Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

4 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 3 сар   5 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Мал төллөлт 46 хувьтай байна…

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо өмнөх оноос 5.5 хувиар нэмэгдэж 181 мянгад хүрсэн гэх судалгаа гарсан. Ингэснээр мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт 617 мянган хүн ажиллаж байгаа нь нийт хүн амын 19 гаруй хувийг эзэлж, ажиллах хүчний 26 гаруй хувийг бүрдүүлж байгаа юм. Тэд өнгөрсөн онд 22.3 сая толгой төл бойжуулснаар нийт мал сүрэг 91 сая тоо толгойд хүрсэн билээ. Гэвч өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчид хоттой малаа зуданд өгөхгүйн тулд их хэмжээний мах бэлтгэсэн байна. Тухайлбал, 24.6 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны бараа эргэлтийн мэдээгээр манай улс 2020 онд 40 орчим мянган тонн мах экспортолсон мэдээ байна. Үүнийг ястай түүхий маханд шилжүүлбэл 64 мянган тонныг экспортолсон үзүүлэлт гарчээ. Харин он гарснаас хойш буюу 2021 оны эхний 3 сарын байдлаар нийт 11 мянган тонн боловсруулсан мах буюу 20 мянган тонн ястай, түүхий мах экспортолсон байна. Манай улс ОХУ, Вьетнам, БНХАУ руу мах экспортолдог бөгөөд урд хөрш рүү гол төлөв дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм. 2020 оны жилийн эцсийн тооллогоор 67.1 сая тоо толгой мал тоологдсон Үндэсний статистикийн хорооны дүн гарсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөсөн мэдээтэй байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин болохыг салбарын яамнаас мэдээллээ.

Мал аж ахуйн салбарынхан ийнхүү өвлийг өнтэй давж хавартай золгосон ч,  хоёрдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд нийт 402 гаруй мянган тоо толгой мал хорогдсоны 79 хувийг нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймгийн малын зүй бус хорогдол эзэлсэн юм. Улсын хэмжээнд 3.7 мянган хээлтүүлэгч, 10.2 мянган баталгаажсан үүлдэр омгийн мал хорогджээ. Үүнээс хамгийн өндөр хорогдолтой нь Баянхонгор аймагт Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ 168, Байдраг үүлдрийн болон Баянбулаг омгийн хонь 227, Залаа жинстийн цагаан болон Бөмбөгөрийн улаан омгийн ямаа 6489, нийт 6884 толгой үүлдэр, омгийн мал хорогдсон үзүүлэлт гарсан юм. Тиймээс эдгээр аймгуудад малын зүй бус хорогдол өндөр байгаад дүгнэлт хийж, цаашид малын зүй бус хорогдлыг багасгах, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүртэл гарсан билээ. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих тухай албан даалгавар гаргаж аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн юм. Холбогдох яамнаас малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийх талаар зөвлөмж боловсруулан аймаг, орон нутагт мөн хүргүүлсэн юм. 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж, одоо хаваржиж байна. Мөн улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжиж, одоо хаваржиж байгаа юм.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Засаг дарга нарт мөн даалгасан байгаа. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 гаруй аж ахуй нэгжтэй 120 мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулсан юм. Ингэснээр 2021 оны мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн гэж салбарын яамнаас нь мэдэгдсэн. Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо хилийн боомтоор малын тэжээл импортлох шийдвэр гарч, 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортолсноор баруун аймгуудын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлж хаваржилтын эрсдэлийг буруулах боломжтой болжээ. Өнгөрсөн оны сүүлчээр 25 килограммын савлагаатай хивгийн дундаж үнэ 19465 төгрөг байсан бол, тэжээл импортолсноос хойш хивгийн үнэ 17965 төгрөг болж буурсан байна. Тухайн үед Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөцтэй байв. Зах зээл дээр 20 килограмм боодолтой өвс 8000-12000 төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.