Атрын аян үргэлжлэв…
-Атрын гуравдугаар аян эхлүүлэв-
Манай улс өмнө нь атрын I, II аяныг хэрэгжүүлж дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй, гадаадад гурил экспортолдог байлаа. Харин 1990 оноос хойш нийгэм, эдийн засгийн шилжилтийн явцад газар тариалан эрхлэлт буурч, гурилын үйлдвэрүүд дотоодын нийт хэрэгцээний дөнгөж 40 гаруй хувийг хангаж, үлдсэн хувийг нь гаднаас импортолж эхэлсэн юм. Харин 2008 онд газар тариалангийн салбарт сэргэлт гарч, атрын III аяныг хэрэгжүүлснээр энэ асуудлыг шийдвэрлэж чадсан юм. Жилд 380-420 мянган тонн улаанбуудай, 175 мянган тонн төмс, 130 мянган тонн хүнсний ногоо хурааж авахад дотоодын жилийн хэрэгцээгээ хангах бололцоотой хэмээн үзэж уг аяныг эхлүүлсэн юм. Засгийн газар гурван жилийн дотор энэ ургацыг авч, дотоодын улаан буудай, гурилын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж үзэж байлаа. Ингээд 2008 онд өмнө нь тариалалт явуулж байсан 230 мянган га. газарт тариалалт хийсэн бол, 2009 онд нэмж 300 мянган га. газарт, 2010 онд 350 мянган га газрыг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн юм. Ингэснээр 2008 онд гурилын хэрэгцээний 50 хувийг, 2009 онд 70 хувийг, 2010 онд 100 хувь хангах бололцоотой болох байв. Атрын III аяныг үе шаттай хэрэгжүүлэх асуудлаар тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Пэрэнлэй: Нэгдүгээрт техникээ шинэчилнэ. 1990 оноос хойш газар тариаланд ашиглаж байсан техникээ 70 хувь шинэчилнэ. Техникээ оруулж ирэхдээ засвар үйлчилгээний төвтэй нь хамт оруулж ирнэ. Мөн сэлбэг, материалын үйлчилгээний төвүүдийг байгуулна. Бидний оруулж ирэх техникийн хүчин чадлын тооцоогоор уриншийг 21 хоногт хийнэ. Хаврын тариалалтыг 14-21 хоногийн дотор хийх бололцоотой. Намрын ургац хураалтыг 21-30 хоногийн дотор хийх хүчин чадлаар ажиллана. Хоёрдугаарт бид үрийн шинэчлэл хийнэ. Дотоодод үр үржүүлэхэд дор хаяж гурван жил шаардагдана. Гурван жилийн хугацаанд гаднаас тодорхой хэмжээгээр үр оруулж ирнэ. 2008 оны тухайд 6000 тонн үр гаднаас оруулж ирнэ. Үр үржүүлгийн төв байгуулж оруулж ирсэн үрээ үржүүлэх гэж байгаа. Үр үржүүлгийн ажлын суурийг энэ жил тавина. Эрдэм шинжилгээний байгууллагууд, тодорхой хөрөнгийн чадвартай аж, ахуйн нэгжүүдийг түшиглэж үр үржүүлгийн төвүүдээ байгуулна. Ингэвэл 2011, 2012 он гэхэд гаднаас үр авахгүйд хүрнэ. Үрийн нөөцтэй болоод ирэхээр үргэлж гаднаас өндөр үнэтэй үр худалдаж авахгүй. Харин дотоодын үрийн хэрэгцээгээ хангана. Гуравдугаарт усалгаатай газар тариаланг хөгжүүлэхээр зорьж байна. Цаг уурын дулаарал их байна. Өнөөдөр манай улс 20-25 мянган га. газарт усалгаатай тариалан явагдаж байна. Бид үүнийг 55 мянгад хүргэхээр ажиллаж байна. Ингэж чадвал тариалсан төмс, хүнсний ногоо, малын тэжээл, үр тарианыхаа 30 орчим хувийг усалгаатай болгож чадах юм гэж атрын III аян эхэлж байхад хуучилж байсан юм.
-Атрын гуравдугаар аянд 490 тэрбум төгрөг шаардагдав-
Мэдээж олон жил шинэчлэлт хийгдээгүй энэ салбарт техник хэрэгсэл сайжруулахаас авахуулаад хийх ажил тун ч их байжээ. Тухайлбал, 1990 оноос хойш газар тариаланд ашиглаж байсан техник хэрэгслийн 70 хувийг шинэчлэх шаардлага тулгарсан байна. Техник, сэлбэг, материалыг засвар үйлчилгээний төвтэй нь оруулж ирснээр уринш, хаврын тариалалт, намрын ургац хураалтыг тус бүр 21 хоногт хийх бололцоотой болгох гэж тэр. Энэ дагуу техникийн шинэчлэлтээр 120 морины хүчин чадалтай 220 трактор, 35 морины хүчин чадалтай 80 тракторыг оруулж ирснээр 650 мянга га-д үр хөнгөхөн суулгах боломжтой болжээ. Үүнээс гадна, атрын III аяныг эхлүүлж байхад 20-25 мянгад га-д усалгаатай газар тариалан явагдаж байсан бол, үүнийг 55 мянган га-д хүргэсэн байгаа юм. Ингэснээр төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тарианыхаа 30 хувийг усалгаатай болгож чадсан гэж үздэг. Мөн тухайн үед үрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Тиймээс эрдэм шинжилгээний байгууллагууд, хөрөнгийн чадвартай аж ахуйн нэгжүүдэд түшиглэж үр үржүүлгийн төвүүд байгуулах зорилт тавьж, 2008 онд 6000 тонн үр гаднаас импортлон үржүүлэх ажил эхлүүлжээ. Гурван жилийн хугацаанд дотоодод үрээ үржүүлснээр 2011 оноос гаднаас өндөр үнэтэй үр импортлохгүй болж, дотоодоосоо хангах бололцоо нээгджээ. Тариалан эрхлэлтийг дэмжих санд сүүлийн жилүүдэд үрийн буудай нөөцөлж ирсэн нь ийм учиртай аж. Бордоо, үрийн асуудал шийдэгдэж, цаг агаарын таатай өдөр ийнхүү Атрын III аяныг эхлүүлж байсан юм. Тухайн үед атрын III аяныг шүүмжлэх эрдэмтэд цөөнгүй байлаа. Манай улсын хөрс хөнгөн. Урд нь ашиглаж байсан хөрс тул экологийн тэнцвэр алдагдана гэж үзэж байсан юм. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хагалж биш хавж боловсруулна. Химийн уринш хийнэ. Атрын III аянаар өмнө нь ашиглаж байсан талбайнхаа 50 хувийг буцааж ашиглахаар төлөвлөж байна. Товчхондоо, шинээр талбай хагална гэсэн ойлголт байхгүй хэмээн тайлбарлаж байлаа. Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн атрын III аянд нийт 490 тэрбум төгрөг тухайн үед шаардагдаж байсан нь нууц биш. Үүнийг бүгдийг нь төрөөс гаргасан гэвэл өрөөсгөл юм. Санхүүжилтийн 70 хувийг тариаланчид өөрсдөө гаргаж, 22 хувьд нь төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, 4 хувийг төрөөс цэвэр гаргаж, үлдсэн 4 хувийг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэсэн гэдэг. Тухайн үед тариаланчдад дэмжлэг үзүүлэх үүднээс Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Зээлийн хүүний хөнгөлөлтийн хөтөлбөрийг давхар боловсруулж хэрэгжүүлсэн байдаг. Хөтөлбөрт арилжааны банкнаас тариаланчид болон тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн жилийн хүүг 15 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгаж, хүүгийн тал хувийг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр тариаланчид жилийн 7,5 хувийн хүүтэй зээл авах нөхцөл бүрдсэн билээ.
-Атрын гуравдугаар аяны хэрэгжилт 2008 онд-
Атрын III аян эхлүүлж, тариан талбайд үр суулгалаа. Үр шим нь ямар байсан талаар тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Одонхүү: 2008 оны аравдугаар сарын 18-ны байдлаар үр тарианыхаа 85 хувийг аваад байна. Одоогоор 155 мянган тонн үр тариа хурааж аваад байна. Төмс, хүнсний ногооны хураалт үндсэндээ дууссан. 2008 оны аравдугаар сарын 20 гэхэд үлдсэн ургацаа хураагаад авчихна хэмээн хариулж байсан юм. 2008 онд 196 мянган тонн улаанбуудай хураан авч, 128 мянган тонныг нь гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлнэ гэж тооцоолж байжээ. Үүнийг оролцуулаад 2008 онд гурилын үйлдвэрүүд 270 мянган тонн улаан буудайгаар гурил үйлдвэрлэх байжээ. Тодруулбал, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх 40 мянган тонн, Засгийн газрын нөөцөд авсан 100 мянган тонн, ОХУ-аас худалдан авах 100 мянган тонн, Хятад улсаас хямдралтай үнээр авах 20 мянган тонн, Япон улсаас тусламжаар авах 10 мянган тонн буудайгаар гурил үйлдвэрлэхээр байжээ. Үүгээр 195 мянган тонн гурил үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний 80 орчим хувийг хангах тооцоо гарч байсан юм. Харин гурилын хэрэгцээний үлдэх 20 орчим хувийг импортоор авахаар төлөвлөж байжээ. Хэдийгээр тийм ч тэд үнээ өсгөсөн таагүй үр дагавар гарсан билээ. Энэ шалтгаанаа гурил үйлдврлэгчид: Засгийн газар тариаланчдаас нэг тонн улаан буудайг 400 мянган төгрөгөөр худалдан авсан. Мөн урамшуулал болгож нэг тонн улаан буудайнд 80 мянган төгрөг олгосон. Энэ өртгөө шингээж, 480 мянган төгрөгөөр нэг тонн улаан буудайг гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн. Өндөр үнээр буудай худалдаж авсан учраас үйлдвэрүүд гурилын үнээ нэмсэн хэмээн мэдэгдэж байсан юм. Тухайлбал, Алтан тариа компани гурилынхаа үнийг килограмм тутамд нь 300 төгрөгөөр өсгөснөөр, 25 килограммаар савласан нэгдүгээр гурил 16800 төгрөг, дээд гурил 19800 төгрөгийн ханштай болсон байв. Үйлдвэрүүд үнээ нэмсэн дээр худалдаачид мөн үнээ нэмж байлаа. Ингэхдээ гурилын худалдаачид үйлдвэрээс авсан килограмм гурилын үнэ дээр 100 төгрөг, 25 килограммаар савласан шууд гурил дээр 1000 төгрөг нэмж зарж байсан нь нууц биш. Ямар сайндаа 2008 оны аравдугаар сарын 25-ны өдрийн хавьцаа Сангийн яамнаас манай улсад үйлдвэрлэсэн нэг килограмм гурилын бодит өртөг 580-620 төгрөг болно гэсэн судалгаа танилцуулж байх вэ дээ. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ойрын хугацаанд гурилын үнийг 650 төгрөг болгож бууруулах тухай асуудлыг үйлдвэрлэгчидтэй ярилцана хэмээн мэдэгдэж байсан юм. Үнэ нэмэгдэх үндэслэлгүй гэж үзэж буй шалтгааныг тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн дэд дарга Батсайхан: Засгийн газар тариалан эрхлэгчдээс 100 мянган тонн буудайг улсын нөөцөд аваад байгаа. Нэг тонныг нь 400 мянган төгрөгөөр авсан. Энэ нь дэлхийн зах зээлтэй ойрхон үнэ. Яагаад гэхээр дэлхийн зах зээл дээр буудай 250-350 ам.долларын ханштай байгаа. Чанараасаа шалтгаалаад 1,2,3 зэрэглэлийн будаа гэж байдаг юм. Бид таваарын 3-р зэрэглэлийн будаа авсан. Энэ бол зах зээлд борлогдоно. Үүнийг борлуулахдаа гурил, будааны хомсдол бий болсон үед гурил үйлдвэрлэгчдэд худалдаж эхэлнэ. Одоогоор нөөцөд авсан будааг худалдаагүй байгаа. Яагаад гэхээр энэ бол стратегийн нөөцийн будаа учраас 2009 онд гурил, будааны хэрэгцээ хомсдсон үед борлуулах үүрэгтэй. Алтан тариа компани одоогоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн улсын нөөцөөс өндөр үнээр буудай аваагүй учраас гурилын үнэ нэмэгдэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байсан юм.
-Атрын гуравдугаар аяны хэрэгжилт 2009 онд-
2009 онд улсын хэмжээнд 282.1 мянган га-д тариалалт хийснээс 255.5 мянган га-д үр тариа тариалжээ. Үүнийг 2008 онд тариалсан талбайтай харьцуулбал 103.3 мянган га талбайгаар илүү байсан юм. Нэг га-гаас дунджаар 10-13 центнэр ургац авбал, 330 мянган тонн улаан буудай хураан авч, дотоодын хэрэгцээний 80 орчим хувийн хангана гэж тооцоолж байлаа. 2009 оны наймдугаар сарын 1-ний хавьцаа салбарын яамнаас таримлын болц, уриншийн байдал, ургац хураалтын техникийн бүрэн бүтэн байдлыг шалгуулахаар гурван ажлын хэсэг гаргаж, орон нутагт ажиллуулав. Тэгвэл 2009 оны есдүгээр сарын 4-ний хавьцаа атрын гуравдугаар аяны хэрэгжилттэй биечлэн танилцахаар тэр үеийн УИХ-ын дарга Дэмбэрэл нэр бүхий гишүүдийн хамт Булган, Эрдэнэт, Дарханы газар тариалангийн бүсэд томилолтоор ажилласан юм. Томилолтын баг эхлээд Булган аймгийн Бүрэгхангай сумаар орж газар тариалангийн байдалтай танилцлаа. Булган аймгийн Бүрэгхангай суманд тариалан эрхлэгч Тэлүүжин компанийн захирал Нямсүрэн: Бүрэгхангай суманд эрчим хүч тасалдсан. Үүнээс болж техник, тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүйд хүрч, үр тарианы боловсруулалт муудсан. Үүнээс гадна, хор шүршигч, техник болон грипцит байхгүйгээс тариан талбайд шарилж ургаж ургац алдахад хүрсэн тухайгаа хэлж байсан юм. Тиймээс шарилж устгах тоног төхөөрөмжийг тариаланчдад олгох боломж бий эсэхийг лавлаж байлаа. Харин тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын мэргэжилтэн Одонхүү: Тендертэй холбоотойгоор хор цацагч хугацаа алдаж орж ирсэн байна. Тиймээс хор цацагчийг Булган аймгийн тариаланчид авч чадаагүй. Үүнээс болж их хэмжээний шарилж тариан талбайд ургаж, багагүй хэмжээний ургацаа алдахад хүрчээ. Гэхдээ Булган аймгийн бүхий л тариаланчид шарилжнаас болж ургац алдсан юм биш хэмээн тайлбарлаж байлаа. Тус аймгийнхан хор цацаж тодорхой хэмжээнд шарилжнаас ургацаа хамгаалсан ч, мөндөр их орсноос болж чамгүй ургац алдсан юм. Тэр жил тус аймаг 27 мянган га талбайд үр тариа тариалсан ч, үүний 600 га талбай мөндөрт цохиулжээ. Тус аймгийн ихэнх тариаланчид шарилж, мөндөр гээд цөөнгүй бэрхшээлээс болж, нэг га талбайгаас 5 центнэр ургац алдаж, 15 центнэр болж буурсан болохыг хэлж байсан юм. Гэсэн ч тооцолж байсан 40 мянган тонн ургацаа авахаар ажиллаж байгаагаа учирлаж байв. Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж багагүй га талбай мөндөрт цохиулсан тул тариан талбайгаа даатгуулж байх саналыг тариаланчдын зүгээс тухайн үед тавьж байсан юм.
-Атрын гуравдугаар аяны хэрэгжилт 2010 онд-
ОХУ 2008 онд 108 сая тонн, 2009 онд 97 сая тонн үр тариа хураан авсан байдаг. Харин 2010 оны тухайд хойд хөрш өмнөх жилүүдээсээ бага буюу 90 сая тонн үр тариа хураан авахаар төлөвлөж байлаа. Тухайн үед тус улсын Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник: 2010 онд бага талбайд тариалалт хийсэн. Энэ нь ургацын хэмжээ өмнөхөөсөө буурахад нөлөөлсөн болохыг хэлж байсан юм. Гэвч тус улс тооцоолж байсан ургацаа авч дийлэхгүйд хүрэх нь тэр. ОХУ-ын тариалангийн 20 гаруй бүс нутаг түймэрт нэрвэгдсэнтэй холбоотойгоор тус улсын ургац 20 сая тонноор буурах тооцоо гарсан юм. Өөрөөр хэлбэл, хойд хөрш мөн онд 70 сая тонн буудай хурааж авах судалгаа гарч эхэллээ. Ийнхүү ургацын хэмжээ буурах төлөвтэй байсан учраас хойд хөрш дэлхийн зах зээлд нийлүүлэх буудай болон гурилын экспортоо зогсоох шийдвэр гэнэт гаргаж байлаа. 2010 оны долоодугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг шийдвэр хэдийг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тус улс буудай болон гурилын экспортоо ямар хугацаанд зогсоох нь ойлгомжгүй байв. Энэ үед байгалийн гамшгаас болж дэлхий нийтээрээ ургац алдсан жил байлаа. Эдгээрээс шалгаалж дэлхийн зах зээлд буудайн үнэ өсч эхэлсэн юм. Нэг бушель буюу ойролцоогоор 35 литрээр хэмжигдэх буудай 8.15 ам.долларын ханштай байснаас үүнийг харж болно. Бушель буудай өмнөхөөсөө 8 хувиар өссөн нь сүүлийн хоёр жил байгаагүй өндөр үзүүлэлт болсон юм. Манай улс тухайн үед хэрэгцээт буудай болон гурилынхаа багагүй хувийг хойд хөршөөс импортолдог байлаа. Тус улс буудай болон гурилын экспортоо зогсоож, дэлхийн зах зээлд уг түүхий эдийн үнэ өссөн нь манай улсад сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байсан юм. Тэгвэл тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Золжаргал: Манай улс 2010 онд 250 мянган га-д улаан буудай тариалсан. Үүнээс 310 мянган тонн ургац хурааж авах төлөвтэй байгаа. Дээр нь тариалан эрхлэлтийг дэмжих санд 120 мянган тонн буудайн нөөц байгаа. Ийнхүү ирэх намар хурааж ургац, нөөцийн буудай нийлээд 430 орчим мянган тонн болж байгаа юм. Монголчууд жилд 340 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг. Бид буудай болон гурилын хэрэгцээгээ өлхөн хангах учир санаа зовохгүй байна гэж хэлж байсан нь энэ салбарт ажиллагсдын сэтгэлийг амраав. Өөрөөр хэлбэл, атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн нь үр дүнгээ ийнхүү өгч эхэлсэн юм. Гадаадын улсууд буудай болон гурилын экспортоо зогсоосон ч, дотоодын зах зээлд буудай ховордохгүй, үнэ нь хөөрөгдөхгүй нөхцөл бүрдсэн нь атрын гуравдугаар аяны гол үр дүн байлаа. 2010 онд ган гачиг, гал түймэр, үер уснаас болж дэлхий нийтээрээ тооцоолж байснаас хамаагүй бага буудай хураан авч, ургац алдсан ч, энэ нь манай улсад төдийлөн нөлөөлөөгүй билээ.
-Атрын дөрөвдүгээр аян эхлүүлэв-
Ийнхүү манай улс атрын III аянаар буудай болон гурилын хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьж ажиллаад 10 гаруй жилийг ардаа орхисон билээ. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол улсын 30,31 дэх ерөнхий сайдаар ажиллахдаа атрын 4-р аяныг идэвхижүүлсэн. Өөрөөр хэлбэл, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, ирээдүйд экспортлогч орон болох зорилт тавьжээ. 2021-05-21-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өгсөн байдаг. Энэ үеэр тэрбээр, 2021 онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийх зорилт тавьж буйгаа хэлж байсан юм. Ингэснээр 496 орчим мянган тонн үр тариа, үүнээс 471 мянган тонн улаан буудай, 222 мянган тонн төмс, 116 мянган тонн хүнсний ногоо, 170 мянган тонн малын тэжээл, 26 мянган тонн тосны ургамал, 3,000 тонн жимс, жимсгэнэ хураан авахаар төлөвлөсөн юм. Цар тахлын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм 4, 5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилсон. Тухайлбал, тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, сармисны тариалалт 5/3-наас, улаанбуудайн тариалалт 5/10-наас эхэлсэн байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд дотоодоосоо 47.4 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10 мянган тонн үр нийлүүлснээр тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүлжээ. Хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 469 иргэн, аж ахуйн нэгжид 11.3 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 246 тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай, 20.5 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон байна. Ингэхдээ цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30 хувиар, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50 хувиар, хүнсний ногоо хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор болсон юм. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өрхийн тариалан хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосон үзүүлэлт гарчээ.
-Улаан буудайг биржээр арилжина-
Монгол улсын их сургуулийн санхүүгийн танхимийн тэргүүлэх профессор, доктор Дуламсүрэн: Манай улсад зах зээл буруу хөгжсөнөөс болж ченж гэдэг хэсэг бүлэг хүмүүс газар авч, үнэ тогтоох болсон тухай хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Харин Монгол Улсын их сургуулийн санхүүгийн танхимийн доктор, профессор Цэрэнпил: Зах зээлийг зөв голдиролд нь оруулахад түүхий эдийн бирж байгуулах шаардлагатайг хэлж байсан билээ. Тэгвэл Санхүү, эдийн засгийн дээ сургуулийн Санхүүгийн танхимийн орлогч дарга Дэлгэрсайхан: Ченжүүд зах зээлд байх ёстойг хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Эрдэмтэдийн санаа бодлыг уралдуулсны эцэст буудайг ченжийн гар дамжуулахгүй, биржээр арилжаалах шийдвэрт хүрсэн юм. Ингэхдээ түүхий эдийн биржүүдийг нийслэл болон орон нутагт байгуулах хэрэгтэй гэж эхлээд үзэж байлаа. Энэ дагуу уг ажлыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам арав гаруй жилийн өмнө эхлүүлж байсан юм. Тодруулбал, бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт өргөн барьж байсан юм. Тэгвэл тариаланч, үйлдвэрлэгч хоёрыг холбосон нэгдсэн сүлжээ бий болгох зорилгоор улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/58 тоот тушаал 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр мөн гарсан байдаг. Энэ дагуу Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн юм. Тус ажлын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сан, Гурилын үйлдвэрийн агуулахуудын байршлын газрын зураг maping шинжилгээ, багтаамж хүчин чадал, зах зээлийн судалгаа хийж арилжааны схемийг оролцогч талаас хамааруулан дөрвөн хувилбараар гаргасан байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хөдөө аж ахуйн биржээр арилжих улаан буудайн барааны тодорхойлолт, зах зээлд оролцогчдын нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг шинэчлэн баталсан байдаг. Түүнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл, Гурил үйлдвэрлэгчид, Хөдөө аж ахуйн мэргэшсэн брокерын холбоо болон Монголын тариаланчдын үндэсний холбоотой улаан буудайг Биржээр хэрхэн арилжих талаар санал солилцсон уулзалт, хэлэлцүүлэг 5 удаа хийжээ. Улаанбаатар хот болон 4 аймгийн нийт 87,500 тоннын багтаамжтай 4 агуулахыг итгэмжилж, 36,500 тоннын багтаамжтай 4 агуулахтай итгэмжлэлийн гэрээ хийхээр болсон байгаа юм. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 122,500 тонн багтаамжтай агуулахыг хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа итгэмжлэхээр тохиролцжээ. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр авлагад авч байгаа Биржээр дамжин арилжаалагдах хүнсний улаан буудайн арилжааны хувилбарууд, лабораторид ажиллах боловсон хүчний судалгаа гаргах, лабораториудтай гэрээ байгуулах ажлыг хийсэн байна. Цаашид Биржийн арилжаанд оролцогчдыг сургах, мэргэшүүлэх, улаан буудайд чанарын үнэлгээ хийх лаборант, шинжээчдэд сургалт зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг хангаж байгааг салбарын яамнаас хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан юм.
-Оюутан, цэргийн алба хаагч, ажилгүй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар болов-
Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаан буудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна. Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байлаа. Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байсан юм. Энэ жилийн ургац хураалтад их, дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн оюутан залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулах тухай мэдээлэл гарав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллуулна гэж мэдэгдэж байв. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас мөн шийдвэрлэсэн юм. Ургац тээвэрт ашиглагдах улсын чанартай авто замын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, засварын ажлыг дуусгах, авто болон төмөр замын тээврийн асуудлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан юм.
-Импортын гурил болон буудайн татвар-
2009-05-29. Манай улс жил бүрийн 4/1 хүртэл импортоор оруулж ирсэн гуриланд 15 хувийн татвар ногдуулдаг байлаа. Харин 4/1-нээс 7/1-ний хооронд импортоор оруулж ирсэн гурилын татварыг 10 хувиар бууруулдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ гурван сарын хугацаанд импортын гурилын татварыг 5 хувь болгож бууруулдаг байсан юм. Дөрөвдүгээр сараас намрын ургац хүртэл манай улсад буудайн хомсдол бага зэрэг үүсдэг учраас тэр юм. Харин энэ нь ихээхэн шүүмжлэлтэй тулгарч ирсэн. Энэ үеэр ченжүүд импортын гурил хямд оруулж ирдэг ч, хэрэглэгчдэд үнэтэй зардаг. Тиймээс гуриланд ногдуулах гаалийн хөнгөлөлт зөвхөн ченжүүдэд ашигтай тусдаг. Харин хэрэглэгчдэд ямар ч ашиггүй байдаг хэмээн ярьж байсантай нь таарч явлаа. Тиймээс ч тэр үү. 2009 оны сүүлчээр импортын гурил болон буудайнд ногдуулдаг гаалийн татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг парламентийн нэр бүхий гишүүд боловсруулж байсан юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 4/1-ээс 7/1 хүртэл гуриланд ногдуулдаг татварыг 10 хувиар бууруулахгүй байх хуулийн төслийг санаачилж парламентад өргөн барьж байсан юм. Монголчууд дотоодын нөөц бололцоогоороо гурилын хэрэгцээний 80 хувийг хангах бололцоотой болсон. Тиймээс импортын гурил болон буудайн татварыг нэмэгдүүлэх нь эдийн засагт ач холбогдолтой гэж төсөл боловсруулагчид үзэж байлаа. Харин энэ хуулийн төслийг парламентаар дэмжээгүй юм. УИХ-ын дийлэнх гишүүд 4/1-нээс 7/1-ний хооронд импортын гурилын татварыг 10 хувь хөнгөлдөгөөрөө хөнгөлнө. Хөнгөлөхгүй тохиолдолд дотоодын зах зээлд гурилын үнэ хэт өснө гэж үзсэн юм. Тиймээс 4/1-нээс 7/1-ний хооронд импортын гуриланд 5 хувийн татвар ногдуулах хууль хэдэн жилийн хугацаанд хэвээр үргэлжилсэн тал бий. Татварын хөнгөлөлт үргэлжилж байсан тул импортын гурилын үнэ өсөх ёсгүй ч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ импортын гурилын үнэ өссөн байв. Тэр дундаа орос гурилын үнэ өссөн байлаа. Тухайн үед энэ талаар гурилын ченжүүд: орос дээд гурил килограмм нь 660 төгрөг байсан бол, 690 төгрөг болж өссөн. Импортын гурилын үнэ өссөн шалтгааныг бид мэдэхгүй. Цаад импортоор оруулж ирж байгаа газрууд нь мэдэх байх гэсэн тайлбар өгч байх нь тэр. Тэднийхээр бол, орос гурилын үнэ өсгөсөн хүмүүс нь импортлогчид өөрсдөө болж таарсан. Тиймээс дагаад үнээ өсгөсөн гэх хариулт өгч байсан билээ. Харин гурил импортлогчид: Бид орос гурилын үнэ хөөрөгдөөгүй. Цаанаас өндөр үнээр худалдан авч байгаа учраас дотоодын зах зээлд импортын орос гурилын үнэ өссөн гэсэн хариулт өгч байсан юм. Эндээс импортын гурилын татварыг бууруулсан ч, гадаад зах зээлд уг түүхий эдийн үнэ өсвөл, дотоодын зах зээлд хүссэн хүсээгүй гэдэг нь илт харагддаг.