12 сар 4, 2024

Америкт Iphone, Монголд Nokia эрэлттэй байв…

2009 оны тавдугаар сарын 2-ны хавьцаа дэлхийн гар утас үйлдвэрлэл өнгөрсөн оноосоо 13 хувиар буурч, 245 саяд хүрсэн судалгаа гарч байлаа. Тухайлбал, Nokia компанийн борлуулалт 19 хувиар, Motorola компанийнх 46 хувиар, Sony Ericsson компанийн борлуулалт 40 хувиар буурсан байна. Гар утасны худалдан авалт буурсан учраас үйлдвэрлэл нь буурсан байгаа юм. Энэ нь 2008-2009 оны санхүүгийн хямралаар хүмүүсийн худалдан авах чадавхи буурсантай холбоотой гэлцэх нь бий. Гэхдээ Apple компанийн гар утасны худалдаа 2009 онд 3,8 саяд хүрч нэмэгдсэн байгаа юм. Дэлхийн нийт санхүүгийн хямралтай байсан ч, Apple компанийн гаргасан Iphone-оос гар татаагүй сонирхолтой судалгаа ийнхүү гарч байлаа. Харин энэ үед монголчууд Nokia-аар өдөр тутмын ажил төрлөө амжуулах нь их байсан юм. Тэди төвийн гар утасны ченж Насанбуян: Nokia брендийн утас эрэлттэй байдаг. Хүмүүсийн таашалд нийцдэг гэж бодож байна. Хамгийн гол нь стадндартын шаардлага хангасан утас авч ирж чадаж байна уу гэдгээс биш, бүх утас урд хөршөөс орж ирдэг гэсэн тайлбарыг тухайн үед өгч байв. Тэди төвийн худалдагч Пүрэврагчаа: Хамгийн эрэлттэй утас гэвэл Nokia-г хүмүүс их сонирхдог. Хуурамч, капиталдсан, оргиналь гэсэн гурван төрлийн утас бий. Хуурамч гар утас гээд байгаа нь хятадад дуурайлгаж үйлдвэрлэснийг хэлээд байгаа юм. Капиталдсан гэдэг нь хэрэглэж байсан утсыг дахиж сэлбээд оруулж ирсэн утсыг хэлж байгаа. Харин үйлдвэрээсээ ирж буй утсыг оргиналь гэж нэрлэдэг. Энд ихэвчлэн Hong-Kong-оос гар утас орж ирдэг. Тэндээс Nokia-ийн салбар үйлдвэрт үйлдвэрлэдэг оргиналь утас гол төлөв орж ирдэг юм. Капиталдсан болон оргиналь утасны хооронд ерөнхийдөө үнийн зөрүү нэг их байхгүй. Ойролцоогоор 20 мянган төгрөгийн зөрүүтэй байдаг ч, хүмүүс гол төлөв оргиналь утас сонирхдог. Оргиналь, капиталдсан, хуурамч утсыг гар утас худалдаалдаг хүмүүс ялгаж чадах ч, иргэд тэр бүр ялгаж чаддаггүй хэмээн тухайн үед хуучилж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. Ерөнхийдөө оргиналь гар утсыг брендийн үйлдвэрт үйлдвэрлэдэг бол, хуурамч нь хувийн үйлдвэрт дуурайлгаж хийсэн байдгаараа онцлогтой аж. Харин капиталдсан нь хуучин хэрэглэж байсан гар утсыг дахин засаж, сэргээсэн байдгаараа онцлогтой аж. Манайхан үнэтэй утас гэхээр оргиналь гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл Тэди төвийнхөн оргиналь, хуурамч, каипалдсан утас үнийн хувьд нэг их зөрүүгүй болохыг хэлж байсан нь энэ. Энэ үе хэдийнэ ард хоцорсон байж болох. Гэхдээ гар утас авахдаа үнийг нь биш, чанарыг нь харах чухал гэдэг нь эндээс анзаарагдана. 2000-2010 оны хооронд манай улсад хамгийн эрэлттэй утас Nokia байжээ. Харин энэ үеэс хойш Финляндад төвтэй Nokia брендийн утас дэлгүүрийн лангуунд цөөрчээ.