11 сар 17, 2024

Зэсийн экспорт 112,4 хувийн гүйцэтгэлтэй байна…

2021.12.21. Улаанбаатар. Манай улс 2021 оны төсвийн тодотголоор 28,686.8 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч, цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт татарч оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мянган тонн нүүрс экспортлоод байгаа нь 54.4 хувийн биелэлттэй байна.

Харин 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол, оны эхний 11 сарын байдлаа 1,256.7 мянган тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө давж биелжээ.

Төмрийн хүдрийн баяжмалын тухайд оны эхний 11 сарын байдлаар 88.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл Монголбанк дээрх хугацаанд 20 тонн алт худалдан авснаар төлөвлөгөө 100 хувь биелжээ.

2021 оны төсвийн тодотголоор 5,471.0 мянган баррель газрын тос экспортлохоор төлөвлөсөн бол, гүйцэтгэл 79.5 хувийн биелэлттэй байна. Цайрын хүдрийн баяжмалын хувьд 94.5 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт 89 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.