12 сар 6, 2024

Дэлхийн валютуудын ханш…

-Хятадын юанийн ханш яагаад сул байж ирсэн бэ-

Хятадын юанийн ханш долларыг эсрэг үеийн үед сул байж ирсэн. Хятадууд үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зориудаар сул байлгадаг болохыг дэлхийн эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, хятадын юанийн ханш сул байх тусам, тус улсын үйлдвэрлэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэсэн үг юм. Энэ хэрээр хятадын бараа бүтээгдэхүүн дэлхийн улс орнуудынхаас илүүтэй борлогдоно гэж тооцоолж, юанийн ханшаа сул байлгадаг байх талтайг мэргэжлийн хүмүүс хэдэн жилийн өмнө хэлж байлаа. Ер нь хятадууд юанийн ханшаа бодит ханшаас 40 хувиар доогуур тогтоосон гэж үзэх нь бий. Энэ нь хятадын үйлдвэрлэгчдэд сайнаар нөлөөлдөг хэдий ч, бусад экспортлогч орнуудад сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байгаа юм. Хятадын бараа хямд учир америкийн бүтээгдэхүүнийг худалдаж авах улс орнууд хумигдаж байсан гэж ойлгож болох талтай. Тиймээс америкчууд 2010 оны зургаадугаар сард юанийн ханшаа зах зээлийн бодит ханшид ойртуулах буюу чангаруулахыг хятадуудаас шаардаж байсан гэдэг. Тухайлбал, Их-20-ын сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын Сангийн сайд Тэмоти Гайтнер хятадыг юанийн ханшаа өсгөхийг анхааруулсан байдаг. Харин хятадууд үүнийг бараг хүлээн аваагүй буюу юанийн ханшийг ердөө 2,6 хувиар өсгөсөн байгаа юм. Энэ нь хангалтгүй үзүүлэлт байсан учир АНУ-ын Сангийн сайд Тэмоти Гайтнер Их-20-ын сайд нарын уулзалтын үеэр юанийн ханшаа чангаруулахыг дахин шаардсан байгаа юм. Үүнийг хятадууд хүлээн авах эсэх нь тухайн үед тодорхойгүй байсан ч, их-20 уулзалтын үеэр тодорхой болно гэсэн хүлээлттэй байв. Гэхдээ шинжээчид юанийн ханш сул байх нь хятадын үйлдвэрлэгчдэд ашигтай учраас америкийн шаардлагыг хүлээн авахгүй гэж үзэж байлаа. Хэрэв хятадууд юанийн ханшаа бууруулахгүй бол америкчууд сөрөг арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан талтай. Тухайлбал, хятадууд юанийн ханшаа чангаруулахгүй бол тус улсын АНУ руу экспортолдог бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг өсгөнө гэж мэдэгдэж байсан юм. Харин үүнийг хятадууд ажирсангүй. АНУ-ын гадаад зах зээлд худалддаг Засгийн газрын бондын дийлэнх хувийг хятадууд худалдан авдаг учраас тэр юм. Америкчууд хятадаас экспортолж байгаа бараа, таваарын экспортын татварыг нэмэгдүүлвэл, хятадууд АНУ-ын засгийн газрын бондыг худалдаж авахгүй байх хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан юм. Ийнхүү америкчуудын хятадын юанийн ханшийг буулгах бодлого бүтэлгүйтэх талдаа орж, эцэстээ америкчууд өөрсдөө хятадуудтай ижил бодлого явуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, америкчууд хятадууд шиг мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулах бодлого явуулж эхэлсэн гэдэг. Ингэхдээ тус улсын холбооны нөөцийн банк Кю Е-2 хэмээн нэрлэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгөний бодлогоо тэлэх арга хэмжээ авч байлаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго 1 их наяд доллар шинээр хэвлэж, зах зээлд нийлүүлэх замаар АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогийн хүүг бууруулах бодлогыг 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байсанд оршиж байсан гэдэг. АНУ-ын төвбанкны бодлогын хүү буурч, зах зээл рүү их хэмжээний доллар нийлүүлэгдвэл, тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш буурна. Энэ үед тус улсын үйлдвэрлэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүн экспортолвол, өрсөлдөх чадвар нь нэмэгдэж хөл дээрээ босно. Үйлдвэрлэл сэргэвэл ажлын байр нэмэгдэнэ гэж АНУ-ын эрх баригчид үзэж байсныг нуух юун. Үүний нөлөөгөөр 2009 оны өвөл 0,76 евротой тэнцэж байсан америк доллар 2010 оны намар 0,73 евротой тэнцэж эхэлсэн юм. Үүнээс хойш долларын ханш дахин сулрах төлөв ажиглагдаж байв. АНУ-ын нөөцийн банк 2010 оны 11, 12 саруудад ам.долларын ханшийг сулруулах шинэ арга хэмжээ авахаа мэдэгдсэн учраас тэр юм. Энэ нь ам.долларын ханшийг бууруулах томоохон мэдээлэл тухайн үед болж байсан билээ. 

-Цагаан сар дөхөж юанийн эрэлт нэмэгдэв-

2009.01.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Сүүлийн үед юанийн ханш огцом чангарах боллоо. Монголбанкны мэдээгээр юанийн ханш өнгөрсөн долоо хоногоосоо 2 төгрөгөөр чангарсан бол, өнгөрсөнсараасаа 18 төгрөгөөр чангараад байна. Өчигдөр монголбанк нэг юанийг 202 төгрөгийн ханшаар зарласан бол, арилжааны банкууд тус гадаад валютыг 206 төгрөгөөр авч, 220 төгрөгөөр худалдаалж байсан юм. Юанийн ханш сүүлийн үед огцом чангарах болсон нь тус гадаад валютын эрэлт ихэсч байгаатай холбоотой юм. Товчхондоо удахгүй цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор юанийн эрэлт өмнөхөөсөө нэмэгдсэн байна. Тус гадаад валютын ханш цагаан сарын дараа эргэн тогтворжино гэдгийг албаны хүн хэлж байна. Юанийн ханш цагаан сарын дараа эргэн буух төлөвтэй байгаа бол, долларын ханш сулрах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь манай улсын гадаад худалдаа 1 тэрбум америк долларын алдагдалтай гараад байна. Үүнтэй холбоотойгоор гадаад валютын албан нөөц багасах хандлагатай байгаа юм. Өнөдөөр манай улсын засгийн газар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, нөгөөтэйгүүр төсвийн алдагдалд дутагдаж байгаа мөнгийг нөхөх зорилгоор Олон улсын валютын сан болон бусад хандивлагч улсуудаас 700 орчим сая америк долларын зээл авахаар төлөвлөж байна. Хэрэв гаднаас зээл авч чадвал, манай улсад гадаад валют орж ирж, үүнийгээ дагаад америк долларын ханш тогтворжих магадлалтай байгаа юм. Арилжааны банкууд өчигдөр нэг америк долларыг 1415 төгрөгөөр худалдан авч, 1460 төгрөгөөр худалдаалж байсан юм. Тэгвэл Монголбанкны мэдээгээр өчигдөр нэг америк доллар 1381 төгрөг, евро 1807 төгрөг, английн фунт стерлинг 1948, японы иен 15 төгрөг, оросын рубль 39 төгрөгийн ханштай байлаа. Сүүлийн үед юанаас гадна, евро, английн фунт стерлингийн ханш чангарч байна. Тодруулбал, еврогийн ханш өнгөрсөн сараасаа 6 төгрөгөөр, английн фунт стерлингийн ханш 84 төгрөгөөр чангарсан байна. Ханш нь унаж байгаа гадаад валютад оросын рубль тооцогдож байгаа юм. Монголбанкны мэдээгээр рублийн ханш өнгөрсөн сараасаа 4 төгрөгөөр суларсан байна. Дэлхий дахинаа нефтийн эрэлт бага байгаатай холбоотойгоор хар алтны үнэ эргэн сэргэхгүй байна. Өчигдөр Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг торх түүхий нефть 41-45 америк долларын ханштай байлаа. Хар алтны ханш унасан хэвээр байгаа бол, шар металлын үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэллээ. Нью-Йоркийн металлын бирж дээр өчигдөр нэг унци алт 904 америк долларын ханштай байсан юм. Энэ нь нэг унци алт өнгөрсөн долоо хоногоосоо 54 америк доллараар чангарсан үзүүлэлт юм. Дэлхий дахинаа санхүүгийн хямрал болж байгаатай холбоотойгоор алтанд хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нэг унци алтны ханш 1000 америк доллараас дээш давж магадгүй тухай шинжээчид таамаглаж байна. Дэлхийн зах зээлд алтны ханш өссөн бол, манай дотоодын зах зээлд мөн тус металлын ханш чангарчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монголбанк нэг грамм алт 37 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол, одоо 39 мянган төгрөгөөр худалдан авч байна.                                                   

-Хятад АСЕАН-тай юаниар худалдаа хийхээр болсон нь бусад валютад хэрхэн нөлөөлсөн бэ

БНХАУ АСЕАН-ны орнуудтай чөлөөт бүсэд худалдаа хийхээр болсон тухайгаа 2009 оны наймдугаар сарын 5-ны өдөр дэлхий нийтэд зарлаж байлаа. Харин чөлөөт бүс 2009 оны наймдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн байдаг. Чөлөөт бүс байгуулсан нь тус улсын эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй хэмээн үзэх хүмүүс байх нь байсан. Хятадууд жимсний хэрэглээнийхээ 30 хувийг Наньнин боомтоор АСЕАН-ы орнуудаас авдаг байна. Чөлөөт бүсээр жимс жимсгэнэ гаалийн татваргүй орж ирэх бололцоо нээгдсэнээр уг төрлийн бүтээгдэхүүний үнэ 20 хүртэлх хувиар буурахад нөлөөлсөн байх жишээтэй. Энэ мэтчилэн АСЕАН-ны орнуудын 7000 нэр төрлийн бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд худалдаалж эхэлсэн байгаа юм. Тухайн үед хамгийн анхаарал татаж байсан нэг асуудал бол чөлөөт бүсийн гол валют нь хятадын юань байх юм гэж мэдэгдэж байв. Хятадын юанийн ханш тогтвортой, хөрөнгө оруулагчдын юаньд итгэх итгэл өндөр байснаас үүдэж уг валютаар чөлөөт бүсэд худалдаа хийхээр болсон гэгдэж байлаа. Дашрамд дурдахад, тухайн үед АСЕАН-д Бруни, Индонези, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд зэрэг 10 гаруй улс багтаж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Энэ бүс нутагт 2 гаруй тэрбум хүн амьдардаг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 6 их наяд ам.доллараар хэмжигдэж байлаа. Тиймээс өмнөд азийн бүсийн дээрх орнууд дэлхийн томоохон худалдааны зах зээлд тооцогддог байна. Ийм учраас БНХАУ АСЕАН-ны орнуудтай чөлөөт бүсэд, тэр дундаа юанаар худалдаа наймаа хийхийг илүүд үзсэн хэрэг биз. Чөлөөт бүсийн худалдааны төлбөрийн хэрэгсэл нь доллар биш, юань гээд боддоо. Энэ нь америк долларын ханшид сөргөөр нөлөөлнө гэж үзэх эх сурвалж цөөнгүй байсан юм. Нэг ёсондоо, америк долларын эрэлт буурч, тэр хэрээр ханш нь унана гэж үзэх хүмүүс цөөнгүй байсан юм. Хэдийгээр ийм мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж байсан ч, америк доллар байр сууриа тийм ч амар тавьж өгсөнгүй. Дэлхийн зах зээлд америк долларын ханш харьцангуй тогтвортой байлаа. Нэгэн үе 0.67 евротой тэнцэж байсан америк доллар 0.70 евротой тэнцэж байх жишээтэй. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ чангалж, зах зээл дээрх америк долларын хэмжээг бууруулах бодлого явуулж магадгүй гэсэн хүлээлт байсан нь америк долларын ханш өмнөхөө бодвол бага зэрэг сэргэхэд нөлөөлсөн гэж дүгнэж болохоор. Ер нь гадаад зах зээлд америк долларын ханш 2009 оны эхний зургаан сард чангарна. Харин 2009 оны сүүлийн хагаст олон улсын төвбанкууд валютын нөөцөө америк доллараас шилжүүлэх учраас уг валютын ханш буурна гэж шинжээчид үзэж байсан цаг үе юм. Холбооны нөөцийн банк 2009 онд бодлогын хүүгээ нэмнэ гэсэн хүлээлт байв. Хэрэв тэд бодлогын хүүгээ нэмэгдүүвэл 1 ам.доллар 90 иентэй тэнцэнэ гэсэн хүлээлт Японы эдийн засагчдын дунд байсан нь нууц биш. Хэдийгээр ийм хүлээлт байсан ч тухайн үед дэлхийн зах зээлд 1 ам.доллар 93 центтэй тэнцэж байсан юм. Япон 2009 оны төсвөө өмнөх оноос нь 3,8 их наяд иенээр нэмэгдүүлж, 92 их наяд 300 тэрбум иен байхаар баталсан байдаг. Үүний 44,3 их наяд иенийг дефляци буюу үнийн бууралтад зарцуулахаар төлөвлөж байсан гэдэг.

-Хятадын экспорт, импорт, инфляциас юанийн ханш хэрхэхийг таамаглаж болно-

Хятадын гаалийн газраас гаргасан судалгаагаар тус улсын экспорт 2009-06-12-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэсээ 48.5 хувиар өссөн үзүүлэлт гарч байлаа. Хятадууд 2009 оны тавдугаар сард 20 тэрбум долларын өртөг бүхий бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлсэн байгаа юм. Энэ нь өмнөх сараасаа 1,7 тэрбум доллараар өссөн үзүүлэлт байв. Хятадын худалдааны томоохон түншлэгч орнуудад АНУ, Европын холбоо, Япон зэрэг улсууд багтдаг. Тухайн үед европын холбооны улсуудын эдийн засаг хүнд байснаас тэдний хятадаас импортлох бараа таваарын хэмжээ буурч байсан цаг үе юм. Хэдийгээр тийм ч, Америк болон Японд хятадын бараа, таваарын эрэлт их байсан тул урд хөршийн экспорт өссөн үзүүлэлттэй гарсан нь энэ. Хятадын дэлхийн зах зээлд экспортлох бараа, таваарын хэмжээ цаашид өссөөр байвал, юанийн ханш чангарах аюул араасаа дагуулж мэдэхээр байжээ. Өөрөөр хэлбэл, хятадын дэлхийн зах зээлд нийлүүлсэн бараа, таваарын оронд тус улсад гадаад валют их хэмжээгээр орж ирнэ. Гадаад валют олширвол, хятадын юанийн ханш чангарах магадлалтайг эдийн засагчид хэлж байсан юм. Хятадын зарим ажиглагчид манай улсын экспорт цаашид нэмэгдэнэ. Энэ нь юанийн ханш чангарахад нөлөөлнө гэж үзэж байлаа. Тэгвэл зарим шинжээчид хятадын экспорт өссөн ч, импорт нь экспорттойгоо ижил түвшинд байгаа. Энэ нь юанийн ханш огцом чангарахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байв. Хятадын импорт өсч, гаднаас орж ирсэн валютаа эргүүлээд гадагшаа урсгах учраас ийм дүгнэлт хийсэн биз. Тиймээс хятадын юанийн ханш цаашид өсөх эсэх нь хятадын импортоос шалтгаална гэж үзэх хүмүүс цөөнгүй байлаа. Тодруулбал, тухайн үед хятадын экспорт, импорт бараг ижил түвшинд байсан юм. Урд хөршийн экспорт 2009-06-12-нд өнгөрсөн оны мөн үеэсээ 48.5 хувиар өссөн бол, импорт нь 48.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байх жишээтэй. Ийнхүү экспорт, импортын хэмжээ нь ижил түвшинд явсан тул ойрын хугацаанд юанийн ханш огцом өсч, буурахгүй гэсэн дүгнэлтийг зарим шинжээчид тухайн үед хийж байсан юм. Харин зарим ажиглагчид инфляци өсч байсантай холбоотойгоор юанийн ханш буурна гэж үзэж байв. Хятадад тухайн үед хүнсний бүтээгдэхүүн, байгалийн хий, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүчний дамжуулалтын зардал өсч байлаа. Үүнтэй холбоотойгоор тус улсад инфляци жилийн 3.1 хувьд хүрээд байсан юм. Энэ нь юанийн ханш тэр хэмжээгээр унасаныг илтгэж байсан билээ.

-Хямралаас хойш хятадын юанийн ханш хоёр дахин өсөв-

Монголбанк америк долларын эрэлт, нийлүүлэлтийг үндэслэж уг валютын албан ханшийг тогтоодог. Давхар гадаад зах зээл дэх ханшийг харгалзаж үздэг юм. Өөрөөр хэлбэл, төв банкнаас валютын албан ханшийг зарлахдаа олон хүчин зүйлийг харгалзаж үздэгийн нэг нь дэлхийн зах зээлийн ханш гэж ойлгож болно. Төвбанк яг ямар аргачлалаар ханшаа тооцож зарладаг нь мэдээж нууц байх. Гэхдээ төвбанкнаас зарласан америк долларын албан ханшид дэлхийн зах зээл дээрх юанийн ханшийг хувааж, дотоодын зах зээлд хятадын мөнгөн тэмдэгтийн албан ханш ямар байхыг гол төлөв зарладаг мэт. Тухайлбал, 2021.11.28-нд төвбанк 1 USD=2,849.30 MNT албан ханшаар зарлажээ. Харин Reuters агентлагийн мэдээгээр дэлхийн зах зээлд 1 USD = 6.39 CNY тэнцэж байлаа. Монголбанкнаас зарласан ам.долларын 2,849.30 төгрөгийн албан ханшийг дэлхийн зах зээлд дээрх юанийн 6.39 ханшид хуваахад 445.8 төгрөг гарч байгаа биз. Тэгвэл төвбанк 2021.11.28-нд хятадын юанийг 446.12 төгрөгийн албан ханшаар зарлажээ. Энэ аргачлалаар тооцвол ялимгүй зөрүү гардаг ч, ам.долларын албан ханшийг дэлхийн зах зээлийн бусад валютын ханшид хуваавал дотоодын зах зээл дэх бусад валютын ханш ойролцоо гардаг нь нотлогддог юм. Монголчуудын хувьд эрэлттэй валютын тоонд хятадын юань орох нь зүй ёсны асуудал. Сүүлийн жилүүдэд манай улсын экспорт, импортын дийлэнх нь урд хөрштэй хийгдэж байгаа учраас тэр юм. 2008-2009 оны хямралын үед их үсрээд 200 гаруй төгрөгийн ханштай байсан хятадын юань, одоо 400 төгрөг давсан байгааг эндээс харж болно. Тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сүүлийн арван жилийн дотор дотоодын зах зээлд хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь энэ. Тэр үеийн Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ганзориг: Урд хөршид сүүлийн үед эдийн засаг нь хурдацтай өсч байгаа. Эдийн засаг нь өссөөр байвал энэ улсын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ яваандаа өснө. Тэр цагт бид хятадаас өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн импортлох шаардлага тулгарна. Энэ нь эцэстээ хятадаас инфляци импортлоход хүргэж, төгрөгийн ханш унаж, тэр хэмжээгээр валютын ханш өсөхөд нөлөөлнө гэж хэдэн жилийн өмнө ярьж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

-Оросын газрын тосны борлуулалтын орлого рублийн ханшид нөлөөлөх нь бий-

Орост нэг хэсэг рублийн ханш огцом унаж байсан билээ. Харин 2009 оны дөрөвдүгээр сард хойд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш ялимгүй сэргэж рубль америк долларын эсрэг 2,6 хувиар өссөн байлаа. Хойд хөршид ам.долларын ханш бага зэрэг бууж байсан ч, цаашид өсөхгүй гэх баталгаа байсангүй. Энэ нь тус улсын валютын нөөц буурч байсантай холбоотой. 2008 онд хойд хөрш 600 гаруй тэрбум ам.долларын валютын нөөцтэй байлаа. Харин хоёр жилийн дараа буюу 2010 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр тус улсын валютын нөөц 427 тэрбум ам.доллар болж буурсан байв. 2008 онтой харьцуулахад тус улсын гадаад валютын нөөц 173 тэрбум ам.доллараар буурсан нь энэ юм. Тус улсын валютын нөөц буурсныг нэгдүгээрт 2009 онд алтны нөөц өмнөх оноосоо 35 хувиар буурсантай холбон тайлбарлаж байлаа. Нөөц ингэж буурснаар тус улсад 380 тэрбум ам.доллартэй тэнцэх 485 тонн алтны нөөц үлдээд байсан юм. Хоёрдугаарт 2009 онд оросын экспортод гаргадаг нефтийн үнэ дэлхийн зах зээлд 4 дахин буурсан явдал. Үүнээс болж нефтийн орлогоос орж ирэх ам.долларын хэмжээ буурсан байгаа юм. Энэ нь тус улсад ам.долларын нийлүүлэлт буурч, эрэлт ихсэхэд нөлөөлжээ. Гуравдугаарт долларын эрэлт ихэссэн тул уг валютын ханш өсч рублийн ханш сулрах болжээ. Тиймээс рублийн ханшийг тогтворжуулахын тулд хойд хөрш валютын нөөцөөсөө зарлагдаж интервенци хийсэн байгаа юм. Дээрх шалтгааны улмаас тус улсын валютын нөөц буурсантай зэрэгцэн төсөв нь алдагдалтай гарч эхэлсэн юм. Уг нь тус улс 2009 онд төсвийн алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7,4 хувиас хэтрүүлэхгүй барина гэж төлөвлөж байжээ. Тэр үеийн оросын Сангийн сайд Кудрин: Гэсэн ч улсын төсөв төлөвлөсөн хэмжээнээс их гарахаар байгаа талаар мэдэгдэж байсан юм. Эдгээрээс шалтгаалаад тус улсад долларын ханш өсч, рублийн ханш унахгүй гэх баталгаа байсангүй. Тиймээс тус улс төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Дэлхийн банкнаас зээл авахаар төлөвлөж байсны сацуу, 5 хүртэлх тэрбум ам.долларын засгийн газрын бонд арилжихаар төлөвлөж байжээ.

Гэсэн ч 2011 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр дэлхийн зах зээлд америк доллар 30 рубль 19 копейктой тэнцэж байлаа. Харин оросын төвбанкны мэдээгээр нэг ам.доллар 30 рубль 39 копейкийн ханштай байсан юм. Рублийн ханш дэлхийн болон дотоодынхоо зах зээлд өнгөрсөн оны мөн үеэсээ 3,4 хувиар өссөн нь энэ юм. Рублийн ханш өмнөх жилээсээ ялимгүй өссөн ч, 2011 онд нэлээд чангарах төлөвтэй байжээ. Энэ талаар Детчэ банкны орос дахь салбарын ахлах эдийн засагч Ярослав Лисоволик: 2011 онд дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 87 ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Нефтийн үнэ ингэж өсвөл орос руу чиглэх валютын хэмжээ нэмэгдэж, улмаар тус улсын төсвийн алдагдлын хэмжээ 2 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрэхэд нөлөөлнө. Төсвийн алдагдал буурч, валютын нөөц нэмэгдэхийн хэрээр рублийн ханш чангарна. Ер нь 2011 оны сүүлчээр нэг америк доллар 28 рубль болох төлөвтэй байгаа. Рублийн ханш долларын эсрэг ингэж чангарах нь орост инфляци буурахад таатай боломжийг бий болгоно хэмээн ярьж байсан юм. Тэгвэл 2014 он гарсаар байдал дахин сэдрэв бололтой. Брент төрлийн газрын тосны үнэ оросын уралс төрлийн нефтийн үнийг тодорхойлдог гэж ойлгож болно. Тэр ч утгаараа брентийн үнэ хаашаа чиглэнэ уралс төрлийн нефтийн үнэ тийшээ чиглэдэг гэж ойлгож болох юм. 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ний байдлаар оросын уралс төрлийн нефтийн үнэ сүүлийн зургаан сарын дотор 46 хувиар буураад байлаа. Оросын төвбанк: Энэ нь рублийн ханш сулрах гол шалтгаан болж байгааг хэлж байсан юм. Тус улс 2014 онд газрын тос болон байгалийн хийн экспортоос 530 тэрбум ам.доллар олохоор төлөвлөсөн ч, үнэ буурсантай холбоотойгоор энэ төлөвлөгөө тасалдсан байдаг. Тухайлбал, газрын тосны үнийн бууралтаас болж 90-100 тэрбум ам.долларын орлогоо алдаж байсныг тус улсын сангийн сайд 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн байдаг. Үүний улмаас хойд хөршид америк доллар дахин ховордож, 2014 оны сүүлийн зургаан сарын хугацаанд рублийн ханш огцом унасан гэж ойлгож болно. Оросын төвбанк 2014 оны зургаадугаар сарын 18-нд нэг америк долларыг 34 рублийн ханшаар зарлаж байсан бол, арванхоёрдугаар сарын 18-нд 67 рублийн ханшаар зарласан нь үүний нэг тод жишээ билээ.

Америк долларын эсрэг рублийн ханш 2014 оны сүүлийн зургаан сарын хугацаанд бараг хоёр дахин сулрав. Тиймээс рублийн ханшийг тогворжуулахын тулд Оросын төвбанк валютын нөөцөөсөө их хэмжээний интервенци хийж байлаа. Ингэснээр тус улсын валютын нөөц 2014 он гарснаас хойш 90 гаруй тэрбум ам.доллараар хорогдсон үзүүлэлт гарч байсан юм. Хойд хөршийн валютын нөөц 2014 оны эхэнд 510 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол, мөн оны эцэст 418 тэрбум ам.доллар болж буурсан нь үүний нэг нотолгоо юм. Долларын ханшийн өсөлт, рублийн ханшийн уналттай холбоотойгоор инфляци хурдтай өсч байгаагаас гадна, цаашид инфляци өснө гэсэн хүлээлт өндөр байсныг Оросын төвбанкныхан онцлож байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Ер нь 2014 онд тус улсын инфляци жилийн 10 хувьд хүрэх төлөвтэй байлаа. Тиймээс инфляцийн өсөлтийг хязгаарлах үүднээс Оросын төвбанк бодлогын хүүгээ 2014 онд зургаан удаа өсгөжээ. 2014 оны арванхоёрдугаар сард л гэхэд хоёр удаа өсгөсөн байгаа юм. Тухайлбал, 2014 оны арванхоёрдугаар сарын 12-нд бодлогын хүүгээ жилийн 10.5 хувь болгосон бол, 16-ны өдөр дахиад өсгөж 17 хувьд хүргэсэн байгаа юм. Бодлогын хүүгээ ингэж өсгөснөөр тус улсын арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн хүүгээ өсгөсөн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан билээ. Дашрамд дурдахад, орос гадаад зах зээлд экспортолсон нефть бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог ам.доллараар хийж, валютын нөөцөө бүрдүүлдэг. Манай улс ч ялгаагүй хойд хөршөөс импортолсон газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг бүгдийг нь ам.доллараар хийж ирсэн юм. Тодруулбал, манай улс хэрэгцээт нефть бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг хойд хөршөөс импортолж ирсэн. Манай улс жилд хойд хөршөөс нэг тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тосны бүтээгдэхүүн худалдан авдаг гэх судалгаа бий. Тэгвэл 2010 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хавьцаа тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан: Цаашид хойд хөршөөс авдаг нефть бүтээгдэхүүний төлбөрийг рублиэр хийхээр төлөвлөж, хэлэлцээр хийж байгаа талаар хэлж байсан юм.

-Европын холбоонд Эстони улс нэгдэхээр болсон нь еврогийн ханш өсөхөд нөлөөлжээ-

Дэлхийн нийтийг хамарсан хямралын үед Финлянд, Люксенбургийн вант улсаас бусад европын холбооны орнуудын эдийн засаг хүнд хэвээр байлаа. Тухайлбал, Англи, Ирланд, Грек, Испани, Португали, Голланд, Бельги, Франц, Италия, Мальта, Германи, Словаки, Австри, Словени, Кипр зэрэг европын холбооны улсуудын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15 орчим хувийг эзэлж байсан юм. Үүнээс гадна, Ирланд, Англи, Голланд, Португали, Мали, Мальта, Австри, Германы гадаад өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60-115 хувьд хүрээд байсан гэдэг. Ийнхүү европын холбооны улсуудад үүссэн эдийн засгийн хүндрэлээс болж, дэлхийн улс орнууд валютын нөөцөөсөө еврог халах нь халж байв. Зарим улсууд валютын нөөцөд эзлэх еврогийн хэмжээг багасгаж байсан юм. Валл стрийтээс эхлэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилсээр байсантай холбоотойгоор Грек, Испани, Португали зэрэг европын холбооны улсуудад инфляци өсч, еврогийн ханш хэлбэлзсээр байлаа. Үүнээс болж, нэгэн үе еврогийн ханш долларын эсрэг 20 хүртэл хувиар унаж, нэг евро 1.21 доллартай тэнцэж эхэлсэн тал ч бий. Тэгвэл энэ төрлийн валютын ханш Японд сүүлийн зургаан жилд байгаагүйгээр унаж 123 иентэй тэнцэх болсон юм. Харин орост нэг евро 34 рубльтэй тэнцэж байлаа. Энэ нь нэг талаас евро бүсийн эдийн засаг хямарч, европын холбооны төв банк үнэт цаасны буюу бодлогын хүүгээ бууруулсан нь еврогийн ханш сулархад хүргэсэн байгаа юм. Нөгөө талаас Япон, Орос зэрэг бусад орны эдийн засаг хямарч байснаас мөнгөний ханш нь унаж байгаагаар тайлбарлагдаж байлаа. Еврогийн ханш суларч байсан тул долларын ханш өсөхөд хөшүүрэг болж байгааг дэлхийн хэвлэлүүд тухайн үед онцолж байсан билээ. Энэ нь гадаадын валютын захад мэдрэгдээд зогсохгүй, дотоодын валютын захад мэдрэгдэж байсан юм. Тухайлбал, 2008 оны аравдугаар сарын 18-ны өдөр евро 1556 төгрөг болж уруудсан байв. Тэгвэл еврогийн ханш үргэлжлэн суларч 2008 оны аравдугаар сарын 25-ны өдөр 1470 төгрөгтэй тэнцэж байлаа. Европын холбооны улсууд экспортоо нэмэгдүүлж чадвал, еврогийн ханш өснө гэж мэргэжилтнүүд үзэж байсан юм. Өөрөөр хэлбэл, экспорт сайжирч, европын холбооны улсуудын төсвийн алдагдал болон гадаад өрийн хэмжээ багассан цагт еврогийн ханш өснө гэж мэргэжилтнүүд үзэж байсан билээ. Энэ нь ч удалгүй биеллээ олсон. Учир нь 2011 оны хавьцаа еврогийн ханш эргэн сэргэж, дэлхийн валютын зах дээр нэг евро 1.29 доллартай тэнцэж эхэлсэн юм. Еврогийн ханш эргэн сэргэсэн нь Испани, Грекийн Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргасантай холбоотой гэдэг. Үүнээс гадна, Эстони улс 2011 онд Европын холбоонд албан ёсоор нэгдэхээр төлөвлөж байлаа. Энэ нь еврогийн ханш сэргэхэд нөлөөлсөн юм. Эстони улс Европын холбоонд нэгдвэл үндэсний мөнгөн тэмдэгт болох кроныг гүйлгээнээс халж, еврог хэрэглэж эхлэх байсантай энэ нь холбоотой. Эстони улс кроныг гүйлгээнээс гаргаж, еврог гүйлгээнд оруулах бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод байлаа. Ийнхүү европын холбооны улс нэгээр нэмэгдэхээр болсон нь еврогийн эрэлт нэмэгдэхэд хүргэж, уг валютын ханш өсөхөд нөлөөлсөн болохыг эдийн засагчид хэлдэг юм.

-Хирохиса Фүжи: Долларын ханшийн сулралт иений ханш өсөхөд нөлөөлсөн-

2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан хямралын үед Токиогийн валютын захад нэг америк доллар 86.53 иентэй тэнцэж эхлэв. 1995 оноос хойш иений ханш долларын эсрэг ингэж өсөөгүй гэдэг. Тухайн үед Японы сангийн сайд Хирохиса Фүжи: Долларын ханшийн сулралт иений ханш ингэж өсөхөд нөлөөллөө гэж мэдэгдэж байсан юм. Долларын ханш буурч байснаас үүдэж япончууд ам.долларыг худалдах нь ихэссэн байна. Энэ нь иений ханш чангарахад хүргэжээ. Энэ жишгээр, японы иений ханш өсч байсныг ажиглагчид хэлдэг. Иений ханш өссөн нь тухайн улсад сайн мэт боловч, үнэндээ тийм биш байлаа. Иений ханш өсвөл японы экспортод гаргадаг түүхий эдийн үнэ дагаад өснө. Тэр хэрээр бараа, бүтээгдэхүүнийх нь эрэлт буурах аюул дагуулж байжээ. Тиймээс тус улсын гадаад худалдааны бараа эргэлтийг сонирхож үзэв. 2010 оны эхний хагас жилд японы гадаад худалдаа 3.4 их наяд ам.долларын ашигтай гарсан байдаг. Японы экспорт өмнөх оноосоо 37.9 хувиар өсч 33 их наяд ам.долларт хүрсэн бол, импорт нь 23.3 хувиар өсч 29 их наяд доллар хүрсэн байгаа юм. Экспортын хэмжээ нь импортынхоос давсан нь японы гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ. Экспорт нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай гарч байгаатай холбоотойгоор тус улсын мөнгөн тэмдэгт болох иений ханш доллар болон еврогийн эсрэг чангарч байлаа. Тухайн үед дэлхийн зах зээлд нэг ам.доллар 87 иентэй тэнцэж байсан бол, нэг евро 113 иентэй тэнцэж байсан юм. Тус улсын иенийн ханш цаашид өсөх эсэх нь японы экспорт нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай гарахаас ихээхэн хамаарна гэдгийг эдийн засагчид хэлж байсан юм.

-Америкийн өр дээд хязгаараа давж долларын ханш дэлхийн зах зээлд уруудав-

2011-08-06. 2008-2009 онд тохиосон эдийн засгийн хямралын үед нэг евро 1,25 центтэй тэнцэж байсан юм. Харин 2011 оны наймдугаар сард дэлхийн зах зээлд ам.долларын ханш гэрлийн хурдаар доошилж, хямралын үеийнхээс дордов. Тухайлбал, энэ үед нэг евро 1,44 доллар болж өссөнөөс тод харж болох юм. Монголын олон улсын хөрөнгийн корпорацийн захирал Ачит-Эрдэнэ: Хямралын үетэй харьцуулахад ам.долларын ханш еврогийн эсрэг 13 орчим хувиар суларсан болохыг тухайн үед хэлж байсан юм. АНУ-ын конгресс 1917 онд өрийн дээд хязгаарыг тогтоох тухай хууль баталж байжээ. Энэ цагаас хойш тус улсын хууль батлагчид өрийн дээд хязгаараа хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн байна. Хамгийн сүүлд өрийн дээд хязгаараа 14,3 их наяд доллар болгож байсан юм. Гэвч америкчууд 2008 оны тавдугаар сард энэ хязгаарыг хэдийнэ гаталсан байлаа. Өөрөөр хэлбэл, тус улс энэ хэмжээний мөнгийг ямар нэг байдлаар зээлсэн гэсэн үг юм. Тиймээс тус улс 10 хувьд хүрээд байсан төсвийн алдагдлаа санхүүжүүлэхийн тулд бонд гаргах замаар гадаад улс орнуудаас дахин зээл авах шаардлага тулгарч байжээ. Ингэхийн тулд америкчууд өрийн дээд хязгаараа дахин шинэчлэх шаардлагатай болсон аж. Гэвч америкийн Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан өрийн дээд хязгаарыг 2,4 их наяд доллараар нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй сар гаруйн хугацааг ардаа орхисон байна. Тэр хооронд ам.долларын ханш ёстой гэрлийн хурдаар доошилно гэдэг болоод өнгөрчээ. Харин эрх баригч намууд 2011 оны наймдугаар сарын эхээр тохиролцоонд хүрч, Өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төслийг парламентийн доод болон дээд танхимаар хэлэлцэж конгресстоо оруулжээ. Үүнийг тус улсын конгрессоор хэлэлцэж, америкийн өрийн дээд хязгаарыг 2,4 их наяд доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байгаа юм. Гэвч энэ нь гадаад зах зээлд ам.долларын ханш тогтворжиход төдийлөн нөлөөлсөнгүй, хэлбэлзэл өндөр байжээ. Тиймээс америк долларын ханшийг өсгөх зорилгоор зарим улсын төвбанкууд зах зээлд хөндлөнгөөс оролцож байсан байгаа юм. Тухайлал, Японы төвбанк 2011 оны наймдугаар сарын эхээр 1 их наяд иенийг зах зээлд нийлүүлж ам.доллар худалдан авсан байгаа юм. Ингэснээр нэг ам.доллар 82,85 иен болж өссөн тал бий. Гэвч ам.долларын ханшийн энэ өсөлт удаан үргэлжилсэнгүй. Удалгүй дэлхийн валютын форекс захад нэг доллар 79,17 иен болж буурснаас үүнийг харж болно. Энэ маягаар ам.долларын ханш буурсаар байвал японы төвбанк дахин 10-15 их наяд иенийн интервенци хийнэ гэж тухайн үед мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, японы төвбанк ийм хэмжээний иенийг зах зээлд нийлүүлж, долларын ханшийг өсгөх бодлого явуулж магадгүй гэж үзэх хүмүүс байсан юм. Японы төвбанк улсынхаа эдийн засгийн хүндрэлд оруулахгүйн үүднээс тэр юм. Америк долларын ханш гадаад зах зээлд өсвөл Японы экспортод гаргасан бараа бүтээгдэхүүнээс орж ирэх орлого нэмэгдэнэ. Тэр хэрээр тус улсын экспортлогч компаниудын ашиг орлого нэмэгдэж, цаашлаад төсөвт төвлөрөх мөнгөнийх нь хэмжээ өснө гэж тооцоолж байсан байх талтайг эдийн засагчид тухайн үед хэлж байлаа. 

-Америк долларын ханш унаж, дэлхийн зарим улсууд уг валютаар гадаад худалдаа хийхээс татгалзав-

2011.01.08. Дэлхийн улс орнууд гадаад төлбөр тооцоогоо доллараар хийдэг учраас валютын нөөцийнхөө дийлэнх хувийг энэ валютаар бүрдүүлж ирсэн. Гэвч энэ нь тийм ч оновчтой алхам биш болох нь 2008-2009 онд тохиосон эдийн засгийн хямралын үеэр ажиглагдсан юм. Тухайлбал, 2008 оны өвөл гадаад зах зээлд 0.76 евротой тэнцэж байсан америк доллар 2009 оны арваннэгдүгээр сард 0.67 евротой тэнцэж эхлэв.  Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед долларын ханш унаж, улс орнуудын валютын нөөцөд эрсдэл учирч байлаа. Америк долларын ханш ингэж буурсан тул, дэлхийн улс орнууд гадаад валютын нөөцөө америк доллараар бус, бусад гадаад валютаар, эсвэл алтаар бүрдүүлэхийг илүүд үзэж байсан юм. Тухайлбал, Энэтхэг улс гадаад валютын нөөцийнхөө 6.7 тэрбум ам.долларыг алт болгож байснаас үүнийг харж болно. Энэ үеэс зарим улсын төрийн тэргүүнүүд доллар удахгүй дэлхийн голлох валют байхаа болино гэсэн мэдэгдэл хийж байсан гэдэг. Тухайлбал, 2009 оны арваннэгдүгээр сарын 14-ний хавьцаа Иран болон Турк улс гадаад худалдаагаа доллараар хийхээс татгалсан тухай мэдээлэл гарч байсан нь үүний нэг нотолгоо юм. Энэ талаар тэр үеийн Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад: Өөрсдийн үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гадаад худалдаагаа цаашид хийхээр болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсныг дэлхийн хэвлэлүүд онцолж байсан юм. Цаашид Сири, Иракийг үүнд татан оруулах болно гэдгээ Ираны ерөнхийлөгч мэдэгдэж байжээ. Тэгвэл, 2010 оны сүүлчээр Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотноо зохиогдсон Их-20-ын уулзалтын үеэр Бразилийн ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва: Америк доллар дэлхийн валютын нөөцөөс удахгүй хасагдана гэж мэдэгдсэн гэдэг. Иймэрхүү мэдэгдлийг үе үе зарим улсын төрийн тэргүүнүүд хийж байсан тул санхүүгийн хямралын үед дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд худалдаагаа доллараар бус, алтаар хийх сонирхол нэмэгдэж байжээ. Тухайлбал, Лондонгийн бирж 2010-11-22-нд газрын тос алтаар арилжаалахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан гэх нь бий. Үүнийг дэлхийн санхүүгийн шинжээчид буруушааж байсан юм. Үүнтэй ойролцоо Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зелик: Америк доллар дэлхийн валютын нөөцийн статусаас хасагдаж, хятадын юань дэлхийн худалдааны мөнгөн дэвсгэртийн үүргийг 15 жилийн дараагаар гүйцэтгэж магадгүй тухай мэдэгдсэн нь гадаад зах зээлд америк долларын ханш нэг хэсэг буурахад нөлөөлж байсан юм. Тухайн үед олон улсын валютын форекс захад америк долларын индекс оны эхнээс 8 хувиар буурсан үзүүлэлт гарч байв. Тухайн үед АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер: Америкийн үндэсний мөнгөн тэмдэгт долларын ханш унаж байсан нь тус улсын эдийн засаг сэргэхэд ихээхэн дарамт болж байсныг онцолж байв. Гэхдээ долларын ханш буурсан нь тус улсын экспортыг болон дотоодын худалдан авалтыг ихээхэн дэмжиж байсныг тэрбээр онцолж байжээ. Эдийн засгийн хямралаас шалтгаалж тус улсын компаниудын үйлдвэрлэсэн их хэмжээний бүтээгдэхүүн борлогдохгүй түгжигдэж байсан тал бий. Ам.долларын ханш буурснаар эдгээр бүтээгдэхүүн дотоодын зах зээлд борлогдох эх үүсвэр тавигдсан гэлцдэг. Тухайн үед ам.долларын ханш голлох зургаан валютын эсрэг унасан байдалтай байв.

-Рубин: 2009 оны сүүлчээр долларын ханш бууж магадгүй- 

Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралын үед буюу 2009 оны гуравдугаар сарын 19-ний өдөр дотоодын зах зээлд ам.долларын албан ханш 1590 төгрөгт хүрсэн нь тухайн үедээ түүхэн дээд ханш хэмээгдэж байлаа. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай тулгарах үед ихэнх улс орон бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа түүхий эд худалдаж авах нь тэр хэрээр багасч, гадаад зах зээлд алтнаас бусад түүхий эдийн үнэ огцом унасан байдаг. Үүнээс болж, бүхий л улс орнуудын экспортод гаргасан бүтээгдэхүүнээс орж ирэх ам.долларын хэмжээ хумигдах нь тэр. Энэ нь ганц манайх гэлтгүй бүхий л улсад ам.долларын ханш чангарахад хүргэсэн юм. Тухайлбал, гадаад зах зээлд нэг америк доллар 0.75 евротой тэнцэж, ханш нь өдөр ирэх тусам чангарч байсныг энд дурдаж болно. Үүнийг тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлэхэд гадаад зах зээлд нэг америк доллар 1329 төгрөгийн ханштай байсан юм. Нэг ёсондоо, манай улсад болон дэлхий дахинаа долларын ханш ойролцоо түвшинд байсан гэж ойлгож болно. Ийнхүү дэлхийн цөөнгүй оронд долларын ханш огцом өсч, мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, улс орнуудыг багагүй сандаргав. Тиймээс долларын ханш цаашид өссөөр байх уу гэдэг монголчуудын төдийгүй, дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудлыг нэг болоод байсан цаг үе юм. Дэлхийн эдийн засагчид долларын ханш хэзээ эргэж буух вэ гэдэг таамгийг дор бүрнээ дэвшүүлж байлаа. Ингэхдээ дийлэнх нь дэлхийн санхүүгийн хямрал намжтал буухгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан юм. Тухайлбал, АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн профессор, эдийн засагч Рубин: 2009 оны сүүлчээр долларын ханш бууж магадгүй гэж таамаглаж суулаа. АНУ-ын эдийн засаг, санхүү 2006 оноос эхлэн хямарна гэдгийг ганц тааж хэлсэн хүн бол энэ эрдэмтэн гэдэг. АНУ-ын санхүүгийн хямрал дэлхий нийтийг цочроох нь гэдгийг урьдчилан харж чадсан учраас түүний таамагт америкчууд ихээхэн итгэж буйг дэлхийн хэвлэлүүд онцолж байсан билээ. Удалгүй ам.долларын ханш еврогийн эсрэг гадаад зах зээлд 11 орчим хувиар буурсан юм. Аливаа валютын ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс болж өгсөж урууддаг. Гадаад зах зээлд гаргасан бараа бүтээгдэхүүний хэмжээ буурснаас шалтгаалж, экспортын орлого нь багасч, улмаар гадаад валютын нөөц багасч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унадаг жамтай. Өөрөөр хэлбэл, аливаа орны экспорт буурвал тухайн орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах аюултай байдаг. Тэр жишгээр АНУ-ын эдийн засаг уруудаж экспортын бүтээгдэхүүний эрэлт олон улсын зах зээлд буурсантай холбоотойгоор ам.долларын эрэлт багасч уг валютын ханш сулрахад нөлөөлсөн юм.

-Америк доллар талер гэх үгнээс үүсчээ-

Дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа америкийн үндэсний мөнгөн дэвсгэрт болох доллар нь талер гэдэг герман үгнээс гаралтай гэдэг. Америкчууд долларыг 1785 оноос хойш хэрэглэж байгаа юм. Доллар нь анх зоосон хэлбэрээр үйлдвэрлэгдэж байсан бол, 1861 оноос цаасан дээр ногоон өнгөөр хэвлэгдэж эхэлсэн байна. Цаасан мөнгөн тэмдэгтийг анх америкийн хувийн компаниуд үйлдвэрлэдэг байсан бол, тус улсын санхүүгийн яамны мэргэжилтнүүд чанарыг нь шалгаж тамга тавьдаг байжээ. Харин удалгүй хоёр жилийн дараагаар ам.долларыг америкийн хэвлэх үйлдвэрт хэвлэдэг болсон байна. АНУ 1928 оноос эхлэн 1-10000 хүртэлх дэвсгэртийг үйлдвэрлэж байсан бол, 1969 онд 100-аас дээш ам.долларын дэвсгэртийг хэвлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Энэ үеэс эхлэн америкт 10000-тын дэвсгэрт ховордсон бөгөөд хил давуулахыг хориглосон байна. Хамгийн сүүлд америкийн төв банкинд 348 ширхэг 10000 дэвсгэрт байдаг гэх мэдээлэл гарч байлаа. Энэ дэвсгэрт дээр америкийн нэрт санхүүч Семон Портленд Чейсийн хөрөг мөнхрөн үлдсэн гэдэг. Америкчуудын 1785 оноос хойш гүйлгээнд хэрэглэж буй долларыг манай улс 1990 оноос хойш гадаад худалдаанд түлхүү хэрэглэх болсон билээ. Долларыг манай улс ногоон гэж хялбараар нэрлэх нь бий. Цагаан дээр ногоон өнгөөр хэвлэгдсэн учраас уг валютыг зарим тохиолдолд ингэж нэрлэх нь бий. Доллар манай зах зээлд нэвтэрснийхээ дараахан 400 төгрөгийн ханштай байсан бол, тэр цагаас хойш ханш нь өссөөр өнөөдөр хэд болсныг хэн хүнгүй хэлэхтэйгээ биз. Чухам эндээс л ам.долларын ханш яагаад дотоодын зах зээлд сүүлийн 30 жил тасралтгүй өссөн бэ гэдэг асуулт урган гардаг. Үүнд хариулах их энгийн. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа гээд хэлчихэд бараг алдахгүй болов уу. Тэгвэл ямар үед ам.долларын эрэлт өсч, ямар үед нийлүүлэлт ихэсдэг вэ гэх асуулт тавигдах нь мэдээж. Энэ нь манай улсын эдийн засгийн онцлооос ихээхэн хамаардаг юм. 

-Валютын эрэлт, нийлүүлэлт ямар үед өсч, буурдаг вэ-

2010.05.26. Гадаад худалдаа алдагдалтай гарч, инфляци өсч, ажилгүйдэл нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн буурч, аж үйлдвэрийн салбарт уналт гарвал долларын ханш өсөх суурь шалтгаан болдог байна. Тухайн үед холбогдох байгууллагаас явуулсан судалгаагаар инфляци оны эхнээс 9.7 хувиар өссөн, гадаад худалдаа тухайн оны эхний дөрвөн сарын байдлаар 93.4 сая долларын алдагдалтай, ажилгүйдэл өнгөрсөн оны мөн үеэсээ 3,8 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа. Авууштай нь дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оноосоо 7,6 хувиар, аж үйлдвэрийн салбарт 12,7 хувийн өсөлт гарсан байв. Ийнхүү ам.долларын ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлийн гурав нь хасах, хоёр нь нэмэх тэмдэгтэй гарсан тул уг валютын ханш огцом өсч, буурахгүй тогтвортой байна байх гэсэн дүгнэлтэд эдийн засагчид хүрч байсан юм. Гэхдээ энэ бол ам.долларын ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлүүд гэдгийг дахин сануулах хэрэгтэй. Долларын ханш хаашаа чиглэх нь уг валютын эрэлт, нийлүүлэлтээс ихээхэн хамаардаг. Дотоодын зах зээлд ам.долларын эрэлт хэд хэдэн зүйлээс шалтгаалж өсөх нь бий. 2009 оны эхээрнэг америк доллар 1500 төгрөг, харин юань 200 төгрөгт хүрч монголын түүхэнд байгаагүй рекорд тухайн үедээ тогтоогоод авсан. Юанийн ханш чангарч байсан нь нэг талаас долларын ханш өссөнтэй холбоотой байлаа. Нөгөө талаас цагаан сар ойртож, юанийн эрэлтийг нэмэгдүүлж, ханшийг нь хөөрөгдөхөд хүргэсэн юм. Цагаан сарын үеэр манай худалдаачид их хэмжээний юань халаасалж урд хөршийг зорьдог. Нэг ёсондоо, юанийн эрэлт эрс нэмэгддэг тул ханш нь өсч байжээ. Энэ жишгээр цагаан сарын өмнө доллар болон юанийн эрэлт өсч, ханш нь нэмэгддэг билээ. Харин цагаан сарын дараа дээрх валютуудын эрэлт багасч, ханш нь эргэн буурах нь элбэг. Үүнээс гадна, малчид ноолуураа самнаж эхэлмэгц урд хөршийн ченжүүд манай улс руу их хэмжээний юань өвөртлөн ирдэг. Энэ үед юанийн нийлүүлэлт нэмэгдэж, уг валютын ханш буурахад нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд үздэг юм. Мөн хавар алтны улирал эхэлдэг учраас энэ металлын тушаалт нэмэгдэж валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлж ирсэн. Тиймээс хавар дулаармагц ноолуур, алтны улирал эхэлж монгол руу чиглэх валютын урсгал нэмэгддэг. Гэвч энэ үед барилгын салбарын бүтээн байгуулалтын ажил эхэлдэг учраас валютын эрэлт нэмэгдэж гадагшаа урсах валютын урсгал нэмэгддэг гэдгийг анзаарах хэрэгтэй. Иймэрхүү энгийн жишээнээс валютын эрэлт хэзээ өсч, буурч болохыг баримжаагаар таамаглаж болох юм. 

Валютын эрэлт ямар үед өсдөг вэ

  • Импортлогчид бараа оруулж ирэх үед валютын эрэлт өснө. Гаднаас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрөө шилжүүлэх үед өсөх магадлал өндөр байдаг.
  • Цагаан сар, шинэ жил, хичээлийн шинэ жилийн үеэр өсдөг. 
  • Иргэд аж ахуйн нэгжүүд гадаад руу хувийн шилжүүлэг хийх үед. Гадаадад сурч байгаа оюутны сургалтын төлбөрийг шилжүүлэх орж болно. 
  • Монгол Улсын Засгийн газар гадаад өрөө төлөх үед гадаад валютын эрэлт өсдөг.
  • Төгрөгийн ханш унаж, валютын ханш өсөх үеэр төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж нэмэгдэх хандлага ажиглагддаг. Энэ үеэр валютын хадгаламж нэмэгддэг байж болох талтай. Ханшийн эрсдэлээс мөнгөн хөрөнгөө хамгаалах зорилгоор ийм арга хэрэглэх нь элбэг.
  • Манай улсад долларын ханш хямд, бусад улсуудад өндөр байвал, энэ үед валютын мөнгөн гуйвуулга ихэсч, эрэлт нэмэгдэх хандлага ажиглагддаг.

Валютын нийлүүлэлт ямар үед өсдөг вэ

Ам.долларын ханшид эрэлтээс гадна, нийлүүлэлт мөн нөлөөлдөг. Нийлүүлэлт ихэсвэл долларын ханш буурдаг. Нийлүүлэлт багасвал долларын ханш өсдөг зах ээлийн зарчим бий.

  • Экспортлогчдын түүхий эдийн үнэ өсч, орлогоо оруулж ирэх үед
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх үед 
  • Гадаадын зээл, тусламжийн орлого орж ирэх үед
  • Бондын төлбөр орж ирэх үед
  • Гадаадад ажиллагсдын цалин хөлс зэрэг гуйвуулга орж ирэх үед
  • Ноолуурын улирал эхлэх үед. Тухайлбал, 2010.04.24-ний хавьцаа америк долларын ханш 1400 төгрөгөөс доош уруудсан юм. Үүнийг тэр үеийн Монголбанкны Валют, эдийн засгийн газрын дарга Дэлгэрмаа: Зэсээс гадна ноолуураас орж ирэх валютын хэмжээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байсан юм.
  • Алтны олборлолт, тушаалт, экспорт нэмэгдэх үед

Валютын ханш хэрхэн тооцдог вэ

Монголбанк дотоод хүчин зүйлийн нөлөөллийг, өөрөөр хэлбэл эрэлт, нийлүүлэлт, макро эдийн засгийн голлох үзүүлэлтийг харгалзан үзэж, америк долларын албан ханшийг зарладаг. Харин доллароос бусад валютуудын ханшийг тогтоохдоо, дэлхийн зах зээлийн ханшийг харгалзан үздэг юм. 2009-06-12-ндоросын рубль, солонгосын вон, евро болон юанийн ханш дотоодын зах зээлд суларсан нь дэлхийн зах зээлд дээрх валютуудын ханш буурсантай холбоотой байлаа. Харин английн фунт стерлинг болон иений ханш чангарсан нь дэлхийн зах зээлд дээрх хоёр валютын ханш чангарсантай холботой байсан юм. Манай улсад доллараас бусад валютын ханш дэлхийн зах зээлийн ханштай ойролцоо буюу хамааралтай байдаг. Тиймээс дээрх валютын ханш гадаад зах зээлд ямар байгаагаас дотоодын зах зээлд ямар байхыг таамаглаж болох талтай.

-Б.Жавхлан: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг авч үзвэл урт хугацаанд ам.долларын ханш буурах үндэслэлгүй-

Тухайлбал, 2009 онд дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай байснаас шалтгаалж гадаад зах зээлд зэсийн эрэлт огцом буурсан билээ. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн зэсийн экспортын орлого огцом буурч байлаа. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлд алтны ханш өндөр байсан ч, дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан учир манай улс руу орж ирэх валютын хэмжээ буурсан юм. Алт, зэсийн орлогоос орж ирэх валют хумигдсантай холбоотойгоор манай улсын гадаад валютын цэвэр нөөц 2009 оны гуравдугаар сард 400 сая ам.доллар болтлоо буурч, улмаар ам.долларын албан ханш 1590 төгрөгт хүрсэн бол, албан бус ханш 1800 төгрөгт хүрч байсан удаатай. Тэр үетэй харьцуулахад америк долларын албан ханш 2010 оны сүүлчээр нэлээд буурсан байдаг. Америк долларын албан ханш 2010 оны эхнээс 14 хувиар буурсан юм. Нэг хэсэг дэлхийн зах зээлд зэсийн үнийн уналтаас шалтгаалж уг валют хомсдож ханш нь өссөн бол, хожим гадаадын хөрөнгө оруулалт сэргэснээр валютын нийлүүлэлт нэмэгдэж ханш нь ялимгүй буурсан гэж ойлгож болох талтай. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан тул долларын нийлүүлэлт өснө гэсэн дүгнэлтэд эдийн засагчид хүрч байлаа. Гэхдээ тэд ам.долларын нийлүүлэлт ихэсч байгаа нь дунд болон урт хугацаанд үр дүнгээ өгнө гэж үзэж байсан юм. Тухайлбал, Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ганзориг: Гаднаас хөрөнгө оруулалт орж ирж байгаа, манай экспортын бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учраас долларын нийлүүлэлт ихэснэ. Энэ нь долларын ханшийг дунд болон урт хугацаанд буурахад нөлөөлнө гэж үзэж байлаа. Тэгвэл тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан: Гадаадын хөрөнгө оруулалт богино хугацаанд долларын ханш буурахад нөлөөлсөн ч, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг авч үзвэл урт хугацаанд ам.долларын ханш буурах үндэслэлгүй болохыг хэлж байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.  

-Ам.долларын ханшид гадаад хүчин зүйл нөлөөлөх нь бий-

Эрэлт хэвийн, нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед инфляциа бууруулж чадвал долларын ханш доошоо чиглэх магадлалтайг эдийн засагчид хэлдэг. Гэхдээ долларын ханшид эрэлт, нийлүүлэлт зэрэг дотоод суурь хүчин зүйл нөлөөлөхөөс гадна, гадаад зах зээл дээрх үнэ мөн нөлөөлдөг юм. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд долларын ханш ямар байх нь гадаад хүчин зүйлээс мөн шалтгаалдаг гэсэн үг. 2009 оны хямралын үед дэлхийн зах зээлд нэг америк доллар 0.67 евротой тэнцэж эхлэв. Америк долларын ханш түүхэнд байгаагүй доод түвшиндөө хүрсэн нь энэ хэмээн ажиглагчид тухайн үед онцолж байжээ. Гэхдээ тун удалгүй америк доллар гадаад зах зээлд хүчээ авч, еврог өмнөө сөхрүүлэх нь тэр. Америк долларын ханш еврогийн эсрэг 17 хувиар чангарч, 2010.06.01-нд дэлхийн зах зээлд нэг америк доллар 0.79 евротой тэнцэж эхлэв. Европын холбооны зарим улсуудад хямрал үргэлжилж, төсвийн алдагдал нь ихэсч, инфляци огцом өссөнтэй холбоотойгоор еврогийн ханш унаж байсан юм. Англи, Швейцар, Австрали, Канад, Японы мөнгөн дэвсгэртүүд еврогийн нэгэн адил ам.долларын эсрэг зогсч байдаг валютууд. Долларын ханш чангарсан нь бусад валютуудын ханш унахад нөлөөлж байсан гэдэг. Тухайн үед шинжээчид долларын эсрэг зогсдог валютуудын ханшийн уналт европын холбооны улсуудад хямрал намжтал үргэлжилнэ гэж үзэж байлаа. Тэр болтол ам.долларын ханшийн өсөлт үргэлжлэх нь гэсэн ойлголтыг зах зээлд бий болгоод байсан юм. Ам.долларын ханш гадаад зах зээлд өссөөр байвал энэ нь манай улсад их, бага хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой байлаа. Долларын ханш манай улсад хямд, дэлхийн зах зээлд өндөр байвал, манайхаас уг валют гадагшлах урсгал нэмэгдэх нь гарцаагүй юм. Манайхаас хямд үнээр доллар авч, гадаадад өндөр үнээр зарах бололцоо бий болно гэсэн үг. Энэ нь манай улсын валютын нөөц их, бага хэмжээгээр хорогдох эхлэлийг тавьж болзошгүй юм. Үүнээс зайлсхийх үүднээс гадаад зах зээлд долларын ханш өсвөл, төвбанк долларын албан ханшийг өсгөдөг гэж ойлгодог. Тэр ч утгаараа, гадаад зах зээлд ам.долларын ханш өсөх нь манай улсад хүссэн хүсээгүй нөлөөлдөг гэдэгтэй судлаачид санал нэгддэг билээ. Энэ талаар тэр үеийн Монголын олон улсын хөрөнгийн корпорацийн шинжээч Баясгалан: Монгол улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг учраас гадаад зах зээл дээрх долларын ханшийн өсөлт манайд их, бага хэмжээгээр нөлөөлнө гэж хэлж байснаас харж болно. Тэр үеийн Монголбанкны Валют, эдийн засгийн судлагааны газрын захирал Дэлгэрмаа: Дотоодын зах зээлд бусад валютын ханш ямар байхыг ам.долларын ханш ерөнхийдөө тодорхойлж байдаг гэж хэдэн жилийн өмнө хэлж байсныг бодууштай. Ер нь америк долларын ханш өсвөл, яагаад бусад валютуудын ханш өсдөгийг мэдэх хүн тун цөөн. Тэгвэл манай улс бусад валютуудын ханшийг тогтоохдоо, тухайн өдрийн монголбанкнаас зарласан америк долларын ханшийг, дэлхийн зах зээл дээрх бусад гадаад валютуудын ханшид хувааж тогтоох нь элбэг. Тиймээс америк долларын ханш өсвөл, бусад гадаад валютуудын ханш өсдөг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, төвбанк гадаад, дотоод суурь хүчин зүйл, эрэлт, нийлүүлэлтийг тооцож америк долларын албан ханш зарладаг. Харин бусад валютуудын ханшийг зарлахдаа, дотоодын зах зээл дээрх америк долларын албан ханшийг, дэлхийн зах зээл дээрх бусад валютуудын ханшид хувааж зарлах нь олонтаа гэж ойлгогддог юм. Монголбанк нэг америк долларыг 1385 төгрөгийн албан ханшаар зарлалаа гэж тооцьё. Дэлхийн зах зээлд нэг америк доллар 0.79 евротой тэнцэж байсан гэж тооцьё. Энэ тохиолдолд 1385 төгрөгөө 0.79-д хувааж, дотоодын зах зээлд еврогийн ханш ямар байхыг ойролцоогоор тааварлаж болно гэсэн үг юм. Энэ талаар ямар нэг ном, зохиол, онол ашиглаагүй цээжний тооцоогоор гаргасан аргачлал тул, яг таг мөрдлөг болгох нь өрөөсгөл гэдгийг анхаарах нь зүйтэй. Энэ мэтчилэн төвбанкны ам.долларын албан ханшийг гадаад зах зээлийн ямар ч валютын ханшид хувааснаар дотоодын зах зээлд бусад валютын ханш ямар байхыг баримжаагаар тааварлаж болно. 10 гаруй жилийн өмнө Английн фунт стрерлинг, Швейцарын франк, Японы иений ханшийг энэ аргачлалаар тооцож, дотоодын захын ханш тогтоох нь элбэг байв. Америк долларын ханш гадаадын зах зээлд ямар байхаас дотоодын зах зээлд уг валютын болон дэлхийн бусад орны мөнгөний тэмдэгтийн ханш ямар байх нь хамаардаг нь эндээс харагддаг юм. 

-Үндэсний статистикийн хороо ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ-

2009-01-17. Ам.долларын ханш юунаас болж чангарч байсныг тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Валютын ханш яагаад нэмэгдээд байгаа юм бэ. Төгрөгийн ханш яагаад сулраад байгаа юм бэ. Нэг талаасаа валютын эрэлт, нөгөө талаасаа валютын нийлүүлэлт баланслагдахгүй байгаа. Нийлүүлэлтээс давсан эрэлт бий болоод байгаа учраас валютын ханшинд нөлөө үзүүлж байна. Яагаад валютын эрэлт нэмэгдээд, нийлүүлэлт багасаад байна вэ гэхээр. Нийлүүлэлт талаасаа болохоор гадаад валютаар гүйлгээ хийгддэг, үнэ нь багассан. Тухайлбал, уул, уурхайн бүтээгдэхүүн, дээрээс нь ноолуурын үнэ буурсан учраас нийлүүлэгдэх ёстой долларын хэмжээ багасч байх жишээтэй. Хоёрдугаарт гаднаас орж ирж байгаа гуйвуулга шилжүүлгийн хэмжээ бас буурч байгаа тал бий. Эрэлт талаас нь аваад үзэхээр төгрөгийн хадгаламжаасаа илүү иргэд валютын хадгаламж илүү сонирхож байна. Тухайлбал, 2008 оны жилийн эцсийг 2007 оны жилийн эцэстэй харьцуулахад, төгрөгийн хадгаламж 174 тэрбум төгрөгөөр буурч, валютын хадгаламж 77 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр иргэд валютын хадгаламжийг илүү их сонирхож байна. Хоёрдугаарт манай улсад валютын гүйлгээгээр гүйлгээ хийгдээд байна гэж үзэж байгаа. Тухайлбал, орон сууц, авто машин үнэ өртөг бүхий гүйлгээ хийхдээ гадаад валютаар хийгдэж байгаа учраас гадаад валютын хэрэгцээ нэмэгдэж байгаа гэсэн тайлбар өгч байсан юм. Долларын эрэлт, нийлүүлэлт тэнцэж байж ханш тогтвортой байх ганц баталгаа болдог. Гэтэл дээр дурдсан шалтгаануудаас үүдэж долларын эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багассан байна. Үүнээс үүдэж ам.долларын ханш яван чангарч байсныг тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг онцолж байсан юм. 

-Сангийн яам ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ-

2008-2009 оны хямралын үед ам.долларын ханш өссөн талаар тэр үеийн Сангийн яамны Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Жаргалсайхан: Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн хэд хоногт харьцангуй тогтоворжиж байна гэж хэлж болно. Цаашид харьцангуй тогтвортой байх болов уу. Ер нь бол огцом өөрчлөлт эдийн засагт янз янзын сөрөг үр дагавартай. 1100 байснаа гэнэт 1500, эсвэл 1800 болох нь эдийн засагт их төвөгтэй, бизнес эрхлэгчдэд их эргэлзээ төрүүлдөг. Харьцангуй тогтвортой бага, багаар сулрах процесс явагддаг л даа. Манайх бол ийм бодлого зарчим барьж ажиллаж байна. Гадаад валютын нөөц багассанаас эрэлт нэмэгдэж, нөгөө талаар Солонгост воны ханш нэлээд суларлаа. Тэр нь манай валютын гадагшаа явах урсгалд нөлөөлсөн юм болов уу гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, манайхан эндээс доллар Солонгос руу зөөгөөд, тэндээ вон болгож, воноороо машин тоног төхөөрөмж оруулж ирээд байгаа юм болов уу. Тэрнээс болоод валютын нөөц нэлээд гадагшаа урссан байх. Монголбанк болон Засгийн газрын зүгээс гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарч байна. Юуны өмнө гаднаас авахаар тохиролцсон зээл тусламж, бэлэн болсон гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Энэ төслүүд хэрэгжүүлээд эхэлбэл зохих нөөц орж ирнэ. Хоёрдугаарт алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд тушаах ёстой. Сая босгыг нь дээшлүүлж 85 гээд баталчихсан. Тиймээс 68 хувийн татвар бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд байна гэж хэлэхийн аргагүй. Тиймээс монголбанкинд алтаа тушаагаад, тэр хэмжээгээр валютын нөөцөө өсгөх боломжтой. Нөгөө талаар, санхүүгийн хямралтай холбоотойгоор гаднаас хөрөнгө оруулалт татах асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байна. Ямар нэг хэмжээгээр боломжийн хэмжээний гадаад валют ороод ирвэл, валютын нөөц нэмэгдээд ирнэ. Энэ тохиолдолд валютын эрэлтийг нийлүүлэлтээр хангах бололцоотой. Тиймээс ам.долларын ханш цаашид тогтворжино гэж үзэж байна хэмээн ярьж байсан юм. Гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулалт орж ирвэл, мөн алтны нөөцөө нэмэгдүүлж чадвал гадаад валютын албан нөөц нэмэгдэж, үүнийгээ дагаад америк долларын ханш тогтворжино гэж үзэж байсан юм. Хэдийгээр ийм тайлбар өгсөн ч, тухайн үед алтны улирал түр зогссон учраас төвбанкинд тушаагдах алтны хэмжээ төдийлөн өсөхгүй байлаа. Мөн гаднаас орж ирэх зээл, тусламж шийдэгдээгүй байсан учраас долларын ханш цаашид тогтворжино гэж хэлэхэд эрт байв. Гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулалт орж ирж, төвбанкны алтны нөөц нэмэгдсэн цагт долларын ханш буурч магадгүй байлаа. Тэр болтол америк доллар хаврын тэнгэр шиг аашаа хувиргасаар байх нь тодорхой байсан юм.

-Монголбанк ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ-

Манай улсын дэлхийн зах зээлд нийлүүлдэг гол түүхий эдийн нэг бол зэс. Хямралын үед зэсийн ханш дэлхийн зах зээл дээр огцом уруудсан юм. Тиймээс экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс орж ирдэг гадаад валют багасч магадгүй. Тэр ч утгаараа долларын ханш чангарна гэж эдийн засагчид үзэж байлаа. Тэгвэл 2008-2009 оны хямралын үед Монголбанкны Валютын газрын захирал Дэлгэрмаа: Амралтын өдрүүдэд арилжааны банкуудын ихэнх нь ажилладаггүй. Энэ үеийг далимдуулж валют арилжааны төвүүд зохиомлоор долларын ханшийг хөөрөгдсөн. Манай улсад долларын нөөц их байгаа тул үүнд санаа зовох зүйлгүй. Ам.долларын ханшийн огцом хөөрөгдөл түр зуурын үзэгдэл байсан. Ер нь бол аливаа төв банкны бодлого бол төгрөгийн ханш нь өөрөө зах зээлийн эрэлт нийлүүлэтийн үндсэн дээр чөлөөтэй тогтож байх ийм зарчим барьдаг. Хэрэв зах зээл дээр их хэмжээний савлагаа гэнэт үүсэх юм бол тэрийг зөөлрүүлэх байдлаар ажилладаг. Энэ бол аль ч төвбанкинд байдаг асуудал. Манай банк ч гэсэн ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд төгрөгийн ханш дээр гарсан энэ огцом өөрчлөлт бол үндсэндээ бодитой биш. Түр зуурын шинжтэй ийм асуудал байгаа. Яагаад гэхээр төгрөгийн ханш бол нэлээд удаан хугацааны турш чангарч байгаа. Энэ нь гадаад валют их хэмжээгээр нөөцөлсөн хэсэг хүмүүст бол ашиг сонирхолгүй зүйл байсан байж болно. Тэгэхээр энэ амралтын өдрүүдэд та бүхэн мэдэж байгаа. Арилжааны банкууд ихэнх нь ажилладаггүй. Цөөн тооны ажилладаг банкууд салбарууддаа долларын зузаатгалаа хангалттай хийж амжаагүй байсан гэх хариултыг 2008 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр өгч байсан юм. Валют арилжааны төвүүдэд ийм нөхцөл байдал үүсч, долларын ханш гэнэт хөөрөгдмөгц төв банк арилжааны банкуудад нийлүүлэлт хийх замаар хомсдолыг түр зуур намжаасан байдаг. Ингэснээр долларын ханш ченжийн захуудад 1500 төгрөгт хүрч байснаа бодвол бага зэрэг буусан юм. Тиймээс долларын ханш чангарлаа гэж төгрөгийн хадгаламжаа доллар болгох нь эргээд эрсдэл дагуулж болзошгүй. Тухайлбал, долларын ханш эргэн тогтворжих, эсвэл унавал төгрөгийн хадгаламжаа валютын хадгаламж болгосон иргэд ханшийн болон хүүгийн зөрүүнд эрсдэл хүлээж магадгүй тухай хэлэх эдийн засагчид цөөнгүй байлаа.

-Арилжааны банкууд ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ-

Зоос банкны Хөрөнгө зохицуулалтын газрын дарга Баасандорж: Америк долларын тухайд зах зээл дээр долларын ханш 5 дахь өдрөөс эхлээд огцом өсөөд эхэлсэн. Үүний гол шалтгааныг манай банкны дүгнэж байгаагаар эрэлт өсч байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Эрэлт нийлүүлэлт хоёр тэнцэж байж зах зээл дээр ханш тогтвортой байх ёстой байдаг. Нийлүүлэлт бол өмнөх хэмжээндээ хэвийн явагдаж байгаа. Төв банкнаас доллар зарахгүй байна гэсэн шумаар бол ам.долларын зохиомол эрэлт бий болж, долларын ховордол бий болоод ханш өссөн гэж үзэж байгаа. Бодит байдал дээр нийлүүлэлт хэвийн хэмжээнд явагдаж байна. Төв банк бол арилжааны банкууддаа нийлүүлэлтээ хэвийн хэмжээнд явуулж байгаа. Ийм учраас энэ бол зохиомол үүссэн хомсдол учраас эргээд яваандаа тогтворжих хандлага руу явна. Одоо бол долларын ханш буугаад эхэлчихсэн байгаа. Тэгэхээр цаашид бол ам.долларын ханш эргэн хэвийн хэмжээндээ хүрэх. Үүсчихсэн байсан нөхцөл байдлууд алга болж буцаад хэвийн хэмжээндээ хүрнэ гэж үзэж байна. Монголбанкнаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээнүүдийн авч ойрын үед арилжааны банкуудтай ойрхон ажиллаж байна. Ямар учраас эрэлт зохиомлоор өсч байна гэсэн тоон судалгаан дээр дүгнэлт хийж, янз янзын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тодорхой хэмжээгээр эрэлт ихэссэнтэй холбоотойгоор, тодорхой хэмжээгээр нийлүүлэлтээ ихэсгэж байгаа. Ер нь бол өсгөж байгаа учраас цаашид хэвийн хэмжээнд очино гэж үзэж байгаа. Еврогийн тухайд цэвэр гадаад зах зээлийн крос ханшнаасаа шалтгаалж буусан байгаа. Өөрөөр хэлбэл, евро 1.6 доллартай тэнцдэг байсан бол, 1,20 доллартай тэнцэж бууж ирсэн. Үүнтэй холбоотойгоор еврогийн ханш бууж байсан. Харин сүүлийн үед дотоодын зах зээл дээр доллар өсч байгаатай холбоотойгоор кросоороо нөлөөлөөд, еврогийн ханш төгрөгийн эсрэг чангарсан. Энэ үзэгдэл ам.долларын ханш тогтворжоод хэвийн хэмжээндээ ороод ирэхээр дагаад зах зээлийнхээ бодит ханш руу орох төлөвтэй байгаа. Америк долларын тухайд 1175-аар аваад, 1180 төгрөгөөр зарж байна. Өглөө 1190 төгрөгөөр зарж байсантай харьцуулахад зохиомол эрэлт багасаад, хэвийн хэмжээ рүүгээ явж байна. Ер нь бол ам.долларын ханшийг тогтоохдоо гадаад, дотоод гээд хоёр ханш манайд үйлчилж байна л даа. Гадаад зах зээл дээр ам.долларын ханш бусад бүх валют, металлын эсрэг чангараад явж байгаа. Бусад валютын хувьд яг кроссоороо дагаад нөлөөлчихдөг. Тэгэхээр дотоодын зах зээл дээр ам.доллар тогтворжоод ирэхээр бусад валютууд ч гэсэн тогтворжино. Америк долларын ханш огцом чангарах болсныг түр зуурын үзэгдэл, зохиомол хөөрөгдөл. Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлж байгаа долларын хэмжээ өмнөхийн адил хэвийн явагдаж байгаа. Тиймээс зохиомол эрэлт бий болсон хэмээн хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Тэгвэл Анод банкны дилер Мөнх-Оргил: Ерөнхийдөө манай монголын зах зээл дээр эрэлт илүү давсан байгаа. Нэг хэсэг төвбанкны нийлүүлэлтээр хангаж явж байсан. Сүүлийн хэд хоног банкуудад огт нийлүүлэхгүй байгаа юм бас биш. Нийлүүлэлтээ хязгаарлаад, банкууд авч чадахгүй болохоор тодорхой хэмжээгээр ам.долларын эрэлт бий болж хүмүүс шуурдаг шүү дээ. Ам.доллар чангарлаа гэхээр мөнгөө уг валют руу шилжүүлээд эхэлж байгаа юм. Ам.доллар хомсдоод эхлэхээр сая хэд хоног огцом чангарлаа. Гэхдээ сүүлийн үед төвбанк арилжааны банкуудад бага зэрэг нийлүүлэлт хийгээд эхэлж байна. Тэгэхээр яваандаа гайгуй тогтворжих байх. Учиргүй өсчихгүй байх хэмээн хэдэн жилийн өмнө хэлж байсан билээ.

-Валют арилжааны төвүүд ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ-

2009-01 сард. Монголбанкны Ерөнхийлөгч Батсүх 2009 оны босгон дээр огцрох өргөдлөө өгсөн билээ. Хоёр долоо хоног шахуу эзэнгүй байсан төвбанкны ерөнхийлөгчид цөөнгүй хүн нэр дэвшиж, УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж олонхийн саналаар уг албан тушаалд томилогдсон юм. Төвбанкны ерөнхийлөгчийн суудал хэд хоног эзэнгүй байх хооронд валют арилжааны төвүүдэд долларын ханш огцом чангарч нэг ам.доллар 1500, хятадын юань 300 төгрөг болтлоо өсч байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Тухайн үед валютын ченж Энхбаатар: Хэт их ашиг олохын тулд биднийг зохиомлоор өсгөж байна гэж ойлгодог. Бид санаатай өсгөөд байгаа юм биш. Доллар олдохгүй байгаа болохоор өндөр үнээр авч байна. Өндөр үнээр авсан болохоор 5-10 төгрөг нэмээд буцаагаад зарж байна. Үүний үндсэн дээр долларын ханш өсч байна. Өглөө буугаад үдээс хойш өссөн нь доллар ховордсон учраас тэр. Доллар худалдах хүмүүс байгаа ч, худалдаж авах сонирхолтой хүмүүс их байна. Зах зээл дээр доллар ховордвол өсч, элбэгшвэл унаж байна. Зах зээл дээр байгаа бодит ханш бол энэ шүү дээ. Арилжааны банкууд долларын ханшаа барьж  чадахгүй захын ханш хараад өсгөөд байна шүү дээ. Бүх валют доллартай харьцдаг учраас доллар өсвөл дагаж өсөөд, унавал дагаж унаж байна. Өөрөөр хэлбэл, нэг доллартай харьцах монгол төгрөгийн ханш өсөхөөр бусад валютын төгрөгтэй харьцах ханш өсч байна. Ер нь бүхий л валютын ханш 10-15 хувиар өссөн гэсэн тайлбарыг өгч байсан юм. Тэр үед арилжааны банкууд 5 мянгаас дээш хэмжээний доллар худалдаалахгүй байлаа. Үүнээс дээш хэмжээний гадаад валют худалдан авахын тулд иргэд хүссэн хүсээгүй валют арилжааны төвүүдийг зорихоос өөр аргагүйд хүрч байсан юм. Харамсалтай нь энэ үед валют арилжааны төвүүд долларын ханшийг монголбанкны зарлаж байгаа ханшаас хэт дээгүүр ханшаар хөөрөгдөх оролдлого хийж байв. Тэд бүр ханш хөөрөгдөх зорилгоор гадаад валют худалдаалахгүй байсан юм. Үүнд Цэцэг валют арилжааны төвийн ченж: Валют арилжааны төвүүд үүд хаалгаа бариагүй. Өчигдөр валют аваад, зарах гүйлгээ хийгээгүй. Яагаад ингээд байна гэхээр хэдэн өдөр бүх телевизээр ченжүүд зохиомлоор ханш өсгөөд байна гэж ярив. Хэдэн цаас олохын тулд ард түмнийг холгоод, хожоод байна гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс ченжүүд хоорондоо ярилцаад нэг ч доллар зараагүй. Гэхдээ хэсэг хугацаанд буюу үдээс өмнө. Харин үдээс хойш хэвийн үйл ажиллагаандаа орсон гэх тайлбар өгч байсан юм.

-Валют арилжааны төв буюу ченж хэрэгтэй юу-

Тухайн үед валют арилжааны төвүүдэд америк доллар 1500, харин юань 300 төгрөгт хүрсэн тал бий. Энэ үед бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр валют арилжааны төвүүд долларыг зохиомлоор хөөрөгдсөн гэх мэдээлэл гарчээ. Үүнтэй холбоотойгоор валют арилжааны төвүүд хоорондоо ярилцаж, түр хугацаагаар валют зарахгүй байх шийдэлд хүрсэн тухай зарим хүмүүс хэлж байсан билээ. Гэхдээ дийлэнх нь долларын ханш өсгөх оролдлого хийж байсан нь илт байлаа. Долларын ханшийг валютын ченжүүд байх ёстой хэмжээнээс нь хэт хөөрөгдөх оролдлого хийж байсан тул валют арилжааны төвүүд хэрэгтэй юу гэсэн асуулт хүртэл гарч байсан нь нууц биш. Тэгвэл үүнд эдийн засагчид байх ёсны асуудал хэмээн хариулдаг. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч асан Үнэнбат: Валют арилжааны төвүүд байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Банк санхүүгийн тэнхимийн багш Дэлгэрсайхан: Валют арилжааны төвүүдийг хаавал арилжааны банкууд долларын ханшийг өсгөхгүй гэх баталгаа үгүй. Тиймээс валют арилжааны төвүүд ч тэр, арилжааны банкууд ч тэр аль аль нь валют арилжаалах хэрэгтэй. Ингэж чадвал өрсөлдөөний зарчмаараа долларын ханш тогтвортой байж чадна. Валют арилжааны төвүүдийг хүчээр хаавал сөрөг үзэгдэл гарч мэдэх юм. Ер нь худалдаа үйлчилгээний салбар бүрт нүүрлэж, үнэ хөөрөгдөж байгаа явдлыг халах энгийн арга бол, бараа таваарын биржүүд байгуулах явдал. Гэхдээ ченжүүдийг зах зээлээс арчих нь буруу алхам юм хэмээн хариулж байсан юм. Монгол улсын их сургуулийн Санхүүгийн тэнхимийн доктор, профессор Цэрэнпил: Ченжүүд зах зээлд байх ёстой гэвэл ёстой. Гэхдээ, манай улсад худалдаа үйлчилгээ явуулж байгаа ченжүүд хэтэрхий ашгийн төлөө хөөцөдөж байна. Уг нь ченжүүд гэж үйлдвэр худалдан авагч хоёрыг холбодог гүүр нь байгаа юм. Тодруулбал, үйлдвэрийн барааг хэрэглэгчдийн гарт хүргэх ёстой юм. Гэтэл, манай улсад ченжүүд ашгийн төлөө улайран хөөцөлдөж бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг хөөрөгдөх нь элбэг гэсэн хариулт хэдэн жилийн өмнө өгч байлаа. Тэгвэл Монгол улсын их сургуулийн Санхүүгийн тэнхимийн тэргүүлэх профессор, доктор Дуламсүрэн: Ерөөсөө зах зээл чинь нэг талаасаа эрэлт, нөгөө талаасаа нийлүүлт байдаг. Нийлүүлэлт хийж байгаа талыг яаж зохион байгуулах вэ гэдэг нь анхаарлын төвд байдаг асуудал. Жишээлбэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системд үйлдвэрлэгчид өөрсдөө шууд бүтээгдэхүүнээ худалдан борлуулах юм уу, эсвэл худалдааны сүлжээгээрээ дамжуулан худалдан борлуулах, эсвэл нэрийн дэлгүүртэй байх юм уу гэсэн асуудлуудыг судалж, аль нь оновчтой вэ гэдгийг ярьж хийдэг байсан зүйл байгаа юм. Өнөөгийн манай тогтолцоонд энэ асуудал бас л сөхөгдөж гарах ёстой болж байгаа юм. Өнөөдөр аль ч салбарын үйлдвэрлэгчид өөрсдөө заавал бүтээгдэхүүнээ хэрэглэгч юм уу, зах зээлд хүргэж чаддаггүй, тэрнийг дамжуулах үүргийг худалдаа үйлчилгээний салбар гүйцэтгэж байх ёстой. Тийм учраас үйлдвэрлэгчид нь худалдааны сүлжээнд байнгийн гэрээтэй, хэлхээ холбоотой ингээд ажиллаж байх учиртай юм. Тэр хоёрыг сүлжээнд ченжүүд ажиллаад байгаа юм. Бараа, таваарын биржийг зохион байгуулах замаар нэг хийж болно. Эсвэл худалдааны байгууллагатай шууд гэрээтэй. Хүргэж өгдөг, авдаг ийм байх юм бол, ченжээр дамжуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж болно. Ер ченж гэдэг мэргэжлийн бус, зүгээр нэг дамжуулагч хэрнээ, завсарт нь их хэмжээний ашиг олоод байгаа хэрэг юм. Энэ нь маш буруу тогтолцоо болоод байгаа юм шүү дээ. Ер нь олон улсын өрсөлдөх чадварын индекс гэдэг үзүүлэлт байдаг юм. Тэр нь улсын эдийн засаг дахь байдал, төрийн тогтолцоо, нийгмийн амьдралын түвшингүүдийг шалгуур болгон сонгож авсан үзүүлэлтүүдээр өрсөлдөх чадварыг тодорхойлдог. Тэр дотор зах зээлийн боловсронгуй байдал гэж байдаг. Тэр зах зээлийн боловронгуй байдал гэдэг чинь үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд үйлчилгээ, бараа нь хамгийн  оновчтой шугамаар явж хүрч чадаж байна уу гэдэг тэр зах зээл Төгс өрсөлдөөн сайтай байгаа юм уу гэдгийг үүгээр харуулдаг. Энэ үзүүлэлтээр манайх маш доогуур үнэлэгддэг. Арга ч үгүй юм. Хамгийн бүдүүлэг, болхи тотолцоо энэ зах зээл дээр үйлчилж байна. Яагаад бүдүүлэг, болхи гэж байгаа юм гэхээр албан бус хүмүүс завсарт нь бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх үйл ажиллагаа явуулж байна. Тйимээс ченжийг дамжуулагч хийж байгаа нөхцөлийг зохион байгуулалтын хувьд эрс өөрчлөх хэрэгтэй хэмээн хэдэн жилийн өмнө хариулж байсан билээ. Тэр ч утгаараа валют арилжааны төвүүдийг хаах нь оновчтой алхам биш гэж дийлэнх эдийн засагчид хариулж байлаа. Гэтэл тэр үед валют арилжааны төвүүд долларын ханшийг өсгөх оролдлого хийсээр байлаа. Энэ үед яах ёстой вэ. Монголбанк арилжааны банкуудад хийх валютын нийлүүлэлтээ таслахгүй байх нь долларын ханшийг тогтвортой байлгах эцсийн найдвар болж байсан цаг үе юм. 

-Валют арилжааны төвүүдийг цэгцлэв-

2009-05-06. Нэг хэсэг гадаад зах зээлд зэсийн үнэ унаж, 2700 америк долларт хүрсэн билээ. Үүнээс үүдээд манай улсад орж ирэх валютын хэмжээ эрс багассан юм. Гаднаас доллар орж ирэхгүй байсан тул, манай улсын валютын албан нөөц багасч эхлэх нь тэр. Өөрөөр хэлбэл, хоёр сар гаруйн хугацаанд гадаад зах зээлд зэсийн үнэ унасан нь долларын зузаатгал буурах шалтгаан болсон юм. Энэ үед төвбанкинд 700 сая ам.долларын нөөц байсан бол, удалгүй 640 сая ам.доллар болж буурсан  тал бий. Тун богинохон хугацаанд гадаад валютын нөөц 60 сая ам.доллараар багассан нь энэ. Байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл манай улс жил хүрэхгүйн хугацаанд гадаад валютын нөөц гэхээр юмгүй болж магадгүй байлаа. Эндээс дотоодын зах зээлд доллар хомсдох эхлэл тавигдсан юм. Доллар хомсдож өдөр бүр албан ханш нь өсч байлаа. Тэр үед хүн бүр мөнгөө өсгөхийн тулд ченж хийх нь холгүй юм болж байв. Энэ нь ам.долларын эрэлтийг улам нэмэгдүүлж, ханшийг нь хөөрөгдөж байсан юм. Тиймээс тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, 25 валют арилжааны төвд шалгалт хийсэн байдаг. Үүгээр 11 валют арилжааны төв ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоэж байлаа. Тиймээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан валют арилжааны цэгүүдийг хаахаар болсон юм. Мөн шалгалтаар валют солиулсан хүмүүст гүйлгээний баримт өгдөггүй. 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхдээ төвбанкинд мэдэгддэггүй зэрэг зөрчлүүд илэрч байсан юм. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос 2009 оны гуравдугаар сард валют арилжааны төвүүдийг банк бус санхүүгийн байгууллага болгох шийдвэр гаргасан юм. Уг шийдвэр 2009 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх нь тэр. Тэр үеийн Санхүүгийн зохицуулах хорооны бичил санхүүгийн газрын дэд дарга Оюунбилэг: 50 сая төгрөгийн дүрмийн сангаа бүрдүүлсэн 39 валют арилжааны төв албан ёсоор банк бус санхүүгийн байгууллага болсон. Гэхдээ зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа буюу валют арилжаалж байгаа олон газар бий. Эдгээр газруудад шалтгалт хийж, хууль бусаар үйл ажиллагаа явуулвал зохих ёсны хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан юм. Валют солих цэгийн дүрмийн санг нэмэгдүүлж, үйл ажиллагааг ингэж журамласан нь валютын ханшийг барих нэг бодлого хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байсан ч, валютын ханшийн хөөрөгдлийг дахин өдөөж болзошгүй гэж үзэх хүмүүс ч байлаа. Бодит байдал дээр валют солих цэгүүдийг банк бус санхүүгийн байгууллага болгоно гэх мэдээлэл гарахаас өмнө Найман шарга захын ченжүүд нэг америк долларыг 1575 төгрөгөөр авч, 1590-ээр зарж байлаа. Харин дараа нь тус захын ченжүүд нэг америк долларыг 1600 төгрөгөөр худалдан авч, 1610 төгрөгөөр худалдаж байсан юм. Тус захад ам.долларын ханш ингэж өссөн нь ченжүүд дүрмийн сангаа бүрдүүлэх үүднээс 50 сая төгрөгийн эрэлд гарсантай холбоотой хэмээн ярьцгааж байв. Энэ нь түр зуур нөлөөлж байсан хүчин зүйл байсан бол, цаад шалтгаан нь валютын нөөц багасч төвбанкны албан ханш өдрөөс өдөрт өсч байсантай холбоотой байлаа.

-Валютын зохицуулалтын тухай хууль-

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэн үндэсний мөнгөн дэвсгэрт болох төгрөгөөр гүйлгээ хийх ёстой гэсэн хуулийн заалт бий. Монгол улсын нутаг дэсвгэр дээр гадаад валютаар худалдаа, наймаа хийхийг хуулиар хориглосон байдаг гэсэн үг юм. Монгол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүднээс тэр. Төвбанкныхан үеийн үед энэ хуулийн хэрэгжилт хангалттай сайн байгаа гэсэн хариулт өгч ирсэн. Гэхдээ зарим үед уг хууль хэрэгжихгүй байх үе гарч байлаа. Тухайлбал, 2008-2009 оны хямралын үед ам.долларын нөөц багасч, ханш нь өсч байхад уг валютаар худалдаа наймаа хийхийг илүүд үзэх аж ахуйн нэгжүүд олширч байсан юм. Тухайлбал, гадаад хэл сургалтын төв, дунд сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, агаарын тээврийн болон барилгын компаниуд боломж гарвал төлбөр тооцоогоо ам.доллараар хийхийг илүүд үзэж байсан гэдэг. Валютын ченж Сэргэлэн: Машин, орон сууцны төлбөр тооцоог валютаар авах сонирхол нэмэгдсэн байна. Монгол мөнгөөр төлбөр тооцоо хийх сонирхолтой газар цөөн байгаа учраас долларын ханш өсөхөд нөлөөлж байна гэх хариултыг хэдэн жилийн өмнө өгч байлаа.
Харин тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Орон сууц, машин зэрэг өндөр үнэтэй гүйлгээ гадаад валютаар хийгдэж байгаа учраас долларын эрэлт нэмэгдэж байж болзошгүй хэмээж байсан юм. Тиймээс яагаад монгол улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр төлбөр тооцоо хийх хууль хэрэгжихгүй байгаа талаар тодруулахад тэр үеийн Монголбанкны Валютын газрын дарга Дэлгэрмаа: Америк доллараар тооцоо хийж буй гэх аж ахуйн нэгжүүд дээр очиж шалгалт хийхээр нотлогдохгүй байгаа юм. Харин иргэд гэрээ хэлэлцээрээ авч ирж ам.доллараар төлбөр тооцоо хийснээ нотолж байна. Тиймээс Монголбанк Сангийн яамтай хамтран боловсрол, худалдаа, барилгын салбарт ам.доллараар төлбөр тооцоо хийж байгаа эсэхт шалгалт хийсэн. Валютын зохицуулалтын тухай хуулиар ам.доллараар төлбөр тооцоо хийсэн аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулсан. Харамсалтай нь компаниуд ногдуулсан торгуулийг төлчихдөг. Тиймээс аж ахуйн нэгжүүд худалдаа наймаагаа доллараар хийх нь зогсохгүй байна гэсэн тайлбар өгч байсан билээ. Монголбанкинд тухайн үед аж ахуйн нэгжүүд гадаад валютаар төлбөр тооцоо хийсэн гэх 70 гаруй гомдол иржээ. Тиймээс ам.доллараар худалдаа наймаа хийж, монгол төгрөгийн ханшийг унагаж байсан аж ахуйн нэгжүүдэд валютаар төлбөр тооцоо хийхгүй байхыг төвбанкнаас хэд хэдэн удаа анхааруулсан байгаа юм. Аж ахуйн нэгжүүд гадаад валютаар төлбөр тооцоо хийхгүй гэдгээ тухайн үед олон нийтэд зарласан ч, зарим нь хийсээр байжээ. Тиймээс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг дөрвөн байгууллагаас ажлыг хэсэг гарч, төгрөгөөр төлбөр тооцоо хийж байгаа эсэхт дахин хяналт тавихаар болсон юм. Валютаар худалдаа наймаа хийсэн аж ахуйн нэгжүүд төвбанкнаас ногдуулсан торгуулийг төлчихдөг учраас Валютын зохицуулалтын тухай хуульд хүртэл нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байгаа юм. Төвбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ам.доллараар төлбөр тооцоо хийсэн аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулах бус, хатуухан хариуцлага тооцох нэмэлт заалт оруулсан байлаа. Хуулийн шинэчилсэн найруулга чуулганаар батлагдвал аж ахуйн нэгжүүд ам.доллараар төлбөр тооцоогоо авах нь багасч, төгрөгөөр төлбөр тооцоо хийх орчин нэмэгдэнэ гэж үзэж байсан юм. Тухайлбал, зарим хуулиудад гаалийн татварыг америк доллараар хийнэ гээд заачихсан тул Валютын зохицуулалтын тухай хууль хэрэгжиж чадахгүй байсан тал бий. Өөрөөр хэлбэл, гаалиар оруулж ирж байсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг гадаад валютаар тооцож байсан нь зарим талаараа ам.долларын эрэлтийг өсгөж байсан юм. Валютын зохицуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нефть импортлогчид онцгой албан татвараа төгрөгөөр хийх бололцоо бүрдсэ. Ингэснээр төгрөгийн америк доллартай харьцах ханшийн хэлбэлзлийг зогсоох боломжтой болсон талаар холбогдох мэргэжилтнүүд хэлж байсан юм.

-Гадаад валютаар төлбөр тооцоо хийсэн газрууд-

2010.09.08. Монголбанк, Сангийн яамны хамтарсан шалгалтаар Мобиком, МИАТ зэрэг компаниуд төлбөр тооцоогоо ам.доллараар хийж байсан болох нь тогтоогдсон тал бий. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар зарим барилгын компани, боловсролын байгууллагууд үйлчилгээнийхээ төлбөр хураамжийг гадаад валютаар хийдэг нь тогтоогдож байсан юм. Тухайлбал: 

  1. Эко констракшн ХХК
  2. Үлэмж ХХК
  3. Гүнж мөрөн ХХК
  4. Жигүүр гранд ХХК
  5. Нийслэл өргөө ХК
  6. Бридж констракшн ХХК
  7. Модун ХХК
  8. Булбул ХХК
  9. Хасуу констракшн ХХК
  10. Макс өргөө ХХК
  11. 3аг ХХК
  12. Батбуянт-Эх ХХК
  13. Свара Монголиа ХХК
  14. Сүмбар констракшн ХХК
  15. Атимос трейд ХХК
  16. Номин констракшн ХХК
  17. Монтед ХХК
  18. Радуга дунд сургууль
  19. Орчлон /сургууль, цэцэрлэг/
  20. Сант дунд сургууль
  21. Олонлог-Төв дунд сургууль
  22. Улаанбаатар хот дахь олон улсын сургууль
  23. Үй цай дунд сургууль
  24. Үлгэр/Сказка/ цэцэрлэг
  25. Хобби дунд сургууль
  26. Монгени дунд сургууль
  27. Хартфорд институт
  28. Улаанбаатар дахь америк сургууль
  29. Плехановын академи, лицей сургууль
  30. Сакура дунд сургууль
  31. Бөмбөөлэй /Микки/ цэцэрлэг
  32. Шинэ монгол дунд сургууль
  33. Чин хур сургууль, цэцэрлэг
  34. Гурван тамир дунд сургууль
  35. Улаанбаатар элит олон улсын сургууль

зэрэг барилгын болон боловсролын байгууллагууд үйлчилгээнийхээ төлбөр хураамжийг гадаад валютаар гүйцэтгэж байсан нь холбогдох газраас явуулсан шалгалтаар хэдэн жилийн өмнө илэрч байсан юм. Энэ нь америк долларын эрэлтийг нэмэгдүүлж, уг валютын ханшийг хөөрөгдөх хөшүүрэх болж байсан гэдэг. Тиймээс монгол улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд монгол төгрөгөөр гүйлгээ хийхийг төвбанкнаас анхааруулахын зэрэгцээ, холбогдох хуульд өөрчлөлт оруулж, хариуцлагыг нь чангатгасан юм.

-Америк долларын албан ханш төсөвт тусгасан үнээсээ буурвал экспортлогчдод алдагдалтай-

2010.09.08. 2010 оны төсвийн төсөлд америк долларын ханш 1410 төгрөг байхаар тусгаж байлаа. Гэвч америк долларын ханш тооцоолж байсан түвшнөөс уруудаж 1327 төгрөг болсон тал бий. Долларын ханш ингэж буурсан нь нэг талаас төгрөгийн ханш сэргэх таатай боломжийг бий болгож байсан ч, нөгөө талаас экспортлогчдод хүндээр тусч байсан юм. Энэ тухай Монгол улсын их сургуулийн санхүүгийн тэнхмийн багш, доктор, тэргүүлэх профессор Дуламсүрэн: Долларын ханш буурвал гаднаас хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүн орж ирдэг. Тэр утгаараа импортын барааны үнэ хямдарч, инфляци өсөхгүй байх нэг баталгаа болдог. Гэхдээ долларын ханш буурах нь экспортлогчдод хүндээр тусдаг. Манай экспортлогчид гадаад зах зээлд арилжаалсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг доллараар авч, үүнийгээ дотоодын зах зээлд төгрөгт хөрвүүлдэг. Дотоодын зах зээлд долларын ханш унавал, экспортлогчдын орлого буурдаг хэмээн хариулж байлаа. Үнэхээр ч тийм. Америк долларын ханш унасан үед үйлдвэрлэгчид экспортынхоо орлогыг төгрөгт хөрвүүлэхэд ашиг нь бага байх нь ойлгомжтой. Энэ мэтчилэн америк долларын ханш төсөвт тусгасан үнээсээ буурвал экспортлогчдын орлого буурах замаар төсвийн тооцоолсон орлого тасалдах магадлал өндөр байдаг юм. Тиймээс 2010 оны төсөвт америк долларын ханш 1410 төгрөг байхаар тусгасныг төсвийн тодотголоор өөрчилсөн байлаа. Энэ талаар тэр үеийн Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Батбаяр: Америк долларын ханш 1360 төгрөг байхаар төсөвт тодотгол хийсэн тухай хэлж байсан юм. Ам.долларын ханшийг төсөвт тусгахдаа энэ мэт нарийн тооцоолдог шиг, түүхий эдийн ханш дэлхийн зах зээлд ямар хандлагатай байхыг мөн нарийн сайтар судалсны үндсэн дээр төсөвт тусгаж ирсэн. 2010 онд дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 5148 доллар байхаар, дотоодын зах зээлд америк долларын албан ханш 1360 төгрөг байхаар төсвийн тодотгол хийсэн юм. Төсөвт тусгасан зэсийн үнийн таамаглалыг, төсөвт тусгасан бүтээгдэхүүн, төсөвт тусгасан ам.долларын ханшаар үржүүлж Эрдэнэт үйлдвэрээс авах татварыг төсвийн төсөл хэлэлцэх үеэр яг таг баталсан байлаа. Гэтэл удалгүй ам.долларын ханш төсвийн тодотголд тусгасан үнээсээ буурч 1300 төгрөг болж уруудах нь тэр. Тухайн үед Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ганзориг: Манай улсын зэс, нүүрсний экспорт нэмэгдээд зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулалт өссөн. Эдгээр нь гадаад валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлж, америк долларын ханш буурахад нөлөөлсөн болохыг хэлж байсан юм. Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын дийлэнх хувийг бүрдүүлж ирснийг хэн хүнгүй мэднэ. Тус үйлдвэрийн дэлхийн зах зээлд арилжаалсан зэсийн баяжмалын орлогыг ам.доллараар авдаг. Манай улс гадаад худалдааны төлбөр тооцоогоо америк доллараар хийдэг учраас тэр юм. Гэвч дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн баяжмал 5148 ам.долларын ханштай байсан ч, дотоодын зах зээлд уг валютын ханш төсвийн тодотголд буурсан нь Эрдэнэт үйлдвэрийн орлого буурч, тооцоолсон орлого буурч болзошгүй байлаа. Тиймээс тухайн үед Сангийн яам Монголбанкинд захиалж ам.долларын ханшийг өдөр 3-4 төгрөгөөр зохиомлоор өсгөх оролдлого хийж байгаа тухай яриа гарч байсан нь нууц биш. Харин үүнд Сангийн яам болон Төвбанкныхан валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа зохицуулагдаж байгаа гэх хариулт өгч байсан юм. Судлаач Оюун: Долларын ханш буурвал, төгрөгийн ханш нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар сайжирна гэж бид төсөөлдөг. Нэг талаас тийм боловч, нөгөө талаас долларын ханш буурч, төгрөгийн ханш чангарвал, экспорт буурч, гаднаас орж ирэх долларын урсгал хаагдах аюултайг хэлдэг юм. Тиймээс ам.долларын ханшийг аль болох тогтвортой барих бодлого төвбанкнаас түлхүү явуулдаг байна.

-Америк долларын албан ханш төсөвт тусгасан үнээсээ өсвөл экспортлогчдод ашигтай-

2014.03.19. Манай улс 2013 оны төсөвт нэг америк доллар 1384 төгрөг байхаар тусгаж байсан юм. Тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал: Төвбанк хүлээн зөвшөөрсөн болоод төсөвт 1384 гэх тоо тавьсан болохыг хэлж байлаа. Ингээд америк долларыг төсөвт тусгасан 1384 төгрөгийн албан ханштай байлгахын тулд төвбанкныхан уран ухаанаа уралдуулах ёстой болсон юм. Гэвч ингэж дийлээгүй учраас америк долларын ханшийг уургалаж дийлэхгүй, уяанаас нь алдчихсан тал бий. Хямралын үед буюу 2009 оны гуравдугаар сарын 19-ний өдөр төвбанкнаас зарласан америк долларын албан ханш 1590 төгрөгт хүрч тухайн үеийнхээ дээд ханшид тооцогдож байв. Тэгвэл энэ үеэс хойш америк долларын ханш өссөөр 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 1758 төгрөгт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, америк долларын албан ханш 1800 төгрөг рүү дөхсөн жил болж өнгөрсөн юм. 2013 онд манай улс руу чиглэх гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан байв. 2012 онд манай улсад 4 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн бол, 2013 онд 2 тэрбум ам.доллар болж буурсан гэсэн үг. Манай улсад орж ирдэг байсан 2 доллар тутмын 1 нь үгүй болсон гэж ойлгож болох талтай. Гаднаас орж ирэх валютын урсгал татарчихаад байхад, гадагшаа зарцуулах валютын урсгал харамсалтай татарсангүй. Тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамэцэг: Экспортоос давсан импортын зөрүүд гадаад худалдаа 2 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байхад, гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан нь дотоодын зах зээлд долларын ханш өсөх гол шалтгаан болсныг хэлж байлаа. Гадаад худалдааны алдагдал ихэсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор долларын дотогшлох урсгал буурч, энэ хэрээр манай улсын валютын нөөц 1 тэрбум ам.доллараар хорогдож, ердөө 1,2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон байв. Энэ нь долларын ханш уяанаасаа алдуурахад нөлөөлж, түүхэндээ 1800 төгрөг рүү дөхсөн жил болж өнгөрсөн юм. Засгийн газраас импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дорвитой алхам тухайн үед хийгээгүйн дээр, гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээж байсан ийм цаг үед америк долларын албан ханшийг 1384 төгрөгт барих үнэндээ боломжгүй байсан гэж ойлгож болно. Ийм байхад төсөвт ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тусгаж, энэ ажлыг төвбанк ганцаараа хийх ёстой мэтээр ойлгож суусан нь дэндүү өрөөсгөл юм. Мөрөөдлийн гэх тодотголтой энэ тоог тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг санаачилсан гэж ярих нь бий. Тиймээс энэ тооны зохиогчоос яагаад америк долларын албан ханш 1384 төгрөг байна гэсэн мөрөөдлийн тоо төсөвт тусгуулсныг тодруулсан юм. Үүнд тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр: Төсөв батлах үеэр гадаадаас авах зээлийг нэмж баталж өгсөн бол, америк долларыг 1384 төгрөгт барих боломжтой байсан гэх хариулт өгч байсан юм. Төсөвт ийм тоо тусгасан ч, бодит байдал дээр ам.долларын ханш өссөн нь төсвийн алдагдлыг бууруулах зальжин мэх байсан байж болох талтай нь хожим ажиглагдаж эхлэв. Ам.долларын ханш төсөвт тусгасан үнээсээ давбал юу болох вэ. Төсвийн тооцоолсон орлого нэмэгдэж таарна. Өөрөөр хэлбэл, ам.долларын төсөвт тусгасан 1384 төгрөгийн ханш, бодит байдал дээрх 1800 төгрөгийн ханш хоёрын зөрүү хаашаа урсах вэ. Мэдээж төсвийн орлого болж үлдэх талтай. Ингэж төсвийн алдагдлыг бага харагдуулж, зардлаа танахгүй байх мэх хэрэглэсэн байх талтай нь хожим ажиглагдсан юм. Гэвч нөгөө талд ам.долларын ханшийн өсөлтийг хүсээд байх таатай зүйл биш. Тухайн үед инфляцийн 50-80 хувийг ам.долларын ханшийн өсөлт эзэлж, төгрөгийн худалдан авах чадварийг бууруулж, иргэдийн амжиргаанд дарамт үүсгэж байсан билээ.  

-Ам.долларын ханш өсч, буурах нь импортлогчдод хэрхэн тусдаг вэ-

2008-2009 оны хямралын үед долларын нийлүүлэлт буурч, валютын нөөц буурсаар байсан нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш сулрах нөхцлийг бүрдүүлсэн билээ. Энэ үед ам.долларын ханш өсч байсантай холбоотойгоор бусад гадаад валютын ханш чангарч байсан юм. Энэ нь бизнес эрхлэгчдэд нэлээд хүндээр тусч байсан гэдэг. Тэр дундаа, импортлогчдод хүндээр тусч байсан байгаа юм. Тиймээс Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхим бизнесийн салбарын дуу хоолойг илэрхийлж, хэрхэн америк долларын нөөцийг нэмэгдүүлж, ханшийг нь тогтвортой байлгах вэ гэдэг дээр өөрсдийн санаа бодлыг тухай үед уралдуулж байжээ. Энэ талаар тэр үеийн Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимын Гишүүнчлэл, маркетингийн хэлтсийн дарга Золбоот: МҮХАҮТ-аас монгол улсын төрийн өндөрлөгүүд, хууль тогтоогч, бүх шатны төрийн захиргааны байгууллагууд, болон нийт иргэддээ хандан Элгэн нутаг үндэсний хөдөлгөөнийг өрнүүлье гэж уриалсан байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр дэлхийн нийтийн санхүүгийн хямралтай холбогдуулан монголын эдийн засагт ч гэсэн тодорхой хэмжээний нөлөө орж ирлээ. Энэ нөлөө нь валютын ханшийг тогтворгүй болгож, төгрөгийн  худалдан авах чадварыг сулруулж байна. Үүнээс гарах үүднээс танхим санаачилгатай ажиллаж байгаа. Өнөөдөр сдандарт бус нөхцөл байдал үүсээд байгаа учраас үүн дээр авах арга хэмжээ нь стандарт бус байсан нь дээр гэж үзэж байна. Монголбанкнаас торгууль ногдуулах ч гэдэг юм уу, интервенци хийх арга хэмжээг авч байгаа. Энэ нь нэлээд явуургүй гэж танхимийн зүгээс үзэж байгаа. Танхимийн зүгээс ямар арга хэмжээнүүдийг авбал зохилтой вэ. Яавал илүү үр дүн гарах вэ гэдэг тал дээр тодорхой хэмжээний саналуудыг дэвшүүлсэн. Долларын ханшийн дээд хэмжээ, долларын зээлийн хүүгийн доод хэмжээг уялдуулан тогтоох. Ханшийн зөрүүгээс болоод хохирол амссан аж ахуйн нэгжүүдэд бодлогын дэмжлэг төрөөс үзүүлье. Мөн арилжааны банкуудад тодорхой хэмжээний дэмжлэгийг үзүүлье гэсэн саналуудыг гаргасан байгаа. Түүнчлэн гадаадад хадгалсан байдаг ч юм уу, гэртээ хадгалж байгаа мөнгөө монголдоо оруулж ирээч ээ. Монголынхоо арилжааны банкуудыг дэмжээч ээ гэж ард иргэддээ уриалсан байгаа хэмээн тухайн үед ярьж байсан юм. 

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч, ам.долларын нийлүүлэлт буурав-

Хөгжингүй улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ импортыг орлож, экспортоо нэмэгдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар америк долларыг эх орондоо авч ирдэгээс гадна, импортоо бууруулж валютаа хэмнэх, экспортоо нэмэгдүүлж валютаа өсгөх бодлого явуулж ирсэн. Америк долларыг ингэж өөрийн эх орондоо авч ирдэг жамтай. Дэлхийн улс орнуудын үсрэнгүй хөгжилд хүрсэн жор бол энэ. Гэтэл манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд дотоодын нийт бүтээгдхүүний 40 гару хувь, 2013 онд 16 хувь байсан бол, 2014 оны эхний хагас жилд ердөө 8 хувь болж буурсан байгаа юм. Үүний улмаас сүүлийн хорин сарын хугацаанд төлбөрийн тэнцэл 2.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, манай улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурсан тухай мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Тэр жил америк долларыг 1384 төгрөг байхаар төсөвт тусгасан ч, биеллээ олохгүй, өөдөө тэмүүлсээр байсны гол шалтгаан энэ. Цаашид томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширвал, эдийн засгийн өсөлт саарах, суурь инфляци өсөх, зээлийн хурд буурах, эдийн засгийн бодит секторт санхүүгийн эх үүсвэр хомсдох, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурах зэрэг эрсдэл нэмэгдэх сөрөг талтайг эдийн засагчид тухайн үед хэлж байлаа. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хямралаас гарч, эдийн засгийн хүндрэлийг арилгах хэрэгтэй гэж үзэж байсан цаг үе юм.

-Хямралын үед валютын нөөц яагаад буурсан бэ-

Хямралын үед гадаад валютын нөөц чухам юунаас болж тэгтлээ буурсныг Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн Банк санхүүгийн тэнхимийн багш н.Дэлгэрсайхан: Валютын нөөц багасч байсан нь үнэн. Энэ бол валютын нөөцийг бүрдүүлдэг зэсийн үнэтэй шууд холбоотой. Дээрээс нь гадаад зах зээл дээрх валютын ханш өндөр байгаа. Доллар гуйвуулах сонирхол гадаадад байгаа монголчуудын хувьд буурсан. Энэ хэвээрээ байгаа тохиолдолд долларын урсгал багассан байдалтай байна. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны зүгээс долларыг алтаар татах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь ч гэсэн долларын ханшийг барихын тулд алтны нөөцийг нэмэгдүүлж байсан. Алтны нөөцөө нэмэгдүүлэх нь валютын нөөцийг арвижуулах ганц гарц гэж тухайн үед тайлбарлаж байсан юм. Уул уурхайн бүтээгдэхүүн болон ноолуурын үнэ буурснаас гадна, гаднаас орж ирэх гуйвуулгын хэмжээ буурсан нь нийлүүлэгдэх ёстой долларын хэмжээ багасахад нөлөөлсөн юм. Гэтэл 2008 оны жилийн эцсийг 2007 оны жилийн эцэстэй харьцуулахад төгрөгийн хадгаламж 174 тэрбум төгрөгөөр буурч, валютын хадгаламж 77 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарч байлаа. Ийнхүү 2009 оны хямралын үед валютын эрэлт өсч, нийлүүлэлт буурсантай холбоотойгоор гадаад валютын нөөц багасч, долларын ханш огцом өссөн билээ. Хямралын үед үнийн өсөлтийн албан татвараас зайлсхийх үүднээс алт олборлогчид олборлосон алтаа төвбанкинд тушаах нь эрс багассан юм. Тиймээс алтны үнийн өсөлтийн албан татварын босго үнэ 500 ам.доллар байсныг 850 ам.доллар болгож, алт олборлогчдыг үнийн өсөлтийн албан татвараас бага ч болтугай хөнгөлж, алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө өсгөх бодлого явуулсан байдаг. Үүнээс гадна, Бороо голд компани 1993 онд Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулж энэ дагуу олборлосон алтаа ямар ч татваргүйгээр гадаад зах зээлд экспортолж иржээ. Тус компани 2004-2007 оны хооронд 37 тонн, 2008 онд 6 тонн алт татваргүйгээр гадаад зах зээлд экспортолсон гэх судалгаа байдаг. Тэр үеийн Монголбанкны Валютын газрын дарга н.Дэлгэрмаа: 2008 оны эцэст манай улс 657 сая ам.долларын гадаад валютын нөөцтэй байсан. Энэ нөөцөд арилжааны банк, аж ахуйн нэгж, төрийн өмчийн болон иргэдийн гар дээр байгаа валют ордоггүй. Манай улсын арилжааны банкууд гадаадын банкуудад 200 сая орчим ам.доллар хадгалуулж байгаа. Үүнийг нэмж тооцвол манай улс 900 орчим сая ам.долларын нөөцтэй байна. Бороо гоулд компани 2009 оноос эхлэн олборлосон алтаа Монголбанкинд тушаахаар болсон. Ингэснээр төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж, үүнийгээ дагаад манай улсын валютын нөөц өсдөггүй юмаа гэхэд, одоогийн түвшинд байх төлөвтэй байна гэж мэдэгдэж байсан удаатай.

-Хямралын үед гадаад валютын нөөц огцом буурав-

2008.12.27.Дэлхий нийтийг хамарсан хямралын үед буюу 2009 оны дөрөвдүгээр сард манай улсын гадаад валютын албан нөөц 500 гаруй сая ам.доллар болтлоо буурч байсныг нуух юун. 2009 оны дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас орж ирэх мөнгөний хэмжээг өнгөрсөн онтой нь харьцуулахад 91 хувиар буурсан байлаа. Өөрөөр хэлбэл, алт, зэсийн үнийн өсөлтөөс орж ирэх 68 хувийн татвар тасалдсан гэсэн үг юм. Энэ нь экспортын орлого буурч байсантай холбоотой юм. Тухайлбал, зэсийн үнэ дэлхийн зах зээлд 2700 орчим ам.долларын ханштай болсноор уг түүхий эдээс манай улсад орж ирэх гадаад валютын урсгал тэр чигээрээ хаагдсан юм. Үүний сацуу гадаадад ажиллагсад монгол руу доллар бараг гуйвуулахаа болиод байсан цаг үе юм. Хямралын үед ажилгүй болох нь болж, ам.доллар монгол руу гуйвууллаа ч ашиггүй байсан болохоор тэр биз. Ажиллаж, амьдардаг улсад нь долларын ханш манайхаас өндөр ханштай байсан учраас тэр юм. Тиймээс монгол руу ам.доллар гуйвуулах нь дэндүү эрсдэлтэй алхамын нэг байлаа. Эдгээрээс шалтгаалаад манай улсад орж ирэх долларын урсгал хаагдсан тул валютын нөөц буурсан юм. Монголбанкны шууд хяналтын дор гадаадын банкуудад байршиж байгаа төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай мөнгөн тэмдэгтийг гадаад валютын нөөц гэдэг юм. Уг нөөц 2008 оны аравдугаар сард 850 сая америк доллар, 2008 оны арванхоёрдугаар сард 596 сая америк доллар, 2009 оны хоёрдугаар сард 350 сая гаруй америк доллар болтлоо буурсан гашуун түүх бий. 2008-2009 оны хямралын үед манай улсын валютын албан нөөц энэ мэт багасч байсан нь уг валютын нийлүүлэлтийг багасгаж, долларын эрэлтийг нэмэгдүүлж, уг валютын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах нөхцлийг бүрдүүлсэн билээ. Гадаад зах зээл дээр долларын ханш буувал, дагаад манай улсад бууж нэг магадгүй. Түүнээс долларын ханш ойрын хугацаанд буухгүй гэж тухайн үед эдийн засагчид үзэж байлаа. Тиймээс бодлогын арга хэмжээ шат дараатай авсаны үндсэн дээр гадаад валютын нөөц энэ цагаас хойш өссөн байдаг. 2010 оны есдүгээр сарын 25-ны хавьцаа манай улсын валютын нөөц 1,6 тэрбум ам.доллар болж өссөн бол, 2010 оны аравдугаар сарын 30-нд 1,8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Энэ нь манай улсын 5,5 сарын импортын хэрэгцээг хангахуйц нөөц гэгдэж байлаа. Энэ талаар тэр үеийн Монголбанкны Валют, эдийн засгийн газрын хэлтсийн захирал Болд: Төгрөгийн ханш америк долларын эсрэг 9.2 хувиар чангарсан. Төгрөгийн ханш сэргэж, валютуудын ханш буурч байгаа нь эдийн засагт гарч байгаа бас нэг сайн жишээ болж байна. Үүнээс гадна, манай улсын гадаад валютын нөөц 1 тэрбум 561 сая долларт хүрсэн байна. Энэ нь манай улсын импортын 5 сарын хэрэгцээг хангахуйц нөөц. Манай улсын валютын нөөц өмнө нь ийм өндөр түвшинд хүрч байсангүй. Өөрөөр хэлбэл, валютын нөөц түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоогоод байна. Эдгээрээс шалтгаалж манай улсын төлбөрийн тэнцэл 2010 оны эхний хагас жилд 126 сая ам.долларын ашигтай гарсан тухай хэлж байсан юм. Тэгвэл тэр үеийн Монголбанкны Валют, эдийн засгийн газрын дарга Дэлгэрмаа: Манай улсын валютын нөөц түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь долларын ханш буурах нэг үндэслэл боллоо хэмээн хэлж байсан юм. Нэг ёсондоо, нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурдаг зах зээлийн хууль валютын зах зээлд үйлчилсэн гэж ойлгож болно. Гадаад валютын албан нөөц ингэж өсөхөд юу голлон нөлөөлсөн бэ. Энэ асуултад тэр үеийн Монголбанкны валют, эдийн засгийн газрын хэлтсийн дарга Болд: Валютын нөөц ингэж өсөхөд алтны мөнгөжүүлэлт нэг талаас нөлөөлсөн болохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, монголбанк гадаад зах зээлд алт экспортолж, валютын нөөцөө өсгөж байсан юм. Алтны улирал эхэлмэгц иргэд аж, ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушаах нь ихэсдэг. Алтны нөөц нэмэгдэж, үүнийгээ гадаад зах зээлд арилжаалж, валютын албан нөөцөө өсгөж байжээ. Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдаж авахаас гадна, мөнгө худалдаж авдаг. Ер нь төвбанк жилд хэдий хэмжээний мөнгө худалдаж авдаг юм бол. Энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуулт гардаг. Энэ асуултад тэр үеийн Монголбанкны Валют эдийн засгийн газрын хэлтсийн захирал Болд: Иргэд, аж ахуйн нэгжийн монголбанкинд худалдсан алтанд хэдий хэмжээний мөнгө агуулагдаж байгааг сорьцын хяналтын албаар тогтоолгож төвбанк худалдаж авдаг. Гэхдээ алтанд багахан хэмжээний мөнгө агуулагдаж байдаг учир энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нэг их нөлөөлдөггүй болохыг хэлж байсан юм. Ингэж явсаар 2010 оны сүүлчээр гадаад валютын нөөц 2 тэрбум ам.долларт хүрсэн бол, 2011 оны эхээр 2,3 тэрбум ам.доллараар хэмжигдэж эхэлсэн билээ. 

-Гадаад валютын нөөц 2010 онд ямар байсан бэ-

2010.07.27. Төгрөгийн ханш ямар байх нь гадаад валютын нөөц, инфляци зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. 2008-2009 оны хямралын үед гадаад валютын нөөц буурч, ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш суларч байсныг хэдэнтээ өгүүлсэн. Тэгвэл 2010.07.27-ны өдөр манай улс 5 долоо хоногийн импортын хэрэгцээг хангахуйц валютын нөөцтэй суулаа. Өөрөөр хэлбэл, гадаад валютын нөөц 1 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байсан юм. Нэгэн үе 500 сая ам.долларын нөөцтэй байсныг бодвол, 1 тэрбум ам.доллар гэдэг боломжийн нөөц юм. Ийм нөөцтэй байхад хэсэгтээ ам.долларын ханш хэт өсөхгүй болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор, монголчуудын өргөнөөр хэрэглэдэг валютуудын ханш харьцангуй тогтвортой байсан ч, юанийн ханш өсөх болов. Хятадын төвбанк юанийн ханшийг уян хатан, чөлөөтэй барина гэж мөн оны зургаадугаар сард мэдэгдсэнтэй холбоотойгоор уг валютын ханш дэлхийн зах зээлд 0,8 хувиар өссөн юм. Цаашид ч гэсэн юанийн ханш өснө гэсэн хүлээлт эдийн засагчдын дунд байсан нь нууц биш. Манай улс хэрэгцээт барааныхаа 26 орчим хувийг урд хөршөөс импортолдог. Хэрэв юанийн ханш цаашид өсвөл, манай улсад өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн урд хөршөөс орж ирнэ. Энэ нь инфляци хөөрөгдөж, төгрөгийн ханш унахад нөлөөлж магадгүй гэж эдийн засагчид үзэж байсан юм. Тэгвэл, төвбанкныхан гадаад зах зээлд юанийн ханш богино хугацаанд өссөн ч, үүнээс эмээж сандрах шаардлагагүй болохыг төвбанкныхан хэлж байсан юм. Учир нь манай улсын хятад руу экспортолдог бараа, бүтээгдэхүүн импортоор авч байгаагаас бараг гурав дахин их байдаг байна. Үүнтэй холбоотойгоор монгол руу орж ирэх юанийн урсгал ч, гадагшлах урсгалаас хэд дахин их байдаг байна. Үүний нэг тод жишээ бол, 2010 оны эхний хагас жилд манай улс руу 566 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юань орж ирсний 266 сая доллар нь гадагшилсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 296 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юань дотоодод үлдсэн гэсэн үг юм. Тиймээс юанийн хангалттай нөөц бий учраас уг валютын ханш гадаад зах зээлд богино хугацаанд өссөн ч, энэ нь дотоодын зах зээлд хүчтэй мэдрэгдэхгүй болохыг холбогдох албаныхан хэлж байсан юм. Үүгээр авч үззвэл, гадаад валютын болон юанийн хангалттай нөөц байсан учир дотоодын зах зээлд валютын ханш огцом савлахгүй. Төгрөгийн ханш тэр хэрээр тогтвортой байна гэж ойлгож болохоор байв. Хэдийгээр тийм ч, манай улс байгаа валютаа импортын бараанд зарцуулдаг. Гадагш урсгаж байгаа валютыг орлогоор нөхөж байж гадаад валютын нөөцийг зохих түвшинд барина. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд гаднаас их валют оруулж ирэх шаардлагатай нь мэдээж. Тэр цагт тайван сууж болох юм. Манай улс гол төлөв уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа алт, зэс экспортолж, үүнээс орж ирэх орлогоор гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж ирсэн. Тухайн үед алт тушаалт буурч байсантай холбоотойгоор энэ төрлийн металлын орлогоос валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж нэг их найдах хэрэггүйг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Гол найдлага дэлхийн зах зээлд  зэсийн үнэ өндөр байх явдал байлаа. Бас гадаадын шууд хөрөнгө оруулалт татах явдал байжээ. 2010 оны эхний хагас жилд манай улсад 339 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн ч, харамсалтай нь үүний дийлэнх нь тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирсэн байна. Тиймээс төвбанкныхан тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт валют болон төгрөгийн ханшид үзүүлэх нөлөө богино хугацаанд сул. Харин тавантолгой, оюутолгойн бүтээгдэхүүний экспорт эхэлсний дараа дунд болон урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт валют болон төгрөгийн ханшид үзүүлэх нөлөө хүчтэй байна гэж дүгнэж байсан юм.

-Экспорт буурч, импорт нэмэгдсэн ч гадаад валютын нөөц хангалттай түвшинд байв-

2012.10.13. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2012 оны эхний 9 сард 3 их наяд 485 тэрбум төгрөг болжээ. Харин зарлага нь 4 их наяд 43 тэрбум төгрөг байсан байна. Үүний зөрүүд улсын нэгдсэн төсөв 557 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байсан билээ. Тэгвэл гадаад худалдааны алдагдал үүнээс 4 дахин их байсан нь анхаарал татдаг. Тодруулбал, манай улс 2012 оны эхний 9 сард дэлхийн 131 оронтой 8,4 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүний 3,2 тэрбум ам.доллар нь экспорт байсан бол, харин 5,2 тэрбум ам.доллар нь импорт байсан юм. Үүний зөрүүд гадаад худалдаа 2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Энэ нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 3 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан билээ. Тэр ч утгаараа, гадаад худалдаа төсвийн алдагдлаас дөрөв дахин их байсан гэж хэлж байгаа юм. Гадаад худалдааны алдагдал түүхэндээ ийм өндөр түвшинд хүрч байгаагүй аж. Гадаад худалдааны алдагдлын гол шалтгааныг тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Манай улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул, уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний 50 орчим хувийг нүүрс, 20 орчим хувийг зэсийн баяжмалын экспорт эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нүүрс болон зэс манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн юм. Гэтэл дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ 10-17 хувиар буурсантай холбоотойгоор экспортын орлого 2011 оны мөн үеийнхээс 6 хувиар буурсан дүнтэй гарлаа. Харин импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 орчим хувиар өссөн дүнтэй гарлаа. Нэг ёсондоо, дэлхийн зах зээлд экспортолж байгаагаас их хэмжээний бараа, таваар гаднаас импортолж байна гэсэн үг. Үүнийг энгийнээр тайлбарлавал, орж ирж байгаагаасаа их хэмжээний валют гадагшаа урсгаж байна гэсэн үг юм. Хэдийгээр тийм ч, манай улсын валютын нөөц зохистой түвшинд байна гэж ярьж байсан юм. 2012 оны есдүгээр сарын сүүлчээр манай улсын валютын нөөц 2,5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан байна. Энэ нь тухайн үед 4-5 сарын импортыг хангахуйц нөөц гэгдэж байсан билээ.

-Хямралаас хойш валютын нөөц 10 дахин нэмэгдэв-

2021.05.26. Манай улсын валютын нөөц өссөн ч, үүнийг хэр эрсдэлгүй хадгалж байгаа вэ гэх асуулт дагалдаад гарч байлаа. Үүнд тэр үеийн Монголбанкны валют, эдийн засгийн газрын дарга Дэлгэрмаа: Монголбанк валютын нөөцийн эрсдэлийн удирдлагыг зохистой түвшинд явуулж байгаа. Манай улсын валютын нөөц бага хүүтэй ч, баталгаатай газар байршиж байгааг хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Санхүүгийн хямралтай байгаа орнуудын банкуудад гадаад валютын албан нөөцийг байршуулах нь араасаа эрсдэл дагуулж болзошгүй. Тиймээс валютын нөөцийг эрсдэлтэй байж болохуйц улсын банкуудаас татаж, А зэрэглэлд ордог олон улсын найдвартай банкуудад байршуулах шийдвэрийг 2009 оны хямралын үед Монголбанкны Ерөнхийлөгч гаргасан юм. Өөрөөр хэлбэл, валютын нөөцийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авагдаж байсан гэсэн үг. Манай улс гадаад валютын нөөцийнхөө дийлэнхийг америк доллараар бүрдүүлдэг болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж тэр үед мэдэгдэж байлаа. Ямар валютаар гадаад худалдаагаа хийнэ түүгээрээ улс орнууд гадаад валютын нөөцөө бүрдүүлдэг болохыг Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн доктор, профессор Л.Оюун мөн хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа буюу экспорт импорт хийхдээ хэрэглэж байгаа гол валют ам.доллар учраас уг валютаар голчлон нөөцөө бүрдүүлдэг гэж ойлгож болно. Тэр жишгээр 2021 оны гуравдугаар сарын эцэст манай улсын гадаад валютын албан нөөц 4 тэрбум 774 сая ам.долларт хүрснээс 4 тэрбум 146 сая ам.доллар нь чөлөөтэй хөрвөх гадаад валют бол, 7,7 сая ам.долларыг Олон улсын валютын санд, 43,9 сая нь зээлжих тусгай эрх хэлбэрээр, 576 сая ам.доллар нь мөнгөжсөн алт хэлбэрээр хадгалагдаж байлаа. Чөлөөтэй хөрвөх гадаад валютаас 872 сая нь үнэт цаас хэлбэрээр, 3 тэрбум 103 сая нь бусад улсын төв банк, ОУВС, ОУТТБ дээр байршиж байх жишээтэй. 2009 оны хямралын үетэй харьцуулахад манай улсын гадаад валютын цэвэр албан нөөц бараг 10 дахин өссөн үзүүлэлттэй яваа нь энэ юм.

-Гадаад валютын нөөцийг өсгөхийн тулд ямар бодлого явуулсан бэ-

Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн үед Олон улсын валютын сангаас валют зээлэхээр болсон юм. Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж: Олон улсын валютын сан эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давж туулахад зориулж танай улсад 200 орчим сая ам.долларын туслалцаа үзүүлж болж байна. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай байгаа учраас хандивлагчдын зүгээс мөнгө өгдөг явдал бас татуу байх нь гэж хэлж байсан. Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар сүүлд хэлэхдээ 300 сая ам.доллар боллоо гэсэн. Доод тал нь 300 сая ам.доллар. Үүнээс жаахан нэмэгдүүлж болох нь уу гэж ойлгож байна. Олон улсын валютын сангаас мөнгө зээлэх асуудал одоогоор хэлэлцээрийн шатанд явна гэсэн тайлбар олон жилийн өмнө өгч байсан юм. Тухайн үед манай улсын засгийн газар нэг талаас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, нөгөө талаас төсвийн алдагдалд дутагдаж байсан мөнгийг нөхөх зорилгоор Олон улсын валютын сангийн зээлийн оролцуулаад, хандивлагч орнуудаас нийт 700 орчим сая америк долларын зээл авахаар төлөвлөж байсан юм. 2009 оны гуравдугаар сарын сүүлээр зээлийн эхний ээлж орж ирвэл америк долларын албан ханш тогтворжино гэж үзэж байлаа. Тэгвэл Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд гадаадын хандивлагч орнууд, санхүүгийн байгууллагуудаас манай улсад олгохоор шийдвэрлэсэн хөтөлбөрийн зээлийн эхний ээлж 2009 оны долоодугаар сарын сүүлчээр орж ирсэн байдаг. Дэлхийн банк энэ үед эхний ээлжийн 41,9 сая америк долларын зээлээ олгосон бол, удахгүй Азийн хөгжлийн банкнаас 40 сая ам.доллар, Олон улсын валютын сангаас 75 сая ам.долларын зээл орж ирнэ гэж тухайн үед хүлээгдэж байлаа. Манай улс хямралын үед Олон улсын валютын сан болон хандивлагчдаас мөнгө зээлэхээс гадна, алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх бодлого мөн явуулсан юм. Тиймээс гадаад валютын нөөцөд санаа зоволтгүй гэсэн хариултыг төвбанкны зүгээс өгч байлаа. Энэ мэт бодлогын арга хэмжээний үр дүнд сүүлийн 12 жилийн турш манай улс гадаад валютын нөөц өссөн үзүүлэлттэй гарлаа. 2009 оны дэлхийн нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралын үетэй харьцуулахад гадаад валютын нөөц 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад валютын цэвэр албан нөөц түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрч өсөөд байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, валютын нөөц урьд өмнө ийм хэмжээнд хүрч өсч байгаагүй билээ. 2009 оны дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг Ковид-19 цар тахалтай харьцуулахад гадаад валютын цэвэр албан нөөцөд хэвийн гэж хэлж болох дүр зураг ажиглагдаж байна.

-Валютын нөөцийг ямар валютаар бүрдүүлдэг вэ-

Манай улс яг ямар валютаар голчлон нөөцөө бүрдүүлдэгийг хэлэх бололцоогүй юм. Энэ талаар хэдэн жилийн өмнө нь хуучны Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын нөөцийн бүтэц нууцын зэрэгтэй байдаг учраас мэдээлэл өгөх бололцоогүй хэмээн мэдэгдэж байсныг онцлох нь зүйтэй. Гэхдээ манай улс голлох зургаан валютаар гадаад валютын нөөцөө бүрдүүлдэг гэдгийг баримжаалж хэлэх бололцоотой юм. Ганц манайх гэлтгүй дэлхийн дийлэнх улс ийм байдаг. Гэхдээ гол төлөв ам.долларт түшиглэсэн байх нь бий. Учир нь ам.доллараар гадаад худалдааны төлбөр тооцоог хийж ирсэн учраас тэр. Хэдэн жилийн өмнө дэлхий нийтээрээ хямарч ам. долларын ханш өсөх үед уг валютаас татгалзвал яасан юм гэх яриа гарах нь гарч байлаа. Харин үүнд тухайн үеийн Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Батбаяр: Нэг хэсэг америк долларын ханш өссөнөөс болж улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрсдэлд орсон. Тиймээс сүүлийн үед зарим улс орнууд гадаад валютын нөөцөө доллараар бус, өөр валютаар бүрдүүлэх болсон. Энэ нь америк долларын ханш унах гол шалтгаан болсон гэж тайлбарлаж байлаа. Харин Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн доктор, профессор Д.Дуламсүрэн: Америк доллар бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын валют. Сүүлийн үед улс орнууд нөөцөө америк доллараар хийхээ багасгаж, өөр валютуудаар хийхийн хувьд хийж байгаа. Амьдрал дээр тодорхой орнууд гэхээс бүх нийтээрээ биш. Манайх яагаад долларын хадгаламжтай байгаад байна гэхээр манай улс ам.долларын бүсийн орон. Нөөцөө ам.доллараар хийх бодлого баримталж, олон улсын валютын долларын бүсэд багтаж ирсэн орон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр экспорт, импортын төлбөрөө доллараар хийж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн харилцаа ам.доллараар хийгддэг гэсэн үг юм. Тэгээд зогсохгүй дотоодод тодорхой барааны худалдаанд доллар бас ашиглагдаж ирсэн. Нөөц ам.доллараар хадгалагдаж ирсэн. Цаашид ам.доллараар нөөц хадгалах, өөр валютаар нөөц хадгалах тухай асуудал бол манай экспорт, импортын түнш хэн зонхилох вэ. Тэр орнуудын валют, олон улсын түвшинд ямар хүчин чадалтай байх уу, хэр өрсөлдөх чадвартай байх вэ гэдгээс шалтгаална. Тэрнээс биш нэг хүний, нэг хэсэг хүний санаа бодлоос шалтгаалдаг зүйл биш гэсэн тайлбар өгч байсан юм. Аливаа бүтээгдэхүүний үнэ циклээр өсч буурдаг. Долларын ханш буурах цикл тухайн үед явагдаж байлаа. Гэхдээ, долларын ханш буурч байгаа нь түр зуурынх. Харин цаашид өсч таарах байх. Тиймээс манай улс гадаад валютын нөөцийнхөө дийлэнхийг доллараар бүрдүүлж байгаа нь эргээд эрсдэл авчрах аюулгүй. Нөгөөтэйгүүр, манай улс экспорт, импортын төлбөрөө ямар валютаар хийдэг. Түүгээрээ валютын нөөцөө бүрдүүлэх ёстой. Түүнээс дэлхийн улс орнууд доллараас татгалзаж, өөр бусад валютыг сонгож байна. Манайх ч гэсэн тэгэх ёстой гэж даган дуурайж болохгүй хэмээн эдийн засагчид хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Хэдийгээр ихэнх эдийн засагчид экспорт, импортоо ямар валютаар хийдэг түүгээрээ гадаад валютын нөөцөө түлхүү бүрдүүлэх ёстой гэж байсан ч, хамгийн эрсдэлгүй алхам бол гадаад валютын нөөцөө алтаар хийх явдал гэж судлаачид  мөн үзэж байсан юм. Ер нь дэлхийн ихэнх улс орнууд гадаад валютын нөөцийнхөө дийлэнхийг алтаар, үлдэх хэсгийг валютаар хийдэг байна. Гэтэл, манайх гадаад валютын нөөцийнхөө дийлэнхийг доллар, багахан хувийг алтаар бүрдүүлж ирсэн гэх нь бий. 2008-2009 оны хямралын үед тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Пүрэвдорж: Манай улсын валютын нөөц 1.2 тэрбумаар хэмжигдэж байна. Үүний багахан хувийг алт,  дийлэнх хувийг доллар эзэлж байгаа тухай 2009 оны арваннэгдүгээр сарын 7-ны хавьцаа хэлж байснаас харж болох юм. Энэ үед америк долларын нөөц 2008 онтой харьцуулахад нэмэгдсэн ч, хангалттай хэмжээний биш болохыг төв банкны удирдлага хэлж байсан юм. Тиймээс тухайн үед америк долларын ханш буурахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байсан гэдэг. 

-Хямралын үед ам.долларын ханш хаврын тэнгэр шиг зангаа хувиргав-

20090922. Хямралын үед ам.долларын ханш хаашаа чиглэхийг хэн ч таахын аргагүй байлаа. Зарим тохиолдолд гадаад зах зээлд унаж, харин дотоодын зах зээлд ховордож уг валютын ханш өсч байлаа. Тухайлбал, 2008 оны арваннэгдүгээр сараас аажмаар өссөн америк долларын албан ханш 2009 оны гуравдугаар сарын дундуур 1590 төгрөгт хүрч, хар зах дээрх албан бус ханш 1800 төгрөг гаталж, тухайн үедээ хамгийн дээд ханшид тооцогдож байсан юм. Америк долларын ханш ингэж өссөн нь нэг талаас гадаад валютын нөөц багассан, нөгөө талаас зохиомол хөөрөгдөл газар авсантай холбоотой гэсэн тайлбарыг төвбанкныхан тухайн үед өгч байсан билээ. Гадаад валютын нөөц багассан шалтгааныг албаны хүмүүс энэ мэт олон зүйлтэй холбон тайлбарлаж байлаа. Дэлхий нийтийг хамарсан эдийн  засгийн хямралаас болж гадаад зах зээлд зэсийн эрэлт багасч, үнэ нь буурсан. Өмнө нь 8500 америк доллар гаталж байсан зэсийн үнэ, 2009 оны эхэнд 2700 америк доллар болтлоо буурсан тул, манай улсын гадаад зах зээлд экспортолсон уг түүхий эдээс орж ирэх долларын хэмжээ өмнөхөөсөө гурав дахин буурсан юм. Үүнээс гадна, манай улсын дэлхийн зах зээлд гаргадаг алтны экспорт өнгөрсөн онтой харьцуулахад нэг тонноор буурч 3.1 тонн болсон тал бий. Манай улсын валютын нөөцөө нэмэгдүүлдэг нэг хэрэгсэл бол алт. Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа дэлхийн зах зээлд арилжаалж, түүнээс орж ирэх доллараар валютын нөөцөө зузаатгадаг. Гэтэл манай улсын алтны экспорт буурснаас болж, гаднаас орж ирэх валютын хэмжээ мөн багассан юм. Эдгээрээс шалтгаалж 2008 оны өвөл манай улс руу орж ирэх валютын урсгал хаагдаж байсан болохыг албаны хүмүүс хэлдэг. Ийнхүү гаднаас орж ирэх валютын урсгал хаагдаад байсан үед монголчууд байсан хэдэн доллараа шатахуун, эм тариа зэрэг импортын хэрэгцээт бараанд зарцуулж байлаа. Энэ нь манай валютын нөөц дундрах эхлэлийг тавьсан. Монголчууд 2008 оны есдүгээр сарын сүүлээр 1 тэрбум орчим америк долларын нөөцтэй байсан бол, 2009 оны эхэнд үүний тал нь хорогдсон байлаа. Нэгэнт манай улсын валютын нөөц дундарсан тул Монголбанк арилжааны банкуудад нийлүүлэх долларын хэмжээг багасгассан нь зэх зээлд доллар хомсдож, америк долларын албан ханш өдөрт 10-20 төгрөгөөр өсөх шалтгаан болсон юм. Нөхцөл байдал ийм байхад валютын захын ченжүүд америк долларын ханшийг байх ёстой хэмжээнээс нь хэт хөөрөгдөж байжээ. Эдгээрээс шалтгаалж, америк долларын албан болон албан бус ханш огцом өсч байсан тул, манай улс хандивлагч орнуудаас багагүй хэмжээний долларын урт хугацаатай, бага хүүтэй зээл авсан юм. Энэ нь америк долларын ханшийг тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болсон гэдэг. 2009 оны гуравдугаар сарын 19-нд 1590 төгрөгт хүрч байсан америк долларын албан ханш тавдугаар сараас доошилж 1420 орчим төгрөгийн дундаж ханштай болсон байв. Америк долларын ханш 2009 оны гуравдугаар сараас хойш 11 орчим хувиар буурсан нь энэ аж. Долларын ханш бага зэрэг буурсан ч,  иргэдийн сэтгэлд хүртэл буурахгүй байсаар байлаа. Америк долларын ханш цаашид хэрхэх талаар тэр үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал: Алтны болон аялал жуулчлалын улиралтай холбоотойгоор гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдэх шатандаа яваа. Энэ гэрээ батлагдвал манай улсад орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад гадаад валютын урсгал нэмэгдэх хандлагатай байгаа. Гадаад валют нэмэгдвэл америк долларын ханш буурч, төгрөгийн ханш цаашид чангарна гэсэн хариулт өгч байсан юм. Тэгвэл тухайн үед Монголын олон улсын санхүүгийн корпорацийн ахлах шинжээч Баясгалан: Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч байгаа. Цаашид зэсийн үнэ тогтвортой байвал, мөн оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдвэл манай улс руу орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ. Эдгээрээс шалтгаалж ойрын хугацаанд биш ч, долларын ханш буурна. Ер нь 2009 онд америк долларын ханш дотоодын зах зээлд 1350 орчим төгрөг, 2010 онд 1300 орчим төгрөгийн ханштай байх болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байсан юм. Харин тухайн үед Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг: Доллартай харьцах төгрөгийн ханш 2009 оны аравдугаар сард 1380-1470 төгрөг, арванхоёрдугаар сард 1350-1470 төгрөг, 2010 оны гуравдугаар сард 1250-1510 төгрөгт хэлбэлзэхээр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. Оюутолгойн гэрээг үзэглэж, зэс, алтны үнэ өсч, нүүрсний экспорт нэмэгдэж байсантай холбоотойгоор манай улсад орж ирэх долларын урсгал нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор долларын ханш цаашид буурна гэж эдийн засагчид үзэж байлаа. Гэхдээ энэ бол дотоод хүчин зүйл. Манай улсад долларын ханш буурах эсэх нь гадаад хүчин зүйлээс мөн шалтгаалдаг. Хэрэв гадаад зах зээлд долларын ханш өсвөл, манай улсад дагаад өсөхөөс өөр аргагүйд хүрдэг юм. Гадаад зах зээлд долларын ханш өссөн тохиолдолд, манай улсад дагаад өсөх нөхцөл бүрддэг гэсэн үг юм. Тиймээс ирээдүйд дотоодын зах зээлд долларын ханш буурна гэж ихэнх эдийн засагчид үзэж байсан ч, гадаад зах зээлд долларын ханш өсвөл манай улсад уг валютын ханш буурахгүй байх магадлал бас байсан юм.

-Стратегийн ордууд ашиглалтад орвол долларын нийлүүлэлт нэмэгдэхээр байв-

2010-12-22. Манай улс 2009 оны аравдугаар сарын 6-нд оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс зэрэг компанидтай байгуулсан. Гэрээ байгуулсан даруй хөрөнгө оруулагч тал оюутолгойн ордыг ашиглалтад оруулахад шаардлагатай бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. Хөрөнгө оруулагчид оюутолгойн ил уурхайг 2013 оны эхний хагаст ашиглалтад оруулна гэж байсан ч, үүнээс зургаан сарын өмнө алт, зэсийн ордыг эргэлтэд оруулах боломжтой гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, 2012 оны эцэст оюутолгойн ордын эхний ээлжийг буюу ил уурхайг ашиглалтад оруулахаар тогтсон байдаг. Ингэснээр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал, 640 мянган унци алт гадаад зах зээлд экспортолох боломжтой болох байлаа. Оюутолгойн эхний ээлж ашиглалтад орохтой зэрэгцэн тавантолгойн орд мөн ашиглалтад орохоор яригдаж байсан юм. Тэр үеийн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Батхүрэл:
Хоёр орд зэрэгцээд ашиглалтад орвол 2013 онд манай улсын эдийн засаг 20 хувьд хүрч өснө гэдгийг хэлж байсан юм. 2013 оноос оюутолгой, тавантолгой орд ашиглалтад орохтой холбоотойгоор монгол улсын эдийн засаг 3 жилийн дотор 3 дахин өсөх хандлагатай байлаа. Нэг талаас энэ нь сайн хэрэг ч, нөгөө талаас бусад салбарт ихээхээн дарамт авч ирэхээр байв. Өөрөөр хэлбэл, оюутолгойн ордоос зэсийн баяжмал, тавантолгойн ордоос нүүрс экспортлоод эхэлбэл, манай улс руу чиглэх гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэж, долларын ханш унаж, төгрөгийн ханш чангарах төлөвтэй байсан нь төвбанкны судалгаанаас харагддаг. Энэ талаар тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Пүрэвдорж: Төгрөгийн ханш чангарах нь нэг талаас сайн боловч, нөгөө талаас эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар авч ирнэ. Тухайлбал, стратегийн ордууд ашиглалтад орвол эдийн засаг өсөх ч, үндэсний үйлдвэрүүд уналтад орох магадлалтай. Тиймээс валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж хэлж байсан юм. Зэс, нүүрсний экспортыг дагалдаж гаднаас валют орж ирнэ гэдэг таатай сонсогдох нь мэдээж. Гэхдээ үүнээс шалтгаалж төгрөгийн ханш чангарахын хэрээр дотоодын үйлдвэрлэл унаж болзошгүй байжээ. Үндэсний валютын ханш чангарах нь эдийн засагт дээрх сөрөг үр дагаварыг авч ирдэг учраас тэр юм. Тиймээс нэг талаас импортын бараа гаднаас хямд үнээр орж ирж, улмаар үйлдвэрлэлийн салбар уналтад орно гэж эдийн засагчид үзэж байсан юм. Нөгөө талаас төгрөгийн ханш чангарвал экспортлогчдын орлого буурна гэж үзэж байсан юм. Дэлхийн банкныхан мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зүүн азийн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өснө гэж үзэж байлаа. Зүүн азийн орнуудад манай улс багтдаг. Дэлхийн банкнаас хийсэн судалгаа манай улсад хамааралтай байсан гэсэн үг. Тиймээс Дэлхийн банкнынхан үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэт их чангарахаас болгоомжилж, хариу арга хэмжээ авах хэрэгтэйг манай улсад зөвлөж байсан юм. 2010.10.27.-ны байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн оны үеэсээ 8.3 хувиар чангарсан байлаа. Төгрөгийн ханш долларын эсрэг ингэж огцом чангарч байсан удаагүй. Эндээс төгрөгийн ханш 2013 оноос биш, 2010 оноос эхэлж чангарч уу гэх асуулт хүртэл гарч байлаа. Энэ асуултад тэр үеийн Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: Ойрын хоёр жил төгрөгийн ханш огцом чангарахгүй. Харин 2013 оноос огцом чангарч, эдийн засагт дээр дурдсан сөрөг үр дагавар авч ирэх төлөвтэй байгааг хэлж байсан юм. Дэлхий банкнаас үндэсний валютын ханш огцом чангарахаас хамгаалсан арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг манай улс хэрхэн хэрэгжүүлэх нь хэн хүний анхаарлын төвд байсан асуудлын нэг. Харин үүнд тэр үеийн Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Энхбаяр: Уул уурхайгаас шалтгаалсан эдийн засгийн өсөлт бусад салбарыг уналтад оруулж болзошгүй. Гэхдээ төгрөгийн ханш чангарах нь экспортлогчдод сөргөөр нөлөөлдөг ч, импортлогчдод таатай байдаг тухай хэлж байсан удаатай. Энэ бүгдээс уул уурхайгаас орж ирсэн орлогоо зөв зохистой зарцуулж, бусад салбартаа хөрөнгө оруулалт хийвэл манай улс хөгжинө. Эс бөгөөс ухарч болзошгүй дүр зураг ажиглагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, уул уурхай хөгжлийн гарц байж болох нь. Мөн ухралт авч ирж болохоор байсан юм. Монгол улсын хөгжил хаашаа чиглэх нь зөв зохистой, оновчтой бодлогоос ихээхэн хамаарахаар байсан цаг үе юм. 

-Монголбанк гадаад валютыг банк хоорондын захад дуудлага худалдаагаар арилждаг болов-

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монгол банкнаас захад оролцох арга хэрэгсэл юм. Монгол банкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг. Энэ дуудлага худалдаагаар арилжааны банкууд хичнээн хэмжээний гадаад валют Монголбанкнаас худалдан авсан, мөн хичнээн хэмжээний гадаад валют монголбанкинд худалдсан болох нь шууд харагддаг. Наанаа дуудлага худалдаа мэт боловч, цаагуураа арилжааны банкууд ямар хэмжээний долларын интервенци хийж байгаа нь эндээс харагддаг юм. Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой байдаг билээ. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч ялгаатай ханшаар хийх арилжаа, нэг ханшаар хийх арилжаа хэмээн зарладаг. Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг. Харин ялгаатай ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг. Арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болдог онцлогтой.  Ийм шинэ тогтолцоонд шилжсэн даруй, төвбанкны удирдлагууд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт валютын дуудлага худалдаа явуулна гэж мэдэгдэж байсан юм. Уламжлал ёсоор гадаад валютын ээлжит дуудлага худалдаа банк хоорондын захад 2021.11.18-ний өдөр зохиогдлоо. Гадаад валютын ээлжит дуудлага худалдааны спот арилжаагаар Монголбанк арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 53 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Монголбанкнаас 2848 төгрөгөөр ам.доллар худалдан авах санал арилжааны банкуудаас ирүүлсэн байна. Энэ өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд своп, форвард арилжаа хийх санал ирүүлээгүй байна. Ийнхүү Монголбанк 12 дахь жилдээ гадаад валютын дуудлага худалдаа зохиож байна.

2009.03.18-нд манай улсын валютын нөөц 494 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэсээ 50 орчим хувиар буурсан гашуун түүх бий. Тиймээс тэр үед түр зуурын хямгадах бодлого төв банкнаас явуулж байлаа. Ингэхдээ, Засгийн газрын төлбөр тооцоог валютын нөөцөөс зөвхөн гүйцэтгэж байлаа. Мөн шатахуун, эм тариа, хүнсний бүтээгдэхүүн гаднаас авахад зориулж Монголбанкнаас арилжааны банкуудад доллар нийлүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл, үүнээс өөр бараа бүтээгдэхүүн импортолсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкууд ам.доллар худалдаалахгүй байх хүртэл хязгаарлалтын арга хэмжээ авч байсан тал бий. Хямралын үед төвбанк байгаа валютын нөөцөө гамнах үүднээс ийм бодлого явуулсан ч,  удалгүй энэ тогтолцоог халсан байдаг. Харин үүний оронд ам.долларыг банк хоорондын захаар дамжуулан арилжааны банкуудад дуудлага худалдаагаар арилжаалдаг болсон билээ. Тэр үеийн Монголбанкны Валютын газрын дарга н.Дэлгэрмаа: Монголбанк өмнө нь арилжааны банкуудаас ам.доллар худалдан авдаггүй, зөвхөн нийлүүлэлт хийдэг байсан. Тэгвэл одоо арилжааны банкуудаас ам.доллар худалдан авах бололцоо нээгдэж байгаа. Үүгээрээ ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байв. Валютын анхны дуудлага худалдаа 2009.03.28-ны хавьцаа зохиогдсон бөгөөд энэ талаар тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: анх удаа долларын дуудлага худалдаа явуулахад гурван арилжааны банк Монголбанкнаас 876 мянган ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Эдгээрээс хамгийн өндөр үнэ хэлсэн арилжааны банкуудад ам.доллар худалдсан. Арилжааны банкууд ам.доллар худалдан авах дээд үнийг 1578, зарах доод ханшийг 1500 гэж өглөө. Үүнээс харахад ам.долларын ханш цаашид огцом өсөхгүй байх. Энэ үнээ барьж чадах байх гэсэн хариулт өгч байсан юм. Ийнхүү тухайн үед хамгийн өндөр үнийн санал хэлсэн арилжааны банк 1578 төгрөгөөр ам.доллар худалдан авч байлаа. Анхны дуудлага худалдаагаар арилжааны банкууд Монголбанкинд 1 тэрбум 400 сая ам.доллар худалдах санал тавьсан байдаг. Гэсэн ч, анхны дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудаас доллар аваагүй юм. Тэгвэл гадаад валютын хоёр дахь удаагийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд Монголбанкнаас ямар ч, доллар худалдаж аваагүй. Харин Монголбанк арилжааны банкуудаас 2 тэрбум 750 сая америк доллар худалдан авсан байдаг юм. Арилжааны банкуудын ирүүлсэн хамгийн доод ханш 1495 төгрөг байсан бол, хамгийн дээд ханш нь 1580 төгрөг байсан юм. Харин банк хоорондын захад болсон дуудлага худалдааны хаалтын ханш 1550 төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанк 1550 төгрөгөөр арилжааны банкуудаас ам.доллар худалдан авсан гэсэн үг. Энэ үеэс хойш төвбанк хамгийн хямд үнэ хэлсэн арилжааны банкуудаас ам.доллар худалдан авч, хамгийн өндөр үнэ хэлсэн арилжааны банкуудад ам.доллар худалдаж ирсэн гэж ойлгож болно. Гадаад валютын нөөц буурч байх тэр үед арилжааны банкууд ам.долларын ямар ч нөөцгүй болсон. Тиймээс ам.доллар худалдаалахгүй байгаа. Бидний ганц гадаад валютын эх үүсвэр Монголбанк болж хувираад байна. Монголбанк долларыг арилжааны банкуудад хангалттай хэмжээнд нийлүүлэхгүй байгаа тул зах зээлд уг гадаад валютын хомсдол бий болж ханш өсч байна гэж ярьж байсан удаатай.

Гэтэл гадаад валютын дуудлага худалдаа нэвтрүүлж төвбанк арилжааны банкуудад ам.доллар нийлүүлэхээс гадна, тэднээс худалдаж авдаг болсноор арилжааны банкуудаас гэнэт их хэмжээний валют гарч ирэх нь тэр. Тухайлбал, гадаад валютын анхны дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1 тэрбум 400 сая ам.доллар худалдах саналыг Монголбанкинд тавьсан болохыг дээр дурдсан. Хоёр дахь удаагийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд бүр 2 тэрбум 750 сая ам.доллар худалдах санал тавьж, төвбанк худалдаж авсан байгаа юм. Үүнд тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: арилжааны банкуудад өмнө нь ийм хэмжээний ам.доллар байгаагүй. Сүүлийн үед гаднаас орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэж байна. Гаднаас яагаад ам.доллар орж ирж байна гэхээр АНУ-ын нөөцийн банк Засгийн газрын бондоо худалдан авахаар болж байгаа. Энэ мэдээллээс үүдээд долларын ханш гадаад зах зээлд бага зэрэг буусан. Энэ нь манай улс руу доллар их, бага хэмжээгээр орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нөгөөтэйгүүр Монголбанк бодлогын хүүгээ 9,75 хувь байсныг 14 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ нь арилжааны банкууд бага зэрэг ам.долларын нөөцтэй болгоход нөлөөлсөн гэсэн тайлбар өгч байсан юм. Монголбанк дуудлага худалдаагаар ам.доллар худалдахаас гадна, худалдан авдаг болсон нь арилжааны банкуудаас уг валютын илүүдлийг худалдан авах замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх давуу талыг бий болгосон юм. Харин ирсэн саналыг харгалзан үзэж бага хэмжээний ам.доллар худалдан авах санал тавьсан арилжааны банкуудад валют худалддаг болов. Хэрэв банкууд их хэмжээний ам.доллар худалдан авах санал ирүүлбэл үүнийг заавал биелүүлэх шаардлагагүй. Байгаа нөөцөө харгалзан үзэж байж шийдвэрлэдэг болсон юм. Валют арилжааны төвүүд буюу ченжүүд хэрэгтэй юу хэмээн дээр товч ярилцсан. Үүнд ченжүүд энэ зах зээлд зэрэгцэн оршиж байх ёстойг дийлэнх эдийн засагчид хэлж байлаа. Гэхдээ жаахан ч болтугай боловсронгуй болгох ёстойг тэд хэлж байсан юм. Тухайлбал, валютын бирж байж болох талтайг эдийн засагчид хэлж байлаа. Аливаа бирж байгуулахад төрийн туслалцаа хэрэгтэй. Үүнээс өөр зүйл дээр төрийн оролцоо байж таарахгүй. Өөрөөр хэлбэл, ченжүүдийг шахах тогтоол, шийдвэр төрөөс гаргаж болохгүйг онцолж байсан юм. Валют арилжааны төв, валютын ченж, валютын бирж гэх хямралын үеийн энэ санаанаас өнөөгийн банк хоорондын захын валютын дуудлага худалдаа үүсэх эхлэл тавигдсан гэж үздэг. Хэдийгээр валютын бирж албан ёсоор байгуулж тэнд ченжүүд арилжаа хийдэггүй ч, банк хоорондын захад валютын дуудлага худалдаа зохиогддог болсон нь валютын биржээс ялгаж салгаж ойлгохын аргагүй юм. Гадаад валютын дуудлага худалдааны цоо шинэ, боловсронгуй тогтолцоог энэ үед бий болсон билээ. Нэг хэсэг манай улсад төвбанкны, арилжааны банкуудын, валютын захын гэсэн гурван өөр валютын ханштай болоод байсан билээ. Тэгвэл мөн оны дөрөвдүгээр сараас арилжааны банкууд болон валютын захын ханш нэг түвшинд ойртсон байна. Энэ нь төвбанк бодлогын хүүгээ өсгөж, дуудлага худалдаагаар валют арилжаалдаг болсонтой холбоотой гэж Дэлхийн банкныхан үзжээ.

Нэмж ашигласан материал:

-Ам.доллын ханшийг хэрхэн тогтоодог вэ-

АНУ-ын Бреттон Вудс хотноо 1973 онд зохиогдсон хөгжингүй орнуудын Сангийн сайд нарын уулзалтаар алтан стандартыг халж, долларын эрин үе эхлэв. Бреттон Вүүдсийн системээр засгийн газрууд алтаа АНУ-ын төрийн санд худалдах боломжийг олгосон байна. Энэ үеэс бүх улсын валют доллартай харьцаж эхэлсэн байна. Ингэхдээ аль ч орны валют долларын эсрэг хэдэн хувиар өсч, уруудаж болохыг тогтоож өгчээ. Ер нь нэг хувиар өсч, уруудаж болно гэж тогтоож өгсөн гэлцдэг. Хэрэв аливаа орны валют долларын эсрэг огцом өсч, буурвал тухайн орны төвбанк интервенци хийх замаар үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой барина гэж Бреттон Вудсийн хэлэлцээрээр тохиролцсон аж. Энэ маягаар алтан стандарт халагдаж, долларын эрин үе эхэлж, дэлхийн улс орнууд мөнгөн тэмдэгтийн ханшаа уг валютын ханштай ойролцоо түвшинд барихыг эрмэлзэж байлаа. Гэвч энэ тогтолцоог 1976 онд Ямайкийн Кингстон хотноо зохиогдсон олон улсын валютын системийн хурлаар өөрчилсөн гэдэг. 1976 онд Ямайкийн Кингстон хотноо зохиогдсон олон улсын валютын системийн хурлаар ганц доллар гэлтгүй, голлох валютын стандартад шилжих шийдвэр гарсан байна. Ингэснээр хэд хэдэн тэргүүлэх валютад суурилж, олон улсын төлбөр тооцоог чөлөөтэй хөвөгч валютаар хийдэг болжээ. Энэ цагаас дэлхийн дийлэнх улс орон зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч валютын ханшийг чөлөөтэй тогтоодог болсон байна. Энэ нь дэлхий дахинд өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Манай улс 1990.07.01-ний өдрөөс төгрөгийн америк доллартай харьцах суурь ханшийг мөрдөж эхэлсэн байдаг. Нэг америк долларын албан ханшийг 1992 онд 40 төгрөгөөр, 1993 онд 150 төгрөгөөр зарлаж байсан бол, өнөөдөр 3375 төгрөгөөр зарлаж байна. Монголбанкны Валют эдийн засгийн судалгааны газрын Хэлтсийн захирал асан С.Болд: Манай улс 1990 оноос хойш валютын ханшийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар тогтоож ирсэн. Нэг ёсондоо дэлхийн дийлэнх улсад мөрдөгдөж буй валютын ханшийн тогтолцоог баримталж ирсэн хэмээн тайлбарладаг.

Translate