12 сар 19, 2024

Газрын тосны үйлдвэр 2024 онд ашиглалтад орно…

-Зүүнбаянд газрын тосны орд илрүүлж дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэв-

Манай улс дотооддоо газрын тос боловсруулдаггүй. Гэхдээ газрын тосны нөөц бий. Анх 1931 онд америкийн геологич Д.Теннер Монгол улсад газрын тосны илрэл байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлж байсан юм. Энэ таамаглалд үндэслэн хайгуул судалгааны ажил явуулснаар 1940 онд монгол геологич Ж.Дүгэрсүрэн, оросын хайгуулч Ю.С.Жебуловский нар Дорноговь аймгийн Зүүнбаянд газрын тосны орд илрүүлсэн байна. Улмаар 1940 оны сүүлчээр оросын хайгуулч Ю.С.Жебуловскийн баг Дорноговь аймгийн Зүүнбаянгийн хотгорт газрын тосны хайгуулын анхны цооног өрөмджээ. Энэ цооногоос хоногт 1 хүртэлх тоннын ундаргатай газрын тос илрүүлсэн гэж яригддаг. Тиймээс хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1949 онд Монгол нефть нэгтгэлийг тухайн үеийн зөвлөлт холбоот улсын санхүүжилтээр байгуулжээ. Монгол нефть нэгтгэл Зүүнбаянгийн Цагаан элсний ордын хайгуулыг эрчимжүүлж 6,2 сая тонн газрын тосны нөөцтэй болохыг эцэслэн тогтоосон байдаг. Тус нэгтгэл энэ ордоос жилд 400 мянган баррель газрын тос олборлох хүчин чадалтай цооногийг 1950 онд ашиглалтад оруулсан юм. Улмаар 1951 онд Зүүнбаянгийн ордод жилдээ 55-60 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан байна. Энэ нь монголчууд эх орондоо газрын тос олборлох бололцоог нээж өгсөн түүхэн үйл явдал байлаа. 1951-1969 оны хооронд энэ ордоос нийт 3,8 сая баррель газрын тос боловсруулж зүүн аймгуудыг шатахуунаар хангаж байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Зүүнбаянгийн нефть парафин ихтэй, өтгөн царцанги тул тус ордоос олборлосон түүхий эдийг хойд хөршөөс импортолсон газрын тостой хольж нефть үйлдвэрлэдэг байсан аж. Өнгөрсөн хугацаанд нийт 7 сая баррель нефть үйлдвэрлэсэн болохыг эх сурвалжууд хэлдэг юм. Үүгээр монгол улсын нефтийн хэрэгцээний 20 гаруй хувийг хангаж байсныг тэд онцолдог. Энэ ордоос манай улс нэг хэсэг газрын тос олборлож, үүнийгээ боловсруулж, дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангаж ирсэн ч, нөөц багассантай холбоотойгоор Зүүнбаянгийн үйлдвэрийг хаасан байна. Тухайлбал, Зүүнбаянгаас олборлох газрын тосны хэмжээ 1956 оноос эрс буурчээ. Энэ үеэс дотооддоо олборлосон газрын тосны өртөг импортынхоос хэд дахин өндөр гарах болсон байна. Тухайлбал, 1968 онд дотооддоо нэг тонн газрын тос олборлоход 600 төгрөгийн зардал гарч байсан бол, хойд хөршөөс нэг тонн газрын тос авахад 264 төгрөгийн зардал гарч байжээ. Тухайн үед ОХУ-ын Сибирт их хэмжээний нөөц бүхий нефтийн орд илэрч, дэлхийн зах зээлд ч газрын тосны үнэ хямд байсан учраас дотооддоо газрын тос боловсруулснаас хойд хөршөөс шатахуун импортлох нь төсөр гэж үзэж үйлдвэрийг хаах нь оновчтой гэсэн шийдэлд хүрсэн байна. Эдгээрээс шалтгаалж 1969 онд Зүүнбаянгийн ордоос нефть олборлохоо бүр мөсөн больсон юм. Тухайн үед Зүүнбаянгаас өөр газарт газрын тосны хайгуул хийсэн ч ашиглаж болох нөөц олдоогүй аж. Тиймээс 1963 оноос газрын тосны хайгуулын ажил зогсч, шатахуун үйлдвэрлэх бодлоо манай улс түр орхисон гэхэд болно. 

-Газрын тосны хайгуулын ажлыг дахин сэргээж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав-

Газрын тосны хайгуулын ажил 30 гаруй жилийн хугацаанд зогссон ч 1992 оноос эргэн сэргэсэн юм. Тодруулбал, тухайн үед манай улс газрын тосны хэтийн төлөв бүхий 22 талбай ялган, хөрөнгө оруулалт татах зорилгоор олон улсын тендер зарласан байна. 1993 онд Монгол Газрын тос товчоо АНУ-ын Нескор Энержи компанитай хамтран Зүүнбаянд хайгуул хийх зорилгоор Баян ойл хувьцаат компани байгуулжээ. Гэсэн ч, хөрөнгө оруулалтын боломж тааруу байснаас үүдэн энэ ажил зогссон байна. Тухайн үед Английн British Petroleum компани манай улсад 6 тэрбум баррель газрын тосны нөөц байж болзошгүй гэж үзсэн байна. Тиймдээ ч хайгуул хийж газрын тос олдвол хамтран эзэмшье гэсэн санал тавьсан байна. Гэвч тухайн үед энэ саналыг манай улс хүлээж аваагүй аж. Харин хожим өөр компаниудтай гэрээ байгуулж хамтран ажилласан байна. Тухайлбал, гадаадын газрын тосны компаниуд оролцсон анхны хайгуулын хэлэлцээр 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд хийгдсэн байна. Харин анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг Петро Чайна Дачин Тамсаг компанитай Дорнод аймгийн Тосон уулын 19-р талбайд 1993 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр байгуулжээ. Харин удаах бүтээгдэхүүн хуваах гэрээг 1995 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Петро Чайна Дачин Тамсаг компанитай Дорнод аймгийн Тамсагийн 21-р талбайд хийсэн байна. Ингэснээр Тамсагийн сав газарт хайгуул судалгааны ажил эхэлсэн түүхтэй. Тэгвэл дараагийн бүтээгдэхүүн хуваах гэрээг Доншен газрын тос монгол компанитай Зүүнбаянгийн сав газарт 1997 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр байгуулжээ. Тиймээс л энэ талбайг 1997 оны бүтээгдэхүүн хуваах талбай хэмээн нэрлэдэг аж. Тэгвэл хожим энэ тоо өссөн юм. 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар гадаад, дотоодын 9 компани газрын тосны салбарт хамтран ажиллахаар Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байлаа. Тэгвэл 2010 оны наймдугаар сарын 10-ны байдлаар гадаад, дотоодын 12 компани манай улсад газрын тосны хайгуул хийхээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан судалгаа гарсан байдаг. Анх манай улс газрын тосны хайгуулын 22 талбай гаргасан бол, 2001 онд хайгуулын 2 талбай, 2007 онд 3 талбай нэмж гаргасан байна. Харин удалгүй газрын тосны хайгуулын 10-р талбайг хойд ба урд гэж хуваажээ. Мөн газрын тосны хайгуулын 13-р талбай болох Цагаан элс, 14-р талбай болох Зүүн баянгийн зарим хэсэгт 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайг ялгажээ. Ингэснээр 2013 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар манай улс газрын тосны хайгуулын 30 талбайтай болсон байв. Эдгээрээс 21 талбайд гадаад, дотоодын 16 компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас 1 талбайн гэрээ дуусгавар болж, 17 талбайд газрын тосны хайгуул хийгдэж байсан юм. Газрын тосны 18 талбайд хайгуулын ажил хийгдсэн гэдэг нь ийм учиртай. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас 25 талбайд 21 гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан Засгийн газартай хамтран ажиллаж байна. Бүтээгдэхүүний хуваах гэрээний зарим энгийн. Гадаад, дотоодын компаниуд өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, газрын тос илэрвэл 51 хувийг нь монголын төр, үлдэх хувийг өөрсдөө эзэмшихэд оршдог юм. 


Газрын тосны гэрээлэлт хийсэн, олборлолт явуулж байгаа талбайн мэдээлэл

-Петро чайна дачин тамсаг, Доншен газрын тос монгол компаниуд хэрхэн нефть хайж эхэлсэн бэ-

Газрын тосны хайгуулын дээрх 3 талбайн нөөцийг эцэслэн тогтоогоод байгаа юм. Тухайлбал, Тосон уул, Тамсаг болон 97 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн нөөцийг эцэслэн тогтоогоод байна. Ингэхдээ, Дорнод аймагт орших газрын тосны 19 талбай болох Тосон уул, 21 талбай болох Тамсагийн сав газрын нөөцийг Петро чайна дачин тамсаг компани тогтоосон байдаг. Харин Дорноговь аймагт орших хуучны Зүүнбаянгийн орд, өнөөгийн 97 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн нөөцийг Доншен газрын тос монгол компани тогтоосон юм. Петро чайна дачин тамсаг компанийн тухайд: Хятадын үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит Дачин Ойл Фийлд Лимитед компани 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын 19, 21, 22 гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг АНУ-ын Соко интернейшнл компаниас шилжүүлэн авсан байна. Ингэснээр хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Петро чайна дачин тамсаг компани байгуулагджээ. Ингэж л тус компани Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул 19, Тамсаг 21-р талбайд газрын тос хайх эхлэл тавигдаж, нөөцийг нь тогтоож, олборлолт руу шилжээд байгаа юм. Харин Доншен газрын тос монгол компанийн тухайд: Монгол улсын Засгийн газар анх Зүүнбаянгийн ордод Австралийн Рок ойл говь компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллажээ. Харин тус компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан дээрх тусгай талбайд Хятадын Шандун мужийн Шөнлийн газрын тосны товчооны харьяа Хятадын Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток компанитай хамтран ажиллахаар болсон байна. Энэ цагаас эхлэн Хятадын Доншен компани Австралийн Рок Ойл Говийн оронд Зүүнбаянгийн ордод хайгуул судалгааны ажил хийж эхэлсэн түүхтэй юм. Тодруулбал, Хятадын Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997.02.19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны 2 дугаар сарын 15-нд батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг Австралийн Рок ойл говь компаниас шилжүүлэн авсан юм. Ингэснээр Доншен газрын тос монгол компани байгуулагдаж, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тос хайх эхлэл тавигдсан юм. Өнөөдөр тус компани тус талбайгаас газрын тос олборлож, экспортолж байгаа юм.

Газрын тосны олборлолт явуулж байгаа компани, талбайн мэдээлэл

-Монгол улсад 332 сая тонн газрын тосны баталгаат нөөц тогтоогдов-

Петро чайна дачин тамсаг компанийн Дорнод аймгийн Тамсагийн сав газрын 19 талбайд явуулсан газрын тосны хайгуулын ажил 2009 оны сүүлчээр дууссан байдаг. Тэр үеийн Газрын тосны газрын Гэрээлэлт, хайгуул судалгааны хэлтсийн дарга Энхбаяр: Хайгуулын ажил дуусмагц тогтоосон газрын тосны нөөцөө хүлээлгэж өгөх ёстой байдаг. Энэ дагуу Петро чайна дачин тамсаг компани Тамсагийн сав газрын газрын 19-р талбайн нөөцийг хүлээлгэж өгсөн тухай хэлж байсан юм. Тэгвэл 2010 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр хавьцаа Газрын тосны газрын дарга агсан Амарсайхан: Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөл Тамсагийн сав газарт 119 гаруй сая тонн газрын тос байгааг албан ёсоор баталж нөөцийг нь бүртгэн авсан. Энэ нөөц Тамсагийн сав газрын 19, 24 талбайгаас олдсон. Энэ удаад тамсагийн сав газрын нөөцийг баталгаажуулсан бол, 2010 оны зургадугаар сард Зүүнбаянгийн нефтийн орд газрын нөөцийг баталгаажуулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Доншен газрын тос монгол компанийн Зүүнбаянгийн Цагаан элсний ордод явуулсан хайгуулын ажил 2010 оны зургаадугаар сард дуусах байсан учраас ингэж хэлсэн хэрэг. Тус компани ч хайгуулаа төлөвлөсөн хугацаандаа дуусгаж нөөцийн тайлангаа холбогдох газар хүргүүлсэн аж. Тэр үеийн Газрын тосны газрын Бүтээгдэхүүн хуваах гэрээ, олборлолтын хэлтсийн мэргэжилтэн Дэмбэрэл-Ням: Доншен газрын тос монгол компани Зүүнбаянгийн Цагаан элсний ордод хайгуул хийж 113 сая баррель газрын тосны баталгаат нөөц урьдчилсан байдлаар тогтоож үүнийгээ Газрын тосны газарт ирүүлсэн. Энэ нөөцийг Газрын тосны газрын техникийн зөвлөл хэлэлцсэн. Одоо Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авах дутуу байгаа. Тус зөвлөл дээрх нөөцийг 2010 оны наймдугаар сард багтаан хэлэлцэж, Монгол Улсын газрын тосны нэгдсэн санд бүртгэж авна гэсэн тайлбар өгч байсан юм. Тэд мөн Тамсагийн сав газрын 21-р талбайн нөөц удахгүй тогтоогдоно гэж хэлж байсан юм. Удалгүй нөөц албан ёсоор тогтоогдож, дээрх гурван талбай нийтдээ 332 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэйгөөс, 43 сая тонн нь ашиглалтынх гэж бүртгэгдсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, манай улсад 1,5 тэрбум баррель нефтийн нөөц тогтоосон гэсэн үг. Тогтоогдсон нөөцөөс гадна, нефтийн асар их нөөцтэй байж болохуйц ордууд цөөнгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үүний нэг баталгаа бол Дорнод амгийн Тамсагийн сав газарт 1995-2004 онд SOCO international компани Тосон уул, Тамсаг, Буйр зэрэг гурван талбайд 31 цооног өрөмдсөнөөс 71 хувь нь тосны илрэлтэй гарсан байна. Дээрх тосны илрэлтэй талбайд 2005- 2007 онд Петро Чайна Дачин Тамсаг компани 157 цоног өрөмдсөний 92 хувь нь тосны илрэлтэй байжээ. Харин Дорноговийн сав газарт 1994-1997 онд Зүүнбаянгийн Цагаан Элсний ордод АНУ-ын хөрөнгө оруулалттай Нескор энержи, Австралийн Рок Ойл Гоби компани 7 цооног өрөмдсөний 3 нь тосны илрэлтэй гарсан байна. 2002 оноос Доншин Газрын Тос Монгол компани тус ордод өрөмдлөг хийхэд үүний дийлэнх нь тосны илрэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Тамсагийн сав болон Дорноговь аймгийн Зүүнбаянгийн сав газарт 1994 оноос хойш нийт 235 цооног өрөмдсөнөөс 209 цооног тостой буюу тосны илрэлтэй гарсан байна. Энэ нь дэлхийн дунджаас нэлээд өндөр үзүүлэлт юм. 2000 онд дэлхийн дунджаар 16 цооног өрөмдсөний нэг нь тостой буюу тосны илрэлтэй гарч байжээ. Харин манай улсад дийлэнх нь тостой гарсан учраас ирээдүйд нефтийн ихээхэн нөөц тогтоогдоно гэж мэргэжлийн хүмүүс үзэж байсан юм.


Газрын тосны хайгуул, нөөц

-Зүүнбаян болон Тамсагийн сав газраас нефть экспортолж эхлэв-

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Доншен компани жилд хичнээн хэмжээний газрын тос олборлож экспортолдог вэ. Энэ асуултанд Дорноговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Ж.Батсуурь: Монгол Улс 1990 оноос газрын тосны хэрэг эрхлэх газар байгуулж, дэлхийн чухал стратегийн түүхий эд болох газрын тос хайх, олборлох үйл ажиллагааг эхлүүлэхээр идэвхитэй ажилласан. Зүүнбаянгийн Цагаан элсний 1950-1960-аад онд ашиглаж байсан орд газар бий. Үүнд түшиглэж Хятадын Доншен компани Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, зургаан жил тасралтгүй хайгуул хийсний эцэст 2008 оноос олборлолт явуулж эхэлсэн. Туршилтын журмаар бага хэмжээний олборлолт явуулж, бүтээгдэхүүнээ БНХАУ руу гаргадаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу манай төсөвт хайгуул, олборлолтын төлбөрөө төлдөг. Зүүнбаянгийн нефтийн сав газрыг тойроод маш олон хайгуулын талбай гэрээ хийгээд байна. Монгол, Хятад, Щвейцарын компаниуд гэрээ хийж хайгуулын ажлаа эхлүүлээд байна гэсэн хариултыг 2009 онд өгч байсан юм. Үүнээс гадна, Петро чайна дачин тамсаг компани Дорнод аймгийн Тамсагийн сав газрын 19, 20, 21, 22 талбайгаас газрын тос олборлож экспортолдог юм. Тэр үеийн Газрын тосны газрын Бүтээгдэхүүн хуваах гэрээ, олборлолтын хэлтсийн мэргэжилтэн Болормаа: 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар манай улсад хоёр компани газрын тосны олборлолт экспортын үйл ажиллагаа явуулж байна. Петро чайна дачин тамсаг компани Дорнод аймгийн Тосон уулын орд буюу 19-р талбайгаагаас, Доншин газрын тос монгол компани Зүүнбаянгийн сав газраас нефть олборлож байгаа. Одоогийн Петрочайна дачин тамсаг компани 2009 онд 789 мянган баррель газрын тос олборлож, 781 мянган баррелийг нь экспортолсон үзүүлэлттэй байна. Доншен компани 303 мянган тонн газрын тос олборлож 305 мянган баррелийг экспортолсон байгаа. Яагаад гэхээр 2008 онд Доншин компани газрын тос олборлосон боловч, экспортод гаргаагүй. Тэгээд 2008 оны үлдэгдлээс 2009 онд экспортолсон юм. 2008 онд Мэргэжлийн хянлтын газраас Доншин компанид шалгалт явуулж, зарим байгууламжийн үйл ажиллагаанд доголдол гараад олборлосон тосоо хадгалж байсан. Тэгээд 2008 оны үлдэгдлээсээ 2009 онд нөхөж экспортолсон гэсэн үг. 2009 онд батлагдсан хөтөлбөрийн дагуу Петро чайна 1 сая 350 мянган баррель газрын тос олборлох төлөвтэй байгаа. Доншен компани 486 мянган баррель газрын тос экспортлох төлөвтэй байгаа гэсэн тайлбарыг 2009 онд өгч байсан юм. Тухайн үед дэлхийн зах зээлд нэг баррель газрын тос 77 орчим ам.долларын дундаж ханштай байлаа. Үүгээр тооцвол, Петро чайна дачин тамсаг компани 2009 онд 60 сая ам.доллартай тэнцэхүйц, Доншин газрын тос монгол компани 24 сая ам.доллартай тэнцэх хэмжээний газрын тосыг монголоос олборлож экспортолсон байгаа юм. Нэг ёсондоо, тэд нийт 84 сая ам.долларын өртөг бүхий газрын тосыг Тосон уул, Зүүн баянгийн сав газруудаас олборлож урд хөрш рүү экспортолжээ. Үүнийг тэр үеийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 123 тэрбум төгрөг болж байлаа. Ийм үнэ цэнэтэй баялаг олборлож экспортолсны төлбөрт хэдэн төгрөг төлдөг нь мэдээж хэн хүний анхаарал татдаг сэдвийн нэг мөн. Газрын тосны газрын дарга агсан Амарсайхан: 2009 оны олборлож экспортолсон газрын тосны төлбөрт 39 тэрбум төгрөг төлөх ёстойг тэр үед хэлж байсан юм. 2009 онд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямд байсан тул, тэдний экспортолсон бүтээгдэхүүний үнэ буурч, ашиг нь багассан аж. Тиймээс монгол улсын төсөвт төлөх мөнгө нь дагаад буурсан аж. Манай улс газрын тосны хайгуул хийхэд нэг ч төгрөг зардаггүй. Харин гадаад, дотоодын компаниуд манайхаас олборлож экспортолсон нефтийн ашгийнхаа 51 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг нь энэ аж. Тэгвэл Газрын тосны газрын ашиглалт, олборлолтын газрын дарга асан Жамсран: 2012 он хүртэл Петро чайна дачин тамсаг болон Доншин газрын тос монгол компаниуд тогтоосон нөөцөөсөө өнгөрсөн хугацаанд 1,9 сая тонн газрын тос олборлож экспортолсон болохыг хэлдэг. Ингэснээр цаана нь газрын тосны 41,3 сая тонн ашиглалтын буюу олборлох нөөц үлдсэн юм. Тэгвэл үүнээс 2013 оны эхний дөрвөн сард 184 мянган тонн буюу 1,4 сая баррелийг экспортолсон байгаа юм. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга асан Бадамцэцэг: Энэ нь өнгөрсөн оны мөн үеэсээ 300 мянган баррелиар өссөн үзүүлэлт болохыг хэлдэг. Дээрх хоёр компани 2013 он дуустал нэмж 476 мянган тонн буюу 3,6 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөгөөндөө тусгаж ажилласан байдаг юм. Манай улс газрын тосны үйлдвэртэй болох хүртэл Петро Чайна Дачин Тамсаг болон Доншин газрын тос монгол компаниуд олборлосон бүтээгдэхүүнээ экспортлохоор Засгийн газартай тохиролцжээ. Энэ дагуу дээрх хоёр компани 2013 онд 660 мянган тонн буюу 5 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөж байлаа. Ингхдээ бүтээгдэхүүнээ Cингапурын болон Лондонгийн түүхий эдийн биржийн ханшаар худалдаалахаар төлөвлөж байсан юм. Тухайлбал, Дорнод аймагт орших газрын тосны 19 талбай болох Тосон уул, 21 талбай болох Тамсагийн сав газраас олборлосон бүтээгдэхүүнийг Сингапурын бирж дээр борлуулдаг Дачин-33 төрлийн үнээр худалдаалахаар төлөвлөж байсан юм. Харин Дорноговь аймагт орших 97 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайгаас олборлосон газрын тосыг Лондонгийн биржэд борлуулдаг брент төрлийн нефтийн үнээр худалдахаар төлөвлөж байлаа.


Газрын тосны олборлолт, экспорт, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого

-Хөх хотын боловсруулах үйлдвэрээс Монгол-93 шатахуун импортлов-

Ийнхүү зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ урд хөршид нийлүүлж ирсэн. Үүнийг Хятадын Чайна ойл буюу CNPC компанийн харьяа Хөх хотын газрын тосны боловсруулах үйлдвэрт боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг Монгол-93 нэрээр буцаан импортолж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, газрын тосоо урд хөрш рүү экспортолж, тэнд нь боловсруулж, эргүүлэн импортлох гэрээг шинэчлэлийн Засгийн газар Хятадын Чайна ойл компанитай байгуулж байсан юм. Хөх хотын боловсруулах үйлдвэрт үйлдвэрлэсэн Монгол-93 шатахууныг Шунхлай, Ник, Магнай трейд компаниуд 2013 оны дөрөвдүгээр сард дотоодын зах зээлд оруулж ирсэн юм. Үүнийгээ 2013 оны зургаадугаар сараас Дархан, Эрдэнэт, Улаанбаатар дахь шатахуун түгээх станцуудаараа дамжуулан худалдаалж эхэлсэн байдаг. Ингэхдээ Улаанбаатар дахь 26 шатахуун түгээх газраар худалдаалж эхэлсэн бол, хожим нийслэл болон хөдөө орон нутгийн 46 цэгээр худалдаалж хүрээг нь тэлж байлаа. Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулсан Монгол-93 шатахуун евро-3 стандарттай. Оросоос импортолж буй шатахуунтай харьцуулахад Монгол-93 бензин чанарын хувьд илүү гэсэн үг юм. Тэгээд ч хойд хөршөөс авдаг шатахуунтай харьцуулахад тонн тутмынх нь үнэ 100-170 ам.доллараар хямд ирж байсныг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан юм. Экспортолсон газрын тосны үнэ дээр боловсруулалтын зардал, тээврийн зардлыг нэмснээр импортын Монгол-93 шатахууны үнийг хоёр тал тогтоож ирсэн. Ингэж тогтооход Хятадын Чайна ойлоос авч буй импортын шатахуун Оросын Роснефтиэс импортолж буй шатахуунаас хамаагүй хямд болох нь батлагдсан байдаг. Хэдийгээр тийм ч, тэр үед нэг литр Монгол-93 бензин дотоодын зах зээлд 1670 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Роснефтийн үнээс харьцангуй хямд мөртлөө, Роснефтиэс авсан шатахуунтай ижил үнээр зарагдаж байсан нь хачирхал татам. Эндээс дотоодын зах зээлд Монгол-93 бензины үнэ яагаад буурахгүй байна вэ гэсэн асуулт гарах нь мэдээж. Үүнийг албаныхан урд хөршөөс авч байгаа газрын тосны нийлүүлэлт бага байгаа учраас шатахууны үнэ буурах бололцоо бүрдэхгүй байна хэмээн одоогоос хэдэн жилийн өмнө тайлбарлаж байсан юм. Тиймээс жижиглэнгийн шатахууны импортын татварыг хөнгөлж, дотоодын зах зээлд Монгол-93 шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулж 1620 төгрөг болгож байсныг энэ дашрамд дурдахад илүүдэхгүй биз. Тэр үеийн Газрын тосны газрын дарга асан Өлзийбүрэн: Уг нь сард 10 мянган тонн шатахуун хятадаас авахаар гэрээ байгуулсан. Гэвч 2013 оны дөрөвдүгээр сард 2100 тонн, тавдугаар сард 4100 тонныг оруулж ирсэн. Харин 2013 оны зургаадугаар сард 6000 тонн Монгол-93 шатахуун импортолсноор А-92 бензиний дотоодын хэрэглээний 25 хувийг хангах бололцоо бүрдэнэ гэсэн тайлбар өгч байсан юм. Манай улс сард гаднаас 70 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдог гэх судалгаа бий. Үүгээр тооцвол, өнгөрсөн хугацаанд импортолсон Монгол-93 шатахуун нийт дүнгээрээ дотоодын сарын хэрэглээний 10 гаруй хувийг хангаж байсан юм. Замын-Үүдийн шилжүүлэн ачих өргөтгөлийн ажил дуусвал 2013 оны есдүгээр сараас Хятадын Чайна ойл компаниас авах шатахууны импортыг хоёр дахин нэмэгдүүлж, 20 мянган тоннд хүргэх боломжтой гэж холбогдох албаныхан хуучилж байсан удаатай. Монгол улсаас олборлосон газрын тосыг ийнхүү урд хөршид боловсруулж, эргүүлэн эх нутагт нь авч ирж худалдаалсан нь энэ. Гэхдээ манай улс урд хөрш рүү экспортолж буй бүтээгдэхүүнийхээ багахан хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон авч байсныг энд дурдах зүйн хэрэг. Хөх хотын боловсруулах үйлдвэр 80 хувийн гарцтай тунгалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүгээр тооцвол, 2013 онд экспортлохоор төлөвлөсөн 660 мянган тонн газрын тос 528 мянган тонн шатахуун болох тооцоолол гарч байлаа. Хэрэв сард 20 мянган тонн шатахуун хятадаас авна гэж тооцвол, жилд ердөө 240 мянган тонн шатахуун авах тооцоо гарч байсан юм. Тэр ч утгаараа хятадаас импортлох шатахуун, экспортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хаана ч хүрэхгүй байсан тал бий. Манай улс газрын тосны хайгуулыг 1992 оноос дахин эхлүүлж өнгөрсөн хугацаанд 20 гаруй жил ашиглах нөөц тогтоосон байдаг. Гэвч үүнийгээ түүхийгээр нь урд хөршид нийлүүлж, эргүүлээд өртөг шингэсэн бүтээгдэхүүн импортлон авч байсан нь Монгол-93 юм. Үйлдвэргүй байгаа нэрийдлээр урд хөрш рүү газрын тосны нөөцөө экспортлоод дуусвал яах вэ. Харин үйлдвэртэй болсныхоо дараа гадаад зах зээлээс өндөр үнээр газрын тос импортлоход хүрвэл яах вэ гэдэг асуулт тухайн үед гарч байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.

-Импортлогчдын алдагдлыг улсын төсвөөс төлж байжээ-

ОХУ газрын тосны экспортын татвараа нэгэн үе тонн тутамд 9-23 хувиар нэмэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд шатахууны үнэ литр тутамдаа 133-137 төгрөгөөр өсөх нөхцөл бүрдсэн байдаг. Энэ даруй Засгийн газар шатахууны үнийг дотоодын зах зээлд өсгөхгүй барих зорилгоор нефть импортлогч 10 гаруй компанитай гэрээ байгуулж хамтран ажилласан юм. Роснефть компаниас нефть импортлогчид өндөр үнээр шатахуун авсан ч, дотоодын зах зээлд бензины үнийг өсгөхгүй байх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Харин шатахуун импортлогчдын алдагдлыг тухайн үед Засгийн газраас гарган өгч байв. Энд нэг жишээ дурдахад, нефть импортлогчдод 2007 оны арванхоёрдугаар сараас 2008 оны хоёрдугаар сар хүртэл нийт 12,3 тэрбум төгрөгийн алдагдлыг Засгийн газраас гаргаж өгсөн тоо баримт бий. Харин 2008 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл нефть импортлогчдод алдагдлыг нь олгох боломжгүй гэж Засгийн газар үзсэн юм. Мөн 2008 оны 4 болон 5 дугаар саруудын жижиглэн худалдаалах үнийн зөрүүний алдагдалд 7.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нөхөн олгох ёстой байсан аж. Үүний ердөө 3,5 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас гаргаж өгсөн тул шатахуун импортлогчид бензины үнээ өсгөсөн гэдэг. Тухайлбал, 2008 оны гуравдугаар сард шатахууныхаа үнийг 165-200 төгрөгөөр, наймдугаар сарын 8-нд 150-200 төгрөгөөр, наймдугаар сарын 20-нд 250-290 төгрөгөөр тус тус өсгөжээ. Энэ шалтгаанаа 2008 оны есдүгээр сарын 30-ны өдөр тэр үеийн Нефть, хийн ассоциацын тэргүүн Энхчимэг: Нефть импортлогч компаниуд 2008 оны 3-7 сар хүртэл үнээ тогтвортой барьсан. Энэ нь ямар учиртай юм гэхээр тэр хугацаанд гадаадаас ирж байгаа бүтээгдэхүүний үнэ 40 хувиар нэмэгдэж орж ирсэн. Энэ хооронд Засгийн газар өөрийнхөө зүгээс импортын татварыг тэглээд, онцгой татвараа тэглээд, импортын НӨАТ-ийг тэглэсэн байгаа. Тэгээд алдагдлын зөрүү болох 7,9 тэрбум төгрөгийг олгохоор амласан. Мөн борлуулалтын НӨАТ-ийг тэглэнэ гэж амалсан. Ийм учраас дотоодын зах зээлд шатахууны үнэ 40 хувиар дагаж өсөөгүй. Яг хэвэндээ бариад ирчихсэн байгаа. Татваруудыг тэглэсэн нь бага хэмжээнд нөлөөлсөн. Ийм учраас бид нар алдагдал нь бас харьцангуй гайгуй гарсан. Гэхдээ 7,9 тэрбум төгрөгийн алдагдлыг бүтэн олгоогүй. Үүнээс 3,5 тэрбум төгрөг нь олгогдоод, 4,4 тэрбум төгрөг нь олгогдоогүй юм. НӨАТ-ын тухайд зургадугаар сард 5 хувь, 7 болон 8-р саруудад тэглэнэ гэсэн боловч яг үнэн хэрэг дээрээ энэ нь хэрэгжээгүй. Тэгээд наймдугаар сард НӨАТ-ийг 10 хувь хэвээр нь авна. Мөн өнгөрсөн 6, 7, 8 сардуудад борлуулсан бензины шатахууны НӨАТ-ийг нөхөн төлүүлж авна гэсэн шийдвэр гарсан байгаа. Тиймээс нефть импортлогч компаниуд НӨАТ-ийг нэгдүгээрт нөхөн төлөх асуудал гарсан. Хоёрдгаарт өмнөх хугацаанд гарсан алдагдлаа нөхөх шаардлага гарсан. Эдгээрийг тооцоход нэг литр шатахууны үнэ 310-350 төгрөгөөр нэмэх тийм тооцоо гарсан. Манай компани тооцож шатлалтайгаар үнээ өсгөсөн. Үнэ өссөн шалтгааныг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан шалгаж үзээд дүгнэлтээ гаргасан. Шалгаж үзээд бодитой үнийн өсөлт байна, үнийн хөөрөгдөл биш байна гэдгийг тогтоосон. Хоёрдугаарт юу гэсэн гэхээр нефть импортлогч компаниуд нэг өдөр үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн гэж үзсэн. Нэг өдөр ижил хэмжээгээр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн дээр нь буруутгасан. Бид нэг өдөр ижил хэмжээгээр үнээ нэмсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Засгийн газар анхнаасаа татварыг тэд болголоо, та нар үнээ тэд төгрөгт барьж бай. Татварыг тэглэлээ, та нар үнээ барьж бай. Алдагдлыг тэд болголоо үнээ тэдээр нэмж болно гэх жишээтэй. Хамгийн сүүлийн үнийн хороон дээр та нарын алдагдлыг өгөх боломжгүй боллоо. Мөн өмнөх НӨАТ-ийг нөхөн төлүүлж авна. Үнийг чөлөөллөө гэсэн болохоор дотоодын зах зээлд шатахууны үнийг өсгөсөн хэмээн ярилцлага өгч байсан юм. Тухайн үед импортлогчид үнээ нэмсэн шалтгааныг шалгалтын бүрэлдэхүүн хянаад, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч зарим аж, ахуйн нэгжүүд Нефть хийн ассоциацийн нэрийн дор бүтээгдэхүүнийхээ үнийг нэг цаг хугацаанд, нэг ижил хэмжээгээр нэмэгдүүлсэн нь өөр хоорондоо шударгаар өрсөлдөхөөс зайлсхийж үнийг харилцан тохиролцсон болохыг нотолж байна гэж үзсэн байдаг. Тиймээс тэр үед 5 аж, ахуйн нэгжид 250 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулах шийдвэр тухайн үед гаргаж байсан юм. Харин бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлсэн нь бодитой бөгөөд хэт ашиг олох зорилгоор үнэ хөөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг тогтоосон байдаг аж. Харин татварын тухайд 2008 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын 282 тоот тогтоолын 4-р зүйлд: 2008 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 15-ныг хүртэл түлш импортлогчдыг импортлосон ба худалдан борлуулсан автобензин, дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь болгох. Долдугаар сарын 15-наас онцгой албан татвар, гаалийн татвар, гаалийн НӨАТ-ыг тэглэнэ гэж заажээ. Засгийн газрын энэ тогтоолд шатахуун импортлогчдыг борлуултын НӨАТ-аас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байдаг юм. Харин шатахуун импортлогчид үүнийг борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн гэж ойлгосон аж. Тиймээс Газрын тосны бүтээгдэхүүнээ борлуулалтын НӨАТ-гүйгээр худалдсан гэх тайлбарыг импортлогчдын зүгээс өгч байсан юм. Харин Сангийн яам зөвхөн импортын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн гэдэг. Ойлголтын зөрүүгээс болж Сангийн яам, нефть импортлогчдын дунд багагүй маргаан үүсч, эцэстээ импортлогчид борлуулалтын НӨАТ-ыг нөхөн төлөхөөр болсон сургамж бий. 

-Солонгосын Эс Кей зэрэг бусад эх үүсвэрээс шатахуун импортолж эхлэв-

ОХУ сар бүрийн сүүлчээр газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг экспортын татвараа шинэчилдэг. Ингэхдээ дэлхийн зах зээлд оросын гол нэрийн экспортын бүтээгдэхүүн болох уралс төрлийн нефтийн үнэ өсвөл, газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг экспортын татвараа өсгөдөг. Харин уралс төрлийн нефтийн үнэ тухайн сард дэлхийн зах зээлд буурвал, газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг экспортын татвараа бууруулдаг юм. Уралс төрлийн нефтийн үнэ өсвөл, оросын газрын тос олборлогчид ашигтай ажиллана гэж үзэж, тэдний ашгаас тодорхой хэмжээний орлогыг улсын төсөвтөө төвлөрүүлэх үүднээс газрын тосны хилийн татвараа өсгөдөг аж. Харин уралс төрлийн нефтийн үнэ буурвал нефть экспортлогчид нь алдагдалтай ажиллана гэж үзэн хилийн татвараа бууруулах замаар үйлдвэрлэгчдээ дэмжиж ирсэн юм. Тухайлбал, уралс төрлийн нефтийн үнэ ялигүй буурсантай холбоотойгоор ОХУ газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг экспортын татвараа 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл ялимгүй бууруулсан байдаг. Тодруулбал, түүний нефтэнд ногдуулдаг экспортын татвараа 90 цэнтээр бууруулж, 395 ам.доллар 60цент болгож байв. Харин шатахуунд ногдуулдаг экспортын татвараа тонн тутамд 80 центээр бууруулж, 356 ам.доллар болгож байсан юм. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа бууруулах бүрт, Роснефть компани манайд нийлүүлдэг шатахууны үнээ бууруулдаг байлаа. Гэтэл экспортын татвар энэ удаад буурахад, Роснефть компани үнээ өсгөх нь тэр. Ингэхдээ, А-92 шатахууны үнийг 91 ам.доллараар, дизель түлшний үнийг 36 ам.доллараар тонн тутамд нэмэгдүүлж байснаас жишээ татаж болох юм. Манай улсын шатахууны хэрэглээ жил ирэх тусам өсч буй. Тухайлбал, 1998 онд 412 мянган тонн, 2006 онд 607 мянган тонн газрын тос гадаад зах зээлээс импортлон авчээ. 2008 оны есдүгээр сарын 30-ны байдлаар манай улс 639 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хилийн чанадаас импортлон авчээ. 2010 оны дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай улс жилд 800 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх судалгаа гарч байлаа. Харин 2012 оны арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар энэ тоо өсч, манай улс жилд 1,2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байсан юм. Тухайн үед үүний 8 орчим хувийг Хятад, Казакстанаас импортолж байсан бол, үлдэх хувийг ОХУ-ын Роснефть компаниас авч байжээ. Хятад, Казакстанаас түлш импортлон авах гэрээтэй ч, тээвэрлэлтийн зардал газарзүйн байрлалаасаа шалтгаалаад өндөр гардаг байж. Тиймээс хойд хилийн цаана орших Роснефтийн Ангарскийн үйлдвэрээс импортлогчид түүхий эдээ гол төлөв өнгөрсөн хугацаанд татаж иржээ. Энэ нь тээвэрлэлтийн зардал арай татуу байдагтай холбоотой юм. Тэр үеийн Газрын тосны газрын орлогч дарга Амраа: Нэгэн үе ОХУ-ын Аччинскийн завод засварт орж тус үйлдвэрийн нийлүүлэх ёстой шатахууныг Ангарскийн газрын тосны үйлдвэр нийлүүлэх ёстой болсон. Гэсэн ч, Ангарскийн газрын тосны үйлдвр ачааллаа дийлээгүйн улмаас манайд нийлүүлэх ёстой бензины экспортыг хэсэг хугацаанд багасгасан тухай ярьж байсан удаатай. Ийм онцгой нөхцөл үүсээгүй бол дийлэнх тохиолдолд Ангарскийн газрын тосны үйлдвэрээс бүтээгдэхүүн импортолж ирсэн байгаа юм. Ингэхдээ импортын шатахууны дийлэнх нь Наушикийн боомтоор орж ирдэг. Энэ талаар тэр үеийн Петровис компанийн дэд захирал Сүхбаатар: Нийт шатахууны 70-80 хувь нь Наушикаар орж ирж тараагддаг. Үлдсэн хэсгийг Дорнодын хилээр оруулж ирж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдыг шатахуунаар хангадаг. Баруун талаар гэвэл Улаан гомоор зохих хэмжээний нефть оруулж ирж баруун аймгуудад тараадаг. Дийлэнх нь төвөөр орж ирдэг. Төвөөр орж ирсэн бүтээгдэхүүнээ 800-900 километрийн цаанаас тээвэрлэж, Баянхонгор аймгийн хамгийн урд талын алслагдсан суманд хүргэдэг. Үүн дээр тээврийн зардал гарна. Энэ зардал нэмэгдэж байж алслагдсан аймгуудад зарагддаг. Тиймээс Улаанбаатарт үнэ харьцангуй хямд. Хол тээвэрлэж байгаа аймгуудад шатахуун арай үнэтэй очдог тухай хуучилж байсан удаатай. Роснефть компани хэдэн жилийн өмнө бусад орны нефтийн үйлдвэрүүдээс арай хямд үнээр манай улсад бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан аж. Тиймээс үндэсний 100 гаруй шатахуун импортлогч компани дотоодын түлшний хэрэгцээний 92 хувийг Роснефть хэмээх ганцхан эх үүсвэрээс ийнхүү хангаж иржээ. Нэгэнт хэрэгцээт шатахууныхаа дийлэнхийг энэ компаниас авч байсан учраас ОХУ-ын газрын тосны экспортын татвар өсмөгц, Роснефть компани манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг байсан нь нууц биш. Харин төд удалгүй дотоодын зах зээлд шатахууны үнэ нэмэгдэхэд хүрдэг байлаа. Өөрөөр хэлбэл, Москвад найтаахад Монголд ханиадаг байсан цаг үе юм. Роснефть компани сар бүрийн 25-ны өдөр манай улсад ирэх сард нийлүүлэх шатахууны үнийн саналаа ирүүлдэг уламжлалтай байлаа. Тиймээс сар бүрийн сүүлээр бодлого боловсруулагчид бензины үнэ өсөх болов уу, эсвэл буурах болов уу гэж санаа зовнингуй хүлээзнэх нь олонтаа тохиолддог байсан юм. Тиймээс 2013 оны эхээр Роснефть компанийг үнээ бууруулж, зах зээлийн ханшаар манайд бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг Шинэчлэлийн засгийн газар оросын талд тавьж байжээ. Энэ хэлэлцээр амжилттай болсон нь зах зээлд шатахууны үнэ буурах бололцоог 2013 оны зургаадугаар сард бага ч болтугай бий болгосон гэж үздэг. Үүнээс гадна, шатахууны импорт Роснефть гэсэн ганцхан эх үүсвэртэй байсныг болиулж, олон эх үүсвэртэй болгосон нь бензины үнэ тухайн үед буурахад нөлөөлсөн гэж үздэг юм. Манай улс 2012 оноос Оросын ТНК, Газпром, Солонгосын Эс Кей, Хуандей ойл зэрэг компаниудаас шатахуун импортолж эхэлсэн байдаг. Ингэснээр шатахууны хэрэглээний 45 хувийг бусад эх үүсвэрээс авдаг болсон гэж ойлгож болох юм. Харин 2013 оноос Хятадын CNPC компанийн Хөх хотын боловсруулах үйлдвэрээс Монгол-93 шатахуун авахын зэрэгцээ, Щвейцараас сард 20 мянган тонн шатахуун импортлох гэрээг үзэглэсэн гэдэг. Шатахууны импортын эх үүсвэрийг ийнхүү нэмэгдүүлснээр зах зээлд өрсөлдөөн бий болж, үнэ буурах нөхцөл тухайн үед бүрдэж байсан удаатай. Нөгөө талаас жижиглэнгийн шатахууны үнийг тогтвортой байлгахад зориулж төвбанк арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлттэй зээл импортлогчдод олгосон нь газрын тосны бүтээгдэхүүний 60 хоногийн нөөцтэй болоход нэмэр болсон гэдэг. Шатахууны импорт олон эх үүсвэртэй болж, уг төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж байх тэр үед тээврийн хэрэгслийг дугаараар хязгаарлаж хотын хөдөлгөөнд оролцуулдаг болсон нь газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ дотоодын зах зээлд буурч, жижиглэнгийн үнэ буурах бас нэг шалтгаан болсон гэж үзэж байсан юм. 2013 оны зургаадугаар сарын 8-нд манай улсын шатахууны импорт өнгөрсөн оны мөн үеэсээ 34 мянган тонноор буурсан үзүүлэлт гарсан нь үүний нэг тод жишээ юм. 

-Казакстанаас газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор яригдаж эхлэв-

2008 оны сүүлийн гурван сар, 2009 оны эхний нэг сарын дотор Монголбанкнаас банк хоорондын захад нийт 490 сая ам.доллар нийлүүлсний 74 хувь нь нефтийн импортын төлбөрт зориулагдсан судалгаа гарч байсан юм. Тодруулбал, импорлогчид хойд хөршөөс дөрвөн сарын хугацаанд 365 сая ам.долларын өртөг бүхий газрын тосны бүтээгдэхүүн авсан гэсэн үг юм. Нэг ёсондоо, манай улсын гадаад валютын нөөцийн ихэнх хэсэг шатахуунаар солигдож орж ирж байсан гэж ойлгож болох талтай. Тухайн үед манай улсын валютын нөөцийн ихэнх нь хойд хөршийн шатахууны төлбөрт урсдаг байсан бол, энэ орон зайд Казакстан улс орж ирэв. Манай улс 2009 онд Казакстанаас 150 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор болсон учраас тэр юм. Тухайн үед манай улсын газрын тосны жилийн хэрэглээ 700 мянган тонн газрын тосоор хэмжигдэж байлаа. Казакстанаас газрын тосны бүтээгдэхүүн импортолвол, оронд нь чамлахааргүй доллар экспортолж мэдэхээр болов. Казакстанаас нефть бүтээгдэхүүн импортолвол монголчууд илүү хямд шатахуун хэрэглэх юм шиг ярьж байсан нь нууц биш. Тодруулбал, Казакстан 2009 оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг гаалийн татвараа бууруулахаар болсон. Энэ нь манай улсад хямд шатахуун орж ирэх боломжийг бүрдүүлж байна гэж хэвлэлүүдээр бичиж байсан юм. Тэгвэл тэр үеийн Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Газрын тосны хангамж зохицуулалтын газрын дарга Амарсайхан: Казакстаны гаалийн татварын энэ хөнгөлөлт зөвхөн хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улсуудад хамаарна. Үүний сацуу, казакстаны шатахууны үнэ оросынхоос арай хямд ч, холоос тээвэрлэх тул, тээвэрлэлийн зардал өндөр гардаг тухай тайлбарлах нь тэр. Эндээс Казакстанаас шатахуун оруулж ирлээ гэхэд дотоодын зах зээлд бензиний үнэ тэгтлээ буурахгүй нь тодорхой харагдаж байлаа. Гэтэл нефть импортлогчид Казакстанаас нефть импортлох сонирхолтой байгаа нь илт. Баян-Өлгий аймагт баригдаж байсан Цагаан нуурын чөлөөт бүсэд газрын тосны зарим компани үйл ажиллагаа явуулах эрх авснаас үүнийг харж болохоор байлаа. Дашрамд дурдахад, Цагаан нуурын чөлөөт бүс ОХУ-аас 216 километр, Казакстанаас 40 километр, харин Хятадын Даянгийн хилийн боомтоос 25 километрийн зайтай оршдог. Энэ чөлөөт бүс ашиглалтад орвол, Казакстанаас газрын тосны бүтээгдэхүүнээс гадна, улаан буудай импортлох боломжтой болно гэж яригдаж байсан юм. Тухайн үед Цагаан нуурын чөлөөт бүсэд 708 га. газарт хашаа татаж, 35 километр зам тавиад байлаа. Үлдсэн замыг 2009 онд багтаан тавьж чөлөөт бүс ашиглалтад орно гэгдэж байсан ч, уг чөлөөт бүсийн сураг алдраад бас багагүй хугацаа өнгөрч буй юм.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэв-

2013.01.12. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг Засгийн газар Монголбанктай 2012 оны аравдугаар сарын 22-ны өдөр байгуулж байжээ. Энэ хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг 2012 оны аравдугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайлбал: 

  • Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр
  • Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртөгийг бууруулах дэд хөтөлбөр
  • Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр
  • Барилгын салбарыг дэмжиж, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн юм.

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр:

Нефть импортлогчид банкнаас өндөр хүүтэй зээл авч, түүгээрээ шатахуун импортолдог нь жижиглэнгийн шатахууны үнэ дотоодын зах зээлд өсөхөд нөлөөлдөг. Нөгөө талаас дотоодын зах зээл дэх долларын ханшийн өсөлт импортын шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг гэх судалгаа бий. Шатахуун эдийн засгийн суурь үнэд зүй ёсоор тооцогддог. Шатахууны үнэ дотоодын зах зээлд өсвөл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцид нөлөөлөх нь бий. Энэ талаар Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Хэлтсийн захирал асан Болд: Шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци хөөрөгдөж, төгрөгийн ханш унах сул талтайг хэлдэг. Тиймээс зээлийн хүү болон валютын ханшийн эрсдэлийг бууруулах замаар шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах санааг одоогоос хэдэн жилийн өмнө төвбанк болон засгийн газар бодож олсон байдаг юм. Үүнийгээ шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэмээн нэрийдэж Уул уурхайн яам, Монголбанкны удирдлагууд 2012 оны аравдугаар сарын 22-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан юм. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах уг хөтөлбөрийн хүрээнд Газрын тосны газар шатахуун импортлогчидтой уулзаж, тодорхой тохиролцоонд хүрсэн байдаг. Төвбанкнаас 167 тэрбум төгрөг гаргаж нефть импортлогчдод 1 жилийн 3,8 хүүтэй зээлнэ. Ингэхдээ төвбанктай гэрээ байгуулсан арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох байжээ. Тиймээс монголбанктай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийг байршуулсан аж. Харин газрын тосны газартай гэрээ байгуулсан шатахуун импортлогчид энэ зээлд хамрагдах болзолтой байлаа. Үүний хариуд шатахуун импортлогчид үнээ огцом өсгөхгүй байх үүрэг хүлээсэн юм. Тэр үеийн Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батхүү: Газрын тосны газартай 12 нефть импортлогч компани бага хүүтэй зээл авахаар тохиролцсон тухай хэлж байв. Ингээд Газрын тосны газартай гэрээ байгуулсан жижиглэнгийн шатахуун импортлогчдод арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлжээ. Шатахуун импортлогчдод зориулсан урьд хожид байгаагүй, бага хүүтэй зээлд Жаст ойл, Монпетекс, Сод монгол, Магнай трейд, Шунхлай, Мон суль, Рысжан, Ойн бирж, Синчи ойл, Ундарга увс, Хөрс авто сервис зэрэг 11 компани тухайн үед хамрагдсан байдаг. Ингэхдээ импортын хэмжээнээсээ хамаараад нэг компани ойролцоогоор 700 мянгаас 37 сая ам.долларын зээл авчээ. Уул уурхайн яамныхан тэднийг ил тод, нээлттэй сонгон шалгаруулсан болохыг тухайн үед хэлж байсан юм. 2012 оны эцэст, 2013 оны эхэнд тэд нийт төсөвлөсөн мөнгөний 57 хувийг буюу 93,7 тэрбум төгрөгийн зээл аваад байлаа. Үүнийг мэдээж тохирсон ёсоор жилийн 3,8 хувийн хүүтэй авчээ. Үүнээс гадна, төвбанк дээрх компаниудтай форвард хэлцэл хийж, долларын ханшийг эрсдэлд орохоос хамгаалж өгчээ. Ингэхдээ, дээрх компаниуд арилжааны банкуудаар дамжуулан төвбанктай америк долларын форвард хэлцэл хийжээ. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд 2-6 сарын дараа 94 тэрбум төгрөгтэй тэнцэх америк долларыг 1393-1403 төгрөгөөр худалдан авахаар төвбанктай форвард хэлцэл хийжээ. Ийнхүү шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд дотоодын зах зээлд бензины үнэ өсөхөд нөлөөлдөг гурван хүчин зүйлийн хоёрыг нь шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлийн үр дүнд импортын жижиглэнгийн шатахууныг хямд зардлаар санхүүжүүлж, зээлийн хүүгээс шалтгаалсан өртөгийг бууруулах бололцоог олгосон юм. Харин форвард хэлцлийн үр дүнд нефтийн төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой ханшийн эрсдэлийг бууруулсан байдаг. Мэдээж үүний хариуд импортлогчид хямд үнээр шатахуунаа хэрэглэгчдэд худалдах ёстой байлаа. Тэд үнээ бууруулдаггүй юмаа гэхэд үнээ өсгөхгүй байх ёстой байлаа. Тэр үеийн Газрын тосны газрын Өлзийбүрэн: Нефть импортлогчдыг хөрөнгө мөнгөөр дэмжсэн учраас шатахууны үнэ гадуур яриад байгаа шиг 200-230 төгрөгөөр огцом өсөхгүй байх бололцоо бүрдлээ хэмээн хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан юм.

-Импортлогчид гэрээний үүргээ зөрчив-

Гэтэл зарим импортлогчид гэрээний үүргээ биелүүлээгүй тал бий. 2012 онд олгогдсон 94 тэрбум төгрөгийн зээлийн 28,5 тэрбум төгрөгийг нь Магнай трейд компани, 16,6 тэрбум төгрөгийг нь Сод монгол авсан гэгдэж байлаа. Нийт зээлийн 3/1 авсан тэд 2013 оны өмнө А-92 болон дизелийн түлшний үнийг хоёр ч удаа нийт 100 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр тэд А-92 бензинээ 1670 төгрөг, дизелийн түлшээ 1800 төгрөгөөр худалдаалах болсон юм. Тэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн шалтгаанаа хойд хөрш шатахууны үнээ нэмсэнтэй холбон тайлбарлаж байжээ. Харин учир мэдэх хүмүүс нэмэгдсэн үнээр авсан шатахуун хараахан манай улсын хилээр орж ирээгүй байсан. Үнэ нь нэмэгдсэн бензин 2013 оны нэгдүгээр сарын дундуур манай улсад орж ирэх байсан хэмээн ярьж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, 2013 оны нэгдүгээр сарын дундуур шатахууны үнэ нэмэгдэх үндэслэлтэй байхад, үүнээс урьтаж шинэ жилийн өмнө Сод монгол болон Магнай трейд компаниуд үнээ нэмсэн гэж ойлгогддог. Тиймээс тэд үндэслэлтэй үнээ нэмсэн эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан шалгаж байжээ. Үүнээс гадна, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд тухайн үед олгогдоод байсан 94 орчим тэрбум төгрөгийн зээлийн 21 тэрбумыг нь Шунхлай компани дангаараа авсан байдаг. Мөн үүнтэй тэнцэх хэмжээний долларыг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 1403 төгрөгөөр төвбанктай байгуулсан форвард хэлцлийн дагуу худалдан авчээ. Ийнхүү дэд хөтөлбөрийн хүрээнд тус компани хөнгөлөлттэй зээл авч, долларын ханшийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадсан. Тэд үнээ өсгөхгүй байх нөхцөлөөр санхүүгийн ийм үйлчилгээ авсан ч, Шунхлай компани бүх төрлийн шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмэгдүүлж гэрээгээ зөрчсөн гэгдэж байлаа. Үүнд тэр үеийн Шунхлай компанийн гүйцэтгэх захирал Батхишиг: Бага хүүтэй зээл авсан ч өндөр үнээр их хэмжээний шатахуун нөөцөлсөн байсан. Өндөр үнэтэй шатахуунаа хямд зарах боломжгүй гэж тайлбарлаж байх нь тэр. Ийнхүү компаниудад бага хүүтэй зээл олгосон ч, зах зээлд шатахууны үнэ өссөн нь тал бий юм. Тухайн үед өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгч Лхавгасүрэн: Хөтөлбөрийг Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. Тиймээс төвбанкнаас гадна, яамдууд хөтөлбөрийн хэрэгжилтэд давхар хяналт тавих ёстой. Тэр тусмаа импортлогчидтой гэрээ байгуулж, зээл олгуулсан Газрын тосны газрынхан хөнгөлттэй зээлийн үр дүнг хэлэлцэж, хяналт тавих ёстойг хэлж байсан юм. Харин тэр үеийн Газрын тосны газрын Өлзийбүрэн: Хөтөлбөр үр дүнгээ өгч, манай улсын шатахууны нөөц нэмэгдсэн гэхээс өөр мэдээлэл өгөөгүй. Зээлийн санхүүжилтийг гаргасан төвбанк, зээл олгуулахаар гэрээ байгуулсан Газрын тосны газрынхан ийм л хариулт өгч суусан билээ. Харин тэр үеийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга Ариунболд: Шунхлай компани шатахууны үнээ өсгөхгүй байх гэрээний үүргээ зөрчсөн гэж мэдэгдэж байсан юм. Уул уурхай яамнаас нефть импортлогчид ашигтай ажиллаж байгаа гэх судалгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар руу тухайн үед явуулсан байдаг. Хэдийгээр ашигтай ажилласан ч, ашиг нь урьдынхаас бага байгааг судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, Шунхлай компани алдагдалтай ажилласнаас болж шатахууныхаа үнийг төрөл бүр дээр нь 50 төгрөгөөр нэмсэн гэж хэлэхэд бэрх болж таарсан юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан Шунхлай компанид олгосон зээлийг зогсоох арга хэмжээ авахыг тэр үеийн төвбанкны ерөнхийлөгч Золжаргалд уламжилсан байдаг аж. Цаашлаад өнгөрсөн хугацаанд тус компанид жилийн 3,8 хувийн хүүтэй олгосон 21 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлж авах. Эсвэл хөнгөлөлттэй зээлийг жилийн 15 хувийн хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх гэсэн шаардлагыг төвбанкинд тавьсан байгаа юм. Энэ асуудал сөхөгдсөн даруй Шунхлай компани үнээ эргүүлэн бууруулахаа холбогдох газарт мэдэгдсэн байдаг. Амласан ёсоор тус компани шатахууныхаа үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулж байжээ. Лхавга гаригт нь үнээ өсгөж, баасан гаригт нь үнээ бууруулсан түүхээс дурдвал энэ. Ийнхүү шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд жилийн 3,8 хувийн хүүтэй, чамгүй хэмжээний мөнгө зээлж, дотоодын зах зээлд шатахууны үнийг өсгөхгүй гэж амлачихаад, төд удалгүй амлалтаасаа ухарч, үнээ нэмдэг гаж тогтолцоо дотоодын зах зээлд оршин тогтносоор байсан юм. Импортлогчид шатахууны үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан араас нь явж шалгахад ийнхүү хүрч байв. Уг нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд Засгийн газар, тэр дундаа импортлогчидтой гэрээ байгуулсан Уул уурхайн яам, Газрын тосны газрынхан давхар хяналт тавих ёстой байжээ. Гэвч тэд дээрх хариултыг өгөөд сууж байсан нь одоогоос хэдэн жилийн өмнө билээ. 

-Татварын дарамт ба шатахууны үнэ-

2014 оны зургаадугаар сараас хойш газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 50 гаруй хувиар буурсан байлаа. Тухайлбал, 2014 оны зургаадугаар сард нэг баррель газрын тос 106 ам.долларын ханштай байсан бол, 2015 оны аравдугаар сарын 14-ний хавьцаа 50 орчим ам.долларын ханштай болсон байв. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ийн буурч байсантай холбоотойгоор шатахууны хилийн үнэ дагаад буурсан байдаг. Тухайлбал, 2014 оны наймдугаар сард нэг тонн шатахууны хилийн үнэ 1011 ам.долларын ханштай байсан бол, 2015-10-14-ний хавьцаа 600 ам.долларт багтаж байлаа. Шатахууны хилийн үнэ ийнхүү буурч байхад, дотоодын зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ яагаад буурахгүй байна вэ гэсэн асуулт тухайн үед гарч байсан юм. Газрын тосны газрынхан үүнийг хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарлаж байлаа. Нэг талаас хилийн үнэ буурсантай холбоотойгоор шатахуун импортлогчдыг үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.8 хувийн хүүтэй зээлд хамруулахаа больж, 2015 оны эхнээс 16-18 хувийн хүүтэй зээлд хамруулах болжээ. Нөгөө талаас шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор манай улс уг бүтээгдэхүүнд ногдуулах импортын болон гаалийн албан татвараа өсгөсөнтэй холбоотой гэгдэж байлаа. Тухайлбал, Засгийн газрын 2015 оны 18-р тогтоолын дагуу алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортолж байгаа А-80 автобензинд тонн тутамд нь 252 мянган төгрөгийн, А-92 автобензинд 259 мянган төгрөгийн, дизелийн түлшинд 265 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж эхэлсэн байгаа юм. Үүнээс гадна Засгийн газрын 2015 оны 65-р тогтоолоор шатахууны гаалийн татвар нэг хувь байсныг таван хувь болгож нэмэгдүүлсэн юм. Эдгээртэй холбоотойгоор шатахууны үнэ дорвитой буурахгүй байсан ч, 2015 оны есдүгээр сараас эхлэн Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаар жижиглэнгийн шатахууны үнэ 60 төгрөгөөр буурсан байдаг. Мөн алслагдсан аймгын нутгаар импортолж байсан шатахуун онцгой албан татваргүй орж ирж байсан учраас баруун бүсийн аймгуудад шатахууны үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр буурсан байдаг юм. Харин шатахууны бөөний үнийн тухайд литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан болохыг холбогдох албаныхан хэлж байлаа. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжид бөөнөөр борлуулж байсан шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч 1390 төгрөг болжээ. Ийнхүү дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 50 орчим хувиар буурч, тэр хэрээр шатахууны хилийн үнэ хямдарч байхад дотоодын зах зээлд автобензины бөөний үнэ литр тутамдаа 300 гаруй төгрөгөөр буурсан төдий байлаа. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор гаалийн болон онцгой албан татварыг 2015 онд өсгөсөн учраас шатахууны үнийг үүнээс илүү бууруулах бололцоо хомс гэдгийг импортлогчдын зүгээс хэлж байв. Нөхцөл байдал ийм байхад шатахууны импортын болон онцгой албан татварыг дахин өсгөхөөр төлөвлөснөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулж байсныг хэн хүнгүй мартаагүй нь лавтай. 2015 онд манай улсын төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах төлөвтэй байжээ. Тиймээс орлогын тасалдлыг нөхөхийн тулд газрын тосны бүтээгдэхүүний импортын болон онцгой албан татварыг нэмж 400 гаруй тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр бүрдүүлэхээр 2015 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан байгаа юм. Тухайлбал, А-80 автобензины онцгой албан татвар тонн тутамдаа 252 мянган төгрөг байсныг 452 мянган төгрөг болгож өсгөх,  А-92 автобензиний татвар 259 мянган төгрөг байсныг 459 мянган төгрөг болгож өсгөх, дизелийн түлш 265 мянган төгрөг байсныг 565 мянган төгрөг болгож өсгөхөөр төлөвлөсөн юм. Татварын хувь хэмжээг ингэж өсгөхөөр төлөвлөж байсныг тэр үеийн сөрөг хүчнийхэн буюу МАН-ынхан эсэргүүцэж байсан юм. Ер нь иймэрхүү зүйл өмнө нь ч нэг бус удаа тохиолдож байсан. Тухайлбал, ОХУ-ын экспортын татварын буурсантай холбоотойгоор Роснефть компани 2010 оны долоодугаар сарын 1-нээс манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулсан болохыг тэр үеийн Газрын тосны газрын дэд дарга Амраа хэлж байсан билээ. Роснефть компани бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулсан учраас дагаад, импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ бууруулах байх гэсэн хүлээлт байсан нь нууц биш. Гэтэл энэ нь талаар болсон юм. Засгийн газар тухайн үед, газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг импортын татварыг өсгөх шийдвэр гаргасан нь дотоодын зах зээлд шатахууны үнэ буурахгүй, хэвэндээ байх нөхцөлийг бүрдүүлж байсан юм. Тухайлбал, нэг тонн А-80 бензин болон дизелийн түлшний импортын татварыг 100 мянган төгрөгөөр, А-92 бензины импортын татварыг 50 мянган төгрөгөөр өсгөх шийдвэр гаргасан юм. Хойд хөрш экспортын татвараа бууруулдаг ч, манай улс импортын татвараа өсгөснөөр дотоодын зах зээлд шатахууны үнэ буурахгүй байх нөхцөл бүрдэж байсан дээрх нөхцөл байдалтай ихээхэн төстэй болох нь эндээс харагддаг юм.

-Дарханд газрын тосны үйлдвэр барихаар төлөвлөж байсан нь-

Зүүнбаянгийн үйлдвэрийг хаасан цагаас хойш манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ гаднын улсуудаас импортоор авч дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн. Энэ нь шатахуунаа 100 хувь гаднаас импортоор авдаг манай улсын хувьд тийм ч таатай зүйл биш. Хэрэгцээт бензинээ гаднаас үнэтэй импортолдог байж, газрын тосоо тал үнээр нь экспортолсоор байх утгагүй юм. Үүний оронд гаднаас шатахуун импортлохоо болж, экспортолж буй газрын тосоо боловсруулж дотоодын хэрэгцээгээ хангах нь юу юунаас илүү чухал. Тиймээс байгаа газрын тосоо түүхийгээр нь экспортлох бус, үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай эртнээс ярьж эхэлсэн юм. Гаднын улсуудаас эдийн засгийн хувьд, тэр тусмаа шатахууны хувьд хараат бус байх үүднээс манай улс 2015 он гэхэд дотоодынхоо шатахууны хэрэгцээг бүрэн хангах зорилт тавив. Ингэхийн тулд Түлш эрчим хүчний яамныхан нэг талаас чулуун нүүрсийг нэрж, шингэрүүлсэн түлш гарган авах технолгийг судалж эхэлсэн юм. Нөгөө талаас тогтоогдоод байгаа нөөцдөө түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох боломжтой гэж үзсэн юм. 2008 оны байдлаар манай улс жилд ойролцоогоор 700 мянган тонн  газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байлаа. Энэ хэрэгцээгээ хангахын тулд манай улс жилд дор хаяж 1 сая тонн түүхий тос олборлож, боловсруулах шаардлага тулгарч байсан юм. Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг компани, Зүүнбаянд үйл ажиллагаа явуулдаг Доншин газрын тос монгол компаниуд 2015 онд 550 мянган тонн тос олборлох төлөвлөгөө гаргасан байдаг. Гэхдээ энэ тоо цаашид 2-3 дахин өсөх өндөр магадлалтай гэж үздэг юм. Тиймээс 2015 оноос эхлэн жилд 1 сая тонн түүхий газрын тос олборлож, боловсруулах бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолж байв. Тиймээс Япон улстай хамтран газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн юм. Дорноговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Ж.Батсуурь: Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байна. Хайгуулын талбайгаас олборлолт эхлүүлж Дарханд нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихаар төсөл хэрэгжээд явж байна. Чойрт, Зүүн-Баянд байгуулах төсөл мөн хэрэгжээд явж байгаа. Гэхдээ газрын тосны яг боловсруулах үйлдвэр барих хэмжээний тос олборлож амжаагүй байна. Одоогоор олборлож байгаа тос үйлвэр барих хэмжээний биш. Нефтийн нөөц хараахан тогтоогдоогүй байгаа тул өөрсдийн нефтиэ олборлож, үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгож, дотоодын хэрэгцээгээ хангах бололцоогүй гэсэн тайлбарыг өгч байсан билээ. Газрын тосны үйлдвэрийн талаар тэр үеийн Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Мөнхбат: Монгол Улсын Дархан хотод жилд 1 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барина. Одоо техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шатандаа үйл ажиллагаа явагдаж байна. Үйлдвэр худалдааны яамнаас 2007 оны есдүгээр сард газрын тосны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Техник эдийн засгийн үндэслэлийг нь Японы Тоёо инженеринг компани 2008 оны есдүгээр сард боловсруулж дуусгана. Тухайн үйлдвэр жилд 1 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай. Эхний ээлжинд түүхий эдээ ОХУ-аас импортоор оруулж ирнэ гэж тооцоолж байна. Яваандаа Монгол Улсын өөрийн дотоодын эх үүсвэрт тулгуурлан үйлдвэрлэл явуулах боломжтой. Үйлдвэрийн нийт өртөг 125 сая ам.доллар болж байгаа. Японы хөгжлийн банкнаас энэ хөрөнгийг гаргах юм. Үйлдвэр яагаад Дархан хотод байгуулагдахаар болсон гэхээр энэ хотод төмөр зам, дэд бүтэц, ус, эрчим хүч гэх мэтийн нөөц бололцоо байгаа. Тиймээс үйлдвэр барихад дөхөм гэж үзэж байгаа юм. Өнөөдөр манай улсын Монгол Секию компани Дархан хотод үйлдвэр барих газраа сонгоод авчихсан. Тухайн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүч, усныхаа нөөц зэргийг тохироод үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа тухай 2008 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байсныг энд сануулах нь зүйтэй болов уу. Япон улсын Тоёо инженеринг корпораци Дархан хотод барих газрын тосны үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг 2008 оны есдүгээр сард багтаан дуусгаж, 2009 оны гуравдугаар сараас барилгын ажлаа эхлүүлж, улмаар 2012 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байсан юм. Тэгвэл тэр үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Газрын тосны газрын дарга Чулуунбат: Ер нь газрын тосыг гадаад зах зээлээс хамааралгүй болгохын тулд газрын тосны боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэр барих талаар анхаарч ажиллаж байна. Үүний нэг жишээ бол Дарханд 1-2 сая тоннын хүчин чадал бүхий үйлдвэр барихаар төсөл явж байгаа. Монгол Сэкию компанийн төсөл явж байгаа юм. Энэ төсөл дээр эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж дууссан. Хэрэв энэ үйлдвэр төлөвлөгөөний дагуу явбал 2012 он гэхэд үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Үйлдвэрийн хүчин чадал бол дотоодын зах зээлийг авто бензин, дизелийн түлш, дагалдах бүтээгдэхүүнээр 100 хувь хангах боломжтой. Үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэмжээг нь дотооддоо олборлолт явуулж буй Тамсаг, Дорноговийн сав газруудаас хангана гэсэн төлөвтэй байгаа. Төсвийг нь Казакстан болон Булангийн гурван орноос авахаар ярьж, тохирсон ийм байдалтай байна гэсэн тайлбар өгч байлаа. Дархан хотод жилд 1 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барьж байгуулснаар 2015 оноос газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж үзэж байсан юм. Уул уурхайн сайд асан Ганхуяг: Газрын тосны үйлдвэрийн ажил урагшилж байгаа. 2015 он гэхэд газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэж мэдэгдэж байсан нь саяхан. Тэгвэл Газрын тосны газрын Үйлдвэрлэл техник, технологийн хэлтсийн дарга Сарангэрэл: Харамсалтай нь Дарханд барихаар төлөвлөсөн нефтийн үйлдвэр хөрөнгө, мөнгөний асуудлаас болоод зогссон талаар хэлдэг юм. Газрын тосны үйлдвэрийн ажил ийнхүү сураг алдарч, усан хаясан чулуу шиг замхарсан билээ.

-Энэтхэг улстай хамтран газрын тосны үйлдвэр барьж эхлэв-

Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь үйлдвэрлэл. Дотоодын хэрэгцээгээ өлхөн хангачихдаг, бусдаас импортлогч биш, экспортлогч байх нь аливаа орны хөгжлийн үндэс юм. Манай улс хэрэгцээт шатахуунаа 100 хувь гаднаас импортлон авсаар ирсэн. Нефтийн үнийн өсөлтийг гаднаас импортлон авч, дотооддоо инфляци үлдвэрлэсээр байх уу. Эсвэл байгалийн нөөцөө зөв зохистой ашиглаж тулгарч болох эдийн засгийн бэрхшээлээс гарах уу гэдэг сорилттой үеийн үед тулгарсаар ирсэн билээ. Тиймээс Ерөнхийлгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа газрын тосны үйлдвэр барих ажлыг дахин эхлүүлсэн юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр жилд 1,5 сая тонн түүхий эд боловсруулж, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн авто бензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх юм. Энэ нь тухайн үед дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг хангана гэж үзэж байгаа юм. Ингэснээр жил бүр гадаадаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг 1 тэрбум ам.доллар Монгол улсад үлдэж, тэр хэрээр валютын ханш тогтворжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая америк доллараар өсөх тооцоолол хийгджээ. Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжинө гэж тооцоолж байгаа юм. Газрын тосны үйлдвэрийн технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, талбайн дэд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулсан бөгөөд ажил хуваарийн дагуу явагдаж буй. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын талбайн тэгшилгээний ажлыг өнгөрсөн онд дуусгахаар төлөвлөсөн. Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн нефть, химийн салбарт тэргүүлэгч компаниуд материалаа ирүүлсэн байдаг. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг 2021 оноос барьж эхлэх юм. Үүнээс гадна 1,5 километр урт хүрээ хашаа, хашаан дотор технологийн бүсэд баригдах 11 объектын суурь хөрсний бэлтгэл ажил хийгдээд байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны тухайд нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажил өнгөрсөн оны есдүгээр сард, хоёрдугаар ээлжийг энэ онд дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн юм. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар баталсан билээ. Хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газар, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулж, Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Энэ дагуу УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг байгуулж, тухайн хууль болон дагалдан гарах хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж баталсан. Энэ хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн болон дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтад олон улсын норм, дүрэм, журам, стандартыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх, зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, зураг төсөлд магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр нь газрын тосны хэтийн төлөв бүхий талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зэрэг эрх зүйн орчин бүрдсэн билээ. Тэгвэл Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Тус төслийн хэрэгжилт одоогоор 30 хувьтай байгаа юм. Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна. Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг онцолсон байна. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой гэж Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцолсон байна. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журмын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 багц ажил төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд өчигдөр ажиллав. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт 4 үе шатаас бүрдэнэ. Үүний EPC-1 буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлж энэ хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал,  цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил ид өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхэлжээ. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 километр төмөр зам, 17,5 километр хүнд даацын автозам, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлуудыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгөөд байгаа юм. Цар тахлаас үүдэлтэйгээр Энэтхэг мэргэжилтнүүд монголд орж ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа талаар төсөл гүйцэтгэгчдийн зүгээс ярьж байв. Гэхдээ төлөвлөсний дагуу EPC-1 багц ажлыг 2022 оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгана гэдгээ гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн JMC Projects India компанийн удирдлагууд танилцуулжээ. Өнөөдрийн байдлаар EPC-2, EPC-3 багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг МГТБҮ-ийн зүгээс боловсруулж 2021 оны 4-5 сард Энэтхэг рүү илгээсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа аж. Тус газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм.

-Г.Ёндон: Шатахууны үнийг тогтвортой байлгаж, нөөц нэмэгдүүлэхээр ажиллаж байна-

Шатахууны үнийн өсөлт үе үеийн Засгийн газрын толгойны өвчин байж ирсэн. Энэ засгийн газрын үед ч ялгаагүй. Тиймэс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн зэрэг албаны хүмүүс Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлагуудыг энэ долоо хоногт Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Дэлхийн зах зээлийн энэ өсөлт манай улсад нийлүүлэгддэг шатахууны хилийн үнэд нөлөөлж өнгөрөгч оны тавдугаар сард АИ-92 авто бензиний үнэ 202 доллар байсан бол, энэ оны 8 сарын хил үнэ 733 доллар болж 262 хувиар өссөн байна. Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн нуруунд үүрүүлэхгүйн тулд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, АИ-92 авто бензиний онцгой албан татварыг одоог хүртэл тэглэсэн хэвээр байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ үеэр мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан олон улсын компанитай тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулж ажилласны үр дүнд жил гаруйн хугацаанд хямд үнэтэй шатахуун хэрэглэсэн. Иргэдийн 60 хүртэлх хувийг вакцинжуулж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүртэл өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг өсгөхгүй байх зөвшилцөлд хүрч энэ оны долдугаар сар хүртэл шатахууны үнэд өөрчлөлт оруулаагүйг уулзалтад оролцогчид онцолсон юм. Манай улс одоогоор шатахууны 30 хоногийн нөөцтэй байгаа аж. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас АИ-95, АИ-98 авто бензинийг ирэх сард нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн учир тухайн төрлийн бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын Чайна ойл компанитай хэлэлцээр хийж, АИ-95, АИ-98 бензин авахаар болсон байна. БНХАУ-аас импортлох АИ-95, АИ-98 авто бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй, чанарын хувьд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн байх юм. Манай улсын урд, хойд хөршийн иргэд нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч хэрэглэж байгаа аж. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгджээ. Жилд 1,5 сая тонн газрын тосны үйлдвэр баригдаж, 2024 онд ашиглалтад орох хүртэл Уул уурхайн яам, Сангийн яам хамтран шатахууны үнийг тогтвортой байлгах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгаа юм.

-ОПЕК ба газрын тосны нийлүүлэлт-

Англи, америкчууд OPEC-ийг Organization of Petroleum Exporting Countries гэж гол төлөв нэрлэдэг. Харин монголчууд ОПЕК-ийг Газрын тос экспортлогч орнуудын байгууллага хэмээн нэрийддэг. Товчхондоо, газрын тос олборлодог арабын, тэр дундаа булангийн 12 улсын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага гэж ойлгож болох талтай. Анх тус байгууллагыг Иран, Ирак, Кувейт, Саудын араб, Венесуэл зэрэг орны санаачилгаар байгуулжээ. Ингэхдээ Иракийн нийслэл Багдад хотод 1960 оны есдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд болсон бага хурлаар байгуулах шийдвэр гарсан аж. Харин 1965 оноос тус байгууллагын төв Вена хотод байрлаж, гишүүн орнуудын газрын тосны сайд нар уулздаг болжээ. Тэд гишүүн орнуудынхаа газрын тосны үнийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг явуулах, экспортлогч орнуудын газрын тосноос олох орлогыг хэвийн түвшинд байлгах зорилгоор хуралдаж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. 2020 оны байдлаар тус байгууллагад Алжир, Ангол, Габон, Иран, Ирак, Конго, Кувейт, Ливи, Нигер, Саудын Араб, Арабын нэгдсэн эмират улс, Венесуэл зэрэг улс нэгдэн орсон байв. Дээрх орнуудад дэлхийн газрын тосны нөөцийн 2/3 нь тогтоогдсон байдаг. Тэд энэ нөөцөөсөө газрын тос олборлож, дэлхийн нефтийн хэрэгцээний 40 хүртэл хувийг хангаж ирсэн. Харин тэдний дараагаар газрын тосны томоохон олборлогчид: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд 23,8 хувь, хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд 14,5 хувийг үйлдвэрлэдэг байгаа юм. Нэгэн үе дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 140 ам.доллараас 70 ам.доллар болж уруудав. Удалгүй 2008-11-04-ний өдөр дэлхийн зах зээлд нэг баррель газрын тос 59-63 ам.доллар болж уруудсан нь ОПЕК-ийн орнуудад хүндээр тусч байсан юм. ОПЕК-ийн орнууд төсвийн дийлэнх хувиа дэлхийн зах зээлд экспортолдог газрын тосны бүтээгдэхүүний орлогоос төвлөрүүлдэг. Тиймээс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ  унамагц ОПЕК-ийн орнууд нефтийн үнийг өсгөх зорилгоор олборлолтоо багасгах шийдвэрт хүрч байлаа. Газрын тосны нийлүүлэлт багасвал эрэлт ихэсч, үнэ нь өснө гэж үзсэнтэй холбоотой юм. Гэтэл эрэлт төдийлөн өссөнгүй. Дэлхий дахинаа санхүүгийн хямрал нүүрлээд байсантай холбоотойгоор ихэнх улсууд газрын тосоо хангалттай нөөцөлсөн тул эрэлт төдийлөн өссөнгүй. Мөн газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ багасч байсан нь эрэлт өсөхгүй байх бас нэг шалтгаан болж байлаа. Гэхдээ ОПЕК-ийн орнууд нефть олборлолтоо багасгасан учраас урт хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжгүйг ажиглагчид хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, улс орнуудын нефтийн нөөц багасмагц уг түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд эргэн өсч магадгүй гэж шинжээчид таамаглаж байсан юм. Тэр үед Монгол улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Энхбаяр: ОПЕК-ийн орнууд нефть нийлүүлэлтийн 25-30 хувийг хангадаг. Цаана нь ОПЕК-оос өөр газрын тос нийлүүлдэг маш олон орон бий. Тухайлбал, энд ОХУ-ыг нэрлэж болно. Эдгээр улсууд ОПЕК-оос хамааралгүй бодлого явуулж байгаа. ОПЕК нефть олборлолтоо буурууллаа ч гэсэн, наана ОХУ-аас газрын тос нөхөөд зах зээлд гаргачих бүрэн боломжтой. Дан ганц нефтийн зах зээл ОПЕК-оос 100 хувь хамааралтай биш. Тэгэхээр нефтийн зах зээлд 2009 онд айхтар өөрчлөлт гарна гэсэн таамаглал одоогоор алга. Гэхдээ 2009 оны таамаглалыг хэн ч хэлж мэдэхгүй. Ямар ч байсан 2008 онд газрын тосны үнэ өсөхгүй. Энэ бол ганц ОПЕК-оос хамаарах биш, олон улсын санхүүгийн зах зээл нефть олборлогч, чиглүүлж байгаа олон хүчин зүйлээс шалтгаална. Үүнийг төсөв хэлэлцэх явцад илүү тодотгоно гэсэн тайлбар өгч байсан юм. Хэдэн жилийн өмнө ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо багасгаж, нефтийн үнийг өсгөх бодлого баримталсан ч, манай улсад мэдрэгдэх нөлөөлөл нь бага хэмээн эдийн засагчид үзэж байлаа. Тухайн үед манай улс гол төлөв хойд хөршөөс импортолдог байсан. Тэгээд ч тэр үед хойд хөрш ОПЕК-ийн оронд ордоггүй байжээ. Тиймээс ОПЕК-ийн бодлого шийдвэр манайд нөлөөлөх нөлөөлөл нь бага хэмээн Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Энхбаяр хэлж байсан юм.

-ОПЕК газрын тосны нийлүүлэлтийг бууруулах замаар үнэ өсгөх бодлого явуулсан нь-

200810-12. Нефтийн үнэ огцом уруудсан учраас ОПЕК-ийн орнуудын ерөнхийлөгчид энэ өдөр олон улсын зах зээлд нийлүүлэх нефть бүтээгдэхүүнийг багасгах тухайгаа мэдэгдсэн. Гэсэн ч энэ шийдвэр төдийлөн нефть бүтээгдэхүүний үнийг өсгөхөд нөлөөлсөнгүй.

2008-12-27. ОПЕК мөн оны аравдугаар сард газрын тос олборлолтоо багасгах шийдвэрт хүрсэн ч, энэ нь төдийлөн үр дүн авчирсангүй. Нэг баррель газрын тосны үнэ 40 америк доллараас уруудсан учраас ОПЕК 2008-11-11-ны өдөр Алжирт болсон уулзалтаараа олборлолтоо өдөрт 2 сая баррелиар буулгах шийдвэрт хүрсэн юм. 

2009-0214. ОПЕК-ийн орнууд нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийг багасгах удаа дараагийн алхам авч хэрэгжүүлсэн ч энэ төдийлөн үр дүнд хүрэхгүй байлаа. Нефтийн гол хэрэглэгч улс болох АНУ-д 4,7 сая торх нефтийн нөөцтэй байсан учраас эрэлт бага байсаар байжээ.

2009-02-21. ОПЕК-ийн орнууд газрын тосны нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг нэмэгдүүлж, үнэ өсгөх зорилгоор 2008 оны эцэст нефть олборлолтоо хоногт 2 сая баррелиар бууруулсан. Тэд хоногт 27 сая баррель нефть олборлодог байснаа, 25 сая баррель болгож бууруулсан юм. Гэсэн ч, энэ нь үр дүнд хүрээгүй учраас 2009 оны гуравдугаар сарын 15-нд болох дээд хэмжээний уулзалтаараа нефть олборлолтыг дахин бууруулах тухай хэлэлцэхээр болсон юм.

2009-11 сард. ОПЕК дэлхийн нефтийн хэрэгцээний 40 орчим хувийг нийлүүлдэг. ОПЕК-ийн газрын тосны олборлолт 2009 оны арваннэгдүгээр сарын байдлаар хоногт 80 мянган баррелиар өсч, 28,8 сая баррельд хүрснээс тэд хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг болохыг харж болно.

2009-11-28. Энэ үеэр ОПЕК-ийн ерөнхийлөгч Васконцелос: Зах зээлд эрэлтээс давсан нийлүүлэлт байгааг дурдсан юм. Тухайн үед шинжээчид ойрын үед нефтийн эрэлт өсөх найдлага тун бага байгааг хэлж байлаа. Харин зарим ажиглагчид нефтийн эрэлт өснө гэцгээж байсан юм.

2010-02-19. Энэ үеэр ОПЕК-ийн гишүүн орон Алжир болон арабын зарим улсуудад төрийн эргэлт гарч болзошгүй гэх мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж байдаа. Энэ нь Ази европын холбосон сувейцийн суваг хаагдахад хүргэж, үүгээр тээвэрлэдэг нефтийн экспортод саад учирч болзошгүй гэж шинжээчид үзэж байсан юм.

2010-11-06. Америк болон Хятадад аж үйлдвэрлэл өссөнтэй холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдсэн байна. Энэ нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж зах зээл ажиглагчид үзэж байсан юм. ОПЕК-ийн шинжээчид цаашид нэг баррель газрын тос 90 ам.долларын дундаж ханштай байна гэсэн таамаг дэвшүүлэв. 

2011-01-08. 2012 оны эхний хагаст нэг баррель газрын тос 100 долларт хүрч, мөн оны сүүлчээр нэг баррель газрын тос 120 ам.долларт хүрэх төлөвтэй байгааг шинжээчид хэлж байлаа. Газрын тосны үнэ өсөх төлөвтэй байсан учраас ОПЕК 2012 оны эхний хагасаас олборлолтоо өсгөж магадгүй гэж мэргэжилтнүүд тооцоолж байлаа.

-Газрын тостой холбоотой зарим сонирхолтой тоо баримт-

2009-12-19. Тариа, ногоо хураалтын үед хамгийн их эрэлттэй байдаг шатахуун бол дизелийн түлш юм. Манай улсын нийт шатахууны хэрэглээний тал хувийг дизелийн түлш эзэлдэг гэх судалгаа ч бий. Нэг ёсондоо, эрэлттэй бензинд дизелийн түлш зүй ёсоор ордог юм. Мөн манай улсад өвлийн дизель түлш жил бүрийн аравдугаар сараас хойш импортоор орж ирдэг билээ.

201002-19. Египтийн ерөнхийлөгч Хосни Мубарак албан тушаалаасаа огцрох үеэр брент төрлийн түүхий нефть экспортолдог Александра, Дамиетта боомтууд хэвийн ажиллаж эхэлсэн байдаг. Ингэснээр брент төрлийн нефтийн экспорт цаашид хэвийн явагдаж, энэ төрлийн түүхий эдийн үнэ буурна гэж ажиглагчид үзэж байсан юм.

2010-06-02. Мексикийн буланд нефть асгарч, энд олборлолт хийдэг Бритиш Петролеум компани багагүй арга хэмжээ авсан ч, нефтийн цооногоос газрын тос шүүрсээр байлаа. Мексикийн тохойд нефть асгарсанаас болоод, Луизиана мужийн тэр хэсэг бүхэлдээ экологийн сүйрэлд орох нь гэж дэлхийн нийтээр сандарч байлаа. Үүнээс болоод тухайн үед нутгийн иргэд, тэр дундаа Луизиана мужийн мянга шахам загасчин ажлын байргүй болсон юм. 

2011-01-08. Европын холбоо, Хятад, Энэтхэг, Япон газрын тосны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тэр дундаа дэлхий нийтийн олборлож үйлдвэрлэдэг газрын тосны дийлэнхийг америкчууд хэрэглэдэг юм. Тиймээс америкт газрын тосны хэрэглээ нэмэгдвэл дэлхийн зах зээлд уг түүхий эдийн үнэ өсдөг. Америкт газрын тосны хэрэглээ буурвал дэлхийн зах зээлд уг түүхий эдийн үнэ буурахад нөлөөлдөг тал бий. 

-ОХУ-ын төсвийн орлогын 50 орчим хувийг нефть олборлогч компаниуд дангаараа бүрдүүлдэг байна. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын сангийн сайд асан Кудрин дэлхийн зах зээлд нефтийн ханш 60-70 доллар болж уруудвал тус улс нөөц мөнгө рүүгээ шилжинэ гэж мэдэгдэж байсан билээ. Гэтэл удалгүй дэлхийн зах зээлд нефтийн ханш 60 ам.доллараас доош уруудсан юм. 

-Нефтийн үнийн цунами үүссэн тохиолдолд монгол улсын гадаад валютын нөөц багасах магадлал өндөр байдаг. Цаашлаад гадаад худалдааны алдагдал нэмэгдэх хандлага өндөр байдаг юм. Тухайлбал, газрын тосны бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлд өсвөл манай улсын гадагшаа урсгах валютын хэмжээ нэмэгдэх замаар, гадаад худалдааны алдагдал нэмэгдэх магадлал өндөр байдаг юм.

-Гадаад зах зээлд нефтийн ханш өсвөл дэлхийн агаарын тээврийн компаниудын хувьцааны ханш гол төлөв унах тохиолдол олонтаа тохиолдож байжээ. Газрын тосны үнэ өсөхөөр агаарын тээврийн компаниудын зардал тэр хэрээр өсч, ашиг нь буурдаг учраас тэр юм. Тиймээс дэлхийн агаарын тээврийн компаниуд ямагт газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа онгоцны түлшний үнийг анхааралтай ажигладаг байна.

-Газрын тосны бүтээгдэхүүний спот ба форвард хэлцэл-

Дэлхий дахинаа 60 гаруй төрлийн нефть байдаг. Үүнээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь Техасын WTI бол, үүний дараа хойд тэнгисийн Brent төрлийн нефть ордог юм. Нэгэн үе нэг баррель нефть 147 америк долларт хүрч байсан билээ. Харин удалгүй дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөж, хэрэглээ багассанаас шалтгаалж, нефтийн үнэ дэлхийн зах зээлд 3.7 дахин буурч, 39 долларт хүрсэн тал бий. Харин 2009 оны тавдугаар сараас хойш хоёр сарын хугацаанд уг түүхий эдийн бага зэрэг өсч, нэг торх түүхий нефть 58 ам.доллар болов. Нефтийн үнэ бага зэрэг өссөн нь бүтээн байгуулалтын улирал эхэлж, уг түүхий эдийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэж дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш энэ мэт эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалаад байнга хэлбэлзэж байдаг. Дэлхийн зах зээл дэх нефтийн ханшийн ийм хэлбэлзэлтэй үед спот болон форвард хэлцэл хийх замаар эрсдэлээс хамгаалж болдог. Ер нь дэлхийн зах зээлд ямар ч бараа, түүхий эд, валютыг спот болон форвард гэсэн хоёр үнээр худалдаалдаг. Спот нь өнөөдрийн үнэ ханшийг илэрхийлдэг бол, форвард нь ирээдүйн ханшийг тодорхойлж байдаг юм. Нефтийн үнэ өнөөдөр хямд байгаа ч, цаашид өсөх төлөвтэй байвал, худалдан авагчид хоёр сарын дараа өнөөдрийн үнээр төчнөөн мянган баррель газрын тос худалдаж авна гэж гэрээ байгуулж болдог гэсэн үг. Өнөөдрийн үнэ цэнээр гэрээний хугацаанд нийлүүлэгдэх түүхий эдийн үнийг форвард гэж нэрлэдэг байна. Үүнийг энгийнээр тайлбарлахын тулд нефтийн ханшийн өсөлт, бууралтыг ашигласан болно.

-Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо-

2022.09.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газрын ээлжит хураалдаан болж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар болов. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч Ренова илч, Номгон IX талбайн гэрээлэгч Өмнөд  Монголын газар нутгийн тос, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч Монголиа шин ий энержи, XXVIII талбайн гэрээлэгч ХонКонг Вэлпэк Индастриал ХХК-тай Газрын тосны газрын 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд даалгасан байна. 

Translate