Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Нийгмийн даатгалын сан ба шимтгэл…

-Нийгмийн даатгалын шимтгэл буурах уу-

2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 14 хувь байсныг 19 хувьд хүргэн баталсан байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон ажилтан тус бүр 7 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсныг тус бүр 9,75 хувьд хүргэжээ. Ингэхдээ 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж 2021 оны долоодугаар сарын 1-нээс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байж. Энэ шалтгаанаа манай улс 2017 онд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан гэж тайлбарлаж байх юм. Яахаараа ч нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг аж ахуйн нэгж, ажилтанд үүрүүлж байгаа юм бүү мэд. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө яасан болоод алдагдал ярьж, шимтгэл өсгөх хууль баталсан нь хачирхалтай. Энэ тухай яривал олон жилийн түүх сөхөх шаардлага гарах нь дамжиггүй. Ямар ч байсан шимтгэлийн хувь хэмжээг хэтэрхий өсгөснөө гэнэт ухаарсан уу. УИХ-ын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Хуулийн төсөл санаачлагчид УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх саналаа УИХ-ын даргад уламжилсан байх юм. Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахаар тусгасан байна. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна. Хуулийн төсөл батлагдсанаар жил тутам ажил олгогч болон ажилтны төлдөг шимтгэлийн ачаалал 190 гаруй тэрбум төгрөгөөр буурах боломжтой гэжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд үүнийг Засгийн газар төсөвт тодотгол хийх, бусад сангийн чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Хуулийн төслийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ.

Мөн Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 960 орчим тэрбум төгрөгийг хөнгөлжээ гэсэн байх юм. Хөнгөлөөд байгаа гэх хуулийн төсөл энэ мэт байнга УИХ-ын босгыг давдаг. Олон нийтэд ч хөнгөлөөд байна гэж ойлгуулдаг билээ. Гэтэл бодит байдал дээр ам ажил нь зөрдөг нь маргаангүй үнэн юм. Өөрсдийн хэдэн компаниа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулаад өрөөлийн компаниудыг ялган хуулийн гадуур орхисон зүйл өнгөрсөн хугацаанд бишгүйдээ нэг гарсан. Ялгаагүй аж ахуйн нэгжүүдийг ямрыг нь төрөөс харж үзээд, ямрыг нь ялгаад байдгийг энэ дашрамд та бүхнээс асуух нь зүйн хэрэг биз. Мэргэжилтнүүдээс нь лавлахаар ийм хууль гарсан гэж хууль тогтоогчид руу чихэх аястай. Тиймээс хууль тогтоогч та бүхнээс асууж буй хэрэг юм. Хууль тогтоогчид ажлаа мэддэггүй учраас дутуу дулимаг хуулийн төсөл бариад орохоор нь батлаад гаргадаг уу. Эсвэл мэдсээр байж мэлзэж байгаад өөрсдийн хамаарал бүхий компаниудаа хуулийн хүрээнд хөнгөлөлт чөлөөлөлтөд оруулж төрөөс тэтгэдэг үү. Өмнөх шигээ алдаа дутагдал өчигдөр өргөн барьсан хуулийн төсөлд бий эсэхийг лавлаж буй хэрэг юм. Хуулийг гууль болгохгүй, аж ахуйн нэгж, ард иргэдээ ялгахгүй байх нь эрхэм гишүүдийн үүрэг билээ. Гэтэл төрийн нэр барьж хуулиар далайлгаж бусдын хөдөлмөрийг мөлжих нь хэрээс хэтэрч буйг өнгөрсөн 5-6 жилийн түүх тод харуулах биз ээ. Нэг бодлын төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон нийт хамарсан нам дамжсан бүлэглэлүүдийн шимэгч хувалзууд гэлтэй. Энэ удаагийн хуулийн төсөлд яг өмнөх зүйл туссан юм биш биз. Ямар аж ахуйн нэгжид давуу байдал бий болгох гэж буйг харж л сууя.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхсөн нь-

Засгийн газар 2001 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Сангийн яамны дэргэдэх Төрийн санд байршуулах шийдвэрийг гаргасан байдаг. Харин төрийн санд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн алдагдал зэргийг санхүүжүүлэхэд зарцуулж ирсэн байгаа юм. Энд нэг жишээ дурдахад, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2008 онд Улсын нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд судалгаа хийхэд Нийгмийн даатгалын сангийн 3 их наяд төгрөгийг улсын төсвийн алдагдалд зарцуулсан гэсэн тоог тооцооллын аргаар гаргаж байжээ. Энэ нь тухайн үеийн манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гээд боддоо. Тиймээс энэ мөнгийг нийгмийн даатгалын санд буцааж байршуулах ёстой гэсэн шаардлагыг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Засгийн газарт удаа дараа тавьжээ. Энэ дагуу Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж тохиролцоонд хүрсэн байна. Ингэхдээ 1,7 их наяд төгрөгийг 2015 онд багтаан нийгмийн даатгалын сангийн нэрийн дансанд байршуулна. Харин үлдэх 236.3 гаруй тэрбум төгрөгийг бэлнээр нь нийгмийн даатгалын санд 2013 онд багтаан байршуулахаар болсон аж. Засгийн газар амласан хугацаандаа дээрх мөнгийг бэлнээр нь нийгмийн даатгалын санд байршуулах боломжтой гэж мэдэгдэж байжээ. Ийнхүү төсвийн алдагдалд зарцуулагдсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөний асуудал шийдэгдэхээр болов. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Нэрийн дансны 1,7 их наяд төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан байршуулахад, үүнийг санхүүгийн хэрэгслүүд ашиглаж арвижуулах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа. Тиймээс эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэсний дараа нийгмийн даатгалын сангийн нэрийн дансны 1,7 их наяд төгрөгийг үе шаттайгаар нийгмийн даатгалын санд эргүүлэн байршуулна гэж мэдэгдэж байсан юм. Энэ бол 2008 оноос өмнөх Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн асуудал. Харин энэ үеэс хойш нийгмийн даатгалын сангийн хөрөнгөө яасан бол…

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан нь-

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Төв банкны үнэт цаасанд байршуулж болохоос гадна арилжааны банкинд тодорхой хүүтэй хадгалуулж болно гэсэн хуулийн заалт бий. Тодруулбал, тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 зүйлд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкуудад хүүтэй хадгалуулж болно гээд заачихсан байлаа. Ирээдүйн тэтгэвэр авагчдын мөнгийг өсгөж үржүүлэх зорилгоор ингэж хуульчилсан хэрэг. Энэ дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2005 оноос тодорхой хүүтэйгээр арилжааны банкуудад хадгалуулж ирсэн юм. 2009 оны байдлаар 70,3 тэрбум төгрөг арилжааны 9 банкинд байршиж байсныг сайтар санаж байна. Ингэхдээ Улаанбаатар банкинд 9,2 тэрбум, Хөрөнгө оруулалтын банкинд 3 тэрбум, Капитал банкинд 14 тэрбум, Капитрон банкинд 6 тэрбум, Монгол шуудан банкинд 5,1 тэрбум, Анод банкинд 2 тэрбум, Зоос банкинд 13 тэрбум, Хаан банкинд 15, Хадгаламж банкинд 3 тэрбум төгрөгийг тус тус байршуулсан байлаа. Гэвч тун удалгүй Анод, Зоос банкууд татан буугдаж энэ хоёр банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгө яасан бол гэсэн асуулт гарч байлаа. Үүнд тэр үеийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хуримтлалын сангийн удирдлагын хэлтсийн дарга Дуулал: Нийгмийн даатгалын сангийн 10 орчим тэрбум төгрөгийг Зоос банкинд хадгалуулсан байсан. Гэхдээ тус банк дампуурахаас өмнө дээрх мөнгийг хүүтэй нь бүрэн бүтэн эргүүлж авсан. Харин Анод банкинд хадгалуулсан 2 тэрбум төгрөгийг авч чадаагүй хэмээн ярьж байсан юм. Үүнээс хойш олон жилийг ардаа орхижээ. Энэ мөнгийг эргүүлэн авч чадсан эсэхийг тааж хэлэхэд бэрх юм. Иргэд аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалд төлсөн ирээдүйн тэтгэврийнх нь мөнгийг арилжааны банкуудад хүүтэй хадгалуулж өсгөх гэсэн биш ийм эрсдэл гарч байсныг хэлэх гэсэн санаа. Гэтэл үүнээс сургамж авсангүй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад үргэлжлүүлэн байршуулсаар байсан юм. Хэрэв арилжааны банкууд Анодын нэгэн адил хүндэрвэл яах вэ. Анодын нэгэн адил хохирлыг нь төрөөс барагдуулах уу. Эсвэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан хүмүүс хариуцлага хүлээх үү гэсэн асуулт гарч байсан нь нууц биш. Дахин банк татан буугдвал иргэдийн ирээдүйн тэтгэвэр эрсдэл учирч болзошгүй учраас тэр. Гэтэл хэлж дуусаагүй юу татан буугдсан Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан талаар сүр дуулийн болж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай.

-Капитал банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгө-

Нийгмийн даатгалын ерөнхий газар 2019 оны 12 сарын 3-ны өдөр энэ талаар мэдэгдэл хүртэл гаргасан байдаг шүү дээ. Уг мэдэгдэлд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд Хамтран ажиллах гэрээ байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.3 тэрбум үүнээс хадгаламж нь 105 тэрбум, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190 тэрбум, 2015 онд 238 тэрбум үүнээс хадгаламж нь 185 тэрбум, 2016 онд 224.1 тэрбум үүнээс хадгаламж нь 180 тэрбум, 2017 онд 228.1 тэрбум үүнээс хадгаламж нь 20 тэрбум, 2018 онд 105.3 тэрбум үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газар 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан Мөнгөн хадгаламжийн гэрээг сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн болно. Тодруулбал, Капитал банкинд байсан 79 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа  хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй. Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно. Байнгын хорооноос өгсөн чиглэлд: …банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх, …хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах гэж заасан байсан. Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч харилцах дансанд шилжүүлсэн 79 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгөөр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн. Дээрх 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө  харилцах дансанд шилжсэн. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд удаа дараа төлбөрийн хүсэлт хүргүүлж зарлагын гүйлгээ хийхийг шаардсан боловч шаардлагыг хангахгүй байсаар 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банк татан буугдсан болно гэж мэдэгдэлдээ дурдсаныг юу гэх вэ.

Мөн мэдэгдэлдээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд арилжааны бүхий л банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эх үүсвэрийг тухайн банкаар үйлчлүүлдэг тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн зээлийн дүнгээс хамааруулан байршуулж ирсэн. Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сард ХААН болон Төрийн банктай, гуравдугаар сард тэтгэвэр олгодог бусад банктай Хамтран ажиллах гэрээ, Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан. Тухайн үед Капитал банкаар 38038 иргэн тэтгэврээ авч, 11 815 тэтгэвэр авагч 26.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол Худалдаа хөгжлийн банкаар 551 хүн тэтгэврээ авч, 114 тэтгэвэр авагч 0.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Чингис хаан банкаар 251 иргэн тэтгэвэр авч, 194 тэтгэвэр авагч 0.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Голомт банкаар 1559 иргэн тэтгэвэр авч, 320 тэтгэвэр авагч 1.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Улаанбаатар хотын банкаар 3290 хүн тэтгэвэр авч, 1899 тэтгэвэр авагч 4.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Капитрон банкаар 2321 иргэн тэтгэвэр авч, 1170 тэтгэвэр авагч 3.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Үндэсний  хөрөнгө оруулалтын банкаар 107 иргэн тэтгэвэр авч, 80 тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл 0.3 тэрбум төгрөг тус тус  байсан. Дээрх зээлийн судалгаа, тэтгэвэр авагчдын тооноос хамааруулан Капитал банкинд тэтгэврийн зээлийн хүү бууруулах эх үүсвэрт зориулан 2.4 тэрбум төгрөгийг хугацаа дуусч харилцах дансанд шилжсэн мөнгөн хөрөнгөөс шилжүүлэн гэрээг байгуулсан болно. Өөрөөр хэлбэл, тухайн банкаар үйлчлүүлэгч тэтгэвэр авагчдын тоо, мөн тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тооноос хамаарч зээлийн хүү бууруулах эх үүсвэрийг ялгаатай тогтоож байршуулсан. Түүнээс биш банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг мэдэгдэж байна гэсэн нь эрх биш уншигч та бүхэнд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах биз ээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Нийгмийн даатгалын сан ажил олгогчдоос 256 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бол, Капитал банкнаас нийт 104 тэрбум төгрөгийн авлагатай, үүнээс 1 тэрбум 500 мянга орчим төгрөгийн төлбөрийг барагдуулсан, одоо 102.6 тэрбум төгрөгийн үлдэгдэл авлагатай байгаа. Капитал банктай холбоотой нийгмийн даатгалын авлагын асуудал эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн процесс үргэлжилж байгаа аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.