Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Гартаа барьсан валютгүй гадаад худалдаа эрхэлсэн нь…

Улаанбаатар хот өдөр ирэх тусам өргөжин тэлж байна. Гэсэн хэдий ч энэ хөгжил, дэвшлийг өнгөрсөн үетэй харьцуулахын аргагүй юм. Өнгөрсөн зууны их бүтээн байгуулалтын үед нийслэл хот сүндэрлэн боссон билээ. Үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллагын нэг бол яахын аргагүй Техник импорт гэлцдэг. Тухайн үеийн их бүтээн байгуулалтад шаардагдаж байсан машин, механизм, тоног төхөөрөмжийг зөвхөн Техник импорт гадаадаас импортоор оруулж ирдэг байсан болохоор тэр юм. Тиймээс энэ байгууллагын улс, эх орны өмнө байгуулсан гавъяа хэзээ ч дундрашгүй юм.

-Гадаад харилцааны үндэс суурийг тавилцжээ-

1958 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 380 тоот тогтоолоор Техник, төрөл бүрийн барааны импорт нэгдэл нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Техник, төрөл бүрийн барааны импорт нэгдэл анх Драмын театрын урд талд тухайн үеийн Гадаад худалдааны газрын байранд байрлаж байсан байна. Дараа нь одоогийн Цагдаагийн ерөнхий газар, тэр үеийн Үйлдвэр худалдааны яам болон Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан байна. Харин 1978 онд одоогийн байрандаа нүүж ирсэн түүхтэй. Техник импорт нэрнээсээ ойлгомжтой газар. Гадаад орнуудаас үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор авч, төлөвлөгөөт хугацаанд нь ханган нийлүүлэх үндсэн үүрэг бүхий байгууллага байсан юм. Техник импорт нэгдэл манай улсын гадаад худалдааны ууган байгууллагын нэг гэж ойлгож болно. Тиймээс энэ байгууллагад манай улсын үе үеийн урдаа барьдаг, хэлний өндөр мэдлэгтэй боловсон хүчнүүд ажиллаж байжээ. Хэлтэй бол хөлтэй гэдэг үг эндээс гаралтай биз ээ. Учир нь тус байгууллагын залуус хэлний мэдлэгээ ашиглан, улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хэрэгтэй, бас шаардагдаж байсан бүхий л техник, тоног төхөөрөмжийг газрын мухраас ч болтугай олж авч ирдэг байлаа. Тэдний бахархах зүйл энэ юм. 1950-аад онд манай улс зөвхөн ЗХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаатай байлаа. Техник импорт нэгдэлийн шилдэг боловсон хүчнүүдийн мэрийлт, чармайлтын үр дүнд 1976 он гэхэд манай улс Хятад, Чехословак, Ардчилсан Герман, Болгар, Унгар, Польш,  БНАСАУ, Румын, Югаслав, Вьетнам, Куба, Энэтхэг, Финлянд зэрэг улсуудаас техник, тоног төхөөрөмж, машин механизм импортолдог болсон байна. Өнөөгийн гадаад харилцааны үндэс суурийг тавилцахад тус байгууллагын үүрэг оролцоо их байсан гэлцэх нь бий. 

-Гартаа барьсан валютгүй гадаад худалдаа хийсэн нь-

1990-ээд оны эхээр дэлхийн бүхий л улс орнууд америк долларын нөөцөөр хомс байлаа. Манай улсад ч гэсэн ялгаагүй. Улсын сан хөмрөгт долларын нөөц бараг байсангүй. Гэтэл гадаад худалдааг энэ төрлийн валютаар хийх ёстой болчихоод байдаг. Тиймээс тухайн үед Гадаад худалдааны яамнаас америк долларын эх үүсвэрээ өөрсдөө бүрдүүлэх даалгаврыг нэгдлүүдэд өгч байжээ. Энэ үед гартаа барьсан америк долларгүйгээр гадаад худалдааг ганц хийж байсан газар бол Техник импортынхон гэж ярих нь бий. Гартаа барьсан гадаад валютгүйгээр энэ байгууллагынхан гадаад худалдаа яаж хийдэг байсан байх вэ. 1990 оны эхээр социалист орнууд шинэ нийгэмтэй учран золгож, эдийн засаг дагаад өөрчлөгдөж байсан цаг үе. Энэ үед техник, тоног төхөөрөмж, сэлбэгийн үйлдвэрлэл хуучин хэвээр амжилттай явагдаж байсан ч, үүнийг худалдан авах гадаад валют хамгийн хүндрэлтэй асуудлын нэг болоод байсан юм. Учир нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих тэр явцад гадаад худалдааны төлбөр тооцоог америк доллараар хийх болжээ. Энэ нь рублиэр худалдаа хийдэг байсан социалист орнуудад шинэ соргог зүйлийн нэг байлаа. Үйл ажиллагаанд нь тус дэм болохын тулд гадаад орнуудын зах зээл дээр борлогдох магадлалтай арьс, нэхий эдлэл, бэлэн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрүүдээс нарийн хуваарийн дагуу нэгдлүүдэд олгодог байжээ. Үүнийг чулуу болгож чадсан ганц байгууллагынхан бол Техник импортынхон. Ямар сайндаа л гадаад валют ховор үед, хүний сэтгээгүйг сэтгэж, Бартер гэгчийг моданд оруулж байхав дээ. Гартаа барьсан валютгүй, гадаад худалдааг бартераар хийж байсан байгаа юм. Үүний үр дүнд зах зээлийн хүнд хэцүүг амжилттай даван туулсан байгууллагын тоонд тус байгууллага багтаж байжээ.

-Зах зээлд хөл тавьж хувьцаат компани болов-

Хэдийгээр зах зээлийг энэ байгууллагынхан ногоон гэрлээр амжилттай даван туулсан ч, хүндрэл бэрхшээлүүд ар араасаа цуварч байжээ. Тухайлбал, хувьчлалын их шуурганд өртөх нь тэр. Нэгэнт нийгэм өөрчлөгдсөн тул энэ үед хувьчлал эд хүчтэй явагдаж, улсын мэдлийн өмчүүд хувьд шилжиж байлаа. Үүнийг Техник импортынхон тойрч гарсангүй. 1994 он хүртэл Техник импортын 51 хувь нь төрийн мэдэлд, үлдсэн нь хувийн мэдэлд байжээ. Хувьцаат компани болоод, нэгдэл хэмээх нэрнээсээ салаад удаагүй Техник импорт 1997 онд бүрэн хувийн өмчид шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, Техник импорт нэгдэл хувьчлагдаж, Техник импорт хувьцаат компани болсон байна. Техник импорт компани ОХУ руу цемент экспортод гаргасан манай анхны аж ахуйн нэгжийн нэг. Дан ганц цемент гэлтгүй тус байгууллага эрдэс, бордоо, мал, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортолж байжээ. Хажуугаар нь тус компани түүхэн уламжлалаа хэвээр хадгалж үлджээ. Өөрөөр хэлбэл, техник, тоног төхөөрөмж, машин механизм импортолдог хэвээрээ. Тус байгууллага 1953 оноос БНХАУ-тай гадаад харилцааны хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бол, энэ харилцаагаа хэвээр үргэлжлүүлж байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.