12 сар 27, 2024

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит оров…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-д заасны дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид 5 дугаар сарын 2-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Үндэсний аудитын газар МАН-аас 1, АН-аас 2, Хөдөлмөрийн Үндэсний Намаас 1 нийт дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар аудитыг хийж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгоно хэмээн заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцүүлэн засварлуулахаар  буцаан хүргүүлж байна. Нэр дэвшигчдээс хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар дахин хянаж, 5 дугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ гэж Үндэсний аудитийн газраас мэдээллээ.