11 сар 17, 2024

Халагтай хадгаламж зээлийн хоршоод…

Хоршооны тухай хуульд 1998 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хадгаламж зээлийн байгууллага хоршооны төрөлд багтахаар болсон билээ. Энэ үеэс иргэд хамтран хадгаламж зээлийн хоршоо байгуулж санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Харамсалтай нь хадгаламж зээлийн хоршоо байгуулахад дүрмийн сангийн хэмжээ заагаагүй тул ийм чиглэлийн байгууллага 2000 оноос хойш борооны дараах мөөг шиг олширч, арилжааны банкуудаас өндөр хүү амлан мөнгө татаж эхэлжээ. Тухайн үед арилжааны банкуудын хадгаламжийн хүү сарын 1 хувь байхад, Хадгаламж зээлийн хоршоод 3-4 хувийн хүү амлаж байжээ. Ийнхүү өндөр хүү амласан учир хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулах хүмүүсийн тоо ихэссэн гэдэг. Тиймээс тус салбарыг хянуулахаар 2005 оны арваннэгдүгээр сарын 17-нд Санхүүгийн зохицуулах хороог шинэчлэн байгуулжээ. Харин удалгүй тус хороо чадамжгүй гэх хоршоодыг дампууруулах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, 2006 он хавьцаа 22 хадгаламж зээлийн хоршоо дуу дуугаа авалцан, шил шилээ харан дампуурав. Тэдэнд мөнгөө хадгалуулсан 8200 гаруй иргэн 70 орчим тэрбум төгрөгөөрөө хохирсон гашуун түүх бий. УИХ-аас гаргасан ухаалаг бус шийдвэрийн гайгаар буюу парламентын гишүүд Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль батлан гаргахдаа тэдэнд хуулийн цоорхой гаргаж өгсөн нь араасаа ийм асуудал дагуулсан хэрэг. Тухайлбал, банк байгуулахад 8 тэрбум, банк бус санхүүгийн байгууллага байгуулахад 200 сая төгрөгийн дүрмийн сантай байх шаардлагатай. Гэтэл хадгаламж зээлийн хоршоо байгуулахад дүрмийн сангүйгээр шахуу санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх хуулиар олгосон аж. Тиймээс эрсдэлээ даах дүрмийн сангүй хадгаламж зээлийн хоршоод дампуурч олон мянган иргэн хохирсон гэлцдэг юм. Тэд төрөөс мөнгөө нэхэж, жагсаал цуглаан зохиож, талбай дээр суулт хүртэл хийж байлаа.

Тиймээс хохирлын 50 хувийг төрөөс барагдуулах шийдвэр гарч, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 33 тэрбум төгрөг тухайн үед гаргасан юм. Хадгаламж зээлийн хоршооны хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраар дамжуулан 2008 оноос олгож эхэлсэн байдаг. Үүгээр 6500 хүний хохирлыг тал хувийг барагдуулсан болохыг албаныхан хэлдэг билээ. Анх 22 хадгаламж зээлийн хоршоо дампуурсан бол, хохирол барагдуулах явцад 29 болж өссөн байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраар дамжуулан олгосон 33 тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүйд хүрч, 1700 хүн хохирлынхоо 50 хувийг авч чадаагүй хоцорсон аж. Тиймээс хоцорсон хүмүүсийн хохирлыг барагдуулахын тулд 4 тэрбум төгрөг нэмж төсөвлөж, 2 тэрбумыг нь хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанд байршуулжээ. Үүгээр хоцорсон хүмүүсийн хохирлын 50 хувийг олгожээ. Тэр үеийн Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны тэргүүн дэд дарга н.Батсайхан: ердөө 700 гаруй хүн хохирлынхоо тал хувийг аваагүй болохыг хэлж байлаа. Зарим хадгаламж зээлийн хоршоодын хэрэг маргаантай  байсан учир хохирогчдын тоонд оруулаагүй аж. Хэрэв тэднийг нэмж тооцвол 830 гаруй хүн хохирлынхоо тал хувийг аваагүй тооцоо тухайн үед гарч байлаа. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахаар улсын төсвөөс эхлээд гаргасан 33 тэрбум төгрөг, дараа нь гаргасан 2 тэрбум төгрөг, нийт 35 тэрбум төгрөгийг улс эргүүлэн авах ёстой. Гэтэл, Хадгаламж зээлийн хоршоодын барьцаанд байсан эд хөрөнгийг худалдаж ердөө 12.5 тэрбум төгрөгийг улсад буцааж өгсөн. Үлдэх мөнгийг улсад төвлөрүүлэхээр ажиллаж байгаа ч, хүндрэл гарч байсан болохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын харьяа Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны тэргүүн дэд дарга н.Батсайхан хэлж байв. Цоорхойтой хууль баталж иргэдийг хохироодог. Тэдний хохирлыг төсвөөс барагдуулдаг ч, үүнийгээ буцааж улсад тушааж чаддаггүйн нэгээхэн жишээ энэ болсон юм.