Говь-Сүмбэр аймгийн сонгогчидтой уулзлаа

2021.05.28. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.28/ Говьсүмбэр аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус аймгийн Засаг дарга Г.Батзам, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн МАН-ын дарга Г.Батсуурь нар оролцлоо. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд “Сонгуульт ажлын хүрээнд миний бие баруун, зүүн аймгуудаар явж ард иргэдтэйгээ уулзлаа. Улаанбаатарын иргэдтэйгээ ч уулзаж, улс орны одоогийн байдал, өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлаа олон түмэнд ярьж явна. Өнөөдөр говьсүмбэрчүүд та бүхэнтэйгээ уулзаж байна. Би Шадар сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Говьсүмбэр аймагт удаа дараа ажиллаж байсан. Та бүхний амьдралыг багагүй мэднэ. Өнөөдөр харин та бүхэнтэйгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн хувиар уулзаж байна” хэмээн онцлоод . “Энэ удаагийн сонгууль Ардын хувьсгалын 100 жилийн ой, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой, олон байгууллагын тэгш түүхэн ойтой жил болж байгаагаараа онцлогтой юм. Иймд бид түүхэн 100 жилээ нэхэн дурсаж, түүхээ сэргээж, ахмад үеийнхэндээ талархах ёстой. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа алдагдсан өмчөө эргүүлэн авснаар ард түмэн баялгийнхаа үр өгөөжийг хүртэж эхэлсэн. Аюулт цар тахлын үед аж ахуйн нэгж, ард иргэдээ дэмжих шийдвэр гаргаж, 0-18 насны хүүхэд бүрд олгох мөнгийг 100 мянган төгрөг болгон 5 дахин нэмлээ. Шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан нь цар тахал хийгээд утааг бууруулахад зөв шийдвэр боллоо. Оюутолгойн ордын үр өгөөжөөс хөл хорионы үед санхүүгийн дарамтаас хөнгөвчлөх 300 мянган төгрөгийн дэмжлэгийг иргэн бүрдээ олголоо. Гацсан төслүүд ч урагшиллаа. Тухайлбал, 2008 оноос хойш гацсан Таван-Толгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил сэргэсэн. Монгол Улс хүнснийхээ хэрэгцээг дотооддоо бүрэн хангахын зэрэгцээ органик хүнс экспорлогч орон болох зорилтын хүрээнд Засгийн газраас “Атрын IV аян”-ыг санаачилснаар одоо хэрэгжүүлж байна. Шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болно. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах хоолойн хамт барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг сэргээсэн. Соёлын яамтай болсон. Ингэснээр 30 гаруй жил хийгээгүй томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж, Чингис хааны музей, Үндэсний номын сангийн барилгыг шинээр барьж, салбарын ажилтнуудын цалинг 32-52 хувиар нэмлээ. 2016-2021 онд улсын хэмжээнд 238 сургууль, 327 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл, 77 дотуур байр, 5 номын сан, 9 театрын барилга, 42 сургуулийн спорт заал, талбайн барилгыг ашиглалтад орууллаа. Гурван ээлжээр хичээллэж байсан бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд сугалаагаар азаа үздэг явдлыг бүрэн халлаа. Бүх аймгаа автозамаар холбосон” хэмээн онцоллоо.