12 сар 26, 2024

Баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусна…

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулж, нэр дэвшигчийнхээ баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуульд заасан хугацаа өнөөдрөөр дуусна. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх, Зөв хүн-электорат эвслээс нэр дэвшүүлсэн Дангаасүрэнгийн Энхбат нарын баримт бичгийг хүлээн авлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж хуульчилсан. Иймд Сонгуулийн ерөнхий хороо дээрх хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч Улсын Их Хуралд суудал бүхий намын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, нэг хүнийг нэр дэвшүүлэх хуулийн шаардлагад нийцүүлэн намд үүссэн асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 5 дугаар сарын 05-ны өдөрт багтаан зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхийг мэдэгдэн хоёр талаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй болно. Үүнтэй холбоотойгоор болон бусад асуудлаар шуурхай хуралдаан зарлаад байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.