12 сар 6, 2024

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл…

-Улсын хэмжээнд 4235 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоод байв-

2009-09-16. Энэ өдрийн байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 4235 тусгай зөвшөөрөл олгогдоод байлаа. Үүний 20 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн мэдэлд, 10 хувь нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанийн мэдэлд байсан юм. Тэд нийт 12 сая га талбайд хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ бол ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нийт газрын бараг тал хувь нь гэсэн судалгаа тухайн үед гарч байсан юм. Бас нэгэн хуучны сонирхолтой судалгаа танилцуулахад, 2009.08.29-ний өдрийн хавьцаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан Ашигт малтмалын газарт санхүүгийн шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар зарим аж ахуйн нэгжүүд хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөрөө Ашигт малтмалын газарт төлөөгүй болох нь тогтоогдсон юм. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд хайгуулын 167, ашиглалтын 25 лицензийн төлбөр болох 1.4 тэрбум төлөөгүй болох нь шалгалтаар илэрч байсан юм. Үүнээс гадна, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайн лицензийн төлбөрөө төлөөгүй 100 орчим компани, 900 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг Ашигт малтмалын газарт төлөөгүй нь шалгалтаар тогтоогдож байсан юм. Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лицензийн төлбөрөө төлөөгүй аж, ахуйн нэгжүүдэд тухайн үед төлбөрөө төлөх албан шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлж байсан юм. Дээрх аж, ахуйн нэгжүүд ашигт малтмалын лицензийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлагыг Ашигт малтмалын газарт өгч байсан юм. Эдгээр тоо баримтаа манай улсын хэмжээнд 2009 оны байдлаар нийт хичнээн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоод байсан, үүнээс хэд нь тусгай зөвшөөрлийг нь төлбөрөө төлөөгүй байсан нь тод харагддаг юм.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурав-

2014.09.09. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 20 хувьд хайгуулын ажил хийгдсэн гэх мэдээлэл бий. Харин үлдэх талбайд огт хайгуул хийгдээгүй байх юм. Энэ талбайд хайгуул хийж манай улс газрын гүн дэх эрдэс баялгийнхаа нөөцийг тогтоох шаардлагатай. Гэвч хайгуул хийнэ гэдэг амаргүй, өвсөн дундаас зүү эрхтэй адил зүйл. Өвсөн дундаас зүү олоход их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах нь мэдээж. Хайгаад юу ч олохгүй бол оруулсан хөрөнгөөрөө шатдаг эрсдэлтэй салбар юм. Тиймээс манай улс энэ эрсдэлтэй салбарт сүүлийн үед хөл тавьж, төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргахаа больсон. Гол төлөв гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж, тэдний мөнгөөр хайгуул хийлгэх бодлого сүүлийн жилүүдэд барьж ирсэн юм. Хэрэв хөрөнгө оруулагчид хайгуул хийгээд юу ч олохгүй бол, тэд эрсдлээ өөрсдөө хүлээнэ. Харин нөөц тогтоож, үүнийгээ ашиглавал манай улс татвараа авч, үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангах ёстой юм. 1990 оноос хойш манай улсын геологи, хайгуулын салбар ийм л энгийн томьёоллоор хөгжиж ирсэн. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг шиг сайны хажуугаар саар зүйл ч ажиглагдаж байлаа. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт төрөл бүрийн чиглэлээр хайгуул хийхээр авсан тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх явдал мэр сэр гарч байсан нь нууц  биш. Тиймээс ч, лицензийн наймааг цэгцлэх зорилгоор УИХ 2010 оны зургаадугаар сарын 17-нд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль гаргасан юм. Энэ хуульд 2010 оны арванхоёрдугаар сарын нэгнийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар тусгасан байдаг. Гэвч хожим энэ хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох хугацааг хэд хэдэн удаа сунгасан юм. Эхлээд 2011 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан бол, дараа нь 2011 оны арванхоёрдугаар 31 хүртэл сунгаж байлаа. Гэхдээ энэ нь эцсийн өөрчлөлт байсангүй. 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох болон бусдад шилжүүлэхийг хориглосон юм. Ийнхүү манай улс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль гаргасан цагаас хойш дөрвөн жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй. Энэ хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо эрс цөөрсөн судалгаа бий. 2010 онд манай улсын нийт нутаг дэвсгэрт 4137 тусгай зөвшөөрөл олгогдоод байсан бол, наймдугаар сарын 22-ны байдлаар 2720 болж буурсан юм. Тухайлбал, ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл болж буурчээ.  Энэ хэрээр манай улсын нийт газар нутагт эзлэх ашигт малтмалын талбайн хэмжээ буурсан гэж ойлгож болно. Тухайлбал, 2010 онд нийт газар нутгийн 46 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэлж байсан бол, 2014.09.09-ний байдлаар 7,6 хувь болж буурсан юм.

-Дэлхий дээр жилд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт зарцуулагддаг-

2014.09.09. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосонтой холбоотойгоор нэг талаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цэгцэндээ орсон нь маргаангүй үнэн. Гэхдээ нөгөө талаас энэ салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч, үүний нөлөө америк долларын ханшийн өсөлтөөр илэрч, төгрөгийн ханшийн сулралтад нөлөөлж байсан юм. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын ажил зогсч, геологичид ажилгүй суулаа. Ер нь дэлхий дээр жилд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт зарцуулагддаг гэх судалгаа бий. Үүний 300-400 сая ам.доллар нь манай улсын геологийн салбарт өмнө нь орж ирдэг байсан бол, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоо больсон цагаас энэ тоо 3-4 дахин буурчээ. Тиймээс манай улс энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татах үүднээс Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй гэсэн байр сууринаасаа ухарсан гэхэд болно. УИХ-ын чуулганаар тухайн үед Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан байдаг. Үүнд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулиудад ийнхүү өөрчлөлт оруулахаар болсон юм. Энэ дагуу Засгийн газар 2009 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийн хамт УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл хууль тогтоогчид 2014 оны хаврын чуулганы отгон хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосон. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дагалдаж долоон журам шинээр гаргах ёстой байжээ. Тухайлбал, нөхөн сэргээлт, хаалтын журам. Нөөцийн хяналтын журам. Уурхай болон баяжуулах үйлдвэрийг улсын комисс хүлээж авах журам зэргийг батлах ёстой байжээ. Эдгээрийг 2014 ондоо багтаан батална гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байсан юм. Энэ нь хайгуулын тусгай  зөвшөөрөл шинээр олгоход нэн шаардлагатай журмууд биш гэж тэр үеийн Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүү тодотгож байсан юм. Тэрбээр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 156 дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам өмнө гарч байсан. Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг судалж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоос өмнө энэ журамд өөрчлөлт оруулах, үгүйгээ шийднэ. Хэрэв шаардлагатай өөрчлөлт орвол, сонгон шалгаруулалт зарлахаас өмнө оруулна. Хэрэв өөрчлөлт орохгүй бол, одоо мөрдөгдөж байгаа журам үйлчилнэ гэж гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэр үеийн  Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайг хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 19 орчим хувь буюу 31 сая га талбайг эзэлж байгаа юм. Үүний зургаан хувь буюу 10 орчим сая га талбайг сонгон шалгаруулалтаар, 13 хувь буюу 22 сая га талбайг өргөдлөөр олгох Засгийн газрын холбогдох шийдвэр гарсан. Энэ газарт тусгай зөвшөөрөл олгоход уртраг, өргөрөгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрөл төрөөс тогтоосон газарт олгохтой холбоотой ямар нэгэн саад тотгор байхгүй. Уртраг, өргөрөгийг нарийвчлан тогтоосны дараа сонгон шалгаруулалт явуулах талбайг удахгүй зарлана гэж мэдэгдэж байсан юм.

-Сонгон шалгаруулал болон өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтов- 

2014.09.23. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг 2014 оны долоодугаар сарын 1-нд хүчингүй болгосон. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох эрхзүйн орчин бүрдсэн юм. Тиймээс нийт газар нутгийн 6.5 орчим хувьд сонгон шалгаруулалтаар, 13 гаруй хувьд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтсон. Журам нь гараагүй учраас сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил эхлэх болоогүй байлаа. Харин өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлэхээр болсон ч, тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байсан юм. Энэ асуудлаар 2014.09.23-ны өдөр тэр үеийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатартай ярилцаж байснаа эргэн сануулж байна.

– Өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил маргааш эхлэх байсан ч, тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Яагаад гэнэт ийм юм болов?

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгөх ажлыг есдүгээр сарын 24-нөөс эхлүүлнэ гэж бид өмнө нь зарлаж байсан. Үүний өмнө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох системийн туршилтыг энэ сарын 18-наас эхлүүлсэн. Туршилтын хугацаанд энэ системд өдөрт 3000 гаруй аж ахуйн нэгж хандаж, санал зөвлөмж өгсөн. Үүний дагуу бид энэ сисмедээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийх ёстой юм байна гэж үзсэн. Нөгөө талаас халдалгын буюу хакердуулах эрсдлийг бууруулах зөвлөмжийг мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлөөс бидэнд өгсөн. Эдгээрийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Аж ахуйн нэгжүүд кадастрын системд хандаж, өргөдлийн дугаар цахимаар авах үйл ажиллагаатай танилцах туршилт долоо хоног явагдлаа. Туршилтын үед аж ахуйн нэгжүүдээс ямар санал гарсан юм бол?

 Нийт нутаг дэвсгэрийн 13.39 хувьд буюу 20 сая га талбайд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөр зарласан. Энэ талбайг уртраг өргөрөөг нь манай цахим хуудсанд оруулсан байгаа. Туршилтын хугацаанд дээрх талбайгаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бололцоотой эсэх хариуг аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацааны дараа өгөхөөс гадна, email-ээр хариу өгч байсан. Харин аж ахуйн нэгжүүдийн зүгээс заавал email хаягаар хариу өгөх ёстой юм уу. Хариу чинь 2-3 цагийн дараа ирж байна. Энэ хугацаагаа бага болго гэсэн санал гаргасан. Бид цаашид үүнийг шийдвэрлэнэ. Үүнээс гадна, систем рүү халдах халдлага буюу хакерийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна.

Таны ярианаас анзаараад байхад кадастрын систем хакердуулчихсан юм шиг өнгө аяс харагдаад байна?

– Туршилтыг хугацаа өчигдөр дууссан. Үүгээр ямар нэгэн өргөдөл бүртгээгүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаа огт явагдаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахын тулд хэрхэн дугаар авах, хэрхэн өргөдөлөө өгөх вэ гэдгийг аж ахуйн нэгжүүдэд таниулах туршилт долоо хоног явагдлаа. Энэ хугацаанд хакердах оролдлогууд бол гарсан. Албан ёсоор цахимаар дугаар тарааж, хүсэлт авч эхлээгүй байхад болсон учраас шалгуулах шаардлагагүй. Шалгуулах гэж өгөөгүй учраас хаанаас халдах гэж оролдсоныг хэлэх бололцоогүй. Оролдлого гарсан ч, хакердаж чадаагүй. Гэхдээ бидэнд 100 хувь хакердуулахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс энэ эрсдлийг багасгахын төлөө цаашид ажиллана.

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль хэрэгжих хугацаанд хууль бусаар олгогдсон 106 тусгай зөвшөөрлийн 14 дээр сонгон шалгаруулалт зарлаж, хугацаа нь өчигдөр дууслаа. Үр дүнг мэдээллэх бололцоо бий юу?

Сонгон шалгаруулалтын эцсийн хугацаа 2014 оны есдүгээр сарын 22-нд дууслаа. Бид сонгон шалгаруулалтын дүгнэлтээ хийсэн байгаа. Нийт 14 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Гэвч 4 талбайд ерөөсөө санал ирээгүй учраас сонгон шалгаруулалт явагдаагүй. Харин 10 талбайд санал ирсэн. Үүний 4 талбай нь өрсөлдөгчтэй учраас холбогдох журмын дагуу үнэлээд, ялагчийг удахгүй тодруулна. Үлдэх 6 талбайн хувьд зөвхөн нэг өрсөлдөгчтэй, түүнээс дээш өрсөлдөгч бүртгүүлээгүй. Тиймээс холбогдох журамд заасны дагуу нэг сарын хугацаанд нэмж өрсөлдөгч ирэхгүй бол, энэ зургаан талбайг сонгон шалгаруулалтанд оролцсон компаниуд шууд авах боломжтой хэмээн хэдэн жилийн өмнө ярилцлага өгч байсан билээ.

-Хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн заримыг сэргээлээ-2

2014.10.29.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль мөрдөгдөж байх хугацаанд 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг шүүхээс тогтоосон байдаг. Тиймээс эдгээр тусгай зөвшөөрлийг 2013 онд хүчингүй болгосон юм. Эдгээрийн 87 нь дотоодын, 14 нь гадаадын, 5 нь гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан гэх мэдээлэл бий. Тэд тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдэг. Гэтэл гэнэт тусгай зөвшөөрлийг нь цуцалсан учраас нөхөн төлбөрөө төрөөс нэхэхэд хүрчээ. Гэвч үүнийг төсвөөс гаргах бололцоогүй. Харин 2014 оны хаврын чуулганаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор төрөөс тэдэнд нөхөн олговор олгохгүйгээр, сонгон шалгаруулалтаар үйл ажиллагаа явуулж байсан талбайг нь олгох бололцоотой болсон юм. Уг ажлыг хэрэгжүүлэхээр Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журыг засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолын дагуу гаргасан байдаг. Энэ журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийг Уул уурхайн яаман дээр байгуулсан байлаа. Гэвч 106 тусгай зөвшөөрлийн талаас илүү хувьд нь сонгон шалгаруулалт зарлах боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Эдгээрийн 18 нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан, 32 нь урт нэртэй хуульд хамаарах бүстэй, 9 нь тусгай хэрэгцээний газартай, 1 нь стратегийн ордтой давхцсан байсан учраас тэр юм. Харин давхцаагүй, сонгон шалгаруулалт явуулах боломжтой ердөө 46 талбай байлаа. Эдгээрээс босго үнэ нь баталгаажсан 14 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас, 3 талбайд огт санал ирээгүй. Харин санал ирсэн 11 талбай эзэнтэй болсон гэх мэдээлэл гарч байсан юм. Тухайлбал, Ногоон тал, Довцог худаг, Хашаатын хөндий, Хөх толгой, Цогт хайрхан уул, Улаан эрэг, Бага хөх цав, Хөх хошууны худаг, Хонхор дэрс, Товцог хайрхан уул, Хар ат уул гэсэн нэр бүхий 11 талбайд сонгон шалгаруулалт хийгдэж тусгай зөвшөөрлийг нь олгож эхэлсэн гэх мэдээлэл гарч байсан юм. Эдгээр талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компанийн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг баримтад үндэслэж босго үнэ тогтоосон байна. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад тэнцвэл, босго үнээс дээш төлбөрийг төлнө. Харин бусад аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруултад тэнцвэл, өмнөх лиценз эзэмшигчид босго үнийг төлж, үүнээс дээш төлбөрийг төрд төлөх ёстой байсан юм. Давхцалгүй талбайнаас ийнхүү 11 талбайд хайгуулын зөвшөөрөл олгосон бол, зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоосон дараагийн ээлжийн 10 талбайн сонгон шалгаруулалтыг 2014.10.29-ний өдөр зарласан байлаа. Эдгээр нь 55 орчим мянган га талбайд, таван аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байсан юм. Сонгон шалгаруулалтанд оролцох саналыг 2014.11.29-нийг хүртэл авна гэж тухайн үед Ашигт малтмалын газраас мэдэгдэж байсан билээ.

Translate