Олон овоот олныг төөрөгдүүлэв…
Монгол газар компани Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Олон овоотын лицензээ Анод, Зоос, Хадгаламж, Голомт банкинд барьцаалж их хэмжээний зээл авснаас гадна, Америкийн Голдман сакс-т барьцаалж амжсан гэдэг. Гадаад, дотоодын банкуудын барьцаанд байж байх ёстой олон овоотын лиценз удалгүй Олон овоот гоулд компанийн эзэмшилд очсон гэх мэдээлэл бас гарч байлаа. Гэтэл 2011 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Олон овоотын лиценз шүүх дээр байгаа. Энэ лицензийг худалдаж байж ирэх оны төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлнэ гэж мэдэгдэх нь тэр. Ийнхүү Олон овоотын лицензтэй холбоотой асуудал ар араасаа хөвөрч, олон овоотын лиценз ямар замаар олон банкны барьцаанд тавигдаж, эзэмшил нь өөрчлөгдөөд, эцэстээ шүүхэд очив гэсэн оньсого шиг асуулт үргэлжилж, олныг төөрөгдөлд оруулсан юм. Тэгвэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Олон овоот, Овоот толгой, Толгой, Гоёот улаан, Гоёот хэмээх газруудад олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 13 тусгай зөвшөөрөл байжээ. Ингэхдээ зургаан ашиглалтын, долоон хайгуулын тусгай зөвшөөрөл авч байжээ. Эдгээрийг нэгдсэн байдлаар Олон овоотын орд гэж томьёолж ирсэн байна. Монгол газар компани олон овоотын дээрх лицензийг анхнаасаа Зоос банкны барьцаанд огт тавьж байгаагүй болохыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлдэг. Монгол газар компани Зоос банкнаас 50 тэрбум төгрөгийн зээл авах нь авсан. Гэхдээ олон овоотын ордоос ондоо газар байрлах 22 хайгуулын лиценз, уул уурхайн тоног төхөөрөмж, тариалангийн газрын гэрчилгээ зэргийг барьцаанд тавьж зээл авчээ. Харин Монгол газар компани Олон овоотын хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг Анод банкинд барьцаалж зээл авсан гэдэг нь баттай юм. Тус компани 2003 он хавьцаа Олон овоотын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Анод банкинд барьцаалж 20 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэхдээ 2007 оны арванхоёрдугаар сард Анод банкны удирдлагууд Олон овоотын лицензүүдийг барьцаанаас чөлөөлсөн байна. Монгол газар компани барьцаагаа өөрчилж оронд нь ондоо ордуудын лицензийг барьцаалах санал Анод банкинд тавьсан гэнэ. Үүнийг үндэслэж Олон овоотын лицензийг барьцаанаас салгаж, оронд нь өөр зүйл барьцаалж байжээ. Өөрөөр хэлбэл, барьцаагаа өөрчилсөн гэсэн үг юм. Монгол газар компани ийм маягаар Олон овоотын ордын лицензээ Анод банкны барьцаанаас салган авчээ.
Гэвч тун удалгүй Монгол газар компани олон овоотын лицензийг америкийн Голдман сакс банкинд бус, түүний толгой Голдман сакс интернэшнл лимитед компанид барьцаалж 50 сая доллар зээлсэн гэх дуулиан дэгдсэн билээ. Ийнхүү олон овоотын тусгай зөвшөөрлийг нэгээс нөгөөд хэрхэн барьцаалав гэдгийн учир ийн тайлагдав. Гэхдээ Анод банкны барьцаанаас салгаж Америкийн Голдман сакс-д барьцаалсан гэгдэж буй Олон овоотын лицензийн эзэмшигч нь эхлээд Монгол газар компани байсан бол, удалгүй Олон овоот гоулд компанийн эзэмшилд орчихсон нь хачирхалтай. Энэ талаар тэр үеийн Ашигт малтмалын газрын Статистикийн хэлтсийн дарга Даваацогт: Арилжааны банкуудын барьцаанд тавигдсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс бүртгэж авдаг. Монгол газар компани олон овоотын тусгай зөвшөөрлийг АНУ-ын Голдман сакс-т барьцаалах үед Ашигт малтмалын кадастрын хэлтэс олон овоотын тусгай зөвшөөрөл барьцаанд тавигдсан гэж давхар бүртгэсэн ч, энэ нь хууль бус үйлдэл гэж Монгол газар компани болон Олон овоот гоулд компанийнхан үзэж Ашигт малтмалын газарт гомдол гаргасан байдаг. Үүнийг холбогдох албаныхан шалгаад олон овоотын лицензийг гадаадын байгууллагад барьцаалж, түүнийг нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс барьцаанд бүртгэсэн нь хууль бус үйлдэл болжээ хэмээн үзсэн гэх утгатай тайлбар өгч байсан юм. Энэ дагуу олон овоотын тусгай зөвшөөрлийг барьцаанд тавигдсан гэх бичилтээс хасч, эзэмшлийг нь өөрчилжээ. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 51-р зүйлд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авч болно гэж заасан байдаг аж. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэг компаниас нөгөө компанид барьцаалж болохгүй тул Голдман сакс интернэшнэл лимитед компанид барьцаалсан Олон овоотын лицензийг Монгол газар компанийн эзэмшлээс хасч, Олон овоот гоулд компани руу шилжүүлсэн байна.
Ингэх хүсэлтийг ч 2009 оны арваннэгдүгээр сард Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна. Үүнийг үндэслэж, Ашигт малтмалын газрынхан Монгол газар компанийн мэдэлд байсан Олон овоотын лицезүүдийг Олон овоот гоулд компани руу шилжүүлжээ. Гэтэл Олон овоот гоулд нь Монгол газар болон Жастын хамтарч байгуулсан компани гэх мэдээлэл цацагдаж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Өөрөөр хэлбэл, Монгол газар компани тусгай зөвшөөрлүүдээ нэг халааснаасаа нөгөө халаас руугаа хийчихсэн байх магадлалтай болж хувирсан юм. Монгол газар компанийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг Олон овоот гоулд компани руу шилжүүлсэн учир АНУ-ын Голдман сакс барих барьцгүй болж, барьцаа хөрөнгөгүй хоцорсон нь мэдээж. Өөрөөр хэлбэл, Голдман сакс мөнгө ч үгүй, барьцаа ч үгүй болж мэдэхээр болов. Алтны ордын лиценз Олон овоот гоулд компанид бүртгэлтэй болсон учир Америкийн Голдман сакс компани арга мухардаж манай улсыг олон улсын арбитрийн шүүхэд өгөх дээрээ тулсан юм. Энэ тухай тэр үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Алтангэрэл дээрх тайлбарыг өгч байсан юм. Олон овоотын лиценз буюу барьцаа нь өөр эзэмшигчтэй болж Америкийн Голдман Сакс барьц алдаж суух зуур тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт энэ ордын лиценз шүүх дээр байгаа. Үүнийг эргэлтэд оруул 2011 оны төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлнэ гэж мэдэгдсэн удаатай. Эндээс Голдман сакс компанийн гараас мултарч Олон овоот гоулдын эзэмшилд очсон лиценз үнэхээр шүүх дээр бий юу гэх асуулт урган гарч байлаа. Үүнд тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан: Алтны ордын лиценз Олон овоот гоулд компанид байгаа тухай хэлж байсан юм. Хэдийгээр Олон овоот гоулд компанийн эзэмшилд очсон ч, олон овоотын ордын тусгай зөвшөөрлүүдийг арилжааны банкуудын зээлийн барьцаанд хожим эргүүлэн авсан байдаг. Монгол газар компани Зоос банкинд 60 тэрбум, Анод банкинд 17 тэрбум, Голомт банкинд 20 тэрбум, Хадгаламж банкинд 20 тэрбум төгрөгийн өртэй байжээ. Тиймээс дээрх 4 банкны өрийн барьцаанд Олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг нөхөж авсан тухай Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлдэг билээ. Анхнаасаа аль ч банкны барьцаанд байгаагүй олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг арилжааны банкуудын дундын барьцаанд авчирсан нь энэ. Олон овоотыг эргэлтэд оруулах замаар арилжааны банкуудын зээлийн өрийг барагдуулах, Анод болон Зоос банкийг хүндрэхэд төрөөс гаргасан мөнгийг эргүүлэн авах ёстой хэмээн эрх баригчид тухайн үед үзэж байсан юм.