Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Хадгаламжийн даатгалтай болов…

-Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуультай болов-

2008-2009 он арилжааны банкуудын хувьд хатуухан жил болж өнгөрсөн билээ. Анод, Зоос банкны хувь нийлүүлэгчид эрх мэдлээ ашиглаж их хэмжээний зээл гаргасан нь дээрх хоёр банк татан буугдах гол шалтгаан болсныг албаныхан учирладаг. Үүнээс гадна, Анод, Зоос банкны санхүүгийн тайлан баланс хаалттай байснаас болж цөөнгүй хадгаламж эзэмшигч хохирсон юм. Анод, Зоос банкны үйл ажиллагаа хүндэрсэн гэх мэдээллийн дараа иргэд, аж ахуйн нэгжийн банкинд итгэх итгэл суларч арилжааны банкуудаас хадгаламжаа татаж байсан нь нууц биш. Үүнээс болж арилжааны банкуудаас гадагшлах мөнгөн урсгал огцом нэмэгдэж араас нь бусад банкууд хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байлаа. Тиймээс 2008 оны арваннэгдүгээр сарын 25-нд парламентаар Төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль гаргаж, үүний хүрээнд татан буугдсан банкуудын харилцах болон хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төрөөс барагдуулсан юм. Анод банк татан буугдахад төвбанк өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргасан бол, Зоосыг хүндрэхэд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж дээрх хоёр банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкин дахь мөнгөн хадгаламж болон харилцах дансны эрсдэлийг төр нуруундаа үүрч хариуцахаар болсон юм. Энэ нь иргэдийн банкинд итгэх итгэл сэргэж хадгаламжийн хэмжээ эргэн өсөхөд нөлөөлсөн байдаг. Тухайлбал, 2008 оны гуравдугаар сараас буурсан банкуудын хадгаламж, 2009 оны нэгдүгээр сараас эргэн сэргэсэн юм. Удалгүй арилжааны банкуудын гадаад валютын хадгаламж 600 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 1,4 их наяд төгрөг болж өссөн юм. Арилжааны банкуудын хадгаламж өмнөх оноосоо хоёр дахин өсч, 2 их наяд төгрөгт хүрсэн нь энэ. Төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргаснаас хойш арилжааны банкууд өндөр хүү амлан их хэмжээний мөнгөн хөрөнгө иргэд, аж ахуйн нэгжүүдээс татаж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн хэрэг.

Гэвч өөрсдийнхөө эрсдэл даах чадвараас давсан мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж байсан нь араасаа багагүй эрсдэл дагуулж мэдэхээр байв. Өндөр хүүтэй хадгаламж татсан банк дампуурвал төрийн нуруун дээр ирэх ачаа дахиад нэмэгдэж таарна. Нөгөө талаас өндөр хүү амлаж хадгаламж татсан болохоор зээлийн хүү буурахгүй байх зэрэг цөөнгүй хүндрэл араасаа дагуулж мэдэхээр болжээ. Тиймээс Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм. Ингэхдээ банк хоорондын зах болон гадаадын банк санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн харилцах болон хадгаламжид баталгаа гаргахгүй байх. Мөн тухайн банкинд зээлтэй, эсвэл батлан даалтын өр төлбөртэй этгээдийн харилцах болон хадгаламжийн дансанд баталгаа гаргахгүй байх. Түүнчлэн төвбанкны бодлогын хүүгээс давсан хадгаламжийн хүүд төрөөс баталгаа гаргахгүй байх заалтыг дээрх хуульд шинээр нэмж оруулахаар төлөвлөж байлаа. Үүнээс гадна, хамгийн анхаарал татаж байсан нэг асуудал бол арилжааны банкуудын нийт хадгаламжийн дүнгийн нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг банкны баталгааны санд төвлөрүүлэхээр төлөвлөж байсан юм. Арилжааны банкуудын нийт хадгаламжийн үнийн дүнгийн 1 хувийг иргэдийн хадгаламжаас бус, арилжааны банкуудаас авна гэдгийг тухайн үеийн Монголбанкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын хэлтсийн захирал н.Батбаатар мэдэгдэж байлаа. Тухайн үед арилжааны банкууд 2 их наяд төгрөгийн хадгаламжтай байсан гэж тооцвол тэднээс 20 тэрбум төгрөг авч Банкны баталгааны санд байршуулахаар төлөвлөж байсан гэсэн үг юм. Хадгаламжийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хөрөнгийг жил бүр тусгай санд байршуулахыг арилжааны банкууд таатай хүлээж аваагүй нь мэдээж. Тэд хадгаламжийн дүнгийн нэг хувийг тусгай санд байршуулж байснаас зээлд гаргаж эргэлдүүлэх нь оновчтой гэж үзэж байв. Гэвч хууль гарахаараа гарч, тэд хүссэн хүсээгүй шимтгэл төлж эхэлсэн билээ.

-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хууль хэрэгжиж эхлэв

2008-2009 онд тохиосон банк, санхүүгийн хямралын үед арилжааны банкуудын хадгаламж гадагшлах урсгал нэмэгдэж байлаа. Үүний нэг нотолгоо бол 2008 онд арилжааны банкуудын нийт хадгаламж өмнөхөөсөө хоёр дахин буурч, 1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан явдал. Тиймээс банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, банкуудын хадгаламж гадагшлах урсгалыг зогсоох үүднээс Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг 2008 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр баталсан тухай дээр дурдсан. Дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдсөн хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-нд дуусгавар болсон юм. Өөрөөр хэлбэл, банкин дахь мөнгөн хадгаламж болон харилцах дансны үлдэгдлийг төрөөс батлан даах хуулийн хугацаа энэ өдрөөр дуусгавар болсон гэсэн үг. Уг хуулийг дахин нэг жилээр сунгах төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч, олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Шалтгааныг нь тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч н.Золжаргал: Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг нэг жилээр сунгавал, банкуудын харилцах болон хадгаламжийг төрөөс нэг жил дахин батлан даах байлаа. Харин үүний араас банкуудын хадгаламжийн даатгалын тогтолцоо руу шилжүүлнэ гэж тооцож байсан. Үүний оронд, банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг дахин нэг жилээр сунгах төслийг, хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн барих нь зөв гэж үзсэн хэмээн тайлбарласан юм. Энэ дагуу 2012 оны арваннэгдүгээр сарын 11-нд хууль тогтоогчдод хоёр хуулийн төслийг зэрэг өргөн мэдүүлсэн байна. Энэ хоёр хуулийн төсөл хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэг зорилготой учир нэгтгэх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс Засгийн газар энэ хоёр хуулийн төслийг нэгтгэж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль гэсэн нэрээр дахин зүтгүүлсэн юм.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аар хэлэлцэж баталсан юм. Өөрөөр хэлбэл, банкин дахь иргэдийн харилцах болон хадгаламжийн баталгааны хугацаа дууссаны дараа даатгалын тогтолцоонд ийнхүү шилжсэн билээ. Ингэснээр арилжааны банкуудын хадгаламж болон харилцахад төрөөс баталгаа гаргахаа больж, харин даатгалаар бүх эрсдэлийг шийддэг тогтолцоо руу шилжих эрхзүйн орчин бий болсон юм. Энэ дагуу Хадгаламжийн даатгалын корпорацийг 2013 оны наймдугаар сарын 16-ны өдөр байгуулсан юм. Хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг Хадгаламжийн даатгалын корпораци эрхлэн явуулахаар тухайн үед хуульчилсан. Энэ корпораци руу тусгай зөвшөөрөл бүхий банкуудын нэрсийг төвбанк ирүүлэх ёстой. Улмаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд харилцагчдынхаа өмнөөс 20 хүртэлх сая төгрөгийг нь өөрийн хөрөнгөөр хадгаламжийн даатгалын корпорацид даатгуулахаар хуульчилсан юм. Ингэхдээ арилжааны банкууд харилцах болон хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөгийг жилийн хугацаанд даатгуулахдаа жилд дээд тал нь 0.5 хувийн шимтгэл, улиралд 0.125 хувийн хураамж төлөхөөр болсон юм. Энэ нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан дээд хязгаар юм. Хураамжийн хэмжээ үүн дотор хэдэн ч хувь байж болох талтай. Энэ хувь хэмжээг Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хороо тогтоодог байна. Тус хороо системийн таваас дээш хувийг эзэлдэг нөлөө бүхий Худалдаа хөгжил, Хаан, Хас, Төрийн, Голомт банкуудаас авах хураамжийг жилийн 0.3 хувь байхаар анх тогтоожээ. Харин үлдэх банкуудаас авах хураамжийн хэмжээг 0.4 хувь байхаар анх тогтоосон байна. Арилжааны банкуудаас авах хураамжийн энэ хувь хэмжээг 2014 он хүртэл дагаж мөрдсөн байдаг. Энэ хүртэл арилжааны банкууд нийт харилцах болон хадгаламжийн дүнгийн 0.3-0.4 хувьтай тэнцэх шимтгэлийг өөрсдөөсөө гаргаж, үйлчлүүлэгчдийнхээ хуримтлалыг даатгуулсан байдаг юм.

Манай улсад ийнхүү хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтэрсэнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн банкинд итгэх итгэл өмнөхөөсөө нэмэгдсэн гэж мэргэжлийн хүрээнийхэн үздэг. Тухайн үед улсын хэмжээнд арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулж байлаа. Арилжааны банкуудын хадгаламж 2013 оны эцэст 6.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол, 2014 оны эцэст 7.4 их наяд төгрөг болж өссөн нь үүний нэг тод жишээ юм. Иргэд, аж ахуйн нэгжийн энэ хадгаламжийг арилжааны банкууд өмнөхийн адил өөрийн хөрөнгөөр даатгуулах ёстой. Гэхдээ 2015 оноос даатгалын хураамжид өмнөхөөсөө арай бага шимтгэл төлж эхэлжээ. Хадгаламжийн даатгалын корпорацийн үндэсний хороо 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд нөлөө бүхий банкуудаас жилийн 0.25 хувийн шимтгэл, үлдэх банкуудаас жилийн 0.35 хувийн шимтгэл авах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд үйлчлүүлэгчдийнхээ мөнгөн хөрөнгийг даатгуулахад зориулж, харилцах болон хадгаламжийн дүнгээс 0.25-0.35 хувьтай тэнцэх хөрөнгийг өөрөөсөө гаргаж эхэлсэн билээ. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 онд банк санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор банкуудаас авах даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ийнхүү бууруулсан байгаа юм. Олон улсын хадгаламжийн даатгалын холбоонд 79 байгууллага гишүүнээр элссэн байдаг. Хадгаламжийн даатгалд зориулж арилжааны банкуудаас авдаг тэдний шимтгэл харилцан адилгүй. Тухайлбал, гишүүн орнуудын 15 нь арилжааны банкуудаас 0.1 хувийн шимтгэл авдаг бол, 19 нь 0.2 хувийн шимтгэл, 8 нь 0.3 хувийн шимтгэл, 5 нь 0.4 хувийн шимтгэл, 10 нь 1 хувийн шимтгэл авдаг байна. Харин бусад нь үүнээс дээш шимтгэл авч байгаа юм. Манай улсын даатгалын хураамж харьцангуй бага буюу Колумб, Мексик, Тайвань, Сингапур, Орос, Болгар, Венесуэл, Косово зэрэг орнуудынхаас доогуур байдаг аж.

-Банк татан буугдвал 20 хүртэлх сая төгрөгийн хохирол барагдуулна-

Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-нд дуусмагц, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан. Мөн энэ өдөр уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аас гаргажээ. Энэ тогтоолд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газар болон Монголбанкнаас гаргуулахаар тусгасан байна. Улмаар хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын корпорацийн дүрмийг 2013 оны тавдугаар сарын 24-нд баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны зургаадугаар сарын 14-нд бүртгүүлж, 2013 оны наймдугаар сарын 16-нд корпорацийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Хадгаламжийн даатгалын корпораци дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан учир банкуудаас татан төвлөрүүлсэн даатгалын шимтгэл гэхээр зүйл байгаагүй. Тиймээс корпорацийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс эхлэлтийн хөрөнгө болгож Засгийн газар, төвбанк хамтран 100 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын санд байршуулахаар болсон талаар тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хэлж байлаа. Хадгаламжийн даатгалын сангийн эхлэлтийн хөрөнгөд зориулж төвбанк 50 тэрбум төгрөгөө бүрэн шилжүүлсэн бол, Сангийн яам 42 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан нь нууц биш. Хадгаламжийн даатгалын корпораци дээрх эхлэлтийн хөрөнгөөс гадна, арилжааны банкуудын төлсөн даатгалын хураамж, хуульд заасан бусад эх үүсвэрээр Хадгаламжийн даатгалын санг бүрдүүлэх ёстой. Сангийн хөрөнгийг төвбанк болон засгийн газрын үнэт цаасанд байршуулж болохоос гадна, гадаадын өндөр зэрэглэл бүхий банкуудад байршуулах замаар өсгөх боломжтой юм. Энэ хүрээнд арилжааны банкуудаас даатгалын хураамжид зориулж 52 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтаас 16 тэрбум төгрөг, бусад орлогоос 4 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын санд анх хуримтлуулж байсан байгаа юм. Сангийн яам болон төвбанкнаас төвлөрүүлсэн эхлэлтийн санхүүжилт, арилжааны банкуудаас авсан даатгалын хураамж, хөрөнгө оруулалтын болон бусад орлогыг ийнхүү Хадгаламжийн даатгалын санд хуримтлуулж эхэлсэн юм. 2015 оны байдлаар эдгээрээс хадгаламжийн даатгалын санд 160 тэрбум төгрөг төвлөрсөн бол, үүнээс хойш энэ тоо хэд дахин өссөн байх нь ойлгомжтой.

Харин шаардлагатай тохиолдолд сангийн хөрөнгийг хуульд заасан хэлбэрээр зарцуулах ёстой юм. Ингэхдээ банк дампуурвал тухайн банкны харилцагчдын даатгагдсан хадгаламжийг нөхөн олгоход зарцуулах ёстой. Гэхдээ төвбанкнаас арилжааны банкийг албадан татан буулгах шийдвэр гарсны дараа хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр авах эрх үүсэх юм. Өөрөөр хэлбэл, төвбанкны шийдвэрээр арилжааны ямар нэг банк татан буугдвал, хадгаламжийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгөөс 20 хүртэлх сая төгрөгийн харилцах болон хадгаламжийн хохирлыг барагдуулах хуультай юм. Нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын корпорацийн дээд байгууллага болох Үндэсний хорооноос сонгон шалгаруулсан банкуудаар дамжуулан олгох ёстой аж. Ингэхдээ, нэг хадгаламж эзэмшигч нэг банкнаас төгрөг болон валютын харилцах болох хадгаламждаа дээд тал нь 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг авах эрхтэй. Харин үүнээс дээш хадгаламжийнхаа хохирлыг татан буугдсан банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс авах бололцоотой юм. Манай улсын нийт хадгаламж эзэмшигчдийн дийлэнх нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай гэсэн судалгаа бий. Тэр ч утгаараа дийлэнх харилцах, хадгаламж эзэмшигчид даатгагдсан гэсэн үг. Манай улсын хадгаламж эзэмшигчдийн дийлэнх нь ийнхүү даатгагдсан байгаа нь Канад, Орос, Япон, Америк зэрэг орнуудынхаас өндөр үзүүлэлт болохыг Олон улсын хадгаламжийн даатгалын холбооны судалгаа харуулдаг. Харин нэг харилцагчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг буюу ДНБ-ийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байгаа нь Англи, Канад, Австрали, Итали, Франц, Герман зэрэг орнуудтай ойролцоо байгаа юм. Ийнхүү 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хадгаламж эзэмшигчид хуулиар хамгаалагдсан ч, түүнээс дээш хадгаламж даатгагдахгүй орхигдсон сул тал бий. Үүнтэй зэрэгцээд 2012 оны сүүлээр УИХ-аас Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, 1 хүртэлх жилийн хугацаатай 100 сая төгрөгийн хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авахаар хуульчилсан байдаг. Ийнхүү жижиг хадгаламж эзэмшигчид хуулийн ивээлд орж, харин томоохон хадгаламж эзэмшигчдийн 20-оос дээш сая төгрөг даатгалгүйн дээр, 100 сая төгрөгийн хадгаламжийн хүүгээсээ татвар хүртэл төлөхөөр болсон юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.