгдвэл, Ренова, Базовый Элемент, Северсталь компаниудаас бүрдсэн консерциумыг ахлах тухай оросын хэвлэлүүд бичиж байлаа. Тухайн үед хойд хөршийн зарим хэвлэлд Оросын төмөр зам хэдийнэ тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газартай хийхээр тохиролцсон талаар бичиж байсан тал бий. Харин үүнийг Оросын төмөр замын удирдлагууд үгүйсгэсэн юм. Тухайн үед оросын хэвлэлүүд Тавантолгойн ордод 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Монголын Засгийн газар тавантолгойн ордын 49 хувийг 2 тэрбум америк доллараар гаднын хөрөнгө оруулагчдад өгөх тухай нийтэлж байсан юм. Оросын төмөр зам тавантолгойд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа тухай хойд хөршийн хэвлэлүүдэд бичигдэж байсан ч, үүнийг тус байгууллагын дарга Якунинаас манай улсад ирэх үеэр өөрөөс нь тодруулахад үгүйсгэсэн хариулт өгч байсан билээ. Харин Дэлхийн банк Сингапур улсын Сангийн яамтай хамтран Дэд бүтцийн дээд хэмжээний уулзалтыг 2009.11.02-ны хавьцаа зохиоход, тэр үеийн сангийн дэд сайд Очирхүү оролцож, The wall street сэтгүүлд ярилцлага өгсөн байдаг юм. Ярилцлагын товч агуулгыг Сангийн яамныхан орчуулж, албан ёсоор өөрийн веб хуудсандаа байршуулсан байдаг. Тэр үеийн Сангийн дэд сайд Очирхүү: Монголын Засгийн газар тавантолгойн 49 хувийн хувьцаанаас 5-6 тэрбум америк долларын ашгийг 2010 оны эхний хагас жилээр олох арга зам хайж байгаа. Хувьцаа нь багцаараа олон талт хөрөнгө оруулагчдад худалдаалагдаж болзошгүй. Монгол Улсын Засгийн газарт одоогоор АНУ, Орос, Хятад, Энэтхэг, Япон зэрэг орны 10 хөрөнгө оруулалтын санал ирээд байгаа. Бид одоогоор хөрөнгө оруулагчдад хүсэлтээ тавьж байна. Саналыг хүлээж авсан талуудтай хийсэн хэлэлцээр хэвээрээ үргэлжилнэ хэмээн ярилцлагадаа дурдсан байгаа юм. Тэгвэл  2010.04.24-ний хавьцаа Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордын талаар хэлэлцэхэд уг ордод хөрөнгө оруулах сонирхлоо дараах компаниуд илэрхийлсэн байна.

  • Бразилийн Вале
  • Энэтхэгийн Жиндал стил энд пауэр
  • БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум
  • ОХУ-ын 2 компаниас бүрдсэн консерциум
  • ОХУ-ын Оросын төмөр зам нийгэмлэг
  • Америкийн Пибоди энержи болон Хятадын Шинхуа энержи компанийн хамтарсан консерциум
  • Японы Мициу энд ко компани, тус улсын Иточу корпорациар ахлуулсан Сожиц, Марубени, Сумитомо компаниудын хамтарсан консерциум
  • Щвейцари-Австралийн хамтарсан Экстрата компани,
  • Хятадын Эрдос Чинглон коал компаниуд тавантолгойн ордод хөрөнгө оруулах саналаа ирүүлээд байсан юм.

Эндээс БНСУ-ын консерциум Тавантолгойд хөрөнгө оруулах саналаа ирүүлж байсныг анзаарч болно. Тиймээс тус консерциумыг ахалж байсан Солонгосын төрийн өмчит КОРЕС корпораци манай улсад төлөөгчийн газраа нээж байжээ. Гэх жишээтэй нэр дурдсан дээрх компаниуд тавантолгойн ордод хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн гэдэг. Сонгон шалгаруулалтын бичиг баримт тодорхой болсны дараа Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн дээрх компаниудад урилга хүргүүлж, хоёр сарын дараа тэднээс материалыг нь хүлээн авах ёстой байв. Үүний дараа хөрөнгө оруулах санал тавьсан компаниудын санхүү, техникийн саналыг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулна гэж Засгийн газар үзэж байсан юм. Ер нь тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар, Эрдэнэс монгол, Хөрөнгө оруулагч хооронд байгуулахаар яригдаж байлаа. Ингээд Тавантолгойн цанхийн баруун хэсэгт хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг УИХ-ын 39-р тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо зарласан байдаг. Тендерийн материалыг 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс 2011 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хүлээн авсан байгаа юм. Тендерт гадаад, дотоодын 15 консерциум материалаа ирүүлсэн бөгөөд үүнийг үнэлгээний хороонд шилжүүлсэн байна. Үнэлгээний хороо шаардлага хангасан консерциумуудын хураангуй жагсаалтыг тэдний дундаас гаргасан байдаг. Үүгээр урьдчилсан шалгаруулалтад буюу хураангуй жагсаалтад зургаа нь тунаж үлджээ. Тодруулбал:

  1. Хятадын Шинхуа энержи 
  2.  Люксембургийн Арселор металл лимитед
  3.  АНУ-ын Пибоди энержи компани
  4.  Бразилийн Вале
  5.  Австрали, Швейцарийн Экстрата коал
  6.  ОХУ-ын Оросын төмөр зам урьдчилсан шалгаруулалтад тунаж үлдсэн гэх мэдээлэл гарч байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. 

Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруух ажил энд хүрээд зогссон билээ. Тэд хувь дээрээ тохирч чадаагүйн улмаас тендер дөрвөн жилийн хугацаанд гацаанд байсан гэдэг. Тэгвэл шинэчлэлийн засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 тогтоол гаргаж, стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох ажлыг үргэлжүүлэхээр болсон юм. Өмнө нь зөвхөн баруун цанхид стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байсан бол, шинэчлэлийн засгийн газрын шийдвэрээр баруун, зүүн цанхид хоёуланд нь оруулахаар болов. Ингэхдээ, 2010 онд зарлагдсан тендерийн хураангуй жагсаалтад үлдсэн дээрх зургаан оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад оруулахыг зөвшөөрсөн юм. 2010 онд зарлагдсан тендерийн хураангуй жагсаалтад үлдсэн дээрх зургаан компани тавантолгойн цанхийн 49 хувьд хөрөнгө оруулах бол, 51 хувьд нь дотоодын Энержи ресурс компани оролцох мэдээлэл тухайн үед гарч байлаа. 2014 оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө тэднээс тендерийн саналыг нь авах ёстой байсан ч, улстөрийн тогтворгүй байдлаас болж мөн оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл хойшилж байсан юм. Энэ мэдээлэл гарснаас хойш Монголиан майнинг корпорацийн /0975/ хувьцааны ханш тасралтгүй уруудаж байлаа. Үүнээс гадна, тус компани 5.56 – 5.60 тэрбум ширхэг хувьцааг нэг бүрийг нь 0.28 хонгконг доллараар гаргахаар болсон нь үнэт цаасных нь ханш унахад давхар нөлөөлж байсан юм. Өөрөөр хэлбэл, улстөрийн тогтворгүй байдлаас гадна, хямд үнээр нэмэлт хувьцаа гаргаж байгаа нь ханш унахад давхар нөлөөлж байсан юм. Ийм нөхцөл байдалтай дээрх компаниудтай тэргүүн шадар сайд Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсгийнхэн дөрвөн сар гаруйн хугацаанд УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийн асуудлаар тус бүр хэлэлцээ явуулсан байдаг. Хоёрдугаар шатны хэлэлцээрийн үр дүнд, гурвыг нь тавантолгойн Цанхийн баруун хэсэгт өрсөлдүүлэхээр болсон байгаа юм. Тодруулбал: 

  1. АНУ-ын Пибоди энержи
  2. Хятадын Шинхуа энержи
  3.  Оросын төмөр зам тавантолгойн цанхийн баруун хэсгийг хамтран ажиллах тендерт тунаж үлдсэн болохыг тухайн үед албаныхан хэлж байлаа. 

Тэднээс нэгийг нь сонгож, монгол улс хамтран ажиллах гэрээ байгуулах тухай яригдаж байсан нь нэгэнт нийтэд ил болсон мэдээлэл. Ялагч 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгдэх тавантолгойн цанхийн баруун хэсэгт олборлолт явуулж, гадаад зах зээлд нүүрс экспортлох эрхтэй болох байв. Ялчихвал ашигтай бизнес тул консерциумууд ширүүхэн тулаанд ялахыг хичээж байсан нь мэдээж. Гэвч консерциумууд стратегийн хөрөнгө оруулагчийн тулаанд ганц нэгээрээ оролцоод ялах магадлал тун ч бага байсан гэх нь бий. Тиймээс өрсөлдөгчид хоорондоо нэгдэх байдлаар ялалт байгуулахыг оролдож байсныг  учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэр үеийн Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатар: Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Тендер шалгаруулах комиссын гаргасан энэхүү шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дараа, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх талаар 2011 онд хэлж байсан юм. Цанхийн баруун хэсэгт нүүрсний орд ашиглах, олборлох, борлуулах, бүтээгдэхүүн тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчаа 2011 оны зургаадугаар сард багтаан сонгон шалгаруулах ёстой байжээ. Дээрх оролцогчдоос БНХАУ-ын Шинхуа энержи 40 хувь, АНУ-ын Пибоди энержи 24 хувь, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь хамтран эзэмшихээр яригдаж байсан ч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэхүү сонгон шалгаруулалтыг буцаасан гэдэг.  Зарим нь тэд хувь дээрээ тохирч чадаагүйн улмаас тендер дөрвөн жилийн хугацаанд гацаанд байсан тухай хэлдэг юм. Тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн захирал Энэбиш: Тавантолгойн ордын баруун цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагч тодорхойгүй байсан учраас энэ нь уг ордын зах зээлийн үнэлгээг гаргахад хүндрэл учруулж байсан талаар хэлдэг. Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд Эрдэнэс тавантолгой компанийн эзэмшилд байдгийг дээр дурдсан. Үүгээр тооцвол, монгол улсын иргэд 6 тэрбум тонн нүүрсээр баталгаажсан компанийн хувьцааг эзэмшиж байгаа юм. Энэ нь баярлууштай хэрэг ч, хэдэн төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа эзэмшиж байгаагаа тухайн үед мэдэхгүй суулаа. Тавантолгойн ордын цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийн асуудал хэрхэх нь тодорхойгүй байсан нь Эрдэнэс тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ хийгээд, Эрдэнэс тавантолгой компанийн зах зээлийн үнэлгээг тодорхойлох боломжгүй болгож байсан юм. Гэхдээ хожим Эрдэнэс-тавантолгойн нэгж хувьцааг 933 төгрөгийн нэрлэсэн үнээр зарласан байдаг. Энэ тухай хожим өгүүлэх тул нурших нь илүүц юм. Үүнээс гадна, тавантолгойн цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагч тодроогүй учраас уг талбайг 2013 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ талбайд Хишиг арвин индустриал, Үндэсний олборлогч, Мега компаниудын хамтарсан Монгол уурхайчин түншлэл гэрээгээр нүүрс олборлож эхэлсэн байдаг. Тэд 2013 оны хоёрдугаар сард хөрс хуулж, долоодугаар сард олборлолтоо эхлүүлж, есдүгээр сард экспортоо албан ёсоор эхлүүлсэн байдаг юм.

-Монгол- 999 нэгдэл байгуулагдав-

2010-05-08. Тавантолгойн ордод хөрөнгө оруулах санал илэрхийлсэн дээрх гадаадын компаниудтай дотоодын үндэсний компаниуд өрсөлдөж хүч сорихоор шийдсэн юм. Ингээд Монгол-999 үндэсний нэгдэл байгуулж, тавантолгойд хүч сорино гэдгээ албан ёсоор зарлаж байлаа. Олны хүч оломгүй далай гэдэг. Үүний нэгэн адилаар манай үндэсний компаниуд нэгдэж, хөрөнгө мөнгөө нийлүүлж, тавантолгойд хүч үзье гэж шийджээ. Тухайн үед Монгол базальт компанийн захирал Ариунболд: Монгол-999 үндэсний нэгдэлд одоогоор 700 гаруй компани нэгдээд байна хэмээн ярьж байсан юм. Тавантолгойд хүч соръё гэсэн хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд Монгол-999 үндэсний нэгдэлийн үүд хаалга үргэлж нээлттэй болохыг тэрбээр хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, 999 компани гэж хязгаар тогтоохгүй, 9999 компани ч нийлж тавантолгойд хөрөнгө оруулах боломжтой гэдгийг онцолж байсан юм. Тухайн үед компаниуд нэгдэж дуусаагүй байсан учраас тавантолгойд хэрхэн хөрөнгө оруулах нэгдсэн бодлого гараагүй байна гэж Монгол-999 үндэсний нэгдэлийнхэн хэлж байлаа. Гэхдээ тэд компаниуд нэгдэж дуусахыг хүлээлгүйгээр хөрөнгө оруулалтын талаар ярилцаж эхэлсэн байв. Тэд тавантолгойн ордод 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байлаа. Энэ нь тухайн үеийн ханшаар 5,6 их наяд төгрөгтэй тэнцэж байсан юм. Үүгээр тооцвол, тухайн үед нэгдээд байсан 700 гаруй аж ахуйн нэгжүүдийн нэг компаниас л 800 орчим сая төгрөг гаргахад, тавантолгойд хөрөнгө оруулах хөрөнгийн эх үүсвэртэй болно гэж үзэж байсан юм. Хэрэв компаниуд энэ мөнгийг гаргаж чадахгүй бол, дэлхийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоно. Гадаадын компаниуд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож манай улсын уул уурхайн ордуудад хөрөнгө оруулж байхад, бид ч гэсэн чадна гэж Монгол-999 үндэсний нэгдэлд элсээд байсан компанийн төлөөллүүд үзэж байлаа. Тухайлбал, Өгөөж хувьцаат компанийн захирал Түмэнгэрэл: Хэрэв энэ мөнгийг босгож чадвал тавантолгойн ордод 100 хувь хөрөнгө оруулна гэж хэлж байсан юм. Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж байхад, манай үндэсний компаниуд энэ ордод хөрөнгө оруулья гэж огт дуугараагүй. Оюутолгойн алт, зэсийг далд уурхайн аргаар олборлох шаардлагатай тул энэ төрлийн олборлолтыг дотоодын аж ахуйн нэгжүүд хийх боломжгүй. Далд уурхайгаас зэс олборлох туршлага байхгүй учраас оюутолгойд хөрөнгө оруулья гэж дуугарах үндэсний компани тухайн үед олдоогүй хэрэг.Харин тавантолгойн хувьд монголчуудад нүүрс олборлох туршлага байгаагаас гадна, мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий. Энэ нөөц бололцоогоо ашиглаж, тавантолгойд 100 хувь хөрөнгө оруулья гэж үндэсний компаниуд бардам дуугарч байсан нь энэ. Ийнхүү үндэсний компаниуд нэгдэж Монгол-999 нэгдэл байгуулж, тавантолгойг 100 хувь өөрсдөө ашиглая гэж байсан ч, тэднийг шүүмжлэх хүн цөөнгүй байлаа. Уул уурхайн мэргэжилтэн Бямбажав: Төр иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийнхөө тодорхой хэсгийг хувьцаа хэлбэрээр тараах нь дамжиггүй. Ингэхдээ, тавантолгойн хувьцаанаас тарааж таарна. Тиймээс тавантолгойн ордын тодорхой хэсэг нь ард түмний гарт хувьцаа хэлбэрээр очино. Дээр нь гадаадын компаниудыг тавантолгойд оруулах нь дамжиггүй. Тиймээс манай үндэсний компаниуд тавантолгойг 100 хувь ашиглах боломжгүй. Манай үндэсний компаниуд хөрөнгө мөнгөө нэгтэж, өөрсдийн ашиглаж болох нөөц бололцооны хэрээр тавантолгойн тодорхой хувийг ашиглах нь зүйтэй байх гэж хэлж байсан юм. Тавантолгой том орд. Үндэсний компаниуд дангаараа тавантолгойг ашиглаж хүчрэхгүй. Тиймээс үндэсний компаниуд тавантолгойн тодорхой хувийг буюу 30 хувийг ашиглавал дээргүй юу гэсэн санал тухайн үед гарч байсан нь нууц биш. Нэг компани багаар бодоход 4 ажилтай гэж тооцоход, 999 компани нэгдэж тавантолгойд хөрөнгө оруулвал 30 мянган хүн тасралтгүй ажлын байртай болох тооцоолол гарч байлаа. Нэг хүний цаана дөрвөн ам бүл байгаа гэж тооцвол, 120 мянган хүний амьдралын баталгаа хангагдана гэж үзэх хүмүүс байсан юм. Гэхдээ ийм бололцоо бий болох эсэх нь үндэсний компаниуд Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг биелүүлж чадах эсэхээс шууд хамаарах байжээ. Өөрөөр хэлбэл, тавантолгойн ордод шаардлагатай хөрөнгийг босгож чадах эсэхээс ихээхэн хамаарах байлаа. Хэрэв, үндэсний компаниуд, тэдний нэгдэл мөнгө босгож чадвал, тавантолгойн ордын төрийн мэдлийн 96 хувь дээр хөрөнгө оруулах хувилбар байж магадгүй гэж нэг хэсэг яригдаж байсан юм.

-Цанхийн зүүн талбайд гэрээт олборлогч оруулахаар тендер зарлав-

Цанхийн зүүн хэсэгт буюу Эрдэнэс-тавантолгой команийн захиалгаар гэрээгээр нүүрс олборлох компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг Төрийн өмчийн хорооноос 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр зарласан байдаг. Оролцогчдын материалыг хүлээж авах хугацааг 2011 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс тасалбар болгосон байгаа юм. Тендерт гадаад, дотоодын 9 компани тухайн үед саналаа ирүүлж байсан гэдэг. Тухайлбал:

  • Монголын Жи эм эм си,
  • Тавантолгой транс,
  • Монгол-Канадын хамтарсан Кану,
  • Хятадын Эрдос хөрөнгө оруулалтын групп, Шанси коал, Солонгосын Корес байгууллагаар ахлуулсан консерциум,
  • Германы Би би эм оперта групп,
  • Австралийн Макмахан холдингс лимитед,
  • Лейтон ази лимитед
  • БНЭУ-ын MESCO steel зэрэг компаниуд тавантолгойн ордод гэрээгээр нүүрс олборлох саналаа ирүүлж байжээ. 

Гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт гурван компани тунаж, 2011 оны зургаадугаар сард багтаан ялагчаа тодруулах ёстой байлаа.

  • БНЭУ-ын Меско стиил, эсвэл Австралийн Лейтон хоёрын аль нэг нь
  • Австралийн Макмахон холдингс
  • Германы Би би эм оперта компаниуд гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт тунаж хүч сорьж байжээ. 

Тэдгээрээс хэн нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, тэргүүний техник технологитой, өндөр стандарт бүхий туршлагатай, Эрдэнэс-тавантолгойн компанийн хувьцааг дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргахад нөлөөлөх нэр хүндтэй вэ. Тэр компанийг сонгож гэрээт олборлогчоо болгоно гэж албаныхан тухайн үед мэдэгдэж байсан юм. Сонгогдсон компани тавантолгойн ордын зүүн хэсэг буюу эрдэнэс-таватолгойн уурхайгаас нүүрс олборлох, хөрс хуулалтын ажил гүйцэтгэх, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг гэрээгээр тохиролцож явуулах байсан юм. Тэгвэл эцсийн шатанд Австралийн Макмахан холдингс компани шалгарсан бөгөөд тус компанитай 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж, цанхийн зүүн талбайгаас жилд 15 сая тонн нүүрс олборлуулахаар болсон байдаг. Гэрээт олборлогч 2012 оноос албан ёсоор нүүрс олборлож эхэлсэн бөгөөд эхний жил 4 сая тонныг олборлох төлөвлөгөө гарган ажилласан байдаг. Дашрамд дурдахад, гэрээт олборлогчийг сонгох хүртэл тавантолгойн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг Эрдэнэс монгол компани өөрсдөө хангасан байдаг. Тодруулбал, цанхийн зүүн хэсэгт Эрдэнэс-тавантолгой уурхай байгуулж, Эрдэнэс монгол компани хөрс хуулж, үйлдвэрлэл эхлүүлэхэд бэлэн болгосон юм. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар: Тавантолгойд хөрс хуулалтын ажил эхлүүлж, үйлдвэрлэл явуулахад бэлэн болсон тухай мэдэгдэж байсан нь үүний нэг нотолгоо билээ. Тэгвэл тэр үеийн Эрдэнэс монгол компанийн ерөнхий захирал Энэбиш: Тавантолгойгоос хоёр сарын дараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно гэж 2011 оны нэгдүгээр сарын 12-ны хавьцаа мэдэгдэж байв. Тэгвэл Эрдэнэс-тавантолгой уурхайгаас буюу цанхийн зүүн хэсгээс 2011 оны зургаадугаар сарын 4-ний өдөр 100 тоннын даацтай 40 машин нүүрс ачуулж экспортоо албан ёсоор эхлүүлсэн байна. Тавантолгойн ордын цанхийн зүүн хэсэгт Эрдэнэс-тавантолгой уурхайг 2010 онд байгуулж, 2011 оны наймдугаар сараас бүтээгдэхүүнээ хятадын төрийн өмчит хөнгөн цагааны Чалко компанид нийлүүлж эхэлсэн бол, энэ талбайгаас 2012 оноос ийнхүү гэрээт олборлогч нүүрс олборлож эхэлсэн гэсэн үг юм. Гэвч тус компанитай байгуулсан гэрээг шинэчилэхээр 2014 оны наймдугаар сараас хэлэлцээр хийж эхэлсэн байдаг. Хэлэлцээр жил орчим үргэлжилсэн ч хоёр тал ойлголцолд хүрээгүйн улмаас Макмахан холдингс компани 2015 оны зургаадугаар сард манай улсаас гарч явсан гэдэг. Ингэхдээ тус компани зүүн цанхид нүүрс олборлох эрхээ хятадын компанид 65 сая ам.доллараар шилжүүлээд гарсан гэх мэдээлэл бий. Ингэснээр тавантолгойн зүүн цанхийн гэрээт олборлогч нь Австралийн компани бус, Хятадын компани болж хувирсан хэрэг. Ингээд 2015 оны аравдугаар сарын  25-ны өдөр хавьцаа Эрдэнэс тавантолгой компанийнхан зүүн цанхийн шинэ гүйцэтгэгч компани руу өөрийн 200 гаруй ажилтнаа шилжүүлэх шийдвэр гаргасан тухай дуулиан мандав. Үүнтэй холбогдуулан тус компанийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, тав хоногийн суулт зарлаж байсан нь саяхан. Баруун цанхид гэрээгээр нүүрс олборлодог Монгол уурхайчин нэгдэл ажилчдаа өөрсдөө цалинжуулж байсан бол, зүүн цанхийн гэрээт олборлогчид Эрдэнэс-тавантолгой компаниас цалинждаг байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-тавантолгой компани Макмахан холдингс компаниар нүүрс олборлуулсны төлбөр төлөхийн зэрэгцээ энэ талбай дээр ажиллаж ирсэн 200 гаруй ажилтанг өөрөөсөө цалинжуулж иржээ. Тэр үеийн Эрдэнэс-тавантолгой компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Батбилэг: Тиймээс зардлаа бууруулахын тулд эдгээр ажилчдаа шинэ гэрээт олборлогч руу шилжүүлэхээр болсон тухай хэлж байсан юм. Тухайн үед Эрдэнэс-тавантолгой компани 650 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байснаас 200 гаруйг нь зүүн цанхийн шинэ гүйцэтгэгч компани руу шилжүүлэхээр болсон байна. Харин ажилчид Эрдэнэс-тавантолгой компаниас явахгүй гэдгээ илэрхийлж суулт зарлахад хүрсэн тал бий. Тухайн үед энэ үл ойлголцол хэдийг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байлаа. Хэрэв үл ойлголцол шийдэгдвэл шинэ гэрээт олборлогч сарын дотор зүүн цанхийн олборлолтыг сэргээх боломжтой хэмээн мэдэгдэж байв. Макмахан холдингс компанитай хэлэлцээр эхлүүлсэнтэй холбоотойгоор 2014 оны наймдугаар сараас зүүн цанхийн олборлолтыг зогсоосон талаар дээр дурдсан билээ. 

 –Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодров-

Ийнхүү хэдэн жилийн өмнө хоёр тендер зарласан ч, нэг нь тодорч, нөгөө нь тодроогүй юм. Тодруулбал, цанхийн зүүн хэсэгт нүүрс олборлох оператор компанийг сонгон шалгаруулах тендерт гурван компани санал ирүүлснээс Австралийн Макмахан шалгарсан тухай дээр өгүүлсэн. Эрдэнэс тавантолгой компани: Энэ цагаас хойш тус компани цанхийн зүүн хэсэгт нүүрс олборлож байсан ч, олборлолтын зардал өндөр байсан учраас гэрээг сайжруулах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоож байсан талаар хэлдэг. 2010 онд зарлагдсан гэрээт олборлогчийн тендерт Австралийн Макмахан шалгарсан ч, түүнтэй байгуулсан гэрээг сайжруулах асуудал ийнхүү дахин сөхөгдсөн билээ. Тэгвэл хожим энэ талбайд стратегийн хөрөнгө оруулагч оруулах тухай асуудал яригдаж эхэлсэн байдаг. Энэ талаар Эрдэнэс-тавантолгой компанийн гүйцэтгэх захирал асан Батсуурь: Хамтарсан засгийн газрын үед зөвхөн баруун цанхид стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байсан бол, шинэчлэлийн засгийн газраас 2014 оны наймдугаар сарын 20-нд гаргасан 268-р тогтоолд баруун, зүүн цанхид хоёуланд нь хөрөнгө оруулагч оруулахаар тусгасан талаар өгүүлж байсан юм. Тодруулбал, Шинэчлэлийн засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 тогтоол гаргаж, стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох ажлыг үргэлжлүүлэхээр болсон тухай дээр өгүүлсэн. Баруун, зүүн цанхийн 51 хувьд дотоодын компаниуд орох бол, 49 хувьд гадаадын хөрөнгө оруулагч оруулна. Дотоодын компаниудад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн, хувьцааных нь хяналтын багц Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жил байсан дотоодын компани байх ёстой гэсэн шалгуур тавьсан байгаа юм. Харин 49 хувьд хөрөнгө оруулах гадаадын компанийн тухайд 2010 онд зарлагдсан тендерийн хураангуй  жагсаалтад үлдсэн 6 оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад үргэлжлүүлэн оруулахыг зөвшөөрсөн байдаг. Энэ талаар тэр үеийн Эрдэнэс-тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Батсуурь:  Пибоди энержи, Шинхуа энержи, Оросын төмөр зам, Вале, Арселор металл, Экстрата зэрэг компаниудыг тавантолгойн цанхийн 49 хувьд оруулах боломжтойг нэрлэж байсан юм. Тендерийн саналыг 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор авах байсан ч, мөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор авахаар хойшлуулж байсан тал бий. Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүн тухайн үед тодорхойгүй байсан учраас тендерийн саналыг дахин хойшлуулж магадгүй гэж байсан ч тэгсэнгүй. Ингээд Эрдэнэс тавантолгой компани 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нд хөрөнгө оруулагчдаас саналыг нь авсан байдаг. Тэдний техникийн саналыг авч үнэлэхэд Шэнхуа энержи, Сумитомо, Энержи ресурс компанийн түншлэлээс гадна, Пибоди Энержи компани зохих оноогоо авчээ. Энэ хоёр оролцогчоос санхүүгийн саналыг нь авахад, Шэнхуа энержи, Сумитомо, Энержи ресурс компанийн түншлэл боломжийн нөхцөл тавьж, тавантолгойн хөрөнгө оруулагчаар тодорсон юм. Нэг ёсондоо тавантолгойн цанхийн 49 хувьд гадаадын Шэнхуа энержи, Сумитомо, 51 хувьд дотоодын Энержи ресурс компани оролцохоор тунаж үлджээ. Манай улс Шинхуа энержи, Сумитомо, Энержи ресурс компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай тэр үед яригдаж байсан. Хөрөнгө оруулагчдад Эрдэнэс-тавантолгой компанийн эзэмшилд дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэхгүй. Тэд баруун, зүүн цанхид нүүрс олборлохоос гадна, нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх ёстой гэгдэж байлаа. Ингэхдээ эхний 2,5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулж, хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх нөхцөлтэй байжээ. Үүнээс гадна, Эрдэнэс-тавантолгой компанийн өмнөөс Чалкод өгөх өрийг хөрөнгө оруулагчид төлөх ёстой байсан байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Чалкод төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах ёстой гэж үзэж байлаа. Хөрөнгө оруулагч нь улсын төсөвт төлөх татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хариуцна. Мөн борлуулалтын орлогын тодорхой хувийг хөрөнгө оруулж хамтран ажилласны гэрээний төлбөрт төлөх ёстой байжээ. Шаардлагатай тохиолдолд нэмж төлөх, борлуулалтын орлогын тодорхой хэсгийг урьдчилан өгөх талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байсан байна. Мөн стратегийн хөрөнгө оруулагчид Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барих ёстой. Төмөр зам ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Мөн Тавантолгой- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулсны дараа коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын төсөлд оролцуулах боломжийг олгохоор төлөвлөж байсан юм. Гэвч олон жил яригдсан стратегийн хөрөнгө оруулагчийн сураг өнөөдрийг хүртэл алга. Хөрөнгө оруулалтын гэрээ ч энэ ордод хийгдээгүй байгаа юм. Хөрөнгө оруулагчдыг Цанхид оруулснаар 2 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байсан гэх мэдээлэл байдаг юм.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай гурван төрлийн гэрээ байгуулахаар ярилцав- 

Манай улс тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан Энержи ресурс, Шинхуа энержи, Сумитомо компаниудтай гурван төрлийн гэрээ байгуулахаар тухайн үед төлөвлөж байлаа. Тухайлбал, хөрөнгө оруулалтын, хамтын ажиллагааны, концессын гэсэн гурван гэрээ хийхээр яригдаж байсан юм. Эдгээр гэрээг байгуулахын тулд Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 2015 он гарснаас хойш 350 гаруй асуудлыг хөрөнгө оруулагч талтай хэлэлцсэн аж. 2015 оны нэгдүгээр сарын 5-нд албан ёсоор эхэлсэн анхан шатны мэдээлэл солилцох хэлэлцээр гурван долоо хоног үргэлжилж ойлголцолд хүрсэн байна. Тиймээс 2015 оны нэгдүгээр сарын 26-нд 
хоёр дахь шатны хэлэлцээрийг эхлүүлсэн байгаа юм. Харин 2015 оны хоёрдугаар сарын 26-нд гурав дахь шатны хэлэлцээрийг эхлүүлсэн ч, Засгийн газрын 2014 оны 268 тогтоолын дагуу тавантолгойн хөрөнгө оруулагчид Эрдэнэс тавантолгой компанийн өмнөөс Чалкод төлөх өрийг барагдуулах асуудлыг нарийн судлах хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс гурав дахь шатны хэлэлцээр гацаанд орсон ч, хоёр тал дахин хэлэлцээрийн ширээний ард сууж, үлдсэн ганц асуудлаа хэлэлцэж эхэлсэн байгаа юм. Уг хэлэлцээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед хийгдэж байсан гэдгийг тодотгон хэлэн нь зүйн хэрэг юм. Тэрбээр засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа бүхий л ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх гэж ухаан мэдрэлгүй улайран дайрч байсан нэгэн гэдгийг монголын ард түмэн андахгүй. Тухайлбал, Дубайд оюутолгойн далд уурхайн гэрээг үзэглээд ирсэн. Араас нь тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэж яаравчилсан энэ байлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Хэлэлцээр ахицтай байгаа. Тавантолгойн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орж хоёр тал зарчмын шийдлүүддээ хүрсэн учраас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэр гарсны дараа төслийг эхлүүлэх боломжтой. Ингэснээр тавантолгойн бүтээн байгуулалт эхэлж зургаан жил гацсан төмөр замын ажил урагшлах боломжтой боллоо. Гэрээ хийгдсэнээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд оруулсан 300 гаруй сая ам.доллараа манай улс эргүүлэн олж авах боломжтойгоос гадна, хөрөнгө оруулагчдаас 200 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авна. УИХ зөвшөөрвөл энэ урьдчилгаа төлбөрөөр 1,8 сая иргэний 1072 ширхэг хувьцаанд, хүн тус бүрт 2015 онд 100 мянган төгрөгийн ногдол ашгийг тусгай сангаар дамжуулан хуваарилах боломж байгаа. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэхийн тулд Эрдэнэс-тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51 хувь, Оюутолгойн 34 хувь багтдаг Эрдэнэс  монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг шийдэх боломжтой гэсэн агуулга бүхий мэдэгдлийг олон нийтэд хандаж хийж байсан байх юм. Хаврын чуулганы өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ийн мэдэгдсэн нь УИХ-ын дарга М.Энхболдыг хариу мэдэгдэл хийхэд хүргэв.

Бодвол М.Энхболдын хотын фракцын эрх ашигт үл нийцсэн юм байлгүй. Тэрийгээ монгол улсын эрх ашигтай холбож хэмээн сүр дуулиантай чуулганы индэрээс мэдэгдэл хийх нь тэр. Тухайлбал, хаврын чуулганыг нээж үг хэлэх үеэрээ тэр үеийн УИХ-ын дарга М.Энхболд: Хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад манай эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна. Энэ нь УИХ-аас 2010 онд баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна хэмээсэн байдаг. Мөн иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй. Төрийн өмчит Монголын төмөр зам компанийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд оруулсан зардлыг шалгасны дараа хөрөнгө оруулагчид төлбөрөө төлөх зэрэг заалтууд хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд оруулсныг спикер ихэд шүүмжилж байлаа. Тиймдээ ч ноцтой үр дагавартай, хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. 2010 оны 39-р тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцно гэдгээ тэрбээр илэрхийлсэн байдаг юм. Ерөнхий сайд өргөн барьсан тохиолдолд УИХ цаг алдахгүй хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг олгоно хэмээн мэдэгдсэн байдаг. Мөн тэрбээр миний нэр дээр тавантолгойн гэрээний төсөл ирсэн. Үүнийг УИХ-ын гишүүдэд болон цахим хуудсанд байршуулсан байгаа. Яагаад УИХ-ын цахим хуудсанд байршуулсан бэ гэхээр Тавантолгойн онцлогтой компани. Нийт иргэд хувьцаатай. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж ойлгох ёстой. Энэ бол нууц биш, ил байх ёстой. Засгийн газрын хэлэлцээрийг анхнаасаа ил тод байлгахыг шаардсан. Одоо үр дүнд хүрч байна. Яг гарын үсэг зурахад бэлдсэн гэрээний төслийг монголчууд та бүхэндээ, иргэддээ ил болгож байгаа нь энэ гэж мэдэгдэж байсан удаатай. Мөн төрийн өмчит Монголын төмөр зам компанийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд оруулсан зардлыг шалгасны дараа хөрөнгө оруулагчид төлбөрөө төлөх зэрэг заалтууд гэрээний төсөлд туссаныг онцолж байв. Харин үүнд Монгол Улсын сайд бөгөөд Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан: Нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчөөгүй. Иргэдийн 1072 хувьцаа нь зөвхөн УИХ-аар шийдэгдэх манай дотоод асуудал. Монголын төмөр зам компанийн зардлыг шалгасны дараа Засгийн газраас төмөр замд оруулсан хөрөнгийг төлөх гэдгийг хүлээж авахгүй гэж байгаа нь олон улсын бизнесийн стандартад нийцэхгүй. Хэрэв буруу ашиглагдсан мөнгө илэрвэл, үүнийг хөрөнгө оруулагч хариуцах тулгалт хийх нь авлигатай тэмцэх болон шударга ёсонд үл нийцнэ. Консерциумуудтай эцэслэн тохирсон гэрээг ажлын хэсгийнхэн зөвхөн Засгийн газарт танилцуулах ёстой. Харин Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах ёс жаягтай. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих болно гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын харилцааг эвдэж байна. Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах хууль эрхзүй Засгийн газарт хүрэлцээтэй бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар асуудлаа хэлэлцэнэ гэж хариу мэдэгдэл хийж байсан юм. Мөн тэрбээр 2015 оны хоёрдугаар сард яригдаж байсан гэрээний төслийг нийтэд ил болгосон. Үүнээс хойш нэлээд өөрчлөлт орсон гэж мэдэгдэж байсан юм. Хэдийгээр ийм мэдэгдэл хийсэн ч, УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар энэ асуудал яригдаж, хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар бие даан шийдэх бус, УИХ-д оруулж шийдүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг ч мөн ийм шийдвэр гаргасан байдаг.  

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар тогтсон байдаг. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулж шийдүүлье. Гагцхүү 14 хоногийн дотор хэлэлцэж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байжээ. Тавантолгойн хөрөнгө оруулалтын, хамтын ажиллагааны, концессын гэрээнүүд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, эцсийн шийдлээ олох төлөвтэй байсан ч, ийнхүү ар араасаа гарсан олон мэдэгдлийн үр дүнд УИХ-аар оруулж шийдүүлэх болсон байдаг. Ингээд 2015 оны дөрөвдүгээр сарын 17-нд Тавантолгойн гэрээний төслүүдийг холбогдох бичиг баримтын хамт УИХ-ын Тамгын газарт хүргүүлж, УИХ-ын даргад хүргүүлэх тов хүссэн байгаа юм. Энэ талаар Монгол Улсын сайд асан Энхсайхан: УИХ-ын дарга цаг товлохыг хүлээж байна. УИХ-ын Тамгын газар баримтын бүрдлийг шалгаж байна. Хуулиар 72 цаг шалгах эрхтэй гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан байгаа юм. Үүгээр тооцвол 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд багтаж УИХ-аар хэлэлцэх хүлээлттэй байв. Гэвч бичиг баримтын бүрдэл дутуу байна гэдэг үндэслэлээр УИХ-ын Тамгын газар Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу уг гэрээний төслүүдийг буцаасан байгаа юм. Тиймээс дутуу баримт бичгийг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны 16 цагаас өмнө ирүүлэхийг хүссэн ч, ирүүлээгүй аж. Тиймээс тогтоолын төслийн бүрдлийг хангаж ирүүлтэл, УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлох боломжгүй гэж мэдэгджээ. Ийм агуулга бүхий албан бичгийг тэр үеийн УИХ-ын Тамгын газрын дарга Болдбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баярцогтод хаягласан байгаа юм. Зарим эх сурвалжууд гэрээнд Эрдэнэс-тавантолгойн 1072 хувьцааг эзэмшиж буй Монгол Улсын иргэдийн гэрийн үсэг байхгүй гэх шалтгаанаар буцаасан гэж жиг жуг гэцгээж байлаа. Энэ нь ч үнэний ортой байх магадлал өндөр байлаа. Учир нь тэр үеийн УИХ-ын дарга М.Энхболд: 2 сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул Тавантолгойн тогтоолыг буцаалаа гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. Харин тэр үеийн Монгол Улсын сайд М.Энхсайхан: Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 181-р тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл Эрдэнэс-тавантолгойн хувьцааг худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. Тйимээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчдийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй. Нэг ёсондоо, Эрдэнэс-тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй. Тэр ч утгаараа саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломжгүй гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс бичиг баримтын дутууг бүрдүүлж Засгийн газар тавантолгойн төслийг УИХ-д дахин өргөн барьсан гэх нь бий. Ийнхүү Ерөнхий сайд нь 14 хоногийн дотор хэлэлцүүлэх хүсэлт бүлгийн гишүүддээ тавьсан ч, бичиг баримтын бүрдэл дутуу байна гэдэг үндэслэлээр буцаагдаж хойшлогдсон тал бий. Тиймээс уг хуулийн төслийг Ч.Сайханбилэгийн хүссэн хугацаанд УИХ-аар хэлэлцээгүй гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын  гэрээ байгуулагдлаа гэхэд, манай улсад орж ирэх мөнгөн урсгал хэдэн төгрөгөөр хэмжигдэх. Мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар манай улсад ямар ашигтай вэ гэдэг асуулт тухайн үед гарч байсан нь мэдээж. Үүнд Тавантолгойн дэд ажлын хэсгийн ахлагч Жавхланбаатар: Эхний жил 650 сая ам.долларын урсгал орж ирнэ. Үүний 200 сая ам.доллар нь урьдчилгаа төлбөр байх юм. Үүнийг хожим татварт суутгуулна гэсэн тайлбар өгч байлаа. Тавантолгойн нүүрсний ордод Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компаниуд зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг болохыг дээр дурдсан. Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдвал Энержи ресурс компани Эрдэнэс тавантолгойн талбайд үйл ажиллагаа явуулж, нүүрс экспортлох эхлэл тавигдах байсан юм. Цаашлаад гэрээ байгуулагдсаны дараа тавантолгойн баруун цанхийн нүүрсийг Энержи ресурс компанийн баяжуулах үйлдвэрт боловсруулж, экспортлох зорилт тавьж байжээ. Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмүг: Японы Сумитомо компани гуравдагч зах зээлд нүүрс нийлүүлэх ажлыг хариуцаж байгаа талаар тухайн үед хэлж байсан юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 24-ний хавьцаа Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү: Япон улсын эдийн засгийн 25 хувь нь нүүрсэн дээр суурилсан байдаг. Япон улс хэрэгцээт нүүрснийхээ 99 хувийг Индонейз болон Австрали улсаас худалдаж авдаг. Цаашид зөвхөн энэ хоёр улсаас нүүрс импортлохгүй. Өөр бусад орноос нүүрс импортлох зорилт тавьж байна гэсэн тайлбарыг өгч байв. Гэвч гуравдагч зах зээлд нүүрсээ нийлүүлэхэд тулгардаг бэрхшээл бол төмөр зам юм. Уг нь манай улс шинээр 5600 километр төмөр зам барьж, урд болон хойд хөршийн төмөр замаар гуравдагч зах зээлд хүрэхээр 2010 онд баталсан төрөөс баримтлах төмөр замын бодлогын баримт бичигт тусгасан байдаг. Гэвч энэ ажил олон жил гацсан учраас гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй өдийг хүрсэн билээ. Тэгвэл 2015 оны аравдугаар сарын 25-ны өдөр хавьцаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад 4 цагийн ажлын айлчлал хийх үеэр талууд тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа хоёр улсын ерөнхий сайд мэдээлэл хийж байсан юм. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй 2015 онд хоёр дахь удаагаа уулзаж өргөтгөсөн хэлэлцээ амжилттай хийсэндээ сэтгэл хангалуун байна хэмээн илэрхийлсэн байдаг. Эндээс тэрбээр Засгийн газрын тэргүүн байхдаа бүхий л ордууд руу, тэр байтугай төмөр зам руу гар дүрч байсан нь үүгээр нотлогддог билээ. Харин Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ: Япон, Монгол хоёр улс нь бүс нутгийн стратегийн чухал түнш орнууд юм. Миний өмнөх айлчлалаас хойш Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төсөл зэрэг дээд түвшинд ярилцаж тохирсон асуудлууд бодитоор урагшиллаа хэмээн онцолж байсан нь саяхан. 

Баруун цанхийг эргэлтэд оруулж, Шинхуаг түншлэгчээ болголоо

Цанхийн зүүн хэсгийг 2011 онд эдийн засгийн эргэлтэд оруулсан бол, цанхийн баруун хэсгийг 2013 онд эдийн засгийн эргэлтэд оруулсан жил болсон юм. Зүүн цанхиас олборлосон нүүрсийг гэрээний дагуу 100 хувь Чалкогийн өрөнд ачиж байсан учраас Эрдэнэс-тавантолгой компани ямар ч ашиггүй ажиллаж иржээ. Тиймээс Эрдэнэс-тавантолгой компанийнхан өөрсдөө баруун цанхийн уурхайг нээсэн байгаа юм. Ингэхдээ 2013 оны хоёрдугаар сард хөрс хуулж, долоодугаар сард олборлолтоо эхлүүлсэн бол, есдүгээр сараас экспортоо албан ёсоор эхлүүлсэн байна. 2013 онд Монгол – уурхайчин нэгдэл тэнд гэрээгээр нүүрс олборлож байсан бөгөөд мөн онд 2,5 сая тонн нүүрс олборлох зорилт тавьжээ. Үүний 1 сая тонныг нь хэдийнэ уурхайн аман дээр борлуулсан бол, үлдэх нүүрсийг ондоо багтаан худалдахаар төлөвлөж байлаа. Зүүн цанхийн нүүрсийг хятадын Чалко компанид төлөх өрөнд ачуулж байсан бол, Баруун цанхийн нүүрсийг 20-30 хувийн ашигтай худалдаж 100 орчим сая ам.долларын борлуулалтын орлого олсон байгаа юм. Эрдэнэс-тавантолгой компани цанхийн зүүн хэсгийн нүүрсийг гэрээ дуустал буюу 5 жилийн хугацаанд Чалкод нийлүүлэх байжээ. Харин баруун цанхийн нүүрсийг аль болох олон худалдан авагчдад нийлүүлэх бодлого барьж байлаа. Тухайлбал, Винсвей зэрэг бусад компаниудтай үргэлжлүүлэн хамтрахаас гадна, Шинхуа компанитай түлхүү хамтрах бодлого барьж байжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2013 онд урд хөршид айлчлах үеэрээ Тавантолгой, Энержи ресурс, Эрдэнэс-тавантолгой компаниуд хятадын Шинхуа компанид 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээг үзэглэсэн юм. Энэ дагуу Эрдэнэс-тавантолгой компани Шинхуа компанитай ирэх жилүүдийнхээ борлуулалтын яриа хэлэлцээрийг хийсэн байгаа юм. Эрдэнэс-тавантолгой компани 2014 онд Шинхуа компанид 6 орчим сая тонн нүүрс борлуулахаар урьдчилсан байдлаар тооцож байсан гэдэг. Тэр үеийн Эрдэнэс-тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Батсуурь: Нүүрсний борлуулалтын орлогын 50-иас дээш хувийг урьдчилж авахаар Шинхуа компанитай ярилцсан тухай хэлж байсан юм. Шинхуа компанийн төмөр замыг ашиглаж хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна, далайд гарч Япон, Солонгос руу бүтээгдэхүүнээ борлуулах бололцоо байсан учраас тэр аж. Тиймээс ч тэд экспортоо нэмэгдүүлэх үүднээс Эрдэнэс-тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой, Монголын төмөр зам компаниуд Шинхуа компанитай хамтран Гашуун сухайтын боомтоос урд хөршийн Ганц модны боомт хүртэл хил хооронд 10 километр төмөр зам барихаар болсон юм.

-Тавантолгойд хөрөнгө оруулагчид ирж, гэрээт олборлогчид явах уу-

2014.12.26. Эрдэнэс-тавантолгой компанийн эзэмшилд тавантолгойн ордын зургаан тэрбум тонн нүүрсний нөөц бий. Үүний хоёр тэрбум тонн нь зөвхөн цанхийн талбайд тогтоогдсон юм. Ийм нөөц бүхий талбайг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хөрөнгө оруулагч, зүүн хэсэгт нь гэрээт олборлогч оруулах шийдвэр одоогоос хэдэн жилийн өмнө гарч байлаа. Энэ дагуу баруун цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын найманд зарласан байдаг. Харин зүүн цанхид гэрээгээр нүүрс олборлох компанийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд зарлаж байсан юм. Ийнхүү хэдэн жилийн өмнө хоёр тендер зарласан ч, стратегийн хөрөнгө оруулагч тодроогүй. Уг нь баруун цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендерт тухайн үед 15 оролцогч санал ирүүлснээс, хураангуй жагсаалтад Пибоди Энержи, Шэнхуа энержи, Оросын төмөр зам, Вале, Арселор металл, Экстрата зэрэг зургаан оролцогч тунаж үлдсэн юм. Гэвч хэлэлцээрийн явцад эдгээр зургаан оролцогч хувь дээрээ тохирч чадаагүйн улмаас стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн явц гацаанд орсон гэдэг. Харин зүүн цанхид гэрээгээр нүүрс олборлох компанийг сонгон шалгаруулах тендерийн ялагч тодорч байсан юм. Энэ тендерт гадаадын гурван компани санал ирүүлснээс Австралийн Макмахан шалгарч, зүүн цанхиас гэрээгээр нүүрс олборлож эхэлсэн юм. Харин гаргасан бүтээгдэхүүнийг Эрдэнэс-Тавантолгой компани өөрөө экспортолж ирсэн. Гэхдээ тус компани нэлээд олон жил зүүн цанхийн борлуулалтаас нэг ч төгрөгийн ашиг олоогүй гэхэд хилсдэхгүй. Энэ нь Чалкогоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэй шууд холбоотой. Манай улс зүүн цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын төрийн өмчийн компаниас энэ мөнгийг зээлсэн ч, 310 сая ам.долларыг нь хүний хөгжил санд төвлөрүүлж эх орны хишиг олгоход зарцуулчихсан болохыг дээр дурдсан. Эрдэнэс-Тавантолгой компанийнхан зүүн цанхийн нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар нийлүүлж, Чалко компаниас авсан 350 сая ам.доллараа барагдуулах ёстой байлаа.

2011 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн Хятадын төрийн өмчийн компанид нүүрс нийлүүлж, зээлийнхээ тодорхой хувийг барагдуулсан. Гэвч Шинэчлэлийн Засгийн газрын үед нүүрсний экспортыг зогсоох замаар, гэрээний үнийг нэмэх гэсэн биш бүр дордуулж орхисон тал бий. Өөрөөр хэлбэл, 70 ам.доллараас доош үнээр нүүрсээ нийлүүлэхэд хүрсэн юм. Нуухыг нь авах гээд нүдийг сохолно гэдгийн үлгэрийг үзүүлсэн гэсэн үг. Ийм л шалтгааны улмаас Чалко-гийн өрөөс хагацаж чадаагүй суусан талтай. Уг нийтлэлийг бичиж байх үед 2014-12-26-ны байдлаар манай улс Хятадын төрийн өмчийн Чалко компанид 110 сая ам.долларын үндсэн, 20 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөх үлдээд байна. Эрдэнэс-Тавантолгой компани зүүн цанхийн нүүрсийг ийнхүү өрөнд ачиж байсан учраас ямар ч ашиггүй ажиллаж ирсэн юм. Тиймээс арилжааны банкуудаас 140 сая ам.доллар зээлж, үйл ажиллагаагаа санхүүжүүлж байжээ. Гэхдээ үүнийг хэдийнэ барагдуулсан. Тухайлбал, 2012-2013 онд хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлээр дээрх  өрийг барагдуулсан байгаа юм. Харин үлдэх хэдээр нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ, арилжааны банкуудаас нэмж 80 сая ам.долларын зээл авсан байгаа юм. Энэ зээлийг графикийн дагуу хугацаанд нь барагдуулж байгаа талаар Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь мэдэгдэж байсан удаатай. Харин хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.долларыг хэрхэх нь тодорхойгүй байсан юм. Энэ мөнгийг Эрдэнэс-Тавантолгой компанийн давуу эрхийн хувьцаанд шилжүүлэхээр төлөвлөж байсан ч, тухайн үед хараахан шийдэгдээгүй байлаа. Энэ талаар тус банктай үргэлжлүүлэн хэлэлцэж байсан ч, нааштайгаар шийдвэрлэж чадахгүй бол хүний хөгжил сан руу оруулсан 310 сая ам.доллараа Засгийн газраас авч, хөгжлийн банкны өрийг барагдуулах гарц байсан юм. Эрдэнэс-Тавантолгой компанийнхан ийнхүү Чалко-гоос гадна, дотоодын банкуудад багагүй өртэй суулаа. Энэ байдлаасаа гарахын тулд стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байсан баруун цанхид 2013 онд гэрээт олборлогч оруулсан байгаа юм. Тодруулбал, Хишиг арвин индустриал, Үндэсний олборлогч, Мега компаниудын хамтарсан Монгол уурхайчин түншлэлийг гэрээт олборлогчоор оруулсан юм. Тэд 2013 оны хоёрдугаар сард хөрс хуулж, долоодугаар сард олборлолтоо эхлүүлж, есдүгээр сард экспортоо албан ёсоор эхлүүлж байжээ.

Ингэж л цанхийн баруун, зүүн хэсэг хоёулаа гэрээт олборлогчтой болсон юм. Гэрээт олборлогчид 2014 онд 4.5 сая тонн нүүрс олборлосон. 2013 онд олборлосон бүтээгдэхүүнийг оролцуулж тооцвол, Эрдэнэс-Тавантолгой компани тухайн үед 5,7 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнийг тонныг нь 32-36 ам.доллараар худалдсан тухай компанийн удирдлагууд мэдэгдсэн. Нүүрсний үнэ 2014 он гарснаас хойш 30 гаруй хувиар буурсан тухайн үед, Макмаханы олборлолтын зардал өндөр байсан нь асуудал дагуулж байжээ. Манай улс энэ компанид 500 сая ам.доллар төлж, таван жилийн хугацаанд нүүрс олборлуулах гэрээ байгуулсан гэгддэг. Тиймээс Макмахан компанитай олборлолтын зардлыг бууруулах талаар дахин хэлэлцээр хийж байгаа гэгдэж байсан юм. Энэ шалтгааны улмаас 2013 оны долоодугаар сард зүүн цанхийн экспортыг дахин зогсоосон юм. Нөгөө талаас үнэ унасантай холбоотойгоор баруун цанхиас ч ашиг олох нь багасчээ. Манай улс баруун, зүүн цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулсан ч, энэ мэт хүндрэлтэй асуудлууд тулгарч байлаа. Тиймээс төр цанхийн талбайгаас холдож, стратегийн хөрөнгө оруулагч оруулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Энэ шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гаргасан байдаг. Тодруулбал, Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268-р тогтоолыг 2014 оны наймдугаар сарын 20-нд гаргаж,  цанхийн баруун, зүүн талбайд хоёуланд стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар болсон юм. Ингэхдээ хэдэн жилийн өмнө зарлагдсан стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн хураангуй жагсаалтад үлдсэн Пибоди Энержи, Шэнхуа энержи, Оросын төмөр зам, Вале, Арселор металл, Экстрата гэсэн зургаан оролцогчийг цанхийн талбайд өрсөлдөх эрх олгосон. Эдгээр оролцогчдод дараагийн шатны шалгаруулалтад оролцох урилга явуулахад, хоёр нь тендерт үргэлжлүүлэн оролцох санал ирүүлжээ. Тодруулбал, Шэнхуа энержи, Сумитомо, Энержи ресурс компанийн түншлэлээс гадна, Пибоди Энержи компани тендерт оролцох санал ирүүлсэн байгаа юм. Манай талаас цанхийн талбайн 51 хувьд дотоодын, 49 хувьд гадаадын компани оруулах болзол тавьсан байна. Гэтэл америкийн Пибоди Энержи компани энэ болзлыг хангаагүй гэнэ.

Тиймээс Хятадын Шэнхуа энержи, Японы Сумитомо, Монголын Энержи ресурс компанийн түншлэл Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгаруулсан байна. Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268-р тогтоолд хөрөнгө оруулагчид эхний 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулж, хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх ёстой гэсэн болзол тавьсан. Шэнхуа энержи компани Хятадад өөрийн гэсэн ложистикийн сүлжээ, төмөр замтайгаас гадна, нүүрсний томоохон зах зээлтэй.  Тухайлбал, энэ компанийн  төмөр зам хятадын Ганц модны боомтоос цааш далайд гардаг байна. Тиймээс уг компанийн төмөр замыг ашиглаж, Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна, Японы зах зээлд хүргэх бололцоотой гэж үзжээ. Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд борлуулах ажлыг Японы Сумитомо корпораци хариуцна гэдгээ ч илэрхийлээд байгаа юм.  Ийнхүү манай улс Тавантолгойн нүүрсийг Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдээс гадна, гуравдагч орны зах зээлд хүргэхийн тулд Монгол, Хятад, Японы түншлэлийг ийн сонгож байсан юм. Зорилтод зах зээлдээ хүрэхэд манай талын гэхээс, гаднын дэд бүтцийн хувьд асуудалгүй. Тиймээс ч, хөрөнгө оруулагчид Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих ёстой. Төмөр зам ашиглалтад орсноос хойш гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Анх энэ төмөр замыг барихаар Энержи ресурс компани концессын гэрээ байгуулж байсан удаатай. Гэвч төмөр замын ажилд зарцуулсан 94 орчим тэрбум төгрөгийг буцаан өгөхөөр болж, Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо, Монголын төмөр зам, Энержи ресурс компаниуд хооронд байгуулсан гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-нд гэрээг хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан энэ төмөр замын гэрээг цуцлаж, төр дундаас нь орж ирсэн гэсэн үг юм. Тиймээс Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн 267 километр төмөр замыг барихад шаардлагатай 800 орчим сая ам.долларын тодорхой хувийг хөгжлийн банкнаас гаргаж ирсэн.

Тэгвэл энэ төмөр замаас төр эргээд гарах ёстой болсон гэсэн үг юм. Шэнхуа энержи, Сумитомо, Энержи ресурс компаниуд төмөр замыг үргэлжлүүлэн барьж, гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх ёстой учраас тэр юм.  Үүнээс гадна, Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгараад байсан Шэнхуа, Энержи ресурс компаниуд Тавантолгой, Эрдэнэс-Тавантолгой компанитай хамтран хил хооронд 18 километр төмөр зам барихаар болсон тал бий. Тэд хамтран 2014 оны гуравдугаар сарын 7-нд Гашуун-сухайтын төмөр зам хамтарсан компани байгуулж, 51 хувийг Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компаниуд, 49 хувийг Хятадын Шэнхуа компани эзэмшихээр болсон юм. Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн 267 киллометр төмөр зам, Гашуун сухайт –Ганцмод чиглэлийн 18 километр төмөр зам баригдвал, Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд хүрэхээс гадна, гуравдагч зах зээлд хүрэх гарц улам нээлттэй болох аж. Төмөр зам, баяжуулах үйлдвэр зэргийг барихад зориулж хөрөнгө оруулагчид 4 тэрбум ам.доллар гаргах боломжтой гэсэн санал ирүүлээд байна. Үүнийг гадаадын томоохон банкуудаас зээлж, хөрөнгө оруулалт хийх байх гэсэн таамаг байлаа. Эрдэнэс-Тавантолгой компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хөрөнгө оруулагчид руу шилжүүлэхгүй учраас, дээрх компаниуд гадаадын банкуудаас зээл авахад лиценз барьцаалах боломжгүй гэсэн тайлбарыг ч ажлын хэсгийнхэн өгч байсан юм. Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компаниуд манай улсад ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байснаас гадна, 200-300 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгөхөөр ярилцаж байжээ. Мөн Эрдэнэс-Тавантолгой компанийн өмнөөс Чалко-д өгөх 130 сая америк долларын өрийг ч хариуцахаар болжээ. Ийм болзлоор Тавантолгойн баруун, зүүн цанхид стратегийн хөрөнгө оруулагчаар Шэнхуа энержи, Сумитомо, Энержи ресурс орно гэгдэж байлаа. Эндээс баруун, зүүн цанхийн гэрээт олборлогчидтой хийсэн гэрээг цуцлах уу гэсэн асуулт гарч байсан юм. Стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарсан Шэнхуа энержи компани өөртөө 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс нийлүүлэх үү гэсэн асуулт  мөн урган гарч байлаа. Энэ талаар Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах, хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан: 2015 оны нэгдүгээр сарын 5-нд Шэнхуа энержи, Сумитомо, Энержи ресурс компаниудтай хэлэлцээр эхлүүлнэ. Энэ үеэр эдгээр асуудлыг хэлэлцэнэ гэсэн тайлбар тухайн үед өгч байсан юм.

-Я.Батсуурь: Чалкогоос өөр компанид нүүрс нийлүүлж, зээлээ төлөх боломжтой-

2014-05-01. Засгийн газрын тэргүүн 2014 онд БНХАУ-д айлчлах үеэр Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компани хамтран 20  жилийн хугацаанд нэг тэрбум хүртэлх тонн нүүрс Хятадын Шэн Хуа Энержи компанид нийлүүлэхээр тохиролцсон. Үүний эхлэл болгож Эрдэнэс-Тавантолгой компани 450 мянган тонн нүүрс Шэн Хуа Энержи компанид 2014 оны тавдугаар сард нийлүүлэхээр болсон юм. Энэ болон бусад асуудлаар тэр үеийн Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай ярилцаж байсан юм.

– Энэ жил манай улс 31 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүний хэдэн хувийг Эрдэнэс-Тавантолгой компани дангаараа экспортлох боломжтой вэ?
– Манай компани нүүрсний томоохон олборлогч, экспортлогч болохоор ажиллаж байна. Нүүрсний компаниуд 31 сая тонн нүүрс экспортлохоос, гуравны нэгийг нь манай компани дангаараа экспортлох зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгой компани энэ онд хоёр уурхайгаасаа 11 сая тонн нүүрс олборлож, экспортлох шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний улиралд нүүрсний зах зээл маш муу, уналттай байсан ч бид ойролцоогоор нэг сая тонн нүүрс экспортлож чадсан. Эрдэнэс-Тавантолгой компани өнгөрсөн оны эхний улиралд 100 мянган тонн нүүрс экспортлож байсантай харьцуулахад энэ бол амжилт. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 10 дахин өссөн нь чамлахаар үзүүлэлт биш л дээ.

-Эрдэнэс-Тавантолгой компанийн гэрээт олборлогчид Цанхийн баруун, зүүн хэсэгт нэгэн зэрэг нүүрс олборлож байгаа. Тэд хоёр уурхайгаас хэдэн тонн нүүрс олборлож, үүний хэдийг нь экспортлосон гэсэн үг үү?
– Он гарсаар баруун, зүүн Цанхиас хоёр сая тонн нүүрс олборлосон. Үүний талыг экспортлосон бол талыг нь борлуулж амжаагүй байна. Борлуулаагүй нүүрсэн дээр өнгөрсөн оны үлдэгдлээ нэмж тооцвол манайд 2.5 сая тонн нүүрс ачуулахад бэлэн байна. Дээр нь хөрс хуулж, олборлоход бэлэн болгосон хоёр сая тонн нүүрс манайд мөн бий. Үүнийг оролцуулбал, манайд 4.5 сая тонн нүүрс борлуулахад, ачуулахад бэлэн байгаа. Манай компани он гарсаар Хятадын найман том худалдан авагчтай нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Тэдэнд нийт 4.25 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцоод байгаа юм. Үүнийг багаар буюу уурхайн амны нөхцөлөөр тонныг нь  35 ам. доллараар худалдана гэж тооцвол, ойрын үед 150-160 сая ам.долларын борлуулалтын орлого орж ирэх боломжтой.

– Олборлосон нүүрснийхээ талыг оны эхэнд экспортлосон гэлээ. Гэтэл экспорт зогссоноос болж баруун Цанхийн гэрээт олборлогчдын төлбөрийг өгч чадахгүйд хүрсэн гэж яригдаад байгаа. Энэ ямар учиртай юм бол?
– Цанхийн баруун хэсэгт Монголын үндэсний олборлогч, Хишиг арвин, Мера гэсэн гурван компанийн хамтарсан Монгол уурхайчин нэгдэл гэрээгээр нүүрс олборлодог. Энэ нэгдэлд хийсэн ажилд нь тааруулж, уулын цулыг метр кубээр нь үнэлж гэрээгээр нүүрс олборлосны төлбөрийг төлдөг. Бид барууны Цанхийнхаа нүүрсийг худалдаж төлбөрөө төлнө шүү дээ. Баруун Цанхийн гэрээт олборлогч оны эхнээс үйл ажиллагаагаа зогсоолгүй, олборлолт хийсэн. Гэтэл баруун Цанхийн борлуулалт уурхайн аман дээр хэд хоног зогсож, саатсан л даа. Үүнээс болж манай компани гэрээт олборлогчид 60 тэрбум төгрөгийн өртэй болчихсон. Үүнээс болж хоёр компанийн хооронд бага зэргийн зөрчил, хүндрэл үүссэн тал бий. Гэхдээ баруун Цанхийн борлуулалтыг өнгөрсөн хоёр долоо хоногт амжилттай явуулж, гэрээт олборлогчид төлөх төлбөрийн 70 хувийг барагдуулсан. Одоо хоёр компани хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Ийм л асуудал үүссэн. Түүнээс манай экспорт бүхэлдээ зогссон юм биш.

-Эрдэнэс-Тавантолгой компани Чалко компанид 130 сая ам.доллар төлөх дутуу байгаа. Нүүрсний үнэ өндөр байвал багахан нүүрс нийлүүлж, өрөө төлчих боломжтой. Гэвч сүүлийн үед нүүрсний үнэ унаж, Чалко компанид ахиу нүүрс нийлүүлж өрөө дарах дүр зураг ажиглагдах боллоо?
–  Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу Ганц модны нөхцөлөөр тус компанид нүүрс нийлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, 57-60 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх ёстой гэсэн үг л дээ. Энэ үнээр тооцвол, хоёр сая гаруй тонн нүүрсээр үлдэх зээлээ төлөх бололцоотой ч, сүүлийн үед Чалко компанийн борлуулалт хүндэрч манайхаас бүтээгдэхүүн авахаа хязгаарлаж байна. Гэхдээ тус компани бидэнд боломж олгосон. Ямар боломж вэ гэхээр зүүн Цанхийн нүүрсийг өөр компаниудад худалдаж, орлогыг нь Чалко-д шилжүүлж болно гэсэн боломж олгож байгаа. Чалко компани гэрээний дагуу өмнө нь бидэнд ийм боломж олгодоггүй байсан юм. 

-Чалко-той дахин хэлэлцээрийн ширээний ард сууж, гэрээнд өөрчлөлт оруулсан гэсэн үг үү?
– Гэрээнд өөрчлөлт оруулах талаар дахин ярилцаж, ерөнхийдөө ийм тохиролцоонд хүрсэн. Энэ бол чухал тохиролцоо. Ийм тохиролцоо хийснээр бид нүүрсээ цаашид Уурхайн амны, Цагаан хадны, Ганц модны гэсэн гурван нөхцөлөөр худалдах боломжтой болж байгаа юм. Бид нэг тонн нүүрсийг Уурхайн амны нөхцөлөөр 35 ам.доллараар, Цагаан хадны нөхцөлөөр 48.5 доллараар, Ганц модны нөхцөлөөр бол 57 ам.доллароор одоогоор худалдаж байна. Цаашид энэ гурван нөхцөлийн аль алинаар нь нэгэн зэрэг нүүрсээ худалдвал, одоо бэлэн байгаа 4.5 сая тонн нүүрсээ хурдан хугацаанд борлуулж Чалко-гийн үлдэх өрийг түргэн дарах боломжтой. Бид мэдээж нүүрснийхээ үнийг Чалко-д нийлүүлж байгаа үнээс ахиулахыг л бодож байгаа.

-Эрдэнэс-Тавантолгой компани Хятадын найман компанид нүүрсний нийлүүлэх гэрээ хийсний нэг нь Шэн Хуа компани. Тус компанид энэ сард 450 мянган тонн нүүрс Цагаан хадны нөхцөлөөр нийлүүлэхээр тохиролцсон гэсэн. Чалкогийн аваагүй нүүрсийг цаашид энэ компанид нийлүүлээд явах бололцоотой юу?
– Хятадын Шэн Хуа компанид 450 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээг өнгөрсөн сарын 17-нд үзэглэсэн. Ингэхдээ нэг тонн нүүрсийг Цагаан хадны нөхцөлөөр буюу 48.5 ам. доллараар нийлүүлэхээр тохиролцсон. Ийм хэмжээний нүүрсийг энэ үнээр тавдугаар сард нийлүүлнэ. Үүний нийт төлбөр 21.8 сая доллар болж байгаа. Тэгвэл энэ төлбөрийн 80 хувь нь буюу 17.4 сая доллар ороод ирчихсэн байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийн урьдчилгаа манай дансанд байршсан байгаа. Энэ бол Шэн Хуа компанитай 20 жилийн хугацаанд хийх томоохон худалдаа наймааны эхлэл. Цаашид бид нүүрснийхээ хэмжээ болон үнээ сар тутам тохироод явах юм. Одоогоор нүүрсний үнэ тогтворгүй өсч, уруудаж байгаа учраас тус компанитай хатуу үнэ тохироод явах бололцоогүй байна. Тиймээс хоёр компани хэлэлцээд, сар тутам нүүрсний хэмжээ болон үнээ тохироод явъя гэсэн шийдэлд хүрсэн. Үүнээс гадна, бусад компаниуддаа нүүрсээ нийлүүлээд явна.

-Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулаг гурван компани урт хугацаанд Шэн Хуа Энержи компанид нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна тус компанитай хамтарч хийх томоохон ажил бол хил хооронд барих төмөр зам шүү дээ. Төмөр замын барилгын ажил хэзээ эхлэх вэ?
– Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн онд БНХАУ-д айлчлах үеэр Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компани Хятадын Шэн Хуа Энержи компаниай хамтран хил хооронд төмөр зам барих тохиролцоонд хүрсэн. Үүнээс хойш дөрвөн компани долоо хоног бүр тогтмол уулзаж, яриа хэлэлцээр хийсний үр дүнд өнгөрсөн сарын 7-нд Гашуун сухайтын төмөр зам хамтарсан компани байгуулсан. Энэ компанийн 51 хувийг Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компаниуд хамтран эзэмших бол үлдэх 49 хувийг Хятадын Шинхуа компани эзэмшинэ. Зураг төслийн ажил дуусангуут Гашуун сухайтын төмөр зам хамтарсан компани зургаадугаар сараас төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хагас жилд багтаагаад хил дамнасан 18 км төмөр зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

– Манай Гашуунсухайтын боомтоос урд хөршийн Ганц модны боомт хүртэл төмөр замтай болвол хилийн нэвтрүүлэх чадвар хэдэн хувиар нэмэгдэх боломжтой вэ?
-Хил хооронд 18 км төмөр зам барина гэж би түрүүн хэлсэн. Энэ бол асар өндөр ач холбогдолтой төмөр зам болох юм. Энэ төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар 20 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой учраас тэр л дээ. Өнөөдөр манай улсад ийм төмөр зам байхгүй учраас Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл авто машинаар тээвэрлэлт явуулж байна. Энэ нь хил дээр уртаас урт дараалал, цуваа, түгжрэл үүсгэдэг. Үүнээс болоод манай компаниудын экспорт ч буурах тал бий. Хэрэв төмөр зам ашиглалтад орвол хил дээрх ачааны автомашины дараалал, цуваа, түгжрэл арилж, хилийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, манай компаниудын нүүрсний экспорт нэмэгдэх давуу талтай.

– Хил хооронд төмөр замаар нүүрсээ экспортловол тээврийн зардал буурах байх. Тээврийн зардлын судалгааг мэдээж хийсэн байх?
-Ачааны автомашинаар хил дамнуулан тээвэрлэлт хийхэд, тонн тутамд 8-9 ам.долларын өртөг гардаг л даа. Гашуунсухайт-ын боомтоос Ганц мод-ны боомт хүртэл 18 км төмөр зам барьж ашиглалтад оруулбал хил хоорондын тээвэрлэлтийн зардлыг 5-6 ам.доллараар бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хил хооронд нүүрс тээвэрлэхэд 2-3 ам.долларын зардал гарах ийм тооцоог бид хийгээд байна. Хятадын Шэн Хуа Энержи компанитай Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани хамтран Гашуунсухайт-аас Ганц мод-ны боомт хүртэл төмөр зам барьж, ашиглалтад оруулснаар хилийн ачаалал буурна, тээвэрлэлтийн зардал багасна, нүүрсний экспорт нэмэгдэнэ гээд их олон талын ач холбогдолтой байх юм.  

– Эрдэнэс-Тавантолгой компани Энержи ресурс компанийн баяжуулах үйлдвэрт нүүрсээ угааж, экспортод гаргахаар төлөвлөж байгаа шүү дээ. Хэдэн тонн нүүрс угаахаар хэлэлцэж байна. Яриа хэлэлцээр эцэслэсэн үү?
-Манай компани жилд 20 сая тонн нүүрс усаар угаах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байгаа. Гэвч энэ ажлаа түр хойш тавьсан. Японы Нагата инженеринг компанитай хамтран элс ашиглан хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг туршиж үзэхэд амжилттай болсон учраас усаар угаах үйлдвэрээ түр хойшлуулаад, элсээр угаах туршилтын үйлдвэр барихаар эхний ээлжинд төлөвлөж байна. Говь нутаг ус ховор учир өртөг өндөртэй. Тиймээс элсээр угаах туршилтын үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаа. Энэ нь амжилттай болвол хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлээд явах юм. Тэр болтол Энержи ресурс компанийн угааж баяжуулах үйлдвэрийг хамтран ашиглахаар ярилцаж байна. Ингэхдээ хоёр талаасаа ижил хэмжээний нүүрс нийлүүлж Энержи ресурс компанийн баяжуулах үйлдвэрт угааж, бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд хамтраад худалдахаар ярилцаж байгаа юм. Энержи ресурс компанитай хийж буй гэрээ хэлэлцээр төгсгөлийн шатандаа яваа. Удахгүй гэрээнийхээ төслөө ТУЗ руу оруулж батлуулах чиглэлээр ажиллаж байна.

-Зүүн цанхийн олборлолт хэзээ сэргэх вэ-

2015-10-20. Одоогоос хэдэн жилийн өмнө манай улс Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр нүүрс олборлох оператор компанийг сонгон шалгаруулах тендер зарласан. Энэ тендерт гадаадын гурван компани санал ирүүлснээс Австралийн MacMahon Holdings компани шалгарсан юм. Тиймээс тус компанитай гэрээ байгуулж, 2011 оноос нүүрс олборлуулж эхэлсэн. Гэвч тус компанитай байгуулсан гэрээг шинэчлэхээр 2014 оны наймдугаар сараас хэлэлцээр хийж эхэлжээ. Хэлэлцээр жил орчим үргэлжилсэн ч, хоёр тал ойлголцолд хүрээгүйн улмаас MacMahon Holdings компани 2015 оны зургаадугаар сард манай улсаас гарч явсан гэдэг. Ингэхдээ тус компани Зүүн Цанхид нүүрс олборлох эрхээ Хятадын TT VJ CO компанид 65 сая ам.доллараар шилжүүлээд гарсан гэх мэдээлэл байдаг юм. Ингэснээр Тавантолгойн Зүүн Цанхийн гэрээт олборлогч нь Австралийн MacMahon Holdings бус, Хятадын TT VJ CO болж хувирсан хэрэг. Эрдэнэс-Тавантолгой компанийнхан шинэ гэрээт олборлогч болох TT VJ CO компани руу өөрийн 200 гаруй ажилтнаа шилжүүлэх шийдвэрийг тухайн үед гаргасан байна. Үүнтэй холбогдуулан тус компанийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарласан юм. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хөрөнгө оруулагч, зүүн хэсэгт нь гэрээт олборлогч оруулах шийдвэр одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан тухай дээр дурдса. Энэ дагуу Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагч, Зүүн Цанхид гэрээгээр нүүрс олборлох оператор компанийг сонгох тендерийг хэдэн жилийн өмнө зарласан юм. Гэвч тухайн үед стратегийн хөрөнгө оруулагч тодроогүй учраас хожим энэ талбай руу Монгол уурхайчин нэгдэлийг гэрээт олборлогчоор оруулсан. Харин Зүүн Цанхийн гэрээт олборлогчоор Австралийн MacMahon Holdings компани орж ирсэн тухай мөн дурдсан. Энэ хоёр гэрээт олборлогчийн нэг нь ажилчдаа өөрсдөө цалинжуулдаг бол, нөгөө нь Эрдэнэс-Тавантолгой компаниас цалинждаг байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгой компани MacMahon Holdings компаниар нүүрс олборлуулсны төлбөр төлөхийн зэрэгцээ энэ талбай дээр ажиллаж ирсэн 200 гаруй ажилтанг өөрөөсөө цалинжуулж иржээ. Тиймээс зардлаа бууруулахын тулд эдгээр ажилчдаа шинэ гэрээт олборлогч TT VJ CO компани руу шилжүүлэхээр болсон байгаа юм. Эрдэнэс-Тавантолгой компани 650 гаруй ажилтантайгаас 200 гаруйг нь шинэ гэрээт олборлогч TT VJ CO компани руу ийнхүү шилжүүлэхээр болжээ. Харин ажилчид Эрдэнэс-Тавантолгой компаниас явахгүй гэдгээ илэрхийлж суулт зарлаад байсан юм. Энэ үл ойлголцол хэдий хүртэл үргэлжлэх нь тухайн үед тодорхойгүй байлаа. Хэрэв үл ойлголцол ойрын хугацаанд шийдэгдвэл шинэ гэрээт олборлогч сарын дотор Зүүн Цанхийн олборлолтыг сэргээх боломжтой гэгдэж байсан юм.

MacMahon Holdings компанитай байгуулсан гэрээг шинэчлэх хэлэлцээр эхлүүлсэнтэй холбогдуулан 2014 оны наймдугаар сараас Зүүн Цанхийн олборлолтыг зогсоосон юм. Гэвч хэлэлцээрт ахиц гараагүй учраас MacMahon Holdings компани Зүүн Цанхиас гарч, оронд нь шинэ гэрээт олборлогч ийнхүү орж ирлээ. Энэ хугацаанд буюу 2014 оны наймдугаар сараас хойш тус талбайгаас нэг ч тонн нүүрс олборлож экспортлоогүй гэж ойлгож болно. Үүнээс өмнө ч Чалкотой байгуулсан гэрээг сайжруулах зорилгоор Зүүн Цанхийн экспортыг жил гаруйн хугацаанд мөн зогсоож байсан юм. Тодруулбал, манай улс Зүүн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын төрийн өмчийн Чалко компаниас 350 сая ам.доллар зээлж, үүнийгээ Зүүн Цанхийн нүүрсээр барагдуулахаар тохиролцсон. Энэ дагуу 2011 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн Хятадын төрийн өмчийн Чалко компанид нүүрсээ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлж, зээлийнхээ тодорхой хувийг барагдуулсан юм. Гэвч өмнөх Засгийн газрын үед нүүрсний экспортыг зогсоох замаар, гэрээний үнийг нэмэх оролдлого хийсэн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой ижил зүйл болсон тухай өгүүлсэн. Нүүрсний үнэ унасан үед, гэрээний үнэ нэмэх оролдлого хийсэн нь Зүүн Цанхийн бүтээгдэхүүнийг тонныг нь 70 ам.доллараас доош үнээр нийлүүлэхэд хүргэсэн гэж шүүмжилдэг юм. Ийнхүү Чалкотой байгуулсан гэрээг сайжруулахын тулд 2013 оны эхнээс жил гаруйн хугацаанд Зүүн Цанхийн олборлолт болон экспортыг зогсоож байлаа. Үүнээс хойш олборолт, экспортыг сэргээсэн ч 2014 оны наймдугаар сараас MacMahon Holdings компанитай байгуулсан гэрээг шинэчлэх зорилгоор дахин энэ талбайн үйл ажиллагааг зогсоосон юм. Ийнхүү Чалко болон Макмахан компанитай хэлэлцээрийн ширээний ард суух бүрт Зүүн Цанхийн олборлолт, экспортыг зогсоож ирсэн ч,  Чалкогийн өрөөс хагасрахгүй байх нэг шалтгаан болж байсан юм. 2014 оны эцэст энэ компанид 130 сая ам.доллар удахгүй нүүрсээр барагдуулаад төлчихнө гэж яриад сууж байсан бол, 2015 оны аравдугаар сарын 20-нд үүнтэй ойролцоо тоо бас л яриад сууж байлаа. Ингэснээр тухайн үед тус компанид 115 сая ам.доллар төлөх дутуу үлдсэн байв. Ийнхүү Зүүн Цанхийн уурхай зогсонги байсан нь өр зээл хасагдахгүй байх шалтгаан болж байлаа. Нөгөө талаас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж байсан нь тус компанийн санхүүд хүндрэл учруулсан хэвээр байлаа. Зүүн Цанхийн олборлолт зогссон ч Баруун Цанхийн олборлолт хэвийн явж байсан талтай. Монгол уурхайчин нэгдэл 2015 он гарснаас хойш Баруун Цанхиас 3,6 сая тонн нүүрс олборлож экспортолжээ. Баруун Цанхийн нүүрсийг уурхайн амнаас 2014 оны эцэст 40 ам.доллараар худалдаж байсан бол, 2015 оны эцэст 26 ам.долларын дундаж ханшаар худалдаж байлаа. Ийнхүү нүүрсний үнэ унасан үед Зүүн Цанхийн олборлолтыг яаралтай эхлүүлэхгүй бол Эрдэнэс-Тавантолгой компанийн санхүү улам хүндэрнэ гэдгийг албаныхан хэлж байсан юм. Гэхдээ энэ нь Эрдэнэс-Тавантолгойн ажилтан болон удирдлагын хооронд үүссэн үл ойлголцол хэдий хугацаанд үргэлжлэхээс хамаарах байлаа.

-Тавантолгойн орд таван хэсгээс бүрддэг-

Монголчууд хоёр хөршдөө нүүрс экспортолно гэж байгаа ч, тэд асар их нүүрсний нөөцтэй. 2008 онд хийсэн судалгаагаар ОХУ 157 тэрбум нүүрсний нөөцтэй бол, БНХАУ 115 тэрбум тонн нүүрсний нөөцтэй байх жишээтэй. Дээрх нөөцийн тал хувь нь коксжих нүүрсний ангилалд багтаж байгаа юм. ОХУ 108 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй бол, БНХАУ 52 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй гэгдэж буй. Тавантолгойн нүүрстэй дүйцэхүйц илчлэгтэй, чанартай их хэмжээний коксжих нүүрс хоёр хөршид байсаар байхад эдгээр зах зээлд нүүрс нийлүүлнэ гэж ярих нь хэтэрхий эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулдаг. Тухайлбал, манай хойд хилийн цаана оросын Улаан үүдэд коксжих нүүрсний асар том орд бий. Энэ нь манай нүүрсийг өрсөлдөх чадваргүй болгодог болохыг судлаачид хэлдэг. Оросууд тавантолгойгоос нүүрс авч байснаас гаалийн татваргүй, нэмэгдсэн өртөг шингээгүй, газарзүйн байрлалаараа манайхаас хамаагүй дөт Улаан-Үүдээс буюу дотоодоосоо нүүрс авах нь ашигтай учраас тэр юм. Хойд хөрш хангалттай хэмжээний нүүрсний нөөцтэй учраас монголчууд тийшээ төмөр зам тавиад, тээвэрлээд очсон ч авахгүй нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, хойд хөршид нүүрсний зах зээл бараг байхгүй гэж ойлгож болно. Тэр үеийн УИХ-ын гишүүн, өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэн: Орос, Хятадын бүх газарт буюу хоёр хөршийн өнцөг булан бүрт коксжих нүүрс байхгүй. Тиймээс манай хилтэй ойролцоох газрууд Монголоос нүүрс авсан нь ашигтай гэсэн товч тайлбар өгч байсан юм. Үнэхээр ч орос, хятадын өнцөг булан бүрт коксжих нүүрс байхгүй аж. Тухайлбал, Өвөрмонгол нүүрсний томоохон нийлүүлэгч хэдий ч, томоохон худалдан авагчид тооцогддог байна. Өвөрмонголын өөртөө засах орны Бугатад нүүрсний томоохон орд байдаг хэдий ч, энэ нь гол төлөв эрчим хүчний нүүрс юм. Эрчим хүчний нүүрсээр төмөр хайлуулж үл дийлнэ. Өвөрмонголын Бугат орчмын нүүрсний баяжигдах чанар маш бага. Тиймээс цахилгаан станцууд нь тухайн нүүрсэндээ тохирсон бага илчлэгийн зуухтай. Үүнийгээ эрчим хүчний салбарт хэрэглэдэг аж. Тиймээс өвөрмонголчууд нүүрсний нөөцтэй ч, манайхаас чанартай нүүрс авах сонирхолтой байдаг аж. Ер нь урд хөршид нүүрсний эрэлт бий ч, Хубай мужаас бусад газарт нүүрсний хэрэгцээ байхгүйг зарим хүмүүс хэлдэг юм. Хятадын бүхий л мужуудад нүүрс олборлож, түүнийгээ баяжуулж, кокс болгож Хубай мужид нийлүүлдэг байна. Хятадын Хубай мужид нүүрсний томоохон орд байдаггүйтэй энэ нь холбоотой юм. Тэгээд ч хятадын гангийн үйлдвэрүүд гол төлөв Хубай мужид байрладаг байна. 

Тиймээс энэ мужид тавантолгойн нүүрсийг хүргэж болох талтай. Нөгөөтэйгүүр хятадын Бохай тэнгисийн эрэг орчим байрладаг гангийн үйлдвэрүүдэд нүүрсээ нийлүүлж болно. Бохайн булангийн боомтууд терминалуудаа нүүрсний, нурмаг ачааны гэж хүчин чадлаар нь ангилсан байдаг билээ. Гангийн үйлдвэрт кокс ихээр хэрэглэгддэг тул, тавантолгойн түүхий эдийн зах зээл ёстой л энд байх шиг. Гэвч монголчуудын тэмүүлээд байгаа Хятадын гангийн зах зээлд Австрали улс түлхүү нүүрс нийлүүлдэг байх юм. Австрали ямар нэг улсаар дамжихгүй шууд далайд гарцтай. Усан замын тээврээр уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог тул үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн урд хөршид нийлүүлж байгаа юм. Ингэхдээ Австарли улс жилд 85 сая тонн нүүрс хятад руу экспортолдог гэх мэдээлэл бий. Тиймээс Хятадын гангийн үйлдвэрлэлийг коксжих нүүрсээр хангахын тулд Австралитай өрсөлдөх наад захын шаардлага тулгардаг. Гэвч Австралитай чанартай нүүрсээр өрсөлдөж чадах ч, хямд үнээр өрсөлдөх амаргүй. Австралиас Хятадын Шэнжэн боомт хүртэл 7000 километр газарт нүүрс тээвэрлэхэд нэг тонн нүүрсний зардал ердөө 18 доллар гардаг гэх судалгаа олон жилийн өмнө гарч байлаа. Тэр үеийн ханшаар тооцоход, манай улс 7000 километр газарт нэг тонн нүүрс авто замаар тээвэрлэхэд 525 ам.доллар, төмөр замаар тээвэрлэхэд 175 ам.долларын зардал гарахаар байв. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртэл 240-хөн километр газарт нүүрс тээвэрлэхэд, нэг тонн нүүрсний тээврийн зардал 18 ам.доллар болж байх жишээтэй. Усан замын тээвэр авто болон төмөр замынхаас хэд дахин хямд болох нь эндээс харагддаг. Эндээс манай улс хятадын Бохай тэнгисийн эргийн гангийн үйлдвэрүүдэд авто болон төмөр замаар нүүрс тээвэрлэж хүргэхэд, тэр нь усан замаар тээвэрлэсэн Австралийн нүүрснээс хамаагүй өндөр үнэтэй байхаар харагддаг. Хятадууд үнэтэйг нь авах уу, хямдыг нь авах уу гэдэг ёстой л тэдний сонголт. Монголчууд зах зээлийнхээ нэгээхэн гарцыг хятад гэж тодорхойлсон болохоор ямар нэг аргаар Австралийн нүүрснээс хямд үнэтэй бүтээгдэхүүн урд хөршид нийлүүлж байж сая нэг зах зээлтэй золгоно. Австралийн Засгийн газар нүүрснийхээ экспортын татварыг 30 хувьд хүргэсэн гэх таатай мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байлаа. Тус улсын нүүрсний экспортын уг татвар нь мөрдөгдөж эхэлвэл нүүрснийх нь үнэ өснө гэсэн таамагд эдийн засагчдын дунд байлаа. Тиймээс энэ үед Австралийн зах зээлийг замаас нь булааж болох ч, тус улс экспортын дээрх татвараа цуцалбал, байдалаа хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдал үүсч, дахиад зах зээлгүй хоцорч мэдэхээр байв. Товчхондоо, хятад руу ахиад хямд үнэтэй нүүрс очино гэсэн үг юм. Азаар БНХАУ Австарлиас нүүрс авахгүй тухай мэдээ хэдэн сарын өмнө дуулдав. Энэ бидэнд ховорхон олдох завшаан билээ. Дан ганц зах зээлтэй байхын эрсдэл нь энэ юм. Оросын хоёрдогч зах зээл бүрхэг болохыг дээр дурдсан. Тиймээс Солонгос, Япон, Энэтхэгийн төмөрлөгийн үйлдвэрүүдэд буюу гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх, нийлүүлэх, худалдах шаардлага давхар тулгарсаар ирсэн юм. Манай улс тавантолгойн бүлэг ордоос жилд 30 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэнэ гэж тооцож буй. Зах зээлгүй бол тавантолгойн түүхий эдийг яаж эргэлтэд оруулах билээ. Тиймээс тавантолгойн ордыг эргэлтэд оруулна гэж ярихаас илүүтэй, хэрхэн зах зээлтэй холбох вэ гэдгийг нэн түрүүнд ярих шаардлага тулгардаг. Ер нь аливаа түүхий эдийг зах зээлтэй холбохын тулд, дэд бүтэц, тэр дундаа замын асуудал хамгийн чухал. Ямар замаар,  юугаар тээвэрлэх үү гээд асуудал ар араасаа ундарна. Түүхий эдээ үнэ цэнэд хүргэж чадах эсэх нь авто, төмөр, усан замын альнаар нь тээвэрлэхээс гадна, дөт боомтоос ихээхэн шалтгаалдаг учраас ингэж хэлж байгаа юм. Тиймээс хоёр хөршийн боомт, транзит тээвэр, тээврийн зардал, гаалийн тариф, дэлхийн зах зээлийн үнэ юу юунаас илүү чухал. Бид такси барихдаа километр тутамд мөнгө төлдөг. Үүний нэгэн адилаар хоёр хөршийн төмөр замаар нүүрс тээвэрлэхэд километр тутамд мөнгө төлөх нь дамжиггүй. Тиймээс манайтай хамгийн ойр хоёр хөршийн боомт, төмөр замыг сонгож хямд зардлаар далайд гарч, гуравдагч зах зээлд хүрэх шаардлага тулгарч ирсэн нь нууц биш юм.

-Тавантолгойн тээвэр ба авто, төмөр, усан зам- 

Тавантолгойн ордоос жилд 30 сая тонн нүүрс олборлоно гэж яригдах болов. Бүтээгдэхүүнээ олон худалдан авагчид нийлүүлж, олон зах зээлтэй байвал эрсдэл багатай бөгөөд манай улсад ашигтай юм. Харин бүтээгдэхүүнээ экспортлоход эхлээд авто замаар, дараа нь төмөр замаар, эцэст нь усан замаар тээвэрлэж байж сая нэг хүссэн зах зээлдээ буюу зүүн азийн орнууд, цаашлаад европын холбооны улсуудад хүрэх юм. Тиймээс авто, төмөр, усан замын тээврийн талаарх мэдээллийг түүвэрлэв.

-Экспортын нүүрс тээврийн автомашины тоог нэмэгдүүлнэ- 

Хувийн хэвшлийн Энержи ресурс компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд 239 километр авто зам барьж 2011 онд ашиглалтад оруулсан байдаг. Жилд 15 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай гэгдэх энэ авто зам хэтэрхий нарийн гэдгээрээ мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэлд тухайн үед өртөж байлаа. Тухайлбал, Энержи ресурс компанийн нүүрс экспортолдог ачааны хүнд даацын автомашин 2,4 метрийн өргөнтэй. Харин ашиглалтад оруулсан авто замын өргөн 5 метр. Өөрөөр хэлбэл, ачааны машинууд зөрөхийн аргагүй нарийн авто зам гэсэн шүүмжлэлд өртөж байсан нь нууц биш. Тиймээс хувийн хэвшлийн Энержи ресурс компанийн барьсан авто замын зэргэлдээ орон нутгийн өмчит Тавантолгой компани 12 метрийн өргөнтэй авто зам барихаар төлөвлөж, маршрут чиглэлээ гаргаж байсан гэдэг. Харин Засгийн газрын 2013 оны Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай 299 дүгээр тогтоолоор авто замын асуудлыг шийдвэрлэж өгсөн юм. Улмаар 2014 онд хувийн өмчит Энержи Ресурс компани, орон нутгийн өмчит Тавантолгой компани, төрийн өмчит Эрдэнэс-Тавантолгой компаниудын оролцоотойгоор Гашуун сухайт авто зам компанийг байгуулж, Эрдэнэс Монгол компани хариуцагчаар нь ажиллаж эхэлжээ. Ингэснээр тус тусын замаар бүтээгдэхүүнээ экспортлох бус, нийлээд нэг замаар түүхий эдээ тээвэрлэдэг болжээ. Авто замаар нүүрс экспортолж эхэлснээр Тавантолгой-Гашуунсухайт хүртэл 240 километр газарт нэг тонн нүүрс тээвэрлэхэд доод тал нь 18 ам.долларын зардал гардаг болсон гэх судалгаа гарч байв. Өөрөөр хэлбэл, авто замаар нэг тонн нүүрс нэг километр газарт тээвэрлэхэд доод тал нь 0,075 центийн зардал гарах болов. Авто замтай болсноор жил ирэх тусам манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж эхэлсэн билээ. Гэвч дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспортод хүндрэл гарч болзошгүй байдал хэдэн сарын өмнө үүссэн. Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээс харахад, манай улс 2019 онд 36,4 сая тонн экспортолсон бол, 2020 онд 28,5 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээсээ нүүрсний экспорт 21,6 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм. Харин 2021 оны нэгдүгээр сард Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 2.49 сая тонн болж, өмнөх жилийн мөн үеэс 3 хувиар, 2020 оны арванхоёрдугаар сараас 57 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Үүнд БНХАУ руу 2.31 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байжээ. Харин өмнөх сартай харьцуулахад 50 хувиар өссөн байна. Нэгдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Ганц мод боомтоор 496 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн нь 2020 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ийнхүү нүүрсний экспорт оны эхнээс өссөн ч, өнгөрсөн онд бууралттай гарсан учраас Хилийн боомтын үндэсний зөвлөлийн хурлаар, нүүрсний экспортын нөхцөл байдал, улсын хэмжээнд өдөрт гаргах экспортын нүүрс тээврийн автомашины тоог нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй зөвлөлийн гишүүд, албаны бусад төлөөлөл газар дээр нь очиж ажилласан юм.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар төмөр замын ажлыг гацаанаас гаргав-

Авто замаар тээвэрлэснээс төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох нь зардлын хувьд хамаагүй төсөр байх нь ойлгомжтой юм. Тавантолгойн ордын  нүүрсийг зах зээлтэй холбохын тулд юуны түрүүнд төмөр зам хэрэгтэй. Тиймээс энэ талаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгаж өгсөн байдаг. Энэ талаар тэр үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ: Төмөр замын бодлого маань нэгдүгээрт одоогийн босоо төмөр замаа сайжруулж цахилгаанжуулна. Хоёрдугаарт өнөө маргаашдаа хийх зүйл бол бид уул уурхайгаа түшиглэсэн төмөр зам барих хэрэгтэй. Үүний тулд, Оюутолгой, Тавантолгойгоос Сайншанд руу оруулах төмөр замыг барих хэрэгтэй. Сайншандаас цааш Чойбалсан руу холбох. Үүнийгээ дагаад Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулна. Дараа нь зүүн бүсийн төмөр зам барих хэрэгтэй. Зүүн бүсийн төмөр зам бол, Дорнод, Матад, Рашаантаар байна уу, зүүн тийшээ хятад руу гарах төмөр зам юм. Өндөр Хаанаас – Сүхбаатараар дайраад Бичигтийн боомтоор урагшаа гарах замын талаар мөн ярьж байгаа. Тэгээд баруун тийшээ Завханы чиглэлд урд, хойд хөршөөс холбосон зам бас яригдаж байна. Цаашлаад Говь-алтай, Хөвсгөл рүү очсон зам төлөвлөж байна гэсэн тайлбар өгч байсан юм. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод эхний ээлжинд  Тавантолгой –Сайншанд– Баруун урт –Хөөт- Чойбалсангийн чиглэлд төмөр зам барихаар тусгаж байлаа. Нэг талаас тавантолгойн нүүрсийг Сайншандад хүргэж тэнд нь боловсруулж урд хөрш рүү экспортлох. Нөгөө талаас Сайншандад боловсруулсан нүүрсийг Чойбалсангаар дамжуулж хойд хөрш рүү экспортлохоор төлөвлөсөн учраас тэр юм. Гэтэл стратегийн ордуудаас өргөн төмөр зам татаж бүтээгдэхүүнээ экспортлохоос өмнө, Энержи ресурс компани өрсөж Ухаа худагаас Гашуун сухайтын чиглэлд нарийн төмөр зам тавихаар болсон талаар олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн билээ. Манай улс санхүүжилтгүйн улмаас энэ төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бариулах шийдвэр хэдэнтээ гаргасан ч, үндэсний аюулгүй байдалд харшлана хэмээн үзэж энэ тогтоолуудыг хэдэнтээ няцаасан байдаг юм. Ийнхүү нэг тогтоолыг нөгөө тогтоолоор үгүйсгэж, энэ төмөр замыг хэн барих нь тодорхойгүй явсаар олон жилийг ардаа орхисон билээ. Уг нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг дотоодын Энержи ресурс компанид 2008 онд анх олгож байжээ. Засгийн газрын 2008 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай 252-р тогтоолоор Энержи ресурсэд энэ эрхийг олгосон байгаа юм. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү…Гэхдээ удалгүй үүнд өөрчлөлт оруулсан юм. Манай улс 2010 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлж, стратегийн ордуудыг дайрсан 5683 километр төмөр зам шинээр барихаар болсон юм. Үүнээс нэг, хоёрдугаар шатны 1800 километр төмөр замыг эхний ээлжинд барихаар төлөвлөж, суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Монголын төмөр замд компанид олгох шийдвэрийг 2010 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газар 283-р тогтоолоороо гаргаж байжээ. Эхний ээлжийн 1800 километр төмөр замын нэг хэсэгт Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 киллометр төмөр зам багтаж байлаа. Тэр ч утгаараа энэ төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг Монголын төмөр замд олгосон гэсэн үг юм. Энэ тогтоолд Тавантолгойн ордыг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчдад төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх санал боловсруулах тухай ч давхар тусгаж өгсөн байгаа юм. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү… Өөрөөр хэлбэл, Ухаанхудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тусгай зөвшөөрлийг Монголын төмөр зам компанид шилжүүлсэн ч, Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодормогц тэдэнд холбогдох хуулийн дагуу шилжүүлэхээр төлөвлөж байжээ. Гэхдээ энэ нь мөнхийн шийдвэр байсангүй. Тавантолгойн Баруун цанхийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер удааширсан учраас Засгийн газар 2012 оны тавдугаар сарын 9-нд 161 тоот тогтоол гаргаж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессийн гэрээг Энержи ресурс болон Энержи ресурс райл компаниудтай байгуулах зөвшөөрөл олгожээ. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү… 

Ингэж л Энержи ресурс компани 2008 онд эхэлсэн ажлаа дахин үргэлжлүүлэх боломжтой  болжээ. Гэвч Засгийн газар 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 121 тоот тогтоол гаргаж, Энержи ресурс болон Энержи ресурс райл компаниудтай байгуулсан концессийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх юм. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү… Ингээд 2012 оны тавдугаар сарын 31-нд зурагдсан Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг цуцлахыг Зам тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга нарт даалгасан байгаа юм. Харин нэг, хоёрдугаар шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарсан тусгай зориулалтын компани байгуулах замаар хэрэгжүүлэхийг Монголын төмөр зам компанийн төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. Өөрөөр хэлбэл, 1800 километр төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаар хамтран бариулахаар болж Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын гэрээг цуцалсан байгаа юм. Энержи ресурс, Энержи ресурс райл компаниудаас гадна, сонирхсон бусад хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр тогтоолд тусгажээ. Ингэхдээ төслийг хамтран хэрэгжүүлэх бүтэц, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тохирч, Энержи ресурс, Энержи ресурс райл компаниудын төмөр замын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг шинэ төмөр замын нэг, хоёрдугаар ээлжийг барих гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай тусгай зориулалтын компанид оруулж, хөрөнгө оруулалтыг тооцож, хувьцаа эзэмшүүлэх, эсвэл буцаан олгох талаар хэлэлцээ хийхийг  Зам тээврийн сайдад даалгасан байгаа юм. Мөн энэ тогтоолд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг гүйцэтгэж байсан компаниудыг үргэлжлүүлэн ажиллах асуудлыг салбарын сайдад нь даалгажээ. Энэ дагуу Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд баригдах төмөр замын төслийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийг хянаж, дүгнэн баталгаажуулалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг Эдийн засгийн хөгжлийн, Сангийн, Зам тээврийн сайд нарын 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хамтарсан тушаалаар байгуулагдсан байна. Энэ даруй төслийн хөрөнгө оруулалтыг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж Энержи ресурс компани Ухаанхудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 2008-2012 он хүртэл төмөр замын төсөлд оруулсан 93 тэрбум 677 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэсэн дүгнэлтийг 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан байна. Гэхдээ үүнийг тус компанид буцааж өгөлгүйгээр концессын гэрээг цуцласан байгаа юм. Шалтгаан нь уг компанийг шинэ төмөр зам төслийн 49 хувьд оруулах нөхцөл тавьсантай холбоотой гэдэг. Тодруулбал, Энержи ресурс, Энержи ресурс райл компаниудын төмөр замд оруулсан хөрөнгийг Шинэ төмөр зам тусгай зориулалтын компанид оруулж хувьцаа эзэмшүүлэх, эсвэл буцаан олгох нөхцөл тавьсан байгаа юм. Улмаар 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Шинэ төмөр зам тусгай зориулалтын компани байгуулж, 49 хувийг нь эзэмших гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тендер олон улсад нээлттэй зарлажээ.  Энэ тендерийн хураангуй жагсаалтад 10 компани тунаж үлдсэний нэг нь Энержи ресурс компани гэгдэж байлаа. Хэрэв тус компани шинэ төмөр замд хөрөнгө оруулна гэвэл хувьцаа эзэмшүүлнэ. Харин оруулахгүй гэвэл мөнгийг нь буцаан олгохоор төлөвлөсөн байсан гэсэн үг. Гэвч хэлэлцээр шийдэгдээгүй байсан учраас тус компанийн төмөр замд оруулсан хөрөнгийг буцаан олголгүй явж иржээ.

Улмаар Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо, Монголын төмөр зам, Энержи ресурс компаниуд гэрээ байгуулснаар концессын гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-нд цуцалсан гэгддэг. Хэдийгээр тийм ч төмөр замын суурь бүтцийн гүйцэтгэгч компанийг хэвээр үлдээсэн байгаа юм. Тус чиглэлд баригдах 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд Энержи ресурс рейл компанийн Samsung C&T компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай Зам тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гаргасан учраас тэр юм. Энержи ресурс рейл болон Samsung C&T компанитай МТЗ-ТӨ-1322/02, ER-13-006 тоот Эрх, үүрэг шилжүүлэх гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр байгуулж байжээ. 
Samsung C&T гэрээ байгуулснаар Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг 2013 оны тавдугаар сарын 15-ны өдөр эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Самсунг Си эн Ти компни хэвээр үлдэж, энэ компанитай үргэлжлүүлэн ажиллах гэрээг Монголын төмөр зам компани үзэглэсэн байгаа юм. Ингэж л Монголын төмөр зам компани Солонгосын 
Samsung C&T компанитай хамтран ажиллаж, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэх эхлэл тавигдсан юм. Энэ төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр Samsung C&T компани, туслан гүйцэтгэгчээр үндэсний 13 компани ажиллаж байжээ. Тэд өнгөрсөн хугацаанд газар шорооны ажлыг 90 хувьд хүргэсэн бол, нийт төсөл 50 хувьд хүрсэн тухай мэдэгдэж байлаа. Ажил төлөвлөгөөний дагуу хийгдвэл Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн төмөр зам 2014 оны аравдугаар сард ашиглалтад орох боломжтой гэж гүйцэтгэгч компаниуд нь мэдэгдэж байсан тал бий. Гэхдээ төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулах нь санхүүжилтээс ихээхэн хамаарах байжээ. Энэ төсөлд Чингис бондоос 212 сая ам.доллар тухайн үед зарцуулсан байсан бөгөөд үлдэх 51 хувийг нь хэн гаргах нь тодорхойгүй ийм байдалтай байсан юм. Тэр үеийн Монголын төмөр зам компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ: Төмөр замын ажлыг Монголын төмөр зам компани үргэлжлүүлсэн. Ингэхдээ Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтэд өнгөрсөн хугацаанд Чингис бондоос 212 сая ам.доллар зарцуулсан байдаг. Үүгээр Samsung C&T компани барилгын ажлыг гүйцэтгэж, төмөр замын газар шорооны ажлыг 90 хувьд, нийт төслийг 50 хувьд хүргэсэн талаар бататган хэлдэг юм /энэ тухай түүний ярилцлагыг доор нийтэлсэн болно/. Удалгүй шинэчлэлийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд Тавантолгойн арга хэмжээний тухай 268-р тогтоол гаргаж нэлээд удаан гацаанд байсан тавантолгойн тендерийг урагшлуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ дагуу тавантолгойн ордын баруун, зүүн цанхийн хөрөнгө оруулагчаар Энержи ресурс, Шинхуа энержи, Сумитомо компанийн хамтарсан консерциумыг шалгаруулсан байдаг. Засгийн газрын 268-р тогтоолд зааснаар тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, тэдний хөрөнгөөр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг барьж байгуулах ёстой  байлаа. Харин 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэхээр Засгийн газрын тогтоолд тусгаж өгсөн байжээ. Гэтэл Монголын төмөр зам компани энэ төмөр замд өнгөрсөн хугацаанд чамгүй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нэгэнтээ хөрөнгө оруулагчид энэ төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих бол, энэ төмөр замд Монгол Улсаас зарцуулсан хөрөнгийг буцаан авах ёстой нөхцөл байдал үүссэн нь нууц биш. Тэр үеийн Монгол Улсын Шадар сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийг 2015 оны нэгдүгээр сарын 5-нд албан ёсоор эхлүүлсэн байдаг. Анхан шатны мэдээлэл солилцох хэлэлцээр гурван долоо хоног үргэлжилж ойлголцолд хүрсэн учраас хоёр дахь шатны хэлэлцээрийг 2015 оны нэгдүгээр сарын 26-нд эхлүүлсэн талаар дээр дурдсан болно.

Гэвч энэ үеэр төмөр замтай холбоотой хэд хэдэн асуудал сөхөгджээ. Тухайлбал, Засгийн газар 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 121-р тогтоол гаргаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Монголын төмөр зам компаниар бариулахаар болж, энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан юм. Өмнөх тогтоолоо хүчингүй болгоогүй байж, 2014 оны наймдугаар сарын 20-ны өдөр шинэчлэлийн засгийн газар 268-р тогтоол гаргаж Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг концессын гэрээний дагуу хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж байгуулах шийдвэр гаргасан тухай асуудал сөхөгдсөн юм. Ийнхүү тухайн үед Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам дээр дээрх хоёр 121 болон 268-р тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байлаа. Үүний аль нэгийг хүчингүй болгох тухай асуудал хэлэлцээрийн үеэр сөхөгдсөн гэсэн үг юм. Тиймээс салбарын яам нь 2012 оны 121-р тогтоолыг хүчингүй болгох саналаа Засгийн газарт тавьсан аж. Өөрөөр хэлбэл, өмнөх тогтоолыг хүчингүй болгож, хувийн хэвшлийн хөрөнгөөр уг төмөр замыг бариулна гэсэн тогтоол хэвээр үлдэх төлөвтэй байсан юм. Тэгвэл тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболд: төмөр замын 51 хувийг төр эзэмших ёстой гэсэн байр суурийг нэгэн сайтад ярилцлага өгөхдөө илэрхийлсэн байгаа юм. Суурь бүтцийн 51 хувь нь төрийн мэдэлд байна, бүх хүнд нээлттэй, нэг тарифаар үйлчилнэ гэсэн хуультай учраас Тавантолгойн төмөр замыг Энержи ресурс, Сумитомо, Шинхуа энержи компанийн хослолд эзэмшүүлж болохгүй гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн байгаа юм. Харин тэр үеийн Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М. Энхсайхан: Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 267 киллометр төмөр замыг барихад 1 тэрбум 160 сая ам.доллар шаардлагатай. Үүний 51 хувийг төр өмчилбөл, 600 орчим сая ам.доллар гаргах хэрэгтэй болно. Энэ мөнгийг гаргах бололцоо манай улсад байхгүй учраас хуулийн бусад заалтыг ашиглаж, төмөр замаа хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулж, тодорхой хугацааны дараа 51 хувийг нь төр авах нь оновчтой гэж мэдэгдэж байсан юм /энэ тухай түүний ярилцлагыг доор нийтэлсэн болно/. Монголын төмөр замын тээврийн тухай хуулийн зургаадугаар зүйлд: Төмөр зам стратегийн чухал ач холбогдолтой учраас Монголын төр 51 хувийг нь өмчлөх ёстой гэж тусгажээ. Үүгээр явах гээд нэлээд хугацаа алдсан, хөрөнгө байхгүй учраас холбогдох хууль тогтоолд заасан өөр боломжийг сонгосон аж. Энэ нь хувийн хэвшлийн хөрөнгөөр төмөр замаа барьж, тодорхой хугацааны дараа 51 хувийг нь төрд шилжүүлэх хувилбар байжээ. Ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай шийдвэрлэх хэлэлцээр хийж байхад төрийн түшээд төмөр замын асуудал дээрээ нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй дахиад л хоёр тал болчихсон тал бий. Улстөрчид өнгөрсөн хугацаанд энэ мэт нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүйн улмаас нэг тогтоолоос нөгөө тогтоолын хооронд төмөр зам удааширсан гашуун туршлага бидэнд бий. Тиймээс цаашид үүнийгээ нэг мөр болгохын тулд улстөрчид нэгдсэн ойлголцол хүрэхийн зэрэгцээ Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замд үйлчилж байгаа тогтоолуудаа цэгцлэх шаардлага тулгарсан юм. Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 121-р тогтоол, 2014 онд 268-р тогтоол хоёулаа хүчин төгөлдөр үйлчилж байсан учраас Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хэн барихыг улам тодорхойгүй болгож байлаа. Өөрөөр хэлбэл, 121-р тогтоолд зааснаар Монголын төмөр зам компани, 268-р тогтоолд зааснаар хөрөнгө оруулагчид барих ёстой мэт хоёрдмол ойлголтыг бий болгоод байсан юм. Тиймээс энэ хоёр тогтоолын аль нэгийг хүчингүй болгож, төмөр замаа хэн барихаа тодорхой болгох ёстой байлаа. Энержи ресурсийн тавих гэж байсан нарийн төмөр зам, Монгол Улсын Сайншанд руу татах гэж байсан өргөн төмөр замаас болоод багагүй талцал гарч тогтоол шийдвэрүүд хэдэнтээ өөрчлөгдсөн байдаг. Нэг тогтоолоос нөгөө тогтоолын хооронд төмөр замын ажил удааширч, өмнө нь хийгдсэн суурь бүтэц элэгдэл хорогдолд орж, гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогсоод байсан цаг саяхан.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сараас төмөр замын барилга угсралтын ажлыг дахин эхлүүлсэн юм. Ингэснээр Тавантолгой – Гашуунсухайт чиглэлд 208 километр төмөр замын газар шорооны ажил, мал амьтны гарц, гүүр, хоолойн ажлыг дуусгаж, эвдрэл гэмтлийг засжээ. Доод бүтцийн ажил 95 хувьд, хоолой 98 хувь, гүүр 37 хувь, дээд бүтцийн ажил 32 хувьтай үргэлжилж байгааг албаныхан хэлж байв. 2020 оныг 73 километр төмөр зам угсарч, 93 километр бетон дэр өрсөн үзүүлэлттэй үдсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 2022 оны долоодугаар сарын 1-нд дуусгах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 километр үргэлжлэх юм. Уг төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэж, тээвэрлэлтийн зардал одоогийнхоос 4 дахин буурч, тавантолгойн олборлолт 3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тэр хэрээр улсын төсөвт жилд 28 сая америк долларын татвар төлж, 25 жилийн хугацаанд 1 тэрбум америк доллар төвлөрүүлнэ гэж тооцоолж байгаа юм. Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой чиглэлд баригдаж буй төмөр замын барилгын ажил ч мөн хуваарийн дагуу тасралтгүй үргэлжилж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдах 414 гаруй километр төмөр замын доод бүтцийн ажил дуусч, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтай байгаа. Дээд бүтцийн 54 километр ажлыг Улаанбаатар төмөр зам, 16 орчим километрийг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэсэн гэх мэдээлэл бий. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр гүүрийн ажлын явц 73 хувь, эрчим хүчний шугамын ажил 60 хувьд хүрсэн мэдээлэл ч байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга угсралтаа дуусгахаар төлөвлөгөө гаргаж ажилласан. Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байгаа юм. Уг төмөр замын трассын дагуу аж ахуйн нэгжүүд уул уурхайн 37 ашиглалтын лиценз эзэмшдэг билээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 километр төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам компанид олгох шийдвэрийг Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр гаргасан юм. Тухайн үед инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа яаралтай эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байдаг. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр Эрдэнэс Тавантолгой компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдох юм.

П.Бат-Эрдэнэ: МТЗ компаниар төмөр зам бариулах шийдвэр хүчинтэй байгаа…

Засгийн газраас 2014 оны наймдугаар сарын 20-нд гаргасан 268-р тогтоолын дагуу Энержи ресурс, Шинхуа энержи, Сумитомо компаниудын хамтарсан консерциум Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, 30 жилийн дараа 51 хувийг нь төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх тухай асуудал яригдаж байлаа. Энэ төмөр замд манай улсаас зарцуулсан хөрөнгийг буцаан авах тухай давхар яригдаж байсан юм. Тиймээс манай улс өнгөрсөн хугацаанд энэ төмөр замд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил хэдэн хувьтай байгаа талаар тэр үеийн Монголын төмөр зам компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэтэй 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр ярилцсан юм. 

-Ухаа худаг–Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийг танай компани 2013 оноос хойш хариуцаж ирсэн. Энэ төмөр замын ажил хэдэн хувьтай байна?

– Энэ  төмөр замыг барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 121-р тогтоолоор манай компанид олгосон. Энэ дагуу 2013 оны нэгдүгээр сард санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Ингэхдээ энэ санхүүжилтийг чингис бондоос гаргахаар болсон. Нийтдээ 400 сая ам.доллар гаргахаас эхний ээлжинд 200 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулж олгосон. Цаг хугацааны хувьд 2013 оны тавдугаар сарын 6-нд барилгын гүйцэтгэгчтэй гэрээ үзэглэж, ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 90 гаруй хувьтай байна. Харин нийт төслөөр аваад үзвэл 50 орчим хувьтай явна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд онцлогтой барилгын ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Умдайн голын сайр дээгүүр 435 метрийн  урттай гүүрийн тулгуур барисан.  Дээр нь хоёр газар бутламал чулуун дайрганы үйлдвэр байгуулсан. Мөн төмөр бетон дэрний үйлдвэрийн барилгын ажлууд хийгдсэн. Тоног төхөөрөмж нь ороод ирчихсэн, хараахан угсрагдаагүй байна. Царигийн асуудалтай холбогдуулаад төмөр бетонон дэрний хэвээ солих тухай яригдаж байгаа.

– Энэ төмөр замын барилгын ажил 50 хувьтай яваа гэлээ. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулав?

-2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 212 сая ам.доллар зарцуулчихаад байна.

-Тавантолгойн талаар авах зарим арга хэмжээний тухай 268-р тогтоолд зааснаар хөрөнгө оруулагчид энэ төмөр замыг барьж, 30 жилийн дараа улсад 51 хувийг нь эргүүлж өгнө. Тиймээс энэ төмөр замд оруулсан 280 сая ам.доллараа манай улс хөрөнгө оруулагчдаас авна гэсэн асуудал яригдаж байна. Гэтэл танайх 212 сая ам.доллар гэлээ. Энэ хоёр тоо яагаад зөрөөд байгаа юм бол?

-Би түрүүн 212 сая ам.доллар гэсэн шүү дээ. Энэ бол чингис бондоос гаргасан мөнгө байгаа юм. Үлдсэн 60 сая ам.доллар нь энэ төслийг өмнө гүйцэтгэж байсан Энержи ресурс компанитай хамаатай. Тус компани манайд тусгай зөвшөөрөл өгөх хүртэл 2008-2012 онд энэ төмөр замд 60 сая ам.доллар зарцуулсан. Үүнийг оролцуулаад Ухаахудаг –Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 280 сая ам.доллар зарцуулчихаад байгаа юм.

– Энэ 60 сая ам.долларыг Энержи ресурс компанид өнгөрсөн хугацаанд өгөөгүй юм шиг дүр зураг сая харагдлаа?

-Үүнийг өгөөгүй байсан. Яагаад өгөөгүй вэ гэхээр Энержи ресурс компанийн гаргасан хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэх, эсвэл буцааж өгөх гэсэн тогтоолтой юм. 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд гаргасан 121-р тогтоол гэсэн үг. Аль нэгээр нь явъя гэхээр хэлэлцээр дуусаагүй байсан. Төмөр замын бодлогын нэг, хоёрдугаар шатанд 1800 киллометр төмөр зам барих ёстой. Энэ төмөр замын нэг хэсэг нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам юм. Үүнээс гадна, монгол улсын зүүн нутгаар төмөр зам барина. Эдгээр нь нийлээд нэг том төсөл. Том төсөлд хөрөнгө оруулагчаар буюу хувь эзэмшигчээр орох боломж Энержи ресурс компанид байсан. Одоо ч байгаа. Энэ хэлэлцээр дуусаагүй учраас тус компани хувь эзэмших үү, мөнгөө авах уу гэдэг нь эцэслэгдээгүй гэсэн үг.

-Одоогоор төмөр замд 280 сая ам.доллар зарцуулсан гэж байна. Үүнийг байж болох зардлаас давсан гэж үзэх хүмүүс байна?

– Энэ бол өндөр тоо биш. Өнөөдөр олон улсад нэг киллометр төмөр замыг 1-2 сая ам.доллараар баридаг гэж яридаг хүмүүс бий. Гэхдээ үнэнийг хэлэхэд нэг киллометр төмөр замыг төчнөөн төгрөгөөр барина гэж цээжээр хэлэх бололцоогүй. Төмөр замыг авто замтай харьцуулахад тэс өөр. Манай хэллэгээр төмөр зам хэвгий, өгсүүр, уруу, тахир, тойруу байдаг. Ер нь төмөр замыг аль болох шулуун, өгсүүр, тойруу багатай барих шаардлагатай байдаг. 1 километр төмөр замын газар шорооны ажил, 10 километр авто замын газар шорооны ажилтай тэнцдэг. Төмөр замын газар шорооны ажил маш өндөр өртөгтэй байдаг. Тухайлбал, хятадууд Зүүн хатавч гэдэг газар төмөр зам барьж байна. Километрийг нь 2.5-3 сая ам.доллараар барьж байх жишээтэй. Манай зардал энэ хавьцаа байгаа. Суурь бүтцийн хувьд ийм өртөгтэй. Дээрээс нь хөдлөх бүрэлдэхүүн нэмэгдэх ёстой. Тэгэхээр энэ бол өндөр тоо гэж хэлэх боломжгүй. Ер нь зургаараа, төсвөөрөө мөнгө нь тодорхойлогдоод явдаг зүйл.

– Хэрэв 280 сая ам.доллараа буцаагаад авлаа гэхэд, үүний 60 сая ам.долларыг Энержи ресурс компанид өгөх тухай асуудал яригдах уу?

– Үүнийг бэлэн бусаар авсан учраас, бэлэн мөнгөөр өгнө гэсэн ойлголт байхгүй. Засгийн газрын 2014 оны 268-р тогтоолоор тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулаад байгаа. Шалгарсан консерциумд Энержи ресурс компани багтсан. Мэдээж бэлэн мөнгө олгохгүй. Энэ мөнгө тэр төсөлдөө тооцогдоод, хэрхэн зохицуулагдах нь хэлэлцээрийн шатанд тодорхой болно. Хэлэлцээрийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахлаад явж байгаа. Тиймээс энэ хэлэлцээртэй холбоотой асуудлыг ажлын хэсгээс лавлах нь зүйтэй. Манай компанийн хувьд мэдээж гаргасан мөнгөө буцааж авах ёстой. Тэгэх талаараа ажиллаж байгаа.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан Шинхуа энержи компани өнгөрсөн баасан гаригт Монголын төмөр зам компани дээр ажилласан гэсэн. Ямар асуудал яригдсан юм бол?

– Хөрөнгө оруулахаар санал ирүүлсэн компаниудтай ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлж байсны хувьд түрүүний ярьсан 280 сая ам.долларыг хаанаас босгосон. Үүгээр юу хийсэн. Төмөр замын явц болон технологитой холбоотой материалуудыг танилцуулах зэргээр ажиллаад явж байна. Харин компанийн бусад нууцтай холбоотой зүйлийг гаргаж өгөхгүй гэсэн зүйл болсон. Манай компани хэдийгээр төрийн өмчийнх ч гэсэн, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Улаанбаатар төмөр замтай холбоотой зүйлүүдээ гаргаж өгөхгүй шүү гэсэн. Түүнээс айхтар ноцтой зүйл болоогүй.

-Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан 268-р тогтоолоор хөрөнгө оруулагчид энэ төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр барьж, 30 жилийн дараа 51 хувийг нь төрд эргүүлэн өгөх ёстой. Гэтэл засгийн газрын 2012 онд гаргасан 121-р тогтоолоор танай компани энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төмөр зам дээр өнөөдөр хоёр хүчин төгөлдөр тогтоол үйлчлээд байгаа юм биш үү?

-Засгийн газрын 2012 оны 121-р тогтоол өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй байна. Гэтэл 2014 онд засгийн газрын 268-р тогтоол гарчихсан. Хэлэлцээр хийгдээд байдаг. Гэтэл хоёр төрлийн, хоёр ойлголт төрүүлсэн зүйл байхаар төсөлд сөрөг нөлөөтэй л дээ. Цаг хугацаа алдах зүйл гарч ирж магадгүй. Уг нь төслийг цаг хугацаатай уралдаж хийх ёстой шүү дээ. Нүүрсээ хямд өртгөөр зөөх, байгаль орчинд ээлтэй байдлаар тээвэрлэх төмөр зам манайд хэрэгтэй байна.

М.Энхсайхан: Төмөр замын 51 хувийг төр өмчилнө гэвэл түүндээ таарах хөрөнгийг гаргах хэрэгтэй болно…

Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хоёр дахь шатны шийдвэрлэх хэлэлцээр явагдаж байхад УИХ-ын дарга Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын тодорхой хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханаас 2015 оны хоёрдугаар сарын 1-нд сэтгүүлчид дараах тайлбарыг авсан юм.

-Тавантолгой-гашуун сухайт чиглэлийн төмөр замын тодорхой хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн асуудал яригдах боллоо?

-2010 оноос хойш тав дахь жилдээ явж байгаа уралдаант шалгаруулалт шүү дээ.  Шалгаруулаад  хэлэлцээр хийж явж байна. Энэ хооронд монголчууд бид төмөр зам дээр хангалттай улстөржсөн. Өргөн, нарийн төмөр зам гээд. Төр 51 хувийг нь заавал өмчилсөн байх ёстой гэсэн зөндөө юм яригдсан. Гэхдээ тавантолгой төслийг урагш нь явуулахын тулд бид хуулиа л мөрдөх хэрэгтэй. Монголын төмөр замын тээврийн тухай хуулийн 6-р зүйл гэж бий. Энд төмөр зам бол стратегийн чухал ач холбогдолтой, монголын төр 51 хувийг нь өмчлөх ёстой гэж тусгасан. Гэхдээ энэ үйл ажиллагааг хийж чадахгүй бол, дараа энэ нөхцлийг биелүүлэх нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд барьж байгуулаад, ашигласны үндсэн дээр төрд 51 хувийг нь шилжүүлэх бололцоотой ийм заалт хуульд бий. Үүнээс гадна, УИХ-ын 32-р  тогтоолд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар, дараа төмөр замын бүтцийг төрд шилжүүлэх нөхцөлтэйгөөр барьж, ашиглаж болно гэсэн заалтууд байгаа байхгүй юу. Бид 51 хувиа тойрч дэндүү их улстөржиж байна. Тиймээс хуулийн олон гарц байгааг харахгүй, зөвхөн нэг гарцтай юм шиг буруу харж байгаа байдал байгаа юм. Тэгэхээр энэ ойлголтоо манай улстөрчид жигдлэх хэрэгтэй.

-2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд гарсан 121-р тогтоолын дагуу Монголын төмөр зам компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгаа. Гэтэл энэ тогтоолыг хүчингүй болгоогүй байж, 2014 оны наймдугаар сарын 20-нд засгийн газар 268-р тогтоол гаргаж, энэ төмөр замыг хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөөр барина. Харин төмөр зам ашиглалтад орсноос хойш гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан. Энэ хоёр  тогтоол хоорондоо зөрчилдөөд байгаа юм биш үү?

-Нэг юмыг их сайн ойлгох ёстой. Төмөр замын  бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол асар их мөнгө шаарддаг. Хэрэв монголын төр өөрөө 51 хувийг нь өмчилнө гээд зүтгэвэл, хөрөнгө оруулагчид 51 хувьдаа таарсан хөрөнгөө гарга гэж хэлнэ. Тэгэхээр тийм чадамж монголын төрд байхгүй. Тиймээс Төмөр замын  тээврийн тухай хуулийн 6-р зүйл дэх хувийн хэвшлийг дайчилж, тодорхой хугацааны дараа 51 хувиа авах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт татаж, барьж, ашиглаж болно гэсэн заалтыг хэрэглэж, урагшаа явах шаардлага байгаа. Хэрэв өөрөө хөрөнгөө гаргачихдаг, мөнгөтэй улс байсан бол, ийм асуудал хөндөгдөж ярихгүй шүү дээ. Тийм учраас нэгэнт яваад ирсэн, алдсан, чадаагүй зүйлтэйгээ зууралдаад байх биш. Хуульд байгаа өөр заалтыг ашиглаж ажиллах хэрэгтэй.

-Тэгэхээр засгийн газрын 2012 оны 121-р тогтоолыг хүчингүй болгох ёстой гэсэн үг үү?

-Туршаад яваад ирсэн ч, үр дүнгээ өгөөгүй. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын 34-р тогтоол өнгөрсөн онд гаргаж, энэ асуудлууд цаашаа явж байгаа байхгүй юу?

-Хэлэлцээр ямар шатанд явна?

-Хэлэлцээр харьцангуй гайгуй байгаа. Хамгийн гол нь манай улстөрчид нөгөө харддаг, сэрддэг, олон түмнийг татаж оруулдаг ийм байдлаар энэ төслийг хагалаад хаячихгүй бол, энэ төсөл явах учиртай. Монголоос олигтой, дорвитой мэдээлэл гадагшаа цацагдахгүй олон жил болж байна. Мөн манай эдийн засаг өнөөдөр хүнд байдалтай байгаа. Гадаад, дотоод талаасаа энэ төсөл урагшаа явах ёстой. Улстөрчдийг нэгдмэл ойлголтод хурдан хүрээсэй гэж бодож байна.

-Санал нэгдэхгүй байгаа ямар асуудал байгаа вэ?

-Сая миний хэлсэн асуудал. Тухайлбал төмөр замын өмчлөлийн 51 хувиийн талаар улстөрчид зөндөө ярисан. Гэхдээ 51 хувийнхаа хөрөнгийг гаргаж чадахгүй. Ийм байдалтай яваад бүтээгээгүй. Одоо хуульд байгаа өөр нэг арга нь төр хувийн хэвшлийн түншлэлээр дараа 51 хувийг нь төрд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хийж болох. Энэ хувилбарыг ажиллуулах гэхээр, маргаан дэгдээх нь хууль бус, ёс бус болж байгаа юм.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд яг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм?

-Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 270 киллометр төмөр зам барихад, 1 тэрбум 160 сая ам.доллар хэрэгтэй гэж консерциум техник эдийн засгийн тооцондоо тусгасан байгаа. Хэрэв 51 хувийг төр өмчилнө гэвэл, 600 орчим сая ам.доллар гаргах хэрэгтэй болно шүү дээ. Энэ нь бидний яваад ирсэн гашуун зам, алдсан зам. Тиймээс шинэ маягаар ажиллах гээд байна шүү дээ. Энэ дээр улстөрчид нэг хэлтэй байх хэрэгтэй.

– Тавантолгойн хэлэлцээр хийгдэж байхад, УИХ-аас Засгийн газарт нөлөөлөх ч юм уу, шахах ч юм уу тийм зүйл байна уу?

-Том зүйл харахгүй байгаа ч, улстөрчдийн ойлголтыг будилуулах гэсэн үйлдлүүд гарч байгаа.

-Хөрөнгө оруулагчид 500 сая ам.доллар өгөхөө болисон гэсэн мэдээлэл гараад байна?

– Монгол улсын засгийн газар консерциумаас тодорхой хэмжээний мөнгийг гаргуулж авах нь зүйтэй гэж дотроо бодож байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд их хэмжээний мөнгө хийчихсэн байгаа. Тэр мөнгөө буцаагаад гаргуулж авмаар байна. Энэ бол ойролцоогоор 230 сая ам.долларын тухай асуудал. Дээр нь бид Чалко компаниас багагүй мөнгө зээлсэн. Энэ зээлээс 133 сая ам.доллар төлөх дутуу байна. Үүнийг хөрөнгө оруулагчид үүрэх боломжтой гэсэн зарчмаар хэлэлцээр хийж байна. Өөрөөр хэлбэл, 230  сая ам.доллар дээр 133 сая ам.доллар гэхээр үндсэндээ монголын тал эерэг баланстай гарна гэсэн үг. Дээр нь санхүүгийн байдал хүнд байгаа. Манай эдийн засгийн байдал хүнд байгаа учраас урьдчилгаа мөнгө авна гэсэн бодолтой байгаа. Консерциум 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн байгаа ч, бидэнд өгөх ашгаасаа дараа нөхөн авах нөхцөл тавьж байгаа. Ингээд бодохоор ойрын хугацаанд санхүүгийн олон асуудал шийдэж болох байхгүй юу. Ер нь тавантолгой төслийг тойроод таваас зургаан жил талцахдаа, улсын нуруун дээр 700-800 сая ам.долларын өр үүсгэсэн. Ийм л байдлаас болоод манай санхүүгийн байдал доройтсон, банкуудын байдал хүндэрчихсэн байна. Тиймээс алдаагаа зөв харж, дундуур нь гарч ирэх. Мэдээж консерциумтай хэлэлцээр хийхдээ, улсынхаа эрх ашгийг яаж суулгаж, зөв авч явах уу гэдгээ бодох ёстой.

-Шэнхуа компани Монголын Төмөр зам компани дээр ажилласан гэсэн. Ямар асуудал яригдсан юм бол?

-Монголын төмөр зам компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд яаж ажилласан. Ямар хөрөнгө оруулалт хийсэн. Ямар гэрээтэй явж ирсэн гэдгээ хөрөнгө оруулагч нар үзүүлэх ёстой. Монголын төмөр зам компаниас өгсөн мэдээллээр нийт материалын хэмжээ 17 мянган хуудас. Үүнийг скайнердах юм уу, дижитал хэлбэрт оруулах нь зүйтэй биш. Тиймээс олон улсын практикаар датарүүм ажилуулдаг. Энэ датарүүм дээр хятадын хөлсөлж авсан компанийнхан ирж сууж байгаа байхгүй юу. Гэтэл компанийн байрыг гаднынхан хүрч ирээд эзэлчихсэн юм шиг буруу, зөрүү мэдээлэл гарсан. Уг нь датарүүм нь дэлхийн стандарт байхгүй юу.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Шинхуа эзэмшвэл ямар эрсдэл гарах вэ?
– Шинхуа компани төмөр зам эзэмших гээд байгаа асуудал ерөөсөө байхгүй. Харин консерциум эзэмших юм. Үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтыг Шинхуа, Сумитомо, Эм Эм Си-ийн хамтарсан консерциум хариуцна.

-Сумитомо борлуулалтанд оролцож тавантолгойн бүтээгдэхүүнийг хил давуулаад зөөхөөр нүүрсний өртөг өндөр болох юм биш үү?

– Өнөөдрийг хүртэл тавантолгой болон уул уурхайн компаниуд хятадын хамгийн хямдхан зах зээлд гарч байсан. Манай нүүрсийг хятадын хойд хэсэг дээр байгаа компаниуд аваад, өөрийнхөө нүүрстэй холиод үнэ хүргэж цааш нь зардаг байхгүй юу. Тэгэхээр бид өөрсдөө гарах хэрэгтэй биз дээ. Бид өөрсдийнхөө нэрээр өндөр үнэтэй зах зээл рүү гарах хэрэгтэй биз дээ. Өндөр үнэтэй зах зээл рүү нь хүрэх гэхээр хамгийн гол нь тээврийн асуудал байгаа юм. Энэ нь зөвхөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 270 киллометр төмөр зам барих тухай асуудал биш. Хятадын нутгаар тээвэрлэж, өндөр үнэ хүрэх зах зээлд очих ёстой. Энэ  тээвэрлэлт дээр Шинхуа компанийн үүрэг оролцоо маш их. Харин японы том гангийн үйлдвэрүүдэд, үнэтэй зах зээлд кокжсих нүүрсээ нийлүүлэхэд Сумитомо компанийн үүрэг оролцоо маш их. Сумитомо бүтээгдэхүүний 20-30 хувийг баталгаа гаргаж аваад, японы гангийн үйлдвэрүүдэд хүргэж өгнө гэдэг бол, тэр хэмжээгээр бидний үнэ цэнийг өндөрт өргөж өгнө. Мөн Сумитомо компани энэ төслөөс эцсийн бүтээгдэхүүн авч борлуулна гэж хэлж байгаа нь, өөрөө энэ төсөлд бусад банкуудаас мөнгө босгох бололцоог нээж өгч байгаа байхгүй юу.

– УИХ-ын зарим гишүүдийн зүгээс 30 жилийн хугацаа хэтэрхий урт байна. Энэ хугацааг наашлуулж болохгүй гэсэн зүйл ярьж байгаа?

-30 жил бол олон улсад байдаг практик. Бид яагаад хугацаа өгч байгаа юм гэхээр, нэгдүгээрт манай төрийн өмчийг мөнхийн авахгүй гэдгийг хэлж байгаа. Хоёрдугаарт хийсэн хөрөнгө оруулалтаа 30 жил дотор нөхөх юм. Харин татвараа авна, хяналтаа тавина. Ер нь 30 жил гэдэг дэлхийн практик. Энэ хугацааг багасгаж болно. Хэрэв багасгавал энэ хугацаанд амжихгүй гээд хөрөнгө оруулагчид төслөөс татгалзах асуудал бас үүсдэг.

-1072 хувьцааны ашгийг монголчууд хэзээ хүртэх бол. Хүлээлт үүсчихээд байна?

-УИХ-ын шийдвэрээр Эрдэнэс-тавантолгой компанийн 20 хувийг иргэдэд хувьцаа болгож өгсөн. Хэрэв бидний хэлэлцээ сайн яваад, энэ төсөл амжилттай болвол, 1072 ширхэг хувьцааг амилуулах санхүүгийн боломж бий болно. 1072 ширхэг хувьцааг амилуулах асуудалд УИХ болон Засгийн газар хамтарч байж шийдлээ олно. Хэрэв энэ төсөл амжилттай явбал, эх үүсвэр нь байгаа гэж хэлэх байна.

– Монголиан майнинг корпорацийн 45 хувь нь монголын эзэмшлийнх. Бусад нь гадаадын мэдлийн компани гэсэн ийм яриа гараад байгаа?

– Монголиан майнинг корпораци хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй компани. Энэ корпорацийн 60-аад хувийг монголын үндэсний компаниуд эзэмшдэг.

– Монголиан майнинг корпораци их хэмжээний өртэй гэж яригдаад байна?

-Уул уурхайн бизнес заавал банкны зээлээр явдаг ажил. Хүн өөрийнхөө жижигхэн бизнесийг халааснаасаа мөнгө гаргаад хийж болно. Асар том төслүүд бол заавал зээлээр явдаг. Энэ нь мега төслийн онцлог юм. Тиймээс Сумитомо, Шинхуа, Монголиан майнинг корпораци бүгдээрээ банкнаас зээлтэй. Тэр зээлийг монгол ухаанаараа муу өр гэж уншаад байвал буруудна.

-Консерциумд багтсан гурван компанийн оролцоо нь ямар байх вэ?

-Энержи ресурс бол төслийн компани. Энержи ресурс компанийн дээд талд Монголиан майнинг корпораци буюу MMC бий. 60 хувийг нь манай үндэсний компаниуд эзэмшдэг Монголиан майнинг корпораци 51 хувийн хяналтын багцыг барих юм. Харин 49 хувийг хятадын Шинхуа барина. Дараа нь Энежри ресурс төслийн компани японы Сумитомотой 70/30 харьцаатай борлуулалтын компани байгуулах юм. Дараа нь төмөр замаа хариуцсан компани мөн тусад нь байгуулах юм. Өөрөөр хэлбэл, том үйлдвэрлэл, том тээвэрлэлт, том борлуулалт гээд бүгд бие даасан компаниудаар зохион байгуулагдана.

Далайн тээвэр хамгийн хямд өртөгтэй-

Нүүрсний худалдаа авто, төмөр, усан замын гэсэн гурван тээврийн хэрэгслээр явдаг. Эдгээрээс хамгийн их хувийг далайн тээвэр эзэлдэг байна. Далайн тээврийн үнэ хамгийн бага байдаг учраас тэр. Ер нь хамгийн хямд өртөгтэйд усан тээвэр ордог бол, хамгийн өндөр өртөгтэйд авто зам ордог байна. Тавантолгой-Гашуунсухайт хүртэл 240 километр газарт нэг тонн нүүрс тээвэрлэхэд доод тал нь 18 ам.долларын зардал гардаг болохыг дээр дурдсан. Тэгвэл Австралиас Хятадын Шэнжингийн боомт хүртэл 7000 километр газарт нэг тонн нүүрс тээвэрлэхэд 18 долларын зардал гардаг байх жишээтэй. Тэгвэл далайн тээвэр төмөр замын тээврийн зардлаас 40 хувиар доогуур байдаг гэх судалгаа бий. Эндээс авто, төмөр, усан тээврийн зардал асар их зөрүүтэй болох нь харагдаж байгаа юм. Хэрэв,усан онгоцны багтаамж өндөр байвал, нэг тонн нүүрсний тээврийн зардал дээр дурдсанаас ч бага тусна. Усан онгоцны боомт хотуудад 172 мянган тоннын хүчин чадалтай Кейпсайз, 74 мянган тонн хүчин чадалтай Панамакс, 52 мянган тоннын хүчин чадалтай Супрамакс, 28 мянган тонны хүчин чадалтай Хэндисайз гэсэн онгоцнууд усан замаар нүүрс тээвэрлэх нь элбэг. Усан онгоцны багтаамж нэмэгдэх тусам далайгаар тээвэрлэх ачааны үнэ нь буурдаг байна. Тухайлбал, хамгийн бага багтаамжтай Хэндисайз онгоцоор зургаан удаа нүүрс тээвэрлэж байснаас, хамгийн том багтаамжтай Кейпсайз онгоцоор нэг удаа нүүрс тээвэрлэх нь хамаагүй ашигтай. Олон дахиж явах тээврийн зардалаа хэмнэнэ шүү дээ. Тиймээс өндөр багтаамжтай усан онгоцоор нүүрс тээвэрлэх нь хамгийн бага зардалтайд тооцогддог юм. Усан онгоцны багтаамжаас хамаарч далайн тээврийн ханш тогтдог гэсэн үг. Гэхдээ ямар бүтээгдэхүүн тээвэрлэхээс хамаарч үнэ нь хэлбэлздэг байх юм. Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, ган, цемент, улаан буудай зэрэг нурмаг ачааны үнэ тарифын Baltic dry index гэж бий. Зах зээлийн эрэлт нийлүүлэлт, тээврийн ачаалал, далайн шуурга зэргээс шалтгаалж үнийн индекс гарч, үүнийгээ дагаад тариф нь хэлбэлзэж байдаг. Манай улс дотоодод авто болон төмөр замаар, цаашлаад хоёр хөршийн төмөр замаар далайд гарч гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилго өвөртөлсөөр ирсэн. Тиймээс бүс нутгийн улсуудын далайн боомтод саадгүй хүрэх, таатай нөхцөлөөр ашиглах талаар өнгөрсөн хугацаанд яриа хэлэлцээ өрнүүлж, бүтээгдэхүүнээ далайгаар тээвэрлэж гуравдагч зах зээлд нийлүүлэх гарцыг хайсаар байгаа билээ. Энэ ч үүднээс манай улс далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 1921 оны Барселоны тунхаглал, НҮБ-ын Их далайн тухай 1958 оны конвенц, Олон улсын далайн байгууллагын тухай 1948 оны конвенц, Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх худалдааны тухай 1965 оны конвенц, Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх тухай 2013 оны Балигийн хэлэлцээрт тус тус нэгдэж, 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүнээр элсэн, улмаар 1991 онд Далай ашиглах тухай хууль баталж байжээ. Улмаар 2003 оноос төрийн далбаа ашиглах усан онгоц бүртгэж эхэлсэн байна. Монголын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол-Сингапурын хамтарсан компани хүлээн авдаг байна. Ингэхдээ зэвсэгт хүчин, тэнгисийн цэрэг бус, зөвхөн худалдааны хөлөг онгоц бүртгэдэг гэнэ. Тус компани хөлөг онгоцны өмнөх бүртгэлийн талаарх мэдээлэл, чанар, ангилал, багийн бүрэлдэхүүн болон шаардлагатай бусад мэдээллийг судалж зургаан сарын хугацаатай гэрчилгээ олгодог бөгөөд дахин хүсэлт гаргасан тохиолдолд нэг жилээр сунгадаг байна. 2019 оны судалгаагаар өнгөрсөн хугацаанд 3500 гаруй хөлөг онгоц бүртгэснээс 358 нь идэвхтэй ажиллаж байгаа юм. Монгол Улсын далайн захиргааны газрын мэдээлснээр, идэвхтэй ажиллаж буй хөлөг онгоцнуудаас Сингапурт 107, Малайзад 58, Хонконгод 31, Панамд 24, Белизд 14, БНИУ-д 13, Японд 13, Маршаллын Арлуудын Улсад 12, БНСВУ-д 11, БНХАУ-д 10, бусад оронд 64 байдаг байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос Монгол Улсын Далайн захиргаа болон Сингапур дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл компани үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг бөгөөд Сангийн сайдын баталсан төлөвлөгөөний дагуу улсын төсөвт тодорхой орлого төвлөрүүлдэг байна. Энэхүү орлогоос Олон улсын далайн байгууллагын гишүүнчлэлийн татвар мөн төлдөг байна.

-Далайн 7, төмөр замын 5 боомтоор экспорт хийх гарцтай болов-

Ер нь боомтоо сонгохдоо хүчин чадлыг нь харах хэрэгтэй аж. Манай улс тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөж буй. Үүгээр тооцвол хүчин чадлын хувьд манай улсад хамгийн тохиромжтой дөт боомтод Хятадын Жинжоу, Чинхуанда, Цинтанган, Тяньжин, Тинтанга, Хунхуа тооцогдож байлаа. Эдгээр боомтуудын хүчин чадал нүүрс тээвэрлэхэд хангалттай хүрэлцэхээс гадна, манайд илүү ойр бөгөөд хятадын гангийн үйлдвэрүүдэд саадгүй хүрч, цаашлаад далай руу гарч гуравдагч зах зээлд хүрэх бололцоотой гарц учраас тэр юм. Гэхдээ эдгээрээс зөвхөн Тяньжин боомтоор дамжиж далайд гарах эрхтэй байсан юм. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийг хоёр улс 1991 онд анх байгуулсан бөгөөд Тяньжин боомтыг зөвхөн ашиглаж, олон улсын худалдаа хийх эрхтэй байсан учраас тэр. БНХАУ-ын дарга Си Жинпин манай улсад 2014 онд айлчлах үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурснаас 4 нь төмөр замтай холбоотой байсан юм. Зам тээврийн хөгжлийн яам дээрх 4 баримт бичигт гарын үсэг зурснаар Хятадын зүүн хойд болон хойд нутгуудын боомтуудаар далайд гарах шинэ гарцууд нэмэгдсэн гэж ойлгож болно. Манай улс далайд гарцгүй орон. Тиймээс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийг хоёр улс 1991 онд байгуулж байжээ. Энэ хэлэлцээрээр БНХАУ-ын Тяньжин боомтыг ашиглаж гуравдагч оронтой худалдаа хийх эрхтэй болсон юм. Тэгвэл БНХАУ-ын дарга Си ЗиньПин манай улсад 2014 онд айлчлах үеэр энэ хэлэлцээрийг шинэчлэн баталсан юм. Ингэснээр, Дандон, Базиан, Жинжоу, Инкоу, Чинхандоу, Хумхуа гэсэн зургаан боомтыг шинээр ашиглаж, урд хөршийн нутгаар дамжин далайд гарах гарцаа нэмэгдүүлсэн юм. Энэ хүрээнд Монгол Улсын Далайн захиргаа болон БНХАУ-ын Лиаонин мужийн Жинжоу далайн боомтын захиргааны хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 онд байгуулж, Жинжоу далайн боомтыг Монгол Улсын идэвхитэй ашигладаг далайн гарцуудын нэг болгох зорилгоор тус боомтод албан ёсны төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм. Дээрх зургаан боомт дээр өмнө нь ашиглаж байсан Тяньжин боомтыг оруулж тооцвол манай улс хятадын нутгаар дамжин 7 боомтоор далайд гарах гарцтай болсон гэсэн үг. Манай улс бараа бүтээгдэхүүнээ эдгээр боомтуудад хүргэж, гуравдагч зах зээлд экспортлохын тулд хятадын нутгаар төмөр замын тээвэр хийх ёстой. Тиймээс боомт хүртэлх транзит тээврийнхээ асуудлыг давхар шийдвэрлэж, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын гэрээ шинээр мөн байгуулсан юм. Ингэснээр хятадын төмөр замаар далайн боомт хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэхдээ төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлт авахаар болсон юм. Тухайлбал, хятадын төмөр замаар нэг тонн ачаа тээвэрлэхэд километр тутамд 3.5 центийн төлбөр авдаг байсныг хөнгөлүүлсэн юм. Хэдэн хувиар хөнгөлснийг нийтэд зарлах боломжгүй. Ямар ч байсан манай уул уурхайн бүтээгдэхүүн далайн боомтод өрсөлдөх чадвартай хүрэх бололцоо нээгдсэн учраас чухал ач холбогдолтой гэрээ болсон гэж тус салбарынхан мэдэгдэж байлаа. Тэгвэл Хятадын төмөр замаар нэг тонн нүүрс тээвэрлэхэд километр тутамд 0.015 ам.долларын зардал гардаг гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хятадын нутгаар 100 километр газарт нэг тонн нүүрс тээвэрлэхэд 1.5 долларын зардал гардаг болсон гэсэн үг.

Ийнхүү Хятадын нутаг дэвсгэрээр бүтээгдэхүүн тээвэрлэхдээ төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлт авахаар болсон юм. Мөн манай улс экспортын бараа бүтээгдэхүүнээ эдгээр боомтууд руу аваачихдаа Хятадад гааль, нэмэгдсэн өртгийн ямар ч татвар төлөхгүй байхаар тохиролцсон нь хэлэлцээрийн бас нэг давуу тал болсон юм. Үүнээс гадна, Хятадын далайн боомтуудаар дамжуулж гуравдагч улсад худалдах бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээ квотыг тохирч чадсан юм. Тодруулбал, манай улс Хятад руу экспортлох нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг дээрх боомтуудаар дамжуулж, гуравдагч улсад худалдах эрхтэй болж, энэ гэрээг урт хугацаанд мөрдөхөөр тохиролцсон юм. Энэ мэт далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг шийдвэрлэснээс гадна, Хятад руу экспорт хийх төмөр замын олон гарцтай болох тохиролцоог хийж чадсан юм. Тодруулбал, 1955 онд байгуулсан Монгол-Хяталын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчилсэн явдал юм. Анхны гэрээгээр Замын үүд-Эрээн гэсэн боомтыг хоёр тал ашиглахаар тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс урд хөрш рүү олон улсын төмөр замын ганцхан гарцтай байсан гэсэн юм. Тэгвэл 1955 онд байгуулсан гэрээг шинэчилснээр Сүмбэр, Бичигт, Ганц мод, Шивээхүрэн гэсэн олон улсын төмөр замын гарцыг шинээр нээхээр болсон юм. Замын-Үүдийн боомтыг оролцуулаад,  урд хөрш рүү төмөр замын таван боомтоор бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болсон гэсэн үг. Гэвч эдгээр гарц хүртэл манай улс төмөр замаа барьж байж , хятадын нутгаар дамжин дээрх далайн боомтуудад хүрч, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, далайд гарах гарцаа шийдвэрлэж тохиролцсон ч, дотоодод төмөр замын ажил удааширснаас болж манай улс энэ боломжийг ашиглаж чадалгүй өдийг хүрсэн юм.

Нэгэн үе Бичигтийн боомтод төмөр зам баривал далайд гарцтай болно гэж ярьж байв.  Бичигтийн боомтын цаана урд хөршийнхөн төмөр зам тавьж байгаа гэх яриа гарснаас энэ эхлэлтэй билээ. Тэгвэл бичигтийн боомтын цаана баригдаж байсан гэгдэх төмөр зам жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай тул энэ нь эдийн засаг талаасаа манайд ашиггүй болохыг судлаачид хэлж байлаа. Тухайлбал, судлаач Тамир: Бичигтийн боомтоор эрчим хүчний нүүрс гаргахад асуудалгүй болохыг хэлж байлаа. Гол экспортын бүтээгдэхүүн Тавантолгой учраас эдийн засгийн судалгаагаа сайтар хийж, дотоодод хаагуур төмөр зам тавьж урд, хойд хөршийн төмөр замын болон далайн боомтод хүрч зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх вэ гэдгээ тооцох хэрэгтэй байв. Ийнхүү урд хөршийн ямар төмөр замын болон далайн боомт ашиглаж Хятадын зах зээлд хүрээд зогсохгүй, цаашаа усан замаар гуравдагч зах зээлд хүрэх бололцоотойг тодорхойлсон билээ. Дээрх бичиг баримтаас гадна, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай санамж бичиг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн гэрээ бол Засгийн газар хоорондын байгуулсан санамж бичиг юм. Ингэснээр төмөр замын салбарт хамтран ажиллах ерөнхий зарчмаа урд хөрштэй тохирч чадсан. Зөвхөн хоёр орны төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлээд зогсохгүй, Ази, Европийг холбосон Хятад-Монгол-Орос гурван улсыг дамжсан транзит тээврийг хөгжүүлэх тохиролцоо хийсэн байгаа юм. Энэ санамж бичгийн ач холбогдол нь манай улсыг дамжсан транзит тээврийг хөгжүүлэхэд оршиж буй тус салбарынхан хэлдэг билээ.

-Тяньжинд тээвэр ложистикийн төв байгуулж гуравдагч зах зээлд чөлөөтэй хүрнэ-

Төмөр замаа барих хүртэл БНХАУ-ын Тяньжин боомтыг ашиглаж гуравдагч зах зээлд хүрэх ганцхан сонголт байгаа юм. Тэгвэл манай улсыг гуравдагч зах зээлд хүргэх Тяньжины боомт 2015 оны дөрөвдүгээр сарын 21-нд чөлөөт худалдааны туршилтын бүс болгосон юм. Үүнтэй холбогдуулан тус бүсэд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа нэгэн тушаал гаргасан байдаг юм. Уг тушаалаар манай улсаас Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан Монголын талын ажлын хэсгийг байгуулсан юм. Манай улсын далайд гарах гарцыг баталгаатай болгох, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоог татан оролцуулахыг У.Хүрэлсүхийн зүгээс ажлын хэсэгт үүрэг болгож байсан юм. Хятадын Тяньжин хотын чөлөөт худалдааны туршилтын бүсэд манай улс тээвэр ложистик байгуулснаар гуравдагч зах зээлд гарах бололцоо улам батжиж байгааг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа онцолж байсан юм. БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг хоёр тал 2009 оны дөрөвдүгээр сарын 15-нд байгуулжээ. Энэ хүрээнд Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзяны боомтод манай улс тээвэр ложистикийн төв байгуулахаар болсон юм. Энд тээвэр ложистикийн төв байгуулахын тулд Дунзяны боомтод 10 га газар манай улс авсан байдаг. Ингэхдээ нэг метр квадратыг нь 635 юаниар авч, 50 жилийн хугацаанд ашиглахаар болсон. Хятадын талтай хамтарсан компани байгуулж, хамтран ашиглах тухай тэр үед яригдаж байлаа. Хятадын Тяньжин Порт групптэй хамтарсан хамтарсан компанийг 2015 оны зургаадугаар сард байгуулбал, 2016 оны хавар тээвэр ложистикийн төв бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тэр үед тооцож байв. Ингэснээр Тяньжины боомтоор хийгдэж буй манай улсын экспорт, импортын хугацаа багасна. Тус боомтоор манай улсын 60-67 чингэлэг ачаа жилд дамжин өнгөрдөг байна. Үүнийг буюу аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг 3-5 хоногийн дотор саадгүй гаргаж, саадгүй нэвтрүүлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байв. Нөгөө талаас дотоодын компаниуд БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүргийн Дунзяны боомтод үйл ажиллагаа явуулахаас гадна, гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох нь илүү нээлттэй болох боломжийг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа бий болгож өгсөн юм.

Тяньжин нь Хятадын хамгийн том хотуудын нэг, Бохайн тэнгисийн бүсийн эдийн засгийн төв, эргийн дагуух анх нээлттэй болсон хотуудын нэг, хойд хэсгийн олон улсын тээвэрлэлтийн чухал зангилаа боомт юм. Алтан, Юань гүрнүүдийн үед Жигү хот хэмээн нэрлэгдэж байгаад Мин улсын эхэн үеэс Тяньжин гэх болжээ. 1860 онд Тяньжинг худалдааны боомт хот болгосноор барууны орнууд Тяньжинд эдлэн газар түрээслэн суух болж, Хятадын далайн эргийн дагуух анхны нээлттэй хот, гадааджих хөдөлгөөний гол түшиц газар болсон гэнэ. Тяньжингээс төмөр зам, цахилгаан мэдээ, телефон утас, шуудан холбоо, уул уурхай, боловсрол, хууль эрх зүй зэрэг орчин үеийн салбарууд байгуулагдаж, Хятадын түүхэнд 100 анхны зүйлийг бий болсон газраар нэрлэгдсэн байна. Ингэснээр Тяньжин нь Чин улсын үеэс Дундад иргэн улсын эхэн үе хүртэлх хугацаанд Хятадын хамгийн өндөр хөгжилтэй хот болж, аж үйлдвэр, худалдаа, санхүү цэцэглэн хөгжсөн байна. Гэвч БНХАУ байгуулагдсанаас хойш эхний 20 жилд томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй тул Хятадын эдийн засагт голлох байр сууриа алдсан гэдэг. Харин 2005 оноос Тяньжингийн Бинхайн шинэ дүүргийг 11 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд хамруулснаар Тяньжин хотын эдийн засаг шинэчлэгдэн хөгжиж, Хятадын 3 дахь том эдийн засаг бүхий хот болжээ. Ингээд 2008 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн форумын шинэ лидерүүдийн жил бүрийн уулзалтыг Тяньжинд зохион байгуулах болжээ. 2014 оны наймдугаар сарын байдлаар дэлхийн 500 хүчирхэг улс дамнасан компанийн 156 салбар тус хотод нээгдэж, 465 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлсэн байна. Тяньжин хот нь манганжсан борын хүдэр, манган, алт, вольфрам, молибден, зэс, цайр, төмөр зэрэг төмөрлөгийн ордтой. Эдгээрээс манган, борын хүдрийн орд нь Хятадад анх удаа илрээд байгаа төдийгүй дэлхийд тун ховор олддог аж. Үүнээс гадна шохойн чулуу, барит, ламинатан, байгалийн цахиур чулуу, нил ягаан шавар, рашаан чулуу зэрэг төмөрлөг бус ашигт малтмалын ордуудтай гэнэ. Тяньжин түүнчлэн газрын тос, байгалийн хийн хангалттай нөөцтэй гэнэ.Тухайлбал, 4 тэрбум тонны нөөц бүхий 100 гаруй ам дөрвөлжин километр талбайг эзлэх газрын тосны орд, 150 тэрбум шоо дөрвөлжин метр нөөц бүхий 80 ам дөрвөлжин талбайг эзлэх байгалийн хийн ордыг илрүүлээд байгаа аж. Төмөрлөг, төмөрлөг бус, түлшний гээд 20 гаруй төрлийн ашигт малтмалын ордтой бүс нутаг юм. Тяньжин боомт нь дэлхийд зэрэглэлээрээ хамгийн өндөр, Хятадын хамгийн том хиймэл гүн усны боомт гэдгээрээ алдартай. Бинхайн шинэ дүүрэгт байрлаж буй, жилд 200 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай Туньтуляний боомтыг Тяньжин хотын хоёр дахь том боомт болгон 2011 оны наймдугаар сарын 31-нд ашиглалтад оруулсан байна. Тус шинэ боомт нь цогцолборжсон үзүүлэлтээрээ дэлхийд 4 дүгээрт орж буй. Эдгээр боомтууд Бээжин, Тяньжин, Хөбэй зэрэг төв, баруун бүсийн 14 муж, хот, өөртөө засах орнуудаас болон Монгол зэрэг далайд гарцгүй улсуудаас гаргаж буй экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн 180 гаруй улсын 500 гаруй боомтод тээвэрлэн хүргэдэг байна.

Монгол, Орос, Хятадын төмөр замын өртөг-

Хойд хөршийн тухайд тус улс нүүрс экспортлогч орон. Оросын төмөр замыг дагаад эрэлт байхгүй гэж ойлгож болох талтай. Наушикаас цаашаа Улаан-Үүдийн ойролцоо нүүрсний томоохон орд байдаг тухай дээр өгүүлсэн билээ. Тиймээс ОХУ-аар дамжихдаа зах зээлд нь бүтээгдэхүүнээ шингээх боломж тааруу юм. Гэхдээ Монгол-Оросын Засгийн газар хооронд Монгол Улс, Оросын холбооны Улсын нутгаар дамжин тээвэр хийж, далайд гарах тухай хэлэлцээрийг 1992 онд, Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрийг 2018 онд тус тус байгуулсан байдаг. ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар дамжин манай улсын бараа, бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах бололцоо бий. Энэ талаар Судлаач Тамир: Оросын Ванино боомт манайтай ойр. Гэхдээ Ванино улирлын чанартай боомт учир зохимжгүй. Тэрний оронд Восточный боомтоор нүүрс тээвэрлэх нь ашигтай гэсэн хариулт өгч байсан юм. Түүний хэлж буйгаар Ванино боомтоор нүүрс тээвэрлэхэд тээврийн зардал бага гарах ч, энэ боомт улирлын чанартай учир манайд зохихгүй аж. Тээвэрлэлтийн зардал Восточный хүртэл нэг их ялгаагүй зэрэг сул талтай юм байна. Энэ мэт хоёр хөршийн аль боомтоор нүүрс тээвэрлэх үү гэдгийг харахын зэрэгцээ, хэнийх нь төмөр замын тээврийн зардал хямд вэ гэдгийг тунгаах нь зүйтэй юм. Одоогоос хэдэн жилийн өмнө ОХУ-ын төмөр замаар дамжуулж гуравдагч орон руу нүүрс экспортлох тохиолдолд нэг тонн нүүрсний тээврийн тарифыг 28 ам.доллараар тооцохоор болсон гэх мэдээлэл гарч байв. Гэхдээ зөвхөн Оросын Находка, Наушки, Носыт боомтоор дамжуулан нүүрс экспортлоход тээврийн зардлаа 2009 оныг дуустал 28 ам.доллар болгож бууруулсан талаар Оросын төмөр зам компанийнхан мэдэгдэж байсан удаатай. Ашигт малтмал тээвэрлэх төмөр замын тээврийн зардлаа ингэж бууруулсан нь Монголоос экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах, эзэмшлийн вагоны паркийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байсныг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замынхан онцолж байлаа. Харин заасан хугацаанаас хойш Оросын төмөр замаар нэг тонн нүүрс тээвэрлэхэд километр тутамд 0.020 ам.долларын тээврийн зардал гарч байсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрсийг оросын нутгаар 100 километр газар тээвэрлэхэд 2 долларын ханштай байсан юм. Тэгвэл одоогоос хэдэн жилийн өмнө хятадын төмөр замын тээврийн зардал 0,015 цент гарч байлаа. Нэг ёсондоо хятадын нутгаар 100 километр газарт нэг тонн нүүрс тээвэрлэхэд 1,5 ам.долларын зардал гарч байсан юм. Оросын төмөр замын тээврийн зардал хятадынхаас ялимгүй өндөр нь эндээс харагдаж байна. Тэгвэл 2011 оны эхээр оросын тал Транссибирийн төмөр замаар Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд дээрх тарифт хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Хоёр хөршөөс гадна, Монгол Улсын Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Итали Улсын Генуя боомтын захиргааны хооронд Далайн тээвэр, ложистик, боомт ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулсан байдаг. Мөн Монгол Улсын Далайн захиргаа болон Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны хооронд Далайд гарцгүй Монгол Улсыг гуравдагч орнуудтай холбох, улмаар Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж зорилтот зах зээлд хүргэх, импортын бараа бүтээгдэхүүнийг шуурхай, эрсдэлгүй, найдвартай оруулахад тээвэр логистикийн компаниудын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын уялдаа, холбоог сайжруулах, салбарт тулгарч буй нийтлэг хүндрэл бэрхшээлийг судлах зорилгоор хамтран ажиллах тухай Санамж бичгийг 2018 онд байгуулан ажиллаж байгаа юм. Тэгвэл дотоодын төмөр замын тээвэрлэлтийн зардлын тухайд: 2009 оны долдугаар сарын 15-наас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг төмөр замын ачаа тээврийнхээ үнэ тарифыг өөрчлөх болсон тухайгаа албан ёсоор зарлаж байлаа. Ингэхдээ ноос, ноолуур, арьс шир, барилгын материалын төмөр замын тээвэрлэлтийн зардлыг 40 хувиар, хүнсний бүтээгдэхүүний тээврийн зардлыг 20 хувиар, гэрийн хэрэглэлийн тээврийн зардлыг 47 хувиар, жижиг илгээлт 16 хувиар, чингэлэг илгээлтийг 30 хувиар нэмэгдүүлсэн юм. Харин уул, уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулж байлаа. Сард 100 мянган тонноос дээш хэмжээтэй ашигт малтмал төмөр замаар экспортолвол, төмөр замын тээврийн хөлсийг 15 хувь хөнгөлөхөөр болсон юм. Хэрэв Улаанбаатар төмөр замаас түрээслэсэн хөдлөх бүрэлдэхүүнийг хоосноор буцаасан тохиолдолд тээврийн зардлыг вагоны нэг километр тутамд 0.033 швейцар франкаар тооцож авахаар болсон юм. Үүгээр дотоодын төмөр замын тээврийн зардлыг жишээ болгон дурдаж буй хэрэг юм. Үүнээс хойш үнэ тарифт хэдэн удаа өөрчлөлт орж, хичнээн дахин өссөнийг цээжний таамгаар хэлэх боломжгүй юм.

-Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаагаар эх орны хишгийн үлдэгдлийг олгов-

Монгол ардын нам 2008 оны парламентын сонгуульд хүч үзэхдээ байгалийн баялгаасаа иргэддээ хүртээж 1,5 сая төгрөгийн эх орны хишиг олгох тухай мөрийн хөтөлбөртөө тусгаж байлаа. Үүнийг улс төр хэмээн үзэх, харах, ярих хүн цөөнгүй байсан ч, сонгуулийн дараа бодит ажил хэрэг болж чадсан юм. Ингэхдээ, ашигт малтмалаас олж буй орлогынхоо тодорхой хувийг Хүний хөгжил санд төвлөрүүлж сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1,5 сая төгрөгийг 2010 оноос үе шаттайгаар эх орны хишиг хэлбэрээр олгож эхэлсэн юм. Энэ мөнгийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2,7 сая хүнд олгоход ойролцоогоор 4 их наяд төгрөг шаардагдах тооцоо судалгаа тухай үед гарч байлаа. Үүний 324 тэрбум төгрөгийг эхний жил эх орны хишиг олгоход зарцуулсан бол, 805 тэрбум төгрөгийг дараагийн жил олгохоор Хүний хөгжил сангийн тухай хуульд тусгасан юм. Өөрөөр хэлбэл, 2010-2011 оны хооронд 1 их наяд 129 тэрбум төгрөг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ дагуу 2010 онд буюу эхний жил 120 мянган төгрөг, 2011 онд буюу дараагийн жилээс сар бүр 21 мянган төгрөгийн эх орны хишгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт бэлнээр олгосон байдаг. Ингэж явсаар 2010-2012 оны хооронд иргэн бүрт 500 мянган төгрөгийн эх орны хишиг бэлнээр олгож, МАН мөрийн хөтөлбөрийнхөө тодорхой хувийг биелүүлсэн түүхтэй. Үүнээс гадна, их дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн тодорхой хувийг ч Хүний хөгжил сангаас гаргасан байдаг. Гэх мэтчилэн Хүний хөгжил сангаас тараасан энэ мөнгийг эх орны хишиг хэмээн нэрлэдэг билээ. Манай улсын нэгдсэн төсвийн орлого тухайн үед их үсрээд 3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсныг хэн хүнгүй мэднэ. Тиймээс Хүний хөгжил сангаар дамжуулан байнга бэлэн мөнгө тараах боломжгүй байсан нь мэдээж. Дээрээс нь бэлэн мөнгө хавтгайруулан олгож байсан нь инфляци 25 хувьд хүрч, тэр хэмжээгээр төгрөгийн ханш унаж болзошгүй байдлыг бий болгож байлаа. Хэрэв инфляци 25 хувьд хүрвэл арилжааны банкууд 30 хувийн хүүтэй мөнгө зээлд гаргахад дундаас нь ердөө 5 хувийн бодит ашиг олох тийм л дүр зураг ажиглагдаж байсан цаг. Хэрэв инфляци өсвөл иргэдийн худалдан авах чадвар буураад зогсохгүй, арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөхөд хүрч улмаар бодит эдийн засагт бууралт гарч болзошгүй байлаа. Тиймээс төсвийн зарлагаа танаж, төв банк бодлогын хүүгээ өсгөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэйг Олон улсын валютын сангийн мэргэжилтэн Стивен Бартер, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Рожар ван дэ Бринк нар зөвлөж байсан удаатай. Харин тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал: Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж, зарлагаа бууруулах шаардлага байгаа ч энэ нь УИХ, Засгийн газрын мэдлийн асуудал хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл тэр үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал: инфляци 25 хувьд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байгаа учир төв банк бодлогын хүүгээ өсгөх шаардлагагүй гэсэн тайлбар өгч байсан юм. Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөд арилжааны банкууд төв банкны өндөр хүүтэй үнэт цаас худалдаж авахыг илүүд үзэж зээлээ хумьдаг. Ингэснээр дотоодын зах зээлд бэлэн мөнгөний хэмжээ багасаж, инфляци буурдаг ч ингэх шаардлага байхгүй хэмээн нэг хэсэг нь үзэв. Гэвч хүссэн хүсээгүй бэлэн мөнгө тараахад төсвийн мөнгө хүрэлцэхгүйгээс гадна, тараалаа гэхэд инфляци нэмэгдэх учраас үлдэх 2,8 их наяд төгрөгийн эх орны хишгийг санхүүгийн өөр хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, эх орны хишгийн үлдэгдлийг бэлэн мөнгөөр бус, стратегийн ордын хувьцаа хэлбэрээр олгосон юм. Ингэхдээ, Эрдэнэс тавантолгой компанийн хувьцааг иргэдэд олгож, эх орны хишгийн үлдэх мөнгийг олгосон байдаг. Эрдэнэс тавантолгойн 536 ширхэг энгийн хувьцааг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрийн нэр дээр байршуулснаар энэ ажил эхэлсэн юм. Нэмж Эрдэнэс монгол компанийн давуу эрхийн 1 ширхэг хувьцааг иргэн бүрт олгоно гэгдэж байлаа. Ингэхдээ, Эрдэнэс тавантолгойн энгийн хувьцаа, Эрдэнэс-Монголын давуу эрхийн хувьцааг иргэдийн гар дээр бэлнээр тараахгүй. Хүний хөгжил сангийн дэвтэрт Эрдэнэс тавантолгойн энгийн хувьцаа, Эрдэнэс монголын давуу эрхийн хувьцааг бичиж баталгаажуулна гэгдэж байсан юм. Гэвч Эрдэнэс Монголын давуу эрхийн 1 ширхэг хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх ажил удааширч, оронд нь Эрдэнэс тавантолгойн 536 ширхэг энгийн хувьцааг иргэн бүрт нэмж эзэмшүүлсэн байдаг. Ингэж Монгол Улсын иргэд Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааны эзэд болж, эх орны хишгийн үлдэгдэл 1 сая төгрөгөө хувьцаагаар барагдуулсан түүхтэй.

-Эрдэнэс тавантолгойн хувьцаа ба банкуудын оролцоо-

Эх орны хишгийг анх Хаан, Хадгаламж, Капитал гэсэн гурван банкаар дамжуулан олгож байжээ. Харин 2011 оны долоодугаар сарын 9-ний хавьцаа энэ жагсаалтаас Хаан банк албан ёсоор хасагдсан гэгдэж байв. Тэр үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Нямхүү: Хамгийн их ачаалалтай нийслэлийн хороонд хүний хөгжил сангийн мөнгийг тавих боломжгүй гэдгээ Хаан банк өөрсдөө мэдэгдэж, манай яаманд хандсан тухай хэлж байсан юм. Тиймээс эдгээр хороонд хүний хөгжил сангийн мөнгө тавих боломжтой банк хайсан ч, дийлэнх нь боломжгүй гэсэн хариулт өгчээ. Хаан банкны тухайд дээрх 33 хороонд хүний хөгжил сангийн мөнгийг тараавал оронд нь орон даяар тэтгэвэр, тэтгэмж, халамж, эх орны хишгийг тараая гэсэн санал тавьсан байна. Үүнийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам хүлээн зөвшөөрсөн ч, асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх хэмжээнд хүртэл өргөжсөн аж. Өөрөөр хэлбэл, энэ нь тэр үеийн УИХ-ын гишүүдийн анхаарлыг татаад зогсохгүй, эгдүүцлийг төрүүлээд амжсан юм байх. Тиймээс Хадгаламж, Капитал гэсэн үлдсэн хоёр банкаар дамжуулан эх орны хишгийг тарааж эхэлсэн байна. Тэр үеийн Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Лхагвасүрэн: Хадгаламж банкаар хүний хөгжил сангийн мөнгө хэвийн олгогдож байна. Төрийн банкаар Хүний хөгжил сангийн мөнгийг олгох боломжгүй. Учир нь тус банк зарим арилжааны банкуудыг бодвол хөдөө орон нутагт цөөн салбартай. Тиймээс орон даяар хүний хөгжил сангийн мөнгийг тараах боломжгүй болохыг тухайн үед хэлж байсан юм. Ийнхүү эх орны хишиг тараахад зарим арилжааны банкуудын оролцссон байдаг. Хожим эх орны хишгийн үлдэгдэл 1 сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгоход мөн л арилжааны банкуудыг татан оруулна гэгдэж байлаа. УИХ-ын тогтоолд 2011 оны эхний улиралд багтаан иргэн бүрт Эрдэнэс-тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр тусгасан байдаг. Тухайн үед Үнэт цаасны төлбөр тооцоо,төвлөрсөн хадгаламжийн төвд 400 гаруй мянган хүн данс нээлгэсэн гэх тоо баримт гарч байсан юм. Эдгээр хүмүүст өөрийн харьцдаг брокер, дилерийн компаниар нь дамжуулан хувьцааг нь олгох боломжтой гэж үзэж байв. Харин үлдэх хүмүүст хувьцааг нь олгоход хугацаа их орох учир иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажилд арилжааны банкуудыг оролцуулж магадгүй гэсэн яриа гарч байсан нь нууц биш. Арилжааны банкууд аймаг бүрт салбартай. Харин брокер, дилерийн компаниуд аймаг бүрт салбаргүй. Тиймээс хурдан шуурхайг нь бодож, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажилд арилжааны банкуудыг оролцуулж, салбаруудыг нь ашиглаж магадгүй гэсэн яриа гарч байсан юм. Энд Би Ди Сек брокер, дилерийн компани Хаан банктай хамтарч магадгүй гэсэн мэдээлэл гарч байсныг жишээ татан хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Гэвч хөл дээрээ босч яваа хөрөнгийн зах зээлийн ажилд арилжааны банкууд хөндлөнгөөс оролцох нь буруу гэдэг дээр тогтсон юм. Тиймээс иргэдэд Эрдэнэс-тавантолгойн хувьцаа эзэмшүүлэх ажил зах зээлийнхээ зарчмаар явагдсан. Өөрөөр хэлбэл, иргэд хувьцааны дансаа брокер, дилерийн компаниудаар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд нээлгэж ирсэн юм.

-Эрдэнэс тавантолгойн эзэд-

Таван толгойн нүүрсний ордын төрийн мэдлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах Эрдэнэс Тавантолгой охин компанийг Эрдэнэс Монгол компанийн дэргэд байгуулах шийдвэрийг УИХ-аас 2010 оны долоодугаар сард гаргасан тухай дээр дурдсан. Энэ дагуу төрийн өмчит Эрдэнэс монгол компанийн дэргэд Эрдэнэс-тавантолгой охин компани байгуулах шийдвэрийг Засгийн газар 2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр гаргасан юм. Харин 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тус охин компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатайгаар албан ёсоор байгуулсан билээ. Тус компанийн нийт хувьцааны 51 хувийг төрийн мэдэлд үлдээж, 29 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдаж, үлдэх 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр анх шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ Эрдэнэс тавантолгой компанийн 10 хувийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр анх тогтсон билээ. Энэ дагуу хүн амын тооллого, иргэний шинэчилсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн газрынхан явуулж үүнд хамрагдсан хүмүүсийн нэрсийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээсэн юм. Харин тус төвийнхөн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2,7 сая иргэнд Эрдэнэс Тавантолгой компанийн 10 хувийг ижил тэнцүү эзэмшүүлэхэд нэг хүнд 536 ширхэг хувьцаа оногдов. Засгийн газрын тогтоолд зааснаар анх 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэн бүрийн нэрийн дансанд хувьцааных нь бичилтийг хийхээр тусгасан байлаа. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн Чинзориг: Энэ дагуу иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрийн нэр дээр Эрдэнэс-тавантолгойн 536 ширхэг энгийн хувьцааг байршуулаад байгаа талаар 2011 оны дөрөвдүгээр сарын 14-ний хавьцаа хэлж байв. Эндээс 2011 онд мэндэлсэн Монголын үрс Эрдэнэс-тавантолгойн хувьцааг эзэмших эрхгүй болох нь харагдаж байлаа. Үүнээс гадна, шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй, гадаад улс оронд амьдарч байсан монгол улсын иргэд хувьцаагүй хоцрох магадлал өндөр байсан юм. Гэхдээ Эрдэнэс-тавантолгой компани нэмэлт хувьцаа гаргаж энэ хүмүүст үнэт цаас эзэмшүүлэх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Эс бөгөөс Монгол улс иргэдээ алагчилж үзсэн хэрэгт унаж мэдэхээр болов. Тиймээс 2011 онд парламентийн сонгуулийн өмнө Эрдэнэс-тавантолгойн 10 хувийг иргэддээ нэмж эзэмшүүлэх УИХ болон Засгийн газрын холбогдох хууль тогтоомж гэнэт гарсан билээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-тавантолгойн 536 ширхэг хувьцаан дээр нэмж 536 ширхэг хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бөгөөд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэд ингэж л 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болсон юм. Ингэхдээ нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцож, эх орны хишгийн үлдэгдэл 1 сая төгрөгийг Эрдэнэс тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцаагаар барагдуулж, энэ компанийн 20 хувийн эзэд Монгол Улсын иргэд болсон нь ийм учиртай. Ийнхүү төр иргэддээ тараасан 1072 ширхэг хувьцаагаа 1 сая төгрөгөөр үнэлсэн билээ.

-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд Эрдэнэс-тавантолгойн хувьцаагаа мөнгөжүүлэв-

Эрдэнэс тавантолгойн хувьцаагаа засгийн газарт 1 сая төгрөгөөр худалдах боломжийг иргэдэд тэр үед давхар олгосон юм. Товчхондоо хувьцаа болон сая төгрөг хоёроос сонголтоо хийх боломжийг иргэдэд олгосон гэсэн үг. Ингэхдээ 55-аас дээш настай эмэгтэйчүүд, 60-аас дээш настай эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэлх насны хүүхдүүд, хөдөлмөрийн чадвараа тавиас дээш хувиар алдсан 16 нас хүрсэн иргэд Эрдэнэс тавантолгойн хувьцаагаа 1 сая төгрөгөөр солих боломжийг эхлээд олгосон юм. Ингэхийн тулд, ахмад настанууд хувьцаагаа сая төгрөгөөр солих хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргаж өгөх ёстой байлаа. Хэрэв өөрөө хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагчид нь хүсэлт гаргаж болохыг холбогдох албаныхан хэлж байсан юм. Хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхний дугаар, оршин суугаа хаягаа бичих ёстой байсан нь мэдээж. Үүнээс гадна, сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмнө нь бэлэн бусаар авсан эх орны хишиг, хувийг суутган тооцохыг зөвшөөрсөн тэмдэглэлийг хүсэлтэндээ заавал тусгах ёстой байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд, дээрх материалыг бүрдүүлэх ёстойгоос гадна, хөдөлмөр алдалтын хувь хэмжээгээ нотолсон баримт бичгийг хүсэлтэд хавсаргах ёстой байв. Хэрэв тухайн хүн нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг бол дээрх материалыг бүрдүүлэх шаардлагагүй гэгдэж байлаа. Харин тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас авах ёстой байжээ. Сум, хорооны ажилтнууд иргэдийн энэ хүсэлтийг сар бүрийн 15-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж байсан юм. Энэ мэдээллээ аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст сар бүрийн 25-ны дотор хүргүүлж байлаа. Аймаг, дүүргээс үүнийг нягталж, иргэдийн нэрсийн жагсаалтыг батлан сар бүрийн 30-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байв. Үүний дараагаар шаардагдах хөрөнгийг сар, улирлаар гаргасан хуваарийн дагуу Төрийн сангийн газраас Хүний хөгжил санд шилжүүлж байсан юм. Тухайн үед улсын хэмжээнд 334 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх судалгаа тэр үед гарч байлаа. Тиймээс Засгийн газар тэдний 1072 ширхэг хувьцааг худалдан авч, оронд нь 1 сая төгрөг олгохоор төлөвлөж үүнд шаардагдах санхүүжилтийг 2011 оны төсөвт суулгасан байдаг. Сангийн яамны Хүний хөгжил сангийн ажлын албаны мэргэжилтэн Зоригтбат: Шаардагдах санхүүжилтийг хийсэн талаар тухайн үед мэдэгдэж байлаа. Сангийн яам энэ мөнгийг хаанаас бүрдүүлсэн бэ гэдэг нь анхаарал татдаг. Тэгвэл энэ асуултад тэр үеийн Сангийн дэд сайд Ганхуяг: Нийт330 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан бөгөөд үүний санхүүжилтийг Эрдэнэс Монгол, Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэр хамтран бүрдүүлэх үүрэг хүлээсэн болохыг хэлж байсан юм. Харин тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн захирал Энэбиш: Хүний хөгжил сангийн хөрөнгийг бүрдүүлэхэд Эрдэнэс монгол болон Эрдэнэс тавантолгой компанид чамгүй ачаа ирж байна. Хэдийгээр тийм ч Хүний хөгжил сангийн мөнгийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа учирлаж байв. Хүний хөгжил сангийн мөнгийг дээрх байгууллагуудаас бүрдүүлж, Сангийн яамныхан Хөдөлмөр халамж үйлчилгээний газар руу санхүүжилт хийж эхэлмэгц ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг биелүүлж эхэлсэн юм. Гаргасан хуваариар бол 2011 оны дөрөвдүгээр сард 333 мянган төгрөг, тавдугаар сард 333 мянган төгрөг, зургадугаар сард 334 мянган төгрөг олгох ёстой байлаа. Тэгвэл 2011 оны тавдугаар сараас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 330 мянган төгрөг олгосон байдаг. Тэр үеийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын дэд дарга Эрдэнэбаатар: 2011 оны зургаадугаар сард багтаан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдэх 670 мянган төгрөгийг нь өгч дуусгана гэж мэдэгдэж байсан юм. Ингэж л улсын хэмжээнд 287 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд /зарим тохиолдолд 322 мянга гэж ярих нь бий/ хувьцаанаас татгалзаж, эх орны хишгийн 1 сая төгрөгөө бэлнээр авсан байдаг юм. Хожим хүний хөгжил сангаас 1 сая төгрөгийн сургалтын төлбөр авсан оюутнууд хувьцаагаа мөн улсад эргүүлэн өгсөн байдаг. Тодруулбал, оюутны сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгал хэлбэрээр эх орны хишиг хүртсэн 767 мянган иргэн 820 сая ширхэг хувьцаагаа улсад эргүүлэн өгсөн байгаа юм. Тухайн үед төр өөрөө брокер болж, хүний хөгжил сангаар дамжуулан хувьцаа арилжиж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн шүүмжлэх шинжээчид тухайн үед мундахгүй их байсан юм.

-Үлдэх 1,5 гаруй сая иргэн хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргасан ч бүтэлгүйтэв-

Тиймээс 1 сая төгрөгийн эх орны хишгээ бэлнээр авсан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургалтын төлбөр хэлбэрээр авсан оюутнууд хувьцаагүй хоцорсон юм. Цаана нь эх орны хишгийн 1 сая төгрөгөө аваагүй 1,5 гаруй сая иргэн Эрдэнэс-тавантолгойн 1072 ширхэг хувьцаатайгаа хоцорсон байдаг. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгэн адилаар тэд ч гэсэн хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтээ Засгийн газарт илэрхийлсэн байдаг. Тодруулбал, 1 сая 532 мянга 853 иргэн Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнээр Засгийн газарт худалдаж, хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргасан байдаг юм. Тэдний зарим нь сонголтоо буруу хийсэн учир хүсэлтээ буцаая, хувьцаагаа зарахаа болъё гэсэн санал давхар тавьж байлаа. Яг ийм санал гаргасан 1000 гаруй иргэн байдаг юм. Тэдний дунд Хүний хөгжил сангийн 1 сая төгрөгийн урьдчилгаа болох 330 мянган төгрөгөө авсан ахмад настан ч байлаа. Өөрөөр хэлбэл, 330 мянган төгрөгөө буцаан өгч хувьцаатайгаа үлдэх санал тавьж байв. Үүнээс гадна, Хүний хөгжил сангаас сургалтын төлбөр авсан зарим оюутнууд 1 сая төгрөгөө Засгийн газарт буцаан өгч, хувьцаатайгаа хоцрох хүсэлт илэрхийлж байв. Энэ мэт санал гарч байсан учраас хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргасан иргэдийн тоонд өөрчлөлт гарч болзошгүй байсан юм. Тиймээс Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн нэгдсэн дүн судалгаа гарсны дараа хичнээн иргэнд нэмж 536 ширхэг хувьцаа бичих, хичнээн иргэнээс 536 ширхэг хувьцаа хасахаа хэсэг хүлээзнэх хэрэгтэй болов. Тиймээс Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан хувьцаагаа 1 сая төгрөгөөр Засгийн газарт худалдах хүмүүсийн хүсэлтийг 2012 оны тавдугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, нэмж хүсэлт аваагүй юм. Тэр үеийн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Гэрэлтуяа: 1072 ширхэг хувьцаагаа 1 сая төгрөгөөр солих хүсэлт илэрхийлээд үүнийгээ буцаая гэсэн иргэдийн саналыг хүлээж авах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ. Засгийн газраас шийдвэр гарсны дараа хичнээн иргэн хувьцаатайгаа үлдэж, хичнээн нь хувьцаагаа зарах нь тодорхой болох юм. Энэ үед Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн дээр дурдсан ажлыг эхлүүлэх ёстой гэсэн тайлбар өгч байлаа. Ийнхүү үлдэх 1,6 сая орчим иргэний хувьцааг мөнгөжүүлэх ажил эхэлсэн ч, харамсалтай нь бүтэлгүйтсэн тал бий.

-Эрдэнэс тавантолгойн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажил эхлүүлэв-

Эрдэнэс тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдах УИХ болон Засгийн газрын тогтоол анх гарч байсан талаар дээр дурдсан. Ингэхийн тулд иргэдээ тоолж шинэчилсэн бүртгэл гаргасан шиг, аж ахуйн нэгжүүдээ давхар тоолж хэнд хэдэн ширхэг хувьцаа худалдахаа тогтох ёстой байв. Ингээд 2010 оны зургаадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан бөгөөд санхүүгийн тайлан балансаа нягтлан бодох бүртгэлийн тогтсон журам стандартын дагуу хөтөлж гаргасан компаниудад Эрдэнэс тавантолгойн хувьцааг худалдахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, татвараа цаг хугацаандаа төлсөн аж ахуйн нэгжүүдэд Эрдэнэс тавантолгойн хувьцааг худалдах боломжтой гэсэн шалгуур тавьж байлаа. Тухайн үед манай улсад 55 мянган аж, ахуйн нэгж бүртгэлтэй байснаас 41390 нь энэ шалгуурыг хангасан байдаг. Тэдэнд Эрдэнэс Тавантолгойн 10 хувийг ижил тэнцүү худалдахад нэг компанид 36240 ширхэг хувьцаа худалдах тооцоо гарсан билээ. Эрдэнэс тавантолгой компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ гарсны дараа дээрх аж ахуйн нэгжүүдэд хувьцаа худалдахаар тооцож байлаа. Харин хожим нэгж хувьцааг 933 төгрөгийн дүйцүүлэх үнээр тооцож аж ахуйн нэгжүүдэд хувьцаа худалдахаар төлөвлөсөн юм. Үүнээс босгосон 1,4 их наяд төгрөгөөр Засгийн газарт хувьцаагаа худалдах санал гаргасан дээрх 1,5 гаруй сая иргэний хүсэлтийг биелүүлэхээр төлөвлөж байсан юм. Тэр үеийн Эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Батсуурь: Цөөхөн хэдэн компани манай компанийн хувьцааг худалдаж авсан учраас дээрх иргэдийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон талаар хэлж байлаа. Эрдэнэс тавантолгойн хувьцааг үндэсний компаниудад худалдах хуулийн хугацаа 2012 оны долоодугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон юм. Тус компанийн хувьцааг 41390 аж ахуйн нэгж худалдаж авах эрх нь үүссэн ч, Эрдэнэс таватолгойн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах ажлыг сар гаруйн хугацаанд явуулахад ердөө 3000 гаруй аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа ирүүлсэн байгаа юм. Ийнхүү цөөхөн хэдэн компани Эрдэнэс тавантолгойн хувьцааг нэг бүрийг нь 933 төгрөгийн дүйцүүлэх үнээр худалдаж авах захиалга ирүүлж, мөнгөө Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулсан учраас Засгийн газар 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлэх санал гаргасан дээрх 1,5 гаруй сая иргэний хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, нэг талд хувьцаагаа бэлэн мөнгөөр солих иргэдийн судалгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрынхан явуулж, нөгөө талд хувьцаа худалдаж авах аж ахуйн нэгжүүдийн судалгааг Татварын ерөнхий газар хийж, компаниудын хувьцаа худалдаж авсан мөнгөөр иргэдийн хүсэлтийг биелүүлэхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн юм. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдэд зарсан хувьцаагаа буцаан авч мөнгийг нь эргүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, цөөхөн хэдэн компанид худалдсан Эрдэнэс-тавантолгойн хувьцааг засгийн газар буцаан авч, мөнгийг нь буцаан олгосон юм. Эрдэнэс-тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Батсуурь: Нэгэнт ийм шийдэлд хүрсэн учраас 1,5 сая иргэний хувьцааг мөнгөжүүлэх боломжгүй болж байгаа талаар дурдсан удаатай. Ийнхүү Хамтарсан засгийн газрын үед эхлүүлсэн ажлыг Шинэчлэлийн засгийн газар өөрчилсөн юм. Эхэндээ Эрдэнэс-тавантолгойн хувьцааг үндэсний компаниудад эзэмшүүлнэ гэж ийнхүү яригдаж байсан ч, эцэстээ гадаадын хувь оролцоотой компаниудад эзэмшүүлэх тухай асуудал хожим сөхөгдөж байсан нь нууц биш. Тухайлбал, гадаадын 25 хувиас дээшгүй хөрөнгө оруулалттай компаниудад Эрдэнэс-тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдана гэсэн яриа гарч байсан юм. 2009 оны сүүлчээр Засгийн газраас гаргасан 350 тогтоолд энэ тухай цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэвч энэ нь тэгэсхийгээд бас л сураг алдарч замхарсан билээ.

-Иргэдийн 1072 ширхэг хувьцааны бичилтийг баталгаажуулав-

Хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргасан дээрх 1,5 сая иргэн 1 сая төгрөгөө бэлнээр авч чадаагүйгээс гадна, Эрдэнэс тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцааных нь бичилт нэр дээр нь хийгдээгүй явж ирсэн тал бий. 2014 оны дөрөвдүгээр сарын 22-ны хавьцаа тэр үеийн Эрдэнэс-тавантолгой компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Лхагвасүрэн: Хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргасан иргэдийг Эрдэнэс-тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасах бичилт хийгдсэн талаар хэлж байсан юм. Тухайн үед, Эрдэнэс-тавантолгой компанийн нийт хувьцааны 6,5 хувийг иргэд эзэмшиж, бусад нь хувьцааны бичилт хийгдэлгүй явж иржээ. Тиймээс хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргасан зарим иргэдийн зүгээс Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөр дамжуулан 1072 хувьцаагаа үнэт цаасны дансандаа буцаан байршуулахыг хүссэн өргөдлийг Эрдэнэс-тавантолгой компанид өнгөрсөн хугацаанд хэдэнтээ өгч байсан аж. Энэ нь шийдлээ ололгүй явсаар ирсэн учраас тэдний 3375 нь Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөр дамжуулан дээрх гомдлоо УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлжээ. Иргэдээс ирсэн энэ гомдлын дагуу Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг 2014 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Эрдэнэс-тавантолгойн хувьцааг буцаан эзэмшүүлэх арга хэмжээ авах талаар тогтоол гаргаж байсан юм. Засгийн газар тогтоолын биелэлтийг 2014 оны хаврын чуулганы хугацаанд багтаан УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд танилцуулах ёстой байлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газар заасан хугацаанд хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргасан 1,5 сая иргэнд Эрдэнэс-тавантолгой компанийн 1,5 тэрбум ширхэг хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгасан юм. Ингэснээр, Эрдэнэс-тавантолгойн компанийн 1072 ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, эх орны хишгээ бэлнээр аваагүй иргэд бүгд бодитоор эзэмшиж, баталгаажилт нь хийгдсэн билээ. 

-Эрдэнэс-тавантолгойн 1072 хувьцаагаа хэрхэн хувьцааны дансандаа байршуулах вэ-

2011-12-03. Монгол улс 2011 онд хүн амаа тоолсон. Арван жилд нэг удаа болдог шинэчилсэн бүртгэлд 2,7 сая иргэн хамрагдсан гэх тоо баримт тухайн үед гарч байсан юм. Гэхдээ, үүнд гадаадад оршин суугаа иргэд хамрагдаагүй. Тиймээс ч, шинэчилсэн бүртгэл явагдсаны дараа манай улс элчин сайдын яамдуудаараа дамжуулан гадаадад суугаа иргэдээ тоолох ёстой болов. Энэ ажлын явц хангалттай явагдаж байсныг албаныхан хэлж байсан ч, зарим нэг гадаадад оршин суугаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй байхыг үгүйсгэх аргагүй байсан юм. Эндээс гадаадад оршин суугаа, шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд Эрдэнэс-тавантолгойн хувьцаагаа хэрхэн эзэмших вэ гэдэг асуулт гарч байлаа. Үүнд тэр үеийн Төрийн өмчийн хорооны хэлтсийн дарга Чинзориг: Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж бусдын адил хувьцааны дансаа нээлгэж, түүндээ 1072 ширхэг хувьцаагаа байршуулах ёстойг зөвлөж байсан юм. Гадаад, дотоодод амьдардаг иргэд эхлээд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, дараа нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, Монголын хөрөнгийн бирж дээр арилжаа явуулах эрхтэй дурын брокер, дилерийн компаниар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвд хувьцааны данс нээлгэж, түүнд өөрсдийн 1072 ширхэг Эрдэнэс-тавантолгойн хувьцааг байршуулж баталгаажуулах ёстой байсан юм. 

-Эрдэнэс тавантолгойн хувьцаа хэзээ эдийн засгийн эргэлтэд орох боломжтой вэ-

Эрдэнэс-тавантолгойн хувьцаатай үлдсэн иргэдэд өнөөдөр нэг л сонголт бий. Тэр нь Эрдэнэс-тавантолгойн хувьцааг бирж дээр гарахыг хүлээх явдал юм. Иргэд өөрсдийн нэр дээрх хувьцааг шууд арилжаанд оруулах боломжгүй. Эрдэнэс-тавантолгой тодорхой хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржэд гаргаж, хөрөнгө оруулагчдад нэрлэсэн үнээр арилжаалсны дараа, хоёрдогч зах зээл эхэлсэн даруй иргэд өөрсдийн нэр дээрх хувьцааг арилжаанд оруулах боломж нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-тавантолгойн хувьцаа олон улсын бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ гэсэн үг юм. Хожим иргэд өөрсдийн нэр дээрх хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахад буюу арилжаалахын тулд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данстай байх ёстойг мэргэжлийн хүмүүс зөвлөж ирсэн. Тухайн үед Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 400 мянган хүн данстай гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байв. Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан, монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 45 брокер, дилерийн компанид хандаж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэх ёстойг мэргэжлийн хүмүүс хэлж, ярьж, зөвлөсөөр ирсэн гэсэн үг юм. Ингэхдээ иргэд өөрийн сонгосон брокер дилерийн компанид бүртгэлийн хураамж төлөхөөс гадна, гарын үсгийн баталгаагаа өгөх ёстой байлаа. Энэ дагуу дотоодын брокер, дилерийн компаниар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд 1,6 сая иргэн данс нээлгэсэн гэх мэдээлэл хамгийн сүүлд гарсан. Эрдэнэс-тавантолгойн нэгж хувьцаанд ногдол ашиг тараах үеэр холбогдох байгууллагууд ийм тоон мэдээллийг өгсөн юм. Иргэд хувьцааны дансаа нээлгэж Эрдэнэс-тавантолгойн хувьцаагаа арилжаанд оруулах бэлтгэлээ ийнхүү хангав. Гэвч тус компанийн хувьцаа бирж дээр гараагүй учраас эдийн засгийн эргэлтэд оруулах боломж хараахан нээгдээгүй байгаа юм. Учир нь иргэдийн энэ хувьцааг хөрөнгийн биржэд бүртгүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж өнгөрсөн хугацаанд тун хомс байсан юм. Нүүрсний зах зээл муудсан болон бусад шалтгааны улмаас Эрдэнэс-тавантолгойн хувьцааг бирж дээр гаргах нь эрсдэл дагуулж мэдэхээр байсан учраас тэр юм. Гаргалаа гэхэд хувьцааны үнэ унах зэрэг олон арван эрсдэл байсан гэж ойлгож болох юм. Тиймээс эхний ээлжинд хувьцаа эзэмшигчдэд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгохоор 2014 оны дөрөвдүгээр сарын 22-ны хавьцаа яригдаж байлаа. Ингэхдээ тавантолгойн хөрөнгө оруулагчдаас 200 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, үүгээр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар төлөвлөж байсан юм. 2014 оны хаврын чуулган нээхийн өмнө тэр үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хөрөнгө оруулагчдаас 200 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авна. УИХ зөвшөөрвөл энэ урьдчилгаа төлбөрөөр 1,8 сая иргэний 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт 100 мянган төгрөг хуваарилах боломж байгаа. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэхийн тулд Эрдэнэс-тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51 хувь, Оюутолгойн 34 хувь багтдаг Эрдэнэс-Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг шийдэх боломжтой гэж мэдэгдэж байсныг дахин сануулахад илүүдэхгүй биз. Өөрөөр хэлбэл, энэ үед манай улс хэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшихийг эцэслэж, ногдол ашиг олгох тухай ярьж эхэлсэн юм. Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан Энержи ресурс, Шинхуа энержи, Сумитомо компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа урьдчилгаа төлбөр авч, Эрдэнэс-тавантолгойн 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгохоор яригдаж байсан ч, энэ нь бүтэл муутай байсныг давхар сануулахад илүүдэхгүй биз ээ. Дээрх компаниудтай тавантолгойн хөрөнгө оруулалтын, хамтын ажиллагааны, концессын гэрээ хэзээ байгуулах нь тодорхойгүй байсан учраас тэр юм. Эрдэнэс-тавантолгойн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэр гарч, ногдол ашгийн сураг дуулдаж эхэлсэн ч, дээрх нөхцөл байдлын улмаас тодорхойгүй байдалд орсон гэсэн үг юм. 

-Эрдэнэс тавантолгойн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараав-

Эрдэнэс-тавантолгойн хувьцаа бирж дээр гаргаагүй байгаа учраас эдийн засгийн эргэлтэд хараахан ороогүй байна. Хэдийгээр тийм ч хувьцаатайгаа үлдсэн Монгол Улсын иргэд Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаанаас ногдол ашиг авч суугаа. Өмнө нь тавантолгойн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр авч ногдол ашиг олгох тухай яригдаж байсан ч энэ нь бүтэлгүйтсэн. Тиймээс хожим Эрдэнэс-тавантолгой компани ашигт ажиллагаанаас ногдол ашин тараасан юм. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр компанийн өнгөрсөн оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн юм. Эрдэнэс Тавантолгой компанийн зүгээс хувьцаа эзэмшиж байгаа хүмүүст ногдол ашиг тараахад зориулж 179 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараасан юм. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2020 оны есдүгээр сарын байдлаар 1,6 сая иргэн хувьцааны данс нээлгэснээс 700 мянга нь банкны дансаа мэдүүлсэн байжээ. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв брокерийн компаниар дамжуулан хувьцааны данс нээлгэж, банкны дансаа холбуулсан иргэдийн ногдол ашгийг эхний ээлжинд шилжүүлсэн байдаг. Хэрэв үүнээс хоцорсон иргэд байвал ногдол ашгаа хэрхэн авах талаар Монголын хөрөнгийн биржээс зөвлөмж хүртэл гаргаж байлаа. Монголын хөрөнгийн биржээс гаргасан зөвлөмжид үнэт цаасны компанидаа хандан дансаа баталгаажуулснаар ногдол ашгаа хүлээн авах бөгөөд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс ногдол ашгийн гүйлгээг долоо хоногт багцлан нэг удаа гүйцэтгэж байгааг анхааруулж байсан юм. Үүнээс гадна, үнэт цаасны дансыг 2018 оноос цахимаар нээж эхэлсэн. Тиймээс үнэт цаасны дансгүй иргэд брокерийн компанидаа хандаж цахимаар үнэт цаасны дансаа нээлгэх боломжтойг онцолж байлаа. Мөн Эрдэнэс таван толгой компанийн ETT гар утасны апплейкшнээр дамжуулан үнэт цаасны компаниудад данс нээлгэх боломжтойг дурджээ. Эрдэнэс-Тавантолгой компани 2020 оны есдүгээр сард ийнхүү хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг хүртээсэн юм. Өнөөдөр тус компанийн 85,2 хувийг төр, 14,75 монгол улсын 2,5 сая иргэн, 0,05 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа талаар компанийн удирдлагууд нь албан ёсоор мэдэгдсэн. Харин 2021 оны тухайд ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг компанийн зүгээс гаргаад байна.  

-Эрдэнэс-Тавантолгойн ажилтай танилцав

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай тухайн үед мөн танилцсан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулга хийсэн юм. Тус компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. 85,2 хувь нь төрийн эзэмшил, Монгол улсын 2,5 сая иргэн 14,75 хувийг, аж ахуй нэгжүүд 0,05 хувийг эзэмшдэг байна. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны долоодугаар сард олборлосон гэдгийг онцоллоо. Нийтдээ 900 гаруй ажилтантай тус компани нь 2012 онд Монгол Улсын бүх иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. 2017 оны гуравдугаар сар гэхэд Чалко компанид төлөх 350 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж дууссан байна. Ингээд 2018 онд 1072 хувьцаа мэдээллийн төвийг нээж, 2020 оны есдүгээр сард хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээсэн юм. Мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлынхаа талаар тайлагнасан юм. Дотоодын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийн сүлжээг дэмжих зорилтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд мөн 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

-Эрдэнэс тавантолгойн энгийн, Эрдэнэс монголын давуу эрхийн хувьцааны ялгаа- 

Стратегийн ордуудын монголын талын хувийг эзэмшдэг Эрдэнэс монгол компани 100 сая энгийн, 3 сая ширхэг давуу эрхийн хувьцаатай. Тус компанийн 3 сая ширхэг давуу эрхийн хувьцааг монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг  засгийн газраас 2011-2012 он хавьцаа гаргасан юм. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны зөвлөх Балихүү: Эрдэнэс тавантолгой компанийн толгой компани болох Эрдэнэс монголын давуу эрхийн нэг ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүрт олгохоор яригдаж байна. Эдгээрийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Гэхдээ иргэн бүрт олгох ёстой 1,5 сая төгрөгийн эх орны хишигт Эрдэнэс-тавантолгойн 1072 ширхэг энгийн, Эрдэнэс Монголын 1 ширхэг давуу эрхийн хувьцаа багтаж байгаа гэж ойлгож болох талтайг хуучилж байсан юм. Тэр үеийн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс: Эрдэнэс Монголын давуу эрхийн хувьцааг хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн иргэний харьяаллын зөрчилгүй иргэн бүрт олгоно гэж тухайн үед мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан монгол улсын иргэн бүр Эрдэнэс Монголын давуу эрхийн хувьцаа эзэмших эрхтэй болсон гэсэн талаар тэр үед яригдаж байсан юм. Эрдэнэс тавантолгойн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн хүмүүст олгоно гэж хугацаа заасан бол, Эрдэнэс монголын давуу эрхийн хувьцааны хувьд ямар нэг хугацаа заагаагүй гэдгээрээ онцлог. Шинээр мэндэлсэн хүүхэд бүрт Эрдэнэс монгол компанийн давуу эрхийн хувьцаа эзэмших эрхтэй гэж яригдаж байсан юм. Ингэснээр монгол улсын иргэд стратегийн бүх ордуудаасаа давуу эрхийн хувьцаагаараа дамжуулан хувь хүртэх боломж нээгдсэн гэдэг. Гэхдээ давуу эрхийн хувьцааг бусдад худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлуулах нь хуулиар хориотой байдаг байна. Тиймээс ч иргэд Эрдэнэс монголын давуу эрхийн хувьцаа эзэмшвэл бусдад худалдаж, арилжиж, бэлэглэж, барьцаалж, өв залгамжлуулж болохгүй гэж ойлгож болно. Нас барсан, монгол улсын харьяатаас гарсан зэрэг тохиолдолд Эрдэнэс монголын давуу эрхийн хувьцаа эзэмших эрх нь тэр даруй дуусгавар болох юм. Дээрх тохиолдолд давуу эрхийн хувьцаа нь эргэн төрийн мэдэлд очино гэсэн үг юм. Төр үүнийг шинээр төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Эрдэнэс монгол компанийн давуу эрхийн 1 ширхэг хувьцаа ийм онцлогтой бол, Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаа тэс өөр онцлогтой. Эрдэнэс тавантолгойн хувьцаа энгийнх учир бусдад худалдаж, бэлэглэж, барьцаалж, өв залгамжлуулж болно. Гэхдээ Эрдэнэс тавантолгойн хувьцаа Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржэд нэгэн зэрэг арилжаалагдаж эхэлсэн цагт энэ эрх үүсэх юм. Тус компани 2013 оны эхний улиралд гурван орны бирж дээр хувьцаагаа гаргахаар төлөвлөж байсан билээ. Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг энгийн хувьцааг биржэд бүртгүүлсний дараа бусдад худалдаж, бэлэглэж, барьцаалж, өв залгамжлуулж болох бол, Эрдэнэс монголын давуу эрхийг хувьцааг болохгүй.

Эрдэнэс тавантолгойн энгийн хувьцаа болон Эрдэнэс монголын давуу эрхийн хувьцааны ялгаа үүнд оршиж байгаа талаар хэдэн жилийн өмнө холбогдох мэргэжилтнүүд хэлж байсан юм. Үүнээс гадна, хэд хэдэн ялгаатай тал бий. Эрдэнэс тавантолгойн энгийн хувьцаа эзэмшигчид хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож хэлэлцэж буй асуудлаар өөрийн эзэмшиж буй хувьцаатай хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй. Компани татан буугдлаа гэхэд эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос эзэмшиж буй хувьцааны тоогоор хувь хүртэх эрхтэй. Мөн компаниас нэмж гаргасан хувьцаа, хувьцаанд хөрвөх үнэт цаасыг эхний ээлжинд худалдаж авах эрхтэй юм. Хувь нийлүүлэгчдийн хурлаас хувьцаа эзэмшигчдэд хохиролтой шийдвэр гарсан тохиолдолд компанийн дүрэм журамд заасны дагуу өөрийн эзэмшиж буй хувьцааг Эрдэнэс тавантолгой компанид эргүүлэн худалдах эрхтэй. Харин ганц сул тал нь давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн дараа ногдол ашиг авах талаар ийн 9 гаруй жилийн өмнө яригдаж байсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл Эрдэнэс тавантолгой компани давуу эрхийн хувьцаагаа монгол улсын иргэдэд эзэмшүүлээгүй байгаа юм. Тиймээс тус компанийн хувьцаа эзэмшигчид давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн дараа ногдол ашиг авна гэсэн ойлголт одоогоор үгүй. Эрдэнэс тавантолгой компани ашигтай ажиллаж тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргавал тэр даруй монгол улсын иргэд хувь хүртэх ёстой. Харин Эрдэнэс монголын давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэд эзэмшиж эхэлбэл төрөөс урьтаж ногдол ашиг авах дүр зураг ажиглагддаг. Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид энгийн хувьцаа эзэмшигчдээс өмнө ногдол ашиг авдаг учраас тэр. 100 сая ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй төрөөс түрүүлж, 3 сая ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмших монгол улсын иргэд Эрдэнэс монгол компаниас хувь хүртэнэ гэсэн үг юм. Ийнхүү монгол улсын иргэд давуу эрхийн хувьцаагаар дамжуулан стратегийн ордуудаас хувь хүртэх боломжтой гэгдэж байсан ч, давуу эрхийн хувьцааг иргэдэд хэзээ, хэрхэн эзэмшүүлэх нь тодорхойгүй явсаар өдийг хүрсэн билээ.

-Эрдэнэс-тавантолгойн нэгж хувьцаа бирж дээр ямар үнэтэй байх бол-

2011-01-11. Эрдэнэс-тавантолгой компанийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдах асуудал дөнгөж яригдаж эхэлж байхад, бирж дээр нэгж хувьцааны нэрлэсэн үнэ хэдэн төгрөгөөр гарах нь анхаарлын төвд байсан билээ. Энэ асуултыг Төрийн өмчийн хорооны дарга Сугар:харамсалтай нь тоймтой хариулт өгөөгүй. Гэхдээ тэрбээр Эрдэнэс-тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг Энержи ресурс компанийн үнэт цаасны нэрлэсэн үнэтэй жишиж буйгаа нуугаагүй юм. Тиймээс тухайн үед тавантолгойн нэг ширхэг хувьцаа хэдэн төгрөгийн ханштай байх вэ гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд баримжаагаар тооцоолж байсан билээ. Ингэхдээ, Эрдэнэс-тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнэ ирээдүйд ямар байхыг хоёр аргаар баримжаалж байсан юм. Эхнийх нь Энержи ресурс компанийн энгийн хувьцаатай жишиж байсан юм. Энержи ресурс компани 2010 оны аравдугаар сарын 13-ны өдөр Mongolian mining corporation нэрээр Хонг-Конгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалсан байдаг. Ингэхдээ, тэд нийт 719 сая ширхэг хувьцааг 650 сая доллараар арилжаалсан юм. Үүгээр тооцвол, тус компанийн нэгж хувьцаа 90 орчим центийн ханштай байжээ. Энержи ресурс компани 400 сая тонн нүүрсний нөөцтэй ухаа худагийн хэсгийн 20 хувьд хувьцаа гаргаж, Хонг-Конгийн хөрөнгийн биржээс 650 сая ам.доллар босгосон. Хэрэв тус компани нийт нөөцдөө хувьцаа гаргасан бол, дэлхийн хөрөнгийн зах зээлээс 3.2 тэрбум доллар босгох баримжаа тоо гардаг. Тавантолгойн ордын 4 хувьтай тэнцэх Ухаа худагийн нийт нөөцөд тулгуурдаж хувьцаа гаргахад дээрх хэмжээний хөрөнгийг босгох бол, тавантолгойн үлдэх 96 хувьд 76,8 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломжтой цээжний тооцоо хийх нэг нь байлаа. Үүнийг эрдэнэс-тавантолгойн 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваавал, Эрдэнэс-тавантолгойн нэгж хувьцаа 5 доллар 12 центийн ханштай байх цээжний тооцоо хийж байсан хэрэг. Гэхдээ хувьцааны нэрлэсэн үнэ тооцох мэргэжлийн аргачлалаасаа хамаараад өөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тус компани нэрлэсэн үнэ буюу бодит ханшийг манайтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын банк тогтоох байсан юм. Тухайн үед хөрөнгө оруулалтын банк тодорхойгүй байсан учраас үүнд тоймтой хариулт хэлэх боломжгүй байсан юм. Тухайн үед Эрдэнэс -монгол компанийн ерөнхий захирал, Эрдэнэс-тавантолгой охин компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Энэбиш: Одоогоор манайтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын банк тодорхойгүй байна. Хөрөнгө оруулалтын банкийг удахгүй сонгон шалгаруулна хэмээн хэлж байсан билээ.

Хөрөнгө оруулалтын банк сонгон шалгаруулсны дараа тэд Эрдэнэс-тавантолгой компанийн нэгж хувьцааны үнийг гаргах байжээ. Үүний дараа иргэдэд үнэт цаас үнэгүй олгож, аж ахуйн нэгжүүдэд худалдах ажлыг эхлүүлэх ёстой байжээ. УИХ-ын тогтоолд 2011 оны нэгдүгээр улиралд багтаан тавантолгойн хувьцааг иргэдэд үнэгүй олгож, аж ахуйн нэгжүүдэд худалдахаар тусгасан байв. Гэхдээ бодит дээр энэ хугацаанаас өмнө амжихгүй. Тавантолгойн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх ажлыг 2011 оны долоодугаар сараас эхлүүлнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан юм. Тавантолгойгоос иргэд болон компаниуд хувь хүртлээ ч, энэ нь эдийн засгийн эргэлтэд тэр даруй орохгүй. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр Эрдэнэс-тавантолгойн 29 хувийг гаргасан цагт, иргэд аж ахуйн нэгжүүд өөр оногдсон хувьцаагаа арилжаалж, эргэлтэд оруулах боломж нээгдэх байв. Тухайн үед Монголын хөрөнгийн бирж дээр Эрдэнэс-тавантолгойн 10 хувийг, 19 хувийг Лондон, Хонг-Конгийн хөрөнгийн биржийн аль нэгэнд гаргахаар төлөвлөж байсан юм. Харин тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар: 2012 оны эхэндбагтаан гадаадын хөрөнгийн зах зээлд Эрдэнэс-тавантолгойн хувьцааг бүртгүүлж, үнэт цаасыг нь арилжаалахаар төлөвлөж байгаа талаар хэлж байсан юм. Мөн тэр хавьцаа монголын хөрөнгийн бирж дээр Эрдэнэс-Тавантолгойн хувьцааг гаргахаар төлөвлөж байгаа талаар хэлж байсан юм. Бирж дээр гармагц нэгж хувьцааны бодит ханш хэд байхыг харж болохоор байсан юм. Энэ үед аж ахуйн нэгжүүд өөрсдийн худалдаж авсан, иргэд үнэгүй авсан хувьцаагаа арилжаанд оруулах боломж нээгдэх байлаа. Гэсэн ч олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн энэ ажил одоог хүртэл хийгдээгүй байгаа юм.

-Эрдэнэс тавантолгойн хувьцааг дэлхийн зах зээлд гаргах зөвлөх банкууд сонгон шалгаруулав-

Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр нүүрс олборлох оператор компанийг сонгон шалгаруулсны дараа Эрдэнэс-тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах асуудал яригдах байлаа. Эрдэнэс тавантолгойн 29 хувь буюу 4,3 тэрбум ширхэг хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр нэгэн зэрэг гаргаж арилжаалахын тулд дэлхийн хөрөнгө оруулалтын банк, хуулийн фирм, уул уурхайн зөвлөхүүдтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Тухайн үед дэлхийн нэр хүндтэй 16 хөрөнгө оруулалтын банк манайтай хамтарч ажиллах саналаа ирүүлсэн байгаа юм. Тухайлбал: 

  • JP Morgan
  • Credit Suisse
  • Goldman sachs
  • Morgan Stanley
  • Deutshe bank
  • Barclays capital
  • Citi bank
  • UBS банк
  • Standart chartered bank
  • Bank of china
  • Jefferies and company
  • ING
  •  Bank of America  
  • Merrill lynch
  • HSBC,
  • Macquarie
  • BHP Paribas 

зэрэг хөрөнгө оруулалтын банкууд Эрдэнэс тавантолгойтой хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэдэг. Эрдэнэс тавантолгой компанийнхан ч эдгээр хөрөнгө оруулалтын банктай ганцаарчилсан уулзалт хийсэн байгаа юм. Эрдэнэс тавантолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн АНУ-ын хөрөнгө оруулалтын Morgan stanley банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байх жишээтэй. Үлдэх хөрөнгө оруулалтын банкуудтай хэзээ уулзахаа Эрдэнэс тавантолгой компанийнхан тухайн үед нууцалж байлаа. Хөрөнгө оруулалтын банкуудтай уулзалт хийсний дараа аль нэгийг нь сонгох байв. Тэгвэл 2011 оны зургаадугаар сарын 18-ны байдлаар дэлхийд нэр хүнд бүхий дээрх 16 хөрөнгө оруулалтын банкнаас Эрдэнэс-тавантолгойн хувьцааг дэлхийн зах зээлд гаргахад зөвлөхөөр ажиллах дөрвөн банкийг сонгон шалгаруулсан байв. Зах зээлийн ерөнхий зохион байгуулагч буюу спонсороор Германы Deutshe банк, АНУ-ын Goldman sachs ажиллаж байсан бол, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцогчоор Францын BHP Paribas, Австарлийн Macquarie банк шалгарч байжээ. Гэрээт олборлогчийг сонгон шалгаруулсаны дараа дээрх хөрөнгө оруулалтын банкууд Эрдэнэс-тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржэд гаргах ажлыг эхлүүлэх ёстой байсан бөгөөд судалгааны ажлаа эхлүүлээд байжээ. Үүнээс гадна, Эрдэнэс тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахын тулд дэлхийд танигдсан аудит, хууль, уул уурхайн зөвлөхүүдтэй хамтран ажиллах ёстой байсан юм. Тэднийг 2010 ондоо багтаан сонгож амжвал, 2011 онд багтаан Эрдэнэс-тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах боломжтой болохыг холбогдох албаныхан хэлж байсан билээ. Гэтэл тэднийг сонгон шалгаруулсан гэх мэдээлэл байдаг ч, аудит, хууль, уул уурхайн зөвлөх компаниар аль улсын ямар байгууллага ажиллаж байсан нь нууцлаг өдийг хүрсэн тал бий. Цаашлаад Эрдэнэс-тавантолгой хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа юм.

-Лондонд DR, Хонконгод IPO хийхээр төлөвлөсөн ч ажил хэрэг болсонгүй-

Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах Эрдэнэс-тавантолгой компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатайгаар байгуулсан байдаг. Үүний 51 хувийг төр өөрийн мэдэлд үлдээж, 29 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж, 10 хувийг нь иргэдэд үнэгүй эзэмшүүлж, үлдэх 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдахаар УИХ-ын тогтоолд тусгасан байдаг.
Эрдэнэс-тавантолгой компанийн хувьцааг хэзээ гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах бол гэдэг хэн хүний анхаарлын төвд байж ирсэн асуулт. Үүнд Эрдэнэс монгол компанийн гүйцэтгэх захирал асан Энэбиш: Эрдэнэс-тавантолгой компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сард багтаан гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа хэлж байсан юм. Гэвч дэлхийн эдийн засаг тогтворгүйтэж 2008 оных шиг санхүүгийн хямрал давтагдаж болзошгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдыг хувьцаанаас дайжихад хүргэсэн тал бий. Эрдэнэс тавантолгойн хувьцаа гадаадын хөрөнгийн бирж дээр гарахгүй хойшлогдож байсны нэг шалтгаан бол энэ. Тиймээс дэлхийн эдийн засаг тогтворжсон цагт Эрдэнэс тавантолгой компанийнхан бирж дээр хувьцаагаа гаргана гэж төлөвлөж байлаа. Уул, уурхайн компаниуд ихэвчлэн Канадын Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг. Гэхдээ Эрдэнэс Тавантолгой компанийн тухайд уг бирж тийм ч зохимжтой биш аж. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа Канадын Тронтогийн хөрөнгийн бирж манай улстай цагийн зөрүү ихтэй. Монголчуудыг унтаж байхад, Эрдэнэс тавантолгойн хувьцаа Тронтогийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдах нь тийм ч оновчтой алхам биш. Цагийн зөрүүгүй гэдэг утгаараа Хонгконгийн хөрөнгийн бирж Эрдэнэс-тавантолгой компанид зохимжтой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байлаа. Нөгөө талаар Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байсан. Тиймээс Лондонгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргах нь оновчтой гэж үзсэн байдаг. Тиймээс дэлхийн эдийн засаг тогтворжсон цагт буюу 2013 оны эхний улиралд Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа нэгэн зэрэг гаргахад тохиромжтой цаг үе гэж Эрдэнэс тавантолгой компани үзэж байлаа. Гэхдээ Эрдэнэс тавантолгой компани хэрхэн гурван орны хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргах нь асуултыг тэмдэг хэвээр байсан цаг. Аль нэг орны манайд тохиромжтой хөрөнгийн бирж сонголоо ч, тэдний тавьсан шаардлагыг хангах нь хамгийн чухлаар тавигдаж байсан юм. Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржийнхэн компанийнхаа 25 хувийг зах зээлд гаргах ёстой шалгуур тавьдаг нь эхний сорилт байлаа. Тиймээс иргэдийн Засгийн газарт буцааж зарсан хувьцаа, компаниудын аваагүй хувьцааг гадаадын бирж дээр гаргахаар төлөвлөсөн хувь дээр нэмэх шаардлага үүссэн талаар учир мэдэх хүмүүс тэр үед жиг жуг хийж байсныг нуух юун. Дараагийн томоохон сорилтын талаар тэр үеийн Лондонгийн хөрөнгийн биржийн Анхдагч хувьцааны зах зээлийн хэлтсийн дарга Треси Перс: Эрдэнэс тавантолгой компани дэлхийн хөрөнгийн зах зээлд гарахын тулд компанийн засаглалаа сайжруулж, санхүүгийн тайлан балансаа олон улсын стандарчиллын дагуу гаргах хэрэгтэйг хэлж байсан явдал. Эрдэнэс тавантолгой компани эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд, дараа нь Монголын хөрөнгийн биржэд хувьцаагаа бүртгүүлэх ёстой. Үүний дараа Лондонгийн хөрөнгийн биржээс Depositary receipt буюу DR ашиглаж санхүүжилт босгох боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржэд бүртгүүлсэн хувьцааныхаа тодорхой хувийг энэ чиглэлээр мэргэшсэн дэлхийн нэр хүнд бүхий JP Morgan, Citi, Goldman sachs зэрэг депозитар банкинд шилжүүлнэ. Харин тухайн депозитар банк DR буюу хагаламжийн бичиг гаргаж, үүнийгээ хөрөнгө оруулагчдад худалдах замаар санхүүжилт босгож өгөхөөр төлөвлөж байжээ. Эрдэнэс тавантолгой компани DR ашиглаж Лондонгийн хөрөнгийн биржээс санхүүжилт босгохоор төлөвлөсөн байсан ч, хөрөнгө босгоход хялбар санхүүгийн энэ хэрэгслийг ашиглахад хууль эрхзүйн орчин тухайн үед бүрдээгүй байсан юм. Хонгконгийн хөрөнгийн биржэд IPO гаргах замаар санхүүжилт босгохоор мөн төлөвлөж байсан ч, хууль эрхзүйн орчин бас л дутмаг байлаа. Хонгконгийн санхүүгийн зохицуулах хороо Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчныг зөвшөөрч байж энэ ажил бүтэх байжээ. Хонгконгийн санхүүгийн зохицуулах хороо 16 орны хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчныг зөвшөөрсөн байдаг. Тэдний эгнээнд манай улс нэгдэхийн тулд Үнэт цаасны тухай хуульд нэлээд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж, үүнд DR ашиглаж хөрөнгө босгох зүйл заалтыг оруулж өгчээ. Энэ хууль батлагдвал DR ашиглаж Лондонгийн хөрөнгийн биржээс мөнгө босгох боломжтой болохоос гадна, Хонгконгийн санхүүгийн зохицуулах хороо манай хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчныг хүлээн зөвшөөрөх эсэх нь шийдэгдэх байлаа. Хэрэв энэ хууль батлагдахгүй удвал Эрдэнэс тавантолгой болон Эрдэнэс монголын завсарын компанийг Лондон болон Хонгконгод байгуулж, тухайн улсад бүртгэлтэй компанийн нэрээр хувьцаагаа гаргахад хүрэх байсан гэдэг. Монгол улсад бүртгэлтэй компанийн нэрээр бус, өөр улсад бүртгэлтэй компанийн нэрээр хувьцаагаа гаргахад хүрч болзошгүй байсан гэсэн үг. Тэр үеийн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Даажамба: Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны хаврын чуулганаар УИХ-д өргөн барьсан ч, батлагдаагүй тухай хэлдэг. Үүнээс болж нэлээд хугацаа алдсан тул, хожим шаардлагатай өөрчлөлтийг оруулсан Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны хаврын чуулганаар баталсан юм. Энэ хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн байдаг. Ингэснээр Эрдэнэс-тавантолгой компани Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргахад хууль эрхзүйн талаасаа ямар ч саадгүй болсон. Тодруулбал, тус компани Монголын хөрөнгийн биржэд хувьцаагаа бүртгүүлж, үүнийхээ тодорхой хувийг Депозитор банкаар дамжуулан Хадгаламжийн бичиг болгон гаргаж, Хонг-Конг болон Лондонгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгох боломжтой гэгдэж байлаа. Үүнийг хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд хийх ёстой байсан аж. Тэднийг ч хэдийнэ сонгосон гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байсан юм. Тухайлбал, тус компанийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөр Голдман сакс, Дойче банк, Би Эн Пи Парибас, Маквейри компаниуд ажиллаж байжээ. Харин аудитийн зөвлөхөөр Прайс Уотерхаус, техникийн зөвлөхөөр Норвест, хуулийн зөвлөхөөр Нортон роуз, Хоган Ловелс компаниуд тус тус ажиллаж байгаа гэх мэдээллийг албаныхан хэдэн жилийн өмнө өгч байсан юм. Эдгээр зөвлөх компаниуд хамтран Эрдэнэс-тавантолгойн хувьцааг биржэд гаргах ёстой байсан ч, Лондонд DR, Хонконгод IPO хийгдээгүй өдийг хүрсэн билээ. Компанийн удирдлагын зүгээс Эрдэнэс-тавантолгойн хувьцааг 2015-2016 онд олон улсын биржэд гаргана гэж хожим мэдэгдэж байсан ч, энэ ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Эрдэнэс-тавантолгой компани гадаад, дотоодын хөрөнгийн биржэд бүртгүүлмэгц иргэд өөрсдийн 1072 хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Тодруулбал, иргэдэд эзэмшүүлсэн Эрдэнэс-тавантолгойн 1072 хувьцаа энгийн төрөлд хамаарах учраас бусдад бэлэглэж, өвлүүлж, залгамжилж, арилжих боломжтой юм. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Байгалмаа: Эрдэнэс-тавантолгойн хувьцааг өвлүүлж, бэлэглэж, залгамжилж, арилжиж болохыг хэдэн жилийн өмнө бататган хэлж байсан удаатай. Гагцхүү Эрдэнэс тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, арилжаа эхэлсэн цагт тус компанийн хувьцааг өвлүүлж, бэлэглэж, залгамжилж, арилжих эрх нээгдэх юм.

-Эрдэнэс тавантолгой бонд гаргав-

Том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хувьцааныхаа тодорхой хувийг олон улсын биржээр зарж IPO хийх зөвшөөрлийг УИХ, Засгийн газраас аваад байсан ч ийнхүү замхарсан билээ. Тиймээс Эрдэнэс тавантолгой бонд гаргаж хөрөнгө босгох замаар дээрх асуудлаа шийдвэрлэхээр болжээ. Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банкны зүгээс тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татахыг дэмжиж ажилласан. Эрдэнэс тавантолгой бонд нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний нэг хэсэг юм. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн билээ. Эрдэнэс Тавантолгой компани өнгөрөгч дөрөвдүгээр сард томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд үүнээс эхний ээлжид 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар холбогдох бичиг баримтыг 2021 оны гуравдугаар сарын 5-нд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржэд хүргүүлсэн байдаг. Уг хүсэлтийг хянаад Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 96 тоот тогтоолоор Үнэт цаасыг бүртгэх, 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 1/1181 тоот зөвшөөрлөөр Анхдагч зах зээлд арилжаалах албан ёсны зөвшөөрлүүдийг олгожээ. Энэ дагуу Эрдэнэс тавантолгойн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээг 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Монголын хөрөнгийн биржэд явуулсан юм. Эхний шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөг, валют хосолсон сонголттойгоор олон нийтэд санал болгосон. Эхний захиалга 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бол, хаалтын арилжаа 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болж төлөвлөсөн бондоо амжилттай арилжаалжээ.Гадаад дотоодын иргэн, аж ахуй нэгж, арилжааны банк, даатгалын компани болон хөрөнгө оруулалтын сангууд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниудаар дамжуулан бонд худалдан авчээ. Үүгээр 677 гаруй тэрбум төгрөгийн захиалгыг оролцогч талуудаас ирүүлж, төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан байна. Арилжаанд 964 иргэн, аж ахуйн нэгж оролцож, төгрөгийн 10 хувийн хүүтэй 336 гаруй тэрбум төгрөг, ам.долларын 6.3-6.8 хувийн хүүтэй 119 гаруй сая ам.долларын мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлжээ. Тэгвэл бондын хоёр дахь транчийн захиалга 2021 оны наймдугаар сарын 16-25-ны өдрүүдэд явагдсан билээ. Хоёр дахь шатны захиалгаар 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгосон юм. Ингэхдээ: 

  • Төгрөгийн бонд: нэгжийн үнэ 100.000₮, хүү 10%, хугацаа 36 сар
  • Долларын бонд: нэгжийн үнэ 100$, хүү 5.8%, хугацаа 24 сар 

Бондын II шатыг олон улсад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцох боломжтойгоор нийтэд санал болгож, 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 17.30 цагт захиалгыг авч нэгтгэсэн байна. Нэгдсэн дүнгээс танилцуулахад санхүүгийн бүтцийн хувьд гурван төрлийн арилжааны захиалга хийснээс төгрөг болон ам.долларын нийлбэр дүнг танилцуулахад бэлэн болсон тухай Эрдэнэс тавантолгой компанийнхан тухайн үед мэдэгдэж байсан юм. ЭТТ Бондын 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн II шатны нэгтгэсэн дүнгээр 519.4 тэрбум төгрөг, 53.1 сая ам.долларын захиалгыг хийж анхны төлөвлөсөн хэмжээг 117 хувиар давуулан биелүүлжээ. Бондын захиалгын санхүүжилтийн эх үүсвэр бүрээр авч үзвэл: 

  • Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгджээ.
  • Банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга,
  • Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга хийгдсэн байна.

Энэ нь дотоодын хөрөнгийн биржэд анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарсан учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай бөгөөд санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр хүүтэйгээрээ давуу талтай. Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдах аж. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. Бонд арилжаалж төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр Эрдэнэс тавантолгой компани 2021-2025 онд 186 сая тонн нүүрс олборлож, 172 сая тонн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн байна. Ингэснээр 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ.

-Я.Батсуурь: Тавантолгойн ордод 20-30 тэрбум шоо метр метан хийн таамаг нөөц бий-

2014-09-23. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны долоодугаар 1-нд батлагдснаар шатдаг занар, байгалийн битум, нүүрсний давхаргын метан хийг эрж, хайх хууль эрхзүйн орчин бүрдсэн. Тиймээс Газрын тосны газар нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээг Эрдэнэс Тавантолгой, Монголын алт компаниудтай, шатдаг занарыг эрлийн гэрээг Жени ойл компанитай байгуулсан юм. Метан хийн эрлийн талаар Эрдэнэс-тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас дараах тодруулгыг авснаа эргэн сануулж байна.

-Эрдэнэс-тавантолгой компани өөрийн орд дээрх метан хийг судлахаар эрлийн гэрээ саяхан байгууллаа. Гэхдээ үүнээс өмнө метан хийгээ судалж эхэлсэн гэгддэг?

– Монгол улсын метан хийн нөөцийг одоогоор тогтоогоогүй байгаа. Манай компанийн хувьд метан хийн анхны төслийг эхлүүлээд явж байна. Солонгосын Korean Gas Corporation,  дотоодын өрөмдлөгийн Элгэн компаниудтай хамтран өнгөрсөн оноос тавантолгойн нүүрсний давхаргын метан хийг судлах ажил эхэлсэн. Хэд хэдэн цооног өрөмдөж, өмнө нь урьдчилсан байдлаар тогтоогдсон таамаг нөөцийг баталгаажуулаад явж байна. Ордынхоо нүүрсний давхарга дахь метан хийг судлахаар Газрын тосны газартай саяхан эрлийн гэрээ байгууллаа. Энэ бол уламжлалт бус газрын тосон дээр хамгийн эхэнд хийгддэг гэрээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар дараа нь бид хайгуулын болон ашиглалтын гэрээ байгуулах ёстой.   

– Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийхдээ, тавантолгойн нүүрсний ордод 20-30 тэрбум шоо метр метан хий байгаа нь судалгаагаар батлагдлаа гэж илэрхийлсэн?

– ОХУ-ын гидрошахтын 1950-1960 оны үед хйисэн судалгаагаар  манай орд дээр 20-30 тэрбум шоо метр метан хийн нөөц байх бололцоотой гэсэн урьдчилсан судалгаа гарсан байдаг юм. АНУ-ын Норвест компани таван жилийн өмнө манай ордыг судлахдаа мөн ийм тоо хэлсэн. Үүнийг өрөмдлөгийн үр дүнгээр зах зухаас нь нотлоод явж байна. Саяын өрөмдлөгийн үр дүнд ямарч байсан манай тавантолгойн орд багахан хэмжээний нүүрсний давхаргын метан хий байна гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон.  Нэмж хайгуулын ажил хийх шаардлагатай байгаа. Нөөцийн хувьд одоогоор батлагдсан тоо хэлэх боломжгүй. 

– Манай хоёр хөрш жилд 38 тэрбум шоо метр хий худалдах болон худалдан авах гэрээ байгуулаад байна. Энэ нь ойролцоогоор 13 тэрбум ам.долллараар үнэлэгдэж байна. Тавантолгойн ордын метан хийн таамаг нөөцийг баталгаажуулж, ашиглаж эхэлбэл ямар үнэ цэнэд хүрэх бол?

-Хэлж чадах зүйл юу вэ гэхээр, тавантолгойн метан хийн нөөц Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэл, гэр хороолол, байрны хорооллын оршин суугчдын ахуйн хэрэгцээг хангахад 20-30 жил хангахад хүрэлцэнэ гэж үзэж байгаа. Ер нь бид таамаг нөөцийг баталгаажуулаад явж байна. Дээр нь туршилтын жижиг оврын үйлдвэрээ БНСУ-д захиалгаар хийлгэж байна. Энэ үйлдвэр ирэх арваннэгдүгээр сард бэлэн болвол, хоёр сарын хугацаанд угсарчих байх. Ирэх зургаадугаар сараас ашиглах талаар тодорхой төсөл гарна. Дараа нь туршилтын үйлдвэрийн үр дүн дээр үндэслээд бид урт хугацаанд их хэмжээгээр олборлож, боловсруулах, үйлдвэрээ байгуулна. 

-Үйлдвэр байгуулахаас гадна, бүтээгдэхүүнээ хийн хоолойгоор хэрэглэгчдэд хүргэх шаардлага тулгарна. Эдгээрт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах байх?

-Korean Gas Corporation солонгосын төрийн өмчийн хамгийн том хийн компани. Хоёр орны төрийн өмчийн компаниуд урт хугацаанд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ер нь метан хийг ашиглахын тулд мэдээж үйлдвэр барих шаардлагатай. Манай ордын хийн онцлог бол нүүрсний давхаргын доор устай холилдсон байдалтай байгаа. Үүнийг соруулж аваад, уснаас нь ялгаж боловсруулах юм. Энэ гаргасан хийгээ Улаанбаатар руу хийн хоолойгоор татах шаардлагатай. Хийгээ боловсруулах үйлдвэр барих, мөн хэрэглэгчдэд хүргэхэд зориулж хийн хоолой барихад ойролцоогоор 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо бий. 

– Хүрэн нүүрснээс шингэн түлш болон хий үйлдвэрлэх төслийг манайхан давхар судлаж байгаа. Энэ төсөлтэй харьцуулахад танай үйлдвэрлэлийн зардал ямар байх вэ?

– Би энд нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлье. Монголчууд хүрэн нүүрснээс хий үйлдвэрлэж, Улаанбаатар хотын  хэрэгцээг хангана гэж ярих болсон. Их хэмжээний нүүрсний ордтой компанийн хувьд энэ нь боломжтой төсөл. Ер нь манай нүүрсний давхаргын метан хий, хүрэн нүүрсийг боловсруулж хий гаргах хоёр өртгийн хувьд тэс өөр. Их хэмжээний халуун ус хэрэглэж хүрэн нүүрснээс хий ялган явдаг юм билээ. Тэгвэл бид устай холилдсон хий соруулж авна. Дараа нь уснаас хийг нь ялгаж боловсруулаад, ашиглах боломжтой юм. Манай хийн хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал хүрэн нүүрснээс хий гаргаж авахаас хамаагүй хямд. Тиймээс бид үйлдвэр болон хоолой баривал, гаргасан зардлаа богино хугацаанд нөхөх бололцоотой. 

– Тавантолгой орд урд хөрштэй илүү ойр. Нийслэл рүү хий тээвэрлэж байснаас, хятад руу тээвэрлэвэл зардал бага тусах юм биш үү? 

– Үүнийг бол тухайн үед ярьж болно. Ер нь бол, манай улсад дотоодын хэрэгцээнээс хэд дахин давсан хийн нөөц байгаа. Бид дотоодынхоо хэрэгцээг хаанаас хангах вэ. Манай Тавантолгойн метан хийгээр хангах уу. Эсвэл Шивээ – овоо, Цайдам-нуур, Төгрөг-нуурын ордын нүүрснээс хий гарган авч, нийслэлийн хэрэгцээг хангах уу гэдгийг судлах шаардлагатай. Ямар ч байсан манай компанийн хувьд эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангаад, тодорхой хэмжээнд гадаад руу экспортлох шаардлагатай. Аль алийг нь хослуулах шаардлагатай гэж үзэж байгаа.  

-Тавантолгой дулааны станц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлав-

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, Тавантолгой дулааны станц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахаар болов. Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа. Төсөл санаачлагчийг төлөөлж, Эрдэнэс-тавантолгой ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах юм байна. Ингэснээр 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна гэж төлөвлөсөн байна. 

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 километр төмөр замын бүтээн байгуулалт-

2021.12.22. Уул уурхайн яам. Зүүнбаян төмөр зам ХХК нь Засгийн газрын 2020 оны 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах болон төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн 66 хувийг Эрдэнэс–Тавантолгой ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшдэг. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь, Дорноговь аймгийн таван сумын нутаг дэвсгэрээр дайран нэг өртөө, зургаан зөрлөгтэй 416,1 километр урт, 27 ширхэг гүүр, 595 ширхэг хоолой бүхий Р65 зам төмөртэй, уулзвартай, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 104 аж ахуйн нэгж оролцож, төслийн хугацаанд 10 мянга орчим хүн, 4 мянга орчим техник хэрэгсэл ашигласан. Бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам ХНН ажиллаж байна.

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол:

  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, олборлож боловсруулсан бүтээгдэхүүнийг БНХАУ болон ОХУ төдийгүй тус улсуудын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн дэлхийн зах зээлд хямд үнээр, далайн боомт нөхцөлөөр борлуулах боломжтой.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн шинэ гарцтай холбох, цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор транзит ачааны хувьд эдийн засгийн үр өгөөж өндөр байна.
  • 1000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Байгаль орчинд ээлтэй тээвэр болно.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуух уул уурхайн ордуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
  • Төслийн бүтээн байгуулалтын явц 95%-тай явагдаж байгаа бөгөөд нийт бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар нэг их наяд 53 тэрбум төгрөгт хүрсэн.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл-

2021.12.22. Уул уурхайн яам. Тавантолгой төмөр зам ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 километр үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж байна.2021 оны III улирлын байдлаар төслийн талбайд 2300 орчим хүн, 800 орчим техник, хүнд машин механизмтайгаар ажиллаж байна. Төслийн доод бүтцийн ажил 96.8 хувьтай, ачилтын тойргийн газар шорооны ажил 100 хувь дуусч, хил холболтын газар шорооны ажил 94.9 хувь, эрчим хүч 61.5 хувь, дохиолол холбоо 36.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн өртөө зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд үргэлжилж, төслийн хэмжээнд нийт 220 километр гол замын үеийг угсраад байна.

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол:

  • БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурна.
  • Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
  • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
  • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.
  • 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Улсад жилд 20–28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, улс орны эдийн засагт бодит дэмжлэг болно.
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх ажээ. 

-Гашуун сухайт нэгдсэн терминалаар жилд 75 сая тонн нүүрс экспортолно-

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн А6-20 дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Нэгдсэн терминал юм. Нэгдсэн терминал нь жилд 75 сая тонн хүртэлх нүүрс экспортлох хүчин чадалтай байх бөгөөд төмөр зам, авто зам, технологийн шийдлийг (AGV, AGT, дүүжин тээвэр, конвер систем) ашиглан нүүрс тээвэрлэх жишиг терминал болох юм. Одоогоор Гашуунсухайт боомтод AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна. Цаашид Гашуунсухайт боомтын дэргэдэх нэмэлт түр гарцуудыг байгуулж, ухаалаг тээвэр болон жолоочгүй тээврээр хил нэвтрүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

-Экспортын болон хэрэглээний нүүрсний үнийн ялгаа-

Одоогоос хэдэн жилийн өмнө түлээний нүүрсийг 50 килограммын уутанд хийж худалдаалдаг байсан. Харин жил ирэх тусам уутны хэмжээ багассаар одоо 10 орчим килограммын торонд нүүрс савлан худалдаалдаг гэхэд бараг хилсдэхгүй. Ченжүүд нэг портер нүүрс 2 тонн байдаг бөгөөд 100 мянгаар худалдаалдаг. Нэг тонн нүүрсийг шуудайлаад зарахад 65-70 орчим тор нүүрс болдог. Нэг портер машинаас 25-30 мянган төгрөгийн ашиг гардаг гэж 2009 онд ярьж байсныг сайтар санаж байна. Гэхдээ зарим ченжүүд 100 тор нүүрс нэг тонн нүүрс болдог гэж ярих нь ч бий. Тухайн үед нэг тор нүүрс 900 төгрөгийн ханштай байлаа. Тэр ч утгаараа, хэрэглэгчийн гар дээр нэг тонн нүүрс 90 мянган төгрөгийн үнээр очиж байсан юм. Монголчууд өрхийн хэрэгцээндээ нэг тонн нүүрсийг ийм үнээр хэрэглэж байхад, экспортод гаргаж байгаа нүүрс хэд дахин хямд байдаг нь тун хачирхалтай. Үүнд Эрдэс баялаг эрчим хүчний яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар: 2008 онд эрчим хүчний нүүрс 27 орчим ам.долларын үнэтэй, коксжих нүүрс 55 орчим ам.долларын ханштай байсан. Тэгвэл 2009 онд эрчим хүчний нүүрс 24 ам.доллар, коксжих нүүрс 50 орчим ам.долларын ханштай байна. Дотоодын зах зээлд зарагдаж байгаа нүүрс үүнээс өндөр үнэтэй биш. Ойролцоогоор 20-25 мянган төгрөгөөр гарч байна гэсэн тайлбар өгч байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. Налайх, Адуунчулуун, Багануур, Шарын голын нүүрс бүгд эрчим хүчний нүүрсэнд тооцогддог. Тухайн үед манай улс эрчим хүчний нүүрсийг урд хөрш рүү 24-27 ам.доллараар гаргаж байлаа. Гэтэл монголчууд өрхийн хэрэглээндээ нэг тонн эрчим хүчний нүүрсийг 90 орчим мянган төгрөгөөр худалдан авдаг болохыг дээр жишээ татан дурдсан. Урд хөрш рүү нүүрсээ хямд үнээр экспортолдог атлаа, дотоодын зах зээлд уг түүхий эд яагаад үнэтэй байдгийг тухайн үед Эрдэс, баялаг эрчим хүчний яамныхан: Нүүрс уурхайгаас хямд үнээр гарч байгаа. Нүүрсний үнийг хөөрөгдөж байгаа хүмүүс нь жижиглэнгийн худалдаачид гэсэн хариулт өгч байв. Энэ нөхцөл байдал одоо ч хэвээрээ гэдэгт эргэлзэх зүйлгүй биз ээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол инженер, монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартын төмөр зам ашиглалтад орж байна

2022.09.09. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт төмөр замчид, инженер, техникийн ажилчид, уурхайчид, баялаг бүтээгчид ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Аливаа улс орны төдийгүй хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхэнд авто зам, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 21 аймаг, 110 сум, суурин газрыг улсынхаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож чадсан. Энэ бол багагүй амжилт.

Тэгвэл өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, та бид хамтдаа энэ түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч туйлын их баяртай байна.

Монгол Улс тэртээ 1955 онд хуучнаар ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжтайгаар хойд, урд хилээ холбосон 1111 км төмөр зам барьж ашиглалтад оруулж байсан бол, 70 шахам жилийн дараа 5000 гаруй монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа.

Энэ төмөр зам нь 2 өртөө, 6 зөрлөг бүхий, хагас автомат хориглолтой,  уулзваргүй, жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай, хөгжлийн хурдасгуур болсон анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Сүүлийн жилүүдэд цар тахалтай, олон улсын геополитикийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байсан хэдий ч энэ төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.

Энэ бүтээн байгуулалт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв менежмент, оновчтой бодлого, хариуцлагатай байдал ямар чухал болохыг тод харууллаа.

Тавантолгой -Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас юм. Хөгжлийн энэ зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно.

Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно.

Тухайлбал, Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар 4 дахин буурах нөхцөл, бололцоо бүрдэж байна.

Цаашдаа тээвэрлэлт жигдэрч, ачилтын байгууламж, хилийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тн-оос 50 сая тн хүртэл нэмэгдэж, нүүрсний экспортын орлого 2 дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно.

Төмөр зам ашиглалтад орсноор 2,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.

Түүнчлэн бэлчээрийн доройтол, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол зэрэг экологийн хохирол 74 хувиар буурах тооцоо судалгаа гарсан бөгөөд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд төмөр замын дагуу мод тарьж, ургуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай эрчимжүүлэх явдал чухал юм.

Эх орон, ард түмний язгуур эрх ашгаас дээгүүр аливаа эрх, ашиг сонирхол гэж хэзээ ч байх ёсгүй.

Энэ төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацаа алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй.

Тийм учир 2018.08.08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг түргэн шуурхай эхлүүлж, зоримог, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байснаа эргэн дурсахад таатай байна.

Цаашид экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлэгч, захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч дотоод, гадаадын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Ийнхүү Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай гэжээ.

Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтийн ёслол боллоо

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022.09.09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой өртөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Тэрбээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ ард иргэд, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажилд нь  амжилт хүсэв.

Мөн олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, цаг хугацаа алдан, улс орны хөгжилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг мартах ёсгүйг сануулав.

Цаашид экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг дуусгах,  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.

Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Энэхүү төмөр замын гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай.

Монгол Улсын Засгийн газар 2018.08.08-ны өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай 242 дугаар тогтоол гарган, төслийг хэрэгжүүлэгч Тавантолгой төмөр зам ХХК-ийг байгуулсан.

Тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүд дөрвөн жилийн дотор  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад орууллаа.

Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байна.

Цаашид ачилтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хил дамнасан төмөр замтай болсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг дөрөв дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.

Тавантолгой төмөр зам ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих  дөрвөн жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч компаниас төмөр замын зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулдаг, хяналт тавьдаг, төмөр замаа өөрсдөө барьдаг, тээвэрлэлтээ гүйцэтгэдэг, мэргэшсэн инженерингийн компани болж өсөн дэвжсэн гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр зам нь Монгол Улсын экспортын орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх, байгаль орчин, хөрсний доройтлыг бууруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой.

Төмөр замын төслийн захиалагчаар Тавантолгой төмөр зам, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажилласан байна.

Монгол Улс, БНХАУ өнгөрсөн хоёрдугаар сард Гашуунсухайт, Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэгийг эцэслэн тохиролцсон юм.

-Эрдэнэс Тавантолгойтой холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо-

2012.12.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газар. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил, Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болгожээ.

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна-

2022.12.12.Монгол Улс. Улаанбаатар хот. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгалаа. Монгол Улсын Засгийн газар 2022.10.26-нд Эрдэнэс Тавантолгой компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, өр төлбөрийг бууруулах, улмаар валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Цаашид тус Эрдэнэс Тавантолгой ХК-ийн засаглалыг сайжруулах зорилгоор тус компанийн уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлан болон одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр ашгийг үнэлэх, дүгнэлт гаргах шаардлагатай байгаа юм.

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно-

2022.12.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж танилцуулах Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахална. Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр тус Ажлын хэсгийг байгууллаа. 2022.12.09-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эрдэнэс Тавантолгойтой холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Эдгээр гэрээг тус компанийн албан ёсны сайтад байршуулсан. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна гэжээ.

-Нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүсийг зарлав-

2022.12.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Авлигатай тэмцэх газар. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой төмөр зам төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудалд одоогоор хэрэг бүртгэлтийн 11 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани 2018.01.01-ний өдрөөс 2022.12.01-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна. Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулжээ. Тус төрийн өмчит компанитай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр нийтэд мэдээлж байна гэжээ. 

  1. Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл
  2. Эрдэнэс тавантолгой ХК төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл:
  3. Эрдэнэс тавантолгой төрийн өмчит хувьцаат компанийн нүүрс борлуулалтын мэдээлэл: 

-Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа-

2022.12.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газар. Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. Эрдэнэс Тавантолгой ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний  чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна гэжээ. 

-Нүүрсний жишиг үнэ-

Өнөөдөр дэлхий дээр 23 металлын бирж үйл ажиллагаа явуулж байна. Тэнд алт, мөнгө, цайр, зэс, никель, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга зэрэг үнэт болон өнгөт металл арилжаалж, түүхий эдийн ханш тогтож байна. Энэ үнийг үндэслэн худалдагч болон худалдан авагчид гэрээний үнээ тохиролцдог. Манай улсын хувьд цайр, зэс, хөнгөн цагаан, молибден, хар болон цагаан тугалгын үнийг худалдан авагчтай тохиролцохдоо, Лондонгийн металлын биржийн сарын дундаж үнийг ихэвчлэн хэрэглэдэг. Алт, мөнгөний тухайд монголбанкнаас зарласан ханшийг ашигладаг юм. Ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг авахдаа энэ үнийг ашигладаг гэсэн үг юм. Тодруулбал, тухайн өдрийн биржийн зарлагдсан ханшийг бүтээгдэхүүний агуулгаар тооцож, борлуулалтын орлогоос ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласаны төлбөр авдаг юм. Харин төмөр, жонш, нүүрс худалдаалах бирж дэлхий дээр байхгүй учраас жишиг үнэ хэрэглэж иржээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний жишиг үнээс ашигт малтмалын төлбөр болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авч ирсэн байгаа юм. Ингэхдээ, 2007 оноос хойш таван жилийн хугацаанд www.coalworld.net цахим хуудсанд зарлагдсан FOB /барааны үнэ, уурхайгаас далайн эрэг хүртэлх тээврийн зардал, далайн боомт дээрх ачиж буулгах зардал багтсан/ үнээр нүүрсний жишиг үнэ тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч иржээ. Гэвч тухайн үед үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Шивээ хүрэн, Гашуунсухайтын DAF /барааны үнэ, хил хүртэлх тээврийн зардал, ачиж буулгах зардал зэргийг багтаасан/ үнээр нийлүүлдэг байжээ. Зарим тохиолдолд нүүрсийг EXW / уурхайн амны ачилтын зардал багтсан/ үнээр худалддаг байсан байгаа юм. Ийнхүү хилийн болон уурхайн амны нөхцөлөөр бүтээгдэхүүнээ хямд үнээр нийлүүлж байхад, боомтын үнээр жишиг үнэ зарлаж өндөр татвар авлаа гэж экспортлогчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байлаа. Тиймээс Засгийн газар 2012 оны аравдугаар сараас 2013 оны дөрөвдүгээр сар хүртэл нүүрсний гэрээний үнээс ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авсан байна. Өөрөөр хэлбэл, жил гаруйн хугацаанд нүүрс борлуулсан бодит үнээс нь татвар авсан гэсэн үг. Гэвч энэ хугацаанд компаниуд нүүрсний үнээ гэрээндээ тусгадаггүй. Тусгалаа гэхэд зах зээлийн үнээс 30-40 хувиар доогуур үнэ тавьдаг. Үүнээс болж төсвийн орлого тасалдсан учраас цөөхөн хэдэн компанийг эс тооцвол, дийлэнх нь дахин FOB үнээс ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөх болжээ. Тодруулбал, засгийн газар 2014.03.21-нд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж экспортод гаргах гэрээний үнээс ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр 2014.04.01-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ боломжийг тухайн үед Энержи ресурс, МАК, Соут гоби сэндс, Эрдэнэс тавантолгой зэрэг цөөхөн хэдэн компани ашиглаж байжээ. Эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандорж: Гэхдээ тэд сар тутам бус, жилийн эцэст гэрээний үнээр тооцуулж татвараа төлнө гэдгийг тухайн үед онцолж байсан юм. Ийнхүү манай улсын цөөхөн компани гэрээний үнээсээ ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөхөөр болов. Бусад нүүрсний компаниуд яагаад энэ боломжийг ашиглахгүй байгаа талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн газраас тухайн үед тодруулахад, гэрээний болон жишиг үнийн зөрүү 10 хувиас хэтрэх ёсгүй. Үүнээс дээш зөрүү гарсан тохиолдолд гэрээний үнээр тооцохгүй, жишиг үнээр тооцож татвар авна. Энержи ресурс, МАК, Саут гоби сэндс, Эрдэнэс-тавантолгой зэрэг компаниуд тайлан тооцоогоо бодитоор гаргаж байгаа учраас гэрээний үнэд шилжсэн. Бусад компаниудын хувьд үнэ нь батлагдахгүй,нотлогдохгүй байгаа учраас http://en.sxcoal.com сайтад зарлагдаж байгаа нүүрсний FOB үнийг жишиг болгож татвар авч байгаа гэх тайлбар өгч байсан юм. Ийм шалтгааны улмаас хятадын нэгэн сайтад зарлагдаж байгаа өндөр үнээр жишиг үнэ тогтоож, дийлэнх нүүрс экспортлогчдоос суурь 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахын зэрэгцээ, 5 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авч байжээ. Тиймээс үйлдвэрлэгчдийн зүгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бууруулах. Эсвэл жишиг үнээ бодитой тооцох хэрэгтэй гэж дахин хүсэх болов. Тухайлбал, экспортод гаргах эрдэс бүтээгдэхүүнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уурхайн байршил, бүтээгдэхүүний чанарыг харгалзан хил нөхцөл ба уурхайн амаар тооцдог болох хэрэгтэйг экспортлогчид хэлж байв. Хилийн үнийн тухайд  нүүрсэн дээр Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтын үнээр зарлах хэрэгтэй, Үүнээс гадна, уурхайн амны үнийг давхар зарлаж байх хэрэгтэй гэж үзэж байв. Жишиг үнийг ингэж тооцож, өөрийн орны нүүрсний үнийг бодитоор тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэг гарц байгаа. Үүнээс гадна, ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг өөрчлөх боломж бас байгааг хэлж байв. Ер нь уул уурхайн компаниуд 2011 оноос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж эхэлсэн байдаг. Үүнд тогтмол таван хувийн татвар төлөхөөс гадна, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн өсөлт бууралтаас хамаарч 5 хүртэлх хувийн нэмэлт төлбөр төлж ирсэн. Үүгээр тооцвол, экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнд 10 хүртэлх хувийн татвар ногдуулж ирсэн байгаа юм. Үүнийг өөрчлөх гарч байгаагаас гадна, АНУ, Канад, Индонез, Австрали, Казакстаны жишиг үнэ тооцоолдог арга туршлагыг өөрийн орныхтой харьцуулан судлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, экспортын гэрээний бодит үнэ дэлхийн зах зээлийн үнээс өссөн болон буурсан үед, жишиг үнэд тохируулга хийдэг болох. Мөн борлуулалтын үнийн дүнгээс боловсруулалтын зардал зэргийг хасдаг олон улсын механизмыг судалж, өөрийн орны нөхцөлд ашиглах хэрэгтэй гэж үзэж ирсэн юм.

-Мардай, Гурванбулаг, Дорнодын ураны орд-

Мардай, Гурванбулаг, Дорнодын ураны орд газрууд
Дорнодын ураны орд: Хөндлөн хэсэг, Хүдрийн орд №7, 
Улаан: Хүдэржилтийн түвшин (>0.10% U)
Шар: Хүдэржилтийн түвшин (0.02-оос 0.10%-ийн U)
-Дэлхийд гарсан компаниуд-

Монгол улсад ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 18 компани Австрали, Хонконг, Лондон, Нью-йорк, Тронто зэрэг дэлхийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг байлаа. Тухайлбал, Оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн Айвенхоу майнз, алтны Центерра голд, уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Денисион майнз корпораци, Блуе рок ресурсес, зэс хөнгөн цагаан олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Би Эйч Пи биллитон, Эрдэнэ ресурсес, Соут гоби энержи ресурсес, Баяфиелд вентурес корпораци, Вестерн проспектор, Энтри голд, Кю Жи Экс, Портресс минералс, Ийст азиа минералс корпораци, Ред хилл энержи, Соломон ресурсес, Ланд дрилл, Мега ураниум, Хан ресурсес, Петро Матад, Монголиа энержи корпораци, Хүннү Коал, Мажор дириллинг групп, Магнум ресурсес зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 18 компани Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжаалж ирсэн юм. Тэгвэл одоо энэ тоо 50 хол давжээ. Эдгээрээс Энержи ресурс, Монголиа энержи корпораци, Харанга айрон, Хүннү коал, Петро матад зэрэг компаниуд монгол хувь нийлүүлэгчтэй аж.Оюутолгой компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн зах зээлд арилжаалагдсан зүйл одоогоор алга. Харин оюутолгойн ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалагдсан ирсэн. Айвенхоу майнз компани Канадын Тронтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд үнэт цаасаа арилжаалж Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн ордод хөрөнгө оруулалт хийсэн билээ. Тухайлбал, Канадын Айвенхоу майнз лимитед компани 2005.01.18-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан байна. Айвенхоу Майнз хувьцаагаа арилжиж эхэлсний таван жилийн ойг тэмдэглэж Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааг тус компанийн ерөнхий захирал Роберт Фрийдланд нээж хонх цохисон байна. Айвенхоу Майнз компанийн ерөнхий захирал Роберт Фрийдланд: Өнгөрсөн 5 жилд Айвенхоу Майнз компани Ази Номхон далайн бүс нутагт эрдэс баялгийн төслүүдийг үр өгөөжтэй хэрэгжүүлэгчээр тодорлоо. Айвенхоу майнз стратегийн түнш Рио Тинтогийн хамтаар Монголын зэс-алтны дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгой ордыг ашиглахаар Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Манай охин компани Соут Гоби Энержи Ресурс Монголд байгуулсан анхны уурхайгаасаа өндөр чанарын нүүрсийг Хятад руу экспортолж байна. Мөн өөр нэг салбар Айвенхоу Австрали гэхэд рени, молибденийн дэлхийд хамгийн өндөр зэрэглэлийн нөөцийг илрүүлсэн. Сүүлийн жилүүдэд Азид завшаан олгосон хөрөнгө оруулагчдад гүн талархал дэвшүүлэх хэрэгтэй. Хойд Америкийн хөрөнгийн зах зээл биднийг Монголд хайгуул явуулахад болон төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн үлэмж үүрэг гүйцэтгэсэн. Одоо Монгол Улс байгалийнхаа баялагийг ашиглах хөрөнгө оруулалтад түшиглэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ эрин цагтай золгоод байгаа юм. Монголчууд одоо болон ирээдүйдээ урьд өмнө байгаагүй их хэмжээний үр ашгийг хүртэх боломжтойг онцолжээ. Тус компани оюутолгой баяжуулах үйлдвэрээс хойд зүгт ойролцоогоор 10 километрийн зайд алт, зэс, молибдены шинэ судал нээсэн нь тус ордын хэмжээг хойд зүгт 3 километрээр нэмэгдүүлж 23 километрт хүргэсэн байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл найдвар төрүүлж эдийн засгийн хямралын үед 3 ам.доллар болтлоо буурсан тус компанийн хувьцааны ханш нэгэн үе 28 орчим ам.доллар болж өссөн удаатай. Гэвч тус компанийн нэрийг Туркойз хилл болгон өөрчилж, 51 хувийг нь Рио Тинто эзэмших болсон цагаас хойш тус компанийн хувьцааны ханш бууралттай байгаа юм. Анх Айвенхоу майнз компани Оюу толгойн ордын тусгай зөвшөөрлүүдээс гадна, Өмнөговь аймагт орших Манхат, Хөх хад, Улаан уулын зэсийн илэрц бүхий газруудад ашиглалтын лиценз эзэмшдэгээс гадна, хайгуулын 67 лиценз эзэмшдэг гэгдэж байлаа. Дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн анх мэндэлсэн үндэсний компани бол, Дорнод аймагт газрын тосны хайгуул хийж буй Петро матад компани юм. Тус компани 2008 оны тавдугаар сард Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлж, анхдагч зах зээлд үнэт цаасаа нэг бүрийг нь 35 пенсээр арилжаалжээ. Хайгуулын ажилдаа шаардлагатай хөрөнгийг босгосон нь энэ аж. Лондонгийн хөрөнгийн биржэд хувьцаа гаргана гэдэг тус компанийн хувьд нэр хүндийн хэрэг юм. 2011-03-26-ны байдлаар Петро Матад компанийн 40 хувийг Петровис, 18 хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, 7 хувийг Форест беррисс, 6 хувийг Галена спешл ситвейшион мастер фанд, 3 хувийг Кофе хаус группийнхэн эзэмшдэг гэх мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж байлаа. Тус компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан XX талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг дангаараа эзэмшдэг байна. XX талбай нь Петро Чайна компанийн салбар Daqing Oilfields компанийн газрын тос олборлож байгаа талбайн хил залгаа өмнө талд 2 километрийн зайд оршдог. Газрын тосны хайгуулын XX талбай буюу Давсан толгойд 2009 оны долоодугаар сард өрөмдлөг хийж газрын тос илрүүлсэн гэдэг. Өрөмдлөгийн ажлыг тус компанийн гэрээт олборлогч болох Ди Кю Ей хийсэн бөгөөд Давсан толгойн түүхий нефтийн нөөц 200 сая баррельд хүрсэн гэх нь бий. Канадын алт олборлолтоор тэргүүлэгч Центерра голд компани Төв аймгийн Борнуур сумын Сүжигтэйн алтны орд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын алтны орд, Сэлэнгэ аймгийн мандал сумын Гацуурт, Хараа, Билүүтийн алтны ордын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэгээс гадна, хайгуулын 56 лиценз эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тум компанийг Бороо гоулдын толгой компани гэдгээр нь хүмүүс андахгүй билээ. Тэгвэл Канадын  Ред хилл энержи инк мэга компани Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Улаан овоогийн нүүрсний ордын ашиглалтын лиценз эзэмшдэгээс гадна, Архангай, Дорноговь, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймгуудад хайгуулын 17 лиценз эзэмшдэг гэнэ. Канадын Вестерн проспектор компани манай улсад 2007 оноос эхлэн ураны хайгуул хийж байгаа бөгөөд хайгуулын 10 лицензтэйгээр Дорнод болон Төв аймагт үйл ажиллагаагаа явуулдаг гэх нь бий. Канадын Энтри голд компани Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Цогтцэций, Ханбогд сумуудад хайгуулын найман лиценз эзэмшдэг. Тэгвэл Кю Жи Экс компани Дорнод, Хэнтий, Өмнөговь, Говь Алтай, Сүхбаатар, Ховд аймагт хайгуулын 18 лиценз эзэмшдэг гэгдэж байлаа. Дээрх компаниудаас монгол хувь нийлүүлэгчтэй хэд хэдэн компани байгаа юм. Тухайлбал, Энержи ресурс, Монголиа энержи корпораци, Хүннү коал, Петро матад зэрэг компаниуд монгол хувь нийлүүлэгчтэй юм. Hunnu coal :Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай Хүннү коал компани 2010 оны гуравдугаар сард Автсралийн хөрөнгийн зах зээлд хөл тавьж 20 сая доллар босгосон гэх мэдээлэл бий. Хүннү коал компани IPO хийсэн анхны өдөр тус компанийн хувьцаа 33 австрали центийн ханштай байжээ. Энэ цагаас хойш тус компанийн хувьцаа бусдын ажил өсч буурч ирсэн. Хүннү коал компани Хүннү ресурсес охин компаниараа дамжуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Тус компани уул уурхайн 10 гаруй төсөл дээр үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Тухайлбал, тавантолгойн ордоос 40 километрийн зайд орших Цант уулын талбайд хайгуулын ажил хийж сайн чанарын коксжих нүүрс илрүүлжээ. Тус компанийнхан эхний ээлжинд 50-100 сая тонн нүүрсний нөөц Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулахаар төлөвлөж байсан юм. Ерөнхий сайд асан С.Батболд: дээрх компаниуд дэлхийн хөрөнгийн зах зээлээс 15 тэрбум ам.доллар босгосон тухай мэдэгдэж байсан удаатай. Тиймээс дээрх компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах тухай асуудал 2009 оны тавдугаар сарын 12 хавьцаа сөхөгдөж байлаа. Ингэхдээ, манай улсад ашигт малтмалын лиценз эзэмшиж байсан хуучны Айвенхоу майнз компанийн охин компани болох Соут гоби энержи ресурсийн хувьцааг Монголын хөрөнгийн биржэд арилжаалах ажлыг эхлүүлж байсан юм. Энэ ажил тухайн үед яриа, хэлэлцээрийн шатанд явлаа. Энэ тухай тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн захирал Содхүү: Монголын хөрөнгийн бирж дээр дээрх 18 гаруй компанийн хувьцаа арилжаалагдаж эхэлбэл монголчууд тэдний хувьцааг худалдан авах замаар байгалийн баялгаасаа хувь хүртэх боломжтой болно. Худалдаж авч дийлдэггүй юм гэхэд дээрх компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалснаар тэднээс орж ирэх татвар нь манай улсад үлдэх юм гэсэн тайлбар өгч байсан юм.Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүүгийн дэлхийн хөрөнгийн зах зээлд гарсан компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалах тухай мэдэгдлээс…

-Дэлхийн хөрөнгийн биржээс хэрхэн хувьцаа авдаг вэ-

Дэлхийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг дээрх компаниудын хувьцааг худалдан авахын тулд гадаад, дотоодын брокерийн компаниар зуучлуулах нь мэдээж. Ингэхдээ гадаадын зөвшөөрөл бүхий онлайн брокерийн компаниас гадна, дотоодын брокерийн компаниудаар зуучлуулж болдог байна. Хэрэв, иргэд онлайн брокерийн компаниар дамжуулан хувьцаа худалдан авах бол өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах үүднээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг Эс Ай Пи Си, Эф Ай Эн Аар Ай гэсэн байгууллагуудад гишүүнээр элссэн брокерийн компанийг эхлээд олох ёстой аж. Гэхдээ энэ нь гадаад хэлнээс гадна хөрөнгийн зах зээлийн асар өндөр мэдлэг шаарддаг. Тиймээс дотоодын брокерийн компаниудыг сонгох нь эрсдэл багатай болохыг Cover Mongolia компанийн ерөнхий захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл онцолж байсан удаатай. Манай улсад өнөөдөр 90 гаруй брокер, дилерийн компани байгаагаас цөөн тооны компани гадаадын хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авахад зуучилдаг байна. Гадаадын биржээс хувьцаа худалдан авахын тулд өөрийн сонгосон брокерийн компаниараа дамжуулан хувьцааны дансаа нээлгэж, хувьцаа худалдан авах мөнгөө байршуулах ёстой байдаг. Ингэхдээ доод тал нь 5000 ам.доллар дансандаа байршуулах ёстой болдог. Дансаа нээлгэж, дансандаа мөнгөө байршуулсны дараа хөрөнгө оруулагч та аль биржээс, ямар салбарын, ямар компанийн хувьцаа худалдан авахаа сайтар судлах ёстой. Хувьцааны ханш өсч буурах явцад хөрөнгө оруулагч та эрсдэл хүлээж болзошгүй тул судалгаагаа нарийн сайтар хийх нь зайлшгүй юм. Судалгаагаа хийсний дараа брокерийн компанидаа хандаж, хувьцаа худалдан авах болон худалдан борлуулах захиалгаа өгдөг байна. Хөрөнгө оруулагч таны өгсөн захиалгын дагуу тухайн брокерийн компани арилжаанд оролцож, таны хүссэн хувьцааг худалдан авч өгөх, эсвэл худалдан борлуулж өгдөг байна. Гэхдээ тухайн зуучилсан брокерийн компани худалдаж авсан хувьцааны үнийн дүнгийн нэг хувийг авдаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Гадаадын хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авах үйл явц энэ. Монголын хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авахтай төстэй. Гэхдээ ондоо зүйл бас бий аж. Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчийн хувьцааны данс Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төв дээр байршдаг бол, Гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчийн хувьцааны данс гадаадын брокерийн компани дээрээ байршдаг онцлогтой аж. 

-Дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжаалдаг компаниуд-

Тайлбар: Дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжаалдаг компаниуд 2006 оны байдлаар. Зарим компанийн нэр өөрчлөгдсөн байж болзошгүй.

Компани
Код  Сайт
Centerra Gold Inc.(Cameco)TSX: CGwww.centerragold.com
Ivanhoe Mines LtdNYSE,TSX: IVNwww.ivanhoe-mines.com
Denison Mines Corp.TSX:DML, AMEX:DNNwww.denisonmines.com
Bluerock resources ltdBRDwww.bluerockresources.com
BHP Billiton LimitedBHPwww.bhpbilliton.com
Erdene GoldTSX:ERDwww.erdene.com
QGX LimitedTSX: QGXwww.qgxgold.com
Asia Gold CorpSGQwww.southgobi.com
Bayfield Ventures, Mongolian PropertyTSX.V: BYVwww.bayfieldventures.com
Shaman resourcesIHSenergy.ihs.com
Khan Resources Inc.KRIwww.khanresources.com
Red Hill Energy Inc-Mega JV.(Mega Uranium Ltd.)TSX.V:RH
MGA
www.megauranium.com
Entree Gold Inc.TSX: ETG, AMEX:EGI, FRANKFURT: EKAwww.entreegold.com
Solomon Resources LimitedSRBwww.solomonresources.ca
Fortress Minerals Corp. (Denison Mines Corp.)TSX.V: FST,
DML
www.denisonmines.com
Western Prospector Group Ltd.TSX.V:WNPwww.westernprospector.com
East Asia Minerals CorporationTSX.V: EASwww.eaminerals.com
South gobi energy resoursesTSX.V: SGQwww.southgobi.com
Land DrillTSX:LD
Hunnu coalASX:HUNwww.hunnucoal.com
Petro matadLON: MATDwww.petromatadgroup.com
Polo resourcesAIM: POLwww.poloresources.com
Mongolia energy corporationHKG:0276 www.mongolia-energy.com
Major drilling Group international IncTSX:MDIwww.majordrilling.com
Magnum  D`or   resources IncOTCBB: MDOR,FRANKFURT:NBJA
Mongolian Mining CorpHK: 975www.mmc.mn

-Хүннү коал компанид хийсэн MICC-ийн судалгаа-

Хүннү коал нь 2010 оны хоѐрдугаар сарын 12-нд Австралийн бирж дээр бүртгэгдсэн бөгөөд IPO нь оны шилдгээр шалгарсан компани юм. Компанийн хувьцаа нь HUN кодтой арилжаалагдаж байна. Бид тус компанийн хувьцаанд үнэлгээ хийсэн эхний судалгаагаа Та бүхэнд танилцуулж байна. Судалгааны үр дүнд хувьцааны үнийг өсөх боломжтой гэж үзэж байна.

Компанийн тухай

Хүннү коал нь Монгол дахь үйл ажиллагаагаа өөрийн оxин компани Хүннү ресурсээр дамжуулан явуулдаг. Хүннү коал нь коксжих ба эрчим хүчний нүүрсний 10 гаруй төсөлтэй. Нийтдээ JORC стандартын шаардлагыг хангасан 414 гаруй сая тонн нөөц баялаг тогтоогоод байгаа. Уг компанийн хоѐр гол төсөл болох Цант-Уул 90 сая, Үнст худаг 324 сая тоннын нөөц баялагтай. Цаашдын хайгуул ба өрөмдлөгийн ажлын явцад энэхүү нөөцийн хэмжээг өсөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Цант-Уул коксжих нүүрсний төсөлдөө ашиглалтын лиценз авах гэж байгаа бөгөөд уг зөвшөөрлийг авснаар 2011 оны хоѐрдугаар хагасаас нүүрс олборлож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүннү коал нь 2010 оны хоѐрдугаар сард IPO хийснээр AU$20 сая доллар босгожээ. IPO хийснээс хойш хувьцааны нэгж үнэ 580 хувиар өсөөд байна. 2011 оны гуравдугаар сарын 9-нд Банпу минералс компани Хүннү коалын 30 сая ширхэг хувьцааг А$1.50 буюу нийт А$45 сая доллараар худалдан авчээ. Энэ нь арилжаалагдаж байсан спот үнээс 21 хувиар илүү юм. Ингэснээр Банпу минералс нь Хүннү коал компанийн нийт хувьцааны 12.4 хувь буюу хамгийн том хувьцаа эзэмшигч болж байна.

Гол үзүүлэлтүүд

Хүннү коалын ордууд нь JORC стандартыг хангасан 414 сая тонн нөөц баялагтай. Эдгээр орд нь одоогийн болон төлөвлөгдөж буйдэд бүтцэд ойр оршдог.

  • Цант-Уул коксжих нүүрсний төслийн ашиглалтын ажил эхэлсэн ба 2011 оны хагасаас олборлож эхлэх төлөвлөгөөтэй байна.
  • 2011 оны дөрөвдүгээр улиралд багтаан Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна.
  • Банпу минералс нь Хүннү коалын 30 сая хувьцааг зах зээлийн үнээс 21 хувиар илүү үнээр худалдан авч, нийт А$45 сая долларын хөрөнгө оруулснаар Хүннү коалын банкин дахь бэлэн мөнгө А$75 сая доллар хүрсэн.
  • Хүннү коал компанийн менежмент нь уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай багаас бүрддэг.

Эрсдэл

Компанийн хувьцааны үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй гол эрсдэлүүд нь нүүрсний чанарын үзүүлэлтүүд хангалтгүй байх, Хятадын гангийн үйлдвэрлэл буурч, нүүрсний үнэ унах зэрэг байж болно.

Төсөл 

Хүннү коал компани Монголд коксжих ба хүрэн нүүрсний 10 гаруй төсөлтэй. Одоогийн байдлаар ач холбогдол өгч буй хамгийн гол төслүүд нь Цант-Уул ба Үнст худаг юм.

Цант-Уул

Цант-Уул орд нь Өмнөговь аймагт оршдог. Тавантолгойн нүүрсний ордоос 40 км зайтай байрладаг. Уг орд нь 69,000 га талбайг эзэлдэг. Хүннү коал нь Цант-Уул төслийн 90 хувийг эзэмшдэг. 2011 оны хоѐрдугаар сарын байдлаар Цант-Уул төсөл дээр 187 цооног өрөмдөж, нийтдээ 28,029 тууш метр өрөмдлөгийн ажил хийгдсэн байна. 5 өрөмдлөгийн цооногийн шинжилгээний үр дүнд нүүрсний чанар дараах байдлаар тогтоогджээ.

Мөн хоѐрдугаар сард хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд нүүрсний угаагдах чанарыг тодорхойлохоос гадна металлургийн туршилт хийх зорилгоор Хятад болон Австрали улсын лабораториудад нүүрсний дээж явуулах болно. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд зориулсан дээжийг мөн энэхүү өрөмдлөгийн ажлаас авах юм. Бид компанийн удирдлагатай ярилцаж, дараах мэдээллийг авсан болно:

  • Цант-Уул уурхай ашиглалтад орсноор 3 жилийн дотор 10 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Жилийн олборлолт ойролцоогоор 1.5-3 сая тонн байх болно.
  • Олборлосон нүүрсийг уурхайн амнаас нийлүүлэх боломжтой
  • Хөрс хуулалтын коеффициент 3:1
  • Урдьчилсан тооцоогоор олборлолтын зардал нь $15-$20/т байна.

Үнст худаг

Үнст худаг орд нь Дундговь аймагт оршдог. Төмөр замаас 180 км зайд орших ба нийт 59,000 га талбайтай. Хүннү коал нь Үнст худагийн ордоос зүүн хойд хэсэгт орших Хар Тойромын шинэ ордод гол анхаарлаа тавьж ажилласан. Тус ордын JORC стандартыг хангах нөөц нь нийт 324 сая тонн ба 140 м гүнд 58.9 м хүртэлх зузаантай нүүрсний давхарга илэрчээ. Үнст худаг ордын 324 сая тонн нөөцийн 226 сая тонн нь нөөц баялгийн хувьд Хэмжигдсэн ба Тогтоодсон ангиллын нүүрс юм. Уурхайн төлөвлөгөө, ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх судалгаа зэрэг нь батлагдсан. Түүнчлэн Хятадын Эрээн хот хилийн боомтоор тээвэрлэлт хийх нь тохиромжтой хэмээн үзэж тээвэрлэлтийн судалгаа явуулсан ба төлөвлөгөөний ажлууд дуусах шатандаа явж байна.

Тэнүүн-2

Тэнүүн-2 орд нь Өмнөговь аймагт оршдог ба 3,360 га талбайтай. Уг орд дээр өмнөx ажлаас илэрсэн нүүрсний давхаргууд дээр голлож ажиллаxаас гадна шинээр өрөмдлөг хайгуулын ажил хийх болно. Эхний судалгаагаар уг орд нь сайн чанaрын эрчим хүчний нүүрстэй болох нь тогтоогдоод байна.

Говь-Алтай дахь кокcжих нүүрсний төслүүд

Говь-Алтайн төслүүд болох Ар зүүн гол/Зүүн гол нь 25,640 га газар эзэлдэг ба Хятадын хилээс ойролцоогоор 300 км зайтай оршдог. Уг төсөл дээр Хүннү коал 150-250 сая тонн нүүрсний нөөц баялаг тогтоохыг зорьж, хайгуулын ажил явуулж байна. 2011 онд томоохон өрөмдлөгийн ажил явуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд бид энэхүү төслийг Хүннү коалын коксжих нүүрсний нэг гол орд болно гэж таамаглаж байна.

Нөөц

Одоогийн байдлаар Цант-Уулын коксжих нүүрсний нөөц нь бусад компанийн коксжих нүүрсний нөөцтэй харьцуулахад бага байна. JORC стандартыг хангасан компаниуд дундааc Монголиан майнинг корпораци хамгийн их нөөцтэй. Нийт 499.9 сая тонн Хэмжигдсэн ба Тогтоогдсон нөөцтэй. Бид Хүннү Kоалыг одоогоор нүүрс олборлож байгаа компаниудаас Саусгоби Ресурстэй төстэй хэмээн үзэж байна. Туc компани нь нийт 300 сая тонноос давсан нөөцтэй нь тогтоогдсон. Үйл ажиллагаа нь хайгуyлын шатандаа явж байгаа компаниудаас Аспайр майнинг 330.7 гаруй сая тонн нүүрсний нөөцтэй нь илэрсэн. Одоогийн байдлаар Цант-Уул ордын нөөц нь бусад нүүрсний компаниудтай харьцуулахад харьцангуй бага боловч, цаашид хийх хайгуулын ажил нөөцийг нийлбэрээс нэмэгдүүлэх магадлалтай. 

Дэд бүтэц ба тээвэрлэлт 

Монголын уул уурхайг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь дэд бүтэц юм. Дэд бүтэц хязгаарагдмал өнөөгийн нөхцөлд эрдэс баялгийн ордуудын байршил чухал ач холбогдолтой билээ. Хүннү коал компанийн нүүрсний төслүүд нь байршлын хувьд одоогийн болон Монгол улсын Засгийн газраас байгуулахаар төлөвлөж буй авто замын сүлжээ, төмөр замд ойр оршдог тул Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд тохиромжтой юм. Монголын нүүрсний гол давуу тал нь Хятадын зах зээлд нэн ойр байршил билээ. Тийм ч учраас Хүннү коалын Цант-Уул, Үнст худагийн ордууд Хятадын хил рүү баригдах авто ба төмөр замд ойр байснаар тээврийн зардал нь бага байх болно. Монголын нүүрсний зах зээл дэх өрсөлдөгч компаниудтай харьцуулахад Монголиан майнинг корпорацийн тээврийн зардал хоѐр дахин бага байгаа нь байршлын давуу талыг харуулсан тод жишээ болж байна.

Монгол улсын Засгийн газраас уул уурхайн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд барихаар төлөвлөсөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас Цант-Уул орд нь холгүй оршдог. Мөн Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам тавигдах үед ашиглах бүрэн боломжтой нь давуу тал юм. Үнст худагийн орд нь Монголын ба Хятадын зах зээлд Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлээр нэвтрэх боломжтой. 2011 оны хоѐрдугаар сарын 11-нд төмөр зам барих ажлын анхны зөвшөөрлийг Монголын төмөр зам төрийн өмчит компанид өгснөөр зам тавих ажил 2011 оны эхний хагаст эхлэхээр болсон билээ. Одоогоор Хятадын хилийн боомт руу Гашуунсухайт болон Нарийнсухайтын чиглэлээс тавих төмөр замын ажил хэзээ эхлэх нь тодоpхойгүй байгаа ч Тавантолгойн анхны төмөр замын ажил эхэлснээр хоѐрдугаар шатны төслүүд хэрэгжих нь дөхөм болж байна. (Доорх газрын зураг дээр төмөр замын төслийн үе шатуудыг харуулжээ)

Хувьцааны ханшийн өөрчлөлт

Хүннү коал компани 2010 оны хоѐрдугаар сард Австралийн бирж дээр хувьцаагаа гаргаж, А$20 сая доллар амжилттай босгосон. Тус компанийн хувьцаа 2010 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 580 хувиар өссөн байна. Гуравдугаар сарын 9-нд Банпу минералс туc компанийн 12.4 хувь буюу 30 сая ширхэг хувьцааг арилжаалaгдаж байсан зах зээлийн үнээс 21 хувиар өндөр үнээр худалдаж авсан. Энэ гүйлгээ хийгдcэнээр компанийн банкин дахь бэлэн мөнгө А$75 сая доллар болж, Цант-Уул төслөө олборлолтын үе шатанд шилжүүлэx, бусад төсөл дээр өрөмдлөгийн ажил явуулах хангалттай хөрөнгөтэй болжээ.

Хөрөнгө оруулалтын зөвлөмж

Бид энэ удаад Хүннү коал компанийн хувьцааг дараах үнэлгээн дээр тулгуурлаж ӨСӨХ БОЛОМЖТОЙ гэж тооцоолж байна:

  • Хүннү коал нь ур чадвартай, туршлагатай, зорьсноо амжилттай биелүүлдэг менежментийн багтай компани юм.
  • Хүннү коал нь төлөвлөгдсөн болон одоо байгаа дэд бүтэцтэй ойр, мөн Хятадын зах зээлд асар ойрхон байрлах JORC стандартаар тогтоогдсон 400 гаруй сая тоннын нөөц бүхий шилдэг хөрөнгөтэй компаниудын нэг юм.
  • Банпу минералсын хөрөнгө оруулалт нь Цант-Уулын дэд бүтцийг өргөтгөх, уул уурхайн үйлдвэрлэлийн ажиллагааг эхлүүлж явуулах бололцоог олгож байгаа.
  • Бид Монголын нүүрсний салбар хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хятад улстай хөрш зэргэлдээ байрлах Монголын өндөр чанарын нүүрс нь дэлхийн хамгийн том олборлоогүй коксжих болон дулааны нүүрсний нэг бөгөөд Хятадын далайн чанадын импортыг маш хурдан өөрчилж байна.

Тус компанийн техник эдийн засгийн үндэслэл нь одоогоор бүрэн хийгдэж дуусаагүй байгаа тул бид энэ тайландаа үнийн судалгааг нарийвчлан оруулах боломжгүй байлаа. 

Занаду майнз, Аспайр майнинг болон Хүннү коал компаниуд нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд нүүрсний хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа шинэ залуу компаниуд юм. Хүннү коал нь үйлдвэрлэл явуулаагүй эдгээр компаниас дараах давуу талуудтай.

  1. Байршил. Цант-Уул нүүрсний төсөл нь Хятад руу тээвэрлэлт хийх гарцаас ойролцоогоор 5 км, Тавантолгойн уурхайгаас 40 км зайд оршдог. Ирээдүйд уг төсөл нь Монголиан майнинг корпорацийн Ухаахудаг төсөл болон Тавантолгойн уурхайн дэд бүтцийн өргөтгөлд хамрагдах ашигтай байрлалтай.
  2. 2011 онд төлөвлөгдсөн олборлолт. Хүннү коал компани нь Цант-Уул төслийнхөө олборлолтын үйл ажиллагааг 2011 оны сүүлийн хагас жилд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ашиглалтын лицензийнхээ өргөдлийг өгөөд байна. Хүннү коал нь дээрх олборлолт явуулаагүй байгаа компаниудаас хамгийн түрүүнд олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой компани юм.

Хүннү коал компани нь одоогоор олборлолт явуулж эхлээгүй, ордыг ашиглах ТЭЗҮ нь хийгдэж байгаа тул тус компанийн ирээдүйд олох ашгийг тооцоолох, улмаар уг компанийн хувьцааны үнэ цаашид хэд хүрэхийг тооцоолоход эрт байна. Хүннү коал компани олборлолт явуулж эхлэхэд нүүрсний чанарын хувьд ижил, (хамгийн сүүлийн нүүрсний чанарын мэдээгээр) хамгийн төстэй олборлолт хийж байгаа компани нь Саусгоби ресурс байх болно гэж таамаглаж байна. Монголиан майнинг корпораци, Саусгоби ресурс зэрэг олборлолт явуулж, нүүрсээ худалдаалдаг компаниудыг харьцуулалтын хүснэгтэд багтаасан. Хүннү коал компани олборлолт явуулж эхлэхэд эдгээр компаниyдын жишгээр үнэлэгдэх бөгөөд энэ нь компанийн хувьцааг цаашид өсөх бүрэн боломжийг харуулж байна.

Уул уурхайн салбарын мэдээлэл

Нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улс дулааны болон коксжих нүүрсний хязгаарлагдмал нийлүүлэлттэй тулгараад байгаа нь манай улсын хувьд ашигтай байрлалд байгаа нүүрсний ордуудад ихээхэн боломжийг олгож байна. Үүний зэрэгцээ нүүрсний хамгийн том экспортлогч Австрали улс үерийн гамшигтай тулгарсан нь Монголын уул уурхайн компаниудад ашигтайгаар нөлөөлж байна. Өндөр чанарын нүүрс болон тээвэрлэлтийн хямд зардлыг анхаарч үзвэл Монголоос Хятад руу гаргаж байгаа экспортын хэмжээ ирээдүйд өсөх хандлагатай байна.

Хятадын нүүрсний зах зээл

Нүүрс нь эрчим хүчний үйлдвэрлэлд гол үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 41 хувийг бүрдүүлж байна. Олон Улсын Эрчим Хүчний Ассоциацийн мэдэгдсэнээр Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс бөгөөд 79 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт багасч байгаа үед металлургийн нүүрсний эрэлт ихсэх болсон байна. Жижиг болон үр ашиггүй үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд тогтмол хаагдах болсон нь Хятад улс нүүрсний нийлүүлэлтийн дутагдалд орж байгаагийн илрэл юм. Түүнчлэн эрчим хүчний нүүрсний импорт 2009 онтой харьцуулахад 191 хувиар өссөн байна. Бид Хятадын дотоодын нийлүүлэлт багассан, мөн Энэтхэг улсын нүүрсний эрэлт өсч байгаатай холбогдуулан эрчим хүчний нүүрсний эрэлт ихэсч, нүүрсний үнэ өндөр хэвээр байх болно гэж таамаглаж байна.

Австралийнх буурч, Монголынх өсчээ

Хятадын дулааны болон коксжих нүүрсний импорт 2009 онтой харьцуулахад 2010 онд эрс өссөн байна. 2010 онд Хятад улс 166,22 сая тонн нүүрс импортолсон бөгөөд энэ нь 2009 оныхоос 39,58 сая тонноор илүү юм. Харин коксжих нүүрсний импортын хэмжээ 12,78 сая тонноор өсч, 2010 онд 47,27 сая тонн болсон байна. Дэлхийн хамгийн том нүүрсний экспортлогч Австрали улс дэлхийн коксжих нүүрсний 54 хувийг нийлүүлдэг. 2009 онд Хятадын дулааны нүүрсний импортын 66 хувийг Австралийн нүүрс эзэлж байсан бол, 2010 онд 37 хувь болж буурчээ. Харин Монгол улсын хувьд 2009 онд Хятадын коксжих нүүрсний импортын 12 хувийг эзэлж байсан бол, 2010 онд ойролцоогоор 32 хувь болж нэмэгджээ гэж MICC-ийн аналист Э.Золзаяа 10 гаруй жилийн өмнө тус компанийн хувьцаанд судалгаа хийж байжээ. 

-Занаду майнз компанид хийсэн MICC-ийн судалгаа-

Төрөлжсөн төслүүдтэй хайгуулын компани

2012.01.23. Монгол Улс. Улаанбаатар хот. /MICC/. Бид Занаду Майнс компанийн хувьцааг Эрсдэлтэй АВАХ үнэлгээтэй танилцуулж байна. Бид хувьцааны үнийг 0.93 австрали доллард хүрнэ гэж тооцооллоо.

  • Ирээдүйтэй төслүүдийг хэрэгжүүлж буй уул уурхайн хайгуулын компани. Тус компанийн удирдлага нь төсөл худалдаж авахдаа ашгийн боломжоос гадна байрлалын дэд бүтцийг харгалзан сонгодог. Одоохондоо дулааны нүүрс, кокжсон нүүрс, зэс болон алтны төсөлтэй бөгөөд дулааны нүүрсний төслүүдийн нөөц нь тодорхойлогдоод, хайгуул нь эцсийн шатанд ойртсон байна.
  • Бид зах зээлийн үнэлгээг нь харьцангуй хямд гэж үзэж байна. Тус компанийн КҮ/Баялагийн харьцаа нь төстэй компаниудынхаас бага байгааг бидний судалгаа үзүүллээ. Тус компанийн үнэлгээ нь сүүлийн үед худалдагдсан Хүннү Коал болон QGX-ийн Баруун Наран төслүүдээс харьцангуй хямд байна.
  • Чанартай хайгуулын төслүүд нь үнийн өсөх боломжтойг үзүүлж байна. Бид тус компанийг үнэлэхдээ кокжсон нүүрс, порфири зэс болон эпитермал алтны төслийн үнийг тооцоогүй билээ. Эдгээр геологичдын хувьд чанартай төслүүдийн JORC стандартад нийцэх баялаг нөөцийн тооцоолол нь хараахан гараагүй байгаа. Үүнд Эрдэнэтийн зэсний уурхайн зэргэлдээ байрлах төсөл багтана.
  • Дэлхийд томоохон түүхий эдийн олборлогч, нийлүүлэгчид тооцогдох Нобль Груп-тай стратегийн түншлэл байгуулсан. Занаду-Нобль-ийн хамтарсан компани болох Эх Говийн Чулуу ХХК-ийн эзэмшилд анхан шатны хайгуулын төслүүд байгаа нь ирээдүйд тус компанийг, эсвэл зарим төслийг худалдаж авах магадлалыг өсгөж байна. Ийм үйл явдалын улмаас Занаду-гийн хувьцааны үнэ өсөх боломжтой. 
  • Компанийн бүтэц нь төслийг тусгаарлаж худалдахад хялбар болгоно. Задану-гийн төслүүд нь ерөнхийдөө өөр өөр охин компанийн эзэмшилд байдаг тул ирээдүйд уул уурхайн олборлолтын компани худалдан авахад хялбар байх болно.

Компанийн тухай

Занаду Майнс компани нь анх 2005 онд Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн эрдэс баялагийн хайгуулын компани юм. Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа 2010 оны 12-р сард бүртгүүлж Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хөрөнгө босгосон. Тус компанийн хоёр дулааны нүүрсний орд нь JORC-ийн стандартын дагуу баялагаа тогтоосон бөгөөд 2012 оны эцсээр Нүүрстэйн кокжсон нүүрсний талбай дахь баялагийг тогтоох төлөвлөгөөтэй байна. Занаду Майнсын төслүүд нь ашиглалтанд байгаа төмөр зам болон ирээдүйд баригдахаар төлөвлөгдсөн төмөр замын дагуу байрладаг.

Занаду Майнсын хувьцаа эзэмшигчид

ТУЗ-ын Гишүүд 17.0%, Сакари Ресурсес 13.1%, Нобль Энэржи Групп 9.9%, Ийгл Секюритис 7.8%, Талбот Груп 1.8%, Бусад 50.4%

Занадугийн гол хувьцаа эзэмшигчдийн тоонд хоёр уул уурхайн олборлолтын компани байгаа бөгөөд эдгээр нь ирээдүйд Занадугийн боловсруулсан төслийг худалдан авах боломжтой юм. Сакари Ресурсес (Хуучин нэр нь Страитс Азиа Ресурсес) нь Сингапурын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй (Код: AJ1), Индонези улсад хоёр дулааны нүүрсний уурхайг ажиллуулдаг компани юм. Ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй бөгөөд одоогоор зөвхөн сайн чанарын дулааны нүүрс олборлож, борлуулах үйл ажиллагаанд төвлөрдөг аж. Тайландын Газрын Тосны Алба (PTT) нь Сакари Ресурсес-ын 45.4%-ийн хувьцааг эзэмшдэг. РТТ нь хувьчлагдсан боловч ихэнхи хувьцаа нь Тайландын төрийн өмчид хамрагддаг бөгөөд Тайланд улсын эрчим хүчийн аюулгүй байдлыг хангах зорилготой ажилладаг ажээ. Сакари-гаас гадна Хонг Конгод төвтэй Нобль Энэржи Груп Занадугийн хувьцааг эзэмшдэг. Нобль Груп нь Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй (Код: N21), хөдөө аж ахуй, эрчим хүч, болон уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, санхүүжүүлэх, тээвэрлэх гэх мэтийн үйл ажиллагааг багтаах дэлхийн хэмжээний нийлүүлэлтийн хэлхээг удирддаг. Тус компани нь Бразил, Аргентин, Австрали, Индонези зэрэг экспортлогч улсаас түүхий эдийг хямдаар авч, Хятад гэх зэрэг хөгжиж буй орнуудад нийлүүлдэг.

Төслүүд

Занаду Монголд дөрвөн нүүрс, гурван металын төслүүдийг идэвхитэй боловсруулж байна. Тус компани нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хайгуулын ажлаа гүйцэтгэсэн бөгөөд одоогоор хоёр төслийнх нь JORC стандартад нийцэх баялаг нөөцийн тооцоолол нийтлэгдсэн байгаа. Мөн тус компани нь Нобль Групптэй хамтарсан тус бүр нь 50 хувийг эзэмшдэг Эх Говийн Чулуу ХХК-г байгуулжээ.

Хар Тарвага

Энэхүү дулааны нүүрсний төсөл нь Занаду Майнс компанийн хамгийн анхаарал татсанд тооцогдох бөгөөд энэхүү ордыг 2007 онд нүүрсний тортог тээсэн тарвага харагдахад нээсэн тул ингэж нэрлэсэн ажээ. 2011 оны 10-р сард Занаду 100% эзэмшдэг энэхүү ордыг олборлох 30 жилийн зөвшөөрлийг авчээ. Уул уурхайн мэргэжлийн зөвлөх компани SRK нь Хар Тарвага ордод 327 сая тонн баялаг нөөц байхыг JORC стандартын дагуу тооцоолсон байна. Харин нүүрсэн давхаргуудын агаараар хатаасны дараахи энергийн агууламж нь 2434-өөс 3828 ккал/кг-ын хооронд бөгөөд 217 сая тонн баялаг нөөцийн хувьд 3592-3828 ккал/кг гэж хэмжигджээ. Хар Тарвага орд нь Төв аймагт төмөр замаас 45 км-ийн зайтай байрладаг. Занаду энэ орд дахь нүүрсийг ашиглахад уурхайн дэргэд цахилгаан станц ажиллуулах, эсвэл хиймэл шатахуун болгох гэсэн хоёр аргыг санал болгож байгаа аж. Хэдийгээр энэхүү орд нь Улаанбаатар хотоос 150 км-ийн зайтай ч тус компанийнхан цахилгааныг Хятад руу экспортлох болон Монголын цахилгаан түгээх системд холбох боломжтой гэж үзэж байна. Харин нүүрсээр шингэн шатахуун үйлдвэрлэх (Coal to Liquids буюу CTL) технологи нь өндөр өртөгтэй ч Монгол дахь эрчим хүчний бодлоготой нийцэж болох юм. Монголд томоохон хэмжээний газрын тосны нөөц одоохондоо тогтоогдоогүй тул Монгол улсын хэрэглээний бүх бензин, дизель зэрэг шингэн түлшийг гадаадаас оруулдаг. Занаду Майнс компани нь Нексант хэмээх мэргэжлийн зөвлөх компаниар Хар Тарвага дахь нүүрсийг шингэн, эсвэл хийн түлш болгож ашиглахад тохиромжтой эсэхийг судлуулсан байна. Нексант нь Хар Тарвага ордын нүүрсийг эдгээр төрлийн дахин боловсруулалтад зохимжтой гэж дүгнэсэн нь CTL технологиор бензин, дизелийг орлох шатахуун, эсвэл хиймэл байгалийн хий (synthetic natural gas буюу SNG) үйлдвэрлэх боломжтойг үзүүлсэн байна.

Галшар

Дорноговь аймагт орших энэхүү дулааны нүүрсний төсөл нь БНХАУ-ын хилээс 120 км-ийн зайтай бөгөөд Бор Өндөрийн хайлуур жоншны уурхайн салаа төмөр замаас 65 км-ийн зайтай. Занаду нийтдээ 340км2 хэмжээтэй 6 хайгуулын талбайгаас бүрдэх Галшарын төслийг 100% эзэмшдэг. 2011 оны 11 сард энд 170 сая тонн боломжит болон бодитой нөөц байхыг JORC стандартын дагуу тогтоожээ. Энэ ордын хэмжээг тодорхойлоход Занаду Майнс компани 2011 онд 8,707 метр бүхий 74 цооногийг өрөмдсөн байна. Агаараар хатаасны дараахи энергийн агууламж нь 2750-иас 4290 ккал/кг гэж хэмжигдсэн бөгөөд ихэхидээ 3300-4000 ккал/кг-ын хооронд байгаа аж. Одоогоор Занаду Майнс компани нь энэхүү ордын олборлолтын зөвшөөрлийг авах өргөдлөө бэлдэж байгаа бөгөөд геологчид нь энд цаашдаа өрөмдлөгийг үргэлжлүүлснээр баялаг нөөцийн хэмжээг 200 сая тоннд хүрэх боломжтой гэж үзэж байна. Занаду Майнс нь энэ орд дахь нүүрсийг мөн цахилгааны станцад, эсвэл CTL/SNG технологиор шатахуун үйлдвэрлэхэд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна, энэхүү ордын нүүрс нь сайн чанартай учир хатаах үйлдвэрт боловсруулсны дараа шууд гадаад руу гаргаж зарах боломжтой гэж үзэж байгаа аж.

Нүүрстэй

Занаду Майнс компанийн хамгийн чухал кокжсон нүүрсний төсөл болсон Нүүрстэйн JORC стандартын дагуу тооцоологдох баялаг нөөцийн хэмжээг 2012 оны эцэс гэхэд бэлэн болгож нийтлэх боломжтой гэж компанийн удирдлага хэлжээ. Тус талбай нь 40км2 хэмжээтэй. Энэхүү төсөл нь Хөвсгөлийн Мөрөн хотын зэргэлдээ орших бөгөөд Эрдэнэт хотын салаа төмөр замаас 300км-ийн зайтай юм. Занаду Майнс нь Эрдэнэтээс Мөрөн хүртэл төмөр зам барих төслийг санал болгон дэмжиж байгаа Монголын Хойд Бүсийн Төмөр Замын Холбооны (North Mongolian Railroad Association буюу NMRA) гишүүн юм. Энэ холбоонд Хөвсгөл аймагт төсөлтэй компаниуд болон бусад байгууллагууд багтдаг юм. 2011 оныг дуустал энд 3,500 метр бүхий 10 цооногийг өрөмдсөн бөгөөд дунд зэргийн налуутай 6-12 метрийн зузаантай нүүрсэн давхаргуудыг нээсэн байна. Угаах боломжийг шалгах анхан шатны судалгаа нь энэ нүүрсээр 12%-ийн үнслэг, бага хүхрийн агууламжтай, чөлөөлт хөөлт (CSN) 8-9 гэх зэрэг үзүүлэлттэй кокжсон нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгийг баталжээ. Нүүрстэйн төслийн 60%-ийг Занаду-Нобль-ийн хамтарсан Эх говийн чулуу компани эзэмшдэг бөгөөд цаашид хайгуулыг үргэлжлүүлснээр 20%-ийг нэмж авах эрхтэй юм. Үлдсэн хувийг Монголын Блакрок хэмээх компани эзэмшдэг ажээ. 

Жавхлант

Говь-Алтай аймгийн газар нутагт БНХАУ-ын хилийн дагуу байрладаг Жавхлантын талбай нь Бургастайн боомтоос 22км-ын зайтай юм. Талбайн нь 1000км2 хэмжээтэй бөгөөд Занаду Майнс компани нь энд анхан шатны нүүрсний хайгуул хийж байгаа ажээ. Мөн МоЭнКо ХХК-ийн талбай нь Жавхлантын зэргэлдээ оршдог. Энэхүү төслийн 60%-ийг Эх Говийн Чулуу хамтарсан компани эзэмшдэг бөгөөд эзэмшлээ 80% болгож ихэсгэх эрхтэй юм. Хавцгайт Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн зүгт 60км-ийн зайд орших Хавцгайт талбай нь Эрдэнэт хотоос 230км-ийн зайтай. Тус компани нь 2011 оны 11-р сард энэ талбайн лицензийг худалдаж авсан бөгөөд энд анхан шатны нүүрсний хайгуул хийж байна. Энэ талбай нь 29км2 хэмжээтэй, Эх Говийн Чулуу хамтарсан компанийн 100%-ийн эзэмшилд байдаг. Занаду 2012 оны турш энд нарийвчилсан судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Зэс: Амгалант болон Аргалант Уул

Занаду Майнс компанид хамгийн сүүлд нэмэгдсэн эдгээр төслүүдийн 80%-ийг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа худалдаж авах эрхтэй. Өмнөговь аймаг дахь энэ хоёр талбай нь Оюу Толгойн ордоос зүүн хойш 110км зайд, Цагаан Суварга зэс-молибдений ордны зэргэлдээ оршдог. 2008 онд анх эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 9 жилийн хугацаатай олгосон тул тус компани нь дор хаяж таван жил хайгуулын ажлаа өрнүүлэх хугацаатай. Амгалантын талбайн хэмжээ нь 109км2, харин Аргалант Уулынх нь 895км2 юм. Тус талбайд өмнө нь бараг хайгуул хийгдэж байгаагүй ч Занаду энд олон тооны томоохон хэмжээний Оюу Толгойн орд газарт ажиглагдсантай төстэй, гүний порфири төрлийн эрдэсжилтийн шинжийг илрүүлсэн геофизикийн аномали олсон байна.

Шарчулуут Уул

Тус талбай нь Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэтийн зэс-молибдений уурхайн зэргэлдээ байрладаг тул маш их ирээдүйтэй гэж Занаду-гийн удирдлагынхан үздэг. Шарчулуут Уул нь Эрдэнэтээс баруун хойш 40км-ийн зайд оршдог учир төмөр зам болон бусад дэд бүтцээс маш ойрхон оршино. Тус хайгуулын лиценз нь 488км2 хэмжээтэй бөгөөд энд нарийвчилсан хайгуул хараахан хийгээгүй байгаа. Гадаргуун хайгуул нь энд аргиллит чулуун бүрхүүлтэй томоохон хувирлын бүстэйг үзүүлжээ. Харин геохимийн судалгааны үр дүнд энэхүү чулуун бүрхүүлд нь их хэмжээний сульфиджилттэй эрдэсжилттэй холбогдох 0.42% хүртэлх агууламжтай зэсийн аномали, молибден, алт, мөнгө болон барийн агууламж бүхий эрдэсжилттэйг нотолсон байна. 

Хутаг Уул

100% Занаду Майнсын эзэмшил дэх Хутаг Уулын талбай нь 1,100 км2 хүрсэн том хэмжээтэй, Дорноговь аймагт БНХАУ-ын хилээс 40км-ийн зайд оршдог. Хэдийгээр энэ талбайд бараг хайгуул хийгээгүй ч зарим судалгааны үр дүнг ашиглаж Ногтот хэмээх хэсэгт өрөмдлөг хийсэн ажээ. Эдгээр өрмийн дээжээс 3 км-ийн урттай газарт зэсийн эрдэсжилт олсон байна. Үүний дараа 9,537 ширхэг хөрсний дээжийг дүгнэсэн гадаргуун геохимийн судалгаа хийсэн нь порфири зэс-алтны эрдэсжилт байх өндөр боломжтойг үзүүлжээ.

Алт

Занаду-гийн бүх алтны төслүүд нь хоорондоо ойрхон бөгөөд Дорноговь аймгийн Соленкер хэмээх эпитермал алтны бүсэд багтдаг. Занаду нь энэ нутагт дөрвөн хайгуулын лицензтэй бөгөөд эдгээр нь нийтдээ 401км2 хэмжээний талбайтай. Мөн энд илэрхий Ландсат болон геохимийн аномали олдсон байна. Энд бага сульфиджилттай эпитермал алтны эрдэсжилт байх боломжтой байгаа тул Занаду нь 2012 онд энд өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байгаа.

Эх сурвалж: Занаду Майнс

Элгэн Уул

Занаду Майнсын охин компани болох Алтан Занаду нь энэхүү төслийн 80%-ийг эзэмшдэг бөгөөд энэ талбай нь Хутал Уулын талбайн хажууд байрладаг ажээ. Занадугийн геологичид нь энд хийсэн гадаргуун судалгаанаас 3км-ээс илүү урттай эрдэсжилттэй, бага сульфиджилттай эпитермал судал олсон байна. Элгэн Уулын талбайд өрөмдсөн 6 цооног бүрээс 100-200 метрийн гүний элэгдлийн бүсийн доор алтны агууламжтай давхарга байхыг үзүүлсэн байна. Мөн эдгээр цооногоос алтны эрдэсжилттэй холбогддог стибнит ба хүнцлийн агууламжтай эрдэс чулуу гарсан байна.

Зос уул ба Сүүж уул

Эдгээр төслийн 80%-ийг Занаду Майнс нь мөн охин компани болох Алтан Занаду-аар дамжин эзэмшдэг. Хайгуулын үе шат нь ерөнхийдөө Элгэн Уулын талбайтай зэрэгцэж явагдсан боловч 2011 оны 9-р сард Занаду энд илүү нарийвчилсан өрөмдлөг хийж эхэлжээ. Занаду-гийн геологичид нь эдгээр талбайг Дунд төрөлтийн эриний халуун рашаантай холбогдолтой бага сульфиджилттай эпитермал систем гэж үзэж байна. Ийм системд эрдэсжилт олдох магадлал өндөр байдаг байна. 

Эрсдэлүүд: Түүхий эдийн үнэ

Бүх уул уурхайн хайгуулын компанид түүхий эдийн үнийн хэлбэлзэл хамгийн их нөлөөтэй байдаг. Занаду нь кокжсон нүүрс, дулааны нүүрс, алт болон зэсний төсөлтэй тул эдгээр түүхий эд тус бүрийн үнэ нь эрсдэл дагуулна. Жишээ нь Монголын кокжсон нүүрсний экспорт Хятадын гангийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой тул Нүүрстэйн төсөл нь эдийн засгийн үр ашигтай байх эсэх нь үүнээс шууд хамааралтай. Занаду болон Хөвсгөл аймагт кокжсон нүүрсний төсөлтэй бусад комданиуд нь ирээдүйд бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулахын тулд БНХАУ-ын оронд ОХУ-ын алс дорнод дахь далайн боомтоор дамжихыг санал болгодог. Харин Мөрөнгөөс Эрдэнэт хүртэл төмөр зам засах, кокжсон нүүрсийг ингэж хол байрлах боомт хүртэл тээвэрлэх нь ашигтай эсэх нь кокжсон нүүрсний ирээдүйн үнэтэй шууд холбоотой. Тиймээс БНХАУ-ын эдийн засгийн асуудал яаж шийдвэрлэгдэх нь эдгээр төслүүд ашигтай болох эсэхтэй шууд хамааралтай. Түүхий эдийн үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Салбарын Ерөнхий Байдал хэсгээс тодруулж уншина уу.

Улстөр, эрхзүйн орчин 

Зарим хүмүүс засгийн газар Оюутолгойд эзэмших хувиа өсгөхийг оролдсон явдлыг ардач буюу сонгуульд зориулж хийсэн тоглолт гэж үздэг. Ийм явдалууд уул уурхайн компаниудын хувьцааны үнэд сөргөөр нөлөөлдөг. 2012 он нь сонгуулийн жил тул гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд улс төрөөс хамаарах эрсдэл нэмэгдэнэ.

Зардал хэтрэх

Занаду дулааны нүүрсээр цахилгаан, эсвэл шингэн түлш бэлтгэхэд зориулахыг санал болгодог. БНХАУ их хэмжээний дулааны нүүрсний баялагтай тул хил дээрхи үнэ нь хямд бөгөөд Монголоос ашигтайгаар экспортлоход хэцүү байдаг. Ийм учраас Хар Тарвага болон Галшар дахь нүүрсийг цахилгаан станц, эсвэл шингэн болон хийн түлш үйлдвэрлэхэд хэрэглэх нь илүү ашигтай байж болзошгүй. Занаду Майнс нь эдгээр ордыг олборлолтын компанид зарах сонирхолтой тул санал болгосон эдгээр хэрэглээнд учрах эрсдлийг ойлгох нь чухал. Бид эдгээр үйлдвэрийг барихад шаардагдах өртгийг илүү нарийвчлан толилуулъя. Монголд сүүлийн жилүүдэд шинээр цахилгаан түгээх сүлжээ барих томоохон төсөл явагдаагүй тул шинээр ийм дэд бүтцийг байгуулахад шаардагдах зардал нь тодорхой биш байдаг. Харин ММС-ийн Ухаа Худгийн уурхайд зориулж төлөвлөсөн гурван 6МВ-ийн цахилгаан станцын эхнийх нь 57 сая ам.долларын өртөгтэй байсан. Үүнтэй харьцуулбал Монголын хамгийн том, Улаанбаатар хотын нийт хэрэгцээний 70%-ийг хангадаг ТЭЦ-4 нь 540 МВ-ын хүчин чадалтай. Хэрэв нэгж хүчин чадлын зардлыг нь харьцуулж авч үзвэл 600МВ-ын цахилгаан станц барихад 570 сая ам.доллар шаардагдах тооцоо гарна. Сүүлийн үед газрын тосны үнэ улам ихсэнэ гэж ихэнхи шинжээчид үзэж байгаа тул CTL болон LNG гэх мэт шингэн түлшийг үйлдвэрлэх шинэ аргуудыг хүмүүс анхааралдаа авч байна. Одоогоор АНУ-д өдөрт 50 мянган баррель шингэн түлш үйлдвэрлэх хүчин чадвартай CTL үйлдвэр байгаа нь өдөрт дунджаар 40-50 мянган шоо метр ус шаарддаг. Иймээс асар их хэмжээний усны хэрэглээг хангах асуудал нь Монголд ийм технологийг нэвтрүүлэх боломжтой эсэхийг шийднэ. Бусад улс орнуудад ажиллаж байгаа CTL үйлдвэрүүд алдагдалгүй ажиллахад шаардагдах нэг баррель түүхий газрын тосны үнэ нь 25-75 ам.доллар хүртэл өөр өөр байдаг (үүнд капитал хөрөнгө оруулалтын зардлыг тооцоогүй болно). Мөн байгаль орчныг хамгаалахын тулд нүүрсхүчлийн хийг хадгалах эсэх нь зардалд нөлөөлдөг. Дараахи хүснэгт нь зарим CTL үйлдвэрийг барихад шаардагдсан зардлыг үзүүлж байна. 

Шингэн шатахуун Монголд үйлдвэрлэх нь бензин болон дизель түлшний үнээс шууд хамааралтай. Саяхан хүртэл Монголд цорын ганц нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгч ОХУ-аас ирэх хангамжийн асуудалын улмаас Монголд түлшний хомсдол учирч байсан. Ийм учраас Монголын засгийн газар нь өөрийн гэсэн шингэн түлшний эх үүсвэртэй болгох шалтгаантай. Харин байгалийн хий буюу метаныг одоогоор Монголд түгээмэл хэрэглэдэггүй. Гэхдээ ирээдүйд ийм түлшний хэрэглээ ихсэх боломжтой. АНУ-ын Дюк их сургуулийн Цаг Уурын Өөрчлөлтийн Тухай Төрийн Бодлогын Нөхөрлөлийн 2009 онд хийсэн судалгаа нь Америк дахь нүүрсээр хиймэл байгалийн хий бүтээх үйлдвэрүүдийг байгуулах төслүүд нь 250 саяаас 2 тэрбум ам.долларын хоорондох зардалтай гэж тооцоолжээ. Энэ судалгаа нь мөн битумгүй нүүрсийг нүүрсхүчлийн хийг хорих арга хэмжээ авахгүйгээр хийн түлш болгоход 1 гига-Жоуль бүрт 10.05 ам.доллар, арга хэмжээ авбал 1 гига-Жоуль бүрт 11.12 ам.долларын өртөгтэй байхыг тооцоолжээ. Munish Chandel and Eric Williams. Synthetic Natural Gas (SNG): Technology, Environmental Implications, and Economics. Climate Change Policy Partnership. Duke University. 2009) Эдгээр томоохон нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад ихээхэн хэмжээний зардлын хөрөнгөөс гадна, асар их хэмжээний ус гэх мэт бусад байгалийн баялаг шаардагдах тул бид зардал хэтрэх нь гол эрсдлийн нэг гэж үзэж байна.

Салбарын Ерөнхий Байдал ба Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт

Сүүлийн жилүүдэд нүүрс олборлолт Монголын эдийн засагт чухал байр суурь эзлэх болсон. Олон томоохон уурхайнууд ашиглалтанд орсонтой холбоотойгоор ДНБ-д эзлэх нүүрсний экспортын хэмжээ огцом өссөн. Дэлхийн зах зээлд гарах гарц болох Оросын алс дорнодын боомтуудад хүрэх зардал хэт өндөр байгаа тул одоогийн байдлаар Монголын нүүрсийг ерөнхийдөө Хятад улс л худалдан авч байгаа. Харин Хятад-Монголын хил дээрхи нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээрх үнээс маш бага түвшинд байдаг бөгөөд шалтгаан нь харьцангуй бага тээврийн үнээс гадна, цорын ганц худалдан авагчтай Монголын тал үнийн хэлэлцээрт илүү ашигтай үр дүн олоход бэрхшээлтэй юм. Энэ байдлыг харгалзаж Монголын засгийн газар нь өөр олон зах зээлд гарах гарцыг эрэлхийлж байна. Үүний нэгэн тод жишээ бол Говь бүсийн нутгаас Оросын зүүн хойд хил хүртэл төмөр зам тавих ажлыг төлөвлөж байгаа явдал юм. Хэрэв Монголын уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд ойрын жилүүдэд гаргаж чадвал бүтээгдхүүнээ олон улсын зах зээлд өндөр үнээр борлуулж ашгаа нэмэгдүүлэх боломжтой.

Эх Сурвалж: Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл (2005-2010, 2011 оны бюллетень)
Эх Сурвалж: Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл (2005-2010, 2011 оны бюллетень)*Зураг 5 ба 6 дахь 2011 оны тоог 1-11-р сарын баримт дээр үндэслэн MICC тооцоолов.

Худалдан авах ба нэгтгэлийн Хэлцэл

Монголын алслагдмал бүс нутгуудад үйл ажиллагаа явуулах зардал маш өндөр байдаг тул уул уурхайн компаниуд хоорондоо нэгдэх, жижиг компаниуд том компаний эзэмшилд орох тохиолдол их байдаг. Үүнийг MMC QGX-ийг, Banpu Hunnu Coals-ыг эзэмшилдээ авсан зэргээс харж болно. Энэ байдал нь үргэлжлэх хандлагатай. Занаду шиг хайгуулын компанийг эзэмших сонирхол том компаниудад байх боломжтой бөгөөд энэ нь ХАМ-ийн зах зээлийн үнийг өсгөхөд хүргэнэ.

Татварын Бодлого

Монголын Татварын тухай хуулинд уул уурхайн ашигт малтмалын ашиглалтын татвар 5%-ийн доод хэмжээтэй байдаг. Харин нь тухайн бүтээгдхүүн ба зах зээлийн үнэ тус бүрээс шалтгаалан өөр өөр нэмэлттэй байдаг. 

Зураг 7: Монгол Улсын Ашигт Малтмалын Ашиглалтын Албан Татварын Хэмжээ

Эх сурвалж: Монголын Татварын Алба

Засгийн газар аж үйлдвэржилтийг дэмжих зорилгоор боловсруулсан нүүрсний бүтээгдхүүнийг НӨАТ-аас чөлөөлдөг. Харин боловсруулаагүй уул уурхайн бүтээгдхүүний НӨАТ 10% юм. Тиймээс угаасан нүүрсний нийт татвар 5%-иас дээш байдаг бол түүхий нүүрсний татвар 15%-аас дээш байдаг.

Лиценз авах

Холбогдолтой байгууллагын мэдээлснээр лицензтэй холбоотой хууль эрх зүйн тодорхойгүй байдалаас үүдэж маргаан гарах болсон тул Монголын Засгийн Газар лиценз олголтыг одоо болтол түр зогсоогоод байгаа ажээ. Монголд хайгуулын лиценз олж авах процесс нь зарим үед хууль эрх зүйн маргаан үүсэхэд хүрдэгийг эс тооцвол хялбар байсан. Ямар ч компани орон нутгийн засаг даргаар дамжин Ашигт Малтмалын Газарт хандаж хайгуулын лиценз авах хүсэлт гаргах боломжтой бөгөөд ноцтой татгалзах шалтгаан байхгүй бол эрхийг олгодгоос гадна 30 хоногийн дотор хариугаа хэлээгүй тохиолдолд лиценз автоматаар олгогдоно. Гэвч компани хууль зөрчсөн тохиолдолд засгийн газар лицензийг хураах эрхтэй байдаг.

Аж үйлдвэржилтийн давалгааны нөлөө

Монголд Хятад зэрэг хөгжиж буй орнууд сүүлийн арван жилд эрчимтэй аж үйлдвэржснээр тэдний ган болон эрчим хүчний эрэлт хэрэгцээ эрс өссөн. Тээвэрлэлтийн зардал хямд учир Монголын бүтээгдхүүний гол худалдан авагч нь Хятад улс байдаг. Гэхдээ Хятадын засгийн газар нь инфляци ба үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах нөлөөтэй байх болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх барааны экспортын хэмжээ өсөхийн хирээр Монгол улс бусад улс орнуудтай улам харилцан хамааралтай болж харилцагч орнууд дахь санхүү, эдийн засгийн өөрчлөлт, хямрал зэрэгт өртөмтгий болно. Хятад ба бусад ХБО-ны аж үйлдвэржилт үргэлжилсээр байвал түүхий эдийн үнэ өндөр хэвээр, эсвэл өсөлттэй байх өндөр магадлалтай. Гэхдээ өнөөгийн байдлаар Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орны эдийн засгийн өсөлт нь барууны орнууд руу гаргах экспортын хэмжээнээс ихээхэн хамаардаг байгаа тул ойрын хугацаанд барууны эдийн засгийн аливаа хямрал эдгээр орнуудад цохилт үзүүлсэн хэвээр байх болно. Харин барааны эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байгаа явдал нь үнийг өсгөж байгаа ч барууны орнуудын олон хөрөнгө оруулагчид эд барааны үнийн өсөлтийг ашиглахаар түүхий эдийг худалдан авч байгаа нь мөн үнийг өсгөхөд нөлөөлж байгаа. Барууны буюу хөгжсөн орнуудын хөрөнгийн зах зээлийн удаашрал нь хувьцаа, бонд зэрэг уламжлалт хөрөнгө оруулалтуудыг ашиг багатай болгосон тул барууны хөрөнгө оруулагчид ашиг олох өөр арга зам хайж байгаа. Тэд түүхий эдийн эрэлт хэрэгцээ ихсэх бөгөөд байгалийн нөөц барагдах учраас үнийг өснө гэж үзэж хөрөнгөө оруулж байгаа юм. Үнийг өсгөх энэ хүчин зүйл нь ямар нэгэн шалтгаанаар огцом өөрчлөгдвөл Монголын уул уурхайн салбарын орлогод сөргөөр нөлөөлөх магадлалтай. 

Үнэлгээ

Бид Занаду Майнс компанийн нэгж хувьцааны тооцоолсон үнийг салбар дахь адилхан шинж чанартай компаниудтай харьцуулснаас гадна ойрын хугацаанд болсон гүйлгээг ашиглан 0.93 австрали доллар гэсэн дүгнэлтийг санал болгож байна.

Салбар дахь Харьцуулалт

Бид Занаду Майнсын зах зээлийн үнэ цэнэ болон нөөцийн хэмжээний харьцааг (КҮ/Нөөц буюу EV/Resource) Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний хайгуулын болон олборлолт хийдэг хэд хэдэн компанийнхтай харьцууллаа. Нүүрсний чанар, төслийн үе шатыг нь харгалзан КҮ/Нөөцийн харьцааг тодорхой хэмжээгээр өөрчилж тооцсон юм. Төслүүлийн эрсдэл нь бүтээн байгуулалтын үе шатаас шалтгаалж том ялгаатай байдаг тул бид КҮ/Нөөц-ийн харьцааг өөрчилсөн. Энэ нь Занаду Майнс-ын хувьцаа харьцангуй хямд үнэлгээтэй байгааг үзүүлж байна.

Эдгээр компаниудын дунд ижил стандартаар тодорхойлсон гол үзүүлэлт нь JORC-ийн шаардлагын дагуу тооцоологдсон нөөц учраас бид энэхүү КҮ/Нөөц харьцааг хэрэглэв. Занаду-гаас гадна Монголд дулааны нүүрсийн төсөлтэй, гадаадын бирж дээр бүртгэлтэй өөр ганцхан Професи Коал компани байдаг ч, Монголын Хөрөнгийн Бирж дээр хэд хэд байдаг.

Ойрын хугацааны хэлцэл

Бид Занаду-гийн зах зээлийн үнийг тогтооход 2011 оны 5-р сард QGX-ийн Баруун Наран төслийг MMC, 9-р сард Хүннү Коалс-ыг Banpu эзэмшилдээ авах үед харилцан тохиролцсон үнийг харьцуулалт болгон хэрэглэлээ. Занаду-гийн дулааны нүүрсний төслүүд нь Баруун Наран, Hunnu Coals-ийн Үнст Худагийн ордуудаас төмөр замд ойрхон ч бид дэд бүтцийн ялгааг нэмж үнэлээгүй.

Жигнэсэн дундаж

Бид Занаду компанийн нэгж хувьцааны үнийг дээрхи хоёр аргачлалаар тооцоолсон үнийн жигнэсэн дундаж буюу 0.93 австрали долларт хүрнэ гэж үзэж байна. Мөн ирээдүйд Занаду компанийн зарим төслүүд, эсвэл охин компанийг худалдан авах хэлцэл болно гэж үзэж байна. Гэхдээ дээрхи хэлцлүүд нь өнгөрсөн жилд зах зээлийн байдал өөр байсан үед хийгдсэн тул бид харьцуулалтын дүнд илүү жин өглөө.

Хүснэгт 6: MICC-гээс тооцоолсон ХАM-ийн Нэгж Хувьцааны Үнэ

Таамаглал

Бид үнэлгээ хийх зорилгоор харьцуулалт хийхдээ компаний үнэлгээ болон нөөцийн харьцааг нүүрсний төрөл ба үйл ажиллагааны үе шатнаас шалтгаалан тодорхой хэмжээний хөнгөлөлтийн хувь бодсон гэж MICC компанийн аналист Э.Золзаяа 10 гаруй жилийн өмнө тус компанийн хувьцаанд судалгаа хийж байжээ.

-Эрдэнэ ресурсес компанид хийсэн MICC-ийн судалгаа-

2012.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. /MICC/. Монголд туршлагатай хайгуулын компани. Бид Эрдэнэ Ресурс Девелопмент компанийн хувьцааг 1.35 Канад доллар (ка.д)-аар үнэлж, ЭРСДЭЛТЭЙ АВАХ үнэлгээтэйгээр судалгаагаа эхлүүлж байна.

Хураангуй

  • Азидаа томоохонд тооцогдох молибдений орд (Зуун Мод), дэлхийн хамгийн том молибденийн зах зээлийн дэргэд. Молибдений дэлхийн зах зээл дээрх үнэ хэр өндөр байхаас шалтгаалж тус ордыг 2014 оноос бүтээн босгож, 2015 оноос олборлож эхэлж болох юм.
  • Урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) хийгдсэн Канадийн Нова Скотиа мужид байрлах коксжих нүүрсний уурхай (Донкин). Хэдийгээр ТЭЗҮ хийгдээгүй (зөвхөн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн) ч Эрдэний Донкин-д эзлэх хувь нь компанийн өөрийнх нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байж болно гэж бид үзэж байна.
  • Алтан Нараас гарах мэдээллээс шалтгаалж хувьцаа өсөх боломжтой. Эрдэнэ 2011 оны 11, 12 дугаар сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлах Алтан Нар хэмээх талбайд 3,300 метрийн өрөмдлөг хийсэн билээ. Өрөмдлөгөөс өндөр агууламж бүхий алт, мөнгө олдсон бөгөөд, 24 өрмийн 15-аас нь алт, мөнгөний аномал илэрсэн. 2012 оны 2 дугаар улирлаас хайгуул үргэлжилнэ.
  • Эрдэнэ АНУ-ын бетон зуурах хольцны үйлдвэрээс түрээс авч, каолин буюу цагаан шаврын үйлдвэрт хувь эзэмшдэг. Бетон зуурах хольцны үйлдвэр нь энэ сард ажиллаж эхэлсэн бөгөөд Эрдэнэ анхныхаа түрээсийн мөнгийг авсан.
  • Өсөх ирээдүйтэй байж болох бусад хайгуулын талбай. Алтан нарны ойр хавьд алтны, мөн Зуун Модоос хойно зэс молибдений ирээдүйтэй хэд хэдэн хайгуулын талбай байгаа бөгөөд эдгээр талбай дээр энэ онд хайгуулын судалгаа, өрөмдлөг хийнэ.
  • Монголд туршлагатай хайгуулын компани. Эрдэнийн захиралууд нь Монголд 1997 онд анх ирж байсан бөгөөд, Монголд нийтдээ 30 жил ажилласан туршлагатай (хүмүүсийнх нь туршлагыг нийлүүлвэл). Хайгуул хийхэд Монголд ажилласан туршлагатай байх чухал гэж бид үзэж байна.

Салбарын тухай

Монголын уул уурхайн салбарын одоогийн болон ирээдүйн огцом өсөлтийн тухай мэдээлэл, нийтлэл, өгүүллэг цөөнгүй гарсан: Хятадын цадашгүй түүхий эдийн эрэлт хэрэгцээ, салбарыг дэмжигч Засгийн газар, салбарын өсөлтийг дагах Монголын эдийн засгийн тэсрэлтэт хөгжил. Монголыг ашигт малтмалын хайгуулын сүүлчийн их хязгаар ч гэж хэлсэн. Энэ бүгд 2012 онд өөрчлөгдөх магадлал бага ч уул уурхайн салбарын хувьд 2012 он өмнөх хоёр жилээсээ илүү хатуу болох хандлагатай байна. 2011 оны зах зээлийн шуурга намдаагүй байна. Еврогийн бүсийн санхүү эдийн засгийн хярмал шийдэгдээгүй байгаа бөгөөд Хятадын эдийн засаг удаашрах хандлагатай байгаа билээ. Дэлхийн эдийн засаг удааширвал түүхий эдийн үнэнд нөлөөлнө. Тиймээс ч бид түүхий эдийн үнийн хувьд илүү болгоомжилсон байр суурьтай байгаа. Мөн 2012 он бол сонгуулийн жил байх болно. Улс төр тогтворгүй бол хөрөнгө оруулагчдын итгэл найдварт сөргөөр нөлөөлж болох юм. 2012 он бол Монголын уул уурхайн салбарын хувьд чухал жил байх болно. Энэ онд Оюу Толгой олборлолтоо хийж эхэлнэ. Мөн хэд хэдэн боловсруулах үйлдвэрээ барьж дуусгах юм. Бас Таван Толгойн ирээдүй 2012 онд шийдэгдэнэ. Одоогийн төлөвлөгөө бол Баруун Цанхи дээр гадаадын стратегийн хөрөнгө оруулагч компанийг ажиллуулах, мөн Лондонгийн бирж дээр хөрөнгө босгож гэрээлэгч компаний тусламжтайгаар Зүүн Цанхийг ашиглах юм. Эрдэнэс Монгол компанийн захирал Б. Энэбиш IPO энэ оны 5-р сард болох байх гэж Ройтерс-д мэдэгджээ. Харин өдийг хүртэл зурагдаагүй Баруун Цанхийн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар байгуулж сонгуулиас өмнө УИХ-аар батлуулж амжих уу гэж хөрөнгө оруулагчид асууж байна.

Эрэл хайгуулын салбар Монголд

Монголд ч, дэлхий дахинд ч ашигт малтмалын салбарт ерөнхийдөө хоёр төрлийн компаниуд ажилладаг. Нэгд, Рио Тинто, Монголиан Майнинг Корпораци (Энержи Ресурс) гэх мэтийн олборлогч уул уурхайн компаниуд байна. Хоёрт, олборлолт биш хайгуулаар дагнадаг компаниуд байна. Эдгээр жижиг хайгуулын (junior exploration) компаниуд болон тэдний хөрөнгө оруулагчдын үүрэх эрсдэл тэс өөр байдаг. Хайгуулын талбайтай нь харьцуулахад эдийн засгийн үр ашигтай хүдрийн биет хамаагүй жижиг юм. Тиймээс хайгуулын ажил бол энгийн, хялбар ажил биш. Амжилт олохын тулд аз хэрэгтэй байдаг. Гэхдээ хайгуулын геологичийн мэдлэг чадвар бас чухал. Бидэнд зөвлөдөг геологичдийн үзэж байгаагаар зарим хайгуулын компаниуд хоёр шалтгаанаас болж Монголд харьцангуй бага амжилт гаргадаг: нэгд, тэд тууштай, тэвчээртэй ажилладаггүй (хайгуулын ажилд тэвчээр хэрэгтэй); хоёрт, тэдний геологичид хэдийгээр туршлагатай боловч Монголын геологийг сайн мэддэггүй. Ямар ч хайгуулын компанийн хувьд хайгуулын судалгаа шинжилгээний дүнд зөв тайлалт хийх (тэдгээрийг зөв ойлгож мэдэх), мөн энэхүү мэдлэг дээрээ тулгуурлаж зөв газраа өрөмдөх бол хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл хайгуулын компаниудын хөрөнгө хязгаартай дээрээс өрөмдлөгө хямдхан биш учраас долоо хэмжиж нэг огтлох нь чухал. Эрдэнэд өгч буй үнэлгээндээ бид тус компанийн геологийн багийн мэдлэг туршлагыг тусгаж авсан билээ. Монголд ажиллаж буй хайгуулын компаниудыг доорх жагсаалтаас харж болно. Гэхдээ энэ бол бүрэн гүйцэд жагсаалт биш бөгөөд үүнд газрын тосны хайгуулын компаниуд ороогүй болохыг анхаарна уу:

Эдгээр компаниуд бүгд Канад, эсвэл Австралийн компаниуд гэдгийг дурдах хэрэггүй биз ээ. Канадад гэхэд л мянга мянган хайгуулын компаниуд бүртгэлтэй байдаг. Жижиг хайгуулын компаниудын хүсэл мөрөөдөл бол дараагийн Оюутолгой, Тавантолгойг олох. Гэхдээ Оюутолгой, Тавантолгой бол ховор ордууд. Олон мянган хайгуулын компаниудаас цөөн хэд нь л ийм ордыг олно. Ихэнх хайгуулын төслөөр эдийн засгийн ашиг бүхий орд олдоггүй. Тиймээс ч бид хайгуулын компаниудад үргэлж эрсдэлтэй гэсэн үнэлгээг өгдөг билээ. Томоохон нээлт хийсэн хайгуулын компани нь ихэнх тохиолдолд томоохон уул уурхайн компанийн тусламжгүйгээр ордоо дангаараа олборлох боломжгүй байдаг. Учир нь тэдэнд хөрөнгө мөнгө, техникийн мэдлэг чадвар дутдаг. Тиймээс ерөнхийдөө гурван сонголт байдаг:

  • Уул уурхайн компанитай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллах;
  • Ордоо тухайн уул уурхайн компанид зарах;
  • Заримдаа уул уурхайн компани хайгуулын компанийг шууд худалдаж авдаг. Ноднин жил гэхэд л Монголиан Майнинг Корпорац QGX (Баруун Наран)-г, Банпу Хүннү Коалыг худалдаж авсан. Энэ жил Рио Тинто Оюу Толгойг гартаа авахын тулд Айванхоу Майнзын 51 хувийг эзэмших болсон.

Компанийн тухай

Эрдэнэ Монголд анх байгуулагдсан болох нь нэрээс нь харагдана. Компанийн удирдлагын зарим гишүүд Монголд 1997 онд анх ирсэн бөгөөд тус компани 2002 онд анхныхаа хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байна. Эрдэнэ 2004 онд хувьцаагаа зарж эхлэн, 2005 онд Торонтогийн бирж дээр бүртгүүлжээ. 2005 онд Эрдэнэ Галант Минералсыг худалдан авчээ. Галант нь хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд үүнд Зуун Мод багтаж байсан юм. 2006 онд Эрдэнэ Каоклэе Ресурсес компанийг худалдан авснаар Хойд Америкт гурван төсөл дээр хувь эзэмших болсон байна. Эрдэнэ Монголд болон Хойд Америкт үйл ажиллагаа явуулдаг нь компанийг хөрөнгө оруулагчид хэт доогуур үнэлэх нэг шалтгаан болсон гэж бид үзэж байна. Учир нь Канадын хөрөнгө оруулагчид компанийн Канад дахь төслүүдийг голчлон үнэлж, Монголын хөрөнгө оруулагчид Монголд буй төслүүдийг нь үнэлж, харин Канадад байгаа төслүүдийг нь заримдаа орхигдуулдаг. Эрдэнэ нь Монголд үйл ажиллагаагаа Эрдэнэ Монгол ХХК хэмээх охин компаниараа дамжуулж явуулдаг.

Экстрата, Эрдэнэ хоёрын түншлэл

2006 онд Эрдэнэ Швейцарийн Экстрататай стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Гэрээний гол зорилго бол Монголд нүүрсний орд олж олборлох юм. Экстрата Эрдэний нүүрсний хайгуулын зардлыг дааж, харин аливаа төслийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг санхүүжүүлж гүйцэтгэснээр төслийн 75 хувийг эзэмших эрхтэй юм. Мөн Экстрата нь Эрдэний тав ба түүнээс дээш хувийг эзэмшиж байвал компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд гишүүн томилох эрхтэй. Экстрата бол дэлхийн томоохон нүүрс олборлогч компаниудын нэг билээ. Тиймээс Монголд томоохон нүүрсний уурхайг ажиллуулах сонирхолтой. Экстрата бол Таван Толгойн Баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагч болж ажиллах тендерт оролцсон компаниудын нэг юм. Түншлэлийн гэрээний дагуу Эрдэнэ хэд хэдэн талбайд томоохон коксжих нүүрсний орд илрүүлэх зорилгоор хайгуул хийжээ. Гэвч Экстратагийн шаардлагад нийцэх хэмжээ, чанар бүхий орд одоогийн байдлаар олдоогүй байна. Эрдэнэ, Экстрата хоёр нь Канадын Нова Скотиа-д коксжих ба эрчим хүчний нүүрсний орд (Донкин) эзэмшдэг билээ. Одоогийн байдлаар Экстрата Эрдэнэд илүү хувь худалдаж авах шалтгаан байхгүй гэж Эрдэний удирдлага үзэж байна.

Төслүүд зуун мод: молибен, зэс

Баянхонгор аймгийн Шинэжинст сумийн нутагт тоорой модтой Баянбүрдийн ойролцоо Зуун Мод хэмээх томоохон молибден, зэсийн орд оршдог. БНХАУ-ын хил болон Сэхээн төмөр замаас 200 км-ийн зайтай. Зуун Модод ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 оны 5-р сард олгожээ. 2011 оны 6-р сард бие даасан хөндлөнгийн компани болох Авсралийн Minarco Mine Consult Канадын NI 43-101 стандартын дагуу тус ордын баялагийг тооцоолсон байна. 

Эх сурвалж: Зуун Модын Техникийн Тайлан, Minarco Mine Consult

Энэ баялагийг зөвхөн Өмнөд Коридор гэж нэрлэгдсэн 3.6 км-ийн урттай газраас хэмжсэн байна. Энэ газрыг мөн Өмнөд Цагираг, Хойд Цагираг, Стокуорк гэж гурав хуваан нэрлэсэн бөгөөд Өмнөд Коридор нь өөрөө эрдэсжилт байж болох геологийн томоохон системд багтдаг байна.

Зуун Мод, Хөвийн Хар; Эх сурвалж: Эрдэнэ

Одоогоор Зуун Модод ил уурхайн оновчлол, металлургийн туршилт, байгаль орчны нөлөөллийн судалгаа болон усны геологийн судалгаа зэрэг урьдчилсан ТЭЗҮ-ийн хэмжээний судалгаа шинжилгээ явагдаж байна. Молибденийн үнэ өндөр байх тохиолдолд Зуун Модын бүтээн байгуулалт 2014 онд хийгдэж, олборлолт 2015 оноос эхлэх боломжтой гэж компанийн удирдлага нь барагцаалж байна. Зуун Модын төслийн үр ашиг, бүтээн байгуулалт нь молибдений үнээс гол нь хамаарах юм. Молибдений үнэ яг хэд байхад төслийг хэрэгжүүлж болох вэ гэсэн асуултанд урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хариулна.

Хөвийн Хар: Зэс ба Мөнгө

Зуун Модын Өмнөд Коридор хэсгээс 2 км газар мөн ижил порфири системд багтах Хөвийн Хар хэмээх газар нэг цооногоос 34 метрийн 1.3% зэсний агууламжтай чөмгөн дээж гарсан байна. Компанийн удирдлага нь Хөвийн Хар бүсээс гарсан геохими, геофизикийн илэрцүүдийг нарийвчилан судалж хайгуул хийх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд 2012 онд илүү өрөмдлөг хийх төлөвлөгөө гаргасан байна. 

Цэнхэр Номин: зэс, алт

Эрдэнэ Ресурсес Цэнхэр Номин гэгч Зуун Модоос 42 км-ийн зайд орших талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ талбайд одоогоор сонирхол татсан хоёр газар илэрсэн байна.

Номин Тал

Эрдэнэ компанийн Монгол геологич нь Цэнхэр Номины талбайд анхан шатны хайгуул хийх зуур энд хэд хэдэн ухасан нүх (том тогоо хэлбэрийн) байхыг анзаарчээ. Эдгээр нүхэнд заг мод ургасан байсан учир олон зуун жилийн өмнө ямар нэгэн шалтгаанаар хүмүүс ухсан гэж геологич нь таамагласан байна. Энд геохими, геофизикийн судалгаа хийсний дараа зургаан цооног өрөмдсөнөөс хагас метрийн зузаантай 13.3 гр/ тонн алт, 3%-ийн зэс, 26 гр/тонн мөнгөний агууламжтай дээж гарчээ.

Алтан Нар

Номин Талаас дээж авсны дараа Эрдэнэ компанийнхан 2.5 км-ийн зайд мөн Цэнхэр Номин талбайд багтах Алтан Нар гэж одоо нэрлэж байгаа газар хайгуул хийж эхэлжээ. Үүнд геологийн зураглал, чулуун сорьцны шинжилгээ болон хөрсний геохимийн судалгаа багтсан байна. Үүнээс 2км × 3км-ийн харьцаатай бүсэд хэд хэдэн алт, хар тугалга болон цайрын агууламж-тай геохимийн аномали олдсонд өргөн тархалттай 1.5 гр/тонн алтны агууламжтай хөрсний дээж болон 41.3 гр/тонн алтны агууламжтай чулууны сорьц багтсан байна.

Алтан нараас авсан чөмгөн дээж

Одоогоор Эрдэний удирдлагын баг нь Алтан Нарыг компанийн хамгийн ирээдүйтэй төслүүдийн нэг гэж үзэж байгаа ажээ. Энэ төсөлд багтах бүсэд 2011 онд геохими болон геофизикийн аномалиуд дээр өрөмдсөн дөрвөн цооногийн нэгээс (TND-09) 55 метрийн урттай 1.02гр/тонн алт, 12гр/тонн мөнгөний агууламжтай дээж олдсоноос 23 метр-д 2.07гр/тонн алт, 23гр/тонн мөнгөний агууламж байжээ. 2011 оны 11 сараас эхэлж энэ төсөл дээр 3,300 метрийн илүү нарийвчилсан өрөмдлөг хийсэн бөгөөд 12 сард цаг агаарын байдлаас болж өрөмдлөгөө зогсоосон байна.

Эх сурвалж: компанийн танилцуулга

Алтан Нараас авсан чөмгөн дээжний зарим хариу (сайн мэдээтэй гарсан нь)

Эх сурвалж: компанийн зарласан мэдээ

Эрдэнэ 2012 оны 2-р улирлаас эхэлж Алтан Нар дээр илүү нарийвчилсан геохими, геофизикийн судалгаа, нэмэлт өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: компанийн танилцуулга

Донкин (Канад): Coking and Thermal Coal

Донкин нүүрсний уурхайг Эрдэнэ, Экстрататай хамтарч эзэмшдэг (Эрдэнэ 25%, Экстрата 75%) бөгөөд Экстрата уурхайн үйл ажиллагааг гардаж явуулах юм. Донкин нь Канадын Нова Скотиа мужын Кэеп Брентон арлын Сидней хэмээх нүүрсний ордын нэг хэсэг болж оршдог. Донкин нь газар дор (далайн доор) байрладаг нь нүүрсний уурхайг ил уурхайгаар төсөөлж ирсэн Монголчуудад сонин санагдана. Гэхдээ Кэеп Брентонд далайн доор байрлах нүүрсийг далд уурхайгаар олборлосоор ирсэн олон жилийн түүх бий. Хойд Америкийн анхны нүүрсний уурхай энд байжээ (гэхдээ энэ уурхай нь ил уурхай байсан). Тиймээс нутгийн хүмүүсийн хувьд бол Донкиний байршил сонин биш юм.

Эх сурвалж: компанийн танилцуулга

Канадын Засгийн газар 1992 онд Донкин-ы дэд бүтцэд 100 сая канад долларын хөрөнгө оруулалт хийж, 2.2 км-ийн урттай хоёр газар доорх туннел барьжээ. Харин дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас болж Донкин орхигдсон байна. 2005 оны үед нүүрсний үнэ эргэж өссөнөөр Экстрата Донкин-ыг авчээ.

Донкин-ны урьдчилсан ТЭЗҮ-г Экстрата хийсэн бөгөөд хөндлөнгийн байгууллага болох Марстон & Марстон тус судалгааг шалгаж баталгаажуулсан байна.

Байршил бол Донкины нэг давуу тал юм. Донкиноос олон улсын зах зээлд нүүрс гаргахад тээврийн зардал харьцангуй бага орно. Тээвэрлэлтийн хоёр сонголт байгаа юм: нэгд, нүүрсийг галт тэргээр Сиднейгийн боомтод хүргэх (24 орчим км); хоёрт, ачааны усан онгоцоор нүүрсийг боомтод хүргэж цааш нь олон улсын зах зээлд гаргах. Урьдчилсан ТЭЗҮ-д хоёрдох сонголтыг илүү ашигтай гэж бичжээ. Харин гуравдах сонголт бол Донкиноос 20 орчим км газарт байрлах Нова Скотиагийн цахилгаан станцад дулааны нүүрсээ зарах юм.

Эх сурвалж: компанийн танилцуулга
Эх сурвалж: компанийн танилцуулга

Нүүрсний чанар

Донкиныг олборлолт хийгдэж байгаа бусад ордуудтай харьцуулахад нүүрсний чанарын хувьд ойролцоо байдаг.

Гранит Хилл (АНУ): Бетон зуурах хольц

Эрдэнэ нь АНУ-ын Жиоржиа мужид байрлах Гранит Хилл гэгч энэ сард ашиглалтанд орсон уурхайгаас түрээс авдаг. Aggregates USA Sparta LLC гэдэг компани энэхүү уурхайг ажиллуулдаг ажээ. Бетон зуурах хольцонд нь замын хучилт болон цементэд хэрэглэх бутархай чулуу, хайрга, элс багтана. 2010 оноос эхэлж 2.5 тонны хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрийг барьжээ. Тус үйлдвэр нь 120 сая тонноос илүү боржин чулууны нөөцтэй, 1.38 км2 хэмжээтэй талбайтай аж. 2012 оны 1-р сард Aggregates USA олборлолтоо эхлүүлсэн бөгөөд Эрдэнэ 2012 оны түрээсийн доод хэмжээ болох 165,000 ам.долларын төлбөрийг хүлээж авсан байна. Ирээдүйн түрээс нь үйлдвэрийн олборлолтын хэмжээнээс шалтгаалах бөгөөд энэ нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлтээс хамаарна.

APM (АНУ): Каолин буюу цагаан шавар

Эрдэнэ нь АНУ-ын Жиоржиа мужид цагаан шавар олборлодог APM буюу Advanced Primary Minerals Corp. (Торонтогийн бирж дэх код: ADP) компаний дийлэнхи хувийг эзэмшдэг. Олборлох материал нь каолинит гэгч эрдсийн өндөр агууламжтай чулуу бөгөөд шаазан, будаг, цаасан сав, цааны бүрэлт зэрэг олон зүйлсийг үйлдвэрлэхэд ашиглагддаг. Тус компани нь 16.1 тонн цагаан шаврын нөөцтэй.

Үнэлгээ

Бид Эрдэнийг 117 сая канад доллараар буюу нэг хувьцааг нь 1.3 канад доллараар үнэлж байна. Бид Эрдэнэд ЭРСДЭЛТЭЙ АВАХ үнэлгээг өгч байгаа юм. (Өөрөөр хэлбэл хувьцаа өндөр өсөх боломжтой, гэхдээ өндөр эрсдэлтэй.)

Зуун модын үнэлгээ

Зуун модыг бид хоёр өөр молибденийн ордтой харьцуулж үзсэн билээ. Эхний уурхайг Кицаулт гэдэг бөгөөд Канадын Бритиш Коламбиад байршилтай (эзэмшигч компани нь Avanti Mining). Хоёрдох уурхайг Спинифекс Ридж гэх бөгөөд Австралийн баруун хэсэгт байршилтай (компани нь Moly Mines Limited). Эдгээр төслүүд нь Зуун Модоос илүү боловсрогдсон шатанд явж байгаа гэдгийг бид үнэлгээндээ тусгаж авсан болно. (Одоогийн байдлаар энэ хоёр уурхай дээр ТЭЗҮ хийгдсэн бөгөөд, бүтээн босголт хийхэд бэлэн болоод байгаа юм байна.) Бид мөн эдгээр уурхайн байршил өөр болохыг тооцож үзсэн. Молибденийн захын агуулга 0.04 бол:

Донкины үнэлгээ

Донкины урьдчилсан ТЭЗҮ-ээр хийсэн тооцоогоор бол төслийн одоогийн цэвэр үнэлгээ (NPV) нь 1.06 тэрбум канад доллар (8 хувийн үнэ бууруулах хүүтэй) бөгөөд, энэхүү тооцоогоор бол Эрдэний 25% нь 256 сая канад доллараар үнэлэгдэж байна. Гэхдээ бид хоёр зүйлийг авч үзсэн: Нэгд, дэлхийн эдийн засаг удаашрах эрсдэл өндөр байгаа учир бид Монголын нүүрс олборлогч компаниудын коксжих нүүрсний үнийн урьдчилсан гүйцэтгэлийг бууруулсан. Мөн бидний үзэж байгаагаар Донкины урьдчилсан ТЭЗҮ-д орсон нүүрсний үнийн прогноз хэт өөдрөг байгаа юм. Хоёрт, эдгээр тооцоо дүгнэлт нь ТЭЗҮ биш урьдчилсан ТЭЗҮ-ээс гарсан гэдгийг бид авч үзсэн. ТЭЗҮ-г бодоход урьдчилсан ТЭЗҮ-ийн зөв байх магадлал бага байдаг.

Эрсдлүүд

Жижиг хайгуулын компани болгон өндөр эрсдэлтэй байдаг тухай бид дээр өгүүлсэн билээ. Үүнээс гадна дараах хүчин зүйлүүд Монголын уул уурхайн компаниудад нөлөөлнө гэж бид үзэж байна.

Түүхий эдийн үнэ унах эрсдэл

Ихэнх шинжээчдийн адилаар Еврогийн бүс 2012 онд эдийн засгийн уналтад орох өндөр эрсдэлтэй гэж бид үзэж байна. Дээр нь Хятадын эдийн засгаа хөргөөх бодлого амжилтанд хүрч байгаа билээ. Сүүлийн үеийн тоо баримтаас Хятадын үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн, мөн үйлдвэрлэлийн салбар нь удааширч байгаа нь харагдаж байна. Хамгийн гол нь Хятадын эдийн засгийн хэд хэдэн сул тал нь илэрч эхэлж байна. Шинжээчид Хятадын эдийн засгийг аажмаар удаашрах уу, эсвэл огцом унах уу гэж асууж байна. Хэдийгээр Хятадын эдийн засаг 2012 онд огцом унана гэж бид үзэхгүй байгаа ч ойрын жилүүдэд түүхий эдийн үнэ унах эрсдэл байгаа гэж үзэж байна.

2012 оны сонгууль

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргааныг хүмүүс 2012 оны сонгуультай холбон тайлбарлаж байгаа. Сонгуулийн үед ардач үзэл (популизм), үндэсний үзэл илүү хүчтэй гарч ирж, жагсаал цуглаан болж, улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай байдаг. Энэ нь ирээдүйг улам тодорхойгүй болгосноор хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, уул уурхайн компаниудын хувьцааны үнэнд нөлөөлдөг. Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компанид ийм улс төрийн эрсдэл байгаа гэж MICC-ийн судлаач, шинжээч Б.Ачболд Эрдэнэ Ресурс Девелопмент Корп хувьцаанд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгч байжээ. 

-Монголиан майнинг корпорацид хийсэн MICC-ийн судалгаа-

Монголиа Майнинг Корпораци (MMC) нь 2010 оны 10 дугаар сарын 13-нд Хонгконгийн бирж дээр бүртгэгдсэн, үүсгэн байгуулагчийн хувьд Монгол эзэмшигч нараас бүрдсэн уг бирж дээр бүртгэлтэй анхны компани юм. Компанийн хувьцаа нь 0975 кодтой арилжаалагдаж байна. Бид тус компанийн хувьцааны үнэлгээний эхний судалгаагаа Та бүхэнд танилцуулж байгаа бөгөөд хувьцааны үнийг 13.18 хонгконг доллар буюу одоогийн хаалтын ханшнаас 26 хувиар өндөр үнэлж байна.

Компанийн тухай

MMC нь коксжих нүүрс олборлогч, экспортлогч Монголын хамгийн том хувийн компани юм. Компанийн 44 хувийг эзэмшдэг MCS Mайнинг Групп нь тус компанийн хамгийн том хувь нийлүүлэгч юм. Бусад томоохон хувь нийлүүлэгчдэд Петровис, Шунхлай Групп, EBRD, Керри Групп болон Анкора Капитал ордог. Олон нийт компанийн 22.3 хувийг эзэмшиж байна. Компанийн хувь нийлүүлэгчдийн бүтцийг Хавсралтаас үзнэ үү.

Нөөц ба Үйл ажиллагаа

Тус компани нь Өмнөговь аймагт орших Ухаа Худагийн нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ухаа Худаг нүүрсний орд нь 2010 оны 5 сарын 31-ний байдлаар 2,960 га газар бүхий талбайд олон улсын ЖОРК стандартын шаардлагыг хангасан нийт 499.9 сая тонн Хэмжигдсэн ба Тогтоогдсон нүүрсний нөөц баялагтай ба үүнээс 286 сая тонн нь Баттай ба Боломжтой нөөц юм. Нийт нөөц баялгийн 57%-ийг коксжих нүүрс гэж тогтоожээ. Тогтоогдсон нүүрсний нөөц (2010 оны 5 сарын 31 байдлаар)

Ухаа Худагийн уурхай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Таван Толгой нүүрсний ордоос 5 км зайд байрладаг. Компани 2009 оноос уурхайн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эхний жил 1.8 сая тн, 2010 онд төлөвлөж байсан 3.8 сая тн түүхий нүүрсээс илүү хэмжээгээр олборлосон байна. Нүүрс олборлолт болон уурхайн сургалт, тоног төхөөрөмж хангах зэрэг ажлуудыг Leighton Asia компани гэрээгээр гүйцэтгэж байна. Одоогоор Хятадын хил рүү шороон замаар хүнд даацын ачааны тэргээр нүүрсээ тээвэрлэж байна. Нийт 900 гаруй ачааны тэрэг ашиглаж байгаагийн 107 нь ММС-ийн охин компани болох Трансговь ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд бусдыг нь гэрээгээр гүйцэтгэгч компаниуд хариуцаж байна. Нэг ачааны тэрэг нь 80-100 тонн даацтай ба уурхайгаас хил хүртэл 36-48 цагт тээвэрлэлт хийдэг. Хилийн пост нь долоо хоногийн 6 өдөр, өдрийн 10 цаг нээлттэй байдаг ба Монгол болон Хятадын Засгийн газар 24 цаг болгох асуудлыг хэлэлцэж байгаа.

Гол худалдан авагчид

Худалдан авагчдын дийлэнх нь компанитай урт хугацааны гэрээтэй ба Винсвэй худалдааны компани; Чайна Газ, Өвөр Монголын Шинхуа Групп болон гангийн томоохон үйлдвэрүүд болох Баоганг, Шуоганг болон бусад хятадын үйлдвэрүүд байдаг. (Зураг 13)

Цаашдын төлөвлөлт

MMC 2011 онд нийт 7 сая тонн нүүрс олборлох ба 2013 он гэхэд уурхайн хүч чадлыг 14.7 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Нүүрсний хувьд өндөр чанарын коксжих нүүрс бөгөөд 2011 оноос угаасан нүүрсээ экспортлож эхлэхээр төлөвлөж байна. MMC нь одоо уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх үүднээс Ухаа Худгаас Хятадын хил хүртэлх зам тавих, цахилгаан станц байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Мөн төмөр зам тавих лиценз авч, Монгол улсын Засгийн газраас ажил эхлэх зөвшөөрлийг хүлээж байна.

Цахилгаан станцын барилга байгууламж

Тус компанийн нүүрс угааж боловсруулан нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажил одоо ил явагдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр Монголд анхны үйлдвэр болох юм. Үйлдвэрийн барилгын ажлыг Sedgman компанитай хамтран гүйцэтгэж 2011 оны 3 сарын сүүлээр ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна. 

Эрсдэл

Компанийн цаашдын үйл ажиллагаа болон хувьцааны үнэ цэнэд сөргөөр нөлөөлөх учирч болзошгүй гол эрсдлүүд нь уурхайн болон дэд бүтцийн өргөтгөлийн зардал нэмэгдэх, уг төсөл удаашрах буюу төлөвлөсөн хугацаанаас хойшлогдох, Хятадын гангийн үйлдвэрлэл буурах, түүхий эдийн бааз суурийн хувьд нэг ордоос хэт хамаарах, хуулийн өөрчлөлт буюу улс төрийн тогтворгүй байдал ба валютын ханшийн хэлбэлзэл зэрэг байх болно.

Төсөл удааширах

Компани уурхайн дэд бүтцийг сайжруулах замаар тээвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлж зардлаа багасгахаар төлөвлөж байгаа. Одоогоор нүүрсээ шороон замаар тээвэрлэж байгаа ба 2011 оны хоѐр дахь хагаст засмал замыг ашиглалтанд оруулна. Эдгээр төслөөс гадна цахилгаан станц болон 2011 оны 3 сарын сүүлээр ашиглалтанд орох угаах үйлдвэрийн барилгын ажлууд удааширсан тохиолдолд компани нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардлаа хэмнэх боломжийг хойшлуулах юм. Үүнээс гадна төлөвлөгдөөгүй зардал бий болох, зардал хэтрэх нь борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлөх болно.

Уурхайн кемпийн барилга байгууламж

2010 оны 12 сарын 14-нд усан хангамжийн байгууламж баригдаж дууссан ба бусад зам, цахилгаан станц, угаах үйлдвэрийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Хятадын гангийн үйлдвэрлэл

Хятад улс нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд коксжих нүүрсний үнийг тодорхойлж байдаг. Хятадын эдийн засаг удааширснаар гангийн үйлдвэрлэл буурах бөгөөд энэ нь коксжих нүүрсний эрэлтийг багасгахад нөлөөлнө. Ингэснээр нүүрсний үнэ унах эрсдэлтэй ба компанийн санхүүд муугаар нөлөөлөх юм. Нэг орд буюу нөөцийн хамаарал MMC одоогооор Ухаа Худгаас өөр нүүрсний орд газар эзэмшээгүй тул уг ордын лиценз, түүний ашиглалттай холбоотой аливаа асуудал компанийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Төмөр зам байгуулах ажил

Уурхай өргөтгөлийг дэмжин, тээврийн зардлыг багасган ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор 2011-2012 онуудад төмөр замын барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Уурхайгаас Хятад улсын хил хүртэл төмөр зам тавихтай холбоотой гол лицензүүдийг авсан ч Монголын ЗГ-аас энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Уг төмөр зам нь Ухаа Худгаас Гашуун Сухайт хүртэл 236 км үргэлжлэх бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Төмөр замтай холбоотой зардал хэтрэх, хугацаанаасаа хоцрох зэрэг асуудал нь компанийн санхүүгийн зорилтот үзүүлэлтүүд биелэхэд сөргөөр нөлөөлнө.

Улс төр, хууль эрх зүйн орчин

Монголын уул уурхай, ашигт малтмалтай холбоотой хуулиуд сүүлийн хэдэн жил хэд хэдэн удаа өөрчлөгдсөн билээ. Ирээдүйд уг хуульд өөрчлөлт орж болзошгүй юм. Ухаа Худагийн ордын хувьд МУ-ын ЗГ-ын Ашигт Малтмалын Лиценз Шилжүүлэх Гэрээгээр уг ордын лицензийг цуцлах эсвэл төрийн хувь эзэмшил оруулах байдлаар нэмж өөрчлөлт оруулахгүй гэж заасан байдаг. Тус компани уул уурхайн 6 лицензтэй байсан нь бүгд стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд орсон ба 5 лицензийг нь ЗГ-т шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж харин Ухаа Худагийн лицензийг хэвээр үлдээсэн.

Валютийн ханшийн эрсдэл

Компани Хятад руу нүүрсээ экспортлодог нь валютын ханшийн эрсдлийг бий болгож байгаа. 2009 онд компанийн борлуулалтын өртгийн 79 хувь, үйл ажиллагааны зардлын 13 хувь, капитал зардлын 88 хувь нь долларын гүйлгээ байсан ба үлдсэн хувь төгрөгийн гүйлгээ байсан. 12 сарын 31-ний байдлаар нийт борлуулалтын 77 хувь нь доллараар хийгдэж үлдсэн хувь юанаар хийгдсэн байна. Одоогийн байдлаар гадаад валютийн эрсдлийг удирдах ямар нэгэн дериватив хэрэгслүүдийг компани ашиглаагүй байгаа ч ирээдүйд хэджинг хийх замаар уг эрсдлээс сэргийлж болох юм.

Өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс

Дараах гол давуу тал буюу боломжууд нь компанийн цаашдын өсөлтөд нөлөөлөх болно, үүнд:

  • Дэлхийн хэмжээний өндөр чанартай коксжих нүүрсний орд
  • Хятадын хилд харьцангуй ойр (240 км)
  • Тээвэрлэлттэй холбоотой бүтээн байгуулалт нь цаашид уурхайн үйл ажиллагааны зардлыг эрс бууруулна
  • Угаах үйлдвэр нь борлуулах дундаж үнэ ба ашгийн маржинийг нэмэгдүүлнэ

Коксжих чанар

Ухаа Худагийн ордын нүүрсний коксжих чанарын үзүүлэлт (CSN) нь 8.5 гарсан бөгөөд энэ үзүүлэлт 5-аас дээш байх тохиолдолд сайн чанарын коксжих нүүрс гэж үздэг. Иймд хамгийн ойр орших Хятадын зах зээлд амжилттай нийлүүлж борлуулах бүрэн боломжтой.

Зах зээлд ойр

Уурхай үйлдвэр нь Монгол–Хятадын хилээс 240 км, Хятадын Баотау хот хүртэл 360 км зайтай байрладаг. Баотау нь Өвөрмонголын аж үйлдвэр хөгжсөн хот бөгөөд Монгол улсаас Хятадын гангийн үйлдвэрлэлийн муж хүртэл төмөр замаар холбох гол газар юм. Иймд ММС нь Австрали болон бусад далайн боомтоор Хятад руу экспортлодог компаниудтай харьцуулахад байршлын хувьд давуу талтай.

Тээврийн зардал багасна

Компани асфальтан замыг 2011 оны хоѐр дугаар хагаст ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ийнхүү засмал зам тавигдсанаар тээвэрлэлийн хэмжээ нэмэгдэж жилд 18 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай болно. Мөн түүнчлэн уурхайгаас Гашуун Сухайт хүртэл төмөр зам тавих гол зөвшөөрлүүдийг авсан.

Угаах үйлдвэр ба бүтээгдэхүүний үнэ

Одоогоор угааж боловсруулаагүй түүхий нүүрсийг зах зээлийн үнээс даруй 35-40 хувиар доогуур борлуулж байгаа туд 2011 онд нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар бүтээгдэхүүний үнэ ба ашгийн түвшин нэмэгдэнэ.

Өрсөлдөхүйц бага зардал

Ухаа Худаг нь олон улсын бусад нүүрсний уурхайтай харьцуулахад үйл ажиллагааны зардал харьцангуй багатайд тооцогддог. Wood Mackenzie-ийн судалгаанаас үзэхэд ММС нь тухайн бүсдээ хамгийн бага зардалтай коксжих нүүрс үйлдвэрлэгчдийн нэгд тооцогдож байгаа ба ММС-ийн өрсөлдөгчид үүнээс 2 дахин өндөр зардалтай байгаа юм.

Нөөцөө өсгөх боломж

MMC нь шинээр нүүрсний орд худалдан авах замаар нөөц буюу түүхий эдийн бааз сууриа нэмэгдүүлэх боломжтой.

Үнэлгээ

ММС компанийн хувьцааны үнэлгээг гаргахад дунд хугацаанд өргөжих өсөлттэй бизнесийн загвар бүхий DCF үнэлгээний аргачлалыг ашиглах нь зохимжтой гэж үзсэн. Ийнхүү уурхайн насыг нийт 21 жилээр бодож DCF үнэлгээний 10 хувийн дискаунтын түвшинд тооцсон хувьцааны үнэ ханш 13.18 хонгконг доллар болж байна.

Үйлдвэрлэлийн хэмжээ

Үйлдвэрлэлийн түвшин 2010-2013 онд 3.9 сая тонноос 15 сая тонн хүртэл өснө гэж төлөвлөсөн ба угаагдах нүүрсний гарц 70 хувь байна.

Нүүрсний Үнийн Таамаглал

Нүүрсний үнийг өөрсдийн тооцоолол болон одоогийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл ба цаашдын хандлага дээр үндэслэн таамагласан. 2011 оны 3 сарын сүүлээр угаах үйлдвэр ашиглалтанд орж байгаатай холбоотой нийт үйлдвэрлэх нүүрсний тодорхой хэсгийг (угаагдаагүй нүүрс) 35 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулна гэж тооцов. Компани зах зээлд шинээр нэвтэрч байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ 2010 оноос 2012 онуудад 10 хувийн хөнгөлөлттэй үнээр зарагдах ба эрчим хүчний нүүрсээ 2013 онд үйлдвэрлэж эхлэнэ гэж таамагласан.

Австралид бий болсон үерийн гамшиг үнийг хөөрөгдөхөд нөлөөлсөн

2011 оны 1-р улиралд 1 тонн коксжих нүүрсний (далайн боомтын) гэрээний үнэ 225 ам.доллар байсан. Бид энэ оны 2-р улиралд нүүрсний үнэ 300 ам.доллар хүрнэ гэж үзэж байна. Нийлүүлэлт дутмаг энэ үед MMC нь угаасан нүүрсээ зах зээлд гаргаснаар их хэмжээний ашиг олох нь тодорхой. Үерийн гамшиг нь 5 тэрбум ам.долларын хохирол үзүүлж дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний экспортыг даруй 5 хувиар бууруулсан гэж Квинсландийн ЗГ-аас мэдээлсэн. Квинсланд нь дэлхийн ган үйлдвэрлэлд ашигладаг нүүрсний экспортын 50 гаруй хувийг хангадаг бөгөөд 2010-2011 онд ойролцоогоор коксжих нүүрсний экспортын хэмжээ 15 тэрбум тонноор хойшлогдох эсвэл багасахад хүрээд байна. 2010 оны 12 сард Квинсландийн нүүрсний далайн тээвэрлэлт өмнөх жилээсээ 14 хувиар буурсан ба нийт Австралийн нүүрсний экспорт 2009 оноос 11 хувиар багассан үзүүлэлттэй байна. Австралийн нүүрсний нийлүүлэлт буурснаас гадна 2 сарын сүүлээр угаах үйлдвэр нь ашиглалтанд орж байгаатай холбоотой MMC худалдах үнээ 2010 онтой харьцуулахад 2 дахин өсгөнө гэж таамаглаж байна.

Санхүүгийн Мэдээлэл -Орлогын тайлан:

ММС нь 2009 оны 4 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн ба эхний жилдээ 10 сая долларын ашигтай ажиллажээ. 2010 оноос 2013 онд борлуулалтын орлого 6 дахин өсөх буюу жилд дунджаар 78 гаруй хувиар өснө гэж таамаглаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөөр түүхий нүүрсний хэмжээг 2013 он гэхэд 14.7 сая тонн хүртэл өсгөх юм.

Борлуулалтын өсөлт

MMC нь 2010 онд өөрийн борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлэн 3.9 сая тонн түүхий нүүрс үйлдвэрлэсэн бол 2013 онд хүчин чадлаа 14.7 сая тонн нүүрс үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр зорьж байна. Ингэснээр 2010 оны 266 сая долларын борлуулалттай харьцуулахад 2013 онд борлуулалт 1543 сая доллар болж өснө.

Үйлдвэрлэлийн өртөг зардал

MMC нь бусад гадаадын өрсөлдөгч нүүрсний компаниудтай харьцуулахад бага зардалтай ажилладаг. Wood Mackenzie-ийн судалгаанаас үзэхэд ММС нь хамгийн бага зардлаар коксжих нүүрс үйлдвэрлэгчдийн нэгд тооцогдож байгаа ба тухайн зах зээлд тоглож буй ММС-ийн өрсөлдөгчид бараг 2 дахин өндөр зардлаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус уурхайн геологийн бүтэц, орчин нь өртөг зардлыг хямдруулахад нөлөөлсөн.

Татвар

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 25 хувь ба бусад татварууд Монгол улсын хуулийн дагу төлөгдөнө.

Бусад

Бид компанийн санхүүгийн загварт дараах таамаглалуудыг тусгаж өгсөн.

Капитал зардал

MMC нь 2013 оны сүүл гэхэд 14.7 сая тонн түүхий нүүрс үйлдвэрлэх түвшинд хүрэх зорилгоор нийтдээ 1.3 тэрбум ам.долларыг УХГ-ийн уурхайд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.

Зах зээлийн тухай

Уул Уурхайн Үндэсний Ассиоцациас гаргасан мэдээллээс үзэхэд МУ-ын нийт экспортын орлогын 75 гаруй хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байна.

Монголын Нүүрсний Зах Зээл

Монгол Улс нийтдээ 175 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ба үүний 10 тэрбум тонн нь дахин сэргээгдэх нөөц болохыг Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газар дурджээ. Эдгээр нөөцийн ихэнх нь батлагдсан ч дэд бүтцийн асуудлаас шалтгаалж ашиглах боломжгүйд хүрээд байгаа ба гол ордууд нь Багануур, Шивээ Овоо, Таван Толгой болон Нарийн Сухайт нүүрсний ордууд юм.

Сүүлийн хэдэн жилд нүүрс олборлолтын хэмжээ хурдацтай өсч байгаа ба 2006 онд 8.1 сая тонн байсан бол 2009 онд 14.4 сая тонн болж өссөн ба үүний 49 хувь буюу 7.1 сая тонныг экспортлосон байна. Дотоодын нүүрсний хэрэглээ 2009 онд 6.6 сая тонн болж өссөн нь 2008 онтой харьцуулахад 13 хувиар өсчээ.

Дэд бүтэц

Монгол улс нь судлагдаагүй ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд томоохон тооцогддог ба үүний нэг шалтгаан нь тухайн бүсэд дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотой. Тухайлбал Таван Толгой орд нь төмөр замаас 400 км алслагдсан байдаг. Одоогийн байдлаар Монгол Оросыг холбосон Улаанбаатар хотоор дамжин өнгөрөх ганц том төмөр замын урсгалтай. Ашигт малтмалын ордуудыг ашиглах уурхай байгуулах зорилгоор МУ-ын ЗГ эдгээр ордыг үндсэн гол зах зээлтэй нь холбох төмөр замын сүлжээгээ Хятад улс руу холбон өргөтгөхөөр зорьж байгаа. Түүнчлэн Сайншандад аж үйлдвэрийн томоохон парк байгуулан хурдны замуудтай холбох ажлуудыг төлөвлөгөөндөө оруулсан.

Хятадын нүүрсний зах зээл

Хятад нь дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч улс билээ. Дэлхийн Нүүрсний Холбооноос дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн 70 хувь нь нүүрсээс хамаарж байдгийг тэмдэглэжээ. 2009 онд Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 516 сая тонн байсан ба үүний 54 хувийг гангийн үйлдвэрлэлд ашиглажээ. Сүүлийн 10 жил Хятадын ган үйлдвэрлэл их хэмжээний бүтээн байгуулалт, хурдацтай хөгжиж буй хотжилт зэргээс шалтгаалан хурдацтай өсч байна. Гангийн эрэлтийг даган ялангуяа коксжих нүүрсний эрэлт хурдацтай өсч байна. Нөгөө талаар 2009 онд коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2009 онд 7%-иар буурсан нь тус улсын коксжих нүүрсний эрэлтийг 2008-аас 2009 онд 350 хувь өсгөхөд нөлөөлжээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн бодлого сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлтийг удаашруулсан ба энэ нь гангийн үйлдвэрлэл саарахад хүргэсэн. Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад гангийн эрэлт тогтворжиж байгаа ч коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй хэвээр байна. Нийлүүлэлт ийнхүү хангалтгүй хэмжээнд удаан үргэлжилвэл Хятадын ЗГ экспортыг бууруулж импортыг нэмэгдүүлэх бодлого явуулах нь гарцаагүй. Энэ Хятадын ашиг муутай уурхайнуудыг зогсоож байгалиа хамгаалах, нөөцийг зөв ашиглах бодлоготой холбоотой.

Хавсралт: Хувь Нийлүүлэгчдийн Бүтэц

-Аспайр майнинг-

19 September 2011. /ASX for Immediate Release/. Ovoot coking coal project exploration update.

Highlights

  • Coal seam formation identified approximately four kilometers from resource area.
  • Coal logged as hard, bright or sugary coal.
  • Coal potential to the east and north east of resource area.
  • Drilling underway to determine resource potential.
  • Coal deposition consistently found directly above the base of Jurassic sediments.
  • Comprehensive Ovoot Basin wide magnetics program to be undertaken to determine basin structure and aid in predicting shallower targets.

Exploration Drilling Results

Aspire Mining Limited (ASX: AKM, Aspire or, the Company) is pleased to announce it has identified a new coal seam formation, located around four kilometers from the resource area at the Company’s Ovoot Coking Coal Project (Ovoot) in Northern Mongolia. Four drilling rigs are currently underway to determine the resource potential of the area. Aspire has completed 5,000 meters of exploration drilling as part of its 2011 program, in addition to infill, geotechnical and hydrological drilling. A further 5,000 meters of exploration drilling is expected by the end of calendar year 2011. Aspire Managing Director David Paull said: The exploration team has now intersected coal in three holes approximately four kilometers to the north east of the existing resource area. The coal was logged as hard, bright or sugary coal and we now need to understand the extent of this coal seam. We have pre-collared a number of the holes to start core drilling to get coal quality data and determine the extent and orientation of the mineralization. This will indicate whether the coal shallows and thickens as we head further south towards the resource area. Mr Paull said.

Results from the three holes – which are 1.7 kilometers apart – are as follows (See Figure 1),

  • DH276: total of 2.8m of coal from 261 metres
  • DH283: total of 3.1m of coal from 366 meters
  • DH291: total of 3.1m of coal from 338 meters

Hole DH291 has yet to be completed into basement and is presently in a potential coal bearing sequence. Also note that hole DH244 in Figure 1, which was completed at the end of the 2010 exploration program, intersected three meters of coal from 240 meters. This hole has yet to be followed up.

Aspire’s exploration strategy is to target mapped Jurassic age sediments where the depth of potential coal is relatively shallow and to trace the base of the Jurassic sediments into deeper sections of the basin where thicker coal accumulations are expected. A magnetics program is planned to determine the structure and shape of the Ovoot Basin and to aid in the identification of possible shallower coal seams. Aspire Managing Director David Paull said: With this view of the coal being closer to the base of the Jurassic sediments, it is now evident that potential coal is still open to the north east and east of theexisting resource area. We are currently exploring this area as part of the extensions to the Ovoot Resource area and to further determine the potential resource. Currently four drilling rigs from two drilling companies are on site at Ovoot with a fifth large capacity rig expected later in October. It is expected that all rigs will be available to continue drilling through the winter. Paull said.A larger Coretech 1800 rig has recently arrived on site, and the holes required to be deepen can now be completed to test for the potential coal seam extensions. A change to the fleet of drill rigs at site is also being made for added flexibility in exploration drilling.

Geophysics

During 2010, the Company proceeded with a comprehensive seismic program to help determine the Ovoot Basin structure. Interpretations of this data suffered from excessive noise from seasonal wind gusts causing vibration as well as the large amount of alluvial cover which led to difficulty in accurately resolving coal seams and faulting. Consequently, Aspire will commence a close spaced magnetics program as a supplement to the existing seismic data and to help guide interpretations. Ground versus airborne options are currently being considered to address the whole Ovoot Basin, which will provide Aspire with an effective exploration targeting tool going forward.

Судалгаанд нэмэлтээр ашигласан материал:

1. Хөрөнгө оруулалтын статистик Download

2. Цайрын баяжмалын борлуулалтын үнэлгээDownload

3. Төмрийн баяжмалын экспортын жишиг үнэDownload

4. Жоншны зах зээлийн судалгааDownload

5. Цайр олборлолт ба зах зээлийн хэтийн төлөвDownload

6. Алт олборлолт зах зээлийн хэтийн төлөвDownload

7. Оюутолгой баримтын товчоонDownload

8. Оюутолгойн санхүүжилтийн тайланDownload

9. Рио ТинтоDownload

10. Айвенхоу майнзын арбитрын мэдээ 2011.12.12.Download

11.Айвенхоу майнзын арбитрын мэдээ 2011.12.13.Download

12. СоутгобиDownload

13. Соутгоби-1Download

14. Энтри голдын танилцуулгаDownload

15. Илтгэл- Ашигт малтмалын газарDownload

16. Илтгэл-Гаалийн ерөнхий газарDownload

17. Илтгэл-АлгааDownload

18. Илтгэл-ГалсандоржDownload

19. Илтгэл-ТамирDownload

20. Илтгэл-ЭрдэнэбилгүүнDownload

21. Илтгэл-Ричард ПомфретDownload

22. Винсвей компанийн судалгааDownload

23. Hunnu CoalDownload

24. XanaduDownload

25. Erdene resoursesDownload

26. Mongolian Mining CorpDownload

27. Aspire miningDownload

Жич: Стратегийн ордуудын талаарх 2006 оноос хойш бичсэн А.Энхтуулын нийтлэл эмхэтгэгдэж буй бөгөөд сэтгүүлчийн оюуны өмчийг хуулбарах хориотой. Мөн судалгаанд нэмэлтээр ашигласан бусдын оюуны өмчийг хууль бус зүйлд ашиглах хориотой. Сэтгүүлчийн болон бусдын оюуны өмчийг хуулбарлаж, хууль бус зүйлд ашигласнаас үүдэж гарах эрсдэлийг манай сайт болон сэтгүүлч хариуцахгүй болно. Мөн судалгааны зарим тоо баримтын он, сар, өдрийг нягтлан харах нь чухал. Зарим судалгаа 10 жилийн өмнөх байж болзошгүй.

Translate