Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Банкуудын дампуурал давтагдав…

1990 оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн эхний жилүүдэд банкуудын үйл ажиллагаа доголдож эхлэв. Тухайн үед банкуудын зээлийн хүү өндөр байсан тул олгосон зээл эргэн төлөгдөх нөхцөлгүй болж байлаа. Энэ ч үүднээс 1990-ээд оны дундуур Сэлэнгэ, Хоршоо зэрэг банкууд санхүүгийн хүндрэлд орсон байдаг. Банкны салбарыг эрүүлжүүлэх зорилгоор дээрх хоёр банкийг албан ёсоор татан буулгаж хөрөнгийг нь Ард банкинд байршуулсан түүхтэй. Банкуудын дампуурлаас дурдвал анхных нь энэ. Гэтэл 1996 онд Ард банк гэнэт татан буугдаж хөрөнгийг нь хоёр өөр банкинд хуваан байршуулсан гэдэг. Энэ банкны хадгаламжийн дансны 30 тэрбум төгрөгийг Хадгаламж банкинд байршуулсан бол, харилцах дансыг нь Сэргээн босголт банкинд төвлөрүүлсэн гэх нь бий. Харин Ард банкны найдваргүй зээлийг өр барагдуулах албанд шилжүүлсэн байна. Эдгээрийн араас Даатгал банк татан буугдаж энэ банкны найдвартай хөрөнгийг Сэргээн босголт руу шилжүүлсэн гэх яриа бас бий. Ард болон Даатгал банкны тодорхой хэсгийг Сэргээн босголт руу нэгтгэсэн ч, энэ банк удалгүй хаалгаа барьсан гашуун түүх давтагдав. Гэвч удалгүй төрийн өмчийн Сэргээн босголт банк татан буугдаж суурин дээр нь хувийн хэвшлийн Голомт банк сүндэрлэсэн гэдэг. Гэвч банк санхүүгийн дампуурал үүгээр зогссонгүй. 1990-ээд оны сүүлийн хагаст тохиосон шиг банк санхүүгийн хүндрэл 2000 оны сүүлээр дахин давтагдсан юм.

Банк санхүүгийн хүндрэлийн талаар 2008 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат: Санхүүгийн хямрал манайхын тойроод гарахгүй нь л дээ. Манайхаар дайрч гарч байна. Гэхдээ энэ нь манай банкуудыг шууд нэрвээд гарч байгаа юм биш. Жишээ нь зарим орны банкууд их хүндэрлээ. Засгийн газар нь банкуудынхаа хувьцааг худалдан авч байна шүү дээ. Тухайлбал, Америкт, Европт Засгийн газар нь арилжааны банкнуудынхаа хувьцааг худалдан авч байна. Ямар нөхцөлд худалдан авдаг вэ гэхээр алдагдал нь ихсээд үүнийгээ хаагаад дуусахын үед дүрмийн сан нь хүрэлцэхгүй болно. Тэгэхээр зэрэг Засгийн газар мөнгө хийж байгаа байхгүй юу. Манай нөхцөл бол тэс өөр. Манай нөхцөл бол банкинд алдагдал хийсэн юм байхгүй. Манай нөхцөл юугаараа ялгаатай юм гэхээр арилжааны банкууд маань арай илүү зээл өгчихсөн байгаа. Нөгөө өгсөн зээл нийт актив гэж ярьдаг юм. Иргэдээс авсан хадгаламж хоёрыг харьцуулахаар зээл нь ихэсчихсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг дахиж мөнгө өгөх боломж нь багасаад төлбөр түргэн гүйцэтгэх боломж нь багассан ийм хүндрэл банкууд дээр гарч байгаа. Тэрнээс дүрмийн сан нь идэгдээд алга болсон юм биш. Тэгэхээр зэрэг нэг их хүндээр хүлээж аваад байх шаардлага байхгүй. Засгийн газар банкны салбарыг энэ үед яаж дэмжиж, туслах вэ гэхээр гаднаас мөнгө оруулж ирээд арилжааны банкуудын найдвартай активуудыг худалдаад авчихвал тэд мөнгөтэй болно. Тэгэхээр цаашаа чөлөөтэй бизнесээ хөгжүүлээд явна шүү дээ. Энэ тэнд бөөгнөрчихсөн зүйлийг нь аваад хаячихвал цус гүйнэ дээ. Тийм л маягийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Өнөөдөр манай улсын банкны салбар дампуурах хэмжээнд хүрээгүй хэмээн хуучилж байлаа.

Дэлхийн санхүүгийн хямрал орон сууцны моргейжийн баталгаагүй зээлээс улбаалж АНУ-ын томоохон банкууд дампуурахад хүрсэн. Зарим хүмүүс Америкт болсон зүйл манайд давтагдах вий гэж эмээж байлаа. Банкуудын зээл олголт хадгаламжаасаа давж, эргэн төлөлт удаашралтай байсан учраас тэр. Ер нь ихэнх банкуудын зээл олголт хадгаламжаасаа давсан үзүүлэлттэй байлаа. Зээл эргэн төлөлт бага хувьтай байсан ч, бусад орнуудыг бодвол барьцаа хөрөнгө сайтай тул үүнээс айх аюулгүй, Монгол улсын банкны салбар эрүүл байгаа тухай Олон улсын валютын сангийнхан тэр үед мэдэгдэж байсан юм. Гагцхүү өнгөрсөн хоёр жилд огцом нэмэгдсэн зээлийн өсөлтийг тогтвортой хэмжээнд барих шаардлагатай. Тэр ч утгаараа банкууд зээлээ сааруулж байгаа нь хэвийн үзэгдэл хэмээн тус байгууллага дүгнэж байлаа. Арилжааны банкууд ч хүндрэлээсээ гарахын тулд Япон, Солонгосын хөрөнгө оруулагчдын татах зорилгоор зээлийн хүүгээ нэмэгдүүлсэн тухай тэр үед хуучилж байсан юм. Тэр үед Япон, Солонгосын банкуудын хадгаламжийн болон зээлийн хүү 0.5-1 хувь байсан бол, манайд 18,6-19,2 хувь байсан юм. Тиймээс дэлхийн эдийн засаг хямарч, хөрөнгө оруулагчид олдохгүй нь гэж эмээж байсан ч, Япон, Солонгосын хөрөнгө оруулагчид манай улсын банкинд өндөр хүүтэй мөнгө хийх сонирхол байгаа гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж, ихэд найдлага тавьж байлаа. Энэ боломжийг ашиглан арилжааны банкууд хүндрэлийг даваад гарна гэж үзэх хүн цөөнгүй байсан ч энэ нь талаар болж Анод, Зоос банк ар араасаа татан буугдсан билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate