12 сар 6, 2024

Алтан Дорнод Монголын эзэн өөрчлөгдөв…

ОХУ-ын иргэн С.В.Паушок 1999 онд манай улсад хөл тавьж Алтан Дорнод Монгол компанийг байгуулж, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Баянгол, Булган аймгийн Бүрэнхангай, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд алтны эрэл, хайгуулын ажил эхлүүлж байжээ. Ингэхдээ Төв аймгийн Заамар сумын нутагт орших алтны ордод төвлөрч үйл ажиллагаа явуулж байсан гэх нь бий. Тус компани 1999-2007 оны хооронд ашигт малтмалын 13 тусгай зөвшөөрлийн талбайгаасаа 25,6 тонн алт олборлосон гэж яригддаг ч, зарим эх сурвалжууд 28 тонныг олборлосон гэх нь бий. Үүний 9,5 тонныг нь Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш олборлосон байгаа юм. Үүнийг тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу төвбанкинд худалдах ёстой байлаа. Харин татварын байгууллага үүнээс Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 68 хувийн татвар авах ёстой байсан юм. Ингэхдээ, Лондонгийн металлын биржийн унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулах ёстой байжээ. Ийм байдлаар 2006 оноос хойш олборлосон 9,5 тонн алтанд Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдуулахад 75 тэрбум төгрөгийн 68 хувийн татвар төлөх ёстой судалгаа тухайн үед гарч байжээ. Гэтэл тус компани дээрх татвар гарснаас хойш олборлосон алтныхаа тодорхой хувийг төвбанкинд худалдалгүй татвараас зайлсхийсэн дуулиант хэрэг давхар мандсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжих хугацаанд олборлосон 9,5 тонн алтныхаа 2,8 тонныг нь төвбанкинд хадгалуулсан байжээ. Үүнийг 2013 онд тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат: Алтан дорнод монгол компанийн эзэн Паушок 68 хувийн татварыг хүчингүй болохыг хүлээж олборлосон алтныхаа тодорхой хувийг төвбанкинд хадгалуулсан байсан хэмээн ярьж байлаа. Татвараас зайлсхийсэн учир төвбанкинд хадгалуулсан 2,8 тонн алтыг тухайн үеийнх нь ханшаар худалдаж манай улс 23,3 тэрбум төгрөгийн татвараа хожим авсан тухай татварын албаныхан хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, тус компанийн нийт 75 тэрбум төгрөгийн шэнэтийн ашгийн татварын 23,3 тэрбум төгрөгийг нь ийм замаар барагдуулсан байна. 

Харин цаана нь үлдэх 6,6 тонн алтанд 53 гаруй тэрбум төгрөгийн татвар авах ажил үлджээ. Үүнээс гадна, татвараа цаг хугацаандаа төлөөгүйн алданги 5 орчим тэрбум төгрөгийг Алтан Дорнод Монгол компаниас авах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, тус компаниас 60 орчим тэрбум төгрөгийг Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварт авах ёстой байсан юм. Үүнээс гадна тус компаниас 20 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ч авах ёстой байлаа. Эдгээрийг оролцуулж тооцвол тус компани 80 орчим тэрбум төгрөгийн татварын өртэй байв. Нэг ёсондоо тус компанийн өр, хүү, торгууль, алданги өдрөөс өдөрт нэмэгдсээр өмнөхөөсөө эрс өссөн нь энэ юм. Манай улс энэ татварыг нэхтэл Алтан Дорнод Монгол компанийнхан зөрүүлээд манай улсыг олон улсын арбитрийн шүүхэд өгч, дааж давшгүй мөнгө нэхэмжилсэн гэдэг. Манай улс хойд хөрштэй Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг 1995 онд байгуулж байжээ. Энэ гэрээнд хөрөнгө оруулагчийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандаж, ямарваа нэг маргаан үүсвэл олон улсын арбитрийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байна. Үүнийг үндэслэн Алтан Дорнод Монгол компани Бороо голд компаниас 68 хувийн татвар аваагүй байж биднээс авах гэлээ. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг алагчилж үзлээ гэж дааж давшгүй их хэмжээний мөнгө буюу 1 тэрбум ам.доллар Засгийн газраас нэхэмжилж, олон улсын арбитрийн шүүхэд хандсан юм. Олон улсын арбитрийн анхан шатны шүүх хурал 2009 оны тавдугаар сард болж байлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж арбитрийн шүүхэд оролцсон Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Алтангэрэл: Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэр удаж байж гардаг. Тиймээс хэрэг аль талд шийдэгдэхийг хэлэх боломжгүй гэсэн тайлбарыг тухайн үед өгч байсан юм. Тэгвэл 2013 онд арбитрийн шүүхийн шийдвэр манай улсын талд гарсан талаар тэр үеийн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Ингэснээр манай улс Алтан Дорнод Монгол компаниас 68 хувийн татвараа нэхэмжлэх эрхтэй болсон юм.

Гэхдээ энэ өрийг тус компанийн сүүлийн эзэд төлж байгаа гэх мэдээлэл олон жилийн өмнө яригдаж байсан юм. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар хэрэгжиж эхэлсэн цагаас татвараас зайлсхийж, тэр ч бүү хэл манай улсыг арбитрийн шүүхэд өгч байсан Алтан Дорнод Монгол компанийн хуучин эзэн С.В.Паушок хэдэн жилийн өмнө Эрээн цавын боомтоор хууль бусаар гарч, нутгийн зүг одсон гэдэг. Хэргийг шийдвэрлэхээр манай улсаас явсан Алтан дорнод монгол компанийн захирал С.В.Паушокийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл  мөн гарч байлаа. Мөн түүнд эрүүгийн хэрэг үүсгэх болсноо ОХУ-ын ерөнхий прокурорт Монгол Улсын ерөнхий прокурор бичгээр мэдэгдэж байжээ. С.В.Паушок манай улсын хилээр хууль бусаар гарсан ч, компаниа өр зээлтэй нь худалдаад амжсан байгаа юм. Энэ талаар Алтан дорнод монгол компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл: энэ компанийг хэрхэн худалдаж авсан талаараа хэдэн жилийн өмнө мэдээлэл хийж, баримт дэлгэх нь тэр. Алтан Дорнод Монгол компанийн өнөөгийн гүйцэтгэх захирал Т.Ганболд ОХУ-ын иргэн С.В.Паушоктой 2011 оны есдүгээр сарын 9-нд хувьцаа худалдах болон худалдан авах гэрээ байгуулсан байна. Хувьцааны төлбөрөөс гадна, хуучин эзний үед хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, ажилчдын дөрвөн жилийн цалингийн өр, арилжааны банкуудад төлөх өр, 68 хувийн татварын өр, Иточу болон Газпром компанид төлөх өрийг давхар төлөхөөр болсон гэж мэдэгдсэн юм. Хувьцааны төлбөр болон дээрх өр төлбөр нийлээд 300 сая ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл, Алтан Дорнод Монгол компанийн энэ өрийг төлөхөөр болж, хувьцааг нь 18 сая ам.доллараар худалдаж авсан байна. Алтан Дорнод Монгол компанийн хувьцааг худалдаж авах мөнгийг Т.Ганболд найзуудынхаа хамтаар гаргасан бөгөөд энэ нь хууль ёсны мөнгө гэж Алтан дорнод монгол компанийн тэргүүн дэд захирал Н.Ганболд мэдэгдэж байсан юм. Тэрбээр Алтан дорнод монгол компанийн хувьцааг ОХУ-ын иргэн В.С.Паушокоос худалдаж авахад 18 сая ам.доллар бэлнээр төлсөн бол, үлдэх 282 сая ам.доллар нь өр зээл байсан. Энэ өрийн тал хувийг барагдуулсан хэмээн 2014 онд мэдэгдсэн билээ.

Translate