Барилга sale үзэсгэлэн…
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалж барилгын салбар санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орсноор ажил нь зогсонги байдалд ороод удаж байна. Салбар хариуцсан яам нь тодорхой арга хэмжээ авахыг хичээж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор чуулга уулзалт зохион байгуулсан ч, хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлсэн газар нэг ч алга. Барилгын салбарын энэ хүнд үед компаниуд буулт хийж, орон сууцны үнийг буулгах хэрэгтэй гэдгийг салбарын яамныхан болон эдийн засагчид хэлж байлаа. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны хийсэн судалгаагаар орон сууцны нэг метр квадратыг 650-700 ам.доллараар борлуулах боломжтой гэсэн судалгаа гарчээ. Хэрэв ашиг бага харж, орон сууцаа эргэлтэд оруулахыг хүсвэл 500 гаруй ам.доллар руу оруулах боломжтой гэж тооцож байгаа юм. Үүнийг зарим компани хүлээн зөвшөөрч, орон сууцны үнийг нэгэн зэрэг хямдруулжээ. Тэх барилгын материалын худалдааны төвд Барилга-sale орон сууцны үзэсгэлэн худалдаа 2009 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохиогдож, үүнд 130 гаруй барилгын компани оролцсон байна. Дельта констракшн, Хар дизайн, Эко констракшн зэрэг компаниуд орон сууцны үнээ 10-25 орчим хувиар хямдруулжээ. Энэ нь ойролцоогоор 750 орчим ам.доллар болж байгаа юм. Тэгвэл 2100 ам.долларын үнэтэй хотын А зэрэглэлийн бүсэд байрлах орон сууц хямдраад 1700 ам.долларын үнэтэй болжээ. Эхлээд 50 хувиа төлсөн тохиолдолд банкны зээлд хамрагдах боломжтой. Зээлийн хүү сарын 2 хувь байгаа аж. Сүүлийн саруудад валютын ханш тогтворжсон тул орон сууцны тооцоог төгрөгөөр хийх боломжтой гэдгийг хэлсэн. Холбогдох албаны хүмүүс нэг метр квадрат орон сууцны бодит өртөг 650 ам.доллар болдог гэж ярьдаг. Тиймээс Барилга-sale үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчид барилгын компаниуд орон сууцны үнээ 30 хувиар хямдруулсан. Тэгэх шаардлага тавьсан тухай ярьж байсан юм. Энэ дагуу орон сууцны үнэ хямдарсан аж. Барилгын зарим компани орон сууцны үнийг хямдруулж хямралтай тэмцэж байна. Энэ бол нэг хувилбар. Өөр бусад асуудлаар тус салбарынхантай ярилцсан юм.
-Барилгын салбарыг хямралаас гаргах өөр боломж байна уу?
-Тийм ээ. Энэ бол зөвхөн барилгын салбарынханаас гаргаж буй нэг л санаачилга. Үүнд төр засаг анхаараад, бидний байнга ярьдаг урт хугацааны барьцаат зээл буюу үнэт цаасны хоёр дахь зах зээлийг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй. Эрх зүйн орчинг бүрдүүлж, хуулийг нь батлаад гадаад зах зээлээс жилийн 6-8 хувийн хүүтэй, 25-30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл оруулж ирэх хэрэгтэй. Ингэж барилгачдын санаачилга, Засгийн газрын бодлого хоёр нийлэх юм бол ард түмнийг хямд өртөгтэй орон сууцаар хангаж болно. Учир нь төр засгаас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах бодлого явуулж байгаа. Бага, дунд орлоготой иргэд гэдэг нь төрийн албан хаагч, залуучууд, ахмад настан гээд жирийн хөдөлмөрчин ард иргэд юм. Тэднийг орон сууцаар хангахад барилгачид санаачилга гаргаж байна. Үүнийг төр засаг дэмжих л үлдлээ.
-Хөнгөлөлттэй зээл оруулж ирэх орчныг бүрдүүлж, барилгын салбарт нэвтрүүлэхэд ямар хугацаа шаардагдах бол?
-Эхлээд УИХ-аар Ипотекийн хуулийг батлах хэрэгтэй. Ингээд гадаад зах зээл дээр барилгын салбарт хөрөнгө хуримтлуулах талаар сурталчлах ёстой. Энэ бүхнийг хийхэд хагас жил болох байх.
-Үзэсгэлэнд оролцож, орон сууцны үнийг хямдруулж байгаа газар барилгын компаниудын 10 хүрэхгүй хувийг эзэлж байна. Үлдэж байгаа 90 гаруй хувь нь орон сууцны үнийг хямдруулах бодолгүй байна гэж ойлгож болох уу?
-Үлдсэн компаниудын зарим нь үнэ буулгах сонирхолтой байгаа байх. Нөгөө хэсэг нь хямдруулах хүсэлгүй ч байж болно. Энэ нь ажлынхаа явцаас шалтгаалж байна. Жишээ нь ажлынхаа 10-20 хувийг хийсэн компани үнэ буулгахгүй. Тэгвэл барилгын 80-90 хувийг гүйцэтгэж, ашиглалтад өгөх гэж байгаа компани олон бий. Тэнд мөнгө их хэмжээгээр түгжигдсэн. Тиймээс дээрх компаниуд үнэ буулгаж, бушуухан шиг орон сууцаа эргэлтэд оруулах сонирхолтой байгаа.
-Танай холбоо Барилгын үндэсний ассоциацитай хамтарч ажилладаг уу?
-Барилгын үндэсний ассоциаци Монголын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон хөрөнгө оруулагч компаниудыг нэгтгэсэн. Томоохон компаниуд хөрөнгө санхүүгээрээ нэгдэж, үйл ажиллагаа явуулж байгааг дэмжиж байна.Б