Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Тээвэр хөгжлийн банк…

1997 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч, санхүүгийн зах зээлд нэгэн шинэ банк мэндэлсэн нь Тээвэр хөгжлийн банк буюу Транс банк байлаа. Тээвэр хөгжил банк төлбөр тооцоо хийх, зээл олгох, хадгаламжийн үйлчилгээ эрхлэх, үнэт зүйл хадгалах, үнэт цаас худалдах болон худалдан авах, гадаад валютын арилжаа явуулах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ явуулахаар төвбанкнаас зөвшөөрөл авчээ. Тус банкийг анх 400 сая төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулж байжээ. Тэгвэл санхүүгийн зах зээлд долоон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсны эцэст дүрмийн сан нь 10 дахин нэмэгдэж, 4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч Монголбанкны ерөнхийлөгч 2004 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр  банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 8 тэрбум төгрөгт хүргэх 200 тоот тушаал гаргажээ. Тушаал ёсоор бол арилжааны банкууд 2006 оны гуравдугаар сарын 31-ны дотор дүрмийн сангаа 8 тэрбум төгрөгт хүргэх ёстой болов. Тиймээс арилжааны бүхий л банк мөнгөний эрэлд мордож хөрөнгө оруулагч хайж эхэлжээ. Транс банк ч гэсэн тэдний нэгэн адил мөнгөний эрэлд мордож хөрөнгө оруулагч хайж эхэлсэн гэдэг. Тухайн үед Транс банкинд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо гаднын цөөнгүй компани тавьж байсан ч, Щвейцарын хөрөнгө оруулалттай Инфрастракчер компанийг сонгож хамтарч ажиллахаар болсон байна. Щвейцар улс банк санхүүгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг учраас ийм сонголт хийсэн байна. Инфрастракчер компанийн захирал Армин Видеркер Иохан Транс банкийг Щвейцарын дайтай банк болгоно гэж тухайн үед амласан байна. Тиймээс энэ хөрөнгө оруулагчийг эргэлт буцалтгүй сонгож, Транс банкны дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээг 2006 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулжээ. Гэрээнд Армин Виедеркер 2006 оны гуравдугаар сарын 31-ний дотор Транс банкны 51 хувийн хувьцааг хүлээн авч, оронд нь тус банкны дүрмийн санг 4 тэрбум 80 сая төгрөгийн нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Армин ч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж Монгол улсад бүртгэлтэй өөрийн 100 хувийн эзэмшлийн Инфрастракчер компаниараа дамжуулан 2006 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Транс банкинд 4 тэрбум 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус банкны 51 хувийг эзэмших болжээ. Гэвч тэрбээр энэ хувьцаагаа өөр компанид шилжүүлсэн байна. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигч хэнд юугаа зарах нь өөрсдийнх нь хэрэг боловч, Банкны тухай хуулиар үүнийг хориглодог болохыг Тэр үеийн Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийн захирал н.Дэлгэр хэлж байсан юм.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын хэлтсийн захирал н.Дэлгэр…

Нэгэн үе банкны хувьцааг компанийн нэр дээр байршуулах нь элбэг байлаа. Компаниа зарах байдлаар банкны хувьцаагаа бусдад шилжүүлэх явдал ч мэр сэр гардаг байжээ. Ингэснээр банкны хувьцаа тухайн компанийнхаа эзэмшилд байгаад байдаг. Гэвч компанийн хөрөнгө оруулагч нь өөрчлөгдөөд байдаг тохиолдолд гарч байжээ. Энэ мэт компанийн эзэн өөрчлөгдөх замаар банкны хувь нийлүүлэгч  солигдох нь банкны системд хор уршиг тарьдаг байна. Банкны хөрөнгө оруулагч хадгаламж эзэмшигчийнхээ мөнгийг үрэн таран хийхгүй, найдвартай, баталгаатай байлгах шаардлагатай. Тиймээс банкны тухай хуульд компани худалдах байдлаар банкны хувьцааг шилжүүлдэг байдлыг халсан зүйл заалтыг оруулж өгсөн юм. Тухайлбал, банкны хувь нийлүүлэгч өөрчлөгдөх бол заавал төвбанкинд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой зүйл заалтыг банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн байна. Энэ хууль 2011 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Гэтэл Армин Виедеркер хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Транс банкны 51 хувийг эзэмшдэг Инфрастракчер компаниа Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад худалдсан байна. Инфрастракчер монгол улсад бүртгэлтэй компани бөгөөд 2005 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр улсын бүртэлд анх бүртгүүлсэн байна. Энэ компанийг Щвейцарын иргэн Армин Виедеркер 100 хувь дангаар эзэмшдэг. Харин Транс банкны 51 хувь Инфрастракчер компанийн нэр дээр байжээ. Тэр ч утгаараа Инфрастракчер компаниа Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад зарлаа гэдэг нь Транс банкны 51 хувийг давхар зарчихсан үйлдэл болсон юм. Инфрастракчерийн халхавчин доор Транс банкны 51 хувийг зарчихсан болж таарч байгаа юм. Нэг талаас хууль хэрэгжиж эхэлснээс хойш бусдад компаниа шилжүүлсэн учраас Монгол улсын банкны тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсныг холбогдох албаныхан хэлдэг билээ. Нөгөө талаас, Транс банкны монголын талын хувь нийлүүлэгчидтэй анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн үйлдэл болсон юм. Транс банкны 49 хувийг тус банкийг үүсгэн байгуулагч Данзанбалжирийн гэр бүлийнхэн, тэр дундаа гэргий Батхүү нь дийлэнх хувийг эзэмшдэг байжээ. Харин хожим тус банкны 9,8 хувийг Данзанбалжирийн хүү Энхтайван, 9,8 хувийг Данзанбалжирийн охин Энхтуяа, 29,4 хувийг Данзанбалжирийн зээ Оргилмаа нар эзэмших болсон юм. Монголын талын хувь нийлүүлэгчидтэй байгуулсан дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээгээр Армин Лихтенштейнд бүртгэлтэй амьдралын даатгалын Присмалайф компаниас бусад гуравдагч этгээдэд банкны аливаа хувьцааг шууд болон шууд бусаар худалдахыг хориглосон байжээ.

Хэрэв хувьцаагаа зарах тохиолдолд монголын талын хувь нийлүүлэгчдэд 51 хувиа өгч, Транс банкинд анх оруулсан 4 тэрбум 80 сая төгрөгөө буцаан авна гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, Транс банкны 51 хувийг монголын талын хувь эзэмшигчдээс өөр бусдад шилжүүлэх эрхгүй гэнэ. Гэтэл Инфрастракчер компаниар дамжуулан Транс банкны хувьцааг хаа хамаагүй Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад  зарчихсан аж. Заавал ингэж монгол улсын хуулийг болоод монголын талын хувь нийлүүлэгчтэй байгуулсан гэрээгээ зөрчин байж, Инфрастракчер компаниар дамжуулан Транс банкны хувьцааг Оюуны ундраад шилжүүлэх хэрэг юу байв. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу монголын талын хувь нийлүүлэгчдэд Транс банкны 51 хувийг 4 тэрбум 80 сая төгрөгөөр зарчихаж болоогүй юм байх даа гэсэн асуулт эндээс урган гардаг юм. Энэ асуултад Армин Виедеркерийн өмгөөлөгч н.Батрагчаа:хувьцаагаа худалдах саналаа Транс банкны монголын талын хувь нийлүүлэгчдэд гурван ч удаа илэрхийлсэн гэсэн юм. Ифрастракчер компанийн захирал Армин Виедеркер өөрийн хувьцаагаа худалдах анхны саналаа монголын талын хувь нийлүүлэгчдэд 2010 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хүргүүлж, 51 хувь худалдаж авах үнийн саналаа бичгээр ирүүлнэ үү гэжээ. Дараагийн саналаа 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр илгээж, Армин 51 хувиа таван сая ам.доллараар зарна гэсэн болзол тавьсан байна. Харин эцсийн саналаа 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн ч нөгөө тал нь хүлээж аваагүй учраас Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад Инфрастракчер компаниа зарсан гэж мэдэгдсэн юм. Инфрастракчер компани 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагатай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Ингэхдээ Армин Инфрастакчер компанийнхаа 100 хувийн хувьцааг Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад 4 тэрбум 280 сая төгрөгөөр худалдах гэрээ байгуулжээ. Харин хуулийн этгээдийн лавлагаанаас харахад Инфратсракчер компани 2010 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Оюуны ундраа компанийн эзэмшилд очсон байгаа юм. Инфрастракчер компанийг 100 хувь зарлаа гэдэг нь Транс банкны 51 хувийг давхар зарчихсан гэсэн үг болохыг Монголын талын хөрөнгө оруулагчид нь хэлдэг. Гэтэл Инфрастракчер компанийн захирал Армин Виедеркер: Инфрастракчер компаниа зарсан ч, банкныхаа хувийг зараагүй гэж мэдэгдсэн удаатай.

Тээвэр хөгжлийн банкны хөрөнгө оруулагч В.Армин

Щвейцар хөрөнгө оруулагч Армин Транс банкны 51 хувийг эзэмшдэг учир банкныхаа гүйцэтгэх захирлыг томилох эрхийг монголын талын хувь нийлүүлэгчид түүнд олгожээ. Энэ эрхийнхээ хүрээнд тэрбээр 2007 онд оросын иргэн Новожиловыг Транс банкны гүйцэтгэх захирлаар, дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Парашак, Конов нарыг авч ирж ажиллуулсан байна. Транс банкны гүйцэтгэх захирлаар яагаад заавал оросын иргэнийг санал болгосон юм бол. Үүний гол зангилаа нь Щвейцарын иргэн Армин, оросын иргэн Новожилов нар хойд хөршид хамт ажиллаж байсан хамтрагчууд байсан гэнэ. Тэд зүгээр ч нэг монголд ирээгүй гэж холбогдох хүмүүс таамаглаж байлаа. Нэг нь хөрөнгө оруулагч нэрээр, нөгөө нь гүйцэтгэх захирал нэрээр ирсэн ч татвараас зайлсхийх зорилгоор Транс банкаар дамжуулан гарал үүсэл нь тодорхойгүй мөнгө угаах явдал байсан байх магадлалтайг монголын талын хувь нийлүүлэгчид нь хэлдэг юм. Үүнийг Армин няцаадаг ч, Транс банкинд данстай 40 орчим орос иргэдийн нэр дээр Кипр улсаас байнга бага багаар мөнгө байршдаг байсан болохыг 49 хувийнхан хэлдэг юм. Ингэхдээ тус банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Парашак, Конов нарын Хонг-Конгод бүртгэлтэй Damasta сapital, Cintizo limited компанийн нэр дээр мөнгө орж ирсэн гэдгийг Транс банкны хуульч Б.Батзаяа тухайн үед мэдэгдэж байлаа. Тэд мөнгөө дансандаа хэд хонуулаад хойд хөрш рүү гуйвуулдаг байжээ. Энэ маягаар 2007-2009 оны хооронд Кипр улсаас гарал үүсэл нь тодорхойгүй 40 орчим сая ам.доллар Транс банкинд орж цэвэршээд, хойд хөрш рүү гуйвсан болохыг тус банкныхан хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, щвейцарын иргэн Армин Виедеркер Кипр улсын 40 сая ам.долларыг цэвэршүүлэхийн тулд Транс банкинд 4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байж болзошгүй гэж үзэх хүмүүс тухайн үед цөөнгүй байлаа. Тиймээс Монголын талын хувь нийлүүлэгчид хууль хяналтын байгууллагуудад удаа дараа хандсан ч үл тоожээ. Армин, Новожилов нар ажлаа амжуулаад монголоос хэдийнээ гарч одсон байдаг. Инфрастракчер компанийг авах замаарТранс банкны 51 хувийг худалдаж авсан Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллага нь Анод банкинд 700 гаруй сая төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй санхүүгийн чадамжгүй учраас хамтран ажиллахгүй гэж Транс банкны 49 хувийг эзэмшигчид тухайн үед мэдэгдэж байлаа. Тиймээс Арминыг монголд ирж хувь нийлүүлэгчдийн хуралдаа оролцох. Эсвэл түүний эзэмшлийн 51 хувийг Транс банкны монголын талынхан өөрсдөө худалдаж авах арга зам бий гэж үзжээ. Энэ саналаа Монголбанкинд тавьсан ч, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байсан тал бий. Транс банкны санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч, хөрөнгө оруулагч болон удирдлагуудынх нь дунд үл ойлголцол үүсч, 2009 оноос хойш тус банкны хувь нийлүүлэгчид хуралдахаа больж, гүйцэтгэх захиралгүй олон жил явсан юм.

Тээвэр хөгжил банкны хуульч Г. Батзаяа

Кипр улсын бохир мөнгийг Транс банкаар дамжуулан орос руу гуйвуулж цэвэршүүлсэн байж болзошгүй хэрэг ийнхүү замхарчээ. Энэ үетэй зэрэгцэн Транс банкны өөрийнх нь мөнгийг угаасан байж болзошгүй хэрэг гарсан байна. Тодруулбал, Транс банкны гүйцэтгэх захирал Новожилов банкнаасаа 290 сая төгрөг гувчуулсан хэрэг гарчээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд тогтоож Новожиловын хэргийг шүүхээр хэлэлцэхийн өмнө тэрбээр Дорнод аймгийн Эрээнцавын боомтоор гарч, Монгол улсаас оргон зайлсан гэх мэдээлэл тухайн үед хэвлэлүүдээр гарч байсан юм. Новожилов Транс банкнаас завшсан мөнгөө Щвейцар хөрөнгө оруулагч Арминд өгсөн байх магадлалтай гэж тухайн үед холбогдох хүмүүс үзэж байсан нь нууц биш. Новожилов Транс банкнаас мөнгө завшсаны дараахан, тус банкны Щвейцар хөрөнгө оруулагч Армин өөрийн Инфрастракчер компанийн нэр дээр Дельта сангийн хоёрдугаар давхарын 324 метр квадрат талбай бүхий барилгыг 290 орчим сая төгрөгөөр худалдаж авсан байна. Тиймээс Новожиловын хэрэгт Щвейцар хөрөнгө оруулагч ямар нэг байдлаар холбоотой байж болзошгүй гэж Улсын мөрдөн байцаах газрынхан үзэж, Армины худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Гэвч Щвейцар хөрөнгө оруулагч тийм ч амар хэрэгт унасангүй. Түүний өмгөөлөгч Р.Батрагчаа Нийслэлийн прокуроын газарт гомдол гаргаж Армины нэр дээр Кипр улсын Грийн хостинг сервисес лимитед компани мөнгө гуйвуулсан. Армин түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж баримт дэлгэжээ. Үүнийг холбогдох газар хянаад, эд хөрөнгө битүүмжлэх үндэслэлгүй гэж үзсэн байна. Улсын мөрдөн байцаах газраас гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг ч давхар хүчингүй болгосон аж. Хачирхалтай биш гэж үү… Щвейцар хөрөнгө оруулагч Армин оросын иргэн Парашак, Конов нарыг Транс банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр авч ирж ажиллуулав. Тэдний компанийн нэр дээр Кипр улсаас мөнгө орж ирж, орос руу гарсныг Транс банкны хуулийн хэлтсийнхэн баримт дэлгээд сууж байх. Тэгэж байтал Транс банкны гүйцэтгэх захирал Новожилов банкнаасаа 290 сая төгрөг гувчууллаа. Тун удалгүй түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө Кипр улсын Грийн хостинг сервисес лимитед компаниас Армины нэр дээр гуйвж орж ирлээ гэх. Тиймээс Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Щвейцарын иргэн Армин, оросын иргэн Новожилов нарт холбогдох хэргийг дахин шалгаж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий Прокурор асан Дорлигжавт 2010 оны гуравдугаар сард албан бичгээр уламжилсан биз. Гэвч эзэн холбогдогчид нь монголоос явчихсан хэдийнээ явчихсан юм. Харин өнөөдөр энэ банк менежментийн шинэ баг бүрдүүлж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэх мэдээлэл бий.

-Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэхийг зөвшөөрөв-

2021.07.29. Монгол Улс. Улаанбаатар. Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаас Кредит банкны үйл ажиллагааг зогсоож, тус банкны эрх, үүрэг, хариуцлагыг Тээвэр хөгжлийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг гаргасан байна. Эдгээр банкууд нь зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, цаашид тогтвортой, өсөлттэй байх нөхцөлийг хангах, системийн хэмжээний банк болтол тэлэх боломжийг олж харсны үндсэн дээр энэхүү шийдвэрт хүрсэн бөгөөд дээрх шийдвэр нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэл болгож буй. Монголбанк Тээвэр хөгжлийн банкны өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой гэж үзэн дээрх хоёр банк нэгдэх зөвшөөрлийг 2021 оны долоодугаар сарын 28-ны өдөр олгосон болно. Тээвэр хөгжлийн банк, Кредит банкуудын нэгдлийн үр дүнд банкны хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, засаглал, хамтын хяналтын тогтолцоо, өөрийн хөрөнгийн эрсдэл даах чадвар, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг ханган ажиллах чадвар сайжирна гэж дүгнэж байна. Кредит банкны салбар, тооцооны төвүүд нь Тээвэр хөгжлийн банкинд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллахаар болсон талаар Монголбанкнаас мэдээлэв. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.