7 сар 17, 2025

Б.Жавхлан Сангийн сайдаар улиран сонгогдов

2025.06.17. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав. Сангийн сайдад Б.Жавхланг улираахаар нэрийг нь Eрөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Болдын Жавхлан УИХ-ын гурван ч удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан туршлагатай улстөрчдийн тоонд багтдаг тул намынхан нь итгэл хүлээлгэж Сангийн сайдын албан тушаалд улираахаар шийджээ. Тэрбээр улстөрийн хүрээнийхэнд нэр цэвэр, биe цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр нэгэн гэдгээрээ танил. Харин эдийн засгийн хүрээнийхэн түүнийг мэргэжлийн банкир гэдгээр нь андахгүй. Арга ч үгүй юм. Монголбанкны тэргүүн дэд eрөнхийлөгчөөс Сангийн сайд хүртэл дэвшиж ажиллахад нь түүний мэргэжлийн банкирийнх нь туршлага илүүтэй нөлөөлсөн биз ээ. Тэгвэл Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025.06.17-ны өдрийн хуралдаан 17 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Eрөнхий сайд танилцуулав. Тухайлбал, Сангийн сайдад Болдын Жавхланг нэр дэвшүүлэн, томилохоо Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ. Eрөнхий сайд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг ийнхүү Улсын Их Хуралд танилцуулсны дараа Ерөнхийлөгчид танилцуулаад, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон байна. Засгийн газрын гишүүдээ томилсон талаараа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад “Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүний МАН-аас 16 сайд, ХҮН-аас 2 сайд, ИЗНН-аас 1 сайд томилогдсон байна. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан, туршлагатай сайд нар бол үлдсэн 50 хувь нь анх удаа томилогдож байна. Засгийн газрын нийт гишүүдээ Улсын Их Хуралд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дээдлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хариуцсан ажил, албан үүрэгтээ эзэн болж, мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилан, танхимын зарчмыг чанд сахиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ. Дараа нь Засгийн газрын хамгийн ахмад гишүүн буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тангаргийг уншиж, Засгийн газрын нийт гишүүд тангараг өргөв. Дараа нь шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав гэжээ.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate