Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Хадгаламж банк татан буугдав…

1940 оноос хойш иргэдэд орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж ирсэн хадгаламжийн кассын суурин дээр Хадгаламж банкийг 1996 онд байгуулсан түүхтэй. 100 хувь төрийн өмчит энэ банкийг манай улсын арилжааны банкууд дотроос хамгийн сүүлд хувьчилсан юм. Тодруулбал, 2006 оны дөрөвдүгээр сард Төрийн өмчийн хорооноос Хадгаламж банкийг хувьчлах тендер зарлаж, үүнд ОХУ-ын Братскийн ардын банк, Чингис хаан банк, Монгол даатгал компанийн хамтарсан консерциум ялжээ. Харин тэд энэ эрхээ 2007 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэрэгжүүлж, Хадгаламж банкийг хувьчилж авсан түүхтэй. Гэвч тэд 2007 оны арванхоёрдугаар сарын 4-нд Хадгаламж банкийг хойд хөршийн Коалка группэд худалдсан гэлцдэг юм. Ийнхүү Хадгаламж банк хувьчлагдсан цагаасаа оросын хөрөнгө оруулалттай явж ирсэн бол, 2010 оны дөрөвдүгээр сард Жаст группийн мэдэлд очжээ. Энэ хугацаанд Хадгаламж банк санхүүгийн хүндрэлд орсон гэгдэх Монгол шуудан банкийг өөртөө нэгтгэж, Жаст группийн мэдэлд 100 хувь очсон юм. ОХУ-ын Коалка группээс Хадгаламж банкийг худалдаж авах хэлцлийг Жаст групп 2009 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2010 оны дөрөвдүгээр сард албан ёсоор дуусгасан байна. Ийнхүү хувьчлагдсан цагаасаа хойш хэд хэдэн хүний гар дамжиж явсаар Хадгаламж банк 2013 онд төрийн мэдэлд эргэн ирсэн юм. Ингэхдээ Олон овоотын төслөөс болж Хадгаламж банк Анод, Зоосын нэгэн адил хүндэрч эцэстээ төрийн мэдэлд эргэн ирсэн талаар Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга н.Ганбат хэлдэг юм.

Жастынхан Монгол газар компанийн Голомт, Хадгаламж, Анод, Зоос банкинд төлөх өрийг барагдуулахаар тохиролцсон аж. Харин Монгол газар компаниас оронд нь Олон овоотын төслийг авсан гэж яригдах нь бий. Өөрөөр хэлбэл, Жаст групп Олон овоотын алтны үндсэн ордын үйл ажиллагааг явуулах замаар Монгол газар компанийн банкуудад тавьсан өр зээлийг барагдуулахаар болсон гэх. Тиймээс олон овоотын төсөлд зориулж охин компаниуддаа их хэмжээний зээлийг Хадгаламж банкнаас гаргаж өгчээ. Гэвч олон овоотын төсөл бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор амласан өр зээлээ барагдуулж чадаагүйн дээр, Хадгаламж банк давхар хүндэрсэн юм. Муу зээлээс болж Хадгаламж банкны санхүүгийн байдал хүндэрсэн учир Монголбанкны захирлуудын зөвлөл 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр хуралдаж Хадгаламж банкийг татан буулгах шийдвэр гаргасан юм.Ийнхүү тус банкийг албан ёсоор татан буулгах шийдвэр гарснаар найдвартай зээл, харилцах, хадгаламжийг нь Төрийн банк руу шилжүүлсэн талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Д.Батсайхан хэлж байсан удаатай. Одоогоос хэдэн жилийн өмнө арилжааны банкуудын ам бүл хоёроор цөөрч Анод болон Зоос банк хаалгаа барьсныг хэн хүнгүй мэднэ6 Байгаа хөрөнгөөсөө давсан зээлийг зах зээлд гаргасан. Цаашлаад нэг зээлдэгчид хэдэн тэрбумаар хэмжигдэх томоохон зээлийг олгосон гэх үндэслэлээр дээрх хоёр банкийг татан буулгах шийдвэрийг төвбанкнаас гаргасан юм. Тухайн үед төвбанк өөрөөсөө 160 тэрбум төгрөгийн зээлийг татан буугдсан Анод банкинд олгож, үүний 140 тэрбумаар нь тус банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгож байлаа.

Харин Зоос банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийн хувь заяаг өөрөөр шийдвэрлэж, татан буугдсан энэ банкны суурин дээр Сангийн яамны мэдлийн Төрийн банк байгуулсан түүхтэй. Энэ даруй Зоос банкны харилцах, хадгаламж, найдвартай зээл болох 150 тэрбум төгрөгийг шинээр байгуулагдсан Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Мөн Зоос банкны найдваргүй гэгдэх 100 тэрбум төгрөгийн зээлийг нөхөх зорилгоор Засгийн газар үүнтэй тэнцэх хэмжээний бонд гаргаж, Төрийн банкинд санхүүжилт хийсэн юм.  Ийнхүү Анодын харилцагчдыг хохиролгүй болгох үүднээс төвбанк өөрөөсөө 160 тэрбум, Төрийн банкийг хөл дээр нь босгох гэж Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд, нийт 260 тэрбум төгрөгийг дээрх хоёр банкны хүндрэлд зориулж төрөөс гаргасан түүхтэй. Энэ мөнгийг Анод болон Зоос банкны найдваргүй зээлийг барагдуулах замаар төрд эргүүлэн төлүүлэх ёстой юм. Гэтэл найдваргүй зээлийг төлүүлэх явцад Анод болон Зоос банкны барьцаанд байх ёстой Монгол газар компанийн эзэмшил дэх Олон овоотын ордын тусгай зөвшөөрлүүд аль ч банкны барьцаанд байхгүй гэх дуулиант хэрэг мандах нь тэр. Олон овоотын орд гэж нэрлэгддэг уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ Монгол газар компани Зоос банкны барьцаанд тавилгүйгээр 17 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Харин Анод банкны барьцаанд тавьж 60 тэрбум төгрөгийн зээл авсан ч, оронд нь үнэд хүрэхгүй өөр зүйл барьцаалж Олон овоотын тусгай зөвшөөрлүүдээ салгаж авсан нь хожим тодорхой болсон байдаг. Дуулианы эзэн Монгол газар компани Голомт банкинд 20 тэрбум, Хадгаламж банкинд 20 тэрбум төгрөгийн өртэй байсан нь тухайн үед мөн ил болов. Гэвч Олон овоотын тусгай зөвшөөрөл дотоодын аль ч банкны барьцаанд байхгүй Голдман саксын барьцаанд орчихсон байх нь тэр. Монгол газар компанийн найдваргүй зээлийг барагдуулах замаар төрөөс гаргасан 260 тэрбум төгрөгийн тодорхой хувийг барагдуулах ёстой ч, гол барьцаа нь дотоодын банкуудаас мултарч, Голдман саксийн барьцаанд орчихсон байсныг хожим мэдсэн нь энэ юм.

Тиймээс Олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг Голдман саксын барьцаанаас салгаж, арилжааны банкуудын дундын барьцаанд эргүүлэн авч, төр өөрийгөө хохиролгүй болгох нь юу юунаас илүү чухлаар тавигдаж байлаа. Энэ үед Монгол газар компанийн гадаад, дотоодын байгууллагуудад тавьсан өрийг Жаст групп худалдаж авах санал гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол газар компанийн гадаад, дотоодын банкуудад тавьсан өрийг төлж оронд нь Олон овоотын ордын эзэмшигч болох хүсэлтийг Жаст группын зүгээс гаргажээ. Ингээд Монгол газар компанийн эзэмшилд байсан Олон овоотын тусгай зөвшөөрлүүд Жаст группын охин компани болох Олон овоот гоулд руу шилжсэн байна. Энэ талаар 2010 он хавьцаа Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга асан.Даваацогт: Ашигт малтмалын тухай хуулийн 51-р зүйлд зааснаар бол тусгай зөвшөөрлийг арилжааны банкуудад барьцаалж, үүнийг нь холбогдох газар бүртгэн авах хуультай. Түүнээс аль нэг дурын байгууллагад барьцаалах хууль эрхзүйн үндэс байхгүй хэмээн хэлж байлаа. Тиймээс энэ зүйл заалтын үндэс болгож Олон овоотын тусгай зөвшөөрлийг Голдман саксад барьцаалах үед Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс барьцаанд тавигдсан гэж бүртгэн авсан нь хууль бус үйлдэл байсан талаар Монгол газар болон Олон овоот гоулд компанийнхан холбогдох газарт гомдол гаргажээ. Үүнийг холбогдох албаныхан шалгаад, Олон овоотын тусгай зөвшөөрлийг арилжааны банкуудад барьцаалж болохоос Голдман сакс-т барьцаалах үндэсгүй гэж үзсэн байна. Тиймээс өмнө нь Монгол газар компанийн нэр дээр байсан тусгай зөвшөөрлүүдийг Олон овоот гоулд компани руу шилжүүлжээ. Ийм замаар Жаст групп Олон овоот гоулд охин компаниараа дамжуулан Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт орших Олон овоотын алтны үндсэн ордыг эзэмшихээр болжээ. Үүний хариуд Монгол газар компанийн Голдман сакс болон Анод, Зоос, Голомт, Хадгаламж банкинд өгөх өрийг төлөхөөр тохиролцсон гэх мэдээлэл бий.

Дуулианы эзэн Монгол газар компани тухайн үед Зоос банкинд 60 тэрбум, Анод банкинд 17 тэрбум, Голомт банкинд 20 тэрбум, Хадгаламж банкинд 20 тэрбум төгрөгийн өртэй байсан гэж албаныхан хэлдэг. Үүнийг төлөх үүргийг Жаст компани нуруун дээрээ үүрч, олон овоотын ордыг эзэмшихээр болсон гэсэн үг. Ийм үүрэг хүлээсэн Жаст групп зээлийн өрөө төлөхгүй байж магадгүй тул Олон овоот гоулд компанийн эзэмшилд ирсэн Олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг Голомт, Хадгаламж, Анод, Зоос банкны дундын барьцаанд нөхөн авсан юм талаар 2010 он хавьцаа Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Лхагвасүрэн хэлж байсан юм. Жаст групп Олон овоотын ордын үйл ажиллагааг явуулж дотоодын банкуудад амласан өрөө төлөх үүднээс, олон овоотын төсөлд зориулж 12 охин компанидаа 162 тэрбум төгрөгийн зээлийг Хадгаламж банкнаас гаргаж өгсөн ч, төлөвлөгөө нь бүтэлгүйтжээ. Монгол газар компани Жаст группэд олон овоотын ордоо өгөхдөө 25 тонн алтны нөөцтэй гэсэн баталгаа тухайн үед гаргаж өгсөн байна. Харин Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл олон овоотын ордыг 18 тонн алтны нөөцтэй гэж бүртгэжээ. Гэтэл Жаст групп өнгөрсөн хугацаанд Олон овоотын ордод хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахад, Монгол газар компанийн хэлсэн шиг их хэмжээний нөөц байгаагүй, ердөө 4 тонн алтны нөөцтэй байсан гэж Жаст группын захирал н.Батхүү мэдэгдэж байсан удаатай. Тиймээс олон овоотын ордын үйл ажиллагааг явуулдаг Олон овоот гоулд компани 2012 онд 97 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тул, Жаст групп охин компаниудынхаа Хадгаламж банкнаас зээлсэн 162 тэрбум төгрөгийг төлж дийлэхгүйд хүрчээ. Мөн амласан ёсоор бусад банкуудад төлөх өрийг барагдуулж чадаагүй байна. Энэ үйл явдлаас болж Хадгаламж банк татан буугдсан юм. Тухайн үед тус банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн юм. Тэр үед Хадгаламж банкны найдваргүй зээлтэй тэнцэх хэмжээний бондыг Засгийн газар гаргаж, Төрийн банкийг хүндрэлгүй болгох тухай асуудал яригдаж байсан билээ. Ийнхүү олон овоотын төслөөс болж Анод, Зоосын араас Хадгаламж банк хаалгаа барьсан нь энэ билээ. Өөрөөр хэлбэл, 2009 оноос хойш Олон овоотын төслөөс болж гурван ч банк хаалгаа барьсан юм. Хадгаламж банк 2009 онд хүндрэлд орсон гэгдэх Монгол шуудан банкийг өөртөө нэгтгэсэн тухай дээр өгүүлсэн. Үүнийг оролцуулбал, олон овоотын ордоос болж дөрвөн банк хаалгаа барьсан болж таарах нь. Эдгээрээс Зоос болон Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж, Анод ганцаараа дампуурсан дүр зураг харагддаг. Өөрөөр хэлбэл, хүндэрсэн банкууд Төрийн банкны халаас руу орсон юм. Харин Төрийн банкны үйл ажиллагаа жигдэрмэгц хувьчилна гэж тухайн үед яригдаж байсан нь нууц биш юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.